info@judiscom.mn 976 - 77113838 Холбоо барих ШИЛЭН ДАНС
ENMNG

МОНГОЛ УЛС

ШҮҮХИЙН САХИЛГЫН ХОРОО

МАГАДЛАЛ

2023-06-20

Дугаар 87

Улаанбаатар хот

                                      Сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

Шүүхийн сахилгын хорооны хуралдааныг гишүүн Х.Хашбаатар даргалж, гишүүн Г.Цагаанцоож, Д.Эрдэнэчулуун нарын бүрэлдэхүүнтэй, илтгэгч гишүүн О.Номуулин, хуралдааны нарийн бичгийн дарга Б.Батбаяр нарыг оролцуулан тус хорооны хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар:

...  дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Б-т холбогдох Сахилгын хорооны гишүүний 2023 оны 06 дугаар сарын 05-ний өдрийн ГС/2023/00... дугаартай “Сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох тухай” саналыг хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Илтгэгч гишүүн “Сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох тухай” саналдаа: “.... дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Н-т Б банкны гүйцэтгэх захирал Н.М гомдол гаргаж, үндэслэлээ “...шүүхийн шийдвэрийг хуульд заасан хугацаанд бичгээр гаргаагүй, хуульд заасан үндэслэл бүрдсэн байхад нөлөөллийн мэдүүлэг хөтлөхөөс үндэслэлгүйгээр татгалзаж хуульд заасан үүргээ биелүүлээгүй” гэж тодорхойлжээ.

Нэг.Сахилгын хэрэгт авагдсан баримтаас үзэхэд .... дүүргийн Иргэнийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн ... дугаар шийдвэрээр “Б банк” ХХК нарын нэхэмжлэлтэй хариуцагч “М...” ХХК-д холбогдох иргэний хэргийг хянан шийдвэрлэсэн, уг шийдвэрийг 2023 оны 03 дугаар сарын 14-ны өдөр Иргэн-2014 бүртгэлийн системд байршуулсан, нэхэмжлэгч “Б банк” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.О 2023 оны 03 дугаар сарын 16-ны өдөр шийдвэрийг гардаж авсан үйл баримт тогтоогдсон.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.3-т “Шийдвэр хүчинтэй болсон өдрөөс хойш 14 хоногийн дотор шийдвэрийн агуулгыг энэ хуулийн 118 дугаар зүйлд заасны дагуу бүрэн эхээр нь бичгээр үйлдэж, шүүгч, шүүх бүрэлдэхүүн гарын үсэг зурна” гэж заасан тул шүүгч нь 2023 оны 02 дугаар сарын 27-ны өдрийн дотор шийдвэрээ бичгээр үйлдэж албажуулах үүрэгтэй гэж ойлгох бөгөөд Иргэн-2014 бүртгэлийн системд байршуулсан хугацаагаар тооцоход 15 хоногийн дараа бичгээр үйлдэж, албажуулсан байна.

Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1.26-д “шүүхийн шийдвэр гаргахтай холбоотой хуульд тодорхой заасан хугацааг хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр удаа дараа 30 хоногоос дээш хугацаагаар, эсхүл нэг удаа 60 хоногоос дээш хугацаагаар зөрчих” гэж заасан ба зөрчилд тооцох хуулиар тодорхойлсон хугацааны шаардлага хангагдаагүй байх тул шүүгч Н.Б-ийг нэрлэн заасан сахилгын зөрчил гаргасан гэж үзэх боломжгүй.

Хоёр. Сахилгын хэрэгт авагдсан ...  дүүргийн Иргэнийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн шүүх хуралдааны дуу, дүрсний бичлэгийн 0:05:17 минутаас

Даргалагч: Би нэг зүйлийг хэлэх ёстой. Шүүхэд ажиллаж байсан хүн өнөөдөр өрөөнд орж ирээд энэ хэрэгтэй холбоотой зүйлийг ярихаар нь би гаргасан. Тиймээс шүүгч өргөсөн тангараг, хуулийн дагуу асуудлыг шийдвэрлэнэ гэдгийг хэлмээр байна. Аль талаас ярьж байгааг нь би ойлгоогүй. Үгийг нь дутуу сонсоод гаргаад явуулсан. Энэ хэрэгтэй холбоотой зүйл ярих гэж орж ирсэн. Тиймээс шүүх хуулийн дагуу дотоод итгэлээр энэ асуудлыг шийдвэрлэнэ гэдгийг шүүх хуралдааны тэмдэглэлд тусгуулъя гэв. Гуравдагч этгээд “М” ХХК-ийн өмгөөлөгч: Энэ талаар тэмдэглэлд тусгуулна гэдэг нь шүүгч нөлөөллийн мэдүүлэг хөтөлнө гэж ойлгох уу гэхэд

Даргалагчаас: Би аль талаас нь ярьж байгааг нь сонсоогүй, яриагаа эхлэхээр нь гаргаад явуулсан гэв. Гуравдагч этгээд “М” ХХК-ийн өмгөөлөгч: Шүүгч таныг хэргийг шударгаар шийдвэрлэнэ гэдгийг ойлгож байна. Хэдийгээр тэмдэглэлд тусгуулна гэж байгаа боловч танд нөлөөллийн мэдүүлэг бичих шаардлага гарахгүй юу гэхэд

Даргалагчаас: Хүсэл зоригоо илэрхийлэх гэж байхад нь би сонсохгүй гаргасан. Хэний талаас юу ярих гээд байгааг нь сонсохгүйгээр гаргасан. Тэр хүн гараад хэнд юу ярих, аль талаас ярих гэж байсныг нь би мэдээгүй. Орж ирээд эхлэнгүүт нь гаргасан. Шүүгчид хэлүүлэх гэсэн тал байвал шүүгчид хэлүүлчихсэн гэдэг ойлголт төрөхвий гэдэг үүднээс энэ талаар та бүхэнд хэлж байгаа шүү за юу гэхэд, Гуравдагч этгээд “М” ХХК-ийн өмгөөлөгч: Нөлөөллийн мэдүүлэг хөтлөх эсэхийг тодруулсан юм гэхэд

Даргалагч: Нөлөөллийн мэдүүлэг хөтлөх гэхээр аль талаас юу гэж ярьсныг нь сонсоогүй гэхэд, Нэхэмжлэгчийн өмгөөлөгч: Хэн гэдэг хүн бэ гэхэд

Даргалагч: Тэрийг хэлэх шаардлагагүй гэж үзэж байна. Юу ярих гэж байгааг нь сонсоогүй гаргаад явуулчихсан гэв. Нэхэмжлэгчийн өмгөөлөгч: Тэгэхээр эргэлзээтэй юм гэв.

Даргалагч: Би хуулийн дагуу өөрийн дотоод итгэлээр шийдвэрээ гаргана гэдгээ хэлж байна. Ярьж хэлэх гэсэн зүйлийг нь бүрэн сонсоогүй гаргасан. Яриулах гэж байсан тал юу гэж бодож байгааг нь мэдэхгүй байна. Ямар ч байсан энэ талаар хэлье гэж бичигдэн үлджээ.

Харин шүүгч нь “...шүүх хуралдаанд орохоор нөмрөгөө өмсөж байх үед тухайн шүүхэд ажиллаж байгаад тэтгэвэртээ гарсан хүн өрөөнд орж ирэн мэнд мэдэхдээ “чи одоо шүүх хуралтай юм уу” гэхээр нь би “тиймээ” гэхэд “ямар хурал юм, доор их олон хүн байна. Б банкны хэрэг юм уу” гэхээр нь би “тиймээ” гээд өөрөө өрөөнөөсөө гарсан бөгөөд тухайн хүн чухам тэр хэргийг ярих гэж байсан уу зүгээр сонирхсон уу гэдгийг нь би тодруулаагүй /сонсоогүй/ юм. Тухайн хэргийн хувьд өмнө нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулж байсан шүүгчийн талаар хэвлэл мэдээллийн хэрэгслээр ноцтой зүйлс удаа дараа ярьсан гэж өмнөх шүүх хуралдаанууд дээр талууд тайлбартаа ярьдаг учир би энэ байдлыг хэргийн оролцогчдод мэдэгдэх нь зүйтэй байх гэж үзсэндээ шүүх хуралдаан дээр мэдэгдсэн...” гэж тайлбар гаргасан.

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 45 дугаар зүйлийн 45.1-д “Тухайн хэрэг, маргааныг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүгч, шүүх бүрэлдэхүүнд аливаа этгээдээс нөлөөлөхөөр оролдсон бүх тохиолдлыг тэмдэглэн баталгаажуулж нөлөөллийн мэдүүлэг хөтөлнө”, 45.8-д “Шүүгч энэ хуулийн 45.1-д заасан нөлөөллийн мэдүүлгээс гадна энэ хуулийн 44.2-т заасан этгээдтэй уулзсан, харилцсан бөгөөд уг этгээд өөрөө, эсхүл  бусдаар дамжуулан тухайн шүүгчид аливаа хэлбэрээр нөлөөлсөн, нөлөөлөхөөр оролдсон, үүрэг, чиглэл өгсөн бол энэ талаарх мэдээллийг агуулсан тэмдэглэл үйлдэж, битүүмжлэн Ерөнхий зөвлөлд ажлын гурван өдрийн дотор хүргүүлэх үүрэгтэй” гэж заасан бөгөөд хэрэг маргааныг хянан шийдвэрлэж байгаа шүүгч болон шүүх бүрэлдэхүүн шүүх эрх мэдлийг хараат бусаар хэрэгжүүлэх эрхэд хөндлөнгийн ямар нэг этгээд халдаж, ямар нэг байдлаар нөлөөлөл үзүүлсэн, нөлөөлөхийг оролдсон тохиолдолд нөлөөллийн мэдүүлэг хөтөлнө гэж ойлгоно.

Гэвч шүүгчид нөлөөлөх оролдлого хийхээс өмнө таслан зогсоосон, шүүгч өөрөө нөлөөлөхөөр оролдсон байж болзошгүй гэж ойлгосон, ийнхүү өөрт бий болсон бодол дүгнэлтээ шүүх хуралдаан дээр хэргийн оролцогчдод илт тодорхой хэлж хэрэг маргааныг өргөсөн тангараг, хуулийн дагуу шийдвэрлэхээ илэрхийлсэн энэ тохиолдолд шүүгчид нөлөөлсөн, нөлөөлөхөөр оролдсон үндэслэлээр нөлөөллийн мэдүүлэг хөтлөх үүрэг үүссэн гэж үзэхгүй, Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1.39. “энэ хуулийн 45.8-д заасан үүргээ биелүүлээгүй” гэж заасан зөрчил гаргасанд тооцохооргүй байна. Дээрхийг нэгтгэн дүгнээд  Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 50, 51 дүгээр зүйлийн 51.1, 52, 53 дугаар зүйлд заасан хориглосон, хязгаарласан, үүрэг болгосон зохицуулалтыг зөрчөөгүй гэх үндэслэлээр ... дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Б-т холбогдох сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох санал гаргав.” гэжээ.

Холбогдох шүүгч Н.Б Шүүхийн сахилгын хороонд гаргасан тайлбартаа:  “Шүүгч би “Монгол улсын Ерөнхий прокурорын газар”-ын хяналтын прокурор Ш.О, “Б банк” ХХК нарын нэхэмжлэлтэй хариуцагч “М...” ХХК-д холбогдох, гуравдагч этгээд “М” ХХК, “А констракшн” ХХК, “Ж цамхаг” ХХК, “А групп” ХХК, “Х” ХХК нарыг оролцуулан шийдвэрлэсэн, “Б банк” ХХК-ийн хариуцагч “М” ХХК-тай байгуулсан 2017 оны 5 дугаар сарын 12-ны өдрийн ... дугаартай, 2017 оны 6 дугаар сарын 07-ны өдрийн ... дугаартай, 2017 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн ... дугаартай зээлийн гэрээнүүдийг цуцалж, зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээлийн төлбөр 13,970,... ам.доллар, зээлийн хүүгийн төлбөрт 7,584,... ам.доллар, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт 26,... ам.доллар, нийт 21,582,... ам.доллар буюу нийт 74,002,... төгрөг гаргуулах, хариуцагч нь шүүхийн шийдвэрийг сайн дураар эс биелүүлж, мөнгөн хөрөнгийг төлөхгүй тохиолдолд барьцааны гэрээгээр барьцаалагдсан гуравдагч этгээдүүдийн өмчлөл, эзэмшлийн барьцааны хөрөнгүүдээс хангуулах, нэхэмжлэлд дурдсан барьцааны хөрөнгүүд нь зээлийн үүргийн гүйцэтгэлийг хангахад хүрэлцэхгүй тохиолдолд зээлдэгчийн үйл ажиллагааны орлого болон бусад хөрөнгөөс зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай шаардлагатай иргэний хэргийг хэлэлцэх шүүх хуралдааныг 2023 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн 17:00 цагт товлон, мөн өдрийн 00:30 цаг хүртэл шүүх хуралдаанаар хэлэлцүүлэн шийдвэр гаргасан бөгөөд гомдол гаргагчийн гомдолд дурдсанаар шийдвэрээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.3-т заасан 14 хоногийн хугацаанд гаргаагүй нь үнэн билээ.

Учир нь дээрх шийдвэр нь дор дурдсан хүндэтгэн үзэх шалтгааны улмаас 2023 оны 3 дугаар сарын 12-ны өдөр албажин гарч, талуудад гардуулан, хүргэгдсэн бөгөөд энэ асуудалд “Б банк” ХХК-аас хүлцэл өчиж байна. ...Тухайн 2023 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн 1.../ШШ2023/00... дугаартай шийдвэрийг гаргах хугацаанд, мөн 2023 оны 3 дугаар сарын 12-ны өдөр хүртэл шүүгч миний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд 216-217 хэрэг, нэхэмжлэл байсан, уг хэрэг, нэхэмжлэлтэй холбоотой 182 шүүгчийн захирамж, 30 шийдвэр, 1 шүүхийн тогтоол болон уг хэргүүдтэй холбоотой албан бичиг, шүүгчдийн зөвлөгөөний тогтоолууд бичих, зарлагдсан шүүх хуралдааны тэмдэглэлийг хянах, өөрийн болон бусад шүүгч нарын зарласан 59 шүүх хуралдаанд орж, хэргийг шийдвэрлэсэн, мөн 10-12 гэрч асуух, 5 үзлэг хийх зэрэг ажиллагаануудыг хийж гүйцэтгэсэн байна. ...Шүүгч би 7 хоногийн 3 өдөр бүтэн шүүх хуралдаантай, үлдэх 2 өдөрт нь дээрх 200-д хэргүүдийн оролцогч нараас гаргасан хүсэлтүүдийг шийдвэрлэх, өдөрт хуваарилагдан ирж байгаа нэхэмжлэлтэй танилцаж, эрхийн актуудаа бичиж, албажуулах, шүүх хуралдааны тэмдэглэлүүдээ хянаж, уншиж засварлах, бусад шүүгч нарын хурлын бүрэлдэхүүнд орж, шүүх хуралдаанд оролцох, ажиллагаанд байгаа хэргүүдтэй танилцах, шүүх хуралдаанаа товлох, тов зарлагдсан хэргээ уншиж, танилцан холбогдох хууль тогтоомжоо судлах, хуралдаанд бэлтгэх, гэрч асуух, үзлэг хийх ажиллагааг хийхийн зэрэгцээ шүүгчийн туслахын ажиллагаа явуулахад зааварчилгаа өгөх зэрэг ажиллагаануудыг тасралтгүй хийсэн.

Мөн өөрийн гаргасан эрхийн актуудаа программд хөрвүүлэх, иргэн программд тухайн өдөр ажиллагаа хийсэн эрхийн актуудын дугаарыг авах зэрэг ажиллагааг хийгээд амралтын өдөр өглөөний 8.30-9.00 цагт ажил дээрээ ирж, оройн 20-22 цаг хүртэл яг ажлын өдөр шиг ажилласаар 1 жил гаруй болж байна. Шийдвэрээ зөвхөн амралтын өдөр л бичдэг бөгөөд бусад өдөр бусад эрхийн актуудаа бичдэг учир шийдвэр бичиж амждаггүйгээс дээрх хэргийн шийдвэрийг 2023 оны 3 дугаар сарын 12-ны өдөр /ням гариг/-ийн 23 цагт бичиж дуусгасан. Тухайн хэрэг нь зээлийн 3 гэрээ /тус бүр 3 удаа сунгасан/, барьцааны 9 гэрээтэй бөгөөд гэрээ тус бүрд дүгнэлт өгөх, 4 хавтас хэргийн нотлох баримтууд, талуудын тайлбар, маргааны зүйл болгонд дүгнэлт өгөх зэрэг ажиллагаа ихтэйгээс шийдвэрээ дахин дахин нягталсаар 3 долоо хоногийн амралтын өдрөө зарцуулсан бөгөөд шүүгч нэг шийдвэрээ бичээд бусад ажиллагаагаа орхигдуулж болохгүй тул хугацаа алдсаныг минь харгалзан үзнэ үү. Түүнчлэн дүүргүүдийн Иргэний хэргийн анхан шатны шүүх, тэр дундаа ...  дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн ачаалал онцгой их, хэргийн өнгө, маргааны төрөл зэрэг нь улам л өөрчлөгдөж байгаагаас шалтгаалан шүүгч бид холбогдох хууль, дүрэм журмыг судлах зайлшгүй шаардлага үүсэж байгаа нь бас ажлын ачаалалд нөлөөлж байна.

Монгол улсын Шүүхийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1.26-д “шүүхийн шийдвэр гаргахтай ... хугацааг хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр удаа дараа 30 хоногоос дээш хугацаагаар ... зөрчих” гэжээ. Мөн хуулийн 22 дугаар зүйлийн 22.4, 22.4.1, 22.4.2, 22.4.3-т зааснаар шүүх хэрэг, маргааныг хянан хэлэлцээд гаргасан шийдвэр нь анхан шатны шүүхийн шийтгэх ба цагаатгах тогтоол, шүүхийн шийдвэр, шүүгч шийтгэвэр, давж заалдах шатны шүүхийн магадлал, хяналтын шатны шүүхийн тогтоол гэсэн хэлбэртэй байна. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.3-т “Шийдвэр хүчинтэй болсон өдрөөс хойш 14 хоногийн дотор шийдвэрийн агуулгыг... бүрэн эхээр нь бичгээр үйлдэж... шүүгч ... гарын үсэг зурна.” гэж заасан.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.3, Монгол улсын Шүүхийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1.26-д заасан шийдвэрийг бичгээр гаргах хугацааг 30 хоногоос дээш хугацаагаар зөрчих гэдэг нь иргэний хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрийн тухайд шийдвэрийг бичгээр гаргах 14 хоногийн хугацаа дуусаж, түүнээс хойш 30 хоногоос дээш хугацаа өнгөрсөн байхыг ойлгоно гэж үзэж байна. Түүнчлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт заасан анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор гомдол гаргах хугацааг хэтрүүлсэн тохиолдолд уг хугацааг 14 хоногоос хойш тооцдог болно. Иймд Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1.26 дахь заалтад зааснаар шүүхийн шийдвэр гаргахтай холбоотой хуульд тодорхой заасан хугацааг 30 хоногоос дээш хугацаагаар зөрчсөн зөрчил гараагүй гэж ойлгож байна.

Мөн гомдолд “...шүүгч Н.Б нь ...Монгол улсын Шүүхийн тухай хуулийн 45 дугаар зүйлийн 45.8-д зааснаар шүүхэд нөлөөлөхийг оролдсон этгээдийг тухайн асуудлаар шүүгчтэй ярилцсан эсэхээс үл хамааран нөлөөллийн мэдүүлгийг заавал хөтөлж, Шүүхийн Ерөнхий зөвлөлд хүргүүлэх үүрэгтэй бөгөөд мөн хуулийн 50 дугаар зүйлийн 50.1.39-д заасны дагуу дээрх үүргээ биелүүлэхгүй байхыг хориглосныг зөрчсөн, эс үйлдэхүйг шалгаж, сахилгын арга хэмжээ авах нөхцөл бүрдсэн эсэхийг тогтоолгох” гэжээ. Дээрх ойлголтыг төрүүлсэндээ мөн “Б  банк” ХХК-аас хүлцэл өчиж байна.

Учир нь тухайн өдөр 17 цагийн үед шүүх хуралдаанд орохоор нөмрөгөө өмсөж байх үед тухайн шүүхэд ажиллаж байгаад тэтгэвэртээ гарсан хүн өрөөнд орж ирэн мэнд мэдэхдээ “чи одоо шүүх хуралтай юм уу” гэхээр нь би “тиймээ” гэхэд “ямар хурал юм, доор их олон хүн байна. Б банкны хэрэг юм уу” гэхээр нь би “тиймээ” гээд өөрөө өрөөнөөсөө гарсан бөгөөд тухайн хүн чухам тэр хэргийг ярих гэж байсан уу зүгээр сонирхсон уу гэдгийг нь би тодруулаагүй /сонсоогүй/ юм. Тухайн хэргийн хувьд өмнө нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулж байсан шүүгчийн талаар хэвлэл мэдээллийн хэрэгслээр ноцтой зүйлс удаа дараа ярьсан гэж өмнөх шүүх хуралдаанууд дээр талууд тайлбартаа ярьдаг учир би энэ байдлыг хэргийн оролцогчдод мэдэгдэх нь зүйтэй байх гэж үзсэндээ шүүх хуралдаан дээр мэдэгдсэн болно. Иймд тухайн хүн энэ хэргийг зүгээр сонирхсон уу, аль нэг талаас нь явж байсан уу гэдгийг би анхаараагүй, сонсоогүй, энэ талаар яриа өрнөөгүй учир шүүгч би нөлөөллийн мэдүүлэг хөтлөх шаардлагагүй гэж үзсэнээ шүүх хуралдаан дээр талуудад тайлбарласан нь тэмдэглэлд тусгагдсан байгаа. Иймд надад үүсгэсэн сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгнө үү.” гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

            Б банкны гүйцэтгэх захирал Н.М-аас ...  дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Н-т холбогдуулан “... шүүхийн шийдвэрийг хуульд заасан хугацаанд бичгээр гарган хэргийн оролцогчдод танилцуулах, мөн хуульд заасан үндэслэл бүрдсэн байхад нөлөөллийн мэдүүлэг хөтлөхөөс үндэслэлгүйгээр татгалзаж хуульд заасан үүргээ биелүүлээгүй...” гэх агуулга бүхий өргөдлийг 2023 оны 03 дугаар сарын 15-ны өдөр Шүүхийн сахилгын хороонд гаргажээ.

            Өргөдлийг Сахилгын хорооны гишүүн хүлээн авч хянаад 2023 оны 04 дүгээр сарын 07-ны өдрийн ГЗҮ/2023/00... дугаар захирамжаар шүүгч Н.Б-т сахилгын хэрэг үүсгэн, шалгах ажиллагаа явуулж, улмаар сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох тухай санал гаргасан байна.

             Сахилгын хорооны гишүүний 2023 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн ГС/2023/00... дугаартай “Сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох тухай” санал үндэслэлтэй байх тул хүлээн авч, сахилгын хэргийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

            Нэг. “... шүүхийн шийдвэрийг хуульд заасан хугацаанд бичгээр гарган хэргийн оролцогчдод гардуулаагүй...” гэх өргөдлийн тухайд:

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт “шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болно”, 119.3 дахь хэсэгт “Шийдвэр хүчинтэй болсон өдрөөс хойш 14 хоногийн дотор шийдвэрийн агуулгыг энэ хуулийн 118 дугаар зүйлд заасны дагуу бүрэн эхээр нь бичгээр үйлдэж, шүүгч, шүүх бүрэлдэхүүн гарын үсэг зурна” гэж тус тус заасан.

Харин Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1.26-д зааснаар шүүхийн шийдвэр гаргахтай холбоотой хуульд тодорхой заасан хугацааг хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр удаа дараа 30 хоногоос дээш хугацаагаар, эсхүл нэг удаа 60 хоногоос дээш хугацаагаар зөрчвөл сахилгын зөрчилд тооцогддог.

Сахилгын хэрэгт авагдсан баримтуудаас үзэхэд, Б банкны нэхэмжлэлтэй, “М...” ХХК-д холбогдох иргэний хэргийг ...  дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Н даргалсан 2023 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн шүүх хуралдаанаар шийдвэрлэж, шийдвэрийг “Иргэн-2014” бүртгэл хяналтын системд 2023 оны 03 дугаар сарын 14-ний өдөр бүрэн хадгалж, баталгаажуулаад, хэргийн оролцогчид 2023 оны 03 дугаар сарын 16-ны өдрөөс 2023 оны 04 дүгээр 04-ний өдрийн хооронд шийдвэрээ гардан авсан байна.[1] (хх 38 дахь тал)

Дээрх баримтуудаас үзвэл шийдвэрийг 2023 оны 03 дугаар сарын 14-ний өдөр албажуулсан байх ба шүүгч шийдвэр гаргах хуульд заасан хугацааг 15 хоногоор хэтрүүлсэн гэж үзэхээр байх боловч энэ нь Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1.26-д заасан “...нэг удаа 60 хоногоос дээш хугацаагаар зөрчсөн”... гэж заасан зөрчилд тооцох хуулиар тодорхойлсон хугацааны шаардлага хангаагүй байх тул энэ талаар дүгнэсэн илтгэгч гишүүний саналыг хүлээн авах нь зүйтэй.

Хоёр. “...хуульд заасан үндэслэл бүрдсэн байхад нөлөөллийн мэдүүлэг хөтлөхөөс үндэслэлгүйгээр татгалзаж хуульд заасан үүргээ биелүүлээгүй” гэх тухайд:

Сахилгын хэрэгт авагдсан ...  дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн 1.../ТМ2023/009... дүгээр тэмдэглэл болон мөн өдрийн шүүх хуралдааны дуу, дүрсний бичлэгт:

Даргалагчаас: “Би нэг зүйлийг хэлэх ёстой. Шүүхэд ажиллаж байсан хүн өнөөдөр өрөөнд орж ирээд энэ хэрэгтэй холбоотой зүйлийг ярих гэхэд нь би өрөөнөөсөө гаргасан. Тиймээс шүүгч өргөсөн тангараг, хуулийн дагуу асуудлыг шийдвэрлэнэ гэдгийг хэлмээр байна. Аль талаас ярьж байгааг нь би ойлгоогүй. Үгийг нь дутуу сонсоод гаргаад явуулсан. Энэ хэрэгтэй холбоотой зүйл ярих гэж орж ирсэн. Тиймээс шүүх хуулийн дагуу дотоод итгэлээр энэ асуудлыг шийдвэрлэнэ гэдгийг шүүх хуралдааны тэмдэглэлд тусгуулъя” гэж хэлсэн нь бичигджээ.

Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 45 дугаар зүйлийн 45.2.8-д “Шүүгч энэ хуулийн 45.1-д заасан нөлөөллийн мэдүүлгээс гадна энэ хуулийн 44.2-т заасан этгээдтэй уулзсан, харилцсан бөгөөд уг этгээд өөрөө, эсхүл  бусдаар дамжуулан тухайн шүүгчид аливаа хэлбэрээр нөлөөлсөн, нөлөөлөхөөр оролдсон, үүрэг, чиглэл өгсөн бол энэ талаарх мэдээллийг агуулсан тэмдэглэл үйлдэж, битүүмжлэн Ерөнхий зөвлөлд ажлын гурван өдрийн дотор хүргүүлэх үүрэгтэй” гэж заажээ. Өөрөөр хэлбэл аливаа этгээд нь хэрэг, маргаан шийдвэрлэхтэй холбогдуулан шүүгч, шүүх бүрэлдэхүүн дарамт шахалт үзүүлэх, заналхийлэх, доромжлох, гүтгэх, шийдвэрийг урьдчилан хэлэхийг санал болгох, зааварчилгаа өгөх зэргээр нөлөөлсөн тохиолдолд шүүгч нөлөөллийн мэдүүлэг хөтлөх үндэслэл болно.

Хэрэв шүүгч дээрх хуулийн зохицуулалт буюу Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 45 дугаар зүйлийн 45.2.8-д заасан үүргээ биелүүлээгүй бол энэ нь шүүгчийн сахилгын зөрчилд тооцогддог[2].

Шүүгч Н.Б-ийн тухайд, шүүх хуралдаанаас өмнө хэн нэгэн этгээдээс шийдвэр гаргахад нь аливаа хэлбэрээр нөлөөлөхөөр оролдож байж болзошгүй гэж үзээд, шүүх хуралдаан дээр хэргийн оролцогчдод нийтэд нь хандаж хуулийн дагуу, өөрийн дотоод итгэлээр шийдвэрээ гаргана гэдгээ илэрхийлсэн байх тул энэ асуудлаар шүүгчийг нөлөөллийн мэдүүлэг хөтлөх үүргээ биелүүлээгүй буюу Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1.39-д заасан зөрчил гаргасанд тооцохгүй. 

Иймд шүүгч Н.Б-ийг сахилгын зөрчил гаргаагүй гэж үзэж, сахилгын хэргийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж бүрэлдэхүүн үзэв.           

Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 112 дугаар зүйлийн 112.1, 112.1.2, 112.2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Шүүхийн сахилгын хорооны гишүүний 2023 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн ГС/2023/00... дугаартай “Сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох тухай” саналыг хүлээн авч, ...  дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Б-т холбогдох сахилгын хэргийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2.Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 112 дугаар зүйлийн 112.6 дахь хэсэгт зааснаар  магадлал гаргаснаас хойш 14 хоногийн дотор сахилгын хэргийн оролцогч болон өргөдөл, мэдээлэл гаргагчийн оршин суугаа  газрын эсхүл ажлын газрын хаягаар баталгаат шуудангаар хүргүүлэхийг Ажлын албанд даалгасугай.

3.Дээрх журмаар хүргүүлснээр магадлалыг гардан авсанд тооцох ба энэ нь гомдол гаргах хугацааг тоолох үндэслэл болохыг мэдэгдсүгэй.

 4.Магадлалыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор сахилгын хэргийн оролцогч гомдол, илтгэгч гишүүн эсэргүүцэл гаргах эрхтэйг дурдсугай.                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                     

                ДАРГАЛАГЧ                                   Х.ХАШБААТАР

               ГИШҮҮН                                           Г.ЦАГААНЦООЖ

                                                                                          Д.ЭРДЭНЭЧУЛУУН

 

[1] Шүүхийн шийдвэрийг хэргийн оролцогчдод гардуулсан/хүргүүлсэн баримт №11

[2] Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1.39 дэх заалт.