МОНГОЛ УЛС
ШҮҮХИЙН САХИЛГЫН ХОРОО
МАГАДЛАЛ
2023-04-25
Дугаар 55
Улаанбаатар хот
Сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Шүүхийн сахилгын хорооны хуралдааныг гишүүн С.Энхтөр даргалж, гишүүн Д.Ариунтуяа, Д.Эрдэнэчулуун нарын бүрэлдэхүүнтэй, илтгэгч гишүүн Х.Хашбаатар, ажиглагчаар өргөдөл гаргагч С.Б болон Б.Б, нарийн бичгийн даргаар хуралдаан хариуцсан ахлах мэргэжилтэн Г.Болортуяа нарыг оролцуулан тус хорооны хуралдааны танхимд нээлттэй хийв.
Шүүхийн сахилгын хорооны гишүүний 2023 оны 4 дүгээр сарын 11-ний өдрийн ГС/2023/0049 дугаар Сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох саналыг хянан хэлэлцээд ТОДОРХОЙЛОХ нь:
Сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох саналдаа: “...Сахилгын хэрэгт авагдсан баримтуудаар дараах үйл баримт тогтоогдож байна. Үүнд:
1. “Ш Д К” ХХК нь Д.Д- т холбогдуулан “Гэм хорын хохирол 1,581,660,820 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг ... Иргэний хэргийн анхан шатны шүүхэд гаргажээ. Тус шүүхийн 2022 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийн .../ШШ2022/01833 дугаар шийдвэрээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, ... Иргэний хэргийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2022 оны 07 дугаар сарын 20-ны өдрийн .../МА2022/01330 дугаар магадлалаар анхан шатны шүүхийн дээрх шийдвэрийг тус тус хэвээр үлдээж шийдвэрлэжээ.
Нэхэмжлэгч талаас хяналтын журмаар гомдол гаргасныг Монгол Улсын дээд шүүхийн Хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдааны 2022 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн 001/ХТ2022/01090 дүгээр тогтоолоор “нэхэмжлэгчийн төлөөлөгч Б.Б, итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б нарын хяналтын журмаар гаргасан гомдлын зарим хэсгийг хангаж, шийдвэр, магадлалд өөрчлөлт оруулах нь зүйтэй” гэж шийдвэрлэсэн байна. Тодруулбал, Нэхэмжлэгч “Ш Д К” ХХК нь хариуцагч Д.Д-т холбогдуулан хохирол 1,581,660,820 төгрөг гаруулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргажээ. Нэхэмжлэгч ийнхүү шаардаж буй үндэслэлээ “2007-2016 оныг дуустал ажиллахдаа компанийн эд хөрөнгө, мөнгийг зөвшөөрөлгүй авах, бусдад шилжүүлэх, хувьдаа ашиглах, завших, үрэгдүүлэх, хулгайлах зөрчил гаргасан. ...2018.04.19-ний өдөр БНХАУ-ын иргэн Б.З-д зөвшөөрөлгүй шилжүүлсэн 250,000 ам доллар буюу 731,805,500 төгрөг /албан ханш 2022.03.28-2927 төгрөг/, эрх бүхий этгээдийн зөвшөөрөлгүй шилжүүлсэн 138,489,141 төгрөг, ...2008-2014 онд анхан шатны баримтгүй хийгдсэн бэлэн мөнгөний гүйлгээний дүн 660,966,679.22 төгрөг, ...шинжээчийн ажлын хөлсөнд төлсөн 50,400,000 төгрөг, нийт 1,581,660,820 төгрөгийг гаргуулна гэж тайлбарласан байна. Улсын дээд шүүхээс ...хариуцагч Д.Д аас 547,378,700 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч “Ш Д К” ХХК-д олгон, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 1,034,282,120 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, ...нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 9,513,089.40 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Д.Д-аас 2,894,843 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч “Ш Д” констракшн ХХК-д олгохоор шийдвэрлээд, шийдвэр, магадлалын бусад заалтыг хэвээр үлдээжээ.
Улсын дээд шүүхийн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдааны 2023 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн 001/ХТ2022/01090А дугар тогтоолоор “Улсын дээд шүүхийн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдааны 2022 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн 001/ХТ/2022/01090 дүгээр тогтоолын тогтоох хэсгийн 1 дэх заалтын “547,378,700” гэж, “1,034,282,120” гэснийг “1,084,682,120” гэж, тогтоох хэсгийн 2 дах заалтын “2,894,843” гэснийг “2,642,843” гэж тус тус өөрчилж, залруулсугай” гэж шийдвэрлэжээ. Тодруулбал, Улсын дээд шүүхээс 2023 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр “...хяналтын шатны иргэний хэргийн 2022 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн 001/ХТ2022/01090 дүгээр тогтоолд залруулга хийх тухай хуралдааныг шүүгч Н.Б-ийн илтгэснээр хянан хэлэлцсэн байна. Залруулга хийх үндэслэлээ “...хяналтын шатны шүүх хариуцагчаас “496,978,700” төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгохдоо хууль зүйн дүгнэлт хийсэн атлаа бичгээр гаргасан тогтоолын тогтоох хэсгийн 1 дэх заалтад “547,378,700 төгрөгийг гаргуулж”, “1,034,282,120 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай” гэж, шийдвэрийн тогтоох хэсгийн 2 дах заалтад улсын тэмдэгтийн хураамжийг “2,894,843” гэж тусгажээ. Холбогдох тооцооллыг нягтлан үзвэл нэхэмжлэлийн шаардлагын нэг хэсэг болох шинжээчийн зардал 50,400,000 хоёр удаа нэмсэн алдаа гаргажээ...” гэжээ. Шүүгч Г.А, Н.Б нарт нь дээрх иргэний хэргийг хяналтын журмаар хянан шийдвэрлэхдээ Монгол Улсын шүүхийн тухай хуульд заасан хориглосон зохицуулалтыг зөрчсөн эсэхийг өргөдөлд дурдсан агуулгын хүрээнд дараах байдлаар тодорхойлов. Үүнд: 1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.6-д “Хяналтын шатны шүүхийн тогтоолд үг, үсэг, тооны зэрэг техникийн шинжтэй алдаа гарсан бол танхимын шүүх бүрэлдэхүүн хуралдаж, залруулга хийж болно” гэж заасан. Монгол Улсын дээд шүүхийн нийт шүүгчийн хуралдааны 2022 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 42 дугаар тогтоолоор танхимын бүрэлдэхүүнийг баталжээ. 1 дэх заалтаар ...шүүгч С.Соёмбо-Эрдэнийг 2023 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн Эрүүгийн хэргийн танхимын бүрэлдэхүүнд тогтоосон. Харин тогтоолын нэгдүгээр хавсралтад Иргэний хэргийн танхимд: Шүүгч Г.А, Н.Б, П.З, Б.М, Д.Ц, Х.Э нар гэж тодорхойлсон байна. Улсын дээд шүүхийн 2023 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн залруулга хийх тухай шүүх хуралдааны 001/ТМ2023/01337А дугаар тэмдэглэлд “Даргалагчаас: ...Хяналтын шатны шүүхийн тогтоолд үг, үсэг, тооны зэрэг техникийн шинжтэй алдаа гарсан бол танхимын бүрэлдэхүүн хуралдаад залруулга хийж болох хуулийн зохицуулалт байгаа. Өмнө нь шүүх хуралдаанаас тогтоол гаргахад өөр шүүх бүрэлдэхүүн орсон. Тухайлбал, шүүгч С.С, Д.Ц, Г.А, Н.Б, Б.М нар орсон. Өнөөдрийн тогтоолд залруулга хийх шүүгч Д.Ц өвчтэй эмнэлэгт хэвтэж байгаа, шүүгч С.С 2023.01.10-ний өдрөөс эхлээд Эрүүгийн хэргийн танхимд хуваарилагдсан Тийм учраас хяналтын шатны шүүхийн Иргэний хэргийн танхимын шүүгчид буюу шүүгч П.З, Б.М, Г.А, Н.Б, Х.Э нар өнөөдрийн шүүх хуралдааны бүрэлдэхүүнд оролцож байна гэдгийг тайлбарлаж байна.” гэж хэлсэн нь тэмдэглэгдсэн байна. Иймд, хяналтын шатны шүүх техникийн шинжтэй алдаа гарсан гэж үзэж танхимын шүүх бүрэлдэхүүн хуралдаж, залруулга хийсэн нь хууль зөрчөөгүй байна.
Өөрөөр хэлбэл, Улсын дээд шүүхийн Иргэний хэргийн танхим нь 2022 оны 12 дугаар сарын 14-ний өдрөөс эхлэн нийт 6 шүүгч бүрэлдэхүүнтэйгээр ажиллаж байх бөгөөд залруулга хийх шүүх хуралдаанд 1 шүүгч өвчтэй байсан тул танхимын 5 шүүгчийн бүрэлдэхүүнтэйгээр шүүх хуралдааныг хийсэн нь тогтоогдож байх ба энэ нь хууль бус бүрэлдэхүүн гэх үндэслэл болохгүй.
2. “...2022 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн шүүхийн тогтоолд хэрэгсэхгүй болгосон үнийн дүнгийн талаар эрх зүйн дүгнэлт хийгээгүй” гэх тухайд,
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлд зааснаар шүүх хэргийн оролцогчийн гаргасан нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр өөрийн дотоод итгэлээр үнэлэх бөгөөд хяналтын шатны шүүхээс анхан шатны шүүхийн шийдвэр болон, давж заалдах шатны шүүхийн магадлалд өөрчлөлт оруулж шийдвэрлэхдээ нэхэмжлэлийн шаардлага хангасан болон хэрэгсэхгүй болгосон үндэслэлийг тодорхой дурдсан нь сахилгын хэрэгт авагдсан 2022 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн 001/ХТ2022/01090 дүгээр тогтоолын ХЯНАВАЛ хэсгийн 14, 15, 16 дах заалтад дурдсан үндэслэлээр тогтоогдож байх тул эрх зүйн дүгнэлт хийгээгүй гэх өргөдөл үндэслэлгүй байна.
3. ...Шүүх хуралдааны дуу дүрсний бичлэгт засвар хийсэн тухайд,
Өргөдөл гаргагч өмгөөлөгч С.Б нь Улсын дээд шүүхийн 2022 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн 001/ХТ2022/01090 дүгээр тогтоолын тогтоох хэсэгт бичигдсэн үнийн дүн нь тус өдрийн шүүх хуралдаанд даргалагчаас шийдвэр танилцуулахдаа хэлсэн үнийн дүнгээс зөрүүтэй байгаа талаар, мөн Тамгын газраас үзүүлсэн шүүх хуралдааны дуу-дүрсний бичлэг нь өөрийн сонссон шүүх хуралдаанаас өөрчлөгдөн байгаа талаар өргөдөлдөө дурдсан. “Ш Д К” ХХК-ийн нэхэмжлэлтэй Д.Д-т холбогдох Улсын дээд шүүхийн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдааны 2022 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн дууны болон дуу-дүрсний бичлэгт засвар хийгдсэн эсэхийг тогтооход тусгай мэдлэг шаардагдахаар байх тул Шүүх шинжилгээний ерөнхий газрын Инженер-техникийн шинжилгээний газрыг шинжээчээр томилж, мэргэжлийн шинжээчийн дүгнэлт гаргуулсан. Шинжээчээс “...дуу авианы бичлэгүүдийн спектрограм бүтцийг шинжилж үзэхэд засвар, эвлүүлэг хийгдээгүй бөгөөд өөрчлөлтгүй байна” гэх дүгнэлтийг ирүүлсэн. Мөн Улсын дээд шүүхийн 2022 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн шүүх хуралдааны дуу-дүрсний бичлэгт үзлэг хийхэд даргалагчаас тогтоолын агуулгыг танилцуулахдаа “...Шүүх бүрэлдэхүүн зөвлөлдөөд тогтоол гаргаж байна. Тогтоолоор нэхэмжлэгч талаас гаргасан гомдлын зарим хэсгийг хангаад шийдвэр, магадлалд энэ талаар өөрчлөлт оруулах нь зүйтэй гэсэн дүгнэлт хийлээ., ...Хэрэгт авагдсан нотлох баримтыг бүхэлд нь үзэхэд шинжээчийн дүгнэлтээр анхан шатны баримтгүйгээр санхүүгийн тайланд тусгасан хохирол 446,578,700 төгрөгийг хариуцагч төлөх хууль зүйн үндэслэлтэй, гэм буруу гэдэг ийм дүгнэлт хийгээд ...шийдвэрлэлээ. Түүнчлэн шинжээчийн дүгнэлт гарахад нэхэмжлэгчээс гарсан зардал 50,400,000 төгрөг хариуцагчийн буруутай ажиллагаанаас нэхэмжлэгчид учирсан хохирол гэдэг үндэслэлээр гаргуулах үндэслэлтэй гэсэн дүгнэлтийг хийлээ. Бусад хэсгийг хэрэгсэхгүй болгоно. ...” гэж хэлсэн нь бичигджээ. Харин тогтоол бичгээр албажиж гарахдаа дээрх хэлсэн үнийн дүнгээс зөрүүтэй байх боловч техникийн шинжтэй алдаа гарсан гэж үзээд танхимын шүүх бүрэлдэхүүн хуралдаж, залруулга хийсэн үйл баримт тогтоогдож байна. Иймд, Улсын дээд шүүхийн 2022 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн шүүх хуралдааны бичлэгт аливаа байдлаар засвар хийгдээгүй, шүүх хуралдааны үеэр хэлсэн мөнгөн дүн нь тогтоолын ХЯНАВАЛ хэсэгтэй тохирч байх тул дээрх өргөдлийн агуулга үгүйсгэгдэж байна.
4.Улсын дээд шүүхийн 2022 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн 001/ХТ2022/01090 дүгээр тогтоолыг 50 хоногийн дараа хэргийн оролцогч нарт гардуулсан тухайд, Улсын дээд шүүхийн 2022 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн 001/ХТ2022/01090 дүгээр тогтоолыг нэхэмжлэгчийн төлөөлөгч 2022 оны 12 дугаар сарын 30-ны өдөр, хариуцагчийн өмгөөлөгч 2023 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр тус тус гардан авсан байна. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.1-т “Хяналтын журмаар хэргийг Улсын дээд шүүхийн таван шүүгчийн бүрэлдэхүүнтэй хянан хэлэлцэж, энэ хуулийн 114.1-д заасан журмын дагуу шийдвэрээ гаргаж гомдлыг хангасан эсэхийг сонсгоно. Шийдвэрийг шүүх хуралдаан дууссан өдрөөс хойш 30 хоногийн дотор гаргах бөгөөд хугацааг тухайн шүүхийн шүүгчдийн зөвлөгөөнөөс нэг удаа 30 хүртэл хоногоор сунгаж болно”, 176.5-д “Хяналтын шатны шүүх хуралдааны тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш долоо хоногийн дотор зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, эсхүл өмгөөлөгчид хүргүүлнэ” гэж тус тус заасан. Шүүгчдийн зөвлөгөөнөөс дээрх хугацааг 30 хоногоор сунгасан баримт холбогдох иргэний хэрэгт авагдаагүй байна. Гэвч Улсын дээд шүүхийн шүүгч Н.Б нь 2022 оны 11 дүгээр сарын 14-ний өдрөөс 25-ны өдрийн хооронд Сингапур Улсын Шүүхийн Коллежоос зохион байгуулсан “Шүүхийн манлайлал” сэдэвт олон улсын сургалтад оролцож 11 дүгээр сарын 27-ны өдөр Монгол Улсад буцаж ирсэн, Иргэний хэргийн шүүхийн шүүгчдийн мэргэшүүлэх сургалтын сургагч багшаар 2022 оны 11 дүгээр сарын 30, 12 дугаар сарын 05, 07-ны өдрүүдэд тус тус оролцсон нь сахилгын хэрэгт авагдсан баримтууд болох Монгол Улсын дээд шүүхийн тамгын газраас ирүүлсэн албан бичиг, шүүгч Н.Б-ийн гадаад паспортын мэдээлэл, Иргэний хэргийн шүүхийн шүүгчдийн мэргэшүүлэх сургалтын хөтөлбөр зэргээр тогтоогдож байна. Мөн шүүгч Н.Б нь Шүүхийн сахилгын хороонд ирүүлсэн тайлбартаа шүүх хуралдаанаас хойш тогтоол хуульд заасан эхний 30 хоногийн хугацаанд албажаагүй гэдгийг үгүйсгээгүй болно. Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1.26-д зааснаар шүүхийн шийдвэр гаргахтай холбоотой хуульд заасан тодорхой хугацааг хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр удаа дараа 30 хоногоос дээш хугацаагаар, эсхүл нэг удаа 60 хоногоос дээш хугацаагаар зөрчвөл сахилгын зөрчилд тооцогддог. Улсын дээд шүүхийн 2022 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн тогтоолыг 2022 оны 12 дугаар сарын 11-ний өдөр албажуулж үүнээс 7 хоногийн дотор хэргийн оролцогч нарт хүргүүлэх байсан боловч дээрх шалтгаануудын улмаас 2022 оны 12 дугаар сарын 30-ны өдөр өдөр буюу хуульд заасан хугацаанаас 11 хоногийн дараа нэхэмжлэгчийн төлөөлөгч гардан авсан үйл баримтууд тогтоогдож байх хэдий ч энэ нь хуулийн 50 дугаар зүйлийн 50.1.26-д заасан “...нэг удаа 60 хоногоос дээш хугацаагаар зөрчсөн”... гэх заалтад хамаарахгүй байна. Иймд, өргөдөлд дурдсан үйл баримтууд нь Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 55-р зүйлд заасан хориглосон, хязгаарласан, үүрэг болгосон зохицуулалтыг зөрчсөн гэж үзэх тогтоогдохгүй байх тул Монгол Улсын дээд шүүхийн шүүгч Г.А, Н.Б нарт холбогдох сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох санал гаргаж, саналыг Сахилгын хорооны хуралдаанаар хэлэлцүүлэхээр шийдвэрлэв.” гэжээ.
Шүүгч Г.А, Н.Б нар гаргасан тайлбартаа: “...1. Хэрэг, түүнийг шийдвэрлэсэн байдлын талаар: Нэхэмжлэгч “Ш Д К” ХХК нь хариуцагч Д.Д -т холбогдуулан нягтлан бодогчоор ажиллах хугацаандаа компанийн эд хөрөнгө, мөнгө төгрөгийг зөвшөөрөлгүйгээр авах, бусдад шилжүүлэх, хувьдаа ашиглах, завших зэрэг зөрчил гаргасан гэх үндэслэлээр гэм хорын хохиролд 1,581,660,820 төгрөг гаргуулахаар нэхэмжилснийг хариуцагч Д.Д эс зөвшөөрөн маргасан байдаг. ... Иргэний хэргийн анхан шатны шүүх 2022 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийн .../ШШ2022/01833 дугаар шийдвэрээр хариуцагч Д.Д-ын гэм буруу тогтоогдоогүй гэх үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосныг ... иргэний давж заалдах шатны шүүх 2022 оны 07 дугаар сарын 20-ны өдрийн .../МА2022/01330 дугаар магадлалаар шийдвэр үндэслэл бүхий гэж үзэн хэвээр үлдээсэн байна. Улсын дээд шүүхэд нэхэмжлэгчийн төлөөлөгч Б.Б, итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б нарын хяналтын журмаар гаргасан гомдлыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2.1, 172.2.2-т заасныг үндэслэн хүлээн авч 2022.11.11-ны өдөр шүүх хуралдаанаар хэлэлцэн шийдвэрлэсэн. Энэхүү гомдлыг гаргагч өмгөөлөгч С.Б хяналтын шатны шүүх хуралдаанд нэхэмжлэгч талын өмгөөлөгчөөр оролцсон бөгөөд итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б, өмгөөлөгч н.У нарын хамт шүүх хуралдаанд тайлбар гаргасан болно. Улсын дээд шүүхийн иргэний хэргийн танхимын дээрх шүүх хуралдааныг танхимын тэргүүн Г.А даргалж, илтгэгч шүүгч Н.Б, шүүх бүрэлдэхүүнд шүүгч Б.М, Д.Ц, С.С нар оролцон, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Н шүүх хуралдааны тэмдэглэлийг хөтөлсөн байна. Тус шүүх хуралдаанаас гомдлын зарим хэсгийг хангаж, шийдвэр, магадлалд өөрчлөлт оруулсан 001/ХТ2022/01090 дугаар тогтоол гарсан. Тус тогтоолын үндэслэх хэсэгт шийдвэр, магадлалд өөрчлөлт оруулах болсон үндэслэл тодорхой тусгагдсан байдаг. Тодруулбал, нэхэмжлэгч нь хохирол 1,581,660,820 төгрөг гаргуулахаар шаардсан бөгөөд тус шаардлагын үндэслэлээ “хариуцагч Д.Д нь 2007-2016 оныг дуустал тус компанид нягтлан бодогчоор ажиллахдаа компанийн эд хөрөнгө, мөнгийг зөвшөөрөлгүй авах, бусдад шилжүүлэх, хувьдаа ашиглах, завших, үрэгдүүлэх, хулгайлах зөрчил гаргасны улмаас хохирол учирсан” гэж тайлбарласан. Эдгээр шаардлагуудыг анхан болон давж заалдах шатны шүүх бүхэлд нь хэрэгсэхгүй болгосныг хяналтын шатны шүүхээс өөрчилж зарим хэсгийг хангах үндэстэй гэж үзсэн. Ингэхдээ хоёр шатны шүүх нотлох баримтыг бүрэн үнэлээгүйн улмаас үйл баримтыг зөв тогтоож чадаагүй гэж дүгнэсэн. Өөрөөр хэлбэл, дээр дурдсан дөрвөн дэд шаардлагаас анхан шатны баримтгүй хийгдсэн бэлэн мөнгөний гүйлгээний дүн 660,966,679.22 төгрөгт холбогдох шаардлагаас 446,578,700 төгрөгийг хангаж, улмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад томилогдсон шинжээчийн ажлын хөлс 50,400,000 төгрөг нь нэхэмжлэгчид учирсан хохирол гэх үндэстэй тул нэмж, нийт 496,978,700 төгрөгийг хариуцагч Д.Д-аас гаргуулан нэхэмжлэгчид олгон өөрчлөлт оруулсан. Харин бусад шаардлагууд болох БНХАУ-ын иргэнд шилжүүлсэн гэх 250,000 ам доллар, эрх бүхий этгээдийн зөвшөөрөлгүй шилжүүлсэн гэх 138,489,141 төгрөг, баримтгүй хийсэн гүйлгээний үлдэгдэл хэсэг болох 214,387,979 төгрөгт холбогдох шаардлагуудыг хэрэгсэхгүй болгосон анхан ба давж заалдах шатны шүүхийн дүгнэлт үндэстэй гэж үзсэн. Нэхэмжлэгч 2008-2014 онд анхан шатны баримтгүй хийгдсэн бэлэн мөнгөний гүйлгээний дүн 660,966,679.22 төгрөг гэж шаардлагаа тодорхойлсон ч уг дүнг хяналтын шатны шүүх 446,578,700 төгрөг гэж үзсэн нь хэрэгт авагдсан шинжээчийн дүгнэлт болон холбогдох бусад баримтад үндэслэсэн. Тодруулбал, хэрэгт анхан шатны баримтгүй хийсэн гүйлгээний дүнг “660,966,679.22 төгрөг”, “465,989,141 төгрөг”, “446,578,700 төгрөг” гэж гурван өөрөөр тодорхойлсон шинжээчийн дүгнэлт, шинжээчийн шүүх хуралдааны үеэр гаргасан мэдүүлэг тайлбарууд авагдсан байдаг бөгөөд эдгээр баримтыг тал бүрээс нь бодитой харьцуулсны үндсэн дээр шүүх бүрэлдэхүүн 446,578,700 төгрөгийг үндэслэл бүхий гэж үзсэн. Ийнхүү шийдвэрлэснээр нэхэмжлэгч талаас гаргасан хяналтын гомдлын зарим хэсэг хангагдсан. Шүүх бүрэлдэхүүний гаргасан дээрх шийдвэрийг хуралдаан даргалагч, танхимын тэргүүн Г.А уншин сонсгосон. Гомдол гаргагчийн тайлбарлаж байгаачлан хяналтын шатны шүүх хуралдаанд тогтоолын агуулгыг илтгэгч шүүгч уншин сонсгоогүй бөгөөд угаас тогтоолын тогтоох хэсгийг шүүх хуралдааны төгсгөлд танилцуулах нь илтгэгч шүүгчийн бус хуралдаан даргалагчийн эрхэд хамаардаг. Энэ мэт нэгэнт тогтсон, тодорхой дэг жаягийн талаар өмгөөлөгч хэд хэдэн тохиолдлуудад төөрөлдсөн агуулга бүхий тайлбарыг гомдолдоо дурдсан нь тэрээр гомдол хэлэлцэх, тогтоол гаргасан бодит үйл явцын талаар өөрийн төсөөлөлд хэт автсан шинж байдал ажиглагдаж байгааг дурдах нь зүйтэй.
2.Тогтоолыг албажуулсан болон тогтоолд залруулга хийх болсон үндэслэлийн талаар Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.1-д "... шийдвэрийг шүүх хуралдаан дууссан өдрөөс хойш 30 хоногийн дотор гаргах бөгөөд хугацааг тухайн шүүхийн шүүгчдийн зөвлөгөөнөөс нэг удаа 30 хүртэл хоногоор сунгаж болно” гэж заасан. Шүүх хуралдаан 2022.11.11-ны өдөр болсон ба бичгээр гаргасан тогтоолыг хуралдаанаас хойш 50 дахь хоногт гардаж авсан гэх нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн тайлбарыг үгүйсгэхгүй.Улсын дээд шүүхийн иргэний хэргийн танхим сүүлийн жилүүдэд нэн өндөр ачаалалтай ажиллаж байна. Энэ нь 2022 оны зөвхөн 11 дүгээр сард л гэхэд 185 хяналтын гомдлын хурал, 190 гомдол ялгах хурал хийж, нэг сард буюу ажлын 22 хоногт нийт 375 удаа хуралдсан байгаагаас тодорхой харагдана. Шүүх бүрэлдэхүүний хүрэлцээ муутайгаас ихэнх тохиолдолд хурал бүрд адил бүрэлдэхүүн томилогдож байна. Иргэний хэргийн танхим долоо хоногийн 3 өдөрт хурал товлон зарладаг ба нэг удаад дунджаар 20-25 хүртэлх тооны хяналтын гомдлыг хэлэлцэн, 8-12 цагаар үргэлжлүүлэн хуралдаж хэрэг маргааныг шийдвэрлэдэг. Хэрэг шийдвэрлэсэн шүүх бүрэлдэхүүний таван шүүгч бүгд хурлаас гарсан тогтоолын төслийг хянаж, холбогдох саналаа тусгах ажиллагаа хийгддэг тул тогтоол албажин гарахад бусад шатны шүүхтэй харьцуулахад илт урт хугацаа шаарддаг. Шүүгч Н.Б нь 2022.11.12-ны өдөр буюу “Ш Д К” ХХК-ийн нэхэмжлэлтэй иргэний хэргийн шүүх хуралдааны маргааш өдөр Сингапур улсын Шүүхийн коллеж-д 14 хоногийг хугацаагаар сургалтад хамрагдахаар явсантай холбогдуулан 2022.11.11-ний өдөр түүний илтгэн танилцуулсан хэргийн тогтоолын төслийг албажуулах ажиллагаа мөн хугацаагаар хойшилсон нөхцөл үүссэн. Эдгээр шалтгааны улмаас дээрх тогтоол хуульд заасан эхний 30 хоногийн хугацаандаа албажаагүй байна. Улсын дээд шүүхийн Иргэний хэргийн танхимын шүүх хуралдааны тогтоол албажин гарахдаа тогтоолын хянавал хэсэгт нэхэмжлэлийн шаардлагаас анхан шатны баримтгүй хийгдсэн бэлэн мөнгөний гүйлгээний дүн 446,578,700 төгрөг, шинжээчийн ажлын хөлс 50,400,000 төгрөгийг тус тус гаргуулах үндэслэлтэй талаар дүгнэсэн боловч эдгээр дүнг нэгтгэн тооцохдоо шинжээчийн ажлын хөлс 50,400,000 төгрөгийг хоёр удаа давхардуулан нэмснээс нийлбэр дүнг 547,378,700 төгрөг (446,578,700+50,400,000+50,400,000)-өөр тогтоож бичсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.6- д заасан "... тооны зэрэг техникийн алдаа” гэх ойлголтод хамаарах бөгөөд энэ асуудлаар илтгэгч шүүгч Н.Б танхимын шүүгчдэд танилцуулснаар залруулга хийх хурал товлогдсон болно. Өмгөөлөгч С.Б залруулгыг түүний гаргасан хүсэлтэд үндэслэн хийсэн гэх агуулга бүхий тайлбар гаргажээ. Шүүгч Н.Б-д түүний туслах Н.М 2022 оны 01 дүгээр сарын эхээр нэхэмжлэгч талаас “800 сая гаруй төгрөг хангаснаа андууран тогтоолд 500 гаруй саяар тусгасан” гэх асуудал ярьсан талаар танилцуулсан. Энэ мэдээллийн дагуу шүүгч Н.Б тогтоолоо нягтлахад үнийн дүнг бичихдээ 50,400,000 төгрөгийн тооцооллын алдаа гаргасан болохоо мэдсэн. Өмгөөлөгч С.Б Улсын дээд шүүхийн тамгын газарт, эсхүл ерөнхий шүүгчид хүсэлт гаргасан эсэх нь тогтоолын техникийн алдааг залруулах хууль зүйн үндэслэл болоогүй, харин шүүгчийн туслахад хандсан өмгөөлөгчийн яриа шүүгч тогтоолоо дахин нягтлах шалтгаан болсныг үгүйсгэхгүй. Өмгөөлөгч С.Б Улсын дээд шүүхийн Ерөнхий шүүгчид хүсэлт гаргасан талаар залруулга хийх шүүх хуралдааны өглөө 08:50 минут хүртэлх хугацаанд илтгэгч шүүгч ба шүүх бүрэлдэхүүн мэдээгүй болно. Харин 2023.01.10-ны өдөр буюу залруулгын шүүх хуралдааны өглөө шүүх хурал эхлэхээс хэдэн минутын өмнө Ерөнхий шүүгчийн ажлын албаны ажилтан Д.М хүсэлтийг илтгэгч шүүгч Н.Б-д танилцуулсныг шүүгч мэдээллийн зорилгоор шүүх хуралдаанд уншин сонсгож, тус хүсэлтийг Ерөнхий шүүгч бүрэн эрхийн хүрээнд шийдвэрлэх үндэстэй болохыг дурдсан.
3.Залруулга хийсэн шүүх бүрэлдэхүүний талаар Өмгөөлөгч С.Б залруулга хийсэн шүүх бүрэлдэхүүнийг хууль бус болсон талаар тайлбарлажээ. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.6-д “Хяналтын шатны шүүхийн тогтоолд үг, үсэг, тооны зэрэг техникийн шинжтэй алдаа гарсан бол танхимын шүүх бүрэлдэхүүн хуралдаж, залруулга хийж болно” гэж заасан. Өөрөөр хэлбэл Улсын дээд шүүхийн чиг үүрэг, бүрэлдэхүүний онцлогоос шалтгаалан тогтоолын техникийн шинжтэй алдааг залруулах шүүх бүрэлдэхүүн хяналтын гомдлыг шийдвэрлэж тогтоол гаргасан тухайн шүүх бүрэлдэхүүн байхыг шаарддаггүй. Энэ ч шалтгаанаар тогтоолд гарсан техникийн алдааг залруулах бүрэлдэхүүнд тухайн үед ажиллаж байгаа иргэний танхимд хамаарах шүүх бүрэлдэхүүн оролцох нь хангалттай талаар хуульд зохицуулсан. Нэхэмжлэгчийн гомдлыг хянан шийдвэрлэж тогтоол гаргасан шүүх бүрэлдэхүүнээс танхимын тэргүүн Г.А, шүүгч Н.Б, шүүгч Б.М нар залруулга хийх шүүх бүрэлдэхүүнд дахин орсон. Харин 2022.11.11-ны өдрийн 001/ХТ2022/01090 дугаар тогтоолыг гаргасан бүрэлдэхүүний шүүгч С.С 2022.12.14-ны өдрийн Монгол Улсын дээд шүүхийн нийт шүүгчдийн хуралдааны 42 дугаар тогтоолоор 2023.01.01-ний өдрөөс Эрүүгийн хэргийн танхимын бүрэлдэхүүнд хуваарилагдсан тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176.6-д заасан иргэний хэргийн танхимын шүүх бүрэлдэхүүнд хамаарахгүй болсон юм. Иймд шүүгч С.С залруулгын хуралдаанд оролцох хууль зүйн боломжгүй байв. Харин шүүгч Д.Ц 2023.01,02-ны өдрөөс хойш эрүүл мэндийн шалтгаанаар чөлөөтэй байсан бөгөөд 2023.01.10-ны өдөр буюу залруулгын шүүх хурлын өдөр эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байсан. Шүүгч Д.Ц-ийн биеийн байдал сайжрахгүй байгаагаас 2023.02.01-ний өдрөөс үргэлжлүүлэн 1 сарын буюу урт хугацааны чөлөө авч эмчилгээ хийлгэж байгаа болно. Энэ шалтгааны улмаас шүүгч Д.Ц залруулгын шүүх хуралдааны шүүх бүрэлдэхүүнд оролцох боломжгүй болж шүүгч С.С, Д.Ц нарын оронд тухайн өдрийн байдлаар иргэний хэргийн танхимд харьяалагдан ажиллаж байгаа шүүгч Х.Э, П.З нар оролцсон нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.6-д заасантай нийцсэн юм. Дээрх нөхцөл байдлыг залруулгын шүүх хуралдааныг нээсний дараа хуралдаан даргалагч, танхимын тэргүүн Г.А тодорхой тайлбарлаж танилцуулсан.
4.Шүүх хуралдааны дуу-дүрсний бичлэгийн талаар Өмгөөлөгч С.Б-ын гомдлоос шүүх бүрэлдэхүүн, тэр дундаа хуралдаан даргалагч болон илтгэгч шүүгч нар шүүх хуралдааны дуу дүрсний бичлэгийг засварласан, улмаар тамгын газрын холбогдох ажилтнуудад хууль бусаар нөлөөлсөн гэх агуулга илэрхий байх бөгөөд энэ нь илтэд гүтгэлгийн шинж чанартай, бодит бус зураглал, хийсвэр төсөөлөлд хөтлөгдсөн дүгнэлт гэж үзэхээр байна. Шүүх бүрэлдэхүүнийг уншин сонсгосон шийдвэрээ хууль зүйн үндэслэлгүй өөрчилсөн, ингэхдээ шүүхийн тамгын газрын чиг үүрэгт хамаарах дуу-дүрсний бичлэгийг засварласан, шүүх бүрэлдэхүүний хоёр шүүгч хуурамчаар дүрд тоглож дахин бичлэг хийсэн, өөрийн удирдлагад ажиллаж байгаа ажилтнуудыг дарамталсан, эсхүл хуйвалдсан мэтээр буруутгахдаа хуульч хүн сэтгэл хөдлөл, хийсвэр таамгаар (ажилтны нүүр улайсан, гурван хүний зургаан чих сонссон г.м) хандах нь байж боломгүй үзэгдэл. Хуульч аливаад обьектив хандаж, таамаг, хийсвэрлэлийн зарчмаас ангид байдлаар үйл баримтад дүгнэлт өгч, хууль зүйн дагуу, ёс зүйн өндөр шаардлагыг ханган ажиллах ёстой. Өмгөөлөгч энэ мэт ядмаг агаад өнгөц үндэслэлээр шүүх бүрэлдэхүүн, шүүхийн ажилтнуудыг хууль бус, гэмт хэргийн шинжтэй ноцтой үйлдэл хийсэн мэтээр гүтгэн, үйлчлүүлэгчдэдээ Улсын дээд шүүхийн шүүх бүрэлдэхүүн ийм үйлдэл хийхүйц мэт ойлголт төрүүлэхдээ шүүхийн бие даасан, шүүгчийн хараат бус байдалд халдсан, шүүхэд итгэх олон нийтийн итгэлд сөргөөр нөлөөлөх ноцтой үйлдэл гаргаж байгаагаа ухамсарлах учиртай. Шүүх асуудалд бодитой, хууль зүйн дагуу хандаж, бүрэн эрхийнхээ хүрээнд хоёр шатны шүүхийн дүгнэлтийн холбогдох хэсгийг өөрчилсөн, улмаар өөрийн гаргасан техникийн шинжтэй алдаагаа хуулийн хүрээнд залруулсан. Монгол Улсын нийтийн албан тушаалтан хэн ч болов түүний үйл ажиллагаанд эргэлзэх, хяналттай хандах эрхээ иргэд баталгаатай хэрэгжүүлэхийн ач холбогдлыг ойлгож, энэхүү эрх нь ардчилсан нийгэм оршин тогтнох тулгуур хүчин зүйл болохынх нь хувьд гүнээ хүндэтгэн, бүрэн дэмжиж ажиллана. Гэвч Улсын дээд шүүхийн шүүх бүрэлдэхүүнийг үгсэн хуйвалдаж, уншин танилцуулсан шийдвэрээ өөрчилсөн, шүүх хуралдааны дуу-дүрсний бичлэгийг хуурамчаар үйлдсэн гэж буруутгаж буй тохиолдолд үндэслэл нь хийсвэр бус харьцангуй бодитой байхыг зүй ёсоор шаардана. Энэ нь хувь шүүгчийн нэр хүндийн тухай асуудал бус, шүүх засаглалын бие даасан байдал, шүүхийн хараат бус байдал, шүүхэд итгэх олон нийтийн итгэл буюу ардчилсан нийгмийн үнэт зүйлийн тухай асуудал юм. Өмгөөлөгчийн дурдаж байгаачлан залруулгын шүүх хуралдаанд зохигчдыг оролцуулах талаар хууль зүйн тухайлсан шаардлага тавигдаагүй. Гэвч нөгөөтээгүүр ийнхүү оролцуулахыг ч мөн хориглоогүй. Маргаан бүхий тухайн нөхцөл байдалд өмгөөлөгч С.Б-ын эргэлзээ түүнийг болон бусад оролцогчдыг байлцуулан шүүх хуралдааныг хийх нь зүйтэй гэх дүгнэлтэд хүргэсэн. Энэ ч агуулгаар шүүх хуралдааны үеэр 2022.11.11-ний өдрийн шүүх хуралдаанд хуралдаан даргалагч тогтоолын тогтоох хэсгийг танилцуулсан дууны бичлэгийг сонсгон, залруулгын шүүх бүрэлдэхүүнд шүүгч Д.Ц, С.С нар оролцоогүй учир шалтгааныг тайлбарласан болно. Шүүх бүрэлдэхүүн шүүх хуралдааны дууны бичлэгтэй танилцсан учир дүрсний бичлэгийг үзэх шаардлага байгаагүй. Шүүхийн сахилгын хорооноос ирүүлсэн гомдолд дурдсан “хоёр шүүгчийн нуруу харагдсан, шүүх бүрэлдэхүүнд хэн байгаа нь мэдэгдэхгүй байсан” гэх асуудлын талаар тамгын газрын мэдээлэл технологи хариуцсан ажилтан Г.М-аас тодруулахад шүүх хуралдааны танхимын дөрвөн камерын гурвыг нь ашигладаггүй, шүүх бүрэлдэхүүний ард байрлах хоёр булангийн камерын нэг буюу зүүн булангийн камер л ажиллаж байгаа гэх мэдээллийг өгсөн. Нэгэнт өмгөөлөгч С.Б шүүх танхимын дуу, дүрсний бичлэгт шинжээч томилуулах хүсэлт гаргасан байх тул энэ талаар дэлгэрэнгүй тайлбарлах шаардлагагүй гэж үзэн тус хүсэлтийг дэмжиж байгаагаа үүгээр илэрхийлж байна. Түүнчлэн энэхүү тайлбартаа хуралдааны нарийн бичгийн дарга Б.Н-аас гаргуулан авч, шүүх бүрэлдэхүүн биечлэн сонссон дууны бичлэгийн хувийг хавсаргах бөгөөд Сахилгын хорооны гишүүн захирамж гарган тус шүүхийн тамгын газраас холбогдох бусад бичлэг (шүүх хуралдааны дүрсний бичлэг, магадгүй харьцуулан үзэх зорилгоор 2022.11.11-ний өдрийн бүх шүүх хуралдааны бичлэг, эсвэл өөр бусад аль ч өдөр тухайн заланд болсон Улсын дээд шүүхийн бусад танхимын шүүх хуралдааны бичлэг г.м)-ийг шаардан гаргуулах нь зүйд нийцнэ гэж үзэж байна.
5.Хариуцагч Д.Д хүсэлт гаргаагүй талаар өмгөөлөгч С.Б нь шүүхийн тогтоолд “50,400,000 төгрөгөөр илүү бичсэн байхад хариуцагчаас гомдол гаргаагүй” нь түүний гомдлыг дэмжих үндэслэл болох талаар дурджээ. Шүүхээс уншин сонсгосон тогтоолд хариуцагчаас 496,958,700 төгрөгийг гаргуулахаар шийдвэрлэсэн атал бичгээр албажсан тогтоолд 547,378,700 төгрөгийг гаргуулахаар заасан нь эн тэргүүнд хариуцагчийн эрх ашгийг хөндөх нь тодорхой тухай нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн дүгнэлтийг үгүйсгэхгүй. Гэвч тогтоолд залруулга хийх болсон талаар илтгэгч шүүгчийн туслах Н.М-аас хариуцагч Д.Д-ын өмгөөлөгч Т.С-т утсаар мэдэгдэх хүртэл хариуцагч тогтоолыг гардаж аваагүй байсан гэх мэдээллийг туслах Н.М өгсөн. Иймд энэ байдлаас шалтгаалан хариуцагч талаас гомдол гаргаагүй байх боломжтой. Залруулгын шүүх хуралдаан дээр хариуцагч шүүхээс сонсгосон бичлэгийг 2022.11.11-ний өдрийн шүүх хуралдааны бичлэг мөн болохыг зөвшөөрсөн ба Сахилгын хороонд гомдол өгөх тухайгаа илэрхийлж байсныг шүүх бүрэлдэхүүн анхан ба давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалаар түүнийг гэм буруугүй гэж үзэж, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон байхад хяналтын шатны шүүхээс нэхэмжлэлийн зарим хэсгийг хангасан явдалтай хамааралтай гэж хүлээж авсан. Шүүхийн шийдэл хэргийн оролцогчид ашиггүй нөхцөл байдлыг бий болгосон үед хэргийн оролцогч дээрх байдлаар асуудалд ханддаг нь шүүхийн практикт түгээмэл тохиолддог үзэгдлийн нэг.
6.Шүүх хуралдааны тэмдэглэлд гарын үсэг зурсан талаар Өмгөөлөгч С.Б гомдолдоо шүүх хуралдааны тэмдэглэлд илтгэгч шүүгч (Н.Б) гарын үсэг зурсан талаар өмгөөлөгч н.У гэх хүн түүнд дуулгасан гэж дурджээ. Хэдийгээр энэ үйл баримт гомдлын аль хэсгийг хэрхэн дэмжиж байгаа, ямар зөрчлийг нотлох зорилготой нь ойлгомжгүй байх боловч үнэн бус, худал үйл баримт байх тул хариу тайлбар өгөх нь зүйтэй гэж үзлээ. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 96 дугаар зүйлийн 96.2-т заасны дагуу шүүх хуралдааны тэмдэглэлд шүүх хуралдаан даргалагч болон шүүх хуралдааны нарийн бичгийн дарга гарын үсэг зурах бөгөөд энэ нь шүүгчийн хийдэг өдөр тутмын ажлын нэг тул хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны багагүй туршлагатай шүүх бүрэлдэхүүн энэ зүйл, заалт болон шүүхийн практикийг мэдэхгүй байх боломжгүй. Шүүх хуралдааны тэмдэглэлд илтгэгч шүүгч гарын үсэг зураагүй, ийнхүү зурах үндэслэл, шалтгаан үгүй. Харин шүүх хуралдааны тэмдэглэл албажин гарахын өмнө илтгэгч шүүгч болон хэргийг шийдвэрлэсэн шүүх бүрэлдэхүүний бусад шүүгчид танилцуулагддаг. Иймд тэмдэглэлд эхлээд шүүгч Н.Б гарын үсэг зурсан боловч хэрэгт даргалагч шүүгчийн гарын үсэгтэй тэмдэглэл авагдсан талаарх өмгөөлөгч н.Удаанжаргал болон С.Б нарын тайлбар үндэслэлгүй.
7.Тогтоолд нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон тухай эрх зүйн дүгнэлт өгөөгүй гэх гомдлын талаар Өмгөөлөгч С.Б-ын нэхэмжлэлийн шаардлагаас хэрэгсэхгүй болгосон хэсэгт хяналтын шатны шүүхээс эрх зүйн дүгнэлт өгөөгүй гэх гомдлыг зөвшөөрөх боломжгүй. Нэхэмжлэгч шаардлагаа дөрвөн хэсэгт задалж тодорхойлсон бөгөөд энэ хэсгээс нотлох баримтын хүрээнд тогтоогдож буй нэг шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдэх шаардлагуудыг хэрэгсэхгүй болгосон. Ингэхдээ эдгээр шаардлагыг хэрэгсэхгүй болгосон анхан болон давж заалдах шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй болохыг дурдаж, 2022.11.11-ний өдрийн 001/ХТ2022/01090 дугаар хяналтын тогтоолын үндэслэх хэсгийн 16-д дэлгэрүүлэн тайлбарласан болно. “Ш Д К” ХХК-ийн нэхэмжлэлтэй хариуцагч Д.Д-т холбогдох иргэний хэргийг хяналтын журмаар хянан хэлэлцэх шүүх хуралдаан даргалагч, илтгэгч шүүгч, шүүх бүрэлдэхүүн нь зөвхөн хуульд захирагдан холбогдох дүрэм, журмыг үйл ажиллагаандаа мөрдлөг болгон, хуульд заасан үндэслэл журмын дагуу хэргийг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулсан бөгөөд холбогдох хууль, шүүгчийн ёс зүй, сахилгын хэм хэмжээг зөрчсөн харш үйлдэл гаргаагүй.” гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Өргөдөл гаргагчаас “...бичлэгтэй танилцах хүсэлт гаргасан учир залруулга хийх шүүх хуралдаан зарласан, ...шүүх хуралдааны бичлэгт засвар хийсэн, ...шүүх хуралдааны тэмдэглэлд илтгэгч шүүгч гарын үсэг зурсан гэж өмгөөлөгч н.Удаанжаргал хэлсэн боловч даргалагч гарын үсэг зурсан байсан, ...шүүхийн тогтоолд нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон үнийн дүнгийн талаар эрх зүйн дүгнэлт хийгээгүй, ...шүүхийн тогтоолыг хугацаа хэтрүүлж гаргасан” гэх агуулгаар өргөдлийн үндэслэлээ тодорхойлжээ.
Сахилгын хэрэгт цугласан баримтаар, ”Ш Д К” ХХК-ийн нэхэмжлэлтэй Д.Д-т холбогдох гэм хорын хохирол 1,581,660,820 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэргийг ... Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 4 дүгээр сарын 20-ны өдрийн .../ШШ2022/01833 дугаар шийдвэрээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж, ... Иргэний хэргийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2022 оны 7 дугаар сарын 20-ны өдрийн .../МА2022/01330 дугаар магадлалаар анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээсэн байна.
Нэхэмжлэгч талаас дээрх магадлалд хяналтын журмаар гомдол гаргасныг Монгол Улсын дээд шүүхийн Хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдааны 2022 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн 001/ХТ2022/01090 дүгээр тогтоолоор “...магадлал, шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 497.2, 510 дугаар зүйлийн 510.1-т заасны дагуу хариуцагч Д.Д-аас 547,378,700 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч “Ш Д К” ХХК-д олгон, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 1,034,282,120 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, ...нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 9,513,089.40 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Д.Д-аас 2,894,843 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч “Ш Д” констракшн ХХК-д олгож, шийдвэр, магадлалын бусад заалтыг хэвээр үлдээж” шийдвэрлэсэн байна. Улсын дээд шүүхийн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдааны 2023 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн 001/ХТ2022/01090А дугаар тогтоолоор “Улсын дээд шүүхийн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдааны 2022 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн 001/ХТ/2022/01090 дүгээр тогтоолын тогтоох хэсгийн 1 дэх заалтын “547,378,700” гэснийг “496,978,700” гэж, “1,034,282,120” гэснийг “1,084,682,120” гэж, тогтоох хэсгийн 2 дах заалтын “2,894,843” гэснийг “2,642,843” гэж тус тус өөрчилж, залруулжээ.
Нэг. “...бичлэгтэй танилцах хүсэлт гаргасан учир залруулга хийх шүүх хуралдаан зарласан” гэх өргөдлийн үндэслэлийн тухайд
Улсын дээд шүүхээс 2023 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр хяналтын шатны иргэний хэргийн 2022 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн 001/ХТ2022/01090 дүгээр тогтоолд залруулга хийх тухай хуралдааныг шүүгч Н.Б-ийн илтгэснээр хянан хэлэлцэж, “...Хяналтын шатны шүүх хуралдааны 2022.11.11-ний өдрийн бичлэгийг хэргийн оролцогчийг байлцуулан сонсгоход хариуцагчаас гэм хорын үүрэгт 446,578,700 төгрөг, шинжээчийн зардал 50,400,000 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгчид олгож, бусад хэсгийг хэрэгсэхгүй болгохоор шийдвэрлэснийг шүүх хуралдаан даргалагч тайлбарлаж хэлсэн нь тогтоолын хянавал хэсэгтэй тохирсон, харин тогтоох хэсэгт мөнгөн дүнг 547,378,700 төгрөг гэж алдаатай тусгасан нь тогтоогдлоо. Холбогдох тооцооллыг нягтлан үзвэл шинжээчийн зардал 50,400,000 төгрөгийг хоёр удаа давхардуулан нэмсэн алдаа гаргажээ. Энэ нь техникийн шинжтэй алдаанд хамаарч байх тул тогтоолд зохих залруулга хийх нь зүйтэй” гэж дүгнэсэн байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.6-д “Хяналтын шатны шүүхийн тогтоолд үг, үсэг, тооны зэрэг техникийн шинжтэй алдаа гарсан бол танхимын шүүх бүрэлдэхүүн хуралдаж, залруулга хийж болно” гэж заасан. Ийнхүү хяналтын шатны шүүхийн тогтоолд гаргасан техникийн шинжтэй алдааг танхимын шүүх бүрэлдэхүүн хуралдаж, хуульд заасан бүрэн эрхийнхээ хүрээнд залруулга хийсэн нь хууль зөрчөөгүй байх ба нэхэмжлэгчээс шүүх хуралдааны бичлэгтэй танилцах хүсэлт гаргасны дараа ийнхүү залруулга хийсэнд холбогдох шүүгч нарыг буруутгах боломжгүй.
Түүнчлэн, өргөдөл гаргагчаас хэргийг хяналтын журмаар шийдвэрлэснээс өөр бүрэлдэхүүн залруулга хийсэн нь хууль бус гэж өргөдөлдөө дурджээ.
Монгол Улсын дээд шүүхийн Хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдааны 2022 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн 001/ХТ2022/01090 дүгээр тогтоолоор хэргийг шийдвэрлэхэд Монгол Улсын дээд шүүхийн Иргэний хэргийн Танхимын тэргүүн Г.А даргалж, шүүгч Н.Б, Б.М, Д.Ц, С.С нарын бүрэлдэхүүнтэй хэргийг хянан хэлэлцжээ. Харин уг тогтоолд залруулга хийсэн 2023 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн шүүх хуралдааныг Танхимын тэргүүн Г.А даргалж, шүүгч Н.Б, П.З, Б.М, Х.Э нарын бүрэлдэхүүнтэй хянан хэлэлцсэн байна.
Монгол Улсын дээд шүүхийн нийт шүүгчийн хуралдааны 2022 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 42 дугаар тогтоолоор танхимын бүрэлдэхүүнийг баталсан байх бөгөөд Эрүүгийн хэргийн танхимд шүүгч С.С болон бусад шүүгч нар, Иргэний хэргийн танхимд шүүгч Г.А, Н.Б, П.З, Б.М, Д.Ц, Х.Э нарын нэрсийг баталгаажуулжээ. Ийнхүү залруулга хийх тухай хуралдааныг хэлэлцэх үед Улсын дээд шүүхийн Иргэний хэргийн танхим 6 шүүгчийн бүрэлдэхүүнтэй ажиллаж байсан, залруулга хийх шүүх хуралдаан болох үед шүүгч Д.Ц өвчтэй байсан болох нь дээрх 42 дугаар тогтоол, 2023 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн залруулга хийх тухай шүүх хуралдааны 001/ТМ2023/01337А дугаар шүүх хуралдааны тэмдэглэлээр тус тус тогтоогдож байна.
Иймд танхимын 5 шүүгчийн бүрэлдэхүүнтэйгээр залруулга хийх тухай шүүх хуралдааныг хэлэлцсэн нь хуульд нийцсэн байх бөгөөд энэ талаар дүгнэсэн илтгэгч гишүүний санал үндэслэл бүхий болжээ.
Хоёр. “...шүүх хуралдааны бичлэгт засвар хийсэн” гэх өргөдлийн үндэслэлийн тухайд,
Шалгах ажиллагааны явцад, илтгэгч гишүүнийн 2023 оны 3 дугаар сарын 17-ны өдрийн ГЗБ/2023/0183 дугаар захирамжаар 2022 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн шүүх хуралдааны дууны болон дуу-дүрсний бичлэгт засвар орсон эсэхийг тогтоолгохоор Шүүх шинжилгээний ерөнхий газрын Инженер-техникийн шинжилгээний газрыг шинжээчээр томилж, Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2023 оны 3 дугаар сарын 29-ний өдрийн 1495 дугаар шинжээчийн дүгнэлтээр “...дуу авианы бичлэгүүдийн спектрограм бүтцийг шинжилж үзэхэд өөрчлөлт, засвар, эвлүүлэг хийгдээгүй” гэх дүгнэлтийг ирүүлсэн байна. Иймд шүүх хуралдааны бичлэгт засвар хийсэн гэх өргөдөлд дурдсан үйл баримт тогтоогдохгүй байна.
Гурав. “...шүүх хуралдааны тэмдэглэлд илтгэгч шүүгч гарын үсэг зурсан гэж өмгөөлөгч н.Удаанжаргал хэлсэн боловч даргалагч гарын үсэг зурсан” гэх өргөдлийн үндэслэлийн тухайд
Монгол Улсын дээд шүүхийн 2022 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн 001/ТМ2022/01337 дугаар шүүх хуралдааны тэмдэглэлд Танхимын тэргүүн Г.А, нарийн бичгийн дарга Б.Н нар Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 96 дугаар зүйлийн 96.2-т “...Тэмдэглэлд шүүх хуралдаан даргалагч, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга гарын үсэг зурна.” гэж заасны дагуу гарын үсэг зурж, албажуулсан байна. /сахилгын хэргийн 58-61/
Уг шүүх хуралдааны тэмдэглэлд илтгэгч шүүгч Н.Б гарын үсэг зураагүй байх бөгөөд өмгөөлөгч н.У өргөдөл гаргагчид илтгэгч шүүгч гарын үсэг зурсан талаар хэлсэн нь шалгах ажиллагааны явцад цугларсан баримтуудаар тогтоогдоогүй тул холбогдох шүүгч нарыг буруутгах үндэслэлгүй.
Дөрөв. “...шүүхийн тогтоолд нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон үнийн дүнгийн талаар эрх зүйн дүгнэлт хийгээгүй” гэх өргөдлийн үндэслэлийн тухайд
2022 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн 001/ХТ2022/01090 дүгээр тогтоолын хянавал хэсгийн 16-д “...Хоёр шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагаас ...731,805,500 төгрөгт холбогдох шаардлагыг хэрэгсэхгүй болгосон нь үндэслэлтэй байна. Учир нь мөнгөн хөрөнгийг бэлэн мөнгөний хэлбэрээр кассаар гаргах боломжгүй байсныг гэрч Б.Г 2021.06.24-ний өдрийн шүүх хуралдаанд мэдүүлсэн байх ба тус мөнгөн хөрөнгийг Б К олж авсан гэж дүгнэх боломжгүй юм. Иймд энэ мөнгөн хөрөнгийн тухайд Д.Д нь нэхэмжлэгч “Ш Д К” ХХК-д хохирол учруулсан нь тогтоогдоогүй гэж үзэж холбогдох шаардлагыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй.” гэж хэрэгсэхгүй болгосон үндэслэлээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.3-т заасны дагуу тодорхой тусгасан байна. Иймд нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон үнийн дүнгийн талаар эрх зүйн дүгнэлт хийгээгүй гэх өргөдөл үндэслэлгүй.
Тав. “...шүүхийн тогтоолыг хугацаа хэтрүүлж гаргасан” гэх өргөдлийн үндэслэлийн тухайд,
Улсын дээд шүүхийн 2022 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн 001/ХТ2022/01090 дүгээр тогтоолыг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б-д 2022 оны 12 дугаар сарын 30-ны өдөр, хариуцагч нарын өмгөөлөгч Т.С-т 2023 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр тус тус гардуулсан болох нь шүүхийн шийдвэр гардуулсан, хүргүүлсэн тухай баримтаар тогтоогдож байна. /сахилгын хэргийн 88/
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.1-т “...Шийдвэрийг шүүх хуралдаан дууссан өдрөөс хойш 30 хоногийн дотор гаргах бөгөөд хугацааг тухайн шүүхийн шүүгчдийн зөвлөгөөнөөс нэг удаа 30 хүртэл хоногоор сунгаж болно”, 176.5-д “Хяналтын шатны шүүх хуралдааны тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш долоо хоногийн дотор зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, эсхүл өмгөөлөгчид хүргүүлнэ” гэж тус тус заасан.
Шүүгчдийн зөвлөгөөнөөс дээрх хугацааг 30 хоногоор сунгасан баримт холбогдох иргэний хэрэгт авагдаагүй болохыг шалгах ажиллагааны явцад тогтоожээ. Улсын дээд шүүхийн шүүгч Н.Б нь 2022 оны 11 дүгээр сарын 14-ний өдрөөс 25-ны өдрийн хооронд Сингапур Улсын Шүүхийн Коллежоос зохион байгуулсан “Шүүхийн манлайлал” сэдэвт олон улсын сургалтад оролцож, 11 дүгээр сарын 27-ны өдөр Монгол Улсад буцаж ирсэн, Иргэний хэргийн шүүхийн шүүгчдийн мэргэшүүлэх сургалтын сургагч багшаар 2022 оны 11 дүгээр сарын 30, 12 дугаар сарын 05, 07-ны өдрүүдэд тус тус оролцсон нь сахилгын хэрэгт авагдсан Монгол Улсын дээд шүүхийн тамгын газраас ирүүлсэн албан бичиг, шүүгч Н.Б-ийн гадаад паспортын мэдээлэл, Иргэний хэргийн шүүхийн шүүгчдийн мэргэшүүлэх сургалтын хөтөлбөр зэргээр тогтоогдож байна.
Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1.26-д зааснаар шүүхийн шийдвэр гаргахтай холбоотой хуульд заасан тодорхой хугацааг хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр удаа дараа 30 хоногоос дээш хугацаагаар, эсхүл нэг удаа 60 хоногоос дээш хугацаагаар зөрчвөл сахилгын зөрчилд тооцогдохоор зохицуулсан.
Улсын дээд шүүхийн 2022 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн тогтоолыг шүүх бүрэлдэхүүн 2022 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн дотор албажуулах ёстой байсан боловч дээрх шалтгаануудын улмаас 2022 оны 12 дугаар сарын 30-ны өдөр албажуулж, хэргийн оролцогчид гардуулсан нь шийдвэр гаргах хугацааг хэтрүүлсэн байх боловч Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1.26-д заасан зөрчил гаргасанд тооцохгүй.
Шүүгч Г.А, Н.Б нар хуульд заасан журмын дагуу хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулж, хэргийг шийдвэрлэсэн нь Монгол Улсын шүүхийн тухай хууль /Шинэчилсэн найруулга/-ийн 55 дугаар зүйлийн 55.1 дэх хэсэгт заасан хориглосон, хязгаарласан, үүрэг болгосон зохицуулалтыг зөрчсөн гэж үзэх үндэслэл болохгүй. Иймд сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох саналыг хүлээн авч, сахилгын хэргийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж бүрэлдэхүүн үзэв.
Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 112 дугаар зүйлийн 112.1, 112.1.2, 112.2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүхийн сахилгын хорооны гишүүний 2023 оны 4 дүгээр сарын 11-ний өдрийн ГС/2023/0049 дугаар Сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох саналыг хүлээн авч, өмгөөлөгч С.Б-ын... шүүхийн шүүгч Г.А, Н.Б нарт холбогдуулан үүсгэсэн сахилгын хэргийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2. Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 112 дугаар зүйлийн 112.6 дахь хэсэгт зааснаар магадлал гаргаснаас хойш 14 хоногийн дотор сахилгын хэргийн оролцогч нар болон өргөдөл, мэдээлэл гаргагчийн оршин суугаа газрын эсхүл ажлын газрын хаягаар баталгаат шуудангаар, эсхүл ажлын албаны ажилтнаар хүргүүлэхийг ажлын албанд даалгасугай.
3. Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 112 дугаар зүйлийн 112.7 дахь хэсэгт зааснаар дээрх журмаар хүргүүлснээр магадлалыг гардан авсанд тооцох ба энэ нь гомдол гаргах хугацааг тоолох үндэслэл болохыг тайлбарласугай.
4. Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 112 дугаар зүйлийн 112.8 дахь хэсэгт зааснаар магадлалыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Сахилгын хороонд хэргийн оролцогч нар гомдол, илтгэгч гишүүн эсэргүүцэл гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ С.ЭНХТӨР
ГИШҮҮД Д.АРИУНТУЯА
Д.ЭРДЭНЭЧУЛУУН