info@judiscom.mn 976 - 77113838 Холбоо барих ШИЛЭН ДАНС
ENMNG

МОНГОЛ УЛС

ШҮҮХИЙН САХИЛГЫН ХОРОО

МАГАДЛАЛ

2022-01-25

Дугаар 7

Улаанбаатар хот

Сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Шүүхийн сахилгын хорооны хуралдааныг гишүүн Г.Цагаанцоож даргалж, гишүүн Ц.Давхарбаяр, Д.Эрдэнэчулуун нарын бүрэлдэхүүнтэй, илтгэгч гишүүн Б.Сугар, нарийн бичгийн дарга Э.Марал нарыг оролцуулан тус хорооны танхимд хийсэн хуралдаанаар:

...шүүхийн ерөнхий шүүгч холбогдох сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох тухай саналыг хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох тухай илтгэгч шүүгчийн саналд “...Б.Д-нь гуравдагч этгээдээр оролцох хүсэлт гаргасан боловч уг хүсэлтийг шүүх хуралдаан эхлэхээс өмнө шүүгч Л.О-т гардуулж хүлээлгэн өгөөгүй болох нь тогтоогдож байна. Шүүхийн ёс зүйн хорооны дүрмийн 5.17-д зөрчил гаргаснаас хойш нэг жил өнгөрсөн бол сахилгын шийтгэл ногдуулж болохгүй гэж заасан байх бөгөөд 2021 оны 01 дүгээр сарын 06-ны өдрөөс хойш 1 жилийн хугацаа өнгөрсөн байх тул ...шүүхийн Ерөнхий шүүгч Л.О-т холбогдох сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгоно уу” гэжээ.

Холбогдох шүүгч тайлбар гаргахдаа: “Б.Г-ийн ... сум дахь Сонгуулийн хороонд холбогдуулан гаргасан нэхэмжлэлийг 2020 оны 11 дүгээр сарын 09-ний өдөр хүлээн авч, 2020 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр захиргааны хэрэг үүсгэж, 2021 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцэн хянан шийдвэрлэсэн.

Хариуцагч шийдвэрт давж заалдах журмаар гомдол гаргасан тул хэргийг Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд хүргүүлсэн байна.

Уг нэхэмжлэлд захиргааны хэрэг үүсгэснээс хойш шүүх хуралдаанаар хэлэлцэж дуусах /шүүх хуралдаан өглөө 10:00 цагт эхэлж 13:00 цагт дууссан/ хүртэлх хугацаанд иргэн Б.Д-ийн зүгээс ямар нэг хүсэлтийг гаргаагүй.

Б.Д-гуравдагч этгээдээр оролцох хүсэлтийг 2021 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн 15 цаг 03 минутад ... хаяг руу явуулсан гэх боловч энэ талаар шүүхийн мэдээлэл лавлагааны мэргэжилтэнд мэдэгдээгүй, уг ажилтан уг хүсэлтийг шүүх хуралдааны дараа шүүгчийн туслахад хүлээлгэн өгснийг шүүгчид танилцуулсан байна.

Нэгэнт хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцэн шийдвэрлэсний дараа ирсэн хүсэлтийг хүлээн авах боломжгүй тул 2021 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн 15 тоот албан бичгээр хариу хүргүүлсэн байна. Иймд гомдлыг үндэслэлгүй гэж үзэж байна” гэжээ.

ҮНДЭСЛЭХ НЬ:

Б.Д-гийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Р.Л- нь ...шүүхийн ерөнхий шүүгч Л.О-т холбогдуулан “...Б.Д-нь ... сумын 6-р тойрогт Монгол Ардын Намаас нэр дэвшсэн, нэр дэвшигч Б.Г- хууль зөрчин сонгуульд өрсөлдсөн талаарх маргаан үүсч, шүүхэд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явагдаж байгаа талаар 2021 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн өглөө мэдсэн, ...тул уг хэрэгт гуравдагч этгээдээр оролцох хүсэлтийг шүүхийн ... хаяг руу 15:03 цагт явуулсан, ...хүсэлтийг хэлэлцсэн эсэх нь тодорхойгүй, мөн мэдэгдэлгүйгээр 2021 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр шийдвэр гаргасан нь Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1.1, 27.1.6-г зөрчсөн, шүүгч Л.О-т хариуцлагыг хүлээлгэж өгнө үү” гэсэн агуулга бүхий өргөдөл гаргажээ.

Сахилгын хорооны гишүүний 2021.12.20-ний өдрийн 16 дугаар захирамжаар холбогдох шүүгчид сахилгын хэрэг үүсгэн, шалгах ажиллагаа явуулсан байна.

Сахилгын хэрэгт авагдсан баримтуудаас үзвэл, нэхэмжлэгч Б.Г- нь ...сумын сонгуулийн хороонд холбогдуулан тус хорооны 2020.10.27-ний өдрийн 10, 11 дүгээр тогтоолыг тус тус хүчингүй болгох нэхэмжлэл гаргасан, шүүгч Л.О- нэхэмжлэлд захиргааны хэрэг үүсгэн, хянан шийдвэрлэх ажиллагаа явуулж, улмаар хэргийг 2021.01.06-ний өдрийн шүүх хуралдаанаар хянан хэлэлцэж, 01 дугаар шийдвэрээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангасан, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2021 оны 03 дугаар сарын 24-ний өдрийн 149 дүгээр магадлалаар шийдвэрт хууль хэрэглээний өөрчлөлт оруулж, шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэсэн нь хуулийн хүчинтэй байна.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1.-т үндсэн нэхэмжлэлийн шаардлагаар үүссэн маргааны үйл баримтын талаар бие даасан шаардлага гаргасан, эсхүл эдгээрийн улмаас эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж байгаа гэж үзсэн гуравдагч этгээдийг тухайн этгээдийн хүсэлтээр, эсхүл шүүгч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцуулна гэж заасан.

Тодруулбал, Б.Д-нь Б.Г-ийн нэхэмжлэлтэй хэрэгт өөрийн эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдсөн гэж үзэж хүсэлт гаргавал тухайн хэрэгт гуравдагч этгээдээр оролцох бөгөөд тэрээр энэхүү хүсэл зоригоо шүүхэд илэрхийлсэн байх учиртай.

Б.Д-гуравдагч этгээдээр оролцох хүсэлтээ тус шүүхийн цахим хаягаар 2021 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн 15:03 цагт илгээсэн талаар өргөдөлд дурджээ.

Хэргийн 17 дугаар талд ... сумын МАН-ын хорооноос явуулав гэсэн гарчигтай Б.Д-гийн шүүхэд гаргасан хүсэлт ... хаягаас ... хаягт 2021.01.06-ний өдрийн 07.03 цагт илгээгдсэн байх ба уг хүсэлтийг тус шүүхийн мэдээлэл лавлагааны ажилтан 2021.01.06-ний өдрийн 11 цагт хүлээн авч, шүүгчийн туслахад хүлээлгэн өгсөн нь ирсэн баримт бичгийн бүртгэл, шүүгчийн туслах Б.Б-ийн тайлбараар тогтоогджээ.

Уг хэргийг хэлэлцсэн шүүх хуралдаан 2021.01.06-ний өдрийн 10 цагт эхэлсэн, хуралдаан эхлэх үед хэргийн оролцогч болон бусад этгээдээс хүсэлт гаргаагүй талаар хуралдааны тэмдэглэлд тусгагдсан байна.

Түүнчлэн давж заалдах шатны шүүхийн магадлалд “...иргэн Б.Д-гаас гуравдагч этгээдээр оролцох хүсэлт ирүүлснийг анхан шатны шүүх хүлээн авч, хэрэг хянан шийдвэрлэсний дараа уг хүсэлт ирүүлснийг шүүх хүлээн авах боломжгүй, Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 96 дугаар зүйлийн 96.2-т зааснаар хэргийн оролцогчдын зүгээс гуравдагч этгээдээр оролцуулах хүсэлт гаргаагүй гэсэн хариуг хүргүүлсэн нь ...хууль зөрчөөгүй, энэ талаарх гомдол үндэслэлгүй” гэж дүгнэжээ.

Дээр дурдсанаас үзвэл, шүүх хуралдааны өмнө болон хуралдаан эхлэх үед гуравдагч этгээдээр оролцох тухай Б.Д-гийн хүсэлтийг шүүх бүрэлдэхүүн мэдээгүй, мэдэх боломжгүй байсан тул “...хүсэлтийг хүлээн аваагүй” гэх гомдол үндэслэлгүй, шүүгчийг сахилгын зөрчил гаргасан гэж үзэхгүй.

Шүүгч сахилгын зөрчил гаргасан гэх байдал хэргийн баримтаар тогтоогдоогүй тул энэ үндэслэлээр сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох саналыг хүлээн авч, сахилгын хэргийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж бүрэлдэхүүн үзэв.

Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 112 дугаар зүйлийн 112.1, 112.1.2, 112.2 дах хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. ...шүүхийн ерөнхий шүүгч Л.О-т холбогдох сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох тухай саналыг хүлээн авч, түүнд холбогдох сахилгын хэргийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Магадлалыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Сахилгын хороонд хэргийн оролцогч гомдол, илтгэгч гишүүн эсэргүүцэл гаргаж болохыг дурдсугай.

3.  Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 112 дугаар зүйлийн 112.6-т зааснаар магадлал гаргаснаас хойш 14 хоногийн дотор сахилгын хэргийн оролцогч болон өргөдөл, мэдээлэл гаргагчийн оршин суугаа газрын эсхүл ажлын газрын хаягаар баталгаат шуудангаар, эсхүл ажлын албаны ажилтнаар хүргүүлэхийг ажлын албанд даалгасугай.

4. Дээрх журмаар хүргүүлснээр магадлалыг гардан авсанд тооцох ба энэ нь гомдол гаргах хугацааг тоолох үндэслэл болохыг тайлбарласугай.

 

 

ДАРГАЛАГЧ                                                   Г.ЦАГААНЦООЖ

ГИШҮҮН                                                         Ц.ДАВХАРБАЯР

                                                                                               Д.ЭРДЭНЭЧУЛУУН