МОНГОЛ УЛС
ШҮҮХИЙН САХИЛГЫН ХОРОО
МАГАДЛАЛ
2023-04-27
Дугаар 63
Улаанбаатар хот
Сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Сахилгын хорооны хуралдааныг гишүүн Д.Ариунтуяа даргалж, гишүүн Г.Цагаанцоож, Д.Эрдэнэчулуун нарын бүрэлдэхүүнтэй, илтгэгч гишүүн Д.Мягмарцэрэн, нарийн бичгийн дарга Г.Болортуяа нарыг оролцуулан тус хорооны хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар:
... шүүхийн шүүгч Ц.О-т холбогдох сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох саналыг хянан хэлэлцэв.
Өмгөөлөгч О.А өргөдөлдөө: “... шүүгч Ц.О нь хуулийг илтэд удаа дараа зөрчиж байх тул Иргэдээс төрийн байгууллага, албан тушаалтанд гаргасан өргөдөл, гомдлыг шийдвэрлэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг үндэслэн дараах гомдлыг гаргаж байна. Үүнд: Өмгөөлөгч миний бие иргэн Д.Б-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хувиар ...шүүхэд анх 2022 оны 10 дугаар сарын 13-ны өдөр нэхэмжлэл гаргасан байдаг. Уг нэхэмжлэл маань тус шүүхийн шүүгч Ц.О дээр хуваарилагдсан болно. Гэтэл шүүгч нь хариуцагчийн нэрийг буруу бичсэн байна гэдгээр шалтаглан 2022 оны 10 дугаар сарын 21-ний өдөр нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсан болно. Үүний дараа миний бие хариуцагчийн нэрийг засаад 2022 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр дахин 2 дахь удаагаа шүүхэд нэхэмжлэлээ өгсөн бөгөөд мөн л Ц.О шүүгч дээр манай нэхэмжлэл хуваарилагдсан байдаг. Гэтэл шүүгч Ц.О нь 2022 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр дахин манай нэхэмжлэлийг 2 удаагаа хүлээн авахаас татгалзсан болохыг шүүгчийн туслах н.У-аас мэдсэн. Шүүгч Ц.О, түүний туслах н.У нар нь бидэнд хоёр дахь удаагаа татгалзсан захирамжийг гардуулж өгөлгүй удаасан ба захирамж гарснаас хойш бүхэл бүтэн хоёр сарын дараа буюу 2023 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр захирамжийг гардуулж өглөө. Миний бие шүүгчийн туслах н.У-аас татгалзсан захирамжаа авахын тулд удаа дараа уулзаж, байнга утсаар лавлаж байсан бөгөөд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гардуулж өгөлгүй удаасан болно. Ийнхүү хоёр дахь удаагаа татгалзахдаа “гэрээний хуулбар байхгүй” хэмээн бичээд татгалзсан байдаг. Миний үйлчлүүлэгч Л.Б нь Э.С гэх хүнд ямар ч гэрээ хийлгүй, бэлнээр мөнгө зээлүүлсэн бөгөөд энэ мөнгөө буцааж авах гэж утсаар, мессежээр маш олон удаа холбогдож нэхээд тусыг эс олсон тул эцэстээ аргаа бараад арга буюу шүүхэд хандсан байдаг. Гэтэл аврал эрж хандсан шүүх нь иргэний өөдөөс ийнхүү доромжилсон байдлаар асуудалд хандаж байна. Бидний хувьд хариуцагч этгээдтэй урьд өмнө утсаар ярьж байсан аудио бичлэгээ компакт дискэн дээр буулгаад нэхэмжлэлдээ хавсаргаж өглөө, үүнээс илүү яах билээ. Өөр мөнгө зээлүүлсэн тухай баримт байхгүй, хэрэв иргэний хэрэг үүссэн тохиолдолд гар утсандаа үзлэг хийлгэх замаар утсаар ярьсан бичлэг, харилцсан мессежээ нотлох баримтаар хавтаст хэрэгт гарган өгөх байв. Гэтэл Ц.О шүүгч, дээр дурдсан аар саархан шалтаг зааж нэхэмжлэлийг хүлээж авалгүй иргэнийг чирэгдүүлж, шүүхийн нэр хүндийг унагааж байна. Одоо миний үйлчлүүлэгч “наад шүүх чинь хүнд сурталтай, өргөдөл авдаггүй газар юм байна” хэмээн шүүхэд итгэх итгэлээ алдаж байна. Хуульч миний хувьд, жирийн иргэн хүн шударга ёсонд тэр дундаа шүүхэд итгэх итгэлээ алдах нь хамгийн том аюул хэмээн боддог. Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлд нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах тухай нийт 11-н үндэслэлийг заасан байдаг. Гэтэл шүүгч Ц.О нь энэхүү 11-н үндэслэлд огт заагаагүй үндэслэлээр манай нэхэмжлэлийг хүлээж авалгүй хоёр ч удаа татгалзаад байна. Үүнийг өмгөөлөгч миний бие Шүүхийн тухай хуулийн 50.1.23-д заасан хуулийн илт тодорхой заалтыг удаа дараа зөрчиж буй үйлдэл хэмээн дүгнэж байна. Миний үйлчлүүлэгч түрүү оны арван сараас хойш заргаа шийдүүлж чадахгүй, цаг хугацаа боломжоо алдан чирэгдэж байгааг нь харгалзан үзнэ хэмээн найдаж байна. Иймд шүүгч Ц.О-ийн хууль бусаар нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж, иргэний шүүхэд итгэх итгэлийг алдагдуулж, шүүхийн нэр хүндийг унагааж буй үйлдэлд сахилгын хэрэг нээн шалгаж өгнө үү..” гэжээ.
Шүүгч Ц.О тайлбартаа: “...шүүхийн шүүгч Ц.О би Монголын өмгөөлөгчдийн холбооны өмгөөлөгч О.А-ын Шүүхийн сахилгын хороонд гаргасан гомдолтой танилцаад дараах тайлбарыг гаргаж байна. Д.Б нь Э.С-д холбогдуулан зээлийн төлбөрт 35,000,000 төгрөг, автомашин шилжүүлсний төлбөрт 30,000,000 төгрөг нийт зээлийн гэрээний үүрэгт 65,000,000 төгрөг гаргуулах гэж нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа тодорхойлж гаргасныг хянаад, шүүх хүлээн авахаас татгалзсан байна. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын агуулгаа “...2016 онд иргэн Э.С-д бэлнээр 35,000,000 төгрөгийг зээлүүлсэн бөгөөд үүнээс гадна Хаммер Эйч2 /Наmmег Н2/ маркийн автомашиныг 30,000,000 төгрөгт тооцож Э.С-цогийн нэр дээр шилжүүлэн нийтдээ 65,000,000 төгрөг зээлүүлсэн. Иймд хариуцагч Э.С-ээс зээлийн төлбөрт нийт 65,000,000 төгрөгийг гаргуулж өгнө үү...” гэж тодорхойлжээ. Нэхэмжлэлийн шаардлагатай холбоотой холбогдох нотлох баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 62 дугаар зүйлийн 62.1.4-д зааснаар шүүхэд нэхэмжлэгч ирүүлэх үүрэгтэй бөгөөд шүүх мөн хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.11-т заасан бүрдүүлбэр хангасан бол иргэний хэрэг үүсгэх үндэслэлтэй юм. Өөрөөр хэлбэл Хаммер Эйч2 /Наmmег Н2/ маркийн автомашиныг 30,000,000 төгрөгт тооцож Э.С-ийн нэр дээр нэхэмжлэгч шилжүүлж зээлүүлсэн гэх гэрээний үүрэг шаардсан нэхэмжлэлийн үндэслэл, шаардлага, түүнийг нотолсон баримтыг шүүхэд ирүүлнэ. Шүүгч миний бие 2022 оны 6 дугаар сарын 19-ний өдрөөс хойш эрүүл мэндийн шалтгааны улмаас эмнэлэгт хэд хэдэн удаа хэвтэн эмчлүүлсэн боловч биеийн эрүүл мэнд сайжраагүйгээс 2022 оны 11 сарын 23-ны өдрөөс 2023 оны 4 дүгээр сарын 01 хүртэл чөлөө авч эмчлүүлсэн. Эрүүл мэндийн нөхцөл байдлын улмаас өвчтэй байсан тул хүлээн авахаас татгалзсан захирамжийн хувийг нэхэмжлэгчид хүргүүлсэн эсэхэд хяналт тавих боломжгүй байсан болохыг уламжилж байна. Иймд нэхэмжлэгч нэхэмжлэлийн үндэслэл, шаардлага, түүнийг нотлох баримтыг шүүхэд ирүүлээгүйгээс Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1-д заасан нэхэмжлэлийн бүрдүүлбэр хангаагүй учир шүүх нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсан нь хууль зөрчөөгүй байх тул сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү.” гэжээ.
Илтгэгч гишүүний хэрэгсэхгүй болгох саналд: Өргөдөл гаргагчийн өргөдөлд дурдсан “...шүүгч Ц.О нь 2022 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр дахин манай нэхэмжлэлийг 2 удаагаа хүлээн авахаас татгалзсан болохыг шүүгчийн туслах н.У-аас мэдсэн...” гэх тухайд:
Өмгөөлөгч О.А 2022 оны 10 дугаар сарын 13-ны өдөр ...шүүхэд Э.С-ээс зээлийн төлбөр зээлийн төлбөрт 35.000.000 төгрөг, автомашин худалдан борлуулсан төлбөрт 30.000.000 төгрөгийг тус тус гаргуулах нэхэмжлэлийн шаардлага бүхий нэхэмжлэлийг гаргасан байх ба нэхэмжлэлийн үндэслэл хэсэгт “...иргэн Д.Б иргэн Э.С-д бэлнээр 35.000.000 төгрөгийг зээлдүүлсэн бөгөөд үүнээс гадна Хаммер Эйч 2 /Hammer H2/ маркийн автомашиныг 30.000.000 төгрөгт тооцож Э.С-ийн нэр дээр шилжүүлэн өгсөн... иймд хариуцагч Э.С-ээс 65.000.000 төгрөгийг гаргуулж өгнө үү...” гэх нэхэмжлэлийг гаргасан гэдэг.
... шүүхийн 10 дугаар сарын 21-ний өдрийн 000/ШЗ2022/17588 дугаар захирамжаар тус нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэхдээ “... нэхэмжлэлийн үндэслэл шаардлага ойлгомжгүй, нотлох баримт дутуугаас нэхэмжлэлийн бүрдүүлбэр хангаагүй үндэслэлээр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.11-д зааснаар нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзжээ.
Дээрх нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах тухай шүүгчийн 10 дугаар сарын 21-ний өдрийн 000/ШЗ2022/17588 дугаар захирамжийг нэхэмжлэл гаргагчид 2022 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр гардуулан өгчээ.
Өмгөөлөгч О.А 2022 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр дахин нэхэмжлэл гаргасан. ...шүүхийн шүүгчийн 2022 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн 000/ШЗ2022/19428 дугаар захирамжаар нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзахдаа мөн хариуцагчийг “...эрх зүйн харилцаанд оролцсон хариуцагч этгээд болохыг нотолсон баримтыг ирүүлээгүй...” тул бүрдүүлбэр хангаагүй үндэслэлээр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.11-д зааснаар нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэжээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1-д “Шүүх хэргийн оролцогчийн гаргасан нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр нотлох баримтыг өөрийн дотоод итгэлээр үнэлнэ.” гэж заасанчлан баримтыг үнэлэн шийдвэрлэх эрх шүүгчийн бүрэн эрхэд хамаарах асуудал байх тул Шүүхийн сахилгын хороо үүнд дүгнэлт өгөх боломжгүй юм.
Шүүгч нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах захирамждаа нэхэмжлэгчийн төлсөн тэмдэгтийн хураамжийг төрийн сангаас буцаан гаргуулж, Д.Б-т олгохоор шийдвэрлэсэн байх ба нэхэмжлэлийн бүрдүүлбэрийг ханган дахин нэхэмжлэл гаргах эрх нэхэмжлэл гаргагчид нээлттэй байна.
“Шүүгч Ц.О, түүний туслах н.У нар нь бидэнд хоёр дахь удаагаа татгалзсан захирамжийг гардуулж өгөлгүй удаасан ба захирамж гарснаас хойш бүхэл бүтэн хоёр сарын дараа буюу 2023 оны 01 дугаар сарын 03-ны өдөр захирамжийг гардуулж өглөө” гэх тухайд:
Хэрэгт авагдсан баримтаас ...шүүхийн шүүгчийн 2022 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн 000/ШЗ2022/19428 дугаар захирамжийг нэхэмжлэл гаргагчид 2023 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр гардуулан өгсөн байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлд нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах талаар зохицуулсан боловч хуулийн энэхүү зохицуулалтад татгалзсан захирамжийг гардуулан өгөх хугацааг тодорхой тусгаагүй бөгөөд Шүүхийн ерөнхий зөвлөлийн 2022 оны 03 дугаар сарын 04-ний өдрийн 52 дугаар тогтоолоор баталсан Иргэний хэргийн хөдөлгөөний нийтлэг аргачлалаар зохицуулдаг.
Тус аргачлалын 4.4 дүгээр зүйлийн 4.4.1-т “Нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсан тухай” шүүгчийн захирамжийг шүүгчийн туслах Бүртгэл №3-д бүртгэн, захирамж гарсан өдрөөс 5 хоногийн дотор нэхэмжлэгчид, эсхүл түүний итгэмжлэгдсэн төлөөлөгчид мэдэгдэж, Баримт №7-г үйлдэнэ”, 4.4.2-т “Нэхэмжлэгч хууль зүйн туслалцаа авч буй өмгөөлөгчтэй бол өмгөөлөгчид нь мэдэгдэнэ”, 4.4.3-т “Нэхэмжлэгч нэхэмжлэл, түүнд хавсаргасан баримтыг ирж аваагүй, нэхэмжлэлд дурдсан хаягт оршин суудаггүй, нэхэмжлэлд дурдсан утасны дугаараар түүнтэй холбогдох, мэдэгдэх боломжгүй бол шүүгчийн туслах энэ тухай тэмдэглэл үйлдэж, Бүртгэл №3-т бүртгэн, архив, бичиг хэрэг хариуцсан ажилтанд хүлээлгэн өгч гарын үсэг зуруулна” гэж тус тус зохицуулсан.
Шүүгчийн туслах дээрх 2022 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн 000/ШЗ2022/19428 дугаар шүүгчийн захирамжийг 2023 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр буюу хуанлийн 49 хоногийн дараа гардуулан өгсөн нь тогтоогдож байх боловч захирамжийг гардуулах нь шүүгчийн туслахын ажил үүрэгт хамаарах асуудал байхаас гадна Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1.26-д “шүүхийн шийдвэр гаргахтай холбоотой хуульд тодорхой заасан хугацааг хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр удаа дараа 30 хоногоос дээш хугацаагаар, эсхүл нэг удаа 60 хоногоос дээш хугацаагаар зөрчих” гэсэн зөрчилд хамаарахааргүй байна.
Сахилгын хэрэгт авагдсан дээрх үйл баримтуудаас ...шүүхийн шүүгч Ц.О өргөдөлд дурдагдсан шүүхийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1.23-т заасныг зөрчсөн зөрчил гаргасан гэх үндэслэл тогтоогдохгүй байна. Иймд, ...шүүхийн шүүгч Ц.О-т холбогдуулан үүсгэсэн сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох санал гаргав” гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Сахилгын хорооны гишүүний 2023 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн ГЗҮ/2023/0015 дугаар захирамжаар өмгөөлөгч О.А-ын өргөдлөөр ...шүүхийн шүүгч Ц.О-т холбогдуулан сахилгын хэрэг үүсгэн, шалгах ажиллагаа явуулжээ.
Өргөдөл гаргагч “шүүгч Ц.О нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1 дэх хэсэгт заасан 11 үндэслэлд огт заагаагүй үндэслэлээр манай нэхэмжлэлийг хүлээж авалгүй хоёр ч удаа татгалзсан нь Шүүхийн тухай хуулийн 50.1.23-д заасан хуулийн илт тодорхой заалтыг удаа дараа зөрчиж буй үйлдэл хэмээн дүгнэж байна.” гэжээ.
Иргэн Д.Б-аас Э.С-д холбогдуулан “иргэн Д.Б иргэн Э.С-д бэлнээр 35.000.000 төгрөгийг зээлдүүлсэн бөгөөд үүнээс гадна Хаммер Эйч 2 /Hammer H2/ маркийн автомашиныг 30.000.000 төгрөгт тооцож Э.С-ийн нэр дээр шилжүүлэн өгсөн... Иймд хариуцагч Э.С-ээс 65.000.000 төгрөгийг гаргуулж өгнө үү” гэх нэхэмжлэлийг 2022 оны 10 дугаар сарын 13-ны өдөр ...шүүхэд гаргасныг шүүгч Ц.О 2022 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн 000/ШЗ2022/17588 дугаар захирамжаар “нэхэмжлэлийн үндэслэл шаардлага ойлгомжгүй, нотлох баримт дутуугаас нэхэмжлэлийн бүрдүүлбэр хангаагүй” гэж үзэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.11-т заасныг үндэслэн нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсан.
Нэхэмжлэгч Д.Б-аас дахин 2022 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр нэхэмжлэл гаргасан бөгөөд тус нэхэмжлэлийг 2022 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн 000/ШЗ2022/19428 дугаар шүүгчийн захирамжаар “нэхэмжлэлийн шаардлагатай холбоотой нотлох баримт болон зээлийн гэрээний хуулбар, Э.С-ийг эрх зүйн харилцаанд хариуцагч этгээд болохыг нотолсон баримтыг шүүхэд ирүүлээгүй тул бүрдүүлбэр хангаагүй” гэх үндэслэлээр нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэсэн байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 62 дугаар зүйлийн 62.1 дэх хэсэгт “Нэхэмжлэлийн бүрдүүлбэр хангах”, 65 дугаар зүйлийн “Шүүгч дараах тохиолдолд захирамж гарган нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзана”, 65.1.11-т “энэ хуулийн 62 дугаар зүйлд заасан шаардлагыг хангаагүй байвал” гэж зааснаас үзвэл шүүгч нэхэмжлэлийг бүрдүүлбэр хангаагүй байна гэж үзвэл хүлээн авахаас татгалзах эрхийг хуулиар олгожээ.
Иймд шүүгч хуульд заасны дагуу нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсаныг Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1.23-т “хуулийн илт тодорхой заалтыг ноцтой, эсхүл удаа дараа зөрчсөн үйлдэл, эс үйлдэхүй гаргах” гэж заасан сахилгын зөрчил гаргасан гэж үзэхгүй.
Түүнчлэн өргөдөл гаргагчаас “Шүүгч Ц.О, түүний туслах н.У нар нь бидэнд хоёр дахь удаагаа татгалзсан захирамжийг гардуулж өгөлгүй удаасан ба захирамж гарснаас хойш бүхэл бүтэн хоёр сарын дараа буюу 2023 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр захирамжийг гардуулж өглөө” гэж өргөдөлдөө дурджээ.
2022 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн 000/ШЗ2022/19428 дугаар шүүгчийн захирамжийг нэхэмжлэгчийн өмгөөлөгч О.А-т 2023 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр гардуулан өгсөн нь ...шүүхийн бүртгэлийн дэвтэрт тэмдэглэгдсэн байна.
Шүүгч Ц.О “эрүүл мэндийн шалтгааны улмаас эмнэлэгт хэд хэдэн удаа хэвтэн эмчлүүлсэн боловч биеийн эрүүл мэнд сайжраагүйгээс 2022 оны 11 сарын 23-ны өдрөөс 2023 оны 4 дүгээр сарын 01 хүртэл чөлөө авч эмчлүүлсэн. Эрүүл мэндийн нөхцөл байдлын улмаас өвчтэй байсан тул хүлээн авахаас татгалзсан захирамжийн хувийг нэхэмжлэгчид хүргүүлсэн эсэхэд хяналт тавих боломжгүй байсан” гэх тайлбарыг ирүүлсэн.
...шүүхийн 2022 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн 000/ЗТ2022/01997 дугаар шүүгчдийн зөвлөгөөний тогтоол, 2023 оны 01 дүгээр сарын 000/ЗТ2023/00153 дугаар шүүгчдийн зөвлөгөөний тогтоол зэргээс үзвэл шүүгч Ц.О нь 2022 оны 11 дүгээр сарын 23-ны өдрөөс 2023 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр хүртэл эрүүл мэндийн шалтгааны улмаас чөлөөтэй байсан байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах тухай захирамжийг хэд хоногийн дотор гардуулан өгөх талаар тодорхой зохицуулаагүй. Харин Шүүхийн Ерөнхий зөвлөлийн 2022 оны 03 дугаар сарын 04-ний өдрийн 52 дугаар тогтоолоор “Иргэний хэргийн хөдөлгөөний нийтлэг аргачлал”-ыг баталсан байх ба тус аргачлалын 4.4 дүгээр зүйлийн 4.4.1-т “Нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсан тухай” шүүгчийн захирамжийг шүүгчийн туслах Бүртгэл №3-д бүртгэн, захирамж гарсан өдрөөс 5 хоногийн дотор нэхэмжлэгчид, эсхүл түүний итгэмжлэгдсэн төлөөлөгчид мэдэгдэж, Баримт №7-г үйлдэнэ” гэж заажээ.
2022 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн 000/ШЗ2022/19428 дугаар шүүгчийн захирамжийг 2 сарын дараа нэхэмжлэгчид гардуулан өгсөн нь Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1.26-т “шүүхийн шийдвэр гаргахтай холбоотой хуульд тодорхой заасан хугацааг хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр удаа дараа 30 хоногоос дээш хугацаагаар, эсхүл нэг удаа 60 хоногоос дээш хугацаагаар зөрчих” гэж заасан сахилгын зөрчлийг шүүгч гаргасан гэж үзэх боломжгүй байна.
Тодруулбал, шүүгчийн захирамжийг гардуулах, хүргүүлэх нь шүүгчийн туслахыг үүрэг бөгөөд шүүгч нь дээрх ажиллагаанд хяналт тавих үүрэгтэй хэдий боловч шүүгч Ц.О нь эрүүл мэндийн хүндэтгэн үзэх шалтгааны улмаас 2023 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр хүртэл чөлөөтэй байсан тул уг ажиллагаанд хяналт тавьж чадаагүй байна.
Мөн шүүгч захирамждаа заасан зөрчлөө арилган шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрх нь нээлттэй болохыг дурдсан байх тул нэхэмжлэгчийн шүүхэд нэхэмжлэл гаргах эрхийг хязгаарлаагүй болохыг дурдах нь зүйтэй.
Иймд дээр дурдсан үндэслэлүүдээр илтгэгч гишүүний саналыг хүлээн авч, сахилгын хэргийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж бүрэлдэхүүн үзэв.
Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 112 дугаар зүйлийн 112.1, 112.1.2, 112.2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. ...шүүхийн шүүгч Ц.О-т холбогдох сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох тухай саналыг хүлээн авч, түүнд холбогдох сахилгын хэргийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2.Магадлалыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Сахилгын хороонд хэргийн оролцогч гомдол, илтгэгч гишүүн эсэргүүцэл гаргаж болохыг дурдсугай.
3.Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 112 дугаар зүйлийн 112.6-д зааснаар магадлал гаргаснаас хойш 14 хоногийн дотор сахилгын хэргийн оролцогч болон өргөдөл мэдээлэл гаргагчийн оршин суугаа газрын, эсхүл ажлын газрын хаягаар баталгаат шуудангаар, эсхүл албаны ажилтнаар хүргүүлэхийг Ажлын албанд даалгасугай.
4.Дээрх журмаар хүргүүлснээр магадлалыг гардан авсанд тооцох ба энэ нь гомдол гаргах хугацааг тоолох үндэслэл болохыг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ Д.АРИУНТУЯА
ГИШҮҮН Г.ЦАГААНЦООЖ
Д.ЭРДЭНЭЧУЛУУН