info@judiscom.mn 976 - 77113838 Холбоо барих ШИЛЭН ДАНС
ENMNG

МОНГОЛ УЛС

ШҮҮХИЙН САХИЛГЫН ХОРОО

МАГАДЛАЛ

2022-01-28

Дугаар 22

Улаанбаатар хот

Сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Шүүхийн сахилгын хорооны хуралдааныг гишүүн Б.Сугар даргалж, гишүүн Д.Ариунтуяа, Х.Хашбаатар нарын бүрэлдэхүүнтэй, илтгэгч гишүүн Г.Цагаанцоож, нарийн бичгийн дарга Ч.Энхмэнд нарыг оролцуулан тус хорооны танхимд хийсэн хуралдаанаар:

... шүүхийн шүүгч Б.М холбогдох сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох тухай саналыг хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох тухай саналд "... Сахилгын хэрэгт авагдсан баримтаас үзвэл, ... шүүхийн шүүгч Б.М даргалж шийдвэрлэсэн шүүх хуралдаанаар Н.Г, Ц.Ж- нарт холбогдох эрүүгийн хэргийг хэлэлцэж, тодорхой шалтгааны улмаас шүүх хуралдаан нийт 4 удаа хойшилсон байх ба шүүгчийн захирамжид энэхүү үндэслэл тусгагдсан байна. Тодруулбал, 2020.09.23-ний өдөр өмгөөлөгч Ш.С осолд орж гар нь хугарсан, 2020.10 14-ний өдөр өмгөөлөгч Д.А-н ар гэрт ажил явдал гарсан, 2020.10.21-ний өдөр гэрч П.М-ийн эцэг нас барсан, 2020.11.06-ний өдөр Ковид-19 өвчний улмаас бүх нийтийн бэлэн байдал тогтоогдсон гэсэн үндэслэлээр шүүх хуралдаан тус тус хойшлогдсон ба гэрч Т.Э 2020.10.21-ний өдрийн болон 2020.12.17-ний шүүх хуралдаанд оролцсон талаар захирамж, Цагаатгах тогтоолд дурджээ. Өргөдөл гаргах үед хүчин төгөлдөр үйлчилж байсан Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хуулийн /2012/ 32 дугаар зүйлийн 32.2, Шүүгчийн ёс зүйн дүрмийн 1.4 дүгээр зүйлийн 1-т "шүүгч хуульд тусгайлан ёс зүйн зөрчил болохоор заасан ба энэ дүрмээр тогтоосон хэм хэмжээг зөрчсөн үйлдэл, эс үйлдэхүйг ёс зүйн зөрчил гэж үзнэ " гэжээ. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.16-д шүүх хуралдаан хойшлуулах үндэслэлийг заасан, энэхүү үндэслэлээр шүүх хуралдаан хойшлогдсон нь ёс зүйн зөрчилд хамаарахгүй. Түүнчлэн шүүх хуралдаанд гэрч оролцуулах нь тухайн хэргийг шийдвэрлэж буй шүүхийн бүрэн эрхийн асуудал бөгөөд Н.Г-д холбогдох эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгосон шүүхийн тогтоолыг Сахилгын хороо хянах, дүгнэлт өгөх эрх хэмжээ хуулиар олгогдоогүй болно. Гэрчийн эрх үүргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 9.6 дугаар заасан тул шүүх хуралдаанд гэрчээр оролцсон Т.Э нь хэргийн материалтай танилцах эрхгүй, мөн хуулийн 36.13-т зааснаар шүүхийн шийдвэрийг түүнд гардуулан өгөх үүрэггүй болно. Иймд шүүгч Б.М нь ёс зүйн зөрчил гаргасан гэх үндэслэл тогтоогдоогүй тул түүнд холбогдуулан үүсгэсэн сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох саналыг хорооны хуралдаанаар хэлэлцүүлэхээр шийдвэрлэв" гэжээ.

ҮНДЭСЛЭХ НЬ:

Н.Г, Ц.Ж- нарт холбогдох эрүүгийн хэрэгт ... шүүхийн шүүгч Б.М хянан шийдвэрлэх ажиллагаа явуулж хуульд заасан үндэслэл шалтгааны улмаас шүүх хуралдаан нийт 4 удаа хойшилсон болох нь сахилгын хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтууд болох шүүгчийн захирамжуудаар тогтоогдож байна.

Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хуулийн1 32 дугаар зүйлийн 32.2-т Шүүгчийн ёс зүйн дүрмийг зөрчсөн шүүгчид сахилгын хариуцлага хүлээлгэхээр, Шүүгчийн ёс зүйн дүрмийн 1.4 дүгээр зүйлийн 2-т "Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүгчийн мэргэжил, ур чадвар, дадлага, туршлагатай холбоотой алдаа нь ёс зүйн зөрчилд хамаарахгүй" гэж тус тус заажээ.

Шүүгч хуульд заасан үндэслэлийн дагуу шүүх хуралдааныг хойшлуулсан, шүүх хуралдаан хойшлуулсан захирамждаа хойшлуулж буй хууль зүйн үндэслэлийг тодорхой зааж шүүх хуралдааныг хойшлуулсныг ёс зүйн зөрчил гэж үзэхгүй, Шүүгчийн ёс зүйн дүрэмд заасан ёс зүйн зөрчилд хамаарахгүй юм.

... шүүхийн 2020.12.17-ны өдрийн 2020/ШЦТ/903 дугаар цагаатгах тогтоолоор Н.Г, Ц.Ж- нарт холбогдох эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгож цагаатгаж шийдвэрлэсэн байх бөгөөд шүүх хуралдаанд Т.Э гэрчээр оролцсон болох нь уг тогтоолоор болон гомдлоор тус тус нотлогдож байна.

Гэрч эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцохдоо Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 9.6 дугаар зүйлд заасны дагуу хэргийн материалтай танилцах эрхгүй, мөн хуулийн 36.13-т зааснаар шүүхийн шийдвэрийг түүнд гардуулан өгөх үүргийг шүүх хүлээдэггүй болно.

Иймд илтгэгч гишүүний саналыг хүлээн авч, сахилгын хэргийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж бүрэлдэхүүн үзэв.

Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 112 дугаар зүйлийн 112.1, 112.1.2, 112.2 дах хэсэгт заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ НЬ:

  1. ... шүүхийн шүүгч

Б Мт холбогдох сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох тухай саналыг хүлээн

авч, түүнд холбогдох сахилгын хэргийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Магадлалыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Сахилгын хороонд хэргийн оролцогч гомдол, илтгэгч гишүүн эсэргүүцэл гаргаж болохыг дурдсугай.

3. Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 112 дугаар зүйлийн 112.6-т зааснаар магадлал гаргаснаас хойш 14 хоногийн дотор сахилгын хэргийн оролцогч болон өргөдөл, мэдээлэл гаргагчийн оршин суугаа газрын эсхүл ажлын газрын хаягаар баталгаат шуудангаар, эсхүл ажлын албаны ажилтнаар хүргүүлэхийг ажлын албанд даалгасугай.

4. Дээрх журмаар хүргүүлснээр магадлалыг гардан авсанд тооцох ба энэ нь гомдол гаргах хугацааг тоолох үндэслэл болохыг тайлбарласугай.

 

 

ДАРГАЛАГЧ                          Б.СУГАР

ГИШҮҮН                                Д.АРИУНТУЯА

 Х.ХАШБААТАР