МОНГОЛ УЛС
ШҮҮХИЙН САХИЛГЫН ХОРОО
МАГАДЛАЛ
2023-06-29
Дугаар 100
Улаанбаатар хот
болгох тухай
Шүүхийн сахилгын хорооны хуралдааныг гишүүн Г.Цагаанцоож даргалж, гишүүн Ц.Давхарбаяр, Д.Эрдэнэчулуун нарын бүрэлдэхүүнтэй, илтгэгч гишүүн Д.Мягмарцэрэн, нарийн бичгийн дарга Г.Болортуяа нарыг оролцуулан тус хорооны танхимд хийсэн хуралдаанаар:
...шүүхийн Ерөнхий шүүгч Д.Г, шүүгч Б.А, Б.Б, С.С, Ч.С, Д.Э нарт холбогдох сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох тухай саналыг хянан хэлэлцэв.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Д.Ч өргөдөлдөө: “...Ц.З нь шүүгч Б.М-ын 99....99 дугаартай сим картыг иргэний үнэмлэхийн хуулбар хувийг ашиглан хүчингүй болгуулж шинээр сэргээлгэж аваад шүүгч С.Б-ын эхнэр М.Н-ын эзэмшилд бүртгэлтэй 99....85 дугаар ашиглагдаж байсан 3............94 имей код бүхий гар утсанд сэргээлгэсэн сим идэвхжин шүүгч С.Б-ын 99....29 дугаартай утсанд 1 удаа мессеж бичиж цахим сүлжээнд хууль бусаар халдаж, хэвийн үйл ажиллагааг алдагдуулсан гэмт хэрэг үйлдсэн болохыг анхан болон давж заалдах шатны шүүхийн шийтгэх тогтоол, магадлалаар тогтоосон.
С.Б ...дүүргийн шүүхэд бичиг хүргэгч, нарийн бичгийн даргаар ажиллаж байсан, тэрээр өөрийгөө ...шүүхийн Ерөнхий шүүгч Д.Г-ийн туслахаар ажиллаж байсан, шадар хүн нь гэж сайрхан ярьдаг бөгөөд өөрийн үйлдсэн хэргээ хууль бусаар шийдвэрлүүлсэн байна. ...шүүхийн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдааны 2021 оны 04 дүгээр сарын 23-ны өдрийн 2.. дугаартай тогтоолоор шийтгэх тогтоол, магадлалыг тус тус хүчингүй болгож шүүгдэгч нарыг цагаатгасан илтэд хууль бус шийдвэр гаргажээ.
Шүүгч С.Б хууль бус үйлдлээ хаацайлах гэж өмнөх ажлаасаа өөрийн хүсэлтээр гарсан байхад шүүгчээр сонгосон, мөн гэмт хэрэг үйлдсэн болох нь шүүхийн шийдвэрээр тогтоогдсон байхад өмгөөлөгч Б.Г, нэр бүхий шүүгч нартай хуйвалдан хэргийг нь хэрэгсэхгүй болгосон. Ингээд өөрөө давж заалдах шатны шүүхэд, өмгөөлөгч Б.Г нь ...шүүхийн шүүгчид нэр дэвшиж нэг хүний дохио зангаагаар ажилладаг шүүхийн байгууллага бий боллоо. Ёс зүйгүй хууль бус шийдвэр гаргасан шүүгч нар, хууль бусаар хэргээ шийдвэрлүүлсэн ёсгүй С.Б, Шүүгчийн хууль бус сонгон шалгаруулалтыг зохион байгуулсан хүмүүсийг шалгуулах, тухайн зохион байгуулалт бүхий үйл ажиллагааг зохион байгуулсан, оролцсон шүүгч, нэр дэвшигч нарт хариуцлага тооцож өгнө үү” гэжээ.
...шүүхийн Ерөнхий шүүгч Д.Г тайлбартаа: “шүүгдэгч С.Б, Ц.З нарт холбогдох хэрэг анхан, давж заалдах, хяналтын шатны шүүхээр Эрүүгийн хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн дагуу хэлэлцэгдэж дууссан байх бөгөөд шүүхийн шийдвэрийн Shuukh.mn цахим санд хяналтын шатны шүүхийн тогтоол нээлттэй байршсан байна. Цахим сан дахь шүүхийн шийдвэрээс үзэхэд хяналтын шатны шүүх уг хэргийг шүүгдэгч С.Б-ын гаргасан гомдлын дагуу хэлэлцэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.8 дугаар зүйлийн 1.2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон 2020 оны 08 дугаар сарын 18-ны өдрийн 2020/ШЦТ/7.. дугаар шийтгэх тогтоол, ...шатны шүүхийн 2020 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн 2020/ДШМ/1..4 дүгээр магадлалыг тус тус хүчингүй болгож, Ц.З, С.Б нарт холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, тэднийг цагаатгаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.8 дугаар зүйлийн 4-т зааснаар хяналтын шатны шүүхийн тогтоол эцсийн шийдвэр байх ба уг тогтоолд гомдол гаргахгүй болохыг дурдаж шийдвэрлэжээ.
Давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч хяналтын шатны шүүхэд гаргасан гомдол, эсэргүүцэл 2021 оны 3 дугаар сарын 01-ээс өмнө хуульд заасан хугацаанд гарсан тохиолдолд Шүүхийн тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн 15 дугаар зүйлд заасан журмын дагуу тухайн үед үйлчилж байсан Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн зохицуулалтын хүрээнд ...шүүхийн Ерөнхий шүүгчид гомдол гаргасан тохиолдолд дүгнэлт гаргах эсэхийг хянан шийдвэрлэж байна. Харин, энэ хэргийн тухайд хяналтын шатны шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсон байх бөгөөд хяналтын шатны шүүхийн шийдвэрийг хянуулах талаар ямар нэгэн гомдол, хүсэлт, мэдээлэл ...шүүхийн Ерөнхий шүүгчид ирээгүй байна.
2. Гомдолд хяналтын шатны шүүхийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа, шүүх бүрэлдэхүүн үндэслэлгүй шийдвэр гаргахад ...шүүхийн Ерөнхий шүүгч нөлөөлсөн гэжээ. Аль ч хэргийн, аль ч шатны шүүх, шүүгчийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд ...шүүхийн Ерөнхий шүүгч хөндлөнгөөс оролцох боломжгүй бөгөөд хяналтын шатны шүүхийн шүүх бүрэлдэхүүнд эсхүл шүүх хуралдаанд даргалагчаар сонгогдож, томилогдсон тохиолдолд хуульд заасан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулах эрх ...шүүхийн Ерөнхий шүүгчид нээгддэг. Энэ хэргийн тухайд, аль ч шатны шүүхийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцоогүй байна. Хэргийн оролцогч тухайн хэргийн талаар гарсан шүүхийн шийдвэрийг "үндэслэлгүй” гэж үзсэн гомдол нь хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу хэлэлцэгдэж, дээд шатны шүүхийн шийдвэрээр хянагдах бөгөөд дурын хүн үүнийг эцэслэн дүгнэх боломжгүй хууль, эрх зүйн орчныг Монгол Улсад Үндсэн хууль, бусад хуулиар тогтоосон. Хэн нэгэн шүүгчийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд Ерөнхий шүүгчийн хувьд ямар нэг байдлаар нөлөөлөөгүй бөгөөд гарсан шүүхийн шийдвэр нь хэргийн оролцогч, түүний хамаарал бүхий этгээдэд таалагдаагүй тохиолдол бүрийг Ерөнхий шүүгчтэй холбон тайлбарлах боломжгүй юм. Нөлөөлсөн гэх үйлдэл нь өөрөө обьектив нөхцөлийг шаарддагаас гадна нөлөөллийн мэдүүлэг хөтлөгддөг тул энэ талаар шалгалт хийх нь зүйтэй. Хамт нэг шүүхэд ажиллаж байсан шүүгч, шүүхийн захиргааны ажилтнууд цөөнгүй бөгөөд тэдгээрийн хэн нэгний холбогдсон хэрэг, маргаанд нөлөөлсөн гэж гомдол гаргагч хэт субьектив байдлаар хүсэл зоригоо илэрхийлэхдээ ямар нэг баримтгүйгээр гүтгэсэн байгааг уламжилъя” гэжээ.
Шүүгч Б.Б тайлбартаа: “...би ...шатны шүүхийн 2020 оны 08 дугаар сарын 18-ны өдрийн 7.. дугаартай шийтгэх тогтоол, ...шатны шүүхийн 2020 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн 1..4 дугаартай магадлалаар тус тус хянан шийдвэрлэсэн С.Б, Ц.З нарт холбогдох эрүүгийн хэргийг 2021 оны 04 дүгээр сарын 23-ны өдөр хяналтын журмаар хянан хэлэлцэх шүүх бүрэлдэхүүнд томилогдон оролцсон нь үнэн. Анхан болон давж заалдах шатны шүүх С.Б, Ц.З нарыг 2018 оны 05 дугаар сарын 17-ны өдөр бүлэглэн Б.М-ын иргэний үнэмлэхийн хуулбарыг ашиглан, түүний эзэмшлийн 99....99 дугаарын эрхийг хууль бусаар сэргээлгэж, улмаар 99....99 дугаарыг ашиглан С.Б-ын гар утас руу мессеж дамжуулсан буюу Эрүүгийн хуулийн 26.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн болох нь хавтаст хэрэгт бэхжүүлэгдсэн нотлох баримтуудаар тогтоосон гэж дүгнэн, торгох ялаар шийтгэснийг оролцогчид эс зөвшөөрч хяналтын журмаар гомдол гаргажээ.
Хяналтын шатны шүүх хуралдаанаас хавтаст хэрэгт цугларсан яллах болон цагаатгах талын нотлох баримтууд харилцан эрс зөрүүтэй, шүүгдэгч С.Б, Ц.З нарын гэм буруутай эсэх нь эргэлзээтэй үндэслэлээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасныг баримтлан хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэхэд хэргийн оролцогч, бусад этгээдээс хууль бусаар нөлөөлсөн, шүүгч нар хэргийг хянан шийдвэрлэхдээ хууль, ёс зүйн дүрмийг ноцтой зөрчиж, илтэд үндэслэлгүй, хууль бус шийдвэр гаргасан гэж үзэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Хяналтын шатны шүүх бүрэлдэхүүнд томилогдон оролцсон шүүгч нарын хувьд Монгол Улсын Үндсэн хууль, Шүүхийн тухай хууль, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиар олгогдсон эрх хэмжээний хүрээнд хэргийг хянан шийдвэрлэсэн бөгөөд мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.2 дахь хэсэгт заасан хэргийн талаар нотолбол зохих нөхцөл байдлыг бүрэн шалгаж тогтоосон эсэх, хэрэгт цугларсан нотлох баримтууд нь хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хүрэлцэхүйц нотолгооны стандартыг хангасан эсэх, анхан болон давж заалдах шатны шүүхийн хийсэн дүгнэлт нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.7 дугаар зүйлд заасан шаардлагыг хангасан эсэхийг өөрсдийн дотоод итгэл, эрх зүйн ухамсарт тулгуурлан тал бүрээс нь бодит байдлаар хянаж, үнэлэх замаар саналаа хараат бусаар гаргаж, хэргийг олонхын саналаар хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн гэж үзэж байна.
Миний хувьд хяналтын шатны шүүх бүрэлдэхүүнд томилогдон оролцохдоо хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх талаар шүүх бүрэлдэхүүний олонхын гаргасан санал, дүгнэлтийг хүлээн зөвшөөрөхгүй, зарчмын өөр байр суурьтай байсан тул энэ талаар Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.1.6, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1 дүгээр зүйлийн 4, 40.8 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасны дагуу тусгай санал бичиж, хэрэгт хавсаргуулсан” гэжээ.
Шүүгч Б.А, С.С, Д.Э, Ч.С нар тайлбартаа: “...шүүхэд хэрэг, нэхэмжлэл, гомдол, хүсэлт хүлээн авах, хуваарилах болон хэрэг, маргааныг хянан шийдвэрлэх шүүх бүрэлдэхүүн, шүүх хуралдаан даргалагчийг сугалаагаар томилохоор заасны дагуу гомдолд нэр дурдагдсан С.Б, Ц.З нарт холбогдох хэргийг хянан хэлэлцэх шүүх бүрэлдэхүүнд томилогдон оролцсон билээ. Монгол Улсын Үндсэн хуулийн 49 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүгч хараат бус байж, гагцхүү хуульд захирагдана”, Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсэгт “Шүүх нь шүүх эрх мэдлийг аливаа этгээдээс хараат бусаар хэрэгжүүлнэ”, 6 дугаар зүйлийн 6.3 дахь хэсэгт “Шүүх хэрэг, маргааныг хянан шийдвэрлэхдээ Монгол Улсын Үндсэн хууль, түүнд нийцүүлэн гаргасан, албан ёсоор нийтлэгдсэн хууль, Монгол Улсын олон улсын гэрээг хэрэглэнэ”, 42 дугаар зүйлийн 42.1 дэх хэсэгт “Шүүгч шүүх эрх мэдлийг хэрэгжүүлэхдээ аливаа этгээдээс хараат бус байж, гагцхүү Монгол Улсын Үндсэн хууль, түүнд нийцүүлэн гаргасан, албан ёсоор нийтлэгдсэн бусад хууль, Монгол Улсын олон улсын гэрээнд захирагдана”, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх ...эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулахдаа Монгол Улсын Үндсэн хууль, энэ хууль, бусад хуулийн заалтыг чанд сахина” гэж тус тус заасныг баримтлан ажиллаж, хэргийг хянан шийдвэрлэсэн болно.
Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.3 дахь хэсэгт “Хуульд өөрөөр заагаагүй бол шүүгчээс хянан шийдвэрлэж байгаа болон хянан шийдвэрлэсэн хэргийнх нь талаар өөрийг нь холбогдуулан мөрдөн шалгах ажиллагаа явуулж байгаа байгууллага, албан тушаалтан тайлбар, мэдүүлэг авахаар шаардахыг хориглоно” гэж заасан байгааг анхаарч үзнэ үү” гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Сахилгын хэрэгт авагдсан баримтаар дараах үйл баримт тогтоогджээ.
С.Б нь ...шатны шүүхийн шүүгч бөгөөд түүнд Нийслэлийн прокурорын газраас 2019 оны 05 дугаар сарын 14-ний өдөр Монгол Улсын эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3.3 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан тусгай ангийн 26.1 дүгээр зүйлийн 2 дах хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлжээ.
...шатны шүүхийн 2020 оны 08 дугаар сарын 18-ний өдрийн 7... дугаар шийтгэх тогтоолоор С.Б-ыг цахим төхөөрөмжид хууль бусаар халдаж, хэвийн үйл ажиллагааг алдагдуулсан гэмт хэргийг бүлэглэн үйлдсэн гэм буруутайд тооцож, торгох ял оногдуулсан, ...шатны шүүхийн 2020 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн 1..4 дүгээр магадлалаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээсэн байна.
С.Б шийтгэх тогтоол, магадлалыг эс зөвшөөрч гомдол гаргасан, ...шүүхийн хяналтын шатны Эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар хэргийг хянан хэлэлцээд 2021 оны 04 дүгээр сарын 23-ны өдрийн 2.. дугаар тогтоолоор шийтгэх тогтоол, магадлалыг тус тус хүчингүй болгож, нэр бүхий шүүгдэгч нарт холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, цагаатгажээ.
Дараах үндэслэлээр илтгэгч гишүүний саналыг хүлээн авч, сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж бүрэлдэхүүн үзэв.
Үүнд:
1. Хяналтын шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.8 дугаар зүйлийн 1.2-т зааснаар анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь, эсхүл зарим хэсгийг хүчингүй болгох, хэргийг хэрэгсэхгүй болгох шийдвэр гаргах эрхтэй ба хяналтын шатны шүүхийн тогтоол эцсийн шийдвэр байна.
С.Б нарт холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, цагаатгахдаа хяналтын шатны шүүх ийнхүү шийдвэрлэсэн үндэслэлийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.9 дүгээр зүйлийн 2.1.-т зааснаар тогтоолд тодорхой дурджээ.
Сахилгын хороо шүүхийн шийдвэрийн хууль зүйн үндэслэлд дүгнэлт хийх эрхгүй тул өргөдөл гаргагчийн “...шүүгдэгч нарыг цагаатгасан илтэд хууль бус шийдвэр гаргасан...” гэх гомдол сахилгын зөрчилд хамаарахгүй.
2. Монгол Улсын шүүхийн тухай /Шинэчилсэн найруулга/ хууль 2021 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр батлагдаж, 2021 оны 03 дугаар сарын 01-ний өдрөөс дагаж мөрдсөн.
Монгол Улсын шүүхийн тухай хууль /Шинэчилсэн найруулга/-ийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн 15 дугаар зүйлд энэ хууль хүчин төгөлдөр болж дагаж мөрдөхөөс өмнө Улсын дээд шүүхэд хяналтын журмаар гомдол, эсэргүүцэл гаргасан хэрэг, маргаанд Монгол Улсын шүүхийн тухай хууль /Шинэчилсэн найруулга/-ийн 25.7.5 дахь заалт хамаарахгүй бөгөөд хэрэг, маргааныг Монгол Улсын шүүхийн тухай хууль /Шинэчилсэн найруулга/, мөн хуультай холбогдуулан баталсан Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль хүчин төгөлдөр болохоос өмнө дагаж мөрдөж байсан хуулиар хянан шийдвэрлэхээр зохицуулсан. Өөрөөр хэлбэл, С.Б нарт холбогдох эрүүгийн хэргийг хяналтын журмаар хянан хэлэлцэхэд тухайн үед хүчин төгөлдөр үйлчилж байсан хуулийг мөрдөнө.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.10 дугаар зүйлийн 1-т хяналтын шатны шүүхийн шийдвэр хууль зөрчсөн гэж үзвэл хуульд заасан этгээд шийдвэрийг гардан авснаас хойш 30 хоногийн дотор Улсын дээд шүүхийн Ерөнхий шүүгчид гомдол гаргаж болно гэж заасан ба С.Б нарт холбогдох хэргийг шийдвэрлэсэн хяналтын шатны шүүхийн тогтоолын талаар Ерөнхий шүүгчид гомдол гараагүй, энэ талаарх баримт хэрэгт авагдаагүй байна.
3. Сахилгын хэрэгт авагдсан баримтаас үзвэл, С.Б, Ц.З нарт холбогдох эрүүгийн хэргийг ...шүүх 2021 оны 02 дугаар сарын 16-ны өдөр хүлээн авсан байх ба илтгэгч шүүгч Б.Ц-д хуваарилагдсан. ...шүүхийн Ерөнхий шүүгчийн 2021 оны 03 дугаар сарын 24-ний өдрийн 4.. дугаар захирамжаар хэргийг хянан шийдвэрлэх шүүх бүрэлдэхүүнд шүүгч Б.Б, Ч.С, Б.Ц, Д.Э, даргалагч шүүгчээр Б.А нар томилогдсоныг албажуулжээ.
Илтгэгч шүүгч Б.Ц татгалзан гарах хүсэлт гаргасан, 2021 оны 03 дугаар сарын 24-ний өдрийн 3.. дугаар тогтоолоор татгалзан гарах хүсэлтийг шийдвэрлэж, шүүх хуралдаан хойшлогдсон.
Хэргийг дахин хуваарилахад илтгэгч шүүгчээр С.С томилогдсон, тэрээр хэргийг хүлээн авч, 2021 оны 04 дүгээр сарын 23-ны өдрийн шүүх хуралдаанд илтгэсэн, ...шүүхийн Ерөнхий шүүгчийн 2021 оны 04 дүгээр сарын 21-ний өдрийн 1.. дугаар захирамжаар шүүх бүрэлдэхүүнд Б.Б, Ч.С, С.С, Д.Э нарыг, даргалагчаар шүүгч Б.А томилогдсоныг албажуулсан, уг бүрэлдэхүүн хэргийг эцэслэн шийдвэрлэсэн байна.
С.Б нарт холбогдох эрүүгийн хэрэг Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.2.5-т заасан журмын дагуу хуваарилагдсан, тус хуулийн 17 дугаар зүйлийн 17.1.3-т заасны дагуу Ерөнхий шүүгч шүүх хуралдаан даргалагч болон шүүх бүрэлдэхүүнийг томилсон шийдвэрийг албажуулсан байх тул тус хуулийн 50 дугаар зүйлийн 50.1.22-т заасан зөрчил гаргасан гэж үзэх үндэслэлгүй.
4. Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1-т “Шүүх нь шүүх эрх мэдлийг аливаа этгээдээс хараат бусаар хэрэгжүүлнэ”, 5.3-т “Бүх шатны шүүхийн шүүгч, Ерөнхий шүүгч бүрэн эрхээ хэрэгжүүлэхдээ бусад шүүгчийн шүүн таслах ажиллагаанд хөндлөнгөөс оролцох, тухайлсан хэрэг, маргаантай холбоотой заавар өгөх, удирдамжаар хангах, шүүгчид тодорхой хэрэг, маргааныг нэр заан хуваарилах зэргээр шүүгчийн хараат бус байдалд халдахыг хориглоно” гэж тус тус заасан.
Түүнчлэн шүүгч бүрэн эрхээ хэрэгжүүлэхтэй холбогдуулан бусад шүүгчийн шүүн таслах ажиллагаанд хуульд зааснаас бусад хэлбэрээр оролцох, нөлөөлөх, заавар, удирдамж, чиглэл өгөх, авах, урьдчилан санал хэлэх, мөн нөлөөллийн мэдүүлэг хөтлөх үүргээ биелүүлээгүй тохиолдлыг сахилгын зөрчилд тооцохоор Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1.7, 50.1.39-т заасан.
С.Б нарт холбогдох эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэсэн шүүх бүрэлдэхүүнд ...шүүхийн Ерөнхий шүүгч Д.Г нөлөөлсөн гэх нөхцөл байдал тогтоогдоогүй бөгөөд шүүгч нар энэ асуудлаар нөлөөллийн мэдүүлэг хөтлөөгүй байна.
Иймд өргөдлийн “...Ерөнхий шүүгч Д.Г хууль бус шийдвэр гаргахад нөлөөлсөн...” гэх гомдол үндэслэлгүй.
5. Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.1.2-т зааснаар Шүүхийн ерөнхий зөвлөл нь шүүгчид нэр дэвшигчийг бүртгэх, сонгон шалгаруулах ажлыг энэ хуульд заасан журмын дагуу зохион байгуулах бүрэн эрхийг хэрэгжүүлдэг.
Шүүхийн сахилгын хороо нь шүүгчийг сонгон шалгаруулах ажилд хяналт тавих чиг үүрэггүй тул “...өөрөө давж заалдах шатны шүүхэд, өмгөөлөгч Б.Г нь Улсын дээд шүүхийн шүүгчид нэр дэвшсэн...” талаарх гомдол тус хороонд хамааралгүй болно.
Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 112 дугаар зүйлийн 112.1, 112.1.2, 112.2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:
1. ...шүүхийн Ерөнхий шүүгч Д.Г, шүүгч Б.А, Б.Б, С.С, Ч.С, Д.Э нарт холбогдох сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох тухай саналыг хүлээн авч, холбогдох сахилгын хэргийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2. Магадлалыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Сахилгын хороонд хэргийн оролцогч гомдол, илтгэгч гишүүн эсэргүүцэл гаргаж болохыг дурдсугай.
3. Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 112 дугаар зүйлийн 112.6-т зааснаар магадлал гаргаснаас хойш 14 хоногийн дотор сахилгын хэргийн оролцогч болон өргөдөл, мэдээлэл гаргагчийн оршин суугаа газрын эсхүл ажлын газрын хаягаар баталгаат шуудангаар, эсхүл ажлын албаны ажилтнаар хүргүүлэхийг ажлын албанд даалгасугай.
4. Дээрх журмаар хүргүүлснээр магадлалыг гардан авсанд тооцох ба энэ нь гомдол гаргах хугацааг тоолох үндэслэл болохыг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ Г.ЦАГААНЦООЖ
ГИШҮҮН Ц.ДАВХАРБАЯР
Д.ЭРДЭНЭЧУЛУУН