МОНГОЛ УЛС
ШҮҮХИЙН САХИЛГЫН ХОРОО
МАГАДЛАЛ
2022-11-09
Дугаар 242
Улаанбаатар хот
Сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Шүүхийн сахилгын хорооны хуралдааныг гишүүн Б.Сугар даргалж, гишүүн Х.Хашбаатар, Ц.Давхарбаяр нарын бүрэлдэхүүнтэй, илтгэгч гишүүн Д.Ариунтуяа, нарийн бичгийн дарга Г.Болортуяа нарыг оролцуулан тус хорооны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар:
... шүүгч Б.Т-д холбогдох сахилгын зөрчил гаргасныг нотлох дүгнэлттэй сахилгын хэргийг хянан хэлэлцэв.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Шүүхийн сахилгын хорооны гишүүний 2022 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн 35 дугаартай “Сахилгын зөрчил гаргасныг нотлох дүгнэлт”-д:
“...Шүүхийн ерөнхий зөвлөлийн 2022 оны 03 дугаар сарын 04-ний өдрийн 52 дугаар тогтоолоор “Иргэний хэргийн хөдөлгөөний нийтлэг аргачлал”-ыг баталсан. Тус аргачлалын 4.2.2-т “Шүүгч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 170 дугаар зүйлийн 170.1 дэх хэсэгт зааснаас бусад хүсэлтийг хүлээн авсан өдрөөс хойш 7 хоногийн дотор шийдвэрлэнэ. Хүсэлт шийдвэрлэсэн шүүгчийн захирамжийг шүүгчийн туслах талуудад 5 хоногийн дотор мэдэгдэж, баримт №7-г үйлдэж, хэрэгт хавсаргана” гэж зааснаас үзвэл шүүгч хүсэлтийг хүлээн авсан бол 7 хоногийн дотор шийдвэрлэхээр зохицуулсан.
Сахилгын хэрэгт авагдсан баримтуудаас үзвэл 2022 оны 03 дугаар сарын 30-ны өдөр хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс “...Б.Л-н эзгүйд дээрх сайт болон фэйсбүүкийн хуудсанд үзлэг хийлгэх ямар ч боломжгүй тул үзлэг хийх ажиллагааг хойшлуулж өгнө үү. Мөн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.6 дахь хэсэгт заасныг үндэслэн хариуцагч Б.Л-н Монгол Улсын хилээр гарсан эсэх талаарх лавлагааг Хил хамгаалах ерөнхий газраас гаргуулж өгнө үү” гэх хүсэлтийг гаргасан байна.
Дээрх хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хүсэлтийг 87 хоногийн дараа буюу 2022 оны 06 дугаар сарын 24-ний өдрийн 181/ШЗ2022/08581 дугаар шүүгчийн захирамжаар хүлээн авч, хариуцагчийг Монгол Улсын хилээр гарсан эсэх талаарх лавлагаа гаргуулахаар шийдвэрлэсэн.
Мөн 2022 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.О хариуцагчийн өөрт нь олгосон итгэмжлэлээсээ, хариуцагчийн өмгөөлөгч Г.Э нь хариуцагчид хууль зүйн туслалцаа үзүүлэхээс тус тус татгалзсан байхад нөхцөл байдлыг даруй тодруулаагүй бөгөөд татгалзал гарснаас хойш 108 хоногийн дараа буюу 2022 оны 07 дугаар сарын 18-ны өдрийн шүүх хуралдаанаар хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч итгэмжлэлээсээ татгалзаж буйг хариуцагчийн өмгөөлөгч хууль зүйн туслалцаа үзүүлэхээс татгалзаж байгааг тодруулан татгалзлыг хүлээн авч, хариуцагчийг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцуулахаар шийдвэрлэсэн байна.
Шүүгч Б.Т-с 2022 оны 10 дугаар сарын 10-ны өдөр “...хэргээ шалгаад асуухад сүүлд нь ийм хүсэлт гаргасан байна гэж танилцуулсан...,
Шүүгчийн туслах бол хүсэлтийг надад танилцуулаагүй байсан...” гэх тайлбарыг өгсөн боловч шүүгч нь иргэний хэргийн хөдөлгөөний хяналт, удирдлагыг хэрэгжүүлэн хяналт тавих үүрэгтэй.
Түүнчлэн 2021 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 181/ШЗ2021/14769 дугаар шүүгчийн захирамжаар О.Д-г гэрчээр асуух, үзлэг хийх ажиллагааг хийж нотлох баримтыг бэхжүүлэхээр шүүх хуралдааныг хойшлуулсан бөгөөд 2022 оны 02 дугаар сарын 14-ний өдөр, 02 дугаар сарын 28-ны өдөр, 2022 оны 03 дугаар сарын 04-ний өдөр шүүгчийн туслах Д.Т-с гэрч О.Д-г дуудан ирүүлэхээр мэдэгдсэний дагуу 2022 оны 03 дугаар сарын 18-ны өдөр О.Д-г гэрчээр асуусан байна. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.5 дахь хэсэгт “Гэрч шүүхийн дуудсанаар хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй бол түүнийг албадан ирүүлэхийг шүүхээс цагдаагийн албанд даалгаж, холбогдох зардлыг гэрчээр гаргуулахаар тогтоож болно” гэж заасны дагуу шүүгч гэрчийг албадан ирүүлэх замаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг түргэн шуурхай явуулах бүрэн эрхээ хэрэгжүүлээгүй байна.
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ц.М-с 2022 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн 22/08 дугаар албан бичгээр шүүх хуралдааныг товлох, үзлэгийн ажиллагаа явуулах хүсэлтийг, 2022 оны 03 дугаар сарын 09-ний өдрийн 22/24 дугаар албан бичгээр шүүх хуралдаан товлон зарлуулах хүсэлтийг, 2022 оны 06 дугаар сарын 07-ны өдрийн 22/48 дугаартай албан бичгээр шүүх хуралдааныг товлон зарлуулах хүсэлтийг тус тус гаргаж байсныг дурдах нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 71 дүгээр зүйлийн 71.1 дэх хэсэгт “Хуулиар өөр хугацаа тогтоогоогүй бол хэрэг үүсгэсэн өдрөөс хойш 60 хоног, давж заалдах болон хяналтын шатны шүүхээс хэргийг дахин хэлэлцүүлэхээр ирүүлсэн бол шүүгч хэргийг хүлээж авснаас хойш 30 хоногийн дотор тус тус шийдвэрлэнэ”, 71.2 дахь хэсэг “Энэ хуулийн 71.1-д заасан хугацааг тухайн шүүхийн шүүгчдийн зөвлөгөөнөөс нэг удаа 30 хүртэл хоногоор сунгаж болно” гэж зааснаас үзвэл хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулах нийт хугацаа 90 хоног байна.
Тус хэрэгт шүүгч Б.Т- нь 01 жил 01 сар 02 хоногийн хугацаанд хянан шийдвэрлэх ажиллагаа явуулсан бөгөөд хэргийг хуульд заасан хугацаанд шийдвэрлээгүй, хэргийн оролцогчоос гаргасан хүсэлт, татгалзлыг 87 хоног, 108 хоногийн дараа шийдвэрлэж байгаа нь Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1.23-т заасан “хуулийн илт тодорхой заалтыг ноцтой” зөрчсөн гэж үзэхээр байна...” гэжээ.
ҮНДЭСЛЭХ НЬ:
Шүүхийн сахилгын хорооны гишүүний 2022 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийн “Сахилгын хэрэг үүсгэх тухай” 1152 дугаар захирамжаар ... Б.Т-д холбогдуулан сахилгын хэрэг үүсгэн, шалгах ажиллагаа явуулаад илтгэгч гишүүн нь 2022 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн 35 дугаартай “Сахилгын зөрчил гаргасныг нотлох дүгнэлт” гаргасныг доорх үндэслэлээр хүчингүй болгож, сахилгын хэргийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.
Шүүгч Б.Т нь иргэн Т.Б-н нэхэмжлэлтэй Б.Л-д холбогдох 10,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2021 оны 09 дүгээр сарын 08-ны өдөр хүлээн авч хянаад, 2021 оны 09 дүгээр сарын 15-ны өдөр 181/ШЗ2021/10276 дугаар захирамжаар иргэний хэрэг үүсгэж, 2021 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн “Иргэний хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцүүлэх тухай” 181/ШЗ2021/12691 дүгээр захирамжаар 2021 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн 10 цаг 00 минутад шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхээр товлон зарласан байна. Товлогдсон өдөр явагдсан шүүх хуралдаанаар нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гэрч асуулгах, фэйсбүүк чат болон гар утасны мессежинд үзлэг хийх, автомашины лавлагаа гаргуулах хүсэлтийг хангаж “Хүсэлт хэлэлцэж, шүүх хуралдаан хойшлуулах тухай” 13136 дугаар захирамж гаргасан байх бөгөөд 2021 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн 09 цаг 00 минут хүртэл шүүх хуралдааныг хойшлуулж шийдвэрлэжээ.
Уг иргэний хэргийг хянан шийдвэрлэх ажиллагааны хугацааг тус шүүхийн шүүгчдийн зөвлөгөөний 2021 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн 01155 дугаар тогтоолоор 2021 оны 11 дүгээр сарын 14-ний өдрөөс 30 хоногоор сунгаж шийдвэрлэжээ.
“Хүсэлт хэлэлцэж, шүүх хуралдаан хойшлуулах тухай” 14208 дугаар 2021 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн захирамжаар нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн хүсэлтийг хангаж 2021 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 14 цаг 30 минут хүртэл шүүх хуралдааныг хойшлуулж шийдвэрлэжээ. Харин 2021 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн хуралдаанаар Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.9 дэх хэсэгт заасныг удирдлага болгон гэрч асуух, үзлэг хийх ажиллагаа явуулах зорилгоор 181/ШЗ2021/14769 дүгээр “Нэмэлт нотлох баримт гаргуулах ажиллагаа хийхээр шүүх хуралдааныг хойшлуулах тухай” захирамж гарч шүүх хуралдааныг жич товлон зарлахаар тогтжээ.
Коронавирусийн халдвараас урьдчилан сэргийлэх зорилгоор 2022 оны 01 дүгээр сарын 03, 14-ны өдрүүдийн шүүгчдийн зөвлөгөөний “Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны талаар шуурхай арга хэмжээ авах тухай” тогтоолуудаар тухайн хугацаанд зарлагдсан шүүх хуралдааныг хойшлуулах, хэргийн оролцогчийг шүүхэд дуудан ирүүлэхгүй байхаар тус тус шийдвэрлэжээ.
Сахилгын хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтаар шүүгч Б.Т нь хуульд заасан хугацааны дотор хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг явуулж шүүх хуралдааныг товлон зарлаж, шүүх хуралдааныг хийсэн байх бөгөөд зохигчдын хүсэлтээр шүүх хуралдаан хойшилж байсан болох нь тогтоогдож байна.
Шүүгчийн 181/ШЗ2021/14769 дүгээр захирамжийн биелэлтийг хангуулахаар 02 дугаар сарын 14, 28 болон 03 дугаар сарын 04-ний өдрүүдэд гэрч асуухаар удаа дараа мэдэгдэхэд тухайн гэрчээр оролцох иргэн нь орон нутагт амьдардаг, өвчтэй ээжийгээ асардаг гэсэн тайлбар хэлж 03 дугаар сарын 18-ны өдөр гэрчийн мэдүүлэг өгсөн нь сахилгын хэрэгт авагдсан баримтаар нотлогдож байна. Холбогдох хуульд зааснаар гэрч шүүхийн дуудсанаар хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй бол түүнийг албадан ирүүлэхийг шүүхээс цагдаагийн албанд даалгах зохицуулалттай байх тул гэрчийг албадан ирүүлэх замаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг түргэн шуурхай явуулах эрхээ хэрэгжүүлээгүй байна гэж үзэх үндэслэлгүй байна.
Хариуцагчийн төлөөлөгч Л.О нь өөрт олгосон 2006 дугаартай итгэмжлэлээс, өмгөөлөгч Г.Э-г өмгөөллийн хөлсийг төлөөгүй гэсэн үндэслэлээр хариуцагч Б.Л-г төлөөлөн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцохоос татгалзах тухай хүсэлтийг 2022 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр тус тус ирүүлсэн байна.
Холбогдох шүүгч хэдийгээр дээрх хүсэлтүүдийг шийдвэрлэхдээ хугацаа алдсан байх хэдий боловч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд хүсэлт шийдвэрлэхтэй холбоотой хугацааны талаарх нарийвчилсан зохицуулалт байхгүй байх тул үүнтэй холбоотойгоор шүүгчийг хуулийн илт тодорхой заалтыг ноцтой зөрчсөн гэж буруутгах үндэслэлд хамаарахгүй байна.
“Хүсэлт шийдвэрлэх тухай” 08581 дүгээр 2022 оны 06 дугаар сарын 24-ний өдрийн захирамжид хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.О-с ирүүлсэн хүсэлтийг хангаж, хариуцагч Б.Л-н Монгол улсын хилээр гарсан эсэх талаарх лавлагааг Хил хамгаалах ерөнхий газраас гаргуулахаар шийдвэрлэжээ.
2022 оны 07 дугаар сарын 18-ны өдрийн “Хүсэлт хянан шийдвэрлэж, шүүх хуралдаан хойшлуулах тухай” 09449 дүгээр захирамжаар хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.О, түүний өмгөөлөгч Г.Э нар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд хариуцагчийг төлөөлж оролцох эрхээсээ татгалзсан болохыг дурдаж, хариуцагчийг өөрийг нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцуулж, хэргийг хянан шийдвэрлэх үүднээс тов мэдэгдэх, хэргийн материал танилцуулах ажиллагаа хийхээр шийдвэрлэсэн байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагаа нь мэтгэлцэх зарчмын үндсэн дээр хэрэгжих тул зохигч талуудыг тэгш эрхээр хангах хууль ёсны шаардлагын үүднээс хариуцагчийн эзгүйд шүүх хуралдаанаар уг хэргийг хянан шийдвэрлэх боломжгүй байна гэж шүүгч дүгнэн, шүүх хуралдааныг хойшлуулж жич товлон зарлахаар шийдвэрлэсэн нь шүүгчийг буруутгах үндэслэл болохгүй.
Иймд илтгэгч гишүүний шүүгч Б.Т нь 01 жил 01 сар 02 хоногийн хугацаанд хянан шийдвэрлэх ажиллагаа явуулсан нь хэргийг хуульд заасан хугацаанд шийдвэрлээгүй буюу Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1.23-т заасан “хуулийн илт тодорхой заалтыг ноцтой” зөрчсөн гэж дүгнэсэн нь үндэслэлгүй байна гэж бүрэлдэхүүн үзлээ.
Шүүхийн ерөнхий зөвлөлийн 2022 оны 03 дугаар сарын 04-ний өдрийн 52 дугаар тогтоолоор баталсан “Иргэний хэргийн хөдөлгөөний нийтлэг аргачлал”-ын 4.2.2-т “Шүүгч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 170 дугаар зүйлийн 170.1 дэх хэсэгт зааснаас бусад хүсэлтийг хүлээн авсан өдрөөс хойш 7 хоногийн дотор шийдвэрлэнэ” гэж заасан, хүсэлтийг хүлээн авсан бол 7 хоногийн дотор шийдвэрлэхээр зохицуулсан тул хэргийн оролцогчоос гаргасан хүсэлт, татгалзлыг 87 хоног, 108 хоногийн дараа шийдвэрлэж байгаа нь Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1.23-т заасан “хуулийн илт тодорхой заалтыг ноцтой” зөрчсөн гэж үзэхээр байна гэж дүгнэсэн нь хуульд нийцээгүй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд хүсэлт шийдвэрлэх хугацааг хуульчлан илт тодорхой байдлаар хуульчлан зааж өгөөгүй бөгөөд хуулийг биш аргачлалыг зөрчсөн гэж үзэж шүүгчид сахилгын хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлгүй юм.
Иймд дээрх тогтоогдож буй нөхцөл байдлыг бүрэлдэхүүн харгалзан үзэж, илтгэгч гишүүний сахилгын зөрчил гаргасныг нотлох дүгнэлтийг хүчингүй болгож, сахилгын хэргийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж бүрэлдэхүүн үзэв.
Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 112 дугаар зүйлийн 112.1, 112.1.1, 112.2 дах хэсэгт заасныг удирдлага болгон
ТОГТООХ НЬ:
1. ... шүүгч Б.Т-д холбогдох сахилгын зөрчил гаргасныг нотлох дүгнэлтийг хүчингүй болгож, сахилгын хэргийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2. Магадлалыг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Сахилгын хороонд сахилгын хэргийн оролцогч гомдол, илтгэгч гишүүн эсэргүүцэл гаргаж болохыг дурдсугай.
3. Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 112 дугаар зүйлийн 112.6-т зааснаар магадлал гаргаснаас хойш 14 хоногийн дотор сахилгын хэргийн оролцогч болон өргөдөл гаргагчийн оршин суугаа газрын эсхүл ажлын газрын хаягаар баталгаат шуудангаар, эсхүл ажлын албаны ажилтнаар хүргүүлэхийг ажлын албанд даалгасугай.
4.Дээрх журмаар хүргүүлснээр магадлалыг гардан авсанд тооцох ба энэ нь гомдол гаргах хугацааг тоолох үндэслэл болохыг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ, ГИШҮҮН Б.СУГАР
ГИШҮҮН Х.ХАШБААТАР
Ц.ДАВХАРБАЯР