info@judiscom.mn 976 - 77113838 Холбоо барих ШИЛЭН ДАНС
ENMNG

МОНГОЛ УЛС

ШҮҮХИЙН САХИЛГЫН ХОРОО

МАГАДЛАЛ

2023-11-08

Дугаар 121

Улаанбаатар хот

Сахилгын хэргийг бүхэлд нь

 хэрэгсэхгүй болгох тухай

Шүүхийн сахилгын хорооны хуралдааныг гишүүн О.Номуулин даргалж, гишүүн Д.Мягмарцэрэн, Д.Эрдэнэчулуун нарын бүрэлдэхүүнтэй, илтгэгч гишүүн Д.Ариунтуяа, хуралдааны нарийн бичгийн дарга А.Номин, цахимаар өргөдөл гаргагч Ч.З нарыг оролцуулан, ... аймаг дахь сум дундын ... хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч Н.А, шүүгч Т.Э нарт холбогдох, Сахилгын хорооны гишүүний 2023 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн ГС/2023/0104 дүгээр “Сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох тухай санал”-ыг тус хорооны хуралдааны танхимд нээлттэй хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох саналд: “...Сахилгын хэрэгт авагдсан баримтуудаас үзвэл ... аймаг ... сум дахь сум дундын шүүхийн 2020 оны 09 дүгээр сарын 07-ны өдрийн 105 дугаар шийтгэх тогтоолоор Ч.З-ыг бусдын олон тооны малыг хулгайлсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, 04 жил 06 сарын хугацаагаар хорих ялаар шийтгэж, тус шийтгэх тогтоол нь хүчин төгөлдөр болж хорих 413-р ангид Ч.З нь ял эдэлж байжээ. Ялтан Ч.З-т холбогдуулан эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татан мөрдөн байцаах ажиллагаа явуулахтай холбоотойгоор Монгол Улсын Ерөнхий Прокурорын 2022 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн 06/09 дугаар хоригдол Ч.З-ыг хорих ангиас хэрэг бүртгэх, мөрдөн байцаах байгууллагад шилжүүлэх зөвшөөрөл олгосон байх бөгөөд ... аймаг дахь Прокурорын газраас яллагдагч Ч.З-т цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авах санал ирүүлснийг ... аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 01 дүгээр сарын 21-ний өдрийн 2022/ЦХШЗ/08 дугаар шүүгчийн захирамжаар хүлээн авч, түүнийг 2022 оны 01 дүгээр сарын 21-ний өдрөөс 02 дугаар сарын 21-ний өдөр хүртэл нэг сарын хугацаагаар цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авчээ. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.13 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүхийн хэлэлцүүлэгт прокурор, яллагдагчийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгчийг оролцуулах ба хүсэлт гаргасан тохиолдолд яллагдагчийг оролцуулна”, 4 дэх хэсэгт “Шүүхийн хэлэлцүүлэгт яллагдагчийн өмгөөлөгч хүрэлцэн ирээгүй бол томилогдсон өмгөөлөгч оролцуулж болно” гэж заасан. Дээрх хуульд заасны дагуу шүүхийн хэлэлцүүлэгт яллагдагч Ч.З-ын өмгөөлөгчөөр томилогдсон өмгөөлөгч С.Г-ыг оролцуулсан нь хуульд нийцсэн байх бөгөөд дээрх үндэслэлээр шүүгч Т.Э-ыг сахилгын зөрчил гаргасан гэж үзэх үндэслэлгүй байна.

Өргөдөл гаргагчаас “...Ч.З миний бие нь урьдчилсан хэлэлцүүлгийн шүүх хуралдаа өөрийн биеэр биечлэн оролцох хүсэлтэй, ... аймгийн шүүх, ... аймгийн ... сумын шүүхэд удаа дараалан гаргахад миний хүсэлтийг аль нь ч хүлээн авч хангаж өгөөгүй бөгөөд ... аймаг дахь ... сумын шүүгч нь прокурорын саналаар яллагдагч оролцогчийн оролцоогүйгээр, урьдчилсан хэлэлцүүлгийн шүүх хуралдааныг явуулан хийсэн байдаг. Миний бие нь шүүх хуралдаа биечлэн оролцох шалтгаан нь сонсгол муу болохоор өмгөөлөгч болон прокурорын хэлж ярих үг сонсогдоогүй. Мөн компьютерын дуу дүрс тасалдах, дэлгэц нь хаагдах цаанаа ярилцах зэргээр миний эрх ашиг зөрчигдөж байгаа улмаас өөрийн биеэр биечлэн оролцох хүсэлтээ удаа дараагаар гаргасан болно” гэжээ.

Сахилгын хэрэгт авагдсан баримтуудаас үзвэл ... аймаг дахь сум дундын ... хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгчийн 2022 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн 2022/ЕШЗ/162 дугаар захирамжаар яллагдагч Ч.З нарт холбогдох эрүүгийн 2134000000... дугаар хэрэгт яллах дүгнэлт үйлдэн ирүүлснийг хүлээн авч, тус эрүүгийн хэргийг шүүгч Э.О-ээр хянан шийдвэрлүүлэхээр томилсон шийдвэрийг албажуулсан байна. ... аймаг дахь сум дундын ... хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 05 дугаар сарын 13-ны өдрийн 2022/ШЗ/233 дугаар шүүгчийн захирамжаар урьдчилан хэлэлцүүлгийн тов тогтоож, 2022 оны 05 дугаар сарын 25-ны өдрийн 2022/ШЗ/251 дугаар шүүгчийн захирамжаар хэргийг прокурорт буцааж шийдвэрлэсэн байх бөгөөд тус урьдчилан хэлэлцүүлэгт яллагдагч Ч.З онлайнаар оролцсон байна. Мөн ... аймаг дахь сум дундын ... хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгчийн 2022 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 2022/ЕШЗ/537 дугаар захирамжаар яллагдагч Ч.З нарт холбогдох эрүүгийн 2134000000... дугаартай хэргийг хүлээн авч, хянан шийдвэрлэх шүүгчээр Ш.Г-г томилсон шийдвэрийг албажуулж, 2023 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн 2023/ШЗ/60 дугаар шүүгчийн захирамжаар шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгийн тов тогтоосон байх бөгөөд ... аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн 58 дугаар албан бичгээр харьяаллын дагуу хэрэг шилжүүлэх хүсэлтийг ... аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгчид хүргүүлсэн байна. 2023 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр яллагдагч Ч.З-аас урьдчилан хэлэлцүүлэгт өмгөөлөгчийн хамт биечлэн оролцох хүсэлтийг гаргасан байна. ... аймгийн ... сум дахь сум дундын шүүхийн 2023 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн 2023/ЕШЗ/27 дугаар Ерөнхий шүүгчийн захирамжаар яллагдагч Ч.З нарт холбогдох эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх шүүх хуралдааны даргалагчаар шүүгч Р.Б-ыг томилсон шийдвэрийг албажуулжээ. 2023 оны 02 дугаар сарын 14-ний өдөр товлогдсон урьдчилсан хэлэлцүүлэгт Ч.З-ын өмгөөлөгч С.Э оролцсон байх бөгөөд шүүгч хэргийн материалтай танилцах үндэслэлээр урьдчилсан хэлэлцүүлгийг 2023 оны 03 дугаар сарын 02-ны өдөр хүртэл хойшлуулж шийдвэрлэсэн байна. Тус өдөр яллагдагч Ч.З-т шүүх хуралдааны товыг мэдэгдсэн албан тоотыг Цагдан хорих 461-р анги руу явуулсан талаар шүүхийн тов мэдэгдсэн баримтад дурджээ. 2023 оны 03 дугаар сарын 02-ны өдрийн урьдчилсан хэлэлцүүлэгт яллагдагч Ч.З шүүх хуралдаанд оролцохгүй гэж мэдэгдсэн байх ба түүний өмгөөлөгч С.Э урьдчилсан хэлэлцүүлэгт биечлэн оролцож тухайн эрүүгийн хэргийг шүүхээс прокурорт буцааж шийдвэрлэжээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дүгээр зүйлийн 8 дахь хэсэгт “Шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэгт оролцох хүсэлт гаргасан тохиолдолд хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгчийг оролцуулж болно. Хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч ирээгүй нь шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгийг хойшлуулах үндэслэл болохгүй”, 9 дэх хэсэгт “Шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгийн товыг прокурор, өмгөөлөгчийн саналыг харгалзан шүүх тогтоож, урьдчилсан хэлэлцүүлэг явуулахаас 3-аас доошгүй хоногийн өмнө оролцогчид мэдэгдэнэ” гэж заасан. Дээрх хуульд заасны дагуу урьдчилсан хэлэлцүүлгийн товыг хуульд заасан хугацаанд яллагдагчид мэдэгдсэн байх бөгөөд яллагдагч Ч.З нь урьдчилсан хэлэлцүүлэгт оролцохгүй гэсэн талаар хэлэлцүүлгийн тэмдэглэлд тусгагдсан байна. Түүний эрх хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалан оролцож буй өмгөөлөгч нь түүнийг төлөөлөн урьдчилсан хэлэлцүүлэгт оролцсон нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль болон Монгол Улсын шүүхийн тухай хуулийг зөрчсөн гэж үзэх боломжгүй тул ... аймгийн ... сум дахь сум дундын шүүхийн шүүгчид холбогдуулан сахилгын хэрэг үүсгэн шалгах ажиллагаа явуулаагүй болно.

Сахилгын хэрэгт авагдсан баримтуудаас үзвэл ... аймаг дахь сум дундын ... хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 08 дугаар сарын 19-ний өдрийн 2022/ЦХШЗ/38 дугаар шүүгчийн захирамжаар ... эрүүгийн 2134000000...  дугаартай хэргийг шүүхэд ирүүлээгүй байх тул уг хэргийн яллагдагч Ч.З-т авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээний хугацааг үргэлжлүүлэн сунгахаас татгалзаж шийдвэрлэсэн байна. Дээрх захирамжийг эс зөвшөөрч прокуророос гомдол гаргасныг 2022 оны 08 дугаар сарын 22-ны өдрийн 2022/ЕШЗ/80 дугаар Ерөнхий шүүгчийн захирамжаар прокурорын гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэжээ. Үүний дараагаар яллагдагч Ч.З-т цагдан хорих таслах сэргийлэх арга хэмжээ авах прокурорын санал ирүүлсний дагуу ... аймаг дахь сум дундын ...хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн 2022/ЦХШЗ/44 дугаар шүүгчийн захирамжаар яллагдагч Ч.З-т цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсан байна. Энэхүү захирамжийг эс зөвшөөрч Ч.З гомдол гаргасныг 2022 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн 2022/ЕШЗ/101 дугаар Ерөнхий шүүгчийн захирамжаар яллагдагч Ч.З-ын гомдлыг хэлэлцэж, гомдлыг хангахгүй орхижээ.

... Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Яллагдагч, шүүгдэгчид энэ хуульд заасан үндэслэл, журмын дагуу дараахь таслан сэргийлэх арга хэмжээ авна”, 1.5-т “цагдан хорих”, 3 дахь хэсэгт “Мөрдөн байцаалтын явцад энэ зүйлийн 1.2, 1.3, 1.5-д заасан таслан сэргийлэх арга хэмжээг шүүхийн зөвшөөрлөөр, эрүүгийн хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх явцад энэ зүйлийн 1.1, 1.2, 1.3, 1.4, 1.5, 1.6-д заасан таслан сэргийлэх арга хэмжээг шүүх авна” гэж тус тус заасан.

Мөн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 212 дугаар зүйлийн 212.1 дэх хэсэгт “Хоригдол шүүхийн шийтгэх тогтоол гарахаас өмнө, эсхүл ял эдэлж байх хугацаандаа гэмт хэрэг үйлдсэн гэх хангалттай үндэслэл тогтоогдсон бол прокурорын зөвшөөрлийг үндэслэн хэрэг бүртгэх, мөрдөн байцаах байгууллагад шилжүүлж болно”, 212.2 дахь хэсэгт “Энэ хуулийн 212.1-д заасны дагуу шилжүүлэх тохиолдолд хоригдлыг яллагдагчид цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авах тухай шүүгчийн захирамжийг үндэслэн шилжүүлэн авсан албан тушаалтан цагдан хорих төв, эсхүл цагдан хорих байранд хүргэх бөгөөд уг хугацааг ял эдэлсэн хугацаанд тооцно” гэж заажээ.

Дээрх хуульд зааснаас үзвэл хорих ял эдэлж байгаа хоригдлыг цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсан шүүгчийн захирамжийг үндэслэн цагдан хорих байранд шилжүүлэхээр зохицуулсан. Харин цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авах шүүгчийн захирамж гараагүй тохиолдолд хорих ангид буцаан шилжүүлэх нь тухайн хоригдолд хяналт тавьж буй бусад эрх бүхий байгууллагын эрх хэмжээний асуудал тул уг үндэслэлээр шүүгч нарыг Монгол Улсын шүүхийн тухай хуулийг зөрчсөн гэж үзэхгүй. 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.10 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Хэргийн ээдрээ төвөгтэй байдлыг харгалзан яллагдагчийг цаашид цагдан хорих зайлшгүй шаардлагатай бол шүүх цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээний хугацааг тухай бүр 1 сар хүртэл хугацаагаар сунгах ба яллагдагчийг цагдан хорих нийт хугацаа Эрүүгийн хуульд хорих ялын дээд хэмжээг 5 жил хүртэл хугацаагаар оногдуулахаар заасан гэмт хэрэгт 12 сар, Эрүүгийн хуульд хорих ялын дээд хэмжээг 5 жилээс дээш хугацаагаар оногдуулахаар заасан гэмт хэрэгт 18 сараас хэтэрч болохгүй” гэж заажээ. Яллагдагч Ч.З нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2.1, 2.2, 2.4-т заасан хоёр жилээс найман жил хүртэл хорих ялтай гэмт хэрэгт холбогдсон бөгөөд түүнийг 18 сараас дээш хугацаагаар цагдан хорьж болохгүй гэж хуульд зохицуулсан байна.

Сахилгын хэрэгт авагдсан баримтуудаас үзвэл яллагдагч Ч.З нь 2022 оны 01 дүгээр сарын 21-ний өдрөөс 2022 оны 02 дугаар сарын 21-ний өдрөөс нэг сар, 2022 оны 02 дугаар сарын 21-ний өдрөөс 2022 оны 03 дугаар сарын 21-ний өдрийг хүртэл нэг сар, 2022 оны 03 дугаар сарын 21-ний өдрөөс 2022 оны 04 дүгээр сарын 21-ний өдөр хүртэл нэг сар, 2022 оны 04 дүгээр сарын 14-ний өдрөөс тухайн хэргийг ... аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлсэн. 2022 оны 07 дугаар сарын 21-ний өдрөөс 2022 оны 08 дугаар сарын 19-ний өдөр хүртэл 29 хоног, 2022 оны 10 дугаар сарын 31-ний өдрөөс 2022 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийг хүртэл нэг сар, 2022 оны 11 дүгээр сарын 28-ны өдрөөс 2022 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэл нэг сар, 2022 оны 12 дугаар сарын 15-ны өдрөөс тухайн эрүүгийн хэргийг ... аймаг дахь сум дундын ... хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлсэн.

2023 оны 07 дугаар сарын 03-ны өдрөөс 2023 оны 08 дугаар сарын 03-ны өдөр хүртэл нэг сарын хугацаагаар сунгасан боловч 2023 оны 07 дугаар сарын 24-ний өдрийн 2023/ЕШЗ2023/94 дугаар Ерөнхий шүүгчийн захирамжаар дээрх захирамжид гаргасан гомдлыг хянан хэлэлцэж 2023 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн 2023/ЦХШЗ/08 дугаар яллагдагчийн цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг сунгасан захирамжийг хүчингүй болгож шийдвэрлэсэн зэргээс хамаарч нийт 14 сар 25 хоног цагдан хоригдсон байх тул дээрх хуульд заасан хугацаа хэтрээгүй байна.

Иймд шүүгч Т.Э, Н.А нарт холбогдуулан гаргасан 18 сараас дээш хугацаагаар цагдан хорьсон гэх үндэслэл нь тогтоогдохгүй байх тул шүүгч нарыг хууль зөрчсөн гэж буруутгах боломжгүй.

... аймаг дахь сум дундын ... хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 03 дугаар сарын 28-ны өдрийн 2022/ЦХШЗ/19 дугаар шүүгчийн захирамжаар яллагдагчийн амь нас, эрүүл мэндэд аюул учрах үндэслэл бүхий баримт, мэдээлэл байгаа гэж үзэн ... аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 425 дугаар нээлттэй хорих ангийн цагдан хорих байрнаас Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харьяа Цагдан хорих 461 дүгээр хаалттай хорих анги руу шилжүүлсэн байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.13 дугаар зүйлийн 11 дэх хэсэгт “Шүүх дараахь тохиолдолд прокурорын саналыг үндэслэн яллагдагч, шүүгдэгчийн цагдан хоригдох байрыг өөрчилж, өөр цагдан хорих байранд шилжүүлэхээр шийдвэрлэж болно”,  11.3-т “яллагдагчийн амь нас, эрүүл мэндэд аюул учрах үндэслэл бүхий баримт, мэдээлэл байгаа бол” гэж заасны дагуу шүүгч хуулиар олгосон бүрэн эрхийнхээ хүрээнд амь нас, эрүүл мэндэд нь аюул учирсан яллагдагчийн цагдан хорих байрыг шилжүүлсэн байх тул шүүгчийг дээрх үндэслэлээр сахилгын зөрчил гаргасан гэж үзэхгүй.

Мөн өргөдөл гаргагчаас “...цагдан хорих байрыг өөрчилсөн цагаас хойш бүтэн 1 жил 4 сарын хугацаанд мөрдөгч болон прокурор нар нь нэг ч удаа ирж уулзсан удаа байхгүй” гэжээ.

Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 95 дугаар зүйлийн 95.1-д “Энэ хуульд заасан үндэслэл, журмын дагуу шүүгчийг албан тушаалаас нь түдгэлзүүлэх, огцруулах болон сахилгын бусад шийтгэл оногдуулах чиг үүрэг бүхий бие даасан байгууллага болох Сахилгын хороо ажиллах бөгөөд улсын хэмжээнд нэг байна” гэж заасны дагуу Шүүхийн сахилгын хороо нь зөвхөн шүүгчтэй холбоотой өргөдөл мэдээллийг хүлээн авах, холбогдох шүүгчид сахилгын хэрэг үүсгэх эсэх, сахилгын хэрэг үүсгэсэн бол шалгах, сахилгын зөрчлийг хянан шийдвэрлэх чиг үүргийг хэрэгжүүлдэг бөгөөд өргөдөлд дурдагдсан прокурор, мөрдөгчтэй холбоотой гомдлоо холбогдох байгууллагад хандан шийдвэрлүүлэх эрх нь нээлттэй болохыг дурдах нь зүйтэй.

Дээрхээс нэгтгэн үзвэл ... аймаг дахь сум дундын ... хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Н.А, шүүгч Т.Э нарт холбогдуулан гаргасан өргөдлийн үндэслэлүүд сахилгын зөрчилд хамаарахгүй байх тул тэдэнд холбогдох сахилгын хэргийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох санал гаргав” гэжээ.

Шүүгч Т.Э Сахилгын хороонд гаргасан тайлбартаа: “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.13 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүхийн хэлэлцүүлэгт прокурор, яллагдагчийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгчийг оролцуулах ба хүсэлт гаргасан тохиолдолд яллагдагчийг оролцуулна.” гэж заасан. ... аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор, хууль цаазын дэд зөвлөх Т.Т-аас яллагдагч Ч.З-ыг Б.С, Б.Т, Х.А нартай бүлэглэн ... аймгийн Сүмбэр сумын 5 дугаар багийн нутаг Цайдам гэх газраас 2020 оны 08 дугаар сарын 04-ний өдрөөс 08 дугаар сарын 09-ний өдрийн хооронд иргэн Ц.Э-ын өмчлөлийн 12 тооны адууг хулгайлж 33870900 төгрөгийн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогдуулан мөрдөн шалгах ажиллагаа явуулаад яллагдагч Ч.З-т цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авах саналыг 2022 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр гаргасныг 2022 оны 01 дүгээр сарын 21-ний өдөр шүүхийн хэлэлцүүлгээр хянан хэлэлцсэн. Яллагдагч Ч.З нь 2022 оны 01 дүгээр сарын 21-ний өдөр болсон таслан сэргийлэх арга хэмжээний тухай шүүхийн хэлэлцүүлэгт оролцох саналаа гаргаагүй байсан. Дээрх хуулийн заалтын дагуу өмгөөлөгч С.Г-ыг оролцуулан шүүхийн хэлэлцүүлгийн ажиллагааг явуулахад яллагдагч Ч.З нь 2020 оны 09 дүгээр сарын 07-ны өдрийн ... аймгийн ... сум дахь сум дундын шүүхийн 105 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 4 жил 6 сарын хугацаагаар хорих ял шийтгүүлсэн байсан тул түүнд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасан үндэслэлээр цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсан. Харин яллагдагч Ч.З-ын оршин суух газрыг тухайн үед мэдүүлэг авсан мөрдөгч нь ..... дүүргийн ... дугаар хороо, Согоотын 77-00 тоот гэж тэмдэглэсэн байсныг шүүгчийн захирамжийн биеийн байцаалт хэсэгт оруулсан болно. Яллагдагч Ч.З нь энэхүү захирамжийн талаар тус шүүхийн Ерөнхий шүүгчид гомдол гаргаагүй болно. Тус шүүхийн шүүх хуралдааны танхимд 2022 оны 02 дугаар сарын 21, 2022 оны 03 дугаар сарын 21-ний өдрүүдэд болсон шүүхийн хэлэлцүүлгийн ажиллагаанд яллагдагч Ч.З нь өмгөөлөгч Б.Б-ийн хамт биечлэн оролцож “намайг яллагдагчаар татаагүй байхад цагдан хорьсон байна. Мөн хууль бус арга хэрэгсэл ашиглан нотлох баримт бүрдүүлж байна, хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авхуулах” гэх агуулга бүхий хүсэлт гаргасан байсан. ... аймгийн Прокурорын газраас яллагдагч Ч.З-т авсан цагдан хорих хугацаа сунгуулах саналтай ирүүлсэн эрүүгийн 2134000000... дугаартай хэргийг шүүгч миний бие хянахад дараах нөхцөл байдлууд тогтоогдсон: яллагдагч Ч.З нь 2020 оны 09 дүгээр сарын 07-ны өдрийн ... аймгийн ... сум дахь сум дундын шүүхийн 105 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 4 жил 6 сарын хугацаагаар хорих ял шийтгүүлсэн байсан, яллагдагч Ч.З нь ... аймгийн ... сум дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар - 413 дугаар нээлттэй, хаалттай хорих ангид хорих ял эдэлж байсан, яллагдагч Ч.З-ыг 2020 оны 09 дүгээр сарын 02-ны өдөр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.4-т зааснаар эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татаж, 2020 оны 09 дүгээр сарын 04-ний өдөр ... аймгийн ... сум дахь Сум дундын Цагдаагийн хэлтсийн Мөрдөн байцаах хэсгийн мөрдөгч, цагдаагийн дэслэгч Г.Ү мэдүүлэг авсан байсан. Яллагдагч Ч.З нь 2020 оны 09 дүгээр сарын 07-ны өдрийн ... аймгийн ... сум дахь сум дундын шүүхийн 105 дугаартай шийтгэх тогтоолоор оногдуулсан хорих ялаа эдэлж байх хугацаанд түүнийг өмнөх үйлдэлд холбогдуулан ... аймаг дахь Цагдаагийн хэлтсийн Мөрдөн байцаах тасгаас мөрдөн шалгах ажиллагаа явуулж байсан бөгөөд яллагдагч Ч.З нь хорих ял эдэлж байсан нөхцөл байдал тогтоогдсон тул түүнд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасан “Гэмт хэрэг үйлдэж болзошгүй талаар үндэслэл бүхий баримт, мэдээлэл байгаа:” гэх үндэслэлээр түүнд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг үргэлжлүүлэн сунгасан. Өөрөөр хэлбэл, хэрвээ яллагдагч Ч.З-т цагдан хорихоос өөр төрлийн таслан сэргийлэх арга хэмжээ авсан бол яллагдагч Ч.З нь эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанаас оргон зайлж болзошгүй, мөн дахин гэмт хэрэг үйлдэж болзошгүй бодит нөхцөл байдал бүрдэнэ гэж үзсэн. Энэ нь цаашлаад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа удаашрах, үүнээс үүдэн хохирогч нар болон бусад яллагдагч нарын хуулиар хамгаалуулсан эрх, ашиг сонирхол зөрчигдөнө гэж үзээд түүнд дээрх үндэслэлээр цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсан.

Яллагдагч Ч.З нь ... аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар-425 дугаар нээлттэй хорих ангийн цагдан хорих байранд хоригдож байх хугацаандаа 2022 оны 03 дугаар сарын сүүлээр өлсгөлөн зарласан. ... аймгийн Прокурорын газраас яллагдагч Ч.З-ын биеийн эрүүл мэндийн байдал эрсдэлд орсон гэх үндэслэлээр түүний цагдан хорих байрыг өөрчлүүлэх тухай саналыг 2022 оны 03 дугаар сарын 28-ны өдөр тус шүүхэд хэргийн хамт ирүүлсэн. Уг саналын дагуу 2022 оны 03 дугаар сарын 28-ны өдөр шүүхийн хэлэлцүүлгийн ажиллагааг зарласан. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.13 дугаар зүйлийн 11 дэх хэсэгт “Шүүх дараахь тохиолдолд прокурорын саналыг үндэслэн яллагдагч, шүүгдэгчийн цагдан хоригдох байрыг өөрчилж, өөр цагдан хорих байранд шилжүүлэхээр шийдвэрлэж болно:”, уг зүйлийн 11.3 дахь заалтад “яллагдагчийн амь нас, эрүүл мэндэд аюул учрах үндэслэл бүхий баримт, мэдээлэл байгаа бол;” гэж тус тус заасан. Яллагдагч Ч.З нарт холбогдох эрүүгийн 2134000000... дугаартай хэргийг хянахад яллагдагч Ч.З нь “биеийн байдал хүндэвтэр, арьс салст цэвэр, хуурайвтар, зүрхний авиа бүдэг, жигд түргэссэн. Уушги цулцангийн сулавтар амьсгалтай. Хэл хуурай зузаан өнгөртэй. Цусны сахар түргэвчилсэн тестээр 5 ммоль. Цаашид эмчилгээ оношилгоо хийлгэх шаардлагатай. Хоол тэжээлийн дутагдал” гэх онош бүхий ... аймгийн нэгдсэн эмнэлгийн хүний их эмч Ж.А-н тодорхойлолт хавтаст хэрэгт авагдсан байсан. Мөн ... аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар-425 дугаар нээлттэй хорих анги нь дотроо эмнэлэг байхгүй, хүний эрүүл мэнд гэнэт муудсан тохиолдолд яаралтай эмнэлгийн тусламж үзүүлэх эмч байхгүй нөхцөл байдал тогтоогдсон. Түүнчлэн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харьяа Цагдан хорих 461 дүгээр хаалттай хорих анги нь улсын хэмжээнд цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авагдсан сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчид эмнэлгийн тусламж, үйлчилгээ үзүүлдэг болох нь тогтоогдсон тул яллагдагч Ч.З-ын амь нас, эрүүл мэндэд аюул учрах үндэслэл бүхий баримт мэдээлэл байна гэж үзээд шилжүүлэн цагдан хорьсон болно.

... аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.4-т зааснаар эрүүгийн хэрэг үүсгэсэн 2134000000... дугаартай хэргийн яллагдагч Ч.З-т авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээний хугацаа сунгах тухай санал гаргаж ирүүлснийг 2022 оны 08 дугаар сарын 18-ны өдөр хүлээн авч 2022 оны 08 дугаар сарын 19-ний өдрийн шүүхийн хэлэлцүүлгээр хянаад яллагдагч Ч.З-т авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээний хугацааг сунгахаас татгалзаж шийдвэрлэсэн. Прокурорын саналаас татгалзах болсон шалтгаан нь ... аймгийн Прокурорын газраас 2022 оны 08 дугаар сарын 19-ний өдөр “Яллагдагч Х.А нарт холбогдох эрүүгийн 2134000000... дугаартай хэргийн яллагдагч Ч.З нь Улсын Ерөнхий Прокурорын газарт хандан гомдол гаргасны дагуу тухайн хэргийг тус Прокурорын газрын 2022 оны 08 дугаар сарын 02-ны өдрийн 5/664 дугаартай албан бичгээр хүргүүлж, Улсын Ерөнхий Прокурорын газарт хянагдаж байгаа болно.” гэх агуулга бүхий 5/706 дугаартай албан бичгийг тус шүүхэд ирүүлсэн байсан. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.13 дугаар зүйлийн 8 дахь хэсэгт “Шүүхийн шийдвэрт дараах зүйлийн тусгана:”, 8.4 дэх хэсэгт “шүүх санал, хүсэлтийг хүлээн авсан, эсхүл хүлээн авахаас татгалзсан үндэслэл, түүний нотлох баримт;” гэж тус тус заасан. Шүүхээс хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтад үндэслэн дүгнэлт хийж яллагдагчид авсан таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөх, хүчингүй болгох, сунгах тухай асуудлыг шийдвэрлэх ёстой. Ийнхүү яллагдагч Ч.З нарт холбогдох эрүүгийн 2134000000205 дугаартай хэрэг нь прокурорын саналын хамт тус шүүхэд ирээгүй байсан тул түүнд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээний хугацааг сунгахаас татгалзаж шийдвэрлэсэн.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгож, суллагдсан яллагдагчид урьд нь цагдан хоригдсон үндэслэлээр дахин цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авахыг хориглоно.” гэж заасан. Харин яллагдагч Ч.З-т авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгоогүй, түүнийг суллаагүй тул 2022 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн шүүхийн хэлэлцүүлгээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасан “гэмт хэрэг үйлдэж болзошгүй талаар үндэслэл бүхий баримт, мэдээлэл байгаа;” гэх үндэслэлээр үргэлжлүүлэн цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсан болно.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.10 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Хэргийн ээдрээ төвөгтэй байдлыг харгалзан яллагдагчийг цаашид цагдан хорих зайлшгүй шаардлагатай бол шүүх цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээний хугацааг тухай бүр 1 сар хүртэл хугацаагаар сунгах ба яллагдагчийг цагдан хорих нийт хугацаа Эрүүгийн хуульд хорих ялын дээд хэмжээг 5 жил хүртэл хугацаагаар оногдуулахаар заасан гэмт хэрэгт 12 сар, Эрүүгийн хуульд хорих ялын дээд хэмжээг 5 жилээс дээш хугацаагаар оногдуулахаар заасан гэмт хэрэгт 18 сараас хэтэрч болохгүй.” гэж заасан. Яллагдагч Ч.З-ын холбогдсон Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.4-т заасан гэмт хэрэг нь хоёроос найман жил хүртэл хугацаагаар хорих ял оногдуулахаар заасан гэмт хэрэг.

Яллагдагч Ч.З нь 2022 оны 01 дүгээр сарын 21-ний өдрөөс 2022 оны 08 дугаар сарын 19-ний өдөр хүртэл 6 сар 29 хоног, 2022 оны 10 дугаар сарын 31-ний өдрөөс 2023 оны 07 дугаар сарын 03-ны өдөр хүртэл 8 сар 13 хоног, 2023 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн байдлаар нийт 15 сар 11 хоног цагдан хоригдсон байсан. Энэ нь хуульд заасан 18 сарын хугацаа хэтрээгүй болохоор 2023 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн шүүхийн хэлэлцүүлгийн ажиллагаагаар түүнд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээний хугацааг сунгасан. Түүнчлэн яллагдагч Ч.З нь ... аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Э миний шийдвэрээр 2022 оны 01 дүгээр сарын 21-ний өдрөөс 2022 оны 02 дугаар сарын 21-ний өдөр хүртэл 1 сар, 2022 оны 02 дугаар сарын 21-ний өдрөөс 2022 оны 03 дугаар сарын 21-ний өдөр хүртэл 1 сар, 2022 оны 03 дугаар сарын 21-ний өдрөөс 2022 оны 04 дүгээр сарын 21-ний өдөр хүртэл 1 сарын хугацаагаар цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авагдсан.

Ийнхүү яллагдагч Ч.З нарт холбогдох эрүүгийн 2134000000... дугаартай хэрэгт 2022 оны 03 дугаар сарын 31-ний өдөр прокуророос яллах дүгнэлт үйлдэж ... аймаг дахь сум дундын ... хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлж, 2022 оны 07 дугаар сарын 21-ний өдөр ... аймаг дахь сум дундын ... хэргийн анхан шатны шүүхэд хэргийг нэмэлт мөрдөн шалгах ажиллагаа хийлгэхээр ... аймгийн Прокурорын газарт буцаасан байсан. 2022 оны 07 дугаар сарын 21-ний өдөр ... аймгийн Прокурорын газраас яллагдагч Ч.З-т цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авах санал ирүүлснийг шийдвэрлээд 2022 оны 07 дугаар сарын 21-ний өдрөөс 2022 оны 08 дугаар сарын 21-ний өдөр хүртэл 1 сар буюу 31 хоног цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч, 2022 оны 08 дугаар сарын 19-ний өдөр яллагдагч Ч.З-т авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээний хугацааг сунгах санал ирснийг шүүгч миний бие татгалзаж шийдвэрлэсэн. Яллагдагч Ч.З-ын дээрх хугацааг тоолоход нийт 4 сар буюу 121 хоног цагдан хоригдсон байсан. Харин яллагдагч Ч.З-т авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээний хугацааг сунгахаас татгалзсанаас хойших хугацаа буюу 2022 оны 08 дугаар сарын 21-ний өдрөөс хойш түүнийг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харьяа Цагдан хорих 461 дүгээр хаалттай хорих ангиас ... аймгийн Сайхан сум дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар - 413 дугаар нээлттэй, хаалттай хорих анги руу хэзээ шилжүүлэх нь шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллага болон прокурорын хяналтын үйл ажиллагаатай холбоотой асуудал тул үүн дээр дүгнэлт хийж тайлбар өгөх боломжгүй байна.

Ингээд ... аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Т.Т-аас 2022 оны 10 дугаар сарын 31-ний өдөр яллагдагч Ч.З-т цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авах саналыг хэргийн хамт ирүүлснийг шүүхийн хэлэлцүүлгээр хянаад яллагдагч Ч.З-ыг 2022 оны 10 дугаар сарын 31-ний өдрөөс эхлэн 2022 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр хүртэл 1 сар, 2022 оны 11 дүгээр сарын 28-ны өдрөөс 2022 оны 12 дугаар сарын 28-ны өдөр хүртэл 1 сар, нийт 2 сар буюу 58 хоног цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсан.

... аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Т.Т 2022 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр дахин яллах дүгнэлт үйлдэж хэргийг ... аймаг дахь сум дундын ... хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлсэн байсан. Гэтэл ... аймаг дахь сум дундын ... хэргийн анхан шатны шүүхээс хянан шийдвэрлэх шүүгч байхгүй гэх үндэслэлээр уг хэргийг ... аймгийн ... суман дахь сум дундын шүүх рүү шилжүүлж тус шүүх нь хэрэгт нэмэлт мөрдөн шалгах ажиллагаа хийлгэхээр прокурорт буцааж, уг шийдвэрийг прокурорын эсэргүүцлийг үндэслэн ... аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүх хянан хэлэлцэж анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж, ... аймгийн ... суман дахь сум дундын шүүхээс 2023 оны 07 дугаар сарын 03-ны өдөр хэргийг прокурорт буцаан хүргүүлсэн ба хэргийг прокурорт буцаасан шүүгчийн захирамж дээр хэргийг прокурорт очтол яллагдагч Ч.З-т урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр заасан байсан. ... аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Т.Т-аас 2023 оны 07 дугаар сарын 03-ны өдөр яллагдагч Ч.З-т авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээний хугацаа сунгах саналыг хэргийн хамт ирүүлснийг хянаад шүүхийн хэлэлцүүлгийн ажиллагааг явуулж прокурорын санал болон хэрэгт цугларсан нотлох баримтыг үндэслэн: 2023 оны 07 дугаар сарын 03-ны өдрөөс 2023 оны 08 дугаар сарын 03-ны өдрийг хүртэл 1 сарын хугацаагаар түүнд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээний хугацааг сунгасан. Яллагдагч Ч.З нь ... аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Э миний шийдвэрээр нийт 7 сар буюу 209 хоног цагдан хоригдсон. Өөрөөр хэлбэл яллагдагч Ч.З-т мөрдөн шалгах ажиллагааны үед авбал зохих таслан сэргийлэх арга хэмжээний асуудлыг шийдвэрлэсэн...” гэжээ.

Шүүгч Н.А сахилгын хороонд гаргасан тайлбартаа: “...Яллагдагч Ч.З-ыг Б.С, Б.Т, Х.А нартай бүлэглэн ... аймгийн Сүмбэр сумын 5 дугаар багийн нутаг Цайдам гэх газраас 2020 оны 08 дугаар сарын 04-ний өдрөөс 08 дугаар сарын 09-ний өдрийн хооронд иргэн Ц.Э-ын өмчлөлийн 12 тооны адууг хулгайлж 33870900 төгрөгийн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогдуулан мөрдөн шалгах ажиллагаа явуулж дахин гэмт хэрэг үйлдэж болзошгүй үндэслэлээр цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авагдсан байсан.

Яллагдагч Ч.З-ыг УЕПГ-ын ял эдлүүлэх ажиллагаанд хяналт тавих хэлтсийн даргын ялтан дуудан ирүүлэх прокурорын тогтоолоор хорих ангиас ирүүлж эрүүгийн хэргийн мөрдөн шалгах ажиллагааг ... аймгийн Цагдаагийн хэлтэст харьяалал тогтоолгон ирүүлсэн байсан. ... аймгийн Прокурорын газраас яллагдагч Ч.З-т авсан цагдан хорих хугацаа сунгуулах саналтай ирүүлсэн эрүүгийн 2134000000 ... дугаартай хэргийг яллагдагчийн давж заалдсан гомдлын дагуу хянаж үзэхэд дараах нөхцөл байдлууд тогтоогдсон: яллагдагч Ч.З нь 2020 оны 09 дүгээр сарын 07-ны өдрийн ... аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн 105 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 4 жил 6 сарын хугацаагаар хорих ял шийтгүүлсэн, яллагдагч Ч.З-ыг 2020 оны 09 дүгээр сарын 02-ны өдөр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1,2.2, 2.4-т зааснаар эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татаж, 2020 оны 09 дүгээр сарын 04-ний өдөр ... аймгийн .... сум дахь Сум дундын Цагдаагийн хэлтсийн Мөрдөн байцаах хэсгийн мөрдөгч, цагдаагийн дэслэгч Г.Ү мэдүүлэг авч яллагдагчаар татсан, яллагдагч Ч.З нь 2020 оны 09 дүгээр сарын 07-ны өдрийн ... аймгийн ...  сум дахь сум дундын шүүхийн 105 дугаартай шийтгэх тогтоолоор оногдуулсан хорих ялаа эдэлж байх хугацаанд түүнийг өмнөх үйлдэлд холбогдуулан ... аймаг дахь Цагдаагийн хэлтсийн Мөрдөн байцаах тасгаас мөрдөн шалгах ажиллагаа явуулж байсан бөгөөд яллагдагч Ч.З нь хорих ял эдэлж байсан нөхцөл байдал тогтоогдсон тул түүнд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасан “гэмт хэрэг үйлдэж болзошгүй талаар үндэслэл бүхий баримт, мэдээлэл байгаа;” гэх үндэслэлээр цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсан. Өөрөөр хэлбэл хэрвээ яллагдагч Ч.З-т цагдан хорихоос өөр төрлийн таслан сэргийлэх арга хэмжээ авсан бол яллагдагч Ч.З нь эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанаас оргон зайлж болзошгүй, мөн дахин гэмт хэрэг үйлдэж болзошгүй бодит нөхцөл байдал бүрдсэн байсан.

... аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 1, 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.4-т зааснаар эрүүгийн хэрэг үүсгэсэн 2134000000... дугаартай хэргийн яллагдагч Ч.З-т авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээний хугацаа сунгах тухай санал гаргаж ирүүлснийг 2022 оны 08 дугаар сарын 18-ны өдөр хүлээн авч танилцаад 2022 оны 08 дугаар сарын 19-ний өдрийн шүүхийн хэлэлцүүлгээр яллагдагч Ч.З-т авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээний хугацааг сунгахаас татгалзаж шийдвэрлэсэн. Прокурорын саналаас татгалзах болсон шалтгаан нь ... аймгийн Прокурорын газрын 2022 оны 08 дугаар сарын 19-ний өдрийн 5/706 дугаартай “Яллагдагч Х.А нарт холбогдох эрүүгийн 2134000000... дугаартай хэргийн яллагдагч Ч.З нь Улсын Ерөнхий Прокурорын газарт хандан гомдол гаргасны дагуу тухайн хэргийг тус Прокурорын газрын 2022 оны 08 дугаар сарын 02-ны өдрийн 5/664 дугаартай албан бичгээр хүргүүлж, Улсын Ерөнхий Прокурорын газарт хянагдаж байгаа болно.” гэх агуулга бүхий албан бичгийг тус шүүхэд ирүүлсэн.

Шүүхээс хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтад үндэслэн яллагдагчид авсан таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөх, хүчингүй болгох, сунгах тухай шийдвэрлэх ёстой. Ийнхүү яллагдагч Ч.З-т авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээний хугацааг сунгахаас татгалзсан нь үндэслэлтэй байх тул прокурорын гаргасан эсэргүүцлийг хангахаас татгалзаж шийдвэрлэсэн.

Яллагдагч Ч.З-ын холбогдсон Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.4-т заасан гэмт хэрэг нь хоёроос найман жил хүртэл хугацаагаар хорих ял оногдуулахаар заасан гэмт хэрэг. Яллагдагч Ч.З нь 2022 оны 01 дүгээр сарын 21-ний өдрөөс 2022 оны 08 дугаар сарын 19-ний өдөр хүртэл 6 сар 29 хоног, 2022 оны 10 дугаар сарын 31-ний өдрөөс 2023 оны 07 дугаар сарын 03-ны өдөр хүртэл 8 сар 13 хоног, 2023 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн байдлаар нийт 15 сар 11 хоног цагдан хоригдсон байсан. Энэ нь хуульд заасан 18 сарын хугацаа хэтрээгүй болно.

2023 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн шүүхийн хэлэлцүүлгийн ажиллагаагаар түүнд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг сунгасан шүүгч Т.Э-ын захирамжид гомдол гаргасныг хангаж шийдвэрлэсэн ба яллагдагчийн хувийн байдал, цагдан хоригдсон хуулийн хугацаа 18 сар хүрэх гэж байгаа зэрэг шалтгааны улмаас яллагдагч Ч.З-т цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авагдаагүй ялаа эдэлж байгаа болно. Яллагдагч нь дээрх хугацаанд цагдан хорих хугацаа сунгаагүй үндэслэлээр ШШЕГ-461 дүгээр ангид 2022.08.19-өөс 2002.10.31-ний өдрийг хүртэлх хугацаанд шүүхийн шийдвэргүй хоригдсон гэх боловч тухайн ШШГЕГ-ын дотоод журамд ялтанг хэдий хугацаанд харьяа хорих ангид ял эдлүүлэхээр хуяглан хүргэж өгөх асуудал шүүхийн шийдвэрлэх асуудал биш учир холбогдох байгууллага тайлбараа өгөх нь зүйтэй.

Яллагдагч нарт холбогдох хэрэгт ... аймгийн прокурорын газраас 2022 оны 03 сарын 31-ний өдөр яллах дүгнэлт үйлдэж ... аймгийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд хүргүүлснийг урьдчилсан хэлэлцүүлгээр буцааж 2022 оны 07 сарын 22-ны өдөр ... аймгийн прокурорын газарт буцаан ирүүлсэн. Тус прокурорын газраас 2022 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр дахин прокурорын яллах дүгнэлт үйлдэж ... аймгийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд хүргүүлснийг анхан шатны шүүх хэлэлцээд хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцаасныг прокурорын эсэргүүцэл бичигдэж тус аймгийн эрүү иргэний хэргийн давж заалдах шатны шүүхээр хэлэлцэгдэж 2023 оны 07 сарын 03-ний өдөр ... аймгийн прокурорын газарт хүргүүлснийг прокурорын саналаар хорьж мөрдөх хугацаа сунгуулах саналтай ирүүлснийг хэлэлцээд яллагдагчийн гомдлоор ерөнхий шүүгч миний бие хэлэлцээд хугацааг сунгах шаардлагагүй гэж шийдвэрлэсэн болно. ... аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Э нь Ч.З-ыг үндэслэлгүйгээр цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ аваагүй бөгөөд энэ хугацаанд явуулсан бүх ажиллагаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу явуулсан тул шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж шийдвэрлэж байсан болно...” гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Сахилгын хэрэгт авагдсан баримтуудаас үзвэл ... аймгийн ... сум дахь сум дундын шүүхийн 2020 оны 09 дүгээр сарын 07-ны өдрийн 105 дугаар шийтгэх тогтоолоор шүүгдэгч Ч.З-ыг бусдын олон тооны малыг хулгайлсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, 4 жил 6 сарын хугацаагаар хорих ялаар шийтгэсэн,  тэрээр  Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харьяа 413 дугаар нээлттэй, хаалттай хорих ангид ял эдэлж байх хугацаанд Улсын ерөнхий прокурорын газрын 2022 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн 06/09 дугаар Прокурорын зөвшөөрлөөр хоригдол Ч.З-ыг  ... аймаг дахь Цагдаагийн хэлтсийн Мөрдөн байцаах тасгийн эрх бүхий албан тушаалтанд шилжүүлэх зөвшөөрөл олгосон, яллагдагч Ч.З-ыг ... аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2022 оны 01 дүгээр сарын 21-ний өдрийн 2022/ЦХШЗ/08 дугаар захирамжаар 2022 оны 01 дүгээр сарын 21-ний өдрөөс 02 дугаар сарын 21-ний өдрийг хүртэл 1 сар,  шүүгчийн 2022 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн 2022/ЦХШЗ/11 дүгээр захирамжаар 03 дугаар сарын 21-ний өдрийг хүртэл 1 сар, шүүгчийн 2022 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн 2022/ЦХШЗ/16 дугаар захирамжаар 04 дүгээр сарын 21-ний өдрийг хүртэл 1 сар, шүүгчийн 2022 оны 07 дугаар сарын 21-ний өдрийн 2022/ЦХШЗ/33 дугаар захирамжаар 08 дугаар сарын 21-ний өдрийг хүртэл 1 сар, шүүгчийн 2022 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн 2022/ЦХШЗ/44 дүгээр захирамжаар 11 дүгээр сарын 30-ны өдрийг хүртэл 1 сар, шүүгчийн 2022 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 2022/ЦХШЗ/48 дугаар захирамжаар 2022 оны 11 дүгээр сарын 30-ны өдрөөс 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл 1 сар, шүүгчийн 2023 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн 2023/ЦХШЗ/08 дугаар захирамжаар 08 дугаар сарын 03-ны өдрийг хүртэл цагдан хорих хугацааг 1 сар сунгасан, уг захирамжийг ерөнхий шүүгчийн 2023 оны 07 дугаар сарын 24-ний өдрийн 2023/ЕШЗ/94 дүгээр захирамжаар хүчингүй болгосон үйл баримт тогтоогдож байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.9 дүгээр зүйлийн 2-т “Эрүүгийн хуулийн тусгай ангид хорих ялын доод хэмжээг найман жил, түүнээс дээш хугацаагаар оногдуулахаар заасан гэмт хэргийн яллагдагчийн хувийн байдал, үйлдэгдсэн гэмт хэргийн шинжийг харгалзан эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зорилтод нийцүүлэн цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч болно”, 14.10 дугаар зүйлийн 2-т “Хэргийн ээдрээ төвөгтэй байдлыг харгалзан яллагдагчийг цаашид цагдан хорих зайлшгүй шаардлагатай бол шүүх цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээний хугацааг тухай бүр 1 сар хүртэл хугацаагаар сунгах ба яллагдагчийг цагдан хорих нийт хугацаа Эрүүгийн хуульд хорих ялын дээд хэмжээг 5 жил хүртэл хугацаагаар оногдуулахаар заасан гэмт хэрэгт 12 сар, Эрүүгийн хуульд хорих ялын дээд хэмжээг 5 жилээс дээш хугацаагаар оногдуулахаар заасан гэмт хэрэгт 18 сараас хэтэрч болохгүй” гэж заасан.

Яллагдагч Ч.З нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.4 дэх хэсэгт заасан буюу хоёр жилээс найман жил хүртэл хугацаагаар хорих ял оногдуулах гэмт хэрэгт холбогдон яллагдагчаар татагдсан, шүүгчийн захирамжаар цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсан нийт хугацааг тооцоход 14 сар 25 хоног болж байгаа нь дээрх хуулийн зохицуулалтад нийцсэн, энэ талаар хийсэн илтгэгч гишүүний дүгнэлт үндэслэлтэй болжээ.

Түүнчлэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.1 дүгээр зүйлийн 1-д “Яллагдагч, шүүгдэгчид энэ хуульд заасан үндэслэл, журмын дагуу дараахь таслан сэргийлэх арга хэмжээ авна”, 1.5 “цагдан хорих”, 3-т “Мөрдөн байцаалтын явцад энэ зүйлийн 1.2, 1.3, 1.5-д заасан таслан сэргийлэх арга хэмжээг шүүхийн зөвшөөрлөөр, эрүүгийн хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх явцад энэ зүйлийн 1.1, 1.2, 1.3, 1.4, 1.5, 1.6-д заасан таслан сэргийлэх арга хэмжээг шүүх авна”, 14.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх дараахь үндэслэлийн аль нэг нь байвал яллагдагчийг цагдан хорих шийдвэр гаргана”: 1.3  “гэмт хэрэг үйлдэж болзошгүй талаар үндэслэл бүхий баримт, мэдээлэл байгаа”, 14.13 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүхийн хэлэлцүүлэгт прокурор, яллагдагчийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгчийг оролцуулах ба хүсэлт гаргасан тохиолдолд яллагдагчийг оролцуулна.” 11 дэх хэсэгт “Шүүх дараахь тохиолдолд прокурорын саналыг үндэслэн яллагдагч, шүүгдэгчийн цагдан хоригдох байрыг өөрчилж, өөр цагдан хорих байранд шилжүүлэхээр шийдвэрлэж болно”:  11.3 “яллагдагчийн амь нас, эрүүл мэндэд аюул учрах үндэслэл бүхий баримт, мэдээлэл байгаа бол” гэж заасныг нэр бүхий шүүгч нар зөрчөөгүй талаар илтгэгч гишүүн өргөдлийн үндэслэл тус бүрд хуульд нийцсэн дүгнэлт хийсэн, шалгах ажиллагаа хуульд заасан журмын дагуу явагдсан байх тул сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох саналыг хүлээн авах нь зүйтэй гэж бүрэлдэхүүн үзлээ.

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 112 дугаар зүйлийн 112.1.2, 112.2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Сахилгын хорооны гишүүний 2023 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн ГС/2023/0104 дүгээр “Сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох тухай” санал”-ыг хүлээн авч, ... аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч Н.А, шүүгч Т.Э нарт холбогдох сахилгын хэргийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Магадлалыг сахилгын хэргийн оролцогч болон өргөдөл, мэдээлэл гаргагчид хүргүүлэхийг Ажлын албанд даалгасугай.

3. Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 112 дугаар зүйлийн 112.8 дахь хэсэгт зааснаар магадлалыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор сахилгын хэргийн оролцогч гомдол, илтгэгч гишүүн эсэргүүцэл гаргах эрхтэй. 

                           ДАРГАЛАГЧ                                               О.НОМУУЛИН

                           ГИШҮҮН                                                     Д.МЯГМАРЦЭРЭН

                                                                                               Д.ЭРДЭНЭЧУЛУУН