info@judiscom.mn 976 - 77113838 Холбоо барих ШИЛЭН ДАНС
ENMNG

МОНГОЛ УЛС

ШҮҮХИЙН САХИЛГЫН ХОРОО

МАГАДЛАЛ

2023-06-29

Дугаар 98

Улаанбаатар хот

Сахилгын хэргийг хэрэгсэхгүй

болгох тухай

Шүүхийн сахилгын хорооны хуралдааныг гишүүн С.Энхтөр даргалж, гишүүн Д.Ариунтуяа, Д.Мягмарцэрэн нарын бүрэлдэхүүнтэй, илтгэгч гишүүн Х.Хашбаатар, хуралдааны нарийн бичгийн даргаар Б.Батбаяр, холбогдох шүүгч Б.Г нарыг оролцуулан тус хорооны хуралдааны танхимд нээлттэй хийв.

Шүүхийн сахилгын хорооны гишүүний 2023 оны 6 дугаар сарын 16-ны өдрийн ГС/2023/0090 дугаар Сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох саналыг хянан хэлэлцээд ТОДОРХОЙЛОХ нь:

Сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох саналдаа: “...Өргөдөл, мэдээлэлд холбогдох эрүүгийн хэргийн талаар: ... Б.Э-ээс яллагдагч “Э Х” ХХК, Б.Э нарт холбогдуулан тус тус яллах дүгнэлт үйлдэж ... анхан шатны шүүхэд хүргүүлснийг, тус шүүхийн Ерөнхий шүүгч Б.Г даргалсан 2023 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийн шүүх хуралдаанаар хэлэлцээд 2023/ШЦТ/... дугаартай цагаатгах тогтоолоор хэргийг хэрэгсэхгүй болгож, шүүгдэгч нарыг цагаатгаж шийдвэрлэжээ. Цагаатгах тогтоолыг хүчингүй болгуулахаар  2023 оны 05 дугаар сарын 02-ны өдөр 23 дугаартай Дээд шатны прокурорын эсэргүүцлийг А.Э гаргасан байна. ... хэргийн давж заалдах шатны шүүхийн 2023 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн 2023/ДШМ/22 дугаар магадлалаар “дээд шатны прокурорын эсэргүүцлийг хүлээн авч,...анхан шатны шүүхийн 2023/ШЦТ/65 дугаартай цагаатгах тогтоолыг хүчингүй болгож” шийдвэрлэжээ.

 “...шүүгч Б.Г нь “...хэргийн нэг талыг байлцуулахгүйгээр нөгөө талтай харилцсан...” гэх тухайд, Хяналтын прокурор Б.Э-ийн тайлбарт дурдсан шүүгчийн туслах ажилтны дугаар гэх ... дугаарын гадагш ярьсан дуудлагын жагсаалтыг “М К” ХХК-аас гаргуулан авахад П овогтой Я нь тус дугаарын эзэмшигч байх бөгөөд шүүгч утсаар ярьсан гэх 2023 оны 5 дугаар сарын 09-ний өдөр ... дугаараас 11 цаг 15 минутад хяналтын прокурор Б.Э-ийн ... дугаар луу залгаж нийт 168 секунд ярьсан байна. Шүүгч Б.Г нь Шүүхийн сахилгын хороонд гаргасан хариу тайлбартаа 2023 оны 5 дугаар сарын 09-ний өдөр хяналтын прокурор Б.Э-тэй утсаар ярьсан гэдгээ үгүйсгээгүй бөгөөд тайлбартаа: “... шүүгчийн туслах П.Я-д прокурортой нь холбогдож энэ тогтоолуудын ямар зорилгоор гаргаж өгч байгаа, хэрэгт хавсаргах шаардлагатай эсэхийг тодруулах үүрэг өгсөн. Хэсэг хугацааны дараа өрөөндөө ...сууж байтал шүүгчийн туслах П.Я ...орж ирээд “Та Э прокурортой ярьчих” гээд гар утсаа өгөхөд нь аваад өөрийгөө танилцуулаад ярьсан, ...Тухайн үед би бичиж байгаа зүйлдээ анхаарлаа төвлөрүүлээд туслахынхаа хэлсэн зүйлд анхаарал хандуулахгүйгээр шууд утсыг нь авч ярьсан...” гэжээ. Увс аймаг дахь шүүхийн тамгын газраас ирүүлсэн нотлох баримтуудаас тайлбарт дурдсан үйл баримтыг тодруулахад: ... и-мэйл хаягаас ... и-мэйл хаягт 2023 оны 5 дугаар сарын 02-ны өдрийн 16 цаг 39 минутад “23 дугаартай эсэргүүцэл хүргүүлэв...” гэх гарчиг бүхий и-мэйл ирүүлснийг  Анхан шатны шүүхэд гомдол, эсэргүүцэл, өргөдөл, хүсэлт хүлээн авсан бүртгэл дэвтрийн 41 дүгээрт “Б.Э, “Э Х” ХХК-д холбогдох эрүүгийн хэрэгт Прокурор А.Э-ээс гаргасан нийт 5 хуудас бүхий эсэргүүцэл” гэж бүртгээд холбогдох шүүгчид хүлээлгэн өгсөн нь тэмдэглэгдсэн байна. 23 дугаартай эсэргүүцэл нь нийт 5 хуудас байх бөгөөд эсэргүүцэлд “...Жич: Яллагдагч С.Б-д холбогдох эрүүгийн ...хэргээс тусгаарласан эрүүгийн хэргүүдийг шийдвэрлэсэн бусад шүүхийн шийдвэрүүдийг хавсаргав” гэжээ. ... хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Д.Ж-ээс “...А.Э эсэргүүцэл бичиж, тус шүүхэд хаяглан ирүүлжээ. Иймд ...анхан шатны шүүхэд эсэргүүцэл 5 хуудас , хавсаргасан баримт 26 хуудас, нийт 31 хуудас баримтыг хүргүүлэв” гэх агуулга бүхий 27 дугаартай албан бичгийг  2023.05.09-ний өдөр ... анхан шатны шүүхэд хүргүүлсэн байна. Шүүгчийн туслах П.Я Шүүхийн сахилгын хороонд 2023 оны 05 дугаар сарын 31-ний өдөр ирүүлсэн тайлбартаа: “...прокурортой нь холбогдож хавсаргасан тогтоолуудыг ямар зорилгоор өгч байгаа, хэрэгт хавсаргах шаардлагатай эсэхийг тодруулах үүрэг шүүгч өгсөн. Би юу гэж ярихаа сайн ойлгоогүй учраас эсэргүүцэлд хавсаргасан утасны дугаар болох ... дугаар луу залгаад Ерөнхий шүүгч Б.Г-д “Та Э прокурортой ярьчих” гээд утсаа өгсөн” гэжээ. Хяналтын прокурор Б.Э-ээс 2023 оны 05 дугаар сарын 23-ны өдөр авсан гэрчийн мэдүүлэгт “...2023 оны 5 дугаар сарын 09-ний өдөр би ажил дээрээ Шүүхэд төрийг төлөөлөх хэлтсийн хяналтын прокурор Г.С-ийн өрөөнд хэрэг танилцуулаад сууж байхад 11 цаг 15 минутад миний өөрийн ... дугаарын утсанд ... дугаарын утаснаас дуудлага ирсэн. Дуудлагыг авахад эмэгтэй хүн байсан. Өөрийгөө надад танилцуулахдаа Увс аймгийн эрүүгийн шүүхийн туслах ажилтан байна гэсэн. Танайхаас ирүүлсэн эсэргүүцлийг хүлээж авсан. Гэхдээ эсэргүүцэлдээ хавсаргаж ирүүлсэн шийтгэх тогтоолыг эсэргүүцэлд хавсаргахгүй гэж хэлсэн. Би яагаад гэж асуухад цаанаас нь нэг эрэгтэй хүн би ярья гээд утсыг нь авсан. Тухайн хүн утсаа аваад өөрийгөө би Б.Г гэдэг шүүгч байна гэж танилцуулсан...” гэжээ.

Дээрхээс үзэхэд Нийслэлийн прокурорын газраас Дээд шатны прокурорын эсэргүүцэл анхан шатны шүүхэд гаргахдаа холбогдох баримтаа хавсаргаагүй дутуу ирүүлсэн, 7 хоногийн дараа эсэргүүцэл болон түүнд холбогдох баримтаа хавсарган давж заалдах шатны шүүхэд хүргүүлснийг Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхээс анхан шатны шүүх рүү хүргүүлсэн, шүүгч Б.Г нь дээр дурдсан үйл баримтыг болон хавсаргасан тогтоолуудыг ямар зорилгоор өгч байгаа, хэрэгт хавсаргах шаардлагатай эсэхийг прокурортой нь холбогдож тодруулахыг шүүгчийн туслах П.Я-д даалгасан, шүүгчийн туслах утсаа өгсөн тул шүүгч Б.Г прокурор Б.Э прокурортой ярьсан зэрэг үйл баримтууд тогтоогдож байна. Энэ нь шүүгчийг хэргийн нэг талыг байлцуулахгүйгээр нөгөө талтай харилцсан гэж үзэх үндэслэл болохгүй байх бөгөөд шүүгч Б.Г нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.4 дүгээр зүйлийн 1-т заасны дагуу дээд шатны прокуророос гаргасан эсэргүүцэл, түүнд хавсаргасан баримтыг давж заалдах шатны шүүхэд хүргүүлэхээр буюу дээр дурдсан үйл баримтыг болон хавсаргасан тогтоолуудыг ямар зорилгоор өгч байгаа, хэрэгт хавсаргах шаардлагатай эсэхийг тодруулахаар холбогдсон гэж үзэхээр байна.

 “...хэргийн оролцогч болон бусад этгээдтэй албан үүргийн хувьд харилцахдаа зүй бус авирлах, эсхүл хуралдааны дэг сахиулах хүрээнд бусдын зүй бус авирыг таслан зогсоох талаар шаардлага тавих үүргээ биелүүлэхгүй байх” гэж заасныг зөрчсөн гэх тухайд,

Б.Э-ийн өгсөн: “...би Б.Г гэдэг шүүгч байна. Танай эсэргүүцлийг хүлээж авсан. Гэхдээ хавсаргасан шүүхийн тогтоолыг чинь хэрэгт хийхгүй. Танай Нийслэлийн прокурорын 2 дугаар хэлтэс чинь ямар сонин юм бэ. Нэг үйл баримтыг өөр өөрөөр шийдүүлэх гэж ирүүлж байдаг чинь ямар учиртай юм бэ? Хоорондоо ярьдаггүй юм уу та нар. н.У гээд прокурортойгоо ярь асуу. Ийм хэрэг шийдүүлсэн. Прокурорын байгууллага эрүүгийн хуулийг нэг мөр хэрэгжүүлэх ёстой биз дээ, өөр тогтоол ингэж өгөх чинь нөлөөлөх оролдлого гэдгийг мэдэх үү, нөлөөллийн мэдүүлэг бичиж өгнөө чамайг. Энэ тогтоолуудыг чинь ямар ч байсан хэрэгт хавсаргахгүй шүү, эсэргүүцлийг чинь бол хэрэгт хавсаргана гэж надтай утсаар ярьсан. Жич: Шүүгчийг холбогдон, дээрх яриа, өгүүлэмжийг гаргах үед тус прокурорын газрын Шүүхэд төрийг төлөөлөх хэлтсийн хяналтын прокурор Ш.С миний хажууд байсан тул дээрх яриаг сонссон...” гэх мэдүүлэг, Хяналтын прокурор Ш.С-ийн өгсөн “... Э-тэй ярьж байгаа хүн нь эрэгтэй хүн байсан. Тэр хүн хэлэхдээ эсэргүүцэлдээ хавсаргасан материалыг чинь хавсаргахгүй шүү,  чи тэр У гээд прокурортойгоо ярилцдаггүй юм уу, яагаад адилхан агуулгатай юмыг өөр өөрөөр бичээд байгаа юм гэсэн, та нар шүүхэд нөлөөлөх гээд байгаа юм уу гэхэд Б.Э шүүхэд нөлөөлөх гэсэн зүйл байхгүй, У прокурорын асуудлыг би мэдэхгүй  ш дээ гэх яриа болж өнгөрсөн...” гэх мэдүүлэг, Шүүгч Б.Г-ийн гаргасан: “...Эсэргүүцэлд хавсаргасан тогтоолуудыг хүлээж авлаа. Ямар зорилгоор энэ тогтоолуудыг өгч байгаа юм бэ? ...“Давж заалдах шатны шүүхэд нөлөөлөх зорилготой өгч байгаа юм уу? Энэ чинь нөлөөллийн мэдүүлэг хөтлөх үндэслэл болдог шүү. Би хэрэгт хавсаргах шаардлагагүй гэж үзэж байна” ...“Танай 2 дугаар хэлтэс ямар сонин юм бэ? Адилхан үйл баримттай хэргийг 2 өөрөөр зүйлчилж ирүүлэх юм. Прокурорын байгууллага Эрүүгийн хуулийг нэг мөр ойлгож хэрэглэдэггүй юм уу? У гэдэг прокурор адилхан хэргийг өөрөөр зүйлчилж ирүүлсэн байсан”, ...“Үзэл бодлоороо хэрэг шийддэг юм уу? Тэгвэл У-тай ярь, үзэл бодлоо нэгтгэ” гэж бухимдаж, уурласан байдлаа илэрхийлээд би утсаа салгасан. ... “өөрийн үзэл бодлоороо шийдвэрлэсэн” гэж прокурор хүн ёжилсон өнгө аястай хэлсэн нь бухимдахад хүргэсэн тул бухимдсан байдлаа ярианы өнгө, дууны түвшингээр илэрхийлээд яриа нийлэхгүй гэж ойлгоод утсаа салгасан”  гэх тайлбар зэргээс шүүгчийн дээрх хэлсэн үгнүүд нь “...хэргийн оролцогч болон бусад этгээдтэй харилцахдаа зүй бус авирлах...” гэж заасан зөрчилд хамаарахгүй байна. Учир нь Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1.20-д “хэргийн оролцогч болон бусад этгээдтэй албан үүргийн хувьд харилцахдаа зүй бус авирлах, ...” гэснийг энгийн үг хэллэгээс өөр үг хэллэг хэрэглэж илтэд бүдүүлэг, догшин зан ааш гаргахыг ойлгохоор байх ба Монгол хэлний их тайлбар тольд “зүй бус” гэдгийг “жам ёсноос гадуур” гэж, “авир” гэдгийг “хүний зан ааль аашлах ерөнхий байдал” гэж тайлбарласантай харьцуулбал шүүгчийн ярианы өнгө, дууны түвшний хувьд өндөр дуугаар харьцсаныг “зүй бус авирласан” зөрчил гаргасан гэж үзэх боломжгүй. Иймд, өргөдөл, мэдээлэлд дурдсан үйл баримтуудыг шалгахад Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 55-р зүйлд зохицуулалтыг зөрчсөн гэх үндэслэл тогтоогдохгүй байх тул ... анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Б.Г-д холбогдох сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох санал гаргаж, хуралдаанаар хэлэлцүүлэхээр шийдвэрлэв.” гэжээ.

Шүүгч Б.Г тайлбартаа: “...прокурор Б.Э-ээс “Э Х” ХХК-ийн ашиг сонирхлын төлөө “Х Г” ХХК-аас 2019 оны 12 дугаар сард 46.590.909 төгрөгийн 1 ширхэг, 2020 оны 2 дугаар сард 74.636.591 төгрөгийн 2 ширхэг, нийт 121.227.500 төгрөгийн худалдан авалт хийсэн мэтээр Татварын Ерөнхий газрын цахим мэдээллийн санд хий бичилт хийж, нэмэгдсэн өртгийн албан татварын тайланг харьяа Татварын хэлтэст тайлагнаж, 12.122.750 төгрөгийн татвар төлөхөөс зайлсхийх зорилгоор санхүүгийн баримтуудыг хуурамчаар үйлдэж, хуурамчаар үйлдсэнийг мэдсээр байж ашиглаж “Э Х” ХХК-ийн НӨАТ-ын тайланг харьяа Татварын хэлтэст тайлагнасан гэх хэрэгт шүүгдэгч Б овогт Б-ын Э-т Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 3.1 дүгээр зүйлийн 1, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгүүдэд заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.7 дугаар зүйлийн 1-т заасан гэмт хэрэгт, шүүгдэгч “Э Х” ХХК-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.7 дугаар зүйлийн 4-т заасан гэмт хэрэгт тус тус яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг 2023 оны 02 дугаар сарын 27-ны өдөр хүлээн авч 2023 оны 4 дүгээр сарын 06-ны өдрийн 2023/ШЦТ/.. дугаартай цагаатгах тогтоолоор хэргийг гэмт хэргийн шинжгүй үндэслэлээр хэрэгсэхгүй болгож, шүүгдэгч нарыг цагаатгаж шийдвэрлэсэн. Эсэргүүцлийг 2023 оны 5 дугаар сарын 02-ны өдөр цахим шуудангаар ирүүлснийг хүлээн авахад “Жич: Яллагдагч С.Б-д холбогдох эрүүгийн ... дугаартай хэсгээс тусгаарласан эрүүгийн хэргүүдийн шийдвэрлэсэн бусад шүүхийн шийдвэрийг хавсаргав” бичвэр байсан боловч уг тогтоолууд ирээгүй байсан. Эсэргүүцлийг оролцогч нарт танилцуулаад 2023 оны 5 дугаар сарын 09-ны өдөр хэргийг давж заалдах шатны шүүхэд шилжүүлэх гэж байхад ... хэргийн давж заалдах шатны шүүхээс: Цагаатгах тогтоолыг эс зөвшөөрч ... газрын ерөнхий прокурорын орлогч А.Э эсэргүүцэл бичсэнийг 2023 оны 5 дугаар сарын 02-нд цахимаар хүлээн авч, оролцогч нарт танилцуулж, хэргийг 2023 оны 5 дугаар сарын 09- ний өдөр давж заалдах шатны шүүхэд шилжүүлсэн. Эсэргүүцлийг 2023 оны 5 дугаар сарын 02-ны өдөр цахим шуудангаар ирүүлснийг хүлээн авахад “Жич: Яллагдагч С.Б-д холбогдох эрүүгийн ... дугаартай хэсгээс тусгаарласан эрүүгийн хэргүүдийн шийдвэрлэсэн бусад шүүхийн шийдвэрийг хавсаргав” бичвэр байсан боловч уг тогтоолууд ирээгүй байсан. Эсэргүүцлийг оролцогч нарт танилцуулаад 2023 оны 5 дугаар сарын 09-ны өдөр хэргийг давж заалдах шатны шүүхэд шилжүүлэх гэж байхад ... хэргийн давж заалдах шатны шүүхээс: ... дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн 2023/ШЦТ/... дугаартай шийтгэх тогтоол, Архангай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 3 дугаар сарын 21-ний өдрийн 2023/ШЦТ/... дугаартай шийтгэх тогтоол, ... дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 3 дугаар сарын 21-ний өдрийн 2023/ШЦТ/... дугаартай шийтгэх тогтоол, ... дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 4 дүгээр сарын 12-ны өдрийн 2023/ШЦТ/... дугаартай шийтгэх тогтоолын хуулбаруудыг хаяг андуурч ирсэн гэж манайд ирүүлсэн. Уг тогтоолуудын хуулбартай танилцаад шүүгчийн туслах П.Я-д прокурортой нь холбогдож энэ тогтоолуудын ямар зорилгоор гаргаж өгч байгаа, хэрэгт хавсаргах шаардлагатай эсэхийг тодруулах үүрэг өгсөн. Хэсэг хугацааны дараа өрөөндөө шийтгэх тогтоол бичээд сууж байтал шүүгчийн туслах П.Я өрөөнд орж ирээд “Та Э прокурортой ярьчих” гээд гар утсаа өгөхөд нь аваад өөрийгөө танилцуулаад “Эсэргүүцэлд хавсаргасан тогтоолуудыг хүлээж авлаа. Ямар зорилгоор энэ тогтоолуудыг өгч байгаа юм бэ? гэхэд прокурор “Адил хэргүүдийн шийдэгдсэн байдлыг харуулах зорилготой өгч байгаа юм аа” гэхэд нь “Давж заалдах шатны шүүхэд нөлөөлөх зорилготой өгч байгаа юм уу? Энэ чинь нөлөөллийн мэдүүлэг хөтлөх үндэслэл болдог шүү. Би хэрэгт хавсаргах шаардлагагүй гэж үзэж байна” гэж хэлэхэд “Тэр таны мэдэх асуудал, би баримтаа гаргаж өгсөн” гэж хэлэхэд нь энэ эсэргүүцлийг дээд шатны прокурор болох Нийслэлийн Прокурорын газрын ерөнхий прокурорын орлогч А.Э бичсэн гэдгийг санаад “Чамтай энэ талаар ярих зүйлгүй юм байна” гэж хэлээд энэ яриаг дуусгаад би “Танай 2 дугаар хэлтэс ямар сонин юм бэ? Адилхан үйл баримттай хэргийг 2 өөрөөр зүйлчилж ирүүлэх юм. Прокурорын байгууллага Эрүүгийн хуулийг нэг мөр ойлгож хэрэглэдэггүй юм уу? У гэдэг прокурор адилхан хэргийг өөрөөр зүйлчилж ирүүлсэн байсан” гэхэд “Тэр хэргийн хувьд тухайн прокурорын асуудал. Би өөрийн үзэл бодлоороо яллах дүгнэлт үйлдсэн” гэж хэлэхэд нь “Үзэл бодлоороо хэрэг шийддэг юм уу? Тэгвэл У-тай ярь, үзэл бодлоо нэгтгэ” гэж бухимдаж, уурласан байдлаа илэрхийлээд би утсаа салгасан. Тухайн үед би бичиж байгаа зүйлдээ анхаарлаа төвлөрүүлээд туслахынхаа хэлсэн зүйлд анхаарал хандуулахгүйгээр шууд утсыг нь авч ярьсан. Эсэргүүцэл бичсэн прокурор биш, яллах дүгнэлт үйлдсэн прокурортой ярьж буй мэдмэгцээ ярианы сэдвээ өөрчилж, энэ хэрэг шийдвэрлэх ажиллагаа дуусгавар болсон учраас хэрэг шийдэх явцдаа асуух юм сан гэж бодож явсан адилхан үйл баримттай хэргийг 2 өөрөөр зүйлчилж байгаа байдлыг прокурор буюу төрийн албан хаагчийн хувьд мэдэж байгаа эсэхийг тодруулах үүднээс 2 дахь хэсгийн яриаг би эхлүүлээд үл ойлголцох байдалд хүрсэн учраас би яриаг дуусгасан. Энэ 2 хэрэгт яллах дүгнэлт бичсэн прокурорууд нь шүүх хуралдаанд оролцоогүй, ... газраас томилолтоор прокурор улсын яллагчаар оролцсон учраас энэ асуудлыг тодруулж чадаагүй байсан юм. Миний хувьд хэрэг шийдвэрлэгдэж дууссан, дээд шатны прокурор эсэргүүцэл бичсэн учраас прокурор Э.Э-ийн хувьд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа дууссан гэж ойлгоод хуульчийн хувьд ямар үндэслэлээр яллах дүгнэлт үйлдсэн итгэл үнэмшлийг нь сонсож санал солилцох зорилгоор энэ яриаг эхлүүлсэн боловч санал солилцох боломжгүй байдал үүссэн учраас яриагаа цаашид үргэлжлүүлээгүй юм. Хэргийг нотлох баримтад үндэслэн эрх зүйн ухамсрыг удирдлага болгож, өөрийн дотоод итгэлээр шийдвэрлэдэг гэдэг итгэл үнэмшилтэй явдаг миний хувьд “өөрийн үзэл бодлоороо шийдвэрлэсэн” гэж прокурор хүн ёжилсон өнгө аястай хэлсэн нь бухимдахад хүргэсэн тул бухимдсан байдлаа ярианы өнгө, дууны түвшингээр илэрхийлээд яриа нийлэхгүй гэж ойлгоод утсаа салгасан. Тухайн өдөр хэргийг шилжүүлэхэд бэлэн болгон үдэж албан тоотод гарын үсэг зурсан байсныг задалж, шинээр ирсэн дээрх тогтоолуудыг нэмж үдээд албан тоотын хуудасны тоог өөрчилж, давж заалдах шатны шүүхэд тухайн өдөртөө хэргийг шилжүүлсэн. Би тухайн үед шүүгчийн туслах П.Я прокурор Б.Э-тэй хэрхэн ярьсныг мэдээгүй, гэнэт утсаа өгөхөд нь үл ойлголцох байдал гарсан юм байх гэж бодоод л гар утсыг аваад нь өөрийгөө танилцуулаад дээрх зүйлийг ярьсан.

... прокурор Б.Э-ээс “Э Х” ХХК-ий ашиг сонирхлын төлөө “Х Г” ХХК-иас 2019 оны 12 дугаар сард 46.590.909 төгрөгийн 1 ширхэг, 2020 оны 2 дугаар сард 74.636.591 төгрөгийн 2 ширхэг, нийт 121.227.500 төгрөгийн худалдан авалт хийсэн мэтээр Татварын Ерөнхий газрын цахим мэдээллийн санд хий бичилт хийж, нэмэгдсэн өртгийн албан татварын тайланг харьяа Татварын хэлтэст тайлагнаж, 12.122.750 төгрөгийн татвар төлөхөөс зайлсхийх зорилгоор санхүүгийн баримтуудыг хуурамчаар үйлдэж, хуурамчаар үйлдсэнийг мэдсээр байж ашиглаж “Э Х” ХХК-ийн НӨАТ-ын тайланг харьяа Татварын хэлтэст тайлагнасан гэх хэрэгт шүүгдэгч Б овогт Б.Э-т Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 3.1 дүгээр зүйлийн 1, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгүүдэд заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.7 дугаар зүйлийн 1-т заасан гэмт хэрэгт, шүүгдэгч “Э Х” ХХК-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.7 дугаар зүйлийн 4-т заасан гэмт хэрэгт тус тус яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн. Нийслэлийн прокурорын газрын хэрэг бүртгэх, мөрдөн байцаах ажиллагаанд хяналт тавих 2 дугаар хэлтсээс НӨАТ-ын 47 ширхэг хуурамч падаан ашиглан 171.818.316 төгрөгийн НӨАТ төлөхөөс санаатайгаар зайлсхийсэн “У П” ХХК-ий хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар, НӨАТ-ын 3 ширхэг хуурамч падаан ашиглан 12.122.750 төгрөгийн НӨАТ төлөхөөс зайлсхийсэн “Э Х” ХХК-ий хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.7 дугаар зүйлийн 4-т зааснаар зүйлчилж, ирүүлсэн нь Монгол Улсын Үндсэн хуулийн 14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.12 дугаар зүйлд заасан “хууль, шүүхийн өмнө тэгш байх” Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлд заасан “шударга ёсны зарчим”-д нийцэхгүй байгаад 2 хоёр хэргийг шийдэх явцдаа бухимдалтай байсан. Учир нь хэдэн тэрбумаар хэмжигдэх хөрөнгөтэй “У П” ХХК- ий НӨАТ-ын 47 ширхэг хуурамч падаан ашиглан 171.818.316 төгрөгийн НӨАТ төлөхөөс санаатайгаар зайлсхийсэн “хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж, хохирол 70.775.522 төгрөг төлөгдөөгүй байхад хялбаршуулсан журмаар шийдвэрлэж, эрх бүхий албан тушаалтан 4 хүнийг 1.000.000-3.000.000 төгрөгөөр торгох саналтай ирүүлснийг, би ердийн журамд шилжүүлж, хохирлыг төлүүлж шийдвэрлэсэн. НӨАТ-ын тухай хуулиар оногдуулсан НӨАТ-аа төлж чадахгүй байдалд орж 3 ширхэг хуурамч падаан ашиглан 12.122.750 төгрөгийн НӨАТ төлөхөөс зайлсхийсэн, үйл ажиллагаа нь байнга явагддаггүй “Э Х” ХХК-ийн хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.7 дугаар зүйлийн 4-т зааснаар зүйлчилж, ирүүлсэн байсан. Манай аймагт шийдвэрлэгдэж байгаа хэрэг цөөхөн учраас бүх хэрэг ил тод байдаг болохоор энэ байдлаар нь шийдвэрлэсэн бол миний хувьд шударга ёс, ард түмний хувьд шүүх мөнгө, эд хөрөнгийн өмнө бөхийсөн явдал болох байсан. Би хэргийг эцэслэн шийдвэрлээд, хэн нэгэн нөлөөлөөгүй гэдэг мэдүүлгээ хөтлөөд давж заалдах шатны шүүхэд шилжүүлж байгаа хэргийн хувьд надад хэн нэгнээс нөлөөлөх асуудал байхгүй учраас би нөлөөллийн мэдүүлэг хөтлөх тухай яриагүй. “Энэ тогтоолуудыг өгч байгаа чинь давж заалдах шатны шүүхэд нөлөөлөх зорилготой өгч байгаа юм уу. Энэ чинь нөлөөллийн мэдүүлэг хөтлөх үндэслэл болдог шүү” гэж хэлсэн. Миний хувьд энэ хэрэг шийдвэрлэх ажиллагаа дуусгавар болсон нэгэнт эсэргүүцэл бичигдэж, дээд шатны шүүхэд шилжиж байгаа хэргийн талаар прокурорт нөлөөлөх шаардлага байхгүй, прокуророор дамжуулж давж заалдах шатны шүүхэд нөлөөлнө гэж байхгүй. Прокурор Э.Э-тэй дээд шатны прокурорын бичсэн эсэргүүцлийн талаар болон хэргийн зүйлчлэл, хэргийн шийдвэрлэлтийн талаар ярьж нөлөөлсөн, нөлөөлөхийг оролдсон зүй бус үйлдэл гаргаагүй тул надад холбогдох сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү.” гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

            Нийслэлийн прокурорын газраас “... шүүгч өөрийн шийдвэрлэсэн шийдвэрт гаргасан эсэргүүцэлтэй холбогдуулан прокурор руу залгасан нь шүүгчид хориглох хуулийн хэм хэмжээ зөрчсөн” гэх агуулгаар мэдээлэл гаргажээ.

            Сахилгын хэрэгт цугласан баримтаар, ... анхан шатны шүүхийн 2023 оны 4 дүгээр сарын 06-ны өдрийн шүүх хуралдаанаар ... прокуророос “Э Х” ХХК, Б.Э нарт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн хэргийг хянан хэлэлцэж, 2023/ШЦТ/65 дугаар цагаатгах тогтоолоор хэргийг хэрэгсэхгүй болгож, шүүгдэгч нарыг цагаатгаж шийдвэрлэжээ. Тус шүүх хуралдааныг шүүгч Б.Г даргалж, шүүх хуралдаанд улсын яллагч А.А, шүүгдэгч, шүүгдэгчийн хууль ёсны төлөөлөгч нарын өмгөөлөгч Б.Л, шүүгдэгч Б.Э, “Э Х” ХХК-ийн хууль ёсны төлөөлөгч Д.Г  нар оролцсон байна.

            Дээрх цагаатгах тогтоолыг эс зөвшөөрч А.Э-аас 2023 оны 5 дугаар сарын 02-ны өдөр 23 дугаартай Дээд шатны прокурорын 5 хуудас эсэргүүцэл гаргасныг анхан шатны шүүх мөн өдөр хүлээн авсан болох нь ... анхан шатны шүүхэд гомдол, эсэргүүцэл, өргөдөл, хүсэлт хүлээн авсан бүртгэл №2 дэвтрийн холбогдох хэсгээр тогтоогдож байна.

            Дээрх эсэргүүцлийг гаргасан өдрөөс хойш 7 хоногийн дараа буюу 2023 оны 5 дугаар сарын 09-ний өдөр А.Э-аас дээрх 5 хуудас эсэргүүцлийг 26 хуудас баримтын хамт ... давж заалдах шатны шүүхэд хүргүүлснийг, тус шүүхийн Ерөнхий шүүгч Д.Ж-ийн 2023 оны 5 дугаар сарын 09-ний өдрийн ... дугаар албан бичгээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.4 дүгээр зүйлийн 1-т заасны дагуу анхан шатны шүүхэд хүргүүлжээ. ... анхан шатны шүүхийн 2023 оны 5 дугаар сарын 09-ний өдрийн 84 дүгээр албан бичгээр тус эрүүгийн хэргийг хянуулахаар давж заалдах шатны шүүх рүү хүргүүлсэн байна.

            Улмаар ... хэргийн давж заалдах шатны шүүхийн 2023 оны 5 дугаар сарын 29-ний өдрийн ... дугаар магадлалаар тус хэргийг хянан хэлэлцэж, “дээд шатны прокурорын эсэргүүцлийг хүлээн авч, ...анхан шатны шүүхийн ... дугаартай цагаатгах тогтоолыг хүчингүй болгож” шийдвэрлэсэн үйл баримт тогтоогджээ.

            Шалгах ажиллагааны явцад, “шүүгч өөрийн шийдвэрлэсэн шийдвэрт гаргасан эсэргүүцэлтэй холбогдуулан прокурор руу залгасан” гэх өргөдөлд дурдсан үйл баримтыг тодруулахаар Шүүхийн сахилгын хорооны 2023 оны 5 дугаар сарын 22-ны өдрийн ... дугаар гишүүний захирамжаар ..., ... дугаарын эзэмшигчийн талаарх мэдээлэл болон тус дугаарын 2023 оны 5 дугаар сарын 01-ний өдрөөс 14-ний өдөр хүртэлх хугацаанд гадагшаа залгасан болон гаднаас ирсэн дуудлагын жагсаалтыг “М К” ХХК-аас гаргуулахаар шийдвэрлэж, “М К” ХХК-ийн 2023 оны 6 дугаар сарын 12-ны өдрийн 4/4909 дугаар албан бичгээр хариу ирүүлжээ. Уг албан бичгийн хавсралтаар ... дугаарын утас нь шүүгчийн туслах П.Я-ын нэр дээр бүртгэлтэй байх ба тус дугаараас 2023 оны 5 дугаар сарын 09-ний өдөр 11 цаг 15 минутад хяналтын прокурор Б.Э-ийн ... дугаар луу залгаж нийт 168 секунд ярьсан болох нь тогтоогджээ.

            Энэ талаар холбогдох шүүгч Б.Г тайлбартаа “...эсэргүүцлийг 2023 оны 5 дугаар сарын 02-ны өдөр хүлээн аваад 09-ний өдөр давж заалдах шатны шүүхэд хүргүүлэх гэж байхад давж заалдах шатны шүүхээс шийтгэх тогтоолын хуулбаруудыг хаяг андуурч ирсэн гэж манайд ирүүлсэн. Уг тогтоолуудын хуулбартай танилцаад шүүгчийн туслах П.Я-д прокурортой нь холбогдож энэ тогтоолуудын ямар зорилгоор гаргаж өгч байгаа, хэрэгт хавсаргах шаардлагатай эсэхийг тодруулах үүрэг өгсөн. Хэсэг хугацааны дараа өрөөндөө сууж байтал шүүгчийн туслах П.Я ...орж ирээд “Та Э прокурортой ярьчих” гээд гар утсаа өгөхөд нь аваад өөрийгөө танилцуулаад ярьсан, ...эсэргүүцэлд хавсаргасан тогтоолуудыг хүлээж авлаа. Ямар зорилгоор энэ тогтоолуудыг өгч байгаа юм бэ ... Давж заалдах шатны шүүхэд нөлөөлөх зорилготой өгч байгаа юм уу. Энэ чинь нөлөөллийн мэдүүлэг хөтлөх үндэслэл болдог шүү. Би хэрэгт хавсаргах шаардлагагүй гэж үзэж байна” ...“Танай 2 дугаар хэлтэс ямар сонин юм бэ? Адилхан үйл баримттай хэргийг 2 өөрөөр зүйлчилж ирүүлэх юм. Прокурорын байгууллага Эрүүгийн хуулийг нэг мөр ойлгож хэрэглэдэггүй юм уу? У гэдэг прокурор адилхан хэргийг өөрөөр зүйлчилж ирүүлсэн байсан”, ...“Үзэл бодлоороо хэрэг шийддэг юм уу? Тэгвэл У-тай ярь, үзэл бодлоо нэгтгэ” гээд би утсаа салгасан. ...” гэжээ.

            Шүүгчийн туслах П.Я Шүүхийн сахилгын хороонд ирүүлсэн тайлбартаа: “...прокурортой нь холбогдож хавсаргасан тогтоолуудыг ямар зорилгоор өгч байгаа, хэрэгт хавсаргах шаардлагатай эсэхийг тодруулах үүрэг шүүгч өгсөн. Би юу гэж ярихаа сайн ойлгоогүй учраас эсэргүүцэлд хавсаргасан утасны дугаар болох ... дугаар луу залгаад Ерөнхий ­шүүгч Б.Г-д “Та Э прокурортой ярьчих” гээд утсаа өгсөн. Шүүгч энэ тогтоолууд шүүхэд нөлөөлөх зорилготой өгч байгаа юм уу. Энэ чинь нөлөөллийн мэдүүлэг хөтлөх үндэслэл болдог шүү. Танай 2 дугаар хэлтэс адилхан хэргийг 2 өөрөөр зүйлчилж ирүүлэх юм, ...үзэл бодлоо нэгтгэ гээд надад өгсөн” гэсэн байна.

            Хяналтын прокурор Б.Э гэрчийн мэдүүлэгтээ: “... 2023 оны 5 дугаар сарын 09-ний өдөр би ажил дээрээ Шүүхэд төрийг төлөөлөх хэлтсийн хяналтын прокурор Г.С-ийн өрөөнд хэрэг танилцуулаад сууж байхад 11 цаг 15 минутад миний өөрийн ... дугаарын утсанд ... дугаарын утаснаас дуудлага ирсэн. Дуудлагыг авахад эмэгтэй хүн байсан. Өөрийгөө надад танилцуулахдаа Увс аймгийн эрүүгийн шүүхийн туслах ажилтан байна гэсэн. Танайхаас ирүүлсэн эсэргүүцлийг хүлээж авсан. Гэхдээ эсэргүүцэлдээ хавсаргаж ирүүлсэн шийтгэх тогтоолыг эсэргүүцэлд хавсаргахгүй гэж хэлсэн. Би яагаад гэж асуухад цаанаас нь нэг эрэгтэй хүн би ярья гээд утсыг нь авсан. Тухайн хүн утсаа аваад өөрийгөө би Б.Г гэдэг шүүгч байна гэж танилцуулсан, Танай эсэргүүцлийг хүлээж авсан. Гэхдээ хавсаргасан шүүхийн тогтоолыг чинь хэрэгт хийхгүй. Танай ... хэлтэс чинь ямар сонин юм бэ. Нэг үйл баримтыг өөр өөрөөр шийдүүлэх гэж ирүүлж байдаг чинь ямар учиртай юм бэ? Хоорондоо ярьдаггүй юм уу та нар. н.У гээд прокурортойгоо ярь асуу. Ийм хэрэг шийдүүлсэн. Прокурорын байгууллага эрүүгийн хуулийг нэг мөр хэрэгжүүлэх ёстой биз дээ, өөр тогтоол ингэж өгөх чинь нөлөөлөх оролдлого гэдгийг мэдэх үү, нөлөөллийн мэдүүлэг бичиж өгнөө чамайг. Энэ тогтоолуудыг чинь ямар ч байсан хэрэгт хавсаргахгүй шүү, эсэргүүцлийг чинь бол хэрэгт хавсаргана гэж надтай утсаар ярьсан. Шүүгчийг холбогдон, дээрх яриа, өгүүлэмжийг гаргах үед тус прокурорын газрын Шүүхэд төрийг төлөөлөх хэлтсийн хяналтын прокурор Ш.С миний хажууд байсан тул дээрх яриаг сонссон...” гэж,

            Хяналтын прокурор Ш.С гэрчийн мэдүүлэгтээ “...Э-тэй ярьж байгаа хүн нь эрэгтэй хүн байсан. Тэр хүн хэлэхдээ эсэргүүцэлдээ хавсаргасан материалыг чинь хавсаргахгүй шүү,  чи тэр У гээд прокурортойгоо ярилцдаггүй юм уу, яагаад адилхан агуулгатай юмыг өөр өөрөөр бичээд байгаа юм гэсэн, та нар шүүхэд нөлөөлөх гээд байгаа юм уу гэхэд Б.Э шүүхэд нөлөөлөх гэсэн зүйл байхгүй, Ууганбаатар прокурорын асуудлыг би мэдэхгүй  ш дээ гэх яриа болж өнгөрсөн.” гэж тус тус мэдүүлжээ.

            Дээрхээс үзвэл, шүүгч Б.Г нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.4 дүгээр зүйлийн 1-т заасны дагуу дээд шатны прокуророос гаргасан эсэргүүцлээр хэргийг хянуулахаар давж заалдах шатны шүүхэд хүргүүлэхдээ эсэргүүцэл гаргаснаас хойш 7 хоногийн дараа ирүүлсэн 26 хуудас баримт буюу холбогдох шийтгэх тогтоолуудыг ямар зорилгоор өгч байгаа болох, хэрэгт хавсаргах шаардлагатай эсэхийг тодруулах зорилгоор прокурор Б.Э-тэй шүүгчийн туслахын утсаар ярьжээ. Уг үйлдэл нь хэргийн нөгөө талыг байлцуулахгүйгээр нэг талтай харилцсан гэх зөрчилд хамаарахгүй.

            Учир нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.4 дүгээр зүйлийн 1.13-т "оролцогч" гэж сэжигтэн, яллагдагч, шүүгдэгч, хохирогч, иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч, хуулийн этгээд, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгчийг хэлнэ гэж заасан. Шүүгч Б.Г нь өөрийн туслах П.Я-ын утсаар тухайн хэрэгт яллах дүгнэлт үйлдсэн, хяналтын прокурор Б.Э-тэй ярьсан үйл баримт тогтоогдож байх боловч Б.Э нь дээрх хуульд зааснаар оролцогч гэх ойлголтод хамаарахгүй. Мөн тус хэргийг шийдвэрлэх шүүх хуралдаанд тэрээр улсын яллагчаар оролцоогүй байна.

            Мэдээлэлд, шүүгч утсаар харилцахдаа зүй бус авирласан гэж дурджээ.

            Шүүгч Б.Г тайлбартаа “...өөрийн үзэл бодлоороо шийдвэрлэсэн гэж прокурор хүн ёжилсон өнгө аястай хэлсэн нь бухимдахад хүргэсэн тул бухимдсан байдлаа ярианы өнгө, дууны түвшингээр илэрхийлээд яриа нийлэхгүй гэж ойлгоод утсаа салгасан” гэж тайлбарласан бөгөөд шүүгчийн ярианы өнгө, дууны түвшний хувьд өндөр дуугаар харьцсаныг “зүй бус авирласан” зөрчил гаргасан гэж үзэх боломжгүй бөгөөд сахилгын хэрэгт цугласан баримт, гэрчийн мэдүүлгүүдээр шүүгч Б.Г нь прокурор Б.Э-тэй утсаар ярихдаа зүй бус утга, агуулгатай үг хэллэг хэрэглэсэн гэх байдал тогтоогдохгүй байна. Шүүгч Б.Г, прокурор Б.Э нар нь хоорондоо биечлэн харьцаагүй, энэ талаар дүрс бичлэг байхгүй тул зүй бус үйлдэл гаргасан гэж дүгнэх боломжгүй.

   Иймд шүүгч Б.Г нь цагаатгах тогтоолыг эс зөвшөөрч гаргасан эсэргүүцлийг хүлээн авсантай холбоотойгоор түүнд хавсаргаж ирүүлсэн баримтын талаар тодруулах зорилгоор прокурор Б.Э-тэй утсаар харилцсан нь Монгол Улсын шүүхийн тухай хууль /Шинэчилсэн найруулга/-ийн 55 дугаар зүйлийн 55.1 дэх хэсэгт заасан хориглосон, хязгаарласан, үүрэг болгосон зохицуулалтыг зөрчсөн гэж үзэх үндэслэл болохгүй. Иймд сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох саналыг хүлээн авч, сахилгын хэргийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж бүрэлдэхүүн үзэв.

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 112 дугаар зүйлийн 112.1, 112.1.2, 112.2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүхийн сахилгын хорооны гишүүний 2023 оны 6 дугаар сарын 16-ны өдрийн ГС/2023/0090 дугаар Сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох саналыг хүлээн авч, ...-аас ирүүлсэн мэдээллийн дагуу ... анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Б.Г-д холбогдуулан үүсгэсэн сахилгын хэргийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 112 дугаар зүйлийн 112.6 дахь хэсэгт зааснаар магадлал гаргаснаас хойш 14 хоногийн дотор сахилгын хэргийн оролцогч болон өргөдөл, мэдээлэл гаргагчийн оршин суугаа газрын эсхүл ажлын газрын хаягаар баталгаат шуудангаар, эсхүл ажлын албаны ажилтнаар хүргүүлэхийг ажлын албанд даалгасугай.

3. Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 112 дугаар зүйлийн 112.7 дахь хэсэгт зааснаар дээрх журмаар хүргүүлснээр магадлалыг гардан авсанд тооцох ба энэ нь гомдол гаргах хугацааг тоолох үндэслэл болохыг тайлбарласугай.

4. Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 112 дугаар зүйлийн 112.8 дахь хэсэгт зааснаар магадлалыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Сахилгын хороонд хэргийн оролцогч гомдол, илтгэгч гишүүн эсэргүүцэл гаргах эрхтэй болохыг дурдсугай.

                        ДАРГАЛАГЧ                                                С.ЭНХТӨР

                        ГИШҮҮД                                                        Д.АРИУНТУЯА

                                                                                                Д.МЯГМАРЦЭРЭН