МОНГОЛ УЛС
ШҮҮХИЙН САХИЛГЫН ХОРОО
МАГАДЛАЛ
2022-03-10
Дугаар 109
Улаанбаатар хот
Сахилгын зөрчлийг нотлох дүгнэлтийг хүлээн авч, сахилгын шийтгэл оногдуулах тухай
Шүүхийн сахилгын хорооны хуралдааныг гишүүн Д.Эрдэнэчулуун даргалж, гишүүн Х.Хашбаатар, С.Энхтөр нарын бүрэлдэхүүнтэй, илтгэгч гишүүн Д.Ариунтуяа, хуралдааны нарийн бичгийн дарга Г.Б, холбогдох шүүгч Б.Д, Р.Ү нарыг /цахимаар/ оролцуулан Шүүхийн сахилгын хорооны хуралдааны танхимд хийв.
“Э” газрын ... дарга Х.Б-ын гаргасан өргөдлийн дагуу ... аймаг дахь сум дундын ... хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Б.Б, шүүгч Р.Ү, Б.Д нарт холбогдуулан Шүүхийн сахилгын хорооны гишүүний 2021 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн 1...7 дугаар “Сахилгын хэрэг үүсгэх тухай” захирамжтай, 2022 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн 01 дүгээр “Сахилгын зөрчлийг нотлох дүгнэлт”-ийг Сахилгын хорооны гишүүн Д.Ариунтуяагийн илтгэснээр хянан хэлэлцээд
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн сахилгын хорооны гишүүн Д.Ариунтуяа “Сахилгын зөрчлийг оногдуулах тухай” дүгнэлтдээ:
- П.О-ийн нэхэмжлэлтэй иргэний хэрэгт:
...аймаг дахь сум дундын ...хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2021 оны 08 дугаар сарын 30-ны өдрийн 1.../ШЗ2021/....3 дугаар “Иргэний хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцүүлэх тухай” захирамжаар 2021 оны 9 дүгээр сарын 09-ний өдрийн 09 цаг 00 минутад товложээ.
Тус шүүхийн 2021 оны 9 дүгээр сарын 09-ний өдрийн 1.../ШТ2021/....9 дүгээр тогтоолоор хүсэлт шийдвэрлэж, шүүх хуралдааныг 2021 оны 9 дүгээр сарын 24-ний өдрийн 14 цаг хүртэл хугацаагаар хойшлуулжээ.
2021 оны 9 дүгээр сарын 24-ний өдрийн 1...1 дугаар шүүх хуралдааны тэмдэглэлд шүүх хуралдааныг 2021 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн 09 цаг 00 минут хүртэл хугацаагаар хойшлуулсан байна.
Улмаар тус шүүхийн 2021 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн 1.../ШЗ2021/0...3 дугаар тогтоолоор хүсэлт шийдвэрлэж, шүүх хуралдааныг 2021 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн 09 цаг 00 минут хүртэл хугацаагаар хойшлуулсан.
Мөн 2021 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн 1131 дугаар шүүх хуралдааныг тэмдэглэлд шүүхийн журмаар нотлох баримт бүрдүүлэх, нэхэмжлэгчийн нэмэгдүүлсэн шаардлагыг шүүх хүлээн авсан байна.
Тус шүүхийн 2021 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн ....8 дугаар шүүх хуралдааны тэмдэглэлд шүүх хуралдаан 09 цаг 00 минутад эхэлж, 14 цаг 15 минутад дуусжээ.
...аймаг дахь сум дундын ...хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн 2021/ШТ/...2 шүүгдэгч Ц.Ү нарт холбогдох эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг 2021 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн 08 цаг 00 минут хүртэл хугацаагаар завсарлуулсан байна.
- Нэхэмжлэгч П.А-ийн нэхэмжлэлтэй иргэний хэрэгт:
... аймаг дахь сум дундын ... хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2021 оны 6 дугаар сарын 18-ны өдрийн 1.../ШЗ2021/...8 дугаар захирамжаар шүүх хуралдааныг 2021 оны 9 дүгээр сарын 06-ны өдрийн 11 цаг 00 минут хүртэл хугацаагаар хойшлуулж, шүүх хуралдааны товыг 8 дугаар сарын 31-ний өдөр мэдэгдсэн байна.
Тус өдрийн шүүх хуралдаан 2021 оны 9 дүгээр сарын 06-ны өдрийн 14 цаг 00 минутад эхэлж 17 цаг 40 минутад дууссан байна. 2021 оны 9 дүгээр сарын 06-ны өдрийн 1.../ТМ2021/...2 дугаар тэмдэглэл,
Өргөдөл гаргагч “Э” газрын ...дарга Х.Б-ын ... аймаг дахь сум дундын ... хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Б.Б, шүүгч Р.Ү, Б.Д нарын хууль зөрчсөн талаарх өргөдөлд дурдсан дараах үндэслэлүүдийг үндэслэлтэй байна гэж үзлээ.
Үүнд: ... аймаг дахь сум дундын ... хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Б.Б-ийн тухайд:
1. Иргэн П.А-ийн нэхэмжлэлтэй “Э” газарт холбогдох хэргийн шүүх хуралдааныг нэхэмжлэгчийн хүсэлтийг үндэслэн 2021 оны 9 дүгээр сарын 06-ны өдрийн 11 цаг хүртэл хойшлуулсан байх бөгөөд энэхүү шүүх хуралдаан нь 2021 оны 9 дүгээр сарын 06-ны өдөр 14 цагт эхэлсэн болох нь шүүх хуралдааны тэмдэглэлийн хуулбар, шүүх хуралдааны дуу, дүрсний бичлэгийн хуулбар зэрэг баримтуудаар тогтоогдож байна.
2. Иргэн П.О-ийн нэхэмжлэлтэй “Э” газарт холбогдох иргэний хэргийн анхан шатны шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн өмгөөлөгч талаас шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгааны талаар мэдэгдэлгүй шүүх хуралдааныг 1 цаг 48 минут үндэслэлгүйгээр хойшлуулсан,
3. Шүүх хуралдаан явагдаж байхад дараагийн шүүх хуралдаандаа орьё, шүүх танхимаас гармаар байна гэх зэргээр удаа дараалан хууль зөрчсөн үйлдэл гаргасаар атал шүүх хуралдааны дэг сахиулах, бусдын зүй бус авирыг таслан зогсоох чиг үүргийг хэрэгжүүлээгүй байна.
... аймаг дахь сум дундын ... хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Р.Ү-ийн тухайд:
1. Иргэн П.О-ийн нэхэмжлэлтэй “Э” газарт холбогдох иргэний хэргийн анхан шатны шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн өмгөөлөгч талаас шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгааны талаар мэдэгдэлгүй шүүх хуралдааныг 1 цаг 48 минут үндэслэлгүйгээр хойшлуулсан,
2. Шүүх хуралдаан явагдаж байхад дараагийн шүүх хуралдаандаа орьё, шүүх танхимаас гармаар байна гэх зэргээр удаа дараалан хууль зөрчсөн үйлдэл гаргасаар атал шүүх хуралдааны дэг сахиулах, бусдын зүй бус авирыг таслан зогсоох чиг үүргийг хэрэгжүүлээгүй,
3. Иргэн П.О-ийн нэхэмжлэлтэй, “Э” газарт холбогдох иргэний хэргийн анхан шатны шүүх хуралдааныг хойшлуулж, хуралдааны тов гаргахдаа ажлын бус амралтын өдөр хуралдаан товлосон зэрэг зөрчил гаргасан нь тогтоогдсон. /2021 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн 9 цаг хүртэл шүүх хуралдааныг хойшлуулсан тухайн өдөр буюу 2021 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр нь билгийн тооллын өвлийн тэргүүн сарын шинийн нэгний өдөр буюу Монгол бахархалын өдөр байсан байна/
... аймаг дахь сум дундын ... хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Д-ийн тухайд:
1. Иргэн П.О-ийн нэхэмжлэлтэй “Э” газарт холбогдох иргэний хэргийн анхан шатны шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн өмгөөлөгч талаас шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгааны талаар мэдэгдэлгүй шүүх хуралдааныг 1 цаг 48 минут үндэслэлгүйгээр хойшлуулсан,
2. Шүүх хуралдаан явагдаж байхад дараагийн шүүх хуралдаандаа орьё, шүүх танхимаас гармаар байна гэх зэргээр удаа дараалан хууль зөрчсөн үйлдэл гаргасаар атал шүүх хуралдааны дэг сахиулах, бусдын зүй бус авирыг таслан зогсоох чиг үүргийг хэрэгжүүлээгүй нь тогтоогдсон.
Дээрх нэр бүхий шүүгч нар Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1.20-д заасан “хэргийн оролцогч болон бусад этгээдтэй албан үүргийн хувьд харилцахдаа зүй бус авирлах, эсхүл хуралдааны дэг сахиулах хүрээнд бусдын зүй бус авирыг таслан зогсоох талаар шаардлага тавих үүргээ биелүүлэхгүй байх”, мөн зүйлийн 50.1.25-д заасан “шүүх хуралдаан, урьдчилсан хэлэлцүүлгийн товыг хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр удаа дараа зөрчих” гэснийг тус тус зөрчсөн болох нь сахилгын хэрэгт авагдсан нотлох баримтууд болон шүүгч нараас асууж авсан тайлбар, шүүх хуралдааны дуу, дүрсний бичлэгийн хуулбар зэрэг хэрэгт цугларсан бусад баримтуудаар тогтоогдож байна.
Иймд ...аймаг дахь сум дундын ...хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Б.Б, шүүгч Р.Ү, Б.Д нарт зөрчил гаргасныг нотлох дүгнэлт үйлдэв.” гэжээ.
...аймаг дахь сум дундын ...хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Б.Б 2022 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр ирүүлсэн тайлбартаа: Гомдол гаргагч ... дарга Х.Б ... аймаг дахь сум дундын ... хэргийн анхан шатны шүүхийн нийт шүүгчдийг хамруулан хариуцлагагүй алдаа, дутагдал гаргадаг гэсэн нь бусдад тус шүүхийн шүүгчид ажил албандаа байнга хариуцлагагүй хандаж, алдаа дутагдал гаргаж байдаг мэт ойлголтыг төрүүлэхээр, бодит байдалтай нийцэхгүй, субьектив дүгнэлт болжээ. ... аймаг дахь сум дундын .... хэргийн анхан шатны шүүх нь 2019-2021 оны байдлаар давхардсан тоогоор нийт 99 нэхэмжлэл хүлээн авснаас “Э” газрын хүсэлттэй, хариуцагчийн эрэн сурвалжлуулах тухай нэхэмжлэл 11, “Э” газрын нэхэмжлэлтэй, гэрээ хэлцэл хүчин төгөлдөр бусад тооцуулах, төлбөр гаргуулах тухай нэхэмжлэл 18, “Э” газарт холбогдох гэрээ хэлцэл хүчин төгөлдөр бусад тооцуулах, төлбөр гаргуулах тухай нэхэмжлэл 10, нэр төр сэргээлгэх тухай нэхэмжлэл 2, тендертэй холбоотой 1, хөдөлмөрийн маргаантай холбоотой 54 нэхэмжлэл, “Э” газрын үйлдвэр эрхэлсэн хэлтэстэй холбоотой маргаан 3 нэхэмжлэл тус тус хүлээн авч, хянан шийдвэрлэсэн байх бөгөөд шүүгч болон шүүхийн захиргааны ажилчид хэргийн оролцогчтой ёс зүй, зан харилцааны алдаа гаргаж байгаа байгаагүй болох нь үүнтэй холбоотой ёс зүйн гомдол гарч байгаагүйгээс харж болно.
Шүүгчдийн хувьд хэргийн оролцогчтой биечлэн уулзаж, харилцдаггүй. Гэтэл ёс зүй зан харилцааны ямар алдаа дутагдал гаргаж байсан, хэзээ, хаана хэрхэн яаж харилцсан талаар тодорхой баримт байхгүй байна.
Миний зүгээс “Э” газрын ... дарга болон хуульчидтай хувийн болон албаны ямар нэгэн харилцаа холбоо байхгүй, ямар нэгэн байдлаар харилцаж байгаагүй болно. Дээрх дүгнэлт нь шүүхийн хараат бус байдал нэр хүндэд халдсан үйл ажиллагаа болсон байна.
Шүүгч нь хараат бусаар зөвхөн хуульд захирагдаж, нотлох баримтыг үнэлэн хууль хэрэглэж шийдвэрээ гаргадаг. Эсрэг шийдсэн, нааштай шийдсэн, тэр талд, энэ талд шийдсэн гэсэн хуулийн нэр томьёо ойлголт байдаггүй. ...даргын дээрх дүгнэлт нь “Э” газрын нэхэмжлэлийн шаардлагыг хангаж байх, хариуцагчаар оролцож байгаа тохиолдолд нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож байх мэт ойлгогдож, шүүгчийн хараат бус байдалд нөлөөлж болзошгүй байна. Эхний дүгнэлтийн тухайд дээрх тайлбарыг гаргаж байна.
П.О-ийн нэхэмжлэлтэй “Э” газарт холбогдох иргэний хэргийг хянан шийдвэрлэх ажиллагаанд тус шүүгчдийн зөвлөгөөнөөс тогтоосон нэхэмжлэл, өргөдөл, хүсэлт, хэрэг хуваарилах, шүүгч, шүүх бүрэлдэхүүн томилох журмын дагуу шүүх бүрэлдэхүүнд оролцсон байна. Бүрэлдэхүүнд оролцох шүүгчийн тухайд хэрэгтэйгээ урьдчилан танилцаж, шүүх хуралдааны товын дагуу тухайн цагт шүүх хуралдаанд оролцдог бөгөөд шүүгчийн туслах шүүх хуралдааны бэлтгэлийг хангаж, бэлэн болсон тухай мэдэгдсэнээр шүүх хуралдааны танхим руу бууж ордог, цагаа баримталдаг.
Тус шүүхийн хувьд хэргийн ачаалал ихтэй, шүүх танхим хүрэлцдэггүй, өмнө нь эхэлсэн хурал тарахгүй хүлээгддэг тохиолдол их байдаг. Шүүгчдийн хувьд хэрэг маргааныг түргэн шуурхай, хугацаа алдахгүйгээр шийдвэрлэх нь чухал байдаг тул аль болохоор шүүх хуралдаанаа цагт нь эхлэх, хэргийг шийдвэрлэж дуусгахыг ямагт чармайдаг. Шүүгч ажилдаа цагтаа ирэхгүй байх, шүүх хуралдаантай үед хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ажлын байран дээрээ байхгүй байх тохиолдол нэг ч удаа гарч байгаагүй.
Шүүхийн байр хотын төвөөс алслагдмал унаа тэрэг ховор явдаг байдлуудаас шалтгаалж хэргийн оролцогч 5-10 минут хоцрох, мөн цар тахал хорио цээрийн байдлаас шалтгаалаад шүүх хуралдааны танхимд орохын өмнө зохих бэлтгэлийг хангуулах зэрэгт бас цаг зарцуулагддаг болсон.
Түүнчлэн шүүх хуралд онлайнаар оролцох тохиолдол их болсон ийм үед техник хэрэгсэл гацах, холбогдохгүй байх зэрэг хүндрэл бэрхшээлүүд гардаг. Дээрх хэргийн тухайд шүүх хуралдаан цагтаа эхлэхгүй хойшилсон шалтгааныг даргалагч шүүгч Р.Ү тодорхой тайлбар бичиж, баримтыг хавсаргасан болно.
П.А-ийн нэхэмжлэлтэй “Э” газарт холбогдох хэрэгт нэхэмжлэгч талаас удаа дараа гаргасан “шүүх хуралдааны дэг зөрчиж, зүй бусаар авирласан үйлдэл”-ийг таслан зогсоох чиг үүргээ биелүүлээгүй гэжээ. Шүүх хуралдааныг хуульд заасан журмын дагуу явуулсан. Нэхэмжлэгч талыг анхнаас нь хэрэгт холбогдолтой тайлбар гаргахыг тухай бүрд нь анхааруулж сануулж байсан. Шүүх хуралдаан дээр нэхэмжлэгчийн шаардлага, хариуцагчийн хариу тайлбарыг заавал сонсох ёстой. Тухайн оролцогчийн зан төлөв, сэтгэл санааны гомдол, хямрал, стресс бухимдал нь шүүх хуралдаан дээр илэрч гарч байдаг. Хэрвээ эсрэг талаа үл хүндэтгэсэн, хувийнх нь асуудал руу орж доромжлох зүй бус үг хэллэг хэрэглэх үед анхааруулж зогсоодог.
Шүүх хуралдааны эхэнд шүүх хуралдаанд оролцогчийн эрх, үүрэг, шүүх хуралдааны дэг журмыг сахин биелүүлэх талаар тайлбарлаж өгсөн. Тухайн үеийн шүүх хуралдаан дээр нэхэмжлэгч П.А тайлбар гаргах үедээ хариуцагчийн төлөөлөгч Б.Н-ыг танил тал арын хаалгаар ажилд орсон, үйлдвэрийн орлогч захирал н.Ү-ийн дүү гэх зэргээр хэлэх үед, эсрэг талаа доромжилж, хувийн асуудлынх нь талаар ярихгүй байхыг анхааруулж таслан зогсоож байсан.
Аливаа хэрэг маргаанд хэргийн оролцогч гэж бий хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа тухайн этгээдүүдийн хооронд хамааралтайгаар явагддаг.
Хэдийгээр өргөдөл, мэдээлэл гаргагч гэж байгаа боловч тухайн хэргийн оролцогч биш тухайн хэрэгт хамааралгүй, холбогдолгүй хувь хүн байгууллага шүүн таслах болон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд хөндлөнгөөс оролцож хэргийн материалтай танилцах, тухайн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаатай холбоотой баримт материалыг ямар ч саад хязгааргүйгээр олж авах, тараах түгээх нийтлэх эрхтэй байх юм бол шүүхийн хараат бус байдал хувь хүний халдашгүй дархан эрх, хувийн нууц зэрэг асуудлууд юу болж хувирах бэ. Шүүхэд П.О-ийн нэхэмжлэлтэй, “Э” газарт холбогдох хэргийг хянан шийдвэрлэсэн бол нэхэмжлэгч, хариуцагч тэдгээрийн хууль ёсны болон итгэмжлэгдсэн төлөөлөгч нар тухайн хэрэгтэй хамааралтайгаар гомдол хүсэлтээ гаргах ёстой. Гэтэл тухайн хэрэг маргаанд байгууллагыг төлөөлж оролцоогүй, албан ёсоор томилогдоогүй этгээд хуулийн этгээдийг төлөөлөх эрхтэй юу. Түүнчлэн нэг хэрэг маргаан төдийгүй шүүхээр хянан шийдвэрлэгдсэн нийт хэрэгт үнэлэлт дүгнэлт өгөх эрх байна уу. Нийт шийдвэрлэгдсэн гэж байгаа 122 хэрэг маргааныг сахилгын хороогоор дахин хянан шийдвэрлүүлэх гэж байна уу гэдэг нь тодорхойгүй байна.
Эцэст нь албан тушаалдаа хүндэтгэлтэй хандаж, өөрийн үйл ажиллагаагаар шүүхийн нэр хүндийг хадгалж, олон нийтийн шүүхэд итгэх итгэлийг алдагдуулахгүй байх, гагцхүү хуульд захирагдаж, шударга ёс, үнэт зүйлсийг эрхэмлэх нь миний эрхэм дээд зорилго байдаг билээ. Та бүхнээс нөхцөл байдлыг тал бүрээс нь үнэлж цэгнэн сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгож өгөхийг хүсэж байна” гэжээ.
Ерөнхий шүүгч Б.Б 2022 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн нэмэлт тайлбартаа: Иргэн П.А-ийн нэхэмжлэлтэй, “Э” газарт холбогдох иргэний хэргийн шүүх хуралдааныг нэхэмжлэгчийн гаргасан хүсэлтийг үндэслэн 2021 оны 9 дүгээр сарын 06-ны өдрийн 11 цаг 00 минут хүртэл хойшлуулсан. Тус өдөр нь миний нийт 3 хэрэг товлогдсон байсны өглөө 09 цаг 00 минутад “Х” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Л.Б, “Р” ХХК нарт холбогдох хэрэг, 11 цаг 00 минутад “С” ХХК-ийн нэхэмжлэлтэй, “Э” хувьцаат компанид холбогдох хэргүүд товлогджээ.
Үүнээс “Х” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Л.Б, “Р” ХХК нарт холбогдох иргэний хэргийн шүүх хуралдаан 09 цаг 00 минутад эхэлж, 12 цаг 45 минутад дууссан. Энэ хооронд 11 цагаас эхлэх байсан П.А-ийн нэхэмжлэлтэй, “Э” газарт холбогдох иргэний хэргийн шүүх хуралдаан өмнөх шүүх хуралдаан тараагүйн улмаас хүлээгдэх байдалд байсан. Шүүх хуралдаан тасралтгүй явагдах зарчимтай. Нэгэнт эхэлсэн хурлын дундуур дараачийн хурлыг товлох, хойшлуулах эрх байхгүй тул дараагийн хурлын оролцогчид хурал тарахыг хүлээж байгаад ордог. Шүүгчийн туслах энэ байдлыг оролцогчдод мэдэгдэж, тэд хүлээсээр үдийн цайны цаг болсон учраас 14 цаг 00 цагт шүүх хуралдаан эхлэхийг мэдэгдэж тэднийг явуулсан байна.
... аймгийн шүүхийн үдийн цайны цаг 12 цагаас 14 цагийн хооронд байдаг. Хурлаас гарч ирэхэд шүүх хуралдааны оролцогчид 14 цагт шүүх хуралдаанд ирэхээр явсан байсан тул цайндаа ороод 14 цагт шүүх хуралдааныг эхлүүлж, хэргийг эцэслэн шийдвэрлэсэн гэжээ.
Шүүгч Р.Ү 2022 оны 01 дүгээр сарын 12-ны өдөр ирүүлсэн тайлбартаа: Миний бие шүүгчдийн зөвлөгөөний тогтоолын дагуу нэхэмжлэгч П.О-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч “Э” газарт холбогдуулан гаргасан тус газрын ерөнхий захирлын 2021 оны 6 дугаар сарын 25-ны өдрийн Б/...0 дугаартай тушаалыг хүчингүй болгуулах, урамшуулал 1.600.000 төгрөг гаргуулах, хариуцагч О.Э-д холбогдуулан гаргасан нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүндийг гутаасан мэдээлэл тараасан О.Э-ыг уучлалт гуйхыг даалгах тухай нэхэмжлэлийг 2021 оны 7 дугаар сарын 19-ний өдөр хүлээн авч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулсан.
Хариуцагч “Э” газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Н , О.Э нарт нэхэмжлэлийн хувь гардуулж, хариу тайлбар авч 2021 оны 8 дугаар сарын 30-ны өдрийн 3..3 дугаар захирамжаар шүүх хуралдааныг 2021 оны 9 дүгээр сарын 09-ний өдрийн 09 цагт товлож, хэргийн оролцогчдод тов мэдэгдсэн.
2021 оны 9 дүгээр сарын 09-ний өдрийн шүүх хуралдаанд зохигчид гэрч оролцуулах, нотлох баримт гаргуулах хүсэлт гаргасныг шүүх шийдвэрлэн хуралдааныг 2021 оны 9 дүгээр сарын 24-ний өдрийн 14 цаг хүртэл хойшлуулсан,
2021 оны 9 дүгээр сарын 24-ний өдрийн шүүх хуралдаанд нэхэмжлэгч П.О ковид өвчин туссан, нэхэмжлэгчийн өмгөөлөгч М.Г Улаанбаатар хотод хүүхдээ үзүүлэх шаардлагатайгаас хүрэлцэн ирээгүй үндэслэлээр шүүх хуралдааныг 2021 оны 10 дугаар сарын 18-ны 09 цаг хүртэл хойшлуулсан,
2021 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн шүүх хуралдаанд нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлсэн үндэслэлээр шүүх хуралдааныг 2021 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн 09 цаг хүртэл хойшлуулсан. Гэвч тухайн өдөр буюу 2021 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр нь билгийн тооллын өвлийн тэргүүн сарын шинийн нэгний өдөр буюу Монгол бахархалын өдөр байсан учир шүүх хуралдааны товыг 2021 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн 09 цагт товлож талуудад мэдэгдсэн.
2021 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн 09 цагт товлосон шүүх хуралдааныг эхлэх гэтэл нэхэмжлэгч П.О-ийн өмгөөлөгч М.Г, М.М нар 2021 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр хуралдсан Ц.Ү нарт холбогдох эрүүгийн хэргийн шүүх хуралдаанд шүүгдэгч О.Д өмгөөлөгчөөр оролцож байна, ял оногдуулах хуралдаан тул удахгүй дуусах гэж байна гэж туслах мэдэгдсэн.
Шүүгдэгч Ц.Ү нарт холбогдох эрүүгийн хэргийн шүүх хуралдаан 2021 оны 11 дүгээр сарын 02-ны өдрөөс 2021 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн 08 цаг хүртэл завсарлага авч хойшлогдсон байсан ба өмгөөлөгч М.Г, М.М нар уг шүүх хуралдаанд 08 цаг 17 минутад орж 10 цаг 25 минутад гарч.ирсэн, өмгөөлөгч нарыг гарч ирмэгц П.О-ийн нэхэмжлэлтэй иргэний хэргийн шүүх хуралдааныг 10 цаг 28 минутад эхэлсэн үйл баримт Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14-д Монгол Улсын иргэн дараах үндсэн эрх, эрх чөлөөг баталгаатай эдэлнэ: ... өөрийгөө өмгөөлөх, хууль зүйн туслалцаа авах, нотлох баримтыг шалгуулах, шударга шүүхээр шүүлгэх, ... эрхтэй гэж заасан.
Нэхэмжлэгч П.О нь Үндсэн хуульд заасан эрхээ эдэлж өмгөөлөгч М.Г, М.М нарыг сонгон авч, 2021 оны 7 дугаар сарын 19-нд шүүхэд нэхэмжлэл гаргахдаа өмгөөлөгч М.Г, М.М нарыг өмгөөлөгчөөр оролцуулах хүсэлтээ ирүүлсний дагуу шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд нэхэмжлэгчийн өмгөөлөгч нарыг оролцуулсан, шүүх нэхэмжлэгчийн хууль зүйн туслалцаа авах, өмгөөлөгч авах эрхийг хангаж ажиллах үүргээ биелүүлсэн гэж үзэж байна. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1-д Бүх шатны шүүхийн шүүх хуралдааныг өдрийн цагаар, амрах зайлшгүй шаардлагатайгаас бусад цагт тасралтгүй явуулна, 9.2.-т Шүүх бүрэлдэхүүн буюу шүүгч шүүх хуралдаанаар нэгэнт хэлэлцэж эхэлсэн хэргийг хянан шийдвэрлэж дуусах буюу хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хойшлуулах, түдгэлзүүлэх хүртэл өөр хэргийг хянан шийдвэрлэх эрхгүй гэж заасан.
Нэгэнт нэхэмжлэгч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд эхнээсээ өмгөөлөгчтэй оролцсон, өмгөөлөгч нарын оролцсон эрүүгийн хэргийн шүүх хуралдаан дуусаагүй, үргэлжилж байсан, эхний хуралдаан дуусаагүй байхад дараагийн шүүх хуралдаанд оролцох боломжгүйгээс буюу хүндэтгэн үзэх шалтгааны улмаас нэхэмжлэгчийн өмгөөлөгч нар шүүх хуралдаанд цагтаа ирээгүй үйл баримт болсон. ... Хэн нэгэн шүүгчийг ёс зүйн зөрчил гаргасан гэж үзэж байгаа бол тухайн шүүгчид холбогдуулан өргөдөл, мэдээлэл гаргах эрхтэй боловч хэн, ямар зөрчил гаргасан нь тодорхойгүй, хавтгайруулан бүх шүүгчийг “... тус шүүхийн шүүгчдийн хариуцлагагүй, алдаа, дутагдал, ёс зүйн зан харилцаанаас үүдэлтэйгээр олон хэрэг маргаан үйлдвэрийн эсрэг шийдвэрлэгдэх боллоо... хуулийн илт тодорхой заалтыг ноцтой зөрчсөн үйлдлүүдийг удаа дараалан гаргаж байгаа нь хөдөлмөрийн маргаан бүхий хэргүүдэд давуу байдал тогтоож, хэт нэг талыг барьж шийдвэрлэж байна” гэж бичсэн нь хуульчийн ёс зүйд нийцэхгүй бөгөөд шүүхэд нөлөөлж байгаа нэг хэлбэр гэж үзэж байна” гэжээ.
Шүүгч Б.Д 2022 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр ирүүлсэн тайлбартаа: ... аймаг дахь сум дундын ... хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Д миний бие нэхэмжлэгч П.О-ийн нэхэмжлэлтэй хариуцагч “Э” газарт холбогдох, тус газрын ерөнхий захирлын 2021 оны 6 дугаар сарын 25-ны өдрийн Б/...0 дугаартай тушаалыг хүчингүй болгуулах, урамшуулал 1.600.000 төгрөг гаргуулах, хариуцагч О.Э-д холбогдох нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүндийг гутаасан мэдээлэл тараасан О.Э-ыг уучлалт гуйхыг даалгах тухай нэхэмжлэлтэй, иргэний хэргийг хянан шийдвэрлэх шүүх бүрэлдэхүүнд тус шүүхийн шүүгчдийн зөвлөгөөний 2021 оны 3 дугаар сарын 01-ний өдрийн ... 7 дугаар тогтоолоор батлагдсан хуваарийн дагуу томилогдон оролцсон.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 81 дүгээр зүйлийн 81.1-д “анхан шатны журмаар шүүгч дангаар хянан шийдвэрлэхээс бусад хэргийг 3 шүүгчийн бүрэлдэхүүнтэй хянан шийдвэрлэнэ”, 89.1-д “шүүх хуралдааныг тухайн шүүхийн шүүгчдийн зөвлөгөөнөөс томилогдсон шүүгч даргална” гэж заасны дагуу тус хэргийн шүүх хуралдааныг шүүгч Р.Ү даргалж, шүүх бүрэлдэхүүнд Ерөнхий шүүгч Б.Б бид оролцож хэргийг шийдвэрлэсэн.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 89 дүгээр зүйлийн 89.2-т “шүүх хуралдаан даргалагч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуулийн дагуу явуулах, хэргийн оролцогч эрх үүргээ хэрэгжүүлэх, мэтгэлцэх зарчмыг хангах, шүүх хуралдааны дэгийг сахиулах талаар шаардлагатай арга хэмжээг авна” гэж заасны дагуу даргалагч шүүгч Р.Ү нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг явуулсан.
“Э” газрын ... дарга Х.Б Шүүхийн сахилгын хороонд гаргасан гомдолдоо "... Шүүхийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1.20, 50.1.23, 50.1.25 дахь заалтуудад заасан шүүгчид хориглох зүйлийг удаа дараа гаргаж, хөдөлмөрийн маргаан бүхий хэргүүдэд давуу байдал тогтоох, хэт нэг талыг барьж шийдвэрлэх, хэргийн оролцогч болон бусад этгээдтэй албан үүргийн хувьд харилцахдаа зүй бус авирлах, хуралдааны дэг сахиулах хүрээнд бусдын зүй бус авирыг таслан зогсоох талаар шаардлага тавих үүргээ биелүүлэхгүй байх, хуулийн илт тодорхой заалтыг ноцтой, удаа дараа зөрчсөн үйлдэл, эс үйлдэхүй гаргах, шүүх хуралдааны товыг хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр зөрчих үйлдлүүдийг гаргаж байгаад гомдолтой байна..." гэжээ.
1. Шүүхийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1.23-т заасан буюу хуулийн илт тодорхой заалтыг ноцтой зөрчсөн гэх үндэслэлийн тухайд:
“Э” газрын ... дарга Х.Б гомдолдоо “... мөн хуулийн 100 дугаар зүйлийн 100.2-т “нэхэмжлэгч, түүний төлөөлөгч буюу өмгөөлөгч нь хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд ирээгүй бол хариуцагчийн хүсэлтээр шүүх хэргийн нотлох баримт болон бусад нөхцөл байдлыг харгалзан түүний эзгүйд хянан шийдвэрлэх, эсхүл нэхэмжлэлийг буцаана. Нэхэмжлэлийг буцаасан тохиолдолд шүүх тогтоол, шүүгч захирамж гаргана”, 100.4-т “Энэ хуулийн 100.2, 100.3-т зааснаар хэргийг зохигч талын эзгүйд хянан шийдвэрлэх тухай хүсэлтийг нэхэмжлэгч, хариуцагчийн аль аль нь гаргаагүй байсан ч хэргийг тухайн үед цугларсан нотлох баримт болон бусад нөхцөл байдлыг харгалзан шүүх шийдвэрлэж болно. Ингэхдээ зохигч талуудаас урьд гаргасан тайлбарыг шүүх хуралдаан дээр гаргасантай адилтгаж үзнэ” гэж тус тус зохицуулсан.
Иймд шүүгч хуулийн илт тодорхой дээрх заалтыг ноцтой зөрчсөн нь шүүгч нарын ёс зүйн хариуцлага хүлээлгэх үндэслэл болно гэж үзэж байна гэжээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.2-т “харин нэхэмжлэгч, түүний төлөөлөгч буюу өмгөөлөгч нь хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд ирээгүй бол хариуцагчийн хүсэлтээр шүүх хэргийн нотлох баримт болон бусад нөхцөл байдлыг харгалзан түүний эзгүйд хянан шийдвэрлэх, эсхүл нэхэмжлэлийг буцаана. Нэхэмжлэлийг буцаасан тохиолдолд шүүх тогтоол, шүүгч захирамж гаргана” гэж заасан.
Гэтэл 2021 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн шүүх хуралдаанд нэхэмжлэгч П.О биечлэн ирсэн, нэхэмжлэгчийн өмгөөлөгч нар 2021 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр эхэлсэн эрүүгийн шүүх хуралдаанд оролцож байсан буюу хүндэтгэн үзэх шалтгааны улмаас ирээгүй байхад шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.2-т зааснаар нэхэмжлэлийг буцааж шийдвэрлэх боломжгүй юм.
2. Шүүхийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1.20-д заасан буюу хуралдааны дэг сахиулах хүрээнд бусдын зүй бус авирыг таслан зогсоох талаар шаардлага тавих үүргээ биелүүлэхгүй байх үндэслэлийн тухайд:
Шүүх хуралдаан эхлэхэд даргалагч шүүгч оролцогчдод шүүх хуралдааны дэг журмыг тайлбарлан, танилцуулсан. Хуралдааны явцад шүүх хуралдааны оролцогчдын хэн нэг нь бусад оролцогчдыг гүтгэх, доромжлох, цээртэй үг хэлэх, заналхийлэх гэх үйлдэл гаргаагүй. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Н-ыг тайлбар гаргаж байх явцад өмгөөлөгч М.Г “... Улсын дээд шүүхийн хуралдаанд онлайнаар оролцох ёстой, гарч болох уу” гэж зөвшөөрөл хүссэн, шүүх хуралдаан даргалагчийн зүгээс “... хурал удахгүй завсарлах гэж байна, хурлын дэг зөрчигдөнө” гэж хэлж өмгөөлөгчид гарах зөвшөөрөл өгөөгүй, өмгөөлөгч шүүх хуралдааны танхимаас гараагүй, гэрчид хуульд заасны дагуу хууль сануулж, мэдүүлэг авах ажиллагааг хийж, шүүх хуралдааныг дэгийн дагуу явуулж дуусгасан.
Шүүгч шүүх хуралдааны явцад “бусдын зүй бус авирыг” таслан зогсоох талаар шаардлага тавих үүрэгтэй боловч шүүх хуралдааны оролцогчид ямар үндэслэлээр мэтгэлцэх, хэн юу ярьж, хэлэхийг урьдчилан мэдэх боломжгүй, нэг удаа хэлээд өнгөрч байгаа энэ тохиолдолд шүүх оролцогчдын үг бүрийг таслаад, зогсоогоод байх боломжгүй ба анхан шатны шүүх дээр л талуудын мэтгэлцээнийг аливаа хэлбэрээр хориглохгүй, мэтгэлцэх эрхээр хангаж ажиллах үүрэгтэй.
Харин хэргийн оролцогчдын зүгээс “зүй бус авирыг” удаа дараа гаргаж байхад энэ үйлдлийг таслан зогсоогоогүй бол шүүгчийг Шүүхийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1.20-д заасан бусдын зүй бус авирыг таслан зогсоох талаар шаардлага тавих үүргээ биелүүлээгүй гэж үзэх боломжтой гэж үзэж байна.
3. Шүүхийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1.25-д заасан буюу шүүх хуралдааны товыг хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр удаа дараа зөрчсөн гэх үндэслэлийн тухайд:
Ковид-19 цар тахлын нөхцөл байдалтай холбоотойгоор шүүх хуралдаанд хэргийн оролцогчид цахимаар оролцож байгаа, хариуцагч О.Э-ын итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Д Улаанбаатар хотоос цахимаар шүүх хуралдаанд оролцсон, цахимаар шүүх хуралдаан хийхэд техникийн хувьд саатал гардаг, сүлжээ муутайгаас цахим холболт тасардаг, шүүх хуралдаан эхлэхийн өмнө цахим холболт хийж, техник, тоног төхөөрөмж бэлтгэх, шүүх хуралдааны танхимын хүрэлцээгүй байдал зэргээс шалтгаалан шүүх хуралдаан товлосон цагтаа эхлэх боломжгүй нөхцөл байдал үүсдэг.
Дээрх шалтгаануудын улмаас шүүх хуралдаан 6-15 минут хоцорч эхэлсэн, харин 2021 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн шүүх хуралдаан нэхэмжлэгчийн өмгөөлөгч нарын оролцож байсан. Уг хуралдаан нь 2021 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр эхэлсэн, 5 хоногийн завсарлага авч 2021 оны 11 дүгээр сарын 09-ний 08 цаг хүртэл хойшлуулсан байсан. Ц.Ү нарт холбогдох эрүүгийн шүүх хуралдаан үргэлжилж, дуусаагүй байснаас буюу хүндэтгэн үзэх шалтгаантайгаас товлосон цагтаа эхлээгүй.
Шүүх хуралдаан товлосон цагаас хоцорч эхэлсэн нь хэргийн оролцогчдоос шалтгаалсан, тодорхой, хүндэтгэн үзэх шалтгаантай байсан нь холбогдох баримтаар тогтоогдож байгаа тул Шүүхийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1.25-д хамаарахгүй гэж үзэж байна.
Өргөдөл гаргагч Х.Б гомдолдоо “... сүүлийн жилүүдэд тус шүүхийн шүүгчдийн хариуцлагагүй, алдаа, дутагдал, ёс зүй, зан харилцаанаас үүдэлтэйгээр олон хэрэг маргаан үйлдвэрийн эсрэг шийдвэрлэгдэх боллоо..., хуулийн илт тодорхой заалтыг ноцтой зөрчсөн үйлдлүүдийг удаа дараалан гаргаж байгаа нь хөдөлмөрийн маргаан бүхий хэргүүдэд давуу байдал тогтоож, хэт нэг талыг барьж шийдвэрлэж байна гэх үндэслэл болж байна...” гэжээ.
Монгол Улсын Үндсэн хуулийн 49 дүгээр зүйлийн 1-д “шүүгч хараат бус байж, гагцхүү хуульд захирагдана”, Шүүхийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1-д “шүүх нь шүүх эрх мэдлийг аливаа этгээдээс хараат бусаар хэрэгжүүлнэ” гэж заасан.
Шүүх аливаа хэрэг маргааныг хуульд нийцүүлэн шийдвэрлэхээс биш “Э” газрын эрх, ашигт нийцүүлэн шийдвэрлэх боломжгүй юм.
Хэн нэгэн шүүгчийг ёс зүйн зөрчил гаргасан гэж үзэж байгаа бол тухайн шүүгчид холбогдуулан өргөдөл, мэдээлэл гаргах эрхтэй боловч хэн, ямар зөрчил гаргасан нь тодорхойгүй, хавтгайруулан бүх шүүгчийг “... тус шүүхийн шүүгчдийн хариуцлагагүй, алдаа, дутагдал, ёс зүйн зан харилцаанаас үүдэлтэйгээр олон хэрэг маргаан үйлдвэрийн эсрэг шийдвэрлэгдэх боллоо... хуулийн илт тодорхой заалтыг ноцтой зөрчсөн үйлдлүүдийг удаа дараалан гаргаж байгаа нь хөдөлмөрийн маргаан бүхий хэргүүдэд давуу байдал тогтоож, хэт нэг талыг барьж шийдвэрлэж байна” гэж бичсэн нь хуульчийн ёс зүйд нийцэхгүй бөгөөд шүүхэд нөлөөлж байгаа нэг хэлбэр гэж үзэж байна. Дээрх үндэслэлээр сахилгын хэргийг зөвшөөрөхгүй байх тул бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Шүүхийн сахилгын хорооны гишүүн “Э” газрын 2021 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр Шүүхийн ёс зүйн хороонд гаргасан гомдлыг хүлээн авч хянаад, мөн оны 12 дугаар сарын 30-ны өдрийн 1...7 дугаар захирамжаар ... аймаг дахь сум дундын ... хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Б.Б, шүүгч Р.Ү, Б.Д нарт сахилгын хэрэг үүсгэж, 2022 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн 01 дүгээр “Сахилгын зөрчлийг нотлох дүгнэлт” гаргасан нь үндэслэлтэй боловч зөрчлийн зүйлчлэл, түүний үндэслэлийг өөрчлөх нь зүйтэй гэж үзэв.
... аймаг дахь сум дундын ... хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Б.Б нь П.А-ийн нэхэмжлэлтэй, “Э” газарт холбогдох иргэний хэргийг хянан хэлэлцэх шүүх хуралдааныг 2021 оны 9 дүгээр сарын 06-ны өдрийн 11 цаг 00 минут хүртэл хойшлуулсан боловч уг шүүх хуралдаан нь 14 цаг 00 минутад эхэлсэн болох нь шүүгч Б.Б-ийн нэмэлт тайлбар, хэргийн оролцогчдод шүүх хуралдааны товыг мэдэгдсэн тухай баримт, тус шүүхийн “Анхан шатны шүүх хуралдаанаар хэлэлцэх иргэний хэргүүдийн хуваарь”, шүүгчийн 2021 оны 6 дугаар сарын 18-ны өдрийн 1.../ШЗ2021/...8 дугаар захирамж, шүүх хуралдааны 2021 оны 9 дүгээр сарын 06-ны өдрийн 1.../ТМ2021/...2 дугаар тэмдэглэл, шүүх хуралдааны дуу, дүрсний бичлэг зэргээр нотлогдож байна.
Мөн “Х” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Л.Б, “Р” ХХК нарт холбогдох иргэний хэргийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Б.Б даргалж, шүүх хуралдааныг тухайн өдрийн 09 цаг 00 минутад эхлэн, 12 цаг 51 минутад дуусгасан болох нь сахилгын хэрэгт авагдсан 2021 оны 9 дүгээр сарын 06-ны өдрийн шүүх хуралдааны 1.../ТМ2021/....80 дугаар тэмдэглэлээр тогтоогдож байна.
... аймгийн шүүхийн өдрийн цайны завсарлага 12.00 цагаас 14.00 цагийн хооронд байдаг байх бөгөөд П.А-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч “Э” газарт холбогдох иргэний хэргийн шүүх хуралдааныг 2021 оны 9 дүгээр сарын 06-ны өдрийн 14 цаг 00 минутад эхлүүлж, 17 цаг 40 минутад дуусгасан болох нь шүүгч Б.Б-ийн нэмэлт тайлбар болон шүүх хуралдааны 2021 оны 9 дүгээр сарын 06-ны өдрийн 1.../ТМ2021/...2 дугаар тэмдэглэлээр нотлогдож байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1 дэх хэсэгт “бүх шатны шүүхийн шүүх хуралдааныг өдрийн цагаар, амрах зайлшгүй шаардлагатайгаас бусад цагт тасралтгүй явуулна”, мөн зүйлийн 9.2 дахь хэсэгт “шүүх бүрэлдэхүүн буюу шүүгч шүүх хуралдаанаар нэгэнт хэлэлцэж эхэлсэн хэргийг хянан шийдвэрлэж дуусах буюу хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хойшлуулах, түдгэлзүүлэх хүртэл өөр хэргийг хянан шийдвэрлэх эрхгүй” гэж тус тус заасан.
Иймд Ерөнхий шүүгч Б.Б-ийн П.А-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч “Э” газарт холбогдох шүүх хуралдааныг товлосон цагтаа эхлүүлээгүй нь хүндэтгэн үзэх шалтгаантай, дээр дурдсан хуулийн дагуу явагдсан ажиллагаа байх тул сахилгын зөрчил гаргасан гэж үзэх үндэслэлгүй юм.
П.О-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч “Э” газарт холбогдох иргэний хэргийг хянан хэлэлцэх шүүх хуралдааны даргалагчаар шүүгч Р.Ү, шүүх бүрэлдэхүүнд Ерөнхий шүүгч Б.Б, шүүгч Б.Д нар оролцжээ.
Тус иргэний хэргийг 2021 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн шүүх хуралдаанаар хүсэлт хэлэлцэж, уг шүүх хуралдааныг 2021 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн 09 цаг 00 минут хүртэл хойшлуулсан. Шүүхийн тогтоолыг бичгийн хэлбэрээр гаргахдаа өргөдөл гаргагчийн өргөлдөө дурдсанчлан “2021 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн 09 цаг 00 минут хүртэл” хэмээн албажуулсан болох нь шүүгч Р.Ү-ийн тайлбар, тус шүүхийн 2021 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн 1.../ШЗ2021/0...3 дугаар тогтоолоор тогтоогдож байна.
Аргын тооллын 2021 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр нь Монгол бахархалын өдөр буюу бүх нийтийн амралтын өдөр байжээ. Хуралдаан даргалагч шүүх хуралдааныг хойшлуулж, товыг тогтоохдоо ажлын бус, бүх нийтийн амралтын өдөр болох 2021 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр гэж хэлсэн боловч 2021 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн 1.../ШЗ2021/0...3 дугаар тогтоолоор шүүх хуралдааныг 2021 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн 09 цаг 00 минут хүртэл хойшлуулсан талаар хэргийн оролцогч нарт мэдэгдсэн болох нь тус шүүхийн 2021 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн 1.../ШШ2021/01..8 дугаартай шийдвэрт тусгагдсан шүүх хуралдааны ирцээс харагдаж байна.
Гэхдээ 2021 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийг Билгийн тооллын өвлийн эхэн сарын шинийн нэгэн гэж хүн бүр мэдэх боломжгүй юм. Тус шүүхийн 2021 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн 1.../ШЗ2021/0...3 дугаар тогтоолыг бичгийн хэлбэрээр гаргахдаа шүүх хуралдааны товыг 2021 оны 11 дүгээр сарын 09-ний өдөр гэж зориуд, санаатайгаар өөрчилсөн үйлдэл гэж дүгнэхээргүй байна.
Иймд хуралдаан даргалагч, шүүгч Р.Ү, Ерөнхий шүүгч Б.Б, шүүгч Б.Д нарын дээрх үйлдлийг Шүүхийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1.25-д заасан “шүүх хуралдаан, урьдчилсан хэлэлцүүлгийн товыг хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр удаа дараа зөрчих” гэх сахилгын зөрчил гаргасан гэж бүрэлдэхүүн үзээгүй болно.
Түүнчлэн өргөдөл /гомдол/ гаргагчийн өргөдөлдөө “...нэхэмжлэгч талын өмгөөлөгчөөс шалтгаалан шүүх хуралдааныг 1 цаг 48 минут үндэслэлгүйгээр хойшлуулаад зогсохгүй, шүүх хуралдааны явцад удаа дараа хууль, шүүх хуралдааны дэг зөрчиж, шүүх хуралдаанаас гарах хүсэлт гаргаж байсан нэхэмжлэгчийн өмгөөлөгч М.Г-ийн зүй бус авирыг таслан зогсоох чиг үүргээ хэрэгжүүлээгүй” гэж дурдсан.
Гишүүн Д.Ариунтуяа шүүгч Р.Ү-аас 2022 оны 02 дугаар сарын 17-ны өдөр асууж авсан тайлбарт “... өмгөөлөгч М.Г Улсын дээд шүүх дээр хуралтай, гаръя гээд байсан. Тэгэхэд нь гарах зөвшөөрөл өгөөгүй. Одоо энэ хурал дуусах гэж байна, хүлээж бай гэж хэлсэн. Удаа дараа гараа өргөсөн байх аа, тэгэхээр нь шүүх хуралдааны дэг зөрчигдөнө гээд гарах зөвшөөрөл өгөөгүй. Өмгөөлөгч шүүх хуралдаанаас лав гараагүй”, “... гарах эрхгүй. Гэхдээ энэ нь богино хугацаанд болж дууссан. Шүүгч ээ гаръя гэхэд нь гарах боломжгүй, шүүх хуралдаан чинь одоо дуусах гэж байна, хүлээж бай гэсэн. Тэгээд тэр хооронд дахиад 2 удаа тэгсэн. Хуралдааны дэг зөрчигдөнө та гарах боломжгүй гэсэн. Дэг зөрчигдөж байна гэж дэг сануулах тийм урт хугацаанд болж байгаа асуудал биш учраас 1 минутын л дотор болсон асуудал”, “... тухайн өдөр хуралтай гаръя гэж өмгөөлөгч М.Г 3 удаа хэлсэн. Түүнээс биш хуралдаанд айхтар бие бие рүүгээ дайрч давшилсан, хараалын үг хэлсэн тиймэрхүү байдал болоогүй”, “... нэг ч гэсэн хугацаа хэтэрсэн хэргээ оруулчих юмсан гэдэг үүднээс өмгөөлөгчийн эрүүгийн хэргийн хуралдааныг тарахыг хүлээсэн. 1 цаг 45 минут хүлээсэн асуудлыг яалт ч үгүй би хүлээлгэсэн. ... ачаалал ихтэй, хэргийн хугацаа дууссан байсан тул хүлээлгэсэн”, “... тухайн өдрийн хуралдааны цагийг хойшлуулж орсон нь миний буруу” гэжээ.
Мөн өдөр гишүүн Д.Ариунтуяа өмгөөлөгч М.Г-ийг гэрчээр асууж мэдүүлэг авчээ. Тэрээр “... 2021 оны 11 дүгээр сарын 09-ний өдөр Улсын Дээд шүүхийн иргэний хэргийн танхимд н.Ч-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч “ЭТ” ХХК-д холбогдох шүүх хуралдаантай байсан. Би энэ хуралдаанд хариуцагчийн өмгөөлөгчөөр оролцох ёстой байсан. П.О-ийн шүүх хуралдаанд өмгөөлөгчийн хувьд хууль зүйн дүгнэлтээ хийсэн байсан тул би дараагийн шүүх хуралдаанд орох гэж байгаа, тэр хуралдаандаа ормоор байна. Би гарч болох уу гэж шүүгчид хэлсэн. Шүүгч болохгүй гэсэн. Намайг ямар ч байсан гаргаагүй. Ийм л зүйл болсон” гэж мэдүүлжээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2 дахь хэсэгт “хэргийн оролцогч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шүүх хуралдааны дэгийг сахих үүрэгтэй”, мөн хуулийн 89 дүгээр зүйлийн 89.2 дахь хэсэгт “шүүх хуралдаан даргалагч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуулийн дагуу явуулах, хэргийн оролцогч эрх, үүргээ хэрэгжүүлэх, мэтгэлцэх зарчмыг хангах, шүүх хуралдааны дэгийг сахиулах талаар шаардлагатай арга хэмжээг авна” гэж тус тус заасан.
Сахилгын хэрэгт авагдсан бичгийн нотлох баримт, 2021 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн шүүх хуралдааны дуу-дүрсний бичлэгээс үзэхэд шүүх хуралдаан даргалагч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн дээрх заалтыг хэрэгжүүлж, шүүх хуралдааны дэгийг сахиулсан болох нь нотлогдож байх тул Шүүхийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1.20-д “хэргийн оролцогч болон бусад этгээдтэй албан үүргийн хувьд харилцахдаа зүй бус авирлах, эсхүл хуралдааны дэг сахиулах хүрээнд бусдын зүй бус авирыг таслан зогсоох талаар шаардлага тавих үүргээ биелүүлэхгүй байх” гэх сахилгын зөрчил гаргасан үйл баримт тогтоогдохгүй байна.
Иймд хуралдаан даргалагч, шүүгч Р.Ү дээрх хуулийн заалтыг хэрэгжүүлж, хуралдааны дэгийг сахиулж өмгөөлөгч М.Г-ийг тухайн өдрийн шүүх хуралдаанаас гаргаагүй болох нь шүүгчийн тайлбар, гэрчийн мэдүүлэг болон шүүх хуралдааны бичлэгээр тогтоогдож байна.
Харин уг хэргийн шүүх хуралдаан нь 2021 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн 09 цаг 00 минут товлогдсон боловч, цагтаа эхлээгүй 1 цаг 48 минут хоцорч эхэлсэн болох нь Ерөнхий шүүгч Б.Б, шүүгч Р.Ү, Б.Д-ийн нарын тайлбар, шүүх хуралдааны дуу, дүрсний бичлэгээр нотлогдож байна.
Ерөнхий шүүгч Б.Б, шүүгч Р.Ү, Б.Д нар шүүх хуралдааныг товлосон цагтаа эхлээгүй үндэслэлээ “... шүүх хуралдаанд нэхэмжлэгч П.О ирсэн, харин нэхэмжлэгчийн өмгөөлөгч нар ... аймаг дахь сум дундын ... хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн шүүх хуралдаанд оролцсон ба шүүхийн 2021/ШТ/...2 дугаар тогтоолоор уг хуралдааныг 2021 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн 08 цаг 00 минут хүртэл хугацаагаар завсарлуулсан. Ц.Ү нарт холбогдох эрүүгийн хэргийн шүүх хуралдаан үргэлжилж, дуусаагүй байснаас буюу хүндэтгэн үзэх шалтгаантай байсан тул тус шүүх хуралдааныг дууссаны дараа П.О-ийн нэхэмжлэлтэй иргэний хэргийн шүүх хуралдааныг эхлүүлсэн” гэх утга агуулга бүхий тайлбарыг гаргасан.
Нэхэмжлэгч П.О-ийн өмгөөлөгч М.Г 2021 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн өглөө 08 цаг 00 минутад товлогдсон эрүүгийн хэргийн шүүх хуралдаанд шүүгдэгчийн өмгөөлөгчөөр оролцож байсан байна.
П.О-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч “Э” газарт холбогдох иргэний хэргийн 2021 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн 09 цаг 00 минутад товлогдсон шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн хувьд оролцоно гэдгээ мэдэж байсан бөгөөд хуралдаанд биечлэн оролцох тухай хүсэлтээ бичгээр гаргаагүй байна.
П.О-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч “Э” газарт холбогдох иргэний хэргийн шүүх хуралдааныг даргалагч шүүгч, шүүгч Р.Ү, Ерөнхий шүүгч Б.Б, шүүгч Б.Д нар шүүх хуралдааныг хуульд заасны дагуу товлосон цагтаа эхлүүлэх ёстой байсан бөгөөд нэхэмжлэгчийн өмгөөлөгч М.Г эрүүгийн шүүх хуралдаанд оролцож байгаа учраас өөрийн оролцох иргэний шүүх хуралдааныг хойшлуулах тухай хүсэлтийг бичгээр гарган шүүх бүрэлдэхүүнд хүргүүлэх эсхүл нэхэмжлэгч П.О шүүх хуралдаанд өмгөөлөгч М.Г-той хамт оролцох тухай хүсэлт гаргах, тухайн хүсэлтийг шүүх бүрэлдэхүүн хуралдаанаар хэлэлцэж, шүүх хуралдааныг хойшлуулж, энэ талаар шүүх хуралдааны тэмдэглэл, шүүхийн шийдвэрт тусгах бүрэн боломжтой байсан гэж бүрэлдэхүүн үзэв.
Түүнчлэн нэхэмжлэгч П.О-ийн бас нэг өмгөөлөгч М.М 2021 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн шүүх хуралдаанд биечлэн оролцсон болох нь шүүхийн 1.../ШШ2021/01..8 дугаар шийдвэр, шүүх хуралдааны ....8 дугаар тэмдэглэлээс харагдаж байх бөгөөд нэхэмжлэгч өмгөөлөгчтэй байсан тул шүүх хуралдааныг товлосон цагтаа эхлүүлэх бүрэн боломжтой байсныг дурдах нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.2 дахь хэсэгт “...нэхэмжлэгч, түүний төлөөлөгч буюу өмгөөлөгч нь хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд ирээгүй бол хариуцагчийн хүсэлтээр шүүх хэргийн нотлох баримт болон бусад нөхцөл байдлыг харгалзан түүний эзгүйд хянан шийдвэрлэх, эсхүл нэхэмжлэлийг буцаана”, 100.4-т “...хүсэлтийг нэхэмжлэгч, хариуцагчийн аль аль нь гаргаагүй байсан ч ...бусад нөхцөл байдлыг харгалзан шүүх шийдвэрлэж болно”, 105 дугаар зүйлийн 105.1 дэх хэсэгт “...хэрэг хянан шийдвэрлэхтэй холбогдсон бусад асуудлын талаар хэргийн оролцогчоос гаргасан хүсэлтийг бусад оролцогчийн саналыг сонсмогц шүүх бүрэлдэхүүн ...даруй шийдвэрлэнэ”, 123 дугаар зүйлийн 123.3-т “шүүх хуралдааныг хойшлуулах ...тухай хүсэлтийг ... асуудлаар шүүхийн тогтоол ... бичгээр гаргана” гэж тус тус заажээ.
Ерөнхий шүүгч Б.Б, шүүгч Р.Ү, Б.Д нар дээрх хуулийн заалтуудыг зөрчсөн байх тул Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1.23-т заасан шүүгчид хориглосон “хуулийн илт тодорхой заалтыг ноцтой зөрчсөн” сахилгын зөрчил гаргасан гэж үзэх үндэслэлтэй байна.
Иймд Сахилгын хорооны гишүүний 2022 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн “Сахилгын зөрчил гаргасныг нотлох дүгнэлт”-д дурдсан 2021 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн шүүх хуралдааны товыг шүүх бүрэлдэхүүн зөрчсөн сахилгын зөрчил гаргасан нь нотлогдож байх тул ... аймаг дахь сум дундын ... хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Б.Б, шүүгч Р.Ү, Б.Д нарт сахилгын шийтгэл оногдуулах нь зүйтэй.
Харин Сахилгын хорооны гишүүний нотлох дүгнэлтэд дурдсан Ерөнхий шүүгч
Б.Б-г иргэн П.А-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч “Э” газарт холбогдох иргэний хэргийн шүүх хуралдааныг товлосон цагтаа эхлээгүй, П.О-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч “Э” газарт холбогдох иргэний хэргийн шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн өмгөөлөгч М.Г т шүүх хуралдааны дэг сахиулах үүргээ биелүүлээгүй зөрчил гаргасан, хуралдаан даргалагч, шүүгч Р.Ү-г шүүх хуралдааны дэг сахиулах үүргээ биелүүлээгүй, хүсэлт шийдвэрлэж, шүүх хуралдаан хойшлуулан хуралдааны товыг тогтоохдоо ажлын бус, бүх нийтийн амралтын өдөр хуралдаан товлон зарласан зөрчил гаргасан, шүүгч Б.Д шүүх хуралдааны дэг сахиулах үүргээ биелүүлээгүй зөрчил гаргасан гэсэн нь нотлогдохгүй байх тул Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1.20, 50.1.25-д зааснаар сахилгын шийтгэл оногдуулах үндэслэлгүй гэж бүрэлдэхүүн шийдвэрлэв.
Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 112 дугаар зүйлийн 112.1.3, 112.2, 112.4, 112.6, 112.7, 112.8 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1.23, 57 дугаар зүйлийн 57.1.7 дахь хэсэгт заасныг баримтлан ... аймаг дахь сум дундын ... хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Б.Б, шүүгч Р.Ү, Б.Д нарт “нээлттэй сануулах” сахилгын шийтгэл оногдуулсугай.
2. Магадлал уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.
3. Магадлалыг гаргаснаас хойш 14 хоногийн дотор сахилгын хэргийн оролцогч нарт болон өргөдөл гаргагчид хүргүүлэхийг Ажлын албанд даалгасугай.
4. Магадлалыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор сахилгын хэргийн оролцогчид гомдол, илтгэгч гишүүн эсэргүүцэл гаргах эрхтэй.
5. Энэхүү магадлалыг хүргүүлснээр гардан авсанд тооцох бөгөөд гомдол гаргах хугацааг тоолох үндэслэл болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ Д.ЭРДЭНЭЧУЛУУН
ГИШҮҮД Х.ХАШБААТАР
С.ЭНХТӨР