info@judiscom.mn 976 - 77113838 Холбоо барих ШИЛЭН ДАНС
ENMNG

МОНГОЛ УЛС

ШҮҮХИЙН САХИЛГЫН ХОРОО

МАГАДЛАЛ

2022-11-08

Дугаар 241

Улаанбаатар хот

 

 

    Сахилгын хэргийг хэрэгсэхгүй

      болгох тухай

Шүүхийн сахилгын хорооны хуралдааныг гишүүн Г.Цагаанцоож даргалж, гишүүн Х.Хашбаатар, Д.Эрдэнэчулуун нарын бүрэлдэхүүнтэй, илтгэгч гишүүн С.Энхтөр, хуралдаан хариуцсан ахлах мэргэжилтэн-нарийн бичгийн дарга Г.Болортуяа нарыг оролцуулан тус хорооны танхимд хийсэн хуралдаанаар:

...шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ц.А-д холбогдох сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох саналыг хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

О.Д өргөдөлдөө “...2022 оны 8 дугаар сарын 18-ны өдрийн шүүх хуралдаанд шүүгдэгч О.Д өмгөөлөгчтэйгөө оролцох хүсэлт гаргахад шүүгч шүүх хуралдааныг удаан хугацаагаар хойшлуулахгүй, өөр өмгөөлөгч ав, дараагийн удаад өмгөөлөгчгүй ирвэл цагдан хорих арга хэмжээ авна гэж шүүгдэгч нарыг хамруулан загнасан. Мөн миний нэрийг дахин, дахин дурдаж, үндэслэлгүйгээр буруутгасан. Шүүгчийн дууны өнгө аяс, биеийн хэлэмж нь шүүгдэгч нарыг илт дорд үзсэн, уурласан бухимдсан байдалтай, дарамттай байсан. Түүнчлэн шүүгч Ц.А-ийн нөхөр н.Н нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад миний иргэдийн төлөөлөгчөөр сонгосон ...сумын 1-р баг дээр хийгдсэн тендерийн ажлыг хүлээж авах тал дээр нөлөөлж өгөөч гэж гуйж, татгалзсан хариу өгсөнөөс таарамжгүй харилцаа үүссэн. Энэ нөхцөл байдал шүүгчид нөлөөлж байна гэж үзэж 2022 оны 8 дугаар сарын 23-ны өдрийн шүүх хуралдаанд шүүгчээс татгалзах хүсэлт гаргасан. Гэтэл шүүгч хүсэлтийг хэлэлцэхээр шүүх хуралдааныг завсарлахдаа хэргийн оролцогч нарыг шүүх хуралдааны танхимаас гарч болохгүй гээд бүтэн цаг хүлээлгэсэн. Энэ үед нөхөр н.Н нь  миний утас руу залгасан, шүүгч нөхөртөө хэлж, нөхөр нь намайг дарамтлах гэсэн байх хэмээн үзэж байна. Шүүгч нь татгалзах хүсэлтийг хэрэгсэхгүй болгох тухай шүүгчдийн зөвлөгөөний тогтоол уншихдаа мөн л уурласан бухимдсан байдалтай байсан. Шүүгч нарын зөвлөгөөнөөр татгалзан гарах хүсэлтийг шийдвэрлэсэн 2 шүүгчийн нэг нь ерөнхий шүүгч өөрөө байгааг ойлгохгүй байна. Уг зөвлөгөөний тогтоолыг шүүгч Ц.А өөрөө бичсэн байх гэсэн сэтгэгдэл төрсөн бөгөөд зөвлөгөөний тогтоолыг уншихдаа шүүгчийн тангараг уншсан. Иймд шүүгч Ц.А-ийн шүүх хуралдаанд гаргасан зан байдал үйлдэл нь сахилга, ёс зүйн зөрчил мөн эсэхийг шалгаж өгнө үү” гэжээ.

Шүүгч Ц.А тайлбартаа: “...шүүгдэгч О.Д, Ц.Н, О.Д, Д.Е, Г.Ц нарт холбогдох эрүүгийн хэрэгт шүүх хуралдааныг удаа дараа хойшлуулах хүсэлт өгч, шүүх оролцогч нарын эрхийг хангах үүднээс хүсэлтийг хүлээн авч, олон удаа хойшлуулсан. Шүүгдэгч О.Д-оос өмгөөлөгчтэй шүүх хуралдаанд оролцох хүсэлт гаргасан боловч өмгөөлөгч А.О-ын зүгээс нотлох баримт гаргаж өгөөгүй бөгөөд шүүгчийн зүгээс сарын хугацаанд хүлээхгүй, өөр өмгөөлөгч авч хэргийн материалтай танилцуул гэж албан ёсоор мэдэгдсэн нь үнэн. Гэхдээ шахаж, шаардсан зүйл байхгүй. Шүүх хуралдааныг хуулийн үндэслэлгүйгээр удаа дараа хойшлуулах хүсэлт гаргаж байгааг шүүн таслан ажиллагаанд санаатай саад учруулж байна гэж үзсэн бөгөөд шүүгдэгч нарт авсан таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөх үндэслэл болно гэдгийг анхааруулсан. Шүүх хуралдаан эхлэхэд О.Д нарт холбогдох эрүүгийн хэргийг хянан хэлэлцэнэ гэж танилцуулсан нь үнэн. Олон шүүгдэгчтэй хуралдаанд бүх шүүгдэгчийн нэрийг хэлэлгүйгээр товчлоод хэлж болдог. Өргөдөл гаргагч нь манай нөхөр Б.Н-тай хаана уулзаж, хэрхэн танилцаж, хэрхэн утасны дугаараа солилцсон, юу ярьсан талаар би мэдэхгүй, надад хамааралгүй. Миний бие нөхрийнхөө албан ажилд оролцдоггүй, манай нөхөр ч мөн адил миний ажилд оролцдоггүй. Тухайн өдөр шүүх хуралдаан хийж байгааг мэдэх боломжгүй. Шүүхийн хэлэлцүүлэгт гаргасан шүүгчийн татгалзлыг шүүгчдийн зөвлөгөөнөөр шийдвэрлэсэн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны процессын асуудал, хэрэг хянан шийдвэрлэхтэй холбогдон гарсан алдаа, зөрчлийг дээд шатны шүүх шийдвэрлэх хуулийн зохицуулалттай. О.Д нь өөрт ашигтай шийдвэр гаргуулахын тулд шүүхийн хэлэлцүүлэгт оролцогч талуудын өмнө Шүүхийн ерөнхий зөвлөлд /сахилгын хороонд/ гомдол гаргана гэж сүрдүүлж нөлөөлсөн гэж үзэж нөлөөллийн мэдүүлэг хөтөлж зохих байгууллагад шилжүүлсэн” гэжээ.

      ҮНДЭСЛЭХ НЬ:

Сахилгын хэрэгт авагдсан баримтаар дараах үйл баримт тогтоогджээ. Үүнд:

1. ...аймгийн прокурорын газраас яллагдагч Ц.Н, О.Д, О.Д, Г.Ц, Д.Е нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, холбогдох эрүүгийн хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Тус хэргийг ...шатны шүүх 2022 оны 03 дугаар сарын 23-ны өдөр хүлээн авч, Эрүүгийн хэрэг бүртгэл хяналтын нэгдсэн системд бүртгэсэн, хэрэг Шүүгчдийн зөвлөгөөний тогтоолын 4.1-т заасны дагуу Ерөнхий шүүгч Ц.А-д хуваарилагдсан ба Ерөнхий шүүгчийн захирамжаар шүүх хуралдааны даргалагчаар томилсон шийдвэрийг албажуулсан байна.

Шүүгчийн 2022 оны 05 дугаар сарын 12-ны өдрийн 2022/ШЗ/1.. дүгээр захирамжаар нэр бүхий яллагдагч нарыг шүүхэд шилжүүлж, шүүх хуралдааныг 2022 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн 14 цаг 30 минутад товложээ.

Шүүгдэгч О.Д-ийн “өмгөөлөгч авах”, мөн өмгөөлөгч П.Б, Б.Ч нарын гаргасан хүсэлтийг шүүх хангаж, шүүх хуралдааныг 2022 оны 8 дугаар сарын 18-ны өдөр хүртэл хойшлуулжээ.

2. Шүүгдэгч Д.Е өвчний улмаас ирээгүй шалтгаанаар шүүгчийн 2022 оны 8 дугаар сарын 18-ний өдрийн 3.. дүгээр захирамжаар шүүх хуралдаан хойшлогджээ.  

3. Шүүгдэгч О.Д 2022 оны 8 дугаар сарын 23-ны өдрийн шүүх хуралдаанд шүүгчээс татгалзах хүсэлт гаргасан, шүүгчийн 3.. дугаар захирамжаар хүсэлтийг шүүгчдийн зөвлөгөөнөөр шийдвэрлэх үндэслэлээр шүүх хуралдааныг хойшлуулсан байна.

...шатны шүүхийн шүүгчдийн зөвлөгөөний 2022 оны 8 дугаар сарын 23-ны өдрийн 1.. дугаар тогтоолоор шүүгдэгч О.Д-ийн шүүгчийг татгалзах тухай хүсэлтийг хангахаас татгалзаж шийдвэрлэжээ.

Тус шүүхийн Ерөнхий шүүгчийн 2022 оны 9 дүгээр сарын 09-ний өдрийн 2.. дугаар захирамжаар дээр дурдсан шүүгчдийн зөвлөгөөний 1.. дугаар тогтоолыг хүчингүйд тооцож, шүүгчдийн зөвлөгөөнийг зарлан хуралдуулахаар тогтоож, мөн өдрийн ээлжит бус зөвлөгөөнөөр шүүгдэгч О.Д-ийн “шүүгчийг татгалзах” тухай хүсэлтийг хэлэлцэж 1.. дүгээр тогтоолоор хүсэлтийг хүлээн авахаас татгалзсан байна.

Түүнчлэн өмгөөлөгч П.Б нийт шүүгчдээс татгалзах хүсэлт гаргасныг шүүгчдийн зөвлөгөөнөөр хэлэлцэх шаардлагатай гэсэн үндэслэлээр 2022 оны 9 дүгээр сарын 14-ний өдрийн шүүх хуралдаан мөн хойшлогджээ.

2022 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн 2022/ШЗТ/2.. дугаар шүүгчдийн зөвлөгөөний тогтоолоор шүүгдэгчийн өмгөөлөгч П.Б-аас гаргасан тухайн шүүхийн бүх шүүгчээс татгалзах хүсэлтийг хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэж, хэргийг 2022 оны 10 дугаар сарын 27-ны өдөр шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхээр товложээ.

4. Б.Н нь шүүгч Ц.А-ийн нөхөр бөгөөд тэрээр 2022 оны 8 дугаар сарын 23-ны өдрийн 16:27 цагт О.Д-ийн 9........4 дугаарын утсанд 8.......9 дугаарын утаснаас дуудлага ирүүлжээ.

Дараах үндэслэлээр илтгэгч гишүүний саналыг хүлээн авч, сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж бүрэлдэхүүн үзэв.

1. Даргалагч шүүгч Ц.А 2022 оны 8 дугаар сарын 18-ны өдрийн шүүх хуралдааныг нээж, О.Д нарт холбогдох хэргийг хянан хэлэлцэнэ гэж танилцуулсан ба шүүгдэгч О.Д өмгөөлөгчтэй оролцох хүсэлт гаргасан, шүүгч түүнээс асуулт асуухдаа О.Д гэсэн боловч тухайн үед алдааг засч О.Д гэж залруулсан байна.

Тэрээр шүүгдэгч нарын хүсэлтээр шүүх хуралдаан удаа хойшилж байгаа талаар дурдаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад санаатайгаар саад учруулбал таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөх үндэслэл болох талаар тайлбарласан  нь шүүх хуралдааны тэмдэглэл, шүүх хуралдааны дуу-дүрсний бичлэгт тусгагджээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 35.1 дүгээр зүйлийн 1-т зааснаар шүүх хуралдаан даргалагч нь хэргийг хянан шийдвэрлэхээр товлосон цагт шүүх хуралдааныг нээж, хэнд холбогдох, ямар хэргийг хянан хэлэлцэж шийдвэрлэх гэж байгааг зарлах ба хэд хэдэн шүүгдэгчид холбогдох хэргийг зарлахдаа хуралдаан даргалагч нэг шүүгдэгчийн нэрийг хэлж “...нарт холбогдох” гэж танилцуулсан нь тухайн шүүгдэгч буюу өргөдөл гаргагчийг онцгойлон авч үзэж, буруутгасан гэж үзэх үндэслэл болохгүй юм.

Мөн хуулийн 7.9 дүгээр зүйлийн 2-т “...яллагдагч эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад санаатай саад учруулахгүй байх үүргээ биелүүлээгүй нь хуульд заасны дагуу албадлага хэрэглэх, хариуцлага хүлээлгэх, түүнд авсан таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөх үндэслэл болно” гэж заасныг холбогдох шүүгч шүүх хуралдааны явцад тайлбарласан нь шүүгдэгч нарыг дарамталсан гэж үзэхгүй.  Өөрөөр хэлбэл, өмнө нь шүүх хуралдаан шүүгдэгч, тэдгээрийн өмгөөлөгч нарын хүсэлтээр удаа дараа хойшилсон, үүнтэй холбоотойгоор хуулийн зүйл заалтыг тайлбарласныг буруутгах боломжгүй.

Мөн өдрийн шүүх хуралдааны явцад даргалагчаас шүүгдэгч нарыг илт дорд үзэж дарамталсан, загнасан, О.Д-ийн нэрийг удаа дараа хэлж, буруутгасан гэх үйл баримт тогтоогдоогүй байна.

2. Шүүгдэгч О.Д 2022 оны 8 дугаар сарын 23-ны өдрийн шүүх хуралдаанд шүүгч Ц.А-ийг татгалзан гаргах хүсэлт гаргасан.

Эрүүгийн хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 10.4 дүгээр зүйлийн 2-т зааснаар ерөнхий шүүгчийг энэ хуулийн 10.1, 10.2 дугаар зүйлд заасан үндэслэлээр татгалзан гаргах хүсэлтийг тухайн шүүхийн шүүгчдийн зөвлөгөөнд танилцуулж шийдвэрлүүлэх тул татгалзлыг шүүгчдийн зөвлөгөөнөөр шийдвэрлүүлэхээр шүүх хуралдаан түр завсарлажээ.

Өргөдөл гаргагч өргөдөлдөө “шүүх хуралдаан түр завсарласан байхад шүүгч Ц.А-ийн нөхөр Б.Н 8.......9 дугаарын утаснаас өөрийнх нь 9.......4 дугаарын утсанд дуудлага ирүүлсэн” талаар дурджээ.

Гэрч Б.Н мэдүүлэгтээ “...2022 оны 8 дугаар сарын 23-ны өдөр О.Д рүү Монгол Ардын Намын ойн арга хэмжээтэй холбоотой асуудлаар холбогдохоор залгасан боловч утсаа аваагүй” гэсэн байх ба тэрээр ...аймгийн ...сумын МАН-ын хорооны тэргүүлэгч гишүүн, тус сумын 2 дугаарын багийн хяналтын хорооны дэд дарга, өргөдөл гаргагч О.Д нь ...аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын төлөөлөгч болох нь тогтоогджээ.

Гэрч Ч.М мэдүүлэгтээ “...2022 оны 8 дугаар сарын 23-ны өдөр шүүгчдийн зөвлөгөөнд шүүгдэгч О.Д шүүгч Ц.А-ээс нөхөртэй нь холбоотой асуудлаар татгалзсан учир нөхрөөсөө тодруулж утсаар ярьсан. Тендэртэй холбоотой асуудлаар О.Д-тэй ярьсан уу гэдгийг утасныхаа чанга яригч дээр тавьж байгаад нөхрөөсөө асуусан. Б.Н-аас тийм зүйл яриагүй гэж хариулаад утсаа тасалсан” гэжээ.

Б.Н нь О.Д-тэй холбогдохоор залгасан нь шүүх хуралдаан завсарласан үетэй давхцаж байх боловч түүнийг дээрх эрүүгийн хэрэгтэй холбоотой асуудлаар ярих гэж байсан, дарамт үзүүлэх гэж байсан гэж үзэх үндэслэл тогтоогдоогүй байна. 

Дээр дурдсанаар өргөдөл гаргагчийн холбогдсон эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх ажиллагаанд шүүгч Ц.А-ийн нөхөр Б.Н нь нөлөөлсөн, нөлөөлөх гэж оролдсон гэх үйл баримтад шүүгч Ц.А-ийг буруутгах, түүнийг сахилгын зөрчил гаргасан гэх  үндэслэл тогтоогдсонгүй.

3. Шүүгч Ц.А нь Шүүгчдийн зөвлөгөөний 2022 оны 8 дугаар сарын 23-ны өдрийн 2022/ШЗТ/1.. дугаар тогтоолын Үндэслэх болон Захирамжлах хэсэгт бичигдсэн зүйл, агуулгыг шүүх хуралдаанд танилцуулсан, ингэхдээ уурласан, бухимдсан гэх байдал тогтоогдоогүй, тогтоолд бичигдсэнээс өөр зүйл хэлээгүй байх тул “...татгалзах хүсэлт хэрэгсэхгүй болгосон зөвлөгөөний тогтоолыг уншихдаа уурласан, бухимдсан байдалтай байсан” гэх гомдол үндэслэлгүй.

4. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 10.4 дүгээр зүйлийн 4-т “Энэ зүйлийн 3 дахь хэсэгт заасны дагуу шүүгчийг татгалзан гаргах хүсэлтийг тухайн шүүгчийг байлцуулахгүйгээр шүүх бүрэлдэхүүн шийдвэрлэх боловч татгалзагдаж байгаа шүүгч уг асуудлын талаар шүүх бүрэлдэхүүнд тайлбар гаргаж болно” гэж заасан.

Тус шүүхийн 2022 оны 8 дугаар сарын 23-ны өдрийн шүүгчдийн зөвлөгөөнд Ерөнхий шүүгч Ц.А, шүүгч Ч.М, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Б нар оролцсон байна. Ерөнхий шүүгч Ц.А нь шүүгчдийн зөвлөгөөнд шүүгдэгч О.Д-ийн татгалзан гарах хүсэлтийг танилцуулж, уг асуудлын талаар тайлбар гаргаж, санал өгөх эрхгүй оролцсон талаар зөвлөгөөний тэмдэглэлд тусгагджээ.

Улмаар 2022 оны 9 дүгээр сарын 9-ний өдөр тус шүүхийн шүүгч Э.О-ийг оролцуулан тус шүүхийн 3 шүүгчийн бүрэлдэхүүнтэйгээр ээлжит бус зөвлөгөөн хийж, 2022/ШЗТ/1.. дүгээр тогтоолоор шүүгдэгч О.Д-ийн гаргасан шүүгчийг татгалзан гарах хүсэлтийг хэлэлцэж, хүсэлтийг хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэсэн ба Ерөнхий шүүгч Ц.А зөвлөгөөнд тайлбар гаргаж, санал өгөх эрхгүй оролцжээ.

Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.8-т “тухайн шүүхийн шүүгчдийн дийлэнх олонх оролцсоноор зөвлөгөөнийг хүчинтэйд тооцох ба энэ хуулийн 19.2-т заасан асуудлыг зөвлөгөөнд оролцсон шүүгчдийн олонхийн саналаар шийдвэрлэж, тогтоол гаргана” гэж заасан.

2022 оны 8 дугаар сарын 23-ны өдрийн шүүгчдийн зөвлөгөөнд тус шүүхийн дийлэнх олонхи буюу 2 шүүгч оролцож зөвлөгөөний ирц хүрсэн боловч Ерөнхий шүүгч Ц.А санал өгөх эрхгүй оролцож, татгалзан гарах хүсэлтийг нэг шүүгчийн саналаар шийдвэрлэсэн нь учир дутагдалтай болсон, Ерөнхий шүүгч энэхүү тогтоолыг хүчингүй болгож, шүүгчдийн зөвлөгөөнийг дахин зарлан хуралдуулж, татгалзан гаргах хүсэлтийг шийдвэрлэснийг буруутгах боломжгүй байна. 

Татгалзан гарах хүсэлтийг шийдвэрлэх шүүгчдийн зөвлөгөөнд Ерөнхий шүүгч Ц.А санал өгөх эрхгүйгээр оролцсон нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 10.4 дүгээр зүйлийн 7-д заасныг зөрчөөгүй байна.

Холбогдох шүүгч Ц.А нь Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 50, 51.1, 52, 53 дугаар зүйлд заасан хориглосон, хязгаарласан, үүрэг болгосон зохицуулалтыг зөрчсөн гэх үндэслэл шалгах ажиллагааны явцад цугларсан хэргийн баримтаар тогтоогдоогүй байна.

Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 112 дугаар зүйлийн 112.1, 112.1.2, 112.2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. ...шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ц.А-д холбогдох сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох саналыг хүлээн авч, сахилгын хэргийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Магадлал уншиж сонсгосноор хүчинтэй болох ба гардан авснаас хойш 14 хоногийн дотор Сахилгын хороонд хэргийн оролцогч гомдол, илтгэгч гишүүн эсэргүүцэл гаргаж болохыг дурдсугай.

3. Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 112 дугаар зүйлийн 112.6-т зааснаар магадлал гаргаснаас хойш 14 хоногийн дотор сахилгын хэргийн оролцогч болон өргөдөл, мэдээлэл гаргагчийн оршин суугаа газрын эсхүл ажлын газрын хаягаар баталгаат шуудангаар, эсхүл ажлын албаны ажилтнаар хүргүүлэхийг ажлын албанд даалгасугай.

4. Дээрх журмаар хүргүүлснээр магадлалыг гардан авсанд тооцох ба энэ нь гомдол гаргах хугацааг тоолох үндэслэл болохыг тайлбарласугай.

 

ДАРГАЛАГЧ                                                   Г.ЦАГААНЦООЖ

ГИШҮҮН                                                         Х.ХАШБААТАР

Д.ЭРДЭНЭЧУЛУУН