МОНГОЛ УЛС
ШҮҮХИЙН САХИЛГЫН ХОРОО
МАГАДЛАЛ
2023-11-07
Дугаар 119
Улаанбаатар хот
Сахилгын хэргийг
хэрэгсэхгүй болгох тухай
Шүүхийн сахилгын хорооны хуралдааныг гишүүн Х.Хашбаатар даргалж, гишүүн Д.Ариунтуяа, С.Энхтөр нарын бүрэлдэхүүнтэй, илтгэгч гишүүн Д.Эрдэнэчулуун, хуралдааны нарийн бичгийн даргаар Г.Болортуяа нарыг оролцуулан хийж,
... шүүхийн шүүгч Б.У-д холбогдох Сахилгын хорооны гишүүний 2023 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн ГС/2023/0103 дугаартай “Сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох тухай” саналыг хянан хэлэлцэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Илтгэгч гишүүн “Сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох тухай” саналдаа: “Өргөдөл гаргагч Б.У нь “шүүгч Б.У нь 2023 оны 8 дугаар сарын 16-ны өдрийн захирамжаа бичгийн хэлбэрээр гаргахгүй байсаар удаа дараа нэхүүлэн байж , 2023 оны 08 дугаар сарын 29-ний өдөр гардаж авсан; уг захирамжид гомдол гаргах эрхтэй байсан боловч шүүгч захирамжаа бичгийн хэлбэрээр гаргалгүй удааснаас болж гомдол гаргах хуулийн хугацаа дууссан; шүүгч нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсан захирамждаа өмнөх зөрчлийг арилгаагүй, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тус шүүхээр хэргийг шийдвэрлүүлэх хүсэлт нь Иргэний хуулийн 63, 64 дүгээр зүйлд тухайлан заасан төлөөлөгч, төлөөлүүлэгчийн хэн алины бүрэн эрхийг хэрэгжүүлсэн гэж үзэхэд дутагдалтай, тус шүүхээр шийдвэрлүүлэх тухай зохигч талуудын итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын хүсэлт үндэслэлгүй, хариуцагч гэр бүлийн гишүүдийн амь нас, эрүүл мэнд, хүүхдүүдийн хүмүүжилд ноцтой хохирол учирч болзошгүй үйлдэл гаргасан талаар холбогдох байгууллагад хандаж байсан эсэх нь тодорхойгүй гэж хууль зүйн шинжлэх ухаанд логикгүй ухагдахуун гаргаж, хуулийг буруугаар тайлбарлаж, захирамжийн үндэслэлээ болгосон” гэх агуулгаар өргөдөл гаргажээ.
1. Шүүгч Б.У хуулийн хугацаанд эрх зүйн актаа боловсруулаагүй гэх тухайд:
Нэхэмжлэгч Ю.Д-ийн нэхэмжлэлийг шүүгч Б.У 2023 оны 08 дугаар сарын 09-ний өдөр хүлээн авч хянаад шүүгчийн 2023 оны 08 дугаар сарын 16-ны өдрийн .../ШЗ2023/19... дугаар захирамжаар нэхэмжлэгч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 170 дугаар зүйлийн 170.1 дэх хэсэгт зааснаар 10 хоногийн дотор гомдол гаргах эрхтэйгээр нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзжээ. /с.х-ийн 40-42 тал/
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1 дэх хэсэгт “Шүүгч энэ хуулийн 65.1-д заасан үндэслэл байхгүй гэж үзвэл нэхэмжлэлийг хүлээн авсан өдрөөс хойш 7 хоногийн дотор хэрэг үүсгэх тухай захирамж гаргана”, 170 дугаар зүйлийн 170.1 дэх хэсэгт “зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч энэ хуулийн ...65.1.1-65.1.8, 65.1.10, ...зүйлд заасан ...шүүгчийн захирамж, шийтгэвэрт гарсан өдрөөс нь хойш 10 хоногийн дотор тухайн шатны шүүхэд гомдол гаргаж болно” гэж,
Шүүхийн ерөнхий зөвлөлийн 2022 оны 03 дугаар сарын 04-ний өдрийн 52 дугаар “Аргачлал, баримтын загвар батлах тухай” тогтоолын 1 дүгээр хавсралтаар баталсан “Иргэний хэргийн хөдөлгөөний нийтлэг аргачлал”-ын 4 дүгээр зүйлийн 4.2.2-т “шүүгч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 170 дугаар зүйлийн 170.1 дэх хэсэгт зааснаас бусад хүсэлтийг хүлээн авсан өдрөөс хойш 7 хоногийн дотор шийдвэрлэнэ. Хүсэлт шийдвэрлэсэн шүүгчийн захирамжийг шүүгчийн туслах талуудад 5 хоногийн дотор мэдэгдэж, баримт №7-г үйлдэж, хэрэгт хавсаргана” гэж тус тус заасан.
Дээрх хууль, журамд шүүгч нэхэмжлэлд иргэний хэрэг үүсгэх эсэхийг 7 хоногийн дотор шийдвэрлэхээр заасан боловч тухайн захирамжийг ямар хугацаанд албажуулан гаргах талаар тодорхой нарийвчлан зохицуулаагүй байна.
Шүүгч Б.У нь 2023 оны 08 дугаар сарын 16-ны өдрийн .../ШЗ2023/19... дугаар захирамжаар иргэний хэрэг үүсгэх эсэхийг шийдвэрлэсэн ба тухайн захирамжид нэхэмжлэгч гомдол гаргах эрхтэй тул 2023 оны 08 дугаар сарын 19-ний өдрийн дотор гаргах нь зүйтэй байжээ.
Гэтэл шүүгчийн захирамжийг 2023 оны 08 дугаар сарын 28-ны өдөр бичгийн хэлбэрээр гаргаж, 2023 оны 08 дугаар сарын 29-ний өдөр нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчид гардуулсан болох нь өргөдөл гаргагч Б.У-ийн нэмэлт өргөдөл болон шүүгч Б.У-ийн хариу тайлбар, “Иргэн-2014” нэгдсэн системд хийсэн үзлэгээр тус тус тогтоогдож байна. /с.х-ийн 12-15, 52-53, 44-50 тал/
Шалгах ажиллагааны явцад шүүгч нь нэхэмжлэлийг хүлээн авсан 2023 оны 08 дугаар сарын 09-ний өдрөөс иргэний хэрэг үүсгэхээс татгалзсан 2023 оны 08 дугаар сарын 16-ны өдрийн дотор яагаад захирамжийг бичгийн хэлбэрээр албажуулаагүй талаар тодрууллаа.
Шүүгч Б.У тухайн цаг хугацаанд 84 нэхэмжлэл, 30 хүсэлт, 2 хэрэг хүлээн авч, 14 шүүх хуралдаан товлон зарлаж, 3 шүүх хуралдааны бүрэлдэхүүнд оролцон, 234 эрх зүйн акт гаргасан, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд нь 180 хэрэг байсан болох нь ... шүүхийн Тамгын газрын 2023 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн 828 дугаар албан бичгээр тогтоогдож байна. Үүнээс үзэхэд шүүгч Б.У нь энэ цаг хугацаанд ачаалал ихтэй байжээ. /с.х-ийн 58 тал/
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1 дэх хэсэгт зааснаас үзэхэд шүүгч иргэний хэрэг үүсгэхийг шийдвэрлэх хугацаа 7 хоног болохыг хуульчилсан боловч тухайн эрхийн актуудыг бичгийн хэлбэрээр хэзээ гаргах талаар нарийвчилсан зохицуулалт байхгүй байх тул шүүгч Б.У-г тухайн үйлдэлд буруутгаж, Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1.23-т заасныг зөрчсөн гэж үзэх боломжгүй байна.
Хэдийгээр холбогдох хууль, журамд шүүгчийн захирамжийг гаргах хугацааг тодорхой хуульчлаагүй боловч шүүгч Б.У нь цаашид иргэний хэрэг үүсгэхээс татгалзсан болон гомдол гаргах эрхтэй захирамжийг түргэн, шуурхай гаргаж, иргэдийг бухимдуулахгүй байх талаар анхаарч ажиллавал зохино.
2. Шүүгчийн захирамжид гомдол гаргах эрхтэй байсан боловч захирамж бичгийн хэлбэрээр гаралгүй удааснаас болж гомдол гаргах хуулийн хугацаа дууссан гэх тухайд:
Шүүгч Б.У-ийн 2023 оны 08 дугаар сарын 16-ны өдрийн .../ШЗ2023/19... дугаар захирамжаар иргэний хэрэг үүсгэхээс татгалзахдаа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.2, 65.1.3, 65.1.6-д заасныг тус тус баримтлан захирамжид гарсан өдрөөс хойш 10 хоногийн дотор гомдол гаргах эрхийг нь нэхэмжлэгчид олгожээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн дэлгэрэнгүй тайлбарт /2014/ мөн хуулийн 170 дугаар зүйлийн 170.1 дэх хэсэгт заасан хугацааг тоолохдоо тухайн захирамжийг гарсан өдрөөс хойш 10 хоног, хэрэв мэдээгүй бол мэдсэн өдрөөс хойш 10 хоног тоолохоор тайлбарласан байна.
Мөн Шүүхийн ерөнхий зөвлөлийн 2022 оны 03 дугаар сарын 04-ний өдрийн 52 дугаар “Аргачлал, баримтын загвар батлах тухай” тогтоолын 1 дүгээр хавсралтаар баталсан “Иргэний хэргийн хөдөлгөөний нийтлэг аргачлал”-ын 4 дүгээр зүйлийн 4.4 дэх хэсэг “Нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах”, 4.4.1-д “нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсан тухай шүүгчийн захирамжийг шүүгчийн туслах Бүртгэл №3-т бүртгэн, захирамж гарсан өдрөөс 5 хоногийн дотор нэхэмжлэгчид, эсхүл түүний итгэмжлэгдсэн төлөөлөгчид мэдэгдэж, Баримт №7-г үйлдэнэ” гэж заажээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч буюу өргөдөл гаргагч Б.У нэмэлт өргөдөлдөө “...татгалзсан захирамжаа бичгээр гаргалгүй 2023 оны 08 дугаар сарын 29-ний өдөр удаа дараа шаардуулсны эцэст гаргаж өгсөн” гэх, шүүгч Б.У хариу тайлбартаа “.../ШЗ2023/19... дугаар захирамжийг 2023 оны 08 дугаар сарын 28-ны өдөр гаргасан” гэх тайлбараас үзэхэд шүүгчийн туслах журамд заасан хугацаанд буюу захирамжийг гарсан өдрөөс хойш 1 хоногийн дараа нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчид гардуулсан байна. /с.х-ийн 12-15, 52-53 тал/
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.У нь захирамжийг 2023 оны 08 дугаар сарын 29-ний өдөр гардан аваад уг өдрөөс хойш 10 хоногийн дотор захирамжид гомдол гаргах эрх нь нээлттэй байсан боловч тэрээр өөрөө гомдол гаргаагүй болох нь түүний нэмэлт өргөдөл, иргэний хэрэгт болон “Иргэн-2014” нэгдсэн системд үзлэг хийсэн тэмдэглэлээр тогтоогдож байна. /с.х-ийн 12-15, 52-53, 25-50 тал/
Иймд уг үндэслэлээр шүүгчийг Монгол Улсын шүүхийн тухай хуульд заасан шүүгчид хориглосон, хязгаарласан, үүрэг болгосон зохицуулалтыг зөрчсөн гэж үзэхгүй.
3. Шүүгч нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсан захирамждаа өмнөх зөрчлийг арилгаагүй, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тус шүүхээр хэргийг шийдвэрлүүлэх хүсэлт нь Иргэний хуулийн 63, 64 дүгээр зүйлд тухайлан заасан төлөөлөгч, төлөөлүүлэгчийн хэн алины бүрэн эрхийг хэрэгжүүлсэн гэж үзэхэд дутагдалтай, тус шүүхээр шийдвэрлүүлэх тухай зохигч талуудын итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын хүсэлт үндэслэлгүй, хариуцагч гэр бүлийн гишүүдийн амь нас, эрүүл мэнд, хүүхдүүдийн хүмүүжилд ноцтой хохирол учирч болзошгүй үйлдэл гаргасан талаар холбогдох байгууллагад хандаж байсан эсэх нь тодорхойгүй гэж хууль зүйн шинжлэх ухаанд логикгүй ухагдахуун гаргаж, хуулийг буруугаар тайлбарлаж, захирамжийн үндэслэлээ болгосон гэх тухайд:
Ю.Д нь Б.Д-д холбогдуулан анх ... шүүхэд 2023 оны 06 дугаар сарын 27-ны өдөр нэхэмжлэл гаргахад шүүгч З.Б-ийн 2023 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн .../ШЗ2023/16... дугаар захирамжаар “...Нэхэмжлэгчээс төлөөлөгч Б.У-т 2023 оны 06 дугаар сарын 24-ний өдөр 4 сарын хугацаатай итгэмжлэл олгосон боловч нэхэмжлэгч нь нэхэмжлэлдээ АНУ-д оршин сууж байгаагаа дурдсан байх тул дээрх итгэмжлэлд нь хуульд заасан шаардлагыг хангаагүй, хүүхдийн асрамж тогтоолгох, тэтгэлэг гаргуулах эрхийг тус итгэмжлэлд олгоогүй байна. Иймд нэхэмжлэгч нь хуульд заасан шаардлагыг хангаж, зохих байгууллагаар дамжуулан итгэмжлэлийг хуульд заасны дагуу олгох нь зүйтэй. ...Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 126 дугаар зүйлийн 126.1 дэх хэсэгт гэрлэлт цуцлуулах нэхэмжлэлийг хариуцагчийн оршин суугаа газрын шүүхэд гаргана гэж заасан. Нэхэмжлэгч нэхэмжлэлдээ АНУ-д оршин сууж байгаа тухай дурдсан ба энэ тохиолдолд мөн хуулийн 126.2 дахь хэсэгт заасан зохицуулалт хамаарахгүй. Тодруулбал, дээрх хуулийн зохицуулалтаар нэхэмжлэгч нь бага насны хүүхэдтэй буюу тахир дутуу, хүндэтгэн үзэх бусад шалтгааны улмаас хариуцагчийн байгаа газар очиход бэрхшээлтэй байх бодит нөхцөл байдлыг ойлгохоор байна. Хүсэлтийн үндэслэлээр дээрх нөхцөл байдал тогтоогдохгүй байна” гэж үзээд шүүгч нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсан байна. /с.х-ийн 28-31 тал/
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.У гомдол гаргасныг 2023 оны 07 дугаар сарын 21-ний өдрийн гомдол шийдвэрлэх шүүх хуралдаанаар хэлэлцэн .../ШТ2023/00...дугаар тогтоолоор “...нэхэмжлэгч нь АНУ-д амьдардаг ба хариуцагчийн хаягийг ... аймаг...баг гэж тодорхойлсон байна. Нэхэмжлэгч нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 126 дугаар зүйлийн 126.2 дахь хэсэгт зааснаар тус шүүхэд нэхэмжлэл гаргажээ. Шүүгч нэхэмжлэгчийг АНУ-д оршин сууж байгаа тул дээрх зохицуулалт хамаарахгүй гэж дүгнэсэн нь үндэслэлтэй. Учир нь нэхэмжлэгч ... дүүрэг, 15 дугаар хороо,... хаягт бүртгэлтэй боловч АНУ-д оршин суудаг талаар нэхэмжлэл, итгэмжлэлд тус тус тусгажээ...” гэж үзээд захирамжийг хэвээр үлдээжээ. /с.х-ийн 32-39 тал/
Улмаар нэхэмжлэлийг дахин гаргахад шүүгч З.Б ээлжийн амралттай байсан тул шүүгч Б.У-д хуваарилагдсан байна. Өргөдөл гаргагч Б.У нь нэхэмжлэл шүүгч З.Б ээлжийн амралттай байснаас шүүгч Б.У-д хуваарилагдсантай холбоотой өргөдөл гаргаагүй тул уг үйл баримтад дүгнэлт хийгээгүй болохыг дурдъя.
Шүүгч Б.У 2023 оны 08 дугаар сарын 16-ны өдрийн .../ШЗ2023/19... дугаар захирамжаараа “...тус шүүхийн шүүгчийн 2023 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн .../ШЗ2023/16... дугаар захирамж, тус шүүхийн 2023 оны 07 дугаар сарын 21-ний өдрийн .../ШТ2023/00... дугаар тогтоолд дурдсан зөрчлийг арилгалгүй Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 126 дугаар зүйлийн 126.2 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэл гаргажээ. ...Тодруулбал, хариуцагч Б.Д-аас Б.Э-д олгосон 2023 оны 7 дугаар сарын 03-ны өдрийн огноотой АНУ, ... хот дахь ерөнхий консулын газрын нотариатын үүрэг гүйцэтгэсэн итгэмжлэлд “...төлөөлүүлэгч энэхүү итгэмжлэлийн дагуу Завхан аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхэд намайг төлөөлөн... хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр...” гэснээс үзэхэд төлөөлүүлэгчийн заасан газрын шүүхээс өөр шүүхээр хэргийг шийдвэрлүүлэхээр хүсэлт гаргасан хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хүсэлт нь дээр дурдсан Иргэний хуулийн 63, 64 дүгээр зүйлд заасан шаардлагад нийцэхгүй...” гэж дүгнэн нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзжээ.
Сахилгын хэрэгт авагдсан баримтуудаас үзэхэд өргөдөл гаргагч буюу иргэний хэргийн нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.У нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 170 дугаар зүйлийн 170.1 дэх хэсэгт заасан эрхийнхээ дагуу шүүгч З.Б-ийн 2023 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн .../ШЗ2023/16... дугаар захирамжийг эс зөвшөөрч гомдол гаргасан ба тухайн гомдлыг тус шүүхийн 2023 оны 07 дугаар сарын 21-ний өдрийн гомдол шийдвэрлэх шүүх хуралдаанаар хэлэлцэн .../ШТ2023/00... дугаар тогтоолоор шүүгчийн .../ШЗ2023/16... дугаар захирамжийг хэвээр үлдээсэн.
Мөн дахин гаргасан нэхэмжлэлд нь иргэний хэрэг үүсгэхээс татгалзсан шүүгч Б.У-ийн 2023 оны 08 дугаар сарын 16-ны өдрийн .../ШЗ2023/19... дугаар захирамжид Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 170 дугаар зүйлийн 170.1 дэх хэсэгт заасны дагуу гомдол гаргах эрх нь нээлттэй байсан боловч Б.У гомдол гаргаагүй болох нь тогтоогдож байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэлд иргэний хэрэг үүсгэх эсэх нь шүүгчийн хуулиар олгогдсон бүрэн эрх бөгөөд Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.1 дэх хэсэгт “...Ерөнхий зөвлөл, Сахилгын хорооны гишүүн, аливаа байгууллага, албан тушаалтан, иргэн хэн боловч шүүгчээс шүүн таслах үүргээ хэрэгжүүлэхэд хөндлөнгөөс оролцох, нөлөөлөхийг хориглоно” гэж заасныг дурдах нь зүйтэй. Түүнчлэн Шүүхийн сахилгын хороонд хуулиар шүүхийн эрх зүйн актын хууль зүйн үндэслэлийг хянах, өөрчлөх, хүчингүй болгох эрхийг олгоогүй болно.
Мөн өргөдөлд “...шүүгч З.Б нь хуулийг буруу хэрэглэж, хууль журмын дагуу олгогдсон итгэмжлэлийг хууль бус хэмээн үзэж, ямар ч хамаагүй аргаар нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаад ээлжийн амралтаа аваад явсан ч түүний үндэслэл буруу болох нь гадаад харилцааны яамны хариу бичиг, шүүхийн тогтоол зэргээр тогтоогдсон...” гэж дурдсан байдаг. Өргөдөл гаргагчийн өргөдлийн агуулгад шүүгч З.Б дурдагдсан боловч шүүгч Б.У-г зөрчил гаргасан гэж үзэн Шүүхийн сахилгын хороонд өргөдөл гаргасан байсан тул шүүгч З.Б-д сахилгын хэрэг үүсгээгүй болохыг дурдаж байна.
Дээрхийг нэгтгэн дүгнэвэл ... шүүгч Б.У нь Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.1 дэх хэсэгт заасан шүүгчид хориглосон, хязгаарласан, үүрэг болгосон зохицуулалтыг зөрчсөн зөрчил гаргасан гэж үзэхгүй тул түүнд холбогдуулан үүсгэсэн сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох санал гаргав” гэжээ.
Холбогдох шүүгч Б.У Шүүхийн сахилгын хороонд гаргасан тайлбартаа: “... шүүхэд гаргасан хариуцагч Б.Д-д холбогдох гэрлэлт цуцлуулах тухай нэхэмжлэгч Ю.Д-ийн нэхэмжлэл нь 2023 оны 08 дугаар сарын 09-ний өдөр шүүгч Б.У-д хуваарилагдсан бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.3, 65.1.6-д заасан нэхэмжлэл хүлээн авахаас татгалзах үндэслэл тогтоогдсон тул шүүгчийн 2023 оны 08 дугаар сарын 16-ны өдрийн .../ШЗ2023/19... дугаар захирамжийг мөн оны 08 дугаар сарын 28-ны өдөр бичгээр гаргасан.
Шүүгч Б.У 2023 оны 07 дугаар сарын 24-ний өдрөөс хойш энэхүү тайлбарыг гаргаж буй 2023 оны 09 дүгээр сарын 27-ны өдрийг хүртэлх хугацаанд нийт 385 нэхэмжлэлийг шинээр хүлээн авсан бөгөөд 2023 оны 08 дугаар сарын 16-ны өдрийн .../ШЗ2023/19... дугаар захирамжийг гаргах тухайн үед нийт 209 нэхэмжлэл хүлээн авсан.
Дурдсан хугацаанд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд 178 хэрэг байсан ба 28 хэргийг хянан шийдвэрлэж, 29 хэргийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 117 дугаар зүйлийн 117.1 дэх хэсэгт заасан үндэслэлээр хэрэгсэхгүй болгож, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулсан.
Шүүх хуралдаануудад бэлтгэх, бэлтгэл хангах, дээр дурдсан 209 нэхэмжлэлтэй танилцах, шүүхийн шийдвэр, шүүгчийн захирамж бичиж боловсруулах зэрэгт хугацаа зарцуулагдсан.
Нэхэмжлэгч Ю.Д-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.У нь энэхүү нэхэмжлэлийг 2023 оны 09 дүгээр сарын 11-ний өдөр тус шүүхэд дахин гаргасан бөгөөд тус шүүхийн шүүгчийн 2023 оны 08 дугаар сарын 16-ны өдрийн .../ШЗ2023/19... дугаар захирамжид дурдсан зөрчлийг арилгасан тул 2023 оны 09 дүгээр сарын 18-ны өдөр иргэний хэрэг үүсгэж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулж байна.
Гомдол дурдсанаар нэхэмжлэлийг үндэслэлгүй татгалзах зүйлгүй бөгөөд нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсан үндэслэлүүдийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч арилгасан байсан тул иргэний хэрэг үүсгэсэн.
Тухайлбал, дор дурдсан үндэслэлээр нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж, шүүгчийн .../ШЗ2023/19... дугаар захирамж гаргасан. Үүнд:
1. Нэхэмжлэгч нь тус шүүхийн шүүгчийн 2023 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн .../ШЗ2023/16... дугаар захирамж болон тус шүүхийн 2023 оны 07 дугаар сарын 21-ний өдрийн .../ШТ2023/00... дугаар тогтоолд дурдсан зөрчлийг арилгалгүй Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 126 дугаар зүйлийн 126.2 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэл гаргасан.
2. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Э тус шүүхээр хэргийг шийдвэрлүүлэхээр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 126 дугаар зүйлийн 126.3 дахь хэсэгт заасны дагуу тохиролцсон хэмээн хүсэлт гаргасан нь Иргэний хуулийн 63, 64 дүгээр зүйлд тухайлан заасан төлөөлөгч, төлөөлүүлэгчийн хэн алины бүрэн эрхийг хэрэгжүүлсэн гэж үзэхэд учир дутагдалтай гэж үзсэн.
Тодруулбал, хариуцагчийн Б.Д-аас Б.Э-д олгосон 2023 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн огноотой, АНУ, ... хот дахь ерөнхий консулын газрын нотариатын үүрэг гүйцэтгэсэн итгэмжлэлд “...төлөөлүүлэгч энэхүү итгэмжлэлийн дагуу ... аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхэд намайг төлөөлөн ...хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр...” гэснээс үзэхэд төлөөлөгчийн заасан газрын шүүхээс өөр шүүхээр хэргийг шийдвэрлүүлэхээр хүсэлт гаргасан хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хүсэлт нь дээр дурдсан Иргэний хуулийн 63, 64 дүгээр зүйлд заасан шаардлагад нийцэхгүй.
3. Нэхэмжлэгч, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч нь нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсан зөрчлийг арилгаагүйн зэрэгцээ, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн дээрх хүсэлт нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 126 дугаар зүйлийн 126.3 дахь заасантай нийцэхгүй байх тул тус шүүхээр хэргийг шийдвэрлүүлэх тухай зохигч талуудын итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын хүсэлт үндэслэлгүй гэж үзсэн.
4. Нэхэмжлэгч Ю.Д нь Кан ... өмгөөллийн хөтөлбөрийн удирдагч А Л гэх хүний 2023 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн тодорхойлолт, нэр тодорхойгүй хүний ясны рентген зураг зэргийг нэхэмжлэлд хавсаргасан байх боловч хариуцагч гэр бүлийн гишүүдийн амь нас, эрүүл мэнд болон хүүхдийн хүмүүжилд ноцтой хохирол учирч болзошгүй үйлдэл гаргасан талаар холбогдох байгууллагад хандаж байсан эсэх нь тодорхойгүй, Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1 дэх хэсэгт зааснаар иргэний хэрэг үүсгэх үндэслэл тогтоогдохгүй байна гэж үзсэн.
Хэдийгээр шүүгчийн .../ШЗ2023/19... дугаар захирамж хугацаандаа гаргаагүй боловч дээр дурдсанаар хэрэг нэхэмжлэл ихэссэн ачаалалтай байгаа цаг үеийг харгалзан үзэхийг гомдол гаргагч болон Шүүхийн сахилгын хорооны гишүүдийг хүсье” гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Иргэн Б.У-с ... шүүхийн шүүгч Б.У-д холбогдуулан 2023 оны 08 дугаар сарын 25-ны өдөр өргөдөл гаргасныг Сахилгын хорооны гишүүн хүлээн авч хянаад, 2023 оны 09 дүгээр сарын 11-ний өдрийн ГЗҮ/2023/0091 дүгээр захирамжаар сахилгын хэрэг үүсгэн, шалгах ажиллагаа явуулж, 2023 оны 10 дугаар сарын 11-ний өдөр сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох санал гаргажээ.
Нэг. “Нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсан шүүгчийн захирамж хугацаандаа гараагүй, шүүгчийн захирамжид гомдол гаргах эрхтэй байсан боловч захирамж бичгийн хэлбэрээр гаралгүй удааснаас болж гомдол гаргах хуулийн хугацаа дууссан” гэх тухайд:
Сахилгын хэрэгт авагдсан баримтуудаас үзэхэд, Ю.Д-с Б.Д-д холбогдуулан гэрлэлт цуцлуулах, хүүхдийн асрамж тогтоолгох, тэтгэлэг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан нь ... шүүхийн шүүгч Б.У-д 2023 оны 08 дугаар сарын 09-ний өдөр хуваарилагдсан ба шүүгчийн 2023 оны 08 дугаар сарын 16-ны өдрийн .../ШЗ2023/19... дугаар захирамжаар нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэсэн байна. /с.х-ийн 40-42 тал/
Өргөдөл гаргагч нь “шүүгч 2023 оны 08 дугаар сарын 16-ны өдрийн дотор иргэний хэрэг үүсгэх эсэхийг шийдвэрлэх буюу 7 хоногийн дотор шүүгчийн захирамж гарах байсан боловч татгалзсан захирамжаа бичгээр гаргалгүй 2023 оны 08 дугаар сарын 29-ний өдөр удаа дараа шаардсаны эцэст гаргаж өгсөн” гэж дурджээ[1].
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1-т “Шүүгч энэ хуулийн 65.1-д заасан үндэслэл байхгүй гэж үзвэл нэхэмжлэлийг хүлээн авсан өдрөөс хойш 7 хоногийн дотор хэрэг үүсгэх тухай захирамж гаргана”, 123 дугаар зүйлийн 123.3-т “Шүүх хуралдааныг хойшлуулах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг түдгэлзүүлэх, сэргээн явуулах, татгалзан гаргах тухай хүсэлтийг шийдвэрлэх болон шүүх хуралдааны бусад үед хянан шийдвэрлэж байгаа асуудлаар шүүхийн тогтоол, шүүгчийн захирамжийг бичгээр гаргана”, 170 дугаар зүйлийн 170.1-т “Зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч энэ хуулийн ...65.1.1-65.1.8, 65.1.10, ...зүйлд заасан ...шүүгчийн захирамж, шийтгэвэрт гарсан өдрөөс нь хойш 10 хоногийн дотор тухайн шатны шүүхэд гомдол гаргаж болно”, Шүүхийн ерөнхий зөвлөлийн 2022 оны 03 дугаар сарын 04-ний өдрийн 52 дугаар тогтоолын 1 дүгээр хавсралтаар баталсан “Иргэний хэргийн хөдөлгөөний нийтлэг аргачлал”-ын 4.4.1-т “”Нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсан тухай” шүүгчийн захирамжийг шүүгчийн туслах Бүртгэл №3-д бүртгэн, захирамж гарсан өдрөөс 5 хоногийн дотор нэхэмжлэгчид эсхүл түүний итгэмжлэгдсэн төлөөлөгчид мэдэгдэж, Баримт №7-г үйлдэнэ” гэж тус тус заасан.
Шүүгчийн 2023 оны 08 дугаар сарын 16-ны өдрийн .../ШЗ2023/19... дугаар захирамжийг 2023 оны 08 дугаар сарын 28-ны өдөр албажуулж бичгээр гаргасан болох нь шүүгч Б.-ийн Сахилгын хороонд ирүүлсэн тайлбар, илтгэгч гишүүний сахилгын хэргийг шалгах ажиллагааны хүрээнд “Иргэн-2014” нэгдсэн системд хийсэн үзлэгээр тус тус тогтоогдсон байх боловч хууль, холбогдох журамд шүүгчийн захирамж ямар хугацаанд бичгийн хэлбэрээр албажуулахыг нарийвчлан заагаагүй байна.
Шүүгч Б.У нь 2023 оны 08 дугаар сарын 09-ний өдрөөс 2023 оны 08 дугаар сарын 16-ны өдрүүдэд ачаалал ихтэй байсны улмаас захирамж хугацаа алдаж гарахад нөлөөлсөн[2] хэдий ч энэ нь Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1.23-т заасан зөрчлийн ноцтой, эсхүл удаа дараа гэх шинжийг агуулаагүй байна.
Мөн нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсан захирамжийг бичгээр гарсан өдрөөс 1 хоногийн дараа буюу 2023 оны 08 дугаар сарын 29-ний өдөр нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчид гаруулсан нь иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааг нарийвчлан зохицуулсан “Иргэний хэргийн хөдөлгөөний нийтлэг аргачлал”-д заасан журамд нийцсэн тул шүүгчийг сахилгын зөрчил гаргасан гэж үзэхгүй гэж дүгнэсэн илтгэгч гишүүний санал үндэслэлтэй байна.
Түүнчлэн, захирамж гарсан өдөр буюу 2023 оны 08 дугаар сарын 28-ны өдрөөс хойш 10 хоногийн дотор гомдол гаргах боломжтой байсан боловч нэхэмжлэгч, түүний төлөөлөгч нь гомдол гаргаагүй болох нь шалгах ажиллагааны явцад тогтоогдсон байх тул захирамжийг хугацаандаа гаргаагүй, гомдол гаргах эрхийг зөрчсөн гэх үндэслэлээр шүүгч Б.У-г сахилгын зөрчил гаргасан гэж үзэхгүй гэж дүгнэсэн илтгэгч гишүүний саналыг хүлээн авах нь зүйтэй.
Тодруулбал, нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсан шүүгчийн захирамжид гомдол гаргах эрх нь нээлттэй байдаг бөгөөд шүүгч Б.У нь иргэний хэрэг үүсгэхээс татгалзахдаа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.2, 65.1.3, 65.1.6-д заасныг тус тус баримтлан захирамжид гарсан өдрөөс хойш 10 хоногийн дотор гомдол гаргах эрхийг нь нэхэмжлэгчид олгосон байх тул уг үндэслэлээр шүүгчийг Монгол Улсын шүүхийн тухай хуульд заасан шүүгчид хориглосон, хязгаарласан, үүрэг болгосон зохицуулалтыг зөрчсөн гэж үзэхгүй.
Хоёр. “Нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах захирамжийг гаргахдаа хуулийг буруугаар тайлбарлаж, захирамжийн үндэслэлээ болгосон” гэх тухайд;
Ю.Д-с хариуцагч Б.Д- холбогдуулан гаргасан нэхэмжлэлийг шүүгчийн 2023 оны 08 дугаар сарын 16-ны өдрийн .../ШЗ2023/19... дугаар захирамжаар шүүхийн харьяалал зөрчсөн, шүүхээс гадуур урьдчилан шийдвэрлүүлэх талаар хуульд заасан журмыг хэрэглэх боломжтой, нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсан хуулийн хүчин төгөлдөр шүүхийн тогтоол, шүүгчийн захирамж байгаа гэх үндэслэлээр хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэжээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1-д “Шүүгч энэ хуулийн 65.1-д заасан үндэслэл байхгүй гэж үзвэл нэхэмжлэлийг хүлээн авсан өдрөөс хойш 7 хоногийн дотор хэрэг үүсгэх тухай захирамж гаргана” гэж зааснаар нэхэмжлэлд иргэний хэрэг үүсгэх эсэх нь шүүгчийн хуулиар олгогдсон бүрэн эрх бөгөөд энэ талаар илтгэгч гишүүний дүгнэсэн Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.1 дэх хэсэгт “...Ерөнхий зөвлөл, Сахилгын хорооны гишүүн, аливаа байгууллага, албан тушаалтан, иргэн хэн боловч шүүгчээс шүүн таслах үүргээ хэрэгжүүлэхэд хөндлөнгөөс оролцох, нөлөөлөхийг хориглоно” гэж заасны дагуу Шүүхийн сахилгын хороонд шүүхийн эрх зүйн актын хууль зүйн үндэслэлийг хянах, өөрчлөх, хүчингүй болгох эрхийг олгоогүй гэх санал үндэслэлтэй байна.
Тодруулбал, Ю.Д-с хариуцагч Б.Д-д холбогдуулан анх 2023 оны 06 дугаар сарын 27-ны өдөр нэхэмжлэл гаргасныг ... шүүхийн шүүгч З.Б нь 2023 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн .../ШЗ2023/16... дугаар захирамжаар шүүхийн харьяалал зөрчсөн, нэхэмжлэгчийг төлөөлөх бүрэн эрхгүй этгээд нэхэмжлэл гаргасан гэх үндэслэлээр нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэсэн бөгөөд гомдол гаргасны дагуу тус шүүхийн 2023 оны 07 дугаар сарын 21-ний өдрийн .../ШТ2023/00... дугаар тогтоолоор “шүүхийн харьяалал зөрчсөн гэж үзсэн нь үндэслэлтэй, харин итгэмжлэлийн хувьд хуульд заасан ямар шаардлагыг хангаагүй талаар захирамжид тусгаагүй, гэрлэлт цуцлах иргэний хэрэгт итгэмжлэл олгосон тул хүүхдийн асрамж, тэтгэлгийн талаарх эрхийг итгэмжлэлд тусгаагүй гэсэн нь үндэслэл муутай болсон, нэхэмжлэгчийг төлөөлөх бүрэн эрхгүй этгээдийн нэхэмжлэл гэж үзсэн нь буруу” гэж дүгнэснийг үндэслэн нэхэмжлэгчээс дахин гаргасан нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсан. /с.х-ийн 28-31, 33-39 тал/
Энэ тохиолдолд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2-т тус тус заасан шүүгч нотлох баримтад үндэслэн, тэдгээрийг үнэлэн, өөрийн дотоод итгэл үнэмшилд тулгуурлан, хуулиар олгосон бүрэн эрхийнхээ хүрээнд аливаа шийдвэр гаргах зохицуулалт иргэний хэргийг үүсгэх эсэх асуудлыг шийдвэрлэхэд агуулгын хувьд мөн адил үйлчилнэ.
Учир нь, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн зорилт нь иргэний эрх зүйн харилцаанд оролцогчдын хооронд үүссэн иргэний эрх зүйн маргааныг шүүх хянан шийдвэрлэхтэй холбогдсон харилцааг зохицуулахад орших бөгөөд нэхэмжлэл гаргах, түүнийг хүлээн авч иргэний хэрэг үүсгэх эсэх шүүгчийн шийдвэр нь энэ хуулийн зохицуулалтад ч мөн хамаарна.
Шүүх эрх мэдлийг хуулийн дагуу байгуулагдсан шүүх хэрэгжүүлэх, шүүгч хараат бус байх зарчмын гол тулгуур нь шүүгч нотлох баримтыг өөрийн дотоод итгэлээр үнэлэх агуулгатай шууд холбоотой байдаг бөгөөд шүүгч Б.Унь өмнө нь нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсан үндэслэл арилсан эсэх талаар хэрхэн дүгнэлт хийх нь шүүгчийн бүрэн эрхийн асуудал тул нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсан шүүгчийн захирамжийн үндэслэл хуульд нийцсэн эсэхэд хяналт тавих, түүнд дүгнэлт хийх эрх Шүүхийн сахилгын хороонд олгогдоогүй болно.
Иймд өргөдөлд дурдсан агуулгад илтгэгч гишүүн үндэслэл бүхий дүгнэлт хийсэн байх тул сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох саналыг хүлээн авах нь зүйтэй гэж бүрэлдэхүүн үзлээ.
Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 112 дугаар зүйлийн 112.1.2, 112.2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Сахилгын хорооны гишүүний 2023 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн ГС/2023/0103 дугаартай “Сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох тухай” саналыг хүлээн авч, ... шүүхийн шүүгч Б.У-д холбогдох сахилгын хэргийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2.Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 112 дугаар зүйлийн 112.6 дахь хэсэгт зааснаар магадлал гаргаснаас хойш 14 хоногийн дотор сахилгын хэргийн оролцогч болон өргөдөл, мэдээлэл гаргагчийн оршин суугаа газрын эсхүл ажлын газрын хаягаар баталгаат шуудангаар хүргүүлэхийг Ажлын албанд даалгасугай.
3.Дээрх журмаар хүргүүлснээр магадлалыг гардан авсанд тооцох ба энэ нь гомдол гаргах хугацааг тоолох үндэслэл болохыг мэдэгдсүгэй.
4.Магадлалыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор сахилгын хэргийн оролцогч гомдол, илтгэгч гишүүн эсэргүүцэл гаргах эрхтэйг дурдсугай
ДАРГАЛАГЧ Х.ХАШБААТАР
ГИШҮҮН Д.АРИУНТУЯА
С.ЭНХТӨР