МОНГОЛ УЛС
ШҮҮХИЙН САХИЛГЫН ХОРОО
МАГАДЛАЛ
2023-10-09
Дугаар 108
Улаанбаатар хот
Сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Шүүхийн сахилгын хорооны хуралдааныг гишүүн Х.Хашбаатар даргалж, гишүүн Д.Ариунтуяа, О.Номуулин нарын бүрэлдэхүүнтэй, илтгэгч гишүүн Д.Эрдэнэчулуун, хуралдааны нарийн бичгийн даргаар А.Номин нарыг оролцуулан хийж,
... шүүхийн шүүгч Г.А-д холбогдох Сахилгын хорооны гишүүний 2023 оны 09 дүгээр сарын 07-ны өдрийн ГС/2023/0094 дугаартай “Сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох тухай” саналыг хянан хэлэлцэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Илтгэгч гишүүн “Сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох тухай” саналдаа:
“Өргөдөл гаргагч Д.О нь “шүүгч Г.А 2023 оны 5 дугаар сарын 02-ны өдрийн шүүх хуралдааны тэмдэглэл, шүүгчийн захирамж хуульд заасан хугацаанд гараагүй, 2023 оны 5 дугаар сарын 12-ны өдрийн шүүх хуралдааны дараа хашхирч загнан зүй бус авирласан, 2023 оны 6 дугаар сарын 02-ны өдрийн шүүх хуралдааныг дэг, дараалал тогтоогоогүй явуулсан, шүүх хуралдаан хаасны дараа нотлох баримтаа гаргаж өгөөгүйгээс болж хурал хийж чадсангүй гэх мэтээр чангаар хашхирч загнасан, шүүх хуралдаанд хариуцагчийн байр сууринаас юм шиг асуулт асууж, хэтэрхий нэг талд үйлчилсэн мэт сэтгэгдэл төрүүлсэн, тэгш мэтгэлцэх боломжийг хязгаарласан, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчтэй хувийн харилцаатай гэх хардлагыг төрүүлсэн нь Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1.19, 50.1.20, 50.1.23-т заасныг тус тус зөрчсөн” гэх өргөдөл гаргажээ.
1. Иргэний хэргийн 2023 оны 5 дугаар сарын 02-ны өдрийн шүүх хуралдааны тэмдэглэл, шүүгчийн захирамж хуульд заасан хугацаанд гараагүй гэх тухайд:
Шалгах ажиллагааны явцад 2023 оны 5 дугаар сарын 02-ны өдрийн шүүх хуралдааны тэмдэглэлийг шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.А Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 96 дугаар зүйлийн 96.2 дахь хэсэгт “шүүх хуралдаан дууссан өдрөөс хойш 3 хоногийн дотор тэмдэглэлийг бэлэн болгоно...” гэж заасан хуулийн хугацаанд албажуулаагүй болох нь гэрч Г.А, Д.О, Э.Ц, О.Б, Ц.Ж, Б.Б нарын мэдүүлгүүд болон “Иргэн-2014” нэгдсэн системд хийсэн үзлэг болон өргөдөл гаргагч өмгөөлөгчийн хамт шүүх хуралдааны тэмдэглэлийг хуулийн хугацаанд гаргаагүйтэй холбогдуулан тус шүүхийн Тамгын газарт гомдол гаргасны дагуу ... шүүхийн Тамгын газрын дарга Д.Б-ын 2023 оны 6 дугаар сарын 06-ны өдрийн 553 дугаар албан бичгээр тус тус тогтоогдож байна.
Тус албан бичигт “...Г.А нь 2 шүүгчийн шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар ажилладаг бөгөөд 2023 оны 5 дугаар сарын 02-ны өдрөөс 2023 оны 5 дугаар сарын 12-ны өдрийг хүртэл нийт 82 хурлын тэмдэглэл хөтөлсөн байна. Энэ нь ажлын 9 өдөр байх бөгөөд өдөрт дунджаар 8 шүүх хуралдааны тэмдэглэл хөтөлсөн. Эдгээр шүүх хуралдааныг авч үзэхэд нэг хурал дунджаар 30 минутаас 5 цаг үргэлжилсэн байх бөгөөд ачаалал хэт өндөр байсны улмаас хуульд заасан хугацаанд шүүх хуралдааны тэмдэглэлийг албажуулаагүй байна...” гэх хариуг, шүүх хуралдааны тэмдэглэлийн жагсаалтын хамт нэхэмжлэгчийн өмгөөлөгч Э.Ц-т хүргүүлжээ. /с.х-ийн 115 тал/
Харин шүүгчийн 2023 оны 5 дугаар сарын 02-ны өдрийн ... дугаар “Шүүх хуралдаан хойшлуулах тухай” захирамжийг 2023 оны 5 дугаар сарын 09-ний өдөр “Иргэн-2014” нэгдсэн системд оруулж, чеклэсэн болох нь тус нэгдсэн системд хийсэн үзлэгээр нотлогдож байна. /с.х-ийн 161 тал/
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.3 дахь хэсэгт “шүүх хуралдааныг хойшлуулах, ...хүсэлтийг шийдвэрлэх болон шүүх хуралдааны бусад үед хянан шийдвэрлэж байгаа асуудлаар ...шүүгчийн захирамжийг бичгээр гаргана”, Шүүхийн ерөнхий зөвлөлийн 2022 оны 3 дугаар сарын 04-ний өдрийн 52 дугаар тогтоолын 1 дүгээр хавсралтаар баталсан “Иргэний хэргийн хөдөлгөөний нийтлэг аргачлал”-ын 4 дүгээр зүйлийн 4.2.2-т “шүүгч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 170 дугаар зүйлийн 170.1 дэх хэсэгт зааснаас бусад хүсэлтийг хүлээн авсан өдрөөс хойш 7 хоногийн дотор шийдвэрлэнэ...” гэж тус тус заасан.
Өөрөөр хэлбэл шүүгчийн захирамжийг бичгээр гаргахаар хуульчилсан бөгөөд хууль, холбогдох журамд шүүгчийн захирамж ямар хугацаанд бичгийн хэлбэрээр албажуулахыг нарийвчлан заагаагүй болно.
Иймд шүүгчийг Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1.23-т заасныг зөрчсөн гэж үзэхгүй.
Түүнчлэн өргөдөл гаргагч нь өргөдөлдөө “... шүүгчийн захирамж гараагүй гэж байсан боловч дараа нь танилцахад шүүгчийн захирамж, шүүх хурлын тэмдэглэл 5 дугаар сарын 02-ны өдрийн огноо дугаартай байсан. Тэмдэглэл, захирамж гараагүй гэж туслах нь 5 дугаар сарын 10-нд хэлж байсан атал уг цаг хугацаанаас хойш гаргасан захирамж яахаараа 5 дугаар сарын 02 гэсэн огноотой байдаг юм. Энэ нь шүүх нөхөж баримт бичгээ гаргадаг юм байна гэсэн хардлагыг төрүүлсэн...” гэжээ.
Шүүхийн ерөнхий зөвлөлийн 2022 оны 3 дугаар сарын 04-ний өдрийн 52 дугаар тогтоолын 1 дүгээр хавсралтаар баталсан “Иргэний хэргийн хөдөлгөөний нийтлэг аргачлал”-ын 3 дугаар зүйлийн 3.8 дахь хэсэгт “хэрэглэгч /шүүх хуралдааны нарийн бичгийн дарга/ хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүхээс гаргасан эрх зүйн актад зөвхөн системээс олгосон дугаарыг бичнэ” гэж заасан.
Өөрөөр хэлбэл шүүх хуралдааны нарийн бичгийн дарга нь 2023 оны 5 дугаар сарын 02-ны өдрийн шүүх хуралдааны тэмдэглэлд тухайн өдөр яригдсан зүйлийг бичгийн хэлбэрт буулган албажуулж, мөн өдрөө “Иргэн-2014” нэгдсэн системээс авагдсан “2023 оны 5 дугаар сарын 02-ны өдрийн ... дугаар”-ыг бичсэнийг шүүхээс гарсан эрхийн актын огноо, дугаарыг нөхөж бичсэн гэж үзэхгүй болно.
2. Иргэний хэргийн 2023 оны 5 дугаар сарын 12-ны өдрийн шүүх хуралдааны дараа хашхирч загнан, зүй бус авирласан гэх тухайд:
Шалгах ажиллагааны явцад 2023 оны 5 дугаар сарын 12-ны өдрийн “192.168.102.87_ch1_20230512140404_20230512141020” гэх нэртэй болон “192.168.102.87_ch1_20230512141721_20230512141748” гэх нэртэй 2 файл бүхий нийт 6 минут 53 секундийн шүүх хуралдааны дуу-дүрсний бичлэгт үзлэг хийлээ.
Үзлэгээр “192.168.102.87_ch1_20230512141721_20230512141748” гэх нэртэй 32 секундийн бичлэгийг нээхэд даргалагч хүсэлт шийдвэрлэсэн захирамжийг танилцуулан, шүүх хуралдаан хаасныг мэдэгдэж байх ба 14 цаг 17 минут 45 секундээс үргэлжлүүлэн “ер нь бол цаашид анхаарч бай. Шүүх яваад энэ чинь” гэж ярьж байх үед бичлэг дуусаж байна.
Мөн өргөдөл гаргагч буюу гэрч Д.О-ын “шүүх хуралдааны бичлэг хаасны дараа ... нарийн бичиг 2 шүүгчийн дунд байдаг. энэ хүүхэд чинь маш их тэмдэглэл бичдэг. Ачаалал маш их байгаа. Энэ хүүхдийн цалин хасуулах гэлээ гээд загнасан...” гэх, гэрч Г.А-ийн “шүүгч манай нарийн бичиг, туслахад гомдол гаргасан юм уу. манай нарийн бичиг 2 шүүгчийн дунд ажилладаг ба 7 хоногийн 5 өдөр өдөржин хуралтай байдаг. Үүнээс болж хугацаа хэтрэх тохиолдол гардаг тул үүнийг бодолцож үзээрэй гэсэн” гэх, гэрч О.Б-ийн “дараагийн шүүх хуралдаан дээр ирэхэд шүүх хуралдааны нарийн бичгийн даргатай холбогдуулаад шүүхийн Тамгын газарт гомдол гаргасан талаар яригдаж байсан. Энэ хүүхэд өглөөнөөс орой хүртэл суудаг, хагас сайн бүтэн сайнаар ч ажилладаг. Ачаалал маш их байгааг мэдэж байгаа биз дээ. Энэ хүүхдүүд гэртээ ч харьж чадахгүй байна. Та өөрийнхөө хүүхэд шиг хүнд гомдол гаргаад цалинг нь хасуулах нь хэр зохимжтой юм бэ гэж хэлж байсан...” гэх, гэрч Ц.Ж-ийн “шүүгч зандарч загнаагүй, нарийн бичигт нь гомдол гаргасан тул шүүхийн ачаалал их байгаа гээд жаахан бухимдангуй хэлсэн. Тэрнээс тэгж их уурлаж, загнасан зүйл болоогүй. Шүүгч хэлэхдээ чи адилхан хүүхэдтэй байж гомдол гаргалаа, шүүх ачаалал их байгаа гэж хэлсэн” гэх мэдүүлгүүд өгсөн болно.
Тус шүүхийн Тамгын газрын 553 дугаар албан бичиг, гэрчүүдийн мэдүүлэг, шүүх хуралдааны дуу-дүрсний бичлэгээс үзэхэд шүүгч Г.А шүүх хуралдааны нарийн бичгийн дарга тэмдэглэлийг хуулийн хугацаанд гаргаагүйтэй холбоотой зүйл ярьсан болох нь тогтоогдож байх боловч нэхэмжлэгч Д.О-ыг өндөр чанга дуугаар загнасан, түүнд зүй бус авирласан гэдэг нь баримтаар тогтоогдохгүй байна.
Иймд шүүгчийг Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1.20-д заасан “... зүй бус авирлах ...” гэж заасныг зөрчсөн гэж үзэхгүй.
3. Иргэний хэргийн 2023 оны 6 дугаар сарын 02-ны өдрийн шүүх хуралдааныг дэг, дараалал тогтоогоогүй явуулсан; шүүх хуралдаан хаасны дараа нотлох баримтаа гаргаж өгөөгүйгээс болж хурал хийж чадсангүй гэх мэтээр чангаар хашхирч загнасан гэх тухайд:
3.1. Шалгах ажиллагааны явцад шүүгчийн туслах Б.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.А, иргэний хэргийн нэхэмжлэгч Д.О, түүний өмгөөлөгч Э.Ц, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Б, Ц.Ж нараас гэрчийн мэдүүлэг авахаас гадна тус иргэний хэргийн 2023 оны 6 дугаар сарын 02-ны өдрийн шүүх хуралдааны “20230602-133759020”, ”20230602-135239989”, “20230602-152518992”, “20230602-170856513” гэх нэрүүдтэй 4 файлууд бүхий нийт 2 цаг 45 минут 26 секунд үргэлжилсэн дуу-дүрсний бичлэгт үзлэг хийв.
Гэрч Д.О “... 2023 оны 6 дугаар сарын 02-ны өдрийн шүүх хуралдаанаар шүүгч дэгийг танилцуулаагүй, хэргийн оролцогчдын оршин суух хаягийг тодруулаагүй ...” гэх мэдүүлэг өгсөн /с.х-ийн 138-141 тал/ боловч тухайн өдрийн шүүх хуралдааны дуу-дүрсний бичлэгт үзлэг хийхэд “20230602-133759020” гэх нэртэй 11 минут 12 секундийн бичлэгийн 1 минут 38 дахь секундээс даргалагч “хуульд заасан татгалзал байна уу? Эрх, үүрэг, дэг танилцуулаад өгсөн. Талуудад танилцуулах шаардлага байгаа юу? Ойлгоогүй зүйл бий юу?” гэхэд нэхэмжлэгч Д.О, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Э.Ц болон хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Ж, О.Б нар тус бүр “байхгүй” гэж,
“20230602-135239989” гэх нэртэй 1 цаг 32 минут 33 секундийн бичлэгийн /шүүх хуралдаан хүсэлт шийдвэрлэхээр завсарлаж, талууд танхимд орж ирэн шүүх хуралдааныг үргэлжлүүлж буй үе/ 28 дахь секундээс даргалагч “хуульд заасны дагуу татгалзал байна уу? Эрх, үүрэг, дэг танилцуулсан. Ойлгоогүй, асуух зүйл байгаа юу?” гэхэд нэхэмжлэгч Д.О “нэхэмжлэгч байхгүй”, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Э.Ц, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Ж, О.Б нар тус бүр “байхгүй” гэж хэлж байгаа нь бичигджээ. /с.х-ийн 122-128 тал/
Шалгах ажиллагааны явцад шүүгчийн 2023 оны 3 дугаар сарын 03-ны өдрийн ... дүгээр “Иргэний хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцүүлэх тухай” захирамжаар шүүх хуралдааныг 2023 оны 3 дугаар сарын 09-ний өдрийн 10 цаг 00 минутад товлогдсон шүүх хуралдааны дуу-дүрсний бичлэгт үзлэг хийхэд дуугүй, зөвхөн дүрс бичигдсэн байх ба тус шүүхийн мэдээлэл технологийн мэргэжилтэн Г.М-ын тайлбараас үзэхэд шүүх хуралдааны нарийн бичгийн дарга микрофоноо асаагаагүйгээс дуугүй бичигдсэнийг дурдах нь зүйтэй. /с.х-ийн 32, 185 тал/
Гэвч шүүгч Г.А-ийн шүүх хуралдааны нарийн бичгийн дарга байсан, одоо түүний туслах, гэрч Б.Б-ийн “ер нь бол манай шүүгч хамгийн эхний шүүх хуралдаан дээр хэргийн оролцогчдод дэгийг их дэлгэрэнгүй танилцуулаад тайлбарлаж өгдөг. Тэгээд дараагийн шүүх хуралдаануудад дээр дахин тайлбарлах шаардлага байгаа юу, тайлбарлуулах уу гэж асуудаг. ...дээрх иргэний хэрэгт ч анхны шүүх хуралдаан дээр дэгийг дэлгэрэнгүй танилцуулсан” гэх,
гэрч шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.А-ийн “ер нь шүүгч шүүх хуралдаануудад дэгийг дэлгэрэнгүй тайлбарладаг. Заримдаа өмнө нь орж байсан шүүх хуралдаануудад хуулиа сануулаад дэгийг дахин тайлбарлуулах шаардлагатай эсэх, татгалзал байгаа эсэхийг нь асуух үе байдаг” гэх,
гэрч иргэний хэргийн хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Б-ийн “энэ хэрэг дээр дэгийг дэлгэрэнгүй тайлбарлаж, хэргийн оролцогчдын оршин суух хаяг, төлөөллийг тодруулж байсан” гэх,
гэрч иргэний хэргийн хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Ж-ийн “шүүгч дэгийг танилцуулаад дэгийн дагуу шүүх хуралдаан явагддаг байсан” гэх,
гэрч нэхэмжлэгчийн өмгөөлөгч Э.Ц-ийн “шүүгч биеийн байцаалт асуусан, эрх үүргийг танилцуулах уу гэж асуудаг. Эрх, үүргээ тайлбарлуулахгүй, ойлгож байгаа гээд шүүх хуралдааныг үргэлжлүүлдэг. ... 2023 оны 6 дугаар сарын 02-ны өдрийн шүүх хуралдаан дээр дэгийг тусгайлан танилцуулаагүй, шүүх хуралдааны дэг дарааллыг тогтоогоогүй шиг санаж байна ...” гэх мэдүүлгүүдээр шүүгч Г.А нь хэргийн оролцогч нарт шүүх хуралдааны дэг, эрх, үүргийг тайлбарласан гэж үзэхээр байна. / с.х-ийн 130-137, 144-153 тал/
Шүүх хуралдаанаар хэргийн оролцогчид нь шүүгч Г.А-йн “эрх, үүрэг, дэгийг тайлбарласан, ойлгоогүй асуух зүйл байгаа эсэх”-ийг 2 удаа асуухад ойлгоогүй, тодруулах зүйл байсан бол тухайн үед асууж тодруулан, дахин тайлбарлуулах бүрэн боломжтой байсан боловч хүсэлт гаргаагүй болох нь шүүх хуралдааны дуу-дүрсний бичлэгээр тогтоогдож байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн Аравдугаар бүлэгт буюу 98-114 дүгээр зүйлд “Анхан шатны шүүх хуралдааны дэг”-ийг хуульчилсан. Шүүгч Г.А-ийн даргалсан 2023 оны 6 дугаар сарын 02-ны өдрийн шүүх хуралдааны дуу-дүрсний бичлэгээс үзэхэд шүүх хуралдааныг хуульд заасан дэгийн дагуу шүүх хуралдааныг даргалан явуулсан байна.
Өөрөөр хэлбэл, шүүгч Г.А нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 89 дүгээр зүйлийн 89.2 дахь хэсэгт заасан шүүх хуралдааны дэгийг сахиулах талаар шаардлагатай арга хэмжээг авч, мөн хуулийн 90 дүгээр зүйлийн 90.1 дэх хэсэгт заасан шүүх хуралдааны нийтлэг журмыг баримтлан, мөн хуулийн 98-114 дүгээр зүйлүүдэд заасан шүүх хуралдааныг дэгийн дагуу даргалан явуулжээ. Харин даргалагч шүүгч нь шүүх хуралдааны дарааллыг заавал тогтоохыг хуулиар зохицуулаагүй, үүрэг болгоогүй тул шүүгч Г.А-г Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1.23-т заасныг зөрчсөн гэж үзэхгүй.
3.2. Өргөдөл гаргагч өргөдөлдөө “...мөн 2023 оны 6 дугаар сарын 02-ны өдрийн шүүх хуралдаан ...хааж завсарласны дараа шүүгч “бид 3 хоногийн дотор хурлын тэмдэглэл шийдвэрийг гаргаж өгч чадах ч үгүй, танайх нотлох баримтаа гаргаж өгөөгүйгээс болж хурал хийж чадсангүй” гэх мэтээр чангаар хашхирч загнасан... Мөн өмгөөлөгч рүү “чи хүний мөнгө авчхаад нотлох баримтаа гаргаж өгөөгүйгээс болоод шийдвэр гаргаж болохгүй байна. Чи өмгөөллийн үгэндээ Хөдөлмөрийн тухай хууль, хөдөлмөрийн дотоод журам яриад байна. Хариуцагч тал бүх нотлох баримтаа гаргаж өгсөн, хурлын тэмдэглэл 3 хоногтоо багтаж гарахгүй. Хэрэв гаргана гэвэл Тамгын даргад нь хэлчих, тэгвэл би энэ хүүхдээр 5 цагийн тэмдэглэлийг бичгээр гаргуулъя, чи хэнд мөнгө төлсөн юм, ажлаа хийцгээ” гээд хашхираад байсан” гэж дурджээ.
Сахилгын хэргийн шалгах ажиллагааны явцад гэрч О.Б-гийн “би хурлаа хийчихмээр байна. Чи хүнээс мөнгө авч өмгөөлж байна гэчхээд нотлох баримтаа гаргаж өгөөгүйгээр шүүхээр хэргийг шийдвэрлүүлэх гээд байна. Анхан шатны шүүхийн шүүгч бүх нотлох баримтыг бүрдүүлдэг, давах хяналтын шатанд дахин нотлох баримт бүрдүүлэх боломж байхгүй. Хуралдаа бэлдээч ээ” гэж хэлж, сургасан шинжтэй хэлж байсан”, мөн “...нэхэмжлэгчийн өмгөөлөгч хэрэгтээ санаа зовдоггүй, шүүх хуралдаандаа бэлдээгүй байдалтай байдаг. Шүүгч ер нь “та хүнд үйлчилгээ үзүүлж байж ажлаа хийгээч ээ, хуралдаа бэлдээч ээ” гэдэг талаас нь дээрх үгсийг хэлж байсан” гэх,
гэрч нэхэмжлэгч Д.О-ын “...завсарлаад ороход шүүгч нотлох баримт дутуу, хойшлууллаа гэсэн. Тэгээд шүүх хуралдаан хаасны дараа шүүгч “би өчнөөн хуралтай байсан. Танай хурлыг хийх гэж бүх хурлаа хойшлуулаад байхад танайх нотлох баримтаа өгөөгүй, та нараас болж шүүх хуралдаан хойшиллоо. Энэ 5 цагийн шүүх хуралдааны тэмдэглэлийг 3 хоногт гаргаж чадахгүй. Тэгвэл Тамгын газарт бусад ажлуудаас нь чөлөөлчих гээд хэлчих. Тэгвэл би энэ хүүхдээр 3 хоногт нь гаргуулъя” гээд миний өмгөөлөгчид хандан “чи энэ хүнээс хөлс аваад өмгөөлж байгаа биз дээ. Ажлаа хийгээч” гэх мэтээр загнасан” гэх,
гэрч Ц.Ж-ийн “... нэхэмжлэгчийн өмгөөлөгч нотлох баримтаа хугацаандаа гаргахгүй, хуулийн шаардлага хангаж ирүүлэхгүй зэргээс өмгөөллийн үүргээ хангалттай гүйцэтгэхгүй байсан тул шүүгч бухимдаад хууль ёсны шаардлага тавьсан” гэх мэдүүлгүүдийг тус тус өгсөн.
Дээрх мэдүүлгүүдээс үзэхэд шүүгч Г.А нотлох баримт дутуу байгаа тухай болон шүүх хуралдааны тэмдэглэл хуульд заасан хугацаанд гарах боломжгүй талаар хэлсэн байх боловч нэхэмжлэгч Д.О, түүний өмгөөлөгч Э.Ц нарыг загнаж, зүй бус авирласан гэдэг нь шүүх хуралдааны дуу-дүрсний бичлэгт тусгагдаагүй, гэрч нарын мэдүүлэг зөрүүтэй байгаагаас шүүгчийг зүй бус авирласан, хэргийн оролцогч нарыг загнасан гэдэг нь тогтоогдохгүй байна.
Түүнчлэн тус иргэний хавтаст хэрэгт үзлэг хийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч талаас гаргаж байсан хүсэлтүүдийг хуулбарлан авсан. Нэхэмжлэгч тал нотлох баримт гаргуулах тухай хүсэлт гаргаж байсан боловч хариуцагчаас “байгууллагын дүрэм, байгууллагын дотоод журмыг гаргуулах тухай” хүсэлт гаргаж байгаагүй байна.
Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1 дэх хэсэгт “Хэргийн оролцогчоос өөрийн шаардлага ба татгалзлаа үндэслэж байгаа, шүүх хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий, хуульд заасан арга хэрэгслээр олж авсан бодит нөхцөл байдлыг тогтооход шаардлагатай аливаа баримтат мэдээллийг нотлох баримт гэнэ”, мөн хуулийн 38 дугаар зүйлийн 38.6 дахь хэсэгт “Хэргийг хянан шийдвэрлэхэд зайлшгүй шаардлагатай нотлох баримт нь төрийн болон албаны нууц, байгууллагын нууц, хүний эмзэг мэдээлэлтэй холбоотой; ... тохиолдолд нотлох баримтыг хэргийн оролцогчийн хүсэлтээр шүүх бүрдүүлнэ” гэж тус тус заасан.
Хөдөлмөрийн маргааны онцлог нь хариуцагч байгууллагын үйл ажиллагаа, шийдвэртэй холбоотой нотлох баримтууд хариуцагчаас гардаг боловч шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.9 дэх хэсэгт зааснаас бусад тохиолдолд санаачилгаараа нотлох баримт бүрдүүлэхгүй, харин хэргийн оролцогчийн хүсэлтээр нотлох баримтыг бүрдүүлдэг.
Өөрөөр хэлбэл Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2-т “хэргийн оролцогч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, ...үндэслэл, тайлбар түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх үүрэгтэй” гэж зааснаар нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэс болж буй баримтаа өөрсдөө шүүхэд гаргаж өгөх боломжгүй бол шүүхийн журмаар хариуцагчаас “... нийгэмлэгийн дүрэм, дотоод журам” зэргийг бүрдүүлэх хүсэлтээ гаргах эрх нь нээлттэй байсан боловч уг эрхээ хэрэгжүүлээгүй байгааг дурдах нь зүйтэй.
Хэдий шүүгч Г.А нэхэмжлэгч, нэхэмжлэгчийн өмгөөлөгч нарыг чанга дуугаар загнасан буюу зүй бус авирласан эсэх нь баримтаар тогтоогдохгүй байх боловч цаашид хэргийн оролцогч нарт буруу ойлголт төрүүлэхгүй байхад анхаарах шаардлагатай.
4. Шүүх хуралдаанд хариуцагчийн байр сууринаас юм шиг асуулт асууж, хэтэрхий нэг талд үйлчилсэн мэт сэтгэгдэл төрүүлсэн, тэгш мэтгэлцэх боломжийг хязгаарласан гэх тухайд:
Тус иргэний хэргийн 2023 оны 5 дугаар сарын 02-ны өдөр, 2023 оны 5 дугаар сарын 12-ны өдөр, 2023 оны 6 дугаар сарын 02-ны өдрүүдийн шүүх хуралдааны дуу-дүрсний бичлэгүүдэд тус тус үзлэг хийхэд шүүгч нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлд заасан мэтгэлцэх зарчмыг хэрэгжүүлээгүй гэх үйл баримт тогтоогдоогүй болно.
Тодруулбал, 2023 оны 6 дугаар сарын 02-ны өдрийн шүүх хуралдааны “20230602-135239989” гэх нэртэй 1 цаг 32 минут 33 секундийн дуу-дүрсний бичлэгийн 37 минут 32 дахь секундээс нэхэмжлэгчийн өмгөөлөгч Э.Ц “... таныг ажлаас халаагүй, төмөр замын ажилтан хэвээрээ ш дээ гээд байх юм. Энэ хүн ажилгүй байгаад байгаа нь ямар учиртай юм бол... Албаны мэдэлд шилжүүлнэ гэдэг хуулийн зохицуулалт ерөөсөө байхгүй ш дээ. Хуульд байхгүй юм яриад бид нарын маргаан гэдэг маань хөдөлмөр эрхлэлтийн харилцааг үндэслэлгүй цуцалсан тухай асуудал яриад байгаа. Тэгэхээр хамааралгүй юм яриад байна нэгдүгээрт. Хоёрдугаарт би асуусан асуултын харилтаа авчихсан ш дээ” гэх үед даргалагч шүүгч “өмгөөлөгч өө, асуулт хариулт байхгүй юу. Тайлбар хийхгүй ш дээ” гэв. Даргалагч үргэлжлүүлэн “ноцтой зөрчил, давтан зөрчил гэдэг дээр ноцтой зөрчил гэчихлээ. Хоёр дахь нь тайлбар юм уу, асуулт юм уу, ажилгүй байгаа мөртлөө өнөөдөр төмөр замд шилжүүлсэн гэдэг дээр тайлбар хэл дээ” гэхэд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Б нь нэхэмжлэгч талын асуултад хариулж байна.
Мөн шүүх хуралдаанаар нотлох баримтыг шинжлэн судалсны дараа бичлэгийн 1 цаг 21 минут 10 секундээс даргалагч “ийм баримтууд байна. Энэ баримттай холбоотойгоор талуудад харилцан асуух асуулт, тайлбар байна уу? Д.О-т байгаа юу? Нэхэмжлэгч ээ, нэхэмжлэгч тал байна уу?” гэхэд нэхэмжлэгч, нэхэмжлэгчийн өмгөөлөгч нар хоорондоо ярин шүүгчийн асуултад хариулсангүй. Улмаар даргалагч “байхгүй бол хариуцагч талаас” гэснээр хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Б нэхэмжлэгчээс 2 асуулт асууж, хариулт авав.
Бичлэгийн 1 цаг 21 минут 56 секундэд нэхэмжлэгчийн өмгөөлөгч “асуулт байна шүүгч ээ” гэхэд даргалагч “нэхэмжлэгч тал яагаад ингээд дэгийг зөрчөөд байна аа. Асуух асуулт байна уу гэхээр дуугай болчхоод, тэгээд нөгөө талаас асуусны дараа би асууна. Хурлын дэг баримталъя л даа. Дуугай сууж суучхаад, яах гээд байдаг юм бэ” гэв. Нэхэмжлэгчийн өмгөөлөгч “асуулт байна аа, шүүгч ээ. Надаас асуугаагүй ш дээ” гэхэд даргалагч “за байж бай. Асуусан ш дээ. Нэхэмжлэгч талаас асуух асуулт байна уу гэсэн... Та надтай маргаад яах вэ дээ. Та шүүгчийн хэлж байгаа юмыг сонс л доо. Нэхэмжлэгч талаас асуух зүйл байна уу гэсэн. Та байж бай л даа ...” гэж байна. Шүүгчийн дээрх яриа болж байх үед нэхэмжлэгчийн өмгөөлөгч зэрэгцэн ярьж байсан тул даргалагчийн зарим яриа тодорхой сонсогдоогүй болно.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1 дэх хэсэгт “шүүх хэргийн оролцогчийн гаргасан нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр нотлох баримтыг өөрийн дотоод итгэлээр үнэлнэ” гэж зааснаар хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцэх үед талуудаас асуулт асууж, хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтыг шинжлэн судалж, өөрийн дотоод итгэлээр үнэлэн шийдвэр гаргах нь шүүгчид хуулиар олгогдсон бүрэн эрх тул түүнийг нэг талд үйлчилсэн гэж үзэхгүй.
Шүүгч Г.А нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 89 дүгээр зүйлийн 89.2 дахь хэсэгт “шүүх хуралдаан даргалагч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуулийн дагуу явуулах, хэргийн оролцогч эрх, үүргээ хэрэгжүүлэх, мэтгэлцэх зарчмыг хангах, шүүх хуралдааны дэгийг сахиулах талаар шаардлагатай арга хэмжээг авна” гэж заасныг хэрэгжүүлэн ажилласан байна.
5. Шүүгч нь хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчтэй хувийн харилцаатай гэх тухайд:
Өргөдөл гаргагч нь өргөдөлдөө “...шүүх хуралдааны дараа хариуцагч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Б-тай өөрийн шийдвэрлэсэн хэргийн талаар “би шийдээд явуулсан яагаад буцчихав аа” гэсэн агуулгатай зүйлийг ярилцсан зэргээс үзвэл шүүгч нь О.Б-тай хувийн харилцаатай...” гэжээ.
Шалгах ажиллагааны явцад гэрч Э.Ц-ийн “...2023 оны 5 дугаар сарын 12-ны өдрийн шүүх хуралдааны дараа шүүх хуралдааны танхимд шүүгч “би танай хэргийг шийдээд явуулчихсан байхад яагаад давахаас уначив” гэх агуулгатайгаар хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Б-нтай ярьж байсан...” гэх, /с.х-ийн 150-153 тал/
гэрч О.Б-ийн “...Би нэг удаа шүүхийн байраас гарч явахдаа гадаах хаалга нь дээр шүүгч Г.А-тай тааралдсан. Тэгээд шүүгчтэй мэндлэхэд шүүгч “чи яагаад миний хэргийг давах дээр унагаагаад байна” гэхэд нь би “давахын шүүхийн шийдвэр ш дээ” гээд зөрсөн. Энэ үйл явдлыг нэхэмжлэгч Д.О харсан юм билээ. Тэгээд энийгээ шүүгчтэй хувийн харилцаатай гэж шүүх хуралдаан дээр хэлж байсан...” гэх, /с.х-ийн 134-137 тал/
гэрч Ц.Ж-ийн “2023 оны 6 дугаар сарын 20-ны өдрийн шүүх хуралдаан дээр хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Б шүүгч хоёрыг хувийн харилцаатай гээд нэхэмжлэгч нь шүүгчээс татгалзсан” гэх мэдүүлгүүд өгсөн.
Гэрчүүдийн мэдүүлгээс үзэхэд шүүгч Г.А, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Б нарын хооронд цаг хугацаа, үйл баримт болсон байрлал зөрүүтэй байх боловч өмнө нь шийдвэрлэсэн хэргийн талаарх яриа болсон нь тогтоогдож байна. /с.х-ийн 144-146 тал/
Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1 дэх хэсгийн 3.1.2-т "хувийн ашиг сонирхол" гэж нийтийн албан тушаалтан албаны бүрэн эрхээ хэрэгжүүлэхэд өөрөө болон түүнтэй хамаарал бүхий этгээдийн зүгээс нөлөөлж болохуйц эдийн болон эдийн бус ашиг сонирхлыг хэлнэ” гэж тодорхойлсон байдаг.
Иймд өмнө нь шийдвэрлэсэн хэргийн шийдвэрийг давж заалдах шатны шүүхээс хянаад шийдвэрийг хүчингүй болгож дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасан талаар ярьсан үйлдлээр шүүгч Г.А-г хэргийн оролцогчтой хувийн харилцаатай буюу Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1.19-д заасныг зөрчсөн гэж үзэхгүй.
Дээрхийг нэгтгэн дүгнэвэл иргэн Д.О-ын өргөдөлд “... шүүхийн шүүгч Г.А Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1.19, 50.1.20, 50.1.23-т заасан шүүгчид хориглосон зөрчил гаргасан” гэх үндэслэл нь баримтаар тогтоогдоогүй тул түүнд холбогдуулан үүсгэсэн сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох санал гаргав.” гэжээ.
Холбогдох шүүгч Г.А Шүүхийн сахилгын хороонд гаргасан тайлбартаа:
“Өргөдөл гаргагч Д.О өргөдөлдөө “миний нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэсэн, мөн шүүх хуралдааны тэмдэглэл 3 хоногт гараагүй, танилцаж амжаагүй, хариуцагч талд илт үйлчилсэн, над руу дайрахад таслан зогсоогоогүй, мэтгэлцэх боломжийг хангаагүй, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Б-тай хувийн харилцаатай тул сахилгын шийтгэл оногдуулж өгнө үү” гэжээ.
Д.О-ын нэхэмжлэлтэй, хариуцагч М-д холбогдох ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин 32.444.286 төгрөг гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн дэвтэрт нөхөн бичилт хийлгэхийг даалгах тухай нэхэмжлэлийг 2022 оны 12 дугаар сарын 09-ний өдөр хүлээн авч, шүүгчийн 2022 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн ... дугаар захирамжаар нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсан.
Шүүгчийн захирамжаар 2022 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс дагаж мөрдсөн Хөдөлмөрийн тухай хууль /шинэчилсэн найруулга/-ийн 154 дүгээр зүйлийн 154.2 дахь хэсэгт хөдөлмөрийн эрхийн маргааныг маргалдагч тал эрхээ зөрчигдсөнийг мэдсэн буюу мэдэх ёстой байсан өдрөөс хойш дараах хугацаанд хөдөлмөрийн эрхийн маргааныг урьдчилан шийдвэрлүүлэхээр хөдөлмөрийн эрхийн маргаан таслах комисст, хөдөлмөрийн эрхийн маргаан таслах комиссгүй аж ахуйн нэгж, байгууллага болон иргэд хооронд үүссэн маргааныг сум, дүүргийн хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талд хороонд хандах эрхтэй байхаар хуульчилсны дагуу урьдчилан шийдвэрлүүлэх журмыг зөрчсөн гэж үзээд, нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсан. Тус шүүхийн гомдол хэлэлцэх шүүх хуралдаанаар шүүгчийн дээрх захирамжийг хүчингүй болгож шийдвэрлэснээр шүүгчийн 2023 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн ... дугаар захирамжаар иргэний хэрэг үүсгэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явагдаж байна.
Иймд шүүгч нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах шийдвэр гаргасан нь хуулиар олгогдсон эрхээ хэрэгжүүлсэн болно.
Түүнчлэн тус нэхэмжлэлийг хүлээн аваад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасныг дагуу явуулж, шүүх хуралдаанаар хэргийг хэлэлцүүлэх шүүгчийн захирамж гарсан өдрөөс хойш нэхэмжлэгчийн хүсэлтээр нийт 6 удаа шүүх хуралдааныг хойшлуулжээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд нэхэмжлэгч Д.О, түүний өмгөөлөгч Э.Ц, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Б, Ц.Ж нар оролцож байна.
Өргөдөл гаргагч өргөдөлдөө намайг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Б-тай хувийн харилцаатай гэж бичсэн байх бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 91 дүгээр зүйлийн 91.1.2, 91.3 дахь хэсэгт зааснаар миний бие О.Б-тай гэр бүл, төрөл садан, хувийн харилцаагүй. Хэрвээ дээрх тохиолдол бий болсон нөхцөлд мөн хуулийн 92 дугаар зүйлийн 92.1 дэх хэсэгт заасны дагуу шүүгч мэдэгдэж, татгалзан гарах үүрэгтэй байдаг тул уг заалтыг зөрчөөгүй болно.
Харин өргөдөл гаргагч энэ талаараа өөрөө нотлох нь зүйтэй.
Д.О өргөдөлдөө “шүүх хуралдаан хойшлуулсан шүүгчийн захирамж, шүүх хуралдааны тэмдэглэл хуулийн хугацаанд гараагүй” гэжээ.
2023 оны 5 дугаар сарын 02-ны өдрийн шүүх хуралдаанд нэхэмжлэгч гэрч асуулгах хүсэлт гаргасан боловч гэрчийн гэрийн хаяг, утасны дугаарыг мэдэхгүй байсны улмаас дээрх мэдээллийг мэдсэний дараагаар гаргахаар болсон.
2023 оны 5 дугаар сарын 12-ны өдрийн шүүх хуралдаанд Ч.Г-ыг гэрчээр асуулгах, хуульд зааснаар гэрчийн хаяг мэдээллийг хүсэлтдээ дурдсанаар шүүгчийн ... дугаар захирамжаар нэхэмжлэгчийн хүсэлтийг хангаж шийдвэрлэсэн.
Гэтэл дээрх шүүх хуралдааныг хойшлуулсан шүүгчийн захирамж хуульд заасан хугацаанд гарсан бөгөөд нэхэмжлэгч захирамж гаргах хуулийн хугацаа дуусаагүй байхад шүүгчийн туслахаас захирамжийг авахыг шаардсаны хариу тайлбарыг тодорхой хэлсэн байдаг.
Мөн өргөдөл гаргагч тухайн өдрийн шүүх хуралдааны тэмдэглэл 3 хоногийн хугацаандаа гаргаагүй талаар шүүх хуралдааны нарийн бичгийн даргад гомдол гаргаж, ... шүүхийн Тамгын газраас гомдлын хариуг бичгээр өгсөн байна.
Өөрөөр хэлбэл, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.А 7 хоногийн ажлын 5 өдөр, 2 шүүгчийн удирдан явуулдаг шүүх хуралдаанд өглөө 8 цаг 30 минутаас эхлэн орон 18 цаг хүртэл, зарим тохиолдолд оройн 22 цаг эсхүл 1-2 өдөр үргэлжлэх шүүх хуралдаанд тасралтгүй оролцож, шүүх хуралдааны тэмдэглэлийг хөтлөн явуулдаг.
Иймээс шүүх хуралдааны нарийн дарга Хөдөлмөрийн тухай хуульд зааж, тогтоож өгсөн ажлын цагаас илүү цагаар ажиллаж, хүний ажиллах боломжоос давсан мөн хүний бие физиологийн үйл ажиллагааг сарниулах, хүний өдөрт, ажлын 5 өдөрт 40 цаг ажиллахаас илүү цагаар, хүний боломжоос хэтэрсэн ачаалалд ажиллаж, шүүх хуралдааныг тэмдэглэлийг хуулийн хугацаанд гаргаагүй нь үнэн.
Тэрээр нэхэмжлэгч нотлох баримтаа хангалттай гаргаж өгсөн боловч шүүгч хөндлөнгийн байр сууринаас хандаж хэргийг шийдвэрлээгүй, ёс зүйгүй үйлдэл гаргасан гэх бөгөөд энэ гомдол нь шүүгч, шүүхийн захиргааны ажилтантай хамааралгүй бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч, түүний өмгөөлөгч нар хуульд заасан эрхээ хэрэгжүүлж, үүргээ биелээгүй явдалд шүүгчийн буруутгах нь үндэслэлгүй.
Шүүх нэхэмжлэгч болон нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн өмнөөс үүрэг гүйцэтгэхгүй ба талуудын эрх тэгш байдал, мэтгэлцэх боломжийг хангаж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг явуулахад зохигчдын ёс зүй ч үүнд хамаарна.
Тиймээс шүүгч миний бие гомдол гаргагчийн гомдолд дурдсан сахилгын зөрчлийг гаргаагүй ба шүүх хуралдаан тогтоосон дэгийн дагуу явагдсан нь шүүх хуралдааны тэмдэглэл, шүүх хуралдааны бичлэг, шүүхээс гаргасан эрхийн актууд, талуудын тайлбар зэрэг нотлох баримтуудаар нотлогдох тул гомдлыг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Иргэн Д.О-аас ... шүүхийн шүүгч Г.А-д холбогдуулан 2023 оны 06 дугаар сарын 08-ны өдөр өргөдөл гаргасныг Сахилгын хорооны гишүүн хүлээн авч хянаад 2023 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн ГЗҮ/2023/0074 дүгээр захирамжаар сахилгын хэрэг үүсгэн, шалгах ажиллагаа явуулж, 2023 оны 09 дүгээр сарын 07-ны өдөр сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох санал гаргажээ.
Нэг. “2023 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн шүүх хуралдааны тэмдэглэл, шүүгчийн захирамж хугацаандаа гараагүй, шүүх нөхөж баримт бичгээ гаргадаг юм байна гэх хардлагыг төрүүлсэн” гэх тухайд;
Сахилгын хэрэгт авагдсан баримтуудаас үзэхэд, Д.О-ын нэхэмжлэлтэй, хариуцагч М-д холбогдох иргэний хэргийг хянан хэлэлцэх шүүх хуралдааныг шүүгч Г.А даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.А, нэхэмжлэгч Д.О, түүний өмгөөлөгч Э.Ц, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Ж, О.Б нарыг оролцуулан 2023 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн 14 цаг 30 минутад эхлүүлсэн байх бөгөөд хуралдаанаар нэхэмжлэгчээс гаргасан хүсэлтийг хэлэлцэн шүүх хуралдааныг хойшлуулж шийдвэрлэжээ.
Өргөдөл гаргагч нь 2023 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн тэмдэглэлтэй танилцахаар 2023 оны 05 дугаар сарын 08, 09, 11-ний өдрүүдэд очиход гараагүй байсан, дараа нь танилцахад тэмдэглэл, захирамж хугацаандаа гараагүй атлаа 2023 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн огноотой байсан гэж дурдсан байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 96 дугаар зүйлийн 96.2-т “Шүүх хуралдаан дууссан өдрөөс хойш 3 хоногийн дотор тэмдэглэлийг бэлэн болгоно. Тэмдэглэлд шүүх хуралдаан даргалагч, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга гарын үсэг зурна.” 123 дугаар зүйлийн 123.3-т “Шүүх хуралдааныг хойшлуулах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг түдгэлзүүлэх, сэргээн явуулах, татгалзан гаргах тухай хүсэлтийг шийдвэрлэх болон шүүх хуралдааны бусад үед хянан шийдвэрлэж байгаа асуудлаар шүүхийн тогтоол, шүүгчийн захирамжийг бичгээр гаргана”, Шүүхийн ерөнхий зөвлөлийн 2022 оны 3 дугаар сарын 04-ний өдрийн 52 дугаар тогтоолын 1 дүгээр хавсралтаар баталсан “Иргэний хэргийн хөдөлгөөний нийтлэг аргачлал”-ын 2 дугаар зүйлийн 2.1.6-д “”хэрэглэгч” гэж Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны “Иргэн-201” нэгдсэн систем ашиглах эрх бүхий шүүгч, шүүхийн захиргааны ажилтныг ойлгоно”, 3 дугаар зүйлийн 3.8-д “Хэрэглэгч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүхээс гаргасан эрх зүйн актад зөвхөн системээс олгосон дугаарыг бичнэ” гэж тус тус заасан.
Дээрх хуулийн хугацаанд шүүх хуралдааны тэмдэглэл албажиж гараагүй болох нь шүүгч Г.А-ийн Сахилгын хороонд ирүүлсэн тайлбар, илтгэгч гишүүний сахилгын хэргийг шалгах ажиллагааны хүрээнд Г.А, Д.О, Ц.Ж, Б.Б нараас авсан гэрчийн мэдүүлэг, “Иргэн-2014” нэгдсэн системд хийсэн үзлэг болон ... шүүхийн Тамгын газрын даргын 2023 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн 553 дугаар албан бичгээр тус тус тогтоогджээ.
Шүүх хуралдааны тэмдэглэл хуулийн хугацаанд албажиж гарахад шүүх хуралдааны нарийн бичгийн даргын ажлын ачаалал, 2 шүүгчийн дунд нэг шүүх хуралдааны нарийн бичгийн дарга ажиллаж байгаа зэрэг нь нөлөөлсөн хэдий ч энэ нь Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1.23-т заасан зөрчлийн ноцтой, эсхүл удаа дараа гэх шинжийг агуулаагүй байна.
Түүнчлэн, шүүгчийн 2023 оны 5 дугаар сарын 02-ны өдрийн ... дугаар захирамжийг 2023 оны 05 дугаар сарын 09-ний өдөр “Иргэн-2014” нэгдсэн системд оруулсан болох нь тус нэгдсэн системд хийсэн үзлэгээр тогтоогдсон байх бөгөөд хууль, холбогдох журамд шүүгчийн захирамж ямар хугацаанд бичгийн хэлбэрээр албажуулахыг нарийвчлан заагаагүй, 2023 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн шүүх хуралдааны тэмдэглэл болон шүүгчийн захирамжид “Иргэн-2014” нэгдсэн системээс авагдсан огноо, дугаарыг бичсэн нь иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааг нарийвчлан зохицуулсан “Иргэний хэргийн хөдөлгөөний нийтлэг аргачлал”-д заасан журамд нийцсэн тул шүүгчийг Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1.23-т заасныг зөрчсөн гэж үзэхгүй гэж дүгнэсэн илтгэгч гишүүний дүгнэлт үндэслэлтэй байна.
Хоёр. “2023 оны 05 дугаар сарын 12-ны өдрийн шүүх хуралдааны дараа намайг загнаж зүй бус үйлдэл гаргасан, 2023 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн шүүх хуралдааны дараа камераа хаагаад чангаар хашхирч загнасан” гэх тухайд;
Шүүх хуралдааныг шүүгч Г.А даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.А, нэхэмжлэгч Д.О, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Ж нарыг оролцуулан 2023 оны 05 дугаар сарын 12-ы өдрийн 13 цаг 45 минутад эхлүүлж, 13 цаг 58 минутад хаасан байх ба шалгах ажиллагааны хүрээнд нэхэмжлэгч Д.О-ыг өндөр чанга дуугаар загнасан, түүнд зүй бус авирласан гэдэг нь баримтаар тогтоогдоогүй байна.
Харин Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд хэргийн оролцогч нь шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх үүрэгтэй байхаар заасны дагуу шүүгчээс нотлох баримтыг шүүхэд ирүүлэх талаар нэхэмжлэгчид хэлсэн нь Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1.20-д “хэргийн оролцогч болон бусад этгээдтэй албан үүргийн хувьд харилцахдаа зүй бус авирлах, ...” гэсэн зөрчлийг гаргасан гэж үзэхгүй талаарх санал үндэслэлтэй гэж үзэхээр байна.
Учир нь дээрх зөрчлийг энгийн үг хэллэгээс өөр үг хэллэг хэрэглэж илтэд бүдүүлэг, догшин зан ааш гаргахыг ойлгохоор байх тул шүүгч хуульд заасан үүргээ биелүүлэхийг нэхэмжлэгч болон түүний өмгөөлөгчид сануулан хэлснийг “зүй бус авирласан” зөрчил гаргасан гэж үзэхгүй юм.
Гурав. “2023 оны 06 дугаар сарын 02-ны өдөр шүүх хуралдааны дэг, дарааллыг тогтоохгүйгээр шүүх хуралдааныг явуулсан, хэргийн оролцогчдын биеийн байцаалтыг тодруулаагүй” гэх тухайд;
Шүүх хуралдааны 2023 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн ... дугаар тэмдэглэлээс үзэхэд даргалагч нь нэхэмжлэгчийн өмгөөлөгч болон хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын биеийн байцаалт, шүүхэд төлөөлөх эрх болон итгэмжлэлийг шалгаагүй байдлаар бичигдсэн байх боловч О.Б, Э.Ц нараас авсан гэрчийн мэдүүлгүүдээр шүүгч Г.А-г хэргийн оролцогчдын биеийн байцаалтыг тодруулсан гэж үзэхээр байна.
Мөн хэргийг хэлэлцэх хамгийн эхний шүүх хуралдааны үед дэгийг дэлгэрэнгүй тайлбарладаг, харин дараагийн шүүх хуралдаануудын үед дахин танилцуулах шаардлага байгаа эсэхийг асуудаг гэх гэрчийн мэдүүлэг, тус өдрийн шүүх хуралдааны дуу-дүрсний бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл зэргээс үзэхэд шүүгч Г.А нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 90 дүгээр зүйлийн 90.1 дэх хэсэгт заасан шүүх хуралдааны нийтлэг журмыг танилцуулан, мөн хуулийн 98-114 дүгээр зүйлүүдэд заасан шүүх хуралдааныг дэгийн дагуу даргалан явуулсан гэдэг нь шалгах ажиллагааны хүрээнд тогтоогдсон байх тул илтгэгч гишүүний энэ талаар дүгнэсэн “даргалагч шүүгч нь шүүх хуралдааны дарааллыг заавал тогтоохыг хуулиар зохицуулаагүй, үүрэг болгоогүй тул шүүгч Г.А-г Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1.23-т заасныг зөрчсөн гэж үзэхгүй” гэх санал үндэслэлтэй байна.
Тодруулбал, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан дэг нь шүүх хуралдааны дарааллыг тодорхойлсон агуулгатай бөгөөд дэгийн дагуу шүүх хуралдааныг даргалан явуулсан тохиолдолд заавал шүүх хуралдааны дарааллыг тогтоохыг шаардахгүй.
Дөрөв. “Шүүгч хариуцагчийн байр сууринаас асуулт асууж, нэг талд үйлчилж байгаа мэт сэтгэгдэл төрүүлсэн, тэгш мэтгэлцэх боломжийг хязгаарласан” гэх тухайд;
Сахилгын хэрэгт цугларсан баримтуудаас үзвэл, нэхэмжлэгч Д.О-ыг албан үүргээ удаа дараа хангалтгүй биелүүлсэн, ёс зүйн алдаа удаа дараа гаргасан, ноцтой зөрчил гаргасан буюу ажил тасалсан улмаар галт тэрэгний хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах үүргээ биелүүлээгүй гэх үндэслэлээр түүнийг ажлаас чөлөөлсөн нь хуульд нийцсэн эсэх маргааныг хянан хэлэлцсэн байх бөгөөд шүүгч Г.А нь холбогдох иргэний хэргийн шүүх хуралдааныг даргалахдаа буюу асуулт, хариултын шатанд нэхэмжлэгчээс маргааны үйл баримттай холбоотой асуудлыг тодруулан асуужээ.
Энэ талаар илтгэгч гишүүний дүгнэсэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1 дэх хэсэгт “шүүх хэргийн оролцогчийн гаргасан нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр нотлох баримтыг өөрийн дотоод итгэлээр үнэлнэ” гэж зааснаар хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцэх үед талуудаас асуулт асууж, хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтыг шинжлэн судалж, өөрийн дотоод итгэлээр үнэлэн шийдвэр гаргах нь шүүгчид хуулиар олгогдсон бүрэн эрх тул түүнийг нэг талд үйлчилсэн, тэгш мэтгэлцэх боломжийг хязгаарласан гэж үзэхгүй гэх дүгнэлт үндэслэлтэй бөгөөд энэ нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 112 дугаар зүйлийн 112.1-д “Нотлох баримт шинжлэн судалсны дараа шүүх хуралдаан даргалагч нэмж тодруулах зүйл байгаа эсэхийг зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгчөөс асууна.” гэж заасантай нийцсэн байна.
Тодруулбал, хуульд заасан мэтгэлцэх зарчим нь зохигч, түүний төлөөлөгч, өмгөөлөгч нь хэргийн үйл баримт, гэм буруу байгаа эсэхийг нотлох буюу үгүйсгэх замаар шүүх хуралдаанд биеэр оролцож үг хэлэх, бичгээр тайлбар өгөх, нотлох баримт гаргах, түүнийг шинжлэн судлахад тэгш эрхтэй оролцох агуулгаар илэрхийлэгдэх ба шүүх хуралдааны тэмдэглэл болон дуу-дүрсний бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэлээс үзэхэд хуралдаан даргалагч нь хэргийн оролцогчдын хэн алинаас нь асуулт асуусан байх бөгөөд аливаа хэлбэрээр нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс асуулт асуух, үг хэлэх, тайлбар өгөх зэрэг эрхийг хязгаарласан болон хориглосон үйлдэл гаргаагүй байна.
Тав. “Шүүгч хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Б-тай хувийн харилцаатай гэж үзэх хардлагыг төрүүлсэн” гэх тухайд;
Өргөдөл гаргагч нь өргөдөлдөө “...шүүх хуралдааны дараа хариуцагч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Б-тай өөрийн шийдвэрлэсэн хэргийн талаар “би шийдээд явуулсан яагаад буцчихав аа” гэсэн агуулгатай зүйлийг ярилцсан зэргээс үзвэл шүүгч нь О.Б-ай хувийн харилцаатай...” гэж дурджээ.
Шалгах ажиллагааны явцад Э.Ц болон О.Б нараас авсан гэрчийн мэдүүлгээс үзэхэд дээрх агуулга бүхий яриа шүүгч болон хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Б нарын хооронд болсон болох нь тогтоогдсон байх боловч өмнө нь шийдвэрлэсэн хэргийн талаар ярьсан үйлдлээр шүүгч Г.А-г Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1.19-д заасан зөрчлийг гаргасан гэж үзэхгүй гэх дүгнэлт үндэслэлтэй.
Учир нь, хувийн харилцаа тогтоох гэдгийг хувь хүмүүсийн хооронд хэлхээ холбоо тогтоох гэж Монгол хэлний их тайлбар тольд тайлбарласан бөгөөд Г.А нь шүүгч бус хувь хүн гэх талаас хэргийн оролцогчтой харилцсан гэж үзэхээргүй байна.
Түүнчлэн тус иргэний хэргийн нэхэмжлэгч Д.О-аас дээрх үндэслэлээр шүүгч Г.А-г татгалзан гаргах хүсэлтийг гаргахад ... шүүхийн Ерөнхий шүүгчийн 2023 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн ... дугаар захирамжаар хувийн харилцаатай болох нь тогтоогдохгүй байна гэх үндэслэлээр хүсэлтийг хангахгүй орхиж шийдвэрлэсэн болохыг дурдах нь зүйтэй байна.
Иймд өргөдөлд дурдсан агуулгад илтгэгч гишүүн үндэслэл бүхий дүгнэлт хийсэн байх тул сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох саналыг хүлээн авах нь зүйтэй гэж бүрэлдэхүүн үзлээ.
Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 112 дугаар зүйлийн 112.1.2, 112.2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Сахилгын хорооны гишүүний 2023 оны 09 дүгээр сарын 07-ны өдрийн ГС/2023/0094 дугаартай “Сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох тухай” саналыг хүлээн авч, ... шүүхийн шүүгч Г.А-д холбогдох сахилгын хэргийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2.Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 112 дугаар зүйлийн 112.6 дахь хэсэгт зааснаар магадлал гаргаснаас хойш 14 хоногийн дотор сахилгын хэргийн оролцогч болон өргөдөл, мэдээлэл гаргагчийн оршин суугаа газрын эсхүл ажлын газрын хаягаар баталгаат шуудангаар хүргүүлэхийг Ажлын албанд даалгасугай.
3.Дээрх журмаар хүргүүлснээр магадлалыг гардан авсанд тооцох ба энэ нь гомдол гаргах хугацааг тоолох үндэслэл болохыг мэдэгдсүгэй.
4.Магадлалыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор сахилгын хэргийн оролцогч гомдол, илтгэгч гишүүн эсэргүүцэл гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ Х.ХАШБААТАР
ГИШҮҮН Д.АРИУНТУЯА
О.НОМУУЛИН