info@judiscom.mn 976 - 77113838 Холбоо барих

МОНГОЛ УЛС

ШҮҮХИЙН САХИЛГЫН ХОРОО

МАГАДЛАЛ

2023-11-29

Дугаар 131

Улаанбаатар хот

 

Сахилгын хэргийг бүхэлд нь хэрэгсэхгүй

 болгох тухай

 Сахилгын хорооны хуралдааныг гишүүн О.Номуулин даргалж, гишүүн  Д.Ариунтуяа, Д.Эрдэнэчулуун нарын бүрэлдэхүүнтэй, илтгэгч гишүүн С.Энхтөр, хуралдааны нарийн бичгийн дарга Г.Болортуяа нарыг оролцуулан, ... аймаг дахь ... хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч Л.О-т холбогдох Сахилгын хорооны гишүүний 2023 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн ГС/2023/0121 дугаартай “Сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох тухай санал”-ыг тус хорооны хуралдааны танхимд нээлттэй хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох саналд:

Нэг. Шүүгч хэргийн газарт үзлэг хийхдээ хариуцагчид зааварчилгаа өгсөн гэх өргөдлийн үндэслэлийн тухайд: Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.3-т “Бичмэл нотлох баримтыг шаардан авахад бэрхшээлтэй байвал хэргийн оролцогчийн хүсэлтээр, эсхүл шүүхийн санаачилгаар түүний хадгалагдаж байгаа газарт нь шүүх үзлэг явуулна.” гэж заасны дагуу 2023 оны 02 дугаар сарын 14-ний өдөр тус шүүхээс  ... аймгийн ..... сумын Засаг даргын Тамгын газрын баримт бичигт болон ..... сумын Цагаан чулуутад байршилтай газарт үзлэг хийж, тэмдэглэлээр бэхжүүлжээ. Дээрх үзлэгт нэхэмжлэгч О.Б, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Р.А, хариуцагч Э.С нар байлцаж, тэмдэглэлийг шүүгчийн туслах Б.Б хөтөлжээ. Энэ талаар Э.С шалгах ажиллагааны явцад өгсөн гэрчийн мэдүүлэгтээ “...Урьдчилж хэлсэн зүйлгүй гэнэт шүүгч ирээд тус тусдаа машинд суугаад малын өвөлжөөн дээр очиж үзлэг хийсэн. Зааварчилгаа өгсөн зүйлгүй” гэж, гэрч Б.Б “...шүүгч тус хэрэгт өөрийн санаачилгаар тухайн газрыг зориулалтын дагуу ашиглаж байгаа эсэхийг шалгахаар үзлэг хийсэн. Хариуцагч талд зааварчилгаа өгсөн зүйл байхгүй. Газар дээр очоод шүүгч энэ газрыг анх ямар зориулалтаар барьсан юм бол, газар зохион байгуулалтын төлөвлөгөөг нь авах шаардлагатай юм байна гэж хэлсэн. Хоёр иргэнээс хадлангийн зориулалттай газар дээр өвөлжөө барьсан гэх гомдлыг гаргасантай холбоотой захирамж гаргасан гэж хариуцагч хэлж байсан” гэж, гэрч Р.А “...Өвөлжөөний газар үзлэг хийхээс өмнө бичиг баримтад үзлэг хийж байхад шүүгч газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд орж уу гэж асуусан. Энэ санааг шүүгч өгчихөөр засаг дарга тайлбартаа анхнаасаа газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд ороогүй байна, хэрэгсэхгүй болгож өгнө үү гэсэн тайлбарыг өгсөн. Уг баримтыг шүүгч өөрөө дараа нь авчихсан бол хардлага үүсэхгүй байсан” гэж тус тус мэдүүлжээ. Дээрх үйл баримтаас үзвэл, хэдийгээр шүүгч үзлэг хийх явцдаа тухайн нэгж талбар газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд орж байсан эсэх талаар тодруулж асуусан байх боловч энэ нь хариуцагчид зааварчилгаа өгсөн гэж үзэх боломжгүй. Нөгөө талаас, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.1-т зааснаар хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нотлох баримтыг цуглуулах үүргийг захиргааны хэргийн шүүх гүйцэтгэдэг онцлогтой тул үзлэгийн явцад шүүгчийн хэлсэн, асуусан зүйлтэй холбоотой нотлох баримтыг хэргийн оролцогч гаргаж өгсөн нь хуульд заасан журмыг зөрчсөнд тооцогдохгүй. Тухайн баримтыг шүүхийн журмаар гаргуулж аваагүй нь шүүгчийг буруутгах үндэслэл болохгүй.

Хоёр. Шүүх хуралдаанд шүүгчээс татгалзахад “...Чи өөр шүүгчээр шүүлгээд өөрт ашигтай шийдвэр гаргуулах гэж байна” гэж ундууцсан, өмгөөлөгчийг ёс зүйгүй үйлдэл гаргасан гэж сүрдүүлсэн гэх өргөдлийн үндэслэлийн тухайд: Шалгах ажиллагааны явцад өргөдөлд дурдсан үйл баримтыг тодруулахаар 2023 оны 3 дугаар сарын 24 болон 31-ний өдрүүдийн шүүх хуралдааны дуу, дүрсний бичлэгт үзлэг хийхэд 2023 оны 3 дугаар сарын 24-ний өдрийн шүүх хуралдааны дуу-дүрсний бичлэг бичигдсэн  “2023032401.mp4” нэртэй бичлэгийн 0:04:36-0:05:06 минутад нэхэмжлэгчээс татгалзах хүсэлт гаргасантай холбогдуулан

Даргалагчаас: “Ер нь эргэлзээ төрснийг нотлох баримт байна уу. Улсын дээд шүүхээс тайлбар гаргасан байгаа. Шүүгчээс татгалзан гаргах талаар. Нотлох баримтыг шүүгчээс татгалзах хүсэлттэй хамт гаргах талаар. Ийм баримт байна уу. Татгалзах үндэслэлүүдийн заасан байгаа. Ямар үндэслэлээр татгалзаж байна вэ. Хуулийн ямар заалт вэ” гэж,

0:07:07-0:07:15 минутад, Даргалагчаас: Та энэ хүндээ 84.1.3 болон Улсын дээд шүүхийн тайлбарыг сайн ойлгуулж хэлэх ёстой байхгүй юу гэхэд

0:07:31-0:10:15 минутад, “Миний хувьд ... аймгийн Захиргааны шүүхэд ноднин намраас хойш ганцаараа ажиллаж байгаа. Надаас өөр шүүгч хэрэг шийдвэрлэх боломж байхгүй. Ганцхан С-ын хэрэг биш бүгдийг шийдвэрлэж байгаа. С-ын ажлаас халагдсан 2 хэргийг шийдвэрлэсэн. Энэ талаар үндэслэл нь тодорхойгүй үндэслэлээр огцруулж байсан. Хариуцагч байгууллага сая 3 дахаа огцруулсан байна. Би энэ хүнийг танихгүй, мэдэхгүй, уулзаж байгаагүй. Сая Монгол Улсын дээд шүүхээс шүүгч нарын хүсэлтийн дагуу тайлбар гаргасан. Шүүгч хүн Улсын дээд шүүхийн тайлбараас өөрөөр асуудлыг шийдвэрлэж болохгүй гэж хуульд байгаа.” гэж хэлсэн нь бичигдсэн байна.

Дээрх шүүх хуралдаан завсарлаад орсны дараа бичигдсэн “2023032402.mp4” нэртэй бичлэгийн 0:06:55-0:08:10 минутад,

 Даргалагчаас: “Улсын дээд шүүхийн тайлбараар хуульд зохицуулаагүй асуудлыг тайлбарласан гэж би сая хэлсэн. Жишээлбэл, хүсэлт гаргахдаа холбогдох баримтыг хавсаргасан байвал шүүгч хүлээж аваад зөвлөгөөндөө өгөөд шийдвэрлэнэ. Тэрнээс намайг татгалзаж байгаа асуудлыг шийдвэрлэж байгаа юм биш. Та бүхэн татгалзах хүсэлтээ холбогдох баримтын хамт гаргаж өгөөгүй учир хүсэлт гаргаагүйд тооцож байгаа юм. Жишээлбэл би С гэж хүнтэй гуанзанд хоол идээд сууж байсан байя л даа. Тэрний зургийг дарчхаж. Энэ баримтаа зургаар баримтжуулаад өгчихсөн бол шүүх хуралдаанаа зогсоогоод хойшлуулаад, зөвлөгөөнд энэ асуудлыг хэлэлцүүлэх байсан. Танай талд баримт алгаа. Өмгөөлөгч ойлгосон уу. Тэрнээс биш Ерөнхий шүүгч, бүх шүүгчээс татгалзсан бол заавал зөвлөгөөн хийнэ. Хүсэлт шаардлага хангахгүй байна” гэхэд

0:08:11-0:08:13 минутад, Нэхэмжлэгчийн өмгөөлөгчөөс: Би тэр тайлбарыг дараа үзчихье ээ шүүгч гэв.

0:08:14-0:08:27 минутад, Даргалагчаас: Ер нь энэ тайлбартай та уншиж танилцаагүй юм уу. Танилцаагүй бол Монгол Улсын дээд шүүхийн сайт дээр тавигдсан байгаа. Манай энэ нарийн бичигт ...

0:08:28-0:08:35 минутад, Нэхэмжлэгчийн өмгөөлөгчөөс: Ерөнхийдөө бол мэдэж байна. Баримт хавсаргаагүй бол гаргаагүйд тооцохгүй гэдэг үг олж харах гээд байна л даа гэв.

0:08:36-0:09:01 минутад, Даргалагчаас: Уншаад үзчихээрээ за. Эхний удиртгал хэсэгт байж байгаа. Яагаад ийм тайлбар гарсан гэхээр ямар ч нотлох баримтгүй, хардалт сэрдэлтээс татгалзахыг зогсоох гэж тайлбар гаргасан. Тэгээд хэрэг удаашруулдаг гэж хэлсэн болох нь бичигдсэн байна.

2023 оны 3 дугаар сарын 31-ний өдрийн шүүх хуралдааны дуу-дүрсний бичлэг бичигдсэн “2023033101.mp4” нэртэй бичлэгийн 0:04:17-0:04:40 минутад,

          Даргалагчаас: Сая ярьсан зүйлээс С-тай холбоотой хэргийг би шийдвэрлэсэн. Түрүүн шүүх хуралдаан дээр хэлсэн. Ноднингоос хойш ганцаараа ажиллаж байна. Эрүүл мэндийн төвийн Х гэж хүнтэй холбоотой шийдвэрлээгүй, иргэний шүүхийн маргаан биш үү гэж,

0:15:39-0:17:41 минутад Даргалагчаас: Нэмж хэлэхэд та өмгөөлөгч, хуульч хүн.  Энэ хүндээ дээд шүүхийн тайлбарыг танилцуулах ёстой. Та бас өөрөө энэ дээд шүүхийн тайлбарыг судлах ёстой. Яг ямар асуудлыг шүүгчийг  татгалзахтай холбоотой дээд шүүхээс тайлбарласан юм. Яагаад тайлбарласан юм. Зорилго, зорилт нь юу юм. Ер нь бол шүүгчийг үндэслэлгүйгээр татгалзаж, хэргийг удаашруулдаг, шийдвэрлүүлэхгүй байх арга зам хайдаг, өөр шүүгчээр шийдвэрлүүлэх хүсэлт гаргадаг ийм арга замуудыг, ихэнх талдаа өмгөөлөгч нарын хурал хойшлуулдаг явдлыг дээд шүүхийн тайлбараар зогсоосон. Та нар үндэслэлгүйгээр шүүгчийг татгалзах үндэслэл байхгүй гэдэг асуудлаар тайлбар гаргасан. Өмнөх шүүх хуралдаан дээр хэлсэн. Энэ хүнийг ч би танихгүй, энэ хүнийг ч танихгүй, энэ хүнтэй холбоотой хэргийг шийдвэрлэсэн. Энэ шийдвэр хууль зүйн үндэслэлтэй юу гэдгийг шүүх.мн сайтаас шийдвэрийг олж уншиж болно. Шүүхийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд хэн ч хөндлөнгөөс оролцох эрх байхгүй. Юуг шалгана, үзлэгээр юуг баримтжуулна шүүгчийн эрхийн асуудал гэж хэлсэн болох нь бичигджээ.

Энэ талаар гэрч Р.А мэдүүлэгтээ “...шүүгч Л.О нь 2 удаагийн шүүх хуралдаанд миний үйлчлүүлэгчид таагүй сэтгэгдэл төрүүлсэн. Заавал энэ хэргийг шийдвэрлэх гээд байгаа нь үйлчлүүлэгчид маань хардах сэтгэл төрүүлсэн. Эхний удаа татгалзахад нотлох баримт бүрдүүлж өгөөгүй, шүүгчийг татгалзах тухай 34 билүү 37 дугаар тогтоол байгаа, түүнтэй танилц гэсэн. Хоёр дахь удаагаа татгалзахад хэн нэгний араас хөөцөлдөөд баримт цуглуулах боломж байхгүй. Надаас нотлох баримт шаардаад байна, миний дотоод итгэл үнэмшлээр танаар хэргээ шийдвэрлүүлмээргүй байна гээд татгалзсан. Хүсэлт шийдвэрлэх явцдаа надаас өөр шийдвэрлүүлэх шүүгч байхгүй гэж хэлсэн. Яагаад Монгол Улсад ийм олон шүүгч байхад энэ шүүгч шийдэх гээд байгааг гайхаж байна гэж миний үйлчлүүлэгч хэлсэн, хүсэлтийг мөн л татгалзсан” гэжээ.

Дээрх бичлэгүүдээс үзвэл, шүүх хуралдааны явцад нэхэмжлэгч шүүгчийг татгалзан гаргах хүсэлт гаргасантай холбогдуулан шүүгч Л.О ямар үндэслэлээр татгалзаж байгаа талаар тодруулж, Улсын дээд шүүхээс шүүгчийг татгалзан гаргах талаар зохицуулсан хуулийн заалтын талаарх тогтоол гарсныг тайлбарлаж, уг тогтоолтой танилцсан эсэхийг нэхэмжлэгчийн өмгөөлөгчөөс тодруулж асуусан байна. Харин нэхэмжлэгч талаас шүүгчийг татгалзан гаргах хүсэлт гаргасанд ундууцсан, нэхэмжлэгчийн өмгөөлөгчийг ёс зүйгүй үйлдэл гаргасан гэж сүрдүүлсэн үйлдэл, эс үйлдэхүй гаргасан үйл баримт тогтоогдсонгүй. Мөн шүүгчээс Э.С-ын нэхэмжлэлтэй захиргааны хэргийг 2 удаа шийдвэрлэсэн шалтгаанаа ноднингоос хойш ганцаараа ажиллаж байгаа гэж дээрх 2 шүүх хуралдааны явцад хэлсэн байна. Энэ хэргийг өөрөө шийдвэрлэх сонирхолтой, өөр шийдвэрлэх шүүгч байхгүй гэх утга, агуулгатай үг хэллэг хэрэглээгүй байна.

... аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн 1 дугаар зөвлөгөөний тогтоол, түүний хавсралтаар баталсан Хэрэг, нэхэмжлэл, өргөдөл, гомдол, хүсэлт хүлээн авах хуваарилах болон хэрэг, маргааныг хянан шийдвэрлэх шүүгч, шүүх бүрэлдэхүүнийг сугалаагаар томилох журмаас үзвэл тус шүүх нь Ерөнхий шүүгч Л.О, шүүгч Ж.Б, Б.М нарын бүрэлдэхүүнтэй ажиллаж байсан байх ба ... аймаг дахь Шүүхийн тамгын газрын даргын 2022 оны 8 дугаар сарын 24-ний өдрийн Б/57 дугаар тушаалаар шүүгч Б.М-д 2022 оны 9 дүгээр сарын 01-ний өдрөөс жирэмсний болон амаржсаны амралт олгосон байна. Мөн тус шүүхийн 2022 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн 25, 2023 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн 01, мөн сарын 06-ны өдрийн 02 дугаар Ерөнхий шүүгчийн захирамж, шүүгчдийн  зөвлөгөөний 2023 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн 03 дугаар тогтоол, Шүүхийн Ерөнхий Зөвлөлийн 2023 оны 02 дугаар сарын 16-ны өдрийн 76 тогтоолоор тус тус шүүгч Ж.Б-д чөлөө олгосон болох нь тогтоогдож байна.

Түүнчлэн, өргөдөлд 2023 оны 3 дугаар сарын 24-ний өдрийн шүүх хуралдаан дууссаны дараа шүүгч танхимаас гарч явахдаа “2 дугаар багийн Засаг дарга С.Б гэх нөхөр олон юм яриад байсан, Шүүхийн тухай, шүүгчээс татгалзах тухай заалтуудыг унш гэж тэр нөхөрт хэлээрээ” гээд ундууцсан шинжтэй гараад явсан гэж дурдсан байна.

          “2023032403.mp4” нэртэй бичлэг нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гаргасан гэрчээр Ч.Б-ийг оролцуулах хүсэлтийг хангаж, шүүх хуралдааныг товлосноор дуусаж байна.

Дээрх үйл баримтыг тодруулахаар гэрчүүдээс мэдүүлэг авахад шүүх хуралдаанд нарийн бичгийн даргаар оролцсон гэрч Б.М мэдүүлэгтээ “...2023 оны 3 дугаар сарын 24-ний өдрийн шүүх хуралдаан нэхэмжлэгч талын н.Б-ийг гэрчээр асуулгах хүсэлтийг хангаж хойшилсон. Шүүгч заалнаас гарахдаа тэгж хэлсэн талаар сонсоогүй” гэж, гэрч Э.С мэдүүлэгтээ “...тийм зүйл яриагүй. Заалнаас шүүгч түрүүлж гараад, араас нь бид нар хамт гарсан” гэж, гэрч Р.А мэдүүлэгтээ “...өгүүлбэрээр нь сайн санахгүй байна. Хурал дууссаны дараа шүүгч Л.О заалнаас гарч явахдаа татгалзах хүсэлт гаргаад байгаагийн цаана н.Б гэдэг хүн тодорхой хэмжээгээр нөлөөлөөд байна гэдэг утгатай үгийг цухас дурдсан” гэж тус тус мэдүүлсэн. Тус өдрийн шүүх хуралдааны бичлэг, гэрчүүдийн мэдүүлгээр өргөдөлд дурдсан дээрх үйл баримт тогтоогдохгүй байна.

Гурав. Э.С нь үүрэгт ажлаасаа чөлөөлөгдсөн байхад хариуцагчийг төлөөлөх эрхгүй этгээдийг шүүх хуралдаанд оролцуулсан гэх өргөдлийн үндэслэлийн тухайд:

Нэхэмжлэгч энэ үндэслэлээр давж заалдах гомдол гаргаж, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2023 оны 5 дугаар сарын 23-ны өдрийн 221/МА2023/0344 дүгээр магадлалын үндэслэх хэсгийн 13-т “... аймгийн ... сумын Засаг даргын 2023 оны 3 дугаар сарын 20-ны өдрийн 02/55 дугаар албан бичгээр “...хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр Э.С оролцох бөгөөд Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 27, 28 дугаар зүйлд заасан бүх эрх, үүргийг эдэлж оролцох”-оор итгэмжлэл олгосон байх тул “Э.С-ыг шүүх хуралдаанд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр оролцсон нь буруу, ...Э.С ажлаасаа чөлөөлөгдсөн нь энэ байгууллагад ямар ч хамааралгүй албан тушаалтан болсон байсан” гэх гомдлыг хүлээн авах үндэслэлгүй байна.” гэж дүгнэжээ. Мөн ... аймаг дахь ... хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 6 дугаар сарын 23-ны өдрийн 26, 2022 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 43 дугаар шийдвэрүүдээр Э.С-ыг огцруулсан /чөлөөлсөн/ ... аймгийн засаг даргын захирамжийг тус тус хүчингүй болгож шийдвэрлэсэн байна. Иймд шүүгчийг хариуцагчийг төлөөлөх эрхгүй этгээдийг шүүх хуралдаанд оролцуулсан гэх үндэслэлээр буруутгах боломжгүй.

Дөрөв. Хэргийн оролцогчоос гаргасан шүүгчийг татгалзан гаргах тухай хүсэлтийг тухайн хэргийг шийдвэрлэж байгаа шүүгч өөрөө шийдвэрлэсэн тухайд:

Тус шүүхийн 2023 оны 3 дугаар сарын 24 болон 31-ний өдрийн шүүх хуралдаанд нэхэмжлэгчээс хэргийн оролцогчтой хувийн харилцаатай, уг хэргийг шударгаар шийдвэрлэж чадах эсэх талаар үндэслэл бүхий эргэлзээ байна гэж үзэж шүүгчийг татгалзан гаргах тухай хүсэлт гаргасныг 2023 оны 3 дугаар сарын 24-ний өдрийн 9 дүгээр, мөн сарын 31-ний өдрийн 11 дүгээр Ерөнхий шүүгчийн захирамжуудаар татгалзал гаргаагүйд тооцож, шүүх хуралдааныг үргэлжлүүлэхээр шийдвэрлэсэн байна.

Монгол Улсын дээд шүүхийн нийт шүүгчдийн хуралдааны 2022 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 36 дугаар тогтоолоор Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 84, 85, 86 дугаар зүйлийн зарим хэсэг, заалтыг тайлбарласан бөгөөд уг тогтоолд; “...Шүүгч, шийдвэрлэх гэж байгаа хэрэг, маргаантай ижил төстэй, эсхүл тухайн хэргийн оролцогчдын оролцсон өөр хэрэг маргааныг урьд өмнө шийдвэрлэсэн болон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хэргийн оролцогчдоос гаргасан хүсэлтийг шийдвэрлэсэн байдал болон шийдвэрлэхэд оролцож байсан нь тухайн хэргийг шударгаар шийдвэрлэж чадах эсэх талаар эргэлзэх үндэслэлд хамаарахгүй” гэж,  мөн “татгалзан гаргах хүсэлтийг хэргийн оролцогч, тэдгээрийн өмгөөлөгч, төлөөлөгч гаргах” гэдгийг хэргийн оролцогч, тэдгээрийн өмгөөлөгч, төлөөлөгчөөс шүүгч, иргэдийн төлөөлөгч, шинжээч, орчуулагч, хэлмэрч, шүүх хуралдааны нарийн бичгийн даргыг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанаас татгалзан гаргах үндэслэлээ тодорхойлж, бичгээр гаргасан хүсэлтийг, уг үндэслэлийн талаарх баримтын хамт гаргаж өгөхийг ойлгоно. Хуульд заасан үндэслэлүүдийн аль нэгд хамаарахгүй асуудлаар эсхүл үндэслэл дурдаагүй, үндэслэлдээ хамаарах баримт гаргаагүй, түүнчлэн бичгээр гаргаагүй хүсэлтийг хуульд заасан үндэслэлээр гаргасан хүсэлт гэж үзэхгүй, уг хэргийг хянан шийдвэрлэж байгаа шүүгч, шүүх бүрэлдэхүүн хүсэлтийг хэлэлцэхгүй бөгөөд, татгалзал гаргаагүйд тооцож, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг үргэлжлүүлнэ гэжээ.

Иймд шүүгч Л.О нь нэхэмжлэгчийн шүүх хуралдаанд гаргасан шүүгчийг татгалзан гаргах хүсэлтийн үндэслэл тодорхойгүй, холбогдох баримтыг ирүүлээгүй гэх үндэслэлээр татгалзал гаргаагүйд тооцож, шүүх хуралдааныг цааш үргэлжлүүлсэн нь хууль зөрчөөгүй байна. Хэдийгээр 2023 оны 3 дугаар сарын 31-ний өдрийн шүүх хуралдаанд нэхэмжлэгч татгалзан гаргах хүсэлтдээ шийдвэрийн хуулбар хувийг хавсаргасан байх боловч захирамжаар тус шийдвэрийг хүсэлтийн үндэслэлд хамаарах баримт гэж үзэхээргүй байна хэмээн тайлбарлаж шийдвэрлэснийг буруутгахгүй. Өөрөөр хэлбэл, өөр ижил төстэй хэргийг хянан шийдвэрлэсэн үйл баримт болон тухайн хэргийн оролцогчтой холбоотой өөр хэргийг хянан шийдвэрлэж байсан нь шүүгчийг татгалзан гаргах Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 84 дүгээр зүйлд заасан үндэслэлд хамаарахгүй байна.

Өргөдөлд, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Р.А-ийг шүүгч өрөөндөө дуудаж дайрч давшсан гэж дурдсан байх боловч  гэрч Р.А-ийн “...шүүхийн 1 давхарт өөр хэргийн шүүх хуралдаанд орох гээд явж байхад шүүгч Л.О намайг хараад өөрийнхөө туслахын өрөөнд дуудсан. Шүүгч танай үйлчлүүлэгч Б юу бичээд яваад байгаа юм бэ гэж асуусан, би тэр хүн өөрийн гэсэн бодолтой хүн, хаана юу бичихээ өөрөө мэдэх байлгүй гэж хэлсэн. Өөр зүйл яриагүй. Ингээд би үйлчлүүлэгчтэйгээ ярьж надаас шүүгч асууж байна, хаана юу бичээд байгаа юм бэ гэхэд Авлигатай тэмцэх газарт гомдол гаргасан гэж хэлсэн. Шүүгчийн өрөөнд ороогүй. Өөр байдлаар шүүгчтэй харьцсан зүйл байхгүй.” гэх, гэрч Б.Б-гийн “...тус хэрэг шийдвэрлэгдэж дууссаны дараа шүүгч манай өрөөнд сууж байхад өмгөөлөгч Р.А шийдвэрээ асууж орж ирсэн. Шүүгч шүүгчийг татгалзан гаргах тухай Улсын дээд шүүхээс тайлбар гаргасан, тэр тогтоолтой танилцаарай гэж хэлж байсан. Өөр зүйл хэлээгүй” гэх мэдүүлгүүдээр тус тус үгүйсгэгдэж байна.

Дээрхээс дүгнэвэл, өргөдөлд дурдсан үндэслэлүүдээр шүүгчийг буруутгах боломжгүй байх бөгөөд шүүгч Л.О нь хуульд заасан бүрэн эрх хэмжээнийхээ хүрээнд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулж, хэргийг шийдвэрлэсэн нь шүүгчид хориглосон, хязгаарласан, үүрэг болгосон зохицуулалтыг зөрчсөн гэж үзэх үндэслэлд хамаарахгүй тул  сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох санал гаргав” гэжээ.

Шүүгч Л.О сахилгын хороонд гаргасан тайлбартаа: “...О.Б-ны нэхэмжлэлтэй ... сумын Засаг даргад холбогдох захиргааны хэргийг 2023 оны 3 дугаар сарын 31-ний өдөр шүүх хуралдаанаар хэлэлцэж нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн. Нэхэмжлэгч О.Б давж заалдах гомдол гаргаснаар Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх 2023 оны 5 дугаар сарын 23-ны өдөр шүүх хуралдаанаар хэлэлцэж анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгч О.Б-ын давж заалдах гомдлыг хангахгүй орхисон. Нэхэмжлэгч О.Б хяналтын шатны шүүхэд гомдол гаргасан боловч Монгол Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхим 2023 оны 9 дүгээр сарын 11-ний өдөр нэхэмжлэгчийн хяналтын гомдлыг хэлэлцүүлэхээс татгалзаж шийдвэрлэж анхан шатны шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болжээ. Гомдол гаргагч О.Б-ын өргөдөлтэй танилцсан бөгөөд шүүх хуралдааны эхлэл төгсгөл явц бичлэгт бүрэн авагдсан тул уг асуудлаар хариу тайлбар гаргах шаардлагагүй гэж үзлээ. Харин шаардлагатай гэж үзсэн зарим зүйлд дараах тайлбарыг гаргаж байна. Хэргийн газрын үзлэг хийх явцдаа хариуцагчид зөвлөгөө өгсөн гэх асуудалд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 32 дугаар зүйлд зааснаар шүүгч хэрэгт ач холбогдолтой бүхий л нотлох баримтыг цуглуулах үүрэгтэй бөгөөд нэхэмжлэгч О.Б-ын эзэмшлийн газрыг ... сумын Засаг дарга хүчингүй болгох нэг үндэслэл нь зориулалтын дагуу 2 жил дараалан ашиглаагүй гэх үндэслэл заасан байсан тул тухайн маргаан бүхий газар нь ... сумын газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тусгагдахдаа ямар зориулалтаар тусгагдсаныг шалгах шаардлага байсан. Түүнээс биш гомдолд дурдсан шиг хариуцагч талд ямар нэг зөвлөгөө өгөөгүй, өгөх боломжгүй, баримтын үзлэг хийхэд нэхэмжлэгч О.Б, түүний өмгөөлөгч Р.А, хариуцагч болон шүүгчийн туслах хөндлөнгийн гэрч нар бүгд байсан, тийм зөвлөгөө өгсөн асуудал огт болоогүй зөвхөн үзлэгийн ажиллагаа явагдсан. Мөн Захиргааны хэргийн анхан шатны шүүгч нотлох баримт цуглуулахдаа энэ нотлох баримт нэхэмжлэгчид ашиггүй энэ нотлох баримт хариуцагчид ашигтай гэх байдлаар хэн нэгэнд зориулж нотлох баримт цуглуулдаггүй бөгөөд хэргийг үнэн зөв шийдвэрлэхийн тулд хэрэгт ач холбогдолтой, шаардлагатай бүхий л нотлох баримтыг цуглуулах үүргийг хуулиар хүлээдэг, нотлох баримт дутуу цуглуулж хэргийг шийдвэрлэсэн тохиолдолд давж заалдах шатны шүүхээс шүүхийн шийдвэр хүчингүй болох иргэдэд чирэгдэл учрах, цаг хугацаа алдах асуудал гардаг зүйл бий.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч талаас 2 удаа шүүгчээс татгалзсан. Хоёр удаа татгалзахдаа Монгол улсын Дээд шүүхийн нийт шүүгчийн хуралдааны 2022 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 36 дугаартай “Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 84, 85, 86 дугаар зүйлийн зарим хэсэг, заалтыг тайлбарлах тухай” тогтоолын 6-д “татгалзан гаргах хүсэлтийг хэргийн ороолцогч, тэдгээрийн өмгөөлөгч, төлөөлөгч гаргах гэдгийг хэргийн оролцогч, тэдгээрийн өмгөөлөгч, төлөөлөгчөөс шүүгч, иргэдийн төлөөлөгч, шинжээч, орчуулагч, хэлмэрч, шүүх хуралдааны нарийн бичгийн даргыг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанаас татгалзан гаргах үндэслэлээ тодорхойлж, бичгээр гаргасан хүсэлтийг, уг үндэслэлийн талаарх баримтын хамт гаргаж өгөхийг ойлгоно. Хуульд заасан үндэслэлүүдийн аль нэгд хамаарахгүй асуудлаар, эсхүл үндэслэл дурдаагүй, үндэслэлдээ хамаарах баримт гаргаагүй бол уг хэргийг хянан шийдвэрлэж байгаа шүүгч, шүүх бүрэлдэхүүн хүсэлтийг хэлэлцэхгүй бөгөөд татгалзал гараагүйд тооцож, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг үргэлжлүүлнэ” гэж тайлбарласны дагуу нэхэмжлэгч тал хууль зүйн үндэслэлээ тодорхой заагаагүй, холбогдох баримтыг хавсаргаагүй, хүсэлтээ тайлбарлаж чадаагүй тул хүсэлт гараагүйд тооцож хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг цааш нь үргэлжлүүлсэн болно. Өөрөөр хэлбэл татгалзалтай холбоотой асуудалд шүүгчийн зүгээс хууль болон дээд шүүхийн тайлбарыг үндэслэж шийдвэрлэсэн. Хариуцагч Э.С захирамж гаргахдаа ажлаасаа огцорсон байсан тул шийдвэр гаргах эрхгүй этгээд шийдвэр гаргасан гэх тухайд Захиргааны хэргийн анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр магадлалд тодорхой заасан байх тул нэмж тайлбарлах шаардлагагүй гэж үзлээ. Иймд сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү.” гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Сахилгын хэрэгт авагдсан баримтуудаас үзвэл ... аймаг дахь ... хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн 30 дугаар шийдвэрээр Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.5, 40.1.6-д тус тус заасныг баримтлан нэхэмжлэгч О.Бы “... аймгийн ... сумын Засаг даргын 2022 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн А/201 дугаартай захирамжийг хүчингүй болгуулах” тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2023 оны 5 дугаар сарын 23-ны өдрийн 221/МА2023/0344 дүгээр магадлалаар шийдвэрийг хэвээр үлдээсэн, Улсын дээд шүүхийн 2023 оны 9 дүгээр сарын 11-ний өдрийн хуралдааны 290 дүгээр тогтоолоор нэхэмжлэгч болон түүний өмгөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хэлэлцүүлэхээс татгалзсан үйл баримт тогтоогдож байна.

Дээрх хэргийг анхан шатны журмаар хянан шийдвэрлэсэн ... аймаг дахь ... хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч Л.О-т холбогдуулан нэхэмжлэгч О.Б гомдол гаргаж, үндэслэлээ “шүүгч хэргийн газарт үзлэг хийхдээ хариуцагчид зааварчилгаа өгсөн, шүүх хуралдаанд шүүгчээс татгалзахад “...Чи өөр шүүгчээр шүүлгээд өөрт ашигтай шийдвэр гаргуулах гэж байна” гэж ундууцсан, өмгөөлөгчийг ёс зүйгүй үйлдэл гаргасан гэж сүрдүүлсэн, Э.С нь үүрэгт ажлаасаа чөлөөлөгдсөн байхад хариуцагчийг төлөөлөх эрхгүй этгээдийг шүүх хуралдаанд оролцуулсан, хэргийн оролцогчоос гаргасан шүүгчийг татгалзан гаргах тухай хүсэлтийг тухайн хэргийг шийдвэрлэж байгаа шүүгч өөрөө шийдвэрлэсэн, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Р.А-ийг шүүгч өрөөндөө дуудаж дайрч давшсан” гэж тодорхойлжээ.

Илтгэгч гишүүн нэхэмжлэгч О.Б-ы өргөдөлд дурдсан үндэслэлүүдийг нэг бүрчлэн шалгасан, үндэслэл тус бүрд хийсэн дүгнэлт хуульд нийцсэн байна. Тодруулбал,

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-д “Захиргааны хэргийн шүүх хэргийн нөхцөл байдлыг тодруулах, хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нотлох баримт цуглуулах, үнэлэх ажиллагааг хэрэгжүүлэх үүрэгтэй...” гэж зааснаар захиргааны хэргийн шүүх нотлох зарчмыг хэрэгжүүлж өөрийн санаачилгаар ач холбогдол бүхий нотлох баримтыг цуглуулдаг онцлогтой бөгөөд тухайн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг удирдан явуулж буй шүүгч хуулиар хүлээсэн үүргээ хэрэгжүүлж  маргаан бүхий ... аймгийн ... сумын Цагаан чулуу гэх газар болон ... сумын Засаг даргын тамгын газрын баримт бичигт үзлэг хийж холбогдох баримтыг хэрэгт хавсаргасан нь хуульд нийцсэн, газрын маргааныг шийдвэрлэхэд Газар зохион байгуулалтын төлөвлөгөө зайлшгүй шаардлагатай, ач холбогдолтой нотлох баримт мөн.

Түүнчлэн, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1-д “Нэхэмжлэгч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцохдоо дараах эрх эдэлнэ” 20.1.4 “шүүгч, шүүх бүрэлдэхүүн, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга, шинжээч, орчуулагч, хэлмэрчийг хуульд заасан үндэслэлээр татгалзан гаргах хүсэлт гаргах” 85 дугаар зүйлийн 85.1-д “Энэ хуулийн 84.1-д заасан үндэслэлээр шүүгч, иргэдийн төлөөлөгч, шинжээч, орчуулагч, хэлмэрч, шүүх хуралдааны нарийн бичгийн даргыг татгалзан гаргах хүсэлтийг хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч гаргаж болох...” гэж зааснаар шүүгчийг татгалзан гаргах хүсэлтийг хэргийн оролцогчид гаргах эрхтэй ч ямар тохиолдолд уг хүсэлтийг хэлэлцэх эсэх, ямар үндэслэлээр хүсэлт гаргаагүйд тооцож хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг үргэлжлүүлэхийг Улсын дээд шүүхийн нийт шүүгчийн хуралдааны 2022 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн “Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 84, 85, 86 дугаар зүйлийн зарим хэсэг, заалтыг тайлбарлах тухай” 36 дугаар тогтоолоор тайлбарлажээ.

Уг тогтоолын 6-д “Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 85 дугаар зүйлийн 85.1 дэх хэсгийн “татгалзан гаргах хүсэлтийг хэргийн оролцогч, тэдгээрийн өмгөөлөгч, төлөөлөгч гаргах” гэдгийг хэргийн оролцогч, тэдгээрийн өмгөөлөгч, төлөөлөгчөөс шүүгч, ...хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанаас татгалзан гаргах үндэслэлээ тодорхойлж, бичгээр гаргасан хүсэлтийг, уг үндэслэлийн талаарх баримтын хамт гаргаж өгөхийг ойлгоно. Хуульд заасан үндэслэлүүдийн аль нэгд хамаарахгүй асуудлаар эсхүл үндэслэл дурдаагүй, үндэслэлдээ хамаарах баримт гаргаагүй, түүнчлэн бичгээр гаргаагүй хүсэлтийг хуульд заасан үндэслэлээр гаргасан хүсэлт гэж үзэхгүй, уг хэргийг хянан шийдвэрлэж байгаа шүүгч, шүүх бүрэлдэхүүн хүсэлтийг хэлэлцэхгүй бөгөөд, татгалзал гаргаагүйд тооцож, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг үргэлжлүүлнэ” гэж тайлбарласан байх тул илтгэгч гишүүний “шүүгч Л.О нь нэхэмжлэгчийн шүүх хуралдаанд гаргасан шүүгчийг татгалзан гаргах хүсэлтийн үндэслэл тодорхойгүй, холбогдох баримтыг ирүүлээгүй гэх үндэслэлээр татгалзал гаргаагүйд тооцож, шүүх хуралдааныг цааш үргэлжлүүлсэн нь хууль зөрчөөгүй” гэх дүгнэлт үндэслэлтэй гэж үзнэ.

Дээр дурдсан болон шалгах ажиллагааны явцад цугларсан гэрчүүдийн мэдүүлэг, шүүх хуралдааны дуу, дүрсний бичлэг болон бусад баримтуудыг нотлох баримтаар үнэлж өргөдөлд дурдсан бусад үндэслэлд хийсэн илтгэгч гишүүний дүгнэлт  Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.8. “Нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор, тухайн сахилгын хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв талаас нь үнэлнэ” гэж заасанд нийцсэн байх тул сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох саналыг хүлээн авах нь зүйтэй гэж бүрэлдэхүүн үзлээ.

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 112 дугаар зүйлийн 112.1.2, 112.2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Сахилгын хорооны гишүүний 2023 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн ГС/2023/0121 дугаар “Сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох тухай санал”-ыг хүлээн авч, ... аймаг дахь ... хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч Л.О-д холбогдох сахилгын хэргийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Магадлалыг сахилгын хэргийн оролцогч болон өргөдөл, мэдээлэл гаргагчид хүргүүлэхийг Ажлын албанд даалгасугай.

3. Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 112 дугаар зүйлийн 112.8 дахь хэсэгт зааснаар магадлалыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор сахилгын хэргийн оролцогч гомдол, илтгэгч гишүүн эсэргүүцэл гаргах эрхтэй.

                        ДАРГАЛАГЧ                                              О.НОМУУЛИН

                           ГИШҮҮН                                                    Д.АРИУНТУЯА 

                                                                                            Д.ЭРДЭНЭЧУЛУУН