МОНГОЛ УЛС
ШҮҮХИЙН САХИЛГЫН ХОРОО
МАГАДЛАЛ
2023-05-24
Дугаар 74
Улаанбаатар хот
Сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Шүүхийн сахилгын хорооны хуралдааныг гишүүн Б.Сугар даргалж, гишүүн Д.Ариунтуяа, Д.Эрдэнэчулуун нарын бүрэлдэхүүнтэй, илтгэгч гишүүн Д.Мягмарцэрэн, хэргийн оролцогч Д.Г-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.У-г, өргөдөл гаргагч Г.Б, нарийн бичгийн дарга Г.Болортуяа нарыг оролцуулан тус хорооны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар:
... шүүхийн шүүгч Д.Г, шүүгч Б.А, Д.Э нарт холбогдох сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох тухай саналыг хянан хэлэлцэв.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Сахилгын хорооны гишүүний 2023 оны 5 дугаар сарын 04-ний өдрийн ГС/2023/0059 дугаартай “Сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох тухай санал”-д:
“... 1.Өргөдөлд дурдагдсан “...С.Б-ын өмгөөлөгч нар нь 2021 оны 1 дүгээр сарын 15-ны өдрөөс эхлэн хүчингүйд тооцогдож, 2022 оны 3 дугаар сарын 01-ний өдрөөс дагаж мөрдөж эхэлсэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль /ЭХХШТХА/-ийн 40.10.1 дэх хэсэгт зааснаар гомдол гаргасныг ... шүүхийн шүүгч Д.Г хүлээн авах эрхгүй мөртлөө гомдлыг хүлээн авч “...УДШ-ийн 2 шүүгч тусгай санал гаргасан байна.” хэмээн хуулиар өөрт нь байхгүй болсон эрхийг хэрэгжүүлэн дүгнэлт /ЭХХШТХ-ийн 40.11.1/ бичсэн байна...” гэх үндэслэлийн тухайд:
Хэрэгт авагдсан баримтаас С.Б нарт холбогдох ... дугаартай эрүүгийн хэргийг Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх хянан шийдвэрлэж 2020 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн .... дугаар магадлал гарсан байх бөгөөд тус магадлалд шүүгдэгч нар болоод тэдний өмгөөлөгч нараас гомдол гаргаж, хэрэг 2021 оны 1 дүгээр сарын 28-ны өдөр Улсын Дээд шүүхэд шилжин иржээ.
Монгол Улсын шүүхийн тухай хууль 2021 оны 3 дугаар сарын 01-ний өдрөөс хүчин төгөлдөр үйлчилж эхэлсэн бөгөөд магадлалд шүүгдэгчид болоод тэдний өмгөөлөгч нар дээрх хууль хэрэгжиж эхлэх хугацаанаас өмнө гомдол гаргасан болох нь сахилгын хэрэгт авагдсан баримтаар тогтоогдож байна.
Монгол Улсын шүүхийн тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн 15 дугаар зүйлд “Монгол Улсын шүүхийн тухай хууль хүчин төгөлдөр болж дагаж мөрдөхөөс өмнө Улсын дээд шүүхэд хяналтын журмаар гомдол, эсэргүүцэл гаргасан хэрэг, маргаанд Монгол Улсын шүүхийн тухай хууль /шинэчилсэн найруулга/-ийн 25.7.5 дахь заалт хамаарахгүй бөгөөд хэрэг, маргааныг Монгол Улсын шүүхийн тухай хууль /шинэчилсэн найруулга/, мөн хуультай холбогдуулан баталсан Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль хүчин төгөлдөр болохоос өмнө дагаж мөрдөж байсан хуулиар хянан шийдвэрлэнэ.” гэж заасан.
Иймд, Улсын Дээд шүүх магадлалд гаргасан шүүгдэгч болоод тэдний өмгөөлөгч нарын гомдлыг тухайн үед хүчин төгөлдөр мөрдөгдөж байсан Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг баримтлан 2021 оны 5 дугаар сарын 19-ний өдрийн ... дугаар тогтоолоор хянан шийдвэрлэжээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.10 дугаар зүйлийн 1-т “Хяналтын шатны шүүхийн шийдвэр хууль зөрчсөн гэж үзвэл энэ хуулийн 40.1 дүгээр зүйлд заасан этгээд уг шийдвэрийг гардан авснаас хойш 30 хоногийн дотор Улсын дээд шүүхийн Ерөнхий шүүгчид гомдол гаргаж болно”, 2-т “Хяналтын шатны шүүхийн шийдвэрт гаргасан гомдлыг уг хэргийг анхан шатны журмаар хянан шийдвэрлэсэн шүүхээр дамжуулан Улсын дээд шүүхэд хүргүүлж болно”, 3-т “Улсын дээд шүүхийн Ерөнхий шүүгч гомдлыг үндэслэлтэй гэж үзвэл 30 хоногийн дотор Улсын дээд шүүхийн хяналтын шатны Эрүүгийн хэргийн шүүгчдийн нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэхээр дүгнэлт гаргана. Ерөнхий шүүгчийн дүгнэлтэд хэрэг шийдвэрлэсэн байдал, хууль зөрчсөн үндэслэлийг тусгасан байна.”, 40.11 дүгээр зүйлийн 1-т “Хяналтын шатны шүүхийн шийдвэр гаргахад оролцсон шүүх бүрэлдэхүүний хоёр шүүгч тусгай санал гаргасан, эсхүл Улсын дээд шүүхийн Ерөнхий шүүгч дүгнэлт гаргасан, Улсын ерөнхий прокурор эсэргүүцэл бичсэн бол хэргийг 30 хоногийн дотор Улсын дээд шүүхийн хяналтын шатны Эрүүгийн хэргийн шүүгчдийн нэгдсэн хуралдаан /цаашид "Эрүүгийн хэргийн шүүгчдийн нэгдсэн хуралдаан" гэх/-аар хянан хэлэлцэж шийдвэрлэнэ”, 2-т “Энэ зүйлийн 1 дэх хэсэгт заасан тохиолдолд Улсын дээд шүүхийн Ерөнхий шүүгч Эрүүгийн хэргийн шүүгчдийн нэгдсэн хуралдаан явуулах тухай шийдвэр гаргаж, хуралдааны товыг тогтооно”, 3-т “Энэ зүйлийн 1 дэх хэсэгт заасан хуралдааныг Улсын дээд шүүхийн Ерөнхий шүүгч даргална”, 4-т “Эрүүгийн хэргийн шүүгчдийн нэгдсэн хуралдаан нь Улсын дээд шүүхийн Ерөнхий шүүгчээс гадна Эрүүгийн хэргийн танхимын нийт шүүгчийн дөрөвний гурваас доошгүй нь оролцсоноор хүчинтэйд тооцогдоно” гэж тус тус зохицуулсан.
Тус С.Б нарт холбогдох хэргийг хянан шийдвэрлэсэн Улсын Дээд шүүхийн Эрүүгийн хэргийн шүүх хуралдааны 2021 оны 5 дугаар сарын 19-ний өдрийн ... дугаар тогтоолд шүүх бүрэлдэхүүний 2 шүүгч болох Б.А, Д.Э нар тусгай санал бичсэн бөгөөд шүүгдэгч талуудаас гомдол гаргаагүй байна.
Иймд, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.11 дүгээр зүйлийн 1-т “...Хяналтын шатны шүүхийн шийдвэр гаргахад оролцсон шүүх бүрэлдэхүүний хоёр шүүгч тусгай санал гаргасан...” гэж заасанчлан бүрэлдэхүүний 2 шүүгч тусгай санал гаргасан байх тул Улсын Дээд шүүхийн Ерөнхий шүүгчийн 2021 оны 6 дугаар сарын 24-ний өдрийн “Улсын дээд шүүхийн хяналтын шатны Эрүүгийн хэргийн шүүгчдийн нэгдсэн хуралдааныг товлон зарлах тухай” 38 дугаар захирамжаар хуралдааны товыг тогтоон, тус хэргийг Эрүүгийн хэргийн шүүгчдийн нэгдсэн хуралдаанаар хянан хэлэлцэж, шийдвэрлэсэн болох нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдож байна.
Дээрх үйл баримтаас Улсын Дээд шүүхийн шүүгч Д.Г нь хуульд заасан зохицуулалтын хүрээнд Эрүүгийн хэргийн шүүгчдийн нэгдсэн хуралдаан явуулах тухай шийдвэр гаргаж, хуралдааны товыг тогтоон ажилласан байх бөгөөд өргөдөлд дурдсанчлан ямар нэгэн гомдлыг хүлээн авч, дүгнэлт гаргаагүй байна.
Иймд, өргөдөлд дурдсан “...ЭХХШТХА-ийн 40.10.1 дэх хэсэгт зааснаар гомдол гаргасныг ... шүүхийн шүүгч Д.Г хүлээн авах эрхгүй мөртлөө гомдлыг хүлээн авч “..УДШ-ийн 2 шүүгч тусгай санал гаргасан байна.” хэмээн, хуулиар өөрт нь байхгүй болсон эрхийг хэрэгжүүлэн дүгнэлт /ЭХХШТХ-ийн 40.11.1/ бичсэн байна...” гэх үндэслэлээр шүүгч Д.Г-г буруутгах үндэслэлгүй байна.
Өргөдөл гаргагч иргэн Г.Б ... шүүхийн шүүгч Д.Г-д холбогдуулан Шүүхийн сахилгын хороонд гаргасантай адил үндэслэлээр Үндсэн хууль зөрчсөн хэмээн үзэж, Үндсэн Хуулийн Цэцэд мэдээлэл гаргасан байх ба Үндсэн Хуулийн Цэц 2023 оны 1 дүгээр сарын 30-ны өдрийн 5 дугаар тогтоолоор маргаан хянан шийдвэрлэх ажиллагаа үүсгэхээс татгалзаж шийдвэрлэсэн талаар дурдах нь зүйтэй.
2. “...Улсын дээд шүүхийн Эрүүгийн танхимын шүүгч нарын илт хууль бус шийдвэр гаргах дээрх үйл ажиллагаанд Б.А, Д.Э нар нь “..УДШ-ийн Эрүүгийн хэргийн шүүхийн 2021 оны 5 дугаар сарын 19-ний өдрийн хуралдаанд бидний гаргасан тусгай саналаар хэрэг буцах ёстой..” гэсэн байр суурьтай, дэмжин оролцсон нь гэмт хэргийн бүрэлдэхүүнийг хангах үндэслэл болсон байна...” гэх өргөдлийн үндэслэлийн тухайд:
С.Б нарт холбогдох ... дугаартай хэргийг Улсын Дээд шүүх 2021 оны 5 дугаар сарын 19-ний өдөр Монгол Улсын шүүхийн тухай хуулийн дагаж мөрдөх журмын тухай хуулийн 15 дугаар зүйлд заасанчлан “...мөн хуультай холбогдуулан баталсан Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль... хүчин төгөлдөр болохоос өмнө дагаж мөрдөж байсан хуулиар хянан шийдвэрлэнэ” гэж заасанчлан хянан шийдвэрлэж, ... дугаар тогтоолыг гаргасан бөгөөд тус шийдвэрт шүүх бүрэлдэхүүний 2 гишүүн болох Б.А, Д.Э нар тусгай санал гаргасан байдаг.
Монгол Улсын Үндсэн хуулийн дөчин есдүгээр зүйлийн 1-т “Шүүгч хараат бус байж, гагцхүү хуульд захирагдана”, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1 дүгээр зүйлийн 4-т “Зөвлөлдөх тасалгаанд шийдвэрлэсэн асуудлаар цөөнх болсон шүүгч тусгай саналаа бичиж шүүхийн шийдвэрт хавсаргах ба түүнийг тогтоол уншиж сонсгоход зарлахгүй” гэж тус тус заасанчлан бүрэлдэхүүний 2 шүүгч тусгай санал гаргажээ.
С.Б нарын хэргийг хянан хэлэлцсэн Улсын Дээд шүүхийн 2021 оны 5 дугаар сарын 19-ний өдрийн шүүх хуралдааны дуу-дүрсний бичлэгт илтгэгч гишүүний хийсэн үзлэгт:[1] “...Улсын Дээд шүүхийн 2021 оны 5 дугаар сарын 19-ний өдрийн С.Б, Б.Б, Д.Г, Б.А, Б.Б нарт холбогдох ... дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэх шүүх хуралдааныг шүүгч Б.А даргалж, шүүгч С.Б, Б.Б, Б.Ц, Д.Э нарын бүрэлдэхүүнтэй хянан хэлэлцсэн байх ба хуралдаан хуульд заасан дэгийн дагуу үргэлжлэн явагдаж, даргалагчаас шийдвэрийн агуулгыг танилцуулснаар шүүх хуралдааныг хаасан байна.
Шүүх хуралдааны 20210519124049-145640 нэртэй бичлэгийн шүүгдэгч С.Б-ын өмгөөлөгч гомдлоо танилцуулах хэсэг буюу бичлэгийн 19 минут 50 секундээс 47 минут 45 секунд хүртэлх хэсэгт дуу бичигдээгүй, шүүгдэгч Б.А-ийн өмгөөлөгч Ц.Ц гомдлоо тайлбарлах хэсэг буюу 01 цаг 31 минут 04 секундээс буюу нийт 2 цагийн бичлэг дуустал дуу бичигдээгүй,
Шүүх хуралдааны үргэлжлэл 20210519124049-145640_001 нэртэй бичлэгийн 00 минут 00 секундээс 00 минут 34 секунд хүртэл дуу бичигдээгүй байх ба 00 минут 34 секундээс дуу гэнэт орж ирэн “...гомдлоо дэмжиж байнаа” гэх байдлаар дууны бичлэг гэнэт орж ирнэ. Шүүх хуралдаан үргэлжлэн явагдаж,
Даргалагч: Э өмгөөлөгчөөс нэмж хэлэх зүйл байна уу? давхцуулахгүйгээр... гэхэд бичлэгийн 01 минут 01 секундээс 09 минут 06 секунд хүртэл дууны бичлэг дахин байхгүй болж байгаад гэнэт орж ирж цааш хэвийн үргэлжлэн явагдсан ба прокурор хууль зүйн дүгнэлтээ танилцуулах хэсэг буюу 15 минут 02 секундээс 15 минут 40 секунд хүртэл буюу бичлэг дуустал дуу дахин алга болно.
Шүүх хуралдааны үргэлжлэл 20210519150000-150503 нэртэй бичлэгийн 00 минут 00 секундээс 00 минут 44 секунд хүртэл дууны бичлэг бас байхгүй болж байх бөгөөд үргэлжлэн 02 минут 28 секундээс 02 минут 34 секунд хүртэл дууны бичлэг дахин тасарч байхгүй болжээ. 02 минут 38 секундээс 05 минут 02 секунд хүртэл буюу бичлэг дуустал прокурорын дуу нэг давхцан, нэг алга болох маягаар ярьж байгаа зүйл бүхэлдээ ойлгомжгүй, бичигджээ.
Шүүх хуралдааны үргэлжлэл 20210519150713-151218 нэртэй бичлэгийн 00 минут 00 секундээс 05 минут 02 секунд хүртэл дуу дүрсний бичлэг хэвийн бичигдсэн байна.
Шүүх хуралдааны үргэлжлэл 20210519201402-202313 нэрээр хадгалагдсан 9 минут 11 секундийн шүүх хуралдааны даргалагчаас шийдвэрийн агуулгыг танилцуулж буй дуу дүрсний бичлэг хэвийн бичигдсэн байна.
Шүүх хуралдааны явцад бүрэлдэхүүний шүүгч нараас бидний гаргасан тусгай саналаар хэрэг буцах ёстой гэж ойлгогдохоор байр суурь илэрхийлсэн ямар нэг үйл баримт байхгүй байх бөгөөд шийдвэрийн агуулгыг танилцуулах үед шүүгч нар тусгай санал гаргасан талаар танилцуулаагүй болохыг үзлэгээр бэхжүүлж хэрэгт хавсаргасан.
Шүүхийн сахилгын хорооны гишүүний 2023 оны 03 дугаар сарын 29-ний өдрийн ГЗБ/2023/0206 дугаар захирамжаар иргэн Г.Б-ын өргөдөлтэй нэр бүхий шүүгч нарт холбогдох сахилгын хэрэгт Шүүх шинжилгээний ерөнхий газрын Инженер-техникийн шинжилгээний газрыг шинжээчээр томилж,
1.Шинжилгээнд хүргүүлж буй Улсын Дээд шүүхийн тамгын газраас 2023 оны 2 дугаар сарын 14-ний өдөр 06/587 дугаартай албан бичгээр ирүүлсэн ... дугаартай ... хэргийг хянан хэлэлцсэн шүүх хуралдааны 20210519124049-145640, 20210519124049-145640_001, 20210519150000-150503, 20210519150713-151218, 20210519201402-202313 гэсэн нэр бүхий бичлэгүүдийг хуулсан цагаан өнгийн диск нь шинжилгээнд тэнцэх эсэх,
2.Дискэнд бичигдсэн 20210519124049-145640, 20210519124049-145640_001, 20210519150000-150503 гэсэн нэр бүхий MPGfile-ууд нь тус бүр хэдэн цаг, минут, секундийн хугацаанд үргэлжилсэн талаар, бичлэг нь хийгдсэнээс эхлээд дуусах хүртэлх хугацаанд дундаа тасалдсан (бичлэг хассан), тус засвар хийгдсэн эсэх,
3.Дискэнд бичигдсэн 20210519124049-145640, 20210519124049-145640_001, 20210519150000-150503 гэсэн нэр бүхий MPGfile-д байх тасалдсан дууны бичлэгийг тодруулах боломжтой эсэх (боломжтой бол тодруулан хуулбарлах) зэрэг асуултад дүгнэлт гарган ирүүлэхийг Шүүх шинжилгээний ерөнхий газрын Инженер-техникийн шинжилгээний газарт даалгасан.
Шүүх шинжилгээний Ерөнхий газрын 2023 оны 4 дүгээр сарын 19-ний өдрийн 13/2739 дүгээр албан бичгээр ирүүлсэн 2023 оны 4 дүгээр сарын 17-ны өдрийн 1650 дугаар Шинжээчийн дүгнэлтэд: Шинжилгээнд ирүүлсэн “20210519124049-145640 mpg”, “20210519124049-145640_001 mpg”, “20210519150000-150503 mpg”, “20210519150713-151218 mpg”, “20210519201402-202313 mpg” гэсэн нэртэй дүрс бичлэгүүд шинжилгээнд тэнцэнэ.
- Шинжилж буй “20210519150713-151218 mpg”, “20210519201402-202313 mpg” гэсэн нэртэй дүрс бичлэгүүд нь тасралт, өөрчлөлтгүй байна. Харин “20210519124049-145640 mpg”, “20210519124049-145640_001 mpg”, “20210519150000-150503 mpg” гэсэн нэртэй дүрс бичлэгүүдийн фрэйм болон дууны спектрограмм бүтцэд тасралт, дүрс-дуу авианы алдагдал үүссэн байна. Тухайн алдагдал нь дүрс бичлэгийн төхөөрөмжийн хэвийн бус ажиллагаанаас үүссэн байх боломжтой.
- Шинжилж буй тасралт, дүрс-дуу авианы алдагдал үүссэн “20210519124049-145640 mpg”, “20210519124049-145640_001 mpg”, “20210519150000-150503 mpg” гэсэн нэртэй дүрс бичлэгүүдийн алдагдсан фрэймийг сэргээх боломжгүй” гэжээ.
Дээрх хэрэгт авагдсан үйл баримтаас Улсын дээд шүүхийн хяналтын шатны Эрүүгийн хэргийн 2021 оны 5 дугаар сарын 19-ний өдрийн шүүх хуралдаанд “...шүүгч нарын илт хууль бус шийдвэр гаргах дээрх үйл ажиллагаанд Б.А, Д.Э нар нь “..УДШ-ийн Эрүүгийн хэргийн шүүхийн ... хуралдаанд бидний гаргасан тусгай саналаар хэрэг буцах ёстой..” гэсэн байр суурьтай, дэмжин оролцсон...” гэж үзэхээр үйл баримт тогтоогдсонгүй.
Шүүхийн сахилгын хорооны гишүүнд хуулиар олгогдсон эрх хэмжээний хүрээнд холбогдох шүүгч нарт сахилгын хэрэг үүсгэн шалгах ажиллагааг явуулахад өргөдөлд дурдагдсан нэр бүхий шүүгч нарт Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 55 дугаар зүйлд заасан шүүгчид хориглосон, үүрэг болгосон, хязгаарласан зохицуулалтыг зөрчсөн шүүгчийн сахилгын зөрчил гаргасан гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байна.
Иймд, ... шүүхийн шүүгч Д.Г, шүүгч Б.А, Д.Э нарт үүсгэсэн сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох санал гаргав” гэжээ.
ҮНДЭСЛЭХ НЬ:
Шүүхийн сахилгын хорооны гишүүний 2023 оны 1 дүгээр сарын 11-ний өдрийн “Сахилгын хэрэг үүсгэх тухай” ГЗҮ/2023/0005 дугаар захирамжаар ... шүүхийн шүүгч Д.Г, Б.А, Д.Э нарт холбогдуулан сахилгын хэрэг үүсгэн, шалгах ажиллагааг явуулж, 2023 оны 5 дугаар сарын 04-ний өдрийн ГС/2023/0059 дугаартай “Сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох тухай санал” гаргасныг Шүүхийн сахилгын хорооны хуралдаанаар хянан хэлэлцэв.
Сахилгын хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтаар С.Б нарт холбогдох ... дугаартай эрүүгийн хэргийг шийдвэрлэсэн ... шүүхийн 2020 оны 7 дугаар сарын 17-ны өдрийн ... шийтгэх тогтоолыг ... давж заалдах шатны шүүх хянан шийдвэрлэж 2020 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн ... дугаар магадлал гарсан байх бөгөөд тус магадлалд шүүгдэгчид болон тэдгээрийн өмгөөлөгч нараас хяналтын журмаар гомдол гаргаж, тус хэрэг 2021 оны 1 дүгээр сарын 28-ны өдөр Улсын Дээд шүүхэд иржээ.
Монгол Улсын шүүхийн тухай хууль /шинэчилсэн найруулга/-ийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн 15 дугаар зүйлд “Монгол Улсын шүүхийн тухай хууль /шинэчилсэн найруулга/ хүчин төгөлдөр болж дагаж мөрдөхөөс өмнө Улсын дээд шүүхэд хяналтын журмаар гомдол, эсэргүүцэл гаргасан хэрэг, маргаанд Монгол Улсын шүүхийн тухай хууль /шинэчилсэн найруулга/-ийн 25.7.5 дахь заалт хамаарахгүй бөгөөд хэрэг, маргааныг Монгол Улсын шүүхийн тухай хууль /шинэчилсэн найруулга/, мөн хуультай холбогдуулан баталсан Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль хүчин төгөлдөр болохоос өмнө дагаж мөрдөж байсан хуулиар хянан шийдвэрлэнэ.” гэж заасан, түүнчлэн 2021 оны 3 дугаар сарын 01-ний өдрөөс хүчин төгөлдөр хэрэгжиж эхэлсэн бөгөөд шүүгдэгчид, тэдгээрийн өмгөөлөгч нарын магадлалд гаргасан гомдол нь дээрх хууль хэрэгжиж эхлэхээс өмнөх цаг хугацаанд хамаарч байна.
Улсын Дээд шүүхийн Ерөнхий шүүгч Д.Г гомдол гаргасан үед дагаж мөрдөж байсан Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.11 дүгээр зүйлийг баримтлаад хуралдааны товыг зарлан захирамж гаргаж, улмаар Улсын Дээд шүүхийн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдааны 2021 оны 5 дугаар сарын 19-ний өдрийн 238 дугаар тогтоолоор С.Б нарт холбогдох ... дугаартай хэргийг хянан шийдвэрлэжээ.
Монгол Улсын Үндсэн хуулийн дөчин есдүгээр зүйлийн 1-т “Шүүгч хараат бус байж, гагцхүү хуульд захирагдана”, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1 дүгээр зүйлийн 4-т “Зөвлөлдөх тасалгаанд шийдвэрлэсэн асуудлаар цөөнх болсон шүүгч тусгай саналаа бичиж шүүхийн шийдвэрт хавсаргах ба түүнийг тогтоол уншиж сонсгоход зарлахгүй” гэж тус тус зааснаар тус эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэсэн Улсын Дээд шүүхийн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдааны 2021 оны 5 дугаар сарын 19-ний өдрийн ... дугаар тогтоолд шүүх бүрэлдэхүүний 2 шүүгч болох Б.А, Д.Э нар тусгай санал гаргасан байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн, 40.11 дүгээр зүйлийн 1-т “Хяналтын шатны шүүхийн шийдвэр гаргахад оролцсон шүүх бүрэлдэхүүний хоёр шүүгч тусгай санал гаргасан... бол хэргийг 30 хоногийн дотор Улсын дээд шүүхийн хяналтын шатны Эрүүгийн хэргийн шүүгчдийн нэгдсэн хуралдаанаар хянан хэлэлцэж шийдвэрлэнэ” гэж заасныг үндэслэн Улсын Дээд шүүхийн Ерөнхий шүүгчийн 2021 оны 6 дугаар сарын 24-ний өдрийн “Улсын дээд шүүхийн хяналтын шатны Эрүүгийн хэргийн шүүгчдийн нэгдсэн хуралдааныг товлон зарлах тухай” 38 дугаар захирамжаар хуралдааны товыг тогтоон, тус хэргийг Эрүүгийн хэргийн шүүгчдийн нэгдсэн хуралдаанаар хянан хэлэлцэж, шийдвэрлэсэн, түүнчлэн шүүгдэгч талуудаас гомдол гаргаагүй болох нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдож байна.
Дээрх үйл баримтаас ... шүүхийн шүүгч Д.Г нь хуульд заасан зохицуулалтын хүрээнд Эрүүгийн хэргийн шүүгчдийн нэгдсэн хуралдаан явуулах тухай шийдвэр гаргаж, хуралдааны товыг тогтоосон байх тул өргөдөл гаргагчийн өргөдөлд дурдсан хүлээн авах эрхгүй гомдлыг хүлээн авч, хуулиар өөрт нь байхгүй болсон эрхийг хэрэгжүүлэн дүгнэлт хийсэн хэмээн буруутгах үндэслэлгүй байна. Мөн шүүгч Б.А, Д.Э нар нь хүчин төгөлдөр хууль тогтоомжийн хүрээнд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцсон байх бөгөөд өргөдөлд дурдагдсан нэр бүхий шүүгч нарт Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 55 дугаар зүйлд заасан шүүгчид хориглосон, үүрэг болгосон, хязгаарласан зохицуулалтыг зөрчсөн шүүгчийн сахилгын зөрчил гаргасан гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байна гэж илтгэгч гишүүн үзэж сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох санал гаргасан нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх тул тус саналыг хүлээн авч, сахилгын хэргийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж бүрэлдэхүүн үзэв.
Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 112 дугаар зүйлийн 112.1, 112.1.2, 112.2 дах хэсэгт заасныг удирдлага болгон
ТОГТООХ НЬ:
1. ... шүүхийн шүүгч Д.Г, Б.А, Д.Э нарт холбогдох сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох тухай саналыг хүлээн авч, сахилгын хэргийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2. Магадлалыг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Сахилгын хороонд сахилгын хэргийн оролцогч гомдол, илтгэгч гишүүн эсэргүүцэл гаргаж болохыг дурдсугай.
3. Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 112 дугаар зүйлийн 112.6-т зааснаар магадлал гаргаснаас хойш 14 хоногийн дотор сахилгын хэргийн оролцогч болон өргөдөл гаргагчийн оршин суугаа газрын эсхүл ажлын газрын хаягаар баталгаат шуудангаар, эсхүл ажлын албаны ажилтнаар хүргүүлэхийг ажлын албанд даалгасугай.
4. Дээрх журмаар хүргүүлснээр магадлалыг гардан авсанд тооцох ба энэ нь гомдол гаргах хугацааг тоолох үндэслэл болохыг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ, ГИШҮҮН Б.СУГАР
ГИШҮҮН Д.АРИУНТУЯА
Д.ЭРДЭНЭЧУЛУУН