МОНГОЛ УЛС
ШҮҮХИЙН САХИЛГЫН ХОРОО
МАГАДЛАЛ
2023-05-16
Дугаар 72
Улаанбаатар хот
Сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Шүүхийн сахилгын хорооны хуралдааныг гишүүн Г.Цагаанцоож даргалж, гишүүн Д.Ариунтуяа, Д.Мягмарцэрэн нарын бүрэлдэхүүнтэй, илтгэгч гишүүн Д.Эрдэнэчулуун, нарийн бичгийн дарга Б.Анхзаяа нарыг оролцуулан тус хорооны танхимд хийсэн хуралдаанаар:
... шүүхийн шүүгч Д.Б-т холбогдох сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох тухай саналыг хянан хэлэлцэв.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
О.Ш өргөдөлдөө: ... шүүхийн шүүгч Д.Б эрх мэдлээ урвуулан ашиглаж, хууль зөрчин, намайг сэтгэл санааны дарамтад оруулж, хуулийн дагуу ажиллахгүй байна. Д.Б-т хүсэлт бичиж өгөхөөр эрх мэдэл, албан тушаалаа ашиглаж намайг уучлалт гуйлгана гэж улаарч хууль зөрчиж байна. Жишээлбэл,
1. Нэхэмжлэгчийн уучлалт гуйлгах шаардлагатай танилцангуутаа энэ асуудлаар ...дүүргийн Цагдаагийн хэлтсийн хошууч н.М байцаагч хүүхдийн байгууллагын нэр төрд халдсан гэж хэрэг үүсгэж байна гэж танилцуулаад хэрэг прокурор дээр хэрэгсэхгүй болсон гэж хүсэлт бичиж, дахин энэ асуудлаар би ярихыг хүсэхгүй байна гэсэн атлаа авч үзээгүй хууль бус үйлдэл гаргасан.
2. Би дээрх хэргийн хариуцагч болохоос өмнө хүүхдийн байгууллагыг хариуцагчаар тодорхойлон тус шүүхэд нэхэмжлэл гаргахад хэд хэдэн удаа буцсаны дараа шүүгч Б.Б иргэний хэрэг үүсгэж байсан. Улмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явж байхад Д.Б шүүгчид нэхэмжлэл гаргасан. Бүхнийг Б.Б шүүгчид өгөхөд сөрөг нэхэмжлэл болохгүй гэсэн захирамж Б.Б шүүгчээс гарангуут хүүхдийн байгууллага нь намайг хариуцагчаар тодорхойлон шинээр нэхэмжлэл гаргахад шүүгч Д.Б-т хуваарилагдсан. Шүүгч нь нэг ч удаа буцаалгүй иргэний хэрэг үүсгэсэн нь эрх мэдлээ ашигласан гэж үзэж байна.
3. Тухайн иргэний хэргүүдийг шүүгч Д.Б өөрөө авах, үгүй бол шүүгч Б.Б рүү шилжүүлэн өгч, нэг талд гарга гэтэл бас л хууль зөрчиж нэхэмжлэгч талд давуу байдал үүсгэж, хүлээж аваагүй намайг хохироож байгаад гомдолтой байна.
4. Би хүүхдийн байгууллагатай маргаан үүсгэснээс хойш өмгөөлөгч олдохоо больсон. Хүний эрхийн комисс, Монголын хуульчдын холбоо, Өмгөөлөгчдийн холбоо, Хууль зүйн дотоод хэргийн яамд өмгөөлөгчийн талаар хүсэлт гаргахад одоог хүртэл 3 жил өмгөөлөгч олдохгүй байгаа болохоор шүүгч Д.Б-т “өмгөөлөгчийг шүүхээс томилуулах тухай” хүсэлт гаргасан боловч “чадахгүй” гэсэн хариу өгсөн. Энэ нь хүний эрхийг зөрчиж нэг талыг өмгөөлж байгаа хууль бус үйлдэл гаргасан. Иймд шүүгч Д.Б-т арга хэмжээ авч өгнө үү” гэжээ.
О.Ш 2023 оны 4 дүгээр сарын 03-ны өдрийн нэмэлт өргөдөлдөө: “Миний даралт ихсээд, зүрх өвдөөд байна, 2023 оны 3 дугаар сарын 27-ны өдрийн шүүх хуралдааныг хойшлуулж өгнө үү гэх хүсэлтээ шүүгч Д.Б-т гаргахад хурлаа хийж бас л миний хүсэлтийг үл тоож шийдсэн. Гэтэл нэхэмжлэгч тал болох хүүхдийн байгууллага нь СD-д үзлэг хийлгэнэ гэж хэлээд шүүх хуралдаан хойшилсон. Хүний бие өвдөөд байхад хойшилдоггүй хэр нь СD-д үзлэг хийнэ гэхээр хойшлуулдаг учрыг олуулмаар байна. Нэг талын эрх мэдэл, албан тушаалаа ашиглаж хойшлуулсаар байгаад гомдолтой байгаа тул арга хэмжээ авч өгнө үү” гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Сахилгын хэрэгт авагдсан баримтаар дараах үйл баримт тогтоогджээ. Үүнд:
1.Нэхэмжлэгч О.Ш нь Гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн газарт холбогдуулан хүүхэд хамгааллын үйлчилгээ үзүүлэх чиг үүргээ хэрэгжүүлээгүйн улмаас учирсан хохиролд 2,600,000,000 төгрөг гаргуулах шаардлага гаргасан, ... шүүхийн шүүгч Б.Б иргэний хэрэг үүсгэн хянан шийдвэрлэх ажиллагаа явуулсан байна.
Энэхүү хэрэгт хариуцагч нь “...байгууллагын нэр төр сэргээлгэх, цацсан мэдээллийн хэрэгслээр дамжуулан уучлалт гуйлгахыг даалгах сөрөг нэхэмжлэл гаргасан, шүүгчийн 2022.11.03-ны өдрийн ... дугаар захирамжаар сөрөг нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзахдаа “... сөрөг нэхэмжлэлийн шаардлага үндсэн нэхэмжлэлийн шаардлагатай тооцогдохооргүй байна...” гэжээ.
2. Гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн газар нь О.Ш-т холбогдуулан “байгууллагын нэр төр сэргээлгэх, цацсан мэдээллийн хэрэгслээр дамжуулан уучлалт гуйлгахыг даалгах” нэхэмжлэл гаргасан, ...шүүхийн шүүгч Д.Б 2022.12.02-ны өдөр иргэний хэрэг үүсгэн, хянан шийдвэрлэх ажиллагаа явуулжээ.
Тус шүүхийн шүүгчдийн зөвлөгөөний 2023.01.25-ны өдрийн тогтоолоор хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хугацааг сунгасан, шүүгчийн 2023.02.14-ний өдрийн захирамжаар хэргийг 2023.03.27-ны өдрийн 09 цагт шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхээр тогтоосон, Ерөнхий шүүгчийн 2023.02.14-ний өдрийн захирамжаар хуралдаан даргалагч, бүрэлдэхүүний шүүгч томилсон шийдвэрийг албажуулсан байна.
Шүүхийн 2023.03.27-ны өдрийн тогтоолоор зохигчийн хүсэлтийг хангаж, шүүх хуралдааныг хойшлуулжээ.
Дараах үндэслэлээр илтгэгч гишүүний саналыг хүлээн авч, сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж бүрэлдэхүүн үзэв.
Гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн газрын нэхэмжлэлтэй иргэний хэрэгт хариуцагч О.Ш-ын гаргасан “энэ байгууллагад залилангийн хэрэг үүсгэж, цагдаа руу нэхэмжлэлийг явуулах” тухай хүсэлтийг шүүгчийн 2022 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн ... дугаар захирамжаар хангахаас татгалзахдаа "... маргааныг хянан шийдвэрлэхтэй холбогдолгүй, тус шүүхийн харьяалан шийдвэрлэх хүсэлтэд хамаарахгүй” гэж үзжээ.
Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын “... нэр төр сэргээлгэх, цацсан мэдээллийн хэрэгслээр дамжуулан уучлалт гуйлгахыг даалгах” тухай нэхэмжлэл нь иргэний хэргийн шүүхийн харьяалалд хамаарах бөгөөд шүүгч хүсэлтийг хэрэгсэхгүй болгосон нь хууль зөрчөөгүй байна.
Түүнчлэн нэхэмжлэгч О.Ш-ын нэхэмжлэлтэй хариуцагч Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газарт холбогдох иргэний хэрэгт хариуцагч сөрөг нэхэмжлэл гаргасныг шүүгч үндсэн нэхэмжлэлтэй харилцан тооцогдохгүй гэж үзэн хүлээн авахаас татгалзсан нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 73 дугаар зүйлийн 73.2-г зөрчөөгүй байна.
Улмаар Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар нь О.Ш-т холбогдуулан нэхэмжлэл гаргасан нь шүүгч Д.Б-т хуваарилагдсан байна.
Шүүгч Д.Б нэхэмжлэлийн бүрдүүлбэр хангаагүй гэсэн үндэслэлээр нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсан, нэхэмжлэгч нэхэмжлэлийн бүрдүүлбэр ханган дахин ирүүлсэнд иргэний хэрэг үүсгэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулж байх тул “шүүгч нь нэг ч удаа буцаалгүй иргэний хэрэг үүсгэсэн нь эрх мэдлээ ашигласан” гэж үзэх үндэслэл болохгүй.
Шүүгчийн захирамжаар хариуцагч О.Ш-ын “... ГБХЗХГ-ын нэхэмжлэлийг Б.Б шүүгчийн хэрэгт шилжүүлэх тухай” гэх хүсэлтийг хангахгүй орхисон нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 68 дугаар зүйлийн 68.3-г зөрчөөгүй байна.
Хариуцагч О.Ш-ын “...2022 оны 7 дугаар сарын 21-ний өдрийн Хүний эрхийн комиссын бичгээ шүүхээр гаргуулах, мөн шүүхээс миний эрхийг хамгаалж өмгөөлөгч олгож өгнө үү” гэсэн хүсэлтийг шүүгчийн 2023 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн ...дугаар захирамжаар хангахаас татгалзахдаа “хариуцагчийн нотлох баримт гаргуулах” тухай хүсэлт нь хаанаас ямар нотлох баримт гаргуулахыг хүсэж буй, хэрэгт ямар ач холбогдолтой болох нь тодорхой бус, ойлгомжгүй байна. Мөн хуулиар шүүхэд өмгөөлөгч сонгон авч өгөх эрх, үүргийг олгоогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцохдоо заавал өмгөөлөгчтэй оролцохыг хуулиар заагаагүй ба хууль зүйн туслалцаа авах эрх нь өөрийн хүсэл зориг болно” гэж дүгнэжээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.1 дэх хэсэгт “хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцох өмгөөлөгчийн төлөөлөх эрх нь эрх зүйн туслалцаа авч байгаа талын хүсэлтээр тодорхойлогдоно” гэж заасан.
Иргэн өмгөөлөгчөөс хууль зүйн туслалцаа авах эрх нь нээлттэй боловч уг эрхээ өөрийн хүсэл зоригоор хэрэгжүүлэх учиртай. Иргэний хэргийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүхээс дээрх эрхээ хэрэгжүүлэх боломжийг зохигчдод олгосон бөгөөд харин хэргийн оролцогчид өмгөөлөгч томилох хуулийн зохицуулалт Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд байхгүй болно.
Шүүгчийн дээрх захирамжид “хариуцагч нь Монголын өмгөөлөгчдийн холбоо болон Монголын хуульчдын холбооны Төлбөрийн чадваргүй иргэдэд хууль зүйн туслалцаа, өмгөөллийн үйлчилгээ үзүүлэх асуудал эрхэлсэн хороонд тус тус хандах боломжтой” болохыг дурджээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.6 дахь хэсэгт “хэргийг хянан шийдвэрлэхэд зайлшгүй шаардлагатай нотлох баримт нь төрийн болон албаны нууц, байгууллагын нууц, хүний эмзэг мэдээлэлтэй холбоотой; өөр улс, орон нутагт байгаа учраас зохигч тэдгээрийг өөрөө олж авах боломжгүй; түүнчлэн туршилт, үзлэг, таньж олуулах, шинжилгээ хийлгэх, гэрчийн мэдүүлэг авах тохиолдолд нотлох баримтыг хэргийн оролцогчийн хүсэлтээр шүүх бүрдүүлнэ” гэж заасан. Тодруулбал, хэргийн оролцогч нь хуульд заасан дээрх үндэслэлээс бусад тохиолдолд нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй байгаа, өөрийн татгалзлын үндэс болж буй баримтаа өөрөө цуглуулах, шүүхэд гаргаж өгөх үүрэгтэй болно.
Шүүх хуралдаан хойшлуулах тухай хүсэлтийг гаргахдаа ямар нэгэн баримт хавсаргаагүй болох нь иргэний хэрэгт хийсэн үзлэгээр тогтоогдсон.
Харин 2023 оны 3 дугаар сарын 27-ны өдрийн шүүх хуралдаанаар нэхэмжлэгч, хариуцагч талуудын хэн алины хүсэлтийг хэлэлцэн, хариуцагчийг шүүх хуралдаанд биечлэн оролцох, мэтгэлцэх боломжийг нь олгохоор, мөн нэхэмжлэгчийн үзлэг хийлгэх хүсэлт нь хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой гэж үзэж шүүх хуралдааныг хойшлуулжээ. Энэхүү хүсэлтийг шүүх бүрэлдэхүүн шийдвэрлэсэн тул шүүгч Д.Б “шүүх хуралдааныг хойшлуулах” хүсэлтийг үл тоож, дангаар шийдвэр гаргасан” гэж үзэх үндэслэлгүй.
Дээр дурдсанаар хэрэг хянан шийдвэрлэхтэй холбоотой гаргасан зохигчийн хүсэлтийг шүүгч хэрэгсэхгүй болгосон шийдвэрлэсэн нь сахилгын зөрчилд хамаарахгүй.
О.Ш-ын өргөдлийн дагуу шүүгч Д.Б-т сахилгын хэрэг үүсгэн, захирамжийн хувийг өргөдлийн хуулбарын хамт шүүгчид гардуулж, эрх үүргийг тайлбарлаж энэ тухай баримт үйлдсэн байх ба шүүгч тайлбар, холбогдох баримтыг ирүүлээгүй байна.
Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 112 дугаар зүйлийн 112.1, 112.1.2, 112.2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:
1. ... шүүхийн шүүгч Д.Б-т холбогдох сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох тухай саналыг хүлээн авч, түүнд холбогдох сахилгын хэргийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2. Магадлалыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Сахилгын хороонд хэргийн оролцогч гомдол, илтгэгч гишүүн эсэргүүцэл гаргаж болохыг дурдсугай.
3. Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 112 дугаар зүйлийн 112.6-т зааснаар магадлал гаргаснаас хойш 14 хоногийн дотор сахилгын хэргийн оролцогч болон өргөдөл, мэдээлэл гаргагчийн оршин суугаа газрын эсхүл ажлын газрын хаягаар баталгаат шуудангаар, эсхүл ажлын албаны ажилтнаар хүргүүлэхийг ажлын албанд даалгасугай.
4. Дээрх журмаар хүргүүлснээр магадлалыг гардан авсанд тооцох ба энэ нь гомдол гаргах хугацааг тоолох үндэслэл болохыг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ Г.ЦАГААНЦООЖ
ГИШҮҮН Д.АРИУНТУЯА
Д.МЯГМАРЦЭРЭН