МОНГОЛ УЛС
ШҮҮХИЙН САХИЛГЫН ХОРОО
МАГАДЛАЛ
2022-12-13
Дугаар 261
Улаанбаатар хот
Сахилгын хэргийг хэрэгсэхгүй
болгох тухай
Шүүхийн сахилгын хорооны гишүүний 2022 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн 154 дүгээр “Сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох санал”-ыг гишүүн Б.Сугар илтгэснээр хянан хэлэлцээд ТОДОРХОЙЛОХ нь:
Сахилгын хорооны гишүүн Б.Сугар сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох саналдаа: “...Шүүгч Р.С нь 2022 оны 10 дугаар сарын 03-ны өдөр “Хүсэлт шийдвэрлэж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг түдгэлзүүлэх тухай” .../Ш32022/02972 дугаар захирамжаар нэхэмжлэгчийн гэрч асуулгах тухай хүсэлтийг хангахаас татгалзаж, өөрийн А-5 маркийн гар утсанд үзлэг хийлгүүлэх, хариуцагчийн ... аймгийн Мөрөн сумын 7 дугаар багийн 17 дугаар гудамжны 01 тоот хаягт байршилтай үл хөдлөх эд хөрөнгөд үнэлгээ хийлгүүлэх хүсэлтийг тус тус хангаж, шинжээчийн дүгнэлт ирэх хүртэл хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг түдгэлзүүлж шийдвэрлэхдээ хуулиар бүрэн эрх олгосон хуулийн заалтыг хэрэглэсэн байх бөгөөд хуульд заасан бүрэн эрхийн хүрээнд хуулийн холбогдох заалтыг баримтлан захирамж гаргаж хүсэлт шийдвэрлэснийг хуулийн илэрхий тодорхой заалтыг ноцтой, эсхүл удаа дараа зөрчсөн гэж үзэхгүй. Шүүхийн сахилгын хороо нь шүүгчийн захирамжийн хууль зүйн үндэслэлд дүгнэлт хийх, хянах, өөрчлөх, хүчингүй болгох эрх хэмжээгүй, хуулиар харьяалуулсан бүрэн эрхэд хамааралгүй асуудал юм. Өөрөөр хэлбэл шүүгчийн захирамжийг хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байсан эсэхийг Шүүхийн сахилгын хороо тогтоож хянах, шалгах эрхгүй, бүрэн эрхэд хамааралгүй, харьяаллын бус асуудал ба хэрэв шүүгчийн захирамжийг эс зөвшөөрвөл хэн гомдол гаргах, уг гомдлыг хэрхэн шийдвэрлэх, хянахыг холбогдох хуулиар нарийвчлан зааж өгч зохицуулсан. Сахилгын хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтаар нэхэмжлэгч Д.Ц нь дээрх 2972 дугаар захирамжийг эс зөвшөөрч гомдол гаргасныг ... аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх 2022 оны 10 дугаар сарын 19-ний өдөр хуульд заасны дагуу гурван шүүгчийн бүрэлдэхүүнтэйгээр хянан хэлэлцэж “Гомдол хэлэлцсэн тухай” .../ШТ2022/00028 дугаар тогтоолоор 02972 дугаар захирамжийг хэвээр үлдээж, нэхэмжлэгч Д.Ц-ийн гаргасан гомдлыг хангалгүй орхисон болох нь баримтаар нотлогдон тогтоогдож байна. Шүүгч хуулиар олгосон бүрэн эрхийнхээ хүрээнд захирамж гаргасан энэхүү үйл баримтыг шүүгч хуулийн илэрхий тодорхой зүйл заалтыг ноцтой, эсхүл удаа дараа зөрчсөн гэж үзэхгүй.
“... шүүх хуралдаанд гэрчээр оролцуулж, асуулт асуухыг хүсэж хүсэлт гаргасны төлөө шүүгч уурлаж, үгээр дайрч, загнаж зандран, одоо гэнэт хүсэлт гаргаад байгаа юм уу гэх асуултыг удаа дараа асууж, өмнө нь энэ хүсэлтээ гаргах боломж байсан гэх зэргээр зандарч, алхаа хүчтэй удаа дараа чанга цохиж наад хүн чинь гэх зэргээр зүй бус үг хэллэгээр дайрч, миний тайван чөлөөтэй байх эрхэнд халдаж, шүүх хуралд өөрийн үзэл бодол тайлбараа хэвийн тайван сэтгэхүйгээр илэрхийлэх боломж олгохгүй, сэтгэл зүйн хувьд хэвийн байдлаа алдтал айж, балмагдуулж цочролд оруулж шүүх хурлыг удирдан явуулж ёс зүйгүй загнасан, ... хамгийн ноцтой зөрчил нь шүүгч Р.С хариуцагч талд танай талаас хөрөнгийн үнэлгээ хийлгэх хүсэлт гаргах уу, бичээд өгчих, одоо бичиж амжих нь уу гэж илтэд нөгөө талд зөвлөгөө үйлчилгээ үзүүлсэн... шүүхэд ямар нэг хүсэлт болон нэхэмжлэлийн шаардлагаа өөрчлөх тухайгаа хэлээгүй байхад шүүгчээс хариуцагч болон түүний өмгөөлөгчид хөрөнгө үнэлүүлэх тухай хүсэлт гаргах тухай зөвлөгөө үйлчилгээ үзүүлсэн нь процессын ноцтой алдаа ... хариуцагч талд илт давуу байдал гаргасан нь нэхэмжлэгч талын шүүхийн өмнө эрх, тэгш байх эрхийг ноцтой зөрчсөн ... мэтгэлцэх зарчмаар хангаагүй нэхэмжлэгч талаас гэрч оролцуулах тухай хүсэлт гаргасныг хангаагүй боловч шүүх хурлыг үргэлжлүүлэн явуулахгүй шүүх хуралдааныг хойшлуулж, нэхэмжлэгч талыг үг хэлэх, гаргасан хүсэлтийн хүрээнд тайлбарлах боломжоор хангаагүй шууд зандарч, загнаж чи шүүх хурал хойшлуулах гэж орж ирсэн юм уу гэх зэрэг үг хэлээр дайрсан...” гэх өргөдлийн үндэслэлийн тухайд:
Шүүх хуралдааны бичлэгийг үзэж шүүгч өргөдөлд дурдсан үйлдэл, үг хэл, төрх байдлыг гаргасан эсэх талаар нягталж хуралдааны бичлэгт үзлэг хийхэд шүүх хуралдаан даргалагч, шүүгч Р.С нь шүүх хуралдааныг хуульд заасан дараалал, дэг, журмын дагуу удирдан явуулж байх ба шүүгчийн зүгээс ямар нэгэн байдлаар биеийн хэлэмж, өөрийн үг хэл, үйлдлээрээ хэргийн оролцогчдыг загнасан, уурлаж, үгээр дайрч, зандарч, алхаа хүчтэй удаа дараа чанга цохиж хэргийн оролцогчдыг зүй бус үг хэллэгээр дайрч, үг хэлэх эрхийг хааж боож ёс зүйгүй авирласан гэх үйл баримт тогтоогдоогүй болно. Мөн даргалагч шүүгч хөрөнгийн үнэлгээ хийлгэх хүсэлт байгаа эсэхийг шүүх хуралдааны явцад талуудаас асууж байх бөгөөд эхэлж нэхэмжлэгчээс дараа нь хариуцагчаас хэн алинаас нь асууж тодруулсан болох нь бичлэгт тодорхой, ойлгомжтой бичигджээ. Даргалагч шүүгч талуудад хүсэлт байгаа бол бичиж өгөх шаардлагатай гэдгийг шүүх хуралдаан дээр сануулж байх бөгөөд энэ нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа удаашрахаас сэргийлсэн, удаа дараа шүүх хуралдаан хойшлох үндэслэл болохоос зайлсхийж, шүүх хуралдаан хойшилсон тохиолдолд дараагийн товлон зарлагдах шүүх хуралдааны бэлтгэл хангахтай холбоотой хэлсэн гэж ойлгогдохоор байсан болно. Монгол Улсын Үндсэн хууль болон холбогдох бусад хууль тогтоомжуудад гэр бүлтэй холбоотой харилцааг зохицуулсан зохицуулалт нь хүмүүнлэг, иргэнлэг байдлыг хуульчлан хамгаалж, бэхжүүлэхийг зорьсон байх ба гэр бүлийн тэр дундаа насанд хүрээгүй гэр бүлийн гишүүд болох хүүхдийн эрх ашгийг онцгойлон анхаарч хамгаалахаар тусгайлан хуульчлан зааж өгч нарийвчлан зохицуулсан байдаг болно. Тус сахилгын хэргийн тухайд өргөдөл гаргагч нь иргэн Д.Ц бөгөөд иргэний хэргийн тухайд нэхэмжлэгч, түүний шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага нь “гэрлэлт цуцлуулж, хүүхдийн асрамж тогтоолгох”, хариуцагч нь иргэн Ж.Л ба хэдий тэдний гэр бүлээ цуцлуулах маргаан боловч энэхүү гэр бүлийн маргаанд гэр бүлийн бусад гишүүд болох насанд хүрээгүй хүүхдүүд болох охин Ц.Ц, охин Ц.Ц нарын эрхийн асуудал хөндөгдөж байгаа тул шүүх хүүхдүүдийн эрхийн асуудлыг онцгойлон анхаарч харгалзан үзэх ёстой, тийм ч үүрэгтэй. Шаардлагатай тохиолдолд шүүхийн зүгээс эдгээр хүүхдийн эрхийг хамгаалах бүх талын арга хэмжээг авч хэрэгжүүлэх ёстой төдийгүй үүрэгтэй болохыг хуульчлан заасан байдаг болно. Иймээс хүүхдүүдийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хангахын тулд тэдний хүсэлт хэрэгцээ шаардлага, ирээдүйн амьдралынх нь баталгаа болж болзошгүй эд хөрөнгийн асуудлын талаар шүүхээс шаардлагатай тохиолдолд өөрийн санаачилгаар асууж тодруулах үүрэгтэй, шүүгч хүүхдүүдийн эрхийн төлөө хүсэлтийн талаар асууж тодруулж нөхцөл байдлыг тодорхой ойлгомжтой болгохыг зорьсон байдлыг буруутгах үндэслэлгүй бөгөөд зөрчил гаргасан гэж үзэхгүй, түүний үйлдэл шүүгч хүний хувьд хууль ёсны төдийгүй шударга ёс, хүн ёсны үүднээс зайлшгүй хийх ёстой үйл баримт гэж үзэхээр байгаа болохыг тухайлан дурдах нь зүйтэй байна. Өргөдөлд дурдсан шиг гагцхүү хариуцагчаас л асуусан гэх үйл баримт болоогүй нэхэмжлэгчээс эхэлж асуугаад дараа нь хариуцагчаас асууж байгаа болох нь шүүх хуралдааны бичлэгээс харагдаж байна. Үр хүүхдээ эрүүл, аюулгүй орчинд өсгөж хүмүүжүүлэх нь эцэг, эхийн хэн алиных нь журамт үүрэг болохыг Монгол Улсын Үндсэн хууль, холбогдох бусад хууль тогтоомжид заасан. Гэр бүлээ цуцлуулахаар шүүхэд маргаан үүсгэсэн нэхэмжлэгч нь тухайн өрх гэрийн тэргүүн буюу иргэн Д.Ц, сөрөг нэхэмжлэл гаргагч нь эхнэр Ж.Л нарын хоорондын гэр бүлийн маргаан мэт боловч энэ маргаан нь гэр бүлийн бусад гишүүд болох насан хүрээгүй хүүхдүүд болох Ц.Ц, Ц.Ц нарт хамааралтай, тэд хуульд заасан эрхээ хамгаалах эрх зүйн бүрэн чадамжгүй тул шүүхээс тэдний эрхийг эрхэмлэн хамгаалах нь зүйн хэрэг бөгөөд холбогдох шүүгчийг өргөдөлд дурдагдсан хуульд заасан зөрчил гаргасан гэх үйл баримт тогтоогдоогүй байна. Монгол улсын шүүхийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.2, 4.1.3, 4.1.3-т Монгол улсын шүүхийн зорилгыг хүний эрх, эрх чөлөөг хамгаалах нь энэ тэргүүний эрхэм зорилго болохыг хуульчилсан бөгөөд тухай маргааны хувьд насанд хүрээгүй гэр бүлийн гишүүд болох хүүхдүүдийн эрх, хууль ёсны ашиг сонирхол хөндөгдөж буй тул шүүх нэн түрүүн насанд хүрсэн гишүүд болох нэхэмжлэгч, хариуцагчаас илүүтэйгээр насан хүрээгүй гэр бүлийн гишүүн хүүхдүүдийн асуудлыг тусгайлан онцгойлон анхаарч үзэх нь хууль ёсны юм. Иймд ... аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Р.С-д холбогдох сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох санал гаргав.” гэжээ.
Шүүгч Р.С сахилгын хорооны ирүүлсэн тайлбартаа: “...Нэхэмжлэгч Д.Ц намайг нөхцөл байдлын үнэлгээ дүгнэлт гаргасан мэргэжилтнүүдийг гаргасан дүгнэлттэй нь холбогдуулан ойлгомжгүй, тодорхойгүй байгаа зүйлүүдийг тодруулахыг хүсэж, дүгнэлтүүдийг гаргасан мэргэжилтнүүдийг шүүх хуралдаанд гэрчээр оролцуулж, асуулт асуухыг хүсэж хүсэлт гаргасны төлөө шүүгч уурлаж, үгээр дайрч, загнаж зандран шүүх хурлаас өмнө дүгнэлтийг ойлгохгүй байж байгаад одоо шүүх хурал дээр гэнэт ойлгоод гэнэт хүсэлт гаргаад байгаа юм уу гэх асуултыг удаа дараа асууж, өмнө нь энэ хүсэлтээ гаргах боломж байсан гэх зэргээр зандарч, алхаа хүчтэй удаа дараа чанга цохиж хэргийн оролцогч намайг наад хүн чинь гэх зэргээр зүй бус үг хэллэгээр дайрч миний тайван чөлөөтэй байх эрхэнд халдаж шүүх хуралд өөрийн үзэл бодол тайлбараа хэвийн тайван сэтгэхүйгээр илэрхийлэх боломж олгохгүй сэтгэл зүйн хувьд хэвийн байдлаа алдтал айж балмагдуулж цочролд оруулж, шүүх хурлыг удирдан явуулж, ёс зүйгүй загнасанд гомдолтой байна” гэх гомдлын тухайд:
Шүүх хуралдаанд нэхэмжлэгч Д.Ц нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 105 дугаар зүйлийн 105.1-д зааснаар ... аймгийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын ахлах мэргэжилтэн М.Д, З.Э, Б.М, ... аймгийн Мөрөн сумын 7 дугаар багийн Засаг дарга н.Б, нийгмийн ажилтан Э.Х, хамтарсан багийн гишүүн н.Т нарыг гэрчээр асуулгах тухай хүсэлт гаргасан. Нэхэмжлэгч нь хүсэлтийн үндэслэлээ шинжээчдийн дүгнэлтийг ойлгохгүй, ахин дахин уншсан боловч ойлгомжгүй байгаа учраас шүүх хуралдаанд шинжээчийн дүгнэлт гаргасан эрх бүхий албан тушаалтнуудыг гэрчээр оролцуулж, тодруулах шаардлагатай гэж тайлбарласан ба хэрэгт авагдсан баримтаас харахад нэхэмжлэгч нь шинжээчийн дүгнэлттэй 2022 оны 8 дугаар сарын 08-ны өдөр танилцсан байдаг. Шүүгч би Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.4-д: “Зохигч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд тэгш эрх эдэлнэ.” гэж, мөн хуулийн 105 дугаар зүйлийн 105.1-д “Шинэ нотлох баримт бүрдүүлэх ба хэрэг хянан шийдвэрлэхтэй холбогдсон бусад асуудлын талаар хэргийн оролцогчоос гаргасан хүсэлтийг бусад оролцогчийн саналыг сонсмогц...шүүгч даруй шийдвэрлэнэ.” гэж, 105.2-д: “Хэрэг хянан шийдвэрлэхтэй холбогдолтой нэмэлт тайлбар, нотлох баримтыг урьд гаргах буюу санал болгох бололцоотой байсан боловч шүүх хуралдааны үед гаргасан нь хүндэтгэн үзэх шалтгаантай гэж үзвэл шүүх түүнийг хүлээн авч,...” гэх заалтуудыг хэрэгжүүлэх үүднээс хэргийн зохигч талуудын тэгш эрх эдлэх эрхийг нь хангах, дээрх хүсэлтийг шүүх хуралдааны үед хангаж байгаад хүндэтгэн үзэх шалтгаан бий эсэхийг нь тодруулах зорилгоор асуулт асуусан.
Харин нэхэмжлэгчийн тайван чөлөөтэй байх эрхэнд халдаж, шүүх хуралд өөрийн үзэл бодол, тайлбараа хэвийн тайван сэтгэхүйгээр илэрхийлэх боломж олгохгүй, сэтгэл зүйн хувьд хэвийн байдлыг нь алдтал балмагдуулж цочрол үзүүлсэн зүйл байхгүй. Шүүх хуралдааны үед алх цохих болсон шалтгаан нь нэхэмжлэгчийн өмгөөлөгч өөрийн үйлчлүүлэгчээс бүдүүлэг асуулт асуулаа шүүгч хүн гэхээрээ ийм байдаг юм уу гэх мэтчилэн зүй бус авир гаргасанд нь шүүх хуралдааны дэгийг сахиулах зорилгоор ШЕЗ-ийн 2018 оны 4 дүгээр сарын 20-ны өдрийн 18 дугаар тогтоолын 1 дүгээр хавсралтаар батлагдсан “Шүүх хуралдаанд алх хэрэглэх журам”-ын 2.1.3-д заасны дагуу шүүгч би алх цохисон. Мөн хамгийн ноцтой зөрчил нь шүүгч Р.С хариуцагч талд танай галд хөрөнгийн үнэлгээ хийлгэх хүсэлт гаргах уу, бичээд өгчих, одоо бичиж амжих ч уу гэж нөгөө талд зөвлөгөө үйлчилгээ үзүүлсэн. Ингэх шалтгаан нь нэхэмжлэгч Д.Ц-ийн нэр дээрх бэлэглэлийн гэрээтэй өмчлөлийн хашаа байшингийн шилжилт хөдөлгөөн 2022.08 сард хийгдсэн байсан. Хариуцагч талаас сөрөг нэхэмжлэлийн хүрээнд 2022 оны 9 дүгээр сарын 14-нд бусдад шилжүүлэхгүй, худалдахгүй, бэлэглэхгүй байхыг даалгах тухай хүсэлт гаргасныг шүүхээс 2022 оны 9 дүгээр сарын 15-ны өдөр хангаж шийдвэрлэсэн байсан...хариуцагч тал нотлох баримттай танилцсан байсан бөгөөд шүүхэд ямар нэг хүсэлт болон нэхэмжлэлийн шаардлагаа өөрчлөх тухай хэлээгүй байхад шүүгчээс хариуцагч болон түүний өмгөөлөгчид хөрөнгө мэдүүлэх тухай хүсэлт гаргах тухай зөвлөгөө үйлчилгээ үзүүлсэн нь процессын ноцтой алдаа бөгөөд шүүгч Р.С-ийн тус үйлдэл нь Монгол Улсын шүүхийн тухай хуулийг бүхэлд нь ноцтой зөрчсөн...гэх гомдлын тухайд
Зохигч, бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээдийн төлөөлөгч нар хамтран өмчлөх дундын эд хөрөнгийн талаар маргаж байгаа тул энэхүү хөрөнгүүдтэй холбоотой холбогдох санал, хүсэлт бий эсэхийг тодруулах зорилгоор асуусан нь иргэн Д.Ц-ийн гомдолд дурдсанчлан хэргийн нэг талд үйлчлэх, зөвлөгөө үйлчилгээ үзүүлж байгаа хэлбэр биш гэж үзэж байна. Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 4.1.2., 4.1.3-т Монгол Улсын Шүүхийн зорилгыг “хүний эрх, эрх чөлөөг хамгаалах, хууль дээдлэх, шударга ёсыг бэхжүүлэх, шударга шүүхээр шүүлгэх иргэний эрхийг хангах” гэж тусгасан гэтэл энэ зорилгоо зөрчсөн. Мөн тус хуулийн 5 дугаар бүлгийн 7.1-т Хүн бүр хууль шүүхийн өмнө эрх, тэгш байх зарчмыг хуульчилсныг зөрчсөн. Учир нь хариуцагч талд илт давуу байдал гаргасан нь нэхэмжлэгч талын шүүхийн өмнө эрх, тэгш байх эрхийг зөрчсөнд гомдолтой байна. Мөн 8 дугаар зүйлийн 8.2-т заасан мэтгэлцэх зарчмаар хангаагүй нэхэмжлэгч талаас гэрч оролцуулах хүсэлт гаргасныг хангаагүй боловч шүүх хурлыг үргэлжлүүлэн явуулахгүй шүүх хуралдааныг хойшлуулж, нэхэмжлэгч талыг үг хэлэх гаргасан хүсэлтийн хүрээнд тайлбарлах боломжоор хангаагүй шууд зандарч, загнаж чи хурал хойшлуулах гэж орж ирсэн юм уу гэх үг хэлээр дайрсан... гэх гомдлын тухайд
Дээрх иргэний хэрэг эцэслэн шийдвэрлэгдээгүй бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хэргийн оролцогчтой зүй бусаар харьцсан, ялгаварлан гадуурхах үйлдэл гаргаагүй бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад зохигч, бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын гаргасан хүсэлтийг хуульд заасан хугацаанд тухай бүр нь шийдвэрлэж байсан. Шүүгч би зохигчдоос шүүх хуралдаанд гаргасан хүсэлтүүдийг хуульд заасны дагуу эсрэг талын саналыг сонсож, тайлбарыг нь авч, мэтгэлцэх боломжоор тухай бүрд нь хангаж байсан болно. Шүүх хуралдаанд дан ганц нэхэмжлэгч тал хүсэлт гаргаагүй бөгөөд хариуцагч тал ч мөн хүсэлт гаргасныг шийдвэрлэж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг түдгэлзүүлсэн. Тухайн түдгэлзүүлсэн шүүгчийн захирамжийг нэхэмжлэгч Д.Ц эс зөвшөөрч тус шүүхэд гомдол гаргасныг шүүх бүрэлдэхүүн хянан хэлэлцэж, гомдлыг хангахгүй орхисон. Тодруулбал шүүгчийн захирамж үндэслэлтэй гэж дүгнэсэн болохыг тухайлан дурдъя.
Монгол Улсын Үндсэн хуулийн Хоёрдугаар бүлгийн 16 дугаар зүйлийн 14-д... гэм буруутай нь хуулийн дагуу шүүхээр нотлогдох хүртэл хэнийг ч гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож үл болно...гэж заасан байдаг тул эрүүгийн хэргийн шүүхийн шүүгч ч хэргийн оролцогчтой хэрцгий, хүнлэг бус харьцдаггүй байх гэж бодож байна. Иймд Р.С шүүгчийн эдгээр хууль бус үйлдэл нь Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1.1, 50.1.20, 50.1.3, 50.1.31, 54 дүгээр зүйлийн 54.1,55 дугаар зүйлийн 55.1-т тус тус заасныг ноцтой зөрчсөн тул хуулийн дагуу шийдвэрлэж холбогдох хариуцлагыг тооцож өгнө үү...гэх гомдлын тухайд, Шүүгч Р.С миний бие дээрх хуулийн заалтуудыг зөрчөөгүй бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан үндэслэл, журмын дагуу явуулж байгаагийнхаа төлөө шүүхээр эцэслэн шийдвэрлэгдээгүй хэргийн талаар тайлбар бичихэд хүргэж байгаад харамсаж байна.” гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Д.Ц-ээс Ж.Л-т холбогдуулан гаргасан гэрлэлт цуцлуулах, хүүхдийн асрамж тогтоолгох тухай нэхэмжлэлийг шүүгч Р.С 2022 оны 5 дугаар сарын 16-ны өдөр хүлээн авч, 2022 оны 5 дугаар сарын 23-ны өдрийн .../Ш32022/01660 дугаар шүүгчийн захирамжаар иргэний хэрэг үүсгэжээ. /хэргийн 14-16 дугаар тал/
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Ж.Л-ээс гэрлэлт цуцлуулах, хүүхдээ өөрийн асрамжид авах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлага гаргасныг 2022 оны 6 дугаар сарын 20-ны өдрийн .../Ш32022/02002 дугаар шүүгчийн захирамжаар хүлээн авсан байна. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гэр бүлийн хамтран өмчлөх дундын эд хөрөнгөөс хүүхдүүд болон өөрт ногдох хэсэг болох 52,000,000 төгрөгийг гаргуулахаар сөрөг нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлсэн үйл баримт шүүгчийн захирамжуудаар тогтоогдож байна.
Нэхэмжлэгчээс нөхцөл байдлын үнэлгээ хийлгүүлэх тухай хүсэлт гаргасныг 2022 оны 6 дугаар сарын 20-ны өдрийн .../Ш32022/002003 дугаар шүүгчийн захирамжаар хангаж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг түдгэлзүүлсэн байна. Улмаар ... аймгийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар шинжээчийн дүгнэлтийг ирүүлж, 2022 оны 8 дугаар сарын 02-ны өдрийн .../Ш32022/02451 дүгээр шүүгчийн захирамжаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг сэргээжээ. /хэргийн 21-27 дугаар тал/
Мөн хариуцагчаас өөрийн насанд хүрсэн хүү Ц.Б-ыг гуравдагч этгээдээр оролцуулах хүсэлт гаргасныг 2022 оны 8 дугаар сарын 18-ны өдрийн .../ШЗ2022/02554 дүгээр шүүгчийн захирамжаар хангаж, гуравдагч этгээдээс 17,000,000 төгрөг гаргуулах тухай бие даасан шаардлага гаргаж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцсон байна. /хэргийн 33-35, 43-45 дугаар тал/
Ийнхүү 2022 оны 9 дүгээр сарын 26-ны өдрийн .../Ш32022/02873 дугаар шүүгчийн захирамжаар тус хэргийг хянан шийдвэрлэх шүүх хуралдааныг 2022 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн 09 цаг 30 минутад хийхээр товложээ. /хэргийн 49,50 дугаар тал/
Нэг: Шүүх хуралдаанд нэхэмжлэгч хүсэлт гаргасанд шүүгч уурлаж, загнаж зандран, алхаа хүчтэй цохиж, зүй бус харьцсан гэх өргөдлийн үндэслэлийн тухайд,
2022 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн шүүх хуралдаанд нэхэмжлэгчээс “...шинжээчийн дүгнэлт гаргасан эрх бүхий албан тушаалтан М.Д, Д.Э, Б.М, н.Б, Э.Х, н.Т нарыг гэрчээр асуулгах, гар утсанд үзлэг хийлгэх” хүсэлтүүдийг гаргажээ.
Дээрх хүсэлттэй холбогдуулан даргалагч шүүгчээс уг хүсэлтийг яагаад өмнө нь гараагүй болох, шинжээчийн дүгнэлтийг ойлгосон эсэх талаар хэд хэдэн удаа тодруулж асуусан болох нь сидиний “00102 MTS” нэртэй бичлэгийн 0:20:20-0:29:00 минутад бичигдсэн байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 105 дугаар зүйлийн 105.1-т “Шинэ нотлох баримт бүрдүүлэх ба хэрэг хянан шийдвэрлэхтэй холбогдсон бусад асуудлын талаар хэргийн оролцогчоос гаргасан хүсэлтийг бусад оролцогчийн саналыг сонсмогц шүүх бүрэлдэхүүн буюу шүүгч даруй шийдвэрлэнэ.” гэж, 105.2-т “Хэрэг хянан шийдвэрлэхтэй холбогдолтой нэмэлт тайлбар, нотлох баримтыг урьд нь гаргах буюу санал болгох бололцоотой байсан боловч шүүх хуралдааны үед гаргасан нь хүндэтгэн үзэх шалтгаантай гэж шүүх үзвэл түүнийг хүлээн авч, шинжлэн судлах шаардлагатай бол шүүх хуралдааныг нэг удаа хойшлуулж болно” гэж тус тус заасан. Уг зохицуулалтын хүрээнд даргалагч шүүгч Р.С нь хэргийн оролцогчоос шүүх хуралдаанд гаргасан хүсэлттэй нь холбогдуулан уг хүсэлтийг урьд нь гаргах боломжтой байсан эсэх, шүүх хуралдаанд гаргасан нь хүндэтгэн үзэх шалтгаантай эсэх талаар асууж, тодруулсан байна.
Шүүх хуралдаан даргалагч нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 89 дүгээр зүйлд заасан бүрэн эрхийнхээ хүрээнд мөн хуулийн 90 дүгээр зүйлд заасан нийтлэг журмын дагуу шүүх хуралдааныг удирдахдаа хэргийн оролцогчоос гаргасан хүсэлттэй нь холбогдуулан асууж, тайлбар авсан байна. Ингэхдээ талуудыг мэтгэлцүүлэх хүрээнд хариуцагч талаас шинжээчийн дүгнэлт гаргасан эрх бүхий этгээдүүдийг гэрчээр асуулгах хүсэлт гаргасантай нь холбогдуулан шинжээчийн дүгнэлтийг хэрхэн ойлгосон талаар нэхэмжлэгчээс лавлан асуужээ. Шүүх хуралдааны явцад шүүгчийн зүгээс хэргийн оролцогч руу уурлаж, загнаж зандран, зүй бус харьцсан гэх байдал тухайн үеийн шүүх хуралдааны дуу, дүрсний бичлэгт бичигдсэн байгаа үг хэллэг, дуу хоолойны өнгө, биеийн хэлэмж, үйлдлээс тогтоогдсонгүй.
Мөн шүүгч шүүх хуралдааны явцад алхыг Шүүхийн Ерөнхий Зөвлөлийн 2018 оны 4 дүгээр сарын 20-ны өдрийн 18 дугаар тогтоолын 1 дүгээр хавсралтаар батлагдсан “Шүүх хуралдаанд алх хэрэглэх журам”-ын 2.1.2-т заасны дагуу дэг сахиулах зорилгоор нэг удаа хэрэглэсэн байх бөгөөд хэргийн оролцогчид нөлөөлөхүйц, айлган цочоох хэмжээнд хүчтэй цохиж хэрэглээгүй байна.
Хоёр: Шүүгч шүүх хуралдааны явцад хариуцагчаас хөрөнгийн үнэлгээ хийлгэх хүсэлт гаргах уу, бичээд өгчих, одоо бичиж амжих нь уу гэж асууж, илтэд нэг талд үйлчилж, зөвлөгөө өгсөн гэх өргөдлийн үндэслэлийн тухайд,
Сахилгын хэрэг авагдсан сидиний “00102 MTS” нэртэй бичлэгийн 09:45 минутад, Даргалагчаас: Нэхэмжлэгч талаас асууя. Танайд гаргах санал хүсэлт байна уу. Эд хөрөнгийн үнэлгээтэй холбоотой маргаан байдаг юм уу. Үнэлгээ хийлгүүлэх хүсэлт байна уу гэхэд, нэхэмжлэгч: Үнэлгээ хийлгэх санал хүсэлт байхгүй гэв, Даргалагчаас: Хариуцагчаас тодруулъя гээд, эд хөрөнгийн үнэлгээтэй холбоотой маргаан байгаа юу, үнэлгээ хийлгэх санал, хүсэлт байгаа юу, өөр гаргах санал, хүсэлт байна уу гэхэд, хариуцагч: Хашаа байшингаа үнэлүүлнэ гэв, Даргалагчаас: Хэнээр яаж үнэлүүлэх гэж байгаа юм бэ, хэрвээ хүсэлт гаргах гэж байгаа бол бичгээр хүсэлтээ гаргана гэхэд, хариуцагч: “А Б” ХХК-аар үнэлгээ хийлгүүлнэ гэв, Даргалагчаас: Хариуцагч та шүүх хуралдаанд гаргаж байгаа хүсэлтээ бичгээр гаргаж өгнө үү гэхэд, хариуцагч, хариуцагчийн өмгөөлөгч нар хүсэлтээ бичиж, гаргаж өгсөн үйл баримт болсон болох нь 2022 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн шүүх хуралдааны дуу-дүрсний бичлэг, мөн өдрийн .../ТМ2022/00849 дүгээр тэмдэглэлээр тус тус тогтоогдож байна. /хэргийн 94-111, 130,131 дүгээр тал/
Дээрхээс үзвэл, шүүх хуралдааны явцад даргалагчаас хэргийн хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий үйл баримтыг тогтоох зорилгоор хөрөнгийн үнэлгээтэй холбоотой маргаан байгаа эсэх, хүсэлт гаргах эсэхийг зохигчийн хэн алинаас асууж тодруулсан байх бөгөөд хариуцагч хүсэлтээ шүүх хуралдааны явцад амаар гаргасантай холбогдуулан бичгээр бичиж өгөх талаар тайлбарлажээ. Энэ нь шүүгч илтэд нэг талд үйлчилсэн гэж үзэх үндэслэл болохгүй бөгөөд хариуцагчид зөвлөгөө өгсөн гэх байдал тогтоогдохгүй талаар дүгнэсэн илтгэгч гишүүний санал үндэслэл бүхий болжээ.
Уг захирамжид нэхэмжлэгч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 170 дугаар зүйлийн 170.1-д заасны дагуу гомдол гаргасныг мөн хуулийн 171 дүгээр зүйлийн 171.1-д зааснаар тухайн хэргийг хянан шийдвэрлэж байгаа шүүгчийг оролцуулахгүйгээр 3 шүүгчийн бүрэлдэхүүнтэйгээр хянан шийдвэрлэж, 2022 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн .../ШТ2021/00028 дугаар тогтоолоор захирамжийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн гаргасан гомдлыг хангахгүй орхисон байна. Уг тогтоол нь мөн зүйлийн 171.2-т зааснаар эцсийн шийдвэр байна. /хэргийн 59-68 дугаар тал/ Шүүгч хуулиар олгосон бүрэн эрхийнхээ хүрээнд хэргийн оролцогчоос гаргасан хүсэлтийг шийдвэрлэж, шүүгчийн захирамж гаргасан нь сахилгын зөрчилд тооцогдохгүй.
Ийнхүү өргөдөлд дурдсан үйл баримт нь сахилгын хэрэгт цугласан баримтаар тогтоогдохгүй байх бөгөөд шүүгч Р.С нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулсан нь Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 50, 51.1, 52, 53 дугаар зүйлд заасан хориглосон, хязгаарласан, үүрэг болгосон зохицуулалтыг зөрчсөн гэж үзэх үндэслэл болохгүй. Иймээс сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох саналыг хүлээн авч, сахилгын хэргийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж бүрэлдэхүүн үзэв.
Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 112 дугаар зүйлийн 112.1, 112.1.2, 112.6, 112.8 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
3. Магадлалыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Сахилгын хороонд хэргийн оролцогч гомдол, илтгэгч гишүүн эсэргүүцэл гаргах эрхтэй болохыг дурдсугай.
4. Дээрх журмаар хүргүүлснээр магадлалыг гардан авсанд тооцох ба энэ нь гомдол гаргах хугацааг тоолох үндэслэл болохыг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ С.ЭНХТӨР
ГИШҮҮД Ц.ДАВХАРБАЯР
Д.МЯГМАРЦЭРЭН