МОНГОЛ УЛС
ШҮҮХИЙН САХИЛГЫН ХОРОО
МАГАДЛАЛ
2023-02-16
Дугаар 29
Улаанбаатар хот
Сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Шүүхийн сахилгын хорооны хуралдааныг гишүүн Д.Мягмарцэрэн даргалж, гишүүн О.Номуулин, Х.Хашбаатар нарын бүрэлдэхүүнтэй, илтгэгч гишүүн С.Энхтөр, хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Нямжаргал, өргөдөл гаргагч Г.Б, ... дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Б.... нарыг оролцуулан тус хорооны хуралдааны танхимд нээлттэй хийж, дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Б...., шүүгч... нарт холбогдох сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох тухай Шүүхийн сахилгын хорооны гишүүний 2023 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн ГС/2023/012 дугаар саналыг хянан хэлэлцэв.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Илтгэгч гишүүний саналд: “...2022 оны 02 дугаар сарын 11-ний өдөр шүүх хуралдаанаар таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлүүлэх хүсэлтийг холбогдох шүүгч нар хангахгүй орхиж, хүнлэг бус хандсан гэх өргөдлийн үндэслэлийн тухайд, Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 6-д Монгол Улсын иргэн эрүүл мэндээ хамгаалуулах, эмнэлгийн тусламж авах эрхтэй, 18-д улсынхаа нутаг дэвсгэрт чөлөөтэй зорчих, түр буюу байнга оршин суух газраа сонгох, гадаадад явах, оршин суух, эх орондоо буцаж ирэх эрхтэй. Гадаадад явах, оршин суух эрхийг үндэсний болон хүн амын аюулгүй байдлыг хангах, нийгмийн хэв журмыг хамгаалахын тулд зөвхөн хуулиар хязгаарлаж болно гэж заасан. Талийгч Г.А-гийн гадаад явах эрхийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.5 дугаар зүйлийн 1-т “Яллагдагч эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд саад учруулахгүй байх, түүнийг дахин гэмт хэрэг үйлдэхээс урьдчилан сэргийлэх зорилгоор тогтоосон газар, нутаг дэвсгэрээс гарч явах, Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах, тодорхой газар очих, тодорхой хүнтэй уулзахыг хориглох, тогтоосон замаар зорчихыг яллагдагчид даалгаж, хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээг авах эсэхийг прокурорын саналыг үндэслэн шүүх шийдвэрлэхээр зохицуулсан.” гэж зааснаар дээр дурдсан ... дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн 51 дүгээр шүүгчийн захирамжаар хязгаарлажээ. Тодруулбал, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг түргэн шуурхай явуулах нөхцөл боломжийг бүрдүүлэх үүднээс яллагдагч Г.А-д дээрх таслан сэргийлэх арга хэмжээг авсан байна. Дээрх таслан сэргийлэх арга хэмжээг эрүүл мэндийн шалтгааны улмаас өөрчлүүлэхийг хүссэн хүсэлтийг 2022 оны 02 дугаар сарын 08-ны өдөр шүүгдэгч Г.А-гийн өмгөөлөгч Д.Н-ээс гаргаж, Рефлекс эмнэлгийн шинжилгээний бичиг, Улсын хоёрдугаар төв эмнэлгийн 2022 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн 2/30 дугаар эмнэлгийн тодорхойлолт, Бумрунград олон улсын эмнэлгээс ирүүлсэн цахим шуудангийн баримт, орчуулгын хамт тус тус хавсаргаж ирүүлснийг 2022 оны 02 дугаар сарын 11-ний өдрийн 2022/ШТ/23 дугаар шүүхийн тогтоолоор “...дээрх баримтуудаас харахад шүүгдэгч Г.А-г цаашдаа гадаад улсад оношилгоо, шинжилгээ хийлгэх шаардлагатай гэх боловч Монгол Улсад дээрх оношилгоо шинжилгээг хийдэг эсэх, хийгдэх боломжтой эсхүл боломжгүй эсэхийг тогтоосон баримт байхгүй, эмч нарын зөвлөгөөний дүгнэлт, шинжээчийн дүгнэлт буюу шүүгдэгчийг зайлшгүй гадагшаа явж шинжилгээ хийлгэх зайлшгүй шаардлагатай, шинжилгээ хийлгээгүй тохиолдолд цаашдаа амь нас, эрүүл мэндэд хэрхэн нөлөөлж болохыг тогтоосон баримт байхгүйгээс гадна зөвхөн Улсын хоёрдугаар төв эмнэлгийн тодорхойлолт хангалтгүй байна. Өөрөөр хэлбэл, Монгол Улсад магадлан итгэмжлэгдсэн эмнэлгүүдэд дээрх шинжилгээнүүдийг хийж, шүүгдэгч Г.А-гийн өвчний оношийг тодорхойлж, эмчилгээ хийх боломжтой эсэхийг тодруулсан баримтгүйгээр шүүх түүнд авсан Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөх боломжгүй юм.” гэж дүгнэж хангахаас татгалзаж шийдвэрлэжээ. /1хх63-72/ Тухайн хүсэлтэд хавсаргасан Улсын хоёрдугаар төв эмнэлгийн 2022 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн 2/30 дугаар тодорхойлолтод “өвчтөнд хүнд зэргийн давшингуй явцтай тэнцвэргүйдэл, хүнд зэргийн полинейропати оношилгоонд удам зүй болон генийн шинжилгээ, В6, В1 витамины дутагдлыг илрүүлэх, мэдрэлийн биоспи шинжилгээ болон бусад аутоиммуны өвчнүүдийг ялгаж оношлох шинжилгээ. Эмчилгээнд иммуноглобулин эмчилгээ, арьсан доорх электрон стимуляци эмчилгээ болон дээрх оношилгоог гадаад улс оронд хийлгэх шаардлагатай байна” гэж дурджээ. Харин уг шинжилгээ, оношилгоог Монгол улсад хийх боломжгүй талаар Рефлекс эмнэлгийн баримтуудад дурдаагүй буюу шинжилгээний хариу бичгүүд байв. Бумрунград олон улсын эмнэлэгтэй цахимаар харилцсан баримтад ирж үзүүлсэн тохиолдолд шаардлагатай шинжилгээнд хамрагдах боломжтой талаар дурдсан байна. Дээрх тодорхойлолтыг бичсэн Улсын ....р төв эмнэлгийн мэдрэлийн тасгийн их эмч Д.М Шүүхийн сахилгын хороонд өгсөн гэрчийн мэдүүлэгтээ “...Г.А нь олон төрлийн эм ууж, найрлагыг өөрчилж, багасгасан боловч биеийн байдал нь дээрдээгүй дордсон байсан. Монгол Улсад хийсэн мэдрэлийн эмчилгээ үр дүнгүй байна, цаашид гадагшаа явуулж оношлуулж, эмчлүүлэх талаар тодорхойлолт бичээд өгөөч гэж Г.А өөрөө хэлсэн, ...Монгол Улсад оношлогдох боломжгүй буюу гадаад улсад зайлшгүй шаардлагаар оношлуулах шаардлагатай өвчний жагсаалт байдаг эсэхийг мэдэхгүй, ...анх Б.А эмч надтай утсаар холбогдож, Г.А-г амбулаториор үзүүлэхээр цаг авсан гээд үзүүлсэн, мэдрэлийн талаас үзсэн юм чинь тодорхойлолт бичээд өгөөч гэсний дагуу 2022 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн тодорхойлолтыг бичсэн. Өмнө нь олон эмч нарт үзүүлж, эм тариа хэрэглэж үр дүн гараагүй учир гадаад улсад оношлуулж, эмчлүүлэх шаардлагатай гэсэн эмнэлгийн тодорхойлолт бичиж, тухайн үед эмчилгээ эрхэлсэн орлогч дарга Ц.Г-ийн үүргийг орлон гүйцэтгэж байсан Чанарын албаны дарга З.А эмчид танилцуулж хамт гарын үсэг зурсан, ...мэдрэлийн талаасаа мэдрэхүйн тэнцвэргүйдэл өвчинд хамаардаг, Монгол Улсад ховор тохиолддог өвчин учир гадаад улсад энэ чиглэлээр нарийн шинжилгээ хийлгүүлэх шаардлагатай гэж үзсэн. Өөр өвчний оношилгоо хийлгэхээр гадаад улсад явах шаардлагатай гэж бичээгүй, ...Бүдүүн гэдэсний цоорол өвчин мэдрэлийн өвчинтэй холбоогүй, илрэх шинж тэмдэг харилцан хамааралгүй” гэж, мөн эмнэлгийн Эрүүл мэндийн тусламж үйлчилгээ, чанар аюулгүй байдлын албаны дарга З.А гэрчийн мэдүүлэгтээ “...Гадагшаа явж эмчилгээ хийлгэх шаардлагатай хүмүүсийн тодорхойлолтод Эмнэл зүй эрхэлсэн дэд дарга н.Г гарын үсэг зурдаг ба түүний эзгүйд миний бие орлож гарын үсэг зурдаг. Тухайн өвчтөний хувьд үзсэн эмч нь эмчилгээ хийгээд дээрдэхгүй байна гээд тодорхойлолт бичсэн байсан учраас гарын үсэг зурсан санагдаж байна, ...Г.А-гийн үзлэг, шинжилгээ, хийлгэсэн эмчилгээ нь мэдрэлийн өвчинтэй холбоотой байсан, өөр өвчний онош тодруулахтай холбоотой гадаад улсад явах шаардлагатай гэсэн тодорхойлолт биш, ...Г.А-гийн хувьд тодорхойлолтод бичсэн онош, нас барсан өвчний шалтгаан хоорондоо хамааралгүй гэж үзэж байна” гэж тайлбарлажээ. /2хх179-182,199-200/ Сахилгын хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад 2022 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн 1277 дугаар гишүүний захирамжаар Эрүүл мэндийн яамнаас баталсан Монгол Улсад оношлогдох боломжгүй буюу гадаад улсад зайлшгүй шаардлагаар оношлуулах өвчний жагсаалт байдаг эсэх талаар тодруулахад, Эрүүл мэндийн яамны 2022 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн 3/4653 дугаар албан бичгээр “...Монгол Улсад оношлогдох боломжгүй буюу гадаад улсад зайлшгүй шаардлагаар оношлуулах 26 өвчний жагсаалтыг Эрүүл мэндийн сайдын 2017 оны 370 дүгээр тушаалаар батлан хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа талаар”, 2022 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн 2/4842 дугаар албан бичгээр “...Эрүүл мэндийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.9 дэх хэсэгт “эмчлэх” гэж өвчнийг оношлох, эдгэрүүлэх, өвчтөнийг сэргээн засах, өвчлөхөөс урьдчилан сэргийлэхэд чиглэсэн эмчийн мэргэжлийн цогц үйл ажиллагааг хэлнэ гэж хуульчилсан. Иймд тус яамнаас Монгол Улсын Засгийн газрын 2011 оны 226 дугаар тогтоолыг үндэслэн Монголд эмчлэх боломжгүй өвчний жагсаалтыг Эрүүл мэндийн сайдын 2017 оны А/370 дугаар тушаалын нэгдүгээр хавсралтаар батлан хүчин төгөлдөр мөрдөгдөж байна” гэх хариуг тус тус ирүүлсэн байна. /2хх168,169, 201-214, 217-228/ Дээрх баримтуудаар Г.А нь Монгол Улсад оношлогдох боломжгүй буюу Эрүүл мэндийн сайдын 2017 оны 9 дүгээр сарын 21-ний А/370 дугаар тушаалын нэгдүгээр хавсралтаар батлагдсан өвчний жагсаалтад хамаарах өвчнөөр гадаад улсад зайлшгүй оношилгоо хийлгэх шаардлагатай гэх нөхцөл тогтоогдоогүй тул 2022 оны 02 дугаар сарын 11-ний өдрийн 2022/ШТ/23 дугаар шүүхийн тогтоолоор таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөх хүсэлтийг хангахгүй орхиж шийдвэрлэснийг буруутгах боломжгүй. Шүүх бүрэлдэхүүн хууль болон эрх зүйн ухамсрыг удирдлага болгож нотлох баримтыг тал бүрээс нь нягт нямбай, бүрэн гүйцэд, бодит байдлаар нь хянаж үзсэний үндсэн дээр нотлох баримтыг өөрийн дотоод итгэлээр үнэлж хэргийн оролцогчоос гаргасан хүсэлтийг шийдвэрлэсэн байна. Энэ талаараа дээрх тогтоолд тодорхой дурджээ. Хоёр: Таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөөгүйгээс талийгч Г.А нас барсан гэх өргөдлийн үндэслэлийн тухайд, Шалгах ажиллагааны явцад цугласан Улсын хоёрдугаар төв эмнэлгийн 2022 оны 6 дугаар сарын 21-ний өдрийн 2/601 дүгээр албан бичиг, 282390/2230 дугаар өвчний түүхээс үзвэл талийгч Г.А нь тус эмнэлгийн Мэдээгүйжүүлэг, эрчимт эмчилгээний тасагт 2022 оны 02 дугаар сарын 28-ны өдрөөс 03 дугаар сарын 01-ний өдрийн хооронд Бүдүүн гэдэсний цоорол (К63) гэх үндсэн оноштойгоор, үжил, үжлийн шок, олон эрхтний дутагдал, бөөрний дутагдал, судсанд цус түгмэл бүлэгнэх хам шинж, гипотиреоз, шим тэжээлийн дутагдал, бөөрний архаг үрэвсэл, нойрны эмгэг, архаг нойр булчирхайн үрэвсэл гэх дагалдах оноштойгоор хэвтэн эмчлүүлж, 2022 оны 3 дугаар сарын 01-ний өдөр хэвлийг нээж шалгах, цоорсон тахир гэдэс тайрах, бүдүүн гэдэсний стома гаргах, хэвлий угааж цэвэрлэж гуурс тавих, ходоодны амсраас гадны биетийг авах мэс ажилбарт орж тухайн өдрөө нас барсан болох нь тогтоогдож байна. /1хх93, 161-186/ Шалгах ажиллагааны явцад Улсын ... дугаар төв эмнэлгийн мэдээгүйжүүлэх, эрчимт эмчилгээний тасгийн их эмч Б.Д-аас авсан гэрчийн мэдүүлэгт “... үзлэг хийхэд архаг шим тэжээлийн дутагдалтай, олон жилийн өмнө гоо сайхны болон хэвлийн хагалгаанд орсон байсан, ...Бүдүүн гэдэсний цоорол өвчинг Монгол Улсад оношлогдох боломжтой, багажийн шинжилгээ, хэвлийн рентген, компьютер томограф, бодит үзлэгээр илэрдэг. Г.А-гийн хувьд хэвлийн бодит үзлэг, багажийн шинжилгээгээр хэвлийн цоорлыг шууд оношлоход төвөгтэй байсан. Давтан шинжилгээ хийж байж шингэний түвшин нэмэгдсэн тул яаралтай журмаар хагалгаанд орсон” гэж, Улсын ...дугаар төв эмнэлгийн Ерөнхий мэс заслын тасаг, элэг, цөс, нойр булчирхай, хавдрын мэс засалч Б.Г-ээс гэрчийн мэдүүлэгтээ “...Г.А нь 2022 оны 02 дугаар сарын 28-ны өдөр хүлээн авах дээр ирж, даралт унасан, хэвлийгээр өвдсөн, цагаан эсийн тоо өөрчлөлттэй, ялтас эсийн тоо унаж үжил, үжлийн шоктой байсан, ...Хэвлийн үзлэгээр булчин чангарал, гялтан цочролын үнэлэх боломжгүй байсан. Учир нь авдоминал пласти /хэвлийн гоо сайхны хагалгаа буюу хэвлийн суларсан гадаргууг татах зорилгоор хийгддэг/ хагалгаа хийлгэсэн байсан, ...Шингэний хэмжээн нэмэгдсэн учир яаралтай хагалгаанд оруулсан, ... Хэвлийг голын зүслэгээр нээсэн. Хэвлий бохир бор, булингартай шингэн /өтгөн/-тэй байсан. Хэвлийг шалгахад хэвлийн бүдүүн гэдэсний доод хэсэг буюу тахир гэдэс том цоорсон байсан. Хэвлийд баас байсныг цэвэрлэж аваад тахир гэдсийг эрүүл хэсэг хүртэл нь мухарлаж оёж стом гаргасан. Өөрөөр хэлбэл, өтгөнийг шууд гадагшлуулах цорго гаргасан. Хэвлийг угааж цэвэрлэн гуурс тавьсан. Хагалгааны явцад өмнө нь Сингапур улсад ходоодныхоо амсарт тавиулсан гастрик банд /цагираг/ байсныг авсан, ...Түүний нас барсан үндсэн онош бүдүүн гэдэс цоорсны улмаас үжилд орсон, дагалдах онош олон эрхтний дутагдал буюу элэг, бөөр, зүрх, уушгины дутагдал нөлөөлсөн. Энэ нь хагалгааны дараа эргэж сэргэх боломжгүй байдалд хүргэсэн ...Мэдрэлийн гаралтай өвчин нь бүдүүн гэдэсний цоорол өвчин үүсэхэд нөлөөлөхгүй, ... Энэ өвчин нь дийлэнхдээ төрөлхийн байдаг. Төрөлхийн бүдүүн гэдсэнд цүлхэнтэй хүнд яваандаа үрэвсэл, буглаа, цоорол зэрэг үүсэх боломжтой. Цүлхэнгүй төрсөн хүн бүдүүн гэдэсний бусад /органик/ өвчингүй үед цоордоггүй. Энэ хүний хувьд цүлхэнгээс бусад /органик/ өвчний улмаас бүдүүн гэдэсний бусад хэсгүүдэд үрэвслийн шинжгүй байсан, ...Бүдүүн гэдэсний цоорол өвчнийг хэвлийн эхо, хэвлийн рентген, шаардлагатай тохиолдолд томографаар үздэг. Эдгээр шинжилгээгээр онош бүрэн тогтоогдохгүй бүдүүн гэдэс цооролгүй гэж үзсэн тохиолдолд онош тодруулах зорилгоор бүдүүн гэдэс дурандаж болно, ...Монгол Улсад бүдүүн гэдэсний цоорол өвчнийг 100 хувь оношилж, дийлэнх хувийг эмчилдэг.” гэжээ. /2хх173-177, 183-188/ Түүнчлэн, шүүгдэгч Г.А болон түүний өмгөөлөгч Д.Н нар 2022 оны 02 дугаар сарын 17-ны өдөр Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээг эд хөрөнгө барьцаалах таслан сэргийлэх арга хэмжээгээр өөрчлүүлэх хүсэлтүүдийг гаргаж, Рефлекс эмнэлгийн шинжилгээний хариу, 2022 оны 02 дугаар сарын 16-ны өдрийн Интермед эмнэлгийн тодорхойлолт, 2022 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн Улсын ...дугаар төв эмнэлгийн мэдрэлийн тасгийн эмч Д.М-ын тодорхойлолтыг тус тус хавсаргаж шүүхэд ирүүлжээ./1хх82-91/ Энэ талаар дээрх тодорхойлолтыг бичсэн Улсын ..дугаар төв эмнэлгийн мэдрэлийн тасгийн их эмч Д.М Шүүхийн сахилгын хороонд өгсөн гэрчийн мэдүүлэгтээ “...Гадаад улсад оношлуулах, эмчлүүлэхэд эмчлэгч эмчийн тодорхойлолт хэрэгтэй гэж Г.А-гийн ар гэрээс хүссэний дагуу 2022 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн тодорхойлолтыг бичиж өгсөн, ...2022 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн эмнэлгийн тодорхойлолт бичиж өгсний дараа н.А эмч утсаар холбогдоод зовуурь улам ихсэж, орноосоо босч чадахгүй байна. Гадагшаа явж оношлуулахад эмчлэгч эмчийн тодорхойлолт шаардлагатай гэсэн тул хувийн тамгаа дарж өгсөн” гэж, Интермэд эмнэлгийн зөвлөх эмч Л.О Шүүхийн сахилгын хороонд өгсөн гэрчийн мэдүүлэгтээ “...Г.А-гийн биеийн байдалд эмийн нөлөө нөлөөлж байна уу гэдгийг тогтоох нарийвчилсан шинжилгээ хийх шаардлагатай гэж үзэж гадаад улсад очиж өвчний онош тодруулах шаардлагатай гэх тодорхойлолтыг бичсэн. Түүний зарим хэрэглэсэн эмүүд нь манай улсад тэр болгон байдаггүй эм байсан, ...Г.А нь миний онош тодрохгүй байна, оношоо тодруулахаар гадагшаа явмаар байна гэж хүссэн учир тодорхойлолтыг өгсөн. Манай эмнэлгийн зүгээс үйлчлүүлэгчийн хүсэлтээр тодорхойлолт гаргаж өгдөг, ...мэдрэлийн өвчин нь бүдүүн гэдэсний цоорол өвчинтэй хамааралгүй тусдаа өвчин” гэжээ. /2хх178-182, 195,196/ Сахилгын хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад 2022 оны 7 дугаар сарын 04-ний өдрийн 1122 дугаар гишүүний захирамжаар сахилгын хэрэгт шинжээчээр Эрүүл мэндийн яамны дэргэдэх Дотрын анагаах судлалын мэргэжлийн салбар зөвлөлийг томилж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг түдгэлзүүлсэн бөгөөд тус зөвлөлөөс 2022 оны 9 дүгээр сарын 09-ний өдрийн 29 дүгээр албан бичгээр шинжээчийн дүгнэлтийг хүргүүлсэн. Уг дүгнэлтэд, “...Бүдүүн гэдэсний цоорол (K63) өвчин нь Монгол Улсад оношилж, эмчлэх боломжтой бөгөөд асуумж, бодит үзлэг, шинжилгээнд илрэх шинж тэмдгээр оношлох ба хэвлийд хатгалт хийн гарсан шингэнийг шинжлэх, мэс заслын аргаар хэвлийн хөндийг нээж, гэдэсний хөндийд буй гэдэсний агууламж, гэдэсний цооролтыг илрүүлснээр оношийг батална. Г.А-гийн эрүүл мэндийн түүх, Интермед, Рефлекс болон Улсын ...дугаар төв эмнэлгүүдэд 2021 оноос 2022 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн хугацаанд үзүүлж, шинжлүүлэх явцад хэвлийн цочмог хурц өвчний шинж тэмдэг илрээгүй бөгөөд хийгдсэн шинжилгээнүүд нь мэдрэлийн эмгэг, захын мэдрэлийн эмгэгийг оношлох шинжилгээнүүд байсан. Интермед, Рефлекс болон Улсын хоёрдугаар төв эмнэлгүүдэд үзүүлж, өгсөн шинжилгээгээр уг өвчний оношийг илрүүлэх боломжгүй. Түүний биед илэрсэн шинж тэмдэг нь бүдүүн гэдэсний цоорол (K63) оноштой хамааралгүй болно. Г.А-гийн мэдрэлийн архаг өвчний хүнд хэлбэр, тэжээл дутагдал, олон эмийн хэрэглээ, архины хэрэглээ болон ахимаг нас нь дархлаа дарангуйлж, үрэвсэл хамгаалах хариу урвалыг сулруулсан бөгөөд 2022 оны 02 дугаар сарын 28-ны өдрөөс 3 дугаар сарын 01-ний өдрийн хугацаанд бүдүүн гэдэсний цоорол (К63) өвчин үүссэн тухайн тохиолдолд хэвлийн хурц цочмог өвчний шинж тэмдэг нь балархай болж, эрт оношлох боломжгүй нөхцөл үүсгэсэн талтай” гэжээ. /1х234-236, 2хх137-141/ Ийнхүү шүүгдэгч Г.А, түүний өмгөөлөгч Д.Н-ээс таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлүүлэхийг хүссэн хүсэлтийн шүүхэд ирүүлсэн баримтууд нь мэдрэлийн өвчинтэй холбоотой буюу түүний нас барсан үндсэн онош болох бүдүүн гэдэсний цоорол (К63) өвчинтэй хамааралгүй болох нь тухайн үед хийгдсэн шинжилгээний хариу, шинжээчийн дүгнэлт, гэрчийн мэдүүлгүүдээр тус тус тогтоогдож байна. Мөн Эрүүл мэндийн сайдын 2021 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн А/703 дугаар тушаалаар баталсан Бүдүүн гэдэсний шархлаат үрэвслийн оношилгоо, эмчилгээний эмнэл зүйн заавар, Эрүүл мэндийн яамны 2022 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн 1а/4994 дүгээр албан бичгээр мэдрэлийн өвчний эмчилгээ оношилгоонд хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа 217 хуудас 14 төрлийн эмнэл зүйн стандарт, зааврын жагсаалттай харьцуулан үзэхэд шууд хамааралгүй байна. /2хх218-228, 3хх1-219/ Иймд өргөдөлд дурдсанчлан таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөөгүйгээс талийгч Г.А нас барсан гэж үзэх боломжгүй. Нас барсан өвчин болох бүдүүн гэдэсний цоорол (К63) өвчин нь түүнийг нас барахаас урьд нь үүссэн байсан гэх байдал баримтаар тогтоогдоогүй буюу шүүхээс авсан таслан сэргийлэх арга хэмжээтэй холбоогүй байна. Өргөдөл гаргагч Г.Б шалгах ажиллагааны явцад өгсөн гэрчийн мэдүүлэгтээ “...нас барсан оноштой маргаан байхгүй, нэгэнт хагалгаа хийлгээд нас барсан хүнд дахин задлан хийлгэх шаардлагагүй гэж үзэж задлан хийлгээгүй” гэж мэдүүлсэн. /2хх232-234/ Эрүүл мэндийн сайдын 2017 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн А/55 дугаар тушаалын хавсралтаар батлагдсан Нас барагчийн цогцост үхлийн шалтгаан болон өвчний онош зөв тогтоосон эсэхийг тодорхойлох эмгэг судлалын шинжилгээ хийх журмын 2.2-т Цогцост хийх эмгэг судлалын шинжилгээг зайлшгүй хийх тохиолдлыг хуульчилсан бөгөөд 2.2.1-т “Эмнэл зүйн онош тодорхой бус, үндсэн өвчин, түүний хүндрэл,үхэлд хүргэсэн шалтгааныг бүрэн тогтоогоогүй тохиолдол”, 2.2.2-т “Мэдээ алдуулалт, мэс засал, мэс ажилбарын үед болон түүний дараа нас барсан бүх тохиолдол” гэж заасан. Талийгч Г.А нь 2022 оны 3 дугаар сарын 01-ний өдөр мэс ажилбарт орж, тухайн өдрөө нас барсан болох нь сахилгын хэрэгт авагдсан түүний өвчний түүх, гэрчийн мэдүүлгүүдээр тогтоогдож байх тул эмгэг судлалын шинжилгээг хийх зайлшгүй тохиолдолд хамаарч байна. Гэвч түүний төрсөн дүү, өргөдөл гаргагч Г.Б-аас эмгэг судлалын шинжилгээ хийлгэхээс татгалзсан тул хийгдээгүй болох нь тогтоогдсон. /1хх187/ Гурав: 2022 оны оны 02 дугаар сарын 11-ний өдөр шүүх хуралдаанд шүүгч ...тохуурхсан, басамжилсан хандлага гаргасан гэх өргөдлийн үндэслэлийн тухайд, Сидиний “бичлэг 1” гэх нэртэй бичлэгийн 0:24:15-0:27:10 минутад шүүгч Н.М-аас “Надад ганц асуулт байна. 2 дугаар эмнэлгийн баримтыг үзлээ л дээ. Танаас ирүүлсэн баримтуудыг. Ер нь бол бид нар чинь өндөр бэлтгэгдсэн хуульч нар. Бид нар онолын түвшинд шүүх эмнэлгийн хичээл үздэг. Анагаахын мэдлэг бүрэн төгс боловсорсон байгаа. Эмчийн түвшинд биш юм аа гэхэд мэргэжлийн түвшинд. Ерөнхий онош бол нейропатия гэж, өөрөөр хэлбэл таны 10 сараас нойргүй байгаа, нейропатия гэж мэдрэлийн цочрол л өгчхөөд байгаа байхгүй юу, өөрөөр хэлбэл та их тайван байгаад асуудалд хандаад өөрийгөө жоохон жолоодоод яавал юу юм биш үү. Бусдаар бол танд гар мөчний саажилт юм уу, ямар нэгэн харвалт юм илрээгүй байна шүү дээ. За яахав, мэдрэлийн биопси хийлгэ гэсэн байна. Мэдрэлийн биопсиг Монголд хийж байгаа. Тэгээд ч бид нар шүүгч нарын хувьд өмгөөлөгч, яллагч бүгд мэдэж байгаа. Дуртай өвчнөө болно, болохгүй гэж бид нар зохиохгүй. Энэ өөрөө маш нарийн тогтоц, акттай байдаг. Өөрөөр хэлбэл, Монгол Улсад эмчлэгдэх боломжгүй өвчний жагсаалт байдаг байхгүй юу. Би ойлгохдоо, таны онош нейропатия гэдэг чинь тайван биш, өвчин хэцүү л дээ би таныг ойлгоод байна. Гэхдээ нейропатия буюу тайван биш байдал чинь бүх мэдрэлийн түвшин, эд эсэд чинь нөлөөлөөд, өөрөө ч энийгээ ойлгодоггүй, эмч нартаа ч ойлгуулж чаддаггүй. Огт манайх оношилж чадахгүй гэсэн юм байхгүй. Мэдрэлийг биопсиг харин хийж байна уу, үгүй юу, Уг нь Интермед гээд олон улсын түвшинд магадлан итгэмжлэгдсэн эмнэлэг байдаг юм байна лээ. Энэ эмч нар мэдрэлийн биопси хийлгэх санаа оноо гарчихсан байна гэж, өөрөөр хэлбэл таны мэдрэлийн эд эсүүдэд хавдрын шинж байна уу гэсэн дүгнэлт дээр эргэлзчих юм уу гэж. Энийг гадаадад хийлгэх шаардлагатай юу” гэж хэлсэн болох нь 2022 оны 02 дугаар сарын 11-ний өдрийн шүүх хуралдааны дуу-дүрсний бичлэг, шалгах ажиллагааны явцад шүүх хуралдааны бичлэгт хийсэн тэмдэглэлээр тус тус тогтоогдож байна. /2хх235-237/ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 35.8 дугаар зүйлийн 12-т “Шүүгч, иргэдийн төлөөлөгч нотлох баримтыг шинжлэн судлахад оролцож, аль ч үед тодруулах асуулт тавих эрхтэй.” гэж заасан бөгөөд шүүгч ...дээрх зохицуулалтын хүрээнд шүүх хуралдааны явцад хэргийн оролцогчоос гаргасан хүсэлт, ирүүлсэн баримттай нь холбогдуулан асуулт асуусан байна. Харин шүүгдэгч Г.А болон хэргийн оролцогчийг басамжилж, тохуурхсан, хүнлэг бус хандсан гэх байдал тогтоогдохгүй байна. Шүүгч ...шүүх хуралдааны явцад өөрийн мэдлэг, чадварыг тодорхойлсон үг хэллэг хэрэглэсэн байх боловч бусдын талаар тодорхойлсон утга, агуулга бүхий зүйл хэлээгүй байна. Өөрөөр хэлбэл, шүүгдэгчийн гаргасан хүсэлт, баримтад бичигдсэн зүйлтэй холбогдуулан “Монгол Улсад эмчлэх боломжгүй өвчний жагсаалт” байдаг талаар тайлбарлаж, олон улсын түвшинд магадлан итгэмжлэгдсэн эмнэлэгт хандсан талаар шүүгдэгчээс тодруулж асуусан үйл баримт тогтоогдож байна. Шүүгчийн үг, хэллэг, хоолойны өнгө, биеийн хэлэмж нь хэргийн оролцогч болон бусад этгээдтэй албан үүргийн хувьд харилцахдаа зүй бус авирласан, хүний зан байдал, ёс зүй, нэр төр, чадварын талаар тодорхойлсон гэх зөрчилд хамаарах үйлдэл, эс үйлдэхүй гаргасан гэж үзэх боломжгүй. Үүнтэй холбоотойгоор шүүгч Б.... нь шүүх хуралдааныг даргалахдаа хуралдааны дэг сахиулах хүрээнд бусдын зүй бус авирыг таслан зогсоох талаар шаардлага тавих үүргээ биелүүлээгүй гэж үзэхгүй. Дөрөв: 2022 оны 02 дугаар сарын 17-ны өдөр гаргасан таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлүүлэх хүсэлтийг шийдвэрлээгүй хугацаа алдсан гэх өргөдлийн үндэслэлийн тухайд, 2022 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн 2022/ЕШЗ/235 дугаар Ерөнхий шүүгчийн захирамжаар бүрэлдэхүүнд томилогдсон шүүгч ...нь хүндэтгэн үзэх шалтгааны улмаас ирээгүй тул шүүх бүрэлдэхүүнийг эрүүгийн хэргийн бүртгэл хяналтын нэгдсэн системээс дахин хуваарилж, хэргийг Ерөнхий шүүгч Б...., шүүгч Д.Г...., Т.Г. А нарын бүрэлдэхүүнтэйгээр хянан хэлэлцүүлэхээр томилжээ. Улмаар 2022 оны 02 дугаар сарын 14-ний өдөр шүүгч Д.Г....ээс “...тухайн хэргийг өмнө нь 2020 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн 695 дугаар шийтгэх тогтоолоор шийдвэрлэхэд шүүх бүрэлдэхүүнд оролцож байсан учир хэргийг дахин шийдвэрлэхэд оролцох боломжгүй” гэх үндэслэлээр татгалзан гарах хүсэлт гаргасныг 2022 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн 26 дугаар тогтоолоор хангаж, шүүх хуралдааныг 2022 оны 3 дугаар сарын 14-ний өдрийн 10 цаг 00 минут хүртэл хугацаагаар хойшлуулсан байна. Улмаар 2022 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн 2022/ЕШЗ/237 дугаар Ерөнхий шүүгчийн захирамжаар хэргийг Ерөнхий шүүгч Б...., шүүгч Т.Г.А, ... нарын бүрэлдэхүүнтэйгээр хянан хэлэлцүүлэхээр томилсон үйл баримт болжээ. /1хх78,79,80,81/ Шүүгдэгч Г.А болон түүний өмгөөлөгч Д.Н нараас 2022 оны 02 дугаар сарын 17-ны өдөр таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлүүлэх хүсэлтийг өмнө нь гаргасан хүсэлттэйгээ хавсарган ирүүлсэн Рефлекс эмнэлгийн шинжилгээний хариу, 2022 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн Интермед эмнэлгийн тодорхойлолт, Мэдрэл судлалын их эмч Д.М-ын тодорхойлолтын хамт ирүүлснийг тус шүүхийн Ерөнхий шүүгч Б....т 2022 оны 02 дугаар сарын 22-ны өдөр хүлээн авч, танилцсан болох нь дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн ирсэн баримт бичгийн бүртгэл №37-оор тогтоогдож байна. /1хх98/ Харин тус хэргийн бүрэлдэхүүнд 2022 оны 02 дугаар сарын 15, 17-ны өдрүүдэд томилогдсон шүүгч Т.Г.А, ... нар дээрх хүсэлттэй танилцаагүй, хүсэлт ирүүлсэн талаар мэдээгүй, уг хэрэг нь 200 гаруй хавтастай, танилцахад удаан хугацаа орох байсан тул танилцаж амжаагүй байсан талаар шалгах ажиллагааны явцад өгсөн гэрчийн мэдүүлэгтээ мэдүүлсэн. Г.А нарт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 20130100.... дугаартай эрүүгийн хэрэг 222 хавтас, 54909 хуудас болох нь хэрэгт үзлэг хийсэн тэмдэглэлээр тогтоогдоно. /1хх14-16/ Тус шүүхийн шүүгчийн туслах Н.З шалгах ажиллагааны явцад өгсөн гэрчийн мэдүүлэгтээ “...Тухайн үед мэдээлэл лавлагааны ажилтан байхгүй байсан учраас хүсэлтийг миний бие 2022 оны 02 дугаар сарын 17-ны өдөр буюу пүрэв гариг 15 цагийн үед хүлээн авсан. Д.Н өмгөөлөгч хүсэлтээ өөрөө, Г.А-гийн хүсэлтийг Э.С авчирч өгсөн. 2022 оны 02 дугаар сарын 18-ны өдөр буюу баасан гаригт шүүгч Б.... нэг шүүх хуралдаантай байсан. 2022 оны 02 дугаар сарын 21-ний өдөр буюу дараагийн даваа гаригт шүүгч 4 шүүх хуралдаанд дараалан оролцсон учир өргөдлийг танилцуулж амжаагүй. Ингээд 2022 оны 02 дугаар сарын 22-ны өдөр шүүгч Б....т хүсэлтийг танилцуулсан ба даргалагч шүүгчид хүсэлтийг танилцуулсан учир бүрэлдэхүүн шүүгч Т.Г.А, ... нарт танилцуулаагүй, ...2022 оны 02 дугаар сарын 22-ны өдрөөс 25-ны өдрийг хүртэл хугацаанд шүүгч Б.... 8 шүүх хуралдаан хийхээр товлон зарласан байсан. 2022 оны 02 дугаар сарын 28-ны өдөр 9 цаг 30 минутад нэг хурал даргалж, Д.Кёкшүзанбатбаяр нарт холбогдох хэргийн шүүх хуралдаан тухайн өдрийн 10 цаг 30 минутад эхэлж, 2022 оны 3 дугаар сарын 04-ний өдрийг хүртэл үргэлжилсэн. Шүүх хуралдаан үргэлжлэх хугацаанд хурал 20, 21 цагуудад тарсан. Ийнхүү Д.Кёкшүзанбатбаяр нарт холбогдох хэргийн шүүх хуралдаан үргэлжилсэнтэй холбогдуулан шүүгдэгч Г.А, түүний өмгөөлөгч Д.Н-ээс гаргасан хүсэлт шийдвэрлэх хуралдааныг товлон зарлах боломжгүй байсан. ...Манай шүүх А, Б гэсэн 2 заалтай бөгөөд шүүх хуралдаан 7 хоногийн өмнөөс тавигдаж, зааланд хуваарилагддаг. Нэг шүүх хуралдаан хэдэн цаг үргэлжлэх нь тодорхойгүй байдаг учраас уг хүсэлт шийдвэрлэх хуралдааныг товлож чадаагүй. Миний бие дээрх хүсэлтийг шүүгчид хугацаа алдаж танилцуулснаас ийм байдал үүслээ” гэжээ. /4хх203-206/ Ерөнхий шүүгч Б.... нь 2022 оны 02 дугаар сарын 17-ны өдрөөс 28-ны өдрийг хүртэл хугацаанд 12 шүүх хуралдааны даргалж, 1 шүүх хуралдааны бүрэлдэхүүнд оролцож, 2022 оны 02 дугаар сарын 18-ны өдөр 2022/ШЗ/347 дугаар Шүүх хуралдааны товыг өөрчлөн тогтоох тухай шүүгчийн захирамж, 2022/ШЗ/380 дугаар Урьдчилсан хэлэлцүүлэг товлох тухай шүүгчийн захирамж, 21-ний өдөр 2022/ХМШЗ/39, 2022/ХМШЗ/40, 2022/ХМШЗ/41 дүгээр “Ялаас өршөөн хэлтрүүлэх тухай” шүүгчийн захирамж, 2022/ШЗ/375 дугаар хэргийг прокурорт буцаах тухай шүүгчийн захирамж, 2022/ШЗ/352 дугаар Урьдчилсан хэлэлцүүлэг товлох тухай шүүгчийн захирамж, 2022/ШЗ/370 дугаар Хэргийг харьяалах шүүхэд шилжүүлэх тухай шүүгчийн захирамж, 22-ны өдөр 2022/ШЗ/382 дугаар хэргийг прокурорт буцаах тухай шүүгчийн захирамж, 2022/ШЗ/383 дугаар шүүх хуралдаан хойшлуулах тухай шүүгчийн захирамж, 2022/ШЦТ/118/ дугаар шийтгэх тогтоол, 23-ны өдөр 2022/ШЗ/393 дугаар Хэргийг харьяалах шүүхэд шилжүүлэх тухай шүүгчийн захирамж, 24-ний өдөр 2022/ШЦТ/126 дугаар шийтгэх тогтоол, 25-ны өдөр 2022/ШТ/35 дугаар шийтгэх тогтоол,мөн 28-ны өдөр 2022/ШЗ/436 дугаар хүсэлт шийдвэрлэх тухай шүүгчийн захирамж, 2022/ШЗ/438 дугаар Хэргийг харьяалах шүүхэд шилжүүлэх тухай шүүгчийн захирамж, нийт 16 эрхийн акт гаргаж, албажуулсан байна. /4хх194-202, 225-249, 5хх1-34/ Энэ хугацаанд Д.Кёкүшюзанбатбаяр нарт холбогдох 38 хавтас, 9400 хуудас хэргийн материалтай танилцаж, тус хэргийн шүүх хуралдааныг 2022 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн 10 цаг 30 минутаас 2022 оны 3 дугаар сарын 04-ний өдрийн 13 цаг 55 минут хүртэл хугацаанд даргалж, шийдвэрлэсэн болох нь 2022 оны 3 дугаар сарын 04-ний өдрийн 479 дүгээр шүүх хуралдааны тэмдэглэлээр тогтоогдож байна. /4хх1-77/ Дээрх эрүүгийн хэргийн шүүх хуралдаанд нарийн бичгийн даргаар оролцсон Д.М гэрчийн мэдүүлэгтээ “...2022 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн 10 цаг 30 минутад эхэлсэн П.К нарт холбогдох эрүүгийн хэргийн шүүх хуралдаанд миний бие нарийн бичгийн даргаар 2 дах өдрөөс нь эхэлж оролцсон. Тус шүүх хуралдаан 3 дугаар сарын 04-ний өдрийг хүртэл 5 хоног үргэлжилсэн. Эхний өдрийн шүүх хуралдаанд нарийн бичгийн дарга Ц.Б суусан. 2022 оны 02 дугаар сарын 28-ны өдөр би ажил дээрээ сууж байгаад 20 цагийн үед ажлаас гарахад тус шүүх хуралдаан завсарлаж байсан. Миний суусан шүүх хуралдаанууд өглөө 9 цагт эхэлж, орой 20 цагийн үед завсарласан. Нэг өдөр нь арай эрт ажлын цаг дуусах үед завсарласан. Тус шүүх хуралдаан тасралтгүй үргэлжилж, дундуур нь өөр шүүх хуралдаан хийгээгүй” гэж мэдүүлсэн. /4хх219-222/ 2022 оны 02 дугаар сарын 17-ны өдрөөс 28-ны өдрийн хугацаанд дээрх шүүх хуралдааны бүрэлдэхүүнд томилогдсон шүүгч Т.Г.А 1 шүүх хуралдаан даргалсан, шүүгч ... 13 шүүх хуралдаан даргалж, 3 шүүх хуралдааны бүрэлдэхүүнд оролцсон болох нь сахилгын хэрэгт авагдсан шүүх хуралдааны зараар тогтоогдож байна. /4хх194-202/ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 15.4 дүгээр зүйлийн 1-т “Хуульд заасан журмын дагуу гаргасан хүсэлт нь эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад оролцогч, бусад оролцогч, хуулийн этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалахад ач холбогдолтой бол бүрэн, эсхүл хэсэгчлэн хангах, эсхүл хангахаас татгалзах тухай шүүх, прокурор, мөрдөгч шийдвэр гаргана.” гэж, 2-т “Хүсэлтийг хангах үндэслэл нь тодорхой бол даруй, шалгах шаардлагатай тохиолдолд түүнийг гаргаснаас хойш ажлын 5 өдрийн дотор хангах эсэхийг шийдвэрлэнэ.” гэж заасан. Шүүгч Б.... нь дээр дурдсан нөхцөл байдлын улмаас шүүгдэгч Г.А болон түүний өмгөөлөгч Д.Н нараас 2022 оны 02 дугаар сарын 17-ны өдөр гаргасан хүсэлттэй 2022 оны 02 дугаар сарын 22-ны өдөр танилцаж, шүүх бүрэлдэхүүн өмнө нь товлогдсон байсан хэргүүдээ хянан шийдвэрлэж, шүүгч Б.... нь П.К нарт холбогдох эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг 2022 оны 02 дугаар сарын 28-ны өдрөөс 3 дугаар сарын 04-ний өдрийг хүртэл даргалж, шийдвэрлэж байх хугацаанд 2022 оны 3 дугаар сарын 01-ний өдөр шүүгдэгч Г.А нас барсан үйл баримт болжээ. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.3 дугаар зүйлийн 1-т зааснаар шүүх хуралдааныг өдрийн цагаар явуулах ба амрах зайлшгүй шаардлагатайгаас бусад цагт тасралтгүй явуулна гэж заасан. Иймд дээрх шүүх хуралдаан үргэлжилж байх хугацаанд шүүгдэгч Г.А, түүний өмгөөлөгч Д.Н нараас гаргасан хүсэлтийг шийдвэрлэх боломжгүй байжээ. Дээрх таслан шийдвэрлэх арга хэмжээг өөрчлүүлэх хүсэлтийг хэргийн оролцогчоос хүсэлт гаргасан 2022 оны 02 дугаар сарын 17-ны өдрөөс 28-ны өдрийг хүртэл ажлын 6 хоногт шийдвэрлэх ёстой байсан гэж үзвэл шүүгч Б.... нь хүсэлт шийдвэрлэх хуульд заасан хугацааг 1 хоногоор хэтрүүлсэн байна. Энэ нь түүнийг Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1.23-т заасан хуулийн илт тодорхой заалтыг ноцтой, эсхүл удаа дараа зөрчсөн зөрчил гаргасан гэж үзэх үндэслэл болохгүй. Нөгөө талаас, тэрээр уг хүсэлттэй 2022 оны 02 дугаар сарын 22-ны өдөр танилцсан болох нь сахилгын хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдсон. Тус шүүхийн 2022 оны 3 дугаар сарын 14-ний өдрийн 2022/ШТ/39 дүгээр тогтоолоор Г.А-д холбогдох эрүүгийн хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дах заалтад зааснаар шүүгдэгч нас барсан учир хэрэгсэхгүй болгож, 2022 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн 2022/ШЦТ/742 дугаар шийтгэх тогтоолоор ...шүүгдэгч Г.А, Э.С нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2, 21.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэм хэргийг гүйцэтгэсэн гэм буруутайд тооцож, Г.А-д холбогдох хэргийг шүүгдэгч нас барсан үндэслэлээр хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ. /4хх104-166/ Иймд шүүгч Б...., Д.Г.А... нар нь шүүгдэгч Г.А-д авсан таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлүүлэх хүсэлтийг хангахгүй орхиж, улмаар тэрээр нас барсан, холбогдох шүүгч нар түүнтэй хүнлэг бус хандсан, шүүгч ...шүүх хуралдаанд тохуурхсан, доромжилсон хандлага гаргасан, 2022 оны 02 дугаар сарын 17-ны өдөр гаргасан таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлүүлэх хүсэлтийг шийдвэрлээгүй хугацаа алдсан гэх өргөдөлд дурдсан үйл баримт тогтоогдсонгүй. Шүүгч нар нь Монгол Улсын шүүхийн тухай хууль, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан бүрэн эрх хэмжээнийхээ хүрээнд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг явуулсан байх тул Монгол Улсын шүүхийн тухай хууль /Шинэчилсэн найруулга/-ийн 50, 51.1, 52, 53 дугаар зүйлд заасан хориглосон, хязгаарласан, үүрэг болгосон зохицуулалтыг зөрчөөгүй байна. Дээр дурдсан үндэслэлээр сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох саналыг хорооны хуралдаанаар хэлэлцүүлэхээр оруулав..” гэжээ.
Шүүгч Б.... Шүүхийн сахилгын хороонд ирүүлсэн тайлбартаа: “...Ш.Б нарт холбогдох эрүүгийн хэргийг Улсын дээд шүүхээс дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж, тус хэргийг урьд нь шийдвэрлэсэн шүүгч И.Г ээлжийн амралттай байсан тул 2021 оны 8 дугаар сарын 04-ний өдөр Шүүгчдийн зөвлөгөөний 2021 оны 3 дугаар сарын 01-ний өдрийн 5 дугаартай тогтоолын хавсралтын 2.4-т заасны дагуу эрүүгийн хэргийн бүртгэл хяналтын нэгдсэн системээс надад хуваарилагдсан. Улмаар шүүх хуралдааныг товлон зарлаж, хуульд заасан үндэслэлээр нийт 9 удаа хойшлогдсон. Таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлүүлэх талаар гаргасан хүсэлтийн тухайд, 2021 оны 12 дугаар сарын 20-ны өдөр товлон зарлагдсан шүүх хуралдаанд Г.А эрүүл мэндийн шалтгааны улмаас хүрэлцэн ирээгүй бөгөөд “...Сингапур улсын эмнэлэгт үзлэг оношилгоо хийж, оношийг тодруулахаар Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлүүлэх талаар” гаргасан хүсэлтийг эмнэлгийн тодорхойлолтын хамт шүүхэд ирүүлсэн. Шүүх бүрэлдэхүүн шүүгдэгчээс ирүүлсэн хүсэлт, холбогдох баримтыг харахад эмнэлгийн тодорхойлолт гэх боловч зөвлөх эмч Б.Г гэх хүний гарын үсэг дангаар зурагдсан буюу хаана, ямар эмнэлэгт үзүүлсэн нь тодорхойгүй, ямар асуумж, эмнэл зүйн шинжилгээнүүд хийсний үндсэн дээр дээрх оношийг тодорхойлсон, Монгол Улсад байгаа ямар эмнэлэгт эмчилгээ, оношилгоо хийлгэсэн, цаашдаа ямар эмчилгээ, оношилгоо шаардлагатай байгаа, үүсэж болох эрсдэл зэргийг нарийвчлан тусгаагүй зэргээс дээрх тодорхойлолтоор түүнд авсан таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөх боломжгүй буюу дан ганц эмчийн тодорхойлолтоор түүнд авсан таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөх үндэслэл болохгүй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэсэн. Мөн шүүгдэгч ирээгүй шалтгаанаар шүүх хуралдааныг хойшлуулж, шүүгдэгч нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ болон Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээг дараагийн шүүх хуралдаан хүртэл хэвээр үлдээж шийдвэрлэсэн. Шүүх бүрэлдэхүүнд байсан шүүгч Х.О нь 2022 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр эрүүл мэндийн шалтгааны улмаас чөлөөтэй байсан тул 2022 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн 94 дугаартай Ерөнхий шүүгчийн захирамжаар шүүх бүрэлдэхүүнд шүүгч ...томилогдсон. Улмаар 2022 оны 02 дугаар сарын 09-ний өдөр шүүгдэгч Г.А-гийн өмгөөлөгч Д.Н-ээс шүүгдэгч Г.А-д авсан Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлүүлэх хүсэлтийг холбогдох баримтын хамт ирүүлсэн бөгөөд хэдийгээр шүүгдэгчид авсан таслан сэргийлэх арга хэмжээ дараагийн шүүх хуралдаан хүртэл хэвээр үргэлжлэхээр өмнөх хуралдааны шийдвэр гарсан байсан ч бүрэлдэхүүн 2022 оны 02 дугаар сарын 11-ний өдөр хуралдаанаар хэлэлцсэн ба хүсэлтийг хангахаас татгалзаж шийдвэрлэсэн болно. Учир нь шүүхэд ирүүлсэн Г.А-гийн эрүүл мэндийн байдлын талаарх баримтуудаас дүгнэхэд шүүгдэгч Г.А-г цаашдаа гадаад улсад оношилгоо, шинжилгээ хийлгэх шаардлагатай гэх боловч Монгол Улсад дээрх оношилгоо шинжилгээг хийдэг эсэх, хийгдэх боломжтой эсхүл боломжгүй эсэхийг тогтоосон баримт байхгүй, эмч нарын зөвлөгөөний дүгнэлт, шинжээчийн дүгнэлт буюу шүүгдэгчийг заавал гадагшаа явж шинжилгээ хийлгэх зайлшгүй шаардлагатай, шинжилгээ хийлгээгүй тохиолдолд цаашдаа амь нас, эрүүл мэндэд хэрхэн нөлөөлж болохыг тогтоосон баримт хангалтгүй байсан. Өөрөөр хэлбэл Монгол Улсад магадлан итгэмжлэгдсэн эмнэлгүүдэд дээрх шинжилгээнүүдийг хийж, шүүгдэгч Г.А-гийн өвчний оношийг тодорхойлж, эмчилгээ хийх боломжтой эсэхийг тодруулсан баримтгүйгээр шүүх түүнд авсан Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөх боломжгүй юм. Нөгөөтэйгүүр, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан яллагдагч эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд саад учруулахгүй байх, түүнийг дахин гэмт хэрэг үйлдэхээс урьдчилан сэргийлэх, гэмт хэргийн нийгмийн аюулын хэр хэмжээ, учирсан хохирол, мөн эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зорилтын хүрээнд өмгөөлөгч Д.Н-ээс шүүхэд гаргасан “шүүгдэгч Г.А-д авсан Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах, хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж өгнө үү“ гэсэн хүсэлтийг шүүх бүрэлдэхүүн хангахаас татгалзаж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзсэн. 2022 оны 02 дугаар сарын 15-ны өдөр товлогдсон шүүх хуралдаанд шүүгч Д.Г.... Шүүгчдийн зөвлөгөөний 2022 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн 02 дугаартай тогтоолын 3 дахь хэсэгт “...цагаатгах тогтоол гаргасан, эсхүл хэд хэдэн шүүгдэгчтэй хэрэгт зарим шүүгдэгчийн үйлдлийг хэрэгсэхгүй болгон цагаатгаж шийдвэрлэсэн шийдвэрийг дээд шатны шүүхээс буруу гэж үзэн хүчингүй болгосон хэргийг тухайн шүүгч болон шүүх бүрэлдэхүүнд хуваарилахгүйгээр дахин хуваарилалтад оруулна гэж заасны дагуу татгалзан гарах хүсэлт гаргасныг бүрэлдэхүүн хүлээн авснаар шүүх хуралдааныг хойшлуулж, шүүгдэгч нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ болон Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээг тус тус дараагийн шүүх хуралдаан хүртэл хэвээр үлдээж, эрүүгийн хэргийн бүртгэл хяналтын нэгдсэн системээс шүүх бүрэлдэхүүнд шүүгч ..., шүүгч Т.Г.А нар хуваарилагдсаныг 2022 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн 237 дугаартай Ерөнхий шүүгчийн захирамжаар баталгаажуулсан. Улмаар шүүгчийн туслахаас Г.А, түүний өмгөөлөгч нараас дахин ирүүлсэн таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлүүлэх талаар хүсэлтийг 2022 оны 02 дугаар сарын 22-ны өдөр Ерөнхий шүүгч надад танилцуулсан бөгөөд тухайн үед шүүх бүрэлдэхүүнд байгаа шүүгч нар болон Ерөнхий шүүгч миний бие зарлагдсан хуралдаан их, ачаалал өндөр байсан тул таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөх эсэх хуралдааныг хийх боломжгүй нөхцөл байдалтай байсныг тайлбарлах нь зүйтэй болов уу. Мөн 2022 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн 10 цаг 00 минутад Д.Кёкүшюзанбатбаяр нарт холбогдох хэргийн шүүх хуралдаан зарлагдсан байсан бөгөөд тус шүүх хуралдаан 2022 оны 02 дугаар сарын 28-ны өдөр эхэлж, 5 хоног үргэлжилж 2022 оны 3 дугаар сарын 07-ны өдөр дууссан. Өөрөөр хэлбэл шүүх хуралдаан тасралтгүй явагдах зарчмын дагуу шүүх хуралдаан дундуур өөр хуралдаан хийх боломжгүй нөхцөл байдалтай байсан тул өмгөөлөгч Д.Н, Г.А нараас гаргасан хүсэлтийг хуралдаан дууссаны дараа зарлан хэлэлцэхээр төлөвлөсөн байсан боловч 2022 оны 3 дугаар сарын 01-ний өдөр Г.А нь нас барсан. Дээрх үндэслэлүүдээр хүсэлтийг хүлээн авахаас татгалзсан, дахин гаргасан хүсэлтийг шийдвэрлэх боломжгүй байсныг тайлбарлахын сацуу шүүх хуралдаанд талийгаачийн ар гэр болон төрөл төрөгсдөд гүнээ эмгэнэл илэрхийлсэн болно” гэжээ.
Шүүгч Д.Г.... Шүүхийн сахилгын хороонд ирүүлсэн тайлбартаа: “... дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Тамгын газрын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчийн 2021 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн 17/17 дугаартай “Ээлжийн амралт батлах тухай” тушаалын нэгдүгээр хавсралтаар шүүгч Д.Г.... намайг 2021 оны 6 дугаар сарын 21-ний өдрөөс 2021 оны 7 дугаар сарын 29-ний өдрийг хүртэл амрахаар ээлжийн амралтыг баталж, энэ хугацаанд шүүгч би ээлжийн амралтаа эдэлж дуусаад 2021 оны 7 дугаар сарын 30-ны өдрөөс ажилдаа орсон болно. Шүүгч намайг ээлжийн амралтаа эдэлж дуусаад ажилдаа ороход тус шүүхийн шүүгч нарын зарим ээлжийн амралтаа авсан байсан бөгөөд шүүгдэгч Ш.Б, Ч.Г, Б.М, Г.А, Э.Снарт холбогдох эрүүгийн 20130100..... дугаартай хэрэг тус шүүхэд 2021 оны 8 дугаар сарын 04-ний өдөр Улсын Дээд шүүхээс хянагдаад дахин хэлэлцүүлэхээр ирсэн, энэ үед Эрүүгийн хэргийн бүртгэл, хяналтын нэгдсэн системээс тус хэргийн шүүх бүрэлдэхүүнд Ерөнхий шүүгч Б...., шүүгч ..., Д.... нарыг томилсон шийдвэрийг албажуулсан байсан. Шүүхээс нэр бүхий шүүгдэгч нарт холбогдох хэргийн шүүх хуралдааныг 2021 оны 8 дугаар сарын 18-ны өдөр товлосон бөгөөд шүүх бүрэлдэхүүнд томилогдсон байсан шүүгч Д.... ээлжийн амралтаа авсан байсан учир бүрэлдэхүүнийг өөрчилж, Эрүүгийн хэргийн бүртгэл, хяналтын нэгдсэн системээс шүүгч Д.Г.... намайг тус хэргийн шүүх бүрэлдэхүүнд хуваарилж, улмаар тус шүүхийн Ерөнхий шүүгчийн 2021 оны 8 дугаар сарын 18-ны өдрийн 870 дугаартай захирамжаар албажуулсан. Шүүгч Д.Г.... намайг тус хэргийн шүүх бүрэлдэхүүнд томилогдсон байхад шүүгдэгч Ш.Б, Ч.Г, Б.М, Г.А, Э.С нарт холбогдох хэргийн шүүх хуралдаан 2021 оны 8 дугаар сарын 18, 9 дүгээр сарын 08, 10 дугаар сарын 06, 10 дугаар сарын 27, 11 дүгээр сарын 22, 12 дугаар сарын 20-ны өдрүүдэд тус тус хянан шийдвэрлүүлэхээр хуралдаан эхэлсэн боловч хэргийн оролцогч нараас гаргасан шүүх хуралдааныг хойшлуулах тухай хүсэлтээр буюу шүүх хуралдааны ирцтэй холбоотойгоор нийтдээ 6 удаа хойшилсон. Ингээд шүүх хуралдааныг хойшлуулахад Г.А, түүний өмгөөлөгч нараас түүнд авсан "Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах” хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлүүлэх тухай хүсэлтийг 2021 оны 12 дугаар сарын 20-ны өдөр хуралдсан хуралдаанд гаргасан бөгөөд тухайн үед эмнэлгийн ямар нэгэн баримтгүй, харин Зөвлөх эмч, АУ-ны доктор, профессор Б.Г-ийн “Асуумж, эмнэл зүй, шинжилгээнүүдэд үндэслэсэн онош, хүнд хэлбэрийн цус багадалт, элэгний хатуурал бүрэн батлагдсан. Мэдрэлийн зөвлөх эмч, АУ-ны доктор Л.О-ын үзлэгээр тархины миелингүйжих өвчин, танин мэдэхүйн буурал, нугасны тэнцвэргүйдэл гэсэн онош тавигдсан. Өвчтөний биеийн байдал маш хүнд. ухаан санаа бүдэг, 9,8 кг жин хаясан, цаашид амьдралын заалтаар нэн яаралтай өндөр хөгжилтэй оронд очиж нэмэлт шинжилгээнд хамрагдан, оношоо тодруулан эмчлүүлэх шаардлагатай” гэсэн тодорхойлолт ирүүлсэн. Тухайн тодорхойлолтыг бичсэн Б.Г аль эмнэлэгт ажилладаг болох нь тодорхойгүй, эмчийн тодорхойлолттой холбоотой Г.А хэзээ, хаана, ямар эмнэлэгт үзүүлсэн тухай баримтыг ирүүлээгүй байсан бөгөөд шүүх бүрэлдэхүүн хэлэлцээд “хязгаарлалт тогтоох” таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлүүлэх тухай хүсэлтийг хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэсэн. Тус хэргийн шүүгдэгч Г.А-гийн өмгөөлөгч Д.Н-ээс шүүгдэгчид авсан “Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах" хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлүүлэх тухай хүсэлтийг 2022 оны 02 дугаар сарын 09-ний өдөр тус шүүхэд ирүүлснийг шүүх 2022 оны 02 дугаар сарын 11-ний өдөр хянан хэлэлцэж хуралдаанаас 2022/ШТ/23 дугаартай шүүхийн тогтоол гарч, уг тогтоолоор Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 15.4 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэг, 18.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон “Шүүгдэгч Г.А-гийн өмгөөлөгч Д.Н-ээс гаргасан шүүгдэгч Г.А-д авсан “Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах хязгаарлалт тогтоох” таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлүүлэх тухай хүсэлтийг хангахаас татгалзаж, таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, тогтоолд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхгүйг танилцуулж шийдвэрлэсэн. Таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлүүлэхээр гаргасан өмгөөлөгчийн хүсэлтийг хэлэлцэх хуралдаанд прокурор Б.Б, шүүгдэгч Г.А, түүний өмгөөлөгч Д.Н, онлайнаар өмгөөлөгч Ц.Д нар оролцсон, өмгөөлөгч Д.Н шүүхэд ирүүлсэн хүсэлтдээ “...Г.А-гийн бие, эрүүл мэндийн байдал сайжрахгүй байгаа бөгөөд Монгол улсад шинжилгээ өгч, хэдийгээр холбогдох эмчилгээ хийлгэж байгаа боловч эмч нарын гаргаж буй дүгнэлт, тогтоосон онош зөрүүтэй байгаагаас хийлгэж байгаа эмчилгээ үр дүнгүй байна. 2022 оны 02 дугаар сарын 01-ний өдөр Тайланд улсын “Бумруград"-ын эмнэлгээс биечлэн ирж шинжилгээ өгч, онош тогтоолгох тухай бичгийг Г.А-д өгсөн. Эрүүл мэндийн байдал хүнд байгаа нөхцөл байдлыг харгалзан үзэж Г.А-д хилийн хориг тогтоосон таслан сэргийлэх арга хэмжээг эд хөрөнгө барьцаалах арга хэмжээгээр өөрчлөхийг хүсье..." гээд холбогдох 11 хуудас баримтын хамт ирүүлсэн. Улмаар хүсэлт хэлэлцсэн хуралдаанд шүүгдэгч Г.А болон түүний өмгөөлөгч Д.Н, Ц.Д нараас Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлүүлэхээр санал, хүсэлтийг тайлбарлаж оролцсон. Шүүхэд ирүүлсэн Г.А-гийн эрүүл мэндийн байдалтай холбоотой баримтуудыг үзэхэд Улсын хоёрдугаар төв эмнэлгийн 2022 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн 2/30 дугаар тодорхойлолт, “Бумруград” олон улсын эмнэлэгт хандан шинжилгээнд хамрагдах шаардлагатай талаарх баримтыг орчуулгын хамт ирүүлсэн байсан ба Г.А нь Монгол Улсад ганцхан Улсын хоёрдугаар төв эмнэлэгт үзүүлж оношлуулснаас өөрөөр Монгол улсад үйл ажиллагаа явуулж байгаа улсын эмнэлэг болон Олон улсын чанартай хувийн эмнэлэгт үзүүлээгүй, оношлуулаагүй байсан, мөн Г.А-гийн эрүүл мэндийн байдлыг Монгол улсад улсын эмнэлэг болон Олон улсын чанартай хувийн эмнэлгүүд өөр өөрөөр оношилсон тухай эмнэлгийн баримтууд авагдаагүй байсан. Өмгөөлөгч Д.Н-ээс шүүхэд ирүүлсэн Улсын хоёрдугаар төв эмнэлгийн 2022 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн 2/30 дугаар тодорхойлолтоор түүний онош зөрүүтэй, Монгол Улсад оношилж чадахгүй байна гэж үзэх боломжгүй байсан учир шүүхээс шүүгдэгч Г.А-гийн “Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах” хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөх, өөр таслан сэргийлэх арга хэмжээгээр солих хууль зүйн үндэслэлгүй гэж үзэн хүсэлтийг хангахаас татгалзаж шийдвэрлэсэн болно. 2022 оны 02 дугаар сарын 15-ны өдөр нэр бүхий шүүгдэгч нарт холбогдох хэргийн шүүх хуралдаан эхэлсэн бөгөөд шүүгч Д.Г.... миний бие Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-т заасан хуульд заасан бусад үндэслэл байсны дагуу шүүх хуралдааны явцад татгалзсан, улмаар уг татгалзлыг шүүх бүрэлдэхүүн шийдвэрлэж, хүлээн авсан учир тус хэргийг цаашид шийдвэрлэх шүүх бүрэлдэхүүнд миний бие оролцоогүй учир 2022 оны 02 дугаар сарын 17-ны өдөр гаргасан хүсэлтийн талаар тайлбар хийх боломжгүй юм. Г.Б, Э.С нарын гаргасан гомдлыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байгаа учир сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох санал гаргаж өгнө үү” гэжээ.
Шүүгч ...Шүүхийн сахилгын хороонд ирүүлсэн тайлбартаа: “...Шүүгч ...миний бие уг хэргийн бүрэлдэхүүнд шүүхийн цахим хуваарилалтын дагуу томилогдсон ба Г.А-гаас гаргасан хүсэлтийг шүүхэд хэдэнд ирсэн, хэзээ хэлэлцэхийг шийдвэрлэх боломжгүй. Өөрөөр хэлбэл хүсэлтийг хэлэлцэх шүүх хуралдааны товыг даргалагч шүүгч Б.... болон түүний туслах тогтоосноор оролцох журамтай. Хилийн хориг тавьсныг цуцлуулах хүсэлтийг хэлэлцэх шүүх хуралдаан товлогдсоны дагуу оролцсон ба хуралдаанд хүсэлтийг хэлэлцэх шүүх хуралдаан товлогдсоны дагуу оролцсон ба уг хуралдаанд өмгөөлөгч болон Г.А нараас тайлбарлахдаа ...онош тогтоогдохгүй байна, гадагшаа явж онош тогтоолгох хүсэлттэй байна... гэсэн. Ингээд эмнэлгийн материалтай танилцахад талийгч Улсын төв хоёрдугаар эмнэлгээр үйлчлүүлсэн байсан ба миний бие түүнээс ...манай нийслэлд Олон улсад итгэмжлэгдсэн нэг хоёроор тогтохгүй эмнэлэг байдаг. Та аль эмнэлгээр үйлчлүүлэх нь таны сонголт боловч энэ эмнэлгүүдээр үйлчлүүлэх боломж нээлттэй, та энэ эмнэлгүүдийг сонирхож үзэв үү... гэсэн агуулгатай асуулт тавьсан. Мөн талийгч хурал дээр тайлбарлахдаа билүү, өгсөн хүсэлтдээ нойргүй болсон, удаан хугацааны турш нойрны эмээр унтдаг болсон гэсэн тайлбар өгсөн тул би... шүүгч бид нар мэргэжлийн үүднээс хуулийн сургуульд Шүүх эмнэлгийн цогц сургалтад сууж төгсдөг. Та өөрөө их л тайван байж биеэ бодох хэрэгтэй дээ... гэж тодруулж зөвлөх маягаар үг хэлснээс, хүнийг доромжлох, тохуурхах утгаар ямар ч асуулт тавьж өгүүлбэр хэлээгүй болно. Ингээд шүүх бүрэлдэхүүн хүсэлтийг хамтын зарчмаар хэлэлцээд хангаж шийдвэрлээгүй. Иймд иргэн Г.Б, Э.С нарын өргөдлийн дагуу үүссэн сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэж, 2022 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр гаргасан нэмэлт тайлбартаа “...2022 оны 02 дугаар сарын 14-ний өдөр талийгаач Г.А-гийн хилийн хориг цуцлуулах хүсэлт хэлэлцэх хуралдаанд миний бие өвчтэй хүнийг тохуурхах ямар ч үйлдэл /үг болон биеийн хэлэмжээрээ /гаргаагүй ба харин ч /би өөрөө шилжилтийн насны өөрчлөлт зовуурийг мэдэрч байгаагийн хувьд/ тухайн эмэгтэйг ойлгох, учирлах байдлаар асуулт тавьсан болно. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 35.8 дугаар зүйлийн 12 дахь хэсэгт...Шүүгч ...нотлох баримтыг шинжлэн судлахад оролцож, аль ч үед тодруулах асуулт тавих эрхтэй.... гэж хуульчилсны дагуу асуулт тодруулга тавьсан болно. Шүүгч хуралдааны аль ч үед ямар ч оролцогчоос тодруулах асуулт асуух эрхтэй гэж ойлгож байгаа. 2022 оны 02 дугаар сарын 28-ны өдөр Б...., Г.... бид гурвыг талийгчийн биеийн байдал муудаж эмнэлэгт найдваргүй болсныг дуулаад...барьцаа мөнгийг нь ханатал нь аваад хилийн хоригийг нь цуцлах уу... гэж хоорондоо ярилцсаныг бидэнтэй хамт ажиллаж байгаа хүнээс сонссон гэж /энэ хүнээ илчлэхгүй гэж/ Г.Б нэмэлтээр гомдолдоо ярьсан байна. Ийм зүйл бид гурван шүүгчийн дунд огт яригдаагүй ба 02 дугаар сарын 14-ний өдрийн хуралдаанаас хойш бид 3 энэ асуудлаар дахиж огт уулзалдаагүй, талийгаачийг нас барсан талаарх мэдээллийг цахим орчноос л бусдын адил мэдсэн болно. Гомдол гаргагч нарт эмгэнэл илэрхийлэхийн сацуу надад үүсгэсэн сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү.” гэжээ.
ҮНДЭСЛЭХ НЬ:
Иргэн Г.Б-ын өргөдөлд Шүүхийн сахилгын хорооны гишүүний 2022 оны 05 дугаар сарын 30-н өдрийн 1014 дүгээр захирамжаар, Э.С-ийн өргөдөлд Шүүхийн сахилгын хорооны гишүүний 2022 оны 09 дүгээр сарын 15-ны өдрийн өдрийн 1187 дугаар захирамжаар тус тус дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Б...., шүүгч Д.Г.А... нарт холбогдуулан сахилгын хэрэг үүсгэн, илтгэгч гишүүний 2022 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн 1276 дугаар “Сахилгын хэргийг нэгтгэх тухай” захирамжаар дээрх 2 сахилгын хэргийг нэгтгэн, шалгах ажиллагааг явуулжээ.
Шүүхийн сахилгын хорооны гишүүний “Сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох тухай” 2022 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн 148 дугаар саналыг шүүхийн сахилгын хорооны хуралдаанаар хэлэлцэн 2022 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн 196 дугаар тогтоолоор сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох саналыг хүчингүй болгож, дахин шалгуулахаар илтгэгч гишүүнд буцааж шийдвэрлэсэн.
Илтгэгч гишүүн нэмэлт хянан шалгах ажиллагаа явуулж, Шүүхийн сахилгын хорооны гишүүний 2023 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн ГС/2023/012 дугаар санал гаргасныг хүлээн авч, сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.
Сахилгын хэрэгт цугласан баримтаас үзвэл, Нийслэлийн прокурорын газраас 2020 оны 6 дугаар сарын 02-ны өдөр 184 дүгээр яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ш.Б, Ч.Г, Б.М, Г.А, Э.С нарт холбогдох эрүүгийн 20130100... дугаартай хэргийг дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн 695 дугаар шийтгэх тогтоол, Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2021 оны 3 дугаар сарын 17-ны өдрийн 271 дүгээр магадлалаар шийдвэрлэснийг Монгол Улсын дээд шүүхийн Хяналтын шатны Эрүүгийн хэргийн шүүх хуралдааны 2021 оны 7 дугаар сарын 19-ний өдрийн 267 дугаар тогтоолоор хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцааж шийдвэрлэжээ.
Нийслэлийн прокурорын газрын Хэрэг бүртгэх, мөрдөн байцаах ажиллагааны хяналт тавих 1 дүгээр хэлтсийн хяналтын прокурор П.Э-оос 2019 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр “...яллагдагч Г.А нь Э.С, “Жаст групп” ХХК-ийн захирал, Хадгаламж банкны ТУЗ-ын дарга Ш.Б нартай санаатай нэгдэж, бүлэглэн иргэний хэргийн шүүн таслах ажиллагаанд оролцохдоо нотлох баримтыг хуурамчаар бүрдүүлсэн гэмт хэргийг гардан зохион байгуулсан буюу удирдсан, үйл ажиллагааг чиглүүлсэн үйлдэлд эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татаж мөрдөн шалгах ажиллагаа явуулж байна. Түүнийг эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд саад учруулахгүй байх зорилгоор Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах таслан сэргийлэх арга хэмжээг авах” санал гаргасныг ... дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн 51 дүгээр шүүгчийн захирамжаар хүлээн авч, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.13 дугаар зүйлийн 1,8,9, 14.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.А-д Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээг авчээ.
... дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчдийн зөвлөгөөний 2021 оны 3 дугаар сарын 01-ний өдрийн 5 дугаартай тогтоолын хавсралтын 2.4-т заасны дагуу эрүүгийн хэргийн бүртгэл хяналтын нэгдсэн системээс дээрх хэрэг тус шүүхийн Ерөнхий шүүгч Б....т 2021 оны 8 дугаар сарын 04-ний өдөр хуваарилагдаж, 2021 оны 8 дугаар сарын 25-ны өдрийн 2021/ЕШЗ/887 дугаар Ерөнхий шүүгчийн захирамжаар дээрх хэргийг хянан хэлэлцэх бүрэлдэхүүнийг Ерөнхий шүүгч Б...., шүүгч Д.Г...., Х.О нарын бүрэлдэхүүнтэйгээр томилсон шийдвэрийг албажуулсан байх ба 2021 оны 10 дугаар сарын 06-ны өдөр товлогдсон шүүх хуралдаанд шүүгдэгч Г.А “...коронавирусын халдвар авсны улмаас гэрээр эмчлэгдэж байгаа тул шүүх хуралдааныг хойшлуулах...” хүсэлтийг гэрээр эмчлүүлж байгаа талаарх эмчийн тодорхойлолтын хамт ирүүлснийг хангаж, дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021/ШТ/112 дугаар тогтоолоор 2021 оны 10 дугаар сарын 28-ны өдрийг хүртэл хугацаагаар шүүх хуралдааныг хойшлуулжээ.
Шүүгдэгч Г.А-гаас 2021 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн шүүх хуралдаанд “...хэвтрийн дэглэм барьж, эмчилгээгээ үргэлжлүүлэн хийлгэж байна. Цус багадалтын улмаас олон цагаар битүү танхимд удаан суух тохиолдолд өвчин сэдрэх магадлалтай. Иймд шүүх хуралдааныг хойшлуулж өгнө үү” гэх хүсэлтийг Өвчний улмаас гэрээр эмийн эмчилгээ хийлгэн, хэвтрийн дэглэм баримтлан эмчлүүлж байгаа нь үнэн болно гэх эмчийн тодорхойлолт, лабораторийн шинжилгээний хариуны хамт ирүүлжээ. Шүүх уг хүсэлтийг хангаж, 2021/ШТ/114 дүгээр тогтоолоор шүүх хуралдааныг 2021 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийг хүртэл хойшлуулсан бөгөөд тус өдрийн шүүх хуралдаанд шүүгдэгч Г.А, Э.С, Г.А нарын өмгөөлөгч нараас шүүх хуралдаан давхацсан тул хуралдааныг хойшлуулах хүсэлтийг мөн баримтын хамт ирүүлснийг хангаж, 2021/ШТ/120 дугаар тогтоолоор шүүх хуралдааныг 2021 оны 12 дугаар сарын 20-ны өдрийг хүртэл хойшлуулсан ба тус шүүх хуралдаанд шүүгдэгч Г.А биечлэн оролцсон байдаг.
Тус шүүх хуралдаанд шүүгдэгч Г.А-гаас “...Монгол Улсад өвчний онош гүйцэт тодрохгүй, удаан хугацааны эмчилгээ шаардлагатай байх тул хэрэг тусгаарлуулах, ...өмнө нь эмчилгээ хийлгэж байсан Сингапур улсын эмнэлэгт хандахад үзлэг оношилгоо хийж, оношийг тодруулахыг зөвшөөрсөн боловч хилээр гарах эрхийг хязгаарлах таслан сэргийлэх арга хэмжээ авсан тул эрүүл мэндийн байдлаа оношлуулах, эмчилгээ хийлгэх боломжгүй нөхцөл байдал үүсээд байна. Иймд хилээр гарах эрхийг хязгаарлах таслан сэргийлэх арга хэмжээ 1-2 сарын хугацаагаар цуцалж өгөх...” -ийг хүссэн хүсэлт, Зөвлөх эмч Б.Г-ийн гарын үсэг зурсан эмнэлгийн тодорхойлолт гэх бичвэрийн хамт ирүүлснийг дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021/ШТ/129 дүгээр тогтоолоор хангахгүй орхиж, шүүгдэгч Г.А эрүүл мэндийн шалтгаанаар ирээгүй тул шүүх хуралдааныг хойшлуулж” шийдвэрлэжээ.
Дээрх тогтоолд “...шүүгдэгч Г.А-д авсан Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлүүлэх тухайд өнөөдрийн шүүх хуралдаанд шүүгдэгч Г.А-гаас ирүүлсэн эмчийн тодорхойлолтод онош тодорхойлох боломжгүй байна гэх үндэслэлийг дурдаж байгаа боловч Монгол Улсад байгаа ямар эмнэлэгт эмчилгээ, оношилгоо хийлгэсэн, цаашдаа ямар эмчилгээ, оношилгоо шаардлагатай байгаа, үүсэж болох эрсдэл, эмнэлгийн тодорхойлолт зэрэг холбогдох шаардлагатай баримт байхгүй байгаагаас дүгнэхэд түүнд авсан Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөх үндэслэл тогтоогдохгүй байна” гэж дүгнэжээ.
Тус шүүх бүрэлдэхүүнд томилогдсон шүүгч Х.О нь эрүүл мэндийн шалтгааны улмаас чөлөө авсан тул 2022 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн 2022/ЕШЗ/94 дүгээр Ерөнхий шүүгчийн захирамжаар шүүх бүрэлдэхүүнийг өөрчлөн, Ерөнхий шүүгч Б...., шүүгч Д.Г.А... нарын бүрэлдэхүүнтэйгээр хянан хэлэлцүүлэхээр томилсон ба шүүх хуралдааныг 2022 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн 2022/ШЗ/143 дугаар шүүгчийн захирамжаар шүүх хуралдааны товыг 2022 оны 02 дугаар сарын 15-ны өдөр болгон өөрчилжээ.
Өргөдөл гаргагч Г.Б, Э.С нараас “...2022 оны 02 дугаар сарын 11-ний өдрийн шүүх хуралдаанаар шүүгдэгч Г.А-д авсан таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлүүлэх хүсэлтийг хангахгүй орхиж, улмаар тэрээр нас барсан, холбогдох шүүгч нар түүнтэй хүнлэг бус хандсан, шүүгч ...шүүх хуралдаанд тохуурхсан, доромжилсон хандлага гаргасан, 2022 оны 02 дугаар сарын 17-ны өдөр гаргасан таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлүүлэх хүсэлтийг шийдвэрлээгүй хугацаа алдсан” гэх агуулгын хүрээнд өргөдлийн үндэслэлээ тодорхойлсон байна.
“...2022 оны 02 дугаар сарын 11-ний өдөр шүүх хуралдаанаар таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлүүлэх хүсэлтийг холбогдох шүүгч нар хангахгүй орхиж, хүнлэг бус хандсан...” гэх өргөдлийн үндэслэлийн тухайд:
Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 6-д “Монгол Улсын иргэн эрүүл мэндээ хамгаалуулах, эмнэлгийн тусламж авах эрхтэй”, 18-д “улсынхаа нутаг дэвсгэрт чөлөөтэй зорчих, түр буюу байнга оршин суух газраа сонгох, гадаадад явах, оршин суух, эх орондоо буцаж ирэх эрхтэй. Гадаадад явах, оршин суух эрхийг үндэсний болон хүн амын аюулгүй байдлыг хангах, нийгмийн хэв журмыг хамгаалахын тулд зөвхөн хуулиар хязгаарлаж болно” гэж заасан.
Харин Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.5 дугаар зүйлийн 1-т “Яллагдагч эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд саад учруулахгүй байх, түүнийг дахин гэмт хэрэг үйлдэхээс урьдчилан сэргийлэх зорилгоор тогтоосон газар, нутаг дэвсгэрээс гарч явах, Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах, тодорхой газар очих, тодорхой хүнтэй уулзахыг хориглох, тогтоосон замаар зорчихыг яллагдагчид даалгаж, хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээг авах эсэхийг прокурорын саналыг үндэслэн шүүх шийдвэрлэнэ” гэж заасан тул ... дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн 51 дүгээр шүүгчийн захирамжаар талийгаач Г.А-д Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах таслан сэргийлэх арга хэмжээ авчээ.
Дээрх таслан сэргийлэх арга хэмжээг эрүүл мэндийн шалтгааны улмаас өөрчлүүлэхийг хүссэн хүсэлтийг 2022 оны 02 дугаар сарын 08-ны өдөр шүүгдэгч Г.А-гийн өмгөөлөгч Д.Нээс гаргаж, Рефлекс эмнэлгийн шинжилгээний бичиг, Улсын хоёрдугаар төв эмнэлгийн 2022 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн 2/30 дугаар эмнэлгийн тодорхойлолт, Бумрунград олон улсын эмнэлгээс ирүүлсэн цахим шуудангийн баримт, орчуулгын хамт тус тус хавсаргаж ирүүлснийг дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 02 дугаар сарын 11-ний өдрийн 2022/ШТ/23 дугаар шүүхийн тогтоолоор “...дээрх баримтуудаас харахад шүүгдэгч Г.Аг цаашдаа гадаад улсад оношилгоо, шинжилгээ хийлгэх шаардлагатай гэх боловч Монгол Улсад дээрх оношилгоо шинжилгээг хийдэг эсэх, хийгдэх боломжтой эсхүл боломжгүй эсэхийг тогтоосон баримт байхгүй, эмч нарын зөвлөгөөний дүгнэлт, шинжээчийн дүгнэлт буюу шүүгдэгчийг зайлшгүй гадагшаа явж шинжилгээ хийлгэх зайлшгүй шаардлагатай, шинжилгээ хийлгээгүй тохиолдолд цаашдаа амь нас, эрүүл мэндэд хэрхэн нөлөөлж болохыг тогтоосон баримт байхгүйгээс гадна зөвхөн Улсын хоёрдугаар төв эмнэлгийн тодорхойлолт хангалтгүй байна. Өөрөөр хэлбэл, Монгол Улсад магадлан итгэмжлэгдсэн эмнэлгүүдэд дээрх шинжилгээнүүдийг хийж, шүүгдэгч Г.Агийн өвчний оношийг тодорхойлж, эмчилгээ хийх боломжтой эсэхийг тодруулсан баримтгүйгээр шүүх түүнд авсан Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөх боломжгүй юм.” гэж дүгнэн, хүсэлтийг хангахаас татгалзаж шийдвэрлэсэн байна.
Тухайн хүсэлтэд хавсаргасан Улсын хоёрдугаар төв эмнэлгийн 2022 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн 2/30 дугаар тодорхойлолтод “өвчтөнд хүнд зэргийн давшингуй явцтай тэнцвэргүйдэл, хүнд зэргийн полинейропати оношилгоонд удам зүй болон генийн шинжилгээ, В6, В1 витамины дутагдлыг илрүүлэх, мэдрэлийн биоспи шинжилгээ болон бусад аутоиммуны өвчнүүдийг ялгаж оношлох шинжилгээ. Эмчилгээнд иммуноглобулин эмчилгээ, арьсан доорх электрон стимуляци эмчилгээ болон дээрх оношилгоог гадаад улс оронд хийлгэх шаардлагатай байна” гэж дурджээ. Харин уг шинжилгээ, оношилгоог Монгол улсад хийх боломжгүй талаар Рефлекс эмнэлгийн баримтуудад дурдаагүй буюу шинжилгээний хариу бичгүүд байв. Бумрунград олон улсын эмнэлэгтэй цахимаар харилцсан баримтад ирж үзүүлсэн тохиолдолд шаардлагатай шинжилгээнд хамрагдах боломжтой талаар дурдсан байна.
Дээрх тодорхойлолтыг бичсэн Улсын хоёрдугаар төв эмнэлгийн мэдрэлийн тасгийн их эмч Д.Мөнхжаргал Шүүхийн сахилгын хороонд өгсөн гэрчийн мэдүүлэгтээ “...Г.А нь олон төрлийн эм ууж, найрлагыг өөрчилж, багасгасан боловч биеийн байдал нь дээрдээгүй дордсон байсан. Монгол Улсад хийсэн мэдрэлийн эмчилгээ үр дүнгүй байна, цаашид гадагшаа явуулж оношлуулж, эмчлүүлэх талаар тодорхойлолт бичээд өгөөч гэж Г.А өөрөө хэлсэн, ...Монгол Улсад оношлогдох боломжгүй буюу гадаад улсад зайлшгүй шаардлагаар оношлуулах шаардлагатай өвчний жагсаалт байдаг эсэхийг мэдэхгүй, ...анх Б.А эмч надтай утсаар холбогдож, Г.А-г амбулаториор үзүүлэхээр цаг авсан гээд үзүүлсэн, мэдрэлийн талаас үзсэн юм чинь тодорхойлолт бичээд өгөөч гэсний дагуу 2022 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн тодорхойлолтыг бичсэн. Өмнө нь олон эмч нарт үзүүлж, эм тариа хэрэглэж үр дүн гараагүй учир гадаад улсад оношлуулж, эмчлүүлэх шаардлагатай гэсэн эмнэлгийн тодорхойлолт бичиж, тухайн үед эмчилгээ эрхэлсэн орлогч дарга Ц.Г-ийн үүргийг орлон гүйцэтгэж байсан Чанарын албаны дарга З.А эмчид танилцуулж хамт гарын үсэг зурсан, ...мэдрэлийн талаасаа мэдрэхүйн тэнцвэргүйдэл өвчинд хамаардаг, Монгол Улсад ховор тохиолддог өвчин учир гадаад улсад энэ чиглэлээр нарийн шинжилгээ хийлгүүлэх шаардлагатай гэж үзсэн. Өөр өвчний оношилгоо хийлгэхээр гадаад улсад явах шаардлагатай гэж бичээгүй, ...Бүдүүн гэдэсний цоорол өвчин мэдрэлийн өвчинтэй холбоогүй, илрэх шинж тэмдэг харилцан хамааралгүй” гэж, мөн эмнэлгийн Эрүүл мэндийн тусламж үйлчилгээ, чанар аюулгүй байдлын албаны дарга З.А гэрчийн мэдүүлэгтээ “...Гадагшаа явж эмчилгээ хийлгэх шаардлагатай хүмүүсийн тодорхойлолтод Эмнэл зүй эрхэлсэн дэд дарга н.Г гарын үсэг зурдаг ба түүний эзгүйд миний бие орлож гарын үсэг зурдаг. Тухайн өвчтөний хувьд үзсэн эмч нь эмчилгээ хийгээд дээрдэхгүй байна гээд тодорхойлолт бичсэн байсан учраас гарын үсэг зурсан санагдаж байна, ...Г.А-гийн үзлэг, шинжилгээ, хийлгэсэн эмчилгээ нь мэдрэлийн өвчинтэй холбоотой байсан, өөр өвчний онош тодруулахтай холбоотой гадаад улсад явах шаардлагатай гэсэн тодорхойлолт биш, ...Г.А-гийн хувьд тодорхойлолтод бичсэн онош, нас барсан өвчний шалтгаан хоорондоо ямар нэг шууд хамаарал байхгүй” гэжээ.
Сахилгын хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хүрээнд илтгэгч гишүүн 2022 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн 1277 дугаар захирамжаар Эрүүл мэндийн яамнаас Эрүүл мэндийн сайдын 2017 оны 09 дүгээр сарын 21-ний өдрийн А/370 дүгээр тушаалаар баталсан “...Монгол Улсад оношлогдох боломжгүй буюу гадаад улсад зайлшгүй шаардлагаар оношлуулах 26 өвчний жагсаалт”-ыг гаргуулан сахилгын хэрэгт авсан байх ба Г.А-ы өвчин Эрүүл мэндийн сайдын 2017 оны 9 дүгээр сарын 21-ний А/370 дугаар тушаалын нэгдүгээр хавсралтаар батлагдсан 26 өвчний жагсаалтад хамаарахгүй буюу гадаад улсад зайлшгүй оношилгоо хийлгэх шаардлагатай гэх нөхцөл байдал тогтоогдоогүй байх тул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 02 дугаар сарын 11-ний өдрийн 2022/ШТ/23 дугаар шүүхийн тогтоолоор таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөх хүсэлтийг хангахгүй орхиж шийдвэрлэснийг буруутгах боломжгүй бөгөөд шүүх бүрэлдэхүүний бүрэн эрхэд хамаарах асуудал юм.
Шүүх бүрэлдэхүүн хууль болон эрх зүйн ухамсрыг удирдлага болгож нотлох баримтыг тал бүрээс нь нягт нямбай, бүрэн гүйцэд, бодит байдлаар нь хянаж үзсэний үндсэн дээр нотлох баримтыг өөрийн дотоод итгэлээр үнэлж хэргийн оролцогчоос гаргасан хүсэлтийг шийдвэрлэсэн байна.
“...2022 оны оны 02 дугаар сарын 11-ний өдөр шүүх хуралдаанд шүүгч ...тохуурхсан, басамжилсан хандлага гаргасан...” гэх өргөдлийн үндэслэлийн тухайд,
... дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 02 дугаар сарын 11-ний өдрийн шүүх хуралдааны дуу-дүрсний бичлэг буюу шүүхийн сахилгын хороонд нотлох баримтаар ирүүлсэн “бичлэг 1” гэх нэртэй бичлэгийн 0:24:15-0:27:10 минутад шүүгч Н.М-аас: “Надад ганц асуулт байна. 2 дугаар эмнэлгийн баримтыг үзлээ л дээ. Танаас ирүүлсэн баримтуудыг. Ер нь бол бид нар чинь өндөр бэлтгэгдсэн хуульч нар. Бид нар онолын түвшинд шүүх эмнэлгийн хичээл үздэг. Анагаахын мэдлэг бүрэн төгс боловсорсон байгаа. Эмчийн түвшинд биш юм аа гэхэд мэргэжлийн түвшинд. Ерөнхий онош бол нейропатия гэж, өөрөөр хэлбэл таны 10 сараас нойргүй байгаа, нейропатия гэж мэдрэлийн цочрол л өгчхөөд байгаа байхгүй юу, өөрөөр хэлбэл та их тайван байгаад асуудалд хандаад өөрийгөө жоохон жолоодоод яавал юу юм биш үү. Бусдаар бол танд гар мөчний саажилт юм уу, ямар нэгэн харвалт юм илрээгүй байна шүү дээ. За яахав, мэдрэлийн биопси хийлгэ гэсэн байна. Мэдрэлийн биопсиг Монголд хийж байгаа. Тэгээд ч бид нар шүүгч нарын хувьд өмгөөлөгч, яллагч бүгд мэдэж байгаа. Дуртай өвчнөө болно, болохгүй гэж бид нар зохиохгүй. Энэ өөрөө маш нарийн тогтоц, акттай байдаг. Өөрөөр хэлбэл, Монгол Улсад эмчлэгдэх боломжгүй өвчний жагсаалт байдаг байхгүй юу. Би ойлгохдоо, таны онош нейропатия гэдэг чинь тайван биш, өвчин хэцүү л дээ би таныг ойлгоод байна. Гэхдээ нейропатия буюу тайван биш байдал чинь бүх мэдрэлийн түвшин, эд эсэд чинь нөлөөлөөд, өөрөө ч энийгээ ойлгодоггүй, эмч нартаа ч ойлгуулж чаддаггүй. Огт манайх оношилж чадахгүй гэсэн юм байхгүй. Мэдрэлийг биопсиг харин хийж байна уу, үгүй юу, Уг нь Интермед гээд олон улсын түвшинд магадлан итгэмжлэгдсэн эмнэлэг байдаг юм байна лээ. Энэ эмч нар мэдрэлийн биопси хийлгэх санаа оноо гарчихсан байна гэж, өөрөөр хэлбэл таны мэдрэлийн эд эсүүдэд хавдрын шинж байна уу гэсэн дүгнэлт дээр эргэлзчих юм уу гэж. Энийг гадаадад хийлгэх шаардлагатай юу...” гэж хэлсэн болох нь тус шүүх хуралдааны дуу-дүрсний бичлэг, шалгах ажиллагааны явцад шүүх хуралдааны бичлэгт хийсэн тэмдэглэлээр тус тус тогтоогдож байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 35.8 дугаар зүйлийн 12-т “Шүүгч, иргэдийн төлөөлөгч нотлох баримтыг шинжлэн судлахад оролцож, аль ч үед тодруулах асуулт тавих эрхтэй.” гэж заасан бөгөөд шүүгч ...дээрх зохицуулалтын хүрээнд шүүх хуралдааны явцад хэргийн оролцогчоос гаргасан хүсэлт, ирүүлсэн баримттай нь холбогдуулан асуулт асуусан байх ба шүүгдэгч Г.А болон хэргийн оролцогчийг басамжилж, тохуурхсан, хүнлэг бус хандсан гэх үйл баримт нотлогдохгүй байна.
Шүүгч ...шүүх хуралдааны явцад өөрийн мэдлэг, чадварыг тодорхойлсон үг хэллэг хэрэглэсэн байх боловч бусдын талаар тодорхойлсон утга, агуулга бүхий зүйл хэлээгүй, өөрөөр хэлбэл, шүүгдэгчийн гаргасан хүсэлт, баримтад бичигдсэн зүйлтэй холбогдуулан “Монгол Улсад эмчлэх боломжгүй өвчний жагсаалт” байдаг талаар тайлбарлаж, олон улсын түвшинд магадлан итгэмжлэгдсэн эмнэлэгт хандсан эсэх талаар шүүгдэгчээс тодруулж асуусан үйл баримт тогтоогдож байна.
Шүүгчийн үг, хэллэг, хоолойны өнгө, биеийн хэлэмж зэрэг нь хэргийн оролцогч болон бусад этгээдтэй албан үүргийн хувьд харилцахдаа зүй бус авирласан, хүний зан байдал, ёс зүй, нэр төр, чадварын талаар тодорхойлсон гэх зөрчилд хамаарах үйлдэл, эс үйлдэхүй гаргасан гэж үзэх боломжгүй бөгөөд илтгэгч гишүүн саналдаа дурдсан байгаа, сахилгын хэрэгт авагдсан бичиг баримт зэргээс шүүгч ...шүүх хуралдааны явцад хэргийн оролцогчоос гаргасан хүсэлт, ирүүлсэн баримттай нь холбогдуулан асуулт асуусан гэж үзэхээр байна.
“...2022 оны 02 дугаар сарын 17-ны өдөр гаргасан таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлүүлэх хүсэлтийг шийдвэрлээгүй хугацаа алдсан” гэх өргөдлийн үндэслэлийн тухайд:
...дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгчийн 2022 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн 2022/ЕШЗ/235 дугаар захирамжаар бүрэлдэхүүнд томилогдсон шүүгч ...нь хүндэтгэн үзэх шалтгааны улмаас ирээгүй тул шүүх бүрэлдэхүүнийг эрүүгийн хэргийн бүртгэл хяналтын нэгдсэн системээс дахин хуваарилж, хэргийг Ерөнхий шүүгч Б...., шүүгч Д.Г...., Т.Г.А нарын бүрэлдэхүүнтэйгээр хянан хэлэлцүүлэхээр томилжээ.
Улмаар 2022 оны 02 дугаар сарын 14-ний өдөр шүүгч Д.Г....ээс “...тухайн хэргийг өмнө нь 2020 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн 695 дугаар шийтгэх тогтоолоор шийдвэрлэхэд шүүх бүрэлдэхүүнд оролцож байсан учир хэргийг дахин шийдвэрлэхэд оролцох боломжгүй” гэх үндэслэлээр татгалзан гарах хүсэлт гаргасныг 2022 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн 26 дугаар тогтоолоор хангаж, шүүх хуралдааныг 2022 оны 3 дугаар сарын 14-ний өдрийн 10 цаг 00 минут хүртэл хугацаагаар хойшлуулсан байна. Улмаар 2022 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн 2022/ЕШЗ/237 дугаар Ерөнхий шүүгчийн захирамжаар хэргийг Ерөнхий шүүгч Б...., шүүгч Т.Г.А, ... нарын бүрэлдэхүүнтэйгээр хянан хэлэлцүүлэхээр томилсон байна.
Шүүгдэгч Г.А болон түүний өмгөөлөгч Д.Н нараас 2022 оны 02 дугаар сарын 17-ны өдөр таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлүүлэх хүсэлтийг өмнө нь гаргасан хүсэлттэйгээ хавсарган ирүүлсэн Рефлекс эмнэлгийн шинжилгээний хариу, 2022 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн Интермед эмнэлгийн тодорхойлолт, Мэдрэл судлалын их эмч Д.М-ын тодорхойлолтын хамт ирүүлснийг тус шүүхийн Ерөнхий шүүгч Б....т 2022 оны 02 дугаар сарын 22-ны өдөр хүлээн авч, танилцсан болох нь дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн ирсэн баримт бичгийн бүртгэл №37-оор тогтоогдож байна.
Харин тус хэргийн бүрэлдэхүүнд 2022 оны 02 дугаар сарын 15, 17-ны өдрүүдэд томилогдсон шүүгч Т.Г.А, ... нар дээрх хүсэлттэй танилцаагүй, хүсэлт ирүүлсэн талаар мэдээгүй, уг хэрэг нь 200 гаруй хавтастай, танилцахад удаан хугацаа орох байсан тул танилцаж амжаагүй байсан талаар шалгах ажиллагааны явцад өгсөн гэрчийн мэдүүлэгтээ мэдүүлжээ.
Г.А нарт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 20130100... дугаартай эрүүгийн хэрэг 222 хавтас, 54909 хуудас болох нь хэрэгт үзлэг хийсэн тэмдэглэлээр тогтоогдоно.
Тус шүүхийн шүүгчийн туслах Н.З шалгах ажиллагааны явцад өгсөн гэрчийн мэдүүлэгтээ “...Тухайн үед мэдээлэл лавлагааны ажилтан байхгүй байсан учраас хүсэлтийг миний бие 2022 оны 02 дугаар сарын 17-ны өдөр буюу пүрэв гариг 15 цагийн үед хүлээн авсан. Д.Н өмгөөлөгч хүсэлтээ өөрөө, Г.А-гийн хүсэлтийг Э.С авчирч өгсөн. 2022 оны 02 дугаар сарын 18-ны өдөр буюу баасан гаригт шүүгч Б.... нэг шүүх хуралдаантай байсан. 2022 оны 02 дугаар сарын 21-ний өдөр буюу дараагийн даваа гаригт шүүгч 4 шүүх хуралдаанд дараалан оролцсон учир өргөдлийг танилцуулж амжаагүй. Ингээд 2022 оны 02 дугаар сарын 22-ны өдөр шүүгч Б....т хүсэлтийг танилцуулсан ба даргалагч шүүгчид хүсэлтийг танилцуулсан учир бүрэлдэхүүн шүүгч Т.Г.А, ... нарт танилцуулаагүй, ...2022 оны 02 дугаар сарын 22-ны өдрөөс 25-ны өдрийг хүртэл хугацаанд шүүгч Б.... 8 шүүх хуралдаан хийхээр товлон зарласан байсан. 2022 оны 02 дугаар сарын 28-ны өдөр 9 цаг 30 минутад нэг хурал даргалж, Д.Кёкшүзанбатбаяр нарт холбогдох хэргийн шүүх хуралдаан тухайн өдрийн 10 цаг 30 минутад эхэлж, 2022 оны 3 дугаар сарын 04-ний өдрийг хүртэл үргэлжилсэн. Шүүх хуралдаан үргэлжлэх хугацаанд хурал 20, 21 цагуудад тарсан. Ийнхүү Д.Кёкшүзанбатбаяр нарт холбогдох хэргийн шүүх хуралдаан үргэлжилсэнтэй холбогдуулан шүүгдэгч Г.А, түүний өмгөөлөгч Д.Н-ээс гаргасан хүсэлт шийдвэрлэх хуралдааныг товлон зарлах боломжгүй байсан. ...Манай шүүх А, Б гэсэн 2 заалтай бөгөөд шүүх хуралдаан 7 хоногийн өмнөөс тавигдаж, зааланд хуваарилагддаг. Нэг шүүх хуралдаан хэдэн цаг үргэлжлэх нь тодорхойгүй байдаг учраас уг хүсэлт шийдвэрлэх хуралдааныг товлож чадаагүй. Миний бие дээрх хүсэлтийг шүүгчид хугацаа алдаж танилцуулснаас ийм байдал үүслээ” гэжээ.
Ерөнхий шүүгч Б.... нь 2022 оны 02 дугаар сарын 17-ны өдрөөс 28-ны өдрийг хүртэл хугацаанд 12 шүүх хуралдааны даргалж, 1 шүүх хуралдааны бүрэлдэхүүнд оролцож, 2022 оны 02 дугаар сарын 18-ны өдөр 2022/ШЗ/347 дугаар Шүүх хуралдааны товыг өөрчлөн тогтоох тухай шүүгчийн захирамж, 2022/ШЗ/380 дугаар Урьдчилсан хэлэлцүүлэг товлох тухай шүүгчийн захирамж, 21-ний өдөр 2022/ХМШЗ/39, 2022/ХМШЗ/40, 2022/ХМШЗ/41 дүгээр “Ялаас өршөөн хэлтрүүлэх тухай” шүүгчийн захирамж, 2022/ШЗ/375 дугаар хэргийг прокурорт буцаах тухай шүүгчийн захирамж, 2022/ШЗ/352 дугаар Урьдчилсан хэлэлцүүлэг товлох тухай шүүгчийн захирамж, 2022/ШЗ/370 дугаар Хэргийг харьяалах шүүхэд шилжүүлэх тухай шүүгчийн захирамж, 22-ны өдөр 2022/ШЗ/382 дугаар хэргийг прокурорт буцаах тухай шүүгчийн захирамж, 2022/ШЗ/383 дугаар шүүх хуралдаан хойшлуулах тухай шүүгчийн захирамж, 2022/ШЦТ/118/ дугаар шийтгэх тогтоол, 23-ны өдөр 2022/ШЗ/393 дугаар Хэргийг харьяалах шүүхэд шилжүүлэх тухай шүүгчийн захирамж, 24-ний өдөр 2022/ШЦТ/126 дугаар шийтгэх тогтоол, 25-ны өдөр 2022/ШТ/35 дугаар шийтгэх тогтоол,мөн 28-ны өдөр 2022/ШЗ/436 дугаар хүсэлт шийдвэрлэх тухай шүүгчийн захирамж, 2022/ШЗ/438 дугаар Хэргийг харьяалах шүүхэд шилжүүлэх тухай шүүгчийн захирамж, нийт 16 эрхийн акт гаргаж, албажуулжээ.
Энэ хугацаанд Д.Кёкүшюзанбатбаяр нарт холбогдох 38 хавтас, 9400 хуудас хэргийн материалтай танилцаж, тус хэргийн шүүх хуралдааныг 2022 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн 10 цаг 30 минутаас 2022 оны 3 дугаар сарын 04-ний өдрийн 13 цаг 55 минут хүртэл хугацаанд даргалж, шийдвэрлэсэн болох нь 2022 оны 3 дугаар сарын 04-ний өдрийн 479 дүгээр шүүх хуралдааны тэмдэглэлээр тогтоогдож байна.
Дээрх эрүүгийн хэргийн шүүх хуралдаанд нарийн бичгийн даргаар оролцсон Д.М гэрчийн мэдүүлэгтээ “...2022 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн 10 цаг 30 минутад эхэлсэн П.К нарт холбогдох эрүүгийн хэргийн шүүх хуралдаанд миний бие нарийн бичгийн даргаар 2 дах өдрөөс нь эхэлж оролцсон. Тус шүүх хуралдаан 3 дугаар сарын 04-ний өдрийг хүртэл 5 хоног үргэлжилсэн. Эхний өдрийн шүүх хуралдаанд нарийн бичгийн дарга Ц.Б суусан. 2022 оны 02 дугаар сарын 28-ны өдөр би ажил дээрээ сууж байгаад 20 цагийн үед ажлаас гарахад тус шүүх хуралдаан завсарлаж байсан. Миний суусан шүүх хуралдаанууд өглөө 9 цагт эхэлж, орой 20 цагийн үед завсарласан. Нэг өдөр нь арай эрт ажлын цаг дуусах үед завсарласан. Тус шүүх хуралдаан тасралтгүй үргэлжилж, дундуур нь өөр шүүх хуралдаан хийгээгүй” гэж мэдүүлжээ.
2022 оны 02 дугаар сарын 17-ны өдрөөс 28-ны өдрийн хугацаанд дээрх шүүх хуралдааны бүрэлдэхүүнд томилогдсон шүүгч Т.Г.А 1 шүүх хуралдаан даргалсан, шүүгч ... 13 шүүх хуралдаан даргалж, 3 шүүх хуралдааны бүрэлдэхүүнд оролцсон болох нь сахилгын хэрэгт авагдсан шүүх хуралдааны зараар нотлогдож байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 15.4 дүгээр зүйлийн 1-т “Хуульд заасан журмын дагуу гаргасан хүсэлт нь эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад оролцогч, бусад оролцогч, хуулийн этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалахад ач холбогдолтой бол бүрэн, эсхүл хэсэгчлэн хангах, эсхүл хангахаас татгалзах тухай шүүх, прокурор, мөрдөгч шийдвэр гаргана.” гэж, 2-т “Хүсэлтийг хангах үндэслэл нь тодорхой бол даруй, шалгах шаардлагатай тохиолдолд түүнийг гаргаснаас хойш ажлын 5 өдрийн дотор хангах эсэхийг шийдвэрлэнэ.” гэж заасан.
Шүүгч Б.... нь дээр дурдсан нөхцөл байдлын улмаас шүүгдэгч Г.А болон түүний өмгөөлөгч Д.Н нараас 2022 оны 02 дугаар сарын 17-ны өдөр гаргасан хүсэлттэй 2022 оны 02 дугаар сарын 22-ны өдөр танилцаж, шүүх бүрэлдэхүүн өмнө нь товлогдсон байсан хэргүүдээ хянан шийдвэрлэж, шүүгч Б.... нь П.К нарт холбогдох эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг 2022 оны 02 дугаар сарын 28-ны өдрөөс 3 дугаар сарын 04-ний өдрийг хүртэл даргалж, шийдвэрлэж байх хугацаанд 2022 оны 3 дугаар сарын 01-ний өдөр шүүгдэгч Г.А нас барсан үйл баримт болжээ. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.3 дугаар зүйлийн 1-т зааснаар шүүх хуралдааныг өдрийн цагаар явуулах ба амрах зайлшгүй шаардлагатайгаас бусад цагт тасралтгүй явуулна гэж заасан. Иймд дээрх шүүх хуралдаан үргэлжилж байх хугацаанд шүүгдэгч Г.А, түүний өмгөөлөгч Д.Н нараас гаргасан хүсэлтийг шийдвэрлэх боломжгүй байсан болох нь тогтоогдож байна.
Дээрх таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлүүлэх хүсэлтийг хэргийн оролцогчоос хүсэлт гаргасан 2022 оны 02 дугаар сарын 17-ны өдрөөс 28-ны өдрийг хүртэл ажлын 6 хоногт шийдвэрлэх ёстой байсан гэж үзвэл шүүгч Б.... нь хүсэлт шийдвэрлэх хуульд заасан хугацааг 1 хоногоор хэтрүүлсэн байна. Энэ нь түүнийг Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1.23-т заасан хуулийн илт тодорхой заалтыг ноцтой, эсхүл удаа дараа зөрчсөн зөрчил гаргасан гэж үзэх үндэслэл болохгүй. Нөгөө талаас, тэрээр уг хүсэлттэй 2022 оны 02 дугаар сарын 22-ны өдөр танилцсан болох нь сахилгын хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдсон.
Тус шүүхийн 2022 оны 3 дугаар сарын 14-ний өдрийн 2022/ШТ/39 дүгээр тогтоолоор Г.А-д холбогдох эрүүгийн хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дах заалтад зааснаар шүүгдэгч нас барсан учир хэрэгсэхгүй болгож, 2022 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн 2022/ШЦТ/742 дугаар шийтгэх тогтоолоор ...шүүгдэгч Г.А, Э.С нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2, 21.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэм хэргийг гүйцэтгэсэн гэм буруутайд тооцож, Г.А-д холбогдох хэргийг шүүгдэгч нас барсан үндэслэлээр хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.
Сахилгын хэрэгт авагдсан баримтуудаас шүүгч Б...., Д.Г.А... нар нь “...шүүгдэгч Г.А-д авсан таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлүүлэх хүсэлтийг хангахгүй орхиж, холбогдох шүүгч нар түүнтэй хүнлэг бус хандсан, шүүгч ...шүүх хуралдаанд тохуурхсан, доромжилсон хандлага гаргасан, 2022 оны 02 дугаар сарын 17-ны өдөр гаргасан таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлүүлэх хүсэлтийг шийдвэрлээгүй хугацаа алдсан...” гэх өргөдөлд дурдсан үндэслэлүүд тогтоогдоогүй ба Монгол Улсын шүүхийн тухай хууль /Шинэчилсэн найруулга/-ийн 50, 51.1, 52, 53 дугаар зүйлд заасан хориглосон, хязгаарласан, үүрэг болгосон зохицуулалтыг зөрчсөн гэх үйл баримт тогтоогдсонгүй.
Иймд, дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Б...., шүүгч Д.Г.А... нарт үүсгэсэн сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох тухай илтгэгч гишүүний саналыг хүлээн авах нь зүйтэй гэж бүрэлдэхүүн дүгнэв.
Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 112 дугаар зүйлийн 112.1, 112.1.2, 112.2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон
ТОГТООХ НЬ:
1. Шүүхийн сахилгын хорооны гишүүний 2023 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн ГС/2023/012 дугаар “Сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох тухай” саналыг бүхэлд нь хүлээн авч, дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Б...., шүүгч Д.Г.А... нарт холбогдох сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 112 дугаар зүйлийн 112.6-т зааснаар магадлал гаргаснаас хойш 14 хоногийн дотор сахилгын хэргийн оролцогч болон өргөдөл, мэдээлэл гаргагчийн оршин суугаа газрын эсхүл ажлын газрын хаягаар баталгаат шуудангаар, эсхүл ажлын албаны ажилтнаар хүргүүлэхийг ажлын албанд даалгасугай.
3.Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 112 дугаар зүйлийн 112.8-д зааснаар магадлалыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Сахилгын хороонд хэргийн оролцогч гомдол, илтгэгч гишүүн эсэргүүцэл гаргаж болохыг дурдсугай.
4.Дээрх журмаар хүргүүлснээр магадлалыг гардан авсанд тооцох ба энэ нь гомдол гаргах хугацааг тоолох үндэслэл болохыг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ Д.МЯГМАРЦЭРЭН
ГИШҮҮН О.НОМУУЛИН
Х.ХАШБААТАР