МОНГОЛ УЛС
ШҮҮХИЙН САХИЛГЫН ХОРОО
МАГАДЛАЛ
2023-04-27
Дугаар 64
Улаанбаатар хот
Сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Сахилгын хорооны хуралдааныг гишүүн Д.Ариунтуяа даргалж, гишүүн Г.Цагаанцоож, Д.Мягмарцэрэн нарын бүрэлдэхүүнтэй, илтгэгч гишүүн Б.Сугар, нарийн бичгийн дарга Г.Болортуяа нарыг оролцуулан тус хорооны хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар:
...шүүгч Ж.Б-т холбогдох сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох саналыг хянан хэлэлцэв.
Өмгөөлөгч Б.С, Б.О, М.А нар тус хороонд гаргасан өргөдөлдөө: “Монголын Өмгөөлөгчдийн холбооны гишүүн, өмгөөлөгч Б.С, М.А, Б.О бид Эрүүгийн 000000000000 дугаартай хэрэгт О.М-гийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалан ажиллаж байх бөгөөд уг хэрэгт шүүхээр хянан шийдвэрлэх ажиллагаатай холбоотой шүүгчийн хуулиар хориглосон үйлдэлд дараах гомдлыг гаргаж байна.
Уг хэргийн хянан шийдвэрлэх явцад Нийслэлийн прокурорын газраас О.М-г цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авах саналыг удаа дараа гаргаж байсан бөгөөд ...шүүхийн шүүгчийн 2023 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн 2023/ЦХШЗ/000 дугаартай "Хязгаарлалт тогтоон таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авах тухай" захирамжаар түүнд цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсан. Энэхүү №000 дугаартай шүүгчийн захирамж нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмыг зөрчиж, илт хууль зүйн үндэслэлгүй байсан тул 2023 оны 02 дугаар сарын 16-ны өдөр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 15.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу гомдол гаргасан. Гэтэл ...шүүгч Ж.Б нь Монгол улсын Шүүхийн тухай хууль, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль болон Шүүгчийн ёс зүйн дүрмээр хориглосон хэм хэмжээг зөрчсөн үйлдэл, эс үйлдэхүй гаргасан.
- Шүүгчийн баримтлах зарчим зөрчигдсөн тухай:
Шүүхийн тухай хуульд зааснаар Шүүгч нь хүний эрх, эрх чөлөө, эрхэм чанарыг хүндэтгэх ёстой. Гэтэл манай үйлчлүүлэгч О.М болон үйлчлүүлэгчийн хууль ёсны эрх ашиг сонирхлыг хамгаалан өмгөөллийн үйл ажиллагаагаа явуулж гомдлын үндэслэлээ шүүхийн хэлэлцүүлэгт тайлбарлаж байхад ''шүүгч нь илт басамжилсан биеийн хэлэмж үзүүлж, жуумалзаж инээсэн, гар утсаа нэг бус удаа оролдсон", маш бага хугацаагаар буюу гомдлыг бүрэн танилцуулах боломжгүй хугацааг санаатайгаар тогтоосон хэрнээ уг хугацаанд өмгөөлөгчдийн тайлбарыг сонсолгүй нарийн бичгийн даргатай харилцан ярилцах" зэргээр хүндэтгэлгүй хандаж байсан. Мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.13, 15.8 дугаар зүйлд зааснаар таслан сэргийлэх арга хэмжээтэй холбоотой шүүхийн хэлэлцүүлэгт гомдлын үндэслэлийг танилцуулахад хугацаа тогтоохыг зохицуулаагүй байтал Ж.Б шүүгч нь прокурор, өмгөөлөгч нараас огт санал, хүсэлт авалгүйгээр гомдлын үндэслэлийг танилцуулах хугацааг 5 минутаар тогтоосон нь хуулиар олгогдоогүй эрхийг эдэлж, өмгөөлөгчийн хууль зүйн үндэслэл бүхий гомдол танилцуулах, түүнд тайлбар гаргах эрхийг хязгаарласан нь Монгол улсын Шүүхийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1.23-д "хуулийн илт тодорхой заалтыг ноцтой. эсхүл удаа дараа зөрчсөн үйлдэл, эс үйлдэхүй гаргах" гэсэн зохицуулалтуудыг зөрчсөн.
2. Шүүгчдийн зөвлөгөөнөөс томилогдсон шүүгчийн хянан шийдвэрлэх хэлэлцүүлэгт оролцсон тухай
Бидний үйлчлүүлэгч О.М-г 2023 оны 02 дугаар сарын 14-ний өдөр цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсан шүүгчийн №000 дугаартай захирамжид өмгөөлөгч бид 2023 оны 02 дугаар сарын 15, 16-ны өдрүүдэд хуульд заасан эрхийн хүрээнд гомдол гаргасан бөгөөд гомдлыг хянан шийдвэрлэх шүүхийн хэлэлцүүлгийг Ерөнхий шүүгчийг түр орлох шүүгч С.О нь 2023 оны 02 дугаар сарын 16-ны өдрийн 13 цаг 30 минутад товлож, талуудад мэдэгдсэн. Ингээд тус хэлэлцүүлгийг ... шүүгч С.О нь даргалж нээсэн боловч хяналтын прокурор Г.У нь шүүгчээс татгалзах тухай хүсэлт гаргасан бөгөөд уг татгалзлыг ...шүүхийн шүүгчдийн 2023 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн зөвлөгөөний №2023/ШЗТ/08 дугаартай тогтоолоор хангахаас татгалзсан.
Өөрөөр хэлбэл Ерөнхий шүүгчийг түр орлох шүүгч С.О нь нийт шүүгчдийн зөвлөгөөнөөр өмгөөлөгч нарын гаргасан гомдлыг шийдвэрлэхээр томилогдсон, шүүхийн хэлэлцүүлгийн товыг тогтоосон, цаашлаад татгалзлыг шийдвэрлэх хүртэл хэлэлцүүлгийг түр хойшлуулсан бөгөөд татгалзлыг хангаагүй учир шүүхийн хэлэлцүүлгийг үргэлжлүүлэн шийдвэрлэх ёстой байсан. Гэтэл ...шүүгч Ж.Б нь нэгэнт шүүгчдийн зөвлөгөөнөөр томилогдсон, прокурорын татгалзлаар өөрчлөгдөөгүй шүүгчийн шүүн таслах ажиллагаанд оролцсон нь Монгол улсын Шүүхийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1.7 дахь заалыг зөрчсөн байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгч хүндэтгэн үзэх шалтгаанаар шүүх хуралдаанд үргэлжлэн оролцох боломжгүй болсон бол өөр шүүгч томилж, шүүх хуралдааныг эхнээс явуулах боловч уг гомдлыг хянан хэлэлцэх хуралдаанд шүүгч С.О үргэлжлэн оролцох боломжгүй болсон хүндэтгэн үзэх шалтгаан бий болоогүй, харин ч шүүгч С.О-ийг уг гомдлыг хянан шийдвэрлэх ёстой болохыг шүүгчдийн зөвлөгөөнөөр тогтоосон болно.
3. Эрүүгийн хэргийн хавтаст хэргийг хяналгүй шийдвэрлэсэн тухай:
Өмгөөлөгчдийн гаргасан гомдлын дагуу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.13, 15.8 дугаар зүйлд заасны дагуу шүүхийн хэлэлцүүлэг явагддаг. Гэтэл 2023 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн Ерөнхий шүүгчийн даргалсан шүүхийн хэлэлцүүлэгт эрүүгийн хэргийн хавтаст хэргийг байхгүй байхад гомдлыг шийдвэрлэсэн нь хуулийн ноцтой зөрчил бөгөөд ямар нотлох баримтыг үндэслэн шийдвэрлэсэн нь тодорхой бус байна. Тус шүүхийн хэлэлцүүлэгт Ерөнхий шүүгч Ж.Б нь хяналтын прокурорын гаргасан үндэслэлийг нотолж буй гэх нотлох баримтуудтай танилцаагүй, үндэслэл бүхий баримт, мэдээллийг хараагүй хэрнээ хүний эрхийн асуудлыг таамаглалд үндэслэж шийдвэрлэсэн нь хууль бус юм.
Эрүүгийн хэргийн хавтаст хэрэг шүүхийн хэлэлцүүлэг явуулж буй танхимд байхгүй байсан болохыг хэлэлцүүлэгт оролцсон прокурор, өмгөөлөгч, ажиглагч, нарийн бичиг нар мэдэх бөгөөд хэлэлцүүлгийн үеийн дүрс бичлэгээр давхар нотлогдох юм.
Таслан сэргийлэх арга хэмжээ авах шүүхийн хэлэлцүүлэгт прокурор нь үндэслэл бүхий баримт, мэдээллийг гаргаж шүүхээр хэлэлцүүлдэг. Ингэхдээ тус баримт нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтаар нотлогдсон байх ёстой бөгөөд үүнийг шүүгч танилцаж байж саналыг шийдвэрлэдэг. Өмгөөлөгч бид цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсан шүүгчийн захирамж нь нотлох баримтыг тусгаагүй буюу прокурорын санал нотлох баримтаар нотлогдоогүй тухай гомдол гаргасан байхад өмгөөлөгч нарын гомдол болон прокурорын аман тайлбарыг сонсоод О.М-г цагдан хорьсон үндэслэлтэй нотлох баримт хэрэгт байгаа гэж бодож, таамаглаж гомдлыг шийдвэрлэсэн. Хүнийг цагдан хорьж мөрдөн шалгах эсэх асуудлыг шүүхээр хянан шийдвэрлэж буй тохиолдолд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.11 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт заасны дагуу хавтаст хэрэг нь шүүхэд байх ба шүүх тухайн асуудлыг шийдвэрлэхдээ хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудыг үндэслэн шийдвэр гаргах хуулийн зохицуулалттай.
Иймд 2023 оны 02 дугаар сарын 17-ны өдөр шүүхийн хэлэлцүүлэгт эрүүгийн хэргийн хавтас хэргийг татан авалгүй, нотлох баримтуудтай танилцалгүйгээр гомдлыг хянан шийдвэрлэсэн нь Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1.1, 50.1.23-д хэсэгт заасан хориглосон заалтуудыг зөрчсөн гэж үзэж байна.
Монгол Улсын Шүүхийн тухай хуульд зааснаар тус хуулийн 50 дугаар зүйлд заасан хориглосон үйлдлийг шүүгч үйлдсэн тохиолдолд Шүүхийн сахилгын хороо нь хянан шалгаж шийдвэрлэх тул ... шүүгч Ж.Б-ын 2023 оны 02 дугаар сарын 17-ны өдөр хянан шийдвэрлэсэн шүүхийн хэлэлцүүлэгт дээрх хуулиар хориглосон үйлдлүүдийг гаргасан байх тул шалгаж өгнө үү” гэжээ.
Шүүгч Ж.Б тайлбартаа: “... Б.О нарын өмгөөлөгчдийн дээрх гомдол нь огт үндэслэлгүй бөгөөд шүүгч миний бие Эрүү, Зөрчлийн шүүх хурал, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14 дүгээр бүлэгт заасан таслан сэргийлэх арга хэмжээтэй холбоотой гомдлыг шийдвэрлэх хуралдаан зэрэгт гар утас огт авч ордоггүй, ашигладаггүй болно. Энэ нь тухайн шүүх хуралдааны бичлэг болон шүүх хуралдааны нарийн бичгийн даргын тайлбар зэргээр давхар нотлогдох болно. Мөн биеийн хэлэмж гэдэг зүйлээр басамжилсан, жуумалзсан гэх асуудал байхгүй юм.
Яллагдагч О.М-гийн талаас 8 өмгөөлөгчтэй, АНУ-ын ЭСЯ-ны ажилтнууд болон яллагдагчийн ар гэрийнхэн зэрэг хүмүүс ажиглагчаар суусан, 2 прокурортой нийт албан ёсны 10 /шүүгч, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга ороогүй/ оролцогчтой таслан сэргийлэх арга хэмжээний гомдлыг шийдвэрлэх хуралдааныг талуудын оролцоог ижил тэгш хангах зарчмын дагуу эхний санал, тайлбар няцаалтыг оролцогч тус бүр 5 минут, 2 дахь санал, тайлбар, няцаалт мэтгэлцээнийг оролцогч тус бүр 3 минут үг хэлэхээр тус тус шүүх хуралдааны дэг тогтоон явуулсан бөгөөд ингэхдээ шүүгч миний бие шүүх хуралдаанд гар утас ашигладаггүй, тухайн өдөр гартаа цаг зүүж ирээгүй байсан тул шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар дээрх цагийг хянуулж, тоолуулсан болно.
Түүнчлэн 2023 оны 02 дугаар сарын 15-16-ны өдрүүдэд миний бие Нийслэлийн Улаанбаатар чуулгын байранд Хөгжлийн банкны гэх тодотголтой яллагдагчаар татагдсан 80 хүн, 4 хуулийн этгээдэд холбогдох хэргийн урьдчилсан хэлэлцүүлгийн хуралдааныг хийсэн бөгөөд энэ үед буюу 2023 оны 02 дугаар сарын 15-ны урьдчилсан хэлэлцүүлгийн хуралдааны эхний өдөр яллагдагч нарын нэр бүхий 14 өмгөөлөгчөөс шүүх хуралдаан даргалагч миний биеийг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанаас татгалзан гаргах тухай хүсэлт гаргасан тул миний бие тухайн шүүх хуралдааныг завсарлуулж уг татгалзлыг Шүүгчдийн Зөвлөгөөнд хүргүүлж шийдүүлсэн юм.
Уг Зөвлөгөөнд миний бие байлцаагүй бөгөөд тухайн өдөр шүүхэд ирсэн бусад гомдол, мэдээлэлтэй танилцах, шүүхэд ирсэн хэрэгт даргалагч томилох шийдвэрийг албажуулах, Койны гэх тодотголтой хэрэгт шүүгчийг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанаас татгалзан гаргах тухай хүсэлтийг шийдвэрлэх зэргээр Ерөнхий шүүгчийн ажил үүргээ 2023 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн 11:30 цагаас 13:30 цаг хүртэл хийж гүйцэтгэсэн болно.
Ингээд 2023 оны 02 дугаар сарын 17-ны өдөр нэгэнт Хөгжлийн банкны гэх тодотголтой хэргийн урьдчилсан хэлэлцүүлгийг урьд өдөр нь дууссан тул яллагдагч О.М-д авсан таслан сэргийлэх арга хэмжээтэй холбоотой гомдлыг шийдвэрлэх хуралдааныг даргалан явуулсан билээ.
Яллагдагч О.М нарт холбогдох эрүүгийн хэрэг нь тухайн үед шүүхэд нэгэнт хүргэгдэж ирсэн байсан бөгөөд шүүгч миний бие хэрэгтэй танилцсан болно.
Дашрамд Б.О, Б.С нарын өмгөөлөгчдийн зүгээс шүүх хуралдаан даргалагч шүүгчийг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулж буйтай нь холбогдуулан "Шүүхийн Сахилгын Хороонд чинь чамайг өгч байгаа, тиймээс Сахилгын хороо өөрийн чинь тухай асуудлыг шийдвэрлэх хүртэл чи энэ хэрэг дээр манай үйлчлүүлэгчийн таслан сэргийлэх арга хэмжээний асуудлыг шийдвэрлэж болохгүй" зэргээр шүүх, шүүгчийн хараат бус байдалд илтэд халдсан, дарамталсан, заналхийлсэн үг яриа, ааш авир гаргаж, олон төрлийн заль мэх хэрэглэж, элдэв бусын үндэслэлгүй, хууль бус татгалзал байнга гаргаж шүүн таслах ажиллагаанд саад учруулж байгааг Шүүхийн Сахилгын хороо анхааралдаа авна гэдэгт итгэж байна” гэжээ.
Илтгэгч гишүүний саналд: Өргөдөл гаргагч нараас холбогдох шүүгч нь '”шүүгч нь илт басамжилсан биеийн хэлэмж үзүүлж, жуумалзаж инээсэн, гар утсаа нэг бус удаа оролдсон", маш бага хугацаагаар буюу гомдлыг бүрэн танилцуулах боломжгүй хугацааг санаатайгаар тогтоосон хэрнээ уг хугацаанд өмгөөлөгчдийн тайлбарыг сонсолгүй нарийн бичгийн даргатай харилцан ярилцах” зэргээр хүндэтгэлгүй хандаж байсан гэж өргөдлийн үндэслэлээ тайлбарлажээ.
...шүүгч Ж.Б-ын даргалж явуулсан шүүх хуралдаанаар яллагдагч О.М-д цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсан шүүгчийн захирамжид яллагдагчийн өмгөөлөгч нарын гаргасан гомдлыг 2023 оны 02 дугаар сарын 17-ны өдөр хянан хэлэлцсэн байх бөгөөд 51 минут үргэлжилсэн шүүхийн хэлэлцүүлгийн бичлэгт үзлэг хийхэд өргөдөл гаргагчдаас ирүүлсэн өргөдөлд дурдсанаар ойлгогдохуйц үйл хөдлөл, үйлдэл гаргаагүй, хуульд заасан дэгийн дагуу явагдсан байна.
Мөн тухайн шүүхийн хэлэлцүүлэгт оролцогч прокурор, яллагдагч болон өмгөөлөгч нар гомдлын үндэслэл, тайлбараа тайлбарлан мэтгэлцэж байсан бөгөөд даргалагч шүүгч талуудын хэн алинд нь адил тэгш хандаж, анхааралтай сонсож, талуудыг тайлбар хэлэх боломжоор хангаж ажилласан болох нь дуу, дүрсний бичлэгт хадгалагдан үлдсэн байна.
Ерөнхий шүүгчийг түр орлох шүүгч С.О нь нийт шүүгчдийн зөвлөгөөнөөр өмгөөлөгч нарын гаргасан гомдлыг шийдвэрлэхээр томилогдсон, шүүхийн хэлэлцүүлгийн товыг тогтоосон, цаашлаад татгалзлыг шийдвэрлэх хүртэл хэлэлцүүлгийг түр хойшлуулсан бөгөөд татгалзлыг хангаагүй учир шүүхийн хэлэлцүүлгийг үргэлжлүүлэн шийдвэрлэх ёстой байсан. Гэтэл ...шүүгч Ж.Б нь нэгэнт шүүгчдийн зөвлөгөөнөөр томилогдсон, прокурорын татгалзлаар өөрчлөгдөөгүй шүүгчийн шүүн таслах ажиллагаанд оролцсон, шүүгч хүндэтгэн үзэх шалтгаанаар шүүх хуралдаанд үргэлжлэн оролцох боломжгүй болсон бол өөр шүүгч томилж, шүүх хуралдааныг эхнээс явуулах боловч уг гомдлыг хянан хэлэлцэх хуралдаанд шүүгч С.О үргэлжлэн оролцох боломжгүй болсон хүндэтгэн үзэх шалтгаан бий болоогүй, харин ч шүүгч С.О-ийг уг гомдлыг хянан шийдвэрлэх ёстой болохыг шүүгчдийн зөвлөгөөнөөр тогтоосон гэж өргөдөлд дурджээ.
Сахилгын хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаас үзэхэд ...шүүгч нь Ж.Б байх бөгөөд түүнд Ерөнхий шүүгчийн хувьд хуулиар олгосон эрх, үүргийг хэнээс ч үл хамааран хэрэгжүүлэх үүрэгтэй. Иймд Ерөнхий шүүгчийг түр орлох шүүгч С.О гомдлыг хянан шийдвэрлэх ёстой байсан гэсэн нь үндэслэлгүй байна.
Энэ талаар холбогдох шүүгч 2023 оны 02 дугаар сарын 17-ны өдөр нэгэнт Хөгжлийн банкны гэх тодотголтой хэргийн урьдчилсан хэлэлцүүлгийг урьд өдөр нь дууссан тул яллагдагч О.М-д авсан таслан сэргийлэх арга хэмжээтэй холбоотой гомдлыг шийдвэрлэх хуралдааныг даргалан явуулсан гэсэн тайлбар ирүүлсэн болохыг дурдах нь зүйтэй байна.
Эрүүгийн хэргийн хавтаст хэрэг шүүхийн хэлэлцүүлэг явуулж буй танхимд байхгүй байсан болохыг хэлэлцүүлэгт оролцсон прокурор, өмгөөлөгч, ажиглагч, нарийн бичиг нар мэдэх бөгөөд хэлэлцүүлгийн үеийн дүрс бичлэгээр давхар нотлогдоно, өмгөөлөгч нарын гомдол болон прокурорын аман тайлбарыг сонсоод О.М-г цагдан хорьсон үндэслэлтэй нотлох баримт хэрэгт байгаа гэж бодож, таамаглаж гомдлыг шийдвэрлэсэн, хүнийг цагдан хорьж мөрдөн шалгах эсэх асуудлыг шүүхээр хянан шийдвэрлэж буй тохиолдолд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.11 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт заасны дагуу хавтаст хэрэг нь шүүхэд байх ба шүүх тухайн асуудлыг шийдвэрлэхдээ хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудыг үндэслэн шийдвэр гаргах хуулийн зохицуулалттай гэж өргөдөл гаргагч нар үндэслэлдээ мөн дурджээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.11 дүгээр зүйлийн 5-д “Хавтаст хэрэг нь хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын явцад мөрдөгчид, энэ хуульд заасан үндэслэлээр шилжүүлсэн, эсхүл татаж хянаж байгаа бол прокурорт, шүүхийн шатанд тухайн шүүхэд байна” гэж заасан байх бөгөөд холбогдох шүүгч Ж.Б яллагдагч О.М нарт холбогдох эрүүгийн хэрэг нь тухайн үед шүүхэд нэгэнт хүргэгдэж ирсэн байсан бөгөөд шүүгч миний бие хэрэгтэй танилцсан болно гэсэн тайлбар ирүүлсэн байна.
Мөн ...шүүгч Ж.Б-ын даргалж явуулсан шүүхийн хэлэлцүүлгээр яллагдагч О.М-д цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсан шүүгчийн захирамжид яллагдагчийн өмгөөлөгч нарын гаргасан гомдлыг 2023 оны 02 дугаар сарын 17-ны өдөр хянан хэлэлцсэн хуралдаанаар зөвхөн шүүгчийн захирамжийг хууль зүйн үндэслэлтэй эсэхийг хянан хэлэлцэж, шийдвэрлэсэн байх ба ийнхүү хуульд заасан журмын дагуу шүүгчийн захирамжийг хянан хэлэлцэж шийдвэрлэсэн үйл баримтыг зөрчил гэж үзэх үндэслэлгүй байна.
Нэр бүхий өмгөөлөгч нар шүүх хуралдаан даргалагч шүүгчийг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулж буйтай нь холбогдуулан "Шүүхийн Сахилгын Хороонд чинь чамайг өгч байгаа, тиймээс Сахилгын хороо өөрийн чинь тухай асуудлыг шийдвэрлэх хүртэл чи энэ хэрэг дээр манай үйлчлүүлэгчийн таслан сэргийлэх арга хэмжээний асуудлыг шийдвэрлэж болохгүй" зэргээр шүүх, шүүгчийн хараат бус байдалд илтэд халдсан, дарамталсан, заналхийлсэн үг яриа, ааш авир гаргаж, олон төрлийн заль мэх хэрэглэж, элдэв бусын үндэслэлгүй, хууль бус татгалзал байнга гаргаж шүүн таслах ажиллагаанд саад учруулж байгаа талаар дурсан байх бөгөөд уг асуудал нь Шүүхийн сахилгын хорооны харьяалан шийдвэрлэх асуудалд хамааралгүй, хэрэв шүүгчийн хараат бус байдалд нөлөөлсөн гэж үзэж байгаа бол хуульд заасан журмын дагуу тухайн асуудлаа харьяалан шийдвэрлэх байгууллагад хандаж шийдвэрлүүлэх эрх нь холбогдох шүүгчид нээлттэй.
Иймд ...шүүгч Ж.Б-т холбогдох сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох санал гаргаж, сахилгын хорооны хуралдаанаар хэлэлцүүлэхээр шийдвэрлэв” гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Сахилгын хорооны гишүүний 2023 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн ГЗҮ/2023/0034 дугаар захирамжаар өмгөөлөгч Б.С, Б.О, М.А нарын өргөдлөөр ...шүүгч Ж.Б-т холбогдуулан сахилгын хэрэг үүсгэн, шалгах ажиллагаа явуулжээ.
1. Өргөдөл гаргагч нараас “...О.М болон үйлчлүүлэгчийн хууль ёсны эрх ашиг сонирхлыг хамгаалан өмгөөллийн үйл ажиллагаагаа явуулж гомдлын үндэслэлээ шүүхийн хэлэлцүүлэгт тайлбарлаж байхад “шүүгч нь илт басамжилсан биеийн хэлэмж үзүүлж, жуумалзаж инээсэн, гар утсаа нэг бус удаа оролдсон, маш бага хугацаагаар буюу гомдлыг бүрэн танилцуулах боломжгүй хугацааг санаатайгаар тогтоосон хэрнээ уг хугацаанд өмгөөлөгчдийн тайлбарыг сонсолгүй нарийн бичгийн даргатай харилцан ярилцах зэргээр хүндэтгэлгүй хандаж байсан” гэжээ.
Сахилгын хэрэгт авагдсан баримтуудаас үзвэл ...Ж.Б нь 2023 оны 02 дугаар сарын 17-ны өдөр 2023 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн 2023/ЦХШЗ/000 дугаар “Хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авах тухай” шүүгчийн захирамжийг эс зөвшөөрч гаргасан яллагдагчийн өмгөөлөгч нарын гомдлыг хянан хэлэлцсэн байна.
Тус шүүх хуралдааны дуу, дүрсний бичлэгээс үзвэл шүүгч Ж.Б нь оролцогч нарын эхний тайлбар гаргах хугацааг 5 минутаар, дараагийн тайлбар гаргах хугацааг 3 минутаар тус тус тогтоож өгсөн.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд шүүх хуралдаанд оролцогч нарын шүүхэд тайлбар хэлэх хугацааг тогтоох талаар нарийн зохицуулж хуульчлаагүй боловч шүүхэд гэм буруугийн болон эрүүгийн хариуцлагын үе шатанд оролцогч нар тайлбараа шүүхээс тогтоосон хугацаанд гаргадагтай нэгэн адил шүүгчээс тайлбар гаргах хугацааг тогтоож өгснийг буруутгах боломжгүй.
Мөн ''шүүгч нь илт басамжилсан биеийн хэлэмж үзүүлж, жуумалзаж инээсэн, гар утсаа нэг бус удаа оролдсон” гэх өргөдөл нь үндэслэлгүй бөгөөд шүүх хуралдааны явцад шүүгчээс нарийн бичгийн даргад цаг харахыг даалгаж, цаг нь болсон эсэхийг асууж тодруулж байгаа үйл баримт шүүх хуралдааны дуу, дүрсний бичлэгт авагджээ.
Иймд шүүгчийг өргөдөлд дурдсан дээрх үндэслэлүүдээр Монгол улсын шүүхийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1.23-т “хуулийн илт тодорхой заалтыг ноцтой, эсхүл удаа дараа зөрчсөн үйлдэл, эс үйлдэхүй гаргах” гэж заасныг зөрчсөн гэж үзэхгүй.
2. “...Шүүгчийн захирамжид өмгөөлөгч бид 2023 оны 02 дугаар сарын 15, 16-ны өдрүүдэд хуульд заасан эрхийн хүрээнд гомдол гаргасан. ...Ерөнхий шүүгчийг түр орлох шүүгч С.О нь нийт шүүгчдийн зөвлөгөөнөөр өмгөөлөгч нарын гаргасан гомдлыг шийдвэрлэхээр томилогдсон, шүүхийн хэлэлцүүлгийн товыг тогтоосон, цаашлаад татгалзлыг шийдвэрлэх хүртэл хэлэлцүүлгийг түр хойшлуулсан бөгөөд татгалзлыг хангаагүй учир шүүхийн хэлэлцүүлгийг үргэлжлүүлэн шийдвэрлэх ёстой байсан. Гэтэл ...шүүгч Ж.Б нь нэгэнт шүүгчдийн зөвлөгөөнөөр томилогдсон, прокурорын татгалзлаар өөрчлөгдөөгүй шүүгчийн шүүн таслах ажиллагаанд оролцсон нь Монгол улсын Шүүхийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1.7 дахь заалыг зөрчсөн” гэжээ.
Шүүгч Ж.Б нь “2023 оны 02 дугаар сарын 15-16-ны өдрүүдэд миний бие Нийслэлийн Улаанбаатар чуулгын байранд Хөгжлийн банкны гэх тодотголтой яллагдагчаар татагдсан 80 хүн, 4 хуулийн этгээдэд холбогдох хэргийн урьдчилсан хэлэлцүүлгийн хуралдааныг хийсэн бөгөөд энэ үед буюу 2023 оны 02 дугаар сарын 15-ны урьдчилсан хэлэлцүүлгийн хуралдааны эхний өдөр яллагдагч нарын нэр бүхий 14 өмгөөлөгчөөс шүүх хуралдаан даргалагч миний биеийг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанаас татгалзан гаргах тухай хүсэлт гаргасан тул миний бие тухайн шүүх хуралдааныг завсарлуулж уг татгалзлыг Шүүгчдийн Зөвлөгөөнд хүргүүлж шийдүүлсэн юм. Ингээд 2023 оны 02 дугаар сарын 17-ны өдөр нэгэнт Хөгжлийн банкны гэх тодотголтой хэргийн урьдчилсан хэлэлцүүлгийг урьд өдөр нь дууссан тул яллагдагч О.М-д авсан таслан сэргийлэх арга хэмжээтэй холбоотой гомдлыг шийдвэрлэх хуралдааныг даргалан явуулсан” гэх тайлбарыг гаргасан.
Сахилгын хэрэгт авагдсан баримтуудаас үзвэл ...шүүгчийн 2022 оны 08 дугаар сарын 31-ний өдрийн 2022/ЕШЗ/1330 дугаар захирамжаар Ерөнхий шүүгчийн түр эзгүйд орлон ажиллах шүүгчээр С.О шүүгчийг томилсон шийдвэрийг албажуулсны дагуу Ерөнхий шүүгч Ж.Б-ыг эзгүйд шүүгч С.О нь яллагдагч О.М-д цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсан шүүгчийн захирамжид гарсан гомдлыг хянан шийдвэрлэх товыг тогтоож, хуралдааныг нээн явуулсан боловч прокуророос шүүгч С.О-ийг татгалзан гаргах хүсэлтийг гаргасан байна.
Уг хүсэлтийг 2023 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн 2023/ШЗТ/08 дугаар шүүгчдийн зөвлөгөөний тогтоолоор хангахаас татгалзаж шийдвэрлэжээ. Ингээд шүүгч С.О дээрх гомдлын хуралдааныг цааш нь үргэлжлүүлэн явуулах боломжтой болсон боловч Ерөнхий Ж.Б-ын өмнөх хуралдаан дууссан тул яллагдагч О.М-д цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсан шүүгчийн захирамжид гарсан гомдлыг хянан хэлэлцэж шийдвэрлэснийг хууль зөрчсөн гэж буруутгах боломжгүй.
Тодруулбал, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 15.8 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын явцад шүүгч дангаар гаргасан шийдвэрийн талаархи гомдлыг тухайн шатны шүүхийн Ерөнхий шүүгч, түүний эзгүйд томилсон шүүгч даруй хянан шийдвэрлэнэ. Энэхүү шийдвэр эцсийн байна” гэж заасны дагуу яллагдагч О.М-д авсан таслан сэргийлэх арга хэмжээ авсан шүүгчийн захирамжид гаргасан гомдлыг Ерөнхий шүүгч шийдвэрлэхээр зохицуулсны дагуу тус гомдлыг Ерөнхий шүүгч Ж.Б хянан шийдвэрлэсэн байна.
Иймд шүүгч Ж.Б нь хуульд заасан бүрэн эрхийнхээ хүрээнд цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсан шүүгчийн захирамжид гаргасан гомдлыг хянан шийдвэрлэснийг Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1.7-д “шүүгчийн бүрэн эрхээ хэрэгжүүлэхтэй холбогдуулан бусад шүүгчийн шүүн таслах ажиллагаанд хуульд зааснаас бусад хэлбэрээр оролцох, нөлөөлөх, заавар, удирдамж, чиглэл өгөх, авах, урьдчилан санал хэлэх” гэж заасныг зөрчсөн гэж үзэхгүй.
3. “...2023 оны 02 дугаар сарын 17-ны өдөр шүүхийн хэлэлцүүлэгт эрүүгийн хэргийн хавтас хэргийг татан авалгүй, нотлох баримтуудтай танилцалгүйгээр гомдлыг хянан шийдвэрлэсэн нь Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1.1, 50.1.23-д хэсэгт заасан хориглосон заалтуудыг зөрчсөн” гэжээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.11 дүгээр зүйлийн 5-д “Хавтаст хэрэг нь хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын явцад мөрдөгчид, энэ хуульд заасан үндэслэлээр шилжүүлсэн, эсхүл татаж хянаж байгаа бол прокурорт, шүүхийн шатанд тухайн шүүхэд байна” гэж заасан.
Илтгэгч гишүүнээс “...шүүгч Ж.Б-ын даргалж явуулсан шүүхийн хэлэлцүүлгээр яллагдагч О.М-д цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсан шүүгчийн захирамжид яллагдагчийн өмгөөлөгч нарын гаргасан гомдлыг 2023 оны 02 дугаар сарын 17-ны өдөр хянан хэлэлцсэн хуралдаанаар зөвхөн шүүгчийн захирамжийг хууль зүйн үндэслэлтэй эсэхийг хянан хэлэлцэж, шийдвэрлэсэн байх ба ийнхүү хуульд заасан журмын дагуу шүүгчийн захирамжийг хянан хэлэлцэж шийдвэрлэсэн үйл баримтыг зөрчил гэж үзэхгүй” гэж дүгнэсэн нь үндэслэл бүхий байна.
Мөн холбогдох шүүгч Ж.Б “яллагдагч О.М нарт холбогдох эрүүгийн хэрэг нь тухайн үед шүүхэд нэгэнт хүргэгдэж ирсэн байсан бөгөөд шүүгч миний бие хэрэгтэй танилцсан болно” гэх тайлбар ирүүлсэн.
Дээрхээс үзвэл шүүгч Ж.Б нь тухайн шүүхэд ирүүлсэн хавтас хэрэгтэй танилцаж, яллагдагчийн өмгөөлөгч нарын гаргасан гомдол болон тухайн шүүгчийн захирамжийн хууль зүйн үндэслэлд дүгнэлт хийж захирамжид гаргасан гомдлыг хянан шийдвэрлэсэн байх тул шүүгчийг Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1.1, 50.1.23-т заасныг зөрчсөн гэж буруутгах боломжгүй байна.
Түүнчлэн өмгөөлөгч Б.О, М.А, Б.С нар гаргасан өргөдлөөсөө татгалзсан татгалзлаа бичгээр ирүүлжээ. Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 101 дүгээр зүйлийн 101.3 дахь хэсэгт “Энэ хуулийн 104.2-т заасны дагуу сахилгын хэрэг үүсгэсэн бол өргөдөл, мэдээллээсээ татгалзсан эсэхээс үл хамааран сахилгын хэргийг хянан шийдвэрлэх ажиллагааг явуулна” гэж заасны дагуу өргөдөл гаргагч өргөдлөөсөө татгалзсанаас үл хамааран тухайн сахилгын хэргийг хянан шийдвэрлэсэн болохыг дурдах нь зүйтэй.
Дээр дурдсан үндэслэлүүдээр илтгэгч гишүүний саналыг хүлээн авч, сахилгын хэргийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж бүрэлдэхүүн үзэв.
Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 112 дугаар зүйлийн 112.1, 112.1.2, 112.2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. ...шүүгч Ж.Б-т холбогдох сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох тухай саналыг хүлээн авч, түүнд холбогдох сахилгын хэргийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2.Магадлалыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Сахилгын хороонд хэргийн оролцогч гомдол, илтгэгч гишүүн эсэргүүцэл гаргаж болохыг дурдсугай.
3.Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 112 дугаар зүйлийн 112.6-д зааснаар магадлал гаргаснаас хойш 14 хоногийн дотор сахилгын хэргийн оролцогч болон өргөдөл мэдээлэл гаргагчийн оршин суугаа газрын, эсхүл ажлын газрын хаягаар баталгаат шуудангаар, эсхүл албаны ажилтнаар хүргүүлэхийг Ажлын албанд даалгасугай.
4.Дээрх журмаар хүргүүлснээр магадлалыг гардан авсанд тооцох ба энэ нь гомдол гаргах хугацааг тоолох үндэслэл болохыг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ Д.АРИУНТУЯА
ГИШҮҮН Д.МЯГМАРЦЭРЭН
Г.ЦАГААНЦООЖ