info@judiscom.mn 976 - 77113838 Холбоо барих ШИЛЭН ДАНС
ENMNG

МОНГОЛ УЛС

ШҮҮХИЙН САХИЛГЫН ХОРОО

МАГАДЛАЛ

2023-06-29

Дугаар 97

Улаанбаатар хот

Сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

Шүүхийн  сахилгын хорооны хуралдааныг гишүүн Б.Сугар даргалж, гишүүн Ц.Давхарбаяр, Х.Хашбаатар нарын бүрэлдэхүүнтэй, илтгэгч гишүүн Д.Эрдэнэчулуун, холбогдох шүүгч ... шүүхийн шүүгч О.Б /цахимаар/, ... шүүхийн шүүгч З.Э /цахимаар/, өргөдөл гаргагч Г.Н /ажиглагчаар/, нарийн бичгийн дарга Б.Батбаяр нарыг оролцуулан тус хорооны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар:

... шүүхийн шүүгч О.Б, шүүхийн шүүгч З.Э нарт холбогдох сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох тухай саналыг хянан хэлэлцэв.   

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Сахилгын хорооны гишүүний 2023 оны 06 дугаар сарын 14-ний өдрийн ГС/2023/0088 дугаартай “Сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох тухай санал”-д:

“...1.Шүүгч З.Э, Ж.Д нарыг татгалзан гаргах тухай хүсэлтийг тус шүүхийн Ерөнхий шүүгч шийдвэрлэж захирамж гаргах байтал татгалзсан 2 шүүгчийн хамт зөвлөлдөх тасалгаанд орж шүүхийн тогтоол гаргаж байгаа нь Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1.33-т заасан зөрчил гэх тухайд:

          Нэхэмжлэгч А.М-н нэхэмжлэлтэй, хариуцагч Н.Б-д холбогдох иргэний хэргийн шүүх бүрэлдэхүүнд орох шүүгчийг санал болгуулахаар Сүхбаатар аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2023 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн 1/04 дүгээр албан бичгийг Дорнод аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд хүргүүлжээ.

          Дорнод аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх нь 2023 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн 1/13 дугаар албан бичгээр шүүх бүрэлдэхүүнд оролцох шүүгч нарын нэрсийг явуулсны дагуу Сүхбаатар аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгчийн 2023 оны 01 дүгээр сарын 23-ны өдийн 222/ЕШ2023/00001 дүгээр захирамжаар А.М-н нэхэмжлэлтэй, хариуцагч Н.Б-д холбогдох иргэний хэргийг хянан шийдвэрлэх шүүх бүрэлдэхүүнд ... шүүхийн шүүгч О.Б, ... шүүхийн шүүгч З.Э, Ж.Д нарыг томилсон шийдвэрийг албажуулсан байна.

          Хариуцагчийн өмгөөлөгч Г.Н нь Сүхбаатар аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2023 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн шүүх хуралдааны явцад Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 92 дугаар зүйлийн 92.2 дахь хэсэгт зааснаар эрхийнхээ дагуу шүүх бүрэлдэхүүний 2 шүүгч болох шүүгч З.Э, Ж.Д нараас татгалзан гаргах хүсэлт гаргажээ.

          Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 91 дүгээр зүйлийн 91.1 дэх хэсэгт заасан 4 үндэслэл байвал шүүгч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцож болохгүй хуулийн зохицуулалттай байна. Мөн зүйлийн 91.2 дахь хэсэгт зааснаар иргэний хэргийг анхан болон давж заалдах, хяналтын шатны журмаар хянан шийдвэрлэхэд урьд нь оролцсон шүүгч уг хэрэг, маргааныг өөр шатны журмаар хянан шийдвэрлэхэд оролцож болохгүйгээс гадна тус хуулийн 91 дүгээр зүйлийн 91.1 дэх хэсэгт зааснаас бусад үндэслэлээр шүүгчийг татгалзаж болохгүй юм.

          Шүүгч О.Б-н “...миний бие 2021 оны 3 дугаар сарын 01-ний өдөр хүчин төгөлдөр болсон Монгол Улсын шүүхийн тухай хуулиар Ерөнхий шүүгчийн албан тушаалаас өөрчлөгдсөн” гэх тайлбараар тэрээр ... шүүхийн Ерөнхий шүүгч биш болсон, мөн ...шүүхийн Ерөнхий шүүгч С.О-н 2023 оны 5 дугаар сарын 05-ны өдрийн 1/56 дугаар албан бичгээс үзэхэд  2022 оны 12 дугаар сарын 23-ны өдөр өндөр насны тэтгэвэртээ гарах хүртэл хугацаанд мөн шүүхийн Ерөнхий шүүгчийн албан тушаалыг Д.Б хашиж байсан, энэ хугацаанаас эхлэн тус шүүхийн Ерөнхий шүүгчийн албан үүргийг шүүгч С.О орлон гүйцэтгэж байгаад хуулийн дагуу Ерөнхий шүүгчээр сонгогдон ажиллаж байна.

          Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 92 дугаар зүйлийн 92.6 дахь хэсэгт “хэд хэдэн буюу хэргийг дангаар шийдвэрлэж байгаа шүүгчийг, түүнчлэн шүүх бүрэлдэхүүнийг татгалзан гаргах хүсэлтийг тухайн шүүхийн Ерөнхий шүүгч шийдвэрлэж захирамж гаргана” гэж зааснаар хариуцагчийн өмгөөлөгч Г.Н-н “шүүх бүрэлдэхүүний 2 шүүгчийг татгалзан гаргах тухай” хүсэлтийг тус шүүхийн Ерөнхий шүүгчээр шийдвэрлүүлэх нь зүйн хэрэг юм.

Гэхдээ тус шүүхийн Ерөнхий шүүгч С.О-н нөхөр Г.Э тухайн маргаан бүхий иргэний хэргийн хариуцагч Н.Б-н өмгөөлөгчөөр хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцож байсан тул нэхэмжлэгч А.М-н нэхэмжлэлтэй, хариуцагч Н.Б-д холбогдох иргэний хэргийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанаас Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 91 дүгээр зүйлийн 91.1.2-т зааснаар өөрөө татгалзан гарсан болох нь тус шүүхийн Ерөнхий шүүгч С.О-н 2023 оны 5 дугаар сарын 05-ны өдрийн 1/56 дугаар албан бичиг, мөн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Ерөнхий шүүгч С.О-н “татгалзан гарах тухай” хүсэлт, уг хүсэлтийг хүлээн авч шийдвэрлэсэн тухайн үед Ерөнхий шүүгчээр ажиллаж байсан О.Б-н 2020 оны 9 дүгээр сарын 28-ны өдрийн 222/ЕШ2020/00020 дугаар захирамжаар тус тус тогтоогдож байна.

... шүүхэд 2 шүүгч ажиллаж байгаагийн Ерөнхий шүүгч С.О нь хариуцагчийн өмгөөлөгч Г.Н-н “шүүх бүрэлдэхүүний 2 шүүгчийг татгалзан гаргах тухай” хүсэлтийг шийдвэрлэх боломжгүй байсан, мөн тус шүүхийн шүүгчдийн зөвлөгөөнийг даргалан явуулах боломжгүй болсон тул Улсын дээд шүүхийн нийт шүүгчдийн хуралдааны 2023 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн 05 дугаар тогтоолын дагуу түргэн шуурхай, зардал багатай шийдвэрлэх байдлыг харгалзан адил шатны шүүх болох Хэнтий аймгийн Эрүү, Иргэний  хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгчдийн зөвлөгөөнөөр дээрх хүсэлтийг шийдвэрлүүлснийг буруутгах үндэслэлгүй юм.

Өөрөөр хэлбэл, Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.8 дахь хэсэгт “тухайн шүүхийн шүүгчдийн дийлэнх олонх оролцсоноор Зөвлөгөөнийг хүчинтэйд тооцох бөгөөд энэ хуулийн 19.2-т заасан асуудлыг Зөвлөгөөнд оролцсон шүүгчдийн олонхын саналаар шийдвэрлэж, тогтоол гаргана” гэж зааснаар шүүгчдийн зөвлөгөөн болох боломжгүй нөхцөл байдал байдал үүссэн байна.

Иймд уг шүүх хуралдааныг цааш үргэлжлүүлэн явуулах боломжгүй болсон тул Сүхбаатар аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2023 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн 222/ШТ2023/00001 дүгээр тогтоолын 1 дүгээр заалтаар шүүх хуралдааныг 2023 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн 11 цаг 30 минут хүртэл хойшлуулж, 2 дугаар заалтаар хариуцагчийн өмгөөлөгч Г.Н-н хүсэлтийг шийдвэрлүүлэхээр холбогдох баримтын хамт Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд хүргүүлжээ.

Дээрх 222/ШТ2023/00001 дүгээр тогтоолоос үзэхэд хариуцагчийн өмгөөлөгч Г.Н-н хүсэлтийг уг бүрэлдэхүүн шийдвэрлээгүй, харин шүүх хуралдааныг үргэлжлүүлэх боломжгүй нөхцөл байдал үүссэн тул хүсэлтийг Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхээр шийдвэрлүүлэхээр хуулиар олгогдсон бүрэн эрхийнхээ хүрээнд шүүх хуралдааныг хойшлуулсан байна.

Сахилгын хэргийг шалгах ажиллагааны явцад 2023 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн шүүх хуралдааны дуу-дүрсний бичлэгт үзлэг хийхэд “2023-02-09-02” гэх нэртэй бичлэгийн 4 минут 54 секундээс шүүх бүрэлдэхүүний шүүгч З.Э “Н өмгөөлөгч өө, одоо бол татгалзлын асуудлыг бид нар хэлэлцээгүй байхгүй юу. Ерөөсөө татгалзал хэлэлцээгүй. Бид нар татгалзлын асуудлыг хэлэлцүүлэхийн тулд өөр аймгийн адил шатны шүүх руу энэ асуудлаа шилжүүлнэ. Шилжүүлэхийн тулд яах вэ гэхээр бид нар шүүх хуралдааныг хойшлуулах л тогтоолоо гаргаж байгаа байхгүй юу” гэх тайлбараар хариуцагчийн өмгөөлөгчийн хүсэлтийг шийдвэрлээгүй, харин өмгөөлөгч Г.Н-н хүсэлтийг шийдвэрлүүлэхээр уг  шүүх хуралдааныг хойшлуулсан нь тогтоогдож байна.

Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1.33-т “шийдвэр гаргахаар зөвлөлдөх явцад бусадтай аливаа хэлбэрээр харилцах, зөвлөлдөх тасалгааны нууцыг задруулах” гэж заажээ.

Тус шүүхийн 2023 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн шүүх хуралдааны дуу-дүрсний бичлэгт үзлэг хийхэд “2023-02-09-02” гэх нэртэй бичлэгийн 4 минут 23 секундээс даргалагч “Ерөнхий шүүгчийн тухайд бол хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцоогүй ч гэсэн, өмнө нь татгалзсан учраас Ерөнхий шүүгчийн эрх хэмжээгээр шийдэж болохгүй байдал руу шилжээд байгаа байхгүй юу. Тийм учраас шүүгчдийн зөвлөгөөнөөр шийдвэрлэх хэрэгтэй болоод байдаг. Гэтэл шүүгчдийн зөвлөгөөнд шүүгч хүрэлцэхгүй, ганцхан би үлдчихээд байна. Ерөнхий шүүгч захирамж гаргаж болохгүй болчхоод байна” гэж хэлсэн тайлбар болон мөн тус шүүхийн Ерөнхий шүүгчийн 2023 оны 5 дугаар сарын 05-ны өдрийн 1/56 дугаар албан бичгээс үзэхэд хариуцагчийн өмгөөлөгчийн хүсэлтийг Ерөнхий шүүгч шийдвэрлэх боломжгүй нөхцөл байдал бүрдсэн байна.

Иймд шүүх бүрэлдэхүүн Монгол Улсын дээд шүүхийн нийт шүүгчдийн хуралдааны 2023 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн 05 дугаар тогтоолын дагуу хүсэлтийг адил шатны шүүхээр шийдвэрлүүлэхээр шүүхийн 2023 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн 149/ШТ2023/00001 дүгээр тогтоол гаргаж, шүүх хуралдааныг хойшлуулсныг Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1.33-т заасан зөрчлийг гаргасан гэж үзэхгүй.

         2. Шүүгч З.Эг, Ж.Д нарыг татгалзан гаргах тухай хүсэлтээ дахин гаргахад “та юу яриад байна, таны татгалзлыг урьд нь шийдвэрлэсэн, олон юм яриад байвал таныг гаргаж байгаад шийдвэр гаргана” гэж сүрдүүлэн шүүх хуралдааныг цааш үргэлжлүүлсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 92 д угаар зүйлийн 92.4, 92.8, Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1.1, 50.1.23, 50.1.20-д заасныг зөрчсөн гэх тухайд:

Монгол Улсын дээд шүүхийн нийт шүүгчдийн хуралдааны 2023 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн 05 дугаар “Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 84, 91, 92 дугаар зүйлийн зарим хэсэг, заалтыг тайлбарлах тухай” тогтоолын 5.5 дахь хэсэгт “адил шатны өөр шүүхийн шүүгчдийн зөвлөгөөнөөр татгалзан гаргах асуудлыг шийдвэрлүүлэхээр шилжүүлэхдээ тогтоолд хүсэлт, холбогдох баримтыг хавсаргаж хүргүүлэх, тухайн шүүхийг түргэн шуурхай, зардал багатай шийдвэрлэх байдлыг нь харгалзан сонгохыг, түүнчлэн тогтоолын үндэслэл болон харьяаллын талаар шүүхүүд хоорондоо маргаж болохгүйг тус тус тайлбарлав”, “ТАЙЛБАРЛАХ нь” хэсгийн 5-д "хэд хэдэн шүүгч гэж хэргийг хянан шийдвэрлэхээр томилогдсон шүүх бүрэлдэхүүний олонхыг ойлгоно. Хуулийн энэ хэсэг нь татгалзан гаргах асуудлыг шийдвэрлэх Ерөнхий шүүгчийн бүрэн эрхийг зохицуулсан тул шүүх бүрэлдэхүүнд Ерөнхий шүүгч оролцоогүй тохиолдол гэж үзнэ”, 6-д “...бүрэлдэхүүний олонхыг татгалзсан, ....тохиолдолд тухайн шүүхийн шүүгчдийн зөвлөгөөнөөр шийдвэрлэнэ. Харин тухайн шүүхийн бүх шүүгчдийг татгалзсан, эсхүл нийт шүүгчийн олонхыг татгалзсанаас шүүгчдийн зөвлөгөөний ирц бүрдэхгүй болсон тохиолдолд хүсэлтийг адил шатны өөр шүүхийн шүүгчдийн зөвлөгөөн хэлэлцэж шийдвэрлэнэ. Хүсэлтийг шийдвэрлэх адил шатны өөр шүүхийг түргэн шуурхай, зардал багатай шийдвэрлэх байдлыг нь харгалзан сонгож, шүүгчдийн зөвлөгөөний тогтоолыг хүсэлт, холбогдох баримтын хамт хүргүүлнэ. Адил шатны өөр шүүх татгалзан гаргах хүсэлтийг даруй шийдвэрлэж, шүүгчдийн зөвлөгөөний тогтоолоо баримтуудын хамт холбогдох шүүхэд буцаан хүргүүлсний дараа үр дагаврыг энэ хуулийн 93 дугаар зүйлд заасан журмаар шийдвэрлэнэ” гэж тус тус тайлбарлажээ.

Улсын дээд шүүхийн нийт шүүгчдийн хуралдааны дээрх тогтоолыг шүүхүүд 2023 оны 02 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдсөн бөгөөд хариуцагчийн өмгөөлөгч Г.Н-н “шүүх бүрэлдэхүүний 2 шүүгчийг татгалзан гаргах тухай” хүсэлтийг адил шатны шүүхээр шийдвэрлүүлэхээр Сүхбаатар аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2023 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн 1/11 дугаартай албан бичгээр Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх рүү холбогдох баримтуудыг хүргүүлсэн байна.

Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгчдийн 2023 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн зөвлөгөөнөөр хариуцагчийн өмгөөлөгч Г.Н-н “шүүгч нарыг татгалзан гаргах тухай” хүсэлтийг хэлэлцэн, 226/ЗТ2023/00005 дугаар тогтоолоор хангахаас татгалзжээ.

Сүхбаатар аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2023 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн шүүх хуралдааны дуу-дүрсний бичлэгт үзлэг хийхэд

  • Бичлэгийн 01 минут 54 секундээс даргалагч “...өчигдрийн олонхыг татгалзсан асуудлыг шийдвэрлэсэн тогтоолыг танилцуулъя. Хариуцагчийн өмгөөлөгчийн гаргасан хүсэлтийн дагуу Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгчдийн зөвлөгөөний 2023 оны 02 дугаар сарын 10-ны өдөр хүсэлтийн хянан хэлэлцээд 05 дугаартай тогтоол гарсан байна. Үүний үндэслэх нь хэсгийг уншаад өгье. /уншиж өгөв/ ...Ингээд татгалзсан шийдвэрийг танилцууллаа. Шүүх хуралдааныг цааш үргэлжлүүлье” гэхэд
  • Бичлэгийн 4 минут 24 секундэд цахимаар оролцож буй хариуцагчийн өмгөөлөгч Г.Н “миний хүсэлтийг хангахаас татгалзсан байна гэж би ойлголоо. Би шүүх хуралдааны аль ч шатанд татгалзах эрхтэй хуульд зааснаар. Яагаад гэвэл шүүх бүрэлдэхүүнийг...” гэж ярьж байх үед
  • Бичлэгийн 4 минут 50 секундээс даргалагч яриаг нь таслан “Н өмгөөлөгчөө нэгэнт шийдвэрлэсэн тогтоолд гомдол гаргах эрхгүй гэж заасан учраас наад талаар чинь тайлбар хүлээж авахгүй, шүүх хуралдааныг цааш нь үргэлжлүүлнэ” гэхэд хариуцагчийн өмгөөлөгч ярьж байх боловч түүний яриа сайн сонсогдохгүй байна. Даргалагч алх цохиод “тайлбар авахгүй, Н өмгөөлөгч өө тайлбар авахгүй энэ талаар. Нэгэнт шийдвэрлээд дууссан учраас цааш үргэлжлүүлье” гэж хэлэх үед цахимаар оролцож буй хариуцагчийн өмгөөлөгч Г.Н ярьсаар байх боловч түүний яриа сонсогдохгүй байв.
  • Бичлэгийн 5 минут 09 минутад даргалагч “шүүх хуралдаанд оролцох эрх, үүргийг танилцуулж өгье. Н өмгөөлөгчөө би танд 1 удаа санууллаа шүү, 2 дахь удаагаа сануулбал хуульд заасан арга хэмжээ авна шүү. Шүүх хуралдаанд саад учруулж цааш нь явуулахгүй” гэх үед цахимаар оролцож буй хариуцагчийн өмгөөлөгч Г.Н “хууль зөрчөөд байна ш дээ” гэв. Даргалагч “хууль зөрчсөн асуудал байхгүй, таны хүсэлтийг хуулийн дагуу шийдвэрлэсэн” гэж хэлж байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 170 дугаар зүйлийн 170.1 дэх хэсэгт “зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч энэ хуулийн 20.1, 38.9, 65.1.1-65.1.8, 65.1.10, 69.1, 92.4, 97.1, 100.2 дахь хэсэг, 80, 117, 124 дүгээр зүйлд заасан шүүхийн тогтоол, шүүгчийн захирамж, шийтгэвэрт гарсан өдрөөс нь хойш 10 хоногийн дотор тухайн шатны шүүхэд гомдол гаргаж болно” гэж зааснаар Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгчдийн зөвлөгөөний 2023 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн 226/ЗТ2023/00005 дугаар тогтоолд гомдол гаргах эрхгүй буюу тухайн тогтоол нь эцсийн шийдвэр юм.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 90 дүгээр зүйлийн 90.1 дэх хэсэгт “шүүх хуралдааны танхимд байгаа бүх хүн шүүхийг хүндэтгэх, хуралдааны танхимд тогтоосон журмыг сахих, хуралдаан даргалагчийн шийдвэрт захирагдах үүрэгтэй”, мөн зүйлийн 90.4 дэх хэсэгт “шүүх хуралдааны журам зөрчсөн этгээдэд эхний удаа шүүх хуралдаан даргалагч урьдчилан сануулна. Дахин зөрчил гаргасан этгээдийг шүүх хуралдаан даргалагч шүүх хуралдааны танхимаас гаргаж, энэ тухай шүүх хуралдааны тэмдэглэлд тусгуулж, хууль тогтоомжид заасан хариуцлага хүлээлгэнэ” гэж тус тус зааснаар шүүх хуралдаан даргалагч, шүүгч О.Б хариуцагчийн өмгөөлөгч Г.Н-д хандан шүүх хуралдааны дэгийг сахиулж, анхааруулан, алх цохисон үйлдлийг буруутгахгүй.

Түүнчлэн тухайн өдрийн шүүх хуралдааны дуу-дүрсний бичлэгт үзлэг хийхэд шүүх бүрэлдэхүүн хариуцагчийн өмгөөлөгч Г.Н-д хандан “та юу яриад байна, таны татгалзлыг урьд нь шийдвэрлэсэн, олон юм яриад байвал таныг гаргаж байгаад шийдвэр гаргана шүү” гэж хэлээгүй, харин “Н өмгөөлөгчөө, нэгэнт шийдвэрлэсэн тогтоолд гомдол гаргах эрхгүй гэж заасан учраас наад талаар чинь тайлбар хүлээж авахгүй, шүүх хуралдааныг цааш нь үргэлжлүүлье” гэж хэлсэн болохыг дурдах нь зүйтэй.

          Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1.1-д “албан тушаалын байдал, эрх нөлөөгөө урвуулан ашиглаж өөртөө, эсхүл бусдад давуу байдал бий болгох”, 50.1.23-т “хуулийн илт тодорхой заалтыг ноцтой, эсхүл удаа дараа зөрчсөн үйлдэл, эс үйлдэхүй гаргах”, 50.1.20-д ” хэргийн оролцогч болон бусад этгээдтэй албан үүргийн хувьд харилцахдаа зүй бус авирлах, эсхүл хуралдааны дэг сахиулах хүрээнд бусдын зүй бус авирыг таслан зогсоох талаар шаардлага тавих үүргээ биелүүлэхгүй байх” гэж тус тус заасан.

          Шүүх бүрэлдэхүүн хуульд заасан чиг үүргийнхээ хэмжээнд шүүх хуралдааны дэгийг сахиулсан үйлдэл нь өөртөө болон бусдад давуу байдал бий болгосон, хуулийн илт тодорхой заалтыг зөрчсөн үйлдэл биш бөгөөд харин ч шүүх хуралдааны дэг сахиулах хүрээнд таслан зогсоох талаар шаардлага тавих үүргээ биелүүлснийг хариуцагчийн өмгөөлөгч Г.Н-г сүрдүүлсэн гэж үзэхгүй тул шүүгч О.Б, З.Э нарыг сахилгын зөрчил гаргаагүй гэж үзнэ.

            3. Өргөдөл гаргагч нь өргөдөлдөө “анхан шатны шүүхийн 2022 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн шүүх хуралдаанд гэрч Д.Д, Н.Б нарыг асуулгах гэх хүсэлт гаргасан боловч шүүх шийдвэрлэхдээ ямар нэгэн эрх зүйн акт үйлдээгүй, тайлбар хийлгүй шүүх хуралдааныг цааш үргэлжлүүлсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1, 38.9 дэх хэсэгт заасныг ноцтой зөрчсөн” гэх тухайд:

          Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт “Зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нь өөрийн шаардлага ба татгалзлын үндэс болж байгаа байдлын талаарх нотлох баримтаа өөрөө гаргаж өгөх, цуглуулах үүрэгтэй, 38.9 дэх хэсэгт “Шүүх хуралдааны явцад шинээр нотлох баримт шаардагдвал шүүх хуралдааныг нэг удаа хойшлуулах, хэрэгт хамааралгүй, нотолгооны ач холбогдолгүй, хуулиар зөвшөөрөгдөөгүй баримтыг хэргийн нотлох баримтаас хасах буюу шаардан авахаас татгалзах эрхийг шүүх эдлэх бөгөөд эдгээр тохиолдолд шүүх тогтоол, шүүгч захирамж гаргана” гэж тус тус заасан.

          Дээрх хуулийн зохицуулалтыг 2014 оны Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн дэлгэрэнгүй тайлбарт мөн хуулийн 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсгийг “нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа, хариуцагч татгалзлын үндэслэл болсон өөрсдөө шүүхэд гаргаж өгөх буюу ач холбогдолтой гэж үзсэн нотлох баримтаа өөрсдөө цуглуулан өөрөө, болон төлөөлөгч, өмгөөлөгчөөрөө дамжуулан шүүхэд гаргаж өгөх” гэж тайлбарлажээ.

          Өөрөөр хэлбэл дээрх хуулийн зохицуулалт нь мөн хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2-т “хэргийн оролцогч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүнийг үгүйсгэх, татгалзах үндэслэл, тайлбар түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх үүрэгтэй” гэж заасантай уялдана.

          Харин уг дэлгэрэнгүй тайлбарт 38 дугаар зүйлийн 38.9 дэх хэсэгт заасныг “шүүхийн эрх хэмжээ, түүний явуулах ажиллагаатай холбоотой. Тодруулбал, шүүх хуралдааны явцад шинээр нотлох баримт шаардагдвал шүүх нь шүүх хуралдааныг нэг удаа хойшлуулах, нотлох баримт гаргах, цуглуулах, бүрдүүлэх явцад цугларсан нотлох баримтуудыг шүүгч судалж, хэрэгт хамааралгүй, нотолгооны ач холбогдолгүй, хуулиар зөвшөөрөгдөөгүй баримтыг хэргийн нотлох баримтаас хасах эрхтэй” гэж тайлбарласан байна.

          Хуулийн уг зохицуулалт нь шүүх өөрийн санаачилгаар шүүх хуралдааныг нэг удаа хойшлуулж болох эрхийг олгосон зохицуулалт билээ.

          Сүхбаатар аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2023 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн 222/МА2023/00003 дугаар магадлалын “ХЯНАВАЛ” хэсгийн 3.14-т “хариуцагчийн өмгөөлөгч Г.Н нь анхан шатны шүүхийн 2022 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн шүүх хуралдаан эхлэхээс өмнө гэрчээр асуулгах хүсэлт гаргаагүй, харин шүүх хуралдааны явцад Д.Д, Н.Б нарыг асуух хэрэгтэй гэж тайлбар өгсөн боловч урьд нь хариуцагчийн өмгөөлөгчийн гэрч асуулгах тухай хүсэлтийг анхан шатны шүүхийн шүүгчийн 2021 оны 7 дугаар сарын 21-ний өдрийн 690 дүгээр захирамжаар хангахаас татгалзаж шийдвэрлэсэн байна” гэж тэмдэглэжээ.

          Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.3.2-т зааснаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд өмгөөлөгч гэрчээр асуулгах хүсэлт гаргах эрхтэй. Мөн хуулийн 105 дугаар зүйлийн 105.2 дахь хэсэгт “хэрэг хянан шийдвэрлэхтэй холбогдолтой нэмэлт тайлбар, нотлох баримтыг урьд нь гаргах буюу санал болгох бололцоотой байсан боловч шүүх хуралдааны үед гаргасан нь хүндэтгэн үзэх шалтгаантай гэж шүүх үзвэл түүнийг хүлээн авч, шинжлэн судлах шаардлагатай бол шүүх хуралдааныг нэг удаа хойшлуулж болно” гэж заасан.

          Гэтэл хариуцагчийн өмгөөлөгч Г.Н шүүх хуралдааны хүсэлтийн шатанд “гэрч асуулгах тухай” хүсэлтээ гаргаагүй бөгөөд шүүх хуралдаанаар хэргийг хэлэлцэж эхэлсний дараа шүүх хуралдааны явцад “Д.Д, Н.Б нарыг асуух хэрэгтэй гэх тайлбар хэлснийг” хүсэлт гаргасан гэж үзэхгүй.

          Тухайн хүсэлтийг Сүхбаатар аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2021 оны 7 дугаар сарын 21-ний өдрийн 690 дүгээр захирамжаар шийдвэрлэсэн, уг захирамж хуулийн хүчин төгөлдөр болсон байна.

          Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1 дэх хэсэгт “шүүх хэргийн оролцогчийн гаргасан нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр нотлох баримтыг өөрийн дотоод итгэлээр үнэлнэ”, 40.2 дахь хэсэгт “нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлнэ” гэж тус тус зааснаар анхан шатны шүүхийн шүүгч өөрийн дотоод итгэлээр нотлох баримтыг үнэлэн, шийдвэр гаргасан гэж үзнэ.

          Шүүхийн сахилгын хороонд шүүхийн шийдвэрийг үнэлэх, хүчингүй болгох, өөрчлөлт оруулах эрхийг хуулиар олгоогүй болохыг дурдах нь зүйтэй.

          Сүхбаатар аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн 425 дугаар шийдвэрийг тус аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх 2023 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн шүүх хуралдаанаар хэлэлцэн, 222/МА2023/00003 дугаар магадлалаар хянасан тул анхан шатны шүүхийн шүүгчид сахилгын хэрэг үүсгэн, шалгах ажиллагаа явуулах шаардлагагүй гэж үзсэн болно.

          Түүнчлэн холбогдох шүүгч З.Э тайлбартаа “маргаан бүхий иргэний хэргийн нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ч.Э-г гэрчээр асуулгах тухай” хүсэлт гаргасан.

          Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 105 дугаар зүйлийн 105.2.3-т зааснаар гэрчийг дуудаж мэдүүлэг авах нь илтгэгч гишүүний бүрэн эрх юм.

          Шалгах ажиллагааны явцад холбогдох шүүгч О.Б, З.Э нар сахилгын зөрчил гаргасан гэх үйл баримт тогтоогдоогүй тул өмгөөлөгч Ч.Э-с гэрчийн мэдүүлэг авах шаардлагагүй гэж үзсэн болно.

Дээрхийг нэгтгэн дүгнэвэл өмгөөлөгч Г.Н-н өргөдөлд дурдсан асуудлаар О.Б, З.Э нарыг Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1.1, 50.1.20, 50.1.23, 50.1.33-т заасан шүүгчид хориглосон заалтыг зөрчсөн гэх үйл баримт тогтоогдоогүй тул тэдэнд үүсгэсэн сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох санал гаргав” гэжээ.

ҮНДЭСЛЭХ НЬ:

Шүүхийн сахилгын хорооны гишүүний 2023 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн “Сахилгын хэрэг үүсгэх тухай” ГЗҮ/2023/0060 дугаар захирамжаар ... шүүхийн шүүгч О.Б, ... шүүгч З.Энхцэцэг нарт холбогдуулан илтгэгч гишүүн сахилгын хэрэг үүсгэн, шалгах ажиллагаа явуулжээ.

Сүхбаатар аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2023 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн шүүх хуралдаанаар А.М-н нэхэмжлэлтэй, хариуцагч Н.Б-д холбогдох иргэний хэргийг хянан хэлэлцэх явцад хариуцагчийн өмгөөлөгч Г.Н шүүх бүрэлдэхүүний 2 шүүгч болох шүүгч З.Э, Ж.Д нараас татгалзан гаргах хүсэлт гаргасан байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 92.6-д хэд хэдэн буюу хэргийг дангаар шийдвэрлэж байгаа шүүгчийг, түүнчлэн шүүх бүрэлдэхүүнийг татгалзан гаргах тухай хүсэлтийг тухайн шүүхийн Ерөнхий шүүгч шийдвэрлэж захирамж гаргах зохицуулалттай боловч тус шүүхийн Ерөнхий шүүгч С.О-н нөхөр Г.Э нь уг иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд хариуцагчийн өмгөөлөгчөөр оролцож байсан тул шүүгч өөрөө Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 91 дүгээр зүйлийн 91.1.2-т заасан үндэслэлээр тухайн хэрэг маргааныг хянан шийдвэрлэх ажиллагаанаас татгалзан гарсан байна.  

Иймд тухайн шүүх хариуцагчийн өмгөөлөгчийн гаргасан шүүх бүрэлдэхүүний олонхыг татгалзан гаргах тухай хүсэлтийг шийдвэрлэх боломжгүй болсон тул холбогдох хууль тогтоомжид Ерөнхий шүүгч дангаар хэрэг хянан шийдвэрлэх явцад түүнийг татгалзсан буюу тухайн шүүхийн бүх шүүгчдийг татгалзсан бол шүүгчдийн зөвлөгөөн олонхын саналаар шийдвэрлэн тогтоол гаргана; тухайн шүүхийн бүх шүүгчдийг татгалзсан, эсхүл нийт шүүгчийн олонхыг татгалзсанаас шүүгчдийн зөвлөгөөний ирц бүрдэхгүй болсон тохиолдолд хүсэлтийг адил шатны өөр шүүхийн шүүгчдийн зөвлөгөөн хэлэлцэж шийдвэрлэнэ гэж тус тус заасныг үндэслэн Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгчдийн зөвлөгөөнөөр дээрх хүсэлтийг шийдвэрлүүлэхээр тогтоол гаргасныг сахилгын зөрчил гэж үзэх хууль зүйн үндэслэлгүй байна гэж бүрэлдэхүүн үзэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 90 дүгээр зүйлийн 90.1 дэх хэсэгт зааснаар шүүх хуралдааны танхимд байгаа бүх хүн шүүхийг хүндэтгэх, хуралдааны танхимд тогтоосон журмыг сахих, хуралдаан даргалагчийн шийдвэрт захирагдах үүрэгтэй. Түүнчлэн шүүх хуралдаан даргалагч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан дэг журам, хугацааны дагуу явуулах нөхцөлийг бүрдүүлэх, хэргийн оролцогчийн эрх, үүргээ хэрэгжүүлэх, мэтгэлцэх зарчмыг хангах, шүүх хуралдааны дэг сахиулах талаар шаардлагатай арга хэмжээг авах үүрэгтэй гэж зааснаар шүүх хуралдаан даргалагч, шүүгч О.Б-н шүүх хуралдааны дэг сахиулах хүрээнд шаардлага тавих үүргээ биелүүлснийг хариуцагчийн өмгөөлөгчийг сүрдүүлсэн, зүй бус авирласан, албан тушаалын байдлаа урвуулан ашигласан гэж үзэхгүй гэсэн илтгэгч гишүүний санал үндэслэл бүхий байна.

Иймд .. шүүхийн шүүгч О.Б, ... шүүгч З.Э нарт холбогдох сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох илтгэгч гишүүний саналыг хүлээн авч сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 112 дугаар зүйлийн 112.1, 112.1.2, 112.2 дах хэсэгт заасныг удирдлага болгон

ТОГТООХ НЬ:

1. ... шүүхийн шүүгч О.Б, ... шүүгч З.Э нарт холбогдох сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох тухай саналыг хүлээн авч сахилгын хэргийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.       

2. Магадлалыг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Сахилгын хороонд сахилгын хэргийн оролцогч гомдол, илтгэгч гишүүн эсэргүүцэл гаргаж болохыг дурдсугай.

3. Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 112 дугаар зүйлийн 112.6-т зааснаар магадлал гаргаснаас хойш 14 хоногийн дотор сахилгын хэргийн оролцогч болон гомдол, өргөдөл гаргагчийн оршин суугаа газрын эсхүл ажлын газрын хаягаар баталгаат шуудангаар, эсхүл ажлын албаны ажилтнаар хүргүүлэхийг ажлын албанд даалгасугай.

4. Дээрх журмаар хүргүүлснээр магадлалыг гардан авсанд тооцох ба энэ нь гомдол гаргах хугацааг тоолох үндэслэл болохыг тайлбарласугай.

                              

ДАРГАЛАГЧ                                    Б.СУГАР

ГИШҮҮН                                          Ц.ДАВХАРБАЯР                                                

Х.ХАШБААТАР