info@judiscom.mn 976 - 77113838 Холбоо барих ШИЛЭН ДАНС
ENMNG

МОНГОЛ УЛС

ШҮҮХИЙН САХИЛГЫН ХОРОО

МАГАДЛАЛ

2023-11-03

Дугаар 118

Улаанбаатар хот

 Сахилгын хэргийг хэрэгсэхгүй

болгох тухай

 

 

Сахилгын хорооны хуралдааныг гишүүн Д.Ариунтуяа даргалж, гишүүн Х.Хашбаатар, С.Энхтөр нарын бүрэлдэхүүнтэй, илтгэгч гишүүн Ц.Давхарбаяр, нарийн бичгийн дарга А.Номин нарыг оролцуулан тус хорооны танхимд хийсэн хуралдаанаар:

... шүүхийн шүүгч Д.М-т холбогдох сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох саналыг хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Илтгэгч гишүүн ирүүлсэн саналдаа: Иргэн М.Н нь Д.О-д холбогдуулан гэрлэлт цуцлах, хамтран өмчлөх эд хөрөнгөнөөс ногдох хувийг гаргуулах, хүүхдийн асрамж тогтоолгох шаардлага бүхий нэхэмжлэл 2023 оны 03 дугаар сарын 22-ны өдөр гаргасан нь ... шүүхийн шүүгч Д.М-т хуваарилагдсан, шүүгч нь 2023 оны 03 дугаар сарын 29-ний өдрийн 000/ШЗ2023/05751 дугаар захирамжаар иргэний хэрэг үүсгэсэн, тус шүүхийн Ерөнхий шүүгчийн 2023 оны 03 дугаар сарын 29-ний өдрийн 000/ЕШ2023/1845 дугаар захирамжаар шүүх хуралдаан даргалагчаар шүүгч Д.М-ийг албажуулжээ.  

Нэхэмжлэгч нэхэмжлэлдээ шүүхээс гарах шийдвэрийн биелэлтийг баталгаажуулах хүсэлтийг хавсаргасан байх ба шүүгчийн 2023 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийн 000/ШЗ2023/07197 дугаар захирамжаар хариуцагчийн нэр дээрх хөдлөх болон үл хөдлөх хөрөнгийг бусдад шилжүүлэх, бэлэглэх, захиран зарцуулах, эд хөрөнгийн эрхийн байдлыг өөрчлөхгүй байхыг хариуцагчид даалгажээ.

 Хариуцагч 2023 оны 04 дүгээр сарын 21-ний өдөр хариу тайлбар гаргахдаа .... шүүхийн 2016 оны 08 дугаар сарын 23-ны өдрийн 447 дугаар шийдвэрийн хуулбарыг хавсаргасан нь тогтоогдох ба уг шийдвэр нь нотлох баримтын шаардлага хангаагүй байдлаар хэрэгт авагдсан байна.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явагдаж байгаа бөгөөд 2023 оны 05 дугаар сарын 09-ний өдөр эхний хурал хийсэн, тус хурлын бичлэгийг нотлох баримтаар гаргуулсан боловч дуу байхгүй, зөвхөн дүрсний бичлэг байсан болно. Хариуцагч  2023 оны 05 дугаар сарын 01-ний өдөр сөрөг нэхэмжлэл[1] гаргасан, түүндээ мөн шүүхээс гарах шийдвэрийн биелэлтийг баталгаажуулах арга хэмжээ авхуулах хүсэлт гаргажээ.

Нэхэмжлэгч “гэрлэлт цуцлах, хамтран өмчлөх эд хөрөнгөнөөс ногдох хувийг гаргуулах, хүүхдийн асрамж тогтоолгох” гэсэн шаардлага бүхий нэхэмжлэл гаргасан бол хариуцагчийн сөрөг нэхэмжлэл “гэрлэлт цуцлуулах, хамтран өмчлөх дундын хөрөнгийг тогтоолгох, хамтран өмчлөх дундын эд хөрөнгөнөөс ногдох хувийг гаргуулах, хүүхдийн асрамж болон тэтгэлэг тогтоолгох” гэх шаардлагатай байгаа нь агуулга ижил гэж үзэхээр байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 73 дугаар зүйлийн 73.1-д “Үндсэн нэхэмжлэлтэй хамт шийдвэрлүүлэхийн тулд хэргийг шүүх хуралдаанаар хянан шийдвэрлэхээс өмнө хариуцагч сөрөг нэхэмжлэл гаргах эрхтэй”, 73.2-т “Сөрөг нэхэмжлэлийн шаардлага үндсэн нэхэмжлэлийн шаардлагатай тооцогдох байвал шүүх сөрөг нэхэмжлэлийг үндсэн нэхэмжлэлтэй хамт шийдвэрлэнэ” гэж заасны дагуу тухайн сөрөг нэхэмжлэлийг үндсэн нэхэмжлэлтэй хамтад шийдвэрлэх нэхэмжлэл гэж үзэх үндэслэлгүй буюу өөрөөр хэлбэл, үндсэн нэхэмжлэлийг шийдвэрлэхэд сөрөг нэхэмжлэлийн шаардлага шийдэгдэх давхацсан агуулгатай байх тул шүүгч тухайн нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэсэн нь дээрх хуульд нийцжээ.

Сөрөг нэхэмжлэлийг хүлээж аваагүй учраас тухайн нэхэмжлэлтэй хамтад нь гаргасан шүүхээс гарах шийдвэрийн биелэлтийг баталгаажуулсан хүсэлтийг шийдвэрлэх эрх зүйн үндэсгүй байх тул өргөдлийн холбогдох хэсэг нь үндэслэлгүй байна.

...шүүхэд байгаа хавтаст хэрэгт хийсэн үзлэгээр энэхүү сөрөг нэхэмжлэлийг гардуулсан гэх баримт байгаагүй.

Түүнчлэн нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ц.О “ ... Сөрөг нэхэмжлэл шүүхэд хэзээ ирсэн бэ гэдгийг мэдэхгүй байна. Хуралдааны өмнөхөн шүүх дээр очсон. Шүүгчийн туслахаас хурал орно биз дээ гэж асуусан. Шүүгчийн туслах заал чөлөөлөгдөхөөр орно, хариуцагч сөрөг нэхэмжлэл гаргасан гээд нэг хувийг надад өгсөн. Гэхдээ нэхэмжлэл гардуулсан баримт дээр гарын үсэг зуруулаагүй. Танилц гэдэг агуулгаар өгсөн байх. Би танилцаж амжаагүй хуралд орсон. ... Шүүхийн хэлэлцүүлэг эхлээд би сөрөг нэхэмжлэлтэй холбоотой тайлбар өгсөн. Шүүх сөрөг нэхэмжлэлийг хүлээн авах боломжгүй гэж шийдвэрлэсэн. Би хэлэлцүүлэг дээр сөрөг нэхэмжлэлийг шүүгчид харуулахад шүүгч яагаад  ... авчихсан байгаа юм бэ гээд надаас авсан ... ” гэсэн бол хариуцагчийн өмгөөлөгч Д.Г “ ... 2023 оны 05 дугаар сарын 09-ний өдрийн хуралдаанд орохын өмнө шүүгчийн туслахаас манай сөрөг нэхэмжлэлийг яасан бэ гэж асуухад манай сөрөг нэхэмжлэлийг нэхэмжлэгчид гардуулсан гэж хариулсан. Хуралдааны хэлэлцүүлгийн явцад шүүгч сөрөг нэхэмжлэлийг хүлээж аваагүй гэж хэлсэн. Нэхэмжлэгч талаас сөрөг нэхэмжлэлийг нь шүүгч аваад ир гээд шүүх хуралдааны нарийн бичгээр авхуулаад шүүгчид өгтөл сөрөг нэхэмжлэлийг манайд буцаагаад өгчихсөн. “Би хүлээж аваагүй байна. Тэгтэл яагаад гардуулсан юм бэ? аваад ир” гэж хэлсэн. Сөрөг нэхэмжлэлтэй холбогдуулан хүсэлт гаргахад хүсэлтийг ч мөн хүлээж аваагүй ... Тэр өдрийн шүүх хуралдаан дээр шүүгч зөвлөлдсөн. Бусад хүсэлтийг хэрхэн шийдсэн талаар хэлчхээд, сөрөг нэхэмжлэлийг хүлээж аваагүй гэж хэлсэн ... ” гэжээ.

Шүүх хуралдааны дүрсний бичлэгт “...0:17:31-0:19:45 дахь хэсгээс нэхэмжлэгчийн өмгөөлөгчөөс: Тайлбар хэлж байгаа мэт дүрс харагдаж байх ба 0:18:27 ба 0:20:37-0:20:45 дахь хэсэгт дахь хэсэгт шүүх хуралдааны нарийн бичгийн дарга суудлаасаа босож нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн ширээн дээрээс цаас авч даргалагчид өгч байгаа дүрс байдан.

Үүнээс үзвэл, шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхээс өмнө сөрөг нэхэмжлэлийг шүүх хүлээн авч, нэхэмжлэгчид гардуулсан ажиллагаа хийгдсэн гэж үзэх үндэслэлгүй, харин шүүгчийн туслах сөрөг нэхэмжлэлийн нэг хувийг нэхэмжлэгчийн өмгөөлөгчид өгсөн, шүүхийн хэлэлцүүлгээр сөрөг нэхэмжлэлийн талаар хэлэлцэн, шүүх хүлээж авахаас татгалзаж шийдвэрлэсэн болох нь нотлох баримтаар тогтоогдож  байна.

Шүүгч нь “ ... ”...шүүхийн шийдвэр” гэх албажуулаагүй, нотлох баримтын шаардлага хангаагүй баримтыг тодруулж асуусан бөгөөд нотлох баримтын шаардлага хангаагүй баримт шүүхийн шийдвэрийн үндэслэл болж чадахгүйг тайлбарлан, хэргийг шийдвэрлэхэд ач холбогдолтой гэж үзвэл нотлох баримтын шаардлага хангасан байдлаар гаргаж өгөхийг тайлбарласнаас ...” гэж тайлбар өгсөн. Бичлэгийн “... 0:37:11-0:37:36 дахь хэсэгт Шүүгч зөвлөлдөж, хуралдааны оролцогчид шүүх хуралдааны танхимаас гарцгаав. /шүүгчийг зөвлөлдөх үед шүүх хуралдааны бичлэгийг зогсоогоогүй./ 0:37:37-0:43:07 дахь хэсэгт оролцогчид танхимд орж ирцгээв. Даргалагчаас Захирамж, шийдвэр танилцуулж оролцогчид суудлаасаа босож зогсов. 0:43:08 дахь хэсэгт Оролцогчид суудалдаа сууцгаав. 0:43:09-0:46:37 дахь хэсэгт нэхэмжлэгчийн өмгөөлөгч тайлбар хэлж байгаа дүрс харагдана. 0:46:39-0:47:42 дахь хэсэгт нэхэмжлэгч суудлаас босч тайлбар хэлж байгаа дүрс харагдана. 0:47:48-0:49:02 дахь хэсэгт хариуцагч тайлбар хэлж байгаа дүрс харагдана. 0:49:09-0:57:59 дахь хэсэгт даргалагч ярьж байгаа дүрс харагдаж[2] байна. 0:58:00-0:58:24 дахь хэсэгт оролцогчид танхимаас гарснаар” шүүх хурал дуусжээ. Сахилгын хэрэгт авагдсан, тус шүүх хуралдааны тэмдэглэлд, энэ талаарх агуулга тусгагдаагүй, харин шүүх хурлын бичлэгийн дүрснээс харахад, шүүгч зөвлөлдөж орж ирсэний дараа талууд босч тайлбар хэлж байгаа дүрснээс уг нотлох баримттай холбоотой асуудлыг хурлын дараа яригдсан гэж үзэхээр байна.

Хариуцагчийн өмгөөлөгч Д.Г “ ... Шүүгч хурал дууслаа гээд алхаа цохисон. Бид нар гарах гэтэл сууж бай. Нотлох баримттай холбоотой асуух зүйл байна гээд энэ шийдвэрийн талаар асуусан. Хэрэгт ямар ач холбогдолтой вэ? яах гэж өгсөн юм бэ? гэж асуусан. Тэгэхээр нь би нотлох баримт хэлэлцэх шатанд мэтгэлцээд явъя гэтэл шүүгч “би харж байна. Өмгөөлөгч та ёс зүйтэй бай. Энэ хүний урдах амьдрал танд ямар хамааралтай юм бэ” гэж хэлсэн гэсэн. Та нарт хүний амьдрал ямар хамаатай юм бэ гээд уцаарлаж, загнасан ... “ гэж хэлжээ. Өргөдөлд “ ... 2023 оны 05 дугаар сарын 09-ний өдрийн шүүх хуралдаан дууслаа гээд алхаа цохисны дараа, хэрэгт байгаа нотлох баримтыг тодруулах зүйл байна гэсний дагуу миний хэрэгт хавсарган өгсөн нэхэмжлэгчтэй холбогдолтой ...шүүхийн 2023 оны 08 дугаар сарын 23-ны өдрийн 447 дугаар “Гэр бүл цуцлуулах, хүүхдийн асрамж тогтоолгох тухай” шүүхийн шийдвэрийг яах гэж хэрэгт нотлох баримтаар гаргаж өгсөн талаар асуусан юм. Энэ талаар миний өмгөөлөгч шүүх хурал дээрээ нотлох баримт шинжлэн судлах явцад тайлбараа хийе гэж хэлсэн боловч энэ баримт хэрэгт ямар хамааралтай, яах гэж энэ хүний өмнөх амьдралыг гаргаж ирээд байгаа юм, энэ хэрэгт ямар ч ач холбогдолгүй хэмээн” ил цагаан нотлох баримтад үнэлэлт дүгнэлт өгч, нэхэмжлэгчийг өмөөрч, миний амьдралд болон гаргаж өгсөн нотлох баримтад хувийн дүгнэлтээ хийж байгааг шүүгч хүнд байхааргүй ёс зүйгүй үйлдэл гэж үзэж байна” гэжээ.

Харин, сахилгын хэрэгт гэрчээр мэдүүлэг өгсөн нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ц.О “ ... Хэрүүл болоогүй. Нэхэмжлэгч, хариуцагч талууд нэг нэгнээ үзэхгүй байгаа. Би эвлэрүүлэх талаар хариуцагчийн өмгөөлөгчтэй ярилцаж үзсэн ... Шүүгч хуралдааныг даргалдаг шиг даргалаад талуудаас тайлбараа аваад явсан гэв. Асуулт: Даргалагчаас хариуцагч Д.О-ийг загнасан зүйл байсан уу гэхэд, Хариулт: Тийм зүйл гараагүй. Даргалагчаас өмгөөлөгч нарт хандаж хүсэлтүүдээ гарга гэдэг зүйл хэлсэн гэв. Асуулт: Даргалагчийн зүгээс хэргийн оролцогчийн аль нэгэнтэй харилцахдаа зохимжгүй харилцсан зүйл байна уу гэхэд, Хариулт: Үгүй. Надад тийм зүйл ажиглагдаагүй. Энэ бол зүгээр л хэргийг удаашруулах, шүүгчид нөлөөлөх оролдлого гэж үзэж байгаа. Шүүгч манай талд ажиллах нөхцөл байхгүй. М шүүгчийг танихгүй, мэдэхгүй ...” гэсэн бол шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Н[3] нь бичгээр өгсөн тайлбартаа “ ... би 2023 оны 05 дугаар сард шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар ажиллаж байсан. ... М.Н-ын нэхэмжлэлтэй, хариуцагч Д.О-д холбогдох хэргийн шүүх хуралдаанд нарийн бичгийн даргаар оролцсон. Тус шүүх хуралдааныг шүүгч Д.М даргалсан. Даргалж байх хугацаандаа гэрлэгчдийг сонсож, нам дуугаар хөтөлж байсан. Миний хувьд ажлын өдрүүдэд 20 гаруй шүүх хуралдаанд нарийн бичгийн даргаар оролцдог байсан тул тус өдрийн хурлын талаар нарийн сайн санахгүй байгаа болно ... ” гэжээ.

Нотлох баримттай холбогдуулан, шүүх хуралдаан дууссаны дараа тодруулж асуусан нь дээрх гэрчийн тайлбар, өргөдөл болон шүүгчийн тайлбараар тогтоогдож байна. Харин уг баримтаас болж загнасан гэх талаар сахилгын хэргийн гэрч болон бусад баримт нь хороондоо зөрүүтэй, шүүх хуралдааны бичлэгийн дуу байхгүйгээс болж тогтоох боломжгүй байна.

Иймд, шүүх хуралдааны бичлэгийн дуу байхгүйгээс даргалагч хэн нэгийг загнаж, зандарсан, юу гэж ярьсан болохыг тогтоох боломжгүй байх ба өргөдөлд дурдсан ийм нөхцөл байдал үүссэн бол шүүх хуралдаан дууссан байтал нотлох баримтын тодруулга хийх, мөн түүнийг үнэлж байгаа мэт ойлголтыг хэргийн оролцогчид төрүүлэхгүй байхыг цаашид хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаандаа анхаарах нь зүйтэй.

            Хариуцагчийн өмгөөлөгч 2023 оны 05 дугаар сарын 22-ны өдөр “... Үндсэн хууль, холбогдох бусад хууль тогтоомжид заасан хүүхдийн үндсэн эрхийг хамгаалах зарчмын хүрээнд шүүхийн шийдвэр гарахаас өмнө хоёр хүүхдийн асран хамгаалалтыг шийдвэрлэх шаардлага үүсээд байна ... Учир нь нэхэмжлэгч М.Н нь хүүхдүүдийг гэрээс дураар аашлан булааж авч явснаас хойш өөрийн асрамжид байлгахгүй хаяж, эцгээс нь хол, хөдөө орон нутагт өөрийн аав ээж дээр хүргэж өгсөн байх ба хэвийн нөхцөлд сургуулийн өмнөх насны боловсрол авч цэцэрлэгт явж байсан бага насны хүүхдүүдийг маань ааваас нь холдуулах арга хүргэлснийг эцэг хүний хувьд хүлээн зөвшөөрөх боломжгүй байна. Энэ нь хүүхдийн асран хамгаалалтын талаар шаардлага гаргасан хүний хийх үйлдэл мөн эсэхэд эргэлзээ төрүүлж байгааг шүүх анхаарч хүүхдийн эрхийг нэн тэргүүнд тавьж холбогдох шийдвэр гаргаж өгөхийг хүсэж байгаа болно. Хариуцагчийн зүгээс шүүхээс хүсэж буй хүсэлтээ өөрийн өмгөөлөгчөөр уламжлан үүгээр гаргаж байгааг минь хүлээн авч, ойлгож хүүхэдтэйгээ уулзах, тэдний цэцэрлэгт хүмүүжих, боловсрол авах эрхийг нь хангаж өгөхийг хүсье...” гэх хүсэлт гаргажээ.

            Дээрх хүсэлтийг 2023 оны 05 дугаар сарын 26-ны өдрийн 9951 дүгээр захирамжаар[4] “...хариуцагчийн өмгөөлөгчөөс мөн насанд хүрээгүй хүүхдүүдийг эцгийн асрамжид байлгах урьдчилсан арга хэмжээ авхуулах хүсэлтийг шүүхэд гаргасан. Хэдийгээр хариуцагчийн өмгөөлөгч нь хариуцагчийн хүсэлтийг уламжилж байна гэж тайлбарлаж байх боловч Д.О-ийн хүсэл зориг байгаа эсэх нь тодорхойгүй байх тул уг хүсэлтийг хангах үндэслэлгүй байна...” гэж дүгнэж тус хүсэлтийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

Өмгөөлөгч Д.Г энэ талаар “ ... Тухайн үед нэхэмжлэгч, хариуцагч талын 2 өмгөөлөгч аль аль нь хүсэлт гаргасан. Тэр үед шүүгч аль хэдийн хэргийг шийдсэн мэт сэтгэгдлийг хариуцагч болон надад төрүүлсэн. Яагаад вэ гэхээр О өмгөөлөгчөөрөө дамжуулан эрх ашгаа хамгаалуулж оролцож байгаа. Нэхэмжлэгчийн өмгөөлөгчөөрөө дамжуулан гаргасан хүсэлтийг хүлээн аваад хариуцагч О-ийн гэрт байгаа хувцас, хэрэглэл, тоглоомыг гаргуулан, нэхэмжлэгчид өг гэж шийдсэн. Гэтэл манай гаргасан хүсэлтийг О-ийн хүсэл зориг биш байна гэж шийдсэн нь яагаад гэвэл нэхэмжлэгчийн гаргасан хүсэлтийг хүлээн авч хувцас, хэрэглэл, тоглоом зэргийг гаргуулахаар шийдсэн нь энэ шүүгч анхнаасаа хүүхдүүдийг ээжид нь өгөөд шийдвэрээ гаргачихсан байна гэж О хэлж байсан. Надад мөн ийм сэтгэгдэл төрсөн. Бидний гаргасан хүсэлт хэрэгт ямар ч ач холбогдолгүй гэж үзэж байгаа нь манайд сонин санагдаад энэ шүүгчээр хэргээ шийдүүлэхдээ эргэлзэж байгаа ... ” гэх тайлбарыг өгчээ.

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.1-д “Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцох өмгөөлөгчийн төлөөлөх эрх нь эрх зүйн туслалцаа авч байгаа талын хүсэлтээр тодорхойлогдоно”, мөн хуулийн 34.2-т “Өмгөөлөгч гэрээний үндсэн дээр иргэн, хуулийн этгээдийг төлөөлөхдөө төлөөлүүлэгчийн эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах зорилгоор хуульд заасан бүх арга хэмжээ авах ба шаардлагатай эрх зүйн туслалцаа үзүүлэх, хэргийн бодит байдлыг тогтооход туслах үүрэгтэй” гэж, мөн Өмгөөллийн тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1-д “Өмгөөлөгч үйлчлүүлэгчийг итгэмжлэл, хүсэлт, гэрээ, эсхүл нийтэд тустай мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх хүрээнд томилолтын үндсэн дээр төлөөлнө” гэж тус тус зааснаар өмгөөлөгч нь эрх зүйн туслалцаа авч байгаа талын хүсэлт эсхүл гэрээний үндсэн дээр хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцохоор зохицуулжээ.

Өмгөөлөгч Д.Г-гийн Д.О-тэй 2023 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр байгуулсан хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээний Ерөнхий нөхцөлд “... өмгөөлөгч нь ... иргэний маргаанд хариуцагч Д.О-ийн хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах, төлөөлөх энэ гэрээнд заасан хууль зүйн туслалцаа үзүүлэх, бүх шатны шүүхэд түүнийг бүрэн төлөөлөхөөр энэхүү гэрээг байгуулав ...” гэж заажээ.

            Шүүгч нь өмгөөлөгч Д.Г-гийн “насанд хүрээгүй хүүхдийг эцгийн асрамжид байлгах урьдчилсан арга хэмжээ авхуулах” хүсэлтийг түүний үйлчлүүлэгч Д.О-ийн хүсэл зориг биш гэж үзэж, хэрэгсэхгүй болгосон нь хариуцагчийн өмгөөлөгчөөр дамжуулан хууль ёсны ашиг сонирхлоо хамгаалуулах эрхийг хязгаарлаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хууль болон Өмгөөллийн тухай хуулийг зөрчсөн байх тул Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1.23-т заасан “хуулийн илт тодорхой заалтыг ... ” гэж заасныг зөрчсөн гэж үзэх үндэслэлтэй байна. Энэхүү илт тодорхой заалтыг зөрчсөн үйлдэл, эс үйлдэхүй нь “ноцтой” буюу “удаа дараа” гаргасан зөрчил байх ёстой. Гэр бүлийн тухай хуульд зааснаар хүүхдээ асран хамгаалж хүмүүжүүлэх, ашиг сонирхлыг нь хамгаалах зэрэгт эцэг эх нь тэгш эрх эдлэх талаар заасан, нөгөө талаар хүүхдийн асрамжийн асуудлыг шүүх эцэслэн шийдвэрлээгүй байх тул дээрх шүүгчид хориглосон заалтын “ноцтой” буюу “удаа дараа гаргасан” гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байна. 

Хариуцагч болон түүний өмгөөлөгч тус шүүх хуралдаанд “ ... М.Н нь Д.О-ийн биед гэмтэл учруулсан үйлдэлд эрүүгийн хэрэг үүсгэн шалгагдаж байгаа бөгөөд уг хэргийг шийдвэрлэх хүртэл хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг түдгэлзүүлж өгнө үү ... ” гэх хүсэлтийг гаргасан.

Шүүгчийн 2023 оны 05 дугаар сарын 09-ний өдрийн 2629 дүгээр захирамжаар[5] “... Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.4-т “эрүүгийн, иргэний, захиргааны хэрэг хянан шийдвэрлэх, арбитрын журмаар шийдвэрлэгдвэл зохих өөр хэрэг, маргааныг хянан шийдвэрлэхээс өмнө уг хэргийг хянан шийдвэрлэх боломжгүй” бол хэргийг түдгэлзүүлнэ гэж заасан. М.Н нь Д.О-ийн биед гэмтэл учруулсан үйлдэлд эрүүгийн хэрэг үүсгэн шалгагдаж байгаа уг хэргийг шийдвэрлэхэд нөлөөлөхөөр байна гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байх тул хариуцагчийн өмгөөлөгчийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг түдгэлзүүлэх хүсэлтийг хангах үндэслэлгүй байна...” гэх үндэслэлээр тус хүсэлтийг өөрийн бүрэн эрхийн хүрээнд шийдвэрлэснийг зөрчил гэж үзэх үндэсгүй юм.

Эдгээрийг нэгтгэн дүгнэвэл, холбогдох шүүгчийн “...сөрөг нэхэмжлэлийг шүүх хуралдааны өмнө нөгөө талд гардуулсан атлаа хууль ёсны дагуу тайлбар авалгүй шүүх хурал дээр сөрөг нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсан гэж хэлээд нөгөө талд хэдийн гардуулсан сөрөг нэхэмжлэлийг аваад шууд хариуцагчид буцаан өгсөн..., хуралдаа дууссаны дараа нотлох баримт хэлэлцэж, хариуцагчийг  загнасан, дайрсан үг хэрэглэсэн ... хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг түдгэлзүүлэх тухай хүсэлтийг хувь хүний хандлага гаргаж хангахгүй орхисон... ”  гэх үйл баримтууд нь Монгол Улсын шүүхийн тухай хуулийн шүүгчид хориглосон, үүрэг болгосон заалтыг зөрчсөн үйлдэл тогтоогдохгүй байх тул холбогдох сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох санал гаргаж, сахилгын хорооны хуралдаанаар хэлэлцүүлэхээр шийдвэрлэв” гэжээ.

Шүүгч Д.М нь тайлбартаа: “... Гомдолд “...шүүх хуралдаан дууслаа гээд алхаа цохисны дараа нотлох баримтад үнэлэлт дүгнэлт өгч, нэхэмжлэгчийг өмөөрч, миний амьдрал болон гаргаж өгсөн нотлох баримтуудад хувийн дүгнэлт хийсэн, загнасан дайрсан үг хэрэглэж, нэхэмжлэгчийн өмгөөлөгч мэт авирлаж, энэ нь надад дарамт шахалт болсон. Шүүгчийн гаргаж байгаа шийдвэр, хандлагууд илт нэг талд үйлчилсэн шинжтэй...” гэсэн нь илтэд гүтгэлгийн шинжтэй гэж үзэхээр байна.

Шүүгч миний бие М.Н-ын нэхэмжлэлтэй, Д.О-д холбогдох гэрлэлт цуцлуулж, хүүхдийн асрамж, тэтгэлэг тогтоолгох, хамтран өмчлөх дундын эд хөрөнгөөс ногдох хэсгийг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2023 оны 03 дугаар сарын 22-ны өдөр хүлээн авч, 2023 оны 03 дугаар сарын 29-ний өдрийн 000/Ш32023/05721 дугаар захирамжаар иргэний хэрэг үүсгэн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг явуулж байгаа болно.

Хэргийг хянан хэлэлцэхээр товлосон 2023 оны 05 дугаар сарын 09-ний өдрийн шүүх хуралдаанаар зохигчдоос хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаатай холбоотой хүсэлт гаргасны дотор хариуцагчаас гаргасан сөрөг нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж, хариуцагчийн өмгөөлөгчийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг түдгэлзүүлэх хүсэлтийг хангахгүй орхиж шийдвэрлэсэн. Үндэслэл нь захирамжид тусгагдсан тул хавсаргав.

Шүүхээс хариуцагчийн 2023 оны 04 дүгээр сарын 21-ний өдөр шүүхэд гаргасан хариу тайлбарт баримтаар хавсарган өгсөн “...шүүхийн шийдвэр” гэх албажуулаагүй, нотлох баримтын шаардлага хангаагүй баримтыг тодруулж асуусан бөгөөд нотлох баримтын шаардлага хангаагүй баримт шүүхийн шийдвэрийн үндэслэл болж чадахгүйг тайлбарлан, хэргийг шийдвэрлэхэд ач холбогдолтой гэж үзвэл нотлох баримтын шаардлага хангасан байдлаар гаргаж өгөхийг тайлбарласнаас бус гомдолд дурдсанчлан хувийн дүгнэлт хийсэн, загнасан дайрсан үг хэрэглээгүй болно.

Шүүгч миний бие уг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу явуулж байгаа бөгөөд хэргийн оролцогчийн хэн нэгний хуулиар хамгаалагдсан эрх ашиг, сонирхлыг зөрчсөн ёс зүйгүй үйлдэл гаргаагүй учир хариуцагч Д.О-ээс тус хороонд гаргасан гомдлыг хүлээн зөвшөөрөхгүй байгаагаа үүгээр илэрхийлж байна.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаатай холбоотой баримтыг нотлох баримтын шаардлага ханган хавсаргав...” гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Д.О-ээс ...шүүхийн шүүгч Д.М-т холбогдуулан гаргасан өргөдлийг үндэслэн Шүүхийн сахилгын хорооны гишүүний 2023 оны 08 дугаар сарын 25-ны өдрийн ГЗҮ/2023/0076 дугаар захирамжаар сахилгын хэрэг үүсгэн, шалгах ажиллагаа явуулжээ.

Өргөдөл гаргагч “...2023 оны 05 дугаар сарын 09-ний өдрийн шүүх хуралдаан дууслаа гээд алхаа цохисны дараа, хэрэгт байгаа нотлох баримтыг тодруулах зүйл байна гэсний дагуу миний хэрэгт хавсарган өгсөн нэхэмжлэгчтэй холбогдолтой ...шүүхийн 2023 оны 08 дугаар сарын 23-ны өдрийн 447 дугаар “Гэр бүл цуцлуулах, хүүхдийн асрамж тогтоолгох тухай” шүүхийн шийдвэрийг яах гэж хэрэгт нотлох баримтаар гаргаж өгсөн талаар асуусан юм. Энэ талаар миний өмгөөлөгч шүүх хурал дээрээ нотлох баримт шинжлэн судлах явцад тайлбараа хийе гэж хэлсэн боловч энэ баримт хэрэгт ямар хамааралтай, яах гэж энэ хүний өмнөх амьдралыг гаргаж ирээд байгаа юм, энэ хэрэгт ямар ч ач холбогдолгүй хэмээн” ил цагаан нотлох баримтад үнэлэлт дүгнэлт өгч, нэхэмжлэгчийг өмөөрч, миний амьдралд болон гаргаж өгсөн нотлох баримтад хувийн дүгнэлтээ хийж байгааг шүүгч хүнд байхааргүй ёс зүйгүй үйлдэл гэж үзэж байна. гэжээ.

Иргэн М.Н-аас Д.О-д холбогдуулан “гэрлэлт цуцлуулж, хүүхдийн асрамж, тэтгэлэг тогтоолгох, гэр бүлийн хамтран өмчлөх дундын эд хөрөнгөөс ногдох хэсгийг гаргуулах тухай” нэхэмжлэл гаргасныг шүүгч Д.М хүлээн авч, иргэний хэрэг үүсгэн хянан шийдвэрлэх ажиллагаа явуулж байна.

Тус өргөдөлд дурдсан 2023 оны 05 дугаар сарын 09-ний өдрийн шүүх хуралдаанаар нэхэмжлэгч талын улсын бүртгэлийн Ерөнхий газраас нотлох баримтаар холбогдох лавлагаа гаргуулах хүсэлтийг, хариуцагч талын хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа түдгэлзүүлэх хүсэлтийг тус тус хангахгүй орхиж, хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж, жич шүүх хуралдааныг товлохоор хойшлуулж шийдвэрлэжээ.

Шалгах ажиллагааны явцад холбогдох шүүгч “...Шүүхээс хариуцагчийн 2023 оны 04 дүгээр сарын 21-ний өдөр шүүхэд гаргасан хариу тайлбарт баримтаар хавсарган өгсөн “...шүүхийн шийдвэр” гэх албажуулаагүй, нотлох баримтын шаардлага хангаагүй баримтыг тодруулж асуусан бөгөөд нотлох баримтын шаардлага хангаагүй баримт шүүхийн шийдвэрийн үндэслэл болж чадахгүйг тайлбарлан, хэргийг шийдвэрлэхэд ач холбогдолтой гэж үзвэл нотлох баримтын шаардлага хангасан байдлаар гаргаж өгөхийг тайлбарласнаас бус гомдолд дурдсанчлан хувийн дүгнэлт хийсэн, загнасан дайрсан үг хэрэглээгүй болно” гэх тайлбарыг, шүүх хуралдааныг нарийн бичгийн дарга Б.Н “..тус шүүх хуралдааныг шүүгч Д.М даргалсан. Даргалж байх хугацаандаа гэрлэгчдийг сонсож, нам дуугаар хөтөлж байсан. ...тус өдрийн хурлын талаар нарийн санахгүй байгаа болно” гэх тайлбарыг тус тус өгсөн. 

Нэхэмжлэгчийн өмгөөлөгчөөр оролцсон Ц.О гэрчийн мэдүүлэгтээ “...Асуулт: Даргалагчаас хариуцагч Д.О-ийг загнасан зүйл байна уу гэхэд Хариулт: Тийм зүйл гараагүй. Даргалагчаас өмгөөлөгч нарт хандаж хүсэлтүүдээ гарга гэдэг зүйл хэлсэн. Асуулт: Даргалагчийн зүгээс хэргийн оролцогчийн аль нэгэнтэй харилцахдаа зохимжгүй харилцсан зүйл байна уу гэхэд Хариулт: Үгүй надад тийм зүйл ажиглагдаагүй. Энэ бол зүгээр л хэргийг удаашруулах, шүүгчид нөлөөлөх оролдлого гэж үзэж байгаа. Шүүгч манай талд ажиллах нөхцөл байхгүй” гэсэн.

Хариуцагчийн өмгөөлөгчөөр оролцсон  Д.Г гэрчийн мэдүүлэгтээ “... Шүүгч хурал дууслаа гээд алхаа цохисон. Бид нар гарах гэтэл сууж бай. Нотлох баримттай холбоотой асуух зүйл байна гээд энэ шийдвэрийн талаар асуусан. Хэрэгт ямар ач холбогдолтой вэ? Яах гэж өгсөн юм бэ? гэж асуусан. Тэгэхээр нь би нотлох баримт хэлэлцэх шатанд мэтгэлцээд явъя гэтэл шүүгч “би харж байна. өмгөөлөгч та ёс зүйтэй бай. Энэ хүний урдах амьдрал танд ямар хамааралтай юм бэ” гэж хэлсэн. Та нарт хүний амьдрал ямар хамаатай юм гээд уцаарлаж, загнасан” гэжээ.

Сахилгын хэрэгт тус өдрийн шүүх  хуралдааны тэмдэглэл, дуу дүрсний бичлэг авагдсан боловч тус шүүх хуралдааны бичлэг дуугүй бичигдсэн байна.

Мөн ...шүүхийн 2016 оны 08 дугаар сарын 23-ны өдрийн 447 дугаар шүүхийн шийдвэрийн хуулбар хэрэгт хавсаргагдсан байх бөгөөд тус шийдвэр нь нотлох баримтын шаардлага хангаагүй байгааг дурдах нь зүйтэй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2 дахь хэсэгт “Бичмэл нотлох баримтыг шүүхэд эхээр нь, хэрэв эхийг өгөх боломжгүй бол нотариатчаар гэрчлүүлсэн хуулбарыг өгнө. Хуулбарыг өгсөн үед шаардлагатай гэж үзвэл шүүх жинхэнэ эхийг шаардан авах эрхтэй” гэж заасны дагуу шүүхээс зохигчдоос өгсөн нотлох баримтыг нотлох баримтын шаардлага хангасан байдлаар гаргаж өгөхийг шаардах эрхтэй байна.

Дээрхээс үзвэл 2023 оны 05 дугаар сарын 09-ний өдрийн шүүх хуралдаан явагдаж дууссаны дараа шүүгч ...шүүхийн шийдвэрийн талаар ярьсан болох нь тогтоогдож байх боловч хариуцагч талыг загнасан, нотлох баримтад үнэлэлт дүгнэлт өгсөн, ёс зүйгүй үйлдэл гаргасан гэх өргөдлийн үндэслэл тогтоогдохгүй байна.

Түүнчлэн өргөдөл гаргагч “...миний гаргасан сөрөг нэхэмжлэлийг шүүх хуралдааны өмнө нөгөө талд гардуулсан атлаа хууль ёсны дагуу тайлбар авалгүй шүүх хурал дээр би сөрөг нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсан гэж хэлээд нөгөө талд хэдийн гардуулсан сөрөг нэхэмжлэлийг аваад шууд надад буцаагаад өгсөн. Би тухайн үед учрыг ойлгоогүй, яагаад нэгэнт гардуулсан сөрөг нэхэмжлэлийг ингээд буцаалаа гэж хэлээд буцааж болдгийг ч ойлгоогүй” гэж дурджээ.

Хариуцагч 2023 оны 05 дугаар сарын 01-ний өдөр сөрөг нэхэмжлэл гаргасныг 2023 оны 05 дугаар сарын 09-ний өдрийн 000/ШЗ2023/08629 дугаар шүүгчийн захирамжаар “...нэгэнт гэрлэлт цуцлуулсны үр дагаврыг шийдвэрлэхээр хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явагдаж байгаа тул уг шаардлагыг сөргөөр хүлээн авч шийдвэрлэх үндэслэлгүй. Хариуцагчийн сөрөг нэхэмжлэлд төлсөн улсын тэмдэгтийн хураамжийг хуульд зааснаар улсын орлогоос буцаан гаргуулж, хариуцагчид олгох нь зүйтэй” гэж дүгнэн уг сөрөг нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэсэн байна.

Гэрч Ц.О “...Хуралдааны өмнөхөн шүүх дээр очсон. Шүүгчийн туслахаас хурал орно биз дээ гэж асуусан. Шүүгчийн туслах заал чөлөөлөгдөхөөр орно, хариуцагч сөрөг нэхэмжлэл гаргасан гээд нэг хувийг надад өгсөн. Гэхдээ нэхэмжлэл гардуулсан баримт дээр гарын үсэг зуруулаагүй. Танилц гэдэг агуулгаар өгсөн байх. Би танилцаж амжаагүй хуралд орсон. ... Шүүхийн хэлэлцүүлэг эхлээд би сөрөг нэхэмжлэлтэй холбоотой тайлбар өгсөн. Шүүх сөрөг нэхэмжлэлийг хүлээн авах боломжгүй гэж шийдвэрлэсэн. Би хэлэлцүүлэг дээр сөрөг нэхэмжлэлийг шүүгчид харуулахад шүүгч яагаад  ... авчихсан байгаа юм бэ гээд надаас авсан ... ” гэх мэдүүлгийг,

Гэрч Д.Г “...2023 оны 05 дугаар сарын 09-ний өдрийн хуралдаанд орохын өмнө шүүгчийн туслахаас манай сөрөг нэхэмжлэлийг яасан бэ гэж асуухад манай сөрөг нэхэмжлэлийг нэхэмжлэгчид гардуулсан гэж хариулсан. Хуралдааны хэлэлцүүлгийн явцад шүүгч сөрөг нэхэмжлэлийг хүлээж аваагүй гэж хэлсэн. Нэхэмжлэгч талаас сөрөг нэхэмжлэлийг нь шүүгч аваад ир гээд шүүх хуралдааны нарийн бичгээр авхуулаад шүүгчид өгтөл сөрөг нэхэмжлэлийг манайд буцаагаад өгчихсөн. “Би хүлээж аваагүй байна. Тэгтэл яагаад гардуулсан юм бэ? аваад ир” гэж хэлсэн. Сөрөг нэхэмжлэлтэй холбогдуулан хүсэлт гаргахад хүсэлтийг ч мөн хүлээж аваагүй” гэж мэдүүлсэн.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 73 дугаар зүйлийн 73.1 дэх хэсэгт “Үндсэн нэхэмжлэлтэй хамт шийдвэрлүүлэхийн тулд хэргийг шүүх хуралдаанаар хянан шийдвэрлэхээс өмнө хариуцагч сөрөг нэхэмжлэл гаргах эрхтэй. Сөрөг нэхэмжлэл энэ хуулийн 62 дугаар зүйлд заасан шаардлагыг хангасан байна”, 73.2 дахь хэсэгт “Сөрөг нэхэмжлэлийн шаардлага үндсэн нэхэмжлэлийн шаардлагатай тооцогдох байвал шүүх сөрөг нэхэмжлэлийг үндсэн нэхэмжлэлтэй хамт шийдвэрлэнэ. Бусад тохиолдолд тэдгээрийг хамтруулан шийдвэрлэх эсэхийг шүүх шийдвэрлэнэ” гэж заасны дагуу хариуцагчаас сөрөг нэхэмжлэл гаргах эрхтэй бөгөөд сөрөг нэхэмжлэлийг хүлээн авах эсэх нь шүүгчийн хуулиар олгосон бүрэн эрхэд хамаарахаар байна.

Дээрх гэрчийн мэдүүлгүүд болон хавтаст хэрэгт авагдсан баримтуудаас үзвэл шүүхээс сөрөг нэхэмжлэлийг хүлээн авч гардуулсны дараа хүлээн авахаас татгалзсан үйл баримт тогтоогдохгүй байх тул шүүгчийг хууль зөрчсөн гэж үзэхгүй.

Мөн хариуцагч сөрөг нэхэмжлэлийн хамт шүүхээс гарах шийдвэрийн биелэлтийг баталгаажуулах хүсэлтийг гаргасан байх боловч дээрх хүсэлтийг өмнө нэхэмжлэгч гаргаж хариуцагчийн дурдсан хөдлөх болон үл хөдлөх эд хөрөнгүүдэд 2023 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийн 000/ШЗ2023/07197 дугаар шүүгчийн захирамжаар эд хөрөнгийн өмчлөх эрхийг бусдад шилжүүлэх, худалдах, бэлэглэх, захиран зарцуулахгүй буюу эд хөрөнгийн эрхийн байдлыг өөрчлөхгүй байхыг хариуцагч Д.О-д даалгаж шийдвэрлэсэн тул шүүхээс дахин дээрх хөдлөх болон үл хөдлөх эд хөрөнгөтэй холбоотой шүүхээс гарах шийдвэрийн биелэлтийг баталгаажуулах үндэслэлгүй байна.

Өргөдөл гаргагч Д.О “...миний бие өмгөөлөгчөөрөө дамжуулан, 2 хүүхдээ өөрийн асрамжид түр авах болон шинжээч томилуулах хоёр хүсэлтийг шүүхэд гаргасан. Нэхэмжлэгчийн зүгээс мөн өмгөөлөгчөөрөө дамжуулан хүүхдийн тоглоом, хэрэгсэл хариуцагчаас гаргуулах хүсэлтийг гаргасан байсан. Гэтэл шүүгч миний өмгөөлөгчийн гаргасан хүсэлтийг Д.О миний хүсэл зориг биш гэж дүгнэн хангахгүй орхиж шийдвэрлэснээ М.Н-ын өмгөөлөгчийн гаргасан хүсэлтийг хүлээж аваад хүүхдүүдийн эд хэрэгслийг надаас гаргуулахаар хангаж шийдвэрлэхдээ М.Н-ын хүсэл зориг гэж үзсэнийг огтоосоо ойлгоогүй” гэжээ.

Сахилгын хэрэгт авагдсан баримтуудаас үзвэл 2023 оны 05 дугаар сарын 26-ны өдрийн 000/ШЗ2023/09951 дугаар шүүгчийн захирамжаар “хариуцагчийн өмгөөлөгчийн шинжээч томилуулах хүсэлтийг хангаж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг түдгэлзүүлж, насанд хүргээгүй хүүхдүүдийг эцгийн асрамжид байлгах урьдчилсан арга хэмжээ авхуулах хүсэлтийг хангахгүй орхиж, нэхэмжлэгчийн өмгөөлөгчөөс хамтран өмчлөх дундын эд хөрөнгийг хариуцагчид даалгах тухай хүсэлтийг тус тус хангаж шийдвэрлэсэн байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.2 дахь хэсэгт “Өмгөөлөгч гэрээний үндсэн дээр иргэн, хуулийн этгээдийг төлөөлөхдөө төлөөлүүлэгчийн эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах зорилгоор хуульд заасан бүх арга хэмжээ авах ба шаардлагатай эрх зүйн туслалцаа үзүүлэх, хэргийн бодит байдлыг тогтооход туслах үүрэгтэй”, 34.3 дахь хэсэгт “Өмгөөлөгч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцохдоо дараах эрх эдэлнэ”, 34.3.10-т “шүүх хуралдааныг хойшлуулах болон бусад асуудлаар хүсэлт гаргах” гэж зааснаас үзвэл өмгөөлөгч нь үйлчлүүлэгчийнхээ өмнөөс хүсэлт гаргаж шийдвэрлүүлэх эрхтэй. Гэтэл шүүгч өмгөөлөгчийн хүсэлтийг хариуцагч Д.О-ийн хүсэл зориг биш гэж тайлбарлан хүсэлтийг хэрэгсэхгүй болгож байгаа нь дээрх хуулийн заалтыг зөрчсөн гэж үзэх үндэслэлтэй боловч ийнхүү шийдвэрлэсэн нь Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1.23-т заасан “удаа дараа” болон “ноцтой” зөрчилд хамаарахгүй байна.

Мөн энэ талаар дүгнэсэн илтгэгч гишүүний дүгнэлт үндэслэл бүхий байна.

Дээрх хүсэлт шийдвэрлэсэн захирамжийг эс зөвшөөрч хариуцагчийн өмгөөлөгчөөс гомдол гаргасныг 2023 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн 000/ШТ2023/00382 дугаар шүүхийн тогтоолоор гомдлыг хангахгүй орхиж, 000/ШЗ2023/09951 дугаар захирамжийг хэвээр үлдээж шийдвэрлэсэн байгааг дурдах нь зүйтэй. 

Түүнчлэн өргөдөл гаргагч “гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн эрүүгийн хэргийг нь шийдвэрлэх хүртэл хэргийг түдгэлзүүлэх миний хүсэлтийг хангахгүй орхисон” гэжээ.

Хариуцагчийн өмгөөлөгч Д.Г-гаас “...прокурорын газрын 2023 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн Прокурорын тогтоолоор М.Н-д Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татаж хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа явагдаж байна. ...гэр бүлийн хүчирхийлэлтэй холбоотой эрүүгийн журмаар шалгагдаж байгаа хэргийг шийдвэрлэсний дараа хүүхдийн асрамж болон гэр бүлийн дундын эд хөрөнгийг тогтоох шүүхийн шийдвэр үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангана гэж үзэж ...хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг түдгэлзүүлэх хүсэлтийг гаргасан байна.

Дээрх хүсэлтийг 2023 оны 05 дугаар сарын 09-ний өдрийн 000/ШЗ2023/8629 дугаар захирамжаар “..М.Н нь Д.О-ийн биед гэмтэл учруулсан үйлдэлд эрүүгийн хэрэг үүсгэн шалгагдаж байгаа уг хэргийг шийдвэрлэхэд нөлөөлөхөөр байна гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй” гэж дүгнэн хүсэлтийг хангахгүй орхиж шийдвэрлэсэн.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1 дэх хэсэгт “Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг дараах тохиолдолд шүүхийн тогтоол, шүүгчийн захирамжаар түдгэлзүүлнэ”, 80.1.4-т “эрүүгийн, иргэний, захиргааны хэрэг хянан шийдвэрлэх, арбитрын журмаар шийдвэрлэгдвэл зохих өөр хэрэг, маргааныг хянан шийдвэрлэхээс өмнө уг хэргийг хянан шийдвэрлэх боломжгүй” гэж зааснаас үзвэл хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг түдгэлзүүлэх эсэх нь шүүгчийн бүрэн эрхийн асуудал тул ийнхүү хүсэлтийг хангахгүй орхиж шийдвэрлэснийг сахилгын зөрчил гаргасан гэж үзэх үндэслэлгүй гэж дүгнэсэн илтгэгч гишүүний саналыг буруутгах боломжгүй.

             Иймд илтгэгч гишүүний сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох саналыг хүлээн авч, ...шүүхийн шүүгч Д.М-т холбогдох сахилгын хэргийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж бүрэлдэхүүн үзлээ.

Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 112 дугаар зүйлийн 112.1, 112.1.2, 112.2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Сахилгын хорооны гишүүний 2023 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн ГС/2023/0102 дугаар “Сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох тухай санал”-ыг хүлээн авч, ...шүүхийн шүүгч Д.М-т холбогдох сахилгын хэргийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 112 дугаар зүйлийн 112.6 дахь хэсэгт зааснаар магадлал гаргаснаас хойш 14 хоногийн дотор сахилгын хэргийн оролцогч болон өргөдөл мэдээлэл гаргагчийн оршин суугаа газрын, эсхүл ажлын газрын хаягаар баталгаат шуудангаар, эсхүл албаны ажилтнаар хүргүүлэхийг Ажлын албанд даалгасугай.

3. Магадлалыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Сахилгын хороонд хэргийн оролцогч гомдол, илтгэгч гишүүн эсэргүүцэл гаргаж болохыг дурдсугай.

4. Дээрх журмаар хүргүүлснээр магадлалыг гардан авсанд тооцох ба энэ нь гомдол гаргах хугацааг тоолох үндэслэл болохыг тайлбарласугай.

 ДАРГАЛАГЧ                                               Д.АРИУНТУЯА

      ГИШҮҮН                                                 Х.ХАШБААТАР

                                                                         С.ЭНХТӨР