info@judiscom.mn 976 - 77113838 Холбоо барих ШИЛЭН ДАНС
ENMNG

МОНГОЛ УЛС

ШҮҮХИЙН САХИЛГЫН ХОРОО

МАГАДЛАЛ

2023-12-27

Дугаар 140

Улаанбаатар хот

Сахилгын хэргийг

хэрэгсэхгүй болгох тухай

Шүүхийн сахилгын хорооны хуралдааныг гишүүн Д.Мягмарцэрэн даргалж, гишүүн Д.Ариунтуяа, О.Номуулин нарын бүрэлдэхүүнтэй, илтгэгч гишүүн С.Энхтөр, хуралдаан хариуцсан ахлах мэргэжилтэн-нарийн бичгийн дарга А.Намуу нарыг оролцуулан тус хорооны хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар

... Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.А-т холбогдох Сахилгын хорооны гишүүний 2023 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн “Сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох тухай” ГС/2023/0131 дугаартай саналыг хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох саналд: “Шүүх хуралдаан эхэлсний дараа цагдаагийн байгууллагын албан хаагчийг загнаж хурлаа тасалдуулан, Улсын дээд шүүхийн хялбаршуулсан журмаар шийдвэрлэх журам зөрчиж хуралдааныг явуулсан, улсын яллагчийг загнаж, зандарсан байдалтай харьцсан” гэх агуулгаар өргөдлийн үндэслэлээ тодорхойлжээ.

            Сахилгын хэрэгт цугласан баримтаар, ... Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 9 дүгээр сарын 13-ны өдрийн 2023/ШЦТ/1107 дугаар шийтгэх тогтоолоор Л.Ч-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж учруулсан гэм буруутайд тооцож, Л.Ч-т  600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 төгрөгөөр торгох ял шийтгэж шийдвэрлэсэн байна. Тус шүүх хуралдааныг шүүгч Г.А  даргалж, улсын яллагч Г.М , шүүгдэгч Л.Ч  нар оролцсон болох нь дээрх шийдвэр, шүүх хуралдааны тэмдэглэлээр тогтоогдож байна.

            Г.М-ээс дээрх шүүх хуралдааны явцад болсон үйл баримттай холбогдуулан өргөдөл гаргасан байх бөгөөд шалгах ажиллагааны явцад 2023 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн ГЗБ/2023/0691 дүгээр гишүүний захирамжаар дээрх шүүх хуралдааны дуу-дүрсний бичлэгийг тус шүүхийн Тамгын газраас нотлох баримтаар гаргуулан авсан тул бичлэгээр тогтоогдож буй үйл баримтыг гэрчийн мэдүүлгээр дахин нотлох шаардлагагүй гэж үзэж улсын яллагч болон шүүгдэгчийг гэрчээр асуугаагүй болно.

            Тус дуу-дүрсний бичлэгт шүүгдэгч Л.Ч , улсын яллагч Г.М  нарын дүрс бичигдсэн боловч шүүх хуралдааны дэг сахиулагч буюу цагдаагийн албан хаагчийн дүрс бичигдээгүй байсан тул тухайн үед үүрэг гүйцэтгэж байсан албан хаагч нарыг тодруулан шалгахад М.П , З.Э нар байсан тул гэрчээр асуусан болохыг дурдав.

            Нэг.  Шүүх хуралдаан эхэлсний дараа цагдаагийн байгууллагын албан хаагчийг загнаж хурлаа тасалдуулан гэх өргөдлийн үндэслэлийн тухайд,

            Даргалагчаас шүүх хуралдааныг нээж, нарийн бичгийн даргаас ирцийг илтгэн, шүүгдэгчийн биеийн байцаалттай холбогдуулан асуулт асууж байх үед буюу “mainfeed_dual_512.mp4” нэртэй бичлэгийн 0:03:43 минутад, хаалга онгойх чимээ гарч даргалагчаас: Цагдаа нар ажлаа хийхгүй юм уу гэхэд

            0:03:44-0:03:47 минутад, Эрэгтэй хүн: Би доор түр саатуулахад байж байгаад гэхэд

            0:03:47-0:03:48 минутад, Даргалагчаас: Ахлахаа дууд, та дууд гэснээр хаалганы чимээ гарч байна.

            0:04:12-04:22 минутад, хаалга онгойх чимээ гаргахад Даргалагчаас: Танай цагдаа сүүлийн үед ажил хийхээ болилоо. Хорих ял оногдуулах гээд байдаг цагдаа нар орж ирэхгүй. Тэгээд тэр хүнийг яахын, алдвал хэн хариуцах юм гэхэд

            0:04:23-0:04:24 минутад, Эрэгтэй хүн: Цагдаа цөөхөн байж таараад гэхэд

            0:04:24-0:04:37 минутад, Даргалагчаас: Одоо тэгээд дандаа миний хурал дээр ингэж байна шүү дээ. Эсвэл элэг бариад байгаа юм уу. Та нар элэг барих хэмжээний асуудал байхгүй. Ажлаа хийвэл хийсэн шиг хий, хиймээргүй байвал больсон нь дээр гэхэд

            0:04:37-0:04:37 минутад, Эрэгтэй хүн: Би сайн анхааръя гэв. Хаалганы чимээ гарч шүүх хуралдаан цааш үргэлжилсэн болон нь бичигдсэн байна.

            Энэ талаар гэрч З.Э “...уг шүүх хуралдаан эхэлсний дараа дэг сахиулагчаар орсон. Шүүгч ахлахыгаа дуудчих гэж хэлсэн. Ингээд би эргэж гарч дэслэгч М.П-ыг дуудаж танхимдаа хамт орж ирсэн. Шүүгч ахлахаас танайх яагаад миний хурал дээр орж ирдэггүй юм бэ гэсэн ахлах манай хүн хүч хүрэлцэхгүй байгаа учир дэг сахиулагч хоцорчихлоо гэсэн. Ингээд ахлах танхимаас гарч би дэг сахиулахаар үлдсэн, шүүгч өөр зүйл хэлээгүй, шүүгчийн үйлдлийг тавих ёстой шаардлага тавьж байна гэж ойлгосон. Учир нь тус хуралдаанд миний бие хүн хүч дутмаг байсны улмаас хоцорч орсон. Загнасан зүй бус үйлдэл гаргасан зүйл байхгүй. Миний бие түр саатуулах байранд үүрэг гүйцэтгэж байсан учир шүүх хуралдаан эхэлсний дараа орсон. Хуралдааныг дуустал дэг сахиулж оролцсон.” гэж, гэрч М.П  “... ... Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийг хариуцсан эргүүл хамгаалалтын офицер буюу бусад дэг сахиулагч нараа ахалж ажилладаг. 2023 оны 9 дүгээр сарын 13-ны өдрийн шүүгч Г.А -ийн даргалсан шүүгдэгч Л.Ч-т  холбогдох хэргийн шүүх хуралдаан дундуур орсон. Б, Х, ... Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх нь шүүх хуралдааны 7 танхимтай. Уг танхимуудад танхимын тоогоор буюу нэг танхимд  нэг дэг  сахиулагч байх ёстой боловч тухайн өдөр үүрэг гүйцэтгэж байсан 5 цагдаа байсан. Нэг цагдаа нь түр саатуулахыг хариуцаж ажилладаг. Тухайн өдөр үлдсэн 4 цагдаа нь шүүх хуралдааны танхимуудад орсон дэг сахиулж байсан. Би доор үүрэг гүйцэтгэж байсан дэд ахлагч З.Э-г  Г.А  шүүгчийн хурал эхэлсэн байна гээд, Г танхим руу оруулсан. Оруулчхаад доошоо буугаад явж байхад З.Э намайг ахлахаа дууд гэсэн гээд танхим руу шүүх хуралдаан эхэлсний дараа орсон. Шүүгч яагаад миний хурал дээр цагдаа нар чинь хоцорч орж ирээд байгаа юм бэ гэсэн. Тэгэхээр нь би манайх хүн хүч дутмаг ажиллаж байгаа. Би доор түр саатуулахад ажиллаж байсан цагдаагаа авчирч оруулж байна гэж хэлсэн. Шүүгч хүн хүч дутуу бол дотооддоо зохицуулах ёстой гэж хэлсэн. Би ойлголоо гэсэн. Өөр зүйл яриагүй, би гараад явсан. Хуралд нь хүн хүч дутуу байсан учир дэг сахиулагч хоцорч орсноор шүүгч намайг элэг бариад байна уу гэж асуулт асуусан. Түүнийг надад шаардлага тавьж байна гэж хүлээж авсан. Тэрнээс бол загнаж зүй бус үйлдэл гаргаагүй. Өмнө нь ч гаргаж байгаагүй. Тухайн өдөр 6 шүүх хуралдааны танхимд зэрэг шүүх хуралдаан явагдаж байснаас 4 дэг сахиулагч бусад хуралдаанд дэг сахиулж байсан. Нэг танхимд нь би өөрөө үүрэг гүйцэтгэж байсан. Г танхимд А шүүгчийн хурал орчихоор нь түр саатуулах байранд үүрэг гүйцэтгэж байсан З.Э-г  дуудаж, тус хуралдаанд дэг сахиулахаар оруулсан. Энэ хооронд тус шүүх хуралдаан эхлээд 3,4 минут болсон” гэж  тус тус мэдүүлжээ.

            Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 71 дүгээр зүйлийн 71.2 дахь хэсэгт “...Шүүх хуралдааны дэг сахиулах, шүүгч, шүүх бүрэлдэхүүн,шүүх хуралдаанд оролцогчийн аюулгүй байдлыг хангах, яллагдагчийг хуяглан хүргэх, шүүхийн дуудсанаар ирэхгүй байгаа яллагдагч, шүүгдэгч, гэрч, зохигч, хэргийн оролцогчийг албадан ирүүлэх, шүүхээс оргон зайлсан яллагдагч, шүүгдэгч, ялтныг эрэн сурвалжлах үүргийг цагдаагийн байгууллага гүйцэтгэх журмыг Ерөнхий зөвлөлийн дарга, хууль зүйн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн хамтран батална.” гэж заасны дагуу Хууль зүй, дотоод хэргийн сайд, Шүүхийн ерөнхий зөвлөлийн даргын хамтарсан 2021 оны 5 дугаар сарын 20-ны өдрийн А/116/65 дугаартай тушаалын нэгдүгээр хавсралтаар ”Шүүх хуралдааны дэг сахиулах, шүүх, шүүгч, шүүх бүрэлдэхүүн, шүүх хуралдаанд оролцогчийн аюулгүй байдлыг хангах журам”-ыг шинэчлэн баталсан байна.

            Тус журмын 3.2-т “Шүүх хуралдааны дэг гэдэгт хэрэг, маргааныг хянан шийдвэрлэх үйл ажиллагааны үед шүүх хуралдааны танхимын аюулгүй байдлыг хангаж шүүгч, шүүх бүрэлдэхүүн шүүх хуралдааны танхимд орж ирэх үеэс хуралдаан хааж, танхимаас гарах хүртэлх хугацаанд явагдаж байгаа хянан харгалзах журам сахиулахтай холбогдсон цогц ажиллагааг ойлгоно” гэж, 3.4-т “Шүүх хуралдааны дэг сахиулагч цагдаагийн алба хаагч нь тухайн өдрийн шүүх хуралдаан эхлэхээс өмнө шүүх хуралдааны танхимд орж, танхимын аюулгүй байдлыг шалгаж, шүүх бүрэлдэхүүн танхимд орж ирэхэд бэлэн байна” гэж, 3.30-д “...шүүх хуралдаан дууссаны дараа танхимаас оролцогчдыг гаргах, цагдан хоригдсон болон хорих ял шийтгүүлсэн этгээдийг хуяглан хүргэх чиг үүрэг бүхий албан хаагчид хүлээлгэн өгнө” гэж, 3.31 зүйлийн 3.31.4-т “Цагдаагийн алба хаагч шүүх хуралдааны дэг сахиулах үед ...яллагдагч, шүүгдэгч, ялтанг хяналтгүй орхихыг хориглоно” гэж тус тус заасан.

            Шүүх хуралдаанд дэг сахиулагч хуралдаан эхэлснээс хойш 3 минут 43 секунд өнгөрсний дараа танхимд орж ирсэн учир шүүгч Г.А  ахлах ажилтныг дуудуулж, дэг сахиулагч хуралдаан эхлэхээс өмнө танхимд орж ирээгүйтэй нь  холбогдуулан дээрх хууль болон журамд заасан зохицуулалтын хүрээнд шаардлага тавьсан байна. Ингэхдээ шүүгч цагдаагийн албан хаагчийн загнасан, зохисгүй үг хэллэг хэрэглэсэн үйлдэл гаргаагүй байх бөгөөд гэрч З.Э М.П  нар гэрчийн мэдүүлэгтээ шүүгчээс шаардлага тавьсан гэж хүлээн авсан талаар мөн тайлбарласан.

            Ийнхүү шүүх хуралдаан нээсний дараа шүүгдэгчийн биеийн байцаалттай холбогдуулан асуулт асууж байх явцад дэг сахиулахтай холбоотой асуудлаар шүүгч цагдаагийн албан хаагч нартай харьцсан нь шүүх хуралдааныг тасалдуулсан гэж үзэх үндэслэл болохгүй бөгөөд шүүх хуралдааны даргалагч, оролцогч нар танхимаас гарч явсан, шүүх хуралдааныг тасралтгүй явагдах зарчим алдагдсан гэх үйл баримт тогтоогдохгүй байна. 

            Тодруулбал, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.3 дугаар зүйлийн 1-т “Шүүх хуралдааныг өдрийн цагаар явуулах ба амрах зайлшгүй шаардлагатайгаас бусад цагт тасралтгүй явуулна.” гэж заасан бөгөөд шүүх хуралдааныг тасралтгүй явуулах гэдэг нь тухайн хэрэгт хамааралгүй хориглосон зүйлийг хийх, өөр хэрэг хэлэлцэхгүй зөвхөн хэлэлцэж эхэлсэн хэргээ шийдвэрлэж, шийдвэр гаргахыг ойлгоно. Шүүгч Г.А  нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.20 дугаар зүйлд заасны дагуу шүүх хуралдааны дэг сахиулах явцдаа холбогдох албан тушаалтанд хуульд заасан ажил үүргээ гүйцэтгэхийг шаардсан нь хориглосон үйлдэл гаргасан гэж үзэхгүй.

            Хоёр. Улсын дээд шүүхийн хялбаршуулсан журмаар шийдвэрлэх журам зөрчиж хуралдааныг явуулсан гэх өргөдлийн үндэслэлийн тухайд,

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.1 дүгээр зүйлд  яллагдагч хэргээ хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлт гаргах талаар зохицуулсан бөгөөд 1 дэх хэсэгт “Яллагдагч гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, мөрдөн шалгах ажиллагааг шуурхай явуулж гэмт хэргийг нотлоход дэмжлэг үзүүлэхээ илэрхийлж, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн, эсхүл нөхөн төлөхөө илэрхийлсэн бол хэргээ хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх тухай хүсэлтийг мөрдөгч, эсхүл прокурорт гаргаж болно.” гэж, 17.4 дүгээр зүйлийн 1-т “Шүүх хялбаршуулсан журмаар хэргийг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулахад энэ хуульд заасан ердийн журмаас гадна энэ бүлэгт заасан тусгай журмыг баримтална.” гэж, 2-т “Шүүх тухайн хэргийг шууд хянан шийдвэрлэх боломжтой гэж үзвэл хүлээн авсан даруй, эсхүл 7 хоногийн дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэх асуудлыг хэлэлцэх шүүх хуралдаан зарлан явуулж болно.” гэж, 3-т “Шүүх хуралдаанд прокурор, шүүгдэгч, түүний өмгөөлөгч, эсхүл хууль ёсны төлөөлөгч оролцоно. Хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч оролцох хүсэлт гаргасан бол оролцуулна.” гэж, 9-т “Хялбаршуулсан журмаар хэргийг хянан шийдвэрлэх шүүх хуралдааны дэг болон шүүхийн шийдвэрийг боловсруулах аргачлал, журмыг Улсын дээд шүүх батална” гэж тус тус заасан.

            ... Прокурорын газрын Хэрэг бүртгэх, мөрдөн байцаах ажиллагаанд хяналт тавих хяналтын прокурор Г.М-ийн 2023 оны 9 дүгээр сарын 11-ний өдрийн 1025 дугаар яллах дүгнэлтээр яллагдагч Л.Ч-г Эрүүгийн хуулийн 10.1 дүгээр зүйлийн 2.8-д заасан гэмт хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар зүйлчлэхээр тогтоож Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлийн 3-т “Прокурор хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзвэл хэргийн зүйлчлэл, түүнд оногдуулах ялын төрөл, хэмжээ, эсхүл ялаас чөлөөлөх, эсхүл ял оногдуулахгүй тэнсэж албадлагын арга хэмжээ хэрэглэх тухай саналыг яллагдагч, түүний өмгөөлөгчид танилцуулж, яллагдагч зөвшөөрвөл гарын үсэг зуруулж, яллах дүгнэлт үйлдэн хэргийг шүүхэд даруй шилжүүлнэ.” гэж заасныг удирдлага болгон хэргийг харьяаллын дагуу шүүхэд шилжүүлжээ.

            Ийнхүү прокуророос хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн хэргийг анхан шатны шүүх 2023 оны 9 дүгээр сарын 12-ны өдөр хүлээн авч, мөн сарын 13-ны өдрийн дотор шийдвэрлэсэн байх ба тус өдрийн шүүх хуралдааны дуу-дүрсний бичлэгээс үзэхэд Монгол Улсын Дээд шүүхийн нийт шүүгчдийн 2023 оны 3 дугаар сарын 20-ны өдрийн 13 дугаар тогтоолоор баталсан “Хялбаршуулсан журмаар эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх шүүх хуралдааны дэг, журам болон шүүхийн шийдвэр боловсруулах журам, аргачлал”-ыг зөрчсөн гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байна. Өөрөөр хэлбэл, тус шүүх хуралдаанд дээрх хууль, журам, аргачлалын дагуу явагдсан байна.

            Тус шийтгэх тогтоол нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн гэж үзвэл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 7-д зааснаар хэргийн оролцогч давж заалдах гомдол, улсын яллагч эсэргүүцэл гаргах эрх нь нээлттэй байжээ.

            Гурав. Улсын яллагчийг нотлох баримт гэж юуг хэлдэг юм хэлдээ гэж, мөн нотлох баримт шинжлэн судлах явцад гэрчийн мэдүүлэг хаана байна, гаргаад ир гэж тулган шаардаж, загнаж зандарсан байдалтай харьцсан гэх өргөдлийн үндэслэлийн тухайд,

            Дээрх шүүх хуралдааны дуу-дүрсний бичлэгт бичигдсэн “mainfeed_dual_512.mp4” нэртэй бичлэгийн 0:02:12-0:02:13 минутад, Даргалагчаас: Хажуу хөршийн мэдүүлэг байгаа юм уу гэхэд

            0:02:13-0:02:13 минутад, Улсын яллагч: Байгаа гэв.

            0:02:14-0:02:15 минутад, Даргалагчаас: Хавтаст хэргийн хэд дээр байгаа вэ гэхэд

            0:02:16-0:02:21 минутад, Улсын яллагч: За би юун дээр нь дурдаад явъя. Хавтаст хэрэгт хажуу хөршөөс нь мэдүүлэг авсан байгаа гэв.

0:06:53-0:06:55 минутад, Даргалагчаас: Гэрч хэний мэдүүлэг гэсэн бэ, гэрчийн мэдүүлэг байгаа юм уу гэхэд

0:07:00-0:07:03 минутад, Улсын яллагч: Би хавтаст хэрэг шинжлэн судлахад уншаад өгье гэв.

            0:07:04-0:07:48 минутад, Даргалагчаас: Та одоо тэмдэглүүлэх ёстой. Гэрчийн мэдүүлэг огт байхгүй байна, ямар ч гэрчийн мэдүүлэг байхгүй байна. Шүүгдэгч хавтаст хэргээс шинжлэн судлуулах зүйл байна уу. Ямар ч гэрчийн мэдүүлэг байхгүй. Тэгээд худлаа яриад байх юм. Улаан, цагаан. Бичлэг хийгдэж байгаа ш д улсын яллагч аа. Хэрэг дотор ямар ч гэрчийн мэдүүлэг байхгүй байна. Та хаанаасаа гаргаж ирэхийн. За судлах үед чинь харъя гэжээ.

0:14:50-0:16:01 минутад, Даргалагчаас: За май нотлох баримтаа судал, тэр гэрчийн мэдүүлгээ судлаарай гэхэд

0:16:02-0:17:03 минутад, Улсын яллагчаас: Хавтаст хэргийн 41 хуудаст Боржигон овогт Л. Ч эрүүгийн хариуцлага хүлээж байсан, ял шийтгүүлсэн хуудас авагдсан байна гэхэд

0:17:04-0:17:05 минутад, Даргалагчаас: Наадах чинь яах вэ, гэрчийн мэдүүлгээ гаргаад ир гэв.

0:17:06-0:17:06 минутад, Улсын яллагчаас: Би эхлээд хувийн байдлыг нь судлаадахъя гэв.

            0:17:07-0:17:09 минутад, Даргалагчаас: Шаардлагагүй, гэрчийн мэдүүлгээ л гаргаад ир гэхэд

0:19:19-0:19:30 минутад, Улсын яллагчаас: Хавтаст хэргийн 56 дугаар хуудаст мөрдөгчийн тэмдэглэл байна. Хохирогчийн хөрш айлуудаар орж биечлэн сурвалжилга ...

0:19:31-0:19:34 минутад, Даргалагчаас Мөрдөгчийн тэмдэглэл ерөөсөө нотлох баримтаар үнэлэх юм байхгүй ш дээ гэхэд

0:19:36-0:19:38 минутад, Улсын яллагч: Өвгөн, эмгэн хоёр хоорондоо асуудал байхгүй, мэдэхээр олон жил амьдарч байгаа ...

0:19:39-0:19:40 минутад, Даргалагчаас тасалж, мөрдөгчийн тэмдэглэл нотлох баримт болдог юм уу улсын яллагч аа гэхэд

            0:19:40-0:19:41 минутад, Улсын яллагч: Цагдаагийн байгууллагад гэрчийн мэдүүлэг өгөх боломжгүй гэсэн байна гэв.

            0:19:41-0:19:52 минутад, Даргалагчаас: 16.2 дээр нотлох баримт гэдэгт юу юу ордгийг хар л даа. Мөрдөгчийн тэмдэглэл нотлох баримт болдог юм уу гэхэд

            0:19:52-0:19:53 минутад, Улсын яллагч: Энэ хүмүүс нь өөрсдөө боломжгүй гэж хэлсэн байна гэв.

            0:19:53-0:19:56 минутад, Даргалагчаас: Таныг гэрчийн мэдүүлгээ гаргаад ир гэсэн болохоос биш гэхэд

            0:19:56-0:20:07 минутад, Улсын яллагч: Би мөрдөгчийн тэмдэглэлтэй андуурсан байна. Мөрдөгчийн тэмдэглэлд хөрш айл нь мэдүүлэг өгөх боломжгүй гээд тэмдэглэл үйлдчихсэн байна гэв.

            0:20:08-0:20:12 минутад, Даргалагчаас: Наадах чинь нотлох баримт болох юм уу, нотлох баримтад юу юу ордог юм гэхэд

            0:20:12-0:12:16 минутад, Улсын яллагч: Хөрш айлууд нь мэдүүлэг өгөх боломжгүй гээд өгөөгүй гэж хэлсэн болох нь бичигджээ.

            Шүүх хуралдааны явцад даргалагчаас хажуу хөршийн мэдүүлэг байгаа юм уу гэхэд улсын яллагч байгаа гэж хариулснаас улбаалан шүүгч гэрчийн мэдүүлэг хаана байгааг хэд хэдэн удаа улсын яллагчаас асуусан, нотлох баримт шинжлэн судлах явцад мөрдөгчийн тэмдэглэл нотлох баримт болох эсэх, нотлох баримтад юу юу ордог талаар асуусан нь бичлэгт бичигдсэн байх боловч шүүгч зохисгүй үг хэллэг хэрэглээгүй байна.

            Түүнчлэн,  шүүх хуралдааны явцад даргалагч нь шүүгдэгчээс гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн эсэх, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон эсэхийг тодруулж асуусан нь шүүх хуралдааны дуу, дүрсний бичлэгт бичигдсэн байх бөгөөд энэ нь шүүгч Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт шүүх хуралдаанаар тодруулбал зохих нөхцөл байдлыг тодруулсан гэж үзнэ.

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн  34.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “шүүх хуралдаан даргалагч шүүх хуралдааныг тухайн хэрэгт ач холбогдолтой асуудлыг хянан шийдвэрлэхэд чиглүүлж, хэргийг бүх талаас нь бүрэн шинжлэн судалж, бодит байдлыг тогтоохын тулд хуульд заасан арга хэмжээг авна” гэж, 35.8 дугаар зүйлийн 12-т “...шүүгч нотлох баримтыг шинжлэн судлахад оролцож, аль ч үед тодруулах асуулт тавих эрхтэй.” гэж, 17.4 дүгээр зүйлийн 4-т “шүүх хуралдаанаар дараах нөхцөл байдлыг хянана. Үүнд шүүгдэгч гэмт хэрэг үйлдсэн нь нотлох баримтаар нотлогдсон эсэх, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн эсэх, прокурорын сонсгосон ял, албадлагын арга хэмжээг хүлээн зөвшөөрсөн эсэх, гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийг нөхөн төлсөн, нөхөн төлөхөө илэрхийлсэн эсэх, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон эсэх” гэж тус тус заасан.

            Шүүгч Г.А  нь Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.1.1-т заасан шүүх хуралдаан даргалах нийтлэг чиг үүргийг хэрэгжүүлж, дээрх хуульд заасан хүрээнд улсын яллагч болон шүүгдэгч нараас асуулт асууж, хэргийн үйл баримтыг тодруулсан байх боловч өндөр дуугаар, захиран тушаах өнгөөр асуулт асуусан нь бусдад сөрөг сэтгэгдэл төрүүлж, загнаж, зандарсан гэх ойлголтыг бий болгожээ. Иймд шүүгч Г.А  нь цаашид шүүх хуралдаан даргалахдаа шүүгчийн ёс зүйн зарчмыг чанд баримталж, бусадтай харилцахдаа анхаарах нь зүйтэй.

            Шүүгч нь шүүх хуралдааныг зохистой, хуульд нийцүүлэн явуулах үүрэгтэй бөгөөд хөндлөнгийн байр сууринаас, төвийг сахин, аль нэг талд давуу байдал олгохгүй байх, тийнхүү ойлгогдохоос зайлсхийх, хэргийн оролцогчдод эрх тэгш, шударгаар хандах, шүүх хуралдаанд хэргийн оролцогчийн аливаа үг, үйлдэлд хүндэтгэлтэй байх зэргээр хэрэг маргааныг шударгаар шийдвэрлэж чадна гэх итгэл үнэмшлийг хэргийн оролцогчдод төрүүлэх нь шүүхэд итгэх олон нийтийн итгэлийг хамгаалахад нэн чухал ач холбогдолтой.

            Мөн “mainfeed_dual_512.mp4(1)” гэх нэртэй бичлэгийн 0:00:00-0:01:08 минутад даргалагчаас шийдвэрийнхээ товч агуулгыг танилцуулсны дараа буюу 0:01:08-0:01:42 минутад, Даргалагчаас: За Мө... цаашид энэ асуудлыг анхааръя. Хохирогчийн мэдүүлгийг тогтоож орж ирнэ шүү. Дараа нь ийм асуудал байх юм бол прокурорт буцаана шүү. 2,3 огноо дугаартай, өөр гэмт хэргийн шинжийг агуулсан байхад хялбараар оруулж байгаа нь ял завшуулсан асуудал. Бас энэ хэргийг хангалттай нотлох баримтаар тогтоогоогүй гэж үзэхээр байна. Яаран сандран, болсон болоогүй юм бичиж ирэхээр бүхэл юмыг л шалгасан нь дээр ш д гэж хэлсэн болох нь бичигджээ.

            Шүүгч Г.А  нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 2-т “Шүүх хуралдаан даргалагч шүүхийн шийдвэрийн агуулга, тогтоох хэсгийг уншиж сонсгох ба шаардлагатай бусад асуудлыг тайлбарлаж дууссаны дараа шүүх хуралдааныг хаана.” гэж заасны дагуу шийдвэрийн агуулгыг уншиж сонсгож, улсын яллагч Г.М д хандан мөн хуулийн 17.4 дүгээр зүйлийн 6-д заасан зохицуулалтын хүрээнд хэргийн нөхцөл байдлыг бүрэн тогтоохгүй бол хэргийг прокурорт буцаах тухай тайлбарлаж, цаашид анхаарч ажиллахыг сануулсан байна.  Ингэхдээ шүүгч улсын яллагчийг сүрдүүлсэн, шүүгдэгчийн хажууд гутаан доромжилсон үг хэллэг хэрэглээгүй байх тул энэ үндэслэлээр шүүгчийг буруутгах боломжгүй. Түүний хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх саналыг хүлээн авсан үйл баримт болжээ.

            Өргөдөлд дурдсан үндэслэлүүд нь Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 55 дугаар зүйлд заасан шүүгчийн сахилгын зөрчил гаргасан буюу шүүгчид хориглосон, хязгаарласан, үүрэг болгосон зохицуулалтыг зөрчсөн гэж үзэх үндэслэлд хамаарахгүй байх тул  шүүгч Г.А-т холбогдох сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох санал гаргав.” гэжээ.

            Шүүгч Г.А  сахилгын хороонд гаргасан тайлбартаа: “...Прокурор Г.М  нь 4 үндэслэлээр гомдол гаргасан байх тул үндэслэл тус бүрээр дараах байдлаар тайлбарыг хийлээ. Шүүх хуралдаан эхэлсний дараа буюу үргэлжлэх хугацаанд цагдаагийн байгууллагын албан хаагчийг загнаж хуралдаан тасалдуулан, мөн ахлах цагдааг дуудан загнаж хэрүүл хийсэн гэх асуудлын тухайд: Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 71 дүгээр зүйлийн 71.2-т заасны дагуу Хууль зүй, дотоод хэргийн сайд, Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга нарын хамтарсан 2021 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн А/116/65 дугаартай тушаалын нэгдүгээр хавсралтаар ”Шүүх хуралдааны дэг сахиулах, шүүх, шүүгч, шүүх бүрэлдэхүүн, шүүх хуралдаанд оролцогчийн аюулгүй байдлыг хангах журам”-ыг шинэчлэн баталсан. Дээрх журмын зохицуулалтаас үзвэл, дэг сахиулагч нь хуралдаан эхлэхээс өмнө шүүх хуралдааны танхимд орж ирж, танхимын аюулгүй байдлыг шалгаж, хангах ажиллагааг гүйцэтгэх, шүүгдэгч, ялтанг хяналтгүй орхихгүй байх, хорих ял шийтгүүлсэн этгээдийг хуяглан хүргэх чиг үүрэг бүхий албан хаагчид хүлээлгэн өгөх зэрэг албан үүргийг биелүүлэх чиг үүрэг бүхий субъект байна. Гэтэл сүүлийн үед хийгдсэн нэлээдгүй хуралдаанд дэг сахиулагч орж ирэлгүй явагдсан, эсхүл хуралдаан эхэлсний дараагаар тодорхой хугацааны дараа орж ирдэг, орж ирсний дараагаар энэхүү журамд заасан үүргээ гүйцэтгэдэггүй, хорих ял оногдуулсан шүүгдэгчийг хараа хяналтгүй орхих зэрэг үйлдлүүд гарсаар байгаа билээ. Шүүгч Г.А  миний бие энэхүү зөрчлийг эхний удаа дэг сахиулж буй хамгаалалтын цагдаад хэлж тайлбарласан боловч засагдахгүй давтагдаад байсан тул энэхүү хуралдааны дундуур ахлах цагдааг нь дуудан энэ талаар шаардлага тавьсан ба харин ёс бус үг хэллэг хэрэглэж гутаан доромжилсон, загнасан, объектив байдлаар хандсан үйлдэл гараагүй болно. Улсын дээд шүүхийн хялбаршуулсан журмаар шийдвэрлэх журам зөрчиж хуралдааныг явуулсан гэх асуудлын тухайд: Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17 дугаар бүлэгт хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг зохицуулсан ба Монгол Улсын Дээд шүүхийн нийт шүүгчдийн 2023 оны 3 дугаар сарын 20-ны өдрийн 13 дугаартай “Хялбаршуулсан журмаар эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх шүүх хуралдааны дэг, журам болон шүүхийн шийдвэр боловсруулах журам, аргачлалыг батлах” тухай тогтоолыг, хавсралтын хамтаар гаргасан. Иймээс шүүх хуралдааны явцад эдгээр асуудлыг шүүх хуралдааны явцад тодруулсан нь дээрх хууль болон журмыг зөрчсөн үндэслэлд хамаарахгүй болно.  Хуралдааны явцад төрийн нэрийн өмнөөс оролцсон улсын яллагчийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нотлох баримт гэж юу юуг хэлдэг юм хэлдээ гэж, мөн нотлох баримт шинжлэн судлах явцад “гэрчийн мэдүүлэг хаана байна, гаргаад ир” гэж тулган шаардаж, загнаж, зандарсан байдалтай харьцсан, түүнчлэн шүүх хуралдаан явагдаж дууссаны дараа улсын яллагчийг “ер нь хэрэг дутуу шалгаж оруулж ирдэг, хэргийг дахиж дутуу шалгаж оруулж ирэх юм бол прокурорт буцаана шүү” гэж сүрдүүлсэн байдалтай харьцаж, шүүгдэгчийн хажууд гутаан доромжилсон. Мөн шүүгдэгчийг хүртэл загнаж, зандарсан байдалтай харьцсан гэх асуудлын тухайд: Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий, энэх уульд заасан үндэслэл журмын дагуу олж авсан аливаа баримтат мэдээллийг нотлох баримт гэнэ” гэж, 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-1.6-д заасан нотолбол зохих байдлыг хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт, шүүх хуралдааны явцад нотолж тогтооно” гэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт "мөрдөгч, прокурор нотлох баримтыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шалгаж хянасны үндсэн дээр хэргийн бодит байдлыг тогтоох үүрэгтэй” гэж тус тус хуульчилжээ.... прокурорын газрын хяналтын прокуророос хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2308022491431 дугаартай Л-н Ч-т  холбогдох хэрэгт мөрдөн байцаагч нь хохирогч Х.Ц-н мэдүүлэг, 2023 оны 07 дугаар сарын 21-ний өдрийн 9067 дугаартай хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээ,  яллагдагч Л.Ч-ын мэдүүлэг зэрэг нотлох баримтуудыг цуглуулж бэхжүүлсэн байна. Тухайн хэргийг эцэслэн шийдвэрлэхэд баримт нотолгоо дутуу эсхүл шүүх хэрэгт байгаа баримтыг буруу ойлгосон эсэх талаар шүүх хуралдааны явцад улсын яллагчаас асуух, тодруулах зорилгоор гэрчийн мэдүүлэг хаана байна хэрэгт гэрчийн мэдүүлэг авагдсан байгаа гэсэн тул, мөрдөгчийн тэмдэглэл нотлох баримт болохгүй талаар тайлбарлахдаа өндөр дуугаар, хурдтайгаар ярьсан нь бусдыг загнасан, зандарсан мэт санагдахаар нөхцөл байдлыг үүсгэсэн байна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль болон Шүүхийн тухай хуульд шүүгч хуралдаан даргалахыг зохицуулсан билээ. Гэтэл шүүгч Г.А  биеэ зөв авч явахгүй, хурал даргалахыг хун загнаж, гутаан доромжлохтой андуурч байна. Иймд шүүгч Г.А-ийн харилцаа хандлага, ажлын ур чадварт дүгнэлт хийх гэсэн асуудлын тухайд: Хуульчид бид бүгдээрээ тангараг өргөж, энэ нэр хүнд, хариуцлагатай албан тушаалыг хашиж байгаа хүмүүс билээ. Алдаа гаргах эрхгүй, аль нэг талд үйлчилж, хууль буруу хэрэглэх, гэмгүй хүнийг гэмтэн болгох, гэм буруутай хүнд ял завшуулахгүй байхын тулд суралцаж, судалж, хууль тогтоомждоо нийцүүлэн шударгаар хэрэг маргааныг шийдвэрлэх хүндтэй үүрэг оноогдсон албан тушаалтан ба хамгийн гол нь ажилдаа хүнийрхүү сэтгэлээр бус чин сэтгэлээсээ хандаж энэ бол түүний хийх ёстой ажил хэмээн хэргийг бүрэн гүйцэд шалгаж шийдвэрлэх нь чухал юм. Г.А  миний бие тус шүүх хуралдааны үеэр төрийн нэрийн өмнөөс ажиллах чиг үүргийг хэрэгжүүлж буй улсын яллагчаас байхгүй баримтыг байгаа мэтээр асууж, хохирогчийн хохирсон бусад асуудлыг тодруулж мухарлаагүй асуудалтай холбоотойгоор шаардлага тавихдаа бухимдсан байхыг үгүйсгэхгүй бөгөөд хуралдааны явцад хэн нэгнийг үг хэлээр доромжлох, загнах, гутаан доромжлох санаа, шаардлага надад байхгүй билээ. Шүүх хуралдаан эхлэх үеэс дэг сахиулагч, хамгаалалтын цагдаа орж ирэхгүй, шүүх хуралдааны дэг сахиулахгүй, хуралдааны танхимыг орхисон байдалтай эхэлсэн шүүх хуралдааны явцад шүүгч Г.А  миний бие өндөр дуугаар хуралдаан даргалсан нь хэн нэгнийг загнасан, зандарсан мэт сэтгэгдэл төрүүлсэнд харамсаж, цаашид ийм байдал гаргахгүй, анхаарч ажиллах болно.” гэжээ.

ҮНДЭСЛЭХ НЬ:

Иргэн Г.М-ийн ... Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.А-т холбогдуулан гаргасан өргөдөлд Шүүхийн сахилгын хорооны гишүүний 2023 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн ГЗҮ/2023/0113 дугаар захирамжаар сахилгын хэрэг үүсгэн, шалгах ажиллагаа явуулжээ.

Илтгэгч гишүүн 2023 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн ГС/2023/0131 дүгээр “Сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох тухай санал” гаргасныг хүлээн авах үндэслэлтэй байна. 

  1. Өргөдөлд дурдагдсан: “...Шүүх хуралдаан эхэлсний дараа буюу үргэлжлэх хугацаанд цагдаагийн байгууллагын албан хаагчийг загнаж хурлаа тасалдуулан, мөн ахлах цагдааг дуудан загнаж хэрүүл хийсэн” гэх үндэслэлийн тухайд:

            ... Прокурорын газрын хяналтын прокурорын газрын хяналтын прокурор Г.М-ээс яллагдагч Л.Ч-т  холбогдуулан  2023 оны 09 дүгээр сарын 11-ний өдөр яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр харьяаллын дагуу ... шүүхэд шилжүүлжээ.

            Дээрх хяналтын прокуророос яллах дүгнэлт үйлдэж хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн яллагдагч Л.Ч-т  холбогдох эрүүгийн 230822491431 дугаартай хэргийг хянан хэлэлцэх шүүх хуралдааныг 2023 оны 09 дүгээр сарын 12-ны өдөр ... Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.А  даргалж явуулсан байна.

            Хууль зүй, дотоод хэргийн сайд, Шүүхийн ерөнхий зөвлөлийн даргын 2021 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн А/116, 65 дугаартай хамтарсан тушаалын нэгдүгээр хавсралтаар ”Шүүх хуралдааны дэг сахиулах, шүүх, шүүгч, шүүх бүрэлдэхүүн, шүүх хуралдаанд оролцогчийн аюулгүй байдлыг хангах журам”-ын  3.2-т “Шүүх хуралдааны дэг гэдэгт хэрэг, маргааныг хянан шийдвэрлэх үйл ажиллагааны үед шүүх хуралдааны танхимын аюулгүй байдлыг хангаж шүүгч, шүүх бүрэлдэхүүн шүүх хуралдааны танхимд орж ирэх үеэс хуралдаан хааж, танхимаас гарах хүртэлх хугацаанд явагдаж байгаа хянан харгалзах журам сахиулахтай холбогдсон цогц ажиллагааг ойлгоно” гэж, 3.4-т “Шүүх хуралдааны дэг сахиулагч цагдаагийн алба хаагч нь тухайн өдрийн шүүх хуралдаан эхлэхээс өмнө шүүх хуралдааны танхимд орж, танхимын аюулгүй байдлыг шалгаж, шүүх бүрэлдэхүүн танхимд орж ирэхэд бэлэн байна” гэж, 3.30-д “...шүүх хуралдаан дууссаны дараа танхимаас оролцогчдыг гаргах, цагдан хоригдсон болон хорих ял шийтгүүлсэн этгээдийг хуяглан хүргэх чиг үүрэг бүхий албан хаагчид хүлээлгэн өгнө” гэж, 3.31 зүйлийн 3.31.4-т “Цагдаагийн алба хаагч шүүх хуралдааны дэг сахиулах үед ...яллагдагч, шүүгдэгч, ялтанг хяналтгүй орхихыг хориглоно” гэж тус тус заасан.

            Шүүх хуралдаан эхэлсний дараа шүүх хуралдааны дэг сахиулагч цагдаагийн алба хаагч нь орж ирсэнтэй холбогдуулан шүүгч Г.А  ахлах ажилтныг дуудуулж, дээрх хууль болон журамд заасан зохицуулалтын хүрээнд шаардлага тавьсан болох нь илтгэгч гишүүний хуралдааны бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэлийн:

             0:03:43 минутад, хаалга онгойх чимээ гарч даргалагчаас: Цагдаа нар ажлаа хийхгүй юм уу гэхэд

            0:03:44-0:03:47 минутад, Эрэгтэй хүн: Би доор түр саатуулахад байж байгаад гэхэд

            0:03:47-0:03:48 минутад, Даргалагчаас: Ахлахаа дууд, та дууд гэснээр хаалганы чимээ гарч байна.

            0:04:12-04:22 минутад, хаалга онгойх чимээ гаргахад Даргалагчаас: Танай цагдаа сүүлийн үед ажил хийхээ болилоо. Хорих ял оногдуулах гээд байдаг цагдаа нар орж ирэхгүй. Тэгээд тэр хүнийг яахын, алдвал хэн хариуцах юм гэхэд

            0:04:23-0:04:24 минутад, Эрэгтэй хүн: Цагдаа цөөхөн байж таараад гэхэд

            0:04:24-0:04:37 минутад, Даргалагчаас: Одоо тэгээд дандаа миний хурал дээр ингэж байна шүү дээ. Эсвэл элэг бариад байгаа юм уу. Та нар элэг барих хэмжээний асуудал байхгүй. Ажлаа хийвэл хийсэн шиг хий, хиймээргүй байвал больсон нь дээр гэхэд

            0:04:37-0:04:37 минутад, Эрэгтэй хүн: Би сайн анхааръя гэв”[1] гэх хэсгээс тогтоогдож байна.

            Мөн тухайн шүүх хуралдааны үед үүрэг гүйцэтгэж байсан албан хаагч М.П [2], З.Э нар нь шүүгчээс шүүх хуралдааны дэг сахиулах талаар тавьсан шаардлага гэж хүлээн авсан талаар гэрчээр мэдүүлсэн байна.

            Шүүх хуралдааны ажиллагааг тасралтгүй явуулах зарчим гэдэг нь шүүх хэргийг хуралдаанаар нэгэнт хэлэлцэж эхэлсэн бол завсар хооронд нь өөр хэрэг хэлэлцэхгүйгээр зөвхөн эхэлсэн хэргээ шийдвэрлэж дуусгахыг ойлгоно.

            Ийнхүү шүүх хуралдаан нээсний дараа шүүгдэгчийн биеийн байцаалттай холбогдуулан асуулт асууж байх явцад дэг сахиулахтай холбоотой асуудлаар шүүгч цагдаагийн албан хаагч нартай харьцсан нь шүүх хуралдааныг тасалдуулсан гэж үзэх үндэслэл болохгүй бөгөөд шүүх хуралдааны даргалагч, оролцогч нар танхимаас гарч явсан, шүүх хуралдааныг тасралтгүй явагдах зарчим алдагдсан гэх үйл баримт тогтоогдохгүй байна. 

  Хоёр: Өргөдөлд дурдагдсан: “...Улсын дээд шүүхийн хялбаршуулсан журмаар шийдвэрлэх журам зөрчиж хуралдааныг явуулсан” гэх үндэслэлийн тухайд:

   Улсын Дээд шүүхийн нийт шүүгчийн хуралдааны 2023 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн 13 дугаар тогтоолоор “Хялбаршуулсан журмаар эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх шүүх хуралдааны дэг, журам болон шүүхийн шийдвэр боловсруулах журам, аргачлал”-ыг баталсан байна.

  Эрүүгийн хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх шүүх хуралдааныг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн Гучин дөрөвдүгээр бүлэгт заасан шүүх хуралдааны ерөнхий нөхцөлийг удирдлага болгон мөн хуулийн Арван долоодугаар бүлэгт заасан тусгай журам болон Улсын Дээд шүүхийн нийт шүүгчийн хуралдааны 13 дугаар тогтоолоор баталсан журмын дагуу явуулна.

            ... Прокурорын газрын хяналтын прокурор Г.М-ээс яллагдагч Л.Ч-т  холбогдох эрүүгийн 23080........... хэрэгт 2023 оны 09 дүгээр сарын 11-ний өдөр яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ... шүүхэд шилжүүлснийг 2023 оны 09 дүгээр сарын 12-ны өдөр хүлээн авч, хэргийг 2023 оны 09 дүгээр сарын 13-ны өдөр хянан шийдвэрлэсэн байна.

            Тус эрүүгийн 23080............. дугаартай яллагдагч Л.Ч-т  холбогдох хэргийг хянан шийдвэрлэсэн ... Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 09 дүгээр сарын 13-ны өдрийн шүүх хуралдааны тэмдэглэл, шийтгэх тогтоол, илтгэгч гишүүний шүүх хуралдааны дуу-дүрсний бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл зэргээс үзэхэд шүүгч Г.А  нь Улсын Дээд шүүхийн нийт шүүгчийн хуралдааны 13 дугаар тогтоолоор баталсан “Хялбаршуулсан журмаар эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх шүүх хуралдааны дэг, журам болон шүүхийн шийдвэр боловсруулах журам, аргачлал”-ыг зөрчсөн гэх үндэслэл тогтоогдохгүй байна.

Гурав: Өргөдөлд дурдагдсан: “...Хуралдааны явцад төрийн нэрийн өмнөөс оролцсон улсын яллагчийг “...Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нотлох баримт гэж юу юуг хэлдэг юм хэлдээ..., гэж мөн нотлох баримт шинжлэх судлах явцад гэрчийн мэдүүлэг хаана байна, гаргаад ир гэж тулган шаардаж, загнаж зандарсан байдалтай харьцсан, түүнчлэн шүүх хуралдаан явагдаж дууссаны дараа улсын яллагчийг ер нь хэрэг дутуу шалгаж оруулж ирдэг, хэргийг дахиж дутуу шалгаж оруулж ирэх юм бол прокурорт буцаана шүү” гэж сүрдүүлсэн байдалтай харьцаж, шүүгдэгчийн хажууд гутаан доромжилсон. Мөн шүүгдэгчийг хүртэл загнаж, зандарсан байдалтай харьцсан” гэх тухайд:

Эрүүгийн хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэхдээ шүүгч Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан “1.шүүгдэгч гэмт хэрэг үйлдсэн нь нотлох баримтаар нотлогдсон эсэх, 2.гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн эсэх, 3.прокурорын сонсгосон ял, албадлагын арга хэмжээг хүлээн зөвшөөрсөн эсэх, 4.гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийг нөхөн төлсөн, нөхөн төлөхөө илэрхийлсэн эсэх” нөхцөл байдлуудыг тус тус шүүх хуралдаанаар хянахаар зохицуулсан.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх хуралдаан даргалагч шүүх хуралдааныг тухайн хэрэгт холбогдолтой асуудлыг хянан шийдвэрлэхэд чиглүүлж, хэргийг бүх талаас нь бүрэн шинжлэн судалж, бодит байдлыг тогтоохын тулд хуульд заасан арга хэмжээг авна.” гэж заасан.

Ийнхүү хуульд заасан чиг үүргийн хүрээнд шүүгч Г.А  нь шүүх хуралдаанд улсын яллагчаас гэрчийн мэдүүлгийг хэд хэдэн удаа асууж, шүүгдэгчээс хэргийн нөхцөл байдлыг тодруулахдаа өндөр дуугаар захиран тушаах өнгөөр асуулт асуусан нь хэргийн оролцогчдод сөрөг сэтгэгдэл төрүүлсэн, загнаж зандарсан ойлголт бий болгосон нь шалгах ажиллагааны явцад тогтоогджээ.

             Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1.20-д “хэргийн оролцогч болон бусад этгээдтэй албан үүргийн хувьд харилцахдаа зүй бус авирлах, ...” гэснийг энгийн үг хэллэгээс өөр үг хэллэг хэрэглэж илтэд бүдүүлэг, догшин зан ааш гаргахыг ойлгох байх ба Монгол хэлний их тайлбар тольд “зүй бус” гэдгийг “жам ёсноос гадуур” гэж, “авир” гэдгийг “хүний зан ааль аашлах ерөнхий байдал” гэж тайлбарласантай харьцуулбал шүүгч Г.А  нь шүүх хуралдаан даргалахдаа өндөр дуугаар захиран тушаах өнгөөр асуулт асуусан нь хэдийгээр тохиромжтой өнгө аяс биш ч “зүй бус авирласан” зөрчил гаргасан гэж үзэхээргүй байна.

            Шүүгч нь шүүх хуралдааныг зохистой, хуульд нийцүүлэн явуулах үүрэгтэй бөгөөд хөндлөнгийн байр сууринаас, төвийг сахин, аль нэг талд давуу байдал олгохгүй байх, тийнхүү ойлгогдохоос зайлсхийх, хэргийн оролцогчдод эрх тэгш, шударгаар хандах, шүүх хуралдаанд хэргийн оролцогчийн аливаа үг, үйлдэлд хүндэтгэлтэй байх зэргээр хэрэг маргааныг шударгаар шийдвэрлэж чадна гэх итгэл үнэмшлийг хэргийн оролцогчдод төрүүлэх нь шүүхэд итгэх олон нийтийн итгэлийг хамгаалахад нэн чухал ач холбогдолтой.

            Шүүгч Г.А  нь цаашид шүүх хуралдаан даргалахдаа шүүгчийн ёс зүйн зарчмыг чанд баримталж, бусадтай харилцахдаа хүндэтгэлтэй хандахыг анхаарах нь зүйтэй.

Сахилгын хэрэгт авагдсан баримтуудаар шүүгч Г.А  нь Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 55 дугаар зүйлд заасан сахилгын зөрчил гаргасан гэх үйл баримт тогтоогдохгүй байх тул Шүүхийн сахилгын хорооны гишүүний 2023 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн “Сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох тухай” ГС/2023/0131 дугаартай саналыг хүлээн авч, ... Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.А-т холбогдох сахилгын хэргийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 112 дугаар зүйлийн 112.1, 112.1.2, 112.2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон

ТОГТООХ НЬ:

1. Шүүхийн сахилгын хорооны гишүүний 2023 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн “Сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох тухай” ГС/2023/0131 дугаар саналыг хүлээн авч, ... Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.А-т холбогдох сахилгын хэргийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 112 дугаар зүйлийн 112.6-т зааснаар магадлал гаргаснаас хойш 14 хоногийн дотор сахилгын хэргийн оролцогч болон өргөдөл, мэдээлэл гаргагчийн оршин суугаа газрын эсхүл ажлын газрын хаягаар баталгаат шуудангаар, эсхүл ажлын албаны ажилтнаар хүргүүлэхийг ажлын албанд даалгасугай.

3. Магадлалыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Сахилгын хороонд хэргийн оролцогч гомдол, илтгэгч гишүүн эсэргүүцэл гаргаж болохыг дурдсугай.

4. Дээрх журмаар хүргүүлснээр магадлалыг гардан авсанд тооцох ба энэ нь гомдол гаргах хугацааг тоолох үндэслэл болохыг тайлбарласугай.

               ДАРГАЛАГЧ                             Д.МЯГМАРЦЭРЭН

               ГИШҮҮН                                       Д.АРИУНТУЯА

                                                                                            О.НОМУУЛИН

 

[1] СХХ 36

[2] СХХ 44-45