info@judiscom.mn 976 - 77113838 Холбоо барих ШИЛЭН ДАНС
ENMNG

МОНГОЛ УЛС

ШҮҮХИЙН САХИЛГЫН ХОРОО

МАГАДЛАЛ

2022-12-20

Дугаар 265

Улаанбаатар хот

2022.12.20                                       №265

 

Сахилгын хэргийг хэрэгсэхгүй

болгох тухай

 

Шүүхийн сахилгын хорооны хуралдааныг гишүүн С.Энхтөр даргалж, гишүүн Д.Мягмарцэрэн, Д.Эрдэнэчулуун нарын бүрэлдэхүүнтэй, илтгэгч гишүүн Б.Сугар, хуралдаан хариуцсан ахлах мэргэжилтэн Г.Болортуяа, ажиглагчаар өргөдөл гаргагч С.Б нарыг оролцуулан, тус хорооны хуралдааны танхимд нээлттэй хийв.

 

Шүүхийн сахилгын хорооны гишүүний 2022 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн 161 дүгээр “Сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох санал”-ыг гишүүн Б.Сугар илтгэснээр хянан хэлэлцээд ТОДОРХОЙЛОХ нь:

Сахилгын хорооны гишүүн Б.Сугар сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох саналдаа: “...Нэг, ... аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Б.Б-д холбогдуулан гаргасан “... 2021 оны 3 дугаар сарын 18-ны өдрийн 11 цагт болсон шүүх хуралдааны үеэр хохирогч С.Б би давсан үндэслэлийн талаар дэлгэрэнгүй ярьж байхад зохицуулагч цагдаад дохио зангаа өгсөн гэж би хардаж байна. Сууж байсан зохицуулдаг цагдаа ирж чи яасан их юм ярьдаг юм гэж миний биед халдаж намайг түлхэн унагаасан үйлдэл гаргасан. Энэ хэргээс хойш 1 сарын дараа зохицуулагч цагдаагаас асууж чамайг шалгуулна гээд уулзахад ахаа шүүх хуралдааны даргалагч даалгавар өгсөн гэж хэлсэн” гэх өргөдөл гомдлын тухайд: Шүүх хуралдааны дуу-дүрсний бичлэгт хийсэн үзлэгээр шүүх хуралдааны туршид шүүх хуралдаан даргалагч шүүгч Б.Б-ийн зүгээс дэг сахиулагч цагдаад хандаж дэг сахиул, битгий яриул, хүч хэрэглэ гэсэн гэж ойлгогдохуйц, тэгж ойлгогдохоор дохио зангаа, үг яриа, үйл хөдлөл гаргаагүй, харин эсрэгээрээ хохирогч С.М-д илүүтэй хүндэтгэлтэй хандаж түүний тайлбарыг илүүтэй яриулж, сонсож байсан болох нь дуу-дүрсний бичлэгт тодорхой, илэрхий харагдаж ойлгогдож сонсогдохуйц байдлаар бичигдсэн болох нь нотлогдож тогтоогдож байна.  Тухайлбал хохирогч С.М-ыг тайлбараа хэлж байхад шүүгдэгчийн өмгөөлөгчийн зүгээс хэрэгт хамааралгүй өөр юм яриад байна, та дэгээ сахиулаач, өөр юм яриад байна шүү дээ, дахиад яриад байна шүү дээ гэхэд шүүх хуралдаан даргалагч шүүгч Б.Б алхаа тогшин шүүгдэгчийн өмгөөлөгчид хандан чимээгүй байя, хохирогчоо хүндэтгэе гэх зэргээр хохирогч С.М-д тайлбараа хэлэх боломжийг олгож байгаа болох нь бичлэгт бичигджээ. Мөн гомдолтой хүн гомдлоо ярьж байна гэх зэргээр хохирогчид тайлбар хэлэх боломжийг олгож байх ба шүүх хуралдааны дэг сахиулагч цагдаа хохирогч С.М-д шүүх хуралдааны дэг сахихыг сануулж суулгахаар түлхэхэд түүнд хандаж шүүх бүрэлдэхүүний шүүгч энд шүүх хуралдаан даргалагч шүүгчээс яриулж байгаа, дуусга гэсэн команд өгөөгүй байхад битгий хүнийг хүчээр суулгаад бай гэж хэлэх нь тодорхой бичигдсэн байна. Энэ хугацаанд шүүх хуралдаан даргалагч дэг сахиулагч цагдаагийн тэрхүү үйлдлийг харах анзаарахгүй сөхөөгүй олон талаас мэтгэлцэгч талууд тайлбараа хэлж байгаа нь бичигдсэн байх бөгөөд даргалагч шүүгч дэг сахиулагч цагдаад хандаж дохио зангаа өгөх байдлаар хандсан гэх үйл баримт нотлогдож тогтоогдоогүй болно. Мөн дэг сахиулагч цагдаа хохирогчийг шүүх хуралдааны дэг сахихыг удаа дараа сануулж гараараа түлхэж байгаа байдал бичигдсэн байх бөгөөд өргөдөлд дурдсан шиг “миний биед халдаж намайг түлхэн унагаасан үйлдэл гаргасан” гэх үйлдэл гаргасан болох нь тогтоогдохгүй байх төдийгүй шүүх хуралдааны дуу-дүрсний бичлэгээр үгүйсгэгдэж байна. Мөн энэхүү шүүх хуралдааны дуу-дүрсний бичлэгээр шүүх хуралдааны дэг сахиулагч цагдаа хохирогч С.М-д хүч хэрэглэж түлхэж унагаасан үйлдэл гаргаагүй, түүнд даргалагч шүүгч үүрэг даалгавар өгөөгүй болох нь нотлогдож байгаа болно. Монгол Улсын шүүхийн тухай хуульд зааснаар шүүгчид хэн ч нөлөөлөх, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулахад нь хөндлөнгөөс оролцох, заавар чиглэл өгөхийг хориглосон байдаг бөгөөд хэрэв нөлөөлөх оролдлого гаргасан бол хуулийн дагуу заавал нөлөөллийн мэдүүлэг бөглөх үүрэгтэй болохыг хуульчлан зааж үүрэгжүүлсэн байдаг. Холбогдох шүүгч Б.Б нь дээрх хэргийг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад өөрт нь хөндлөнгөөс хэн нэгэн нөлөөлөх оролдлого, үйлдэл гаргаагүй гэдгээ илэрхийлж нөлөөллийн мэдүүлэг дээр нөлөөлсөн, нөлөөлөх оролдлого, үйлдэл гараагүй болохоо гарын үсэг зурж баталгаажуулж баримтжуулсан байна. Өөрөөр хэлбэл холбогдох шүүгч Б.Б нь шүүгч Д.Б-д нөлөөлсөн, түүнд шүүгч Д.Б нөлөөлсөн гэх үйл баримт тогтоогдоогүй болохыг тухайлан дурдах зүйтэй байна.

Хоёр, ... аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Б-д холбогдуулан гаргасан өргөдөл гомдлын тухайд: ... аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Б-ийн шийдсэн шийдвэр нь малаа алдсан хохирогч малчдын талд биш хулгайлсан хулгайч нар, тэдний өмгөөлөгч Л.Б нарын талд гардаг гэж үзэж  шалгаж өгөхийг хүсжээ. С.Э-д холбогдох 1914006610385 дугаартай эрүүгийн хэрэг болон Б.С, Э.С нарт холбогдох 2114000460190 дугаартай эрүүгийн хэргүүдэд өмгөөлөгч Л.Б нь шүүгдэгчийн өмгөөлөгчөөр ажилласан байх бөгөөд тус хэргүүд өмгөөлөгч Л.Б-ын үйлчлүүлэгчдэд ашигтай шийдвэрлэгдээгүй, тэрээр тус хэргүүдийг шийдсэн анхан, давж заалдах шатны шүүхийн шийдвэрүүдийг эс зөвшөөрч тухай бүр гомдол гаргаж байсан болох нь баримтаар тогтоогдож байна. Тухайлбал шүүгдэгч С.Э-г мал хулгайлаагүй, малын хулгайн гэмт хэрэг үйлдээгүй харин алдуул мал завшсан гэж эрүүгийн хэргийн зүйчлэл дээр маргасан байхад шүүх түүний үйлчлүүлэгч С.Э-г мал хулгайлсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон байна. Мөн шүүгдэгч Б.С, Э.С нарт 5 жилээс дээш хугацаагаар хорих ял оногдуулсан, Өршөөл үзүүлэх тухай хуулийн үйлчлэлд хамруулаагүй гэх үйл баримтууд сахилгын хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаа тогтоогдож байна. Сахилгын хэрэгт авагдсан баримтуудаар дээрх хэргүүдийг шийдвэрлэхдээ хуулийн холбогдох зүйл заалтыг баримтлан хуулиар хүлээсэн үүргийн дагуу бүрэн эрхийнхээ хүрээнд хууль хэрэглэн шийдвэрлэсэн байх бөгөөд шүүхийн шийдвэрийг хуульд заасны дагуу гагцхүү дээд шатны шүүх нь хянах, хүчингүй болгох, өөрчлөх эрх хэмжээтэй бөгөөд давж заалдах гомдол гаргасны дагуу давж заалдах шатны шүүхээр тэдгээр шүүхийн шийдвэрүүд нь хянагдаж хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий шийдвэр байна гэж үзсэн дээд шатны шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болсон байна. Шүүхийн сахилгын хороо нь шүүхийн шийдвэрийг хянах, өөрчлөх, хүчингүй болгох эрх хэмжээгүй, харьяалан шийдвэрлэх эрх хуулиар олгогдоогүй болохыг мөн тухайлан дурдах нь зүйтэй байна. Харин гомдолд дурдагдсан малын хулгайн хэргийг аймаг, сумын аварга болон мянгат малчин зохион байгуулсан багийн засаг дарга байсан, эдгээр хүмүүс болон тэдний өмгөөлөгч Л.Б нарын талд шүүхийн шийдвэр гардаг гэх маргаан тус хороонд хамааралгүй, харьяаллын бус асуудал болохыг дурдах нь зүйтэй байна гэж үзэв. Шүүхийн шийдвэрийг гагцхүү дээд шатны шүүх хянах эрх хэмжээтэй болно. Мөн өргөдөлд нэр дурдагдаж буй нэр бүхий прокурор н.А, Б.Б, н.Д, өмгөөлөгч Л.Б нарын асуудал нь тус хорооны эрхлэх асуудлын хүрээнд хамааралгүй ба тус хороо нь гагцхүү шүүгчид холбогдох өргөдлийг хянах эрхтэй. Хэрэв нэр бүхий өмгөөлөгч, прокуроруудад гомдолтой бол тухайн асуудлыг хуулийн дагуу харьяалан шийдвэрлэх газарт нь хандаж шийдвэрлүүлэх эрх нь нээлттэй байна. Ерөнхий прокурор н.А, өмгөөлөгч Л.Б, шүүгч Д.Б нарыг гэр бүлийн найзууд, ойр дотно харилцаа холбоотой, Л.Б цагдаад шүүгч Д.Б тэй хамт ажиллаж байсан, өмгөөлөгч, Ерөнхий прокурор хэргийг шийдэхэд нөлөөлсөн, нөлөөлсөн гэж хардаж байна гэх зэргээр шүүгч Д.Б-д холбогдуулан гаргасан гомдолд дурдсан байна. Сахилгын хэргийг шалгах ажиллагаа явуулахад шүүгдэгч С.Э, Б.С, Э.С нарт холбогдох эрүүгийн хэрэгт хяналтын прокурор Б.Б, Н.Н нар хяналт тавьж, шүүх хуралдаанд төрийг төлөөлөн улсын яллагчаар орж ажилласан байна. Тухайн эрүүгийн хэргүүдэд ерөнхий шүүгч гэх н.Амарсанаа оролцоогүй, хяналт тавиагүй болох нь баримтаар тогтоогдож байх тул түүнийг энэ хэрэгт шууд нөлөөлсөн гэж үзэх үндэслэл бүхий баримт нотолгоо байгаа бол энэ тухайгаа холбогдох хууль хяналтын байгууллагад хандан гаргаж тавих эрх нь нээлттэй байна. Учир нь эрүүгийн хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагаа явуулж байгаа шүүгчид прокурор, өмгөөлөгч нөлөөлөх нь гэмт хэргийн шинжтэй үйлдэл тул тус хорооны харьяалан шийдвэрлэх асуудалд хамааралгүй байна. Холбогдох шүүгч Д.Б аймгийн прокурор Н.А-г тус аймагт томилогдон ажиллаж байгаа, ажил хэргийн шугамаар л танина, ойр дотно зүйл огт байхгүй гэсэн тайлбар ирүүлсэн байх бөгөөд өмгөөлөгч Л.Б прокурор Н.А-г танихгүй, ийм хүн аймгийн ерөнхий прокурор гэж мэдэхээс огт уулзаж байгаагүй талаараа мэдүүлжээ. Шүүгч Д.Б 1995-2013 онд ... аймгийн Цагдаагийн хэлтэст мөрдөн байцаагчаар ажиллаж байсан болохоо тайлбартаа дурдаж, өмгөөлөгч Л.Б өмнө нь мөн тус цагдаагийн хэлтэст ажилладаг байсныг мэднэ хамт ажиллаж байгаагүй. Улаанбаатар хот руу шилжсэн, ямар ч ойр дотно болон гэр бүлийн найзууд биш цэвэр гүтгэлэг байна гэжээ. Өмгөөлөгч Л.Б 2007 оноос Баянгол дүүргийн Цагдаагийн хэлтэст 2012 онд гавьяаныхаа амралтад гартлаа ажилласан, Д.Б мөрдөн байцаагчаар ажиллаж байсан нэг тасаг, албанд ажиллаж байгаагүй, гэр орноороо орж гардаг дотно холбоо байгаагүй, хэргээс болж маргалдаж байсан гэж мэдүүлсэн байна. Энэ үндэслэлээр шүүгч Д.Б-ээс татгалзах хүсэлт гаргаж байсныг ... аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч хүлээн авч хянаад 2021 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн “Хүсэлтийг хангахаас татгалзах тухай” 2021/ЕШЗ/381 дүгээр захирамжаар шүүгч Д.Б, өмгөөлөгч Л.Б нар нь хамаарал бүхий этгээд мөн эсэх талаар холбогдох баримт байхгүй, мөн өмнө нь мөрдөн байцаагчаар хамт ажиллаж байсан эсэх нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 10.1 дүгээр зүйлийн 1.4-т заасан үндэслэлд хамаарахгүй байна гэж үзэж хүсэлтийг хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэжээ. Шүүхийн шийдвэрийг үндэслэлгүй байсан, шүүгч буруу үндэслэл муутай шийдвэр гаргасан гэсэн утга агуулга гомдолд дурдаж шалгаж өгөхийг хүссэн байх бөгөөд шүүхийн шийдвэрийг хянах, хүчингүй болгох, өөрчлөх эрх хэмжээ тус хороонд олгогдоогүй, эрүүгийн хэргийн анхан шатны шүүх нь прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн баримтын хүрээнд эрүүгийн хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцэж шийдвэрлэсэн, анхан шатны шүүхийн шийдвэрийг дээд шатны шүүх хянасан, хэрэг давж заалдах журмаар хянагдан шийдвэрлэгдсэн үйл баримт тогтоогдож байна. Шүүхийн сахилгын хороонд шүүхийн шийдвэр, магадлалд үнэлэлт, дүгнэлт өгөх эрх хэмжээ олгогдоогүй. Шүүхийн сахилгын хороо шүүгч тодорхой хэргийг хянан шийдвэрлэхдээ хуулийн илэрхий тодорхой заалтыг ноцтой, эсхүл удаа дараа зөрчсөн эсэхийг шалгах эрх хэмжээтэй бөгөөд дээрх шүүхийн шийдвэрүүдийг гаргахдаа шүүгч хуулийн илэрхий тодорхой заалтыг ноцтой, эсхүл удаа дараа зөрчсөн гэх үйл баримт тогтоогдоогүй, холбогдох шүүгч нь шүүгдэгч С.Э, Б.С, Э.С нарт холбогдох эрүүгийн хэргийг хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий шийдсэн болох нь давж заалдах шатны шүүхийн магадлалуудаар тогтоогдож байна. Харин С.Э-д холбогдох эрүүгийн хэргийг шүүх шийдвэрлэхдээ хохирогч С.Б нь 3 үхрээ биетээр авах талаар илэрхийлснийг харгалзаж үнээ 1, эр үхэр 1, бяруу 1 буюу 1,100,000 төгрөг гаргуулж С.М-д олгохоор шийдвэрлэсэн бөгөөд уг шийтгэх тогтоолд залруулга хийлгэх тухай Прокурорын саналыг хүлээн авч хянаад  ... аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн “Шүүхийн шийдвэрийг зарим хэсэгт залруулах тухай” 2021/ШЗ/934 дүгээр захирамжаар “... шүүгдэгч С.Э-аас 1 эр үхэр, үнээ 1, бяруу 1 буюу эсхүл алдагдсан малын үнэ 1,100,000 төгрөг гаргуулж хохирогч С.М-д олгохыг ... аймаг дахь Шүүхийн Шийдвэр гүйцэтгэх газар даалгаж шийдвэрлэлээ...” гэж ... аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн 2021/ШЦТ/284 дүгээр шийтгэх тогтоолд залруулга хийж прокурорын саналыг хүлээн авчээ. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.14 дүгээр зүйлийн 1-д “Шүүхийн шийдвэрт үг, үсэг, тоо, тооцооны зэрэг техникийн шинжтэй гарсан алдааг залруулах талаар улсын яллагчийн санал, шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч хүсэлт шүүхэд гаргаж, эсхүл шүүх өөрийн санаачилгаар залруулж болно” гэж хуульчлан заасан байх бөгөөд 2021 оны 11 дүгээр сарын 03-ний өдрийн 2021/ЦШТ/284 дугаар тогтоолд холбогдох шүүгч Д.Б залруулга хийж 2021 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн “Шүүхийн шийдвэрийг зарим хэсэгт залруулах тухай” 2021/ШЗ/934 дүгээр захирамжаар залруулга хийснийг буруутгах хууль зүйн үндэслэл байхгүй байх бөгөөд хуулиар олгосон бүрэн эрхийн хүрээнд залруулга хийсэн байна. Шүүх хуралдааны явцад шүүгч хохирогчид үг хэлэх мэтгэлцэх боломж олгоогүй, хэл ам муутай гэж доромжилсон гэх үйл баримт тогтоогдоогүй болно. Тухайлбал анхан шатны 2 удаагийн шүүх хуралдааны дуу-дүрсний бичлэгт үзлэг хийхэд хохирогчийг тайлбар мэдүүлгээ өгөх боломжоор шүүх хангасан, хохирогч тод ойлгомжтой тодорхой тайлбар өгч байсан төдийгүй хохирогчийн өмгөөлөгчөөр шүүх хуралдаан оролцсон өмгөөлөгч Б.Б үйлчлүүлэгч С.М-ын хувьд өөрийгөө илэрхийлэх чадвар сайтай, чанга дуутай хүн, шүүгчийн зүгээс эрхийг нь хязгаарласан боосон зүйл гараагүй талаар мэдүүлсэн. Үхрээ зүсээр нь авмаар байна гэхэд шүүгч хохирлыг мөнгөөр үнэлж гаргах хуультай малаар гаргах боломжгүй та 2 тохир гэсэн тухайд хохирогч С.М-д олгох хохирлыг хэрхэн олгох талаар тайлбарыг бичсэн залруулга шүүгч захирамжаараа гаргасан байх бөгөөд шүүх хуралдааны бичлэгт шүүхээс гарсан шийдвэрийг танилцуулахдаа даргалагч шүүгч гаргасан шийдвэр, үндэслэлийн талаар тайлбарлаж байсан болох нь дуу-дүрсний бичлэгээс тодорхой, ойлгомжтой харагдаж байв. Шүүгч нь прокурор болон шүүгдэгчийн өмгөөлөгч нарт хандан хавтаст хэргээс хасуулах нотлох баримт байна уу гэж хэлж байгаад хүсэлт гаргуулан гэрч Н-ийн яриа болох сидиг хавтаст хэргээс хасуулсан, прокурор нь устгах хүсэлт гаргасныг шүүгч зөвшөөрсөн, шийдвэр хүчин төгөлдөр болоогүй байхад шүүгч нь шүүгчийн туслахад даалгавар өгч нотлох баримт болох сидиг устгасан гэх үйл баримт нотлогдож тогтоогдоогүй болно. Шүүгдэгчийн өмгөөлөгч Л.Б-аас хохирогч С.М-ын эхнэртэй уулзаж ярилцсан талаар яриагаа утсан дээр бичиж үүнийг Сиди болгож эд мөрийн баримтаар гаргаж өгснийг шүүх хуралдааны явцад шинжлэн судлуулсан бөгөөд уг ярианы бичлэг бүхий сиди нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн холбогдох заалтуудыг зөрчсөн байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.11 дүгээр зүйлийн 2.2-д зааснаар нотлох баримтаар тооцохгүй байхаар шийдвэрлэж, нотлох баримтаар тооцоогүй сидиг шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсны дараа устгахыг Шүүхийн тамгын газарт даалгасан байна. Шүүх хуралдааны дуу-дүрсний бичлэгт хийгдсэн үзлэгээр хохирогчийн өмгөөлөгч Б.Б шүүгдэгчийн өмгөөлөгчийн гаргаж өгсөн сидиг шинжлэн судлуулахаас татгалзаж байна. Мөнхбатын авгай ярьсан гээд байгаа боловч яг ярьсан эсэхийг нотлох боломжгүй энэ нь шүүхийн шийдвэрийн үндэслэл болох ёсгүй гэсэн байр суурьтай байна. Өөр зүйлгүй гэсэн байх бөгөөд сиди дээрх бичлэгийг сонсгосон байна. Мөн өмгөөлөгч Б.Б гэрчийн мэдүүлэгтээ шүүгдэгчийн өмгөөлөгчийн зүгээс С.М-ын өмгөөлөгчтэй ярилцсан сиди бичлэгийг хэрэгт нотлох баримтаар гаргаж өгсөн, энэ нь нотлох баримтын шаардлага хангаагүй мөн манай буюу хохирогч талд ашиггүй яриа бичлэг байсан учир нотлох баримтаас хасуулах санал гаргасан гэж мэдүүлсэн болно. Мөн ... аймаг дахь Шүүхийн тамгын газрын Эд мөрийн баримт шийдвэрлэх комиссын хуралдаан 2022 оны 10 дугаар сарын 27-ны өдөр болж 2017-2021 оны үлдэгдэл эд мөрийн баримтуудыг цэгцлэх, 2022 оны 2, 3 дугаар улирлын эд мөрийн баримт шийдвэрлэхээр асуудлыг хэлэлцэж устгах эд мөрийн жагсаалтын дагуу устгах ажлыг 2022 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр явуулахаар тогтсон, уг жагсаалтад 2021 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн 2021/ШЦТ/284 дүгээр шийтгэх тогтоолтой, С.Э шүүгдэгчтэй, 1914006610385 дугаартай хэрэгт хураагдсан эд мөрийн баримт болох 1 ширхэг СД-г устгахаар тусгагдаж, товлосон хугацаанд устгал хийгджээ. ... аймгийн шүүхийн Тамгын газарт Шүүгчийн туслах ажилтай Б.О гэрчээр өгсөн мэдүүлэгтээ хэрэгт авагдсан эд мөрийн баримт болох 1 ширхэг сиди байсан бөгөөд Улсын Дээд шүүх рүү хэрэгтэй нь хамт яваад буцаад хэрэгтэй нь хамт ирсэн, шийтгэх тогтоол дээр устгахаар заасны дагуу тогтоол хүчин төгөлдөр болсны дагуу устгасан гэж мэдүүлсэн болно. Хохирогч хүсэлт гарган оролцуулсан гэрч Н.У-аас гол асуултаа асуугаад эхлэхэд шүүгч над руу хандан хангинах аястай тулгаж асуугаад байна чи, энэ асуултад хариулахгүй байж болно гэж гэрчид хэлсэн, гэрчийг хуралд суулгалгүй явуулсан гэсэн гомдлын тухайд шүүх хуралдааны дуу-дүрсний бичлэгт хийгдсэн үзлэгийн баримтаар хохирогч С.Б гэрч Н.У-аас асуулт асуухад даргалагч шүүгч та гэрчээс тайлбарлаж асуухгүй, хөтөлж асуухгүй гэж сануулж байгаа нь бичигдсэн байх бөгөөд хохирогч С.Б би танай гэрийн гадаа үхрээ сураад очиход чи мэдэж байсан хэр нь яах гэж худлаа хэлсэн юм. Чи мэдэж байгаа тэр бяруутай үхрийг чи мөнгийг нь өгсөн мэдэж байгаа.  Танайд 2 хүн очсон байсан. Тэр 2 хүн юу гэж хэлснийг хэлээдэх дээ гэж асууж даргалагч шүүгч та хэрэгтэйгээ холбоотой асуулт асууна уу гэж хэлж байгаа боловч хариултыг нь хэлүүлж байгаа үйл баримтууд тогтоогдов. Шүүх хуралдааны явцад гэрчээс тайлбар мэдүүлгийг авч дууссан бол гэрч хүсвэл шүүх хуралдаанд үргэлжлүүлэн сууж болох бөгөөд шаардлагагүй гэж үзвэл шүүх хуралдааныг орхих нь хуульд харшлахгүй, хуулиар гэрчид энэхүү эрхийг олгосон байна. Гэхдээ өргөдөл гомдолд дурдагдаж буй 1,300,000 төгрөг гэх үнэлгээ эхний хүчингүй болж, прокурорт буцсан 2021 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн 18 дугаартай шийтгэх тогтоолд ҮЙЛДСЭН ХЭРГИЙН ТАЛААР: хэсэгт бичигдсэн байх ба уг тогтоолд 1,300,000 гэж бичсэн нь хуулийн илэрхий, тодорхой заалтыг ноцтой зөрчсөн гэж үзэхээргүй харин техникийн шинжтэй алдаа байх бөгөөд шүүхийн шийдвэрийн ТОГТООХ хэсэгт 1,100,000 төгрөг гэж бичигдсэн буюу шүүхийн шийдвэрт нөлөөлөхүйц алдаа гэж үзэхээргүй байгааг тэмдэглэх нь зүйтэй байна. 2021 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн 284 дүгээр тогтоолд 1,100,000 төгрөгийн хохирол учруулсан гэж үнэлгээг алдаа мадаггүй бичсэн болох нь сахилгын хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар тогтоогдож байна. Харин иргэний нэхэмжлэгч Х.С мэдүүлэг, гэрч Н.У-ын мэдүүлгүүдийг хольж сольж бичсэн болох нь сахилгын хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтаар тогтоогдож байгаа хэдий боловч шүүхийн тогтоолыг давж заалдах шатны шүүх хянасан, шүүхийн шийдвэрт нөлөөлөхүйц хуулийн илэрхий тодорхой заалтыг ноцтой, эсхүл удаа дараа зөрчсөн гэх зөрчилд уг зөрчил нь хамаарахгүй байна. Мөн уг тогтоолд шүүгдэгч С.Э-ийн үйлдэл нь 2019 оны 11 дүгээр сард үйлдэгдсэн гэж хугацааг ташаарч бичсэн болох нь нотлогдож байна. Харин шүүхээс хэрэглэсэн Өршөөл үзүүлэх тухай хуулийн үйлчлэл 2021 оны 06 дугаар сарын 24-ний өдрийн 24 цаг 00 минутаас өмнө 2015 оны 12 дугаар сарын 03-ны өдөр баталсан Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн хүн энэ хуулийн үйлчлэлд хамаарахаар заасан тул хэдий гэмт үйлдлийн хугацааг ташаарсан ч гэлээ гэмт хэрэг үйлдсэн болон ташаарсан гэх хугацаа аль алин Өршөөл үзүүлэх тухай хуулийн үйлчлэлд адил хамаарч байх бөгөөд уг шийтгэх тогтоолыг дээд шатны шүүх хэвээр үлдээж хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий гэж үзсэн байна. Өргөдөл мэдээлэл гаргагчаас шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт тогтоолыг явуулахдаа улсын орлого болох шүүгдэгчийг хулгай хийхдээ ашигласан 2 морины үнэ 1,200,000 төгрөгийг явуулаагүй, төрийн дансанд тушаагаагүй гэх үйл баримт нь сахилгын хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтууд болох 2022 оны 02 дугаар сарын 16-ны өдрийн Гүйцэтгэх хуудас, Эрүүгийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа үүсгэх тухай 2022 оны 02 дугаар сарын 16-ны өдрийн 20 дугаар тогтоол, Эрүүгийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа дуусгавар болсон тухай 2022 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн 86 дугаар тогтоол зэрэг бичгийн нотлох баримтуудаар үгүйсгэгдэж байна. Б.С,Э.С нарт холбогдох эрүүгийн хэрэгт өргөдөл гомдол гаргагч С.Б хэргийн оролцогч болон бусад оролцогчоор оролцоогүй болох нь баримтаар тогтоогдож байх бөгөөд ... аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн шүүх хуралдаанаар Б.С, Э.С нарт холбогдох 2114000460190 дугаартай бусдын олон тооны малыг бүлэглэн хулгайлсан гэх эрүүгийн хэргийг тус шүүхийн шүүгч Д.Б даргалан хянан хэлэлцэж 2021/ШЦТ/270 дугаар шийтгэх тогтоолыг гаргасан байна. Шүүх 2021 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн 270 дугаартай шийтгэх тогтоолыг хохирогч Н.Бод хаягаар хүргүүлсэн, хохирогч Буянтогтох, өмгөөлөгчийн хамт 2022 оны 12 дугаар сарын 07-ны өдөр давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон, тайлбар мэдүүлэг өгсөн болох нь давж заалдах шатын шүүхийн магадлал, хурлын тэмдэглэл зэрэг баримтуудаар нотлогдон тогтоогдож байна. Хохирогч Н.Б шүүхэд гараар бичиж өгсөн хүсэлтдээ “... хуулийн хүрээнд гэрч С.М-ыг оруулж өгөөч, ... өмгөөлөгч Ө нь өмгөөлөх эрх мэдлээ ашиглан үйлчлүүлэгчийнхээ эрхэнд хэд хэдэн удаа халдсан. Тийм учир хохирогч Н.Б би ... татгалзаж өмгөөлөгчгүй болсноо Ерөнхий шүүгч танд мэдэгдэж байна. Гэрч маань энэ хэргийн талаар сайн мэднэ. Бас хуулийг нь ч сайн мэднэ. Ерөнхий шүүгч та гэрч болох С.М-ыг 10-р сарын 18-ны шүүх хуралд оруулж өгөхийг хүсье...” гэжээ. 2021 оны 10 дугаар сарын 18-ны өдөр шүүгч Д.Б “Хүсэлтийг хангахаас татгалзах тухай” 2021/ШЗ/824 дүгээр захирамжаар хохирогчийн зүгээс шүүх хуралдаанд гэрчээр оролцуулах хүсэлтэд С.Б нь энэ хэргийн оролцогч биш гэж шүүх дүгнэлээ. Учир нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.4 дүгээр зүйлийн 1.3-д зааснаар С.Б нь бусад оролцогч буюу гэрчээр мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэг өгөөгүй байх тул түүнийг шүүх хуралдаанд оролцуулахаас татгалзаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1-д зааснаар “анхан шатны журмаар хэрэг шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана” гэж заасныг үндэслэн хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд хянан шийдвэрлэхээр шийдвэрлэсэн байна. Шүүгч хүсэлтийг Эрүүгийн хуульд заасан зарчим, журмын дагуу шийдвэрлэсэн, хуулийн зохих зүйл заалтыг хэрэглэн шүүгчид олгосон эрхийн хүрээнд шийдвэрлэжээ. Иймд, ... аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Б.Б, ... аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Б нарт холбогдох сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох санал үйлдэв” гэжээ.

Шүүгч Б.Б Шүүхийн сахилгын хороонд ирүүлсэн тайлбартаа:  “...Энэ хэрэг анхан болон давахаар ороход давахын шүүгч Б.Б нөлөөлсөн, шүүх хуралдааны явцад зохицуулагч цагдаа нь “чи яасан их ярьдаг юм” гэж миний биед халдан намайг түлхэн унагаасан, цагдаа шүүх хуралдаан даргалагч даалгавар өгсөн гэж хэлсэн, Сидиг устгасан байхад анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээсэн” гэжээ.

Нэг: Сидиг устгасан байхад анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээсэн гэх гомдлын тухайд: ... аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх нь С.Э-д холбогдох анхан шатны шүүхийн 2021 оны 1 дүгээр сарын 15-ны өдрийн 2021/ШЦТ/18 тоот шийтгэх тогтоолтой, эрүүгийн 1914006610385 дугаар хэргийг хохирогч С.М-ын гомдлоор хянан хэлэлцэж, хэргийг бүхэлд нь хянаад, 2021/ДШМ/14 тоот магадлалаар анхан шатны шүүхийн 2021 оны 3 дугаар сарын 18-ны өдрийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг Прокурорт буцааж шийдвэрлэсэн, Сидиг шүүх хуралдаанаар шинжлэн хэлэлцүүлээгүй байна. Дээрх магадлалыг эс зөвшөөрч бичсэн Прокурор Б.Б-ын эсэргүүцэл, шүүгдэгчийн өмгөөлөгч Л.Б-ын гомдлыг Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх нь хүлээн авч хэргийг эд мөрийн баримтаар хураагдсан 1 ширхэг сидиний хамт Монгол Улсын Дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхимд шилжүүлсэн, эрүүгийн хэргийн танхимын нийт шүүгчдийн хуралдааны 2021 оны 5 дугаар сарын 25-ны өдрийн 106 дугаар тогтоолоор гомдлыг хэлэлцүүлэхээс татгалзаж, хэргийг анхан шатны шүүхэд сиди 1 ширхгийн хамт буцаан хүргүүлсэн, анхан шатны шүүх хэргийг хүлээн аваад хэргийг 1 ширхэг сидиний хамт ... аймгийн Прокурорын газарт шилжүүлсэн байна. Уг хэрэгт нэмэлт мөрдөн байцаалтын ажиллагаа хийгээд ... аймгийн Прокурорын газраас хэргийг эд мөрийн баримтаар хураагдсан сидиний хамт Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлсэн, анхан шатны шүүх 2021 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн 2021/ШЦТ/284 шийтгэх тогтоолоор хэргийг хянан шийдвэрлэхдээ маргаан бүхий сидиг шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсны дараа устгахыг Шүүхийн Тамгын газарт даалгаж шийдвэрлэжээ. Мөн анхан шатны шүүх шийтгэх тогтоолдоо залруулга хийж шүүгчийн захирамж гаргасан байна. Анхан шатны шүүх нь шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч бичсэн хохирогч С.М, шүүгдэгч С.Э нарын давж заалдах гомдлоор хэргийг Давж заалдах шатны шүүх хэргийг хэлэлцээд 2022 оны 1 дүгээр сарын 6-ны өдрийн 2022/ДШМ/02 магадлалаар анхан шатны шүүхийн 2021 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн 2021/ШЦТ/284 шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж шийдвэрлэжээ. Харин Давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдаанаар хохирогч С.Б нь хэрэгт эд мөрийн баримтаар ирсэн 1 ширхэг Сидиг шинжлэн судлуулахаар хүсэлт гаргасны дагуу уншуулж үзэхэд сонсогдож, харагдахгүй байсан талаар болон үүнд 10 минут зарцуулсан талаар шүүх хуралдааны тэмдэглэлд авагдаж бэхжигдсэн байна. Ингээд хэргийг эд мөрийн баримтаар хураагдсан Сидийн хамт анхан шатны шүүхэд буцаан шилжүүлсэн болох нь Давж заалдах шатны шүүхийн 2020 оны 2 дугаар сарын 8-ны өдрийн 27 тоот албан бичгээр тогтоогдсон байна. Хохирогч С.Б нь Давж заалдах шатны шүүхийн 2022 оны 1 дүгээр сарын 6-ны өдрийн 2022/ДШМ/02 магадлалыг эс зөвшөөрч Монгол Улсын Дээд шүүхэд гомдол гаргаснаар анхан шатны шүүх хэргийг Монгол Улсын Дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхимд хавтаст хэргийг шилжүүлэхдээ эд мөрийн баримтын Сидиг шилжүүлсэн талаар албан бичигт заагаагүй, эрүүгийн хэргийн танхимын нийт шүүгчдийн хуралдааны 2022 оны 3 дугаар сарын 11-ний өдрийн 188 дугаар тогтоолоор гомдлыг хэлэлцүүлэхээс татгалзаж, хэргийг анхан шатны шүүхэд буцаан шилжүүлэхдээ Сидиг шилжүүлсэн талаар албан бичигт заагаагүй байна. Эдгээрээс дүгнэхэд Давж заалдах шатны шүүх хэргийг 2 дахь удаагаа хянан хэлэлцэхэд хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 1 ширхэг сиди байсан, Давж заалдах шатны шүүх хэргийг Сидиний хамт анхан шатны шүүхэд шилжүүлсэн байна. Иймд “Сидиг устгасан байхад анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээсэн гэх гомдол үндэслэлгүй, тэр Сиди нь Давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдаанаар 2 удаа хэргийг хэлэлцэх үед байсан болохыг нотолж байна.

Хоёр: Энэ хэрэг анхан болон давахаар ороход давахын шүүгч Б.Б нөлөөлсөн гэх гомдлын тухайд, Анхан шатны шүүхийн шүүгч Д.Б нь Давж заалдах шатны шүүх хуралдаанаар хэргийг хэлэлцэхэд шүүгч надад нөлөөлөөгүй хэрэв нөлөөлсөн, нөлөөлөхөөр үйлдэл гаргасан бол шүүгч би нөлөөллийн мэдүүлэгтээ бичих үүргээ хэрэгжүүлнэ. Гэтэл 2021 оны 3 дугаар сарын 17-ны өдрийн болон 2022 оны 1 дүгээр сарын 6-ны өдрийн нөлөөллийн мэдүүлгийн баримтад “үгүй” гэж 2 удаа гарын үсэг зурж баталгаажуулсан байна. Шүүгч хүн өргөсөн тангарагтаа үнэнч байж, хуулиар хүлээсэн ёс зүйгээ чанд сахин, хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцүүлж, хэрэгт цугларсан нотлох баримтад үндэслэн, дүгнэлт хийж, хуулийг баримтлан шийдвэр гаргадаг билээ. ... аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн ажлыг адил шатны шүүхээс 2 шүүгч томилуулж хэргээ уншин судлах, бэлтгэх, илтгэх, шийдвэрээ хуулийн хугацаанд бичиж гаргах зэргээр ажлын ачаалалтай ажиллаж байгаа энэ цаг үед, шударгаар ажиллаж байхад өөрийн хардлага, сэрдлэгэдээ намайг хамруулж ажил дээр ажил нэмж байгаа С.Б гэх хүнд гомдож байна.

Гурав: “Шүүх хуралдааны явцад зохицуулагч цагдаа нь “чи яасан их ярьдаг юм” гэж миний биед халдан намайг түлхэн унагаасан, цагдаа шүүх хуралдаан даргалагч даалгавар өгсөн гэж хэлсэн..” гэх гомдлын тухайд, Давж заалдах шатны шүүх нь хэргийг анх хянан шийдвэрлэхдээ анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, дахин хэлэлцэхдээ алдаа нь засагдсан гэж үзэж анхан шатны шүүхийн 2021 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн 2021/ШЦТ/284 шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж шийдвэрлэсэн байдаг. Давж заалдах шатны шүүхийн 2022 оны 1 дүгээр сарын 6-ны өдрийн шүүх хуралдааны бичлэгээс харахад хэв журмын цагдаа нь суудлаасаа босож, хохирогч С.Б руу очсон энэ үед шүүгч Л.Н үг хэлж тэрээр буцаад суудалдаа суусан, түлхэж унагаасан үйл баримт болоогүй байна. Даргалагчийн хувьд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.5 дугаар зүйлийн 1-т заасны дагуу хохирогч С.М-д тухайн хэрэгт ач холбогдолтой асуудлыг хянан шийдвэрлэж байгаа гэдгийг удаа дараа анхааруулж, чиглүүлэхийг хичээж, дараа нь олон шүүх хуралдаантай байсан болохоор цаг өнгөрч байгааг бодож үүргийнхээ дагуу анхааруулаад байсан болохоор цагдаа суудлаасаа боссон түүнээс биш тухайн үед болон урьдчилсан байдлаар цагдаад үүрэг, даалгавар өгсөн дохио зангаа хэрэглэсэн болон үг хэлээрээ үйлдэл гаргаагүй тэрээр санаанд оромгүй, худлаа үгээр гүтгэж бичжээ. Гомдлыг үгүйсгэх нотлох, нотлох баримт нь энэ өдрийн шүүх хуралдааны бичлэг болон шүүх хуралдааны тэмдэглэл болно. Мөн энэ үед үүргээ гүйцэтгэж байсан цагдаагийн ажилтнаас гэрчийн мэдүүлэг авхуулж хэрэгт хавсаргах болон сахилгын хэргийн хуралдаанд гэрчээр оролцуулж өгнө үү. Дээрх тайлбар бүрийг нотлох, нотлох баримтыг хэргээс хуулбарлан авч хавсаргасан ба шүүх хуралдааны бичлэгийг сидид хуулбарлан хүргүүлэх байтал шүүх дэх шүүх хуралдааны бичлэгийн төхөөрөмж нь бүхэлдээ ажиллахгүй болсон байх тул дараа нь хүргүүлэхээр болсон болно” гэжээ.

Шүүгч Д.Б-ээс Шүүхийн сахилгын хороонд ирүүлсэн тайлбартаа: “...Миний бие 2017 оны 01 дүгээр сард тус шүүхэд шүүгчээр томилогдон одоо хүртэл ажиллаж байна. 2020 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр шүүгдэгч С.Э-д холбогдох Эрүүгийн 19140066110385 дугаартай Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж хэргийг ... аймгийн Прокурорын газраас яллах дүгнэлт үйлдэж хэргийг тус шүүхэд ирүүлсэн. Хэргийг ирүүлэхдээ хэргийн шүүгдэгч С.Э нь цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авагдсан байсан. Хэргийн яллагдагчийг шүүхэд шилжүүлэхээс өмнө буюу мөрдөн шалгах ажиллагааны явцад С.Э нь өөрийн өмгөөлөгчөөр Л.Б-ыг сонгон авсан байсан. Хэрэг шүүхээр хянагдаж байх үед С.Э-ийн өмгөөлөгч Л.Б нь шүүхийн 2020 оны 12 дугаар сарын 14-ний өдөр шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг явуулахыг, хохирогч С.Б болон түүний өмгөөлөгч нар нь Б.А, Д.Г, Н.Д, Т.Б, З, Д нарыг асуулгах хүсэлтийг гаргасан бөгөөд шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэгт өмгөөлөгч Л.Б нь шүүх хуралдаанд Ч.З, Энхбат, Мөнхжаргал гэх хүмүүсийг шүүх хуралдаанд оролцуулах хүсэлтийг гаргасан. Шүүх талуудын хүсэлтийг хэлэлцээд өмгөөлөгч Л.Б-ын хүсэлтээс уг хэргийн оролцогч биш гэсэн үндэслэлээр Э, М нарыг оролцуулахаас татгалзаж хэргийн оролцогч гэрч Ч.З-г шүүх хуралдаанд оролцуулахаар шийдвэрлэсэн. Хохирогч С.Б нь энэ хэрэгт гэрчийн мэдүүлэг өгөөгүй Ч.З, Энхбат нар нь хэрэгт гэрчийн мэдүүлэг өгөөгүй, ах дүү төрөл садан нь гэрчээр оролцуулах хууль байхгүй байхад гэрчээр оролцуулсан гэж бичсэн байна. Хэрэгт гэрчээр Ч.З мөрдөн байцаагч Г.Г нь 2020 оны 11 дүгээр сарын 06-ний өдөр гэрчээр мэдүүлэг авсан бөгөөд харин Э, М нараас мэдүүлэг аваагүй байсан. Ийм учир хэргийн оролцогч болох Ч.З-г шүүх хуралдаанд оролцуулах шийдвэр гаргаж Э, М нарыг хэргийн оролцогч биш үндэслэлээр шүүх хуралдаанд оролцуулахаас татгалзсан. Харин хохирогч С.М-аас гаргасан С.Э нь 10 тооны үхэр авсныг Б.А, Б, Н.Д, Т.Б, Д.Г, З, Д нарыг гэрчээр асуулгах хүсэлтийг шүүх хангаагүй. Учир нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1-д “анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэгдэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана” гэж заасны дагуу Прокуророос 2020 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр шүүгдэгч С.Э-д холбогдох Эрүүгийн 19140066110385 дугаартай хэрэгт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлэхдээ С.Э нь 2018 оны 2 дугаар сарын 20-ний үеэс 2019 оны 03 дугаар сарын 20-ний өдрийн хооронд ... аймгийн Галуут сумын 2 дугаар баг “Овоот” гэх газраас иргэн С.М-ын сартай бор зүсмийн үнээ, бор тарлан бяруу нийт 2 тооны үхрийг хулгайлан авч 1.300.000 төгрөгийн хохирол учруулсан гэж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн бөгөөд С.М-ын алдсан гэх бусад 8 тооны үхрийн талаар хэрэг бүртгэлтийн хэрэг 201400505 дугаартай нээгдэн шалгагдаж байгаа талаар шүүхийн хэлэлцүүлэгт Прокурор нь нотлох баримт гаргаж өгсөн. Иймд шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1-д заасны дагуу хохирогч С.М-аас Б.А, Б, Н.Д, Т.Б, Д.Г, З, Д асуулгах хүсэлтийг хангахаас татгалзаж шийдвэрлэсэн талаар захирамжид дурдсан. Анхан шатны шүүх хуралдааныг 2021 оны 01 дүгээр сарын 08-ний өдөр явуулахаар товлосон бөгөөд уг өдөр хохирогч С.Б нь ирээгүй тул шүүх хуралдааныг 2021 оны 01 дүгээр сарын 15-ний өдөр хүртэл хойшлуулсан. Ингээд 2021 оны 01 дүгээр сарын 15-ний өдөр шүүх хуралдааныг явуулсан бөгөөд шүүх хуралдаанд гэрч Ч.З мэдүүлэг өгөхдөө нөхрийнхөө эсрэг мэдүүлэг өгөхгүй талаар мэдүүлсэн тул дэлгэрэнгүй мэдүүлэг аваагүй юм. Учир нь гэрч Ч.З нь шүүгдэгч С.Э-ийн эхнэр байсан тул Үндсэн хуульд заасан нөхрийн эсрэг мэдүүлэг өгөхгүй гэсэн эрхийг эдэлсэн. Гэрч Ч.З нь мэдүүлэг өгөөгүй тул энэ талаар шийтгэх тогтоолд бичээгүй харин гэрчээр оролцсон талаар бичиж шүүх хуралдааны тэмдэглэлд гэрчийг мэдүүлгийг бичиж тусгуулсан болно. Хохирогч С.Б нь шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч үйл баримтын талаар мэдүүлгээ өгсөн бөгөөд хохирогч С.Б шүүгч намайг “чиний ярьж байгаа чинь надад ойлгогдохгүй байна, би ойлгохгүй байна чи бувтнаад байна, хэл яриа чинь ойлгогдохгүй байгаа учир наад өмгөөлөгчөөрөө яриул гээд хэлсэн” гэж бичсэн байна. Шүүх хурал дээр шүүх хуралдааныг даргалж байсан шүүгч миний бие тийм зүйл огт яриагүй бөгөөд хохирогч С.М-ын бичсэн шиг асуудал болоогүй харин ч өөрөө бүх зүйлээ чөлөөтэй ярьж хэлж байсан юм. Энэ талаар шүүх хуралдаанд оролцсон хохирогчийн өмгөөлөгч мэдэх бөгөөд өмгөөлөгч нь хохирогчийн өмнөөс хэргийн талаар мэдүүлэг өгөөгүй харин шүүх хуралдаанд өмгөөлөгчийн байр сууринаас мэтгэлцэж гэм буруу эрүүгийн хариуцлагын талаар дүгнэлтээ гаргахдаа хэргийн үйл баримтын талаар ярьж нотлох баримтуудыг дурдсан үүнийг хохирогч С.Б нь хэргийг ярилаа гэж ойлгож байгаа юм болов уу гэж бодож байна. Шүүх хуралдаанд өмгөөлөгч нь хохирол барагдуулах талаар хуульд заасны дагуу завсарлага авах хүсэлт гаргаж байсныг хангасан бөгөөд энэ хооронд З, Э, С.Б нар хоорондоо хэрхэн харьцсаныг би мэдэхгүй шүүх хуралдааны явцад ямар нэг шүүх хуралдааны дэг зөрчсөн асуудал гараагүй юм. Хохирогч С.Б нь өмгөөлөгч Л.Б-ыг шүүх хурал эхлэхэд 1.300.000 төгрөг гаргаж гайхуулсан гэж бичсэний тухайд өмгөөлөгч шүүх хуралд үгээ хэлэхдээ миний үйлчлүүлэгч С.Э хохирогч С.М-д учирсан 2 үхрийн үнэ 1.300.000 төгрөгийг бэлнээр авчирч ар гэрээс нь надад өгсөн одоо хохирлоо авна гэвэл төлөхөд бэлэн байна гэж хэлж байсан. Шүүх хуралдааны мэтгэлцэх явц дууссан бөгөөд шүүх хуралдаанд шүүгдэгчийн өмгөөлөгч Л.Б нь өөрийн үйлчлүүлэгчийг мал хулгайлах гэмт хэрэг үйлдээгүй харин алдуул мал завшсан гэж мэтгэлцсэнийг шүүх хүлээн аваагүй бөгөөд түүнийг С.М-ын 2 тооны үхрийг хулгайлсан гэм буруутайд тооцож 18 дугаартай шийтгэх тогтоолыг гаргаж 1 жил 03 сарын хорих ялыг оногдуулсан. Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч хохирогчийн гаргасан гомдлын дагуу ... аймгийн Эрүү Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх 2021 оны 03 дугаар сарын 18-ний өдөр 14 дугаартай магадлал гарч хохирогчийн хохирогч хор уршгийг нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээгүй, хохирогчийн алдсан 2 үхрийн төлийг оролцуулаагүй, шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулсан гэж үзэж шийтгэх тогтоолыг хүчингүй болгож хэргийг ... аймгийн Прокурорт буцаан шийдвэрлэснийг өмгөөлөгч Л.Б-ээс зөвшөөрч Улсын дээд шүүхэд гомдол гаргасныг Улсын дээд шүүхийн нийт шүүгчдийн 2022 оны 5 дугаар сарын 25-ний өдрийн хуралдаанаас хяналтын гомдлыг хэлэлцүүлэхээс татгалзсан байна. Хэргийг Прокурорт буцааж мөрдөн шалгах нэмэлт ажиллагаа хийгдэж 2021 оны 10 дугаар сарын 06-ний өдөр С.Э-д холбогдуулан Эрүүгийн 19140066110385 дугаартай хэрэгт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлэхдээ С.Э нь 2018 оны 2 дугаар сарын 20-ний үеэс 2019 оны 03 дугаар сарын 20-ний өдрийн хооронд ... аймгийн ... сумын 2 дугаар баг “...” гэх газраас иргэн С.М-ын сартай бор зүсмийн үнээ, бор тарлан бяруу нийт 2 тооны үхрийг хулгайлан авч 1.100.000 төгрөгийн хохирол учруулсан гэж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн бөгөөд уг хэрэг хэрэг хуваарилах программаас шүүгч Д.Б надад ирсэн юм. Гэтэл хохирогч С.Б шүүгч надаас татгалзсан хүсэлтийг Ерөнхий шүүгчид гаргасан байсан бөгөөд уг хүсэлтийг хангахаас татгалзах тухай Ерөнхий шүүгчийн 2021 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн 381 дугаартай захирамж гарсныг би сүүлд нь мэдсэн. 2021 оны 11 дүгээр сарын 03-ний өдөр шүүх хуралдаан болох талаар товыг гаргасан хохирогч С.Б нь шүүх хуралдаанд гэрч Н.У, З, Энхбат нарыг оролцуулах хүсэлтийг шүүх хуралдаанд гаргасан шүүх хуралдаанд хохирогч С.Б нь гэрч Ч.З, Энхбат нарыг шүүх хуралдаанд оролцуулах хүсэлтээсээ татгалзсан тул шүүх хүсэлтийг хангаж харин Н.У-ыг шүүх хуралдаанд оролцуулсан болно. Шүүх хуралдаан эхлэхийн өмнө шүүх хуралдааныг даргалагч шүүгч миний бие нь шүүх хуралдааны дэгийг танилцуулсан бөгөөд хөтөлсөн тулгасан асуултыг асуухыг хориглох талаар мөн сануулсан. Гэрч Н.У нь хохирогч С.М-ын хүсэлтээр оролцож байгаа тул шүүх хуралдаанд оролцсон гэрчээс хохирогч С.Б эхэлж асуултыг асууж байсан. Асуулт асуух явцад хохирогч нь гэрч Н.У-аас хөтөлсөн тулгасан маягтай асуулт асууж эхэлсэн миний бие дэг сахиулах үүднээс хөтөлсөн тулгасан асуулт асууж байна гэж хэлж асуултыг зогсоолгосон гэхдээ хохирогчийн тулгасан хөтөлсөн асуултын хариултыг гэрч Н.У-аар хариултыг өгүүлсэн юм. Ингээд улсын яллагч, шүүгдэгчийн өмгөөлөгч зэрэг оролцогч нар асуултаа асууж дуусаад миний бие хуралдаанд оролцогч нараас гэрчээс дахин нэмж тодруулах асуулт байгаа эсэх талаар асуухад бүгд өөр асуултгүй талаар илэрхийлсэн тул миний бие гэрч Н.У-т хандаж та шүүх хуралдаанд сууж болно эсвэл ажилтай эсэх талаар асуухад гэрч Н.У нь шүүх хуралдаанд суух шаардлагагүй явах хэрэгтэй байна гэж хэлэхээр нь шүүх хурлаас гаргаж явуулсан юм. 2021 оны 01 дүгээр сарын 15-ний өдөр болсон шүүх хуралдаанд шүүгч С.Э-ийн өмгөөлөгч Л.Б-аас шүүхийн хэлэлцүүлэгт шинээр “хохирогч С.М-ын эхнэр Н-тэй ярилцаж байхдаа нууцаар бичлэг хийж уг яриаг сидинд буулгасан 1 ширхэг сиди” гаргаж өгсөн. Миний бие хуралдаан даргалагчийн хувьд нотлох баримтыг шинжлэн судлах дарааллыг тогтоохдоо улсын яллагч, өмгөөлөгч бусад оролцогч нараас шинжлэн судлах дараалалд өөрчлөлт оруулах, нотлох баримтаас хасуулах шинээр гаргаж өгөх нотлох баримт бий эсэхийг шүүх хуралдаан эхлэхийн өмнө тодруулах ёстой бөгөөд улсын яллагч болон хохирогчийн өмгөөлөгч нар нь уг сиди нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн заалт хүний эрхийг ноцтой зөрчсөн тул нотлох баримтаар тооцуулахгүй байх талаар санал, хүсэлт гаргасныг шүүх хянан хэлэлцээд уг сиди нь хүний эрхийг зөрчсөн хуульд заасан үндэслэл журмаар цуглуулаагүй учир нотлох баримтаар тооцохгүй байхаар шийдвэрлэж тогтоолдоо сидийг устгах талаар тусгасан байсан. Гэхдээ уг шүүх хурлын шийдвэр нь давж заалдах шатны шүүхээс хүчингүй болж хэрэг Прокурорт буцсан тул хэргийг Дээд шүүхээс ирсний дараа сидиний хамт ... аймгийн Прокурорт шилжүүлсэн. С.Э-д холбогдох хэрэг 2021 оны 10 дугаар сарын 06-ний өдөр яллах дүгнэлт үйлдэж ирэхдээ сидиний хамт ирсэн. 2021 оны 11 дүгээр сарын 03-ний өдөр С.Э-д холбогдох шүүх хуралд мөн оролцогч улсын яллагч нь шүүгдэгчийн өмгөөлөгчөөс гаргаж өгсөн сидиг нотлох баримтаар тооцуулахгүй байх саналыг гаргасныг шүүх хүлээн авч уг сиди нь хүний эрхийг зөрчсөн хуульд заасан үндэслэл журмаар цуглуулаагүй учир нотлох баримтаар тооцоогүй шийдвэр гаргасан. Ингээд шүүх хуралдаанаас шүүгдэгч С.Э-г гэм буруутайд тооцож түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1-д зааснаар 1 жилийн хорих ял оногдуулж өмнөх тогтоолоор эдлээгүй үлдсэн ялыг нэмж нэгтгэн 01 жил 06 сар 23 хоногийн хорих ялаар шийтгэсэн 284 дугаартай шийтгэх тогтоол гарсан. Энэ үед Монгол Улсын Их хурлаас Өршөөл үзүүлэх тухай хуулийг баталж хэрэгжиж байсан бөгөөд С.Э-ийн үйлдэл нь уг хуулийн үйлчлэлд хамаарч байсан тул түүнд оногдуулсан хорих ялыг зорчих эрхийг хязгаарлах ялаар дүйцүүлэн сольсон. Шүүх хурлаас хохирогч С.М-аас үнээ алдагдаж үүнээс 3.300.000 төгрөгийн сүү саалийг алдсан гэж мөн үнэлгээний мөнгө 85000 төгрөг төлсөн гэж мэдүүлж байсныг шүүх хүлээн авч сүү саалины алдагдлын мөнгө 3.300.000 үнэлгээний 85000 төгрөг нийт 3.385.000 төгрөгийг С.Э-аас гаргуулахаар шийдвэрлэсэн. Харин хохирогч нь малаа эрж хайж ганданд ном уншуулсан гэх 360.000 төгрөг, аймгийн төвд таксинд явсан бензиний үнэ 841.250 төгрөг нэхэмжилснийг шүүхээс ганданд ном уншуулсан 360.000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож таксины явсны бензиний үнэ 841.250 төгрөгийг хэлэлцэхгүй орхиж иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэлээ дахин гаргах эрхийг нь нээлттэй үлдээж шийдвэрлэсэн. Шүүхээс хэргийг шийдвэрлэхдээ хохирогч С.Б нь 3 үхрээ биетээр авах талаар илэрхийлснийг харгалзаж үнээ 1, эр үхэр 1, бяруу 1 буюу 1.100.000 төгрөг гаргуулж С.М-д олгохоор шийдвэрлэсэн бөгөөд уг шийтгэх тогтоолд залруулга хийлгэх тухай Прокурорын саналыг харгалзан 202112 дугаар сарын 01- ний өдөр 934 дугаартай залруулга хийж уг залруулгад С.М-д олгох хохирлыг хэрхэн олгох талаар тайлбарыг бичсэн залруулга гаргасан. Хохирогч С.Б нь 2021 оны 11 дүгээр сарын 03-ний өдөр болсон шүүх хурлын дараа шүүгч миний биеийг туслах Х.З-ийн өрөөнд орж сидийг устгах талаар даалгавар өгөөд зогсож байсан гэж илт гүтгэж бичсэн байна. Шүүх хурлын дараа миний бие туслахын өрөөнд ороогүй шууд өрөөндөө 2 давхар луу явсан бөгөөд сидийг устгах талаар үүрэг даалгавар өгөөгүй тэгэх ч шаардлага байгаагүй, тийм үндэслэл байхгүй юм. Энэ талаар туслахаар ажиллаж байсан Х.З тодорхой тайлбарыг бичсэнийг хавсаргалаа. Хохирогч С.Б нь энэ шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан бөгөөд давж заалдах шатны шүүхэд хэргийг хүргүүлэхдээ сидийг хэргийн хамт хүргүүлсэн энэ талаар туслахаар ажиллаж байсан Х.З тодорхой тайлбарыг өгсөн бөгөөд хохирогчийн гомдлын дагуу давж заалдах шатны шүүх хурал болж ... аймгийн Эрүү Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2022 оны 01 дүгээр сарын 06-ний өдрийн 02 дугаартай магадлал гарч анхан шатны шүүхийн 2021 оны 11 дүгээр сарын 03-ний өдрийн 284 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээсэн. Б.С Э.С нарт холбогдох 2114000460190 дугаартай хэргийг 2021 оны 8 дугаар сарын 13-ний өдөр яллах дүгнэлт үйлдэж тус шүүхэд ирсэн. Шүүгдэгч Б.С, Э.С нар нь бүлэглэн 2021 оны 01 дүгээр сарын 17-ноос 2021 оны 01 дүгээр сарын 18-нд шилжих шөнө ... аймгийн ... сумын 1 дүгээр багийн нутаг “...” гэх газраас иргэн Н.Б-ын эзэмшлийн 12 тооны сарлагийн үхрийг хулгайлж 9.650.000 төгрөгийн, П.Х, Н.Б нарын эзэмшлийн 18 тооны сарлагийн үхрийг хулгайлж 18.050.000 төгрөгийн, П.Г-ийн эзэмшлийн 3 тооны сарлагийн үхрийг хулгайлж 2.550.000 төгрөгийн, О.Базардарийн эзэмшлийн 2 тооны адууг хулгайлж 1.400.000 төгрөгийн буюу нийт 31.650.000 төгрөгийн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ. Уг хэрэгт хохирогч Н.Б нь гэрчээр болон өөрийнхөө хууль ёсны төлөөлөгчөөр С.Б гэгч хүнийг оролцуулах талаар хүсэлтийг гаргасан. Гэтэл уг хэрэгт С.Б нь хохирогч, гэрч бусад оролцогчоор оролцоогүй мөрдөн шалгах ажиллагааны явцад энэ хүнийг нэг ч асуусан тайлбар авсан зүйл хэрэгт байхгүй. Уг хэргийг ... аймгийн Галуут сумын төвд нээлттэйгээр хийсэн юм. Шүүх хурлын өмнө хохирогч Н.Б-ын хүсэлтийг хангахаас татгалзсан захирамжийг гаргаж хариуг өгсөн. Ингээд шүүхээс Шүүгдэгч Б.С, Э.С нарыг гэм буруутайд тооцож 5 жил 2 сарын хорих ялыг тус тус оногдуулсан. Мөн хохирогч Н.Б-ын нэхэмжилсэн нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн. Хохирогч Н.Б нь хохирол нөхөн төлүүлэх талаар завсарлага авч 2.064.000 төгрөгийг нөхөн төлөхөө харилцан тохирсон туш шүүхээс уг мөнгийг шүүгдэгч нараар хувь тэнцүүлэн төлүүлэхээр шийдвэрийг гаргасан. Уг анхан шатны шүүх хурлын шийтгэх тогтоолыг шуудангаар гардуулсан баримтыг хэрэгт хавсаргасан бөгөөд хохирогч Н.Б нь давж заалдах шатны шүүх хуралдаанд өөрөө оролцсон. Давж заалдах шатны шүүхээс шийтгэх тогтоолыг хэвээр үлдээсэн. Мөн Улсын Дээд шүүх хяналтын гомдлыг хэлэлцэхээс татгалзсан шийдвэрийг тус тус гаргасан байсан. Мөн шүүгдэгч Б.С, Э.С нарын гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан гэх 2 морины үүнэ 1.800.000 төгрөгийг шүүгдэгч тус бүрээр хувь тэнцүүлэн гаргуулж төрийн санд тушаахаар шийдвэрлэсэн. С.Б гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан гэх 2 морины үнэ 1.800.000 төгрөгийг улсад орсон эсэхийг шалгах гэж бичсэн байна. Уг хэрэгт 2 морины үнийг гаргуулахаар гүйцэтгэх хуудсыг 2022 оны 03 дугаар сарын 17-ний өдөр ... аймаг дахь Шүүхийн Шийдвэр гүйцэтгэх газарт гүйцэтгэх хуудсыг бичиж хүргүүлж Шийдвэр гүйцэтгэх газраас Эрүүгийн шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа үүсгэх тухай тогтоолыг гаргасан байна. Мөн С.Б нь шүүгдэгч Б.С-ыг 2022 оны 5 дугаар сард хорих ялыг зорчих эрхийг хязгаарлах ялаар солигдсон энэ шийдвэрүүд Д.Б-ийн шийдвэр гэж хардаж байна гэжээ. Шүүгдэгч Б.С нь шүүхээс оногдуулсан ялыг Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Хорих 423 дугаар ангид ялаа эдэлж байгаад Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын Шүүхийн 2022 оны 04 дүгээр сарын 25-ний өдрийн 40 дүгээр захирамжаар 4 жил 06 сар 20 хоногийн зорчих эрхийг хязгаарлах ялаар сольсон байна. Тэгэхээр С.М-ын намайг хардаж бичсэн нь үндэслэлгүй байгаа юм. Мөн С.Б нь өмгөөлөгч Л.Б Аймгийн Ерөнхий Прокурор Н.А бид нарыг дотно гэр бүлийн найзууд гэжээ. Өмгөөлөгч Л.Б нь урьд нь ... аймгийн Цагдаагийн хэлтэст хэсгийн төлөөлөгч, төлөөлөгчөөр ажиллаж байгаа Улаанбаатар хот руу шилжсэн байсан. Миний бие 1995-2013 онд тус Цагдаагийн хэлтэст мөрдөн байцаагчаар ажиллаж байсан. Гэхдээ би Л.Б-тай ямар ч дотно болоод гэр бүлийн найзууд биш. Энэ цэвэр гүтгэлэг байна. Хамт ажилласан болгоныг хардах юм бол шүүхэд туслах, нарийн бичгийн даргаар ажиллаж байгаад өмгөөлөгч болоод одоо ажиллаж шүүх хуралдаанд орж байгаа өмгөөлөгч нар олон байгаа. Тэр болгоныг хамт ажиллаж байсан гэж хардах нь утгагүй бид тангараг өргөсөн хүмүүс энэ тангарагтаа л үнэнч ажиллаж байна. Би өмгөөлөгч Батбаярыг мэднэ гэхдээ энэ хүн намайг Цагдаад ажиллаж байхад Улаанбаатар хот руу шилжсэн одоо ирж очин өмгөөлөл явуулж байгаа байх гэж бодож байна. Энэ хүнтэй би ах дүүгийн болоод нутаг усны ямар ч холбоо сүлбээ байхгүй. Хэрэв би энэ хүнтэй дотно бол өмгөөлөгч Л.Б-ын өмгөөлж байсан шүүгдэгч Б.С, Э.С нарын хэргийг шүүхдээ тэдний үйлдсэн хэрэг Өршөөлийн хуульд орох хэрэг байсан түүнд би хамруулаагүй шударгаар шийдэж 5 жилээс дээш хорих ял оногдуулсан гэдгийг бас дурдаж байна. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 6 ширхэг үхрийн махыг шүүхийн шийдвэр гарахаас өмнө мөрдөгч борлуулсан байсан тул энэ талаар тогтоолд дурдсан. Энэ хэрэгт өөр эд мөрийн баримт ирээгүй бөгөөд харин хохирол барагдуулах зорилгоор шүүгдэгч нарын гар утас мотоцикл зэргийг хураан авсныг Прокурор хэрэгцээний дагуу буцаан олгох санал гаргаж түүнийг буцаан олгосон. Эдгээр зүйлс нь гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан эд мөрийн баримт биш юм. Аймгийн Прокурор Н.А Улаанбаатар хотын хүн бөгөөд тус аймагт Улаанбаатар хотоос томилогдон ажиллаж байна” гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

С.М-аас “...шүүгч Д.Б-д холбогдуулан шийтгэх тогтоолд хэрэг хийсэн хугацаа, баримтын он сар өдрийг зөрүүлж бичсэн, мөнгөн дүн баримтаас зөрүүтэй, гэрч нарын мэдүүлгийг сольж бичсэн, шийдвэр хүчин төгөлдөр болоогүй байхад нотлох баримт болох сидиг устгасан гэж, шүүгч Б.Б-д холбогдуулан шүүх хуралдааны явцад миний биед халдсан цагдаа шүүх хуралдаан даргалагч даалгавар өгсөн гэж хэлсэн” гэх агуулга бүхий гомдлыг Авлигатай тэмцэх газарт гаргасныг Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтсийн 2022 оны 8 дугаар сарын 10-ны өдрийн 06/10158 дугаар албан бичгээр Шүүхийн сахилгын хороонд шилжүүлж, тус хорооны 2022 оны 9 дүгээр сарын 07-ны өдрийн 1162 дугаар гишүүний захирамжаар Сахилгын хэрэг үүсгэхээс татгалзсан байна. /1хх 2,3, 32-34/

Уг захирамжид өргөдөл гаргагч С.М-аас гомдол гаргасныг Сахилгын хорооны 2022 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн гомдол шийдвэрлэх хуралдаанаар хянан хэлэлцэж, өргөдөл, гомдолд дурдсан “шийдвэрлэсэн эрүүгийн хэргүүд нь шүүгч Д.Б-д хууль зөрчиж хуваарилагдсан, шүүгч шүүгдэгчийн өмгөөлөгчтэй урьд нь хамт ажиллаж байсан, шүүгчээс татгалзсан хүсэлт шийдвэрлээгүй байхад 2021 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн хуралдааныг хохирогчид мэдэгдэхгүй хийх гэж байсан, шүүх хуралдааны явцад хохирогчид мэтгэлцэх боломж олгоогүй, хэл ам муутай гэж доромжилсон, үхрээ зүсээр нь авмаар байна гэхэд шүүгч хохирлыг мөнгөөр үнэлж гаргах хуультай малаар гаргах боломжгүй та 2 тохир гэсэн, шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болоогүй байхад сидиг устгасан, гэрч Н.У-аас асуулт асууж эхлэхэд асуултад хариулахгүй байж болно гэж гэрчид хэлсэн, гэрчийг хуралд суулгаагүй явуулсан, шийтгэх тогтоолд гэрч болон хэргийн оролцогч хэсэгт шүүгдэгчийн эхнэрийн нэрийг бичээгүй, шийтгэх тогтоол алдаатай гарсан, нотлох баримтыг 1 жилээр зөрүүлсэн, хохирогч, иргэний нэхэмжлэгчид 1,100,000 төгрөг олгохоор шийдвэрлэсэн нь ойлгомжгүй, мөнгөн дүн нотлох баримтаас зөрүүтэй бичсэн, хэргийг хугацаанд нь яллаагүй, гэрчийн мэдүүлгүүдийг сольж бичсэн, давахын шүүгч Б.Б-д нөлөөлсөн, улсын орлого болох 1,200,000 төгрөгийг төрийн дансанд тушаагаагүй, хохирогч Н.Б шийтгэх тогтоолоо авч чадаагүй давж заалдах шатны шүүх хуралд оролцсон” гэх үйл баримтуудыг шалгах нь зүйтэй гэж үзэж, 172 дугаар тогтоолоор гишүүний захирамжийг хүчингүй болгож, ... аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Б.Б, ... аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Б нарт холбогдуулан сахилгын хэрэг үүсгэсэн байна. /1хх 62-66/

            Сахилгын хэрэг цугласан баримтуудаас үзэхэд, ... аймгийн прокурорын газраас С.Э-д холбогдох 1914006610385 дугаартай эрүүгийн хэрэгт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг, ... аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Б даргалж 2021 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн шүүх хуралдаанаар хянан хэлэлцэж, 2021/ШЦТ/18 дугаар шийтгэх тогтоолоор “...шүүгдэгч С.Э-г бусдын малыг хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, ...шүүгдэгч С.Э-аас нэг сая нэг зуун мянган /1.100.000/ төгрөг гаргуулж хохирогч С.Мад олгож, ...” шийдвэрлэжээ. /1хх 232-241/

            Дээрх шүүх хуралдаанд улсын яллагч Б.Б, гэрч н.З, шүүгдэгч С.Э, шүүгдэгчийн өмгөөлөгч Л.Б, хохирогч С.М, хохирогчийн өмгөөлөгч Б.Б нар оролцсон болох нь 2021/ШЦТ/18 дугаар шүүх хуралдааны тэмдэглэлээр тогтоогдож байна. /2хх88-98/

Сахилгын хэргийг шалгах ажиллагааны явцад цугларсан нотлох баримтуудаар дараах үйл баримтууд тогтоогджээ.

            Нэг: 2021 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн шүүх хуралдааны явцад шүүгч хохирогчид үг хэлэх мэтгэлцэх боломж олгоогүй, хэл ам муутай гэж доромжилсон гэх өргөдлийн үндэслэлийн тухайд,

            Тус өдрийн шүүх хуралдааны дуу, дүрсний бичлэг, 2021/ШЦТ/18 дугаар шүүх хуралдааны тэмдэглэлээс үзэхэд, шүүгч Д.Б нь шүүх хуралдааныг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.5 дугаар зүйлд заасан эрх хэмжээний хүрээнд даргалж, хуульд заасан дараалал, дэг, журмын дагуу удирдан явуулж, талуудын мэтгэлцэх эрхийг хангаж, хэн алинд нь тайлбар хэлэх боломжийг олгосон байна. Шүүгчээс хохирогчийг хэл ам муутай гэж доромжилсон үг хэллэг хэрэглээгүй буюу үйлдэл, эс үйлдэхүй гаргаагүй байна. /3хх33,34/

            Хоёр: Дээрх шүүх хуралдаанд үхрээ зүсээр нь авмаар байна гэхэд шүүгч хохирлыг мөнгөөр үнэлж гаргах хуультай, малаар гаргах боломжгүй та 2 тохир гэж хэлсэн гэх өргөдлийн үндэслэлийн тухайд,

Сахилгын хэрэгт авагдсан Сидиний Mainfeed_dual_512mp4 нэртэй дуу-дүрсний бичлэгийн 0:05:27 минутад, Даргалагчаас: Шүүх шийдвэр гаргахдаа үнээг нь гаргуулна гэхгүй үнийн дүнгээр нь гаргана гэдгийг ойлгох ёстой. Талууд хоорондоо тохироод үнээгээ авах нь та нарын хоорондын асуудал гэснээр тухайн шүүх хуралдааныг хаасныг мэдэгдсэн болох нь тогтоогдож байна. Ийнхүү даргалагч шүүгчээс Иргэний хуулийн 510 дугаар зүйлийн 510.1-т зааснаар бусдын эд хөрөнгөд гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг арилгахдаа гэм хор учруулахаас өмнө байсан байдалд нь сэргээх /адил нэр, төрөл, чанарын эд хөрөнгө өгөх, гэмтсэн эд хөрөнгийг засах зэргээр/ буюу учирсан хохирлыг мөнгөөр нөхөн төлнө гэж заасан зохицуулалтын хүрээнд хохирлын хэмжээг хэрхэн тооцох талаар тайлбарласан нь сахилгын зөрчилд тооцогдохгүй.

Гурав: Дээрх шийтгэх тогтоолд нотлох баримтыг 1 жилээр зөрүүлж бичсэн, хохирогч, иргэний нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэсэн нь хохирлын хэмжээ ойлгомжгүй, мөнгөн дүнг нотлох баримтаас зөрүүтэй бичсэн, гэрчээр шүүгдэгчийн эхнэр н.Золзаяа оролцсон боловч тогтоолд тусгаагүй гэх өргөдлийн үндэслэлийн тухайд,

2021 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн 2021/ШЦТ/18 дугаар шийтгэх тогтоолын 1 дүгээр нүүрэнд үйлдсэн хэргийн талаар хэсэгт “...1,300,000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ” гэж бичсэн байх боловч шүүгч техникийн шинжтэй алдаа гаргасан гэж үзэхээр байна. Учир нь Шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт, “...шүүгдэгч С.Э-аас 1,100,000 төгрөг гаргуулж хохирогч С.М-д олгохоор...” шийдвэрлэж гэж мөнгөн дүнг зөв бичсэн байна.

Мөн уг шийтгэх тогтоолын 7 дугаар хуудсанд “...2019 оны 11 дүгээр сарын 23-24-нд шилжих шөнө бусдын үхрийг хулгайлсан гэмт хэрэг үйлдсэн” гэж гэмт хэрэг үйлдсэн огноог буруу бичсэн байх боловч дээрх хугацааг буруу бичсэнээр эрх зүйн үр дагавар шууд үүсгэхгүй талаар дүгнэсэн илтгэгч гишүүний санал үндэслэлтэй. Энэ нь гэмт хэрэг үйлдсэн этгээдийн гэм буруу, түүнээс гаргуулсан хохирлын хэмжээнд нөлөөлөөгүй байна.

2021 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн шүүх хуралдаанд гэрчээр н.Золзаяа оролцож, гэрчийн мэдүүлэг өгсөн болох нь тус өдрийн 2021/ШЦТ/18 дугаар шүүх хуралдааны тэмдэглэлээр тогтоогдож байна. Харин 2021/ШЦТ/18 дугаар шийтгэх тогтоолд гэрч н.З-ийн нэрийг бичээгүй, орхигдуулсан байх боловч энэ нь хуулийн илт тодорхой заалтыг ноцтой зөрчсөн зөрчилд тооцогдохгүй юм.

Нөгөөтэйгүүр, дээрх шийтгэх тогтоолд хохирогч С.Б гомдол гаргасныг ... аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2021 оны 3 дугаар сарын 18-ны өдрийн шүүх хуралдаанаар тус шүүхийн Ерөнхий шүүгч Б.Б, шүүгч Л.Н, Ч.Э нарын бүрэлдэхүүнтэйгээр хянан хэлэлцэж 2021/ДШМ/14 дүгээр магадлалаар дээрх шийтгэх тогтоолыг бүхэлд нь хүчингүй болгож, хэргийг прокурорт буцааж шийдвэрлэсэн байна. /1хх125-128/

Дөрөв: “...өргөдөл гаргагчаас шүүгч Б.Б-д холбогдуулан шүүх хуралдааны явцад миний биед халдсан цагдаа шүүх хуралдаан даргалагч даалгавар өгсөн гэж хэлсэн” гэх өргөдлийн үндэслэлийн тухайд,

2021 оны 3 дугаар сарын 18-ны өдрийн давж заалдах шатны шүүх хуралдаанд прокурор Б.Б, хохирогч С.М, шүүгдэгч С.Э, шүүгдэгчийн өмгөөлөгч Л.Б нар оролцсон болох нь мөн өдрийн ТЭ/213/2021/ДШМ/14 дүгээр шүүх хуралдааны тэмдэглэлээр тогтоогдож байна. /2хх111-115/

Тус өдрийн шүүх хуралдааны дуу-дүрс бичигдсэн Mainfeed_dual512 бичлэгийн 0:24:37 минутад хохирогч тайлбараа хэлж байхад, шүүгдэгчийн өмгөөлөгчөөс: өөр юм яриад байна гэж хэлэхэд, Даргалагч шүүгчээс: алхаа тогшиж, өмгөөлөгчид хандаж чимээгүй байя, хохирогчоо хүндэтгэе гэжээ, 0:29:06 минутад шүүгдэгчийн өмгөөлөгчөөс: та дэгээ сахиулаач гэж хэлэхэд, 0:29:07 минутад дэг сахиулагч цагдаа босож хохирогчийн гарт 2 удаа хүрсэн байна, 0:29:11 минутад шүүгдэгчийн өмгөөлөгчөөс: өөр юм яриад байна ш дээ гэхэд даргалагчаас: гомдолтой хүн гомдлоо яриад байгаа юм биш үү гэв, шүүгдэгчийн өмгөөлөгчөөс: дахиад яриад байна ш дээ гэхэд даргалагчаас: тэр асуудал чинь тусдаа юмаа. Та сууж болох уу гэжээ. Ийнхүү хохирогч үргэлжлүүлэн ярьж байна. 0:30:12 минутад даргалагчаас: хэрэгт ач холбогдолтой юм яръя. Энд хамаагүй юм ярихгүй гэхэд дэг сахиулагч цагдаа босож ирэн хохирогчийг суулгахаар биед нь хүрэв. 0:30:35 минутад бүрэлдэхүүн шүүгчээс: дэг сахиулагч цагдаа юм хэлье. Энд шүүгчээс яриулж байгаа, дуусга гэсэн команд өгөөгүй байхад битгий хүнийг хүчээр суулгаад бай гэж хэлсэн болох нь тогтоогдож байна.

2021 оны 5 дугаар сарын 20-ны өдрийн Хууль зүй, дотоод хэргийн сайд, Шүүхийн ерөнхий зөвлөлийн хамтарсан А/116/65 дугаар тушаалаар батлагдсан Шүүх хуралдааны дэг сахиулах, шүүх, шүүгч, шүүх бүрэлдэхүүн,шүүх хуралдаанд оролцогчийн аюулгүй байдлыг хангах журмын 3.1-т Цагдаагийн байгууллага шүүх хуралдааны дэг сахиулах, шүүгч, шүүх бүрэлдэхүүн, шүүх хуралдаанд оролцогчдын аюулгүй байдлыг хангах, шүүн таслах ажиллагааг тасралтгүй хэвийн явуулах нөхцөлийг бүрдүүлнэ гэж, 3.9-т шүүх хуралдааны дэг сахиулах ажиллагааг хамгаалалтын офицер, хамгаалалтын цагдаа хэрэгжүүлэх талаар зохицуулжээ.

Дээрх журмын дагуу хамгаалалтын цагдаа шүүх хуралдаанд оролцож, дэг сахиулах ажиллагааны хүрээнд хохирогчийг суулгах зорилгоор хэд хэдэн удаа түүний биед хүрсэн байна. Түлхэж унагааж, хүч хэрэглэсэн үйлдэл гаргаагүй байна. Харин бүрэлдэхүүн шүүгч нарын зүгээс өргөдөлд дурдсанчлан цагдаад хохирогчийн биед хүрэхийг даалгасан гэх байдал тогтоогдохгүй байна. Ийнхүү шүүгч Б.Б нь хуульд заасан бүрэн эрх хэмжээний хүрээнд хэргийн оролцогчоос гаргасан гомдлын дагуу шийтгэх тогтоолыг давж заалдах журмаар хянаж, Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4.2, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1.3-т заасны дагуу хэргийг даргалж шийдвэрлэсэн нь сахилгын зөрчилд тооцогдохгүй.

Дээрх 2021 оны 3 дугаар сарын 18-ны өдрийн 2021/ДШМ/14 дүгээр магадлалд шүүгдэгчийн өмгөөлөгч Л.Б хяналтын журмаар гомдол гаргасныг Монгол Улсын дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхимын нийт шүүгчийн 2021 оны 5 дугаар сарын 25-ны өдрийн 106 дугаар тогтоолоор хэлэлцэхээс татгалзсан байна. /1хх129/

Улмаар ... аймгийн прокурорын газраас 2021 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн 258 дугаар яллах дүгнэлт үйлдэж, С.Э-ийн үйлдсэн 2018 оны 12 дугаар сарын 20-ны үеэс 2019 оны 3 дугаар сарын 20-ны өдрийн хооронд ... аймгийн Галуут сумын 2 дугаар багийн багийн нутаг Овоот гэх газраас иргэн С.М-ын малыг хулгайлан авч 1,100,000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэхээр тогтоож, хэргийг шүүхэд шилжүүлжээ. /1хх140-143/

Тав: Шүүгчээс татгалзсан хүсэлт шийдвэрлээгүй байхад 2021 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн хуралдааныг хохирогчид мэдэгдэхгүй хийх гэж байсан гэх өргөдлийн үндэслэлийн тухайд,

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хохирогч С.Б нь шүүгч Д.Б, шүүгдэгчийн өмгөөлөгч Л.Б нар өмнө нь хамт ажиллаж байсан гэх үндэслэлээр шүүгч Д.Б-ийг хэргийг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцуулахаас татгалзсаныг тус шүүхийн 2021 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн 2021/ЕШЗ/381 дүгээр Ерөнхий шүүгчийн захирамжаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 10.1 дүгээр зүйлийн 1.4-т заасан үндэслэлд хамаарахгүй байна гэж үзэж хүсэлтийг хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэжээ. /1хх145,146/

Ингээд 2021 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн ШЗ/838 дугаар шүүгчийн захирамжаар яллагдагчийг шүүхэд шилжүүлж, хэргийн хянан хэлэлцэх шүүх хуралдааныг 2021 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр явуулахаар товлон зарлажээ. /2хх148,149/

Тус өдрийн шүүх хуралдаанд улсын яллагч Б.Б, хохирогч С.М, гэрч Н.У, шүүгдэгч С.Э, түүний өмгөөлөгч Л.Б  нар оролцсон болох нь 2021/ШЦТ/284 дүгээр тэмдэглэлээр тогтоогдож байна. Харин өргөдөлд дурдсанчлан хохирогчид мэдэгдэхгүй шүүх хуралдааныг хийх гэж байсан гэх үйл баримт сахилгын хэрэгт цугласан баримтаар тогтоогдохгүй байна. /2хх152-166/

Түүнчлэн, шүүгчийг татгалзсан үндэслэл болох шүүгч Д.Б, шүүгдэгчийн өмгөөлөгч Л.Б нар өмнө нь хамт ажиллаж байсан гэх үндэслэлийг өргөдөлдөө дурдсан байх бөгөөд энэ талаар шүүгч Д.Б тайлбартаа 1995-2013 онд ... аймгийн Цагдаагийн хэлтэст мөрдөн байцаагчаар ажиллаж байсан болохоо тайлбартаа дурдаж, өмгөөлөгч Л.Б өмнө нь мөн тус цагдаагийн хэлтэст ажилладаг байсныг мэднэ хамт ажиллаж байгаагүй. Улаанбаатар хот руу шилжсэн, ямар ч ойр дотно болон гэр бүлийн найзууд биш цэвэр гүтгэлэг байна гэжээ. Л.Б гэрчийн мэдүүлэгтээ 2007 оноос ... дүүргийн Цагдаагийн хэлтэст 2012 онд гавьяаныхаа амралтад гартлаа ажилласан, Д.Б мөрдөн байцаагчаар ажиллаж байсан нэг тасаг, албанд ажиллаж байгаагүй, гэр орноороо орж гардаг дотно холбоо байгаагүй, хэргээс болж маргалдаж байсан гэж мэдүүлсэн байна. /2хх20-22/

2021 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн 2021/ШЦТ/284 дүгээр шийтгэх тогтоолоор “...шүүгдэгч С.Э-г бусдын малыг хулгайлах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, ... Иргэний хуулийн 510.1-д зааснаар шүүгдэгч С.Э-аас үнээ 1, эр үхэр 1, бяруу 1 буюу нэг сая нэг зуун мянган /1.100.000/ төгрөг, сүү саалийн үнэ гурван сая гурван зуун наян тав /3.385.000/ төгрөгийг гаргуулж хохирогч С.Мад ... гаргуулж, Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1, 3, 4-т тус тус зааснаар шүүгдэгч С-ийн гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан 2 морины үнэ нэг сая хоёр зуун мянга / 1.200.000 / төгрөгийг гаргуулж улсын төсөвт шилжүүлэхийг ... аймаг дахь Шүүхийн Шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1.4-т зааснаар сидиг шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсны дараа устгахыг Шүүхийн Тамгын газарт даалгаж, ...” шийдвэрлэжээ.

Тус шүүхийн 2021 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн 2021/ШЗ/934 дүгээр шүүгчийн захирамжаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.14 дүгээр зүйлийн 1-т “Шүүхийн шийдвэрт үг, үсэг, тоо, тооцооны зэрэг техникийн шинжтэй гарсан алдааг залруулах талаар улсын яллагчийн санал, шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч хүсэлт шүүхэд гаргаж, эсхүл шүүх өөрийн санаачилгаар залруулж болно.” гэж зааснаар дээрх шийтгэх тогтоолын тодорхойлох хэсэгт “...шүүгдэгч С.Э-аас 1 эр үхэр, үнээ 1, бяруу 1 буюу эсхүл алдагдсан малын үнэ болох 1,100,000 төгрөгийг гаргуулж, хохирогч С.М-д олгохыг ... аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж шийдвэрлэлээ” гэж залруулсан байгаа нь сахилгын зөрчилд тооцогдохгүй юм. /1хх16,17/

Зургаа. Шүүх хуралдааны явцад гэрч Н.У-аас асуулт асууж эхлэхэд асуултад хариулахгүй байж болно гэж гэрчид хэлсэн, гэрчийг хуралд суулгаагүй явуулсан гэх өргөдлийн үндэслэлийн тухайд,

2021 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн шүүх хуралдааны дуу-дүрсний бичлэг бичигдсэн сидиний mainfeed_dual_512mp4 нэртэй бичлэгт даргалагчаас: та гэрчээс тайлбарлаж асуухгүй, хөтөлж асуухгүй гэж сануулж байгаа нь бичигдсэн байх бөгөөд хохирогч С.М-аас: би танай гэрийн гадаа үхрээ сураад очиход чи мэдэж байсан хэр нь яах гэж худлаа хэлсэн юм. Чи мэдэж байгаа тэр бяруутай үхрийг чи мөнгийг нь өгсөн мэдэж байгаа. Танайд 2 хүн очсон байсан. Тэр 2 хүн юу гэж хэлснийг хэлээдэх дээ гэж асууж даргалагч шүүгч та хэрэгтэйгээ холбоотой асуулт асууна уу гэж хэлсэн байна. Шүүх хуралдааны явцад гэрчээс тайлбар мэдүүлгийг авч дууссаны дараа даргалагч шүүгч гэрч та одоо явж болно гэж хэлсэн болох нь тогтоогдож байна. /3хх35,36/

Даргалагч шүүгчээс Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 25.1 дүгээр зүйлийн 13-т “Мэдүүлэг авах үед хөтөлж, эсхүл тулгаж асуулт тавихыг хориглоно.” гэж заасан зохицуулалтын хүрээнд шүүх хуралдааны явцад гэрчээс асуулт асууж мэдүүлэг авахтай холбогдуулан уг хуулийг хохирогчид сануулсан байна. Мөн хуулийн 35.14 дүгээр зүйлийн 5-д гэрчээс мэдүүлэг авч дууссаны дараа түүнийг танхимд суулгаж болох талаар зохицуулсан ба гэрч шүүх хуралдааныг дуустал танхимд заавал суухыг хуулиар үүрэг болгоогүй. Иймд гэрч мэдүүлгээ өгч дууссаны дараа даргалагч танхимаас гарч болох зөвшөөрөл өгснийг хууль зөрчсөн гэж үзэхгүй.

Долоо. Гэрчийн мэдүүлгүүдийг сольж бичсэн гэх өргөдлийн үндэслэлийн тухайд,

2021 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн 2021/ШЦТ/284 дүгээр шийтгэх тогтоолын 4 дэх нүүрт иргэний нэхэмжлэгч Х.С мөрдөн байцаалтын шатанд өгсөн гэрчийн мэдүүлэг, гэрч Н.У-ын мэдүүлгүүдийг хольж, давхцуулж бичсэн байх боловч утга, агуулгын хувьд алдаагүй байна. Энэ нь шүүхийн шийдвэрт нөлөөлөхүйц хуулийн илэрхий, тодорхой заалтыг ноцтой зөрчсөн зөрчилд хамаарахгүй талаар дүгнэсэн илтгэгч гишүүний санал үндэслэлтэй. /1хх155-156/

Дээрх шийтгэх тогтоолыг хохирогч С.М, шүүгдэгч С.Э нар эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргасныг ... аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2022 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн шүүх хуралдаанаар Ерөнхий шүүгч Б.Б даргалж, шүүгч Б.А, Т.Ж нарын бүрэлдэхүүнтэйгээр хянан хэлэлцэж 2022/ДШМ/02 дугаар магадлалаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж шийдвэрлэжээ. /2хх4-8/ Уг магадлалд хохирогч С.Б гомдол гаргасан боловч Монгол Улсын Дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхимын 2022 оны 3 дугаар сарын 11-ний өдрийн нийт шүүгчийн хуралдааны 188 дугаар тогтоолоор хяналтын гомдлыг хэлэлцүүлэхээс татгалзсан үйл баримт болжээ. /2хх11/ Иймд 2021 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн 2021/ШЦТ/284 дүгээр шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болжээ.

Найм: Улсын орлого болох 1,200,000 төгрөгийг төрийн дансанд тушаагаагүй гэх өргөдлийн үндэслэлийн тухайд,

2021 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн 2021/ШЦТ/284 дүгээр шийтгэх тогтоолын 12 дугаар хэсэгт “...шүүгдэгч С.Э-ийн гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан 2 морины үнэ 1,200,000 төгрөгийг гаргуулж, улсын төсөвт шилжүүлэхийг даалгасан” байна. Сахилгын хэрэгт авагдсан 2022 оны 6 дугаар сарын 03-ны өдрийн 86 дугаар Эрүүгийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа дуусгавар болсон тухай тогтоолоор гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан 2 морины үнэ 1,200,000 төгрөг улсын орлого болгосон болох нь тогтоогдож байна. /1хх172/

Ес. Шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болоогүй байхад сидиг устгасан гэх өргөдлийн үндэслэлийн тухайд

2021 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн 2021/ШЦТ/284 дүгээр шийтгэх тогтоолын 13 дугаар хэсэгт “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1.4-т зааснаар сидиг шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсны дараа устгахыг Шүүхийн тамгын газарт даалгаж” шийдвэрлэжээ.

... аймаг дахь Шүүхийн тамгын газрын Эд мөрийн баримт шийдвэрлэх комиссын хуралдаан 2022 оны 10 дугаар сарын 27-ны өдөр болж 2017-2021 оны үлдэгдэл эд мөрийн баримтуудыг цэгцлэх, 2022 оны 2, 3 дугаар улиралд шийдвэрлэсэн хэргийн эд мөрийн баримтуудыг хэлэлцэж, жагсаалтын дагуу устгах ажлыг 2022 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр явуулахаар тогтжээ. Уг жагсаалтад 2022 оны 3 дугаар сарын 11-ний өдрөөс хуулийн хүчин төгөлдөр болсон 2021 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн 2021/ШЦТ/284 дүгээр шийтгэх тогтоолтой, С.Э шүүгдэгчтэй, 1914006610385 дугаартай хэрэгт хураагдсан эд мөрийн баримт болох 1 ширхэг сидиг устгахаар тусгагдаж, устгасан болох нь уг жагсаалтад бичсэн тэмдэглэгээ, гэрэл зургаар тогтоогдож байх тул шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болоогүй байхад сидиг устгасан гэх өргөдөл үндэслэлгүй. /2хх44-59/

Түүнчлэн, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг давж заалдах шатны шүүхээс Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1,3 дахь хэсэгт тус тус заасан эрх хэмжээний хүрээнд гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянасан байх бөгөөд шүүгч Д.Б нь тус хэргийг хууль бусаар даргалж, шийдвэрлэсэн гэж үзэхгүй. Мөн өргөдөл гаргагчаас шүүгч Д.Б, ... аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч. Б.Б-д нөлөөлсөн гэж хардаж байна гэж өргөдөлдөө дурдсан байгаа нь сахилгын хэргийг шалгах ажиллагааны явцад цугласан баримтаар тогтоогдоогүй.

Арав. Хохирогч Н.Б шийтгэх тогтоолоо авч чадаагүй давж заалдах шатны шүүх хуралд оролцсон гэх өргөдлийн үндэслэлийн тухайд,

... аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн шүүх хуралдаанаар Б.С, Э.С нарт холбогдох 2114000460190 дугаартай бусдын олон тооны малыг бүлэглэн хулгайлсан гэх эрүүгийн хэргийг тус шүүхийн шүүгч Д.Б даргалан хянан хэлэлцэж 2021/ШЦТ/270 дугаар шийтгэх тогтоолоор шийдвэрлэжээ. Уг эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд өргөдөл гаргагч С.Б оролцоогүй байна.

Дээрх шийтгэх тогтоолыг хохирогч Н.Бын хаягаар 2021 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр хүргүүлсэн болох нь шийтгэх/цагаатгах тогтоол гардуулсан, танилцуулсан баримтаар тогтоогдож байна. /3хх14/ Улмаар хохирогч Н.Б нь 2022 оны 12 дугаар сарын 07-ны өдөр давж заалдах шатны шүүх хуралдаанд өмгөөлөгч Г.Ч хамт оролцсон болох нь тус өдрийн 2021/ДШМ/78 дугаар магадлал, шүүх хуралдааны тэмдэглэлээр тогтоогдож байна. /3хх18-32/

Ийнхүү шүүгч Д.Б, Б.Б нар нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулж, хэргийг шийдвэрлэсэн нь Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 50, 51.1, 52, 53 дугаар зүйлд заасан хориглосон, хязгаарласан, үүрэг болгосон зохицуулалтыг зөрчсөн гэж үзэх үндэслэл болохгүй. Иймээс сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох саналыг хүлээн авч, сахилгын хэргийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж бүрэлдэхүүн үзэв.

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 112 дугаар зүйлийн 112.1, 112.1.2, 112.6, 112.8 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүхийн сахилгын хорооны гишүүний 2022 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн 161 дүгээр Сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох саналыг хүлээн авч, С.М-ын өргөдлөөр үүссэн ... аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч. Б.Б, ... аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Б нарт холбогдох сахилгын хэргийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 112 дугаар зүйлийн 112.6 дахь хэсэгт зааснаар магадлал гаргаснаас хойш 14 хоногийн дотор сахилгын хэргийн оролцогч болон өргөдөл, мэдээлэл гаргагчийн оршин суугаа газрын эсхүл ажлын газрын хаягаар баталгаат шуудангаар, эсхүл ажлын албаны ажилтнаар хүргүүлэхийг ажлын албанд даалгасугай.

3. Магадлалыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Сахилгын хороонд хэргийн оролцогч гомдол, илтгэгч гишүүн эсэргүүцэл гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Дээрх журмаар хүргүүлснээр магадлалыг гардан авсанд тооцох ба энэ нь гомдол гаргах хугацааг тоолох үндэслэл болохыг тайлбарласугай.

 

                        ДАРГАЛАГЧ                                                С.ЭНХТӨР

                        ГИШҮҮД                                                        Д.МЯГМАРЦЭРЭН

                                                                                                Д.ЭРДЭНЭЧУЛУУН