info@judiscom.mn 976 - 77113838 Холбоо барих ШИЛЭН ДАНС
ENMNG

МОНГОЛ УЛС

ШҮҮХИЙН САХИЛГЫН ХОРОО

МАГАДЛАЛ

2023-04-26

Дугаар 61

Улаанбаатар хот

Сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

Шүүхийн  сахилгын хорооны хуралдааныг гишүүн Б.Сугар даргалж, гишүүн Д.Ариунтуяа, Д.Мягмарцэрэн нарын бүрэлдэхүүнтэй, илтгэгч гишүүн Г.Цагаанцоож, нарийн бичгийн дарга Г.Хаш-Эрдэнэ нарыг оролцуулан тус хорооны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар:

шүүхийн шүүгч З.Т, Т.Ж нарт холбогдох сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох тухай саналыг хянан хэлэлцэв.   

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Сахилгын хорооны гишүүний 2023 оны 04 дүгээр сарын 13-ны өдрийн ГС/2023/0051 дугаартай “Сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох тухай санал”-д:

“... Холбогдох шүүгч нар Монгол Улсын шүүхийн тухай хуульд заасан  хориглосон, хязгаарласан, үүрэг болгосон зохицуулалтыг зөрчсөн эсэхийг шалгах ажиллагааны хүрээнд цугларсан нотлох баримтын хүрээнд  өргөдөлд дурдсан асуудал тус бүрээр тодорхойлов.

1. Шүүгч Б.Ж-д  холбогдох гомдлын талаар:

1.1.Өргөдөл гаргагч нь шүүгчийг дараах үндэслэлээр нөлөөллийн мэдүүлэг хөтлөөгүй гэж үзжээ. Үүнд: 

а/Өмгөөлөгч Б.С-ийн “Өмгөөллийн үйлчилгээ, эрх зүйн туслалцаа үзүүлэх гэрээ”-г шүүхэд хүлээн авсан бүртгэл байхгүй, хүлээн авсныг баталгаажуулсан тэмдэг дараагүй байхад шүүгчийн туслах Ж.О 2021 оны 10 дугаар сарын 07-ны өдөр “Өмгөөлөл, хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ”-г нэмж хийсэн, шүүгч болон туслах нар өмгөөлөгч гэх Б.С-д эрх, үүрэг танилцуулж, нөлөөллийн мэдүүлэг танилцуулсан тухай баримтад гарын үсэг зуруулахдаа холбогдох ажиллагааг хийж, баримтыг хэрэгт хавсаргана гэсэн журамд заасан ажиллагааг хийгээгүй, 

б/Өмгөөлөгч Б.С-ийн 2021 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн шүүхэд гаргасан хүсэлт хоорондоо утга агуулга, он цагийн хувьд зөрүүтэй, цар тахлын үеийн хорио цээрийн дэглэмийг ноцтой зөрчсөн, гэрийн хорионд байх ёстой, корона вирусийн халдварын шинж тэмдэг илэрсэн гэх этгээд 2021 оны 10 дугаар сарын 07-ны өдөр шүүхэд хүсэлт гаргасан нь хууль дүрэм, журмыг ноцтой зөрчсөн, түүний бичсэн зүйлийг нотлох баримтыг хүсэлтэд хавсаргаагүй,

в/Шүүгчийн захирамжийг хариуцагч Ч.К, түүний өмгөөлөгч Б.С нар хэзээ гардаж авсан, авснаа гарын үсэг зурж баталгаажуулсан тухай баримт хэрэгт байхгүй,

г/Шүүгчийн захирамж гарсан өдрөөс хойш 17 хоногийн дараа өмгөөлөгч Б.С гомдол гаргасан, ... шүүгчийн туслах Т.Т нь өмгөөлөгч Б.С-ийг нэхэмжлэгчийн өмгөөлөгч, хариуцагчийн өмгөөлөгч зэргээр худал тэмдэглэл үйлдсэн,

д/Шүүгчийн туслах Ж.О 2021 оны 07 дугаар сарын 29-ний өдөр баримт №4-ийг үйлдэхдээ шүүгч Т.Ж-ийн гарын үсгийг дураараа зурсан байхад, дарагч хэрэглэн засварлаж, гарын үсгээ нөхөж зурсан,

е/Шүүгчийн 2021 оны 6 дугаар сарын 04-ний өдрийн 1999 дугаартай захирамжийн 2-т “..." сургууль нь нотлох баримтуудыг эхээр нь ...2021 оны 06 дугаар сарын 15-ны дотор шүүхэд ирүүлэхийг мэдэгдсүгэй” гэсэн ч зарим нотлох баримтуудыг 2021 оны 11 дүгээр сарын 15 хүртэл бүтэн 5 сар буюу 150 хоног ирүүлээгүй ба өнөөдрийг хүртэл 2021 оны 11 дүгээр сарын 15-аас 2023 оны 1 дүгээр сарын 25 хүртэл 1 жил 2 сар 10 хоног буюу 435 хоног өнгөрсөн гэжээ.

Монгол Улсын шүүхийн тухай хууль /Шинэчилсэн найруулга/-ийн 45 дугаар зүйлийн 45.1-т “тухайн хэрэг, маргааныг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүгч, шүүх бүрэлдэхүүнд аливаа этгээдээс нөлөөлөхөөр оролдсон бүх тохиолдлыг тэмдэглэн баталгаажуулж нөлөөллийн мэдүүлэг хөтөлнө” гэж заажээ. Өөрөөр хэлбэл, аливаа этгээд нь  хэрэг,  маргаан шийдвэрлэхтэй холбогдуулан шүүгч, шүүх бүрэлдэхүүнд шан харамж,  бэлэг сэлт өгөх, өгөхөөр завдах, дарамт шахалт үзүүлэх, дарамтлах, заналхийлэх, доромжлох, гүтгэх, бие болон орон байр, аюулгүй байдалд нь халдах, шийдвэрийг урьдчилан хэлэхийг санал болгох, зааварчилгаа өгөх зэргээр нөлөөлсөн тохиолдолд шүүгч нөлөөллийн мэдүүлэг хөтлөх ба Шүүхийн ерөнхий зөвлөл мэдүүлгийг хүлээн авч холбогдох журмын дагуу шийдвэрлэнэ.  

Өргөдөлд дурдсан дээрх гомдол нь шүүгч нөлөөллийн мэдүүлэг хөтлөх үндэслэлд хамаарахгүй болно.

Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 45 дугаар зүйлийн 45.8-т шүүгч энэ хуулийн 45.1-д заасан нөлөөллийн мэдүүлгээс гадна энэ хуулийн 44.2-т заасан этгээдтэй уулзсан, харилцсан бөгөөд уг этгээд өөрөө, эсхүл бусдаар дамжуулан тухайн шүүгчид аливаа хэлбэрээр нөлөөлсөн, нөлөөлөхөөр оролдсон, үүрэг чиглэл өгсөн болсон энэ талаарх мэдээллийг агуулсан тэмдэглэл үйлдэж, битүүмжлэн Ерөнхий зөвлөлд ажлын 3 хоногийн дотор хүргүүлэх үүрэгтэй ба энэхүү үүргээ биелүүлээгүй бол хуулийн 50.1.39-т заасан хориглолтыг зөрчсөн гэж үзнэ. Шүүгч Т.Ж энэхүү заалтыг зөрчсөн гэх үндэслэл хэргийн баримтаар тогтоогдоогүй болно.

1.2.Монгол улсын шүүхийн тухай хуулийн 55 дугаар зүйлд зааснаар шүүгч хуулиар хориглосон, хязгаарласан, үүрэг болгосон зохицуулалтыг зөрчсөн тохиолдолд сахилгын шийтгэл оногдуулахаар заасан. 

Өргөдөлд дурдсан дээрх гомдол нь сахилгын зөрчилд хамаарахгүй байна.  Тухайлбал, өмгөөлөгч Б.С,  хариуцагч ... сургуулийн захирал  Ч.К нарын хооронд 2021 оны 05 дугаар сарын 18-ны өдөр Өмгөөллийн үйлчилгээ, эрх зүйн туслалцаа үзүүлэх гэрээ байгуулсан нь хэрэгт авагджээ. Өмгөөлөгч энэхүү гэрээг шүүхэд өгөхдөө заавал бүртгэлээр дамжуулах, түүнд шүүхийн тэмдэг дарах талаар хуульд тусгайлан зохицуулаагүй болно.

Шүүгч нэхэмжлэгч, хариуцагчийн төлөөлөгч, хариуцагчийн өмгөөлөгч нарт шүүгч эрх, үүргийг тайлбарласан, мөн нөлөөллийн мэдүүлгийг танилцуулан үр дагаврыг танилцуулж, энэ тухай баримт үйлдсэн нь сахилгын хэрэгт авагдсан баримтаар тогтоогдож байгаа ба энэ нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 67 дугаар зүйлийн 67.1.1-г зөрчөөгүй байна. Түүнчлэн нэхэмжлэлийн хувийг гардуулсан тухай баримтад шүүгч Т.Ж гарын үсгээ зуржээ.

Шүүх зохигчийн хүсэлтийг хангаж, тодорхой ажиллагаа явуулсан,  нэхэмжлэгч 2021 оны 10 дугаар сарын 25-ны өдөр нэхэмжлэлийн шаардлагаа өөрчлөн нэмэгдүүлсэн ба хариуцагчийн өмгөөлөгч Б.С 2021 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн хүсэлтдээ корона вирусын халдвар авсан этгээдийн ойрын буюу 1 дүгээр зэргийн хавьтагч болсон тул тусгаарлалтад байх хугацаанд шүүх хуралдаанд товлохгүй байхыг мэдэгджээ. Энэ үед  улс орон даяар Ковид-19 вирусын цар тахлын хязгаарлалт тогтоосон байсан боловч  шүүхийн байгууллага тогтоосон журмаар ажиллаж байсан. Харин  өмгөөлөгч халдварын шинж тэмдэг илэрсэн тул шүүх хуралдааныг хойшлуулах хүсэлт гаргасныг шүүх 2021 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн 11 цаг 39 минутад хүлээн авч, бүртгэсэн нь тогтоогдсон ба нийтэд илэрхий үйл баримтыг дахин нотлох шаардлагагүй, энэ үндэслэлээр шүүгч шүүх хуралдааны товыг жич товлон зарлахаар тогтоосныг хууль зөрчсөн гэж үзэх боломжгүй.

Иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг түдгэлзүүлсэн шүүгчийн 2021 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн 4547 дугаар захирамжийг зохигч талуудад мөн өдөр мэдэгдсэн талаар уг баримтад дурджээ.

Түүнчлэн шүүгчийн 2021 оны 06 дугаар сарын 04-ний өдрийн 1999 дугаар захирамжаар нэхэмжлэгчийн хүсэлтийг хангаж, дурдсан нотлох баримтыг шаардлага хангуулан 2021 оны 06 дугаар сарын 18-ны өдрийн дотор ирүүлэхийг холбогдох этгээдэд мэдэгдэж шийдвэрлэжээ. Үүний дагуу хариуцагч 2021 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн 21/22 дугаар албан бичгээр хариуг ирүүлсэн байна. 

Шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.3, 38.6-д заасны дагуу хариуцагчид нотлох баримтыг гаргахыг даалгасан, хариуцагч нотлох баримтыг шүүгчийн захирамжид заасан хугацаанд гаргаж өгсөн байх ба харин өөрт байхгүй гаргаж өгөх боломжгүй баримтын талаар мэдэгдсэн, энэ тохиолдолд шүүгчийг  буруутгах үндэслэлгүй.

Түүнчлэн тухайн иргэний хэргийг түдгэлзүүлсэн, энэ тохиолдолд шүүгч хянан шийдвэрлэх ажиллагаа явуулах боломжгүй юм.

1.3.Дархан-Уул аймгийн прокурорын газар нь  Б.А-ын “... шүүгчийн туслах Ж.О өмгөөллийн үйлчилгээ, эрх зүйн туслалцаа үзүүлэх гэрээг нөхөж хийсэн” гэх гомдол мэдээллийг шалгаад прокурорын 2023 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн 31 дугаар тогтоолоор хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзжээ. Ийнхүү шийдвэрлэхдээ “...өмгөөлөгч  гэрээ байгуулсан цаг хугацаанаас хойш тухайн иргэний хэргийн  хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцсон байх тул гэрээг нөхөж хийсэн гэдэг нь тогтоогдохгүй байна” гэж үзжээ.

2. Ерөнхий шүүгч З.Т-ийн талаар:

2.1. Б.А-ын нэхэмжлэлтэй хариуцагч Л.А-д холбогдох гэрлэлт цуцлах, хүүхдийн асрамж, тэтгэлэг тогтоолгох... тухай иргэний хэргийг хянан шийдвэрлэх явцад шүүгч Т.Э нэхэмжлэгч Б.А-ын хүсэлтийг хангаж, 2012 оны 04 дүгээр сарын 13-ны өдрийн 1140 дүгээр захирамжаар гарын үсгийн шинжилгээ хийлгэхээр Шүүхийн шинжилгээний албыг шинжээчээр томилох ажиллагаа явуулж байсан ба уг хэрэг дээр дурдсанаар эцэслэн шийдвэрлэгдсэн. 

Б.А нь ... шүүхийн шүүгч З.Т-д 2021 оны 10 дугаар сарын 26-ны өдөр гаргасан хүсэлтдээ “... шүүгчийн дээрх захирамжийг шинжилгээний байгууллагад хүргүүлэх талаар дурдаад, шүүгчийн захирамжийг хэргийн оролцогч нарт танилцуулаагүй, шинжилгээний албанд хүргүүлээгүй шүүгч Т.Э, шүүгчийн туслах, нарийн бичгийн дарга З.Т нарын үйлдэл гэмт хэргийн шинжтэй тул холбогдох хуулийн байгууллагад шилжүүлж өгнө үү” гэжээ.

Шүүгч З.Т 2021 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн 485 дугаар албан бичгээр хариу өгөхдөө “...шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсон тул хүсэлтийг хангах боломжгүй...” гэжээ.

Тухайн маргааныг эцэслэн шийдвэрлэсэн шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсон тохиолдолд Ерөнхий шүүгч тухайн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаатай холбоотой хүсэлтийг хүлээн авч  шийдвэрлэх боломжгүй, энэ үндэслэлээр Б.А-ын өргөдөлд хариу өгсөн нь сахилгын зөрчилд хамаарахгүй.

Харин Ерөнхий шүүгчийн дээрх 485 тоот албан бичиг 3 хувь хэвлэгдсэний 1 нь Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн хэвлэмэл хуудаст хэвлэгдэж өргөдөл гаргагчид хүргэгдсэн талаар холбогдох шүүгч тайлбартаа дурджээ. Энэ талаар Б.А гомдол гаргасны дагуу шүүхийн тамгын газраас зохих шалгалт явуулж, хайхрамжгүй алдаа гаргасан шүүгчийн туслах Т.Т-д сахилгын шийтгэл оногдуулсан байна.

  2.2. Б.А-ын нэхэмжлэлтэй ... сургуульд холбогдох иргэний хэргийг түдгэлзүүлсэн шүүгчийн захирамжид  хариуцагчийн өмгөөлөгч Б.С гомдол гаргасан, гомдол хэлэлцэх шүүх бүрэлдэхүүнд шүүгч З.Т, шүүгч Д.О, Д.А нар томилогдсоныг Ерөнхий шүүгчийн захирамжаар албажуулжээ. 

Нэхэмжлэгч Б.А Ерөнхий шүүгч З.Т-г татгалзан гаргах хүсэлт гаргасан, тус шүүхийн 2021 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн 60 дугаар тогтоолоор хүсэлтийг хангахаас татгалзсан нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 92 дугаар зүйлийн 92.5-г зөрчөөгүй байна. 

Нэхэмжлэгчийн татгалзлыг шийдвэрлэсэн болон шүүгчийн захирамжийг хэвээр үлдээсэн тус шүүхийн  60, 61 дүгээр тогтоолыг шүүгчийн туслах Т.Т зохигч нарт гардуулсан, хариуцагчийн өмгөөлөгч Т.С баримтын нэхэмжлэгчийн өмгөөлөгч гэсэн хэсэгт гарын үсгээ зуржээ. Тэрээр энэхүү алдааг залруулж, баримтын хариуцагчийн өмгөөлөгч гэсэн хэсэгт гарын үсэг дахин зурж, энэ талаар  тэмдэглэл бичжээ. Энэ нь холбогдох шүүгч нарыг нөлөөллийн мэдүүлэг бичээгүй сахилгын зөрчил гаргасан гэж үзэхгүй.

Б.А-ын гомдлын дагуу энэ асуудлыг шүүхийн тамгын газар шалгаад шүүгчийн туслах Т.Т нь жирэмсний болон амаржсаны амралттай, мөн сахилгын шийтгэл оногдуулах хугацаа өнгөрсөн гэж үзэж, хариу өгсөн байна.   ШИЙДВЭРЛЭХ НЬ:

Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1.39-т заасныг зөрчсөн гэх үндэслэл тогтоогдоогүй тул шүүхийн шүүгч З.Т, Т.Ж нарт холбогдох сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох санал гаргаж, хуралдаанаар хэлэлцүүлэхээр шийдвэрлэв” гэжээ.

ҮНДЭСЛЭХ НЬ:

Шүүхийн сахилгын хорооны гишүүн ... шүүхийн шүүгч З.Т, Т.Ж  нарт тус тус холбогдуулан сахилгын хэрэг үүсгэн, шалгах ажиллагааг явуулжээ.

I. Монгол Улсын шүүхийн тухай хууль /Шинэчилсэн найруулга/-ийн 45 дугаар зүйлийн 45.1 дэх хэсэгт тухайн хэрэг, маргааныг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүгч, шүүх бүрэлдэхүүнд аливаа этгээдээс нөлөөлөхөөр оролдсон бүх тохиолдлыг тэмдэглэн баталгаажуулж нөлөөллийн мэдүүлэг хөтлөхөөр хуульчлан заасан байх ба  аливаа этгээд нь  хэрэг,  маргаан шийдвэрлэхтэй холбогдуулан шүүгч, шүүх бүрэлдэхүүнд шан харамж,  бэлэг сэлт өгөх, өгөхөөр завдах, дарамт шахалт үзүүлэх, дарамтлах, заналхийлэх, доромжлох, гүтгэх, бие болон орон байр, аюулгүй байдалд нь халдах, шийдвэрийг урьдчилан хэлэхийг санал болгох, зааварчилгаа өгөх зэргээр нөлөөлсөн тохиолдолд шүүгч нөлөөллийн мэдүүлэг хөтлөх ба Шүүхийн ерөнхий зөвлөл мэдүүлгийг хүлээн авч холбогдох журмын дагуу шийдвэрлэх үүрэгтэй.

Өргөдөлд дурдсан 6 гомдол буюу 1 дэх гомдол болох өмгөөлөгч Б.С-ийн “Өмгөөллийн үйлчилгээ, эрх зүйн туслалцаа үзүүлэх гэрээ”-г шүүхэд хүлээн авсан бүртгэл байхгүй, хүлээн авсныг баталгаажуулсан тэмдэг дараагүй байхад шүүгчийн туслах Ж.О 2021 оны 10 дугаар сарын 07-ны өдөр “Өмгөөлөл, хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ”-г нэмж хийсэн, шүүгч болон туслах нар өмгөөлөгч гэх Б.С-д эрх, үүрэг танилцуулж, нөлөөллийн мэдүүлэг танилцуулсан тухай баримтад гарын үсэг зуруулахдаа холбогдох ажиллагааг хийж, баримтыг хэрэгт хавсаргана гэсэн журамд заасан ажиллагааг хийгээгүй гэх, 

2 дахь гомдол болох өмгөөлөгч Б.С-ийн 2021 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн шүүхэд гаргасан хүсэлт хоорондоо утга агуулга, он цагийн хувьд зөрүүтэй, цар тахлын үеийн хорио цээрийн дэглэмийг ноцтой зөрчсөн, гэрийн хорионд байх ёстой, корона вирусийн халдварын шинж тэмдэг илэрсэн гэх этгээд 2021 оны 10 дугаар сарын 07-ны өдөр шүүхэд хүсэлт гаргасан нь хууль дүрэм, журмыг ноцтой зөрчсөн, түүний бичсэн зүйлийг нотлох баримтыг хүсэлтэд хавсаргаагүй гэх,

3 дахь гомдол болох шүүгчийн захирамжийг хариуцагч Ч.К, түүний өмгөөлөгч Б.С нар хэзээ гардаж авсан, авснаа гарын үсэг зурж баталгаажуулсан тухай баримт хэрэгт байхгүй гэх,

4 дэх гомдол болох шүүгчийн захирамж гарсан өдрөөс хойш 17 хоногийн дараа өмгөөлөгч Б.С гомдол гаргасан, шүүхийн шүүгчийн туслах Т.Т нь өмгөөлөгч Б.С-г нэхэмжлэгчийн өмгөөлөгч, хариуцагчийн өмгөөлөгч зэргээр худал тэмдэглэл үйлдсэн гэх,

5 дахь гомдол болох шүүгчийн туслах Ж.О 2021 оны 07 дугаар сарын 29-ний өдөр баримт №4-ийг үйлдэхдээ шүүгч Т.Ж-ийн гарын үсгийг дураараа зурсан байхад, дарагч хэрэглэн засварлаж, гарын үсгээ нөхөж зурсан гэх,

6 дахь гомдол болох шүүгчийн 2021 оны 6 дугаар сарын 04-ний өдрийн 1999 дугаартай захирамжийн 2-т “..." сургууль нь нотлох баримтуудыг эхээр нь ...2021 оны 06 дугаар сарын 15-ны дотор шүүхэд ирүүлэхийг мэдэгдсүгэй” гэсэн ч зарим нотлох баримтуудыг 2021 оны 11 дүгээр сарын 15 хүртэл бүтэн 5 сар буюу 150 хоног ирүүлээгүй ба өнөөдрийг хүртэл 2021 оны 11 дүгээр сарын 15-ны өдрөөс 2023 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр хүртэл 435 хоног өнгөрсөн гэх гомдол нь шүүгч нөлөөллийн мэдүүлэг хөтлөх үндэслэлд хамаарахгүй гэж дүгнэсэн илтгэгч гишүүний дүгнэлт үндэслэл бүхий байна гэж бүрэлдэхүүн үзлээ.

Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 45 дугаар зүйлийн 45.8-т шүүгч энэ хуулийн 45.1-д заасан нөлөөллийн мэдүүлгээс гадна энэ хуулийн 44.2-т заасан этгээдтэй уулзсан, харилцсан бөгөөд уг этгээд өөрөө, эсхүл бусдаар дамжуулан тухайн шүүгчид аливаа хэлбэрээр нөлөөлсөн, нөлөөлөхөөр оролдсон, үүрэг чиглэл өгсөн болсон энэ талаарх мэдээллийг агуулсан тэмдэглэл үйлдэж, битүүмжлэн Ерөнхий зөвлөлд ажлын 3 хоногийн дотор хүргүүлэх үүрэгтэй ба энэхүү үүргээ биелүүлээгүй бол хуулийн 50.1.39-т заасан хориглолтыг зөрчсөн гэж үзэх ба холбогдох шүүгч Т.Ж энэхүү заалтыг зөрчсөн гэх үйл баримт тогтоогдоогүй байна.

Өмгөөлөгч Б.С,  хариуцагч ... сургуулийн захирал  Ч.К нарын хооронд 2021 оны 05 дугаар сарын 18-ны өдөр Өмгөөллийн үйлчилгээ, эрх зүйн туслалцаа үзүүлэх гэрээ байгуулсан, уг гэрээ хэрэгт авагдсан, энэхүү гэрээг шүүхэд өгөхдөө заавал бүртгэлээр дамжуулах, түүнд шүүхийн тэмдэг дарах зохицуулалт байхгүй байх ба  өмгөөлөгч нарт холбогдох шүүгч хуульд заасан эрх, үүргийг тайлбарласан, мөн нөлөөллийн мэдүүлгийг танилцуулан үр дагаврыг танилцуулж, энэ тухай баримт үйлдсэн бичгийн нотлох баримтууд сахилгын хэрэгт авагдсан, нэхэмжлэлийн хувийг гардуулсан тухай баримтад шүүгч Т.Ж гарын үсгээ зурсан байгаа болно.

Өмгөөлөгч халдварын шинж тэмдэг илэрсэн тул шүүх хуралдааныг хойшлуулах хүсэлт гаргасныг шүүх 2021 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн 11 цаг 39 минутад хүлээн авч, бүртгэсэн нь тогтоогдсон ба нийтэд илэрхий үйл баримтыг дахин нотлох шаардлагагүй, энэ үндэслэлээр шүүгч шүүх хуралдааны товыг жич товлон зарлахаар тогтоосныг хууль зөрчсөн гэж үзэх боломжгүй гэж дүгнэсэн нь хууль зүйн үндэслэлтэй байна.

... прокурорын газар нь иргэн Б.А-ын “...шүүгчийн туслах Ж.О өмгөөллийн үйлчилгээ, эрх зүйн туслалцаа үзүүлэх гэрээг нөхөж хийсэн” гэх гомдол мэдээллийг шалгаад “... өмгөөлөгч  гэрээ байгуулсан цаг хугацаанаас хойш тухайн  иргэний хэргийн  хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцсон байх тул гэрээг нөхөж хийсэн гэдэг нь тогтоогдохгүй байна” гэж үзэж 2023 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн 31 дугаар тогтоолоор хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзжээ.

II. Б.А-ын нэхэмжлэлтэй хариуцагч Л.А-д холбогдох гэрлэлт цуцлах, хүүхдийн асрамж, тэтгэлэг тогтоолгох тухай иргэний хэргийг Улсын Дээд шүүх хяналтын журмаар хянан хэлэлцээд 2013 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн 111 дүгээр тогтоолоор эцэслэн шийдвэрлэсэн байна. 

Б.А нь шүүхийн шүүгч З.Т-д 2021 оны 10 дугаар сарын 26-ны өдөр гаргасан хүсэлтдээ “...шүүгчийн дээрх захирамжийг шинжилгээний байгууллагад хүргүүлэх талаар дурдаад, шүүгчийн захирамжийг хэргийн оролцогч нарт танилцуулаагүй, шинжилгээний албанд хүргүүлээгүй шүүгч Т.Э, шүүгчийн туслах, нарийн бичгийн дарга З.Т нарын үйлдэл гэмт хэргийн шинжтэй тул холбогдох хуулийн байгууллагад шилжүүлж өгнө үү” гэжээ.

Ерөнхий шүүгч З.Т  2021 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн 485 дугаар албан бичгээр хариу өгөхдөө “...шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсон тул хүсэлтийг хангах боломжгүй...” гэжээ.

Тухайн маргааныг эцэслэн шийдвэрлэсэн шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсон тохиолдолд Ерөнхий шүүгч тухайн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаатай холбоотой хүсэлтийг хүлээн авч  шийдвэрлэх боломжгүй, энэ үндэслэлээр Б.А-ын өргөдөлд хариу өгсөн нь сахилгын зөрчилд хамаарахгүй гэж үзсэн илтгэгч гишүүний санал үндэслэл бүхий байна. Харин Ерөнхий шүүгчийн дээрх 485 тоот албан бичиг 3 хувь хэвлэгдсэний 1 нь Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн хэвлэмэл хуудаст хэвлэгдэж өргөдөл гаргагчид хүргэгдсэн талаар холбогдох шүүгч тайлбартаа дурджээ. Энэ талаар Б.А гомдол гарсны дагуу шүүхийн тамгын газраас зохих шалгалт явуулж, хайхрамжгүй алдаа гаргасан шүүгчийн туслах Т.Т-д сахилгын шийтгэл оногдуулсан байна гэх үйл баримт нотлогдож тогтоогдсон болохыг тухайлан дурдах нь зүйтэй байна.

Харин Б.А-ын нэхэмжлэлтэй ... сургуульд холбогдох иргэний хэргийг түдгэлзүүлсэн шүүгчийн захирамжид  хариуцагчийн өмгөөлөгч Б.С гомдол гаргасан, гомдол хэлэлцэх шүүх бүрэлдэхүүнд шүүгч З.Т, шүүгч Д.О, Д.А нар томилогдсоныг Ерөнхий шүүгчийн захирамжаар албажуулсан байх ба нэхэмжлэгч Б.А Ерөнхий шүүгч З.Т-г татгалзан гаргах хүсэлт гаргасан, тус шүүхийн 2021 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн 60 дугаар тогтоолоор хүсэлтийг хангахаас татгалзсан нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 92 дугаар зүйлийн 92.5-г зөрчөөгүй шүүх хуульд заасан бүрэн эрхийнхээ дагуу дээрх тогтоолыг гаргасан байна. 

Нэхэмжлэгчийн татгалзлыг шийдвэрлэсэн болон шүүгчийн захирамжийг хэвээр үлдээсэн тус шүүхийн  60, 61 дүгээр тогтоолыг шүүгчийн туслах Т.Т зохигч нарт гардуулсан, хариуцагчийн өмгөөлөгч Т.С баримтын нэхэмжлэгчийн өмгөөлөгч гэсэн хэсэгт гарын үсгээ зуржээ. Тэрээр энэхүү алдааг залруулж, баримтын хариуцагчийн өмгөөлөгч гэсэн хэсэгт гарын үсэг дахин зурж, энэ талаар  тэмдэглэл бичжээ. Энэ нь холбогдох шүүгч нарыг нөлөөллийн мэдүүлэг бичээгүй сахилгын зөрчил гаргасан гэж үзэх үндэслэл болохгүй.

Иймд илтгэгч гишүүний сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох саналыг хүлээн авч, сахилгын хэргийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж бүрэлдэхүүн үзэв.

Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 112 дугаар зүйлийн 112.1, 112.1.2, 112.2 дах хэсэгт заасныг удирдлага болгон

ТОГТООХ НЬ:

1. шүүхийн шүүгч З.Т, Т.Ж нарт холбогдох сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох тухай саналыг хүлээн авч сахилгын хэргийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.       

2. Магадлалыг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Сахилгын хороонд сахилгын хэргийн оролцогч гомдол, илтгэгч гишүүн эсэргүүцэл гаргаж болохыг дурдсугай.

3. Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 112 дугаар зүйлийн 112.6-т зааснаар магадлал гаргаснаас хойш 14 хоногийн дотор сахилгын хэргийн оролцогч болон гомдол, өргөдөл гаргагчийн оршин суугаа газрын эсхүл ажлын газрын хаягаар баталгаат шуудангаар, эсхүл ажлын албаны ажилтнаар хүргүүлэхийг ажлын албанд даалгасугай.

4. Дээрх журмаар хүргүүлснээр магадлалыг гардан авсанд тооцох ба энэ нь гомдол гаргах хугацааг тоолох үндэслэл болохыг тайлбарласугай.

 

ДАРГАЛАГЧ                              Б.СУГАР

ГИШҮҮН                                    Д.АРИУНТУЯА

Д.МЯГМАРЦЭРЭН