info@judiscom.mn 976 - 77113838 Холбоо барих ШИЛЭН ДАНС
ENMNG

МОНГОЛ УЛС

ШҮҮХИЙН САХИЛГЫН ХОРОО

МАГАДЛАЛ

2023-04-13

Дугаар 51

Улаанбаатар хот

Сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

Шүүхийн сахилгын хорооны хуралдааныг гишүүн С.Энхтөр даргалж, гишүүн Д.Мягмарцэрэн, Д.Эрдэнэчулуун нарын бүрэлдэхүүнтэй, илтгэгч гишүүн Д.Ариунтуяа, нарийн бичгийн даргаар ажлын албаны ажилтан Г.Хаш-Эрдэнэ, ажиглагчаар өргөдөл гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Л нарыг оролцуулан тус хорооны хуралдааны танхимд нээлттэй хийв.

Шүүхийн сахилгын хорооны гишүүний 2023 оны 3 дугаар сарын 28-ны өдрийн ГС/2023/0039 дүгээр Сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох саналыг хянан хэлэлцээд                  ТОДОРХОЙЛОХ нь:

Сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох саналдаа: “...Мэдээлэл гаргагчийн мэдээлэлд дурдсан шүүхийн шийдвэр нь 2018 оны буюу Монгол Улсын шүүхийн тухай хууль батлагдахаас өмнөх үйл баримт байх тул  Монгол Улсын шүүхийн шүүгчийн ёс зүйн дүрэм үйлчлэхээр байна. НДЕГ-ын Хяналт, шалгалтын газрын дарга Д.Г-оос  ... аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Г-д холбогдуулан “... Иргэний ажилласан байдлыг тогтоох ажиллагаанд уг үйл явдлыг тогтоосны улмаас эрх ашиг нь хөндөгдөх нийгмийн даатгалын байгууллагыг гуравдагч этгээдээр оролцуулаагүй, үүний улмаас тухайн иргэний ажилласан байдлаа нотлохоор шүүхэд ирүүлсэн хөдөлмөрийн дэвтэр, архивын лавлагаа, холбогдох бусад баримтуудыг дэмжих, үгүйсгэх, тайлбарлах зэргээр мэтгэлцэх зарчим хэрэгжээгүй” гэх агуулга бүхий мэдээлэл гаргажээ. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1 дэх хэсэгт “Шүүх дараах хэргийг онцгой ажиллагааны журмаар хянан шийдвэрлэнэ”, 133.1.1-т “эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдлыг тогтоох”,  134 дүгээр зүйлийн 134.3 дахь хэсэгт “Онцгой ажиллагааны журмаар хэрэг хянан шийдвэрлэх явцад бусад иргэн, хуулийн этгээдийн эрх хөндөгдсөн тохиолдолд тэдгээр нь гуравдагч этгээдээр оролцож болно” гэж тус тус заасан. Дээрх хуулийн зохицуулалтаас үзвэл эрх ашиг нь хөндөгдсөн этгээдийг онцгой ажиллагааны журмаар хэргийг шийдвэрлэхэд оролцуулахаар заасан байна. Иргэний хэрэг хянан шийдвэрлэх онцгой ажиллагаа нь иргэн, хуулийн этгээдээс гаргасан хүсэлтэд үндэслэн үүснэ. Энэхүү хүсэлт нь ямар нэгэн этгээдэд хандаж гаргасан шаардлага биш байдаг. Бас зөрчигдсөн эрхийг сэргээн тогтоох, маргаантай эрхийг хамгаалахыг шаарддаггүй онцлогтой. Иймд иргэний ажилласан байдлыг тогтоох онцгой ажиллагааны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад НДЕГ-ын эрх хөндөгдөөгүй тул тус байгууллагыг гуравдагч этгээдээр оролцуулах шаардлагагүй бөгөөд уг үндэслэлээр шүүгчийг тухайн үед үйлчилж байсан Шүүгчийн ёс зүйн дүрмийг зөрчиж ёс зүйн зөрчил гаргасан гэж үзэхгүй. Түүнчлэн мэдээлэл гаргагч “...иргэнээс ирүүлсэн хөдөлмөрийн дэвтэр, Монголын Хувьсгалт Залуучуудын Эвлэлийн бат илэрхийлэхэд овог засвартай, бат илэрхийлэхэд 1989 оны 3 дугаар сарыг дуустал бичилттэй байхад нотлох баримтыг эргэлзээгүй, бүх талаас нь, үнэн зөв үнэлэх үүргээ биелүүлэлгүйгээр 1989 оныг дуустал ажиллаж байснаар тогтоосноор иргэнд тэтгэвэр тогтоогдсон байна” гэсэн байна.

Шалгах ажиллагааны хүрээнд .../2017/00873/з индексийн дугаартай иргэний хэрэгт үзлэг хийж холбогдох баримтыг хуулбарлан авсан болно. Иргэн Д.Б нь ... аймгийн Б сумын санаачилга нэгдэлд 1986 оноос 1990 оныг дуустал саальчнаар ажиллаж байсан байдлаа тогтоолгох нэхэмжлэлийг ... аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхэд гаргасан нь шүүгч Н.Г-д хуваарилагдан шүүгч 2017 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн .../ШЗ2017/02885 дугаар захирамжаар иргэний хэрэг үүсгэн хянан шийдвэрлэх ажиллагаа явуулжээ. Тус иргэний хэрэгт Хөдөлмөрийн дэвтрийн хуулбар болон МХЗЭ-ийн Бат илэрхийлэхийн гишүүний №266824 дугаар дэвтрийн хуулбар авагдсан байх бөгөөд МХЗЭ-ийн Бат илэрхийлэхийн гишүүний дэвтэрт 1982-1989 он хүртэл цалин олгосон тэмдэглэгээ хийгдсэн боловч 1989 оны эхний 3 сар хүртэл бөглөгдсөн байна. Шүүхээс дээрх байдлыг тодруулахаар тухайн үед Д.Б-тэй цуг ажиллаж байсан Б.Ц, Ө.Д  нарыг гэрчээр асууж мэдүүлэг авчээ. Шүүгчээс гэрч нарт хууль сануулж худал мэдүүлэг гаргасан тохиолдолд хүлээх хуулийн хариуцлагыг тайлбарлан гарын үсэг зуруулж мэдүүлэг авсан байх ба гэрч нараас Д.Б нь ... аймгийн Б сумын Санаачилга нэгдлийн 3 дугаар бригадад саальчнаар 1986 оноос 1990 он хүртэл ажиллаж байсан гэх мэдүүлгийг тус тус өгсөн байна. ... аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн .../ШШ2018/00019 дугаар шийдвэрээр  иргэн Д.Б-г 1986 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1990 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл хугацаанд ... аймгийн Б сумын Санаачилга нэгдлийн 3 дугаар бригадад саальчнаар ажиллаж байсан байдлыг тогтоож шийдвэрлэсэн. Ингэхдээ, түүний иргэний үнэмлэхийн хуулбар, орлогын мэдүүлгийн баримт, ... аймгийн архивын тасгийн 2017 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн 1231 дугаар лавлагаа, МХЗЭ-ийн гишүүний бат илэрхийлэхийн гишүүний дэвтрийн хуулбар, хөдөлмөрийн дэвтрийн хуулбар, 1987, 1988 оны баярын бичиг, гэрч Б.Ц, Ө.Д  нарын мэдүүлэг зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судалж иргэний хүсэлтийг хангаж шийдвэрлэсэн байна. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1 дэх хэсэгт “Шүүх хэргийн оролцогчийн гаргасан нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр нотлох баримтыг өөрийн дотоод итгэлээр үнэлнэ”, 40.2 дахь хэсэгт “Нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлнэ” гэж заажээ. Дээрх хуулийн заалтуудаас үзвэл шүүгч хэрэгт цугларсан нотлох баримтыг үндэслэн хэргийг өөрийн дотоод итгэлээр хянан шийдвэрлэсэн тул шүүгчийг мэдээлэлд дурдсанаар нэг талд давуу байдал бий болгосон гэж буруутгах боломжгүй. Түүнчлэн иргэн Д.Б-ээс Нийгмийн даатгалын ерөнхий газарт холбогдуулан “НДЕГ-ын 2021 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн 32/30 дугаартай “Хуурамч бичиг баримт бүрдүүлэн тэтгэвэр тогтоолгосон нэр бүхий иргэдийн тэтгэврийн олголтыг түдгэлзүүлэн зогсоож, илүү олгосон тэтгэврийг төлүүлж, дутуу олгосон тэтгэврийг нөхөн олгох тухай” улсын байцаагчийн актын Даваагийн Баасанхүүд холбогдох хэсгийг хүчингүй болгож, НДЕГ-ын хууль бус үйлдлээс болж Д.Б-ийн өндөр насны тэтгэврийг зогсоосон үеэс нөхөн олгохыг Нийгмийн даатгалын ерөнхий газарт даалгуулах” нэхэмжлэлийг гаргасан байна. Уг нэхэмжлэлийн дагуу Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн .../ШШ2022/0854 дугаар шийдвэрээр “...Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.1 дэх хэсэгт “Хуулийн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрийг хүн, хуулийн этгээд заавал биелүүлэх үүрэгтэй”, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 110 дугаар зүйлийн 110.2 дахь хэсэгт “Хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч, түүнчлэн хэргийн оролцогчийн эрх залгамжлагч шүүхээр нэгэнт хянан шийдвэрлэсэн маргааны талаар дахин шүүхэд нэхэмжлэл гаргах болон шүүхээс нэгэнт тогтоосон үйл баримт, эрх зүйн харилцаа, хэрэг хянан шийдвэрлэх өөр ажиллагааны талаар маргах эрхгүй” гэж заасан. Иймээс нэхэмжлэгчийг ажиллаж байсан байдлыг шүүхийн шийдвэрээр тогтоож хуулийн хүчин төгөлдөр болсон байхад шүүхээс тогтоосон үйл баримтыг үгүйсгэж, шүүхийн шийдвэртэй холбогдуулж маргасан нь үндэслэлгүй байна. Нөгөөтээгүүр, нэхэмжлэгч Д.Б-ийн саальчнаар ажиллаж байсан байдлыг шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр нэгэнт тогтоогдсон байх тул энэ хэрэгт холбогдуулж шүүхээс дахин нотлох шаардлагагүй, үйл баримтыг захиргааны уг хэргийг шийдвэрлэхэд нотлогдсон гэж тооцсон болно...” гэж дүгнэн нэхэмжлэгч Д.Б-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Д.Б-ийн өндөр насны тэтгэврийг зогсоосон үеэс нөхөн олгохыг хариуцагчид даалгаж шийдвэрлэсэн болохыг дурдах нь зүйтэй” гэжээ.

Шүүгч Н.Г тайлбартаа: “...Миний бие 2018 онд ... аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхэд шүүгчээр ажиллаж байсан ба тухайн ажиллаж байх үед шийдвэрлэсэн 2018 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн шүүхийн шийдвэр, тус хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны талаар гаргасан “НДЕГ-ын 2022 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн 07/2432 дугаар" мэдээлэлтэй танилцаад дараах тайлбарыг гаргаж байна. Хөдөө орон нутагт Онцгой ажиллагааны журмаар шийдвэрлэх хэрэг маргаан тэр дотроо ажиллаж байсан байдал тогтоолгох үйл явдал ихээхэн хувийг эзэлдэг. “Ажиллаж байсан байдал" тогтоолгох үйл баримтыг тогтооход тухайн үйл баримтыг нотлох баримтууд нь устсан, олдохгүй байх, нотлох баримтын шаардлага хангахгүй байх, малчдын ажиллаж байсан хоршоо, нэгдэл 1990-1992 оноос татан буугдаж хувьчлагдсан байдал нийтлэг байдаг бөгөөд шүүх шаардлагатай, хүсэлт гаргасан тохиолдолд үзлэг хийх, гэрчийн мэдүүлэг авхуулах, эргэлзээтэй, бүдэг баримтуудын эх хувийг шаардан авч хэрэгт нотариатаар гэрчлүүлж гарган өгсөн хувьтай тулгах зэргээр зохих ажиллагаануудыг хийдэг. Тухайн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь маргагч тал байхгүй /хариуцагч тал/ байдгаараа онцлог бөгөөд шүүх үйл баримтыг хэрхэн тогтоосноос гарах үр дагавар өөрөөр хэлбэл ажиллаж байсан байдал тогтоолгох нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсний улмаас гарах эрх зүй, эдийн засгийн үр дагавар, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэснээс нэхэмжлэгч этгээдийн шүүхэд мэдүүлэх, шүүхээр эрхээ сэргээлгэх, хамгаалуулах эрх хөндөгдөх, зөрчигдөхөөс сэргийлэх зэрэг үр дагаврыг үүсгэдэг нарийн нягт нямбай ажиллагаа шаарддаг онцлог ажиллагаа байдаг. Миний хувьд өөр орон нутгаас томилогдон ... аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхэд шүүгчээр ажиллаж байх хугацаандаа аливаа этгээд, хэргийн оролцогч хэн нэгэнд давуу байдал үүсгэж хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг явуулсан удаагүй бөгөөд хэрэг нэг бүрийг зөвхөн хэрэгт авагдсан нотлох баримтад тулгуурлан дотоод итгэлээр шийдвэрлэсэн. Шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг явуулахдаа хүсэлт гаргагч буюу нэхэмжлэгчийн тайлбар /үнэн зөв тайлбар өгөх үүргийг иргэний хэрэг үүсгэсний дараа бичгээр болон шүүх хуралдаанд нэг бүрчлэн уншиж тайлбарлаж өгдөг/, түүнийг нотлох хэрэгт цугларсан нотлох баримтууд, тэдгээртэй хамт ажиллаж байсан байдлыг хууль сануулан асуусан гэрчийн мэдүүлэг зэрэгт үндэслэн шийдвэрлэдэг. Нөгөө талаар шүүхээр хэрэг хянан шийдвэрлэх явцад шүүх мэдэх боломжгүй байдлаар шүүхийг үл хүндэтгэж худал тайлбар гаргаж, түүнийгээ хуурамч баримт бүрдүүлэн нотолсон, хууль сануулж авсан гэрчийн мэдүүлгийг худал өгсөн тохиолдолд зохих этгээдүүд хариуцлага хүлээх ба тухайн үйлдлүүдээс гарах үр дагаврыг танилцуулан баримтуудад гарын үсэг зуруулж хэрэгт хавсаргадаг. Иймд тухайн иргэний хэргийг цугларсан нотлох баримтуудад нь үндэслэн өөрийн дотоод итгэлээр үнэлж дүгнэж шийдвэрлэсэн тул НДЕГ-ын мэдээлэлд дурдсан тайлбаруудыг хүлээн зөвшөөрөхгүй байна” гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

            НДЕГ-ын Хяналт шалгалтын газрын дарга Д.Г- оос “...шүүгч Н.Г нь Д.Б-ийн ажиллаж байсан байдлыг тогтоож шийдвэрлэхдээ манай байгууллагыг гуравдагч этгээдээр оролцуулаагүй, нотлох баримтыг эргэлзээгүй, үнэн зөв үнэлэх үүргээ биелүүлээгүй” гэх агуулгаар мэдээлэл гаргажээ.

            Сахилгын хэрэгт цугласан баримтаар, ... аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн .../ШШ2018/00019 дугаар шийдвэрээр Д.Б-ийн 1986 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1990 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл хугацаанд ... аймгийн Б сумын Санаачилга нэгдлийн 3 дугаар бригадад саальчнаар ажиллаж байсан байдлыг тогтоож, уг шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болсон байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1 дэх хэсэгт “Шүүх дараах хэргийг онцгой ажиллагааны журмаар хянан шийдвэрлэнэ”, 133.1.1-т “эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдлыг тогтоох”, 135 дугаар зүйлийн 135.2 дэх хэсэгт “Эрх зүйн ач холбогдол бүхий дараах үйл явдлыг шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар тогтооно”, 135.2.6-д “хүний ажиллаж байсан байдал тогтоох” гэж тус тус заасан. Дээрх хуулийн хүрээнд Д.Б-ийн ажиллаж байсан байдлаа тогтоолгохыг хүссэн иргэний хэргийг шүүх онцгой ажиллагааны журмаар хянан шийдвэрлэжээ.

Мөн хуулийн 134 дүгээр зүйлийн 134.3 дахь хэсэгт “Онцгой ажиллагааны журмаар хэрэг хянан шийдвэрлэх явцад бусад иргэн, хуулийн этгээдийн эрх хөндөгдсөн тохиолдолд тэдгээр нь гуравдагч этгээдээр оролцож болно” гэж заасан. Шүүхээс хүний ажиллаж байсан байдлыг онцгой ажиллагааны журмаар тогтоож шийдвэрлэснээс гарах эрх зүйн үр дагавар нь өөр бусад этгээдийн ашиг сонирхлыг хөндөхгүй. Иймд шүүгч хэргийг шийдвэрлэхдээ мэдээлэл гаргагч байгууллагыг гуравдагч этгээдээр оролцуулаагүй гэх мэдээлэлд дурдсан үндэслэлээр шүүгчийг буруутгах боломжгүй ба энэ талаар дүгнэсэн илтгэгч гишүүний санал үндэслэл бүхий болсон байна.

Түүнчлэн, мэдээлэл гаргагч “... Д.Б-ийн хөдөлмөрийн дэвтэр, Монголын Хувьсгалт Залуучуудын Эвлэлийн бат илэрхийлэхэд овог засвартай, бат илэрхийлэхэд 1989 оны 3 дугаар сарыг дуустал бичилттэй байхад нотлох баримтыг эргэлзээгүй, бүх талаас нь, үнэн зөв үнэлэх үүргээ биелүүлэлгүйгээр 1989 оныг дуустал ажиллаж байснаар тогтоосон” гэжээ.

Дээрх шүүхийн шийдвэрт “... Д.Б-ийн иргэний үнэмлэхийн хуулбар, орлогын мэдүүлгийн баримт, ... аймгийн архивын тасгийн 2017 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн 1231 дугаар лавлагаа, МХЗЭ-ийн гишүүний бат илэрхийлэхийн гишүүний дэвтрийн хуулбар, хөдөлмөрийн дэвтрийн хуулбар, 1987, 1988 оны баярын бичиг, гэрч Б.Ц, Ө.Д  нарын мэдүүлэг зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судалж иргэний хүсэлтийг хангаж шийдвэрлэсэн” талаар дурдсан байна.

Шалгах ажиллагааны явцад илтгэгч гишүүн тус иргэний хэрэгт үзлэг хийж, ач холбогдол бүхий баримтуудыг хуулбарлан авсан байна. Тухайн иргэний хэрэгт нотлох баримтаар авагдсан Д.Б-ийн МХЗЭ-ийн Бат илэрхийлэхийн гишүүний №266824 дугаар дэвтрийн хуулбарт түүнд 1982 оны 01 дүгээр сараас 1989 оны 3 дугаар сар хүртэл хугацааны цалин олгосон талаарх тэмдэглэгээ хийгдсэн байна. Шүүхээс дээрх байдлыг тодруулахаар тухайн үед нэхэмжлэгчтэй хамт ажиллаж байсан Б.Ц, Ө.Д  нарт холбогдох хуулийг сануулж, гэрчийн мэдүүлэг авсан байна.

Гэрч Б.Ц 1981-1990 оны хугацаанд, Ө.Д  1972-1992 оны хугацаанд ... аймгийн Б сумын Санаачлага нэгдлийн 3-р бригадад саальчнаар тус тус ажиллаж байсан болох нь гэрчүүдийн хөдөлмөрийн дэвтэр, ... аймаг дахь сум дундын шүүхийн 2005 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 611 дүгээр шийдвэрээр тус тус тогтоогдож байна. Гэрч Б.Ц, Ө.Д  нар мэдүүлэгтээ “...Д.Б-г 1986 оноос 1990 оны хугацаанд тус бригадад саальчнаар ажиллаж байсан” талаар гэрчилжээ.

Шүүгч Н.Г хуулиар олгосон бүрэн эрхийн хүрээнд хэрэгт авагдсан баримтуудыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1 дэх хэсэгт заасны дагуу тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр өөрийн дотоод итгэлээр үнэлж, хэргийг шийдвэрлэсэн нь түүнийг буруутгах үндэслэл болохгүй.

Нөгөө талаас, Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.1-т “Хуулийн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрийг хүн, хуулийн этгээд заавал биелүүлэх үүрэгтэй”, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.4-т “Зохигч ба хэргийн бусад оролцогч, түүнчлэн тэдгээрийн эрх залгамжлагч шүүхээр нэгэнт хянан шийдвэрлэгдсэн маргааны талаар шүүхэд дахин нэхэмжлэл гаргах буюу шүүхээс нэгэнт тогтоогдсон үйл баримт, эрх зүйн харилцаа, иргэний хэрэг хянан шийдвэрлэх өөр ажиллагааны талаар маргах эрхгүй.” гэж тус тус заасан.

Түүнчлэн, НДЕГ-ын 2021 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн 32/30 дугаартай улсын байцаагчийн актаар хуурамч баримт бүрдүүлэн тэтгэвэр тогтоолгосон үндэслэлээр “...Д.Б-ийн тэтгэвэр олголтыг 2021 оны 12 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн түдгэлзүүлж, илүү олгосон тэтгэврийг төлүүлэхээр” шийдвэрлэжээ. Уг актын өөрт холбогдох хэсгийг хүчингүй болгуулахаар Д.Б-ээс Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргаж, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн .../ШШ2022/0854 дугаар шийдвэрээр “...нэхэмжлэгчийг ажиллаж байсан байдлыг шүүхийн шийдвэрээр тогтоож хуулийн хүчин төгөлдөр болсон байхад шүүхээс тогтоосон үйл баримтыг үгүйсгэж, шүүхийн шийдвэртэй холбогдуулж маргасан нь үндэслэлгүй” гэж дүгнэн нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, дээрх 32/30 дугаартай улсын байцаагчийн актын Д.Б-д холбогдох хэсгийг хүчингүй болгож, түүний тэтгэврийг зогсоосон үеэс нөхөн олгохыг даалгаж шийдвэрлэсэн үйл баримт болжээ.

Мэдээлэлд дурдсан үйл баримт нь 2021 оны 3 дугаар сарын 01-ний өдрөөс хүчин төгөлдөр болсон Монгол Улсын шүүхийн тухай хууль /шинэчилсэн найруулга/ хэрэгжиж эхлэхээс өмнө болсон үйл баримт байх тул 2021 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр батлагдсан Монгол Улсын шүүхийн тухай хууль /шинэчилсэн найруулга/-ийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн 6 дугаар зүйлд заасны дагуу өмнө уг харилцааг зохицуулж байсан хууль тогтоомжийн дагуу шийдвэрлэнэ.

Шүүгч Н.Г нь хуульд заасан журмын дагуу хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулж, хэргийг шийдвэрлэсэн нь Монголын хуульчдын холбооны шүүгчдийн хорооны удирдах зөвлөлийн 2014 оны оны 02 дугаар сарын 28-ны өдрийн 1/08 дугаар тогтоолын хавсралтаар батлагдсан Монгол Улсын шүүхийн шүүгчийн ёс зүйн дүрэмд заасан хориглосон, хязгаарласан, үүрэг болгосон зохицуулалтыг зөрчсөн гэж үзэх үндэслэл болохгүй. Иймд сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох саналыг хүлээн авч, сахилгын хэргийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж бүрэлдэхүүн үзэв.

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 112 дугаар зүйлийн 112.1, 112.1.2, 112.2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүхийн сахилгын хорооны гишүүний 2023 оны 3 дугаар сарын 28-ны өдрийн ГС/2023/0039 дугаар Сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох саналыг хүлээн авч, НДЕГ-ын Хяналт шалгалтын газрын дарга Д.Г-оос ирүүлсэн мэдээллийн дагуу хуучнаар ... аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн одоогоор ...  дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Г-д холбогдуулан үүсгэсэн сахилгын хэргийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 112 дугаар зүйлийн 112.6 дахь хэсэгт зааснаар магадлал гаргаснаас хойш 14 хоногийн дотор сахилгын хэргийн оролцогч болон өргөдөл, мэдээлэл гаргагчийн оршин суугаа газрын эсхүл ажлын газрын хаягаар баталгаат шуудангаар, эсхүл ажлын албаны ажилтнаар хүргүүлэхийг ажлын албанд даалгасугай.

3. Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 112 дугаар зүйлийн 112.7 дахь хэсэгт зааснаар дээрх журмаар хүргүүлснээр магадлалыг гардан авсанд тооцох ба энэ нь гомдол гаргах хугацааг тоолох үндэслэл болохыг тайлбарласугай.

4. Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 112 дугаар зүйлийн 112.8 дахь хэсэгт зааснаар магадлалыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Сахилгын хороонд хэргийн оролцогч гомдол, илтгэгч гишүүн эсэргүүцэл гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

ДАРГАЛАГЧ                                                С.ЭНХТӨР

ГИШҮҮД                                                        Д.МЯГМАРЦЭРЭН

Д.ЭРДЭНЭЧУЛУУН