info@judiscom.mn 976 - 77113838 Холбоо барих ШИЛЭН ДАНС
ENMNG

МОНГОЛ УЛС

ШҮҮХИЙН САХИЛГЫН ХОРОО

МАГАДЛАЛ

2023-06-27

Дугаар 90

Улаанбаатар хот

Сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

Шүүхийн сахилгын хорооны хуралдааныг гишүүн Д.Мягмарцэрэн даргалж, гишүүн Д.Ариунтуяа, Г.Цагаанцоож нарын бүрэлдэхүүнтэй, илтгэгч гишүүн Д.Эрдэнэчулуун, хуралдаан хариуцсан ахлах мэргэжилтэн-нарийн бичгийн дарга Г.Болортуяа нарыг оролцуулан тус хорооны хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар

... аймаг дахь сум дундын ... хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Р.Ү-д холбогдох Сахилгын хорооны гишүүний 2023 оны 6 дугаар сарын 02-ны өдрийн “Сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох тухай” ГС/2023/0074 дугаартай саналыг хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох саналд: “1. Шүүгч Р.Ү нь гомдол гаргах эрхтэй захирамжийг 7 хоногийн дотор гаргаагүй, мөн шүүгчийн захирамжийг хуульд заасан гомдол гаргах эрхийг олгосон 10 хоногийн дараа гарсан гэх тухайд: ... Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд 170 дугаар зүйлийн 170.1 дэх хэсэгт “гомдол гаргах эрхтэй захирамжид гарснаас хойш 10 хоногийн дотор гомдол гаргах эрхтэй” гэж зааснаас шүүгчийн захирамжийг бичгийн хэлбэрээр хэзээ гаргах талаар нарийвчилсан зохицуулалт байхгүй байх тул шүүгч Р.Ү-г тухайн үйлдэлд буруутгаж, Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1.23-т заасныг зөрчсөн гэж үзэх боломжгүй байна”. 2.Шүүгч Р.Ү-н 2022 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн 142/ШЗ2023/0127 дугаар захирамжийг бичгийн хэлбэрээр гаргангуут гардан авч, гомдол гаргасан боловч “хүндэтгэн үзэх шалтгаанаа бичээгүй” гээд хүлээн аваагүй нь миний гомдол гаргах эрхийг хязгаарласан, Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1, 69 дүгээр зүйлийн 69.1.3, 69.1.4-т заасныг тус тус ноцтой зөрчсөн гэх тухайд: 2.1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 170 дугаар зүйлийн 170.1 дэх хэсэгт “зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч энэ хуулийн ...80, ...зүйлд заасан ...шүүгчийн захирамжид ...гарсан өдрөөс нь хойш 10 хоногийн дотор тухайн шатны шүүхэд гомдол гаргаж болно” гэж заасан. ...тус шүүх хуралдаанд шүүх хуралдаан даргалагч шүүгч нь нэхэмжлэгч, хариуцагч талын хүсэлтүүдийг тус бүрээр тайлбарлан хэлж, захирамжид гомдол гаргах эрхтэй болохыг дурджээ. Шүүх хуралдааны дуу-дүрсний бичлэгээс үзэхэд нэхэмжлэгч тал нь шүүгч Р.Ү захирамжаараа өөрийнх нь болон хариуцагч талаас гаргасан хүсэлтүүдийг хэрхэн шийдвэрлэснийг мэдсэн, тухайн үед тэмдэглэж авах бүрэн боломжтой байсан байна. Иймд шүүгчийн захирамж бичгийн хэлбэрээр гаргаагүй нь нэхэмжлэгчийн гомдол гаргах эрхэд ноцтой нөлөөлсөн гэж үзэхгүй. 2.2. Иргэн Ц.Э нь өргөдөлдөө “... шүүгчийн захирамжийг 2023 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр гардан авч, захирамжид  2023 оны 01 дүгээр сарын 12-ны өдөр гомдол гаргасан ...” гэжээ. Сахилгын хэргийн явцад бүрдүүлсэн баримтуудаас үзэхэд шүүгчийн 2022 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн 142/ШЗ2023/00127 дугаар захирамжийг бичгийн хэлбэрээр 2023 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр гарган “Иргэн 2014” нэгдсэн системд оруулж, баталгаажуулан, иргэний хэргийн нэхэмжлэгч Ц.Э-д 2023 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр гардуулсан байна. Ц.Э нь шүүгчийн дээрх  захирамжийг эс зөвшөөрч гомдол гаргасан бус харин “гомдол гаргах хугацаа сэргээлгэх тухай” хүсэлт гаргасан байна. Тэрээр уг хүсэлтээ 2023 оны 01 дүгээр сарын 12-ны өдөр гэж бичсэнийг тус шүүх 2023 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн 16 цаг 00 минутад хүлээн авсан болох нь шүүхийн “Өргөдөл, гомдлын бүртгэл №26- дэвтрийн 76 дэс дугаарт бүртгэгдсэн баримтаар тогтоогдож байна. Тус шүүхийн шүүгчдийн зөвлөгөөний 2023 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн 01 дугаар тогтоолоор баталсан “Хэрэг, нэхэмжлэл, өргөдөл, гомдол, хүсэлт хүлээн авах, хуваарилах болон хэрэг, маргааныг хянан шийдвэрлэх шүүгч, шүүх бүрэлдэхүүнийг сугалаагаар томилох журам”-ын 3 дугаар зүйлийн 3.7-д “шүүх ... давж заалдах болон хяналтын журмаар гомдол гаргах хугацаа сэргээлгэх тухай хүсэлт, ...-г өмнө шийдсэн шүүгчид системээс гараар хуваарилах аргаар хуваарилна” гэжээ. Энэхүү журамд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 170 дугаар зүйлийн 170.1 дэх хэсэгт заасан үндэслэлээр шүүгчийн захирамжид гомдол гаргах хугацаа сэргээлгэх хүсэлтийг хэрхэн хуваарилах талаар тусгайлсан зохицуулалт байхгүй бөгөөд дээрх журмын 3 дугаар зүйлийн 3.7 дахь хэсэгт “давж заалдах болон хяналтын журмаар гомдол гаргах хугацаа сэргээлгэх тухай хүсэлт” гэснийг “шүүгчийн захирамжид гомдол гаргах хугацаа сэргээлгэх хүсэлт”-тэй адилтган үзэн шүүгч Р.Ү-д хуваарилсан байна. Шүүгч хүсэлтийг хүлээн авч, шүүгчийн 2023 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн 142/ШЗ2023/00664 дүгээр захирамжаар “... 2023 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр захирамжийг авч, танилцаад гомдлыг гаргаж байна гэсэн үндэслэл нь захирамжид гомдол гаргах хугацааг хүндэтгэн үзэх шалтгаантай байснаас хэтрүүлсэн гэж үзэх үндэслэл болохгүй. Харин 2022 оны 12 дугаар сарын 27-ны өдрөөс хойш 10 хоногийн хугацаанд гомдол гаргаагүй нь хүндэтгэн үзэх шалтгаантай байсан гэж үзэх үндэслэл бүхий нотлох баримт байвал шүүх хугацаа сэргээх боломжтой байсан” гэж үзэн хүсэлтийг хангахаас татгалзаж, 01 дүгээр сарын 23-ны өдрийн 00664 дүгээр захирамжийг нэхэмжлэгчид 2023 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр гардуулжээ. Ц.Э 00664 дүгээр захирамжийг эс зөвшөөрч 2023 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр Ерөнхий шүүгчид уг хүсэлтээ дахин гаргасныг шүүгчийн 2023 оны 02 дугаар сарын 03-ны өдрийн 142/ШЗ2023/00977 дугаар захирамжаар “... шүүгчийн 142/ШЗ2023/00664 дүгээр захирамжаар хүсэлтийг хангахаас татгалзаж шийдвэрлэсэн байх тул Ц.Э-ний хүсэлтийг хүлээн авахаас татгалзах үндэстэй байна. ... бүх шатны шүүхийн шүүгч, Ерөнхий шүүгч бүрэн эрхээ хэрэгжүүлэхдээ бусад шүүгчийн шүүн таслах ажиллагаанд хөндлөнгөөс оролцох, тухайлсан хэрэг, маргаантай холбоотой заавар өгөх, удирдамжаар хангах, шүүгчид тодорхой хэрэг, маргааныг нэр заан хуваарилах зэргээр шүүгчийн хараат бус байдалд халдахыг хуулиар хориглосон” гээд нэхэмжлэгч Ц.Э-ний шүүгчийн захирамжид гомдол гаргах хугацаа сэргээлгэх тухай хүсэлтийг хангахаас татгалзсан байна. Монгол Улсын дээд шүүхийн 2006 оны 7 дугаар сарын 03-ны өдрийн 33 дугаар “Хөдөлмөрийн тухай хуулийн зарим зүйл, заалтыг тайлбарлах тухай” тогтоолд "хүндэтгэн үзэх шалтгаан" гэдэгт энэ зүйлд заасан хугацааны дотор гомдол гаргагч хүндээр өвчилсөн, хорио цээрийн дэглэм тогтоогдсон, байгалийн болон нийтийг хамарсан гамшиг тохиолдсон зэрэг өөрөөс нь үл хамаарах шалтгаанаар гомдол гаргах боломжгүй байсан байдлыг ойлгоно. Харин хууль мэдэхгүй явдал нь хүндэтгэн үзэх шалтгаан болохгүй” гэж, мөн Иргэний хуулийн 221 дүгээр зүйлийн 221.2 дахь хэсэгт “гэнэтийн буюу давагдашгүй хүчний шинжтэй онцгой нөхцөл байдал, эсхүл талуудын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах үүднээс гэрээний хугацааг үргэлжлүүлэх, сунгахыг шаардах боломжгүй нөхцөл байдлыг хүндэтгэн үзэх үндэслэл гэж үзнэ” гэж тус тус заасан байна. Дээрх хуулийн заалт, Улсын дээд шүүхийн тайлбараас үзэхэд шүүгчийн захирамж бичгийн хэлбэрээр гараагүй нь хүндэтгэн үзэх шалтгаанд орохгүй гэж ойлгохоор байна. Иймд хэдийгээр шүүгчийн захирамж бичгийн хэлбэрээр гараагүй боловч нэхэмжлэгч, түүний өмгөөлөгч нар хуульд заасан 10 хоногийн дотор гомдлоо гаргах эрх нь нээлтэй, бүрэн боломжтой байсан тул уг үндэслэлээр шүүгчийг шууд буруутгах боломжгүй юм. 3. Хариуцагчийн өмгөөлөгч 2022 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн шүүх хуралдаанд 20 минут хоцорсон ба тухайн өдрийн шүүх хуралдаанд 2022 оны 12 дугаар сарын 08-ны өдөр гэж бичсэн, хэрэгт үдэгдээгүй, шүүх хүлээж авсан бүртгэлгүй сөрөг нэхэмжлэлийг шүүгч Р.Ү хүлээн авч шийдвэрлэсэн гэх тухайд: “... Шүүх хуралдааны 2022 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн 00039 дугаартай тэмдэглэл болон шүүх хуралдааны дуу-дүрсний бичлэгээс үзэхэд хуралдаан даргалагч ирцтэй холбоотой тодруулга явуулж, нэхэмжлэгч тал хариуцагчийн өмгөөлөгчийг хүлээх, хүсэлтүүдээ шийдвэрлүүлэх санал гаргасны дагуу шүүх хуралдаан цааш үргэлжилж байх явцад хариуцагчийн өмгөөлөгч танхимд орж ирсэн байна. Шүүх хуралдааны явцад хариуцагчийн өмгөөлөгч сөрөг нэхэмжлэлийн шаардлага гаргаж байх ба сахилгын хэрэгт авагдсан баримтуудаас үзэхэд хариуцагч нь 2022 оны 9 дүгээр сарын 20-ны өдөр сөрөг нэхэмжлэлийн шаардлага гаргасныг нэхэмжлэгчид 2022 оны 9 дүгээр сарын 26-ны өдөр гардуулсан байна. Мөн хариуцагч 2022 оны 12 дугаар сарын 08-ний өдөр гэж бичсэн сөрөг нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлэн гаргасныг шүүх хүлээн авч, 2022 оны 12 дугаар сарын 27-ны өдөр нь нэхэмжлэгчид гардуулжээ. Шүүхийн ерөнхий зөвлөлийн 2022 оны 3 дугаар сарын 04-ний өдрийн 52 дугаар “Аргачлал, баримтын загвар батлах тухай” тогтоолын 1 дүгээр хавсралтаар баталсан “Иргэний хэргийн хөдөлгөөний нийтлэг аргачлал”-ын 4 дүгээр зүйлийн 4.1.1-д “ажилтан нэхэмжлэл /сөрөг нэхэмжлэл,.../-ийг нэхэмжлэлийн нэхэмжлэлийн шаардлагаа тодорхойлох эрхийг хөндөхгүйгээр, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хийгдэх ажиллагааг урьдчилан шаардахгүйгээр, урьдчилан үнэлэхгүйгээр, ямар нэгэн хязгаарлалт тогтоохгүйгээр ажлын бүх өдрүүдэд, ажлын цагт хүлээн авч Бүртгэл №1, Бүртгэл №2-т бүртгэж, шүүхэд хүлээлгэн өгсөн хүний нэр, гарын үсгийн тайллын хамт зуруулна”, 4.1.2-т “ажилтан нэхэмжлэл /сөрөг нэхэмжлэл,.../-ийг хүлээн авч бүртгэхдээ түүнд дурдсан жагсаалттай нь хавсаргасан баримтыг тулгаж, хуудасны тоо, хүлээн авсан он, сар, өдөр, цаг, минут, тэдгээрийн эх хувь, эсхүл хуулбар хувь эсэхийг, гэрчлүүлсэн эсэхийг бүртгэлд тэмдэглэж, хүлээн авсан даруйд системд бүртгэн “Нэхэмжлэл хүлээн авсан тухай” Баримт №1-ийг системээс хэвлэж өгнө” гэж заажээ. Ц.Э-ний “сөрөг нэхэмжлэл нь 2022 оны 12 дугаар сарын 08-ны өдөр гэж бичигдсэн, хэрэгт үдэгдээгүй, хүлээж авсан хугацаагүй, тамгагүй” байсан гэж өргөдөлд дурдагдсан нь үндэслэлтэй байна. Харин шүүх сөрөг нэхэмжлэлийг мэдээлэл лавлагааны мэргэжилтнээр дамжуулан бүртгүүлж хүлээн авах байжээ. Гэвч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.3 дахь хэсэгт “... Хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх, биелүүлэх буюу хүлээн зөвшөөрөхөөс татгалзах, сөрөг нэхэмжлэл гаргах, эвлэрэх эрхтэй” гэж заасан нь хариуцагч сөрөг нэхэмжлэлийг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны аль ч үед гаргаж болох  ойлголт юм. Өөрөөр хэлбэл хариуцагч 2022 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн шүүх хуралдааны явцад 2022 оны 12 дугаар сарын 08-ны өдөр гэж бичигдсэн сөрөг нэхэмжлэлийг гаргасан нь хуулиар олгогдсон эрх бөгөөд уг сөрөг нэхэмжлэлийг шүүх хуралдааны явцад хүлээн авсанд шүүгч Р.Ү-г буруутгах үндэслэлгүй гэж үзлээ. 4.Тус шүүхийн 2022 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн шүүх хуралдаанаар шүүгч Р.Ү амаар гаргасан шаардлагыг авч үзэхгүй, шүүх хуралдаанаас өмнө бичгээр гаргасан, хэрэгт хавсаргасан шаардлагуудыг хүлээн авч үзнэ гэсэн атлаа хариуцагчийн өмгөөлөгчийн урьд гаргаж байгаагүй, амаар гаргасан шаардлагуудыг хүлээн авч, захирамждаа тусгасан гэх тухайд: ... Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1 дэх хэсэгт “Монгол Улсын хууль, Монгол Улсын нэгдэн орсон олон улсын гэрээнд заасан хүний эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхлоо зөрчигдсөн гэж үзэж байгаа аливаа этгээд уг эрхээ хамгаалуулахаар энэ хуульд заасан журмын дагуу шүүхэд нэхэмжлэл, хүсэлт, гомдол гаргах хэлбэрээр мэдүүлэх эрхтэй”, Иргэдээс төрийн байгууллага, албан тушаалтанд гаргасан өргөдөл, гомдлыг шийдвэрлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсэгт “өргөдөл гэж энэ хуулийн 4 дүгээр зүйлийн 4 дэх заалтад зааснаас бусад асуудлаар төрийн байгууллага, албан тушаалтанд хандаж гаргасан хүсэлтийг хэлнэ, 9 дүгээр зүйлийн 9.1 дэх хэсэгт “өргөдөл, гомдлыг төрийн албан ёсны хэлээр бичгээр буюу амаар гаргана...” гэж тус тус заасан. Дээрх хуулиудын зохицуулалтуудаас үзвэл шүүхийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хэргийн оролцогч нараас гаргах хүсэлтийг хязгаарлахгүй ба хүсэлтийг бичгээр эсхүл амаар гаргаж болох тул нэхэмжлэгчийн бичгээр гаргасан болон хариуцагчийн өмгөөлөгчийн амаар гаргасан хүсэлтийг шүүгч шүүх хуралдаанаар хэлэлцэн шийдвэрлэсэнд шүүгч Р.Ү-г буруутгах үндэслэлгүй юм. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 71 дүгээр зүйлийн 71.1 дэх хэсэгт “хуулиар өөр хугацаа тогтоогоогүй бол хэрэг үүсгэсэн өдрөөс хойш 60 хоног, давж заалдах болон хяналтын шатны шүүхээс хэргийг дахин хэлэлцүүлэхээр ирүүлсэн бол шүүгч хэргийг хүлээж авснаас хойш 30 хоногийн дотор тус тус шийдвэрлэнэ”, 71.2 дахь хэсэгт “энэ хуулийн 71.1-д заасан хугацааг тухайн шүүхийн шүүгчдийн зөвлөгөөнөөс нэг удаа 30 хүртэл хоногоор сунгаж болно” гэж тус тус зааснаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хугацаа хуулиар 90 хоног байна. Шүүгч Р.Ү-н үүсгэсэн Ц.Э-ний нэхэмжлэлтэй, хариуцагч Л.Д-д холбогдох иргэний хэргийг шүүгчийн 2022 оны 8 дугаар сарын 29-ний өдрийн 142/ШЗ2022/04548 дугаар захирамжаар иргэний хэрэг үүсгэснээс хойш хуульд заасан хугацаа 2022 оны 12 дугаар сарын 27-ны өдөр дууссан боловч шүүх хэргийн оролцогчдоос гаргасан хүсэлтүүдийг шийдвэрлэж, шүүхийн журмаар нотлох баримт бүрдүүлэх зэрэг ажиллагааг хийсээр шүүгчийн 2022 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн 142/ШЗ2023/00127 дугаар захирамжаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг түдгэлзүүлжээ. Иймд шүүх хуралдааны явцад даргалагч шүүгч Р.Ү “Ер нь тайлбар хэлэхэд талуудын хэн аль нь хүсэлт гаргах эрхтэй. Гэхдээ хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд хугацаа гэж юм байна. Энэ хугацааг шүүх хэтрүүлэх ёсгүй. Өнөөдрийн байдлаар талуудын гаргасан хүсэлтүүдийг шийдвэрлэсээр байгаад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хугацаа хэтэрсэн явж байна. Тиймээс цаашид оновчтой зөв тодорхойлоод, цаг хугацаандаа хүсэлтээ гаргамаар байна. Одоо бичгээр гаргасан хүсэлтүүд дээр яригдана шүү. Тухайн үеийн сэтгэл хөдлөлөөр санаанд орсон юм аа тэгвэл ийм гэх байдлаар гаргахгүй шүү” гэж хэлсэнд буруутгах үндэслэлгүй. Түүнчлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.6 дахь хэсэгт зааснаар нотлох баримт цуглуулах, бүрдүүлэхдээ тухайн баримтууд нь хэргийг хянан шийдвэрлэхэд зайлшгүй шаардлагатай, хэрэгт хамааралтай, зохигчдоос гарган өгөх боломжгүй баримтууд байхыг шаарддаг бөгөөд хүсэлтийг хангах эсэх нь шүүгчид хуулиар олгогдсон бүрэн эрх юм. Мөн хуулийн 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт “зохигч, ...өмгөөлөгч нь өөрийн шаардлага, татгалзлын үндэс болж буй нотлох баримтаа өөрөө гаргаж өгөх, цуглуулах үүрэгтэй” гэж заасны дагуу нэхэмжлэгч Ц.Э өөрийн нэхэмжлэлийн шаардлагын үндэс болж буй баримтуудаа, хариуцагч Л.Д татгалзлын үндэс болж байгаа баримтаа тус тус өөрсдөө цуглуулах, шүүхэд гаргаж өгөх үүрэгтэй болохыг дурдах нь зүйтэй. Дээрхийг нэгтгэн дүгнэвэл Ц.Э-ний өргөдөлд дурдсан асуудлаар ... аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Р.Ү нь Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 50 дугаар зүйлд заасан шүүгчид хориглосон зөрчил гаргасан үндэслэл баримтаар тогтоогдоогүй тул түүнд холбогдох сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох саналыг гаргаж байна.” гэжээ.

Шүүгч Р.Ү тайлбартаа: Нэхэмжлэгч Ц.Э-ний Шүүхийн сахилгын хороонд гаргасан өргөдөлд сахилгын хэрэг үүсгэсэн захирамжийг гардаж аваад дараах тайлбарыг гаргаж байна. Ц.Э, Л.Д-д холбогдуулан гэрлэлт цуцлах, эд хөрөнгийн хамтран өмчлөгчөөр тогтоолгож, дундын эд хөрөнгөөс ногдох эд хэсгийг гаргуулах, тухай нэхэмжлэлийг 2022 оны 8 дугаар сард шүүхэд гаргасан. Ийнхүү нэхэмжлэл гаргаснаас хойш  2022 оны 9 дүгээр сарын 13-ны өдрөөс эхлэн нотлох баримт гаргуулах, шүүхээс гарах шийдвэрийн биелэлтийг баталгаажуулах арга хэмжээ авхуулах, нэмэгдүүлсэн шаардлага, гэртээ амьдрах боломжоор хангах, тусдаа амьдрахыг даалгах, ...тоот байрнаас эд зүйлээ авах, эд хөрөнгө битүүмжлэх, дахин нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлэх зэрэг хүсэлтүүдийг гаргаж заримыг нь тухай бүрд нь шүүгчийн захирамжаар хангаж шийдвэрлэсэн бөгөөд захирамжуудын хувийг хавсаргав. ... мөн 2022 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн шүүх хуралдаанаар нэхэмжлэгч талаас мөн өдөр гаргасан ..... аймгийн ... сумын ... баг, 1-16-80 тоот, Улаанбаатар хот, .... дүүрэг, .. дүгээр хороо, 25 дугаар байр, 25 тоот,..... аймаг .... сум, .... баг, 11б-49 тоот орон сууц, уг орон сууцны доор байгаа газрын, уг 49 тоот байрны 4 ширхэг гараашийн болон “Beyond security” хуулийн этгээдийн улсын бүртгэлийн дэлгэрэнгүй лавлагааг тус тус гаргуулах;  2022 оны  11 дүгээр сарын 17-ны өдөр гаргасан 11б-49 тоот байрны 664 м.кв газрыг битүүмжлэх, 2 ширхэг дулаан гараашийн дэлгэрэнгүй лавлагаа гаргуулах; 2022 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр гаргасан нэхэмжлэлийн шаардлага нэмэгдүүлэх;  2022 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр гаргасан автомашинаа гарааш тавих боломжийг хангуулах, 11б-49 тоот амины сууц, түүний доор байрлах газрын дэлгэрэнгүй гаргуулах, “Beyond security” ХХК нь өөрчлөгдөөд “Эс эй эс эс” ХХК болсон тул өмнөх хүсэлтээ өөрчлөн “Эс эй эс эс” ХХК-ийн хуулийн этгээдийн дэлгэрэнгүй лавлагаа гаргуулах; 2022  оны 12 дугаар сарын 26-ны өдөр гаргасан хариуцагч Л.Д-д холбогдох эрүүгийн хэрэг ... аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд 2022 онд шийдвэрлэгдсэн эрүүгийн хэргээс Л.Д-ын хүргэн н.С, охин н.Б нарын гэрчийн мэдүүлгийг авч, иргэний хэрэгт хавсаргах хүсэлтүүд гаргасан бол хариуцагчийн өмгөөлөгч Д.О сөрөг нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлэх, шинжээч томилуулах тухай хүсэлтүүдийг тус тус гаргасныг шүүгчийн мөн өдрийн 142/ШЗ2023/00127 дугаар захирамжаар шийдвэрлэсэн. 1. Өргөдөл гаргагч нь шүүгчийн 2022 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн 142/ШЗ2023/00127 дугаар захирамжид гомдол гаргах эрхээр хангаагүй гэжээ. Шүүгчийн захирамж бичгээр 2023 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр гарч, нэхэмжлэгчид 2023 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр гардуулсан болно. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд захирамжийг 7 хоногт гаргах, захирамж гардуулах, гардаж авснаас хойш гомдол гаргах хугацааг тоолох зохицуулалт байхгүй. Тухайн өдрийн шүүх хуралдаанд нэхэмжлэгч, түүний өмгөөлөгч нар хамт оролцсон ба нэхэмжлэгч нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд өмгөөлөгчтэйгөө оролцсон. Шүүх хуралдаанаар хүсэлтийг хэрхэн шийдвэрлэсэн талаарх шүүгчийн захирамжийг мэдсэн бөгөөд шүүх хуралдааны төгсгөлд “захирамжийг зөвшөөрөөгүй бол гарсан өдрөөс хойш 10 хоногийн дотор тухайн шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй”-г тайлбарласан. Ийнхүү захирамж гарсан өдрөөс хойш 10 хоногийн дотор гомдол гаргаагүй. Хэрвээ захирамж гарсан гэдгийг мэдээгүй бол мэдсэн өдрөөс хойш 10 хоногийн хугацааг тооцох боломжтой байсан. Нэхэмжлэгч  шүүгчийн 142/ШЗ2023/00127 дугаар захирамжид гомдол гаргах хугацаа сэргээлгэх тухай хүсэлтийг 2023 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр шүүхэд гаргасан. Захирамжид гомдол гаргах хугацаа хэтрүүлсэн тохиолдолд тухайн этгээд гомдол гаргах эрхээ алдах бөгөөд хүндэтгэн үзэх шалтгаан байвал шүүх гомдол гаргах эрхийг сэргээж болдог. Нэхэмжлэгч хүндэтгэн үзэх шалтгаантай байсан гэх баримтыг шүүхэд ирүүлээгүй тул гомдол гаргах хугацааг сэргээх боломжгүй гэж үзэж “гомдол гаргах хугацаа сэргээлгэх хүсэлт”-ийг хангахаас татгалзаж шийдвэрлэсэн. 2. Нэхэмжлэгч өргөдөлдөө “2022 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн шүүх хуралдаанаар шүүгч нь амаар гаргасан ямар ч шаардлагыг авч үзэхгүй, зөвхөн хуралдаан болохоос өмнө урьдчилж бичгээр гаргаад хэрэгт хавсаргасан шаардлагыг л авч үзнэ гэсэн атлаа хариуцагчийн өмгөөлөгчийн урьд гаргаж байгаагүй шаардлагыг амаар гаргахад бүгдийг хэрэгжүүлж, захирамждаа тусгасан. Хариуцагчийн өмгөөлөгчийн 2022 оны 12 дугаар 08-ны өдрийн сөрөг нэхэмжлэлийг  шүүх хуралдааны үеэр хэлэлцэхэд уг нэхэмжлэл нь хэрэгт үдэгдээгүй, хүлээн авсан огноогүй, тэмдэггүй, дугаарлагдаагүй байсан. ...мөн хариуцагчийн өмгөөлөгчийн амаар гаргасан ...тоот байрнуудын үнэлгээг тогтоолгоно гэсэн хүсэлтүүдийг шууд хүлээн авч шийдвэрлэсэн” гэжээ. Хариуцагчийн өмгөөлөгч Д.О нь 2022 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн шүүх хуралдаанд 2022 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн огноолсон сөрөг нэхэмжлэлийг гаргаж өгсөн. Мөн нэхэмжлэгчийн өмгөөлөгч шүүх хуралдаанд “...Д.О өмгөөлөгч сөрөг нэхэмжлэл гаргана, өрөөндөө очоод аваад ирье” гэж хэлсэн гэх агуулгатай тайлбар хэлж байсан. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд сөрөг нэхэмжлэл гаргах хугацааг тодорхой заагаагүй бөгөөд сөрөг нэхэмжлэл нь үндсэн нэхэмжлэлийн шаардлагад тооцогдохоор, түүнчлэн бүрдүүлбэр хангасан байсан, хүлээн авахаас татгалзах үндэслэл байхгүй байсан зэргээс шүүх хүлээн авч, шүүх хуралдааны дараа нэхэмжлэгчид гардуулах ажиллагаа хийсэн. Миний бие шүүх хуралдаан дээр “...амаар гаргасан ямар ч шаардлагыг авч үзэхгүй, зөвхөн хуралдаан болохоос өмнө урьдчилж, бичгээр гаргаад хэрэгт хавсаргуулсан шаардлагыг л шүүх хуралдаан дээр авч үзнэ” гэж хэлээгүй харин “...бичгээр гаргасан хүсэлтийн хувьд асуудал яригдана шүү” гэж хэлсэн. Хүсэлтийг бичгээр гаргана гэсэн хуулийн заалт байхгүй ч хүсэлтээ бичгээр гаргах нь хүсэлт тодорхой, орхигдохгүй шийдвэрлэгдэх үндэслэл болдог. Шүүх хуралдаанд зохигчид, өмгөөлөгч нар шүүхэд гаргаж байгаа хүсэлтээ бичгээр гаргадаггүй, нэг хүсэлт гаргаад буцаад татгалздаг, хүсэлт гаргаж байгаа ч юм шиг, гаргахгүй байгаа ч юм шиг эргэж буцсан асуудал шүүх хуралдааны явцад болдог учраас өмгөөлөгч нарыг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд хариуцлагатай оролцуулах, хүсэлтийг урьдчилан авч хэргийн оролцогч нарт танилцуулж, мэтгэлцэх боломжоор хангах, олон хүсэлт гаргасан тохиолдолд хүсэлт шийдвэрлэгдэхгүй орхигдох асуудал гаргахгүйн тулд дээрх байдлаар шаардлага тавьдаг. Хариуцагчийн өмгөөлөгчид 2 удаа хүсэлтээ бичгээр гаргаж байхыг сануулсан. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1 дэх хэсэгт заасан эрхийнхээ хүрээнд талуудын гаргаж буй хүсэлтийг бичгээр гаргаагүй байлаа ч хүсэлтийг гаргаагүй гэж үзэх, хэлэлцэхгүй байх эрх шүүхэд байхгүй. Иймд “... хариуцагчийн өмгөөлөгчийн амаар гаргасан хүсэлтийг шийдсэн” гэх агуулга бүхий нэхэмжлэгчийн өргөдөл үндэслэлгүй гэж үзэж байна... 3. Ц.Э өргөдөлдөө “... шүүх хуралдаан эхлэх үед хариуцагчийн өмгөөлөгч 20 минут хоцорч ирсэн ...” гэжээ. Шүүх хуралдаан эрхлээд ирцтэй холбоотой санал хүсэлт асуусан. Хариуцагчийн өмгөөлөгч Д.О-ийн өглөө 08 цаг 30 минутад орсон эрүүгийн шүүх хуралдаан түр завсарласан байсан ба тэрээр 30 минут хүлээж байгаач гэж шүүгчийн туслахад хэлсэн байсан. Энэ талаар талуудад танилцуулахад “түр хүлээе” гэж нэхэмжлэгч талаас санал гаргаж, ирцтэй холбоотой асуудлыг ярилцаж байхад Д.О өмгөөлөгч орж ирсэн. Одоо энэхүү иргэний хэрэг эцэслэн шийдвэрлэгдээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд байгаа. Нэхэмжлэгч буюу өргөдөл гаргагч Ц.Э намайг Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн чухам ямар хэсэгт заасан зөрчил гаргасан гэдгийг тодорхойлоогүй байх ба миний бие мөн хуулийн 50 дугаар зүйлд заасан сахилгын зөрчлийг гаргаагүй тул сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.

Шүүгч Р.Ү нэмэлт тайлбартаа: “Нэхэмжлэгч Ц.Э 2022 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн 127 дугаар шүүгчийн захирамжид гомдол гаргах хугацаа сэргээлгэх хүсэлтийг ... аймаг дахь сум дундын ... хэргийн анхан шатны шүүхэд 2023 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр гаргасныг хүлээн авч 2023 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн 664 дүгээр захирамжаар “.... Нэхэмжлэгч нь 2022 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн шүүх хуралдаанд өөрийн биеэр оролцож, хүсэлтийг хэрхэн шийдвэрлэсэн талаарх шүүгчийн захирамжийг мэдсэн. Ийнхүү мэдсэн, захирамж гарсан өдрөөс хойш 10 хоногийн дотор тухайн шатны шүүхэд гомдол гаргаагүй. 2023 оны 01 дүгээр сарын 10-нд захирамжийг авч, уншин танилцаад гомдлыг гаргаж байна гэсэн үндэслэл нь захирамжид гомдол гаргах хугацааг хүндэтгэн үзэх шалтгаантай байснаас хэтрүүлсэн гэж үзэх үндэслэл болохгүй юм” гэсэн үндэслэлээр хангахаас татгалзаж шийдвэрлэсэн. Тухайн шүүгчийн захирамжид гомдол гаргах хугацаа сэргээлгэх тухай хүсэлтийг шүүгч Р.Ү миний бие шийдвэрлэсэн үндэслэлийг тайлбарлавал Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 78 дугаар зүйлийн 78.1.-д “Хэрэг хянан шийдвэрлэх шүүгч, шүүх бүрэлдэхүүн, шүүх хуралдаан даргалагчийг жил, хагас жил зэрэг тодорхой хугацаагаар тухайн шүүхийн шүүгчдийн зөвлөгөөнөөс хуваарь гарган томилно” гэж заасан. ... аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчдийн зөвлөгөөний 2023 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн 01 дүгээр тогтоолын хавсралтаар баталсан журмын 3.7-д “шүүх нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсан, эвлэрлийн гэрээг баталгаажуулахаас татгалзсан шүүгчийн захирамж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн, нэхэмжлэлийг буцаасан, нэхэмжлэлээ татан авсны дараа уг нэхэмжлэл дахин ирсэн, улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлүүлэх болон хойшлуулах хүсэлт, давж заалдах болон хяналтын журмаар гомдол гаргах хугацааг сэргээлгэх тухай хүсэлт, шийдвэр, захирамжийг албадан гүйцэтгүүлэхээр ирүүлсэн хүсэлт, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлд зааснаар хэрэг хянан шийдвэрлэсэн шүүгчийн захирамжийг энэ хуулийн 124 дүгээр зүйлийн 124.1-т зааснаар хүчингүй болгосон тохиолдолд тус бүр өмнө шийдсэн шүүгчид системээс гараар хуваарилах аргаар хуваарилна” гэж заасан. Ийнхүү мөн хуулийн 78 дугаар зүйлийн 78.1 болон ... аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчдийн зөвлөгөөний 2023 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн 01 дүгээр тогтоолоор баталсан “Хэрэг, нэхэмжлэл, өргөдөл, гомдол, хүсэлт хүлээн авах, хуваарилах болон хэрэг, маргааныг хянан шийдвэрлэх шүүгч, шүүх бүрэлдэхүүнийг сугалаагаар томилох журмыг батлах тухай журам”-ын дагуу тухайн шүүгчид хуваарилагдсан хэрэгт ирсэн аливаа хүсэлт, давж заалдах болон хяналтын журмаар гомдол гаргах хугацааг сэргээлгэх тухай хүсэлт, шүүгчийн захирамжид гомдол гаргах хугацаа сэргээлгэх хүсэлтийг тухайн шүүгчид өөрт нь системээс гараар хуваарилах аргаар хуваарилдаг тул дээрх хүсэлтүүдийг тухайн шүүгч өөрөө шийдвэрлэдэг журамтай болно. Ер нь шүүгчдийн зөвлөгөөний тогтоолын дагуу хуваарилагдан ирсэн хэргийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 91 дүгээр зүйлд заасан үндэслэл байхгүй л бол тухайн шүүгч өөрөө хянан шийдвэрлэж, эцэст нь архивд шилжүүлдэг. Харин Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 170 дугаар зүйлийн 170.1-д заасан шүүхийн тогтоол, шүүгчийн захирамж, шийтгэвэрт зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч гомдол гаргавал мөн хуулийн 171 дүгээр зүйлийн 171.1-д зааснаар гомдлыг 14 хоногийн дотор тухайн хэргийг хянан шийдвэрлэж байгаа шүүгчийг оролцуулахгүйгээр 3 шүүгчийн бүрэлдэхүүнтэйгээр хянан шийдвэрлэж тогтоол гаргадаг” гэжээ.

Шүүгч Р.Ү 2023 оны 06 дугаар сарын 02-ны өдөр ирүүлсэн нэмэлт тайлбартаа: “Шүүхийн сахилгын хорооны 2023 оны 05 дугаар сарын 09-ний өдрийн СХТ/2023/0063 дугаартай тогтоол, Шүүхийн сахилгын хорооны гишүүний 2023 оны 05 дугаар сарын 24-ний өдрийн ГЗБ/2023/0367 дугаартай захирамжуудыг гардаж аваад тайлбар гаргаж байна. Р.Ү миний бие нь Ц.Э-ийн нэхэмжлэлтэй иргэний хэргийг хэлэлцсэн 2022 оны 12 дугаар сарын 27-ны өдрөөс захирамжийг гаргах 2023 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийг хүртэлх хугацаанд нийт 106 эрх зүйн акт гаргаж, 11 шүүх хуралдааны даргалагчаар, 5 шүүх хуралдааны бүрэлдэхүүнд, нийт 16 шүүх хуралдаанд оролцсон байна. Шүүх хуралдааны үргэлжлэх хугацаа харилцан адилгүй боловч 1 шүүх хуралдаан багадаа 40 минутаас дээш, ихдээ 4 цагаас дээш хугацаагаар үргэлжилдэг. Түүнчлэн 2022 оны 12 дугаар сарын 13-наас 27-ны өдрийн хооронд шийдсэн 14 хэргийн шийдвэрийг хугацаанд нь гаргах, 2022 оны 12 дугаар сарын 27-ноос 2023 оны 01 дүгээр сарын 09-ний хооронд хүлээн авсан 106 эрх зүйн акт гаргах, хэрэг уншиж танилцах, шүүгчийн захирамж, тогтоол, шийдвэр бичиж боловсруулж гаргахад ажлын цагт амждаггүй.Шүүгч нар ихэвчлэн ажлын бус, амралтын өдрөөр сууж шийдвэрээ хугацаанд нь гаргах гэж хичээж ажилладаг. Мөн 2022 оны 12 дугаар сарын 28-ны өдөр шүүх бүрэлдэхүүнтэйгээр шийдвэрлэсэн /Р.Ү миний илтгэсэн/ Н.Э-ын нэхэмжлэлтэй С.Ю-д холбогдох иргэний хэрэг нь ээдрээ төвөгтэй, маргаантай хэрэг байсан ба шүүх хуралдаан 3 цаг 10 минут үргэлжилсан байна./баримтыг хавсаргав/ Ер нь шүүгч шийдвэр бичихэд багадаа 1 цаг, маргаантай хэргийн шийдвэрийг 7 хоног хүртэл, захирамж, тогтоолыг бичихэд 40 минутаас 3 цаг зарцуулдаг. ... аймгийн Иргэний хэргийн анхан шатны шүүх тухайн цаг үед 5 шүүгчийн бүрэлдэхүүнтэй ажиллаж байсан байна 1 шүүгч жилд дундажаар 316 хэрэг, 1746 гаруй эрхийн акт гаргаж байгаа нь /2022 оны өөрийн шийдсэн хэргийн мэдээ тайланд үндэслэв/ улсын хэмжээнд ачааллаар дээгүүрт ордог аймаг юм. Маргаан бүхий 2022 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн 142/Ш32023/00127 дугаартай захирамжаар талуудаас гаргасан 10 гаруй хүсэлт, сөрөг нэхэмжлэл зэргийг шийдвэрлэн шүүх хуралдаан 2 цаг гарэй үргэлжилсэн байдаг. Захирамжийг гаргах хугацаанд буюу 2022 оны 12 дугаар сарын 27-ны өдрөөс 2023 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийг хүртэлх хугацаанд хүлээн авсан нэхэмжлэл, хэрэг, хүсэлт, гүйцэтгэх хуудас гэх мэт 106 эрх зүйн акт гаргаж, 16 шүүх хуралдаанд оролцож, 20 гаруй хэрэг маргаан уншин танилцаж ажилласан. Шүүх хуралдаан орсон 2022 оны 12 дугаар сарын 27-ны өдрөөс захирамж гарсан 2023 оны 01 дүгээр сарын 09-ны хооронд ажлын 8 өдөр байсан байх ба 2022 оны 12 дугаар сарын 29-ний өдөр нь “бүх нийтийн амралтын өдөр” байсан. Дээрхи нөхцөл, шалтгааны улмаас Ц.Э-ийн нэхэмжлэлтэй Л.Д-д холбогдох хэргийн захирамжийг 2023 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр гаргасан. Захирамж гарсан 2022 оны 12 дугаар сарын 27-ны өдрөөс нэхэмжлэгч Ц.Э-ийн гомдол гаргах эрхээ хэрэгжүүлэх эрх нь нээлттэй байсан ба захирамж бичгээр гаргаж өгөөгүй нь гомдол гаргах эрхийг нь хязгаарлаагүй гэж үзэж байна. Шүүх хэргийн оролцогчийн гаргасан гомдлыгтухайн цагт нь шууд хүлээж авдаг, ямар нэгэн /захирамжаа хавсаргаж өг...гм/ шаардлага тавьдаггүй. Ер нь нэхэмжлэгч Улаанбаатар хотын 2 байрыг үнэлгээ хийлгэхээр шийдвэрлэсэн нь үндэслэлгүй гэж гомдоод байгаа бөгөөд нэхэмжлэгч энэ захирамжийн дагуу 2022 оны 12 дугаар сараас хойш үнэлгээ хийлгээгүй, үнэлгээчин шүүгчийн туслахад “....нэхэмжлэгч Э байраа үзүүлэхгүй байгаа тул үнэлгээ хийх боломжгүй гэсэн” хариу өгсөн байна” гэжээ.

ҮНДЭСЛЭХ НЬ:

Иргэн Ц.Э-ний ... аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Р.Ү-д холбогдуулан гаргасан өргөдөлд Шүүхийн сахилгын хорооны гишүүний 2023 оны 3 дугаар сарын 10-ны өдрийн ГЗҮ/2023/0033 дугаар захирамжаар сахилгын хэрэг үүсгэн, шалгах ажиллагаа явуулаад 2023 оны 4 дүгээр сарын 21-ний өдрийн ГС/2023/0054 дүгээр “Сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох тухай” санал гарган Сахилгын хорооны хуралдаанаар хэлэлцүүлжээ.

Уг саналыг 2023 оны 5 дугаар сарын 09-ний өдрийн сахилгын хорооны хуралдаанаар хэлэлцээд СХТ/2023/0063 дугаар тогтоолоор саналыг хүчингүй болгож, илтгэгч гишүүнд буцаасан байх ба илтгэгч гишүүн дахин шалгах ажиллагаа явуулж, 2023 оны 6 дугаар сарын 02-ны өдрийн ГС/2023/0074 дүгээр “Сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох тухай” санал гаргажээ.

Шүүхийн сахилгын хорооны гишүүний гаргасан ... аймаг дахь сум дундын ... хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Р.Ү-д холбогдох сахилгын хэрэгт 2023 оны 2023 оны 6 дугаар сарын 02-ны өдрийн ГС/2023/0074 дүгээр саналыг хүлээн авах үндэслэлтэй байна.  

Нэг. Өргөдөлд дурдагдсан “Шүүгч Р.Ү нь гомдол гаргах эрхтэй захирамжийг 7 хоногийн дотор гаргаагүй, мөн шүүгчийн захирамжийг хуульд заасан гомдол гаргах эрхийг олгосон 10 хоногийн дараа гарсан” гэх үндэслэлийн тухайд:

... аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ц.Э-ний нэхэмжлэлтэй, Л.Д-д холбогдох гэрлэлт цуцлах, эд хөрөнгийн хамтран өмчлөгчөөр тогтоолгож, дундын эд хөрөнгөөс ногдох хэсгийг гаргуулах тухай үндсэн, эд хөрөнгийн хамтран өмчлөгчөөр тогтоолгох тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцсэн 2022 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн шүүх хуралдаанаар нэхэмжлэгч болон хариуцагч талуудаас гаргасан хүсэлтүүдийг хэлэлцэж, тус шүүхийн шүүгчийн 142/ШЗ2023/0127 дугаар захирамжаар шинжээчээр “Х к” ХХК-ийг томилж, маргааны зүйл болох дундын өмчлөлийн эд хөрөнгүүдэд хөрөнгийн үнэлгээг тогтоолгохоор хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг түдгэлзүүлжээ.

Шүүгч тус шүүх хуралдаанаар буюу 2022 оны 12 дугаар сарын 27-ны өдөр захирамжийн агуулгыг уншиж танилцуулснаас хойш захирамжийг албажуулан 2023 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр албажуулсан болох нь иргэний хэргийн нэгдсэн системийн бүтгэлд бүртгэгдсэн байх бөгөөд нэхэмжлэгч Ц.Э-д 2023 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр гардуулан өгсөн болох нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдож байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.1-т “хэрэг хянан шийдвэрлэж энэ хуулийн 115, 116 дугаар зүйлд зааснаар шийдвэр гаргаснаас бусад тохиолдолд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг явуулах, хэргийг хэрэгсэхгүй болгохтой холбогдуулан шүүх тогтоол, шүүгч захирамж гаргана”, 123.3-т “шүүх хуралдааныг хойшлуулах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг түдгэлзүүлэх, сэргээн явуулах, татгалзан гаргах тухай хүсэлтийг шийдвэрлэх болон шүүх хуралдааны бусад үед хянан шийдвэрлэж байгаа асуудлаар шүүхийн тогтоол, шүүгчийн захирамжийг бичгээр гаргана” гэж зохицуулсан боловч шүүгч захирамжийг албажуулан гаргах хугацааг тус хуулиар тодорхой нарийвчлан зохицуулаагүй байна.

Харин Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд 170 дугаар зүйлийн 170.1 дэх хэсэгт “гомдол гаргах эрхтэй захирамжид гарсан өдрөөс хойш 10 хоногийн дотор гомдол гаргах эрхтэй” гэж зохицуулсан байх боловч шүүгчийн захирамжийг бичгийн хэлбэрээр гаргах хугацааг нарийвчилсан зохицуулаагүй байх тул шүүгч Р.Ү-г Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1.23-т заасныг зөрчсөн гэж үзэхээргүй байна.

Хоёр. Өргөдлийн “шүүгч Р.Ү-гийн 2022 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн 142/ШЗ2023/0127 дугаар захирамжийг бичгийн хэлбэрээр гаргангуут гардан авч, гомдол гаргасан боловч “хүндэтгэн үзэх шалтгаанаа бичээгүй” гээд хүлээн аваагүй нь миний гомдол гаргах эрхийг хязгаарласан, Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1, 69 дүгээр зүйлийн 69.1.3, 69.1.4-т заасныг тус тус ноцтой зөрчсөн” гэх үндэслэлийн тухайд:

... аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн шүүх хуралдааны 00039 дүгээр тэмдэглэлд бичигдсэнээр шүүх хуралдаанд нэхэмжлэгч Ц.Э, нэхэмжлэгчийн өмгөөлөгч О.С, хариуцагч Л.Д нар оролцсон байх ба тус шүүх хуралдааны дуу-дүрсний бичлэгт илтгэгч гишүүний хийсэн үзлэгийн тэмдэглэлд тусгагдсанаар:

Шүүгч Р.Ү шүүгчийн захирамжийн агуулгыг уншиж танилцуулахдаа: “...49 тоотод байгаа эд хөрөнгийг битүүмжлэх, 2 гарааш болон газрыг битүүмжлэх хүсэлтүүдийг хангалаа. Мөн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.1.5-д заасныг баримтлан 1 дулаан гараашийг эзэмших эрхийг нэхэмжлэгчид нээлттэй үлдээж, гараашийг эзэмших явцад нэхэмжлэгчид саад учруулахгүй байхыг хариуцагчид даалгаж шийдвэрлэлээ. Зарим хүсэлтийг хангахаас татгалзаж байгааг танилцуулъя. 1-16-50 тоот, Улаанбаатар хот, 1 хороо, 25 дугаар байрны лавлагаа гаргуулах хүсэлтийг хангахаас татгалзсан. Учир нь энэ үл хөдлөх эд хөрөнгөтэй холбоотой ямар нэгэн шаардлага шүүхэд гаргаагүй тул хангахаас татгалзсан. Хоёрдугаарт, “Э” ХХК-ийн дэлгэрэнгүй лавлагаа гаргуулах хүсэлт нь энэ хэрэгт хамааралгүй учраас хангахаас татгалзаж шийдвэрлэж байгаа. Нэхэмжлэгчийн сүүлийн хүсэлт болох тусдаа амьдрахыг даалгах асуудлыг өмнө нь шүүгчийн захирамжаар шийдвэрлэсэн, хүчинтэй байгаа захирамж учраас энэ асуудлыг дахин шийдвэрлэх шаардлагагүй гэж үзсэн. Нэхэмжлэгчийн хүсэлтүүдийг ийм байдлаар шийдвэрлэлээ. Хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг шүүх хүлээн авч байна. Сөрөг нэхэмжлэлийн шаардлагатай холбогдуулан гаргасан хүсэлтээс Улаанбаатар хотын 2 байр, зогсоол, автомашин зэрэгт үнэлгээ хийлгэх хүсэлтийг хангаж, харин энэ 2 байранд байгаа эд хогшил хөрөнгүүдэд үнэлгээ хийлгэх хүсэлтийг хангахаас татгалзсан. Үүнтэй холбоотой ямар нэгэн шаардлага гаргаагүй байгаа учраас хангаж шийдвэрлээгүй. 49 тоотод байгаа эд хогшлын асуудлаар нэхэмжлэгч тал нэмэгдүүлсэн шаардлага гаргасан. Үнийн дүнд талууд маргаантай байгаа учраас уг 49 тоотод байгаа эд хогшилд үнэлгээ хийлгэх шаардлагатай гэж үзсэн. Ингээд 49 тоотод байгаа эд хогшил, Улаанбаатар хотод байгаа 2 байр, зогсоол, автомашинд үнэлгээ хийлгэх шинжээчээр “Х к” ХХК-ийг томилж шийдвэрлэж байна. Үнэлгээ хийлгэх хүсэлт гаргасан хөрөнгүүдийн хувьд хариуцагч үнэлгээний хөлс төлнө. Хэн аль нь хүсэлт гаргаагүй боловч зайлшгүй үнэлгээ хийлгэх шаардлагатай байгаа учраас шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлд зааснаар үнэлгээний хөлсийг тухайн үед нь шүүхийн журмаар шийдвэрлэнэ. Дараа нь үнэлгээ гараад асуудал шийдэгдсэний дараа буруутай талаас үнэлгээний хөлсийг гаргуулах асуудлыг тухай үед нь шийдвэрлэнэ. Хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийн шаардлагатай холбогдуулан гаргасан Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнг гарын үсэгт шинжээчээр томилуулах хүсэлт гаргаж байсан. Уг хүсэлт бичгээр гаргагдаагүй юм байна. Гэхдээ сөрөг нэхэмжлэл гардуулаад тайлбар авсны дараа энэ асуудлыг дахин шийдвэрлэх боломжтой гэж үзээд энэ хүсэлтийг хэлэлцэхээс татгалзаж шийдвэрлэж байгаа. Ингэж шийдвэрлэж байна. Энэ захирамжид гарсан өдрөөс хойш 10 хоногт тухайн шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй. Ингээд хуралдаан хааж байна” гэжээ.

Дээрх үйл баримтаас шүүх хуралдааныг даргалагч шүүгч нь нэхэмжлэгч, хариуцагч талын хүсэлтүүдийг тус бүрээр тайлбарлан хэлж, захирамжид гарсан өдрөөс хойш 10 хоногийн дотор гомдол гаргах эрхтэй болохыг мэдэгдсэн байх бөгөөд нэхэмжлэгч тал шүүгчийн захирамжаар нэхэмжлэгч болон хариуцагч талаас гаргасан хүсэлтүүдийг хэрхэн шийдвэрлэсэн, тухайн шийдвэрт 10 хоногийн дотор гомдол гаргах эрхтэйгээ мэдсэн болох нь тогтоогдож байна.

... аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2022 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн 142/ШЗ2023/00127 дугаар захирамжийг бичгийн хэлбэрээр гаргасан 2023 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр  гардан авч, 2023 оны 01 дүгээр сарын 12-ны өдөр гомдол гаргасан гэх боловч сахилгын хэрэгт авагдсан баримтаар тус шүүх 2023 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн 16 цаг 00 минутад хүлээн авсан болох нь шүүхийн “Өргөдөл, гомдлын бүртгэл №26 дэвтрийн 76 дэс дугаарт бүртгэгдсэн баримтаар тогтоогдож байна.

Үүнээс үзвэл, тус шүүгчийн захирамжийг гарснаас хойш каледарийн 21 хоног, ажлын 15 хоногийн дараа гаргасан нэхэмжлэгчийн “шүүгчийн захирамжид гомдол гаргах хугацааг ... сэргээж өгнө үү”  гэх гомдолд шүүгч 2023 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн 142/ШЗ2023/00664 дүгээр захирамжаар “...2022 оны 12 дугаар сарын 27-ны өдрөөс хойш 10 хоногийн хугацаанд гомдол гаргаагүй нь хүндэтгэн үзэх шалтгаантай байсан гэж үзэх үндэслэл бүхий нотлох баримт байвал шүүх гомдол гаргах хугацааг сэргээх боломжтой байсан. Иймд нэхэмжлэгчийн шүүгчийн захирамжид гомдол гаргах хугацаа сэргээлгэх тухай хүсэлтийг хангахаас татгалзаж шийдвэрлэв...” хэмээн шийдвэрлэсэн нь хуульд нийцжээ.

Ц.Э тус 2023 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн 142/ШЗ2023/00664 дүгээр захирамжийг эс зөвшөөрч 2023 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр Ерөнхий шүүгчид дээрх хүсэлтээ дахин гаргасан байх ба Ерөнхий шүүгчийн 2023 оны 02 дугаар сарын 03-ны өдрийн 142/ШЗ2023/00977 дугаар захирамжаар “...шүүгчийн 142/ШЗ2023/00664 дүгээр захирамжаар хүсэлтийг хангахаас татгалзаж шийдвэрлэсэн байх тул Ц.Э-ий хүсэлтийг хүлээн авахаас татгалзах үндэстэй байна. ... бүх шатны шүүхийн шүүгч, Ерөнхий шүүгч бүрэн эрхээ хэрэгжүүлэхдээ бусад шүүгчийн шүүн таслах ажиллагаанд хөндлөнгөөс оролцох, тухайлсан хэрэг, маргаантай холбоотой заавар өгөх, удирдамжаар хангах, шүүгчид тодорхой хэрэг, маргааныг нэр заан хуваарилах зэргээр шүүгчийн хараат бус байдалд халдахыг хуулиар хориглосон” гээд нэхэмжлэгч Ц.Э-ний шүүгчийн захирамжид гомдол гаргах хугацаа сэргээлгэх тухай хүсэлтийг хангахаас татгалзаж шийдвэрлэжээ.

Монгол Улсын Дээд шүүхийн 2006 оны 7 дугаар сарын 03-ны өдрийн 33 дугаар “Хөдөлмөрийн тухай хуулийн зарим зүйл, заалтыг тайлбарлах тухай” тогтоолд "хүндэтгэн үзэх шалтгаан" гэдэгт энэ зүйлд заасан хугацааны дотор гомдол гаргагч хүндээр өвчилсөн, хорио цээрийн дэглэм тогтоогдсон, байгалийн болон нийтийг хамарсан гамшиг тохиолдсон зэрэг өөрөөс нь үл хамаарах шалтгаанаар гомдол гаргах боломжгүй байсан байдлыг ойлгоно. Харин хууль мэдэхгүй явдал нь хүндэтгэн үзэх шалтгаан болохгүй” гэж,  мөн Иргэний хуулийн 221 дүгээр зүйлийн 221.2 дахь хэсэгт “гэнэтийн буюу давагдашгүй хүчний шинжтэй онцгой нөхцөл байдал, эсхүл талуудын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах үүднээс гэрээний хугацааг үргэлжлүүлэх, сунгахыг шаардах боломжгүй нөхцөл байдлыг хүндэтгэн үзэх үндэслэл гэж үзнэ” гэж тус тус заасан байх бөгөөд дээрх хүндэтгэн үзэх шалтгаанд шүүгчийн захирамж бичгийн хэлбэрээр гараагүй гэдгийг оруулж тооцохооргүй байна.

Дээрх үйл баримтаас Шүүгч Р.Ү нэхэмжлэгчийн гомдол гаргах хугацаа сэргээлгэх тухай хүсэлтийг “хүндэтгэн үзэх шалтгаан биш” гэж үзэн хүлээн аваагүйд шүүгчийг “Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1, 69 дүгээр зүйлийн 69.1.3, 69.1.4-т заасныг зөрчсөн” зөрчил гаргасан гэж үзэх боломжгүй байна.

Гурав. Өргөдлийн “Хариуцагчийн өмгөөлөгч 2022 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн шүүх хуралдаанд 20 минут хоцорч ирсэн ба тухайн өдрийн шүүх хуралдаанд 2022 оны 12 дугаар сарын 08-ны өдөр гэж бичсэн, хэрэгт үдэгдээгүй, шүүх хүлээж авсан бүртгэлгүй сөрөг нэхэмжлэлийг шүүгч Р.Үүрийнтуяа хүлээн авч шийдвэрлэсэн” гэх үндэслэлийн тухайд:

... аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн шүүх хуралдааны 00039 дүгээр тэмдэглэл, сахилгын хэргийг шалгах ажиллагааны явцад 2022 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн шүүх хуралдааны 00039 дугаартай тэмдэглэл, дуу-дүрсний бичлэгт илтгэгч гишүүний үзлэг хийсэн баримт зэргийг харьцуулан үзэхэд агуулга, утга санааны зөрөөгүй байна.

Шүүх хуралдааны дуу-дүрсний бичлэгт хийсэн илгэгч гишүүний үзлэгийн тэмдэглэлд тусгагдсанаар тус шүүх хуралдаан 14 цаг 00 минутад эхэлж,

•Бичлэгийн 03 минут 32 секундээс даргалагч “Шүүх хуралдааны ирцтэй холбоотой санал асууя. Хариуцагчийн өмгөөлөгч Д.О өглөө 08.30 цагт орсон эрүүгийн хэргийн шүүх хуралдаан сая завсарлаж байна. 30 минут хүлээж байгаач гэж хэлсэн байна. Шүүх хуралдаан нь завсарласан юм уу? Одоо юу хүлээж байгаа юм бол?” гэхэд нэхэмжлэгчийн өмгөөлөгч О.С “Завсарласан. Өөрөө сөрөг нэхэмжлэл гаргана. Материалаа аваад ирье, 30 минут хүлээж байгаач гэсэн” гэв.

•Бичлэгийн 04 минут 56 секундээс даргалагч “Өмгөөлөгчийн ирээгүй байгаатай холбоотой санал, хүсэлт байна уу?” гэхэд нэхэмжлэгчийн өмгөөлөгч “Өмгөөлөгч мэдээж хурлын товыг урьдчилан мэдсэн байх, энэ хүн мэдээж өмгөөлөгчтэйгөө орно гэх байх. Тэгэхээр энэ хурал хойшлох нэг үндэслэл болох байх нэгдүгээрт. Би ойлгохдоо О өмгөөлөгч материалаа аваад “одоо бид нар сөрөг нэхэмжлэл гаргах гэж байгаа. Би материалаа гялс яваад аваад ирье” гэж өрөөнд ороод надад хандаж хэлж байсан. Тэгэхээр энэ эрүүгийн гэм бурууг тогтоох хурал дөнгөж сая завсарласан учир энэ хооронд иргэний хуралдаа ороод энэ санал хүсэлтээ гаргах юм байна гэж ойлгож байгаа” гэв.

•Бичлэгийн 05 минут 38 секундээс даргалагч “Тэгээд яах вэ, хүлээх юм уу?” гэхэд нэхэмжлэгчийн өмгөөлөгч “Энийг шүүх өөрөө л шийдэх байх. Хоёрдугаарт өнөөдөр хурал албан ёсоор товлосон учраас нэхэмжлэгчийн зүгээс урьд гаргасан хүсэлтээ давхар шийдүүлээд явъя гэсэн хүсэлттэй байна” гэв.

•Бичлэгийн 05 минут 58 секундээс даргалагч “Хариуцагч ямар байр суурьтай байгаа вэ?” гэхэд хариуцагч Л.Д “Өмгөөлөгчтэйгөө ормоор байна. Хоёрт энэ хуралтай холбоотой баримт надад байхгүй, бүгд өмгөөлөгчид байгаа. Тэрийгээ бодвол авчирч өгөх гэж байгаа юм байлгүй” гэв.

•Бичлэгийн 06 минут 51 секундээс даргалагч “Эднийх сөрөг нэхэмжлэл гаргачихсан байгаа ш дээ, шүүхэд. Дахиад гаргая гэж байгаа юм байх даа. Хэрэв нэхэмжлэгч тал түр хүлээе гэх юм бол би хэдэн минут хүлээх гээд байна. Үгүй гэвэл шүүх хуралдааныг ирцтэй холбоотойгоор хойшлуулах юм уу? Ер нь бол талуудын хэн алинд хүсэлт байгаа байх гэж бодож байна. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа 4, 5 удаа нэмэгдүүлсэн байгаа. За бараг 20-оод хүсэлт хэн аль талаасаа гаргасан. Шүүх хүсэлтүүдийг хэлэлцэж шийдвэрлээд явж байгаа, одоо шийдвэрлүүлээгүй хүсэлт, мөн өнөөдрийн  хуралдаанаар шийдвэрлүүлэх хүсэлт бас байна. Тэгэхээр өмгөөлөгчийг хүлээж байгаад шийдвэрлүүлээд явах юм уу, эсвэл өмгөөлөгч ирээгүй гэдгээр хүсэлт шийдэхгүйгээр хойшлуулах юм уу?” гэхэд нэхэмжлэгчийн өмгөөлөгч “Миний хувьд нэгэнт өнөөдөр хурал товлогдсон байгаа тул хариуцагчийн өмгөөлөгчийг хэдэн минут хүлээгээд хүсэлтүүдийг шийдүүлээд явъя гэсэн байр суурьтай байна” гэхэд нэхэмжлэгч мөн “Зөвшөөрч байна” гэв.

•Бичлэгийн 08 минут 28 секундээс даргалагч ярьж байх үед 09 минут 45 секундэд хариуцагчийн өмгөөлөгч шүүх хуралдааны танхимд орж ирж байна” гэх тэмдэглэл сахилгын хэрэгт авагджээ.

Тус шүүх хуралдааны 2022 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн 00039 дугаартай тэмдэглэлд болон шүүх хуралдааны дуу-дүрсний бичлэгээс үзэхэд хуралдаан даргалагч ирцтэй холбоотой тодруулга явуулж, нэхэмжлэгч тал хариуцагчийн өмгөөлөгчийг хүлээх, хүсэлтүүдээ шийдвэрлүүлэх санал гаргасны дагуу шүүх хуралдаан цааш үргэлжилж байх явцад хариуцагчийн өмгөөлөгч танхимд орж ирсэн байна. Шүүх хуралдааны явцад хариуцагчийн өмгөөлөгч сөрөг нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Сахилгын хэрэгт авагдсан баримтуудаас үзэхэд хариуцагч нь 2022 оны 9 дүгээр сарын 20-ны өдөр сөрөг нэхэмжлэлийн шаардлага гаргасныг нэхэмжлэгчид 2022 оны 9 дүгээр сарын 26-ны өдөр гардуулсан байна. Мөн хариуцагч 2022 оны 12 дугаар сарын 08-ний өдөр гэж бичсэн сөрөг нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлэн гаргасныг шүүх хүлээн авч, 2022 оны 12 дугаар сарын 27-ны өдөр нь нэхэмжлэгчид гардуулжээ. 

Шүүхийн ерөнхий зөвлөлийн 2022 оны 3 дугаар сарын 04-ний өдрийн “Аргачлал, баримтын загвар батлах тухай” 52 дугаар тогтоолын 1 дүгээр хавсралтаар баталсан “Иргэний хэргийн хөдөлгөөний нийтлэг аргачлал”-ын 4 дүгээр зүйлийн 4.1.1-д “ажилтан нэхэмжлэл /сөрөг нэхэмжлэл,.../-ийг нэхэмжлэлийн нэхэмжлэлийн шаардлагаа тодорхойлох эрхийг хөндөхгүйгээр, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хийгдэх ажиллагааг урьдчилан шаардахгүйгээр, урьдчилан үнэлэхгүйгээр, ямар нэгэн хязгаарлалт тогтоохгүйгээр ажлын бүх өдрүүдэд, ажлын цагт хүлээн авч Бүртгэл №1, Бүртгэл №2-т бүртгэж, шүүхэд хүлээлгэн өгсөн хүний нэр, гарын үсгийн тайллын хамт зуруулна”, 4.1.2-т “ажилтан нэхэмжлэл /сөрөг нэхэмжлэл,.../-ийг хүлээн авч бүртгэхдээ түүнд дурдсан жагсаалттай нь хавсаргасан баримтыг тулгаж, хуудасны тоо, хүлээн авсан он, сар, өдөр, цаг, минут, тэдгээрийн эх хувь, эсхүл хуулбар хувь эсэхийг, гэрчлүүлсэн эсэхийг бүртгэлд тэмдэглэж, хүлээн авсан даруйд системд бүртгэн “Нэхэмжлэл хүлээн авсан тухай” Баримт №1-ийг системээс хэвлэж өгнө” гэж заажээ.

Өргөдөл гаргагч Ц.Э-ний өргөдөлд “...сөрөг нэхэмжлэл нь 2022 оны 12 дугаар сарын 08-ны өдөр гэж бичигдсэн, хэрэгт үдэгдээгүй, хүлээж авсан хугацаагүй, тамгагүй” байсан гэж дурдагдсанчлан тус сөрөг нэхэмжлэлийг шүүхийн мэдээлэл лавлагааны мэргэжилтэн дээрх журмын дагуу бүртгэж, хүлээн авсан баримт сахилгын хэрэгт авагдаагүй байна.

Гэхдээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.3 дахь хэсэгт “...Хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх, биелүүлэх буюу хүлээн зөвшөөрөхөөс татгалзах, сөрөг нэхэмжлэл гаргах, эвлэрэх эрхтэй” гэж заасанчлан хариуцагч сөрөг нэхэмжлэлийг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны аль ч үед гаргах боломжтой юм.

Иймд, 2022 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн шүүх хуралдааны явцад хариуцагчийн гаргасан 2022 оны 12 дугаар сарын 08-ны өдөр гэсэн огноотой сөрөг нэхэмжлэлийг хүлээн авсан нь шүүгчийг буруутгах үндэслэл тогтоогдохгүй байна.  

Дөрөв. Өргөдлийн “тус шүүхийн 2022 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн шүүх хуралдаанаар шүүгч Р.Ү амаар гаргасан шаардлагыг авч үзэхгүй, шүүх хуралдаанаас өмнө бичгээр гаргасан, хэрэгт хавсаргасан шаардлагуудыг хүлээн авч үзнэ гэсэн атлаа хариуцагчийн өмгөөлөгчийн урьд гаргаж байгаагүй, амаар гаргасан шаардлагуудыг хүлээн авч, захирамждаа тусгасан” гэх үндэслэлийн тухайд:

Тухайн өдрийн шүүх хуралдааны бичлэгийн 09 минут 45 секундэд хариуцагчийн өмгөөлөгч Д.О танхимд орж ирсний дараа даргалагчаас: “Хариуцагчийн өмгөөлөгч ирчихлээ. Хүсэлт хэлэлцэх шатандаа орох уу? Нэхэмжлэгч талд шийдвэрлүүлээгүй 10 хүсэлт байх шиг байна. Өнөөдрийн шүүх хуралдаанаар хүсэлтүүдээ хэлэлцүүлье. Ер нь тайлбар хэлэхэд талуудын хэн аль нь хүсэлт гаргах эрхтэй. Гэхдээ хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд хугацаа гэж юм байна. Энэ хугацааг шүүх хэтрүүлэх ёсгүй. Өнөөдрийн байдлаар талуудын гаргасан хүсэлтүүдийг шийдвэрлэсээр байгаад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хугацаа хэтэрсэн явж байна. Тиймээс цаашид оновчтой зөв тодорхойлоод, цаг хугацаандаа хүсэлтээ гаргамаар байна...” гэж,

Мөн бичлэгийн 15 минут 32 секундээс даргалагчаас: “нэхэмжлэгч талд шүүхэд гаргах санал, хүсэлт, нотлох баримт байна уу? Гэхдээ одоо бичгээр гаргасан хүсэлтүүд дээр яригдана шүү. Тухайн үеийн сэтгэл хөдлөлөөр санаанд орсон юм аа тэгвэл ийм гэх байдлаар гаргахгүй шүү. За хүсэлтээ тайлбарлая” гэж хэлснийг тус тус илтэгч гишүүн үзлэгээр бэхжүүлжээ.

Сахилгын хэрэгт авагдсан баримтад нэхэмжлэгч талаас: “2022 оны 9 дүгээр сарын 13-ны өдөр хариуцагч Л.Д-ын өмчлөл бүхий үл хөдлөх эд хөрөнгийн захиран зарцуулах эрхийг хязгаарлах арга хэмжээ авхуулах тухай, 2022 оны 9 дүгээр сарын 19-ний өдөр ... хот, ... дүүрэг, 8 дугаар хороо, ..., ... дугаар байр, ... тоот байрны лавлагааг Улсын бүртгэлийн хэлтсээс гаргуулах, нэхэмжлэгч, хариуцагч нарын ... банканд хамтран эзэмшдэг дансны лавлагаа болон гүйлгээний хуулбарыг гаргуулах, 2022 оны 9 дүгээр сарын 21-ний өдөр ... аймаг, ... баг, ... дүгээр хороолол, ... байр, ... тоотод байрлах гэртээ амьдрах боломжоор хангуулах тухай” гэх мэт хүсэлтүүдийг гаргасан бол хариуцагчийн өмгөөлөгч Д.О 2022 оны 9 дүгээр сарын 20-ны өдөр “”... хот, ... дүүрэг, ... дугаар хороо, ... байр, ... тоот болон мөн байрны ... тоотод байрлах орон сууцыг Ц.Э, түүний охин Г.З нарын захиран зарцуулах эрхийг хязгаарлах” тухай, хариуцагч Л.Д 2022 оны 9 дүгээр сарын 22-ны өдөр “дээрх 48, 63 тоотод байрлах 2 орон сууцны дэлгэрэнгүй лавлагааг Улсын бүртгэлийн газраас гаргуулах” тухай хүсэлтүүдийг тус тус гаргажээ.

Шүүгчийн 2022 оны 9 дүгээр сарын 29-ний өдрийн 142/ШЗ2022/05345 дугаар захирамжаар зохигчдоос гаргасан шүүхээс гарах шийдвэрийн биелэлтийг баталгаажуулах, Улсын бүртгэлийн ерөнхий газраас нэхэмжлэгчийн гаргасан 15 тоот орон сууц, хариуцагч талаас гаргасан 48, 63 тоот орон сууцуудын дэлгэрэнгүй лавлагааг, нэхэмжлэгчийн гаргасан ... банкны ... салбараас зохигчдын хамтран эзэмшдэг дансны лавлагаа болон дансны гүйлгээний хуулбарыг тус тус нотлох баримтаар гаргуулахаар хангаж, харин нэхэмжлэгчийн 49 тоот байранд амьдрах боломжоор хангуулах тухай хүсэлтийг хангахаас татгалзжээ.

Нэхэмжлэгч 2022 оны 9 дүгээр сарын 30-ны өдөр 49 тоот орон сууцнаас өөрийн эд зүйлсээ гаргуулах, хариуцагч нь 2022 оны 10 дугаар сарын 05-ны өдөр тухайн 49 тоот орон сууцны 2 давхрын 2 өрөөний болон подвалын өрөөний түлхүүр гаргуулах тухай хүсэлтүүд тус тус гаргасныг шүүгчийн 2022 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн 142/ШЗ2022/05487 дугаар захирамжаар нэхэмжлэгчээс гаргасан хүсэлтийг хангаж, хариуцагчаас гаргасан хүсэлтийг хангаагүй байна.

Хариуцагчийн өмгөөлөгч Д.О нотлох баримт гаргуулах, гэр бүлийн дундын өмч болох 20 тонны контейнер битүүмжлэх тухай хүсэлт гаргасныг шүүгчийн 2022 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн 142/ШЗ2022/05942 дугаар захирамжаар нотлох баримт гаргуулах тухай хүсэлтийг хангаж, хөрөнгө битүүмжлэх хүсэлтийг хангахаас татгалзсан байна.

Нэхэмжлэгч 2022 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр ... аймаг дахь Улсын бүртгэлийн хэлтсээс ... аймаг, ... баг, 11 дүгээр хороолол, ... байр, ... тоот орон сууцны олон мөн хаягт байрлах 2 автомашины гаршийн дэлгэрэнгүй лавлагааг тус тус гаргуулах, 2022 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр дээрх 49 тоот орон сууцны болон гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газрын дэлгэрэнгүй лавлагаа,  2022 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр уг 49 тоот байранд харьяалагдах 4 ширхэг саарал гараашийн дэлгэрэнгүй лавлагаа, мөн өдрийн огноотой “Beyond security” нэртэй хуулийн этгээдийн дэлгэрэнгүй лавлагааг гаргуулах,  мөн өдрийн огноотой ... тоот байшингийн залгаа баригдсан 2 ширхэг дулаан гарааш болон мөн хаягт байрлах гэр бүлийн зориулалттай газрыг бүгдийг битүүмжлэх, мөн өдрийн огноотой 49 тоот байшингийн залгаа баригдсан 2 ширхэг дулаан гараашийн дэлгэрэнгүй лавлагаа гаргуулах, 2022 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр 49 тоот орон сууцны эд хогшлыг битүүмжлэх, 2022 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр 49 тоот байранд амьдруулах тухай, 2022 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр “B s” нэртэй хуулийн этгээд нь “ЭЭЭЭ” ХХК байх тул тус ХХК-ийн 2007-2014 онуудын санхүүгийн дэлгэрэнгүй тайлан болон тухайн компанийн дэлгэрэнгүй лавлагааг гаргуулах,  мөн өдрөө автомашинаа гараашид чөлөөтэй тавих, ашиглах  боломжоор хангуулах, “2022 оны 12 дугаар сарын 08-ны өдөр ... дүүрэг, ... дугаар хороо, ...Б байр, ... тоот орон сууцыг миний аавын “охин Г.З-ийг байртай болгомоор байна” гэх хүсэлтээр надад өгсөн мөнгөөр нь худалдан авсан байр тул уг үл хөдлөх эд хөрөнгийг хуваарьт өмч болохыг тогтоож өгнө үү” гэх, 2022 оны 12 дугаар сарын 26-ны өдөр Л.Д-д холбогдох эрүүгийн 1941000150212 тоот хэргээс Л.Д-ын хүргэн н.С, охин Д.Б нарын гэрчийн мэдүүлгийг гаргуулах тухай хүсэлтүүдийг тус тус бичгээр гаргажээ.

Харин шүүх хуралдааны бичлэгийн 26 минут 01 секундээс 31 минут 18 секунд хүртэл хариуцагчийн өмгөөлөгч сөрөг нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлж байгаа нь тухайн өдрийн шүүх хуралдааны тэмдэглэл, дуу-дүрсний бичлэгт тусгагдсан.  

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1-т “Монгол Улсын хууль, Монгол Улсын нэгдэн орсон олон улсын гэрээнд заасан хүний эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхлоо зөрчигдсөн гэж үзэж байгаа аливаа этгээд уг эрхээ хамгаалуулахаар энэ хуульд заасан журмын дагуу шүүхэд нэхэмжлэл, хүсэлт, гомдол гаргах хэлбэрээр мэдүүлэх эрхтэй” гэж заасанчлан шүүхийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хэргийн оролцогч нараас гаргах хүсэлтийг хязгаарлахгүй ба хүсэлтийг бичгээр эсхүл амаар гаргаж болох тул нэхэмжлэгчийн бичгээр гаргасан болон хариуцагчийн өмгөөлөгчийн амаар гаргасан хүсэлтийг шүүгч шүүх хуралдаанаар хэлэлцэн шийдвэрлэсэн нь сахилгын зөрчил гэж үзэхээргүй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 71 дүгээр зүйлийн 71.1 дэх хэсэгт “хуулиар өөр хугацаа тогтоогоогүй бол хэрэг үүсгэсэн өдрөөс хойш 60 хоног, давж заалдах болон хяналтын шатны шүүхээс хэргийг дахин хэлэлцүүлэхээр ирүүлсэн бол шүүгч хэргийг хүлээж авснаас хойш 30 хоногийн дотор тус тус шийдвэрлэнэ”, 71.2 дахь хэсэгт “энэ хуулийн 71.1-д заасан хугацааг тухайн шүүхийн шүүгчдийн зөвлөгөөнөөс нэг удаа 30 хүртэл хоногоор сунгаж болно” гэж тус тус зааснаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хугацаа хуулиар 90 хоног байна.

Шүүгч Р.Ү-ийн үүсгэсэн Ц.Э-ний нэхэмжлэлтэй, хариуцагч Л.Д-д холбогдох иргэний хэргийг шүүгчийн 2022 оны 8 дугаар сарын 29-ний өдрийн 142/ШЗ2022/04548 дугаар захирамжаар иргэний хэрэг үүсгэснээс хойш хуульд заасан хугацаа 2022 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр дууссан боловч шүүх хэргийн оролцогчдоос гаргасан хүсэлтүүдийг шийдвэрлэж, шүүхийн журмаар нотлох баримт бүрдүүлэх зэрэг ажиллагааг хийсээр шүүгчийн 2022 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн 142/ШЗ2023/00127 дугаар захирамжаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг түдгэлзүүлжээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.6 дахь хэсэгт зааснаар нотлох баримт цуглуулах, бүрдүүлэхдээ тухайн баримтууд нь хэргийг хянан шийдвэрлэхэд зайлшгүй шаардлагатай, хэрэгт хамааралтай, зохигчдоос гарган өгөх боломжгүй баримтууд байхыг шаарддаг бөгөөд мөн хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1-т заасанчлан “Шүүх хэргийн оролцогчийн гаргасан нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр нотлох баримтыг өөрийн дотоод итгэлээр үнэлнэ” гэж заасанчлан хүсэлтийг хэрхэн шийдвэрлэх нь шүүгчийн бүрэн эрхэд хамаарах асуудал юм.

Шүүх хуралдааны явцад даргалагч шүүгч Р.Ү “Ер нь тайлбар хэлэхэд талуудын хэн аль нь хүсэлт гаргах эрхтэй. Гэхдээ хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд хугацаа гэж юм байна. Энэ хугацааг шүүх хэтрүүлэх ёсгүй. Өнөөдрийн байдлаар талуудын гаргасан хүсэлтүүдийг шийдвэрлэсээр байгаад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хугацаа хэтэрсэн явж байна. Тиймээс цаашид оновчтой зөв тодорхойлоод, цаг хугацаандаа хүсэлтээ гаргамаар байна. Одоо бичгээр гаргасан хүсэлтүүд дээр яригдана шүү. Тухайн үеийн сэтгэл хөдлөлөөр санаанд орсон юм аа тэгвэл ийм гэх байдлаар гаргахгүй шүү” гэж хэлсэн нь шүүгч нэхэмжлэгч болон хариуцагч талд аль алинд хандаж хэлсэн байх тул албан тушаалын байдал, эрх нөлөөгөө урвуулан ашиглаж ... бусдад давуу байдал бий болгох зөрчил гаргасан гэж үзэхээргүй байна.

Сахилгын хэрэгт авагдсан баримтуудаас ... аймаг дахь сум дундын ... хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Р.Ү нь Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 55 дугаар зүйлд заасан шүүгчид хориглосон, хязгаарласан, үүрэг болгосон зохицуулалтыг зөрчсөн зөрчил гаргасан гэх үйл баримт тогтоогдсонгүй.

Иймд, Шүүхийн сахилгын хорооны гишүүний 2023 оны 6 дугаар сарын 02-ны өдрийн “Сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох тухай” ГС/2023/0074 дугаартай саналыг хүлээн авч, ... аймаг дахь сум дундын ... хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Р.Ү-д холбогдуулан үүсгэсэн сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох саналыг хүлээн авч сахилгын хэргийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 112 дугаар зүйлийн 112.1, 112.1.2, 112.2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон

ТОГТООХ НЬ:

1.Шүүхийн сахилгын хорооны гишүүний 2023 оны 6 дугаар сарын 02-ны өдрийн “Сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох тухай” ГС/2023/0074 дугаартай саналыг хүлээн авч, ... аймаг дахь сум дундын ... хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Р.Ү-д холбогдох сахилгын хэргийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2.Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 112 дугаар зүйлийн 112.6-т зааснаар магадлал гаргаснаас хойш 14 хоногийн дотор сахилгын хэргийн оролцогч болон өргөдөл, мэдээлэл гаргагчийн оршин суугаа газрын эсхүл ажлын газрын хаягаар баталгаат шуудангаар, эсхүл ажлын албаны ажилтнаар хүргүүлэхийг ажлын албанд даалгасугай.

3.Магадлалыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Сахилгын хороонд хэргийн оролцогч гомдол, илтгэгч гишүүн эсэргүүцэл гаргаж болохыг дурдсугай.

4.Дээрх журмаар хүргүүлснээр магадлалыг гардан авсанд тооцох ба энэ нь гомдол гаргах хугацааг тоолох үндэслэл болохыг тайлбарласугай.

 

         ДАРГАЛАГЧ                                    Д.МЯГМАРЦЭРЭН

               ГИШҮҮН                                     Д.АРИУНТУЯА

                Г.ЦАГААНЦООЖ