МОНГОЛ УЛС
ШҮҮХИЙН САХИЛГЫН ХОРОО
МАГАДЛАЛ
2022-11-07
Дугаар 236
Улаанбаатар хот
2022.11.07 №236
Сахилгын хэргийг хэрэгсэхгүй
болгох тухай
Шүүхийн сахилгын хорооны хуралдааныг гишүүн С.Энхтөр даргалж, гишүүн Д.Ариунтуяа, Д.Мягмарцэрэн нарын бүрэлдэхүүнтэй, илтгэгч гишүүн Х.Хашбаатар, хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Нямжаргал нарыг оролцуулан тус хорооны хуралдааны танхимд хийв.
Шүүхийн сахилгын хорооны гишүүний дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.А-т холбогдуулан үүсгэсэн сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох тухай 2022 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн 128 дугаар саналыг гишүүн Х.Хашбаатарын илтгэснээр хянан хэлэлцээд ТОДОРХОЙЛОХ нь:
Сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох саналд: “...Сахилгын хэрэгт авагдсан баримтуудаас үзвэл, ... дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн ... дугаартай шүүгчийн захирамжаар Д.Ц-д холбогдох эрүүгийн 2103003690046 дугаартай хэргийг мөрдөн байцаалтад буцааж шийдвэрлэсэн байх бөгөөд прокурор эсэргүүцэл гаргаснаар Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх хэлэлцээд 2022 оны 05 дугаар сарын 21-ны өдрийн ... дугаартай магадлалаар ... дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн ... дугаартай шүүгчийн захирамжийг хүчингүй болгож, дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасан байна. ... дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн шүүх хуралдааны бичлэгт үзлэг хийхэд (сахилгын хэргийн 73-75 дахь тал) шүүх хуралдаан 13 цаг 30 минутад эхэлж 16 цаг 50 минутад дууссан, хуралдаанд улсын яллагч Н.У, хохирогч Ч.Х, түүний өмгөөлөгч Б.Д, Б.Б, шүүгдэгч Д.Ц, түүний өмгөөлөгч н.Б нар оролцжээ. ... дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн 894 дугаартай шүүх хуралдааны тэмдэглэлийн 13 дахь хуудас (сахилгын хэргийн 63 дахь тал)-д тэмдэглэгдсэн байна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8.2 дугаар зүйлийн 1.1.9-д зааснаар хохирогч нь “гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийг нэхэмжлэх, нөхөн төлүүлэх хүсэлт гаргах” эрхтэй, Иргэний хуулийн 505 дугаар зүйл. Бусдын эрүүл мэндэд учирсан гэм хорыг арилгах, 505.1-т “Бусдын эрүүл мэндэд гэм хор учруулсан этгээд нь хохирогчийн хөдөлмөрийн чадвараа алдсанаас дутуу авсан цалин хөлс, түүнтэй адилтгах орлого, ийнхүү эрүүл мэндэд гэм хор учруулсантай холбогдон гарсан асарч сувилах, нэмэгдэл хоол өгөх, хиймэл эрхтэн хийлгэх, сувиллын газар сувилуулах зэрэг зайлшгүй бүх зардлыг хохирогчид төлөх үүрэгтэй” гэж тус тус заасан. Шүүх хуралдааны бичлэгт шүүгч Ч.А нь хохирогч болон хохирогчийн өмгөөлөгч нартай хохирогчийн цалин, хөдөлмөр эрхлэлттэй холбоотой нотлох баримтын талаар ярилцсан нь бичигдсэн байна. Гэвч энэ нь, гэмт хэргийн улмаас хохирогчид учирсан бодит хохирлыг тооцоход хэрэгт өгсөн нотлох баримт шаардлага хангахгүй байгаа талаар хохирогч талаас гаргаж өгсөн нотлох баримтыг тодруулсан гэж үзэхээр байна. Мөн Шүүх хуралдаан даргалагч нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.1 дүгээр зүйлийн 13-т “Шүүх, прокурор, мөрдөгч тухайн хэрэгт хамааралтай энэ хуульд заасны дагуу цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтыг хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай эсэхийг бүхэлд нь үнэлнэ” гэж 34.5 дугаар зүйлийн 1-т “Шүүх хуралдаан даргалагч шүүх хуралдааныг тухайн хэрэгт холбогдолтой асуудлыг хянан шийдвэрлэхэд чиглүүлж, хэргийг бүх талаас нь бүрэн шинжлэн судалж, бодит байдлыг тогтоохын тулд хуульд заасан арга хэмжээг авна” гэж тус тус заасны дагуу хохирогч талаас өгсөн баримттай нь холбогдуулж асуулт асууж тодруулсан нь Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1.9. “өөрийн, гэр бүлийн гишүүний, төрлийн хүний, эсхүл албан байгууллагын эрх ашиг хөндөгдсөнөөс бусад тохиолдолд гуравдагч этгээдийн хууль ёсны төлөөлөгч байх, хууль зүйн зөвлөгөө өгөх” гэж заасныг зөрчсөнд тооцох, хууль зүйн зөвлөгөө өгсөн гэж үзэх үндэслэл болохгүй. Түүнчлэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүгдэгч болон хохирогч тал аль аль нь өмгөөлөгчтэй оролцсон байх бөгөөд шүүх хуралдаан даргалагч нь шүүхийн хэлэлцүүлгийг яллах, өмгөөлөх талын эрх тэгш мэтгэлцээний үндсэн дээр явуулах нөхцөлийг бүрдүүлсэн нь сахилгын хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдож байна. Иймд өргөдөлд дурдсан үйл баримтууд нь Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1.9 дэх дэх хэсэгт хамаарахгүй, 55 дугаар зүйлд заасан хориглосон, хязгаарласан, үүрэг болгосон зохицуулалтыг зөрчсөн гэж үзэх үндэслэлгүй байх тул ... дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Ат үүсгэсэн сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох санал гаргаж, энэхүү саналыг Сахилгын хорооны хуралдаанаар хэлэлцүүлэхээр шийдвэрлэв” гэжээ.
Холбогдох шүүгч Ч.А Шүүхийн сахилгын хороонд ирүүлсэн тайлбартаа: “...Тээврийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар яллах дүгнэлт үйлдэн ирүүлсэн Боржигон овогт Дарьсүрэнгийн Цэдэндоржид холбогдох эрүүгийн 2103003690046 дугаартай хэргийг 2022 оны 02 дугаар сарын 21-ний өдөр хүлээн авч 2022 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн №894 дугаартай шүүгчийн захирамжаар хэргийг мөрдөн байцаалтад буцааж шийдвэрлэсэн боловч прокурорын эсэргүүцлээр Нийслэлийн давж заалдах шатны шүүх хэлэлцэж 2022 оны 05 дугаар сарын 21-ний өдрийн 490 дугаартай магадлалаар хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр шүүгчийн захирамжийг хүчингүй болгож буцаасан болно. Хэрэг анхан шатны шүүх дээр 2022 оны 05 дугаар сарын 27-ны өдөр буцаан ирсэн ба 2022 оны 06 дугаар сарын 21-ний өдөр , 2022 оны 07 дугаар сарын 04-ний өдөр, 2022 оны 07 дугаар сарын 26-ны өдөр, 2022 оны 08 дугаар сарын 02-ны өдрүүдэд хийхээр товлосон боловч хийгдээгүй хойшлогдсон байгаа. 2022 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн гэм буруугийн шүүх хуралдаанд хохирогч Г.Х илтэд хохирсон насилка дээр хэвтээгээр хүнээр дамжлуулан орж ирсэн. Хэрэг учрал 2021 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр болсон ба хохирогч хүндэвтэр гэмтэл авсан бол ядаж суугаа байдалтай байх ба шүүх хуралдаанд шинжээчийн дүгнэлтийг шинжлэн судлахад Хууль зүйн сайд, Эрүүл мэндийн сайдын хамтарсан тушаалаар баталсан Гэмтлийн зэрэг тогтоох журамтайгаа тохирохгүй, хохирогч гэмтлийн улмаас хэвтрийн дэглэм, хүний асрамжид орсныг мөрдөн шалгах ажиллагаагаар тогтоогоогүй, гэм хорын хохиролд нэхэмжлэн ирүүлсэн нотлох баримтууд нь хуулийн шаардлага хангахгүй байгааг шүүх хуралдаан даргалагчийн зүгээс хэлэхэд шүүгдэгч Д.Ц-ийн өмгөөлөгч Д. Б нь тэдгээрт зөвлөгөө өглөө гээд хашхирч орилоод байсан. Тэгээд дараагийн шүүх хуралдааныг шүүгчийг Шүүхийн сахилгын хороонд гомдол гаргасан гээд хийлгээгүй болно. Шүүхийн Сахилгын хороонд шүүгчийн талаар гомдол өгсөн бол хэргээ шийдвэрлэхээс шүүгч өөрөө татгалзана гэсэн хууль зүйн зохицуулалт байхгүй. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа удаашруулах зорилгоор, өмгөөлөгч нь зааж гомдол гаргажээ гэж үзэж байна. Миний бие Шүүхийн тухай хуулийн 50.1.9-т заасан зөрчил гаргаагүй. Иймд надад холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү.” гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Өргөдөл гаргагч Д.Ц-оос “...шүүгч Ч.А нь 2022 оны 3 дугаар сарын 25-ны өдрийн шүүх хуралдааны явцад хохирогч талын өмгөөлөгч нарт зөвлөгөө өгч, цалинтай холбоотой нотлох баримт аваад ирвэл би шийдээд өгчихмөөр байна, дараагийн хуралдаанаар сайн ажиллаарай, өмгөөлөгч нарт итгэж байна шүү, энэ нотлох баримтыг бүрдүүлээд ирвэл дараагийн хуралдаанаар шийдээд өглөө гэж ахин дахин товч тодорхой хэлж Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1.9 дэх хэсгийг зөрчсөн” гэх агуулгаар өргөдөл гаргажээ.
Тус шүүхийн 2022 оны 3 дугаар сарын 25-ны өдрийн 89 дүгээр шүүх хуралдааны тэмдэглэл, шүүх хуралдааны дуу-дүрсний бичлэгт өргөдөлд дурдсан асуудлаар шалгах ажиллагаа хийсэн тэмдэглэлд даргалагчаас шүүх хуралдааны явцад хохирогч болон хохирогчийн өмгөөлөгч нараас гаргаж өгсөн нотлох баримтуудтай нь холбогдуулан хохирогчийн цалин хөлс, хөдөлмөр эрхлэлтийн байдал, нийгмийн даатгалын шимтгэл төлж байсан эсэхийг тодруулж асуусан байна. Өөрөөр хэлбэл, гэмт хэргийн улмаас хохирогчид учирсан бодит хохирлыг тооцохын тулд асууж тодруулжээ. /хэргийн 51-75 дугаар тал/
Энэ нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.5 дугаар зүйлийн 1-т “Шүүх хуралдаан даргалагч шүүх хуралдааныг тухайн хэрэгт холбогдолтой асуудлыг хянан шийдвэрлэхэд чиглүүлж, хэргийг бүх талаас нь бүрэн шинжлэн судалж, бодит байдлыг тогтоохын тулд хуульд заасан арга хэмжээг авна” гэж заасны дагуу хийгдсэн ажиллагаа байна. Дээрх хуулийн хүрээнд даргалагч шүүгчээс шүүх хуралдааны явцад хэргийн оролцогчоос асуулт асууж, тодруулсныг хууль зүйн зөвлөгөө өгсөн буюу Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1.9-д заасныг зөрчсөн гэж үзэх боломжгүй.
Түүнчлэн, хэргийг мөрдөн шалгах ажиллагаанд буцаах тухай 2022 оны 3 дугаар сарын 25-ны өдрийн 2022/ШЗ/894 дүгээр шүүгчийн захирамжид прокурор эсэргүүцэл гаргасныг Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2022 оны 5 дугаар сарын 10-ны өдрийн шүүх хуралдаанаар хянан хэлэлцэж, 2022/ДШМ/490 дүгээр магадлалаар шүүгчийн захирамжийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр тухайн шүүхэд буцааж шийдвэрлэсэн байна. Уг магадлалд “...гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээг зөвхөн мөрдөн шалгах ажиллагааны үед бус шүүх хуралдааны явцад ч хэрэгт авагдсан хуульд заасан шаардлага хангасан нотлох баримтуудыг үнэлэн хэргийг шүүхэд шилжүүлсэн хэмжээний дотор, нотлогдсон хэмжээнд дүгнэлт хийж шийдвэрлэвэл зохино.” гэжээ. /хэргийн 24-30 дугаар тал/
Шүүгч Ч.А нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулсан нь Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 50, 51.1, 52, 53 дугаар зүйлд заасан хориглосон, хязгаарласан, үүрэг болгосон зохицуулалтыг зөрчсөн гэж үзэх үндэслэл болохгүй. Иймээс сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох саналыг хүлээн авч, сахилгын хэргийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж бүрэлдэхүүн үзэв.
Мөн холбогдох шүүгч Ч.А нь Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2022 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн 203 дугаар зарлигаар хуульд заасан өндөр насны тэтгэвэрт гарах насны дээд хязгаарт хүрсэн тул шүүгчийн албан тушаалаас чөлөөлөгдсөн болохыг дурдах нь зүйтэй.
Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 112 дугаар зүйлийн 112.1, 112.1.2, 112.6, 112.8 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүхийн сахилгын хорооны гишүүний 2022 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн 128 дугаар Сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох саналыг хүлээн авч, Д.Ц-ийн гаргасан өргөдлийн дагуу ... дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.А-т холбогдуулан үүсгэсэн сахилгын хэргийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2. Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 112 дугаар зүйлийн 112.6 дахь хэсэгт зааснаар магадлал гаргаснаас хойш 14 хоногийн дотор сахилгын хэргийн оролцогч болон өргөдөл, мэдээлэл гаргагчийн оршин суугаа газрын эсхүл ажлын газрын хаягаар баталгаат шуудангаар, эсхүл ажлын албаны ажилтнаар хүргүүлэхийг ажлын албанд даалгасугай.
3. Магадлалыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Сахилгын хороонд хэргийн оролцогч гомдол, илтгэгч гишүүн эсэргүүцэл гаргах эрхтэй болохыг дурдсугай.
4. Дээрх журмаар хүргүүлснээр магадлалыг гардан авсанд тооцох ба энэ нь гомдол гаргах хугацааг тоолох үндэслэл болохыг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ С.ЭНХТӨР
ГИШҮҮД Д.АРИУНТУЯА
Д.МЯГМАРЦЭРЭН