info@judiscom.mn 976 - 77113838 Холбоо барих ШИЛЭН ДАНС
ENMNG

МОНГОЛ УЛС

ШҮҮХИЙН САХИЛГЫН ХОРОО

МАГАДЛАЛ

2023-04-11

Дугаар 50

Улаанбаатар хот

Сахилгын хэргийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох тухай

 Сахилгын хорооны хуралдааныг гишүүн О.Номуулин даргалж, гишүүн  Д.Мягмарцэрэн, Д.Эрдэнэчулуун нарын бүрэлдэхүүнтэй, илтгэгч гишүүн Г.Цагаанцоож, хуралдааны нарийн бичгийн дарга Г.Хаш-Эрдэнэ нарыг оролцуулан, ... Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч У.Б-д холбогдох Сахилгын хорооны гишүүний 2023 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн 43 дугаартай “Сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох тухай санал”-ыг тус хорооны хуралдааны танхимд нээлттэй хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Иргэн Л.А сахилгын хороонд гаргасан өргөдөлдөө: “...2022 оны 06 сарын 16-ны өдөр ... захиргааны хэргийн анхан шатны шүүхэд “Р” ХХК нь Оюуны өмчийн газрын даргад холбогдуулан тус газрын даргын 2019 оны 05 сарын 24-ны өдрийн А/72 дугаар тушаалаар 40-0019872 улсын бүртгэлийн дугаартай “...” нэр бүхий барааны тэмдгийн бүртгэлийг илт хууль бус болохыг тогтоолгох нэхэмжлэл гаргасан. Тус хэргийг хянан шийдвэрлэх шүүх хуралдаан 2022 оны 11 сарын 07-ны өдөр болж 128//ШШ2022/0816 дугаар шийдвэрээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн. Анхан шатны шүүхийн шийдвэр ямар нэгэн хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр 2022 оны 12 сарын 27-ны өдрийг хүртэл бичгээр албажиж гараагүй ба шүүгч У.Б Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 108 дугаар зүйлийн 108.3-т заасан “Шүүхийн шийдвэр хүчинтэй болсон өдрөөс хойш 14 хоногийн дотор шийдвэрийн агуулгыг энэ хуулийн 107 дугаар зүйлд заасны дагуу бүрэн эхээр нь бичгээр үйлдэж шүүгч, шүүх бүрэлдэхүүн гарын үсэг зурна” гэснийг ноцтой зөрчсөн, хэргийн оролцогчид шийдвэрийг гардан авах, давж заалдах журмаар гомдол гаргах эрхийг хязгаарласан үйлдэл болсон. Монгол улсын шүүхийн тухай хуулийн 50-р зүйлийн 50.1.23-т  “хуулийн илт тодорхой заалтыг ноцтой, эсхүл удаа дараа зөрчсөн үйлдэл, эс үйлдэхүй гаргах”,  50.1.26-т “шүүхийн шийдвэр гаргахтай холбоотой хуульд тодорхой заасан хугацааг хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр удаа дараа 30 хоногоос дээш хугацаагаар, эсхүл нэг удаа 60 хоногоос дээш хугацаагаар зөрчих” гэснийг зөрчсөн байна. Өмгөөлөгч Д.Н 2023 оны 01 сарын 03-ны өдөр шүүхийн шийдвэр бичгээр гарсан тухай шүүгчийн туслахаас мэдэгдсэний дараа 2023 оны 01 сарын 06-ны өдөр очиж, шүүхээс гардан авсан ба Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-т заасан хугацаанд буюу 2023 оны 01 сарын 19-ний өдөр ... Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан боловч тус шүүхийн шүүгчийн 2023 оны 01 сарын 31-ний 300 дугаартай захирамжаар давж заалдах гомдол гаргах хугацааг хэтрүүлсэн гэж үзэж хүлээн авахаас татгалзсан. Иймд хариуцлага тооцож өгнө үү” гэжээ.

Шүүгч У.Б сахилгын хороонд гаргасан тайлбартаа: “... 2022 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн 09 цаг 30 минутад эхэлж, нийт 3 цаг 27 минутын хугацаанд үргэлжилсэн шүүх хуралдаанаар хэргийг эцэслэн шийдвэрлэж, шүүхийн шийдвэр гаргасан ба шүүхийн шийдвэрийг албажуулан гаргахтай холбоотой хуулийн зохицуулалтыг “хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр” зөрчөөгүй болохоо илэрхийлж, тэр дундаа хэргийн оролцогчийн давж заалдах гомдлоо гаргаж шийдвэрлүүлэх эрхийг хязгаарлах, хааж боох санаа зориг огт байгаагүй болохыг хэлмээр байна. Тус хэргийн шүүх хуралдаанд нарийн бичгийн даргаар оролцсон шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Н “ковид-19” цар тахлын вирусээр өвчилж, 2022 оны 11 дүгээр сарын 11-ний өдрөөс 23-ны өдрийн хооронд биечлэн ажиллаагүй, ажилдаа ирсэн ч биеийн эрүүл мэндийн байдал, ажлын ачааллын улмаас шүүх хуралдааны тэмдэглэлийг 2022 оны 12 дугаар сарын 05-ны өдөр эцэслэн гаргаснаар надаар хянуулж гарын үсэг зуруулсан. Миний бие 2022 оны 11 дүгээр сарын 16-ны өдрөөс эхлэн биеийн эрүүл мэндийн байдал өвчилж, үл мэдэгдэх шалтгаанаар артерийн цусны даралт өдөр болгон байнгын их байж, толгой өвдөж, шөнө нь нойргүй байсан, энэ хугацаанд ажлаа чөлөөтэй, хэвийн явуулах нөхцөл үнэхээр байгаагүй. Гэсэн хэдий ч ажлаа хийсээр байсан. Байгууллагын эмчийн хяналт дор өдөр бүр эм ууж, зарим үед дуслын шингэнтэй хөлөө зөөгөөд шүүх хурлаа хийх, шүүх хуралдаан дундуур эмчээс тусламж авах зэргээр үргэлжлүүлсээр байсан. Аргагүйн эрхэнд 2022 оны 11 дүгээр сарын 21-ний өдрөөс эхлэн эмнэл зүйн нэгдсэн лабораториор шинжилгээ хийлгэж онош тодруулахаар хандсан, артерийн даралт өндөр байгаа нь зүрхнээс үү бөөрнөөс үү гэдгийг олж тогтоож чадахгүй, эсхүл бүр шалтгаантай байна уу гэдгийг тогтооход хугацаа орсон, уг эмнэлгийн намайг үзсэн эмч нарын зүгээс эмнэлэгт хэвтэх, эмнэлгийн магадалгаагаар ажлаас чөлөөлөгдөхийг санал болгож байсан ч ажилласаар байсан. Эмнэлгийн зүгээс надад 24 цагийн цусны даралтын мониторингийн аппаратыг зүүлгэж явуулсан ба уг шинжилгээгээр шөнийн 1 цагт хүртэл цусны дээд даралт 136 байгаа нь эрсдэлтэй /шинжилгээг хавсаргав/ байгааг харуулж байна хэмээн надад сануулж, харвалт өгч болзошгүй тул дахин эмнэлэгт хэвтэхийг анхааруулсан. Улмаар 2022 оны 12 дугаар сарын 11-ний өдөр ажилдаа ирэх замдаа автобуснаас буухдаа унаж, зүүн хөлийн арын шөрмөсөө гэмтээсэн. Энэ хооронд байгууллагын эмч өдөр тутамдаа эмчилгээ хийж байсан болно. Уг шүүхийн шийдвэрийг 2022 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн 12 цаг 03 минутад хэвлүүлэхээр туслахад шилжүүлсэн авч, 12 дугаар сарын 26-ны өдөр бичгээр гаргаж гарын үсэг зуруулсан, хариуцагчид 27-ны өдрийн огноотойгоор албан бичгээр хүргүүлж, нэхэмжлэгч болон гомдол гаргасан гуравдагч этгээдэд 12 дугаар сарын 30-ны өдөр утсаар мэдэгдсэн үйл баримтууд хэрэгт авагдсан байна. Шүүгч миний бие 35 хуудас шүүхийн шийдвэрийг шүүхийн шийдвэр боловсруулах аргачлалын дагуу өөрөө биечлэн, нэг бүрчлэн боловсруулж гаргасан, хэдийгээр хугацаа алдсан мэт харагдавч цаана нь олон хүчин зүйлс байсан. Шийдвэрийг гардуулах хугацааг хожимдуулсан нь хүндэтгэн үзэх шалтгаантай байсан болохыг харгалзан, сахилгын хэргийг шалгаж, шийдвэрлэхдээ анхаарч үзэхийг хүсэж байна” гэжээ.

Сахилгын хорооны гишүүний сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох саналд: “ “Р” ХХК нь Оюуны өмчийн газарт холбогдуулан тус газрын даргын тушаалаар баталсан ... гэх үгийг барааны тэмдгээр бүртгэсэн хэсгийг илт хууль бус болохыг тогтоолгох нэхэмжлэл гаргасан, ... захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Ө 2022.06.23-ны өдөр захиргааны хэрэг үүсгэн хянан шийдвэрлэх ажиллагаа явуулсан ба тус шүүхийн шүүгчдийн зөвлөгөөний 2022.08.15-ны өдрийн 1090 дүгээр тогтоолоор хэргийг шүүгч У.Б-д шилжүүлжээ. Шүүгчийн 2022.08.18-ны өдрийн 6869 дүгээр захирамжаар Л.А-ыг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд гуравдагч этгээдээр татан оролцуулсан, шүүгчдийн зөвлөгөөний 2022.08.22-ны өдрийн 1150 дугаар тогтоолоор хэргийн хугацааг 30 хоногоор, 2022.09.19-ний өдрийн 1289 дүгээр тогтоолоор 15 хоногийн хугацаагаар тус тус сунгаж, шүүх хуралдааныг 2022.10.10-ны өдрийн 10 цагт хийхээр товложээ. Хариуцагчаас нотлох баримт гаргуулахаар мөн өдрийн, нэхэмжлэгчийн төлөөлөгчийн хүсэлтээр 2022.10.18, 2022.10.25-ны өдрийн шүүх хуралдаан тус тус хойшилсон байна. 2022.11.07-ны өдрийн шүүх хуралдаанаар хэргийг хянан хэлэлцэж, 816 дугаар шийдвэрээр нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн байх ба шийдвэрийг гуравдагч этгээдийн өмгөөлөгч Д.Н 2023.01.06-ны өдөр гардаж авчээ.

Холбогдох шүүгч нь захиргааны хэргийг хянан шийдвэрлэхдээ Монгол Улсын шүүхийн тухай хуульд заасан хориглосон үйлдэл гаргасан эсэхийг өргөдөлд дурдсан агуулгын хүрээнд дараах байдлаар тодорхойлов. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 108 дугаар зүйлийн 108.2.-т “Шүүхийн шийдвэр танилцуулан сонсгосноор хүчинтэй болно”, 108.3.-т “Шүүхийн шийдвэр хүчинтэй болсон өдрөөс хойш 14 хоногийн дотор шийдвэрийн агуулгыг энэ хуулийн 107 дугаар зүйлд заасны дагуу бүрэн эхээр нь бичгээр үйлдэж шүүгч, шүүх бүрэлдэхүүн гарын үсэг зурна” гэж заасан. Энэхүү зохицуулалтаар Л.А-ын нэхэмжлэлтэй захиргааны хэргийг 2022.11.07-ны өдөр шийдвэрлэсэн тул шүүгч шийдвэрийг 14 хоног  буюу 2022.11.22-ны дотор бичгээр үйлдэж, албажуулах учиртай  боловч шүүгч шийдвэрийг энэ хугацаанд бичгээр үйлдэж албажуулаагүй болох нь тогтоогдож байна. Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 50  дугаар  зүйлийн  50.1.26-д шүүхийн шийдвэр гаргахтай холбоотой хуульд заасан тодорхой хугацааг хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр удаа дараа 30 хоногоос дээш хугацаагаар, эсхүл нэг удаа 60 хоногоос дээш хугацаагаар зөрчвөл сахилгын зөрчилд тооцохоор зохицуулсан.  Шүүгч У.Б нь 2022.11.16-ны өдрөөс эрүүл мэндийн шалтгаанаар байгууллагын эмчийн хяналтад өдөр бүр эмчилгээ хийлгэж байсны зэрэгцээ Буянт оношилгоо эмнэлэгт үзүүлж,  шинжилгээ хийлгэж, эмчлүүлж байсан нь түүний тайлбар, гэрчийн мэдүүлэг, эмнэлгийн баримтаар  тогтоогдож байна. Дээрх шалтгааны улмаас шүүгч шийдвэрийг хуульд заасан хугацаанд бичгээр үйлдэж, албажуулаагүй боловч гуравдагч этгээдийн өмгөөлөгч шийдвэрийг 2023.01.06-ны өдөр буюу 45 хоногийн дараа гардан  авсан, энэ  нь  хуулийн  50 дугаар зүйлийн 50.1.26-т заасан “...нэг удаа 60 хоногоос дээш...” гэх заалтад хамаарахгүй байна. ... захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023.02.14-ний өдрийн 1613 дугаар захирамжаар гуравдагч этгээдийн өмгөөлөгч  Д.Н-н  хүсэлтийг хангаж,  тус шүүхийн 2022.11.07-ны өдрийн 816 дугаар шийдвэрт давж заалдах гомдол гаргах хугацааг сэргээсэн байх тул давж заалдах гомдол гаргах эрхийг хязгаарласан гэж үзэхгүй. Иймд Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1.26-т заасныг зөрчсөн гэх үндэслэл тогтоогдоогүй тул шүүгч У.Б-д холбогдох сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох санал гаргаж, хорооны хуралдаанд хэлэлцүүлэхээр шийдвэрлэв” гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

            Сахилгын хэрэгт авагдсан баримтаас үзэхэд ... Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн 816 дугаар шийдвэрээр “Р” ХХК-ийн Оюуны өмчийн газарт холбогдуулан гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж, Оюуны өмчийн газрын даргын 2019 оны 05 дугаар сарын 24-ний өдрийн “Барааны тэмдгийг улсын бүртгэлд бүртгэж, гэрчилгээ олгох тухай” А/72 дугаар тушаалын хавсралтаар мэдүүлгийн 40-2018-0022571 дугаартай, улсын бүртгэлийн 40-0019872 дугаартай “...” барааны тэмдгийг гуравдагч этгээд Л.А-д эзэмшүүлсэн хэсгийг илт хууль бус болохыг тогтоож шийдвэрлэсэн, дээрх шийдвэрийг хариуцагчид 2022 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн 1/162 дугаар албан бичгээр хүргүүлсэн, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч 2023 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч 2023 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр тус тус гардаж авсан үйл баримт тогтоогдож байна.

            Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 108 дугаар зүйлийн 108.3-д “Шүүхийн шийдвэр хүчинтэй болсон өдрөөс хойш 14 хоногийн дотор шийдвэрийн агуулгыг энэ хуулийн 107 дугаар зүйлд заасны дагуу бүрэн эхээр нь бичгээр үйлдэж шүүгч, шүүх бүрэлдэхүүн гарын үсэг зурна” гэж зааснаар 2022 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн 816 дугаар шийдвэрийг бичгээр үйлдэж албажуулах хугацаа 2022 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр байх бөгөөд шүүгч уг хугацааг хэтрүүлж шийдвэрийг хариуцагчид 2022 оны 12 дугаар сарын 27-ны өдөр хүргүүлснээр тооцоход 36 хоногийн дараа бичгээр үйлдэж албажуулсан гэж үзнэ.

         Харин гуравдагч этгээдийн гардаж авсан 2023 оны 01 дүгээр сарын 06-ны өдрөөр тооцоход 45 хоногийн хугацаа өнгөрсөн байна.

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1.26-д “шүүхийн шийдвэр гаргахтай холбоотой хуульд тодорхой заасан хугацааг хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр удаа дараа 30 хоногоос дээш хугацаагаар, эсхүл нэг удаа 60 хоногоос дээш хугацаагаар зөрчих” гэж заасан бөгөөд шүүгч У.Б нь 2022 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн 816 дугаар шийдвэрийг 2022 оны 12 дугаар сарын 27-ны өдөр бичгээр үйлдэж албажуулсан нь дээрх хуулийн “... нэг удаа 60 хоногоос дээш хугацаагаар зөрчих” гэсэн шаардлагыг хангаагүй, энэ үндэслэлээр сахилгын зөрчилд тооцох боломжгүй талаар илтгэгч гишүүн зөв дүгнэлт хийжээ.

Түүнчлэн ... Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2023 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн 1613 дугаар захирамжаар гуравдагч этгээдийн өмгөөлөгч Д.Н-н давж заалдах гомдол гаргах хугацаа сэргээлгэх  хүсэлтийг хангаж, тус шүүхийн 2022 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн 816 дугаар шийдвэрт давж заалдах гомдол гаргах хугацааг сэргээсэн байх тул давж заалдах гомдол гаргах эрхийг хязгаарласан гэж үзэхээргүй байна.

Дээр дурдсан үндэслэлээр илтгэгч гишүүний саналыг хүлээн авч, шүүгч У.Б-д холбогдох сахилгын хэргийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж бүрэлдэхүүн үзлээ.

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 112 дугаар зүйлийн 112.1.2, 112.2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Сахилгын хорооны гишүүний 2023 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн 43 дугаартай “Сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох тухай санал”-ыг хүлээн авч, ... Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч У.Б-д холбогдох сахилгын хэргийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Магадлалыг сахилгын хэргийн оролцогч болон өргөдөл, мэдээлэл гаргагчид хүргүүлэхийг Ажлын албанд даалгасугай.

3. Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 112 дугаар зүйлийн 112.8 дахь хэсэгт зааснаар магадлалыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор сахилгын хэргийн оролцогч гомдол, илтгэгч гишүүн эсэргүүцэл гаргах эрхтэй. 

 

ДАРГАЛАГЧ                                                         О.НОМУУЛИН

ГИШҮҮН                                                                 Д.Мягмарцэрэн   

ГИШҮҮН                                                                Д.Эрдэнэчулуун