МОНГОЛ УЛС
ШҮҮХИЙН САХИЛГЫН ХОРОО
МАГАДЛАЛ
2023-05-24
Дугаар 73
Улаанбаатар хот
Сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Шүүхийн сахилгын хорооны хуралдааныг гишүүн Х.Хашбаатар даргалж, гишүүн Д.Ариунтуяа, Г.Цагаанцоож нарын бүрэлдэхүүнтэй, илтгэгч гишүүн Б.Сугар, хуралдааны нарийн бичгийн даргаар хуралдаан хариуцсан ахлах мэргэжилтэн Г.Болортуяа нарыг оролцуулан хийж, А аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Н-д холбогдох Сахилгын хорооны гишүүний 2023 оны 05 дугаар сарын 09-ний өдрийн ГС/2023/00... дугаартай “Сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох тухай” саналыг тус хорооны хуралдааны танхимд нээлттэй хянан хэлэлцэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Илтгэгч гишүүн “Сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох тухай” саналдаа: “...Шүүхийн сахилгын хорооны гишүүний 2023 оны ... дүгээр сарын 12-ны өдрийн “Сахилгын хэрэг үүсгэх тухай” ГЗҮ/2023/00... дугаар захирамжаар А аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Н-д сахилгын хэрэг үүсгэсэн шалгах ажиллагаа явуулав.
НЭГ. Өргөдөл гаргагч өргөдөлдөө дурдсан шүүгч Б.Н нь А аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх дэх эвлэрүүлэн зуучлагч Ж.Л-оос гэрчийн мэдүүлэг авсан нь ИХШХШТХ-ийн 43 дугаар зүйлийн 43.8.1-д "Үүргээ гүйцэтгэх замаар уг хэргийн байдлыг мэдэх болсон эвлэрүүлэн зуучлагчийг гэрчээр дуудах буюу мэдүүлэг авч болохгүй" гэж хуульд маш тодорхой заасан байтал шүүгч хуулийн энэхүү заалтыг илтэд зөрчсөн нь шүүгч хэт нэг талыг баримталсан, нөлөөнд автсан, нэхэмжлэгч талд үйлчилсэн гэх гомдлын тухайд:
А аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Н 2023 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн “Хүсэлт шийдвэрлэх тухай” 155/ШЗ2022/00... дугаар захирамжаар хариуцагчийн өмгөөлөгч Б.Т, Б.Ц нарын гаргасан “гэрчээс мэдүүлэг авах тухай тэмдэглэл”-ийг нотлох баримтаас хасуулах тухай хүсэлтийг хангаж, тус шүүхийн эвлэрүүлэн зуучлагч Ж.Л-ыг гэрчээр асууж авсан мэдүүлгийг нотлох баримтаас хасаж шийдвэрлэсэн үйл баримт тогтоогдож байх тул шүүгч хэт нэг талыг баримталсан, нөлөөнд авсан, нэхэмжлэгч талд үйлчилсэн гэж үзэхгүй.
ХОЁР: Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч Д.Н нь иргэн М.М-аас 42.000.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагаа өөрчилж, харин М.М-ын өмчлөлөөс М... сумын 2-26-08 тоот хаягт орших үл хөдлөх хөрөнгүүдийг чөлөөлүүлэх тухай нэхэмжлэлийн шаардлагыг 2023 оны 02 дугаар сарын 17-ны өдөр шинээр гаргасан байдаг. Өөрөөр хэлбэл нэхэмжлэгч тал хариуцагчаас мөнгөн төлбөр гаргуулах тухай шаардлагаа өөрчилж, харин бусдын өмчлөх эрхтэй холбоотой буюу үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийг нь хөндөж, эд хөрөнгийг чөлөөлүүлэх тухай нэхэмжлэлийн шаардлагыг шинээр гаргасан юм. Гэтэл шүүгч Н.Б нь бусдын эд хөрөнгө өмчлөх эрхийг хууль бус гэдгийг нь тогтоогоогүй, ийм үйл баримт нотлогдохгүй байхад иргэн М.М-ын өмчлөх эрхийг бүдүүлгээр зөрчин, түүний өмчлөлөөс үл хөдлөх эд хөрөнгө чөлөөлүүлэхээр шийдвэрлэсэн нь хууль зөрчсөн үйлдэл гэх гомдлын тухайд:
Нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийг үндэслэн иргэний хэрэг үүсгэж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа өөрчилсөн байна. Шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагаа өөрчилсөн хүрээнд хэрэг маргааныг шүүх хуралдаанаар хянан хэлэлцэж шийдвэрлэсэн байх бөгөөд бусдын өмчлөх эрхийг зөрчсөн эсэх, бусдын өмчлөлөөс үл хөдлөх эд хөрөнгийг чөлөөлүүлэхээр шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлтэй эсэхэд Шүүхийн сахилгын хороо дүгнэлт өгөх эрхгүй.
Шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байсан эсэх, бусдын өмчлөх эрхийг зөрчсөн эсэх, бусдын өмчлөлөөс үл хөдлөх эд хөрөнгийг чөлөөлүүлэхээр шийдвэрлэсэн гэх шүүхийн шийдвэрийг хянах, хүчингүй болгох, өөрчлөх эрх хэмжээг гагцхүү дээд шатны шүүх буюу давж заалдах болон хяналтын шатны шүүх эдэлдэг болохыг тухайлан дурдах нь зүйтэй байна.
ГУРАВ. Шүүгч Н.Б нь шүүх хуралдаан даргалахдаа илт нэг талд үйлчилж буюу нэхэмжлэгч талд давуу эрх олгож, хууль шүүхийн өмнө эрх тэгш байх, мэтгэлцэх зэрэг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд баримтлах зарчмуудыг зөрчсөн, шүүгч Н.Б нь хэргийг шүүхээр хянан хэлэлцэж эхлэх үед нэхэмжлэгч Д.Н-ийн шүүхэд бичгээр гаргасан нэхэмжлэлийг эхнээс нь дуустал үг үсэг гээлгүй уншиж танилцуулсан нь нэхэмжлэгч талд давуу эрх олгосон, шүүгч хэргийн оролцогчдыг ялгаварласан, хууль шүүхийн өмнө эрх тэгш байх зарчмыг алдагдуулсан ёс зүйгүй үйлдэл гэх гомдлын тухайд:
2023 оны 03 дугаар сарын 13-ны өдрийн шүүх хуралдааны дуу-дүрсний бичлэгт үзлэг хийхэд нэхэмжлэгчийн өөрчилсөн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь уншиж танилцуулж байгаа үйл баримт бичигдэн үлдсэн байна. Тухайлбал холбогдох шүүгч: Нэхэмжлэгч Н-ээс тус шүүхэд 2022 оны 12 дугаар сарын 06-ны өдөр М-аас 42 сая төгрөгийг гаргуулж өгнө үү гэсэн нэхэмжлэл гаргасан. Энэ нэхэмжлэлийн шаардлагыг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад өөрчлөн гаргасан байгааг шүүх хуралдаан дээр уншиж танилцуулна гээд нэхэмжлэлийн өөрчилсөн шаардлагыг уншиж танилцуулсан байна.
Нэхэмжлэлийн өөрчилсөн шаардлагыг уншиж танилцуулаад за нэхэмжлэгч гаргасан нэхэмжлэлээ дэмжиж байна уу? Нэхэмжлэлээсээ татгалзах зүйл байна уу? гэхэд нэхэмжлэгч: Нэхэмжлэлээ дэмжиж байна, шүүгч: Хариуцагч нэхэмжлэлийг зөвшөөрч байна уу? гэхэд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Зөвшөөрөхгүй байна гэхэд шүүгч: Зохигч талууд нэхэмжлэлийн шаардлагатай холбоотойгоор хоорондоо эвлэрэн хэлэлцэх санал байна уу? нэхэмжлэгч: Хариуцагчаас ямар нэгэн санал байхгүй бол надад нэхэмжлэлээ өөрчлөх санал алга, хариуцагч: Эвлэрэх санал байхгүй гэсний дараа шүүгч: шүүх хуралдааны дараалал, дэг танилцуулсан болох нь шүүх хуралдааны дуу-дүрсний бичлэгт бичигдсэн байна.
Холбогдох шүүгч 2023 оны 03 дугаар сарын 13-ны өдрийн шүүх хуралдаанд хариуцагчийн өмгөөлөгч /өргөдөл гаргагч/ Б.Ц цахимаар шүүх хуралдаанд оролцсон нөхцөл байдлыг харгалзан үзэж нэхэмжлэлийн шаардлагыг уншиж танилцуулсан гэсэн тайлбар ирүүлжээ.
Шүүх хуралдаанд хариуцагчийн өмгөөлөгч /өргөдөл гаргагч/ Б.Ц цахимаар оролцсон нөхцөл байдал тогтоогдож байхаас гадна шүүх хуралдааны явцад нэхэмжлэлийн өөрчилсөн шаардлага буюу хуралдаанаар хэлэлцэж буй нэхэмжлэлийг уншиж танилцуулсан нь нэхэмжлэлийн шаардлагыг тодорхой болгох, нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж буй эсэх, хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөх, эвлэрэн хэлэлцэх боломжтой эсэхэд шаардлагатай зүй ёсны үйлдэл байх бөгөөд шүүгч өөрчилсөн нэхэмжлэлийг уншихдаа энгийн төв байдлаар уншиж байх ба аль нэг талд үйлчилсэн гэж ойлгогдохуйц үйлдэл, хоолойны өнгө гаргаагүй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1 дэх хэсэгт зааснаар хэний нэхэмжлэлтэй хэнд холбогдох ямар шаардлагатай иргэний хэргийг хянан хэлэлцэх гэж байгаа болохыг шүүх хуралдаан даргалагч шүүгч танилцуулснаар хянан шийдвэрлэх ажиллагаа эхлэх тул холбогдох шүүгч өөрт хуулиар олгосон эрх, үүргийн хүрээнд шүүхэд ирүүлсэн өөрчилсөн нэхэмжлэлийн шаардлагыг уншиж танилцуулсныг нэг талд давуу байдал олгож, оролцогчдыг ялгаварласан үйлдэл гаргасан гэж үзэхгүй.
ДӨРӨВ. Шүүхэд гаргаагүй нэхэмжлэлийн шаардлагыг гаргасан мэтээр яриулахын тулд нэхэмжлэгч талаас хөтөлсөн асуулт асууж, хүссэн хариултаа авч байсан ба маргааныг нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд бус түүнээс хальж шийдвэрлэсэн, нэхэмжлэгч талын зүгээс хариуцагчаас мөнгөн төлбөр гаргуулах шаардлагаасаа татгалзсан буюу нэхэмжлэлийн шаардлагаа өөрчилж, ингэхдээ зөвхөн "...газар болон үл хөдлөх эд хөрөнгүүдийг М.М-ын өмчлөлөөс чөлөөлүүлж өгнө үү" гэсэн агуулга бүхий нэхэмжлэлийн шаардлагыг гаргасан байтал шүүгч Б.Н нь нэхэмжлэгчээс "... Та зөвхөн эд хөрөнгө чөлөөлүүлэх шаардлага гаргаагүй, худалдах худалдан авах гэрээнээс татгалзаж байгаагаа шүүхээр тогтоолгох тухай шаардлагыг мөн адил гаргаж байгаа талаар ярина уу" гэж нэхэмжлэгчээс хөтөлсөн байдлаар асуулт асууж, улмаар хүссэн хариултаа авч үүнийхээ дагуу шийдвэр гаргаж байгаа нь хууль бус, ёс зүйгүй үйлдэл гэх гомдлын тухайд:
Шүүх хуралдааны дуу-дүрсний бичлэгт шүүгч: “... Би нэхэмжлэгчээс ганц нэг зүйл тодруулъя. За таны нэхэмжлэлийн шаардлага яг юу юм бэ? гэхэд нэхэмжлэгч: Хашаа байшин үл хөдлөхөө буцааж авах гэж хариулах ба шүүгч: Чөлөөлүүлэх гэж хэлэхэд нэхэмжлэгч: Тийм чөлөөлүүлэх. Миний өөрийн нэр дээр болгож өгөөч гэхэд шүүгч: Өөр шаардлага бий юу? Нэхэмжлэлийн шаардлага дотор чинь гэрээнээс татгалзаж үл хөдлөх эд хөрөнгөө чөлөөлүүлье гэсэн өгүүлбэр яваад байна. Гэрээнээс татгалзах шаардлага байсан уу? Нэхэмжлэлийн шаардлагаа та өөрчилсөн. Өөрчлөөд байгаа шаардлага чинь яг юу юм бэ...” гэж асууж байгаа нь бичигдэн үлдсэн байх бөгөөд энэхүү нэхэмжлэлийн шаардлагыг шүүгч тодруулан асууж байгаа нь хөтөлж асуусан хэрэг биш харин нэхэмжлэлийн шаардлагыг тодорхой болгон нэхэмжлэлээ дэмжиж байгаа эсэх, хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөх эсэх, хэргийн оролцогчид эвлэрэн хэлэлцэх боломж байгаа эсэхийг тодруулахад зорилготой буюу иргэний хэргийг шүүх хуралдаанаар хуульд заасан дэг, дараалал, журмын дагуу явуулж хянан хэлэлцэж шийдвэрлэхэд чиглэжээ.
Мөн холбогдох шүүгч “... Гэрээнээс татгалзаж гээд нэг шаардлага, мөн хашаа байшингаа чөлөөлүүлэх тухай гэсэн давхар 2 шаардлага яваад байгаа юм байна гэж ойлголоо. Зөв үү? гэж асууж байх ба нэхэмжлэгч: Тийм зөв зөв...” гэж хариулж байгаа үйл баримт бичигдсэн байна. Ийнхүү нэхэмжлэлийн шаардлагыг тодруулсан үйл баримтыг шүүгчийг хууль зөрчсөн буруутай үйлдэл гаргасан гэж үзэхгүй, шүүх гагцхүү нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд хэрэг маргааныг шийдвэрлэх үүрэгтэй тул шүүх хуралдаанаар хэлэлцэн шийдвэрлэх гэж буй нэхэмжлэлийн шаардлагыг тодруулсан нь сахилгын зөрчилд тооцогдохгүй болно.
ТАВ. Шүүгч улсын тэмдэгтийн хураамжийг буруу тогтоосноор хариуцагч талыг хохироосон шийдвэр гаргасан, шүүхийн шийдвэрийн үндэслэх нь хэсэгт "... нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа өөрчилсөн нэхэмжлэлд 70.200 төгрөг, 142.950 төгрөгийг тус тус төлсөн байна" гэж тусгасан байтал шийдвэрийн тогтоох хэсгийн 2-т нэхэмжлэгч "... Д.Н-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 581.100 төгрөгийг хариуцагч М.М-аас гаргуулж нэхэмжлэгчид олгосугай" гэж төлбөр хураамжийг нэмэгдүүлсэн байдлаар хариуцагчаас гаргуулсан нь илт хууль бус үйлдэл гэх гомдлын тухайд:
Сахилгын хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтаар тухайн иргэний хэргийн тухайд анх шүүхэд гаргасан нэхэмжлэлд үндэслэн иргэний хэрэг үүсгэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлагаа өөрчилсөн байх бөгөөд тухай бүртээ нэхэмжлэлийн шаардлагын дагуу тэмдэгтийн хураамж төлж байсан болох нь тогтоогдож байна.
Улсын тэмдэгтийн хураамжийг нэхэмжлэлийн шаардлагыг хэрхэн шийдвэрлэснээс шалтгаалан хэрхэн яаж хуваарилах талаар холбогдох хууль тогтоомжид нарийвчлан хуульчлан зааж өгч зохицуулсан бөгөөд холбогдох шүүгч А аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн дээрх 2023 оны 03 дугаар сарын 13-ны өдрийн 155/ШШ2023/00... дүгээр шийдвэрийн тогтоох нь хэсгийн 2 дахь заалтаар улсын тэмдэгтийн хураамжийг шийдвэрлэсэн болох нь сахилгын хэрэгт авагдсан баримтаар тогтоогдож байна.
Хуульд заасан журмын дагуу шүүгч хэргийг шийдвэрлэж шийдвэр гаргахдаа тэмдэгтийн хураамжийг хэрхэн яаж шийдвэрлэсэн талаараа шийдвэртээ тусгахыг заасан байх бөгөөд холбогдох шүүгч нь шүүхийн шийдвэртээ улсын тэмдэгтийн хураамжийн талаар шийдвэрлэсэн байх тул улсын тэмдэгтийн хураамж шийдвэрлэснийг буруутгах боломжгүй юм.
Харин шүүхийн шийдвэртээ улсын тэмдэгтийн хураамжийг хэрхэн шийдвэрлэсэн талаараа тусгаагүй бол энэ нь хууль зөрчсөн үйлдэл болох бөгөөд холбогдох шүүгч шүүхийн шийдвэрийн тогтоох нь хэсгийн 2 дахь заалтаар улсын тэмдэгтийн хураамжийг шийдвэрлэсэн байна.
Хэрэв улсын тэмдэгтийн хураамжийг шүүх үндэслэлгүй буруу шийдвэрлэсэн гэж үзэж байгаа бол шүүхийн шийдвэрийг хянах, өөрчлөх, хүчингүй болгох эрх хэмжээг хуулийн дагуу эдэлдэг дээд шатны буюу давж заалдах шатны шүүхэд давж заалдах журмаар гомдол гаргаж шийдвэрлүүлэх нь зүйтэй байна.
Иймд А аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Н-д холбогдох сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох санал гаргаж, сахилгын хорооны хуралдаанаар хэлэлцүүлэхээр шийдвэрлэв...” гэжээ.
Холбогдох шүүгч Б.Н Шүүхийн сахилгын хороонд гаргасан тайлбартаа:
“...А аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх дэх эвлэрүүлэн зуучлагч Ж.Л-ыг 2023 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр шүүхэд дуудан ирүүлж, эвлэрүүлэн зуучлах ажиллагааны явцад талуудын ярьсан, тэдгээрийн гаргасан тайлбар, мэдүүлгийн талаар эвлэрүүлэн зуучлагч Ж.Л-оос гэрчийн мэдүүлэг авч хуулийн илт тодорхой заалтыг ноцтой зөрчсөн үйлдэл бөгөөд ИХШХШТХ-ийн 43 дугаар зүйлийн 43.8.1-д “Үүргээ гүйцэтгэх замаар уг хэргийн байдлыг мэдэх болсон эвлэрүүлэн зуучлагчийг гэрчээр дуудах буюу мэдүүлэг авч болохгүй гэж хуульд маш тодорхой заасан байтал шүүгч хуулийн энэхүү заалтыг илтэд зөрчсөн нь шүүгч хэт нэг талыг баримталсан, нөлөөнд автсан, нэхэмжлэгч талд үйлчилсэн гэж үзэхээс өөр аргагүй юм. Иймд шүүгчийн дээрх хууль зөрчсөн үйлдэл нь МУ-ын Шүүхийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1, 50 дугаар зүйлийн 50.1.1, 50.1.23 дах хэсэгт заасныг зөрчсөн гэж үзэж байна” ... гэх гомдлын тухайд:
Д.Н-ийн М.М-д холбогдуулан гаргасан 42,000,000 (дөчин хоёр сая) төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл нь А аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн шүүгчдийн зөвлөгөөний ... дугаар тогтоолоор баталсан журмын дагуу 2022 оны 12 дугаар сарын 06-ны өдөр шүүгч Б.Н надад системээс хуваарилагдсан бөгөөд дээрх нэхэмжлэлд 2022 оны 12 дугаар сарын 13-ны өдөр иргэний хэрэг үүсгэж хэрэгт хянан шийдвэрлэх ажиллагааг явуулсан. Хэргийг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч Д.Н-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.О 2023 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр Д.М, Д.А, Д.С, тус шүүх дэх эвлэрүүлэн зуучлагч Ж.Л нараас гэрчийн мэдүүлэг авхуулах, шүүхийн эвлэрүүлэн зуучлагчаас уулзалт хийсэн тэмдэглэл, холбогдох бусад баримтыг гаргуулах, нэхэмжлэгч Д.Н-ийн Д Н гэсэн нэртэй фейсбүүк хаягийн хувь чатад үзлэг хийлгүүлэх тухай хүсэлт гаргасныг хүлээн авч 2023 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн 155/Ш32023/00... дугаартай шүүгчийн захирамжаар хангаж шийдвэрлэсэн. 2023 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн 09 цаг 30 минутад хянан хэлэлцсэн шүүх хуралдаанд хариуцагч М.М-ын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Н, хариуцагчийн өмгөөлөгч Б.Ц, Б.Т нар шүүгч Н.Б намайг татгалзан гаргах тухай хүсэлтийг; хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Н гэрч асуулгах тухай, хариуцагчийн Б.Т гэрч Д.А, Д.С, Д.М, тус шүүх дэх эвлэрүүлэн зуучлагч Ж.Л нарыг гэрчээр асууж авсан мэдүүлгийг нотлох баримтаас хасуулах тухай, хариуцагчийн өмгөөлөгч Б.Ц тус шүүх эвлэрүүлэн зуучлагч Ж.Л-ыг гэрчээр асууж авсан мэдүүлгийг нотлох баримтаас хасуулах тухай хүсэлт тус тус гаргасан ба дээрх шүүх хуралдаанаас татгалзан гаргах тухай хүсэлтийг тухайн шүүхийн ерөнхий шүүгч шийдвэрлэтэл тодорхой бус хугацаагаар шүүх хуралдааныг хойшлуулсан. Тус шүүхийн ерөнхий шүүгч 2023 оны 02 дугаар сарын 16-ны өдөр шүүгчийг татгалзан гаргах тухай хүсэлтийг хангахаас татгалзаж шийдвэрлэн :захирамжийг ирүүлсэн тул шүүгч миний бие 2023 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн 09 цаг 30 минутад хэргийг хянан хэлэлцсэн шүүх хуралдаан дээр зохигчоос гаргасан хүсэлтүүдийг, түүний дотор 2023 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн 155/Ш32023/00... дугаартай шүүгчийн захирамжаар тус шүүх дэх эвлэрүүлэн зуучлагч Ж.Л-оос гэрчийн мэдүүлэг авсныг нотлох баримтаас хасаж хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг зөвтгөсөн. Ингэснээрээ тухайн гэрчээс асууж авсан мэдүүлэг нь нотлох баримтын хэмжээнд үнэлэгдэхгүй болно.
...Шүүгч хэт нэг талыг баримталсан, нөлөөнд автсан, нэхэмжлэгч талд үйлчилсэн гэх гомдлын тухайд:
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хэргийн зохигчдоос гаргасан хүсэлтүүдийг хуульд заасны дагуу шийдвэрлэсэн. Мөн шүүгч миний бие Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1, 6.4 дэх хэсэгт тус тус зааснаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны мэтгэлцэх зарчмыг тэгш хэрэгжүүлж, талуудын тэгш эрхийг баримтлан ажилласан ба нөлөөнд автсан, нэхэмжлэгч талд үйлчилсэн үйлдэл гаргаагүй болохоо үүгээр илэрхийлж байна.
2.Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч Д.Н нь иргэн М.М-аас 42.000.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн:шаардлагаа өөрчилж, харин М.М-ын өмчлөлөөс М сумын 2-26-08 тоот хаягт орших үл хөдлөх хөрөнгүүдийг чөлөөлүүлэх тухай нэхэмжлэлийн шаардлагыг 2023 оны 02 дугаар сарын 17-ны өдөр шинээр гаргасан байдаг. Өөрөөр хэлбэл нэхэмжлэгч тал хариуцагчаас мөнгөн төлбөр гаргуулах тухай шаардлагаа өөрчилж, харин бусдын өмчлөх эрхтэй холбоотой буюу үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийг нь хөндөж, эд хөрөнгийг чөлөөлүүлэх тухай нэхэмжлэлийн шаардлагыг шинээр гаргасан юм. Гэтэл шүүгч Н.Б нь бусдын эд хөрөнгө өмчлөх эрхийг хууль бус гэдгийг нь тогтоогоогүй, ийм үйл баримт нотлогдохгүй байхад иргэн М.М-ын өмчлөх эрхийг бүдүүлгээр зөрчин, түүний өмчлөлөөс үл хөдлөх эд хөрөнгө чөлөөлүүлэхээр шийдвэрлэсэн нь хууль зөрчсөн үйлдэл гэж үзэж байна.
Б.Н нь өмчлөгчийн эрхийг шууд зөрчиж, өмчлөх эрхийг хуулийн дагуу олж авсан эсэхийг шалгахгүйгээр бусдын өмчийг чөлөөлүүлэх шийдвэр гаргаж байгаа нь хуулийн илт тодорхой заалтыг ноцтой зөрчсөн үйлдэл юм гэх гомдлын тухайд:
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад буюу 2023 оны 2 дугаар сарын 17-ны өдөр нэхэмжлэгч Д.Н нь худалдах-худалдан авах гэрээнээс татгалзаж, газар болон үл хөдлөх эд хөрөнгүүдийг М.М-ын өмчлөлөөс чөлөөлүүлэх гэж нэхэмжлэлийн шаардлагаа өөрчилсөн. Шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагаа өөрчилсөн нэхэмжлэлийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Н-т 2023 оны 02 дугаар сарын 17-ны өдөр гардуулан өгч, нэхэмжлэлийг гардуулсан баримтыг үйлдэн хэрэгт хавсаргасан. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2.Нэхэмжлэгч нь нэхэмжлэл гаргасан үндэслэл болон нэхэмжлэлийг өөрчлөх, нэхэмжлэлийн шаардлагын хэмжээг ихэсгэх, багасгах, нэхэмжлэлээс татгалзах, эвлэрэх эрхтэй гэж хуульчилсан бөгөөд энэ нь иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчдын бүрэн эрхийн зарчимд үндэслэдэг. Иймд шүүхийн зүгээс дээрх талуудын бүрэн эрхийг хязгаарлах үндэслэлгүй. Шүүх энэхүү шаардлагын хүрээнд 2023 оны 3 дугаар сарын 13-ны өдрийн 155/ШШ2023/00... дугаартай шүүхийн шийдвэрээр хэргийг шийдвэрлэсэн. Шүүхийн шийдвэрийг хариуцагч М.М-ын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Н эс зөвшөөрч 2023 оны 4 дүгээр сарын 11-ний өдөр давж заалдах журмаар гомдол гаргасныг хүлээн авч А аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд хэргийг хүргүүлсэн байгаа болно.
3.Шүүгч Н.Б нь шүүх хуралдаан даргалахдаа илт нэг талд үйлчилж буюу нэхэмжлэгч талд давуу эрх олгож байсан нь МУ-ын Шүүхийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.4, 7 дугаар зүйлийн 7.1, 8 дугаар зүйлийн 8.1 дэх хэсэгт тус тус заасан шударга шүүхээр иргэний эрхийг хангах, хууль шүүхийн өмнө эрх тэгш байх, мэтгэлцэх зэрэг хэрэг хянан шийдвэрлэх. ажиллагаанд баримтлах зарчмуудыг зөрчсөн. Тодруулбал хэргийг шүүхээр хянан хэлэлцэж эхлэх үед нэхэмжлэгч Д.Н-ийн шүүхэд бичгээр гаргасан нэхэмжлэлийг эхнээс нь дуустал үг үсэг гээлгүй уншиж танилцуулсан юм. Уг нь Д.Н нь өөрөө уг шүүх хуралдаанд хүрэлцэн ирсэн ба тэрээр бичиг үсэг тайлагдсан, эрх зүйн бүрэн чадамжтай, нэхэмжлэлээ танилцуулах, тайлбарлах- боломжтой этгээд юм. Гэтэл шүүгч Н.Б нь нэхэмжлэгч Д.Н-ийг яриулахын оронд өөрөө санаачлан түүний бичгээр гаргасан нэхэмжлэлийг бүхлээр уран яруу, тод томруун уншиж танилцуулсан үйлдэл нь анхнаасаа нэхэмжлэлийн шаардлагыг дэмжсэн, нэхэмжлэгч талд давуу эрх олгосон, түүнд үйлчилсэн гэж үзэхээс өөр аргагүй юм. Хэрэв шүүгч үнэхээр нэхэмжлэлийг үг үсэггүй уншиж танилцуулах шаардлагатай юм бол хариуцагчийн шүүхэд бичгээр гаргасан хариу тайлбарыг мөн адил уншиж танилцуулах ёстой юм. Гэтэл: хариуцагчийн тайлбарыг ээрч мууртал нь өөрөөр нь яриулаад харин шүүгч нэхэмжлэгчийн өмнөөс нэхэмжлэлийг нь эхнээс нь дуустал уран тод уншиж байгаа үйлдэл нь “шүүгч хэргийн оролцогчдыг ялгаварласан, хууль шүүхийн өмнө эрх тэгш байх зарчмыг алдагдуулсан ёс зүйгүй үйлдэл юм гэх гомдлын тухайд:
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1-д зааснаар шүүх хуралдаан даргалагч хэргийн талаар танилцуулснаар хэргийг хэлэлцэж эхэлдэг ба шүүгч миний бие нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийг бүрэн эхээр нь уншиж танилцуулсан. Нэхэмжлэлийг бүрэн эхээр уншиж танилцуулсан нь хуулийн дээрх заалтыг хэрэгжүүлсэн, нөгөөтээгүүр энэ нь нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэлээ дэмжиж буй эсэхийг илэрхийлэх боломжийг олгож буй хэлбэр бөгөөд шүүх хуралдаанд хариуцагчийн өмгөөлөгч Б.Ц нь цахим буюу зайнаас шүүх хуралдаанд оролцсон нөхцөлийг харгалзан үзэж нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг бүрэн эхээр нь уншиж танилцуулсан. Шүүгч би иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчдын шүүх хуралдаанд биеэр оролцож үг хэлэх, бичгээр тайлбар өгөх, нотлох баримт гаргах, түүнийг шинжлэн судлах, тэдний эдлэх эрх, хүлээх үүрэг зэрэгт адил боломжийг олгож талуудын тэгш эрхийг хамгаалж хэрэгт хянан шийдвэрлэх ажиллагааг явуулсан. Нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийг шүүх хуралдаанд уншиж танилцуулсан нь хуралдаан даргалагчийн шүүх хуралдааныг удирдах эрхэд хамаарах бөгөөд энэ нь хариуцагчийн шүүх хуралдаанд тайлбар гаргах эрхийг хязгаарлаагүй болно. Үүний дараа нэхэмжлэгч нэхэмжлэлээ дэмжиж байгаа эсэх, хариуцагч нэхэмжлэгчийн шаардлагыг зөвшөөрч байгаа эсэх, зохигч эвлэрэх хүсэлтэй байгаа эсэхийг асууж тодруулсны үндсэн дээр зохигчдод мэтгэлцэх нөхцөлийг бүрдүүлж нэхэмжлэгчээр нэхэмжлэлийн талаар тайлбар яриулж, хариуцагчийн хариу тайлбарыг яриулж мэтгэлцүүлсэн. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг бүрэн эхээр уншиж танилцуулснаар хэргийн оролцогчдыг ялгаварласан үйлдэл биш. Шүүгч би хууль шүүхийн өмнө эрх тэгш байх зарчмыг алдагдуулсан ёс зүйгүй үйлдэл гаргаагүй. Шүүгч миний бие шүүх хуралдааныг удирдахдаа хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмын дагуу явуулж, хэргийн оролцогч эрх үүргээ хэрэгжүүлэх, мэтгэлцэх зарчмаар хангах, шүүх хуралдааны дэгийг сахиулах үүргээ хэрэгжүүлсэн.
4.Шүүгч Б.Н нь шүүхэд гаргаагүй нэхэмжлэлийн шаардлагыг гаргасан мэтээр яриулахын тулд нэхэмжлэгч талаас хөтөлсөн асуулт асууж хүссэн хариултаа авч байсан ба маргааныг нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд бус түүнээс хальж шийдвэрлэсэн... нэхэмжлэгчээс хөтөлсөн байдлаар асуулт асууж улмаар хүссэн хариултаа авч үүнийхээ дагуу шийдвэр гаргаж байгаа нь хууль бус, ёс зүйгүй үйлдэл юм гэх гомдлын тухайд:
Нэхэмжлэгч тал 2023 оны 02 дугаар сарын 17-ны өдөр Нэхэмжлэлийн шаардлагаа өөрчилсөн тухай нэхэмжлэлийг тус шүүхэд гаргасныг миний бие 2023 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн 155/Ш32023/00... дугаартай шүүгчийн захирамжаар хүлээн авч нэхэмжлэлийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчид гардуулан өгч, хэргийг хянан шийдвэрлэхдээ нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн өөрчилсөн шаардлагын хэмжээнд хэргийг хянан шийдвэрлэсэн. Гомдолд бичсэнчлэн шүүхэд гаргаагүй нэхэмжлэлийн шаардлагыг гаргасан мэтээр яриулахын тулд нэхэмжлэгчээс хөтөлсөн асуултыг асуугаагүй, харин хуульд заасан чиглүүлэх чиг үүргийнхээ дагуу Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 89 дүгээр зүйлд заасан бүрэн эрхийнхээ хүрээнд мөн хуулийн 90 дүгээр зүйлд заасан нийтлэг журмын дагуу шүүх хуралдааныг удирдахдаа нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг тодруулах үүргээ хэрэгжүүлсэн нь хавтаст хэрэгт авагдсан шүүх хуралдааны тэмдэглэл, хуралдааны бичлэг зэргээс тодорхой харагдана. Шүүх хуралдаан даргалагчийн зүгээс нэхэмжлэлийн шаардлагыг тодруулж асуух үүргээ хэрэгжүүлснээр нэхэмжлэлийн шаардлага болон үндэслэл ойлгомжтой томьёологдсон эсэхийг тогтоох, эсхүл тодорхой болгох, нэхэмжлэлд тусгагдсан үндэслэл, түүний үндсэн дээр гаргасан шаардлагын талаар маргаан байгаа эсэхийг тогтоох, зохигчдын хооронд үүссэн эрх зүйн харилцааг тогтооход чиглэсэн арга хэмжээ ба шүүх энэ ажиллагааг уялдаа холбоотой, харилцан шүтэлцээтэй, шат дараалан явуулснаар эрх зүйн маргааныг хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байдлаар хянан шийдвэрлэх нөхцөл бүрддэг. Шүүх нэхэмжлэлийн өөрчилсөн шаардлагын хүрээнд хэргийг шийдвэрлэсэн ба нэхэмжлэлд дурдагдаагүй буюу гомдолд бичсэн “бусдын эд хөрөнгө өмчлөх эрхийг хууль бус болохыг тогтоолгох тухай шаардлага энэ хэрэгт байхгүй” гэх гомдол нь үндэслэлгүй байна.
5.Шүүгч улсын тэмдэгтийн хураамжийг буруу тогтоосноор хариуцагч талыг хохироосон шийдвэр гаргасан. “...нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа өөрчилсөн нэхэмжлэлд 70.200 төгрөг, 142.950 төгрөгийг төлсөн байна” гэж тусгасан байтал шийдвэрийн тогтоох хэсгийн 2-т нэхэмжлэгч “...Д.Н-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 581.100 төгрөгийг хариуцагч М.М-аас гаргуулж нэхэмжлэгчид олгосугай”гэж төлбөр хураамжийг нэмэгдүүлсэн байдлаар хариуцагчаас гаргуулсан нь илт хууль бус үйлдэл юм. ...Шүүгч Б.Н нь нэхэмжлэгчийн анх гаргасан болон сүүлд өөрчилж гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хоёуланг нь хамруулан хэрэг маргааныг хянан шийдвэрлэж, улмаар нэхэмжлэгчийн зөвхөн амаар хэлсэн үнийн дүнгийн хэмжээгээр тооцон хариуцагч М.М буюу үл хөдлөх эд хөрөнгө өмчлөгчөөс 581.100 төгрөгийн улсын тэмдэгтийн хураамж гаргуулахаар шийдвэрлэж байгаа нь хуулийг илтэд зөрчсөн үйлдэл юм. ...шүүгч Б.Н нь маргаан бүхий үл хөдлөх эд хөрөнгүүдийн албан ёсны үнэлгээг эрхийн улсын бүртгэлийн газраас ирүүлсэн нь хэргийн материалд авагдсан байтал нэхэмжлэгчийн хэлсэн үнээр тэмдэгтийн хураамж тооцсон нь илт хууль бус үйлдэл гэж үзэж байна гэх гомдлын тухайд:
Нэхэмжлэгч Д.Н 2022 оны 12 дугаар сарын 06-ны өдөр тус шүүхэд хариуцагч М.М-аас 42,000,000 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэл гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 367,950 төгрөгийг төлсөн баримтыг нэхэмжлэлд хавсарган ирүүлсэн ба 2023 оны 02 дугаар сарын 17-ны өдөр нэхэмжлэлийн шаардлагаа өөрчилсөн нэхэмжлэлийг тус шүүхэд гаргахдаа нэхэмжлэлд 70,200 төгрөг, 142,950 төгрөгийг, нийт улсын тэмдэгтийн хураамжид 581.100 төгрөгийг төлсөн байдаг. Үл хөдлөх эд хөрөнгө, орон сууц чөлөөлүүлэх нэхэмжлэлийн шаардлагад тухайн үл хөдлөх эд хөрөнгийн үнийн дүнгээс улсын тэмдэгтийн хураамжийг тооцдог ба нэхэмжлэгч өөрийн газар болон үл хөдлөх эд хөрөнгийг 50,000,000 төгрөгөөр үнэлэн худалдах-худалдан авах гэрээгээр бусдад худалдсан гэснээс үзвэл нэхэмжлэгч нь тухайн хэмжээгээр өөрийн нэхэмжлэлийн шаардлагын хэмжээг тодорхойлсныг шүүх үгүйсгэх үндэслэлгүй. Мөн нэхэмжлэгч нь худалдах-худалдан авах гэрээнээс татгалзаж буй нэхэмжлэлийн шаардлагад тохирох улсын тэмдэгтийн хураамжийг Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуульд зааснаар үнэлж тодорхойлох боломжгүй нэхэмжлэлийн шаардлагад төлөх үнийн дүнгээр төлсөн нь хуульд нийцсэн энэ талаар Шүүхийн Шийдвэрийн үндэслэх хэсэгт тодорхой дурдсан байгаа болно. Шүүгч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хууль, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулиудад заасны дагуу улсын тэмдэгтийн хураамжийг шийдвэрлэсэн.
...шүүгч Б.Н нь маргаан бүхий үл хөдлөх эд хөрөнгүүдийн албан ёсны үнэлгээг эрхийн улсын бүртгэлийн газраас ирүүлсэн нь хэргийн материалд авагдсан байтал нэхэмжлэгчийн хэлсэн үнээр тэмдэгтийн хураамж тооцсон нь илт хууль бус ...гэх гомдлын тухайд:
Иргэн Б.Ц-ын өргөдөлд бичсэнчлэн тухайн маргаан бүхий буюу А аймгийн М сумын 2 дугаар багийн 26 дугаар гудамжны 8 тоотод байрлах газар болон үл хөдлөх эд хөрөнгүүдийг үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн газарт бүртгүүлсэн үнийн дүнг нэхэмжлэгч мэдэх боломжгүй, түүнчлэн нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагаа өөрчилсөн нэхэмжлэлийг шүүх хүлээн авсны дараа нэхэмжлэгч талын хүсэлтээр хавтаст хэрэгт дээрх маргаан бүхий үл хөдлөх эд хөрөнгүүдийн үнэлгээ бүхий баримтууд нь хавтаст хэрэгт бүрдсэн байгааг анхаарч үзнэ үү.
Иймээс шүүгч Б.Н миний бие иргэн Б.Ц-ын Шүүхийн сахилгын хороонд хандаж гаргасан өргөдөлд бичигдсэн Монгол улсын шүүхийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.4, 6 дугаар зүйлийн 6.1, 7 дугаар зүйлийн 7.1, 8 дугаар зүйлийн 8.1, 50 дугаар зүйлийн 50.1.1, 50.1.23-д заасныг тус тус зөрчөөгүй, шүүгчийн хувьд хуульд заасан ажиллагааг явуулж хэргийг хянан шийдвэрлэсэн тул иргэн Б.Ц-ын гомдлыг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Өргөдөл гаргагч Б.Ц нь А аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Н-д холбогдуулан “...Үүргээ гүйцэтгэх замаар уг хэргийн байдлыг мэдэх болсон эвлэрүүлэн зуучлагчийг гэрчээр дуудаж мэдүүлэг авч хэт нэг талыг баримталсан, нөлөөнд автсан, нэхэмжлэгч талд үйлчилсэн, ...иргэн М.М-ын өмчлөх эрхийг бүдүүлгээр зөрчин, түүний өмчлөлөөс үл хөдлөх эд хөрөнгө чөлөөлүүлэхээр шийдвэрлэсэн, ...нэхэмжлэгч талд давуу эрх олгож, хэргийн оролцогчдыг ялгаварласан, хууль шүүхийн өмнө эрх тэгш байх, мэтгэлцэх зэрэг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд баримтлах зарчмуудыг зөрчсөн, ...нэхэмжлэгч талаас хөтөлсөн асуулт асууж,...маргааныг нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд бус түүнээс хальж шийдвэрлэсэн,...улсын тэмдэгтийн хураамжийг буруу тогтоож хариуцагчийг хохироосон шийдвэр гаргасан...” гэх агуулга бүхий өргөдөл гаргасан байна.
Сахилгын хэрэгт авагдсан баримтаар дараах үйл баримт тогтоогджээ. Үүнд:
Иргэн Д.Н нь 2022 оны 12 дугаар сарын 06-ны өдөр А аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхэд “... бүх хашаа, байшин, газрын гэрээ, гэрчилгээ М.М-ын нэр дээр гарсан учир М.М-аас 42.000.000 төгрөгийг өгнө үү” гэсэн шаардлага бүхий нэхэмжлэлийг гаргаж, улсын тэмдэгтийн хураамжид 367.950 төгрөгийг төлсөн.
А аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Н нэхэмжлэлийг хүлээн авч 2022 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 155/ШЗ2022/03... дүгээр захирамжаар иргэний хэрэг үүсгэсэн.
2023 оны 02 дугаар сарын 17-ны өдөр нэхэмжлэгчээс нэхэмжлэлийн шаардлагаа “худалдан худалдан авах гэрээнээс татгалзаж газар болон үл хөдлөх эд хөрөнгүүдийг М.М-ын өмчлөлөөс чөлөөлж өгнө үү” гэж өөрчилж, мөн өдрөө улсын тэмдэгтийн хураамжид 142.950 төгрөг, дахин 70.200 төгрөг төлсөн.
Шүүгч Б.Н А аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2023 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн 155/ШЗ2022/00... дүгээр захирамжаар нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа өөрчилснийг нь хүлээн авч, холбогдох ажиллагаа хийсэн.
Шүүгч Б.Н даргалсан А аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 03 дугаар сарын 13-ны өдрийн шүүх хуралдаанаар Д.Н-ийн нэхэмжлэлтэй хариуцагч М.М-д холбогдох иргэний хэргийг хянан хэлэлцэж 155/ШШ2023/00... дүгээр шийдвэрээр нэхэмжлэлийн өөрчилсөн шаардлагыг хангаж мөн нэхэмжлэгч Д.Н-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 581.100 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч М.М-аас 581.100 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Д.Н-д олгохоор шийдвэрлэсэн.
Анхан шатны шүүхийн дээрх шийдвэрийг эс зөвшөөрч хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Н 2023 оны 04 дүгээр сарын 10-ны өдөр давж заалдах гомдол гаргасан байна.
Нэг.А аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн “Хүсэлт шийдвэрлэх тухай” 155/ШЗ2023/00... дугаар захирамжаар нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.О-ээс шүүхэд гаргасан хүсэлтийг хангаж ...тус шүүх дэх эвлэрүүлэн зуучлагч Ж.Л-ыг 2023 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр гэрчээр асуужээ.
Тус мэдүүлгийг нотлох баримтаас хасуулах тухай хүсэлтийг хариуцагчийн өмгөөлөгч Б.Т, Б.Ц нар гаргасан байх бөгөөд А аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2023 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн 155/ШЗ2023/00... дугаар захирамжаар эвлэрүүлэн зуучлагч Ж.Л-ыг гэрчээр асууж авсан мэдүүлгийг нотлох баримтаас хасуулах тухай дээрх хүсэлтийг хангаж шийдвэрлэсэн байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.8.1-д “үүргээ гүйцэтгэх замаар уг хэргийн байдлыг мэдэх болсон эвлэрүүлэн зуучлагч, зохигчийн төлөөлөгч буюу эрүүгийн хэргийн өмгөөлөгч”-ийг гэрчээр дуудах буюу мэдүүлэг авч болохгүй гэж заасан.
Шүүгч Б.Н нь дээрх хуулийн заалтыг зөрчиж эвлэрүүлэн зуучлагч Ж.Л-оос гэрчийн мэдүүлэг авсан үйл баримт тогтоогдож байх боловч тус иргэний хэргийг шийдвэрлэхэд эвлэрүүлэн зуучлагч Ж.Л-оос авсан гэрчийн мэдүүлгийг шүүх нотлох баримтын хэмжээнд үнэлээгүй, шийдвэрийн үндэслэл болгоогүй ба нотлох баримтаас хассан байх тул шүүгчийг хуулийн илт тодорхой заалтыг ноцтой зөрчсөн гэж үзэхгүй.
Хоёр. “...шүүгч Б.Н нь бусдын эд хөрөнгө өмчлөх эрхийг хууль бус гэдгийг нь тогтоогоогүй, ийм үйл баримт нотлогдохгүй байхад иргэн М.М-ын өмчлөх эрхийг бүдүүлгээр зөрчин, түүний өмчлөлөөс үл хөдлөх эд хөрөнгийг чөлөөлүүлэхээр шийдвэрлэсэн нь хууль зөрчсөн үйлдэл, ...шүүгч улсын тэмдэгтийн хураамжийг буруу тогтоосноор хариуцагч талыг хохироосон шийдвэр гаргасан...” гэх өргөдлийн тухайд,
А аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 03 дугаар сарын 13-ны өдрийн 155/ШШ2023/00... дүгээр шийдвэрээр нэхэмжлэлийн өөрчилсөн шаардлагыг хангаж, ТОГТООХ хэсгийн 1 дэх заалтаар, нэхэмжлэгч Д.Н нь хариуцагч М.М-ай байгуулсан 2022 оны 4 дүгээр сарын 20-ны өдөр байгуулсан “Газар ззэмших эрх шилжүүлэх”, “Үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах тухай” гэрээнүүдээс татгалзаж, хариуцагч М.М-ын өмчлөлөөс А аймгийн М сумын 2 дугаар багийн 26 дугаар гудамжны 8 тоот хаягт байрлах эрхийн улсын бүртгэлийн Г-1723006... дугаарт бүртгэлтэй 792 м.кв талбай бүхий газар, мөн хаягт байрлах эрхийн улсын бүртгэлийн Ү-1723010... дугаарт бүртгэлтэй 91 м.кв талбай бүхий хувийн сууц, эрхийн улсын бүртгэлийн Ү-1723010... дугаарт бүртгэлтэй 43 м.кв талбай бүхий хувийн сууц зэргийг чөлөөлж, хариуцагчийн гэрээний үүргийн гүйцэтгэлд төлсөн 8,000,000 төгрөгийг нэхэмжлэгч Д.Н-ээс гаргуулан хариуцагч М.М-д буцаан олгож, 2 дахь заалтаар, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгч Д.Н-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 581.100 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч М.М-аас 581.100 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Д.Н-д олгохоор тус тус шийдвэрлэжээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1-д “Шүүх хэргийн оролцогчийн гаргасан нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр нотлох баримтыг өөрийн дотоод итгэлээр үнэлнэ” гэж зааснаар хууль хэрэглээ, нотлох баримтыг дотоод итгэлээрээ хэрхэн үнэлэх, дүгнэлтийн үндэслэлээ хэрхэн тодорхойлох нь шүүгчид хуулиар олгосон бүрэн эрх бөгөөд шүүхийн шийдвэрийн үндэслэлийг хянаж, хууль зүйн дүгнэлт өгөх эрх Сахилгын хороонд олгогдоогүй болно.
Түүнчлэн, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-т зааснаар шүүхийн зардлыг нэхэмжлэл бүрэн хангагдсан тохиолдолд хариуцагчаар, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон тохиолдолд нэхэмжлэгчээр нөхөн төлүүлнэ.
Сахилгын хэрэгт авагдсан баримтаар нэхэмжлэгч нь анх А аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхэд хариуцагч М.М-аас 42,000,000 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэл гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 367,950 төгрөгийг, нэхэмжлэлийн шаардлага өөрчилсөн нэхэмжлэлд 70,200 төгрөг, 142,950 төгрөгийг тус тус төлсөн нь тогтоогдож байх бөгөөд шүүх нэхэмжлэлийг хангаж Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн нийт 581,100 төгрөгийг хариуцагчаас гаргуулахаар шийдвэрлэснийг буруутгах үндэслэлгүй.
Гурав. “...Шүүгч Б.Н нь ...нэхэмжлэгчийн өмнөөс нэхэмжлэлийг эхнээс нь дуустал уран тод уншсан үйлдэл нь нэхэмжлэгч талд давуу эрх олгосон, ... мэтгэлцэх зэрэг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд баримтах зарчмуудыг зөрчсөн...” гэх өргөдлийн тухайд,
Сахилгын хэрэгт авагдсан, А аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 03 дугаар сарын 13-ны өдрийн 155/ШШ2023/00... дүгээр шийдвэр, шүүх хуралдааны тэмдэглэл болон тус өдрийн шүүх хуралдааны бичлэгээс үзэхэд, шүүх хуралдаанд нэхэмжлэгч Д.Н, түүний өмгөөлөгч Д.О, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Н, хариуцагчийн өмгөөлөгч Б.Т, Б.Ц /цахимаар/ нар тус тус оролцож, тайлбар, хүсэлт гаргасан байна.
Үүнээс үзэхэд шүүх хуралдаанд хэргийн оролцогч эрх, үүргээ хэрэгжүүлэх, үг хэлэх, бичгээр тайлбар өгөх, нотлох баримт гаргах, түүнийг шинжлэн судлахад тэгш эрхтэй оролцсон буюу мэтгэлцэх зарчим хангагдсан гэж үзэхээр байна.
Харин, шүүгч нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь уншиж танилцуулж байгаа үйл баримт тус өдрийн шүүх хуралдааны дуу-дүрсний бичлэгээр тогтоогдож байх хэдий ч энэ нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1-т “хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа шүүх хуралдаан даргалагч буюу шүүгч хэргийн талаар танилцуулснаар эхэлнэ” гэж заасан зохицуулалтад хамаарах буюу шүүгч тухайн иргэний хэргийн нэхэмжлэлийн шаардлагыг хэргийн оролцогчдод танилцуулж хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг эхлүүлсэн гэж үзэхээр байна.
Дөрөв. “...шүүхэд гаргаагүй нэхэмжлэлийн шаардлагыг гаргасан мэтээр яриулахын тулд нэхэмжлэгч талаас хөтөлсөн асуулт асуусан...” гэх өргөдлийн тухайд,
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2-т “хэргийн оролцогч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, ...үндэслэл, тайлбар түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх үүрэгтэй”, 107 дугаар зүйлийн 107.2 дахь хэсэгт “нэхэмжлэгч, ...өмгөөлөгч нэхэмжлэлийн шаардлага, маргааны үйл баримт, хариуцагчийн гэм бурууг нотолж, түүний татгалзлыг үгүйсгэж байгаа үндэслэлээ нотолно” гэж тус тус заасан.
Сахилгын хэрэгт авагдсан 2023 оны 03 дугаар сарын 13-ны өдрийн шүүх хуралдааны дуу-дүрсний бичлэгийн 15 минут 42 секундээс шүүгч Б.Н нь нэхэмжлэлийн өөрчилсөн шаардлагын үндэслэлийг нэхэмжлэгч Д.Н-ээс тодруулж асуусан нь бичигдсэн байна.
Үүнийг шүүх хуралдаан даргалагч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 89 дүгээр зүйлд заасан бүрэн эрхийнхээ хүрээнд мөн хуулийн 90 дүгээр зүйлд заасан нийтлэг журмын дагуу хуралдаан даргалахдаа нэхэмжлэлийн өөрчилсөн шаардлагыг тодруулахын тулд нэхэмжлэгч талаас асуулт асуусан гэж үзэхээр байна.
Дээрхээс үзэхэд шүүгч Б.Н нь Монгол Улсын шүүхийн тухай хууль, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулсан нь тогтоогдож байх тул түүнд үүсгэсэн сахилгын хэргийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж бүрэлдэхүүн үзэв.
Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 112 дугаар зүйлийн 112.1, 112.1.2, 112.2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Шүүхийн сахилгын хорооны гишүүний 2023 оны 05 дугаар сарын 09-ний өдрийн ГС/2023/00... дугаартай “Сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох тухай” саналыг хүлээн авч, А аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Н-д холбогдох сахилгын хэргийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2.Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 112 дугаар зүйлийн 112.6 дахь хэсэгт зааснаар магадлал гаргаснаас хойш 14 хоногийн дотор сахилгын хэргийн оролцогч болон өргөдөл, мэдээлэл гаргагчийн оршин суугаа газрын эсхүл ажлын газрын хаягаар баталгаат шуудангаар хүргүүлэхийг Ажлын албанд даалгасугай.
3.Дээрх журмаар хүргүүлснээр магадлалыг гардан авсанд тооцох ба энэ нь гомдол гаргах хугацааг тоолох үндэслэл болохыг мэдэгдсүгэй.
4.Магадлалыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор сахилгын хэргийн оролцогч гомдол, илтгэгч гишүүн эсэргүүцэл гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ Х.ХАШБААТАР
ГИШҮҮН Д.АРИУНТУЯА
Г.ЦАГААНЦООЖ