info@judiscom.mn 976 - 77113838 Холбоо барих ШИЛЭН ДАНС
ENMNG

МОНГОЛ УЛС

ШҮҮХИЙН САХИЛГЫН ХОРОО

МАГАДЛАЛ

2022-02-14

Дугаар 59

Улаанбаатар хот

Сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Шүүхийн сахилгын хорооны хуралдааныг гишүүн Д.Мягмарцэрэн даргалж, гишүүн Б.Сугар, Д.Эрдэнэчулуун нарын бүрэлдэхүүнтэй, илтгэгч гишүүн Д.Ариунтуяа, хуралдааны нарийн бичгийн дарга Г.Болортуяа нарыг оролцуулан тус хорооны хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар:

...-шүүхийн шүүгч Б.М-д холбогдох сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох тухай саналыг хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Шүүгч Б.М- тайлбартаа “...Миний бие 2018 оны хувийн ашиг сонирхлын болон хөрөнгө, орлогын мэдүүлгийн "Хадгаламж, бэлэн мөнгө, хувийн харилцах болон төлбөрийн данс, картын үлдэгдэл" хэсэгт өөрийн эхнэрийн арилжааны банк дахь харилцах болон хадгаламжийн дансны үлдэгдлийг бичиж мэдүүлээгүй орхигдуулжээ.

Тухайн хөрөнгө, орлогын мэдүүлгийг гаргахдаа ямар нэг байдлаар нуух, дарагдуулах санаа зорилго байгаагүй бөгөөд өөрийн хайхрамжгүй үйлдлээр орхигдуулж бичиж мэдүүлээгүй байна. Сахилгын хорооны хуралдаанд оролцож амаар тайлбар өгөх болно” гэжээ.

Илтгэгч гишүүний саналд: “...Шүүгч Б.М- нь Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.1-д “Шүүгч нь Авлигын эсрэг хууль болон нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуульд заасан журмын дагуу хөрөнгө орлогын  мэдүүлэг, хувийн ашиг сонирхлын мэдүүлгийг үнэн зөв гаргаж өгөх үүрэгтэй”-г, Монгол Улсын шүүхийн шүүгчийн ёс зүйн дүрмийн 4.1 дүгээр зүйлийн 1-д “шүүгч нь өөрийн хувийн ашиг сонирхлын болон хөрөнгө орлогын мэдүүлгээ холбогдох хууль тогтоомжид заасны дагуу үнэн зөв мэдүүлнэ” гэсэн заалтыг тус тус зөрчсөн болох нь тогтоогдож байна. Энэхүү шүүгч  Б.М-ийн гаргасан зөрчил гарснаас хойш 3 жил болсон байх ба Шүүгчийн ёс зүйн дүрэм /хуучнаар/-ийн 5.1.3-т “Ёс зүйн зөрчлийг илрүүлснээс хойш 1 сар, зөрчил гаргаснаас хойш 6 сараас илүү хугацаа өнгөрсөн бол сахилгын шийтгэл ногдуулж болохгүй” гэж заасныг баримтлан шүүгч Б.М-д холбогдох сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзэв.  Иймд ...-шүүгч Баярын М-д холбогдох Сахилгын хорооны гишүүний 121 дүгээр захирамжийг хүчингүй болгож, сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох саналыг гаргаж байна.” гэжээ.

 

 

ҮНДЭСЛЭХ НЬ:

            Авлигатай тэмцэх газрын Хяналт шалгалт, дүн шинжилгээний хэлтсийн дарга, эрхэлсэн комиссар Х.Х  нь ...-шүүхийн шүүгч Б.М-д холбогдуулан өргөдөл гаргасан. Шүүхийн сахилгын хорооны гишүүний 2021 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 121 дүгээр захирамжаар холбогдох шүүгчид сахилгын хэрэг үүсгэн, шалгах ажиллагаа явуулжээ.

Авлигатай тэмцэх газрын Хяналт шалгалт дүн шинжилгээний хэлтсийн хувийн ашиг сонирхлын мэдүүлэг болон хөрөнгө, орлогын мэдүүлгийг хянан шалгасан шалгалтаар шүүгч Б.М- өөрийн эхнэрийн арилжааны банкнууд дахь харилцах болон хадгаламжийн дансны үлдэгдлийг 2018 оны мэдүүлгийн "Хадгаламж, бэлэн мөнгө, хувийн харилцах болон төлбөрийн данс, картын үлдэгдэл" хэсэгт мэдүүлээгүй зөрчил илэрсэн байх ба шүүгч Б.М- ирүүлсэн тайлбартаа дээрх зөрчлийг хүлээн зөвшөөрчээ.

Шүүгч Б.М- нь Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.1-д “Шүүгч нь Авлигын эсрэг хууль болон нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуульд заасан журмын дагуу хөрөнгө орлогын  мэдүүлэг, хувийн ашиг сонирхлын мэдүүлгийг үнэн зөв гаргаж өгөх үүрэгтэй”-г, Монгол Улсын шүүхийн шүүгчийн ёс зүйн дүрмийн 4.1 дүгээр зүйлийн 1-д “шүүгч нь өөрийн хувийн ашиг сонирхлын болон хөрөнгө орлогын мэдүүлгээ холбогдох хууль тогтоомжид заасны дагуу үнэн зөв мэдүүлнэ” гэсэн заалтыг тус тус зөрчсөн шүүгчийн ёс зүйн зөрчил гаргасан болох нь нотлогдож байна.

Гэхдээ Монгол Улсын шүүхийн шүүгчийн ёс зүйн дүрэм /хуучнаар/-ийн 5.1.3-т “Ёс зүйн зөрчлийг илрүүлснээс хойш 1 сар, зөрчил гаргаснаас хойш 6 сараас илүү хугацаа өнгөрсөн бол сахилгын шийтгэл ногдуулж болохгүй”, Шүүхийн ёс зүйн хорооны дүрмийн 5.17-д “Шүүгчид холбогдох сахилгын зөрчлийг илрүүлснээс хойш зургаан сар, зөрчил гаргаснаас хойш нэг жил өнгөрсөн бол сахилгын шийтгэл ногдуулахгүй” гэж заасан байх ба шүүгч Б.М- дээрх зөрчлийг гаргаснаас хойш 3 жил өнгөрсөн байх тул шүүгч Б.М-д холбогдох сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох санал гаргасан нь үндэслэлтэй байна.

Иймд илтгэгч гишүүний саналыг хүлээн авч сахилгын хэргийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж бүрэлдэхүүн дүгнэв.

Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 112 дугаар зүйлийн 112.1, 112.1.2, 112.2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон

ТОГТООХ НЬ:

1. ...-шүүхийн шүүгч Б.М-д холбогдох сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох тухай Шүүхийн сахилгын хорооны гишүүний саналыг хүлээн авч, сахилгын хэргийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 112 дугаар зүйлийн 112.6-т зааснаар магадлал гаргаснаас хойш 14 хоногийн дотор сахилгын хэргийн оролцогч болон өргөдөл, мэдээлэл гаргагчийн оршин суугаа газрын эсхүл ажлын газрын хаягаар баталгаат шуудангаар, эсхүл ажлын албаны ажилтнаар хүргүүлэхийг ажлын албанд даалгасугай.

3. Магадлалыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Сахилгын хороонд хэргийн оролцогч гомдол, илтгэгч гишүүн эсэргүүцэл гаргаж болохыг дурдсугай.

4. Дээрх журмаар хүргүүлснээр магадлалыг гардан авсанд тооцох ба энэ нь гомдол гаргах хугацааг тоолох үндэслэл болохыг тайлбарласугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ                                          Д.МЯГМАРЦЭРЭН

ГИШҮҮН                                          Б.СУГАР 

Д.ЭРДЭНЭЧУЛУУН