info@judiscom.mn 976 - 77113838 Холбоо барих ШИЛЭН ДАНС
ENMNG

МОНГОЛ УЛС

ШҮҮХИЙН САХИЛГЫН ХОРОО

МАГАДЛАЛ

2023-05-11

Дугаар 68

Улаанбаатар хот

Сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

Сахилгын хорооны хуралдааныг гишүүн Д.Ариунтуяа даргалж, гишүүн Б.Сугар, Д.Эрдэнэчулуун нарын бүрэлдэхүүнтэй, илтгэгч гишүүн Д.Мягмарцэрэн, нарийн бичгийн дарга Г.Болортуяа нарыг оролцуулан хийж, .. Ерөнхий шүүгч Р.А, шүүгч Б.А, Х.Э нарт холбогдох Сахилгын хорооны гишүүний 2023 оны 04 дүгээр сарын 27-ны өдрийн ГС/2023/0062 дугаар Сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох тухай саналыг тус Хорооны хуралдааны танхимд нээлттэй хянан хэлэлцэв.

 ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгч Р.А, Б.А, Х.Э нар тайлбартаа: “...Тус шүүхийн шүүгчийн 2022 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн 000/Ш32023/00154 дүгээр захирамжаар П.О-ийн нэхэмжлэлтэй Д.Г-д холбогдох иргэний хэргийг эвлэрүүлэн зуучлалд шилжүүлж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.9-т заасныг баримтлан эвлэрүүлэн зуучлах ажиллагаа явуулахаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг түдгэлзүүлснийг гуравдагч этгээд “Г” ХХК эс зөвшөөрч, гомдол гаргасныг тус шүүхийн Ерөнхий шүүгч Р.А, шүүгч Б.А, шүүгч Х.Э нар 2023 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн гомдол хянан хэлэлцэх хуралдаанаар хэлэлцэж, 000/ШТ2023/00049 дугаартай тогтоолоор гомдлыг хангаж, шүүгчийн 000/Ш32023/00154 дугаартай захирамжийг хүчингүй болгож шийдвэрлэжээ.

Иргэн Т.Ц нь дээрх гомдлыг хянан хэлэлцсэн гомдлын бүрэлдэхүүний шүүгч нарт холбогдуулан гомдол гаргасан байх бөгөөд үндэслэлээ ...Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 80 дугаар зүйлд заасны дагуу хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг түдгэлзүүлсэн талаар гуравдагч этгээд “Г” ХХК- ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч гомдол гаргаагүй байхад өөрт олгогдоогүй эрх эдэлж, гомдлыг хэлэлцэн, ...хуулийн илт тодорхой заалтыг зөрчиж гомдлыг үндэслэлгүй хангаж шийдвэрлэсэн гэх агуулгаар тайлбарлажээ.

Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд “Г” ХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Ү нь эвлэрүүлэн зуучлах ажиллагаа явуулахаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг түдгэлзүүлсэн шүүгчийн захирамжийг эс зөвшөөрч захирамжийг хүчингүй болгох тухай гомдлыг шүүхэд гаргасан байна. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 170 дугаар зүйлийн 170.1-т “Зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч энэ хуулийн 20.1, 38.9, 65.1.1-65.1.8, 65.1.10, 69.1, 92.4, 97.1, 100.2 дахь хэсэг, 80, 117, 124 дүгээр зүйлд заасан шүүхийн тогтоол, шүүгчийн захирамж, шийтгэвэрт гарсан өдрөөс нь хойш 10 хоногийн дотор тухайн шатны шүүхэд гомдол гаргаж болно” гэж заасан. Эвлэрүүлэн зуучлах ажиллагаа явуулахаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг түдгэлзүүлсэн шүүгчийн захирамжийг эс зөвшөөрч хэргийн оролцогч гомдол гаргасан учир хуулийн дээрх зохицуулалтын дагуу гомдлыг шүүх хэлэлцэн шийдвэрлэх үүрэгтэй. Эвлэрүүлэн зуучлалын тухай хуулийн 30 дугаар зүйл, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 141 дүгээр зүйлд зааснаар шүүхэд иргэний хэрэг маргаан үүсгэснээс хойш талууд хамтарч хүсэлт гаргасан, эсхүл шүүгч эвлэрүүлэн зуучлалыг хэрэглэх нь зохистой гэж үзэж санал болгосныг талууд зөвшөөрсөн тохиолдолд эвлэрүүлэн зуучлах ажиллагааг явуулж болохоор зохицуулсан. Мөн хуулийн 12 дугаар зүйлийн 12.1-т “Эвлэрүүлэн зуучлах ажиллагааны оролцогч нь маргааны талууд, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, асран хамгаалагч, харгалзан дэмжигч, эрх ашиг нь хөндөгдсөн гуравдагч этгээд болон бусад этгээд байна.” гэж, 13 дугаар 13.1-т “Эвлэрүүлэн зуучлах ажиллагаанд оролцогч талууд дараах эрх эдэлнэ”, 13.1.1-т “эвлэрүүлэн зуучлах журмаар маргаанаа зохицуулах талаар өөрийн хүсэл зоригийг аливаа дарамт, шахалтгүйгээр чөлөөтэй илэрхийлэх, эвлэрүүлэн зуучлах ажиллагаагаар маргаанаа шийдвэрлүүлэхийг зөвшөөрөх, татгалзах эрхтэй” гэж заасан. Хуулийн дээрх зохицуулалтын дагуу эрх ашиг нь хөндөгдсөн гуравдагч этгээд нь эвлэрүүлэн зуучлах ажиллагааны оролцогч байх бөгөөд тэрээр эвлэрүүлэн зуучлах журмаар маргаанаа шийдвэрлүүлэхийг зөвшөөрөх, эсхүл татгалзах эрхтэй байна. Түүнчлэн бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогч болсноор Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.4, 25 дугаар зүйлд зааснаар хэргийн оролцогчийн эрхийг эдэлнэ. Шүүх бүрэлдэхүүн хэргийн оролцогчоос шүүгчийн захирамжид гаргасан гомдлыг хуульд заасны дагуу хянан хэлэлцэж шийдвэрлэсэн тул өөрт олгогдоогүй эрх эдэлж гомдлыг хэлэлцсэн, хууль зөрчсөн гэх гомдол үндэслэлгүй гэж үзэж байна. Иймд иргэн Т.Ц-ын гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгож өгнө үү.” гэжээ.

Илтгэгч гишүүний хэрэгсэхгүй болгох саналд: Иргэн П.О-ийн нэхэмжлэлтэй Д.Г-д холбогдох гэрээ хүчин төгөлдөр бусад тооцуулах нэхэмжлэлтэй иргэний хэргийг .. 2021 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн хуралдаанаар хэлэлцэж, 000/ШЗ2021/06686 дугаар шүүгчийн захирамжаар “Г” ХХК-ийг бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдээр татан оролцуулж...” шийдвэрлэснээр “Г” ХК тус иргэний хэргийн гуравдагч этгээдээр оролцох болжээ.

Тус захирамжийн үндэслэх хэсэгт: “...шүүх хуралдаанд хариуцагчийн зүгээс “Г” ХХК-ийг бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдээр оролцуулах хүсэлт гаргаж байна. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.3-т “Шүүхээс гарах шийдвэр маргааны зүйлийн талаар бие даасан шаардлага гаргаагүй этгээдийн эрх, үүрэгт сөргөөр нөлөөлөхөөр байвал шүүхийн шийдвэр гарахаас өмнө уг этгээдийн өөрийнх нь, эсхүл шүүхийн санаачилгаар болон зохигчийн хүсэлтээр бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдийн хувиар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцуулж болно” гэж заажээ. Хэрэгт цугласан баримтуудыг судлаад П.О болон хариуцагч Д.Г нарын хооронд үүссэн маргаанд “Г” ХХК-ийг бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдээр оролцуулах нь зүйтэй гэж үзлээ” гэжээ.

... шүүгчийн 2022 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн 000/ШЗ2023/00154 дүгээр захирамжаар хэргийг эвлэрүүлэн зуучлагчид шилжүүлж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг түдгэлзүүлж шийдвэрлэжээ.

Тус захирамжид бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд “Г” ХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Ү гомдол гаргасан байх ба тус гомдлыг ...2023 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн хуралдаанд Ерөнхий шүүгч Р.А, шүүгч Б.А, Х.Э нарын бүрэлдэхүүнтэй хянан хэлэлцэж, 000/ШТ2023/00049 дүгээр тогтоолоор .. шүүгчийн 2022 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн 000/ШЗ2023/00154 дүгээр захирамжийг хүчингүй болгож, бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд “Г” ХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Ү-гийн гомдлыг хангаж шийдвэрлэжээ.

Өргөдөл гаргагч дээрх .. 2023 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн 000/ШТ2023/00049 дүгээр тогтоолыг гаргасан шүүх бүрэлдэхүүнд хамааруулан Шүүхийн сахилгын хороонд өргөдөл гаргасан байх ба өргөдөлдөө 8 үндэслэл дурдсан байх боловч дурдагдсан өргөдлийн үндэслэлийг агуулгын хувьд 3 хэсэгт хуваан дүгнэхээр байна.

1. Өргөдлийн 1, 3, 7-д тусгасан “Гуравдагч этгээд Г-ны итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүгчийн захирамжид гаргасан гомдол нь “...Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74.1-д зааснаар хэргийг эвлэрүүлэн зуучлалд өгсөн нь журмыг зөрчсөн үйлдэл болжээ...” гэж гомдлын агуулгаа тодорхойлсон байна.  “...Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 80 дугаар зүйлээр хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг түдгэлзүүлсэн талаар огт гомдол гаргаагүй...”, “Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 170 дугаар зүйлийн 170.1-д шүүхийн тогтоол, шүүгчийн захирамж, шийтгэвэрт тухайн шатны шүүхэд гомдол гаргаж болох хуулийн зүйл заалтыг тодорхой дурдаж заасан байна. Энэ заалтад Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 741.1 дэх заалт ороогүй, өөрөөр хэлбэл энэ зүйл заалт нь гомдол гаргах эрхгүй заалт байна. Энэ талаар гомдол хэлэлцэх шүүх хуралдаанд хэлсэн боловч хүлээж авалгүй тогтоол гаргаж буй нь өөрт олгогдоогүй эрхийг эдэлсэн хууль бус үйлдэл гэж үзэж байна...”, “...Ерөнхий шүүгч Р.А тэргүүтэй шүүгчид хуулиар өөрт олгогдоогүй эрх эдэлж, гомдол гаргах эрхгүй зүйл заалтыг хянан хэлэлцэж, хуульд илт тодорхой заасан хуулийн заалтыг ноцтой зөрчсөн байх бөгөөд шүүгч зөвхөн хуульд захирагдана гэж заасныг зөрчсөн үйлдэл гаргалаа” гэх өргөдлийн үндэслэлүүдийн хувьд:

Өргөдөлд дурдагдсан иргэний хэргийн бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд “Г” ХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Ү нь эвлэрүүлэн зуучлах ажиллагаа явуулахаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг түдгэлзүүлсэн шүүгчийн 2022 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн 000/ШЗ2023/00154 дүгээр захирамжийг эс зөвшөөрч захирамжийг хүчингүй болгох тухай гомдлыг шүүхэд гаргажээ.

Энэ нь .. 2023 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн 000/ШТ2023/00049 дүгээр тогтоолын тодорхойлох хэсэгт: “...бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Ү шүүхэд гаргасан гомдол болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа ...Эвлэрүүлэн зуучлалыг хэрэглэж болохгүй үндэслэл байх тул 000/ШЗ2023/00154 тоот захирамжийг хүчингүй болгож өгнө үү...” гэсэн хэсгээр тогтоогдож байна.

Тус .. 2023 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн 000/ШЗ2023/00154 дугаар захирамжаар “...Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн ....741 дүгээр зүйлийн 741.1, 80 дугаар зүйлийн 80.1.9 дэх хэсэгт заасныг удирдлага болгон “....иргэний хэргийг эвлэрүүлэн зуучлалын ажиллагааг явуулахаар ... дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх дэх Эвлэрүүлэн зуучлагчид шилжүүлж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг түдгэлзүүлж...” шийдвэрлэсэн байдаг.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 170 дугаар зүйлийн 170.1-т “Зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч энэ хуулийн 20.1, 38.9, 65.1.1-65.1.8, 65.1.10, 69.1, 92.4, 97.1, 100.2 дахь хэсэг, 80, 117, 124 дүгээр зүйлд заасан шүүхийн тогтоол, шүүгчийн захирамж, шийтгэвэрт гарсан өдрөөс нь хойш 10 хоногийн дотор тухайн шатны шүүхэд гомдол гаргаж болно” гэж заасан.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 741 дүгээр зүйлийн 741.1-т “Талууд эвлэрүүлэн зуучлуулах хүсэлт гаргасан, эсхүл шүүх эвлэрүүлэн зуучлалыг зохистой гэж үзэж санал болгосныг зохигчид зөвшөөрсөн бол шүүгч нэхэмжлэлийг эвлэрүүлэн зуучлагчид шилжүүлж энэ тухай захирамж гаргана”, 80 дугаар зүйлийн 80.1.9-д “эвлэрүүлэн зуучлах ажиллагаа явагдах болсон бол” гэж тус тус заасан байх ба эвлэрүүлэн зуучлах ажиллагаа явагдах болсон бол шүүгчийн захирамжаар иргэний хэргийг хянан шийдвэрлэх ажиллагааг түдгэлзүүлэх зохицуулалттай байна.

Энэхүү зохицуулалтын хүрээнд Иргэний хэрэг шүүхэд хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 170 дугаар зүйлийн 170.1-т зааснаар гомдол гаргах боломжтой шүүгчийн захирамжид 741 дүгээр зүйлийн 741.1, 80 дугаар зүйлийн 80.1.9 дэх хэсэгт заасныг удирдлага болгон шийдвэрлэсэн тус .. 2022 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн 000/ШЗ2023/00154 тоот захирамж хамаарч байх тул шүүх бүрэлдэхүүн тус захирамжийг эс зөвшөөрч хэргийн оролцогчийн гаргасан гомдлыг хэлэлцэн шийдвэрлэсэн нь хуульд нийцсэн байна.

Иймд, өргөдөлд дурдагдсан “...Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74.1-д зааснаар хэргийг эвлэрүүлэн зуучлалд өгсөн нь журмыг зөрчсөн үйлдэл болжээ...” гэж гомдлын агуулгаа тодорхойлсон...”, “...“...Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 80 дугаар зүйлээр хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг түдгэлзүүлсэн талаар огт гомдол гаргаагүй...”, ”... Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 741.1 дэх заалт ороогүй, өөрөөр хэлбэл энэ зүйл заалт нь гомдол гаргах эрхгүй заалт байна. Энэ талаар гомдол хэлэлцэх шүүх хуралдаанд хэлсэн боловч хүлээж авалгүй тогтоол гаргаж буй нь өөрт олгогдоогүй эрхийг эдэлсэн хууль бус үйлдэл гэж үзэж байна...”, “...Ерөнхий шүүгч Р.А тэргүүтэй шүүгчид хуулиар өөрт олгогдоогүй эрх эдэлж, гомдол гаргах эрхгүй зүйл заалтыг хянан хэлэлцэж, хуульд илт тодорхой заасан хуулийн заалтыг ноцтой зөрчсөн...” гэх үндэслэлүүдээр шүүх бүрэлдэхүүнийг буруутгах боломжгүй юм.

2. Өргөдлийн 3, 4, 5-д тусгасан: “Тогтоолд “...талууд эвлэрэх тохиолдолд гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхол хөндөөгүй, хуульд нийцсэн байх шаардлагатай” гэх үндэслэлийг дурдаж гомдлыг хангасан нь эвлэрүүлэн зуучлах ажиллагааг болон эвлэрлийг урьдаас ямар байхыг таамаглаж, хуульд нийцэхгүй байна гэж төсөөлж шийдэж буй нь шүүх хуралдаанаар хэлэлцэгдэж, хэргийг хянан шийдвэрлэхэд үндэс болсон нотлох баримтын хууль зүйн болон бодит үндэслэл, түүнийг хэрхэн үнэлж буйгаа бичихээр заасантай зөрчилдөж байна.”, “Эвлэрүүлэн зуучлалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1-д “Эвлэрүүлэн зуучлах ажиллагааны оролцогч нь маргааны талууд, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, асран хамгаалагч, харгалзан дэмжигч, эрх ашиг нь хөндөгдсөн гуравдагч этгээд болон бусад этгээд байна” гэж тодорхой заасан байх бөгөөд уг хэрэгт шүүгчийн захирамжаар гуравдагч этгээдээр татагдаж оролцож буй 2 этгээдийг хамруулан ажиллагаа явагдах учиртай. Шүүхийн тогтоолд “Г нь гуравдагч этгээдийн хувьд эвлэрүүлэн зуучлах ажиллагааны оролцогч бөгөөд түүний эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөхөөр бол эвлэрүүлэн зуучлалыг хэрэглэж болохгүй гэснийг шүүх анхаараагүй байна” гэж илт хуульд заагаагүйг заасан болгож хууль бус шийдвэр гаргасан байна. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хууль болон Эвлэрүүлэн зуучлалын тухай хуульд эвлэрүүлэн зуучлалыг хэрэглэж болохгүй гэж хязгаарласан зохицуулалт байхгүй билээ. Эвлэрүүлэн зуучлалаар талуудын эрх ашигт нийцсэн шийдэл олохоор чармайж, амжилттай болсон тохиолдолд хуульд нийцсэн эвлэрлийг батална. Үүнд гуравдагч этгээдийн эрх ашиг ч хамаарна”, “Эвлэрүүлэн зуучлалын тухай хуулийн 3.4-д “... эвлэрүүлэн зуучлалд оролцоогүй гуравдагч этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөхөөр бол эвлэрүүлэн зуучлалыг хэрэглэж болохгүй” гэж заасан ба энэхүү заалтад “оролцоогүй” этгээдийг тодорхой заасан байхад хэргийн оролцогч бөгөөд эвлэрүүлэн зуучлах ажиллагаанд оролцох этгээдийг хамруулж илтэд тодорхой хуулийг буруу хэрэглэсэн байна” гэх үндэслэлүүдийн тухайд:

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 741 дүгээр зүйлийн 741.1-т “Талууд эвлэрүүлэн зуучлуулах хүсэлт гаргасан, эсхүл шүүх эвлэрүүлэн зуучлалыг зохистой гэж үзэж санал болгосныг зохигчид зөвшөөрсөн бол шүүгч нэхэмжлэлийг эвлэрүүлэн зуучлагчид шилжүүлж энэ тухай захирамж гаргана” гэж, 

мөн хуулийн 29 дүгээр зүйлийн 29.4-т “Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд нэхэмжлэл гаргасан үндэслэл ба нэхэмжлэлийг өөрчлөх, нэхэмжлэлийн шаардлагыг ихэсгэх буюу багасгах, нэхэмжлэлээс татгалзах, нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөх, эвлэрэхээс бусад зохигчийн эрхийг эдэлж, үүргийг хүлээнэ” гэж,

Эвлэрүүлэн зуучлалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1-т “Эвлэрүүлэн зуучлах ажиллагааны оролцогч нь маргааны талууд, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, асран хамгаалагч, харгалзан дэмжигч, эрх ашиг нь хөндөгдсөн гуравдагч этгээд болон бусад этгээд байна” гэж, мөн хуулийн 30 дугаар зүйлийн 30.1-т “Шүүхэд иргэний хэрэг маргаан үүсгэснээс хойш талууд хамтарч хүсэлт гаргасан, эсхүл шүүгч эвлэрүүлэн зуучлалыг хэрэглэх нь зохистой гэж үзэж санал болгосныг талууд зөвшөөрсөн тохиолдолд эвлэрүүлэн зуучлах ажиллагааг явуулж болно” гэж тус тус зохицуулжээ.

Дээрх хуулийн зохицуулалтуудын хүрээнд бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.4-т зааснаар зохигчийн эрх эдэлж, үүрэг хүлээнэ.

Тиймээс тус иргэний хэрэгт бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд болох “Г” ХК нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 741дүгээр зүйлийн 741.1-т зааснаар эвлэрүүлэн зуучлуулах хүсэлт гаргасан, эсхүл шүүх эвлэрүүлэн зуучлалыг зохистой гэж үзэж санал болгосныг зохигчид зөвшөөрсөн байх ёстой.

Гэтэл тус .. шүүгчийн 2022 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн 000/ШЗ2023/00154 дүгээр захирамжийн Тодорхойлох хэсэгт дурдсанаар нэхэмжлэгчийн өмгөөлөгч Н.Э болоод хариуцагч Д.Г нар “...хэргийг эвлэрүүлэн зуучлал руу шилжүүлж өгөх хүсэлт гаргасан байх боловч гуравдагч этгээд “Г” ХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Ү тус хүсэлтийг дэмжихгүй болохоо илэрхийлсэн байна.

Үүнээс үзвэл, .. 2023 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн 000/ШТ2023/00049 дүгээр тогтоолоор гуравдагч этгээд “Г” ХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Ү-гийн гомдлыг хангаж шийдвэрлэсэн нь хуульд нийцжээ.

Өргөдлийн 6 болон 8 дахь үндэслэл нь өргөдөл гаргагч эвлэрүүлэн зуучлалын зорилго ач холбогдлын талаар өөрийн санал, дүгнэлтээ бичсэн байх тул дээрх өргөдлийн үндэслэлүүдийг шалган дүгнэх боломжгүй юм.

   Сахилгын хэрэгт авагдсан дээрх үйл баримтуудаас ...Ерөнхий шүүгч Р.А, шүүгч Б.А, Х.Э нар Монгол Улсын шүүхийн тухай хуульд заасан хориглосон, хязгаарласан, үүрэг болгосон зохицуулалтуудыг зөрчсөн гэх үндэслэл тогтоогдохгүй байх ба нэр бүхий шүүгч нар хуульд заасны дагуу эрх, үүргээ хэрэгжүүлсэн байна.

Иймд, .. шүүгч Р.А, шүүгч Б.А, Х.Э нарт холбогдуулан үүсгэсэн сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох санал гаргав” гэжээ.

      

              ҮНДЭСЛЭХ нь:

Сахилгын хорооны гишүүний 2023 оны 03 дугаар сарын 02-ны өдрийн ГЗҮ/2023/0029 дугаар захирамжаар Т.Ц-ын өргөдлөөр .. шүүгч Р.А, шүүгч Б.А, Х.Э нарт холбогдуулан сахилгын хэрэг үүсгэн, шалгах ажиллагаа явуулжээ.

Өргөдөл гаргагч “Гуравдагч этгээд Г-ны итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүгчийн захирамжид гаргасан гомдол нь “....Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74.1-д зааснаар хэргийг эвлэрүүлэн зуучлалд өгсөн нь журмыг зөрчсөн үйлдэл болжээ..” гэж гомдлын агуулгаа тодорхойлсон байна. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 80 дугаар зүйлээр хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг түдгэлзүүлсэн талаар огт гомдол гаргаагүй байна. ...Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 170 дугаар зүйлийн 170.1-д шүүхийн тогтоол, шүүгчийн захирамж, шийтгэвэрт тухайн шатны шүүхэд гомдол гаргаж болох хуулийн зүйл заалтыг тодорхой дурдаж заасан байна. Энэ заалтад Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 741.1 дэх заалт ороогүй, өөрөөр хэлбэл энэ зүйл заалт нь гомдол гаргах эрхгүй заалт байна. Энэ талаар гомдол хэлэлцэх шүүх хуралдаанд хэлсэн боловч хүлээж авалгүй тогтоол гаргаж буй нь өөрт олгогдоогүй эрхийг эдэлсэн хууль бус үйлдэл гэж үзэж байна. ...шүүгчид хуулиар өөрт олгогдоогүй эрх эдэлж, гомдол гаргах эрхгүй зүйл заалтыг хянан хэлэлцэж, хуульд илт тодорхой заасан хуулийн заалтыг ноцтой зөрчсөн байх бөгөөд шүүгч зөвхөн хуульд захирагдана гэж заасныг зөрчсөн үйлдэл гаргалаа.” гэжээ.

Иргэн П.О-ийн нэхэмжлэлтэй Д.Г-д холбогдох гэрээ хүчин төгөлдөр бусад тооцуулах тухай шаардлага бүхий иргэний хэргийг 2022 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн 000/ШЗ2023/00154 дугаар шүүгчийн захирамжаар Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 741 дүгээр зүйлийн 74.11, 80 дугаар зүйлийн 80.1.9 дэх хэсэгт заасныг удирдлага болгон тус иргэний хэргийг эвлэрүүлэн зуучлалын ажиллагааг явуулахаар ... дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх дэх Эвлэрүүлэн зуучлагчид шилжүүлж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг түдгэлзүүлж шийдвэрлэсэн байна.

 Тус захирамжийг бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Ү-оос эс зөвшөөрч гомдол гаргасныг Ерөнхий шүүгч Р.А, шүүгч Б.А, Х.Э нарын бүрэлдэхүүнтэй хянан хэлэлцэж 2023 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн 000/ШТ2023/00049 дугаар шүүхийн тогтоолоор 2022 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн 000/ШЗ2023/00154 дугаар шүүгчийн захирамжийг хүчингүй болгож, гомдлыг хангаж шийдвэрлэжээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1 дэх хэсэгт “Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг дараахь тохиолдолд шүүхийн тогтоол, шүүгчийн захирамжаар түдгэлзүүлнэ”, 80.1.9-т “эвлэрүүлэн зуучлах ажиллагаа явагдах болсон бол”, 170 дугаар зүйлийн 170.1 дэх хэсэгт “Зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч энэ хуулийн 20.1, 38.9, 65.1.1-65.1.8, 65.1.10, 69.1, 92.4, 97.1, 100.2 дахь хэсэг, 80, 117, 124 дүгээр зүйлд заасан шүүхийн тогтоол, шүүгчийн захирамж, шийтгэвэрт гарсан өдрөөс нь хойш 10 хоногийн дотор тухайн шатны шүүхэд гомдол гаргаж болно”, 171 дүгээр зүйлийн 171.1 дэх хэсэгт “Шүүхийн тогтоол, шүүгчийн захирамж, шийтгэвэрт энэ хуулийн 170.1-д заасны дагуу гаргасан гомдлыг 14 хоногийн дотор тухайн хэргийг хянан шийдвэрлэж байгаа шүүгчийг оролцуулахгүйгээр 3 шүүгчийн бүрэлдэхүүнтэйгээр дараахь байдлаар хянан шийдвэрлэж тогтоол гаргана” гэж заасны дагуу хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг түдгэлзүүлсэн шүүгчийн захирамжид хуульд заасны дагуу гомдол гаргах эрхтэй ба ийнхүү гомдол гаргасан тохиолдолд шүүх бүрэлдэхүүн хянан шийдвэрлэх бүрэн эрхийг хуулиар олгосон байна.

Иймд шүүгчийн захирамжид гаргасан гомдлыг хянан шийдвэрлэсэн шүүх бүрэлдэхүүнийг “хуулиар өөрт олгогдоогүй эрх эдэлж, гомдол гаргах эрхгүй зүйл заалтыг хянан хэлэлцэж, хуульд илт тодорхой заасан хуулийн заалтыг ноцтой зөрчсөн” гэж буруутгах боломжгүй.

Түүнчлэн өргөдөл гаргагчаас “..Тогтоолд талууд эвлэрэх тохиолдолд гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхол хөндөөгүй, хуульд нийцсэн байх шаардлагатай гэх үндэслэлийг дурдаж гомдлыг хангасан нь эвлэрүүлэн зуучлах ажиллагааг болон эвлэрлийг урьдаас ямар байхыг таамаглаж, хуульд нийцэхгүй байна гэж төсөөлж шийдэж буй нь шүүх хуралдаанаар хэлэлцэгдэж, хэргийг хянан шийдвэрлэхэд үндэс болсон нотлох баримтын хууль зүйн болон бодит үндэслэл, түүнийг хэрхэн үнэлж буйгаа бичихээр заасантай зөрчилдөж байна. ... Шүүхийн тогтоолд “Г нь гуравдагч этгээдийн хувьд эвлэрүүлэн зуучлах ажиллагааны оролцогч бөгөөд түүний эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөхөөр бол эвлэрүүлэн зуучлалыг хэрэглэж болохгүй гэснийг шүүх анхаараагүй байна” гэж илт хуульд заагаагүйг заасан болгож хууль бус шийдвэр гаргасан байна, ... Эвлэрүүлэн зуучлалын тухай хуулийн 3.4-д “... эвлэрүүлэн зуучлалд оролцоогүй гуравдагч этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөхөөр бол эвлэрүүлэн зуучлалыг хэрэглэж болохгүй”. гэж заасан ба энэхүү заалтад “оролцоогүй” этгээдийг тодорхой заасан байхад хэргийн оролцогч бөгөөд эвлэрүүлэн зуучлах ажиллагаанд оролцох этгээдийг хамруулж илтэд тодорхой хуулийг буруу хэрэглэсэн байна” гэж өргөдөлдөө дурджээ.

Сахилгын хэрэгт авагдсан баримтуудаас үзвэл 2022 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн өмгөөлөгч Н.Э-ээс эвлэрэн хэлэлцэх хүсэлт гаргахад гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Ү нь “нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага болох барьцаа хөрөнгө “Г” ХХК-ийн барьцаанд байгаа эд хөрөнгө тул хүсэлтийг дэмжихгүй байна” гэх тайлбарыг гаргасан байхад 2022 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн 000/ШЗ2023/00154 дугаар шүүгчийн захирамжаар хэргийг эвлэрүүлэн зуучлагчид шилжүүлсэн байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 741 дүгээр зүйлийн 74.11 дэх хэсэгт “Талууд эвлэрүүлэн зуучлуулах хүсэлт гаргасан, эсхүл шүүх эвлэрүүлэн зуучлалыг зохистой гэж үзэж санал болгосныг зохигчид зөвшөөрсөн бол шүүгч нэхэмжлэлийг эвлэрүүлэн зуучлагчид шилжүүлж энэ тухай захирамж гаргана”, 741 дүгээр зүйлийн 74.41 дэх хэсэгт “Эвлэрлийн гэрээ нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байна” гэж заасан.

Мөн Эвлэрүүлэн зуучлалын тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.1 дэх хэсэгт “Шүүхэд иргэний хэрэг маргаан үүсгэснээс хойш талууд хамтарч хүсэлт гаргасан, эсхүл шүүгч эвлэрүүлэн зуучлалыг хэрэглэх нь зохистой гэж үзэж санал болгосныг талууд зөвшөөрсөн тохиолдолд эвлэрүүлэн зуучлах ажиллагааг явуулж болно” гэж тус тус заасан.

Дээрх хуулийн зохицуулалтуудаас үзвэл эвлэрүүлэн зуучлагчийн тусламжтайгаар эвлэрлийн гэрээ байгуулахад гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхол хөндөгдөөгүй байхыг шаардах бөгөөд эвлэрлийг хэн аль нь хүлээн зөвшөөрч эвлэрүүлэн зуучлах ажиллагааг явуулахаар зохицуулсан тул шүүх бүрэлдэхүүн 2023 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн 000/ШТ/2023/00049 дугаар шүүхийн тогтоолд “Г” ХХК нь гуравдагч этгээдийн хувьд эвлэрүүлэн зуучлах ажиллагааны оролцогч бөгөөд түүний эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөхөөр бол эвлэрүүлэн зуучлалыг хэрэглэж болохгүй гэснийг шүүх анхаараагүй байна. Нөгөө талаас, талууд эвлэрэх тохиолдолд гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, эвлэрэл хуульд нийцсэн байх шаардлагатай” гэж дүгнэсэн нь үндэслэл бүхий байна.

Иймд шүүх бүрэлдэхүүнийг эвлэрлийг урьдаас ямар байхыг таамаглаж, хуульд нийцэхгүй байна гэж төсөөлж шийдсэн, илт хуульд заагаагүйг заасан болгож хууль бус шийдвэр гаргасан гэх өргөдлийн үндэслэлээр Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1.23-т заасан “хуулийн илт тодорхой заалтыг ноцтой, эсхүл удаа дараа зөрчсөн үйлдэл, эс үйлдэхүй гаргах” гэж  заасныг зөрчсөн гэж үзэхгүй.

Мөн өргөдөл гаргагчаас “...Олон оролцогчтой, шүүхээр удаан хугацаанд маргасан талууд шийдэл олохоор харилцан ярилцаж, хүсэлт гарган түүнийгээ зохигчид дэмжиж эвлэрэх талаар мэргэжлийн болон хөндлөнгийн дэмжлэг авахаар болсон ба шүүх ч маргалдагч талуудад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны шат бүрд талуудыг эвлэрэх боломжоор хангаж, эвлэрүүлэн зуучлагчийн туслалцаа авах талаар сануулах үүрэгтэй. ...Шүүхийн ажиллагаанд дэмжлэг үзүүлэх, шүүхийн ачааллыг бууруулах зорилготой богино хугацаанд, зардал багатайгаар, эрх зүйн маргааныг шүүхийн бус аргаар эвлэрүүлэн зуучлагчийн дэмжлэгтэйгээр эвлэрүүлэн зуучлалыг хэрэгжүүлэх энэхүү зарчмыг нэг дүүргийн Ерөнхий шүүгч ингэж үл тоон уландаа гишгэн буй нь үл зохилдох бөгөөд Хууль дээдлэх зарчмыг мөн үгүйсгэж буй хэрэг гэж үзэж байна..” гэжээ.

Сахилгын хэрэгт авагдсан баримтуудаас үзвэл шүүх бүрэлдэхүүн 2022 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн 000/ШЗ2023/00154 дугаар шүүгчийн захирамжийн хууль зүйн үндэслэлд дүгнэлт хийснээс бус хэрэг хянан шийдвэрлэхэд эвлэрүүлэн зуучлагчийн дэмжлэг авахад саад болоогүй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд  хэргийн оролцогч нэхэмжлэлийн бүх шаардлага, эсхүл аль нэг буюу хэд хэдэн шаардлагатай холбогдуулан хэргийг эвлэрүүлэн зуучлах журмаар шийдвэрлүүлэх хүсэлт гаргах эрхийг хуульчилж өгсөн байх тул уг эрхээ эдлэх боломж нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны аль ч үе шатанд нээлттэй байгааг дурдах нь зүйтэй.

Иймд өргөдөлд дурдсанчлан шүүх бүрэлдэхүүн эвийн журмаар хэргийг хянан шийдвэрлэхэд саад учруулсан, хууль дээдлэх зарчмыг үгүйсгэсэн гэсэн нь үндэслэлгүй байх тул шүүгч нар нь Монгол Улсын шүүхийн тухай хуульд заасан сахилгын зөрчил гаргаагүй байна.

Дээр дурдсан үндэслэлүүдээр илтгэгч гишүүний саналыг хүлээн авч, сахилгын хэргийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж бүрэлдэхүүн үзэв.

Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 112 дугаар зүйлийн 112.1, 112.1.2, 112.2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Сахилгын хорооны гишүүний 2023 оны 04 дүгээр сарын 27-ны өдрийн ГС/2023/0062 дугаар сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох тухай саналыг хүлээн авч, ... Ерөнхий шүүгч Р.А, шүүгч Б.А, Х.Э нарт холбогдох сахилгын хэргийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2.Магадлалыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Сахилгын хороонд хэргийн оролцогч гомдол, илтгэгч гишүүн эсэргүүцэл гаргаж болохыг дурдсугай.

3.Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 112 дугаар зүйлийн 112.6-д зааснаар магадлал гаргаснаас хойш 14 хоногийн дотор сахилгын хэргийн оролцогч болон өргөдөл мэдээлэл гаргагчийн оршин суугаа газрын, эсхүл ажлын газрын хаягаар баталгаат шуудангаар, эсхүл албаны ажилтнаар хүргүүлэхийг Ажлын албанд даалгасугай.

4.Дээрх журмаар хүргүүлснээр магадлалыг гардан авсанд тооцох ба энэ нь гомдол гаргах хугацааг тоолох үндэслэл болохыг тайлбарласугай.

 

ДАРГАЛАГЧ                                 Д.АРИУНТУЯА

ГИШҮҮН                                 Б.СУГАР           

Д.ЭРДЭНЭЧУЛУУН