info@judiscom.mn 976 - 77113838 Холбоо барих ШИЛЭН ДАНС
ENMNG

МОНГОЛ УЛС

ШҮҮХИЙН САХИЛГЫН ХОРОО

МАГАДЛАЛ

2023-01-19

Дугаар 15

Улаанбаатар хот

Сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

Шүүхийн сахилгын хорооны хуралдааныг гишүүн Д.Мягмарцэрэн даргалж, гишүүн Д.Эрдэнэчулуун, О.Номуулин нарын бүрэлдэхүүнтэй, илтгэгч гишүүн Ц.Давхарбаяр, хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Нямжаргал нарыг оролцуулан тус хорооны хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар

... дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч ... -д холбогдох сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох тухай саналыг хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох саналд: “... шүүгч тайлбартаа, өргөдөл зөвхөн шүүхийн шийдвэрийг албадан хэрэгжүүлэх захирамж, түүнд холбогдох үйл ажиллагаатай холбоотой байна гэж тайлбарлажээ. Гэтэл өргөдөлд

 “шүүгч ... нь хариуцагч намайг шүүх хуралдаанд оролцуулж тайлбар авалгүйгээр 2020 оны 09 дүгээр сарын 09-ний өдрийн ... /ШШ2022/027 дугаартай шийдвэр гаргасан байсныг хүлээн авсан” гэсэн агуулга тусгагдсан байна... Тус иргэний хэрэгт үзлэг хийхэд, нэхэмжлэгч Ч.З-с охин Б.Д-д хүүхдийн тэтгэлэг тогтоолгох нэхэмжлэлийг Б.Б-д холбогдуулан 2022 оны 04 дүгээр сарын 21-ний өдөр ... дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд гаргасныг нь шүүгч ... 2022 оны 04 дүгээр сарын 28-ны өдөр .../ШЗ2022/06673 дугаар захирамжаар иргэний хэрэг үүсгэсэн, тус хэрэг 2022 оны 09 дүгээр сарын 09-ний өдрийн “.../ШШ2022/02720” дугаар шийдвэрээр хянан шийдвэрлэгдсэн зэргээс 2020 онд дээрх нэхэмжлэгчээс ...-д холбогдуулж нэхэмжлэл гаргаагүй байх тул өргөдлийн “2020 оны”  гэсэн нь андуурч бичсэн гэж үзлээ... Дээрх хэрэгт, шүүхээс хариуцагч Б.Б-г хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд дуудан ирүүлж оролцуулах дараах арга хэмжээг авчээ. Үүнд: Шүүхэд дуудан ирүүлэх шүүхийн мэдэгдэх хуудсыг “Улаанбаатар хот, ..., 29-р хороо, 00в байр 25 тоот” хаягт хүргүүлснийг 2022 оны 04 дүгээр сарын 28-ны өдөр аав н.Б хүлээн авсан,       Улмаар удаа дараа шүүхэд дуудсан боловч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хүрэлцэн ирэхгүй хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд саад учруулсан үндэслэлээр шүүгчийн 2022 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн .../ШЗ2022/07721 дугаар “Хариуцагчийг албадан ирүүлэх тухай” захирамж гаргаж, захирамжийг тус шүүхийн 2022 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн 01278 дугаар албан бичгээр “Цагдаагийн ерөнхий газрын Нийтийн хэв журам хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах, албаны эргүүл, хамгаалалтын газар” хүргүүлсэн, Цагдаагийн байгууллагаас хаягийг шалгахад ээж н.Б.Б-аас “хаяг дээр байдаггүй, хөдөө орон нутагт амьдардаг” гэх тайлбар өгсөн, мөн ... дүүргийн  234 дүгээр хорооны Засаг даргын 2022 оны 05 дугаар сарын 23-ны өдрийн 497 дугаар тодорхойлолтоор “бүртгэлтэй боловч хаягдаа амьдардаггүй” гэж тодорхойлсноор шүүхэд албадан ирүүлэх боломжгүй гэх тэмдэглэл, илтгэх хуудсыг ирүүлсэн байна. Энэ талаар шүүгчийн туслах Т.О нь гэрчийн мэдүүлэгтээ “... иргэний хэрэг үүсгэх тухай захирамж гарсан 2022 оны 04 дүгээр сарын 28-ны өдөр Б.Б-тай утсаар холбогдоод танд холбогдуулж Ч.З-аас нэхэмжлэл гаргасан, шүүхэд ирж нэхэмжлэлээ гардаж авахыг мэдэгдсэн. Дуудсан хугацаанд шүүхэд ирээгүй учраас дараа нь хэд хэдэн удаа утсаар залгасан ... Албадан ирүүлэх арга хэмжээ авахаас өмнө холбогдох гэж олон удаа арга хэмжээ авсан ... 2022 оны 05 сарын 26-ны өдөр хүртэл хариуцагч Б.Б-д нэхэмжлэлийг гардуулах ажиллагаа хийх оролдлогыг олон удаа авсан ч нэхэмжлэлийг гардуулж чадаагүй ... ” гэх тайлбарыг өгсөн. Мөн гэрч нь “... үүний дараа утсаар залгахад Б.Б хөдөө ажилладаг, Говь-Алтай аймагт байна, маргааш Завхан аймаг явна гээд Завхан аймаг дахь буудлын хаяг өгсөн. Энэ хаягаар шүүхийн баримтыг хүргүүлсэн ... Нэхэмжлэл, нэхэмжлэлийг гардуулсан баримт, хэргийн оролцогчийн эрх, үүрэг тайлбарласан баримт, нөлөөллийн мэдүүлгийн баримтуудыг Б.Б руу шуудангаар явуулсан ... Хэд хоногийн дараа Б.Б над руу яриад баримтыг гарын үсэг зураад буцааж явуулсан гэдгээ хэлсэн, ингэж хэлснээс хойш хэд хоногийн дараа баримт нь ирсэн” гэж мэдүүлсэн, “Б.Б 2022 оны 07 дугаар сарын 01-ний өдөр 96......32” гэж бичсэн гарын үсэгтэй хэргийн оролцогчид эрх үүрэг тайлбарласан баримт, нөлөөллийн мэдүүлэг танилцуулсан баримт нь “хариуцагч Б.Б” гэж бичсэн гарын үсэгтэй, нэхэмжлэл гардуулсан тухай баримт нь “2022 оны 07 дугаар сарын 01-ний өдөр” огноотой “2022 оны 07 дугаар сарын 15-ны өдөр хариу тайлбар ирүүлэх” үүрэг хүлээлгэсэн, “хариуцагч Б.Б” гэж бичсэн гарын үсэгтэй зэрэг баримт иргэний хэрэгт авагдсан байна. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2-д “Хэргийн оролцогч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад дараах үүрэг хүлээнэ: 25.2.2 шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүнийг үгүйсгэх, татгалзах үндэслэл, тайлбар түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх”, 25.2.3 шүүхийн дуудсанаар хүрэлцэн ирэх, 25.2.4 шүүхийн тавьсан шаардлагыг биелүүлэх” гэж заасан ба гэрчийн мэдүүлэгт “Ковид-19”-ийн үед бэлдсэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25, 26 дугаар зүйлд заасан хэргийн оролцогчийн эрх, үүргийг жагсаасан баримтыг хүргүүлээд, энэ баримтыг өөртөө авч үлдээрэй гэж бичээд явуулсан. Үүгээр Б.Б нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд ямар эрх, үүрэг эдлэх гэдгийг мэдэх бүрэн боломжтой болж байгаа юм” гэжээ. Эдгээрээс үзвэл шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 67 дугаар зүйлийн 67.1, 77 дугаар зүйлийн 77.6, 77.9-д заасны дагуу хариуцагчийг шүүхэд дуудан ирүүлэх ажиллагаа хийсэн боловч Б.Б өөрөө дээрх хуульд заасан үүргээ биелүүлэлгүй, шүүхэд дуудсан хугацаанд хүрэлцэн ирээгүй байх бөгөөд З.Э.З-гийн нэхэмжлэлтэй өөрт нь холбогдох иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэгдэж байгааг мэдсэн, шүүхээс шуудангаар хэргийн оролцогчийн хуульд заасан эрх үүргийг тайлбарласан, нэхэмжлэлийн хувийг гардуулсан, мөн хариу тайлбар гаргах нөхцөл, хугацаагаар хангасан боловч  Б.Б нь тогтоосон 14 хоногийг хэтрүүлэн, улмаар 2022 оны 09 дүгээр сарын 09-ний өдрийг хүртэл тайлбар, татгалзлаа ирүүлээгүй болох нь нотлогдож байна... Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.2-д “Хариуцагч нэхэмжлэлийг хүлээн авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор, эсхүл шүүгчээс тогтоосон хугацаанд нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрсөн, эсхүл татгалзсан үндэслэл, түүнийг нотлох баримтаа шүүхэд ирүүлэх үүрэгтэй”, 72.3-д “Хариуцагч нэхэмжлэлийг хүлээн авсан боловч энэ хуулийн 72.2-т заасан үүргээ биелүүлээгүй, түүнчлэн энэ хуулийн 77 дугаар зүйлд заасан журмын дагуу шүүхэд ирж тайлбар өгөөгүй бол нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөнд тооцож энэ хуулийн 100.3-т зааснаар түүний эзгүйд хэргийг шийдвэрлэнэ”, мөн хуулийн 77 дугаар зүйлийн 77.1-д “Зохигч, түүнчлэн шүүх хуралдаанд ирвэл зохих бусад оролцогчдод шүүх хуралдаан хэзээ, хаана болохыг шүүхийн мэдэгдэх хуудсаар тэдгээрийн оршин суугаа буюу ажлын газрын хаягаар мэдэгдэнэ. Хүрэлцэн ирээгүйгээс гарах үр дагавар болон энэ хуулийн 100 дугаар зүйлд зааснаар хэргийг хянан шийдвэрлэж болохыг шүүхийн мэдэгдэх хуудсанд заана”, 77.2-д “Шүүхийн мэдэгдэх хуудсыг зохигч талын оршин суугаа буюу ажлын газрын хаягаар баталгаат шуудангаар, эсхүл шүүхийн ажилтнаар биечлэн хүргүүлнэ. Шаардлагатай тохиолдолд шүүхийн мэдэгдэх хуудсыг утас, факс, цахилгаан буюу олон нийтийн хэвлэл, мэдээллийн хэрэгслээр дамжуулан мэдэгдэж болно. Ийнхүү мэдэгдсэнээ баримтжуулсан байна” гэж заасан. Иймд өргөдөл гаргагчийн хариу тайлбар гаргах үүргээ биелүүлээгүйд “тайлбар авалгүй хэрэг шийдсэн” гэж шүүгчийг буруутгах нь үндэслэлгүй, үүнд шүүгчийг хууль зөрчсөн гэж үзэх үндэслэл тогтоогдсонгүй...          Хариуцагч Б.Б нь 2022 оны 07 дугаар сарын 01-ний өдөр нэхэмжлэлийг гардан авч, 2022 оны 07 дугаар сарын 15-ны өдрийн дотор хариу тайлбар ирүүлэхээр хугацаа тогтоосон боловч тус хугацаанд хариу тайлбар ирүүлээгүй, түүнчлэн тус шүүхийн шүүгчийн 2022 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийн .../ШЗ2022/12922 дугаар захирамжаар шүүх хуралдааныг 2022 оны 09 дүгээр сарын 09-ний өдөр 11 цаг 00 минутад товлон, хурлын товыг мөн өдрөө шүүхийн мэдэгдэх хуудсаар ... дүүрэг дэх хаягаар хүргүүлэхэд “уг хаяг бүртгэлтэй боловч одоогоор оршин суудаггүй” гэх үндэслэлээр шүүхэд буцаасан, шүүгчийн туслах нь 2022 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр Б.Б-ын 96.....32 дугаар утсанд холбогдож хурлын товыг мэдэгдэж, энэ талаар утсаар ярьсан тэмдэглэл үйлдэн  иргэний хэрэгт хавсаргасан зэрэг нь шүүх хуралдааны товыг хариуцагч талд мэдэгдэх ажиллагаа хуульд нийцсэн байна...     Түүнчлэн 2022 оны 09 дүгээр сарын 09-ний өдрийн шүүх хуралдааны товыг хариуцагч Б.Бд хэзээ хэрхэн мэдэгдсэн, товыг мэдсэн, хүлээн авсан талаар Б.Б нь хариу өгч байсан эсэх тухайд, шүүгчийн туслах Т.Т.О нь гэрчийн мэдүүлэгтээ “шүүхийн мэдэгдэх хуудсыг шуудангаар явуулсан. Бүртгэлтэй хаяг дээрээ байхгүй гэж буцаж ирээд байдаг учир 96 ...32  дугаартай утсаар нь Б.Б-тай холбогдоход за ойлголоо гэсэн хариуг өгсөн. Дараа нь хурлын өдөр та ирж байна уу, хуралдаа ирнэ гэж байсан яасан бэ? Гэхэд Б.Б нь ирж амжихааргүй боллоо, хөдөө явж байна гэж хариу өгсөн” гэсэн байгаагаас өргөдөл гаргагч Б.Б нь шүүх хуралдааны товыг мэдсэн боловч ирээгүй болох нь тогтоогдож байна... Үүнээс үзвэл, хариуцагч Б.Б нь шүүх хуралдааны товыг мэдсэн боловч шүүх хуралдаанд ирээгүй, энэ талаар хүндэтгэн үзэх шалтгаанаа нотолсон баримтыг шүүхэд ирүүлээгүй, шүүх хуралдааны хойшлуулах зэрэг хүсэлт гаргаагүй  байх тул шүүхээс хуульд заасан шүүн таслах чиг үүргээ хэрэгжүүлж, хариуцагчийн эзгүйд хэргийг хянан шийдвэрлэсэн нь хууль зөрчөөгүй байна. Иймд өргөдөл гаргагч нь өөрөө хуульд заасан эрх, үүргээ хэрэгжүүлээгүй, шүүхийн дуудсанаар ирээгүй, үүндээ шүүгчийг буруутгаж “намайг шүүх хуралдаанд оролцуулаагүй ... ” гэх өргөдөл нь үндэслэлгүй болно. Түүнчлэн, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 185 дугаар зүйлийн 185.1, 185.1.1 дэх хэсэгт төлбөр авагч шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгүүлэхээр хүсэлт гаргасан тохиолдолд албадан гүйцэтгүүлэхээр шүүгч захирамж гаргахаар заасан. Иймд “Шүүхийн шийдвэр гарснаас хойш хүүхдийн тэтгэлэг төлсөн эсэхийг шүүх мэдэх боломжгүй тул тухайн асуудлыг шүүхийн шийдвэр биелүүлэх байгууллагад хандан шийдвэрлүүлэх боломжтой” гэж шүүгчийн хариу тайлбар үндэслэл бүхий байна. Тиймээс “... дүүргийн шүүхээс над руу ямар ч шүүгч, хэн нэгэн ажилтан холбогдож асууж тодруулахгүйгээр хүүхдийн тэтгэлгийг албадан гаргуулахаар захирамж гаргасан” гэх өргөдөл нь эрх зүйн үндэслэлгүй бөгөөд энэ нь шүүгчийн сахилгын зөрчил гаргасан гэж буруутгах үндэслэл болохгүй. Харин сахилгын хэргийн шалгах ажиллагаагаар, хэргийн материалтай танилцсан,  мөн шүүх хуралдааны тов мэдэгдсэн өргөдөл гаргагчийн гарын үсэг бүхий, огноо нь засварласан баримт хэрэгт авагдсан нь тогтоогдсон.  Энэ талаар шүүгчийн туслах нь “Б.Б-ыг утсаар холбогдож олон удаа дуудсан боловч ирээгүй ... тиймээс шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хугацаанд нь явуулахын тулд Б.Б-ын байгаа газарт ... нэхэмжлэл, нэхэмжлэлийг гардуулсан баримт,  ... эрх үүрэг тайлбарласан баримт , нөлөөллийн мэдүүлгийн баримтуудаас гадна шүүх хуралдааны тов мэдэгдсэн баримт, хэргийн материалтай танилцуулсан баримтуудыг хамт явуулсныг ... гарын үсэг зурж ирүүлсэн” гэж тайлбарласан. Өргөдөл гаргагч шүүх дээр биечлэн ирээгүй буюу 2022 оны 09 сарын 01-ний өдөр хэргийн материалтай танилцаагүй байхад танилцсан мэтээр, мөн шүүх хурлын товын баримт дээр гарын үсэг зураагүй байхад гарын үсэг зурсан мэтээр баримт үйлдсэн болох нь дээрхээс тогтоогдож байна. Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.1-д “Шүүгч дараах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ”, 16.1.1-д “шүүх хуралдааныг даргалах”, 16.1.2-т “шүүх хуралдааныг товлон зарлаж, оролцогчдыг тогтоох”, 16.1.3-т “шүүх хуралдааны бэлтгэлийг хангах ажлыг шүүхийн Тамгын газартай хамтран зохион байгуулах”  гэж заажээ. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд шүүгчийн туслах дур мэдэн үйлдэл хийснийг хянаагүй нь дээрх хуулийн зохицуулалтыг шүүгч зөрчсөн гэж үзэхээр байгаа боловч тухайн зөрчил ноцтой болон удаа дараа байж Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1.23-т “хуулийн илт тодорхой заалтыг ноцтой, эсхүл удаа дараа зөрчсөн үйлдэл, эс үйлдэхүй гаргах” гэх заалтын агуулга хангагддаг. Хариуцагч шүүх хурлын товыг мэдсэн боловч шүүхэд ирээгүй, шийдвэрийг гардан авсан боловч давж заалдах гомдол гаргаагүй, мөн Шүүхийн ерөнхий зөвлөлийн 2022 оны 03 дугаар сарын 04-ний өдрийн 52 дугаар тогтоолоор баталсан “Иргэний хэргийн хөдөлгөөний нийтлэг аргачлал”-аас үзвэл тов мэдэгдэх, хэргийн материал танилцуулах нь  шүүгчийн туслах хариуцаж хийх үйл ажиллагаа зэргээс шүүгчийн үйлдлийг шүүхийн үйл ажиллагаанд олон нийтийн итгэх итгэлд сөрөг нөлөө үзүүлэхүйц ноцтой гэж үзэх үндэслэлгүй гэж дүгнэлээ. Шүүгчийн туслах нь Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 88 дугаар зүйлд зааснаар шүүхийн захиргааны ажилтан тул түүний буруутай үг, үйлдлийг хянан шийдвэрлэх нь Шүүхийн сахилгын хорооны чиг үүрэгт хамааралгүй, харин мөн хуулийн 93 дугаар зүйлийн 93.1-т зааснаар тухайн шүүхийн Тамгын газрын даргад хандан шийдвэрлүүлэх эрх нээлттэй байгааг дурдах нь зүйтэй. Иймд өргөдөлд дурдсан шүүгчтэй холбоотой үйл баримтад Монгол Улсын шүүхийн тухай хууль /шинэчилсэн найруулга/-ийн 55 дугаар зүйлд хамаарах буюу мөн хуулийн 50, 51.1, 52, 53 дугаар зүйлд заасан хориглосон, хязгаарласан, үүрэг болгосон зохицуулалтыг зөрчсөн үндэслэл тогтоогдохгүй байх тул шүүгч Т-д холбогдуулан үүсгэсэн сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох санал гаргаж, сахилгын хорооны хуралдаанаар хэлэлцүүлэхээр шийдвэрлэв....” гэжээ.

Шүүгч Т нь тайлбартаа: “ Иргэн Ч.Э.З нь ... дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд хандан тус дүүргийн 234 дүгээр хороо,  00-в байр, 25 тоотод оршин суух Б.Б-д холбогдуулан гаргасан хүүхдийн тэтгэлэг гаргуулах нэхэмжлэлд 2022 оны 04 дүгээр сарын 28-ны өдөр шүүгчийн .../Ш32022/06673 дугаар захирамжаар иргэний хэрэг үүсгэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг явуулсан. Хариуцагч Б.Б-ыг нэхэмжлэлд дурдсан хаяг, утасны дугаар, ажлын газрын хаягаар удаа дараа шүүхэд дуудсан боловч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй тул шүүгчийн 2022 оны 05 дугаар сарын 16-ны .../Ш32022/07721 дугаар захирамжаар албадан ирүүлэхээр шийдвэрлэсэн байна. Б.Б нь шүүхэд хүрэлцэн ирээгүй тул түүний өөрийн гаргасан саналыг харгалзан нэхэмжлэлийг шуудангаар хүргүүлсэн, тэрээр танилцсан баримтад гарын үсгээ зуран ирүүлсэн ч хуульд заасан хугацаанд хариу тайлбарыг ирүүлээгүй, шүүх хуралдааны товыг мэдэгдсэн ч хүрэлцэн ирээгүй болно. Хэргийг 2022 оны 09 дүгээр сарын 09-ний өдөр хянан хэлэлцэж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3 дахь хэсэгт заасныг үндэслэн нэхэмжлэгчийн хүсэлтээр хариуцагчийн эзгүйд нэхэмжлэгчээс гаргасан тайлбар болон бусад баримт нотолгоог үндэслэн хэргийг хянан шийдвэрлэж, .../ШШ2022/02720 дугаар шийдвэр гарсан. Хариуцагч Б.Б-д шийдвэрийг шуудангаар хүргүүлсэн, тэрээр шүүхийн шийдвэрийг хүлээж авсан боловч давж заалдах гомдол гаргаагүй, охин Б.Д-ын эцэг биш гэж маргаагүй, иргэний бүртгэлийн байгууллага хүүхдийг эцгээр овоглон бүртгэж, төрсний гэрчилгээ олгосон байдаг. Б.Б-ын гомдлын агуулгаас харахад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд болон шүүх хуралдаанд оролцуулаагүй /шүүхийн дуудсанаар ирээгүй/ тухайд бус шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгүүлэх захирамж гаргасан нь эрх зөрчсөн, тэтгэлэг төлсөн эсэхийг шүүх мэдээгүй байтлаа шийдвэрлэсэн гэх үндэслэл бичсэн байна. Хүчин төгөлдөр болсон шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгүүлэх тухай хүсэлтийг нэхэмжлэгч гаргасан тул 2022 оны 11 дүгээр сарын 09-ний өдөр шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгүүлэх тухай .../Ш32022/17143 дугаар захирамжийг гаргаж, .../ГХ2022/01872 дугаартай гүйцэтгэх хуудас олгосон. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 185 дугаар зүйлийн 185.1, 185.1.1 дэх хэсэгт төлбөр авагч шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгүүлэхээр хүсэлт гаргасан тохиолдолд албадан гүйцэтгүүлэхээр шүүгч захирамж гаргахаар заасан байдаг. Шүүхийн шийдвэр гарснаас хойш хүүхдийн тэтгэлэг төлсөн эсэхийг шүүх мэдэх боломжгүй тул энэ асуудлаа шүүхийн шийдвэр биелүүлэх байгууллагад хандан шийдвэрлүүлэх боломжтой бөгөөд шийдвэрийн гардан авсан, мэдсэн болох нь 2022 оны 10 дугаар сарын 15-нд таван сарын тэтгэлгийн мөнгө болох 650,000 төгрөг нэхэмжлэгч Ч.Э.З-д өгсөн гэх тайлбараар нь нотлогдож байна. Хариуцагч Б.Б нь хууль сахиулах байгууллагад ажилладаг хөдөө орон нутагт томилолттой явж байна гэх нэрийдлээр шүүхийн дуудсанаар хүрэлцэн ирдэггүй, мөн албадан ирүүлэхийг цагдаагийн байгууллагад даалгасан ч олдоогүй, Гэр бүлийн тухай хууль болон Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан эрх, үүргээ хэрэгжүүлж, биелүүлээгүй юм. Шүүгч миний бие хуульд заасан сахилгын болон ёс зүйн хэм хэмжээг зөрчөөгүй тул үүсгэсэн сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.

ҮНДЭСЛЭХ НЬ:

Иргэн Б.Б ... дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т-д холбогдуулан гаргасан өргөдөлд Шүүхийн сахилгын хорооны гишүүний 2022 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн 1403 дугаар захирамжаар сахилгын хэрэг үүсгэн, шалгах ажиллагаа явуулж, 2022 оны 12 дугаар сарын 26-ны өдөр Сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох тухай 01 дугаартай санал гаргажээ.

1. Өргөдөлд: “... шүүгч Т нь хариуцагч намайг шүүх хуралдаанд оролцуулж тайлбар авалгүйгээр 2020 оны 09 дүгээр сарын 09-ний өдрийн .../ШШ2022/027 дугаартай шийдвэр гаргасан байсныг хүлээн авсан” гэсэн агуулга тусгагдсан.            

Өргөдөлд “2020 оны” “.../ШШ2022/027 дугаар” шийдвэр гэж бичигдсэн байх ба илтгэгч гишүүн хэргийг хянан шалгах явцад ... дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Иргэн-2014 иргэний хэргийн бүртгэл хяналтын нэгдсэн системд 2014-2022 оноор, хариуцагч Б.Б гэдэг нэрээр шүүлт хийж, нийтдээ 22 илэрц илэрсний 9 дэх дугаарт Ч.Э.З-гийн Б.Б-д холбогдуулсан хүүхдийн тэтгэлэг тогтоолгох тухай нэхэмжлэл шүүгч Т-д 2022 оны 04 дүгээр сарын 28-ны өдөр системээс хуваарилж, шийдвэрлэсэн гэж тэмдэглэжээ.

Тус иргэний хэрэгт илтгэгч гишүүний хийсэн үзлэгээр нэхэмжлэгч Ч.Э.З-гаас охин Б.Д-д хүүхдийн тэтгэлэг тогтоолгох нэхэмжлэлийг Б.Б-д холбогдуулан 2022 оны 04 дүгээр сарын 21-ний өдөр ... дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд гаргасныг нь шүүгч Т нь 2022 оны 04 дүгээр сарын 28-ны өдөр .../ШЗ2022/06673 дугаар захирамжаар иргэний хэрэг үүсгэсэн, тус хэрэг 2022 оны 09 дүгээр сарын 09-ний өдрийн “.../ШШ2022/02720” дугаар шийдвэрээр хянан шийдвэрлэгдсэн зэргээс 2020 онд дээрх нэхэмжлэгчээс Б.Б-д холбогдуулж нэхэмжлэл гаргаагүй байх тул өргөдлийн “2020 оны”  гэж бичсэнийг андуурч бичсэн гэж үзэхээр байна.  

2. “...... дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т нь хариуцагч намайг шүүх хуралдаанд оролцуулж тайлбар авалгүйгээр 2020 оны 09 дүгээр сарын 09-ний өдрийн .../ШШ2022/027 дугаартай шийдвэр гаргасан байсныг хүлээн авсан...” гэх өргөдлийн үндэслэлийн тухайд:

            Шүүхээс хариуцагч Б.Б-ыг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд дуудан ирүүлж оролцуулах дараах арга хэмжээнүүдийг авсан болох нь хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдож байна. Үүнд:

  • Шүүхэд дуудан ирүүлэх шүүхийн мэдэгдэх хуудсыг “Улаанбаатар хот, ..., 234-р хороо, 00в байр 25 тоот” хаягт хүргүүлснийг 2022 оны 04 дүгээр сарын 28-ны өдөр аав н.Б  хүлээн авсан,
  • Удаа дараа шүүхэд дуудсан боловч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хүрэлцэн ирэхгүй хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд саад учруулсан үндэслэлээр шүүгчийн 2022 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн “Хариуцагчийг албадан ирүүлэх тухай” .../ШЗ2022/07721 дугаар захирамж гаргаж, захирамжийг тус шүүхийн 2022 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн 01278 дугаар албан бичгээр “Цагдаагийн ерөнхий газрын Нийтийн хэв журам хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах, албаны эргүүл, хамгаалалтын газар” хүргүүлсэн байна.
  • Цагдаагийн байгууллагаас хаягийг шалгахад ээж н.Б.Б-аас “хаяг дээр байдаггүй, хөдөө орон нутагт амьдардаг” гэх тайлбар өгсөн, мөн ... дүүргийн 234 дүгээр хорооны Засаг даргын 2022 оны 05 дугаар сарын 23-ны өдрийн 497 дугаар тодорхойлолтоор “бүртгэлтэй боловч хаягдаа амьдардаггүй” гэж тодорхойлсноор шүүхэд албадан ирүүлэх боломжгүй гэх тэмдэглэл илтгэх хуудас зэргийг ирүүлсэн байна.
  • Энэ талаар шүүгчийн туслах Т.Т.О нь гэрчийн мэдүүлэгтээ “... иргэний хэрэг үүсгэх тухай захирамж гарсан 2022 оны 04 дүгээр сарын 28-ны өдөр Б.Б-тай утсаар холбогдоод танд холбогдуулж Ч.Э.З-гаас нэхэмжлэл гаргасан, шүүхэд ирж нэхэмжлэлээ гардаж авахыг мэдэгдсэн. Дуудсан хугацаанд шүүхэд ирээгүй учраас дараа нь хэд хэдэн удаа утсаар залгасан ... Албадан ирүүлэх арга хэмжээ авахаас өмнө холбогдох гэж олон удаа арга хэмжээ авсан ... 2022 оны 05 сарын 26-ны өдөр хүртэл хариуцагч Б.Б-д нэхэмжлэлийг гардуулах ажиллагаа хийх оролдлогыг олон удаа авсан ч нэхэмжлэлийг гардуулж чадаагүй ... ” гэх тайлбарыг өгсөн байна.
  • Мөн гэрч нь “...үүний дараа утсаар залгахад Б.Б “...хөдөө ажилладаг, Говь-Алтай аймагт байна, маргааш Завхан аймаг явна” гээд Завхан аймаг дахь буудлын хаяг өгсөн. Энэ хаягаар шүүхийн баримтыг хүргүүлсэн... Нэхэмжлэл, нэхэмжлэлийг гардуулсан баримт, хэргийн оролцогчийн эрх, үүрэг тайлбарласан баримт, нөлөөллийн мэдүүлгийн баримтуудыг Б.Б руу шуудангаар явуулсан ... Хэд хоногийн дараа Б.Б над руу яриад баримтыг гарын үсэг зураад буцааж явуулсан гэдгээ хэлсэн, ингэж хэлснээс хойш хэд хоногийн дараа баримт нь ирсэн” гэж мэдүүлсэн, “Б.Б 2022 оны 07 дугаар сарын 01-ний өдөр 96......23” гэж бичсэн гарын үсэгтэй хэргийн оролцогчид эрх үүрэг тайлбарласан баримт, нөлөөллийн мэдүүлэг танилцуулсан баримт нь “хариуцагч Б.Б” гэж бичсэн гарын үсэгтэй, нэхэмжлэл гардуулсан тухай баримт нь “2022 оны 07 дугаар сарын 01-ний өдөр” огноотой “2022 оны 07 дугаар сарын 15-ны өдөр хариу тайлбар ирүүлэх” үүрэг хүлээлгэсэн, “хариуцагч Б.Б” гэж бичсэн гарын үсэгтэй зэрэг баримтууд иргэний хэрэгт авагдсан байна.

Хэрэгт авагдсан дээрх баримтаас, шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 67 дугаар зүйлийн 67.1, 77 дугаар зүйлийн 77.6, 77.9-д заасны дагуу хариуцагчийг шүүхэд дуудан ирүүлэх ажиллагааг хийсэн боловч өргөдөл гаргагч Б.Б хуульд заасан үүргээ биелүүлээгүй, шүүхэд дуудсан хугацаанд хүрэлцэн ирээгүй байх бөгөөд З.Э.З-гийн нэхэмжлэлтэй өөрт нь холбогдох иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэгдэж байгааг мэдсэн, шүүхээс шуудангаар хэргийн оролцогчийн хуульд заасан эрх үүргийг тайлбарласан, нэхэмжлэлийн хувийг гардуулсан, мөн хариу тайлбар гаргах нөхцөл, хугацаагаар хангасан боловч  Б.Б нь тогтоосон 14 хоногийг хэтрүүлэн, улмаар 2022 оны 09 дүгээр сарын 09-ний өдрийг хүртэл тайлбар, татгалзлаа ирүүлээгүй болох нь нотлогдож байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.2-д “Хариуцагч нэхэмжлэлийг хүлээн авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор, эсхүл шүүгчээс тогтоосон хугацаанд нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрсөн, эсхүл татгалзсан үндэслэл, түүнийг нотлох баримтаа шүүхэд ирүүлэх үүрэгтэй”, 72.3-д “Хариуцагч нэхэмжлэлийг хүлээн авсан боловч энэ хуулийн 72.2-т заасан үүргээ биелүүлээгүй, түүнчлэн энэ хуулийн 77 дугаар зүйлд заасан журмын дагуу шүүхэд ирж тайлбар өгөөгүй бол нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөнд тооцож энэ хуулийн 100.3-т зааснаар түүний эзгүйд хэргийг шийдвэрлэнэ”, мөн хуулийн 77 дугаар зүйлийн 77.1-д “Зохигч, түүнчлэн шүүх хуралдаанд ирвэл зохих бусад оролцогчдод шүүх хуралдаан хэзээ, хаана болохыг шүүхийн мэдэгдэх хуудсаар тэдгээрийн оршин суугаа буюу ажлын газрын хаягаар мэдэгдэнэ. Хүрэлцэн ирээгүйгээс гарах үр дагавар болон энэ хуулийн 100 дугаар зүйлд зааснаар хэргийг хянан шийдвэрлэж болохыг шүүхийн мэдэгдэх хуудсанд заана”, 77.2-д “Шүүхийн мэдэгдэх хуудсыг зохигч талын оршин суугаа буюу ажлын газрын хаягаар баталгаат шуудангаар, эсхүл шүүхийн ажилтнаар биечлэн хүргүүлнэ. Шаардлагатай тохиолдолд шүүхийн мэдэгдэх хуудсыг утас, факс, цахилгаан буюу олон нийтийн хэвлэл, мэдээллийн хэрэгслээр дамжуулан мэдэгдэж болно. Ийнхүү мэдэгдсэнээ баримтжуулсан байна” гэж заасан.

Иймд өргөдөл гаргагчийн хариу тайлбар гаргах үүргээ биелүүлээгүйд “тайлбар авалгүй хэрэг шийдсэн” гэж шүүгчийг буруутгах нь үндэслэлгүй байна.

            Хариуцагч Б.Б нь 2022 оны 07 дугаар сарын 01-ний өдөр нэхэмжлэлийг гардан авч, 2022 оны 07 дугаар сарын 15-ны өдрийн дотор хариу тайлбар ирүүлэхээр хугацаа тогтоосон боловч тус хугацаанд хариу тайлбар ирүүлээгүй, тус шүүхийн шүүгчийн 2022 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийн .../ШЗ2022/12922 дугаар захирамжаар шүүх хуралдааныг 2022 оны 09 дүгээр сарын 09-ний өдөр 11 цаг 00 минутад товлон, хурлын товыг мөн өдрөө шүүхийн мэдэгдэх хуудсаар ... дүүрэг дэх хаягаар хүргүүлэхэд “уг хаяг бүртгэлтэй боловч одоогоор оршин суудаггүй” гэх үндэслэлээр шүүхэд буцаасан, шүүгчийн туслах нь 2022 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр Б.Б-ын 96......23  дугаар утсанд холбогдож хурлын товыг мэдэгдэж, энэ талаар утсаар ярьсан тэмдэглэл үйлдэн иргэний хэрэгт хавсаргасан зэрэг нь шүүх хуралдааны товыг хариуцагч талд мэдэгдэх ажиллагааг хуульд нийцүүлэн явуулжээ.

            Түүнчлэн 2022 оны 09 дүгээр сарын 09-ний өдрийн шүүх хуралдааны товыг хариуцагч Б.Б-д хэзээ хэрхэн мэдэгдсэн, товыг мэдсэн, хүлээн авсан талаар Б.Б нь хариу өгч байсан эсэх тухайд, шүүгчийн туслах Т.Т.О-ийг өгсөн гэрчийн мэдүүлэгт: “шүүхийн мэдэгдэх хуудсыг шуудангаар явуулсан. Бүртгэлтэй хаяг дээрээ байхгүй гэж буцаж ирээд байдаг учир 96.. ...  дугаартай утсаар нь Б.Б-тай холбогдоход за ойлголоо гэсэн хариуг өгсөн. Дараа нь хурлын өдөр “та ирж байна уу, хуралдаа ирнэ гэж байсан яасан бэ?” гэхэд Б.Б нь “ирж амжихааргүй боллоо, хөдөө явж байна гэж хариу өгсөн” гэсэн байгаагаас өргөдөл гаргагч Б.Б нь шүүх хуралдааны товыг мэдсэн боловч хуралдаанд ирж оролцоогүй болох нь тогтоогдож байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3-д “Хариуцагч, түүний төлөөлөгч буюу өмгөөлөгч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд ирээгүй бол нэхэмжлэгч хэргийг түүний эзгүйд хянан шийдвэрлэх талаар хүсэлт гаргаж болно. Энэ тохиолдолд шүүх нэхэмжлэгчээс гаргасан тайлбар болон бусад баримт нотолгоог үндэслэн хэргийг хянан шийдвэрлэнэ.”, 100.4-д “Энэ хуулийн 100.2, 100.3-т зааснаар хэргийг зохигч талын эзгүйд хянан шийдвэрлэх тухай хүсэлтийг нэхэмжлэгч, хариуцагчийн аль аль нь гаргаагүй байсан ч хэргийг тухайн үед цугларсан нотлох баримт болон бусад нөхцөл байдлыг харгалзан шүүх шийдвэрлэж болно. Ингэхдээ зохигч талуудаас урьд гаргасан тайлбарыг шүүх хуралдаан дээр гаргасантай адилтгаж үзнэ.” гэж зохицуулсан.

            Тус хэргийг хянан хэлэлцсэн 2022 оны 09 дүгээр сарын 09-ний өдрийн шүүх хуралдааны тэмдэглэл болон дуу-дүрсний бичлэгт илтгэгч гишүүний хийсэн тэмдэглэлд тусгагдсанаар тухайн шүүх хуралдаанд, Даргалагчаас шүүх хуралдааныг нээсний дараа шүүх хуралдааны нарийн бичгийн даргаас хуралдааны ирцийг танилцуулахдаа “... Хариуцагч Б.Б-д хуралдааны тов мэдэгдэхэд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй байна” гэж, Даргалагчаас “ирцтэй холбоотой санал, хүсэлт байна уу” гэхэд нэхэмжлэгч “Би хариуцагч руу уржигдар холбогдоход очихгүй гэсэн” гэж, ингээд шүүхээс ирцтэй холбоотойгоор хариуцагчийн эзгүйд хэргийг шийдвэрлэх мөн өдрийн “Хүсэлт шийдвэрлэх тухай” .../ШЗ2022/13330 дугаар захирамж гаргаж, шүүх хуралдаанаар хэргийг хэлэлцэн шийдвэрлэжээ.

            Дээрх үйл баримтаас, хариуцагч Б.Б нь шүүх хуралдааны товыг мэдсэн боловч шүүх хуралдаанд ирээгүй, энэ талаар хүндэтгэн үзэх шалтгаанаа нотолсон баримтыг шүүхэд ирүүлээгүй, шүүх хуралдааны хойшлуулах зэрэг хүсэлт гаргаагүй байх тул шүүхээс хуульд заасан шүүн таслах чиг үүргээ хэрэгжүүлж, хариуцагчийн эзгүйд хэргийг хянан шийдвэрлэсэн нь хууль зөрчөөгүй байна.

            Иймд өргөдөл гаргагч нь өөрөө хуульд заасан эрх, үүргээ хэрэгжүүлээгүй, шүүхийн дуудсанаар ирээгүй, үүндээ шүүгчийг буруутгаж “намайг шүүх хуралдаанд оролцуулаагүй ... ” гэх өргөдлийн үндэслэл нь нотлогдохгүй байна.

            3. “...... дүүргийн шүүхээс над руу ямар ч шүүгч, хэн нэгэн ажилтан холбогдож асууж тодруулахгүйгээр 2022 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн 171143 дугаартай хүүхдийн тэтгэлгийг албадан гаргуулахаар захирамж гаргаж Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлсэн байсныг ... ажилтан өнөөдөр буюу 2022 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр холбогдож хэлсэн даруйд мэдлээ ...” гэх өргөдлийн үндэслэлийн тухайд:

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 185 дугаар зүйлийн 185.1, 185.1.1 дэх хэсэгт төлбөр авагч шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгүүлэхээр хүсэлт гаргасан тохиолдолд албадан гүйцэтгүүлэхээр шүүгч захирамж гаргахаар заасан. Иймд “Шүүхийн шийдвэр гарснаас хойш хүүхдийн тэтгэлэг төлсөн эсэхийг шүүх мэдэх боломжгүй тул тухайн асуудлыг шүүхийн шийдвэр биелүүлэх байгууллагад хандан шийдвэрлүүлэх боломжтой” гэж шүүгчийн хариу тайлбар үндэслэл бүхий байх ба шүүгчийг сахилгын зөрчил гаргасан гэж буруутгах үндэслэл болохооргүй байна.

Дээрх үйл баримтаас Монгол Улсын шүүхийн тухай хууль /шинэчилсэн найруулга/-ийн 55 дугаар зүйлд хамаарах буюу мөн хуулийн 50, 51.1, 52, 53 дугаар зүйлд заасан хориглосон, хязгаарласан, үүрэг болгосон зохицуулалтыг шүүгч Т.... зөрчсөн гэх үндэслэл тогтоогдохгүй байх тул түүнд үүсгэсэн сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох тухай илтгэгч гишүүний саналыг хүлээн авч сахилгын хэргийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 112 дугаар зүйлийн 112.1, 112.1.2, 112.2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон

ТОГТООХ НЬ:

  1. Шүүхийн сахилгын хорооны гишүүний 2022 оны 12 дугаар сарын 26-ны өдөр сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох тухай 01 дугаартай саналыг хүлээн авч, ... дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т-д холбогдох сахилгын хэргийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 112 дугаар зүйлийн 112.6-т зааснаар магадлал гаргаснаас хойш 14 хоногийн дотор сахилгын хэргийн оролцогч болон өргөдөл, мэдээлэл гаргагчийн оршин суугаа газрын эсхүл ажлын газрын хаягаар баталгаат шуудангаар, эсхүл ажлын албаны ажилтнаар хүргүүлэхийг ажлын албанд даалгасугай.

3. Магадлалыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Сахилгын хороонд хэргийн оролцогч гомдол, илтгэгч гишүүн эсэргүүцэл гаргаж болохыг дурдсугай.

4. Дээрх журмаар хүргүүлснээр магадлалыг гардан авсанд тооцох ба энэ нь гомдол гаргах хугацааг тоолох үндэслэл болохыг тайлбарласугай.

 

ДАРГАЛАГЧ                                    Д.МЯГМАРЦЭРЭН

ГИШҮҮН                                     О.НОМУУЛИН

 Д.ЭРДЭНЭЧУЛУУН