МОНГОЛ УЛС
ШҮҮХИЙН САХИЛГЫН ХОРОО
МАГАДЛАЛ
2023-06-21
Дугаар 88
Улаанбаатар хот
Сахилгын хэргийг хэрэгсэхгүй
болгох тухай
Шүүхийн сахилгын хорооны хуралдааныг гишүүн С.Энхтөр даргалж, гишүүн Ц.Давхарбаяр, Х.Хашбаатар нарын бүрэлдэхүүнтэй, илтгэгч гишүүн Б.Сугар, нарийн бичгийн даргаар Б.Батбаяр нарыг оролцуулан тус хорооны хуралдааны танхимд нээлттэй хийв.
Шүүхийн сахилгын хорооны гишүүний 2023 оны 6 дугаар сарын 05-ны өдрийн ГС/2023/0075 дугаар Сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох саналыг хянан хэлэлцээд ТОДОРХОЙЛОХ нь:
Сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох саналдаа: “... шатны шүүхийн шүүгч Б.Г-д холбогдох сахилгын хэрэгт шалгах ажиллагаа явуулаад доорх үндэслэлээр сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох санал гаргав. Иргэн У.Г-оос шүүгч Б.Г 2023 оны 03 сарын 15-ны өдрийн шүүх хуралдаанд манай талаас уг агуулах байгаа газрын маргаан мөн адил Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхэд хянан хэлэлцэгдэж байгаа тул, хоорондоо хамаарал бүхий уг хэргийн газрын асуудлыг эхэлж шийдвэрлэсний дараа дээр нь байгаа агуулахын асуудлыг буюу уг иргэний хэргийг хянан шийдвэрлэх нь зүйд нийцнэ гэж үзэж хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааг түдгэлзүүлж өгөх хүсэлт гаргасан, хүсэлтийг гаргаснаар Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 105 дугаар зүйлийн 105.1-д “Шинэ нотлох баримт бүрдүүлэх ба хэрэг хянан шийдвэрлэхтэй холбогдсон бусад асуудлын талаар хэргийн оролцогчоос гаргасан хүсэлтийг бусад оролцогчийн саналыг сонсмогц шүүх бүрэлдэхүүн буюу шүүгч даруй шийдвэрлэнэ” гэж заасан байтал хүсэлтийг даруй шийдвэрлээгүй, шүүгчийн дээрх үйлдэл нь хуульд нийцээгүй, энэхүү үйлдлийг хянан шалгаж өгнө үү гэсэн агуулгыг өргөдөл, гомдолдоо дурджээ. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2-т заасны дагуу хэргийн оролцогч нь шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүнийг үгүйсгэх, татгалзах үндэслэл, тайлбар түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх үүрэгтэй бөгөөд энэхүү үүргээ шүүх хуралдаан товлохоос өмнө биелүүлэх учиртай.
... шатны шүүхийн шүүгчийн 2023 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн “Хүсэлт шийдвэрлэж, шүүх хуралдааныг хойшлуулах тухай” .../ШЗ2023/04849 дүгээр захирамжаар хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг түдгэлзүүлэх тухай хүсэлтийг хэлэлцэлгүй орхиж, хариуцагчийн өмгөөлөгчийн шүүх хуралдааныг хойшлуулах тухай хүсэлтийг хангаж, шүүх хуралдааныг 2023 оны 03 дугаар сарын 29-ний өдрийн 12 цаг 00 минут хүртэлх хугацаагаар хойшлуулж шийдвэрлэжээ. Тухайлбал 2023 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн шүүх хуралдаанд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг түдгэлзүүлэх, хариуцагчийн өмгөөлөгч Л.Б нь шүүх хуралдаан давхацсан тул шүүх хуралдааныг хойшлуулах хүсэлт гаргасан байх бөгөөд хариуцагчийн өмгөөлөгчийн хүсэлтийг хүндэтгэн үзэх шалтгаантай болох нь хүсэлтэд хавсаргасан баримтаар тогтоогдож байна гэж үзэж шүүх хуралдааныг хойшлуулахаар шийдвэрлэж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хүсэлтийг хүсэлт шийдвэрлэх шатанд бус шүүх хуралдаанаар хянан хэлэлцэж шийдвэрлэвэл зохих тул хүсэлтийг хэлэлцэлгүй орхих нь зүйтэй гэж үзсэн байна. Иргэний хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхээр захирамж гарахаас өмнө гаргаагүй хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаатай холбоотой хүсэлтийг шүүх хуралдаанд гаргасныг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 105 дугаар зүйлийн 105.1-т “Шинэ нотлох баримт бүрдүүлэх ба хэрэг хянан шийдвэрлэхтэй холбогдсон бусад асуудлын талаар хэргийн оролцогчоос гаргасан хүсэлтийг бусад оролцогчийн саналыг сонсмогц шүүх бүрэлдэхүүн буюу шүүгч даруй шийдвэрлэнэ” заасан хүсэлтэд хамааруулан үзнэ.
Хэрэг хянан шийдвэрлэхэд холбогдолтой хүсэлтийг өмнө гаргах боломжтой байсан боловч шүүх хуралдааны үед гаргасан нь хүндэтгэн үзэх шалтгаантай, судлах шаардлагатай гэж шүүх үзсэнийг сахилгын зөрчил гэж үзэхгүй. Шүүгч хуульд заасан бүрэн эрхийнхээ хүрээнд аливаа хэрэг маргааныг өөрийн дотоод итгэлдээ үндэслэн хуулийг баримтлан шийдвэрлэх үүрэгтэй бөгөөд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг түдгэлзүүлэхийг хүссэн хүсэлтийг холбогдох хуулийн зүйл заалтыг баримтлан хэлэлцэхгүй орхих болсон үндэслэлээ тодорхой тайлбарлан шийдвэрлэсэн байна. Иймд шүүгч хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааг түдгэлзүүлэх тухай хүсэлтийг хуульд нийцүүлэн шийдвэрлэхийн тулд судлах шаардлагатай бөгөөд энэ хүсэлтийг хэлэлцэлгүй орхисон нь сахилгын зөрчилд хамаарахгүй. Харин хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан уг хүсэлтийг хэлэлцээгүй, захирамждаа тухайн хүсэлтийг шүүх хэрхэн үзэж дүгнэсэн талаараа дурдаагүй бол энэ нь сахилгын зөрчилд хамаарах боломжтой. Мөн холбогдох шүүгч хүсэлтийг хэрхэн үзэж дүгнэсэн талаараа тус хороонд бичгээр ирүүлсэн тайлбартаа хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан хүсэлтийн үндэслэл нь хуульд заасан хэргийг түдгэлзүүлэх, хэрэгсэхгүй болгох үндэслэлд хамаарч байх тул тухайн хүсэлтийг шийдвэрлэхдээ шүүх хуралдаанаар хэлэлцүүлж, талуудын мэтгэлцэх боломжийг хангаж шүүх хуралдаанаар хэлэлцүүлсний дараа зохих шийдвэрийг гаргах нь хуульд нийцэхээр байгаа хэмээн тайлбарласан байна.
Иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд шүүх талуудыг мэтгэлцүүлэхэд чиглүүлэх, мэтгэлцэх нөхцөлийг хангах үүрэгтэй. Иймд ... шатны шүүхийн шүүгч Б.Г-д холбогдох сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох санал гаргаж, сахилгын хорооны хуралдаанаар хэлэлцүүлэхээр шийдвэрлэв.” гэжээ.
Шүүгч Б.Г тайлбартаа: “...Б.Т-ын нэхэмжлэлтэй 24 ширхэг агуулахын хууль бус эзэмшлээс албадан чөлөөлүүлэх тухай У.Г-д холбогдох иргэний хэргийг хэлэлцэх шүүх хуралдаан 2023 оны 3 дугаар сарын 15-ны өдөр товлогдсон бөгөөд тус хуралдаанд хариуцагчийн өмгөөлөгч Л.Б өөр шүүх хуралдаан давхацсан үндэслэлээр шүүх хуралдааны хойшлуулах, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б хэргийг түдгэлзүүлэх тухай хүсэлтийг тус тус гаргасан. Шүүхээс хариуцагчийн өмгөөлөгчид шүүх хуралдаанд биечлэн оролцох боломж олгон шүүх хуралдааныг хойшлуулах тухай хүсэлтийг хангаж, хэргийг түдгэлзүүлэх тухай хүсэлтийг хэлэлцэхгүй орхиж, тус шүүх хуралдааныг хойшлуулж шийдвэрлэсэн болно. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б-аас шүүх хуралдаанд маргаан бүхий агуулах байрлах газартай холбоотой захиргааны хэрэг Нийслэлийн захиргааны хэргийн анхан шатны шүүхэд үүссэн тул хэргийг түдгэлзүүлэх тухай хүсэлт гаргасан. Тухайн тохиолдлын хуульд заасан зохицуулалтыг авч үзвэл шүүгч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1-д заасан үндэслэлээр хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг түдгэлзүүлэх, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 117 дугаар зүйлийн 117.1, 65 дугаар зүйлийн 65.1.7-д заасан үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгох, хүсэлтийг хүлээн хангахаас татгалзах зэргээс аль тохирох, үндэслэлтэй шийдвэрийг гаргахаар байна. Өөрөөр хэлбэл хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан хэргийг түдгэлзүүлэх тухай хүсэлтийн үндэслэл нь хэргийг түдгэлзүүлэх, мөн хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлд хамаарч байна. Харин хэргийг хэрэгсэхгүй болгох эсэхийг шийдвэрлэхдээ хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцүүлж, талуудын мэтгэлцэх боломжийг хангасны дараа шийдвэрлэхээр хуульд зохицуулсан. Иймд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан хэргийг түдгэлзүүлэх тухай хүсэлт нь дээр дурдсан шинжийг агуулж байх тул шүүх хуралдаанаар хэлэлцүүлсний зохих шийдвэрийг гаргах нь хуульд нийцэхээр байна. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б нь 2023 оны 3 дугаар сарын 15-ны өдрийн шүүх хуралдаанд хэргийг түдгэлзүүлэх тухай хүсэлтээ гаргасан. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 105 дугаар зүйлийн 105.2-д "Хэрэг хянан шийдвэрлэхтэй холбогдолтой нэмэлт тайлбар, нотлох баримтыг урьд нь гаргах буюу санал болгох бололцоотой байсан боловч шүүх хуралдааны үед гаргасан нь хүндэтгэн үзэх шалтгаантай гэж шүүх үзвэл түүнийг хүлээн авч, шинжлэн судлах шаардлагатай бол шүүх хуралдааныг нэг удаа хойшлуулж болно." гэж заасан бөгөөд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс хэргийг түдгэлзүүлэх үндэслэл болсон Нийслэлийн захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн захиргааны хэрэг үүсгэсэн захирамжийг шинжлэн судлахаар шүүх хуралдааныг хойшлуулах үндэслэлтэй байна” гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Өргөдөл гаргагч У.Г-оос “... 2023 оны 3 дугаар сарын 15-ны өдрийн шүүх хуралдаанд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг түдгэлзүүлэх хүсэлт гаргасан боловч шүүгч даруй шийдвэрлээгүй” гэх агуулгаар өргөдлийн үндэслэлээ тодорхойлжээ.
Сахилгын хэрэгт цугласан баримтаар, иргэн Б.Т-аас У.Г-д холбогдуулан 24 ширхэг агуулахыг хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэх тухай нэхэмжлэлийг ... шатны шүүхэд 2022 оны 9 дүгээр сарын 09-ний өдөр гаргаж, тус шүүхийн шүүгч Г.С-ын 2022 оны 9 дүгээр сарын 16-ны өдрийн .../ШЗ2022/15293 дугаар шүүгчийн захирамжаар иргэний хэрэг үүсгэсэн байна. Тус шүүхийн 2022 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн .../ШЗ2022/18670 дугаар шүүгчийн захирамжаар хариуцагчийг албадан ирүүлэхээр шийдвэрлэжээ.
... шатны шүүхийн 2022 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн .../ЗТ2022/01895 дугаар Шүүгчдийн зөвлөгөөний тогтоолоор тус иргэний хэргийг шүүгч Б.Г-д шилжүүлсэн байна.
Тус шүүхийн 2022 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн .../ШЗ2022/21190 дугаар шүүгчийн захирамжаар тус иргэний хэргийг хэлэлцэх шүүх хуралдааныг 2022 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 09 цаг 00 минутад явуулахаар тогтоож,
2022 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн шүүх хуралдаанаар хариуцагчийн өмгөөлөгч авах хүсэлтийг хангаж,
2023 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн шүүх хуралдаанаар хариуцагчийн өмгөөлөгчийн гэрч оролцуулах хүсэлтийг хангаж, үнэлгээ хийлгэх тухай хүсэлтийг хангахгүй орхиж,
2023 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн шүүх хуралдаанаар хариуцагчийн өмгөөлөгчийн үзлэг хийлгэх хүсэлтийг хангахгүй орхиж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн нотлох баримттай танилцах хүсэлтийг хангаж,
2023 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн шүүх хуралдаанаар хариуцагчийн өмгөөлөгчийн гэрч асуулгах, гарын үсэгт шинжээч томилуулах, нотлох баримт хасуулах тухай хүсэлтүүдийг хангахаас татгалзаж, нотлох баримт гаргуулах тухай хүсэлтийг хангаж,
2023 оны 3 дугаар сарын 06-ны өдрийн шүүх хуралдаанаар хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан хэргийн материалтай танилцах хүсэлтийг хангаж тус тус хойшлуулжээ.
Улмаар, 2023 оны 3 дугаар сарын 15-ны өдрийн шүүх хуралдаанд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б-аас “...Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд тус маргаан бүхий газрын эзэмших эрхийг хүчингүй болгуулахаар нэхэмжлэл гаргаж, захиргааны хэрэг үүссэн тул тус иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг түдгэлзүүлэх” хүсэлт, хариуцагчийн өмгөөлөгч Л.Б-аас хурал давхацсан тул шүүх хуралдааныг хойшлуулах хүсэлтийг тус тус гаргасныг мөн өдрийн .../ШЗ2023/04849 дугаар шүүгчийн захирамжаар Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 105 дугаар зүйлийн 105.1-т заасны дагуу хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг түдгэлзүүлэх тухай хүсэлтийг хэлэлцэхгүй орхиж, хариуцагчийн өмгөөлөгчийн шүүх хуралдааныг хойшлуулах тухай хүсэлтийг хангаж, шүүх хуралдааныг хойшлуулсан байна.
Дээрх шүүгчийн захирамжид “...тус хүсэлтийг хүсэлт шийдвэрлэх шатанд бус шүүх хуралдаанаар хянан хэлэлцэж шийдвэрлэвэл зохих тул хүсэлтийг хэлэлцэхгүй орхих нь зүйтэй байна. Мөн хариуцагчийн өмгөөлөгч нь Улсын дээд шүүхэд шүүх хуралдаан давхацсан үндэслэлээр хуралдааныг хойшлуулах тухай хүсэлтийг ирүүлсэн бөгөөд тэрээр хүндэтгэн үзэх шалтгаантай болох нь хүсэлтэд хавсаргасан баримтаар тогтоогдож байх тул хүсэлтийг хангаж, шүүх хуралдааныг хойшлуулав.” гэжээ.
Сахилгын хэрэгт авагдсан тус шүүхийн 2023 оны 3 дугаар сарын 29-ний өдрийн .../ТМ2023/01644 дүгээр шүүх хуралдааны тэмдэглэлээс үзвэл, хариуцагчийн өмгөөлөгчөөс хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг түдгэлзүүлэх хүсэлтийг тухайн хуралдаанд гаргасныг хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэсэн байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 117 дугаар зүйлийн 117.1 дэх хэсэгт “энэ хуулийн 65.1.9-д заасан үндэслэл иргэний хэрэг үүсгэснээс хойш, 65.1.1, 65.1.3-65.1.8, 65.1.10-д заасан үндэслэл хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцэх үед тогтоогдвол хэргийг хэрэгсэхгүй болгоно. Энэ тухай шүүх тогтоол, шүүгч захирамж гаргана.”, 65 дугаар зүйлийн 65.1.7-д “зохигчийн маргаж байгаа зүйл ба түүний үндэслэлийн талаарх өөр хэргийг шүүх шийдвэрлэж байгаа” тохиолдлыг хамааруулан ойлгохоор зохицуулсан ба мөн хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.4-т “Эрүүгийн, иргэний, захиргааны хэрэг хянан шийдвэрлэх, арбитрын журмаар шийдвэрлэгдвэл зохих өөр хэрэг, маргааныг хянан шийдвэрлэхээс өмнө уг хэргийг хянан шийдвэрлэх боломжгүй тохиолдолд шүүхийн тогтоол, шүүгчийн захирамжаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг түдгэлзүүлнэ” гэж тус тус зохицуулсан
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс гаргасан “маргаан бүхий газрын эзэмших эрхийг хүчингүй болгуулахаар нэхэмжлэл гаргаж, захиргааны хэрэг үүсгэсэн” гэх хүсэлтийн үндэслэл нь дээрх хуульд зааснаар хэргийг хэрэгсэхгүй болгох болон түдгэлзүүлэх тохиолдлын аль алинд хамаарч байгаа тохиолдолд, шүүгч тухайн хүсэлттэй холбоотойгоор талуудыг мэтгэлцэх боломжоор хангаж, үүнтэй холбоотой нотлох баримт цугласны дараа шинжлэн судалж, хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцэх явцад шийдвэрлэх нь зүйтэй гэж үзсэнийг буруутгах боломжгүй юм. Өөрөөр хэлбэл, уг ажиллагаа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1-д “Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг мэтгэлцэх үндсэн дээр хэрэгжүүлнэ.”, 6.2-т “Мэтгэлцэх зарчим хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны бүх шатанд хэрэгжинэ” гэж заасанд нийцсэн байна.
Нөгөө талаар, мөн хуулийн 105 дугаар зүйлийн 105.2 дахь хэсэгт “Хэрэг хянан шийдвэрлэхтэй холбогдолтой нэмэлт тайлбар, нотлох баримтыг урьд нь гаргах буюу санал болгох бололцоотой байсан боловч шүүх хуралдааны үед гаргасан нь хүндэтгэн үзэх шалтгаантай гэж шүүх үзвэл түүнийг хүлээн авч, шинжлэн судлах шаардлагатай бол шүүх хуралдааныг нэг удаа хойшлуулж болно” гэж заасан тул шүүгч дээрх хүсэлтийг хэлэлцэхгүй орхиж, шүүх хуралдааныг хойшлуулсан нь мөн зүйлийн 105.1 дэх хэсэгт заасан хүсэлтийг даруй шийдвэрлэх гэснийг зөрчсөнд тооцохгүй ба сахилгын зөрчилд хамаарахгүй гэсэн илтгэгч гишүүний санал үндэслэл бүхий болжээ.
Ийнхүү шүүгч Б.Г нь Монгол Улсын шүүхийн тухай хууль, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд нийцсэн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулсан нь Монгол Улсын шүүхийн тухай хууль /Шинэчилсэн найруулга/-ийн 55 дугаар зүйлийн 55.1 дэх хэсэгт заасан хориглосон, хязгаарласан, үүрэг болгосон зохицуулалтыг зөрчсөн гэж үзэх үндэслэл болохгүй. Иймд сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох саналыг хүлээн авч, сахилгын хэргийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж бүрэлдэхүүн үзэв.
Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 112 дугаар зүйлийн 112.1, 112.1.2, 112.2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүхийн сахилгын хорооны гишүүний 2023 оны 6 дугаар сарын 05-ны өдрийн ГС/2023/0075 дугаар Сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох саналыг хүлээн авч, иргэн У.Г-ын өргөдлийн дагуу ... шатны шүүхийн шүүгч Б.Г-д холбогдуулан үүсгэсэн сахилгын хэргийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
3. Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 112 дугаар зүйлийн 112.7 дахь хэсэгт зааснаар дээрх журмаар хүргүүлснээр магадлалыг гардан авсанд тооцох ба энэ нь гомдол гаргах хугацааг тоолох үндэслэл болохыг тайлбарласугай.
4. Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 112 дугаар зүйлийн 112.8 дахь хэсэгт зааснаар магадлалыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Сахилгын хороонд хэргийн оролцогч гомдол, илтгэгч гишүүн эсэргүүцэл гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ С.ЭНХТӨР
ГИШҮҮД Ц.ДАВХАРБАЯР
Х.ХАШБААТАР