МОНГОЛ УЛС
ШҮҮХИЙН САХИЛГЫН ХОРОО
МАГАДЛАЛ
2022-11-28
Дугаар 253
Улаанбаатар хот
Сахилгын хэргийг хэрэгсэхгүй
болгох тухай
Сахилгын хорооны хуралдааныг Шүүхийн сахилгын хорооны гишүүн Х.Хашбаатар даргалж, гишүүн Ц.Давхарбаяр, О.Номуулин нарын бүрэлдэхүүнтэй, илтгэгч гишүүнээр Г.Цагаанцоож, хуралдаан хариуцсан ахлах мэргэжилтэн Ц.Нямжаргал нарыг оролцуулан, Сахилгын хорооны хуралдааны 705 дугаар танхимд нээлттэй хийв.
Иргэн Б.Г-ын ... шүүхийн шүүгч Ц.Э-д холбогдуулан гаргасан өргөдөлд илтгэгч гишүүн 2022 оны 9 дүгээр сарын 22-ны өдрийн 1207 дугаар захирамжаар сахилгын хэрэг үүсгэсэн байна.
Илтгэгч гишүүн шалгах ажиллагаа явуулаад 2022 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн 144 дүгээр “Сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох санал” гаргасныг хянан хэлэлцээд
ТОДОРХОЙЛОХ нь:
Илтгэгч гишүүн сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох саналдаа: Шүүгч Ц.Э нь өргөдөлд дурдсан дараах иргэний хэргийг хянан шийдвэрлэсэн байна. Үүнд:
1. Нэхэмжлэгч Х.Э, Б.Ш, Б.Э, Б.М, С.Д, Д.Д нар нь 2019 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр хариуцагч “Х” ХХК-д холбогдуулан ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлс гаргуулах, эрүүл мэнд, нийгмийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэх тухай шаардлага бүхий нэхэмжлэл гаргасан, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Г нэхэмжлэлийг хүлээн авч, тайлбар гаргахдаа “...шүүхийн харьяалан шийдвэрлэх маргаан биш” гэсэн тайлбар гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч нар нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлснийг шүүх хариуцагчийн төлөөлөгчид гардуулан өгсөн, зохигчийн хүсэлтийг хангаж, 2020 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр, 2020 оны 02 дугаар сарын 05-ны өдөр, 2020 оны 02 дугаар сарын 19-ний өдөр, 2020 оны 4 дүгээр сарын 29-ний өдрийн шүүх хуралдаан хойшлогдож, улмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа түдгэлзэж байжээ.
... шүүхийн 2021 оны 7 дугаар сарын 02-ны өдрийн шүүх хуралдаанаар хэргийг хэлэлцээд 207 дугаар шийдвэрээр Х.Э, Б.Э, Б.М, С.Д нарын нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэжээ.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргасан, ... эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2021 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн 00008 дугаар магадлалаар анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээсэн ба Монгол Улсын дээд шүүхийн иргэний хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдааны 2021 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн 891 дүгээр тогтоолоор хариуцагчийн төлөөлөгч Б.Г-ын хяналтын журмаар гаргасан гомдлыг хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхээс татгалзаж шийдвэрлэжээ.
2. Х.Э, Б.Э, Б.М, С.Д нар нь хариуцагч “Х” ХХК-д холбогдуулан дээрх шүүхийн шийдвэр гарснаас хойш ажилгүй байсан хугацааны цалин хөлс гаргуулах, мөн эрүүл мэнд, нийгмийн даатгалын шимтгэлийг төлж, дэвтэрт бичилт хийлгүүлэх тухай нэхэмжлэл гаргасанд шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулж, нэхэмжлэлийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчид гардуулан өгч, улмаар хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхээр тогтоожээ.
Зохигчийн хүсэлтээр 2022 оны 3 дугаар сарын 31-ний өдрийн шүүх хуралдаан хойшлогдсон, нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлснийг хариуцагчид гардуулан өгсөн, ... шүүхийн 2022 оны 4 дүгээр сарын 25-ны өдрийн 160 дугаар шийдвэрээр нэхэмжлэгч нарын нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэжээ.
Шүүхийн шийдвэрийг 2022 оны 5 дугаар сарын 09-ний өдөр хариуцагчийн төлөөлөгчид шуудангаар хүргүүлсэн, тэрээр давж заалдах гомдол гаргасныг шүүх 2022 оны 5 дугаар сарын 24-ний өдөр хүлээн авсан, шүүгчийн 2022 оны 5 дугаар сарын 27-ны өдрийн 672 дугаар захирамжаар давж заалдах гомдлыг хүлээн авахаас татгалзсан байна.
Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 55 дугаар зүйлд зааснаар сахилгын хороо энэ хуулийн 50, 51.1, 52, 53 дугаар зүйлд заасан хориглосон, хязгаарласан, үүрэг болгосон зохицуулалтыг зөрчсөн шүүгчид сахилгын шийтгэл оногдуулах ба өргөдөл гаргагч өргөдөлдөө шүүгч Ц.Э нь хуулийн 50 дугаар зүйлийн 50.1.1, 50.1.18, 50.1.23-т заасныг зөрчсөн гэжээ.
Холбогдох шүүгч нь нэр бүхий нэхэмжлэгч нарын нэхэмжлэлтэй хэргийг хянан шийдвэрлэхдээ Шүүхийн тухай хуульд заасан хориглосон зүйлийг зөрчсөн эсэхийг шалгах ажиллагааны явцад хэрэгт цугларсан баримтын хүрээнд, өргөдөлд дурдсан асуудал тус бүрээр тодорхойлов. Үүнд:
Өргөдлийн 1-д дурдсан “бусдад давуу байдал олгосон” гэх гомдлын талаар:
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 62 дугаар зүйлд нэхэмжлэлийн бүрдүүлбэрийг зохицуулсан бөгөөд нэхэмжлэл энэхүү зүйлд заасан шаардлагыг хангаагүй тохиолдолд шүүгч тухайн нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах талаар мөн хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.11-д зохицуулсан.
Сахилгын хэрэгт авагдсан баримтаас үзвэл, нэхэмжлэгч нарын шүүхэд гаргасан 2 удаагийн нэхэмжлэл хуульд заасан шаардлагыг хангасан тодруулбал, нэхэмжлэлд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 62 дугаар зүйлийн 62.1-д заасан зүйл тусгагдсан, нэхэмжлэгч нар гарын үсгээ зурсан байна.
Нэхэмжлэлийн бүрдүүлбэр хангагдсан, түүнчлэн нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах хуульд заасан үндэслэл байхгүй тохиолдолд шүүгч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1-д зааснаар нэхэмжлэлд иргэний хэрэг хэрэг үүсгэх учиртай. Иймд шүүгч нэр бүхий нэхэмжлэгч нарын нэхэмжлэлд иргэний хэрэг үүсгэж, хянан шийдвэрлэх ажиллагаа явуулсныг бусдад давуу байдал олгосон гэж үзэхгүй.
Өргөдлийн 2-т дурдсан “...шүүхэд хандах эрх нь дуусгавар болгосон хүний гаргасан нэхэмжлэлийг хүлээн авч, улмаар хангаж шийдвэрлэсэн” гэх гомдлын талаар:
Нэхэмжлэгч Х.Э, Б.Ш, Б.Э, Б.М, С.Д, Д.Д нар нь “...захирлын 2019 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн 216/19, 217/19, 218/19, 219/19, 220/19, 221/19 дугаар тушаалыг хүчингүй болгож, ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлс гаргуулах...” зэрэг шаардлага бүхий нэхэмжлэл гаргажээ.
Хөдөлмөрийн тухай хуулийн /1999/ 129 дүгээр зүйлийн 129.2-т “ажилтан ажлаас буруу халсан буюу өөр ажилд буруу шилжүүлсэн тухай гомдлоо ажил олгогчийн шийдвэрийг хүлээн авсан өдрөөс хойш 1 сарын дотор шүүхэд гаргана” гэж заасан. Энэхүү зохицуулалтаар ажлаас буруу халсан тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргах бөгөөд нэхэмжлэлийн агуулгаас үзвэл нэхэмжлэгч нар ажил олгогчийн 2019 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн шийдвэрийн талаарх гомдлоо шүүхэд 2019 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр гаргасан байх тул шүүхэд нэхэмжлэл гаргах хугацаа өнгөрөөгүй байна.
Харин 2021 оны 7 дугаар сарын 02-ны өдөр батлагдсан Хөдөлмөрийн тухай хуулийг /шинэчилсэн найруулга/ 2022 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс дагаж мөрдөх тул энэхүү хуулийн 154 дүгээр зүйлийн 154.2 дахь зохицуулалт дээрх нэхэмжлэлд хамааралгүй болно.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1-д зааснаар шүүх хэргийн оролцогчийн гаргасан нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр нотлох баримтыг өөрийн дотоод итгэлээр үнэлж шийдвэр гаргах тул сахилгын хороо нэхэмжлэлийг хангасан шүүхийн шийдвэрийн хууль зүйн үндэслэлийг хянах, түүнд дүгнэлт өгөх эрхгүй болно.
Өргөдлийн 3-т дурдсан “шүүхэд шууд харьяалагдахгүй өргөдлөөр хянан шийдвэрлэх ажиллагаа явуулж, мөн нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн” гэх гомдлын талаар:
... шүүхийн 2021 оны 7 дугаар сарын 02-ны өдрийн 207 дугаар шийдвэрээр Х.Э, Б.Э, Б.М, С.Д нарыг хариуцагч “Х” ХХК-ийн өрөмдөгчийн ажилд эгүүлэн тогтоож, шийдвэр гарах хүртэл ажилгүй байсан хугацааны цалин хөлсийг ажил олгогчоос гаргуулахаар шийдвэрлэсэн, энэ шийдвэр хүчин төгөлдөр байна.
Үүний дараа нэхэмжлэгч нар шүүхийн шийдвэр гарсан өдрөөс хойш ажилгүй байсан хугацааны цалин, хөлс гаргуулахаар дахин нэхэмжлэл гаргасан, тус шүүхийн 2022 оны 4 дүгээр сарын 25-ны өдрийн 160 дугаар шийдвэрээр нэхэмжлэлийг хангахдаа үндэслэлээ шийдвэрт тодорхой тусгасан байх ба нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн нь Шүүхийн тухай хуулийн 50 дугаар зүйлд заасан зөрчилд хамаарахгүй.
Өргөдлийн 4-т “...өмгөөлүүлэх эрхээр хангахаас татгалзсан” гэх гомдол гаргахдаа өргөдөл гаргагч 2022 оны 4 дүгээр сарын 25-ны өдрийн шийдвэрийг дурджээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25, 26 дугаар зүйлд хэргийн оролцогчийн эрх үүргийг нэрлэн заасан ба хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцох өмгөөлөгчийн төлөөлөх эрх нь эрх зүйн туслалцаа авч байгаа талын хүсэлтээр тодорхойлогдохоор хуулийн 34 дүгээр 34.1-д заасан.
Сахилгын хэрэгт авагдсан баримтаас үзвэл, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Г-д эрх үүргийг тайлбарлан өгсөн, тэрээр энэ талаарх баримтад гарын үсэг зурсан байна.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч өмгөөлөгчөөс эрх зүйн туслалцаа хүссэн нь тодорхой бус, энэ талаарх баримтыг шүүхэд өгөөгүй бөгөөд шүүх хуралдааны хүсэлт хэлэлцэх ажиллагааны үед өмгөөлөгчтэй оролцох талаар ямар нэг хүсэлт гаргаагүй байх тул өмгөөлүүлэх эрхийг хангаагүй гэж үзэх үндэслэлгүй.
Харин хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч хэрэг хэлэлцэх ажиллагааны явцад тайлбар гаргахдаа “...харьяаллын асуудлыг шийдвэрлэж өгнө үү, хэрэв боломжгүй гэж үзвэл өмгөөлөгч авах хүсэлтэй” гэсэн нь шүүх хуралдааны тэмдэглэлд тусгагджээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн аравдугаар бүлэгт анхан шатны шүүх хуралдааны дэгийг зохицуулсан ба хэргийн оролцогч нь хэрэг хянан шийдвэрлэхтэй холбоотой хүсэлтээ хэрэг хэлэлцэж эхлэхээс өмнө гаргахаар хуулийн 105, 106 дугаар зүйлд заасан. Иймд “...өмгөөлүүлэх эрхийг хангаагүй” гэж үзэх боломжгүй.
Өргөдлийн 5-т “...нэмэгдүүлсэн шаардлагыг хариуцагч талд танилцуулаагүй” гэх гомдлын талаар:
Нэхэмжлэгч нар нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлснийг шүүх 2022 оны 4 дүгээр сарын 08-ны өдөр хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Г-д гардуулж тайлбар гаргах хугацаа тогтоож өгсөн, тэрээр энэ талаар 2022 оны 4 дүгээр сарын 18-ны өдөр хүсэлт гаргаж байсан нь хэргийн баримтаар тогтоогдож байх тул энэ талаарх гомдол үндэслэлгүй.
Өргөдлийн 6-т “...буцаан хэрэглэхийг хориглосон хуулийг хэрэглэсэн” гэх гомдлын талаар:
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.2.4-т зааснаар хэргийн оролцогч шийдвэрийн зүйл, заалт, үндэслэлийг зөвшөөрөхгүй байгаа бол давж заалдах гомдолд энэ тухайгаа тодорхой заах ба анхан шатны шүүх хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн эсэхийг давж заалдах шатны шүүх дүгнэх учиртай.
Өргөдлийн 7-д “давж заалдах гомдлыг хүлээн авахаас татгалзсан” гэх гомдлын тухайд:
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болно, 119.3-т шийдвэр хүчинтэй болсон өдрөөс хойш 14 хоногийн дотор шийдвэрийн агуулгыг энэ хуулийн 118 дугаар зүйлд заасны дагуу бүрэн эхээр нь бичгээр үйлдэж, шүүгч, шүүх бүрэлдэхүүн гарын үсэг зурна, 119.4-т шүүх хуралдаанд оролцсон тал энэ хуулийн 119.3-т заасан хугацаа өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авна, 119.7-д энэ хуулийн 119.4-т заасны дагуу шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүй гэж заасан.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Г 2022 оны 4 дүгээр сарын 25-ны өдрийн шүүх хуралдаанд биечлэн оролцсон, энэ тохиолдолд тэрээр 14 хоногийн дотор буюу 2022 оны 5 дугаар сарын 08-ны дотор шийдвэрийг гардан авах байсан боловч аваагүй тул шүүх 2022 оны 5 дугаар сарын 09-ний өдөр шуудангаар хүргүүлсэн нь шийдвэрийг гардуулсан, хүргүүлсэн тухай баримтаар тогтоогдож байна.
Шийдвэрийг эс зөвшөөрсөн хариуцагчийн давж заалдах гомдлыг шүүх 2022 оны 5 дугаар сарын 24-ний өдрийн 14 цаг 30 минутад хүлээн авсан байх ба шүүгчийн 2022 оны 5 дугаар сарын 27-ны өдрийн 672 дугаар захирамжаар давж заалдах гомдлыг хүлээн авахаас татгалзахдаа “...шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногт гомдол гаргаагүй” гэжээ. Өөрөөр хэлбэл, шүүгч давж заалдах гомдол гаргах хуульд заасан хугацааг хэтрүүлсэн гэж үзсэнийг буруутгах боломжгүй бөгөөд энэ нь сахилгын зөрчилд хамаарахгүй.
Өргөдлийн 8, 9-д “4 хүн нь гарын үсэг зураагүй нэхэмжлэлийг хүлээн авч, хангаж шийдвэрлэсэн, ...нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн тайлбараар хэргийг шийдвэрлэсэн” гэх гомдолд 2021 оны 7 дугаар сарын 02-ны өдрийн 207 дугаар шийдвэрийг дурджээ.
Нэхэмжлэгч Х.Э, Б.Ш, Б.Э, Б.М, С.Д, Д.Д нар 2019 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн нэхэмжлэлд гарын үсэг зурсан болох нь тэдгээрийн шүүхэд гаргасан нэхэмжлэлээр тогтоогдож байна.
Түүнчлэн шүүх нэхэмжлэгч Х.Э, Б.Э, Б.М, С.Д нарын нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, нэхэмжлэгч Д.Д, Б.Ш нар нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж шийдвэрлэснийг давж заалдах шатны шүүх хэвээр үлдээхдээ хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй, шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий гэж дүгнэжээ.
Иймд ... шүүхийн шүүгч Ц.Э нь сахилгын зөрчил гаргасан гэх үндэслэл тогтоогдоогүй тул түүнд үүсгэсэн сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох санал гаргаж байна” гэжээ.
Шүүгч Ц.Э тайлбартаа: “...шүүх 2021 оны 7 дугаар сарын 02-ны өдрийн 207 дугаар шийдвэрээр Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2-т заасныг баримтлан нэхэмжлэгч Х.Э, Б.Э, Б.М, С.Д нарыг өрөмдөгчийн ажилд эгүүлэн тогтоож, нэхэмжлэгч Д.Д, Б.Ш нар нь нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгон, мөн хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д заасныг баримтлан хариуцагчаас ажилгүй байсан хугацааны урьд авч байсан цалин хөлстэй тэнцэх олговорт ... төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч нарт олгох. Нийгмийн даатгалын сангаас олгох ажилгүйдлийн тэтгэмжийн тухай хуулийн 2 дугаар зүйлийн 1, 3-т заасныг баримтлан хариуцагчаас ...төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Б.М-т олгож, Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2-т зааснаар нэхэмжлэгч нарын нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг хуульд заасан хэмжээгээр төлж, дэвтэрт зохих бичилт хийхийг хариуцагчид даалгаж, мөн хуулийн 42 дугаар зүйлийн 42.1, 42.2-т заасныг баримтлан бөөнөөр халагдсаны тэтгэмж гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, ...шийдвэрлэсэн.
Шийдвэрийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Г эс зөвшөөрч, иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан гэж үзэж давж заалдах гомдол гаргасан, давж заалдах шатны шүүх давж заалдах гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянаад 2021 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн 00008 дугаартай магадлалаар анхан шатны шүүхийн шийдвэрийг хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байна гэж дүгнээд шийдвэрийг хэвээр үлдээсэн байна.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Г магадлалыг эс зөвшөөрч хяналтын журмаар гомдол гаргасан, Монгол Улсын Дээд шүүхийн иргэний хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдаанаар гомдлыг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхээс татгалзсан.
Иймд өргөдөлд дурдсан “...бусдад давуу байдал бий болгосон, шүүхэд хандах эрх нь дуусгавар болсон хүний гаргасан нэхэмжлэлийг хүлээн авч, улмаар хангаж шийдвэрлэсэн, 4 хүн гарын үсэг зураагүй нэхэмжлэлийг хүлээн авч иргэний хэрэг үүсгэн улмаар хангаж шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийг зөрчсөн, зохигч талын бус нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн тайлбараар хэргийг шийдвэрлэсэн нь мөн хуулийн 6 дугаар зүйлд заасныг зөрчсөн” гэсэн нь үндэслэлгүй гэж үзэж байна.
Өргөдөл гаргагч Б.Г тус шүүхийн 2022 оны 4 дүгээр сарын 25-ны өдрийн 160 дугаартай шийдвэртэй иргэний хэрэгт хариуцагч “Х" ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр оролцсон байх бөгөөд шийдвэрийн дугаарыг 189 гэж ташаа бичсэн болохыг дурдах нь зүйтэй байна.
Шүүгч Ц.Э би 2022 оны 4 дүгээр сарын 25-ны өдрийн шүүх хуралдаанаар Х.Э, Б.Э, Б М, С.Д нарын нэхэмжлэлтэй, хариуцагч “Х” ХХК-д холбогдох цалин хөлсний маргаантай иргэний хэргийг хянан хэлэлцэж нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1-д, Хөдөлмөрийн тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.1.2-т тус тус заалтуудыг зөрчиж, хуульд заасан үүргээ хариуцагч “Х” ХХК биелүүлээгүйгээс нэхэмжлэгч Х.Э нар нь ажил үүргээ гүйцэтгэх боломжгүй болж, тэдгээрийн хөдөлмөрлөх болон цалин хөлс авах эрх нь зөрчигдсөн, ажилтан ажлаас буруу халсан буюу өөр ажилд буруу шилжүүлсэн тухай гомдлоо ажил олгогчийн шийдвэрийг хүлээн авсан өдрөөс хойш 1 сарын дотор шүүхэд гаргахаас бусад тохиолдолд эрхээ зөрчигдсөнийг мэдсэн буюу мэдэх ёстой байсан өдрөөс хойш 3 сарын дотор хөдөлмөрийн маргаан таслах байгууллага буюу шүүхэд гомдол гаргахаар Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.1-д заасан бөгөөд энэхүү нэхэмжлэл нь 1999 оны Хөдөлмөрийн тухай хуулийн зохицуулалтад хамрагдана гэж шүүх дүгнэсэн.
Х.Э нар ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор шаардаж 2022 оны 01 дүгээр сарын 07-ны өдөр шүүхэд нэхэмжлэл гаргасан нь Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.1-д заасан хугацааг хэтрүүлээгүй, уг заалтыг зөрчөөгүй бөгөөд Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д зааснаар нэхэмжлэгч нар нь хариуцагчаас ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговроо шаардах эрхтэй юм.
Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.5-т “энэ хуулийн 69 дүгээр зүйлд заасан асуудлаар гарсан маргаан” шүүхээр хянан шийдвэрлэгдэх маргаанд хамаарах тул хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбарлаж буй “Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.3, Хөдөлмөрийн тухай хууль /шинэчилсэн найруулгын 154 дүгээр зүйлд зааснаар шүүхэд шууд харьяалагдахгүй” гэх тайлбар үндэслэлгүй, өөрөөр хэлбэл хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцэх үед Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 117 дугаар зүйлийн 117.1-д заасан хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэл тогтоогдоогүй болно.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Г нь зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгчид эрх, үүрэг тайлбарласан тухай баримтад Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25, 26, 38. 67.1.4, 72.2, 76.2, 77.8, 100.3, 100.4, 119.4-119.6 дахь зүйл, хэсэг, заалттай 2022 оны 03 дугаар сарын 25-ны өдөр танилцсан гээд гарын үсгээ зурсан байна.
Үүнээс хойш шүүх хуралдаанаар хэргийг хянан шийдвэрлэх хүртэл хугацаанд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч өмгөөлөгчөөс хууль зүйн туслалцаа авах, өмгөөлүүлэх эрх нь нээлттэй бөгөөд шүүх хуралдааны үед даргалагчийн зүгээс “хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцэж эхлэхээс өмнө зохигч, тэдгээрийн өмгөөлөгч, төлөөлөгч нарт шүүхэд шинээр нэмж гаргаж өгөх нотлох баримт, санал хүсэлт бий эсэхийг тодруулж асуухад Б.Г нь өмгөөлүүлэх, шүүх хуралдаанд өмгөөлөгчтэй оролцох” талаар санал, хүсэлт гаргаагүй, хэргийн оролцогчоос гаргасан хүсэлтийг шийдвэрлэх шатанд биш, зохигч мэтгэлцэх үед гаргасан тайлбартаа “шүүх харьяалал зөрчсөн маргааныг хүлээн авч шийдвэрлэж байна, иймд өмгөөлүүлэх эрхээр хангаж өгнө үү” гэсэн нь шүүх хуралдааны тэмдэглэлээр баталгаажсан болно.
Нэхэмжлэгч Х.Э нар нь 2022 оны 4 дүгээр сарын 04-ний өдөр нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлсэн байх бөгөөд нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагыг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Г-д 2022 оны 4 дүгээр сарын 08-ны өдөр гардуулж, тэрээр хуулиар тогтоосон 14 хоногийн дотор буюу 2022 оны 4 дүгээр сарын 19-ний өдөр нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагатай холбоотой хариу тайлбараа шүүхэд ирүүлсэн зэргээс дүгнэхэд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагатай танилцуулаагүй талаар өргөдөлд дурдсан нь үндэслэлгүй юм.
Шүүхээс хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Г-д шийдвэрийн хувийг 2022 оны 5 дугаар сарын 09-ний өдөр баталгаат шуудангаар хүргүүлсэн байх бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.6-д “...хүргүүлснийг гардан авсанд тооцох...”-оор заасан. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч гомдлоо 2022 оны 5 дугаар сарын 24-ний өдөр тус шүүхэд ирүүлсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т заасан “Зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор аймаг, нийслэлийн шүүхэд давж заалдах гомдол гаргаж болно.” гэснийг зөрчсөн тул 2022 оны 5 дугаар сарын 27-ны өдрийн 00672 дугаартай шүүгчийн захирамжаар мөн хуулийн 164 дүгээр зүйлийн 164.3, 123 дугаар зүйлийн 123.3-т заасныг удирдлага болгон давж заалдах гомдлыг хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэсэн болно.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.3-т зааснаар хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч хуульд заасан эрхээ хэрэгжүүлэх үүднээс “хугацаа сэргээлгэх хүсэлт” гаргаагүй тул шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсон болно.
Иргэн Б.Г-с гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл гаргасан, энэ талаар хэрэг бүртгэлтийн ажиллагаа явагдсан талаар холбогдох байгууллагуудаас шүүх болон шүүгчид албан ёсоор мэдэгдээгүй учраас энэ талаар тайлбар гаргах боломжгүй байна.
Шүүгч аливаа хэрэг, маргааныг хянан шийдвэрлэхдээ хараат бус байж гагцхүү хуульд захирагдах ёстой. Шүүгч миний бие хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулахдаа өргөдөлд дурдсанаар хэргийн оролцогчийн хэн нэгэнд давуу байдал бий болгох, хуулийн илт тодорхой заалтыг ноцтой, эсхүл удаа дараа зөрчсөн үйлдэл, эс үйлдэхүй гаргаагүй тул сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Иргэн Х.Э, Б.Э, Б.М, С.Д, Б.Ш, Д.Д нар нь хариуцагч “Х” ХХК-д холбогдуулан тус компанийн захирлын 2019 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн 216/19, 217/19, 218/19, 219/19, 220/19, 221/19 тоот тушаалуудыг хүчингүй болгуулах, ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлс гаргуулах, эрүүл мэнд болон нийгмийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэх, ажлаас халагдсаны тэтгэмж гаргуулах тухай нэхэмжлэл гаргаж, уг нэхэмжлэл шүүгч Ц.Э-д 2019 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр хуваарилагдан, 2019 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр иргэний хэрэг үүсгэсэн, 2021 оны 7 дугаар сарын 02-ны өдрийн шүүх хуралдаанаар хэлэлцэн, шүүхийн 147/ШШ2021/00207 дугаар шийдвэрээр нэхэмжлэгч Х.Э, Б.Э, Б.М, С.Д нарын нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, нэхэмжлэгч Б.Ш, Д.Д нар нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Г давж заалдах гомдол гаргасныг ... Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2021 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн шүүх хуралдаанаар хэлэлцэн, 222/МА2021/00008 дугаар магадлал гарч анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээсэн.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч хяналтын журмаар гомдол гаргахад Монгол Улсын Дээд шүүхийн Иргэний хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдааны 2021 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн 001/ШХТ2021/00891 дүгээр тогтоолоор гомдлыг Улсын Дээд шүүхийн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхээс татгалзсанаар анхан шатны шүүхийн шийдвэр, давж заалдах шатны шүүхийн магадлал тус тус хуулийн хүчин төгөлдөр болсон байна.
Үүний дараа нэхэмжлэгч Б.М, С.Д, Х.Э, Б.Э нар хариуцагч “Х” ХХК-д холбогдуулан 2021 оны 7 дугаар сарын 02-ны өдрөөс хойш ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулах, нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэх тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг 2022 оны 01 дүгээр сарын 07-ны өдөр хүлээн авч, 2022 оны 01 дүгээр сарын 14-ний өдөр иргэний хэрэг үүсгэн, 2022 оны 4 дүгээр сарын 25-ны өдрийн шүүх хуралдаанаар хэлэлцэн, тус шүүхийн 147/ШШ2022/00160 дугаар шийдвэрээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн.
Тухайн иргэний хэргүүдийн хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Г нь хэргийг хянан шийдвэрлэсэн шүүгч Ц.Э-г Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1.1, 50.1.18, 50.1.23 дахь хэсэгт заасныг зөрчсөн гэж үзэн Шүүхийн сахилгын хороонд өргөдөл гаргажээ.
1. Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1.1 дэх хэсэгт заасныг зөрчсөн гэх тухайд:
Өргөдөл гаргагч нь “хуульд тавигдсан хэлбэрийн шаардлага хангаагүй нэхэмжлэлийн зөрчлийг арилгуулахгүйгээр иргэний хэрэг үүсгэсэн, зөрчлийг арилгуулахаар хэргийн нөгөө талаас гаргасан хүсэлтийг хэрэгсэхгүй болгодог, эсхүл шийдвэрлэдэггүй; 4 хүний гарын үсэг зураагүй нэхэмжлэлийг хүлээн авсан; зохигч талын бус нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн тайлбараар хэргийг шийдвэрлэсэн; шүүхэд хандах эрх нь дуусгавар болсон хүний гаргасан нэхэмжлэлийг хүлээн авч, хангаж шийдвэрлэсэн; шүүхэд харьяалагдахгүй нэхэмжлэлд иргэний хэрэг үүсгэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулж, нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн” гэжээ.
1.1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 62 дугаар зүйлд “нэхэмжлэлийн бүрдүүлбэр”-ийн шаардлагыг хангаагүй тохиолдолд шүүгч мөн хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.11-д зааснаар нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах, эсхүл 66 дугаар зүйлийн 66.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэлд хуульд заасан хугацаанд иргэний хэрэг үүсгэж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулахаар тус тус заасан.
Сахилгын хэрэгт авагдсан баримтаас үзвэл “Х” ХХК-д холбогдуулан гаргасан дээрх хоёр нэхэмжлэлүүд нь хуульд заасан бүрдүүлбэрийг хангаж, нэхэмжлэгч нар гарын үсгээ зурсан, нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах үндэслэл байхгүй байсан тул шүүгч иргэний хэрэг үүсгэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг явуулжээ.
Шүүхийн ажиллагааны явцад хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Г 2020 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр, 2021 оны 3 дугаар сарын 05-ны өдөр “Нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах шийдвэр гаргуулах тухай” гэх хүсэлтүүд гаргасныг шүүгчийн 2020 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн 147/ШЗ2020/00291 дүгээр захирамж, 2021 оны 3 дугаар сарын 15-ны өдрийн 147/ШЗ2021/00323 дугаар захирамжуудаар хүсэлтийг хангахаас татгалзсан байна.
Уг захирамжийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч эс зөвшөөрч гомдол гаргасныг шүүх хуралдаанаар хэлэлцэн, тус шүүхийн 2021 оны 6 дугаар сарын 24-ний өдрийн 147/ШТ2021/00011 дүгээр тогтоолоор Б.Г-ын гомдлыг хангахгүй орхисон байна.
Мөн хариуцагчийн итгэмжлэгдэн төлөөлөгч нь 2022 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр, 2022 оны 4 дүгээр сарын 18-ны өдрүүдэд “...нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж өгнө үү” гэх агуулгыг хариу тайлбар болон шүүхэд гаргасан хүсэлтдээ тусгасан байх ба шүүгчийн 2022 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн 147/ШЗ2022/00221 дүгээр захирамжаар хүсэлтийг хүлээн авахаас татгалзаж, шүүхийн 2022 оны 4 дүгээр сарын 25-ны өдөр шүүх хуралдаанаар хэлэлцэн 147/ШШ2022/00160 дугаар шийдвэр гарч нэхэмжлэгч нарын нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэжээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 88 дугаар зүйлийн 88.1 дэх хэсэгт “хялбаршуулсан журмаар шийдвэрлэхээс бусад тохиолдолд хэргийг гагцхүү шүүх хуралдаанаар хянан шийдвэрлэнэ” гэж заасан байдаг тул хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хүсэлтийг шүүх хүлээн аваагүйг буруутгах үндэслэлгүй бөгөөд үүнийг бусдад давуу байдал олгосон гэж үзэхгүй.
Түүнчлэн нэхэмжлэгч нар 2019 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр шүүхэд анх нэхэмжлэл гаргахдаа нэхэмжлэгч тус бүр гарын үсэг зурсан байх ба хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч 2019 оны 12 дугаар сарын 11-ний өдөр хариу тайлбараа шүүхэд бичгээр өгч байсан байна.
Шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн шүүх хуралдааны 147/ТМ2020/00088 дугаар тэмдэглэлийн 2 дугаар талын 3 дахь догол мөрөөс хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч “4 хүний гарын үсэг зураагүй нэхэмжлэлийн хувийг гардуулан өгсөн, хэргийн материалтай танилцахад нэхэмжлэлийн нөгөө хувь дээр гарын үсгүүд нь зурагдсан байсан...” гэсэн байгаагаас үзэхэд шүүхэд өгсөн 2 хувь нэхэмжлэлийн 1 хувь дээр нэхэмжлэгч нарын гарын үсэг дутуу зурагдсан байх боломжтой боловч энэ нь шүүгчийг сахилгын зөрчил гаргасан гэж үзэх үндэслэл болохгүй.
1.2. Нэхэмжлэгч нар анх буюу 2019 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр нэхэмжлэл гаргахад шүүх 2019 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр хүлээн авч, шүүхийн 2021 оны 7 дугаар сарын 02-ны өдрийн 147/ШШ2021/00207 дугаар шийдвэрээр нэхэмжлэгч нарыг урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин хөлс олгох, нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг хариуцагчид даалгаж, мөн нэхэмжлэгч Б.М-т ажилгүйдлийн тэтгэмж олгохоор шийдвэрлэсэн нь хуулийн хүчин төгөлдөр болсон байна.
Үүний дараа нэхэмжлэгч Б.М, С.Д, Х.Э, Б.Э нар шүүхийн шийдвэр гарсан өдрөөс хойш ажилгүй байсан хугацааны цалин, хөлс гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэх тухай дахин нэхэмжлэл гаргасныг шүүх хуралдаанаар хэлэлцэн, тус шүүхийн 2022 оны 4 дүгээр сарын 25-ны өдрийн 147/ШШ2022/00160 дугаар шийдвэрээр нэхэмжлэлийн шаардлагыг мөн адил бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн нь Шүүхийн тухай хуулийн 50 дугаар зүйлд заасан зөрчилд хамаарахгүй юм.
Учир нь тухайн үед хүчин төгөлдөр үйлчилж байсан Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.2 дахь хэсэгт “ажилтан ажлаас буруу халсан буюу өөр ажилд буруу шилжүүлсэн тухай гомдлоо ажил олгогчийн шийдвэрийг хүлээн авсан өдрөөс хойш 1 сарын дотор шүүхэд гаргана” гэж заасан.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Г 2022 оны 4 дүгээр сарын 25-ны өдрийн шүүх хуралдааны хүсэлтийн шатанд “Хөдөлмөрийн тухай хуулийн 154 дүгээр зүйлийн талаар” дурдсан байх боловч уг Хөдөлмөрийн тухай хууль /шинэчилсэн найруулга/ нь 2021 оны 7 дугаар сарын 02-ны өдөр батлагдаж, 2022 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс дагаж мөрдсөн тул энэхүү хуулийн 154 дүгээр зүйлийн зохицуулалт дээрх иргэдийн нэхэмжлэлд хамааралгүй болно.
Нэхэмжлэлийн агуулгаас үзвэл нэхэмжлэгч нар ажил олгогчийн 2019 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн шийдвэрийн талаарх гомдлоо хуульд заасан хугацаанд буюу 2019 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр шүүхэд нэхэмжлэл гаргасан байх тул тэднийг “шүүхэд хандах эрх нь дуусгавар болсон” үедээ нэхэмжлэл гаргасан гэж үзэхгүй.
Түүнчлэн Шүүхийн сахилгын хороонд шүүхийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гаргасан шүүгчийн захирамж, шүүхийн тогтоолын хууль зүйн үндэслэлийг хянах, түүнд үнэлэлт, дүгнэлт өгөх эрх хэмжээ хуулиар олгогдоогүй болохыг дурдах нь зүйтэй.
2. Өргөдөл гаргагч нь өргөдөлдөө шүүгч Ц.Э-г Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1.18 дахь хэсэгт заасныг зөрчсөн гэх боловч өргөдөлд шүүгч Ц.Э-г хэзээ, хэрхэн хэргийн нэг талыг байлцуулахгүйгээр уулзсан, харилцсан гэх талаар дурдаагүй, энэ талаарх өргөдөл гаргагчийн өргөдөл тодорхой бус, ойлгомжгүй байна.
3. Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1.23 дахь хэсэгт заасныг зөрчсөн гэх тухайд:
Өргөдөл гаргагч нь өргөдөлдөө “өмгөөлүүлэх эрхээр хангахаас татгалзсан; хариуцагч талд албан ёсоор танилцуулахгүйгээр нэхэмжлэгчийн нэмэгдүүлсэн шаардлага гэх мөнгөн дүнг хариуцагчаас гаргуулахаар шийдвэрлэсэн; буцаан хэрэглэхийг хориглосон хуулийг хэрэглэсэн; зохигчийн давж заалдах шатны шүүхэд мэдүүлэх эрхийг хамгаалсан хуулийг зөрчиж давж заалдах гомдлыг хүлээн авахаас татгалзах замаар өөрийн гаргасан хууль бус шийдвэрээ хянуулахаас зайлсхийсэн” гэж дурджээ.
3.1. Сахилгын хэрэгт авагдсан баримтуудаас үзэхэд шүүхээс хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Г-д Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25, 26 дугаар зүйлд заасан хэргийн оролцогчийн эдлэх эрх, хүлээх үүргийг тайлбарлан өгч, тэрээр тухайн эрх, үүргээ хэрэгжүүлэн хүсэлт гаргаж, шүүхээр шийдвэрлүүлж байсан байна.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч өмгөөлөгчөөс эрх зүйн туслалцаа авахыг хүссэн эсэх нь тодорхой бус, энэ талаарх баримтыг шүүхэд өгөөгүй, мөн шүүх хуралдааны үед өмгөөлөгчтэй оролцох талаар хүсэлт гаргасан эсэх нь ойлгомжгүй байна.
Тодруулбал, 2022 оны 4 дүгээр сарын 25-ны өдрийн 147/ТМ2022/00283 дугаартай шүүхийн хуралдааны тэмдэглэлийн 5 дугаар талын 8-9 дүгээр мөрт Б.Г-ын “...харьяаллын асуудлыг шийдвэрлэж өгнө үү, хэрэв боломжгүй гэж үзвэл өмгөөлөгч авах хүсэлтэй” гэсэн нь тусгагджээ.
Иймд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч “өмгөөлөгч авах тухай” хүсэлт гаргасан гэж үзэх боломжгүй.
3.2. Шүүхийн 2021 оны 7 дугаар сарын 02-ны өдрийн 147/ШШ2021/00207 дугаар шийдвэртэй иргэний хэргийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад 2020 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн шүүх хуралдаанд нэхэмжлэгч талаас нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлснийг шүүгч хүлээн авч 147/ШЗ2020/00121 дүгээр захирамж гарч байжээ.
Тухайн өдрийн шүүх хуралдаанд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Г оролцсон тул мөн өдрөө хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчид нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн хувийг гардуулсан байна.
Мөн нэхэмжлэгч нар дахин нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлэхэд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Г-д 2020 оны 02 дугаар сарын 13-ны өдөр гардуулжээ.
Шүүхийн 2022 оны 4 дүгээр сарын 25-ны өдрийн 147/ШШ2022/00160 дугаар шийдвэртэй иргэний хэргийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч талаас нэхэмжлэлийн шаардлага нэмэгдүүлснийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Г-д 2022 оны 4 дүгээр сарын 08-ны өдөр гардуулж байсан нь иргэний хавтаст хэргийн баримтаар тогтоогдож байх тул “нэхэмжлэгчийн нэмэгдүүлсэн шаардлагыг хариуцагч талд албан ёсоор танилцуулаагүй” гэж үзэх үндэслэлгүй.
3.3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэг “зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор аймаг, нийслэлийн шүүхэд давж заалдах гомдол гаргаж болно”, мөн хуулийн 162 дугаар зүйлийн 162.2.4-т “давж заалдах гомдолд шийдвэрийн ямар зүйл, заалт, үндэслэлийг зөвшөөрөхгүй байгаа” талаар гомдолдоо тусгахаар тус тус хуульчилсан.
Өөрөөр хэлбэл, анхан шатны шүүх хуулийг буруу тайлбарлаж, буцаан хэрэглэхийг хориглосон хуулийг хэрэглэсэн эсэхийг давж заалдах шатны шүүх дүгнэнэ.
Сахилгын хэрэгт авагдсан баримтуудаас үзэхэд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Г нь анхан шатны шүүхийн 147/ШШ2021/00207 болон 147/ШШ2022/00160 дугаартай шийдвэрүүдэд тухай бүрд нь давж заалдах шатны шүүхэд гомдол гаргаж байжээ.
3.4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлд шүүхийн шийдвэрийг танилцуулах, гардуулах талаар зохицуулсан ба мөн хуулийн 119.4 дэх хэсэгт “шүүх хуралдаанд оролцсон тал энэ хуулийн 119.3-т заасан хугацаа өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авна”, 119.7 дахь хэсэгт “энэ хуулийн 119.4-т заасны дагуу шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүй” гэж тус тус заасан.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Г 2022 оны 4 дүгээр сарын 25-ны өдрийн шүүх хуралдаанд биечлэн оролцжээ.
Тэрээр 2022 оны 5 дугаар сарын 08-ны дотор шийдвэрийг гардан авах байсан боловч аваагүй тул шүүх 2022 оны 5 дугаар сарын 09-ний өдөр баталгаат шуудангаар хүргүүлсэн нь шүүхийн “Шийдвэрийг гардуулсан, хүргүүлсэн тухай баримт”-аар тогтоогдож байна.
Мөн тухайн өдрийн шүүх хуралдааны дуу-дүрсний “sukhbaatar-2-26-april-2022-3-04-33” нэртэй фолдэрт байх, “mainfeed_dual_512” нэртэй бичлэгийн 1 минут 51 секундээс даргалагч “Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119, 120 дугаар зүйлийг танилцуулж”, 2 минут 23 секундээс шүүхийн шийдвэрийн агуулгыг тайлбарлаж байгаа нь шүүхийн 2022 оны 4 дүгээр сарын 25-ны өдрийн 147/ШШ2022/00160 дугаар шийдвэрийн 8 дугаар талд бичигдсэнтэй тохирч байгаа болно.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Г хуульд заасан хугацаа хэтрүүлэн 2022 оны 5 дугаар сарын 20-ны өдөр давж заалдах шатны гомдол гаргасныг шүүх 2022 оны 5 дугаар сарын 24-ний өдөр хүлээн авч хянаад, шүүгчийн 2022 оны 5 дугаар сарын 27-ны өдрийн 147/ШЗ2022/00672 дугаар захирамжаар давж заалдах гомдлыг хүлээн авахаас татгалзсанд шүүгч Ц.Э-г буруутгах үндэслэлгүй юм.
Дээрхийг нэгтгэн дүгнэвэл шүүгч Ц.Э нь Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 50 дугаар зүйлд заасан шүүгчид хориглосон зохицуулалтыг зөрчөөгүй байх тул түүнд холбогдуулан үүсгэсэн сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох тухай гишүүний саналыг хуульд нийцсэн, үндэслэл бүхий болсон гэж бүрэлдэхүүн үзэв.
Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 112 дугаар зүйлийн 112.1.2, 112.4, 112.6, 112.7, 112.8 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүхийн сахилгын хорооны гишүүний 2022 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн 144 дүгээр “Сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох санал”-ыг хүлээн авч, ... Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Э-д холбогдох сахилгын хэргийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2. Энэхүү магадлалыг сахилгын хэргийн оролцогч болон өргөдөл гаргагч нарын оршин суугаа газрын, эсхүл ажлын газрын хаягаар хүргүүлэхийг Ажлын албанд даалгасугай.
3. Магадлалыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор сахилгын хэргийн оролцогч нар гомдол, илтгэгч гишүүн эсэргүүцэл гаргах эрхтэй болохыг дурдсугай.
4. Дээрх журмаар хүргүүлснээр магадлалыг гардан авсанд тооцох бөгөөд энэ нь гомдол гаргах хугацааг тоолох үндэслэл болохыг мэдэгдсүгэй.
ДАРГАЛАГЧ Х.ХАШБААТАР
ГИШҮҮН Ц.ДАВХАРБАЯР
О.НОМУУЛИН