МОНГОЛ УЛС
ШҮҮХИЙН САХИЛГЫН ХОРОО
МАГАДЛАЛ
2023-11-07
Дугаар 120
Улаанбаатар хот
Сахилгын хэргийг хэрэгсэхгүй
болгох тухай
Шүүхийн сахилгын хорооны хуралдааныг гишүүн Б.Сугар даргалж, гишүүн Д.Мягмарцэрэн, Д.Эрдэнэчулуун нарын бүрэлдэхүүнтэй, илтгэгч гишүүн Г.Цагаанцоож, холбогдох шүүгч Т.А, өргөдөл гаргагч А.Б, нарийн бичгийн дарга Г.Болортуяа нарыг оролцуулан тус хорооны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар:
... шүүхийн шүүгч Т.А-д холбогдох сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох тухай саналыг хянан хэлэлцэв.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Сахилгын хорооны гишүүний 2023 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн ГС/2023/0106 дугаартай “Сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох тухай санал”-д:
“... 1.“... нэхэмжлэгч нь 2023 оны 04 дүгээр сарын 23-ны өдөр хэрэгт ач холбогдол бүхий нотлох баримт гаргуулах хүсэлт гаргасан, шүүгч уг хүсэлтийг тодорхой үндэслэлгүй татгалзан захирамж гаргаснаа нэхэмжлэгч талд мэдэгдээгүй гурван сар гаруйн дараа 2023 оны 07 дугаар сарын 25-ны өдөр шүүх хурал дээр танилцуулж, гарын үсэг зуруулсан. Нотлох баримтыг “А” ХХК-аас гаргуулах бүрэн боломжит хугацаа байхад шүүгч татгалзаж, санаатайгаар хуралдаан зохион байгуулж “С” ХХК-д давуу байдал олгох эс үйлдэл хийсэн ...” гэх гомдлын талаар:
Нэхэмжлэгч “Х” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Б 2023 оны 04 дүгээр сарын 23-ны өдөр шүүхэд гаргасан хүсэлтдээ “...Ө” ХХК-тай байгуулсан 2022 оны 06 дугаар сарын 08-ны өдрийн UNKH2022/08В02 дугаартай Оффисын талбайн захиалгын гэрээг эх хувиар гаргуулах, хэрэв тухайн компанид байхгүй бол “Ө” ХХК-ийн тус шүүхэд хандсан 2023 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн УГ-012 тоот албан бичигт дээрх 3 гэрээтэй холбоотой эрх, үүрэг хариуцлагыг “А” ХХК-д шилжүүлсэн гэсэн байх тул гэрээний албан ёсны эх хувийг “А” ХХК-с гаргуулан авах хүсэлтийг дахин гаргаж байна” гэжээ.
Шүүгчийн 2023 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн 04333 дугаар захирамжаар нэхэмжлэгчийн “...UNKH2022/08В02 дугаартай “Оффисын талбайн захиалгын гэрээ”-г гаргуулах хүсэлтийг хангаж, улмаар холбогдох ажиллагаа явуулсан байх ба “С” ХХК 2023 оны 04 дүгээр сарын 11-ний өдрийн 16 тоот албан бичгээр дээрх гэрээг шүүхэд хүргүүлж байгаагаа мэдэгджээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.6.-т “Хэргийг хянан шийдвэрлэхэд зайлшгүй шаардлагатай нотлох баримт нь төрийн болон албаны нууц, байгууллагын нууц, хүний эмзэг мэдээлэлтэй холбоотой; өөр улс, орон нутагт байгаа учраас зохигч тэдгээрийг өөрөө олж авах боломжгүй; түүнчлэн туршилт, үзлэг, таньж олуулах, шинжилгээ хийлгэх, гэрчийн мэдүүлэг авах тохиолдолд нотлох баримтыг хэргийн оролцогчийн хүсэлтээр шүүх бүрдүүлнэ” гэж заасан, нэхэмжлэгчийн нотлох баримт гаргуулах тухай хүсэлтийг шүүх хангасан, хэргийн оролцогчоос уг баримтыг шүүхэд ирүүлсэн байна.
Харин нэхэмжлэгч тал уг гэрээг “А” ХХК-с гаргуулах хүсэлтийг 2023 оны 04 дүгээр сарын 23-ны өдөр дахин гаргасан, шүүгч 2023 оны 07 дугаар сарын 24-ний өдөр 12535 дугаар захирамжаар хүсэлтийг хангахаас татгалзжээ. Энэхүү хүсэлтэд дурдсан гэрээ хэрэгт авагдсан тул шүүгч хүсэлтийг хангахаас татгалзахдаа “... гэрээнүүдийг шүүхэд ирүүлсэн, “А” ХХК-иас нотлох баримт гаргуулах нь хэрэгт хамааралтай гэж дүгнэх боломжгүй” гэж үзжээ. Нэхэмжлэгчийн хүсэлтийг шүүгч өмнө нь шийдсэн, нотлох баримт шүүхэд ирсэн, энэ тохиолдолд шүүгчийг “... “С” ХХК-д давуу байдал бий болгосон гэж үзэх үндэслэлгүй.
2.“... Шүүгч хуралдаан эхэлсэн үед нэхэмжлэгчийн эхний шаардлагыг хоорондоо эвлэр гэж шахаж, хариуцагчийн итгэмжилсэн төлөөлөгч Б.М-г эхний шаардлага дээрээ эвлэрэх хүсэлт бич гэж шаардан бичүүлсэн, ...энэ нь санаатайгаар хоёр дахь шаардлагыг хэрэгсэхгүй болгох гэсэн далд тоглолт хийж үндсэн зээлийн төлбөрийн алданги 0.01%-аар бодогдсон 10,706,100 төгрөгийг бууруулан 1,070,610 төгрөг болгон 9,635,490 төгрөгөөр бууруулж, нэхэмжлэгч талыг буруу тооцоолж байна нягтлан бодогчоо авчрах хэрэгтэй гэх мэт доромж үгээр дайрч эхэлсэн..., шийдвэрт нэхэмжлэгч тал хүсэлт гаргасан гэж зохиож бичсэн...илт давуу байдал хариуцагчид олгож шүүгчийн эрх мэдлээрээ далайлган нэхэмжлэгч талд илт хохиролтойгоор асуудлыг шийдвэрлэсэн...” гэх гомдлын талаар.
Анхан шатны шүүх хуралдааны дэгийг хуульд тусгайлан зохицуулсан бөгөөд хуралдаан даргалагч шүүгч Т.А 2023 оны 07 дугаар сарын 25-ны өдрийн шүүх хуралдааныг нээж, “Х” ХХК-ийн нэхэмжлэлтэй “С” ХХК-д холбогдох иргэний хэргийг хянан хэлэлцэх талаар танилцуулаад, шүүх хуралдааны хэлэлцүүлэг эхлэхээс өмнө зохигч эвлэрэн хэлэлцэх санал байгаа эсэх талаар асуухад хариуцагч 127 саяыг хүлээн зөвшөөрч байна, харин алданги хэт өндөр байна гэсэн тул шүүх хуралдаан үргэлжилсэн талаар тэмдэглэлд тусгагджээ. Мөн шүүх хуралдааны бичлэгт:
Нэхэмжлэгч: Нэхэмжлэлийн шаардлагаа танилцуулав. /Бичлэгийн 0:04:47-0:10:04/
Даргалагчаас: Нэхэмжлэлийн шаардлага хэвээрээ юу гэхэд /Бичлэгийн 0:10:14/
Нэхэмжлэгч: Тийм гэв. /Бичлэгийн 0:10:15/ гээд нэхэмжлэгч шаардлагаа, хариуцагч татгалзлаа танилцуулсны дараа
Даргалагчаас: Та хоёр 127.000.000 төгрөгийн үлдэгдэлд маргаангүй гэсэн гэхэд /Бичлэгийн 0:10:25-0:10:28/
Хариуцагч тал: 127.000.000 төгрөгт маргаангүй гэв. /Бичлэгийн 0:10:29-0:10:31/
Нэхэмжлэгч: Алдангийг буруу бодсон байсан 10.000.000 төгрөг болж байсан гэв. /Бичлэгийн 0:10:35-0:10:45/
Даргалагчаас: Та 2 алдангиа сайн боддоо. 0.1 хувь нь 12.700 төгрөг байна. 127.000.000 төгрөгийн 1 хувь нь 1.270.000 төгрөг байна зөв үү гэв. /Бичлэгийн 0:13:40-0:13:55/
Даргалагчаас: Эвлэрвэл энэ хэргийг шийдвэрлэмээр байна. 127.000.000 төгрөгийн 1 хувь нь 1.270.000 төгрөг байна. 0.1 хувь нь 12.700 төгрөг байна. Батдорж та хуваагаад үз пропорцын аргаар бодно шүү дээ. Хэд хоног байсан бэ гэв. /Бичлэгийн 0:14:10-0:15:08/
Нэхэмжлэгч: 844 хоног байсан гэв. /Бичлэгийн 0:15:13/
Даргалагчаас: 1.070.610 төгрөг гарч байна зөв үү гэхэд /Бичлэгийн 0:15:25-0.15:28/
Нэхэмжлэгч: Жил гаруй хугацаа өнгөрсөн байхад 1 сая төгрөг гарна гэж байх уу гэв. /Бичлэгийн 0:15:30/
Даргалагчаас: Та 127.000.000 төгрөгийн хувийг нь бод л доо. Нөгөө талаас 127.000.000 төгрөг болон алдангиа төлье эвлэрье гэсэн. Эвлэрч болно гээд бичвэл маргаангүй зүйлээ эхлээд шийдвэрлээд дараа нь маргаантай зүйлээ шийдвэрлэмээр байна. 0.1 хувь байсан бол 10.000.000 төгрөг болно. Гэрээнд 0.01 хувь гэж байна. Та нар бичихдээ буруу бичсэн юм уу эсхүл ингэж ойлгосон эсэхийг нь мэдэхгүй байна. /Бичлэгийн 0:15:35-0:17:28/
Нэхэмжлэгч: 10.706.100 төгрөг гэв. /Бичлэгийн 0:17:29-0:18:00/
Даргалагчаас: Та 0.1 хувиар бодоод байна тэгэхээр 10.000.000 төгрөг болно. 0.01 хувиар бодвол 1.070.610 төгрөг гарч байна. Та нягтлан бодогчоороо бодуулж үзээгүй юм уу /Бичлэгийн 0:18:01-0:18:37/
Нэхэмжлэгч: За ойлголоо гэв. /Бичлэгийн 0:18:35/
Даргалагчаас: Та хоёр хуралдаанд нэхэмжлэлийн шаардлагатай маргахгүй бол ИХШХШТХ-ийн 105.1-д заасан үндэслэлээр шүүгч шийдвэрлэж болно. Үлдэгдэл 127.000.000 төгрөг болон алданги 1.070.610 төгрөгийг нөхөн төлнө гээд биччих. Нэхэмжлэлийн хоёр шаардлага байгаа. Маргахгүй байгаа учраас эвлэрлийн гэрээ байгуулж, эвлэрлийг баталснаар хүчин төгөлдөр болох ёстой. Шүүхийн шийдвэр бичихэд баримт болно. Талууд маргахгүй байхад заавал маргалдуулах шаардлагагүй. Та хоёрт ч гэсэн амар нэг нэгэндээ хүндрэл учруулахгүй байх. Шүүх хуралдаанд маргаангүй зүйлийн талаар маргалдуулж цаг авах шаардлагагүй эвлэрсэн тохиолдолд эвлэрлийн гэрээг баталж шийдвэрлэдэг. /Бичлэгийн 0:18:37-0:20:42/
Хариуцагч: Эвлэрэх тухай хүсэлт бичив. /Бичлэгийн 0:30:31-0:34:08/
Нэхэмжлэгч: Хариуцагчийн бичсэн хүсэлттэй танилцаж гарын үсэг зурав. /Бичлэгийн 0:34:10-0:34:55/
Даргалагчаас: Зохигчдоос гаргасан хүсэлтийг уншаад нэхэмжлэлийн нэгдүгээр шаардлагыг зөвшөөрч эвлэрсэн учраас нэхэмжлэлийн хоёрдугаар шаардлагыг шүүх хуралдаанаар хэлэлцэнэ. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн хоёрдох шаардлагаа ярина уу гэжээ. /Бичлэгийн 0:35:24-0:36:06/
Шүүхийн 02807 дугаар шийдвэрт “... хариуцагч нэхэмжлэлээс 128,070,610 төгрөгийг төлөхөөр нэхэмжлэгчтэй харилцан тохиролцож, энэхүү шаардлагын хүрээнд зохигчид эвлэрэн хэлэлцэж, эвлэрлийн гэрээг шүүх хуралдааны явцад байгуулсан, ... эвлэрлийн гэрээг баталсан...” талаар дурдаж, шийдвэрлэжээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1.-т “Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа шүүх хуралдаан даргалагч буюу шүүгч хэргийн талаар танилцуулснаар эхэлнэ”, 106.2.-т “Нэхэмжлэгч нэхэмжлэлээ дэмжиж байгаа эсэх, хариуцагч нэхэмжлэгчийн шаардлагыг зөвшөөрч байгаа эсэх, зохигч эвлэрэх хүсэлтэй байгаа эсэхийг шүүх хуралдаан даргалагч асууж тодруулна. Зохигчид эвлэрэх хүсэлтэй байгаа тохиолдолд эвлэрүүлэн зуучлагчийн туслалцаа авах эсэхийг асууна”, 106.4.-т “Хариуцагч шүүхийн шийдвэр гарах хүртэл нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь буюу зарим хэсгийг хүлээн зөвшөөрөх буюу зохигч эвлэрч болно”. 106.5.-т “Энэ хуулийн 106.3, 106.4-т зааснаар нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсан, хариуцагч нэхэмжлэгчийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн, зохигч эвлэрсэн нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй бол шүүх хариуцагчийн зөвшөөрөл, нэхэмжлэгчийн татгалзал, зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай шүүгч захирамж, шүүх тогтоол гаргана. Эдгээр тогтоол, захирамжид энэ хуулийн 74.4-т заасан зохицуулалт нэгэн адил хамаарна” гэж заасан.
Шүүх хуралдааны тэмдэглэл болон бичлэгээс үзвэл, зохигч талууд нэхэмжлэлийн зарим шаардлагын талаар харилцан тохиролцож эвлэрсэн нь хууль зөрчсөн гэж үзэх боломжгүй. Шүүгч зохигчийг эвлэрүүлэхээр шахсан, албадсан гэх байдал тогтоогдоогүй болно.
Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийг нотлох үүрэгтэй бөгөөд шүүгч алдангийг хэрхэн тооцож гаргасныг асууж тодруулсныг доромжилсон гэж үзэх үндэслэлгүй, мөн “...нягтлан бодогчоо авчрах хэрэгтэй...” гэж хэлсэн нь тогтоогдоогүй болно.
3. “...шүүгч нь хариуцагч талтай илтэд хамтран ашиг олоогүй тухай яриа өрнүүлж, хэргийн материалд огт байхгүй зүйлсийг ярьж эхэлсэн төдийгүй нэхэмжлэгч талын эсэргүүцлийг хүлээж авахаас татгалзаж, хариуцагчийн ярьсан зүйлийг илт зөвшөөрч, харилцан ярилцаж эхэлсэн. Энэ тухайд нь нэхэмжлэгч тал нотлох баримтгүй юм яримааргүй байна гэхэд хурлын дэг барьж байна гэсэн үгээр халхавчилж нэхэмжлэгчийн ярих, асууж тайлбарлах бололцоог хааж, өөрөөс чинь би зөвхөн асуулт асууна гэсэн, хэрэг маргааныг нотлох баримтаар шийдвэрлэх ёстойгоо умартсан нь шүүгч хүнд огт байх ёсгүй үйлдэл” гэх гомдлын талаар:
Шүүх хуралдааны тэмдэглэл болон бичлэгт дурдсанаар зохигчид нэхэмжлэлийн зарим шаардлагын талаар эвлэрсэн тул даргалагч нэхэмжлэлийн хоёрдугаар шаардлагыг шүүх хуралдаанаар хэлэлцэхийг мэдэгдэхэд нэхэмжлэгч энэхүү шаардлагаа тайлбарлахад хариуцагч хариу тайлбараа гаргасан, зохигчид асуулт асууж, хариулт авсан, даргалагч хэрэгт авагдсан нотлох баримт шинжлэн судалж, улмаар зохигчоос асуулт асуусан байна. Тодруулбал,
Даргалагчаас: Зохигчид асуух асуулт байвал асууна уу гэв. /Бичлэгийн 0:46:55-0:46:57/
Зохигчид: Асуулт асууж, хариулт авав. /Бичлэгийн 0:47:00-0:50:58/
Даргалагчаас: Иргэний хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлав. /Бичлэгийн 0:51:02-1:09:50/
Даргалагчаас: Нэхэмжлэгч талаас асуулт асууж хариулт авав. /Бичлэгийн 1:10:04-1:10:50/
Даргалагчаас: Хөрөнгө оруулж, хамтран ажиллах гэрээний 1.2-т заасан ашиг гэдэгт “С” ХХК, “Ө” ХХК-тай 4 тэрбум төгрөгийн ажил гүйцэтгэх гэрээ байгуулсан байсан. “Ө” ХХК-иас ирүүлсэн албан тоотод 490.000.000 төгрөг өгсөн гэжээ. Танайд өгөх 500.000.000 төгрөгийн оффисын талбай байгаа юу. Хэрэгт баримтууд ирсэн байна гэхэд /Бичлэгийн 1:11:01-1:11:54/
Нэхэмжлэгч: Би ямар ч нотлох баримт ирээгүй гэж бодож байна. Нэг байгууллага ингэж бичлээ гээд баримт болохгүй гэв. /Бичлэгийн 1:11:54-1:12:00/
Даргалагчаас: “С” ХХК-ийн “Ө” ХХК-тай байгуулсан “Ажил гүйцэтгэх” 20/05 дугаартай гэрээний 2.2-т шилэн фасадын үнэ 3 тэрбум гаруй төгрөг, А хавтан 600.000 гаруй төгрөг нийт 4 тэрбум гаруй төгрөгийн гэрээ байна. Манай зүгээс 490.000.000 төгрөг шилжүүлсэн. Өөр мөнгө өгөөгүй гэсэн байна. 4 тэрбум төгрөгөөс 490.000.000 төгрөгийг хасахад 4 тэрбум төгрөгийн ажил хийгдсэн гэж үзэх үү хийгдээгүй гэж үзэх үү гэхэд /Бичлэгийн 1:12:00-1:12:59/
Нэхэмжлэгч: Авсан зүйл нь бол хийгдсэн бид зургийн авсан байгаа. Барилгын 3 талыг төмрөөрөө фасадын суурийг хийсэн гэв. /Бичлэгийн 1:13:00-1:13:10/
Даргалагчаас: Тэр нь А хавтан биш үү гэхэд /Бичлэгийн 1:13:11-1:13:13/
Нэхэмжлэгч: А хавтанд шилэн хавтан ямар ч хамааралгүй. Бид шилэн хавтанд хөрөнгө оруулалт хийгээгүй. Шилийг нь тогтоох төмөрт хөрөнгө оруулсан. “Ө” ХХК-тай хийсэн гэрээ хамааралгүй гэв. /Бичлэгийн 1:13:14-1:13:34/
Даргалагчаас: Хөрөнгө оруулж, хамтран ажиллах гэрээний 1.2-т талуудын хөрөнгө оруулалтын зорилго нь талууд энэхүү гэрээний 3.1-д заасан хөрөнгийг А тал нь Б талд хөрөнгө оруулалт хийж, “С” ХХК-ны “Ө” ХХК-тай байгуулсан 2020 оны 02 сарын 05-ны өдөр байгуулсан 20/05 тоот ажил гүйцэтгэх гэрээний хэрэгжилт, түүнээс гарах ашгийн тодорхой хувийг энэхүү гэрээний 3.2-д заасан хэмжээгээр хуваан эзэмшихтэй холбоотой үүсэх аливаа харилцааг зохицуулна гэжээ. Тэгэхээр танай бүх гэрээтэй хамааралтай байна. Ажил гүйцэтгэх гэрээ нь 4.458.660 төгрөг байна. “Ө” ХХК 490.000.000 төгрөгийн өгсөн өөр мөнгө өгөөгүй гэсэн. 490.000.000 төгрөгийн ажил хийсэн эсэхийг нь тогтоогоогүй байхад ямар ашгийг яаж авах гэж байгаа нь ойлгомжгүй байна. Яаж тогтоох вэ гэхэд /Бичлэгийн 1:13:41-1:14:32/
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Шийдвэрлэх боломжгүй байдал үүсэж байгаа учир бүх гэрээг олох шаардлагатай болж байна. /Бичлэгийн 1:14:33-1:14:45/
Даргалагчаас: Шүүхээс таны хүсэлтийг хангаж нотлох баримтуудыг хангалттай авсан. Танд өөр ямар баримт шаардлагатай байна гэхэд /Бичлэгийн 1:14:46-1:14:57/
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Бүх гэрээнүүдийг ахиж олохоос өөр аргагүй байдал үүсэж байна. “Х” ХХК, “С” ХХК нарын хооронд байгуулагдсан гэрээний 9.8-д Талуудын хэн аль нь энэхүү гэрээний дагуу хүлээх аливаа эрх, үүргийг бүхэлд нь эсвэл хэсэгчлэн нөгөөгийнхөө зөвшөөрөлгүйгээр шилжүүлэх эрхгүй гэж заасан. “С" ХХК ашиг олсон гэв. /Бичлэгийн 1:14:58-1:16:19/
Даргалагчаас: Энэ бол өөр ойлголт шүү дээ. Та хуульч хүн ажил гүйцэтгэх гэрээг гүйцэтгэж, дуусгавар болж, төлбөрийн асуудлыг шийдвэрлэсний дараа ашиг олгох тухай асуудал яригдана. Таны ярьснаар уг компани төлбөрөө авсан гэхдээ ашиг олоогүй байна гэхэд /Бичлэгийн 1:16:20-1:16:48/
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Энэ компани ашиг олсон. /Бичлэгийн 1:16:50-1:16:51/
Даргалагчаас: Ашиг олсон гэх баримт байна уу гэхэд /Бичлэгийн 1:16:52-1:16:53/
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Орон сууц авч зарсан. /Бичлэгийн 1:16:54-1:16:57/
Даргалагчаас: Таны өгсөн баримтад зураг л байсан. Зургаар хэрхэн нотлох вэ гэв. / Бичлэгийн 1:16:58-1:17:03/
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Ашиг олоогүй гэдгийг тогтоогоогүй учир хэргийг шийдвэрлэх боломжгүй байдал үүсэж байна. /Бичлэгийн 1:17:04-1:17:12/
Даргалагчаас: Шүүхээс хангалттай баримтуудыг цуглуулсан. Эхний шүүх хуралдаанд шүүх өөрийн санаачилгаар баримтуудыг гаргасан. Та баримт гаргаагүй шүү дээ. Одоо баримтууд нь хаана байна вэ. Энэ хэргийг шийдвэрлэхийн тулд өчнөөн хугацаагаар хүлээсэн. Шүүх хуралдааныг хойшлуулах хүсэлт гаргаж байсан. /Бичлэгийн 1:17:13-1:17:46/
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Би хүлээн зөвшөөрөхгүй байна. Энэ хэргийг дахин шийдвэрлэх хэрэгтэй. Материал цуглуулахгүй бол болохгүй юм байна. /Бичлэгийн 1:17:46-1:17:51/
Даргалагчаас: Хаанаас материал цуглуулах гээд байна вэ гэхэд /Бичлэгийн 1:17:52-1:17:54/
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Хотын захиргаа болон бусад хандаж болох бүх газруудаас баримт гаргуулж, хэргээ шийдвэрлүүлэх хүсэлтэй байна гэв. /Бичлэгийн 1:17:54-1:18:02/
Даргалагчаас: Та хэрхэн нотлох вэ, хаанаас ямар баримт авах вэ гэхэд /Бичлэгийн 1:18:07-1:18:10/
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: 300,000,000 төгрөгийн бүх төмөр хадагдчихсан, одоо шилэн А хавтанг суулгаж байгаа. Тодорхой баримуудыг бид авна. /Бичлэгийн 1:18:10-1:18:40/
Даргалагчаас: Шүүхээс баримтуудыг хангалттай гэж үзэж байна. Би танд шаардлагатай баримтуудаа өгөөрэй гэж хэлж байсан. Өөр баримтууд байгаа юм уу гэхэд /Бичлэгийн 1:18:42-1:19:15/
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Эд нар албаар баримтуудыг өгдөггүй. Санаатай саад учруулсан. Яагаад тэр компаниуд баримтаа өгөхөө больчихов. /Бичлэгийн 1:19:15-1:19:30/
Даргалагчаас: Иргэний хэргийн шүүх эрүүгийн хэргийн шүүх шиг мөрдөх ажиллагаа явуулдаггүй. Иргэний шүүх захирамжийн биелэлтийг шаарддаг. Захирамжийн биелэлтийн дагуу ирсэн хариу тайлбар, албан тоотыг үндэслэнэ. Та ийм газраас ийм баримт гаргуулъя гэх ёстой. Та эрүүгийн хэргийг шийдвэрлэх гэж байгаа юм мэт яриад байна. Талууд аль аль нь баримтаа гаргаж өгөх ёстой. /Бичлэгийн 1:19:31-1:20:30/
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Манайх ямар нэгэн ашиг олоогүй. Юу ч хийгээгүй. /Бичлэгийн 1:20:35-1:20:40/
Даргалагчаас: Танайх “Ө” ХХК-иас 490,000,000 төгрөгөөс гадна өөр мөнгө авсан уу гэхэд /Бичлэгийн 1:20:58-1:21:01/
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Аваагүй гэв. /Бичлэгийн 1:21:02/
Даргалагчаас: 490,000,000 төгрөгийн ажил хийгдсэн үү гэхэд /Бичлэгийн 1:21:02-1:21:05/
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Шилэн фасад хийгдээгүй зураг хавтаст хэрэгт авагдсан байгаа гэв. /Бичлэгийн 1:21:08-1:21:22/
Даргалагчаас: Одоо юу хийгдсэн байгаа вэ гэхэд /Бичлэгийн 1:21:23-1:21:39/
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Цонхны гадна талын фасадын төмөр хийгдсэн байгаа, бусад ажлуудыг явуулах гэсэн боловч ковидын нөхцөл байдал үүсэж, санхүүжилт орж ирээгүй. Сүүлд хувьцаа эзэмшигч нар өөрчлөгдсөн. Баригдах байрнаасаа бартерын байр өгнө гээд манайх руу хийчих гэхээр гэрээнүүд цуцлагдлаа, наана чинь хүчингүй шүү гэдэг. 4.500.000.000 төгрөгийн ажил хийж байж 500.000.000 төгрөгийн байр өгнө шүү дээ гэв. /Бичлэгийн 1:21:40-1:22:34/
Даргалагчаас: 1,000,000,000 төгрөгийн хаус авсан нь үнэн юм уу гэхэд /Бичлэгийн 1:22:36-1:22:42/
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: “Ө” ХХК-иас манайх руу 7 хоногийн дараа шилжүүлж өгнө гээд шилжүүлж өгөөгүй гэв. /Бичлэгийн 1:22:36-1:22:58/
Даргалагчаас: Хэдэн төгрөгийн ажил хийгдсэн байгаа вэ гэхэд /Бичлэгийн 1:23:25-1:23:34/
Шүүгчээс явуулж буй дээрх ажиллагаа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 107, 108, 110, 112 дугаар зүйлд заасныг удаа дараа буюу ноцтой зөрчсөн гэж үзэх үндэслэл тогтоогдоогүй болно.
Шүүх хэргийн оролцогчийн гаргасан нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр нотлох баримтыг өөрийн дотоод итгэлээр үнэлэх талаар Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1-т заасан. Нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь шүүгчийг эрх мэдлээрээ далайлган нэхэмжлэгч талд илт хохиролтойгоор асуудлыг шийдвэрлэсэн гэж үзэх үндэслэлгүй.
Харин хэргийн оролцогч шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл давж заалдах гомдол гаргах эрхтэй бөгөөд Сахилгын хороо шүүхийн шийдвэрийн хууль зүйн үндэслэлд дүгнэлт өгөх, хянах эрхгүй болно” гэжээ.
ҮНДЭСЛЭХ НЬ:
Шүүхийн сахилгын хорооны гишүүний 2023 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн “Сахилгын хэрэг үүсгэх тухай” ГЗҮ/2023/0101 дугаар захирамжаар ... шүүхийн шүүгч Т.А-д холбогдуулан илтгэгч гишүүн сахилгын хэрэг үүсгэн, шалгах ажиллагааг явуулж,
Шүүхийн сахилгын хорооны гишүүний 2023 оны 10 дугаар сарын 17-ны өдөр “Сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох тухай” ГС/2023/0106 дугаартай санал гаргасан байна.
Бүрэлдэхүүн саналыг хуралдаанаар хэлэлцэж үндэслэл бүхий байна гэж үзэж, саналыг хүлээн авч тус сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
Нотлох баримт гаргуулах тухай зохигчийн хүсэлтийг шүүх хангаж, баримтыг шүүхэд ирүүлсэн байх бөгөөд нэхэмжлэгч тал уг баримтыг гаргуулах хүсэлтийг дахин гаргасныг шүүгч хангахаас татгалзаж шийдвэрлэжээ. Нэхэмжлэгчийн хүсэлтийг шүүгч өмнө нь шийдсэн, нотлох баримт шүүхэд ирсэн болох нь тогтоогдсон байх тул давуу байдал бий болгосон гэж үзэх үндэслэлгүй гэж илтгэгч гишүүн дүгнэснийг буруутгах боломжгүй байна.
Анхан шатны шүүх хуралдааны дэгийг хуульд тусгайлан зохицуулсан бөгөөд хуралдаан даргалагч шүүгч Т.А 2023 оны 07 дугаар сарын 25-ны өдрийн шүүх хуралдааныг нээж, “Х” ХХК-ийн нэхэмжлэлтэй “С” ХХК-д холбогдох иргэний хэргийг хянан хэлэлцэх талаар танилцуулаад, шүүх хуралдааны хэлэлцүүлэг эхлэхээс өмнө зохигч эвлэрэн хэлэлцэх санал байгаа эсэх талаар асуусан үйл баримт тогтоогдож байх ба Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.2.-т “Нэхэмжлэгч нэхэмжлэлээ дэмжиж байгаа эсэх, хариуцагч нэхэмжлэгчийн шаардлагыг зөвшөөрч байгаа эсэх, зохигч эвлэрэх хүсэлтэй байгаа эсэхийг шүүх хуралдаан даргалагч асууж тодруулна. Зохигчид эвлэрэх хүсэлтэй байгаа тохиолдолд эвлэрүүлэн зуучлагчийн туслалцаа авах эсэхийг асууна”, 106.4.-т “Хариуцагч шүүхийн шийдвэр гарах хүртэл нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь буюу зарим хэсгийг хүлээн зөвшөөрөх буюу зохигч эвлэрч болно”. 106.5.-т “Энэ хуулийн 106.3, 106.4-т зааснаар нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсан, хариуцагч нэхэмжлэгчийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн, зохигч эвлэрсэн нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй бол шүүх хариуцагчийн зөвшөөрөл, нэхэмжлэгчийн татгалзал, зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай шүүгч захирамж, шүүх тогтоол гаргана. Эдгээр тогтоол, захирамжид энэ хуулийн 74.4-т заасан зохицуулалт нэгэн адил хамаарна” гэж хуульд тодорхой хуульчлан заасан байна.
Шүүх хуралдааны тэмдэглэл болон шүүх хуралдааны дуу-дүрсний бичлэгээр зохигч талууд нэхэмжлэлийн зарим шаардлагын талаар харилцан тохиролцож эвлэрсэн нь тогтоогдож байх тул тэдний эвлэрлийг хууль зөрчсөн гэж үзэхгүй.
Шүүх хэргийн оролцогчийн гаргасан нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр нотлох баримтыг өөрийн дотоод итгэлээр үнэлэх талаар Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1-т заасан. Нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь шүүгчийг эрх мэдлээрээ далайлган нэхэмжлэгч талд илт хохиролтойгоор асуудлыг шийдвэрлэсэн гэж үзэх үндэслэлгүй гэсэн илтгэгч гишүүний дүгнэлт хууль зүйн үндэслэлтэй байна гэж бүрэлдэхүүн үзлээ.
Дээрх үйл баримтаас дүгнэн үзэхэд холбогдох шүүгч болох ... шүүхийн шүүгч Т.А-д холбогдох сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна.
Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 112 дугаар зүйлийн 112.1, 112.1.2, 112.2 дах хэсэгт заасныг удирдлага болгон
ТОГТООХ НЬ:
1. ... шүүхийн шүүгч Т.А-д холбогдох сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох тухай саналыг хүлээн авч сахилгын хэргийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2. Магадлалыг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Сахилгын хороонд сахилгын хэргийн оролцогч гомдол, илтгэгч гишүүн эсэргүүцэл гаргаж болохыг дурдсугай.
3. Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 112 дугаар зүйлийн 112.6-т зааснаар магадлал гаргаснаас хойш 14 хоногийн дотор сахилгын хэргийн оролцогч болон гомдол, өргөдөл гаргагчийн оршин суугаа газрын эсхүл ажлын газрын хаягаар баталгаат шуудангаар, эсхүл ажлын албаны ажилтнаар хүргүүлэхийг ажлын албанд даалгасугай.
4. Дээрх журмаар хүргүүлснээр магадлалыг гардан авсанд тооцох ба энэ нь гомдол гаргах хугацааг тоолох үндэслэл болохыг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ, ГИШҮҮН Б.СУГАР
ГИШҮҮН Д.МЯГМАРЦЭРЭН
Д.ЭРДЭНЭЧУЛУУН