info@judiscom.mn 976 - 77113838 Холбоо барих ШИЛЭН ДАНС
ENMNG

МОНГОЛ УЛС

ШҮҮХИЙН САХИЛГЫН ХОРОО

МАГАДЛАЛ

2023-01-12

Дугаар 8

Улаанбаатар хот

Сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

Сахилгын хорооны хуралдааныг гишүүн Д.Ариунтуяа даргалж, гишүүн Х.Хашбаатар, С.Энхтөр нарын бүрэлдэхүүнтэй, илтгэгч гишүүн Б.Сугар, нарийн бичгийн дарга Г.Болортуяа нарыг оролцуулан тус хорооны хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар:

... шүүхийн шүүгч Т.Э-д холбогдох сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох саналыг хянан хэлэлцэв.

 ТОДОРХОЙЛОХ нь:

Өмгөөлөгч С.О нь Сахилгын хороонд гаргасан өргөдөлдөө: "... шүүхийн шүүгч Т.Э нь “Э” ХХК-ны нэхэмжлэлтэй, “С” ХХК-нд холбогдох иргэний хэргийн 2022 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн шүүх хуралдаанд хариуцагчийн төлөөлөгч, өмгөөлөгчөөс “Э” ХХК-тай байгуулсан бараа нийлүүлэх гэрээний төлбөрт 2 орон сууцыг төлбөрт авахаар тохирч, үүний дагуу Орон сууц захиалгын гэрээ байгуулсан бөгөөд орон сууц захиалгын гэрээг “Эх” ХХК-ийн нэрээр хийсэн байх тул “С” ХХК сөрөг нэхэмжлэл гаргахад дээрх компани нэхэмжлэгч талтай ямар хамааралтай, алиныг нь хариуцагчаар татахыг нотолсон баримтыг хариуцагчаас гаргуулах...” тухай хүсэлт гаргахад “...та нар сөрөг нэхэмжлэл гаргах албатай юм уу...” гэж уурлан загнасан. Хариуцагч “С” ХХК нь “Э” ХХК-тай 2020 оны 11-р сарын 26-ны өдөр “Бараа нийлүүлэх гэрээ \хаалга\” байгуулж гэрээний тусгай нөхцөлд төлбөрт 2 орон сууц өгөхөөр тохирч, “Орон сууц захиалгын гэрээ”-г “С”-тай байгуулахдаа “Эх” ХХК-ны нэрээр хийсэн, гэтэл “С” ХХК-ыг хариуцагчаар татаж, нэхэмжлэл гаргахдаа дээрх 2 орон сууцыг эзэмших эрхийг хэрхэх талаар оруулалгүй, гэрээний үлдэгдэл төлбөрийг бүхэлд нь нэхэмжилсэн бөгөөд “С” ХХК уг 2 орон сууцыг өөрийн нэр дээр шилжүүлүүлэх сөрөг нэхэмжлэл гаргах шаардлага гарсан боловч дээрх 2 компанийн алиныг нь хариуцагчаар татах нь тодорхойгүй байсан тул энэ байдлыг тодруулахын үүднээс шүүхэд хүсэлт гаргасан. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26-р зүйлийн 26.3-т “Хариуцагч нь сөрөг нэхэмжлэл гаргах эрхтэй” гэж заасан байхад шүүгч “...та нар сөрөг нэхэмжлэл гаргах албатай юм уу...” гэж уурлан загнасан нь хариуцагчийн сөрөг нэхэмжлэл гаргах эрхийг хязгаарласан, Шүүгчийн ёс зүйн дүрмийн 8.1-ийн “Шүүгч хэргийн оролцогчидтой харилцахдаа ялгавартай байдал гаргалгүйгээр тэгш, хүлээцтэй, хүндэтгэлтэй хандаж, шүүгчийн зүгээс хэргийг шударгаар шийдвэрлэж чадна гэсэн итгэл үнэмшлийг өөрийн үйл ажиллагаа үг яриагаар төрүүлж чадахуйц харилцааны соёлыг эзэмшсэн байх үүрэгтэй”, 8.3-ын “Шүүгч хэргийн оролцогчид болон бусад хүмүүстэй албан үүргийн хувьд харилцахдаа аашилж зандрах, айлган сүрдүүлэх, үзэл бодлоо тулгах зэргээр зүй бус авирлахыг хориглоно” гэснийг зөрчсөн. Иймд шүүгчийн энэ үйлдэл хууль зөрчсөн эсэхийг  шалгаж, хуулийн дагуу шийдвэрлэж өгнө үү” гэжээ.

 ... шүүхийн шүүгч Т.Э тус хороонд бичгээр ирүүлсэн хариу тайлбартаа: “...Хариуцагч компанийн гүйцэтгэх захирал Д.Б 2022 оны 07 дугаар сарын 07-ны өдөр, өмгөөлөгч С.О 2022 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр эрх, үүрэг танилцаж сөрөг нэхэмжлэл гаргах эрхтэйгээ мэдсэн байх ба, 2022 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийг хүртэл шүүхэд ямар нэгэн байдлаар сөрөг нэхэмжлэл гаргаагүй, сөрөг нэхэмжлэл гаргах эрхийг шүүх ямар нэгэн байдлаар хязгаарлаагүй болно.

Тус шүүх хуралдаан дээр хариуцагч талын гаргасан нотлох баримт гаргуулах, гэрч оролцуулах тухай хүсэлтийг шүүх хэлэлцэх явцад даргалагчаас “...танайх заавал уг хэрэг маргаантай холбоотойгоор сөрөг нэхэмжлэл гаргах албатай, ёстой юу, бие даасан нэхэмжлэл гаргахад болох биш үү...", “...сөрөг нэхэмжлэл гаргасан үед сөрөг нэхэмжлэлийн асуудал яригдах биш үү, сөрөг нэхэмжлэл гаргаагүй байж ийм зүйл ярих нь зөв үү..." гэх байдлаар асуужээ.

Өөрөөр хэлбэл, хариуцагч тал Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 73 дугаар зүйлд зааснаар шүүх хуралдаанаас өмнө сөрөг нэхэмжлэл гаргасан байх учиртай, түүнчлэн шүүх хуралдаанд бэлтгэлтэй ирсэн байх үүрэгтэй, зохигчдын хувьд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25, 26 дугаар зүйлд заасан эрх хэрэгжүүлэхийн зэрэгцээ, үүргээ биелүүлнэ, үүргээ биелүүлээгүй тохиолдолд хариуцлага хүлээх нь зүй ёсны асуудал юм. Харин сөрөг нэхэмжлэл гаргах, хариуцагчаа тодорхойлох, эрх зүйн байдлыг тодруулах зорилгоор нотлох баримт бүрдүүлдэггүй болно. Энэ агуулгаар буюу тодруулах, чиглүүлэх эрх хэмжээний хүрээнд шүүх дурдсан асуултыг тавьсан болох нь шүүх хуралдааны тэмдэглэлээс харагдаж байна.

Ийнхүү шүүх хариуцагч талын гаргасан хүсэлтийг хангахгүй орхиж, шүүх хуралдааныг үргэлжлүүлэхээр шийдвэрлэсэн байх боловч хариуцагч тал шүүгчийг татгалзан гаргах хүсэлт гаргаснаар шүүх хуралдаан хойшилсон, хойшилсон хугацаанд хариуцагч тал 2022 оны 12 дугаар сарын 01-ний өдөр сөрөг нэхэмжлэлийг шүүхэд гаргасан, шүүх сөрөг нэхэмжлэлийг хүлээн авч, холбогдох ажиллагаа хийсэн, өнөөдрийн байдлаар шүүх хэргийг эцэслэн шийдвэрлээгүй байна.

Иймд шүүгч миний бие Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журам болон Шүүхийн тухай хуулийн 50 дугаар зүйлд заасныг зөрчөөгүй, 2021 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн Шүүхийн тухай хууль /шинэчилсэн   найруулга/   хүчин   төгөлдөр   болсноор   Шүүгчийн   ёс   зүйн   дүрэм хэрэглэгдэхгүй тул хариуцагчийн өмгөөлөгчийн гомдол үндэслэлгүй байна. Өөрөөр хэлбэл энэхүү гомдол нь Шүүхийн тухай хуулийн 55 дугаар зүйлд заасан сахилгын зөрчилд   хамаарахгүй   байх   тул   хариуцагчийн   өмгөөлөгчийн   гаргасан   гомдлыг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.

 Илтгэгч гишүүн саналдаа: ...... шүүх 2022 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр “Э групп” ХХК-ийн нэхэмжлэлтэй “С” ХХК-д холбогдох иргэний хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцэж “Хүсэлт шийдвэрлэх тухай” 000/ШЗ2022/14473 дугаар захирамжаар хариуцагч талын гаргасан “Эх” ХХК нэхэмжлэгч “Э групп” ХХК-тай ямар хамааралтай болохыг тодруулж энэ талаарх баримтыг Улсын бүртгэлийн ерөнхий газраас гаргуулах, гэрчээр “Л” ХХК-ийн захирал н.А оролцуулах хүсэлтүүдийг хангахгүй орхиж, шүүх хуралдааныг цааш үргэлжлүүлсэн байна.

Шүүх хуралдаан үргэлжилж 2022 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн “Хүсэлт шийдвэрлэн, шүүх хуралдаан хойшлуулах тухай” 000/ШЗ2022/14503 дугаар захирамжаар хариуцагчийн өмгөөлөгчийн гаргасан шүүгчийг татгалзан гаргах тухай хүсэлт нь үндэслэлгүй, хуульд заасан журмын дагуу явуулсан шүүгчийн ажиллагаа түүнийг татгалзан гаргах үндэслэл болохгүй гэж үзэж шүүгчийг татгалзсан хариуцагчийн өмгөөлөгчийн хүсэлтийг хүлээн авах үндэслэлгүй байна гэж үзэж хангалгүй орхиж, уг захирамжид тухайн шатны шүүхэд гомдол гаргах эрхээр хангаж шүүх хуралдааныг хойшлуулж шийдвэрлэсэн байна.

Шүүх хуралдааны дуу-дүрсний бичлэгээр шүүгч шүүх хуралдаанд оролцсон хэргийн оролцогчдыг аашилж загнасан, аашилж загнасан гэх үг хэл, үйлдэл, төрх байдал гаргаагүй байх ба хариуцагчийг сөрөг нэхэмжлэл гаргах эрхийг нь хааж боосон гэх үйл баримт тогтоогдоогүй болно.

Шүүх хуралдааны явцад шүүгч заавал сөрөг нэхэмжлэл гаргах албатай юм уу?, Бие даасан нэхэмжлэлээ гаргах ёстой юм биш үү, сөрөг нэхэмжлэл гаргасан үедээ л нэхэмжлэлийн асуудал ярина. Танайх сөрөг нэхэмжлэл гаргаагүй байгаа шүү дээ. Сөрөг нэхэмжлэл гаргах гэж байгаа тул ингэх гэсэн юм гэсэн асуудлыг энд хэлэлцэхгүй ээ гэх зэргээр сөрөг нэхэмжлэл гаргаагүй байгаа талаар нь дурдаж сөрөг нэхэмжлэл шүүхэд гаргасан тохиолдолд сая тухайн сөрөг нэхэмжлэлийн асуудал яригдах тухай тодорхой тайлбарласан байна. 

Мөн хариуцагч “С” ХХК 2022 оны 12 дугаар сарын 01-ний өдөр “Э” ХХК-д холбогдуулан сөрөг нэхэмжлэл гаргасан, шүүх сөрөг нэхэмжлэлийг хүлээн авч сөрөг нэхэмжлэлийн хувийг гардуулсан болох нь сахилгын хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтаар нотлогдож байх бөгөөд шүүгч хариуцагчийн сөрөг нэхэмжлэл гаргах эрхийг хязгаарласан гэх үйл баримт үгүйсгэгдэж байгаа болно.

Монгол Улсын шүүхийн тухай хуульд заасан шүүгчид хориглосон, хязгаарласан, үүрэг болгосон зохицуулалтыг шүүгч зөрчсөн эсэхийг Шүүхийн сахилын хороо хянаж шалгах чиг үүрэгтэй ба холбогдох шүүгч Улсын бүртгэлийн ерөнхий газраас баримт гаргуулах, гэрчээр “Л” ХХК-ийн захирал н.А оролцуулах хүсэлтүүдийг хангахгүй орхиж, шүүх хуралдааныг үргэлжлүүлж, хариуцагчийн өмгөөлөгчийн гаргасан шүүгчийг татгалзан гаргах тухай хүсэлт нь үндэслэлгүй, хуульд заасан журмын дагуу явуулсан шүүгчийн ажиллагаа түүнийг татгалзан гаргах үндэслэл болохгүй гэж үзэж шүүгчийг татгалзсан хариуцагчийн өмгөөлөгчийн хүсэлтийг хүлээн авах үндэслэлгүй гэж үзэж хангалгүй орхиж, уг захирамжид гомдол гаргах эрхээр хангаж шүүх хуралдааныг хойшлуулж шийдвэрлэхдээ хуулиар олгосон бүрэн эрхийн хүрээнд шүүх хуралдаан явуулж холбогдох эрхийн акт гаргасан үйл баримт тогтоогдож байна. Шүүх хуралдааны явцад холбогдох шүүгч нь шүүгчид хориглосон, хязгаарласан үг хэл, үйлдэл гаргаагүй байх ба хуулиар олгосон бүрэн эрхийнхээ хүрээнд захирамж гаргасан, шаардлагатай зүйлсийг асууж тодруулсан, тайлбарласан үйл баримтыг шүүгч хуулийн илт тодорхой заалтыг ноцтой, эсхүл удаа дараа зөрчсөн гэж үзэхгүй. 

Өргөдөл гаргагч нь шүүгчийг Шүүгчийн ёс зүйн дүрмийн холбогдох зүйл заалтыг зөрчсөн гэсэн байх хэдий боловч Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хууль 2021 оны 03 дугаар сарын 01-ний өдрөөс хүчингүй болж, мөн өдрөөс Монгол Улсын шүүхийн тухай хууль /шинэчилсэн найруулга/ хүчин төгөлдөр үйлчилж эхэлсэн болохыг тайлбарлах нь зүйтэй байна. 

Иймд ... шүүхийн шүүгч Т.Э-д холбогдох сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох санал гаргав” гэжээ.

              ҮНДЭСЛЭХ нь:

Сахилгын хорооны гишүүний 2022 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 1440 дугаар захирамжаар өмгөөлөгч С.О-ийн өргөдлөөр ... шүүхийн шүүгч Т.Э-д холбогдуулан сахилгын хэрэг үүсгэн, шалгах ажиллагаа явуулжээ.

Өргөдөл гаргагч “Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.3-т “Хариуцагч нь сөрөг нэхэмжлэл гаргах эрхтэй” гэж заасан байхад шүүгч “...та нар сөрөг нэхэмжлэл гаргах албатай юм уу...” гэж уурлан загнасан нь хариуцагчийн сөрөг нэхэмжлэл гаргах эрхийг хязгаарласан” гэжээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.3 дахь хэсэгт “... Хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх, биелүүлэх буюу хүлээн зөвшөөрөхөөс татгалзах, сөрөг нэхэмжлэл гаргах, эвлэрэх эрхтэй” гэж заасан.

Сахилгын хэрэгт авагдсан баримтуудаас үзвэл шүүгч Т.Э “Э” ХХК-ийн нэхэмжлэлтэй “С” ХХК-д холбогдох иргэний хэрэгт хянан шийдвэрлэх ажиллагаа явуулж байгаа бөгөөд 2022 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр тус  иргэний хэргийн шүүх хуралдааныг товлон зарлаж хуралдуулжээ. 

Тухайн өдрийн шүүх хуралдаанд хариуцагчийн өмгөөлөгчөөс нотлох баримт гаргуулах, “Л” ХХК-ийн захирлыг гэрчээр асуулгах хүсэлт, сөрөг нэхэмжлэл гаргах талаар дурджээ. Дээрх хүсэлт, тайлбартаа холбогдуулан шүүгчээс “Танайх заавал уг хэрэг маргаантай холбоотойгоор сөрөг нэхэмжлэл гаргах албатай, ёстой юу? Бие даасан нэхэмжлэл гаргахад болох биш үү, ...Сөрөг нэхэмжлэл гаргах эрхийг нь хязгаарлахгүй. Сөрөг нэхэмжлэл гаргасны дараа сөрөг нэхэмжлэлийг хүлээж авах эсэх асуудал яригдах талаар хариуцагчийн өмгөөлөгчид хандан хэлсэн нь шүүх хуралдааны тэмдэглэл болон шүүх хуралдааны дуу, дүрсний бичлэгт авагдсан байна.

Шүүгч Т.Э 2022 оны 11 дүгээр  сарын  10-ны  өдрийн  000/ШЗ2022/14473 дугаар захирамжаар хариуцагчийн өмгөөлөгчийн гаргасан  хүсэлтийг хянан шийдвэрлэж, хүсэлтийг хангахгүй  орхисон  байх  ба  хариуцагчаас 2022 оны 12 дугаар сарын 01-ний өдөр “Э” ХХК-д холбогдуулан сөрөг нэхэмжлэл бичгээр гаргасныг шүүх хүлээн авчээ.

Иймд өргөдөл гаргагчийн сөрөг нэхэмжлэл гаргах эрхийг нь хязгаарласан, уурлан загнасан гэх өргөдөл нь сахилгын хэрэгт авагдсан баримтуудаас тогтоогдохгүй байх тул дээрх үндэслэлээр шүүгчийг сахилгын зөрчил гаргасан гэж буруутгах боломжгүй.

Түүнчлэн дээрх 2022 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн шүүх хуралдааны явцад хариуцагчийн өмгөөлөгчөөс “...Бид сөрөг нэхэмжлэл гаргах эрхтэй. Та бидний эрхийг хангахгүй байна. ...Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 91 дүгээр зүйлийн 91.1.3-т зааснаар шүүгчийг татгалзан гаргах” хүсэлтийг гаргасан байна.

Уг хүсэлтийг шүүгч “...хуульд заасан журмын дагуу явуулсан шүүгчийн ажиллагаа түүнийг татгалзан гаргах үндэслэл болохгүй” гэж дүгнэн хүсэлтийг хүлээн авахаас татгалзаж, гомдол гаргах эрхээр нь ханган шүүх хуралдааныг 2022 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн 13 цаг 30 минут хүртэл хугацаагаар хойшлуулсан байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 91 дүгээр зүйлийн 91.2 дахь хэсэгт “Энэ хуулийн 84 дүгээр зүйл, 91.1-д зааснаас бусад үндэслэлээр шүүгчийг татгалзаж үл болно”, 92 дугаар зүйлийн 92.4 дэх хэсэгт “Татгалзан гаргах тухай асуудлыг хүлээн авах эсэхийг шүүх бүрэлдэхүүн буюу шүүгч зөвлөлдөх тасалгаанд хэлэлцэж, тогтоол буюу захирамж гаргаж шийдвэрлэнэ” гэж заасны дагуу шүүгч Т.Э нь хуулиар олгосон бүрэн эрхийн хүрээнд шүүх хуралдааныг явуулж, эрх зүйн акт гаргасан үйл баримт тогтоогдож байна.

Мөн тухайн өдрийн шүүх хуралдааны тэмдэглэл, шүүх хуралдааны бичлэг зэргээс үзвэл шүүгч Т.Э нь шүүх хуралдааны эхэнд даргалагч болон шүүх хуралдааны нарийн бичгийн даргаас Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 91 дүгээр зүйлд заасан үндэслэлээр татгалзан гаргах хүсэлт байгаа эсэхийг зохигчдоос асууж тодруулахад зохигчид татгалзан гаргах хүсэлт байхгүй гэж хариулсан байгааг дурдах нь зүйтэй.

Түүнчлэн шүүгч маргаан бүхий иргэний хэрэгт хянан шийдвэрлэх ажиллагаа явуулахдаа хуулиар тогтоосон хэм хэмжээг зөрчсөн гэх үндэслэл тогтоогдоогүй, энэ талаарх илтгэгч гишүүний санал хэргийн баримтад үндэслэгдсэн байна.

Дээр дурдсан үндэслэлээр илтгэгч гишүүний саналыг хүлээн авч, сахилгын хэргийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж бүрэлдэхүүн үзэв.

Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 112 дугаар зүйлийн 112.1, 112.1.2, 112.2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. ... шүүхийн шүүгч Т.Э-д холбогдох сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох тухай саналыг хүлээн авч, түүнд холбогдох сахилгын хэргийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2.Магадлалыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Сахилгын хороонд хэргийн оролцогч гомдол, илтгэгч гишүүн эсэргүүцэл гаргаж болохыг дурдсугай.

3.Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 112 дугаар зүйлийн 112.6-д зааснаар магадлал гаргаснаас хойш 14 хоногийн дотор сахилгын хэргийн оролцогч болон өргөдөл мэдээлэл гаргагчийн оршин суугаа газрын, эсхүл ажлын газрын хаягаар баталгаат шуудангаар, эсхүл албаны ажилтнаар хүргүүлэхийг Ажлын албанд даалгасугай.

4.Дээрх журмаар хүргүүлснээр магадлалыг гардан авсанд тооцох ба энэ нь гомдол гаргах хугацааг тоолох үндэслэл болохыг тайлбарласугай.

 

ДАРГАЛАГЧ                                 Д.АРИУНТУЯА

ГИШҮҮН                                Х.ХАШБААТАР            

С.ЭНХТӨР