info@judiscom.mn 976 - 77113838 Холбоо барих ШИЛЭН ДАНС
ENMNG

МОНГОЛ УЛС

ШҮҮХИЙН САХИЛГЫН ХОРОО

МАГАДЛАЛ

2023-01-16

Дугаар 10

Улаанбаатар хот

Сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

Шүүхийн сахилгын хорооны хуралдааныг гишүүн Х.Хашбаатар даргалж, гишүүн О.Номуулин, Д.Эрдэнэчулуун нарын бүрэлдэхүүнтэй, илтгэгч гишүүн Г.Цагаанцоож, хуралдаан хариуцсан ахлах мэргэжилтэн-нарийн бичгийн дарга Ц.Нямжаргал нарыг оролцуулан, Сахилгын хорооны хуралдааны танхимд нээлттэй хийв.

Иргэн Я.Ц-ын ... аймгийн ... сум дахь Сум дундын шүүхийн шүүгч А.Б, ... аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч В.Г, шүүгч Д.Е, ... аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ж.З нарт холбогдуулан 2022 оны 10 дугаар сарын 04-ний өдөр Шүүхийн сахилгын хороонд гаргасан өргөдөлд гишүүний 2022 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн 1...3 дугаартай захирамжаар сахилгын хэрэг үүсгэсэн байна.

Илтгэгч гишүүн Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 105 дугаар зүйлийн 105.2 дахь хэсэгт заасны дагуу сахилгын хэргийг шалгах ажиллагаа явуулаад 2022 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн ... дугаартай “Сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох тухай” санал гаргасныг хянан хэлэлцээд

ТОДОРХОЙЛОХ нь:

Илтгэгч гишүүн нь сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох саналдаа: Сахилгын хэрэгт авагдсан баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна. Үүнд:

1. ... аймгийн Цагдаагийн газрын харьяа ... сум дахь сум дундын Цагдаагийн хэлтсийн ... зүйл сум дахь цагдаагийн хэсгийн цагдаа, цагдаагийн дэд ахлагч Б.М 2022 оны 3 дугаар сарын 14-ний өдөр албан үүргээ гүйцэтгэж байхдаа Я.Ц нь “...Приус маркийн ...-12 УБУ улсын дугаартай тээврийн хэрэгсэл жолоодож явахдаа Зөрчлийн тухай хуулийн 14.7 дахь зүйлийг 45 дэх хэсгийг зөрчсөн” гэсэн үндэслэлээр 50.000 төгрөгөөр торгох шийтгэл ногдуулжээ. 

2. Я.Ц шийтгэлийг эс зөвшөөрч гомдол гаргасныг ... аймгийн ... сум дахь Сум дундын шүүх хүлээн авч, 2022 оны 4 дүгээр сарын 08-ний өдрийн шүүх хуралдаанаар хянан хэлэлцээд гомдлыг хангах үндэслэлгүй гэж үзэж, ... дүгээр шийтгэврээр цагдаагийн дэд ахлагч Б.М-ын 2022 оны 3 дугаар сарын 14-ний өдрийн №31000...20015969 тоот шийтгэлийн хуудсыг хэвээр үлдээжээ. Ийнхүү шийдвэрлэхдээ шүүх “...Замын хөдөлгөөний дүрмийн 23 дугаар зүйлийн 23.8-д “суудлын автомашинд болон ачааны автомашины жолоочийн бүхээгт 10 хүртэлх насны хүүхдийг тээвэрлэхдээ биеийн жин, өсөлтөд нь тохирсон зориулалтын нэмэгдэл суудал буюу хамгаалах хэрэгсэл ашиглана. Хүүхдийн нэмэгдэл суудал, хамгаалах хэрэгсэл нь MNS ISO13216 /хүүхдийн хамгаалах систем/ стандартын шаардлагад нийцсэн байх бөгөөд түүнийг тээврийн хэрэгсэлд байршуулж ашиглахдаа үйлдвэрлэгчээс тогтоосон зааврыг баримтална. Тайлбар: суурин газарт суудлын газарт таксигаар хүүхдийг тээвэрлэх тохиолдолд дээрх шаардлагыг биелүүлэх боломжгүй бол насанд хүрсэн хүн өвөр дээрээ тэвэрч, зөвхөн арын суудалд авч явахыг зөвшөөрнө. Мөн хүүхдийн өндөр 140 см-с дээш бол суудлын автомашины арын суудалд зорчигчийн хамгаалах бүс зүүлгэн тээвэрлэхийг зөвшөөрнө” гэжээ.

Я.Ц нь “...өдөр замын хөдөлгөөний дүрэмд заасан хүн тээвэрлэх журам зөрчсөн болох нь хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдож байна” гэж үзсэн ба энэхүү дүгнэлтээ шийтгэвэрт тодорхой дурджээ.

3. ...аймгийн Эрүү, Иргэний давж заалдах шатны шүүх 2022 оны 6 дугаар сарын 15-ны өдрийн шүүх хуралдаанаар Я.Ц-ын шийтгэлийг эс зөвшөөрч гаргасан давж заалдах гомдлыг хянан хэлэлцээд ... дугаар магадлалаар шийтгэврийг хэвээр үлдээж, гомдлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

Давж заалдах шатны шүүх “...Я.Ц нь ...тээврийн хэрэгслийг жолоодож замын хөдөлгөөнд оролцохдоо 10 хүртэлх насны хүүхдээ зориулалтын суудалд суулгаагүй, хамгаалалтын хэрэгсэл ашиглаагүй болох нь ...анхан шатны шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн баримтуудаар тогтоогдсон,...гомдол гаргагч хэргийн баримттай танилцсан нь хэргийн 13 дугаар хуудсанд авагдсан баримтаар тогтоогдож байна...” гэж дүгнэсэн ба тус шүүхийн 2022 оны 7 дугаар сарын 01-ний өдрийн ... дугаар тогтоолоор магадлалд залруулга хийжээ.  

Сахилгын хороо нь анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалын хууль зүйн үндэслэлийг хянах, түүнд дүгнэлт өгөх эрхгүй тул “...зөрчил гаргасан эсэхийг хэт өрөөсгөл дүгнэсэн...” гэх гомдол сахилгын зөрчилд хамаарахгүй.

Харин нэр бүхий шүүгч нар зөрчлийн хэргийг хянан шийдвэрлэхдээ Монгол Улсын шүүхийн тухай хуульд заасан хориглосон үйлдэл гаргасан эсэхийг өргөдөлд дурдсан асуудлаар дараах байдлаар тодорхойлов. Үүнд:

  1. Шүүгч А.Б-д холбогдох гомдлын тухайд: 3амын хөдөлгөөний дүрэмд заасан хүн тээвэрлэх журам зөрчих нь Зөрчлийн тухай хуулийн 14.7 дугаар зүйлийн 45-т заасан замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль зөрчсөн зөрчилд тооцогдох ба зөрчил үйлдэгдсэн нь ил тодорхой, зөрчил, учирсан хохирлыг нотлох талаар зөрчлийн хэрэг бүртгэлт явуулах шаардлагагүй бол эрх бүхий албан тушаалтан зөрчлийг газар дээр нь, эсхүл хялбаршуулсан журмаар шалган шийдвэрлэхээр Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 6.6 дугаар зүйлийн 1.1-т заасан.

Цагдаагийн эрх бүхий албан хаагч хуулийн энэхүү заалтыг үндэслэн Я.Ц-д 50.000 төгрөгийн торгох шийтгэл оногдуулсан, тэрээр уг шийтгэлийг эс зөвшөөрч гомдол гаргажээ. 

Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 8.1 дүгээр зүйлд зааснаар Эрүүгийн хэргийн шүүх зөрчлийн хэргийг оролцогчийн гомдлоор анхан шатны журмаар хянан шийдвэрлэхдээ энэ хууль, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан нийтлэг журмыг удирдлага болгоно.

Энэхүү зүйлийн 5-т “шүүх хуралдаанд эрх бүхий албан тушаалтан, прокурор оролцоно”, 9-д “оролцогч шүүх хуралдаанд оролцох хүсэлт гаргаснаас бусад тохиолдолд шүүх хуралдаанд ирээгүй нь шүүх хуралдааныг хойшлуулах үндэслэл болохгүй”, 10-т “шүүгч шүүх хуралдаанд оролцогчдыг бүртгэж, талуудын гаргасан гомдол, дүгнэлтийн үндэслэл, тайлбарыг сонсож шийдвэр гаргана”, 11-д “оролцогч гаргасан гомдол, түүний үндэслэлийн талаарх нотлох баримтыг шүүх хуралдаанд танилцуулна”, 12-т “шүүх хуралдаанд ...оролцогч гомдлынхоо үндэслэлийг нэг удаа тайлбарлана”, 13-т “шүүгч эрх бүхий албан тушаалтан, прокурор, оролцогчийн хүсэлтийн дагуу гэрчээс мэдүүлэг авч, бусад нотлох баримтыг шинжлэн судалж болно” гэж тус тус заасан.

Гомдол гаргагчид холбогдох зөрчлийн хэрэг хянан шийдвэрлэсэн шүүх хуралдааны тэмдэглэл, дуу, дүрсний бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэлээс үзвэл, Я.Ц нь шүүх хуралдаанд цахимаар оролцсон байх ба даргалагч шүүх хуралдааны дэгийг танилцуулж, улмаар гомдол гаргагчид эрх, үүргийг нэг бүрчлэн тайлбарлан өгсөн, тэрээр шүүх хуралдаанд шинэ баримт гаргаагүй, мөн шүүх хуралдааныг хойшлуулах талаар ямар нэг хүсэлт гаргаагүй тул шүүх хуралдаан үргэлжлэн явагджээ.

Шүүх хуралдааны хэлэлцүүлэг эхэлж, гомдол гаргагч гомдлоо, дараа нь прокурор гомдолтой холбоотой тайлбар гаргаж, хуралдаан даргалагч хэрэгт авагдсан бичгийн баримтыг шинжлэн судалж, үүнтэй холбоотой асуулт хариулт явагдаж, гомдол гаргагчийн нэмэлт тайлбарыг сонсож, шүүх хуралдаан завсарласан ба энэхүү ажиллагаа хуульд заасан дээрх журмыг зөрчөөгүй байна. Иймд өргөдөл дурдсан “...шүүгч хуралдааны явцад хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх талаар тодруулаагүй, нэг ч асуулт асуугаагүй, нэмэлт тайлбар хэлэх боломж олгоогүй” гэх гомдол үндэслэлгүй.

Түүнчлэн гомдол гаргагч нь хэргийн материалтай танилцаж, энэ талаарх баримтад гарын үсэг зурсан байх ба хуульд зааснаар гэрчийн мэдүүлэг авхуулах талаар ямар нэг хүсэлт гаргаагүй бөгөөд шүүгч шүүх хуралдааны явцад хэргийн оролцогчийг загнасан гэх байдал тогтоогдоогүй болно.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.8 дугаар зүйлийн 1-д “шүүх хуралдааны тэмдэглэлийг шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноос хойш 7 хоногийн дотор гаргаж, шүүх хуралдаан даргалагч, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга гарын үсэг зурж, прокурор, оролцогчид танилцуулна, 2-т “шүүх хуралдаанд оролцогч, бусад оролцогч, прокурор шүүх хуралдааны тэмдэглэлийг танилцуулснаас хойш 5 хоногийн дотор засвар оруулах санал, хүсэлт гаргах эрхтэй” гэж заасан.

Я.Ц анхан шатны шүүх хуралдаанд цахимаар оролцсон бөгөөд тэрээр шүүх хуралдааны тэмдэглэлтэй танилцах хүсэлтээ 2022 оны 4 дүгээр сарын 22-ны өдөр гаргаж, танилцсан байх ба тэмдэглэлд засвар оруулах санал хүсэлт гаргаагүй, энэ талаарх баримт зөрчлийн хэрэгт авагдаагүй байна.

Нэр бүхий шүүгч нарт холбогдох сахилгын хэргийг дахин шалгуулахаар илтгэгч гишүүнд буцаасан Шүүхийн сахилгын хорооны 2022 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн ... дугаар тогтоолд “...анхан шатны шүүх гомдлыг 2022 оны 3 дугаар сарын 29-ний өдөр хүлээн авснаас хойш хуульд заасан хугацаанд шүүх хуралдаан зарласан эсэх, хуульд заасан хугацаанд зөрчлийн хэргийг хянан шийдвэрлээгүй шалтгаан нөхцөл тодорхойгүй, ...зөрчлийн хэрэг хянан шийдвэрлэх шүүх хуралдааныг 2022 оны 4 дүгээр сарын 07-ны өдөр хийхээр мэдэгдсэн боловч мөн сарын 08-ны өдөр хийсэн гэх ба тов мэдэгдсэн баримтад 2022 оны 4 дүгээр сарын 07-ны өдрийн 17 цагт хийх талаар гомдол гаргагчид мэдэгдсэн байгааг тодруулж, энэ үйл баримтын талаар дүгнэлт хийвэл зохино...” гэжээ.

Шалгах ажиллагааны явцад дор дурдсан нэр бүхий хүмүүсийг гэрчээр асуусан ба шүүгчийн туслах Д.Б “...гомдол гаргагч Я.Ц-д 2022 оны 4 дүгээр сарын 08-ны өдрийн 17 цагт шүүх хуралдаан болохыг 2022 оны 4 дүгээр сарын 07-ны өдрийн 17 цагт утсаар мэдэгдсэн. Харин баримт үйлдэхдээ 2022 оны 4 дүгээр сарын 07-ны өдөр гэж бичиж, техникийн алдаа гаргасан байна. Гэхдээ шүүх хуралдаан 2022 оны 4 дүгээр сарын 07-ны өдөр болно гэдгийг гомдол гаргагч мэдсэн, шүүх хуралдааны өмнө залгаад цахимаар нэвтрэх  код өгсөн, түүнийг загнасан, зэмлэсэн ямар нэг үг хэлээгүй...”, ... сум дах Сум дундын прокурорын хяналтын прокурор П.Н мэдүүлэхдээ “...зөрчлийн хэргийг шийдвэрлэх шүүх хуралдааны тов бичгээр гардаггүй, хурал болохоос өмнө 30 гаруй минутын өмнө утсаар мэдэгддэг. Ойрхон учраас ажлаа зохицуулаад ирж оролцдог. Ц-д холбогдох хэргийн хувьд шүүх хуралдааны товыг 2022 оны 4 дүгээр сарын 08-ны өдрийн 16 цагийн орчим мэдэгдсэний дагуу ирж оролцсон. 2022 оны 4 дүгээр сарын 07-ны өдөр н.Г, н.Л, н.Б нарт холбогдох зөрчлийн хэргийн шүүх хуралдаантай байсан. Энэ үед Я.Ц-д холбогдох хэргийн шүүх хуралдаан зарлагдаагүй байсан ба энэхүү шүүх хуралдаан дээрх 3 шүүх хуралдаантай давхцаагүй байсан. Шүүх хуралдаанд орох үед шүүх хуралдааны тов зарласан баримтад гарын үсэг зурсан ба ингэхдээ огноог нь сайн анзаараагүй...” гэж мэдүүлжээ.

Шүүгч А.Б нь 2022 оны 4 дүгээр сарын 07-ны өдөр зөрчлийн 3 хэрэг хянан шийдвэрлэснээс Д.Г-т холбогдох шүүх хуралдаан 16 цаг 45 минутад эхэлж 17 цаг 05 минутад дууссан бол Ж.Б-д холбогдох шүүх хуралдаан 17 цаг 25 минутад эхэлж 17 цаг 55 минутад дууссан болох нь эдгээр шүүх хуралдааны тэмдэглэл, дуу дүрсний бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэлээр тогтоогдож байна.

Дээр дурдсанаас үзвэл Я.Ц-д холбогдох зөрчлийн хэргийг хянан хэлэлцэх шүүх хуралдааныг 2022 оны 4 дүгээр сарын 08-ны өдрийн 17 цагт товлон зарласан ба шүүх хуралдаан товлосон цагт явагджээ. 

Харин шүүгчийн туслах тов мэдэгдэх баримтад 2022 оны 04 дүгээр сарын 7-ны 17 цаг гэж бичсэн нь техникийн шинжтэй алдаа бөгөөд энэ тохиолдолд шүүгчийг сахилгын зөрчил гаргасан гэж үзэх боломжгүй. 

Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 8.1 дүгээр зүйлийн 7-д “шүүх энэ зүйлийн 1 дэх хэсэгт заасан дүгнэлт, гомдлыг хүлээн авснаас хойш ажлын 3 өдрийн дотор зөрчлийн хэргийг хянан шийдвэрлэнэ”, 8-д “зөрчлийн хэргийн ээдрээ, төвөгтэй байдлыг харгалзан зөрчлийн хэргийг шүүхээр хянан шийдвэрлэх хугацааг шүүгчийн саналыг харгалзан тухайн шүүхийн Ерөнхий шүүгч ажлын 2 өдрөөр нэг удаа сунгаж болно” гэж заасан.

Шүүгч А.Б нь Я.Ц-ын гомдлыг 2022 оны 3 дугаар сарын 29-ний өдөр хүлээн авсан ба хэрэг хянан шийдвэрлэх хугацаа сунгах санал гаргаагүй байна.

Шүүх Я.Ц-д шийтгэл ногдуулсан эрх бүхий албан тушаалтан болох ... аймгийн ... сумын цагдаагийн хэсгийн цагдаа Б.М-т гомдлыг танилцуулсан, тэрээр уг гомдолтой холбоотой тайлбар ирүүлснийг 2022 оны 4 дүгээр сарын 05-ны өдрийн 17 цаг 15 минутад хүлээн авсан нь өргөдөл гомдол хүсэлт хүлээн авч бүртгэсэн бүртгэлээр тогтоогдож байна.

Эрх бүхий албан тушаалтны ажиллаж буй ... сум нь хэргийг шийдвэрлэж буй шүүхээс 140 км зайтай байдаг бөгөөд Я.Ц-ын гомдлыг хянан хэлэлцэхэд түүний тайлбар шаардлагатай байсан гэсэн шүүгчийн тайлбарыг буруутгах боломжгүй байна.

Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1.23-т зааснаар шүүгч хуулийн илт тодорхой заалтыг ноцтой, эсхүл удаа дараа зөрчсөн үйлдэл, эс үйлдэхүй гаргахыг хориглосон.

Я.Ц-ын гомдлыг шийдвэрлэх хугацаа 2022 оны 4 дүгээр сарын 04-ний өдөр дууссан ба /4 дүгээр сарын 2, 4 дүгээр сарын 3 амралтын өдөр/ холбогдох шүүгч уг хугацааг эрх бүхий албан тушаалтны тайлбар ирсэн өдрөөс тооцсон нь учир дутагдалтай болжээ. Гэвч шүүгч зөрчлийн хэргийг шийдвэрлэхэд шаардлагатай эрх бүхий албан тушаалтны тайлбарыг хүлээн авсны дараа шүүх хуралдаан товлож, хэргийг хянан шийдвэрлэснийг  “хуулийн илт тодорхой заалтыг ноцтой зөрчсөн” гэж үзэх  үндэслэлгүй гэж үзэв. 

  1. Шүүгч Д.Е, В.Г, Ж.З нарт холбогдох гомдлын тухайд: Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлд зааснаар давж заалдах шатны шүүх гомдол, эсэргүүцлийг хянан шийдвэрлэхдээ тухайн хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянах ба анхан шатны шүүхээр хэлэлцээгүй, тогтоогдоогүй нөхцөл байдал, шинжлэн судлаагүй нотлох баримтыг шийдвэрийн үндэслэл болгохгүй.

... аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Е даргалж, шүүгч В.Г, Ж.З нарын бүрэлдэхүүнтэй хийсэн 2022 оны 6 дугаар сарын 15-ны өдрийн шүүх хуралдаанаар Я.Ц-ын гаргасан давж заалдах гомдлыг хянан хэлэлцээд ... тоот магадлал гаргахдаа гомдолд заасан үндэслэлээр хязгаарлалгүй, тухайн зөрчлийн хэргийн бүх ажиллагаа, хэрэгт авагдсан баримт бичгийг үндэслэн бүхэлд нь хянан шийдвэрлэсэн талаар дурдаж, шийтгэврийг хэвээр үндэслэлийн талаар тодорхой дурджээ. Иймд өргөдөлд дурдсан “...давж заалдах шатны шүүх зөрчлийг баримтаар нотлогдсон эсэхэд дүгнэлт огт өгөөгүй...” гэх гомдол үндэслэлгүй.

Түүнчлэн хэрэгт авагдсан эрх бүхий албан тушаалтны тайлбар нь нотлох баримт учир энэ талаар дүгнэснийг өрөөсгөл гэж үзэхгүй.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.12 дугаар зүйлийн 1-т давж заалдах шатны шүүхийн шийдвэрт үг, үсэг, тоо, тооцооны зэрэг техникийн шинжтэй гарсан алдааг залруулах талаар прокурор, оролцогч шүүхэд хүсэлт гаргаж, эсхүл шүүх өөрийн санаачилгаар энэ хуулийн 36.14 дүгээр зүйлд заасан журмаар залруулна гэж заасан.

Магадлалд гомдол гаргагчийн ургийн овог, эцгийн нэр, регистрийн дугаар буруу бичигдсэнийг давж заалдах шатны шүүх өөрийн санаачилгаар залруулж, тогтоол гаргасан нь сахилгын зөрчилд тооцогдохгүй.

Дээр дурдсанаар Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 50, 51.1, 52, 53 дугаар зүйлд заасан хориглосон, хязгаарласан, үүрэг болгосон зохицуулалтыг зөрчсөн гэж үндэслэл тогтоогдоогүй тул ... аймгийн ... сум дахь сум дундын шүүхийн шүүгч А.Б, ... аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Е, В.Г, ... аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ж.З нарт холбогдох сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох санал гаргаж байна” гэжээ.

Шүүгч А.Б 2022 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн тайлбартаа: “...Я.Ц-ын шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулахыг хүссэн гомдлыг хүлээн авч, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 8.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан үндэслэлээр анхан шатны журмаар хянан шийдвэрлэсэн.

Зөрчил шүүхээр хянан шийдвэрлэх ажиллагааны явцад оролцогч нар нь санал, хүсэлт гаргаагүй бөгөөд зөрчлийн хэргийг хянан хэлэлцэх шүүх хуралдааныг 2022 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн 17 цаг 00 минутад товлогдож, шүүх хуралдаан хуульд заасан үндэслэл журмын дагуу талуудын мэтгэлцээний үндсэн дээр явагдсан, оролцогч нар шүүх хуралдааныг хойшлуулах талаар хүсэлт гаргаагүй, шүүх өөрийн дотоод итгэлээр шийдвэрээ гаргасан.

Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.1, 44 дүгээр зүйлийн 44.1, 45 дугаар зүйлийн 45.1-д хуульчилсан ба шүүгч надад хэн нэгэн заавар өгч нөлөөлсөн бол нөлөөллийн мэдүүлгийг хөтөлж эрх бүхий байгууллагад хандаж шийдвэрлүүлэх ёстой ба хэн нэгэн нөлөөлөөгүй.

Я.Ц шүүх хуралдааны тэмдэглэлтэй танилцах хүсэлтийг 2022 оны 4 дүгээр сарын 22-ны өдөр шүүхэд гаргасан бөгөөд шүүх мөн цахим хаягаар нь танилцуулсан талаар шүүгчийн туслах тэмдэглэл үйлдсэн байна. Тэрээр тэмдэглэлд засвар оруулах талаар хүсэлт тус шүүхэд гаргаагүй, харин шийдвэрийг эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргасныг хүлээн авч, хэргийн оролцогч нарт танилцуулж, хэргийг давж заалдах шатны шүүхэд хүргүүлсэн байна.

Шүүгч би хэн нэгний заавраар хууль бус шийдвэр гаргаагүй, Монгол Улсын Үндсэн хууль, түүнд нийцүүлэн гаргасан, албан ёсоор нийтлэгдсэн бусад хууль, Монгол Улсын олон улсын гэрээнд зааснаар хууль хэрэглэж дотоод итгэл үнэмшлийнхээ хүрээнд хэргийг хянан шийдвэрлэсэн.

Иймд миний бие Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 50, 51.1, 52, 53 дугаар зүйлд заасан зохицуулалтыг зөрчсөн сахилгын зөрчил гаргаагүй тул сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.

Ерөнхий шүүгч В.Г, шүүгч Д.Е нар 2022 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн  тайлбартаа: “...2022 оны 6 дугаар сарын 15-ны өдрийн 2022/ДШМЗ/... дугаар магадлалаар холбогдогч Я.Ц нь 2022 оны 3 дугаар сарын 14-ний өдөр ... УБУ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож замын хөдөлгөөнд оролцохдоо замын хөдөлгөөний дүрэмд заасан хүн тээвэрлэх журам зөрчсөн зөрчил гаргасан нь хэрэгт авагдсан баримтууд болон анхан шатны шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн баримтуудаар тогтоогдсон, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5, 39.6, 39.7, 39.8 дугаар зүйлүүдэд заасан үндэслэл тогтоогдоогүй гэж шүүх бүрэлдэхүүн үзэж анхан шатны шүүхийн шийтгэврийг хэвээр үлдээж шийдвэрлэсэн бөгөөд уг магадлалыг 2022 оны 6 дугаар сарын 22-ны өдөр оролцогч нарт хүргүүлсэн.

Магадлалд холбогдогчийн биеийн байцаалтыг тусгахаар хуульчилсан ба давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдаанд холбогдогч Я.Ц нь оролцоогүй учир биеийн байцаалтыг анхан шатны шүүх хуралдаанд холбогдогч нь цахимаар оролцохдоо хэлсэн буюу тухайн хуралдааны тэмдэглэлд тусгагдсанаар түүний биеийн байцаалтыг бичсэн. Гэтэл магадлалыг шүүхийн цахим санд байршуулахад холбогдогчийн овог нэр, регистрийн дугаар зөрсөн учир Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.14 дүгээр зүйл, 39.12 дугаар зүйлүүдэд зааснаар шүүх өөрийн санаачилгаар уг техникийн шинжтэй алдааг 2022 оны 7 дугаартай 01-ний өдрийн 2022/ШТ/... дугаартай “Шүүхийн тогтоол”-оор магадлалын биеийн байцаалт хэсэгт "...Ца.. овгийн Янж-ын Ц” гэснийг “...Цо.. овгийн Я-ын Ц" гэж, "...регистрийн дугаар ЙР83...215" гэснийг “...ХК83...21Г гэж залруулсан.

Давж заалдах шатны шүүх хуульд заасан эрх хэмжээнийхээ хүрээнд зөрчлийн хэргийг хянан шийдвэрлэхдээ хэрэгт авагдсан нотлох баримтуудыг хянаж үзэн холбогдогч тухайн зөрчлийг гаргасан нь хэрэгт авагдсан нотлох баримтууд болох холбогдогчийн анхан шатны шүүх хуралдаанд цахимаар оролцохдоо “...Би 2 хүүхэдтэй. Манай бага хүүхэд 3 настай машины хойд талын суудалд ээжтэйгээ сууж явсан. Харин том хүүхэд 7 настай жолоочийн хажуу талын суудалд зориулалтын бүсээ зүүсэн байсан..." гэх тайлбар, ... сумын хэсгийн цагдаа Б.М нарын тайлбаруудаар нотлогдсон гэж дүгнээд энэ үндэслэлээ магадлалд тодорхой тусгасан.

Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.1, 45 дугаар зүйлийн 45.1-д хуульчилсан байдаг ба шүүх бүрэлдэхүүнд хэн нэгэн заавар өгч нөлөөлсөн бол нөлөөллийн мэдүүлгийг хөтөлж эрх бүхий байгууллагад хандаж шийдвэрлүүлэх ёстой. Шүүх бүрэлдэхүүнд нөлөөлөөгүй болох нь тус хэрэгт авагдсан нөлөөллийн мэдүүлэг хөтөлсөн баримтаар нотлогдох ба анхан шатны шүүхийн шүүгчийн хууль бус шийтгэврийг хаацайлсан, хэргийг шударгаар шүүх үүргээ биелүүлээгүй, зөрчлийг баримтаар нотлогдсон эсэхэд огт дүгнэлт өгөөгүй гэх гомдол нь үндэслэлгүй байна. Иймд сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.

Ерөнхий шүүгч Ж.З 2022 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн тайлбартаа: “...Монгол Улсын Дээд шүүхийн танхимын тэргүүний 2022 оны 6 дугаар сарын 07-ны өдрийн ... дугаартай захирамжаар Я.Ц-д холбогдох зөрчлийн хэргийг хянан шийдвэрлэх ... аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааны бүрэлдэхүүнд томилогдон оролцсон.

2022 оны 6 дугаар сарын 15-ны өдрийн давж заалдах шатны шүүх хуралдаанаар Я.Ц-д холбогдох зөрчлийн хэргийг хэлэлцээд, холбогдогч Я.Ц нь 2022 оны 3 дугаар сарын 14-ний өдөр .... УБУ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож замын хөдөлгөөнд оролцохдоо замын хөдөлгөөний дүрэмд заасан хүн тээвэрлэх журам зөрчсөн зөрчил гаргасан нь хэрэгт авагдсан баримтууд болон анхан шатны шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн баримтуудаар тогтоогдсон гэж дүгнэж, анхан шатны шүүхийн шийтгэврийг хэвээр үлдээж шийдвэрлэсэн.

Магадлалд холбогдогчийн овог, нэр, регистрийн дугаарыг зөрүүтэй бичсэн алдааг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.14 дүгээр зүйл, 39.12 дугаар зүйлүүдэд зааснаар шүүх өөрийн санаачилгаар 2022 оны 7 дугаар сарын 01-ний өдрийн 2022/ШТ/... дугаартай “Шүүхийн тогтоол"-оор залруулга хийсэн.

Давж заалдах шатны шүүх хамтын зарчмаар, зөрчлийн хэрэгт цугларсан нотлох баримтын хүрээнд хэргийг шийдвэрлэсэн бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй тул холбогдогч Я.Ц-ын Сахилгын хороонд гаргасан гомдол үндэслэлгүй байна. Иймд сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.

Шүүгч А.Б 2022 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн нэмэлт тайлбартаа: “...шүүх хуралдааны тов мэдэгдсэн баримтад шүүх хуралдааныг 2022 оны 4 дүгээр сарын 07-ны өдрийн 17.00 цаг гэж бичигдсэн байхыг давж заалдах шатны шүүхэд хэрэг хүргүүлэх үед мэдсэн. Учрыг лавлахад шүүгчийн туслах андуураад бичсэн байна гэж тайлбарласан. Баримтад бичигдсэн цаг хугацаанд өөр шүүх хуралдаан зарласан байсан тул давхардуулан зарлах боломжгүй.

...Энэхүү зөрчлийн хэрэг нь зөрчилд холбогдогчийн гомдлоор шалгаж байгаа бөгөөд энэ тохиолдолд эрх бүхий албан тушаалтнаас зайлшгүй тайлбар баримт гаргуулан авах шаардлагатай байсан.

Эрх бүхий албан тушаалтан болох цагдаа Ц.М нь ... сумаас 140 орчим км  зайтай ... суманд ажилладаг бөгөөд түүний ирүүлсэн тайлбар,  баримтыг шүүх 2022 оны 4 дүгээр сарын 05-ны өдрийн 17.15 цагт хүлээн авсан тул 3 хоногийн дотор буюу 2022 оны 4 дүгээр сарын 08-ны өдрийн шүүх хуралдаанаар хэргийг хэлэлцсэн ба хугацаа сунгах шаардлагагүй гэж үзсэн...” гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Иргэн Я.Ц-оос шүүгч А.Б-д холбогдуулан “цагдаагийн албан хаагчийн торгууль ногдуулсан шийтгэлийн хуудсыг эс зөвшөөрч гаргасан гомдлыг шүүх шийдвэрлэхдээ шүүгчийн туслах нь “хурлаа ормоор байна, хурдан хэргээ шийдүүлээч гэж загнасан, баримт дээр гарын үсэг зураад хурдан явуул” гэж уурласан, шийтгэлийн хуудастай танилцуулаагүй, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн эсэхийг тодруулаагүй, асуулт асуугаагүй, нэмэлт тайлбар хэлэх боломж олгоогүй, шүүх хуралдааны тэмдэглэл танилцуулаагүй тэмдэглэлд засвар оруулах хүсэлт гаргах эрхийг боогдуулсан” гэж,

Ерөнхий шүүгч В.Г, Ж.З, шүүгч Д.Е нарт холбогдуулан “нотлох ажиллагаа хийлгүйгээр шийтгэлийн хуудас, цагдаагийн тайлбараар зөрчил гаргасан гэж үзсэн шийтгэврийг нотлогдсон эсэхэд дүгнэлт огт өгөөгүй, магадлалд овог, боловсрол, хаягийг алдаатай бичиж ажлын хариуцлага алдсан, хэрэгтэй танилцсан гэсэн нь худлаа, шүүх хуралдаанд оролцуулаагүй” гэх агуулгаар Шүүхийн сахилгын хороонд өргөдөл гаргажээ.

Тус өргөдлийн дагуу илтгэгч гишүүн нь шалгах ажиллагаа явуулаад 2022 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн ...  дугаартай “Сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох тухай” санал гаргасныг  Шүүхийн сахилгын хорооны 2022 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн хуралдаанаар хянан хэлэлцэн, ... дугаар тогтоолоор “... анхан шатны шүүх гомдол хүлээн авснаас хойш хуульд заасан хугацаанд шүүх хуралдааныг товлон зарласан эсэх, хэрэг хянан шийдвэрлэх хугацаа сунгасан эсэх, шүүх хуралдааны тов мэдэгдсэн баримтын хугацаа зэргийг тодруулах” гэж дүгнэж сахилгын хэргийг дахин шалгуулахаар илтгэгч гишүүнд буцаасан байна.

1. Өргөдөл гаргагч өргөдөлдөө “Шүүгч А.Б-ийн туслах 2022 оны 4 дүгээр сарын 07-ны өдөр ажил тарж байхад “хурлаа ормоор байна. Өөрөө гомдол гаргачхаад хурдан шийдүүлээч” гэж загнасан. ...Тэр өдөр шүүгч А.Б шүүх хурал хийгээгүй, маргааш өглөө нь шүүгчийн туслах нь дахин залгаж “одоо хуралдаа ор” гэсэн. Шүүх хуралд онлайнаар оролцохдоо “шийтгэлийн хуудастай танилцъя” гэхэд танилцуулаагүй” гэж дурджээ.

- Сахилгын хэрэгт авагдсан баримт, шүүгч А.Б-ийн нэмэлт тайлбар, шүүгчийн туслах Д.Б нь гэрчийн мэдүүлэгт “...Я.Ц-д шүүх хуралдааны товыг 2022 оны 4 дүгээр сарын 07-ны өдөр 17 цагт утсаар мэдэгдсэн.  ...баримт үйлдэхдээ техникийн алдаа гаргасан байна, харин хурлыг 4 дүгээр сарын 08-ны өдрийн 17 цаг гэж хэлснийг Я.Ц ойлгож мэдсэн” гэх тайлбар,

- ... аймгийн ... сум дахь Сум дундын шүүхийн 2022 оны 4 дүгээр сарын 07-ны өдрийн 2022/ЗШ/... дугаартай шийтгэврээр Д.Л-д холбогдох, мөн өдрийн 2022/ЗШ/... дугаартай шийтгэврээр Д.Г-т холбогдох, 2022/ЗШ/... дугаартай шийтгэврээр Ж.Б-д холбогдох тус тус зөрчлийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч А.Б нь даргалсан бөгөөд прокурор П.Н-ийн гэрчийн “2022 оны 4 дүгээр сарын 07-ны өдөр Д.Л, Д.Г, Ж.Б нарт холбогдох зөрчлийн хэргүүдийг хянан шийдвэрлэх хуралдаанд оролцсон ...энэ өдөр Я.Ц-д холбогдох шүүх хуралдаан зарласан байсан уу гэхэд ...шүүх хуралдаан зарлагдаагүй байсан, зарласан өдөр нь 2022 оны 4 дүгээр сарын 08-ны өдөр...” гэх мэдүүлэг,

- Тус шүүхийн 2022 оны 4 дүгээр сарын 08-ны өдрийн шүүх хуралдааны 2022/ЗШ/... дугаартай тэмдэглэлийн 1 дүгээр талын 2 дахь догол мөрт ”шүүх хуралдааныг 17 цаг 00 минут эхлэв” гэж тэмдэглэгдсэн байх ба тухайн шүүх хуралдаанд өргөдөл гаргагч Я.Ц нь онлайнаар оролцсон байна.

Дээрхээс үзвэл, өргөдөл гаргагч Я.Ц-д холбогдох зөрчлийн 31000...20015969 дугаар хэргийг хянан шийдвэрлэх шүүх хуралдаан 2022 оны 4 дүгээр сарын 08-ны өдөр товлон зарлагдаж, тухайн өдрөөр товыг прокурор, холбогдогч нарт мэдэгдсэн, гэхдээ шүүх хуралдааны тов мэдэгдсэн баримтад шүүгчийн туслах нь өдрийг “7” гэж буруу бичсэн болох нь нотлогдож байх тул шүүгч “2022 оны 4 дүгээр сарын 07-ны өдөр” шүүх хуралдаан хийгээгүй гэх өргөдөл үндэслэлгүй юм.

Харин шүүгч А.Б нь 2022 оны 3 дугаар сарын 29-ний өдөр хүлээн авсан Я.Ц-ын гомдлыг ажлын 7 хоногийн дараа буюу 2022 оны 4 дүгээр сарын 08-ны өдөр хянан шийдвэрлэсэн нь Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 8.1 дүгээр зүйлийн 3-т “Шүүх энэ зүйлийн 1 дэх хэсэгт заасан дүгнэлт, гомдлыг хүлээн авсан бол зөрчлийн хэргийг ажлын 2 өдрийн дотор эрх бүхий байгууллагаас гаргуулан авна”, 7-д “Шүүх энэ зүйлийн 1 дэх хэсэгт заасан дүгнэлт, гомдлыг хүлээн авснаас хойш ажлын 3 өдрийн дотор зөрчлийн хэргийг хянан шийдвэрлэнэ” гэж хуулиар тогтоосон хугацааг зөрчсөн байна.

Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1.26-д “шүүхийн шийдвэр гаргахтай холбоотой хуульд тодорхой заасан хугацааг хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр удаа дараа 30 хоногоос дээш хугацаагаар, эсхүл нэг удаа 60 хоногоос дээш хугацаагаар зөрчих;”, 50.1.23-т “хуулийн илт тодорхой заалтыг ноцтой, эсхүл удаа дараа зөрчсөн үйлдэл, эс үйлдэхүй гаргах” гэж тус тус заасан.

Я.Ц нь зөрчлийн хэргийг хянан шийдвэрлэх шүүх хуралдаанд цахимаар оролцсон бөгөөд хуулийн хугацаа хэтрүүлсэн нь оролцогчийн эрхийг хязгаарласан, зөрчсөн гэх нөхцөл байдал баримтаар тогтоогдоогүй тул тухайн зөрчлийг “ноцтой”-д тооцохгүй, дээрх зөрчлийн хугацаа, хэр хэмжээ нь шүүгчид сахилгын шийтгэл оногдуулахуйц биш гэж илтгэгч гишүүний дүгнэснийг буруутгах үндэслэлгүй байна.

2. ... аймгийн ... сум дахь Сум дундын шүүхийн шүүгч А.Б нь 2022 оны 4 дүгээр сарын 08-ны өдрийн 2022/ЗШ/... дугаартай шийтгэврээр Я.Ц-д холбогдох Замын хөдөлгөөний дүрмийн 23 дугаар зүйлийн 23.8-д суудлын автомашинд 10 хүртэлх насны хүүхдийг тээвэрлэхдээ биеийн жин, өсөлтөд нь тохирсон зориулалтын нэмэгдэл суудал буюу хамгаалах хэрэгсэл ашиглах талаар зохицуулалтыг зөрчсөн буюу Зөрчлийн тухай хуулийн 14.7 дугаар зүйлийн 45-т заасан Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль зөрчсөн үндэслэлээр, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 6.6 дугаар зүйлийн 1.1-д “зөрчилд тооцогдох ба зөрчил үйлдэгдсэн нь ил тодорхой, зөрчил, учирсан хохирлыг нотлох талаар зөрчлийн хэрэг бүртгэлт явуулах шаардлагагүй бол эрх бүхий албан тушаалтан зөрчлийг газар дээр нь, эсхүл хялбаршуулсан журмаар шалган шийдвэрлэх” журмыг үндэслэн цагдаагийн албан хаагчийн оногдуулсан торгох шийтгэл шийтгэлийг эс зөвшөөрч гаргасан холбогдогчийн гомдлыг шийдвэрлэжээ.

Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 3.1 дүгээр зүйлд зааснаар ямар зөрчилд холбогдон шалгагдаж байгааг мэдэх, зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаанд биечлэн оролцох, хүсэлт гаргах; нотлох баримт гаргаж өгөх; зөрчлийн хэрэгтэй танилцах зэрэг эрхийг холбогдогч эдэлнэ.

Иймд шүүгч нь шийтгэлийн хуудсыг танилцуулаагүй, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн эсэхийг тодруулаагүй, шүүгчийн туслах цахим шуудангаар нөлөөллийн мэдүүлэг хөтөлсөн, эрх үүрэг тайлбарласан, хурлын тов мэдэгдсэн, хэрэг танилцуулсан зэрэг баримтыг илгээж гарын үсэг зуруулсан гэх өргөдлийн тухайд, холбогдогч нь дээрх хуульд заасан эрхээ хэрэгжүүлээгүй нь шүүгчийг буруутгах үндэслэл болохгүй.

Дээрх 2022 оны 4 дүгээр сарын 08-ны өдрийн шүүх хуралдааны тэмдэглэл болон дуу-дүрсний бичлэгт илтгэгч гишүүний хийсэн үзлэгийн тэмдэглэлд “шүүх хуралдаанд Я.Ц цахимаар оролцсон, даргалагчаас шүүх хуралдааны дэгийг танилцуулж, гомдол гаргагчийн эрх, үүргийг тайлбарлан өгсөн, гомдол гаргагч нь шүүх хуралдаанд хүсэлт, баримт гаргаж өгөөгүй, улмаар хэргийг хэлэлцэж эхлээд, гомдол гаргагч гомдлоо, дараа нь прокурор тайлбараа гаргаж, хуралдаан даргалагчаас хэрэгт авагдсан бичгийн баримтыг шинжлэн судалсан, үүнтэй холбоотой асуулт хариултын дараа гомдол гаргагч нэмэлт тайлбар хэлсэн нь тусгагдсан байгаагаас “...шүүгч хуралдааны явцад хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх талаар тодруулаагүй, нэг ч асуулт асуугаагүй, нэмэлт тайлбар хэлэх боломж олгоогүй” гэх өргөдөл үгүйсгэгдсэн байна.

Мөн Я.Ц нь 2022 оны 04 дүгээр сарын 22-ны өдөр дээрх шүүх хуралдааны тэмдэглэлтэй танилцах хүсэлт гаргасныг мөн өдөрт нь түүний цахим хаягаар хүргүүлсэн болох нь өргөдөлд хавсаргасан и-мэйл, шүүгчийн туслахын тэмдэглэлээр нотлогдож байх ба   өргөдөл гаргагч нь шүүх хуралдааны тэмдэглэлд засвар оруулах талаар шүүхэд хүсэлт гаргаагүй зэргээс “шүүх хуралдааны тэмдэглэл танилцуулаагүй тэмдэглэлд засвар оруулах хүсэлт гаргах эрхийг боогдуулсан” гэх өргөдөл нь үндэслэлгүй байна.

Түүнчлэн, өргөдөл гаргагч нь шүүгчийн туслах загнасан, уурласан талаар өргөдөлдөө дурдсан. Шүүхийн сахилгын хорооны хянан шалгах чиг үүрэг нь зөвхөн хуулиар шүүгчид хориглосон, хязгаарласан, үүрэг болгосон зохицуулалтыг шүүгч зөрчсөн эсэх хүрээгээр тодорхойлогддог.

Иймд, Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 88 дугаар зүйлд зааснаар шүүхийн захиргааны ажилтан болох шүүгчийн туслахын үг, үйлдлийг Сахилгын хороо хянан шийдвэрлэхгүй, харин мөн хуулийн 93 дугаар зүйлийн 93.1-д зааснаар тухайн шүүхийн Тамгын газрын даргад хандан шийдвэрлүүлэх эрх нээлттэй байгааг дурдах нь зүйтэй.

3. “Шийтгэвэрт нотлох ажиллагаа хийлгүйгээр шийтгэлийн хуудас, цагдаагийн тайлбараар зөрчил гаргасан гэж дүгнэсэн нь үндэслэлгүй, магадлалаар нотлогдсон эсэхэд дүгнэлт огт өгөөгүй” гэх өргөдлийн тухайд, өргөдөл гаргагчийн өргөдөл, анхан шатны шүүх хуралдаанд гаргасан гомдолдоо “том хүү автомашины урд суудалд сууж байсан” талаар дурдсан, ...аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2022 оны 6 дугаар сарын 15-ны өдрийн 2022/ДШМЗ/... дугаартай магадлалаар “...холбогдогч Я.Ц нь ...тээврийн хэрэгслийг жолоодож замын хөдөлгөөнд оролцохдоо 10 хүртэл насны хүүхдээ зориулалтын суудалд суулгаагүй, хамгаалалтын хэрэгсэл ашиглаагүй болох нь ...цагдаагийн дэд ахлагч Б.М-ын тайлбар болон анхан шатны шүүх хуралдаанд гаргасан холбогдогчийн тайлбар, ...анхан шатны шүүх хуралдаанд хэлэлцэгдсэн баримтуудаар нотлогдсон...” гэж дүгнэсэн.

Мөн энэ талаар шүүгч нар “холбогдогчийн анхан шатны шүүх хуралдаанд цахимаар оролцохдоо “...Би 2 хүүхэдтэй. Манай бага хүүхэд 3 настай машины хойд талын суудалд ээжтэйгээ сууж явсан. Харин том хүүхэд 7 настай жолоочийн хажуу талын суудалд зориулалтын бүсээ зүүсэн байсан..." гэх тайлбар, ... сумын хэсгийн цагдаа Б.М нарын тайлбаруудаар нотлогдсон” гэж тайлбар ирүүлжээ.

 Шүүхийн сахилгын хороо нь шүүгчийн хараат бусаар хэрэгжүүлэх шүүн таслах үйл ажиллагаанд хөндлөнгөөс оролцож, шүүхийн нэгэн адил тухайн хэргийн маргааны үйл баримт руу орж, хэрэгт авагдсан нотлох баримтыг шинжлэн судлах, улмаар анхан болон давж заалдах шатны шүүхийн шийтгэвэр, магадлалын үндэслэл, шийдэл, хууль хэрэглээ болон мөн тухайн хэрэгт оролцогчийн гаргасан тайлбарыг хэрхэн үнэлэх талаар дүгнэлт хийхгүй бөгөөд энэ талаар илтгэгч гишүүн үндэслэл бүхий дүгнэсэн байна.

4. Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 9.2 дугаар зүйлийн 14-т “Шүүх энэ зүйлийн 1 дэх хэсэгт заасан зөрчлийн хэргийг давж заалдах шатны журмаар хянан шийдвэрлэхэд энэ хуулийн 8.2 дугаар зүйлийн 10, 11, 12, 13 дугаар зүйл, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.3, 38.4, 39.1, 39.2, 39.3, 39.4, 39.10, 39.11, 39.12 дугаар зүйл, 39.9 дүгээр зүйлийн 1.1, 1.2 дахь заалт, 2 дахь хэсэгт заасан журмыг тус тус баримтална” гэж заасан ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.12 дугаар зүйлийн 1-д давж заалдах шатны шүүхийн шийдвэрт үг, үсэг, тоо, тооцооны зэрэг техникийн шинжтэй гарсан алдааг залруулах талаар прокурор, оролцогч шүүхэд хүсэлт гаргаж, эсхүл шүүх өөрийн санаачилгаар энэ хуулийн 36.14 дүгээр зүйлд заасан журмаар залруулна гэж зохицуулжээ.

Холбогдох шүүгч нар нь 2022 оны 6 дугаар сарын 15-ны өдрийн 2022/ДШМЗ/... дугаар магадлалд өргөдөл гаргагч Я.Ц-ын ургийн овог, эцгийн нэр, регистрийн дугаарыг буруу бичсэн алдааг шүүхийн 2022 оны 7 дугаартай 01-ний өдрийн 2022/ШТ/... дугаартай тогтоолоор зөвтгөн залруулсан байх ба энэ нь шүүгчийг хууль зөрчсөн гэж буруутгах үндэслэл болохгүй.

Иймд илтгэгч гишүүний саналыг хүлээн авч, сахилгын хэргийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж бүрэлдэхүүн үзэв.

Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 112 дугаар зүйлийн 112.1.2, 112.2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүхийн сахилгын хорооны гишүүний 2022 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн ... дугаартай “Сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох тухай” саналыг хүлээн авч, ... аймгийн ... сум дахь Сум дундын шүүхийн шүүгч А.Б, ... аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч В.Г, шүүгч Д.Е, ... аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ж.З нарт холбогдох сахилгын хэргийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Энэхүү магадлалыг сахилгын хэргийн оролцогч болон өргөдөл гаргагч нарын оршин суугаа  газрын, эсхүл ажлын газрын хаягаар хүргүүлэхийг Ажлын албанд даалгасугай.

3. Магадлалыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор сахилгын хэргийн оролцогч нар гомдол, илтгэгч гишүүн эсэргүүцэл гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4.  Дээрх журмаар хүргүүлснээр магадлалыг гардан авсанд тооцох бөгөөд энэ нь гомдол гаргах хугацааг тоолох үндэслэл болохыг мэдэгдсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ                                 Х.ХАШБААТАР

ГИШҮҮН                                       О.НОМУУЛИН

Д.ЭРДЭНЭЧУЛУУН