МОНГОЛ УЛС
ШҮҮХИЙН САХИЛГЫН ХОРОО
МАГАДЛАЛ
2023-12-20
Дугаар 137
Улаанбаатар хот
Сахилгын хэргийг хэрэгсэхгүй
болгох тухай
Сахилгын хорооны хуралдааныг гишүүн Д.Ариунтуяа даргалж, гишүүн Д.Мягмарцэрэн, Б.Сугар нарын бүрэлдэхүүнтэй, илтгэгч гишүүн Г.Цагаанцоож, нарийн бичгийн дарга А.Номин нарыг оролцуулан тус хорооны танхимд хийсэн хуралдаанаар:
... шүүхийн шүүгч Д.О-д холбогдох сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох саналыг хянан хэлэлцэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Тус шүүхийн шүүгчдийн зөвлөгөөний 2023 оны 9 дүгээр сарын 04-ний өдрийн 00125 дугаар тогтоолоор хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хугацааг 30 хоногоор сунгасан, шүүгчийн 2023 оны 9 дүгээр сарын 18-ны өдрийн 02645 дугаар захирамжаар хэргийг 2023 оны 9 дүгээр сарын 25-ны өдрийн 11 цагт шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхээр товлож, хэргийн оролцогчдод мэдэгдсэн.
2023 оны 9 дүгээр сарын 25, 2023 оны 10 дугаар сарын 11, 2023 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн шүүх хуралдаан тодорхой үндэслэлээр хойшлогдож, 2023 оны 10 дугаар сарын 23-ны өдөр хамтран хариуцагч Т.М-д нэхэмжлэлийн хувийг гардуулах ажиллагаа явуулжээ.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.М 2023 оны 10 дугаар сарын 19-ны өдөр шүүгчийг татгалзан гаргах хүсэлт гаргасныг Ерөнхий шүүгчийн 2023 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн 1070 дугаар захирамжаар хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн.
Шүүх хэргийг 2023 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн шүүх хуралдаанаар хянан хэлэлцээд 00907 дугаар шийдвэрээр нэхэмжлэлийн зарим хэсгийг хангаж шийдвэрлэсэн байна.
Холбогдох шүүгч Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1-т заасан хориглолтыг зөрчсөн эсэхийг өргөдөлд дурдсан агуулгын хүрээнд дараах байдлаар тодорхойлов. Үүнд:
1. “...2023 оны 09 дүгээр сарын 25-ны өдөр шүүх хуралдаанд нэхэмжлэгч тал цахимаар оролцсон ба гаргасан хүсэлт тодорхойгүй, хавсаргасан нотлох баримт хуулийн шаардлага хангахгүй байхад шүүх хуралд оролцуулж нэхэмжлэгчийн нэршлийн зөрүүтэй гаргасан хүсэлтийг хангаж шийдвэрлэсэн” гэх гомдлын тухайд
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Ү-д 2023 оны 09 дүгээр сарын 06-ны өдөр “...5000777... тоот данс эзэмшигчийн лавлагаа болон оршин суугаа хаяг, холбогдох утасны дугаарын мэдээллийг “Х” ХК-иас гаргуулах”, “шүүх хуралдаанд өмгөөлөгчийн хамт цахимаар оролцох” хүсэлт гаргаж, холбогдох баримт, цахим оролцогчийн баталгаа гаргажээ.
Хэргийг хянан шийдвэрлэхэд зайлшгүй шаардлагатай нотлох баримтыг зохигч өөрөө олж авах боломжгүй тохиолдолд нотлох баримтыг хэргийн оролцогчийн хүсэлтээр шүүх бүрдүүлэхээр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.6-т заасан.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн нотлох баримт гаргуулах хүсэлтийг хангахдаа шүүгч “...данс эзэмшигчийн мэдээллийг өөрөө олж авах боломжгүй, эдгээр нь хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой...” гэж үзжээ.
Шүүх хуралдаанд цахимаар оролцох, мөн нотлох баримт гаргуулах хэргийн оролцогчийн хүсэлтийг хангаж шийдвэрлэсэн шүүгчийн ажиллагаа хууль зөрчөөгүй байна.
2. “...2023 оны 10 дугаар сарын 11-ний өдөр нэхэмжлэгч цахимаар оролцох талаарх хүсэлт гаргаж өгөөгүй байхад давуу байдал олгон шүүх хуралд биечлэн оролцох боломжийг хангасан, нэхэмжлэгчийг ирээгүйд тооцон хурлыг хийлгэх талаарх хүсэлтийг хангахгүй орхисон, 2-ийн гэж тодорхойлсон боловч М-ын дансны лавлагааг Х-наас гаргахаар шийдвэрлэсэн” гэх гомдлын тухайд,
Мөн өдрийн шүүх хуралдааны тэмдэглэлээс үзвэл, нэхэмжлэгч түүний өмгөөлөгч шүүх хуралдаанд цахимаар оролцсон, тэрээр даргалагчийн “...цахимаар оролцох хүсэлт гаргасан уу” гэхэд “...өмнөх хуралдаанд хүсэлт гаргаж, цахимаар оролцсон тул дахин гаргах шаардлагагүй..., Х-наас ирүүлсэн лавлагаа нотлох баримтын шаардлага хангахгүй байгаа тул эх хувиар нь гаргуулах хүсэлтэй” гэжээ. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч “...нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж ирээгүй тул шүүх хуралдааныг үргэлжлүүлэх хүсэлтэй” гэжээ. Шүүгч “нэхэмжлэгчийн шүүх хуралдаанд биечлэн оролцох, хэргийг материалтай танилцах эрхийг хангах нь зүйтэй..” гэж үзэн шүүх хуралдааныг хойшлуулж шийдвэрлэжээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1.2-т зааснаар хэргийн оролцогч нь хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцүүлэх тухай шүүгчийн захирамж гарсны дараа хэргийн материалтай танилцах, түүнээс тэмдэглэл хийх, шүүх хуралдаанд оролцох эрхтэй ба шүүх энэхүү нөхцөл байдлыг бүрдүүлэх үүрэгтэй.
Хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцүүлэх захирамж гарснаас хойш нэхэмжлэгч тал хэргийн материалтай танилцаагүй байна. Түүнчлэн иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа мэтгэлцэх зарчимд үндэслэн явагддаг тул хэргийн оролцогч тодруулбал нэхэмжлэгч өөрийн шаардлагаа дэмжин, тайлбар гаргах, үг хэлэх боломж шүүх хуралдаанд биечлэн оролцсон тохиолдолд хэрэгждэг. Иймд энэ үндэслэлээр шүүх хуралдаан хойшлуулсныг буруутгах боломжгүй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1.-т “Нэхэмжлэгч өөрөө болон төлөөлөгч, өмгөөлөгчийнхөө эзгүйд шүүх хуралдааныг хийх талаар шүүхэд бичгээр хүсэлт ирүүлсэн бол тэдгээрийг оролцуулахгүйгээр хэргийг хянан шийдвэрлэж болно” гэж заасан.
Дээрх шүүх хуралдаанд нэхэмжлэгч, түүний өмгөөлөгч цахимаар оролцсон бөгөөд өөрсдийгөө эзгүйд шүүх хуралдааныг явуулах талаар ямар нэг хүсэлт гаргаагүй байна. Иймд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүх хуралдааныг үргэлжлүүлэх хүсэлтийг хангахаас татгалзсан нь сахилгын зөрчилд хамаарахгүй.
3. “2023 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн шүүх хуралдааныг хойшлуулсан нь эргэлзээтэй. .. нэхэмжлэгчийн хүсэлт агуулгын хувьд тодорхойгүй, хэргийн оролцогч биш этгээд гаргасан хамтран хариуцагч татах хүсэлт байсан. ...өмгөөлөгчөө эрх зүйн туслалцаа үзүүлэх хүндрэлтэй байвал соль гэх зөвлөгөө өгч, гаргаж өгөөгүй хүсэлтийг нөхөж бичүүлэн түүнийгээ хангаж шийдвэрлэсэн...” гэх гомдлын тухайд,
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ө.Г шүүх хуралдаан давхацсан үндэслэлээр 2023 оны 10 дугаар сарын 19-ны шүүх хуралдааныг хойшлуулах хүсэлтийг бичгээр гаргасан нь хэрэгт авагдсан байна. Түүнчлэн нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Үд шүүх хуралдаанд “...өмгөөлөгчтэй оролцох, хамтран хариуцагчаар Т.М-г татан оролцуулах” хүсэлт гаргасан нь шүүх хуралдааны тэмдэглэлд тусгагдсан байх ба өмгөөлөгч ирээгүй шалтгаан, хамтран хариуцагч татан оролцуулах үндэслэлийн талаар шүүгч хэргийн оролцогчоос асууж тодруулжээ.
Шүүх хамтран хариуцагчаар Т.М-г татан оролцуулах хүсэлтийг ханган, харин өөр шүүх хуралдаан давхацсан тул шүүх хуралдааныг хойшлуулах тухай өмгөөлөгчийн хүсэлтийг шүүх хангахаас татгалзсан байна.
Хэнд холбогдуулан нэхэмжлэл гаргах нь нэхэмжлэгчийн эрх байдаг тул хамтран хариуцагчийг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд татан оролцуулах эсэх асуудлыг шүүх зөвхөн нэхэмжлэгчийн зөвшөөрлөөр гүйцэтгэдэг.
Хэрэгт авагдсан баримтаас үзвэл, Ө.Н нь анх Г.У-т холбогдуулан нэхэмжлэл гаргасан боловч шүүх хуралдааны явцад Т.М-г хамтран хариуцагчаар татах хүсэлт гаргажээ.
Нэхэмжлэгч хэнээс юу шаардаж буйг шүүх тодорхой болгосны үндсэн дээр нэхэмжлэлийн шаардлага үндэслэлтэй эсэхийг шийдвэрлэдэг. Иймд шүүгч нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс хамтран хариуцагчаар татах үндэслэлийн талаар тодруулсныг зөвлөгөө өгсөн гэж үзэхгүй. Нэхэмжлэгч хамтран хариуцагчаар татах хүсэлт гаргасан, энэ талаар шүүх хуралдаанаар хэлэлцсэн байх тул хүсэлтийг нөхөн бичүүлсэн гэх гомдол үндэслэлгүй” гэжээ.
Эдгээр хүсэлт шийдвэрлэсэн шүүгчийн захирамжид хэргийн оролцогчид гомдол гаргах эрхтэй бөгөөд зохигч талууд захирамжид гомдол гарган шийдвэрлүүлж байсан.
Тус хэргийг хянан хэлэлцэх шүүх хуралдааныг анх 2023 оны 09 дүгээр сарын 25-ны өдөр товлон зарласан бөгөөд энэ шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Ү-д, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ө.Г нар цахимаар, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.М биечлэн оролцсон. Энэ шүүх хуралдаанд цахимаар оролцох хүсэлтийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, нэхэмжлэгчийн өмгөөлөгч нар 2023 оны 09 дүгээр сарын 06-ны өдөр гаргасан бөгөөд үндэслэлээ “..нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч бага насны /3, 5 настай/ 2 хүүхэдтэй тул ... аймгаас биечлэн ирж оролцоход хүндрэлтэй байна” гэж тайлбарласан. Иймд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нарын хүсэлтийг хүлээн авч 2023 оны 09 дүгээр сарын 07-ны өдөр тэдэнд шүүх хуралдаанд цахимаар оролцох журмыг танилцуулж, цахим оролцогчийн баталгааг гаргуулан авсан.
Ингээд шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нар цахимаар оролцож нэмэлт нотлох баримт гаргуулах хүсэлт гаргасныг хангаж, шүүх хуралдааныг 2023 оны 10 дугаар сарын 11-ны өдрийн 11:00 цаг хүртэл хойшлуулсан.
2023 оны 10 дугаар сарын 11-ны өдрийн 11:00 цагт товлогдсон шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, нэхэмжлэгчийн өмгөөлөгч нар мөн биечлэн ирээгүй бөгөөд “..өмнө нь цахим оролцогчийн баталгаа гаргаж өгсөн” гэсэн тайлбар гаргаж шүүх хуралдаанд цахимаар холбогдож, хамтран хариуцагч татан оролцуулах хүсэлтийг нэхэмжлэгчийн өмгөөлөгч гаргасан.
Хэргийн оролцогчид шүүх хуралдаанд цахимаар оролцох тохиолдолд шүүх хуралдаан бүрийн өмнө цахим оролцогчийн баталгааг гаргах үүрэгтэйг тайлбарлаж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, нэхэмжлэгчийн өмгөөлөгч нарыг энэ хуралдаанд цахимаар оролцуулахаас татгалзаж, нэхэмжлэгчийн өмгөөлөгчийг хүсэлт гаргаагүйд тооцсон. Ингээд хэрэгт ирсэн нэмэлт нотлох баримтуудтай нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, нэхэмжлэгчийн өмгөөлөгч нар танилцаагүй тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1.2-т зааснаар хэргийн материалтай танилцах хэргийн оролцогчийн эрхийг хангаж, шүүх хуралдааныг 2023 оны 10 дугаар сарын 19-ны өдрийн 11:00 цаг хүртэл дахин хойшлуулсан.
2023 оны 10 дугаар сарын 19-ны өдрийн 11.00 цагт товлогдсон шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Ү-д, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.М нар биечлэн оролцсон. Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ө.Г шүүх хуралдаан давхацсан үндэслэлээр шүүх хуралдааныг хойшлуулах хүсэлт гаргасныг хангахаас татгалзаж, харин нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тус хэрэгт Т.М-г хамтран хариуцагчаар татан оролцуулах хүсэлт гаргасныг хангаж шийдвэрлэсэн.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь шүүх хуралдаанд /шүүхийн хэлэлцүүлгийн өмнө/ хамтран хариуцагч татан оролцуулах хүсэлтийг амаар гаргасан бөгөөд энэ тухай шүүх хуралдааны тэмдэглэлд тусгуулж, уг хүсэлтээ мөн бичгээр бичиж өгөхийг тайлбарлаж, хүсэлтүүдийг хэлэлцэхээр шүүх хуралдааныг түр завсарласан. Хүсэлт шийдвэрлэсэн шүүгчийн захирамжийг уншиж сонсгоход нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч амаар гаргасан хүсэлтээ бичгээр мөн бичиж ирүүлснийг хэрэгт нотлох баримтаар хавсаргасан.
Ингээд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тус хэрэгт Т.М-г хамтран хариуцагчаар татан оролцуулах хүсэлтийг хангаж, хамтран хариуцагчид нэхэмжлэлийн хувийг гардуулах, хариу тайлбар гаргах хугацаа олгож, шүүх хуралдааныг дахин хойшлуулсан. Хамтран хариуцагч Т.М-д нэхэмжлэлийн хувийг 2023 оны 10 дугаар сарын 23-ны өдөр гардуулж, эрх үүргийг нь тайлбарлан өгч, хариу тайлбар гарган ирүүлэх 14 хоногийн хугацаа өгсөн.
Энэ хугацаанд хамтран хариуцагч нь хариу тайлбар гарган ирүүлээгүй тул шүүх хуралдааныг 2023 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн 11:00 цагт товлон зарласан.
2023 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн 11:00 цагт товлогдсон шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Ү-д, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ө.Г, хариуцагч Г.У-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.М, хамтран хариуцагч Т.М нар биечлэн оролцсон бөгөөд энэ шүүх хуралдаанаар нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, хэргийг эцэслэн шийдвэрлэсэн.
Миний бие тус хэргийн оролцогчдыг танихгүй бөгөөд хэргийн оролцогчидтой шүүх хуралдааны танхимаас өөр газарт тааралдаж байгаагүй, мөн хэргийн оролцогчид заавар, зөвлөгөө өгөөгүй, уг хэрэгт нэхэмжлэгч эсхүл хариуцагч аль нэг талд үйлчлээгүй, нэг талыг баримталж ажиллаагүй болно. Харин Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагаанд баримтлах зарчмыг үндэслэл болгож, Иргэний хууль, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу хэргийг хянан шийдвэрлэсэн. Иргэн Б.М-ын гомдолд дурдсан асуудлууд нь хардлага, гүтгэлгийн шинжтэй байх бөгөөд баримтаар нотлогдохгүй байх тул сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Иргэн Б.М-оос ...шүүхийн шүүгч Д.О-д холбогдуулан гаргасан өргөдлийг үндэслэн Шүүхийн сахилгын хорооны гишүүний 2023 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн ГЗҮ/2023/0115 дугаар захирамжаар сахилгын хэрэг үүсгэн, шалгах ажиллагаа явуулжээ.
1. Өргөдөл гаргагчаас “...Тус хэрэг ... аймгийн шүүхээс шилжин ирсэн ба анхны шүүх хурал 2023 оны 09 дүгээр сарын 25-ны өдөр болж шүүхээс нотлох баримт гаргуулахаар хойшилж байсан. Нэхэмжлэгч тал шүүхэд цахимаар оролцсон ба гаргасан хүсэлт тодорхойгүй, хавсаргасан нотлох баримт хуулийн шаардлага хангахгүй байтал шүүх хуралд оролцуулж нэхэмжлэгчийн нэршлийн зөрүүтэй гаргасан хүсэлтийг хангаж шийдвэрлэсэн...” гэжээ.
Сахилгын хэрэгт авагдсан баримтуудаас үзвэл ... аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхээс ... шатны шүүхэд шилжин ирсэн Ө.Н нэхэмжлэлтэй Г.У-т холбогдох иргэний хэрэг шүүгч Д.О-д хуваарилагдан хянан шийдвэрлэх ажиллагаа явуулсан байна.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Ү-аас 2023 оны 09 дүгээр сарын 06-ны өдөр нотлох баримт гаргуулах, цахимаар шүүх хуралдаанд оролцох тухай хүсэлтийг тус тус гаргасан.
2023 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн 000/ШЗ2023/02694 дугаар шүүгчийн захирамжаар нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн нотлох баримт гаргуулах хүсэлтийг хангаж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдааныг үргэлжлүүлэх хүсэлтийг хангахаас татгалзаж шүүх хуралдааныг хойшлуулсан байх бөгөөд тус шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Ү-д, Ө.Г нар цахимаар оролцсон байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.6 дахь хэсэгт “Хэргийг хянан шийдвэрлэхэд зайлшгүй шаардлагатай нотлох баримт нь төрийн болон албаны нууц, байгууллагын нууц, хүний эмзэг мэдээлэлтэй холбоотой; өөр улс, орон нутагт байгаа учраас зохигч тэдгээрийг өөрөө олж авах боломжгүй; түүнчлэн туршилт, үзлэг, таньж олуулах, шинжилгээ хийлгэх, гэрчийн мэдүүлэг авах тохиолдолд нотлох баримтыг хэргийн оролцогчийн хүсэлтээр шүүх бүрдүүлнэ” гэж заасны дагуу нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн нотлох баримт гаргуулах хүсэлтийг хүлээн авч шийдвэрлэснийг хууль зөрчсөн гэж буруутгах боломжгүй.
Мөн Шүүхийн ерөнхий зөвлөлийн 2022 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн 82 дугаар тогтоолоор батлагдсан “Шүүх хуралдаанд оролцогчийг зайнаас буюу цахимаар оролцуулах ажлыг зохион байгуулах журам”-ын 3.4-т “Шүүгчийн туслах шүүх хуралдаанд цахимаар оролцох боломжтой талаар мэдэгдсэн тохиолдолд дуу-дүрс дамжуулах, хадгалах, удирдах цахим систем /цаашид "систем" гэх/-ээр холбогдох талаар шүүх хуралдааны оролцогчид танилцуулна. Шүүх хуралдаанд цахимаар оролцогч /цаашид "цахимаар оролцогч" гэх/-оос энэ журамтай танилцсан, шүүх хуралдааны дэгийг сахиж оролцох тухай баталгааг шүүх хуралдаан эхлэхийн өмнө авсан байна” гэж заасны дагуу нэхэмжлэгчийн төлөөлөгч, өмгөөлөгч нарт цахимаар оролцогчийн баталгаа авч шүүх хуралдаанд цахимаар оролцуулсан байгааг дурдах нь зүйтэй.
2. Өргөдөл гаргагч “...Хоёр дахь хурал 2023 оны 10 дугаар сарын 11-ний өдөр болоход нэхэмжлэгч тал цахимаар оролцсон, шүүгчийн зүгээс хэрэг маргааныг нэхэмжлэгч талыг байлцуулан мэтгэлцэх зарчмыг хангах үүднээс хойшлуулсан. Ингэхдээ нэхэмжлэгчийн албан бусаар оролцож байхдаа илэрхийлсэн хамтран хариуцагч татах хүсэлтийг хангахгүй орхиж шийдвэрлэхдээ нэхэмжлэгч талд давуу байдал олгож шүүх хуралд биечлэн оролцох боломжийг хангасан. Тус хуралд нэхэмжлэгч тал цахимаар оролцох талаарх хүсэлтээ гаргаж өгөөгүй оролцсон байдаг ба миний зүгээс хуульд байхгүй процесс үргэлжлэх боломжгүй, нэхэмжлэгчийг шүүх хуралд хүрэлцэн ирээгүй тооцон хурлыг хийж өгнө үү гэтэл хангахгүй орхиж нэхэмжлэгчийн гаргасан У-ийн гэж тодорхойлсон боловч М-ын дансны лавлагааг Х-наас гаргахаар шүүхээс шийдсэн. Нэхэмжлэгчийн гаргасан бичгийн хүсэлтэд Г.У-ийн данс гэж байдаг” гэжээ.
2023 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн өмгөөлөгчөөс хамтран хариуцагч татан оролцуулах, шүүх хуралдааныг хойшлуулах хүсэлт гаргасан байх бөгөөд 000/ШЗ2023/02841 дугаар шүүгчийн захирамжаар хамтран хариуцагч татан оролцуулах хүсэлтийг, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс шүүх хуралдааныг үргэлжлүүлэх хүсэлтийг хангахгүй орхиж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Ү-ын шүүх хуралдаанд биечлэн оролцох, хэргийн материалтай танилцах эрхийг хангаж шүүх хуралдааныг 2023 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн 10 цаг 30 минут хүртэл хойшлуулсан байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1 дэх хэсэгт “Нэхэмжлэгч өөрөө болон төлөөлөгч, өмгөөлөгчийнхөө эзгүйд шүүх хуралдааныг хийх талаар шүүхэд бичгээр хүсэлт ирүүлсэн бол тэдгээрийг оролцуулахгүйгээр хэргийг хянан шийдвэрлэж болно”, 100.2 дахь хэсэгт “Харин нэхэмжлэгч, түүний төлөөлөгч буюу өмгөөлөгч нь хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд ирээгүй бол хариуцагчийн хүсэлтээр шүүх хэргийн нотлох баримт болон бусад нөхцөл байдлыг харгалзан түүний эзгүйд хянан шийдвэрлэх, эсхүл нэхэмжлэлийг буцаана. Нэхэмжлэлийг буцаасан тохиолдолд шүүх тогтоол, шүүгч захирамж гаргана” гэж заасан.
Тухайн өдрийн шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс шүүх хуралдааныг эзгүйд шийдвэрлүүлэх хүсэлтийг гаргаагүй. Харин хуралдаанд цахимаар оролцож байсан бөгөөд цахимаар оролцох хүсэлт гаргаагүй талаар шүүгч хуралдааны тэмдэглэлд тусгуулжээ.
Мөн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1 дэх хэсэгт “Хэргийн оролцогч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад дараахь эрх эдэлнэ”, 25.1.2-т “хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцүүлэх тухай шүүгчийн захирамж гарсны дараа хэргийн материалтай танилцах, түүнээс тэмдэглэл хийх, шүүх хуралдаанд оролцох” гэж заасан байх бөгөөд шүүх хуралдаанд нэхэмжлэгч талыг биечлэн оролцох эрхээр нь ханган шийдвэрлэснийг нэг талд давуу байдал үүсгэсэн гэж үзэхгүй.
3. Өргөдөл гаргагч “...Гурав дахь хурал 2023 оны 10 дугаар сарын 19-ний өдөр болсон бөгөөд тус хурлыг маш эргэлзээтэй байдлаар хойшлуулж шийдвэрлэхдээ нэхэмжлэгч талаас гаргасан хүсэлт агуулгын хувьд тодорхойгүй, хэргийн оролцогч биш этгээд гаргасан хамтран хариуцагч татах хүсэлт байсан. Уг хүсэлтийг нэхэмжлэгч гаргаад өгчихсөн, түүнийг шийдвэрлэх байтал нэхэмжлэгчийг ойлгомжгүй, өмгөөлөгчөө эрх зүйн туслалцаа үзүүлэх хүндрэлтэй байвал соль зэрэг зөвлөгөөг хэлэн хүсэлтийг тодруулан, гаргаж өгөөгүй хүсэлтийг гаргаж өгүүлэн нэхэмжлэгчээр нөхөж бичүүлэн түүнийгээ хангаж шийдвэрлэсэн явдал болоод өнгөрлөө” гэжээ.
Нэхэмжлэгчийн өмгөөлөгчөөс 2023 оны 10 дугаар сарын 19-ний өдөр шүүх хуралдаан хойшлуулах хүсэлтийг, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс хамтран хариуцагч татан оролцуулах хүсэлтийг гаргасан байх бөгөөд 000/ШЗ2023/02925 дугаар шүүгчийн захирамжаар нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн хүсэлтийг хангахгүй орхиж, хамтран хариуцагчаар Т.М-г татсан байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1 дэх хэсэгт “Шүүх хэргийн оролцогчийн гаргасан нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр нотлох баримтыг өөрийн дотоод итгэлээр үнэлнэ” гэж заасны дагуу шүүгч зохигчоос гаргасан хүсэлтүүдийг өөрийн дотоод итгэлээр хянан шийдвэрлэснийг сахилгын зөрчил гаргасан гэж үзэх үндэслэлгүй.
Мөн шүүх хуралдааны тэмдэглэлээс үзвэл “даргалагчаас: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс асууя. Яагаад шүүх хуралдаанд өмгөөлөгчтэйгөө хамт ирэхгүй байгаа вэ, ...өмгөөлөгч чинь шүүх хуралдаанд оролцож чадахгүй юм бол өөр өмгөөлөгч аваад хэргээ шийдвэрлүүлэх боломжтой” гэх зэргээр хуралдаанд нэхэмжлэгчийн өмгөөлөгчийг оролцуулах талаар хэлсэн нь Монгол Улсын шүүхийн тухай хуульд заасан сахилгын зөрчилд хамаарахгүй болно.
Иймд илтгэгч гишүүний сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох саналыг хүлээн авч, ...шүүхийн шүүгч Д.О-д холбогдох сахилгын хэргийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж бүрэлдэхүүн үзлээ.
Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 112 дугаар зүйлийн 112.1, 112.1.2, 112.2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Сахилгын хорооны гишүүний 2023 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн ГС/2023/0126 дугаар “Сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох тухай санал”-ыг хүлээн авч, ...шүүхийн шүүгч Д.О-д холбогдох сахилгын хэргийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2. Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 112 дугаар зүйлийн 112.6 дахь хэсэгт зааснаар магадлал гаргаснаас хойш 14 хоногийн дотор сахилгын хэргийн оролцогч болон өргөдөл мэдээлэл гаргагчийн оршин суугаа газрын, эсхүл ажлын газрын хаягаар баталгаат шуудангаар, эсхүл албаны ажилтнаар хүргүүлэхийг Ажлын албанд даалгасугай.
3. Магадлалыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Сахилгын хороонд хэргийн оролцогч гомдол, илтгэгч гишүүн эсэргүүцэл гаргаж болохыг дурдсугай.
4. Дээрх журмаар хүргүүлснээр магадлалыг гардан авсанд тооцох ба энэ нь гомдол гаргах хугацааг тоолох үндэслэл болохыг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ Д.АРИУНТУЯА
ГИШҮҮН Д.МЯГМАРЦЭРЭН
Б.СУГАР