МОНГОЛ УЛС
ШҮҮХИЙН САХИЛГЫН ХОРОО
МАГАДЛАЛ
2023-06-29
Дугаар 99
Улаанбаатар хот
Сахилгын хэргийг бүхэлд нь хэрэгсэхгүй
болгох тухай
Сахилгын хорооны хуралдааныг гишүүн О.Номуулин даргалж, гишүүн Х.Хашбаатар, Д.Эрдэнэчулуун нарын бүрэлдэхүүнтэй, илтгэгч гишүүн С.Энхтөр, хуралдааны нарийн бичгийн дарга Г.Болортуяа нарыг оролцуулан, ... дүүргийн ... хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Б-д холбогдох Сахилгын хорооны гишүүний 2023 оны 06 дугаар сарын 14-ний өдрийн ГС/2023/0084 дугаартай “Сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох тухай санал”-ыг тус хорооны хуралдааны танхимд нээлттэй хянан хэлэлцэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох саналд: “...Өргөдөлд дурдсан үйл баримтыг тодруулахаар тус шүүх хуралдаанд нарийн бичгийн даргаар оролцсон Б.Э-ийг шалгах ажиллагааны явцад гэрчээр асуухад тэрээр “...Тухайн өдрийн хуралдаан 14 цагийн үед эхэлж, шүүх хуралдааны хэлэлцүүлэг бүрэн явагдаж дууссан ба шийдвэрээ гаргахаар завсарласан. Ингээд шүүгч завсарлая гээд алх цохисны дараа би бичлэгээ унтраасан, хүмүүсээ заалнаас гаргаж байх үед шүүгч 3миний биеийн байдал тааруухан байна, чи нярав н.Б-ы өрөөнөөс даралтын аппарат аваад ир, даралтаа үзэж байж эмээ уухгүй бол болохгүй” гэсэн. Би хурлын заалнаас гараад няравын өрөөнд ороход ажлын цаг дууссан байсан учраас нярав өрөөгөө цоожлоод явчихсан байсан. Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Б манай гэр ойрхон, эмээгийн даралтын аппаратад яваад ирье гэсэн. Тэр хооронд шүүгчийн бие муудаад даралт нь ихсээд унасан байж магадгүй гэж бодоод хаалгаар шагайсан. Нярав цоожтой байна, даралтын аппаратанд явуулчихлаа гэж хэлсэн. Үүний дараа М.Б-г ирээгүй байхад дахиад нэг шагайгаад “та зүгээр үү, даралтын эмээ уух уу” гэж асуусан. Өрөөнд нь даралтын эм байсан, тэгэхэд шүүгч “даралтаа үзэж байж ууна, зөвлөлдөх тасалгаанд байна, битгий байн байн хаалга онгойлгоод бай” гэж хэлсэн, ...шүүгч асуулт асуух, юм хэлэхдээ ёолж, ядарсан шинжтэй ярьж байсан, ...шүүгч Г.Б-ийн туслах П.Н тухайн өдөр чөлөөтэй байсан, заал руу ороогүй, ... зааланд М.Б бид хоёроос өөр хүн ороогүй, ...хэргийн оролцогч нар заалны үүдэнд бүгд сууж байсан, аппарат хайж байсан, аппаратад Б явсан, шүүгчийн биеийг би асууж орсон бүгдийг сонсож байсан” гэж, М.Б гэрчийн мэдүүлэгтээ “...тухайн өдөр ажил тарсны дараа сууж ажиллаж байхад шүүгч Г.Б-ийн бие муу байна гээд би гэр лүүгээ даралтын аппаратад явсан, ...гэрээс аппарат авчрахад шүүх хуралдаан завсарласан, шүүгч хурлын зааланд ганцаараа сууж байсан. Би орж даралтыг нь үзсэн, ...шүүгч ширээгээ налаад хэвтэж байсан. Даралтыг нь үзье гэхэд гараа арай гэж надад өгсөн. Би ээжээсээ дээд даралт үзэж сурсан. Шүүгчийн дээд даралт 196 байсан санагдаж байна. Таны даралт ихэссэн байна гэж би хэлсэн. Шүүгчийн эрүү чичрээд байсан. Халуун аягатай цай оруулж өгсөн санагдаж байна. Даралт ийм өндөр байхад түргэн дуудах хэрэгтэй гэж хэлсэн. Тухайн үед манай ажлаас түргэн дуудсан байсан” гэж, шүүгчийн туслах П.Н гэрчийн мэдүүлэгтээ “...шүүх хуралдаан эхлэх үед халуураад байсан учир чөлөө аваад явсан, ...16 цагаас 17 цагийн хооронд шүүх дээр ирэхэд хурал дуусаагүй байсан, миний бие муу байсан учир гэр лүүгээ явсан, ...шүүгчийн зүрхний хэм алдагддаг, даралтын эм байнга уудаг. Өмнө нь хэд хэдэн хурал дээр даралт нь ихсэж бие нь муудаж байсан” гэж тус тус мэдүүлсэн байна. Хэдийгээр шүүгч шийдвэр гаргахаар зөвлөлдөж байх үед шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Э, М.Б нар шүүх хуралдааны танхимд орсон, шүүгчийн биеийн байдлыг асуухаар харьцсан болох нь тогтоогдож байх боловч шүүх хуралдааны танхимд орох болсон шалтгаан, нөхцөл нь шүүгчийн биеийн байдал муудсантай холбоотой байх тул шүүгчийг буруутгах үндэслэл болохгүй. Учир нь шийдвэр гаргахаар зөвлөлдөж байсан гэх үндэслэлээр шүүгчийн Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 6-д заасан эрүүл мэндээ хамгаалуулах, эмнэлгийн тусламж авах эрхийг нь хязгаарлаж болохгүй.
Шүүгч Г.Б нь зөвлөлдөх явцад биеийн байдал муудсан учир шийдвэр гаргах боломжгүй гэж үзэж шүүх хуралдааныг үргэлжлүүлж, 104/ШЗ2023/00301 дүгээр шүүгчийн захирамжаар шүүх хуралдааныг жич товлон зарлахаар хойшлуулсан байна. Тодруулбал, тус өдрийн шүүх хуралдааны дуу-дүрсний бичлэг “2023.02.03-04.mp4” нэртэй 05 минут 44 секундийн бичлэг шүүх хуралдаан завсарлаж, хэргийн оролцогч нар гаднаас танхимд орж ирснээр эхэлж байх бөгөөд 0:00:00-0:01:04 минутад, Даргалагчаас: Хуралдааныг цааш үргэлжлүүлье. Шүүгчийн биеийн байдал, эрүүл мэндийн байдал алдагдсан. Ийм байдлаар шийдвэрийг гаргах боломжгүй, эрүүл мэндийн зайлшгүй туслалцаа авах шаардлагатай байх тул шийдвэр гаргахгүйгээр, хойшлуулж байна. Энэ нь хуульд заасан хүндэтгэх шалтгаанд ордоггүй боловч ийм байдлаар хэргийг шийдвэрлэх нь нотлох баримтыг шинжлэн судлаад нэг мөр шийдвэрлэх гэдэг хуулийн зохицуулалт зөрчигдөх магадлалтай байна гэж шүүхийн зүгээс үзэж байна. Иймээс хуралдааныг хугацаа товлохгүй хойшлуулъя” гэж хэлсэн болох нь бичигджээ.
Шалгах ажиллагааны явцад, дуудлагаар очсон ... дүүргийн Нэгдсэн эмнэлгийн яаралтай тусламжийн дуудлагын эмч Б.Э-ыг гэрчээр асуухад “...2023 оны 02 дугаар сарын 03-ны өдөр ээлжтэй байсан, дуудлагад явж байхад шүүхээс дуудлага ирлээ гэсний дагуу шүүх дээр очиж, шүүх хуралдааны зааланд шүүгч Г.Б-д үзлэг хийсэн. Үзлэг хийхэд түүний артерийн даралт ихэссэн, толгой эргэнэ, дотор муухайрна гэсэн зовуурьтай байсан. Г.Б-ийн биеийн байдал дунд, уушгины цулцангийн зүүн талын амьсгал суларсан байсан. Эмийн эмчилгээ хийж, 2 дугаар шатны эмнэлэг рүү тээвэрлэж хүлээн авахын эмчид хүлээлгэж өгсөн, ...эрүүл мэндийн хувьд шүүхийн ажлаа үргэлжлүүлэн хийх боломжгүй байсан гэж үзэж байна. Бага даралттай хүн байсан, даралт нь 140 хүрсэн тохиолдолд толгой их өвддөг. Биеийн байдал ямар байсныг бичгээр бичиж өгсөн” гэх мэдүүлгийг өгсөн байна. Шүүгч дээрх шалтгаанаас өөрөөр бусадтай зөвлөлдөх тасалгаанд байхдаа харилцсан гэх байдал шалгах ажиллагааны явцад тогтоогдсонгүй.
Иймд шүүгч эрүүл мэндийн шалтгааны улмаас хэргийг шийдвэрлэх боломжгүй нөхцөл байдал үүсэж, шүүх хуралдааныг хойшлуулсан нь зөвлөлдөх тасалгааны нууцыг задруулсан гэж үзэх боломжгүй ба түүний эрүүл мэндийн байдал муудсан болох нь дээрх гэрчүүдийн мэдүүлэг, 2023 оны 02 дугаар сарын 03-ны өдрийн 104/ШЗ2023/00301 дугаар шүүгчийн захирамж, шүүх хуралдааны дуу-дүрсний бичлэг, эмч Б.Э-ы гараар бичсэн бичвэрээр тус тус тогтоогдож байна.
Улмаар дээрх иргэний хэргийг 2023 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн шүүх хуралдаанаар хянан хэлэлцэхээр товлож, тус шүүх хуралдаанд нэхэмжлэгч талаас шүүх хуралдааныг хэлэлцэхгүйгээр шүүгч зөвлөлдөх тасалгаанд орсноор шүүх хуралдааныг үргэлжлүүлэх хүсэлт гаргасныг 104/ШЗ2023/00355 дугаар шүүгчийн захирамжаар хангахгүй орхиж шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.2-т “Шүүх бүрэлдэхүүн буюу шүүгч шүүх хуралдаанаар нэгэнт хэлэлцэж эхэлсэн хэргийг хянан шийдвэрлэж дуусах буюу хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хойшлуулах, түдгэлзүүлэх хүртэл өөр хэргийг хянан шийдвэрлэх эрхгүй” заасанд нийцсэн байна. Учир нь 2023 оны 02 дугаар сарын 03-ны өдрийн шүүх хуралдааныг шүүгчийн захирамжаар хойшлуулж шийдвэрлэсэн байхад шүүх хуралдааныг хэлэлцэхгүйгээр зөвлөлдөх нь өөрөө шүүх хуралдааныг тасралтгүй явуулах зарчимд нийцэхгүй бөгөөд шүүгч Г.Б нь 2023 оны 02 дугаар сарын 07-ны өдөр 3 шүүх хуралдаан, 2023 оны 02 дугаар сарын 10-ны өдөр 1 шүүх хуралдаан даргалсан болох нь шүүгчийн тайлбар, хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцүүлэх тухай шүүгчийн захирамжуудаар тогтоогдож байна. Иймд шүүгчийг шийдвэр гаргахдаа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 9.2-т заасан хуулийн илт тодорхой заалтыг ноцтой зөрчсөн гэж өргөдөлд дурдсан үндэслэлээр буруутгах боломжгүй.
Шүүгч Г.Б нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1-т заасны дагуу хэргийн оролцогчийн гаргасан нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр нотлох баримтыг өөрийн дотоод итгэлээр үнэлж, 2023 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн 104/ШШ2023/00082 дугаар шийдвэрээр нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэсэн нь бусдад давуу байдал бий болгосон гэж үзэх үндэслэл болохгүй. Дээрх шүүхийн шийдвэрт хариуцагчаас давж заалдах журмаар гомдол гаргаж, Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2023 оны 4 дүгээр сарын 10-ны өдрийн 210/МА2023/00753 дугаар магадлалаар Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасны дагуу шийдвэрийн тогтоох хэсэгт өөрчлөлт оруулж шийдвэрлэсэн байна.
Шүүгч Г.Б нь Монгол Улсын шүүхийн тухай хууль, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан бүрэн эрх хэмжээнийхээ хүрээнд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулж, хэргийг шийдвэрлэсэн нь Монгол Улсын шүүхийн тухай хууль /Шинэчилсэн найруулга/-ийн 50, 51.1, 52, 53 дугаар зүйлд заасан хориглосон, хязгаарласан, үүрэг болгосон зохицуулалтыг зөрчөөгүй байна. Иймд сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох санал гаргав.” гэжээ.
Шүүгч Г.Б сахилгын хороонд гаргасан тайлбартаа: “...Б.Т-ийн нэхэмжлэлтэй хариуцагч Д.Н-д холбогдох иргэний хэргийг хянан хэлэлцэх шүүх хуралдааныг 2023 оны 02 дугаар сарын 03-ны өдрийн 14 цаг 30 минутад товлосон. Шүүх хуралдаан товлосон цагтаа орж хэргийг хэлэлцээд шүүх хуралдааныг түр завсарлуулж шүүгч зөвлөлдөх тасалгаанд орсон. Зөвлөлдөх тасалгаанд байх үед биеийн байдал муудсан тул шүүх хуралдааны нарийн бичиг Б.Э-ийг дуудаж даралтын аппарат авч ирэхийг хүссэн. Нарийн бичгийн дарга Б.Эрдэнэпүрэв даралтын аппаратыг нярав өрөөндөө түгжээд явсан байна, нарийн бичгийн дарга Буянзаяа даралтын аппарат авчрахаар явсан талаар, мөн миний биеийн байдлыг асууж зөвлөлдөх тасалгаанд хэд хэдэн удаа орж ирсэн. Нарийн бичгийн дарга Буянзаяа ирж даралт үзэхэд цусны даралт ихэдсэн байсан бөгөөд миний бие албан үүргээ гүйцэтгэх боломжгүй /даралт ихэдсэнээс үүдэлтэйгээр толгой эргэх, дотор муухайрах, хөдөлгөөний тэнцвэр алдагдах/ байсан тул яаралтай түргэн тусламж дуудуулсан. Ингээд талуудыг шүүх хуралдааны танхимд оруулаад биеийн байдлынхаа талаар мэдэгдэж шүүх хуралдааныг хойшлуулсан. Зөвлөлдөх тасалгаанд байх үедээ эмчид үзүүлж, эмнэлгийн тусламж авах нь талуудад шүүхийн шийдвэрт эргэлзээ төрж болзошгүй, нөгөөтэйгүүр биеийн эрүүл мэндийн байдлаас шалтгаалан зөвлөлдөх тасалгаанд шийдвэр гаргах боломжгүй байсан тул шүүх хуралдааныг хойшлуулах нь зүйтэй гэж үзсэн болно. 2023 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн шүүх хуралдаанд нэхэмжлэгч талын өмгөөлөгч шүүх хуралдааныг зөвлөлдөх тасалгаанаас шууд үргэлжлүүлэх хүсэлт гаргасан. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 9 дүгээр зүйлд заасан шүүх хуралдааныг тасралтгүй явуулах, шүүх хуралдаанаар нэгэнт хэлэлцэж эхэлсэн хэргийг хянан шийдвэрлэж дуусах ... хүртэл өөр хэргийг хянан хэлэлцэх эрхгүй байх зохицуулалт зөрчигдөх тул хэргийг дахин эхнээс нь хэлэлцэх нь зүйтэй гэж үзээд нэхэмжлэгч талын хүсэлтийг хангахаас татгалзаж, хэргийг дахин хэлэлцсэн. 2023 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн шүүх хуралдаанаас өмнө холбогдох хэргүүдийг шүүх хуралдаанаар хянан шийдвэрлэсэн. 2023 оны 02 дугаар сарын 07-ны өдрөөс 2023 оны 02 дугаар сарын 10-ны өдрүүдэд 4 иргэний хэргийг шүүх хуралдаанаар хянан шийдвэрлэсэн, 2023 оны 02 дугаар сарын 03-ны өдөр шүүх хуралдааныг хойшлуулах захирамж гарсан тул Б.Т-ийн нэхэмжлэлтэй Д.Н-д холбогдох хэргийг зөвлөлдөх тасалгаанаас үргэлжлүүлэх боломжгүй гэж үзсэн болно. Мөн 2023 оны 02 дугаар сарын 03-ны өдрийн шүүх хуралдаанаар хэргийг шийдвэрлээгүй, шүүх хуралдааныг хойшлуулсан тул зөвлөлдөх тасалгааны нууцыг задруулсан гэдэг буруутгал үндэслэлгүй байна” гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Сахилгын хэрэгт авагдсан баримтуудаас үзэхэд З.Т-ийн нэхэмжлэлтэй Д.Н-д холбогдох иргэний хэргийг ... дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн 104/ШШ2022/00296 дугаар шийдвэрээр нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн, Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2022 оны 9 дүгээр сарын 02-ны өдрийн 210/МА2022/01652 дугаар магадлалаар тус шийдвэрийг хүчингүй болгож, дахин хэлэлцүүлэхээр мөн шүүхэд буцаасан байх ба ... дүүргийн ... хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгчийн 2022 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн 104/ЕШ2022/00689 дүгээр захирамжаар дээрх иргэний хэргийг хянан шийдвэрлэх шүүгч, шүүх хуралдаан даргалагчаар шүүгч Г.Б-г томилсон шийдвэрийг албажуулсан, 2023 оны 02 дугаар сарын 03-ны өдрийн шүүх хуралдааныг шүүгч Г.Б даргалж, нэхэмжлэгч З.Т, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Э.Н, Г.Н, хариуцагч Д.Н, хариуцагчийн өмгөөлөгч О.С, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Б.Э нар оролцсон, уг хуралдааныг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан дарааллын дагуу явуулж, шүүгч шийдвэрээ гаргахаар шүүх хуралдааныг завсарлуулсан боловч ... дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2023 оны 02 дугаар сарын 03-ны өдрийн 301 дүгээр захирамжаар “...иргэний хэргийг хянан хэлэлцэх шүүх хуралдааны явцад шүүгч Г.Б-ийн эрүүл мэндийн байдал муудаж, эмнэлгийн туслалцаа авах шаардлагатай болсон” гэх үндэслэлээр шүүх хуралдааныг хойшлуулж, тус хэргийг 2023 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн 82 дугаар шийдвэрээр шийдвэрлэсэн үйл баримт тогтоогдож байна.
Дээрх захирамж болон шийдвэрийг гаргасан шүүгч Г.Б-д холбогдуулан нэхэмжлэгч З.Т гомдол гаргаж, үндэслэлээ “...шүүгч зөвлөлдөх тасалгаанд орсны дараа шүүх хуралдааны нарийн бичиг, туслах нар зөвлөлдөх тасалгаанд хэд хэдэн удаа орсон, шүүгч зөвлөлдөх тасалгаанаас гарч ирээд миний бие өвдөөд, даралт ихсээд байх шиг байна, би шийдвэр гаргаж чадахгүй гэж хурлыг хойшлуулсан, шүүх хурлыг дахин 2023 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн 15 цагт товлож хариуцагчид ашигтай байдлаар шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.2-т заасныг ноцтой зөрчсөн, Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1.33-т заасан зөрчил гаргасан” гэж тодорхойлжээ.
Шүүгч Г.Б нь 2023 оны 02 дугаар сарын 03-ны өдөр шүүх хуралдааныг завсарлуулж зөвлөлдөх үед эрүүл мэндийн байдал нь муудаж улмаар шүүх хуралдааны танхимд шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Э, М.Б нар орж шүүгчийн эрүүл мэндийн байдлыг асууж даралт үзсэн болох нь шалгах ажиллагааны явцад авсан гэрчийн мэдүүлгүүдээр нотлогдож байх тул Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1.33-т “шийдвэр гаргахаар зөвлөлдөх явцад бусадтай аливаа хэлбэрээр харилцах, зөвлөлдөх тасалгааны нууцыг задруулах” гэж заасныг зөрчсөн гэж үзэх боломжгүй, энэ талаар хийсэн илтгэгч гишүүний дүгнэлт үндэслэлтэй байна.
Мөн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1-д “Шүүх хэргийн оролцогчийн гаргасан нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр нотлох баримтыг өөрийн дотоод итгэлээр үнэлнэ” гэж заасан тул хууль хэрэглээ, нотлох баримтыг хэрхэн үнэлж хэргийг шийдвэрлэсэнтэй холбоотой шүүгчийн үйл ажиллагааг сахилгын зөрчил гэж тодорхойлох боломжгүй, шүүхийн шийдвэрийн хууль зүйн үндэслэлд Сахилгын хороо дүгнэлт өгөх эрхгүй.
Өөрөөр хэлбэл, Шүүхийн сахилгын хороо нь Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.1-д “Сахилгын хороо энэ хуулийн 50, 51.1, 52, 53 дугаар зүйлд заасан хориглосон, хязгаарласан, үүрэг болгосон зохицуулалтыг зөрчсөн шүүгчид сахилгын шийтгэл оногдуулна” гэж зааснаар шүүгчийн хуульд нэрлэн заасан сахилгын зөрчил гаргасан тухай өргөдөл, мэдээллийг хүлээн авч шийдвэрлэх чиг үүрэг бүхий байгууллага болохын хувьд шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрийг хянах боломжгүй юм.
Түүнчлэн, З.Т-ийн нэхэмжлэлтэй Д.Н-д холбогдох иргэний хэргийн 2023 оны 02 дугаар сарын 03-ны өдрийн шүүх хуралдааныг шүүгчийн захирамжаар хойшлуулж шийдвэрлэсэн байхад шүүх хуралдааныг хэлэлцэхгүйгээр зөвлөлдөх нь өөрөө шүүх хуралдааныг тасралтгүй явуулах зарчимд нийцэхгүй бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.2-т “Шүүх бүрэлдэхүүн буюу шүүгч шүүх хуралдаанаар нэгэнт хэлэлцэж эхэлсэн хэргийг хянан шийдвэрлэж дуусах буюу хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хойшлуулах, түдгэлзүүлэх хүртэл өөр хэргийг хянан шийдвэрлэх эрхгүй” гэж заасан нь шүүх хуралдааныг шүүгчийн захирамжаар хойшлуулж шийдвэрлэсэн энэ тохиолдолд хамаарах зохицуулалт биш болно.
Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1.23-т “хуулийн илт тодорхой заалтыг ноцтой, эсхүл удаа дараа зөрчсөн үйлдэл, эс үйлдэхүй гаргах” гэж заасныг тухайн зөрчлийн хэр хэмжээ, давтамжаас хамаарч сахилгын зөрчилд тооцох эсэхийг тогтоохоор хуульчилсан гэж ойлгох бөгөөд шүүгч хэргийг шийдвэрлэхээр завсарлаж зөвлөлдөх явцад түүний эрүүл мэндийн байдал муудаж шийдвэр гаргах боломжгүй нөхцөл байдал үүссэний улмаас эмнэлгийн байгууллагын туслалцаа авах шаардлагаар шүүх хуралдааныг хойшлуулсан нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.2-т заасныг зөрчсөн гэж үзэх үндэслэл болохгүй.
Иймд илтгэгч гишүүний саналыг хүлээн авч нэр бүхий шүүгчид холбогдох сахилгын хэргийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж бүрэлдэхүүн үзлээ.
Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 112 дугаар зүйлийн 112.1.2, 112.2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Сахилгын хорооны гишүүний 2023 оны 06 дугаар сарын 14-ний өдрийн өдрийн ГС/2023/0084 дугаартай “Сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох тухай санал”-ыг хүлээн авч, ... дүүргийн ... хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Б-д холбогдох сахилгын хэргийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2. Магадлалыг сахилгын хэргийн оролцогч болон өргөдөл, мэдээлэл гаргагчид хүргүүлэхийг Ажлын албанд даалгасугай.
3. Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 112 дугаар зүйлийн 112.8 дахь хэсэгт зааснаар магадлалыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор сахилгын хэргийн оролцогч гомдол, илтгэгч гишүүн эсэргүүцэл гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ О.НОМУУЛИН
ГИШҮҮН Х.ХАШБААТАР
Д.ЭРДЭНЭЧУЛУУН