info@judiscom.mn 976 - 77113838 Холбоо барих ШИЛЭН ДАНС
ENMNG

МОНГОЛ УЛС

ШҮҮХИЙН САХИЛГЫН ХОРОО

МАГАДЛАЛ

2023-06-15

Дугаар 86

Улаанбаатар хот

Сахилгын хэргийг бүхэлд нь хэрэгсэхгүй

 болгох тухай

 Сахилгын хорооны хуралдааныг гишүүн О.Номуулин даргалж, гишүүн  Д.Ариунтуяа, Х.Хашбаатар нарын бүрэлдэхүүнтэй, илтгэгч гишүүн Г.Цагаанцоож, хуралдааны нарийн бичгийн дарга Б.Анхзаяа нарыг оролцуулан, ... дүүргийн ... хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Б-т холбогдох Сахилгын хорооны гишүүний 2023 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн ГС/2023/0072 дугаартай “Сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох тухай санал”-ыг тус хорооны хуралдааны танхимд нээлттэй хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох саналд: “...Холбогдох шүүгч Монгол Улсын шүүхийн тухай хуульд заасан хориглосон үйлдэл гаргасан эсэхийг өргөдөлд дурдсан агуулгын хүрээнд дараах байдлаар тодорхойлов. Үүнд:

  1. “...Хүсэлтийг удаа дараа хэрэгсэхгүй болгосон” гэх гомдлын талаар:

Нэхэмжлэгч шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг түдгэлзүүлэх хүсэлт гаргахдаа үндэслэлээ  тодорхой заагаагүй тул шүүгч эхний удаад хүсэлтийг хангахгүй орхижээ. Гүйцэтгэх баримт бичгийн дагуу төлбөрт хураан авах хөрөнгийн үнэлгээний талаар шүүхэд гомдол гаргасан бол шүүхийн шийдвэр гарч, хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгч тухайн ... шийдвэр гүйцэтгэх ажиллагааг бүхэлд нь, эсхүл хэсэгчлэн түдгэлзүүлж болохоор  Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1, 27.1.4-т заасан. Түүнчлэн  хуулийн 27.4-т “шийдвэр гүйцэтгэгч энэ хуулийн 27.1.1-т заасан үндэслэл илэрсэн бол шүүхэд, 27.2-т заасан үндэслэл илэрсэн бол ахлах шийдвэр гүйцэтгэгчид ажлын 3 өдрийн дотор мэдэгдэх бөгөөд эрх бүхий албан тушаалтан түдгэлзүүлэх үндэслэлгүй гэж үзсэн тохиолдолд ... шийдвэр гүйцэтгэх ажиллагааг үргэлжлүүлэн явуулна” гэжээ. Шийдвэр гүйцэтгэх ажиллагааг түдгэлзүүлэх тухай нэхэмжлэгчийн хүсэлтийг хангахгүй орхихдоо шүүгч “...хэргийн оролцогчийн хүсэлтээр тус ажиллагааг түдгэлзүүлэх журам шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулиар зохицуулагдаагүй...” гэж үзэхдээ хуулийн дээрх заалтыг захирамжид дурджээ. Шийдвэр гүйцэтгэх ажиллагааг түдгэлзүүлэх хүсэлтийг шүүгч хэрэгт авагдсан баримтад тулгуурлан, хуульд нийцүүлэн шийдвэрлэх бөгөөд хүсэлтийг хангаагүй нь  Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1.23-т заасан хуулийн илт тодорхой заалтыг ноцтой, эсхүл удаа дараа зөрчсөн үйлдэл, эс үйлдэхүй гаргасанд хамаарахгүй. Шүүхийн  шийдвэр  гүйцэтгэх  тухай хуулийн  27 дугаар зүйлийн  27.1.-т “шүүгч ... шийдвэр гүйцэтгэх ажиллагааг бүхэлд нь, эсхүл хэсэгчлэн хуульд заасан үндэслэл, хугацаагаар түдгэлзүүлж болно” гэж зааснаас үзвэл шүүгч уг ажиллагааг  заавал хэрэгжүүлэх учиргүй.

2. “...2023.03.16-ны өдрийн шүүх хуралдаанд шүүгч ...дуудлага худалдаа хийх гээд байгаа шийдвэр гүйцэтгэлийн газартаа гомд...” гэж хэлсэн гэх гомдлын талаар:

Мөн өдрийн шүүх хуралдааны дуу, дүрсний бичлэгээс үзвэл, шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.С оролцож, шинжээч томилуулах, өмгөөлөгч авах хүсэлт гаргажээ. Шүүх хуралдаан завсарлаж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн “...өмгөөлөгч авах” хүсэлтийг хангаж, шүүх хуралдааныг хойшлуулж шийдвэрлэжээ. Шүүгч захирамжийн агуулгыг танилцуулахдаа “...өмнө нь түдгэлзүүлэх хүсэлтийг хангахгүй орхисон захирамж гаргасан. Уг захирамжийг илт үндэслэл муутай гэж ойлгож хүсэлт гаргасан юм байна. Шүүгчийн захирамжууд үндэслэлтэй гарсан учраас уг захирамжийг хүчингүй  болгож  өөрчлөлт оруулах боломжгүй гэж үзлээ. Нэмэлт тайлбар хэлэхэд шийдвэр гүйцэтгэгчид хандаж шүүхэд ... хэрэг үүссэн учраас түдгэлзүүлэх хүсэлтийг ахлах шийдвэр гүйцэтгэгчид Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд заасны дагуу гаргаж шийдвэрлүүлэх нь зүйтэй болохыг дурдаж байна...” гэсэн нь дуу, дүрсний бичлэгт тусгагджээ. Үүнээс үзвэл шүүгч өргөдөлд дурдсан агуулга бүхий үг хэллэг хэлээгүй байх тул хэргийн оролцогчтой зүй бус харьцсан гэж үзэх үндэслэлгүй байна. Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1.23, 50.1.20-т заасныг зөрчсөн гэх үндэслэл тогтоогдоогүй тул ... дүүргийн ... хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Б-т холбогдох сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох санал гаргаж, хуралдаанаар хэлэлцүүлэхээр шийдвэрлэв.” гэжээ.

Шүүгч Д.Б сахилгын хороонд гаргасан тайлбартаа: “...Т.А-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.С-ын хүсэлтийг хуульд заасны дагуу шийдвэрлэсэн ба хэргийн оролцогчийн хүсэлтийг удаа дараа хангаагүй эс үйлдэхүй гаргасан гэж гомдол гаргасныг хүлээн зөвшөөрөхгүй. Шүүгч миний бие Шүүхийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1.23-т заасан хуулийн илт тодорхой заалтыг ноцтой, эсхүл удаа дараа зөрчсөн үйлдэл, эс үйлдэхүй гаргаагүй тул сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Сахилгын хэрэгт авагдсан баримтаас үзэхэд Т.А-ийн нэхэмжлэлтэй, Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдох иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад ... дүүргийн ... хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2023 оны 01 дүгээр сарын 20-ний өдрийн “Хүсэлт шийдвэрлэх тухай” 2523 дугаар, 2023 оны 02 дугаар сарын 16-ны өдрийн “Хүсэлт шийдвэрлэх тухай” 4974 дүгээр захирамжаар тус тус нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг түдгэлзүүлэх хүсэлтийг хангахгүй орхиж шийдвэрлэсэн үйл баримт тогтоогдож байна.

Дээрх захирамжийг гаргасан шүүгч Д.Б-т холбогдуулан нэхэмжлэгч Т.А гомдол гаргаж, үндэслэлээ “...Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1.23 “хуулийн илт тодорхой заалтыг ноцтой, эсхүл удаа дараа зөрчсөн үйлдэл, эс үйлдэхүй гаргах” гэснийг зөрчиж, удаа дараа эс үйлдэхүй гаргаж хуульд заасан эрхийн хүрээнд ... шийдвэр гүйцэтгэх ажиллагааг түдгэлзүүлэхээс татгалзсан, ...шийдвэр гүйцэтгэлийн газартаа гомд гэж хэлсэн” гэж тодорхойлжээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1-д “Шүүх хэргийн оролцогчийн гаргасан нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр нотлох баримтыг өөрийн дотоод итгэлээр үнэлнэ”, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1-д “Шүүгч ... шийдвэр гүйцэтгэх ажиллагааг бүхэлд нь, эсхүл хэсэгчлэн дараах үндэслэл, хугацаагаар түдгэлзүүлж болно”: 27.1.4 “гүйцэтгэх баримт бичгийн дагуу төлбөрт хураан авах хөрөнгийн үнэлгээний талаар шүүхэд гомдол гаргасан бол шүүхийн шийдвэр гарч, хуулийн хүчин төгөлдөр болтол”, 27.4-т “Шийдвэр гүйцэтгэгч энэ хуулийн 27.1.1-д заасан үндэслэл илэрсэн бол шүүхэд, 27.2-т заасан үндэслэл илэрсэн бол ахлах шийдвэр гүйцэтгэгчид ажлын 3 өдрийн дотор мэдэгдэх бөгөөд эрх бүхий албан тушаалтан түдгэлзүүлэх үндэслэлгүй гэж үзсэн тохиолдолд ... шийдвэр гүйцэтгэх ажиллагааг үргэлжлүүлэн явуулна”  гэж тус тус заасан байх ба хүсэлтийг хангахгүй орхиж шийдвэрлэсэн ... дүүргийн ... хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2023 оны 01 дүгээр сарын 20-ний өдрийн “Хүсэлт шийдвэрлэх тухай” 2523 дугаар захирамжид “хуулийн ямар үндэслэлээр хүсэлтээ гаргасан нь тодорхойгүй” гэж, 2023 оны 02 дугаар сарын 16-ны өдрийн “Хүсэлт шийдвэрлэх тухай” 4974 дүгээр захирамжид “...шийдвэр гүйцэтгэх ажиллагааг түдгэлзүүлэх үндэслэл бүрдсэн боловч хэргийн оролцогчийн хүсэлтээр тус ажиллагааг түдгэлзүүлэх журам Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулиар зохицуулагдаагүй...” гэж дүгнэсэн байна.

         Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1.23-т “хуулийн илт тодорхой заалтыг ноцтой, эсхүл удаа дараа зөрчсөн үйлдэл, эс үйлдэхүй гаргах” гэж заасныг хэнд ч илэрхий тодорхой, ойлгомжтой, маргаангүй хуулийн заалтыг зөрчсөн байхыг ойлгох бөгөөд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1-д “Шүүгч ... шийдвэр гүйцэтгэх ажиллагааг бүхэлд нь, эсхүл хэсэгчлэн дараах үндэслэл, хугацаагаар түдгэлзүүлж болно” гэж заасныг шүүгч хуулиар олгогдсон бүрэн эрхийнхээ хүрээнд дотоод итгэл үнэмшилдээ тулгуурлан хэрэглэх зохицуулалт гэж үзнэ.

Иймд илтгэгч гишүүний “...шүүгч уг ажиллагааг заавал хэрэгжүүлэх учиргүй...” гэж дүгнэсэн нь үндэслэлтэй.  

Мөн 2023 оны 03 дугаар сарын 16-ны өдрийн шүүх хуралдааны дуу, дүрсний бичлэг болон түүнд үзлэг хийсэн тэмдэглэлээс үзэхэд шүүгч нь нэхэмжлэгч талд хандан “... шийдвэр гүйцэтгэх ажиллагааг ахлах шийдвэр гүйцэтгэгч ч гэсэн түдгэлзүүлж болохоор байхад заавал надад хандаад, миний захирамжид гомдоод байх зүйлгүй, дуудлага худалдаа хийх гээд байгаа шийдвэр гүйцэтгэлийн газартаа л гомд” гэж хэлсэн нь тогтоогдоогүй талаар илтгэгч гишүүн зөв дүгнэлт хийсэн байна.

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.1-д “Сахилгын хороо энэ хуулийн 50, 51.1, 52, 53 дугаар зүйлд заасан хориглосон, хязгаарласан, үүрэг болгосон зохицуулалтыг зөрчсөн шүүгчид сахилгын шийтгэл оногдуулна” гэж зааснаар Шүүхийн сахилгын хороо нь дээрх хуульд нэрлэн заасан шүүгчийн сахилгын зөрчил гаргасан тухай өргөдөл, мэдээллийг хүлээн авч шийдвэрлэх чиг үүрэг бүхий байгууллага бөгөөд шийдвэрлээгүй байгаа хэрэг маргааны хянан шийдвэрлэх ажиллагаанд хөндлөнгөөс оролцож, ажиллагааны явцад гаргасан шүүгчийн захирамжийн хууль зүйн үндэслэлийг хянах эрх Сахилгын хороонд олгогдоогүй.

Дээрх үндэслэлээр илтгэгч гишүүний саналыг хүлээн авч ... дүүргийн ... хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Б-т холбогдох сахилгын хэргийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Харин иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хэргийн оролцогчдоос гаргасан шийдвэр гүйцэтгэх ажиллагааг түдгэлзүүлэх хүсэлтийг шийдвэрлэх журмыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулиар зохицуулах эсэхийг нэр бүхий шүүгч сайтар судалж шүүгчийн ёс зүйн үндсэн зарчим болох мэргэжлийн ур чадвараа дээшлүүлэх, гаргаж буй эрхийн актын хууль зүйн үндэслэлийг тодорхой, ойлгомжтой бичих, холбогдох хуулийг хэрэглэхдээ нэмэлт өөрчлөлт орсон эсэхийг нягталж байхыг анхааруулах нь зүйтэй гэж бүрэлдэхүүн үзлээ.

          Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 112 дугаар зүйлийн 112.1.2, 112.2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Сахилгын хорооны гишүүний 2023 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн ГС/2023/0072 дугаартай “Сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох тухай санал”-ыг хүлээн авч, ... дүүргийн ... хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Б-т холбогдох сахилгын хэргийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Магадлалыг сахилгын хэргийн оролцогч болон өргөдөл, мэдээлэл гаргагчид хүргүүлэхийг Ажлын албанд даалгасугай.

3. Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 112 дугаар зүйлийн 112.8 дахь хэсэгт зааснаар магадлалыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор сахилгын хэргийн оролцогч гомдол, илтгэгч гишүүн эсэргүүцэл гаргах эрхтэй.

 

                        ДАРГАЛАГЧ                                      О.НОМУУЛИН

                        ГИШҮҮН                                             Д.АРИУНТУЯА 

                                                                             Х.ХАШБААТАР