МОНГОЛ УЛС
ШҮҮХИЙН САХИЛГЫН ХОРОО
МАГАДЛАЛ
2023-06-15
Дугаар 85
Улаанбаатар хот
Сахилгын хэргийг бүхэлд нь хэрэгсэхгүй
болгох тухай
Сахилгын хорооны хуралдааныг гишүүн О.Номуулин даргалж, гишүүн Д.Ариунтуяа, Х.Хашбаатар нарын бүрэлдэхүүнтэй, илтгэгч гишүүн Д.Эрдэнэчулуун, хуралдааны нарийн бичгийн дарга Г.Болортуяа нарыг оролцуулан, ... дүүргийн ... хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.А-д холбогдох Сахилгын хорооны гишүүний 2023 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн 71 дугаартай “Сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох тухай санал”-ыг тус хорооны хуралдааны танхимд нээлттэй хянан хэлэлцэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох саналд:
“1. Шүүгчийн 2022 оны 8 дугаар сарын 26-ны өдрийн 181/ШЗ2022/11088 дугаар захирамжийн биелэлт хангагдаагүй байхад Монгол банкны 2022 оны 9 дүгээр сарын 06-ны өдрийн 69 дугаартай албан бичгээр шүүгчийн захирамж хангагдсан гэж үзэж байгаа нь Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1.23-т заасныг зөрчсөн гэх тухайд:
1.1. ...... хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.6 дахь хэсэгт заасны дагуу хэргийн оролцогчийн буюу нэхэмжлэгч талын хүсэлтээр “Ш.Г-аас 2022 оны 02 дугаар сарын 18-ны өдөр “Г б” ХХК-ийн 958510......... тоот дансанд 14.120.406.651 төгрөг шилжүүлсэн гүйлгээ, мөн өдөр “Г б” ХХК-иас үл хөдлөх эд хөрөнгө борлуулсны албан татварт 282.408.133,02 төгрөгийг татварын байгууллагад төлсөн гүйлгээ зэргийг батлагдсан маягт, журмын дагуу “Г б” ХХК-д мэдэгдсэн эсэх, эдгээр гүйлгээ бодитойгоор хийгдсэн эсэх лавлагаа, холбогдох баримтыг гаргуулах” ажиллагааг хийж, шүүгч захирамж гаргажээ. Шүүгчийн захирамжийн хариу болгон Монгол банкны Санхүүгийн мэдээллийн албаны 2022 оны 9 дүгээр сарын 06-ны өдрийн 69 дугаартай албан бичиг шүүхэд ирсэн байна. Уг албан бичигт ...Санхүүгийн мэдээллийн алба нь дээр дурдсан хуульд заасан үндэслэл, журмын дагуу “харилцагчийн гүйлгээтэй холбогдох мэдээллийн нууцлалыг хуульд зааснаас бусад тохиолдолд задруулсан” гэх нөхцөлийг үүсгэхээр байгаа бөгөөд холбогдох хуулийн зохицуулалтууд нь гүйлгээний талаарх мэдээлэл өгөх боломжгүй нөхцөл байдал үүсэж байгааг үүгээр уламжилж байна. Мөн шүүгчийн 2022 оны 8 дугаар сарын 26-ны өдрийн 181/ШЗ2022/110088 дугаар захирамжид ... хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2 дахь хэсгийг дурдсан байх бөгөөд ... холбогдох хуулийн зохицуулалтууд нь мэдээлэл өгөх боломжгүй нөхцөл байдлыг үүсгэж байгаа тул хүндэтгэн үзэх шалтгаан мөн байх боломжтой гэж үзэж байна” гэжээ. Дээрх албан бичгээс үзвэл Монгол банкны Санхүүгийн мэдээллийн алба нь гүйлгээний мэдээллийг хүлээн авах ба уг гүйлгээний мэдээлэлд дүн шинжилгээ хийх замаар үй олноор хөнөөх зэвсэг дэлгэрүүлэх, мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх чиг үүрэгтэй. Харин Мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.2 дахь хэсэгт зааснаар тус албаны дарга, хянан шалгагч, шинжээч, ажилтан албан үүргийнхээ дагуу олж авсан харилцагчийн гүйлгээтэй холбогдох мэдээллийн нууцлалыг хуульд зааснаас бусад тохиолдолд бүрэн эрхийнхээ хугацаанд болон ажлаас чөлөөлөгдсөнөөс хойш задруулахыг хориглодог байна.
Тус шүүхийн 2022 оны 9 дүгээр сарын 14-ний өдрийн шүүх хуралдаанд нэхэмжлэгч тал “шүүгчийн 11088 дугаар захирамжийн биелэлт хангуулах тухай” хүсэлт гаргажээ. Шүүгч хүсэлтийг хүлээн авч хянаад мөн өдрийн шүүгчийн 2022 оны 9 дүгээр сарын 14-ний өдрийн 11979 дүгээр захирамжаар “... шүүгчийн захирамжид заасан баримтууд нь Мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тухай хуульд заасан чиг үүргийнхээ дагуу Санхүүгийн мэдээллийн албанаас гаргаж өгөх боломжтой баримтад хамаарахгүй болохыг албан бичигт дурдсан, хуульд заасан чиг үүргийн хувьд мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй холбоотой гэж сэжиглэсэн гүйлгээг тус байгууллагаас холбогдох хууль сахиулах байгууллагад илгээх эрх, үүрэгтэй байна...” гэж үзээд хүсэлтийг хангахаас татгалзсан байна. Улмаар нэхэмжлэгчийн өмгөөлөгч У.Т “... шүүгчийн 2022 оны 9 дүгээр сарын 14-ний өдрийн 11979 дүгээр захирамжид өөрчлөлт оруулах тухай” хүсэлт гаргасныг шүүгчийн 2022 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн 13768 дугаар захирамжаар хангаагүй үндэслэлээ “... хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 124 дүгээр зүйлийн 124.1-д заасан илт үндэслэл муутай гарсан захирамж, тогтоолыг хүчингүй болгох, өөрчлөх асуудал нь тухайн захирамж, тогтоолыг гаргасан шүүгчийн бүрэн эрхэд хамаарна” гэжээ. ... хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 2014 оны дэлгэрэнгүй тайлбарт "илт үндэслэл муутай" гэдгийг шүүгч хэргийн оролцогч өөр хэн ч үзсэн бодит үнэнд нийцээгүй, үг, үсэг, тоо, тооцооны алдаатай зэрэг байдлыг ойлгож болно” гэсэн байна. Шүүгчийн 2022 оны 9 дүгээр сарын 14-ний өдрийн 11979 дүгээр болон 2022 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн 13768 дугаар захирамжид тусгагдсан шүүгчийн захирамжийн биелэлт хангагдсан эсэх асуудал нь “шүүгчийн захирамжийг өөрчлүүлэх” үндэслэл бус, харин хууль хэрэглээний асуудал гэж үзэхээр байна. ... хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1 дэх хэсэгт “шүүх хэргийн оролцогчийн гаргасан нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр нотлох баримтыг өөрийн дотоод итгэлээр үнэлнэ” гэж заасан. Шүүгч хавтаст хэрэгт авагдсан баримтыг хэрхэн үнэлэх нь шүүгчийн дотоод итгэлээрээ шийдвэрлэх, хуулиар олсон бүрэн эрх юм.
1.2. ... хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.3 дахь хэсэгт “хэрэг хянан шийдвэрлэхэд зайлшгүй шаардлагатай, төрийн болон албаны нууц, байгууллагын нууц, хүний эмзэг мэдээлэлтэй холбоотойгоос бусад нотлох баримтыг зохигчийн хүсэлтээр холбогдох иргэн, хуулийн этгээд түүний албан тушаалтан гаргаж өгөх үүрэгтэй” гэж заасан. Дээрх хуулийн зохицуулалтаас үзэхэд шүүхээс шаардсан нотлох баримтыг холбогдох иргэн, хуулийн этгээд, түүний албан тушаалтан нь төрийн болон албаны нууц, байгууллагын нууц, хүний эмзэг мэдээлэлтэй холбоотойгоос бусад баримтыг гаргаж өгөхөөр хуульчилжээ.
Хэдийгээр мөн хуулийн 38 дугаар зүйлийн 38.6 дахь хэсэгт “хэргийг хянан шийдвэрлэхэд зайлшгүй шаардлагатай нотлох баримт нь төрийн болон албаны нууц, байгууллагын нууц, хүний эмзэг мэдээлэлтэй холбоотой; ... нотлох баримтыг хэргийн оролцогчийн хүсэлтээр шүүх бүрдүүлнэ” гэж заасан боловч Мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.2 дахь хэсэгт зааснаар шүүхээс шаардсан нотлох баримтыг гаргаж өгөх боломжгүй талаар Монгол банкны Санхүүгийн мэдээллийн албанаас албан бичгээр ирүүлсэн нь ... хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.3 дахь хэсэгт “...байгууллагын нууц, хүний эмзэг мэдээлэлтэй холбоотойгоос бусад баримтыг...” гэдэгт хамаарч байна гэж үзлээ. Мөн ... хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт “Давж заалдах журмаар хэрэг хянан шийдвэрлэж буй шүүх зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан үзнэ” гэж заасан. Дээрх хуулийн зохицуулалтаас үзэхэд шүүгчийн захирамж хангагдсан эсэх, өөрчлөх эсхүл хүчингүй болгох талаар дээд шатны шүүх болох Нийслэлийн ... хэргийн давж заалдах шатны шүүхэд хэргийг бүхэлд нь хянуулах эрх хэргийн оролцогч нарт нээлттэй. Өөрөөр хэлбэл шүүгч хуулийг зөв, буруу хэрэглэсэн эсэхийг дээд шатны шүүх хянах бөгөөд Шүүхийн сахилгын хороо шүүгчийн захирамжийн хууль зүйн үндэслэлд дүгнэлт өгөх эрхгүй юм.
2. Шүүх хуралдаан хаасны дараа “... хэрэг үүсгэх тухай” захирамжийг өөрчлүүлэх, хүчингүй болгуулах талаар хариуцагч нарт илтэд зөвлөгөө өгч байгаа нь нэг талд давуу байдал олгосон, шүүх хөндлөнгийн байх зарчмыг алдагдуулсан буюу Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1.1-д заасныг зөрчсөн гэх тухайд:
...Гэрч хариуцагч Ш.Г-ын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б-ийн “Тийм явдал болоогүй, шүүгч тэгж ярьж байгаагүй”, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Б-ийн “Тийм зүйл ярьж байгаагүй”, хариуцагч “Голомт банк”-ны итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.М-ын “Шүүгч тэгж ярьж байсан тохиолдол огт байхгүй” гэх зэрэг мэдүүлэг болон шүүх хуралдааны дуу-дүрсний бичлэгүүдээс үзэхэд шүүгч Ц.А ... хэрэг үүсгэсэн болон бусад захирамжийг хүчингүй болгох эсхүл өөрчлүүлэх талаар хэргийн оролцогч нарт ямар нэгэн тайлбар хэлж байсан болох нь баримтаар тогтоогдохгүй байна. Шүүгч нэгэнт ... хэрэг үүсгэсэн бол хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулж, ... хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2 дахь хэсэгт заасан шийдвэрийн аль нэгийг гаргах хуулийн зохицуулалттай. Холбогдох шүүгч нь ... хэрэг үүсгэсэн захирамжийг өөрчлүүлэх, хүчингүй болгуулах талаар хариуцагч талд илтэд зөвлөгөө өгч, тэдэнд давуу байдал олгосон гэх үйл баримт тогтоогдоогүй тул түүнийг Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1.1-д заасныг зөрчсөн зөрчил гэж үзэхгүй.
3. 2023 оны 3 дугаар сарын 22-ны өдрийн шүүх хуралдааныг хойшлуулж, дараагийн шүүх хуралдааныг товлож байхад нэхэмжлэгчийн өмгөөлөгч “шүүх хуралдаан давхардсан” талаар хэлсэн боловч хүлээн авалгүйгээр шүүх хуралдааныг давхардуулан товлож байгаа нь “хууль зүйн туслалцаа авах, өмгөөлөгчтэй оролцох эрхийг зөрчиж байна” гэх тухайд:
... дүүргийн ... хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.А-ийн даргалсан 2023 оны 3 дугаар сарын 22-ны өдрийн шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Д, нэхэмжлэгчийн өмгөөлөгч У.Т, хариуцагч “Гб” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.М, хариуцагч Ш.Г-ын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б нар оролцсон байна. Тухайн өдрийн шүүх хуралдаанаар нэхэмжлэгч талаас “ Д.Д-ыг гэрчээр шүүх хуралдаанд оролцуулах тухай” хүсэлт гаргасныг хэлэлцэн, шүүгчийн мөн өдрийн 5152 дугаар захирамжаар гэрч оролцуулах нэхэмжлэгчийн хүсэлтийг хангаж, шүүх хуралдааныг 2023 оны 3 дугаар сарын 29-ний өдрийн 13 цаг 30 минут хүртэл хойшлуулжээ. Сахилгын хэргийг шалгах ажиллагааны явцад 2023 оны 3 дугаар сарын 22-ны өдрийн шүүх хуралдааны бичлэгт үзлэг хийхэд дүрсгүй, дууны бичлэг байсан. Уг шүүх хуралдаан завсарлаад шүүгч захирамжийн агуулгыг танилцуулж буй хэсэг бичигдээгүй болох нь ..., ... дүүргийн ... хэргийн анхан шатны шүүхийн Тамгын газрын дарга Д.О-ийн 2023 оны 5 дугаар сарын 24-ний өдрийн 652 дугаартай албан бичиг болон шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ч.Б-ийн мэдүүлгээр тогтоогдсон болохыг дурдъя. Шалгах ажиллагааны явцад нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Даваажаргал, хариуцагч “Гб” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.М, хариуцагч Ш.Г-ын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ч.Б, Э.Б нарыг дуудаж, гэрчийн мэдүүлэг авсан. Дээрх гэрчүүдийн мэдүүлгээс үзэхэд тухайн товлож буй өдрийн шүүх хуралдаанд хариуцагчийн өмгөөлөгч У.Т шүүх хуралдаан давхцаж байгаа талаар шүүгчид хэлсэн байна. Харин хариуцагчийн өмгөөлөгч У.Т ... дүүргийн ... хэргийн анхан шатны шүүхэд 2023 оны 3 дугаар сарын 29-ний өдрийн 11 цаг 30 минутад товлогдсон Ө.Б-ын нэхэмжлэлтэй, “А д с р” ХХК-д холбогдох ... хэргийн хариуцагчийн өмгөөлөгчөөр оролцох байжээ. Гэрч Г.М-ын “тухайн 2023 оны 3 дугаар сарын 22-ны өдрийн шүүх хуралдааныг хойшлуулан дараагийн шүүх хуралдааныг товлох талаар ярьж байхад У.Т өмгөөлөгч ... дүүргийн шүүхэд 11 цагаас билүү 11 цаг 30 минутад шүүх хуралдаантай гэж хэлсэн. Тэгээд амжиж ирэх эсэх талаар ярьж байгаад цагийг нь зөрүүлээд үдээс хойш 14 цаг 30 минутад билүү 13 цаг 30 минутад хурлаа товлож байсан. Энэ хойшлуулсан 2023 оны 3 дугаар сарын 29-ний өдрийн шүүх хуралдаанаар У.Т өмгөөлөгчийн ... дүүргийн шүүх хуралдаан завсарлаж байна гэсэн тул мөн л хойшлуулж байсан” гэх мэдүүлгээс үзэхэд шүүгч Ц.А шүүх хуралдааныг санаатайгаар давхардуулан зарласан бус, харин тухайн өдрийн шүүх хуралдааны цагийг нь зөрүүлэн 2023 оны 3 дугаар сарын 29-ний өдрийн 13 цаг 30 минутад товлосон байна. Түүнчлэн 2023 оны 3 дугаар сарын 29-ний өдрийн шүүх хуралдаанаар “нэхэмжлэгчийн өмгөөлөгч У.Т-ий оролцож буй ... дүүргийн ... хэргийн анхан шатны шүүхэд хэлэлцэгдэж байгаа ... хэргийн шүүх хуралдаан дуусаагүй байсан тул түүнд шүүх хуралдаанд биечлэн оролцож, мэтгэлцэх боломжийг ханган” шүүгчийн 2023 оны 3 дугаар сарын 29-ний өдрийн 5555 дугаар захирамжаар шүүх хуралдааныг 2023 оны 4 дүгээр сарын 14-ний өдрийн 13 цаг 30 минут хүртэл хойшлуулжээ. Дээрхээс үзэхэд шүүгч шүүх хуралдааныг санаатайгаар давхардуулан товлоогүй бөгөөд нэхэмжлэгчийн өмгөөлөгчийг шүүх хуралдаанд биечлэн оролцох, талуудын мэтгэлцэх боломжийг олгож, шүүх хуралдааныг хойшлуулсан байх тул шүүгч Ц.А-ийг “өмгөөлөгчтэй оролцох эрхийг нь хязгаарласан” гэж үзэхгүй. Түүнчлэн холбогдох шүүгч нь Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1.19-д заасныг зөрчсөн гэх үйл баримт тогтоогдоогүй болно. Дээрхийг нэгтгэн дүгнэвэл “О т” ХХК-ийн гүйцэтгэх захирал Д.М-ын өргөдөлд дурдсан асуудлаар ... дүүргийн ... хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.А нь Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1.1, 50.1.19, 50.1.23-т заасан шүүгчид хориглосон заалтыг зөрчсөн гэх үйл баримт тогтоогдоогүй тул түүнд үүсгэсэн сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох саналыг гаргав.” гэжээ.
Шүүгч Ц.А сахилгын хороонд гаргасан тайлбартаа: “Миний бие 2022 оны 7 дугаар сарын 08-ны өдөр ... дүүргийн ... хэргийн анхан шатны шүүхэд шүүгчийн албан тушаалд томилогдсон. Тус шүүхийн шүүгчдийн зөвлөгөөний 2022 оны 7 дугаар сарын 19-ний өдрийн тогтоолын дагуу шүүгч Б.Б-ийн 2022 оны 4 дүгээр сарын 01-ний өдрийн 4319 дүгээр захирамжаар ... хэрэг үүсгэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулж буй “О т” ХХК-ийн нэхэмжлэлтэй, “Г б” ХХК, Ш.Г нарт холбогдох ... хэрэг надад хуваарилагдсан. Уг ... хэрэг, маргаан нь надад хуваарилагдахаас өмнө шүүгч Б.Б, Ч.И нарт хянагдаж байсан болно. Тухайн ... хэрэгт 2022 оны 8 дугаар сарын 10-ны өдрөөс 2023 оны 4 дүгээр сарын 15-ны өдрийг хүртэл нийт 11 удаа шүүх хуралдаан зарласан бөгөөд нэхэмжлэгчийн дутуу төлсөн улсын тэмдэгтийн хураамжийг нөхөн төлүүлэх үндэслэлээр 1 удаа, нэхэмжлэгч талын нотлох баримт гаргуулах, гэрч оролцуулах тухай хүсэлтээр 3 удаа, хүндэтгэн үзэх шалтгаантай, шүүх хуралдаан давхардсан гэх үндэслэлээр 2 удаа, гэрч Д.Д өвчтэй тул гэрчийг оролцуулах тухай хүсэлтээр 1 удаа, шүүгчийг татгалзан гаргах тухай хүсэлтээр 3 удаа, нийт шүүгчдээс татгалзах тухай хүсэлтээр 1 удаа тус тус хойшилсон. Мөн шүүх хуралдааны бус үеэр шүүгч надаас 1 удаа татгалзаж байсан буюу нийтдээ 5 удаа даргалагч шүүгч, нийт шүүгчдээс татгалзах тухай хүсэлтүүдийг тус шүүхийн Ерөнхий шүүгч болон шүүгчдийн зөвлөгөөнөөр хянан хэлэлцэж, шийдвэрлэж байсан. Өнөөдрийн байдлаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа эцэслэн шийдвэрлэгдээгүй, хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хугацаа 300 гаруй хоногийн хэтрэлттэй байгаа юм.
2022 оны 8 дугаар сарын 26-ны өдрийн шүүх хуралдаанаар нэхэмжлэгчийн төлөөлөгч “Мөнгө угаах терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсэгт заасны дагуу Монгол банкнаас нотлох баримт гаргуулах тухай” хүсэлт гаргасныг шүүгчийн мөн өдрийн 11088 дугаар захирамжаар хангасан. Уг захирамжийн дагуу Монгол банкны Санхүүгийн мэдээллийн албаны 2022 оны 9 дүгээр сарын 06-ны өдрийн 69 дүгээр албан бичиг ирсэн. Уг албан бичгээр санхүүгийн мэдээллийн алба нь хуульд зааснаар үйл олноор хөнөөх зэвсэг дэлгэрүүлэх, мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх чиглэлээр эрх бүхий байгууллагатай хамтран ажиллаж, мэдээлэл солилцож, гэмт хэргийг мөрдөн шалгах, хянан шийдвэрлэх ажиллагаанд дэмжлэг, туслалцаа үзүүлэх чиг үүрэгтэй тул ... эрх зүйн харилцаа болох худалдах, худалдан авах гэрээний харилцаанд хамааралтай маргаанд нотлох баримтаар гүйлгээний мэдээлэл өгөх боломжгүй гэсэн хариу байсан. Шүүхээс нэхэмжлэгчийн гаргасан хүсэлтийг хангаж, нотлох баримтыг Санхүүгийн мэдээллийн албанаас бүрдүүлэхээр захирамж гаргасан боловч Санхүүгийн мэдээллийн алба нь дээр дурдсан үндэслэлээр баримтыг гаргаж өгөх боломжгүй талаар албан бичгээр хариу ирүүлснийг үндэслэлтэй гэж үзсэн тул шүүгчийн 11088 дугаар захирамжийн нэхэмжлэгчийн хүсэлтэд холбогдох хэсгийг гүйцэтгэсэн, захирамжид заагдсан асуудлаар тодруулга, хариуг авсан. Улмаар 2022 оны 9 дүгээр сарын 14-ний өдрийн шүүх хуралдаанд нэхэмжлэгч тал шүүгчийн дээрх 11088 дугаар захирамж хангагдаагүй тул Монгол банкны Санхүүгийн мэдээллийн албанаас нотлох баримт гаргуулах тухай хүсэлтийг дахин гаргасныг дээр дурдсан үндэслэлээр хангахгүй орхисон. Нэхэмжлэгчийн өмгөөлөгч У.Түвшин нь 2022 оны 8 дугаар сарын 26-ны өдрийн 11088 дугаар захирамжид өөрчлөлт оруулах хүсэлтийг 2022 оны 9 дүгээр сарын 22-ны өдөр гаргасныг 2022 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн 13768 дугаар захирамжаар шийдвэрлэсэн бөгөөд тухайн эрхийн актуудад холбогдох үндэслэлийг нь заасан. Иймд хуулийн илт тодорхой заалтыг ноцтой зөрчиж, хуулийг буруу тайлбарлан хариуцагчтай хуйвалдаж, хэлцлийг хаацайлж, хариуцагчид давуу байдал олгосон гэх гомдол үндэслэлгүй гэж үзэж байна.
Өргөдөл гаргагч “...шүүх хуралдаан хаасны дараа хариуцагч талд зөвлөгөө өгч байгаа нь нэг талд давуу байдал олгож, шүүх хөндлөнгийн байх зарчмыг алдагдуулж, талуудын тэгш эрхийн болоод Үндсэн хуулиар олгогдсон зарчмыг зөрчиж байгаад харамсаж байна” гэжээ. Нэхэмжлэгч болон хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нар бүгд мэргэжлийн хуульчид бөгөөд шүүгч хэргийн оролцогчид хууль, эрх зүйн зөвлөгөө өгөх боломжгүй. Талуудыг байлцуулан хууль зүйн зөвлөгөө өгсөн гэх өргөдөл үндэслэлгүй гэж үзэж байна. Түүнчлэн илтэд нэг талд давуу байдал олгосон зүйл байхгүй.
2023 оны 3 дугаар сарын 22-ны өдрийн шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн хүсэлтээр оролцох болсон гэрч Д.Д өвчтэй шалтгаанаар ирээгүй ба түүний эмчийн магадалгааг нэхэмжлэгч талаас өгч, гэрчийг шүүх хуралдаанд биечлэн оролцуулах хүсэлт гаргасныг хангаж, шүүх хуралдааныг хойшлуулсан. Хойшилсон шүүх хуралдаан болгонд шүүхээс дараагийн шүүх хуралдааныг товлохдоо зохигчдоос боломжтой эсэхийг асууж, лавласны үндсэн дээр товлодог бөгөөд нэхэмжлэгчийн өмгөөлөгчөөс бүх боломжтой цаг хугацааг асууж лавласан, мөн шүүгчийн өөрийн шүүх хуралдааныг явуулах боломжтой цаг хугацаанд товлосон гэж үзэж байна. 2023 оны 3 дугаар зүйлийн 29-ний өдрийн шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн өмгөөлөгч “шүүх хуралдаан давхардсан тул хойшлуулах тухай” хүсэлт гаргасныг шүүгчийн мөн өдрийн 5555 дугаар захирамжаар хангаж шийдвэрлэсэн тул нэхэмжлэгчийн хууль зүйн туслалцаа авах эрхийг зөрчөөгүй гэж үзэж байна.
Тухайн ... хэрэг надад хуваарилагдан ирснээс хойш 2022 оны 8 дугаар сарын 10-ны өдрөөс 2023 оны 4 дүгээр сарын 15-ны өдрийг хүртэл нийт 11 удаа шүүх хуралдааныг товлон зарласан талаар өмнө дурдсан. Бараг л бүх шүүх хуралдаан нь нэхэмжлэгч талаас гаргасан санал, хүсэлттэй холбоотойгоор хойшилсон байдаг. Тодруулбал, 2022 оны 9 дүгээр сарын 23-ны өдрийн шүүх хуралдаан дээр шүүгчийг татгалзан гаргах тухай хүсэлт гаргасан. Үүнээс хойших хугацаанд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гаргасан эрхийн акттай нь холбогдуулан шууд буруутгах, үндэслэлгүйгээр хардах, мөн удаа дараа даргалагч шүүгчийг Шүүхийн сахилгын хороонд өгч байгаа асуудлаар тайлбар гаргаж, илтэд эсрэг талд шүүгч үйлчилж байгаа, хуулийг илтэд буруугаар тайлбарлан хэрэглэж байгаа, шүүх хуралдааныг хэт ойрхон зарлаж байгаа гэсэн агуулга бүхий үндэслэлээр шүүгчийг буруутгаж, үүнийгээ шалтгаан болгож надаас нийт 4 удаа татгалзсан. Мөн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцоогүй тус шүүхийн нийт шүүгчдээс татгалзах зэрэг хэрэг, маргааныг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүгчид нөлөөлөхөөр оролдсон үйлдэл, мөн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд санаатай саад учруулах оролдлого гэж үзсэн тул нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Д, өмгөөлөгч У.Т нарт холбогдуулан 2023 оны 4 дүгээр сарын 14-ний өдрийн шүүх хуралдаанд нөлөөллийн мэдүүлэг хөтөлсөн болно” гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
“О т” ХХК-аас ... дүүргийн ... хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.А-д холбогдуулан гомдол гаргаж, үндэслэлээ “...2022 оны 8 дугаар сарын 26-ны өдрийн 11088 дугаар шүүгчийн захирамжийн биелэлт хангагдсан гэж үзэж байгаа нь хуулийн илт тодорхой заалтыг ноцтой зөрчиж, хуулийг буруу тайлбарласан, хариуцагчид давуу байдал олгосон, ... хэрэг үүсгэсэн захирамжаа өөрчлүүлэх, хүчингүй болгуулах талаар хариуцагч нарт зөвлөгөө өгч шүүх хөндлөнгийн байх зарчмыг алдагдуулсан, шүүх хуралдааныг давхардуулан зарлаж Монгол Улсын Үндсэн хуульд заасан “хууль зүйн туслалцаа авах” эрхийг ноцтой зөрчиж, өмгөөлөгчтэй оролцох эрхийг хязгаарласан” гэж тодорхойлжээ.
Сахилгын хэрэгт цугларсан баримтаас үзвэл ... дүүргийн ... хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2022 оны 08 дугаар сарын 26-ны өдрийн 11088 дугаар захирамжаар нэхэмжлэгч “О т” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч өмгөөлөгчийн нотлох баримт гаргуулах хүсэлтийг хангаж “...иргэн Ш.Г-аас 2022 оны 02 дугаар сарын 18-ны өдөр “Г б” ХХК-ийн 9585100030 тоот дансанд шилжүүлсэн 14.120.406.651 төгрөгийн гүйлгээ, мөн өдөр Голомт банкнаас үл хөдлөх эд хөрөнгө борлуулсны албан татварт 282.408.133,02 төгрөгийг татварын байгууллагад төлсөн гүйлгээ зэргийг батлагдсан маягт, журмын дагуу Монгол банкны дэргэдэх Санхүүгийн мэдээллийн албанд “Г б” ХХК мэдэгдсэн эсэх, эдгээр гүйлгээ бодитойгоор хийгдсэн эсэхийг нотлох лавлагаа, холбогдох баримтыг ирүүлэхийг Монгол банкны дэргэдэх Санхүүгийн мэдээллийн албанд даалгасан байх ба уг захирамжийн дагуу Санхүүгийн мэдээллийн албанаас 2022 оны 09 дүгээр сарын 06-ны өдрийн 69 дүгээр албан бичгээр “...хуулийн этгээд, иргэн хооронд хийгдсэн худалдах, худалдан авах хэлцлийн хүчин төгөлдөр байдлын талаарх маргаантай холбоотой асуудал байна. Үүнтэй холбоотойгоор Санхүүгийн мэдээллийн алба нь хуульд заасан үндэслэл, журмын дагуу “харилцагчийн гүйлгээтэй холбогдох мэдээллийн нууцлалыг хуульд зааснаас бусад тохиолдолд задруулсан” гэх нөхцөлийг үүсгэхээр байгаа бөгөөд холбогдох хуулийн зохицуулалтууд нь гүйлгээний талаарх мэдээлэл өгөх боломжгүй нөхцөл байдал үүсэж байгааг үүгээр уламжилж байна” гэсэн хариу өгсөн, 2022 оны 09 дүгээр сарын 14-ний өдрийн 11979 дүгээр шүүгчийн захирамжаар нэхэмжлэгчийн “... дүүргийн ... хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2022 оны 08 дугаар сарын 26-ны өдрийн 11088 дугаар захирамжийн биелэлтийг хангуулж, Монгол банкны дэргэдэх Санхүүгийн мэдээллийн албанаас нотлох баримт гаргуулах” хүсэлтийг хангахаас татгалзсан, нэхэмжлэгчийн өмгөөлөгчөөс 11979 дүгээр захирамжид өөрчлөлт оруулах хүсэлт гаргасныг 2022 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн 13768 дугаар шүүгчийн захирамжаар хангахаас татгалзаж шийдвэрлэсэн үйл баримт тогтоогдож байна.
... хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1-д зааснаар шүүх эрх мэдлийг хуулийн дагуу байгуулагдсан шүүх хэрэгжүүлдэг бөгөөд нотлох баримт бүрдүүлэх, нотлох баримт шаардан авахаас татгалзах, нотлох баримтаас хасах, зохигчдын хүсэлтийг хэрхэн шийдвэрлэх нь тухайн ... хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг удирдан явуулж байгаа шүүгчийн бүрэн эрх гэж ойлгоно.
Харин Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.1-д “Сахилгын хороо энэ хуулийн 50, 51.1, 52, 53 дугаар зүйлд заасан хориглосон, хязгаарласан, үүрэг болгосон зохицуулалтыг зөрчсөн шүүгчид сахилгын шийтгэл оногдуулна” гэж зааснаар Шүүхийн сахилгын хороо нь дээрх хуульд нэрлэн заасан шүүгчийн сахилгын зөрчил гаргасан тухай өргөдөл, мэдээллийг хүлээн авч шийдвэрлэх чиг үүрэг бүхий байгууллага бөгөөд шийдвэрлээгүй байгаа хэрэг маргааны хянан шийдвэрлэх ажиллагаанд хөндлөнгөөс оролцож, ажиллагааны явцад гаргасан шүүгчийн захирамжийн хууль зүйн үндэслэлийг хянах эрх Сахилгын хороонд олгогдоогүй төдийгүй энэ нь Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1-д “Шүүх нь шүүх эрх мэдлийг аливаа этгээдээс хараат бусаар хэрэгжүүлнэ” гэж заасныг зөрчинө.
Илтгэгч гишүүний саналд дээр дурдсан шүүгчийн захирамжийн үндэслэлийг хянасан агуулгаар дүгнэлт хийсэн нь буруу боловч шүүгч хуулийг зөв, буруу хэрэглэсэн эсэхийг дээд шатны шүүх хянах эрхтэй талаар, шүүгч хавтаст хэрэгт авагдсан баримтыг хэрхэн үнэлэх нь шүүгчийн дотоод итгэлээрээ шийдвэрлэх, хуулиар олгосон бүрэн эрх болох талаар үндэслэлтэй зөв дүгнэсэн байна.
Түүнчлэн, сахилгын хэрэгт авагдсан гэрчүүдийн мэдүүлэг, шүүх хуралдааны дуу-дүрсний бичлэгүүдэд хийсэн үзлэгийн тэмдэглэл зэргээс үзэхэд шүүгч Ц.А нь ... хэрэг үүсгэсэн захирамжаа өөрчлүүлэх, хүчингүй болгуулах талаар хариуцагч нарт зөвлөгөө өгсөн гэх үйл баримт үгүйсгэгдэж байх ба ... дүүргийн ... хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2023 оны 03 дугаар сарын 22-ны өдрийн 5152 дугаар захирамжаар нэхэмжлэгчийн гэрч асуулгах хүсэлтийг хангаж, шүүх хуралдааныг 2023 оны 3 дугаар сарын 29-ний өдрийн 13 цаг 30 минут хүртэл хойшлуулсан, 2023 оны 03 дугаар сарын 29-ний өдөр нэхэмжлэгчийн өмгөөлөгч шүүх хуралдаан давхацсан үндэслэлээр шүүх хуралдаан хойшлуулах хүсэлт гаргасныг хүлээн авч тус өдрийн 5555 дугаар шүүгчийн захирамжаар шүүх хуралдааныг 2023 оны 4 дүгээр сарын 14-ний өдрийн 13 цаг 30 минут хүртэл хойшлуулсан байх тул шүүгч Ц.А-ийг шүүх хуралдааныг давхардуулан зарласан, хууль зүйн туслалцаа авах эрхийг ноцтой зөрчиж, өмгөөлөгчтэй оролцох эрхийг хязгаарласан гэж үзэх боломжгүй.
Дээрхийг нэгтгэн дүгнээд илтгэгч гишүүний сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох саналыг хүлээн авах нь зүйтэй гэж бүрэлдэхүүн үзлээ.
Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 112 дугаар зүйлийн 112.1.2, 112.2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Сахилгын хорооны гишүүний 2023 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн ГС/2023/0071 дугаартай “Сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох тухай санал”-ыг хүлээн авч, ... дүүргийн ... хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.А-д холбогдох сахилгын хэргийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2. Магадлалыг сахилгын хэргийн оролцогч болон өргөдөл, мэдээлэл гаргагчид хүргүүлэхийг Ажлын албанд даалгасугай.
3. Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 112 дугаар зүйлийн 112.8 дахь хэсэгт зааснаар магадлалыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор сахилгын хэргийн оролцогч гомдол, илтгэгч гишүүн эсэргүүцэл гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ О.НОМУУЛИН
ГИШҮҮН Д.АРИУНТУЯА
Х.ХАШБААТАР