МОНГОЛ УЛС
ШҮҮХИЙН САХИЛГЫН ХОРОО
МАГАДЛАЛ
2023-06-28
Дугаар 93
Улаанбаатар хот
Сахилгын хэргийг бүхэлд нь
хэрэгсэхгүй болгох тухай
Шүүхийн сахилгын хорооны хуралдааныг гишүүн Х.Хашбаатар даргалж, гишүүн Ц.Давхарбаяр, О.Номуулин нарын бүрэлдэхүүнтэй, илтгэгч гишүүн Г.Цагаанцоож, сахилгын хэргийн оролцогч Д.М, хуралдааны нарийн бичгийн даргаар Б.Батбаяр нарыг оролцуулан хийсэн хуралдаанаар:
... дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.М-т холбогдох Сахилгын хорооны гишүүний 2023 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн ГС/2023/00... дугаартай “Сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох тухай” саналыг хянан хэлэлцэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Илтгэгч гишүүн “Сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох тухай” саналдаа: “А.Ө нь “П” ХХК-д холбогдуулан орон сууцны өмчлөгчөөр тогтоолгох нэхэмжлэл гаргасан, шүүгч Д.М 2022.11.10-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянан шийдвэрлэх ажиллагаа явуулжээ. Үүнд:
1.Хариуцагчид 2022.12.15-ны өдөр нэхэмжлэлийг гардуулан өгч, эрх үүрэг танилцуулсан.
2.Тус шүүхийн шүүгчдийн зөвлөгөөний 2023.01.05-ны өдрийн 146 дугаар тогтоолоор хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хугацааг 2023.01.09-ний өдрөөс 30 хоногийн хугацаагаар сунгасан.
3.Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хүсэлтийг хангаж, шүүгчийн 2023.01.24-ний өдрийн 1... дугаар захирамжаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд “С” ХХК болон “Д” ХХК-г бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдээр татан оролцуулахаар шийдвэрлэсэн.
4.Шүүгчийн 2023.04.20-ны өдрийн 7... дүгээр захирамжаар нэхэмжлэгчийн хүсэлтийг хангаж, шүүхээс гарах шийдвэрийн биелэлтийг баталгаажуулах арга хэмжээ авч, улсын бүртгэлийн хэлтсээс нотлох баримт гаргуулахаар шийдвэрлэсэн.
5.Шүүгчийн 2023.05.23-ны өдрийн 9... дугаар захирамжаар гуравдагч этгээдийг албадан ирүүлэх тухай нэхэмжлэгчийн хүсэлтийг шийдвэрлэсэн ба 2023.05.15-ны өдөр “С” ХХК-д нэхэмжлэлийн хувийг гардуулсан.
6.Нэхэмжлэгчийн хүсэлтийг хангаж, шүүгчийн 2023.05.30-ний өдрийн 10... дугаар захирамжаар “Д” ХХК-ийн хаягийн бүртгэлийн лавлагааг Хур системээс гаргуулахаар шийдвэрлэсэн байна.
Холбогдох шүүгч дээрх иргэний хэрэгт хянан шийдвэрлэх ажиллагаа явуулахдаа Монгол Улсын шүүхийн тухай хуульд заасан хориглосон үйлдэл гаргасан эсэхийг өргөдөлд дурдсан агуулгын хүрээнд дараах байдлаар тодорхойлов.
“1.Нэхэмжлэгч, хариуцагчийн хооронд үүссэн маргааныг шүүх шийдвэрлэх нь ямар нэг этгээдийн эрх, ашигт муугаар нөлөөлөх боломж бүрдэх тохиолдолд шүүх тухайн этгээдийг бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдээр татан оролцуулахаар Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.3-т заасан. Шүүх нэхэмжлэгчийн “С” ХХК болон “Д” ХХК-г бие даасан гуравдагч этгээдээр татан оролцуулах хүсэлтийг хангаж шийдвэрлэсэн нь хууль зөрчөөгүй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 107 дугаар зүйлийн 107.2-т “нэхэмжлэгч, нэхэмжлэгчийн талд оролцож буй гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нэхэмжлэлийн шаардлага, маргааны үйл баримт, хариуцагчийн гэм бурууг нотолж, түүний татгалзлыг үгүйсгэж байгаа үндэслэлээ нотолно”, 107.3.-т ”Хариуцагч, хариуцагчийн талд оролцож буй гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нэхэмжлэлийн шаардлага, маргааны үйл баримтыг татгалзаж буй үндэслэлээ нотолж, нотлох баримтаа гаргана” гэж зааснаас үзвэл бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд нь хэргийн оролцогч бөгөөд мэтгэлцэх тал юм.
Иймд гуравдагч этгээдийн нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийн талаар тайлбар гаргах, түүнтэй холбоотой баримт гаргаж өгөх эрхийг хангах, энэ үүднээс шүүх тэдгээрийг дуудан ирүүлж, нэхэмжлэлийг гардуулж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцох эрх, үүргийг тайлбарлан өгөх ажиллагааг явуулах учиртай. Гэвч гуравдагч этгээдүүд хүсэлтэд дурдсан хаягт оршин суудаггүй болох нь хорооны засаг даргын тодорхойлолтоор тогтоогдсон, энэ шалтгаанаар тэдгээрт шүүхийн мэдэгдэх хуудас хүргэгдээгүй байна. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 77.9-т зааснаар мэдэгдэх хуудсыг хүлээн авсан хэргийн оролцогч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүхэд ирээгүй бөгөөд түүнийг зайлшгүй ирүүлэх шаардлагатай бол шүүгчийн захирамжаар албадан ирүүлж, хууль тогтоомжид заасан хариуцлага хүлээлгэнэ. Харин гуравдагч этгээд шүүхийн мэдэгдэх хуудсыг хүлээн аваагүй тохиолдолд шүүх албадан ирүүлэх арга хэмжээ авах боломжгүй тул нэхэмжлэгчийн энэ талаарх хүсэлтийг шүүгч хангахгүй орхисон нь сахилгын зөрчилд хамаарахгүй.
Иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд оршин суугаа газар нь мэдэгдэхгүй бол түүнийг эрэн сурвалжлуулах тухай хүсэлтийг шүүхэд гаргаж болохоор Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.1-т заасан. Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд нь хариуцагч биш тул тэдгээрийг эрэн сурвалжлах ажиллагаа явуулах боломжгүй болно. Нэхэмжлэгч нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд гуравдагч этгээдээр татан оролцуулах хүсэлт гаргасан тохиолдолд тэдгээрийн оршин суугаа газрын хаягийг тодорхой болгох үүрэгтэй бөгөөд шүүх өөрийн санаачилгаар ажиллагаа явуулах боломжгүй юм.
Ийм учраас нэхэмжлэгч шүүхэд хандан “Д” ХХК-ийн хаягийг тодорхойлох шаардлагатай бүх арга хэмжээг авч байгаа боловч бодитоор тодорхойлж чадахгүй нөхцөл байдал үүсээд байгаа тул Шүүхийн тамгын газраар дамжуулан Хур системээс хаяг тодорхойлох ажиллагаа явуулах хүсэлт” гаргажээ. Шүүх хүсэлтийг хүлээн авч, Хур системээс тухайн хуулийн этгээдийн хаягтай холбоотой мэдээлэл гаргуулахаар Шүүхийн тамгын газарт даалгаж шийдвэрлэсэн, үүний дагуу тодорхой ажиллагаа хийгдэж байгаа болох нь тогтоогджээ.
Дээр дурдсанаас үзвэл, шүүгч гуравдагч этгээдийг дуудан ирүүлэх ажиллагаа явуулахгүй байгаа талаарх гомдол үндэслэл муутай байна.
2.Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдээр татан оролцуулахаар шийдвэрлэсэн шүүгчийн захирамжид тэдгээрийг дуудан ирүүлж, нэхэмжлэлийн хувь гардуулах, хариу тайлбар авах ажиллагаа явуулахыг шүүгчийн туслахад даалгасан байна. Шүүгчийн туслахаар ажиллаж байсан Ц.Г 2023.01.17-ны өдөр ажлаас чөлөөлөгдсөн, түүний оронд томилогдсон туслах Р.М мөн 2023.02.17-ны өдөр ажлаас гарсан тул шүүгчийн туслах Н.У шүүгч Ц.О, Д.М нарын туслахаар давхар ажиллаж байгаад 2023.04.10-ны өдөр Ц.Ц-д ажлаа хүлээлгэн өгчээ. Үүнээс үзвэл, тус шүүхийн боловсон хүчний нөөц зохион байгуулалт нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд тодорхой нөлөөлж байсан байна.
3.Шүүгч Д.М 2023 оны 1-5 сард нийт 308 нэхэмжлэл хүлээн авсан байх ба одоогийн байдлаар 315 хэрэгт хянан шийдвэрлэх ажиллагаа явуулж байгаа нь ачааллын судалгаагаар тогтоогдож байна. Энэ нь шүүгч даруй 100 гаруй хэргээр илүү ачаалалтай ажиллаж байгааг харуулж байна.
4.Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдтэй холбоотой хуульд заасан ажиллагаа хийгдээгүй, энэ тохиолдолд хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцүүлэх боломжгүй юм. Нөгөө талаар тэдгээрийг байлцуулахгүй хэргийг шийдвэрлэвэл гуравдагч этгээдийн эрх ашиг хөндөгдөх болно.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 71 дүгээр зүйлийн 71.1.-т ”Хуулиар өөр хугацаа тогтоогоогүй бол хэрэг үүсгэсэн өдрөөс хойш 60 хоног, давж заалдах болон хяналтын шатны шүүхээс хэргийг дахин хэлэлцүүлэхээр ирүүлсэн бол шүүгч хэргийг хүлээж авснаас хойш 30 хоногийн дотор тус тус шийдвэрлэнэ”, 71.2.-т “Энэ хуулийн 71.1-д заасан хугацааг тухайн шүүхийн шүүгчдийн зөвлөгөөнөөс нэг удаа 30 хүртэл хоногоор сунгаж болно” гэж заасан.
Хэдийгээр хэрэг хянан шийдвэрлэх хугацаа дууссан боловч шүүгч шаардлагатай тодорхой ажиллагаа явуулж байгаа нь тогтоогдсон мөн дурдсан шалтгааныг харгалзан Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1.23-т заасан “хуулийн илт тодорхой заалтыг ...ноцтой зөрчсөн” гэж үзэхгүй.” гэжээ.
Холбогдох шүүгч Д.М Шүүхийн сахилгын хороонд гаргасан тайлбартаа:
“...А.Ө-ын нэхэмжлэлтэй, хариуцагч “П” ХХК-д холбогдуулан гаргасан орон сууцны өмчлөгчөөр тогтоолгох тухай нэхэмжлэлд 2022 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн 183/Ш32022/19... дугаар захирамжаар иргэний хэрэг үүсгэн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг явуулж байгаа болно.
Хариуцагчийг албадан ирүүлэх арга хэмжээ авч, 2022 оны 12 дугаар сарын 15-ны өдөр нэхэмжлэлийн хувийг гардуулсан. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь 2023 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр “С” ХХК болон “Д” ХХК-ийг гуравдагч этгээдээр оролцуулах тухай хүсэлт гаргасныг 2023 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн 183/Ш32023/01... дугаар захирамжаар хангаж, дээрх нэр бүхий хоёр хуулийн этгээдийг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдээр оролцуулахаар шийдвэрлэсэн болно.
Гуравдагч этгээд “С” ХХК-ийн Чингэлтэй дүүрэг, 2 дугаар хороо, Их тойруу ... байр ... тоот хаягт мэдэгдэх хуудас хүргүүлсэн хэдий ч уг хаягт бүртгэлгүй талаар хорооны Засаг даргын тодорхойлолт ирүүлсэн байдаг. “Д” ХХК-ийн нэхэмжлэгчийн тодорхойлж өгсөн хоёр хаяг болох .... дүүрэг, 10 дугаар хороо, Чингэлтэйн 15-... тоот болон .... дүүргийн 9 дүгээр хороо, Өлзийтийн зам, Ам гүн төвийн ... тоот хаягт тус тус мэдэгдэх хуудас хүргүүлсэн хэдий ч уг хаягт бүртгэлгүй талаар хороодын Засаг дарга нараас тус тус тодорхойлолт ирүүлсэн. Мөн 99004... дугаарын утас нь “Орох ярианы эрх хаагдсан” гэх хариу өгсөн байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 77 дугаар зүйлийн 77.9-д мэдэгдэх хуудсыг хүлээн авсан хэргийн оролцогч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүхэд ирээгүй бөгөөд түүнийг зайлшгүй ирүүлэх шаардлагатай бол шүүгчийн захирамжаар албадан ирүүлж, хууль тогтоомжид заасан хариуцлага хүлээлгэхээр заасан.
Нэхэмжлэгчийн өмгөөлөгчөөс гуравдагч этгээдийн төлөөлөгч нарыг албадан ирүүлэх хүсэлт гаргасан хэдий ч гуравдагч этгээдээр оролцож буй “С” ХХК, “Д” ХХК-ийн төлөөлөх эрх бүхий этгээдүүд нь энэхүү иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдээр татагдсан талаараа мэдээгүй, шүүхийн мэдэгдэх хуудас хүлээн аваагүй байгаа нөхцөлд албадан ирүүлэх боломжгүй. Шүүгчийн туслах “С” ХХК-ийн төлөөлөгчийн 991109.. дугаарын утсанд удаа дараа холбогдсоны эцэст холбогдож, түүнд 2023 оны 05 дугаар сарын 25-ны өдөр нэхэмжлэлийн хувийг гардуулах ажиллагааг гүйцэтгэсэн. Одоо гуравдагч этгээд “Д” ХХК-ийн хаяг тодорхойгүй, холбогдох утасны дугаар нь “Орох ярианы эрх хаагдсан” гэх хариу өгдөг зэрэг шалтгаанаас үүдэн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа удаашралтай байгаа юм.
Түүнчлэн “Д” ХХК-ийн хаягийн бүртгэлийн лавлагааг Шүүхийн тамгын газраас төрийн мэдээлэл солилцооны Хур системээс гаргуулахаар 2023 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн 183/Ш32023/10... дугаар захирамжаар шийдвэрлэсэн байгаа болно.
Тус шүүх удаан хугацааны туршид орон тоо дутуу, өндөр ачаалалтай ажилласнаас хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан хугацааны дотор явуулах боломжгүй туйлын хүнд нөхцөл байдалтай байгаа бөгөөд нэг шүүгч 300 гаруй хэрэг шалгаж байна. Хэргийн ачааллаас шалтгаалан шүүх хуралдааныг товлохдоо захирамжийн биелэлт хангагдсан хэргийг хэлэлцэх боломжтой гэж үзсэн хэргүүдээ товлон зарладаг. А.Ө-ын нэхэмжлэлтэй хэргийн хугацаа өнгөрсөн боловч захирамжийн биелэлт хангагдаагүй, уг ажиллагааг зайлшгүй хийх шаардлагатай тул шүүх хуралдаанаар хэлэлцүүлэх боломжгүй байсан. Түүнчлэн 2023 оны 02 дугаар сараас 04 дүгээр сар хүртэл өөрийн туслахгүй, өөр шүүгчийн туслах хавсарган ажиллаж байсан.
Шүүгч миний бие уг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу явуулж байгаа бөгөөд хэргийн оролцогчийн хэн нэгний хуулиар хамгаалагдсан эрх ашиг, сонирхлыг зөрчсөн ёс зүйгүй үйлдэл гаргаагүй учир нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн тус хороонд гаргасан гомдлыг хүлээн зөвшөөрөхгүй байгаагаа үүгээр илэрхийлж байна” гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Өмгөөлөгч Б.Б нь ... дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.М-т холбогдуулан гаргасан өргөдөлдөө “...шүүгч нь Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1.23-т заасныг зөрчсөн буюу А.Ө-ын нэхэмжлэлд 2022 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр иргэний хэрэг үүсгэснээс хойш өнөөдрийг хүртэл анхан шатны журмаар шийдвэрлээгүй, ...гуравдагч этгээдээр оролцуулах захирамж гарснаас хойш ...тус захирамжийн биелэлтийг хангах ажиллагаа зэрэг шүүгчийн гүйцэтгэвэл зохих бусад ажиллагааг хийхгүй байгаа нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулиар тодорхойлсон хэрэг үүсгэсэн шүүгчид хамаарах ажиллагааг хийхгүй, ноцтой зөрчил гаргаж байна...” гэх агуулгыг дурджээ.
... дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2022 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн 183/ШЗ2022/19... дүгээр захирамжаар А.Ө-ын “П” ХХК-д холбогдуулан гаргасан “орон сууцны өмчлөгчөөр тогтоолгох тухай” нэхэмжлэлд иргэний хэрэг үүсгэжээ.
Хэрэг үүсгэсэн шүүгч нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 67 дугаар зүйлийн 67.1-т заасан ажиллагааг явуулах бөгөөд шүүгч Д.М нь мөн хуулийн 67.1.1, 67.1.2-т заасан ажиллагааг явуулсан нь сахилгын хэрэгт авагдсан баримтаар тогтоогдож байна.
Тодруулбал, Хариуцагч “П” ХХК-д нэхэмжлэлийн хувийг гардуулахаар удаа дараа холбогдсон, хариуцагч тал шүүхээс дуудсан хугацаанд ирээгүй тул ... дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2022 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн 183/ШЗ2022/21... дугаар захирамжаар албадан ирүүлэхээр шийдвэрлэж, улмаар 2022 оны 12 дугаар сарын 15-ны өдөр нэхэмжлэлийн хувийг гардуулжээ.
Мөн шүүхийн шүүгчдийн зөвлөгөөний 2023 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн 183/ЗТ2023/00... дугаар тогтоолоор хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хугацааг 2023 оны 01 дүгээр сарын 09-ний өдрөөс 30 хоногоор сунгажээ.
Нэхэмжлэгч талаас гаргасан бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд оролцуулах тухай хүсэлтийг ... дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2023 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн 183/ШЗ2023/01... дугаар захирамжаар ханган шийдвэрлэж, “С” ХХК, “Д” ХХК-ийг шүүхэд дуудан ирүүлж нэхэмжлэлийн хувь гардуулах, хариу тайлбар авах зэрэг хуульд заасан ажиллагааг явуулахыг шүүгчийн туслахад даалгасан байна.
Гэтэл бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдийн хаяг тодорхойгүй буюу “С” ХХК, “Д” ХХК-тай холбогдох хаяг тодруулах, мэдэгдэх хуудас хүргүүлэх, мөн нэхэмжлэгч талаас гаргасан хүсэлтээр шүүхээс гарах шийдвэрийн биелэлтийг баталгаажуулах арга хэмжээг авах зэрэг ажиллагаатай холбоотойгоор хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа удааширсан байх хэдий ч өнөөдрийг хүртэл хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа тасралтгүй явагдсан байх тул “...хэдийгээр хэрэг хянан шийдвэрлэх хугацаа дууссан боловч шүүгч шаардлагатай тодорхой ажиллагаа явуулж байгаа нь тогтоогдсон мөн дурдсан шалтгааныг харгалзан Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1.23-т заасан хуулийн илт тодорхой заалтыг ...ноцтой зөрчсөн гэж үзэхгүй.” гэж дүгнэсэн илтгэгч гишүүний саналыг хүлээн авах нь зүйтэй байна.
Харин “...гуравдагч этгээдээр оролцуулах захирамж гарснаас хойш ...тус захирамжийн биелэлтийг хангах ажиллагаа зэрэг шүүгчийн гүйцэтгэвэл зохих бусад ажиллагааг хийхгүй байгаа...” гэх гомдлын тухайд,
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.4-т зааснаар бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд нэхэмжлэл гаргасан үндэслэл ба нэхэмжлэлийг өөрчлөх, нэхэмжлэлийн шаардлагыг ихэсгэх буюу багасгах, нэхэмжлэлээс татгалзах, нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөх, эвлэрэхээс бусад зохигчийн эрхийг эдэлж, үүргийг хүлээх бөгөөд шүүх хуралдаанд нэхэмжлэгч, хариуцагчийн аль талд оролцож байгаагаас шалтгаалж нэхэмжлэлийн шаардлага, маргааны үйл баримт, хариуцагчийн гэм бурууг нотолж, түүний татгалзлыг үгүйсгэж байгаа үндэслэлээ нотолж эсхүл нэхэмжлэлийн шаардлага, маргааны үйл баримтыг татгалзаж буй үндэслэлээ нотолж, нотлох баримтаа гаргаж буюу хэргийн оролцогчийн хувиар оролцож мэтгэлцдэг.
Сахилгын хэрэгт авагдсан баримт болон холбогдох шүүгчийн тайлбараас үзэхэд, шүүгч Д.М нь дээрх захирамжийн биелэлтийг хангахын тулд гуравдагч этгээдүүдтэй удаа дараа холбогдох гэсэн боловч нэхэмжлэгч талын хүсэлтэд дурдсан утас нь холбогдохгүй, мөн заасан хаягт мэдэгдэх хуудсыг хүргүүлсэн ч тус хаягуудад оршин суудаггүй болох нь хорооны засаг даргын тодорхойлолтоор тогтоогдож дээрх шалтгаанаар тэдгээрт шүүхийн мэдэгдэх хуудас хүргэгдээгүй байх бөгөөд гуравдагч этгээд шүүхийн мэдэгдэх хуудсыг хүлээн аваагүй тохиолдолд шүүх албадан ирүүлэх арга хэмжээ авах боломжгүй байжээ.
Түүнчлэн, уг шүүгчийн захирамжийн биелэлтийг хангахад шүүх, шүүгчийн ачаалал болон шүүгчийн туслах олон удаа солигдсон зэрэг нь нөлөөлсөн буюу мэдэгдэх хуудас ойр ойрхон хүргүүлэх зэрэг ажиллагаа удаашрах мөн захирамжийн биелэлт хангагдахгүй шалтгаан болсон байх хэдий ч энэ нь Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1.23-т заасан ноцтой, эсхүл удаа дараа гэх зөрчлийн шинжийг агуулаагүй байна.
Дээрхээс үзэхэд шүүгч Д.М нь Монгол Улсын шүүхийн тухай хууль, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулсан нь тогтоогдож байх тул түүнд үүсгэсэн сахилгын хэргийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж бүрэлдэхүүн үзэв.
Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 112 дугаар зүйлийн 112.1.2, 112.2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Шүүхийн сахилгын хорооны гишүүний 2023 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн ГС/2023/00... дугаартай “Сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох тухай” саналыг хүлээн авч, ... дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.М-т холбогдох сахилгын хэргийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2.Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 112 дугаар зүйлийн 112.6 дахь хэсэгт зааснаар магадлал гаргаснаас хойш 14 хоногийн дотор сахилгын хэргийн оролцогч болон өргөдөл, мэдээлэл гаргагчийн оршин суугаа газрын эсхүл ажлын газрын хаягаар баталгаат шуудангаар хүргүүлэхийг Ажлын албанд даалгасугай.
3.Дээрх журмаар хүргүүлснээр магадлалыг гардан авсанд тооцох ба энэ нь гомдол гаргах хугацааг тоолох үндэслэл болохыг мэдэгдсүгэй.
4.Магадлалыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор сахилгын хэргийн оролцогч гомдол, илтгэгч гишүүн эсэргүүцэл гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ Х.ХАШБААТАР
ГИШҮҮН Ц.ДАВХАРБАЯР
О.НОМУУЛИН