МОНГОЛ УЛС
ШҮҮХИЙН САХИЛГЫН ХОРОО
МАГАДЛАЛ
2023-04-28
Дугаар 62
Улаанбаатар хот
Сахилгын хэргийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох тухай
Сахилгын хорооны хуралдааныг гишүүн О.Номуулин даргалж, гишүүн Ц.Давхарбаяр, Д.Эрдэнэчулуун нарын бүрэлдэхүүнтэй, илтгэгч гишүүн Д.Мягмарцэрэн, хуралдааны нарийн бичгийн дарга Г.Болортуяа нарыг оролцуулан, ... Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Г-д холбогдох Сахилгын хорооны гишүүний 2023 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн 53 дугаартай “Сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох тухай санал”-ыг тус хорооны хуралдааны танхимд нээлттэй хянан хэлэлцэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
“Г у” ХХК-ийн захирал Д.Т өргөдөлдөө: “...Тус компани нь Богдхан уулын Нүхтийн аманд 1.5 га газар ашигладаг байсан бөгөөд Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2021 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн А/50 дугаар тушаалаар /хавсралтын 92 дугаарт/ манай компанийн дээрх газрын ашиглах эрхийг дуусгавар болгосон байна. Газар эзэмших эрхийг дуусгавар болгосон асуудлаар бид Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд гомдол гаргасан боловч бидний гомдлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн. Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Г нь 2021 оны 08 дугаар сарын 11-ны өдөр болсон шүүх хуралдааныг даргалж явуулахдаа илт нэг талыг барьж, шүүх хуралдааны явцад “та нар газрын төлбөрөө хугацаандаа төлөөгүй нь үнэн үү” гэж тулгаж, цар тахлын улмаас бид төлбөр мөнгөний гачигдалтай байсан тул хожимдож төлсөн талаараа хариу тайлбар хэлэхэд удаа дараа та нар газрын төлбөрөө хугацаандаа төлөөгүйгээ хүлээн зөвшөөрч байна уу? гэж дахин дахин асууж хэт нэг талын байр суурийг хамгаалж, 2 талын тайлбарыг сонсож мэтгэлцэх бололцоо өгөөгүй, нотлох баримтуудыг үнэлэхдээ, хууль хэрэглэхдээ нэг талын байр суурийг хамгаалж байсан нь шүүх хуралдаан эхлэхээс өмнө шийдвэрээ гаргасан байсан гэж хардахад хүргэж байна. Мөн Хан-уул дүүргийн газрын албаны байцаагч шүүх хуралдаанд тус компани нь газрын төлбөрөө төлсөн, одоогоор ямар нэгэн төлбөр тооцоо байхгүй гэсэн мэдүүлгийг өгсөөр байхад илт нэг талыг барьж шийдвэр гаргасанд гомдолтой байна. Иймд Шүүхийн тухай хуулийн 50 дугаар 50.1.1, 50.1.4, 50.1.20 дахь заалтуудыг зөрчсөн гэж үзэж байгаа тул ёс зүйн зөрчлийг шалгаж өгнө үү” гэжээ.
Шүүгч С.Г сахилгын хороонд гаргасан тайлбартаа: “Миний бие 2021 оны 08 дугаар сарын 11-ний өдөр “Г у” ХХК-ийн нэхэмжлэлтэй Байгаль орчин, аялал жуулчлалын сайдад холбогдох захиргааны хэргийг анхан шатны журмаар шүүх хуралдаанаар хэлэлцэж шийдвэрлэсэн болно. Шүүх нэхэмжлэгч “Г у” ХХК-аас Байгаль орчин, аялал жуулчлалын сайдад холбогдуулан гаргасан “Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2021 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн А/50 дугаар тушаалын хавсралтын 92 дугаарт заасан өөрт хамаарах хэсгийг хүчингүй болгуулах” тухай нэхэмжлэлийн шаардлагыг Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.14-т заасны дагуу бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байна. Нэхэмжлэгч “Г у” ХХК-аас дээрх анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч давж заалдах болон хяналтын шатны шүүхэд гомдол гаргасан бөгөөд давж заалдах болон хяналтын шатны шүүхээс анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээсэн болно. Хэргийг анхан шатны журмаар шийдвэрлэсэн 2021 оны 08 дугаар сарын 11-ний өдрийн шүүх хуралдаанд нэхэмжлэгч “Г у” ХХК-аас итгэмжлэгдсэн төлөөлөгч М.О, өмгөөлөгч М.А нар оролцсон байх бөгөөд гомдол гаргагч Д.Т нь тус шүүх хуралдаанд оролцоогүй байна. Тус хэргийн маргаан бүхий захиргааны акт болох Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2021 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн А/50 дугаар тушаал нь нэхэмжлэгч “Г у” ХХК-ийг Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.5, 40.1.6-д заасныг зөрчсөн гэх үндэслэлээр гарсан байсан. Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.5.“эрхийн гэрчилгээ эзэмшигч газрын төлбөрөө хугацаанд нь бүрэн төлөөгүй;”, 40.1.6.“хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа 2 жил дараалан ашиглаагүй” гэж тус тус заасан бөгөөд маргаан бүхий захиргааны актын үндэслэлийг шалгаж, тодруулах үүднээс шүүх дээр нотлох баримт шинжлэн судлах болон асуулт, хариултын шатанд нэхэмжлэгчийг газрын төлбөрөө цаг хугацаанд төлсөн эсэх, газрын төлбөрөө төлсөн цаг хугацаатайгаа маргаж байгаа зэрэг үйл баримтуудыг тодруулж асуулт асуусан болно. Миний дээрх үйлдэл нь Шүүхийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1.1.“албан тушаалын байдал, эрх нөлөөгөө урвуулан ашиглаж өөртөө, эсхүл бусдад давуу байдал бий болгох;”, 50.1.4.“шүүхээр хянан хэлэлцэгдэж байгаа хэрэг, маргааны талаар шүүхийн шийдвэр гарахаас өмнө өөрийн байр суурийг олон нийтэд мэдээлэх, илэрхийлэх;”, 50.1.20.“хэргийн оролцогч болон бусад этгээдтэй албан үүргийн хувьд харилцахдаа зүй бус авирлах, эсхүл хуралдааны дэг сахиулах хүрээнд бусдын зүй бус авирыг таслан зогсоох талаар шаардлага тавих үүргээ биелүүлэхгүй байх;” гэж заасан зөрчлүүдэд хамааралгүй байх тул холбогдох сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү” гэжээ.
Сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох саналд: ... Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн “Г у” ХХК-ийн нэхэмжлэлтэй Байгаль орчин, аялал жуулчлалын сайдад холбогдох захиргааны хэргийг хянан хэлэлцсэн 2021 оны 08 дугаар сарын 11-ний өдрийн шүүх хуралдааны тэмдэглэлд тусгагдсанаар тус шүүх хуралдааныг шүүгч С.Г даргалж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.О, нэхэмжлэгчийн өмгөөлөгч М.А, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.М нар оролцсон байх ба өргөдөл гаргагч “Г у” ХХК-ийн захирал Д.Т биечлэн оролцоогүй байна.
Тус шүүх хуралдааны бичлэгт илтгэгч гишүүний хийсэн үзлэгээр:
Шүүх хуралдааны дуу-дүрсний бичлэгийн 23 минут 40 секундээс
Даргалагч: Газрын төлбөр төлсөн баримт байгаа юу? Газрын төлбөрөө хэзээ төлсөн бэ? тэр баримтыг судалъя. Сүүлд төлсөн гээд байна. Хэдэн онд төлсөн бэ? гэхэд
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Акт гарсны дараа 03 дугаар сарын 17-ны өдөр.
Даргалагч: Тэр санхүүгийн баримтаа гаргаж өгсөн үү? Та тэр тавин хэдэн сая төгрөгийг хэдэн жилийн төлбөр гэж төлсөн бэ? гэхэд
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: 2019, 2020 оны төлбөр гэж өгсөн.
Даргалагч: Та төлсөн баримтаа өгсөн үү? гэхэд
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Тооцоо нийлсэн акт дээр тодорхой байгаа гэв.
Даргалагч: Хэдэн сарын хэдэнд төлсөн гэдэг дээр маргах гээд байгаа юм биш үү? гэхэд
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Түүн дээр маргахгүй гэв.
Даргалагч: Хэдэн сарын хэдэнд төлсөн юм? Акт гарснаас хойш төлсөн гэдэг дээр маргахгүй биз дээ? гэхэд
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Маргахгүй гэв.
Бичлэгийн 33 минут 45 дахь секундээс:
Даргалагч: Ер нь газрын төлбөрөө төлөхийн хувьд төлсөн, гэхдээ хоцроож төлсөн гэдэгтэй маргахгүй юм байна тийм үү? гэхэд
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Тийм гэв.
Бичлэгийн 36 минут 47 секундээс буюу хэрэгт авагдсан нотлох баримтыг шинжлэн судлах үе шат дуусаж, асуулт хариултын үе шатанд:
Даргалагч: Төлбөрөө хоцроож төлсөн гэдэгтэй маргахгүй юм байна тийм үү? 2019, 2020 оны төлбөрөө төлөөгүй байж байгаад 2021 оны 02 сард төлсөн гэдэгтэй бол маргахгүй юм байна тийм үү? гэхэд
Нэхэмжлэгч: Тийм. Жил болгон төлж байсан. 2020 онд цар тахалтай холбоотой төлж чадаагүй. Сүүлд нэгтгэж төлсөн байгаа” гэсэн байх ба шүүх хуралдааны явцад даргалагч шүүгчийн зүгээс 3 удаа буюу нотлох баримт шинжлэн судлах шатанд 2 удаа, асуулт хариултын шатанд 1 удаа төлбөр хоцроож төлсөнтэй холбогдуулан маргаантай эсэх талаар тодруулан асуусан байна.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 81 дүгээр зүйлийн 81.1-т “Шүүх хуралдааныг тухайн шүүхийн шүүгчдийн зөвлөгөөнөөс томилсон шүүгч даргална”, 81.2-т “Шүүх хуралдаан даргалагч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуулийн дагуу явуулах, хэргийн байдлыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор тогтоох, хэргийн болон бусад оролцогч эрх, үүргээ хэрэгжүүлэх, мэтгэлцэх зарчмыг хангах, шүүх хуралдааны дэгийг сахиулах талаар шаардлагатай арга хэмжээ авна”, 103 дугаар зүйлийн 103.1-т “Нотлох баримт шинжлэн судалсны дараа шүүх хуралдаан даргалагч нэмж тодруулах зүйл байгаа эсэхийг хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгчөөс асууна” гэж тус тус зохицуулсанчлан шүүгч хуралдааныг удирдан тус хуулийн Аравдугаар бүлэгт заасан шүүх хуралдааны дэгийн дагуу хурлыг явуулсан болох нь сахилгын хэрэгт авагдсан баримтаар тогтоогдож байна. Харин өргөдөл гаргагчийн өргөдөлд дурдсанаар удаа дараа та нар газрын төлбөрөө хугацаандаа төлөөгүйгээ хүлээн зөвшөөрч байна уу? гэж дахин дахин асууж хэт нэг талын байр суурийг хамгаалсан гэж шууд үзэх боломжгүй байх ба шүүгч өөрт олгогдсон эрх хэмжээний хүрээнд шүүх хуралдааныг удирдан явуулж, асуулт асуух эрхийнхээ хүрээнд асууж тодруулсан байна гэж үзэхээр байх ба Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1.1-д “албан тушаалын байдал, эрх нөлөөгөө урвуулан ашиглаж өөртөө, эсхүл бусдад давуу байдал бий болгох” гэж заасан зөрчлийг гаргасан гэж үзэх боломжгүй байна.
Шүүх хуралдааны дуу дүрсний бичлэгт хийсэн үзлэг болон шүүх хуралдааны тэмдэглэлд тусгагдсанаар даргалагч шүүгч С.Г шүүх хуралдааны дэгийн дагуу хуралдааныг явуулж, нэхэмжлэгч тал болон хариуцагч талаас ээлжлэн нөхцөл байдлыг тодруулан асууж, тайлбар гаргах эрхээр бүрэн хангасан, мэтгэлцэх боломжийг олгосон байна. Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1.4-д “шүүхээр хянан хэлэлцэгдэж байгаа хэрэг, маргааны талаар шүүхийн шийдвэр гарахаас өмнө өөрийн байр суурийг олон нийтэд мэдээлэх, илэрхийлэх”, 50.1.20-д “хэргийн оролцогч болон бусад этгээдтэй албан үүргийн хувьд харилцахдаа зүй бус авирлах, эсхүл хуралдааны дэг сахиулах хүрээнд бусдын зүй бус авирыг таслан зогсоох талаар шаардлага тавих үүргээ биелүүлэхгүй байх” гэж тус тус зохицуулсан. Шүүх хуралдааныг даргалж буй шүүгч шүүх хуралдааны аль ч шатанд асууж тодруулах эрхтэй байх бөгөөд хэргийн үйл баримтыг тодруулах зорилгоор тодруулсан тодруулгыг нэг талд үйлчилсэн, урьдчилан шийдвэрээ гаргасан гэж дүгнэх боломжгүй юм. Мөн шүүх хуралдааны явцад шүүгчийн зүгээс албан үүргийн хувьд зүй бус авирласан үйл баримт, түүнчлэн хэргийн оролцогчдоос зүй бус авир гаргаж, таслан зогсоох шаардлага үүссэн үйл баримт шүүх хуралдааны дуу дүрсний бичлэгт хийсэн үзлэгээр тогтоогдохгүй байна. Нэхэмжлэгч талаас дээрх шийдвэр буюу ... Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 08 дугаар сарын 11-ний өдрийн 128/ШШ2021/0526 дугаар шийдвэрт гомдол гаргаж Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх хэргийг хянан 2021 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн 619 дугаар магадлалаар анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэжээ. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тус магадлалд гаргасан гомдлыг Улсын Дээд шүүх 2021 оны 12 дугаар сарын 28-ны өдөр хүлээн авч хэлэлцээд Монгол Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимын нийт шүүгчдийн хуралдааны 2022 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн 26 дугаар тогтоолоор нэхэмжлэгч “Г у” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.О-ын хяналтын журмаар гаргасан гомдлыг Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхээс татгалзаж шийдвэрлэжээ. Сахилгын хэрэгт авагдсан дээрх үйл баримтуудаас Нийсэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Г өргөдөлд дурдагдсан Шүүхийн тухай хуулийн 50 дугаар 50.1.1, 50.1.4, 50.1.20 дахь заалтуудыг зөрчсөн зөрчил гаргасан гэж үзэхээргүй байна. Иймд, ... Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Г-д Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 55 дугаар зүйлд заасан шүүгчийн сахилгын зөрчил гаргасан гэх үндэслэл тогтоогдохгүй байх тул түүнд холбогдуулан үүсгэсэн сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох санал гаргав” гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Сахилгын хорооны гишүүн Д.Мягмарцэрэнгийн 2023 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн 53 дугаар “Сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох санал” үндэслэлтэй байх тул хүлээн авч, сахилгын хэргийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.
... Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 08 дугаар сарын 11-ний өдрийн 526 дугаар шийдвэрээр “Г-У” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Байгаль орчин, аялал жуулчлалын сайдад холбогдох хэргийг хянан шийдвэрлэсэн байх ба уг шийдвэрийг гаргасан шүүгч С.Г-д холбогдуулан нэхэмжлэгч “Г У” ХХК-ийн захирал Д.Т гомдол гаргаж, үндэслэлээ “...шүүх хуралдааныг даргалж явуулахдаа илт нэг талыг барьж, “та нар газрын төлбөрөө хугацаандаа төлөөгүй нь үнэн үү”, “та нар газрын төлбөрөө хугацаандаа төлөөгүйгээ хүлээн зөвшөөрч байна уу?” гэж дахин дахин асуун хэт нэг талын байр суурийг хамгаалсан, 2 талын тайлбарыг сонсож мэтгэлцэх бололцоо өгөөгүй, шүүх хуралдаан эхлэхээс өмнө шийдвэрээ гаргасан байсан гэж хардахад хүргэж байна” гэж тодорхойлжээ.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 81 дүгээр зүйлийн 81.1-д “Шүүх хуралдааныг тухайн шүүхийн шүүгчдийн зөвлөгөөнөөс томилсон шүүгч даргална”, 81.2-т “Шүүх хуралдаан даргалагч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуулийн дагуу явуулах, хэргийн байдлыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор тогтоох, хэргийн болон бусад оролцогч эрх, үүргээ хэрэгжүүлэх, мэтгэлцэх зарчмыг хангах, шүүх хуралдааны дэгийг сахиулах талаар шаардлагатай арга хэмжээ авна” гэж заасан бөгөөд даргалагч шүүгч нь хэргийн оролцогчдоос ямар асуулт асуух нь түүнд хуулиар олгосон бүрэн эрх.
Сахилгын хэрэгт нотлох баримтаар авагдсан 2022 оны 08 дугаар сарын 11-ний өдрийн шүүх хуралдааны тэмдэглэл болон дуу, дүрсний бичлэгээс үзэхэд шүүгч С.Г нь тухайн шүүх хуралдааныг дэгийн дагуу удирдан явуулж, нэхэмжлэгч болон хариуцагч талаас ээлжлэн нөхцөл байдлыг тодруулан асууж, тайлбар гаргах эрхээр бүрэн хангасан, мэтгэлцэх боломжийг олгосон гэж илтгэгч гишүүний дүгнэсэн нь үндэслэлтэй байх ба шүүгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлийг тодруулах шаардлагаар хэргийн оролцогчдын маргаж байгаа болон маргахгүй байгаа нөхцөл байдлыг тогтоох нь хуульд нийцнэ.
Иймд “та нар газрын төлбөрөө хугацаандаа төлөөгүй нь үнэн үү”, “та нар газрын төлбөрөө хугацаандаа төлөөгүйгээ хүлээн зөвшөөрч байна уу?” гэж хэд хэдэн удаа асуусныг нэг талд үйлчилсэн, урьдчилан шийдвэрээ гаргасан гэж дүгнэх үндэслэл болохгүй, Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1.1, 50.1.4, 50.1.20-д заасан зөрчил гэж үзэх боломжгүй.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай 34 дүгээр зүйлийн 34.1-д “Шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр өөрийн дотоод итгэлээр үнэлнэ” гэж заасан ба шүүгч нь хэрэгт авагдсан нотлох баримтуудыг дотоод итгэлдээ тулгуурлан хэрхэн үнэлж, хууль хэрэглэх, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг удирдан явуулах нь түүний хараат бус, бүрэн эрхэд хамаардаг болохыг дурьдах нь зүйтэй.
Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 112 дугаар зүйлийн 112.1.2, 112.2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Сахилгын хорооны гишүүний 2023 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн 53 дугаартай “Сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох тухай санал”-ыг хүлээн авч, ... Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Г-д холбогдох сахилгын хэргийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2. Магадлалыг сахилгын хэргийн оролцогч болон өргөдөл, мэдээлэл гаргагчид хүргүүлэхийг Ажлын албанд даалгасугай.
3. Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 112 дугаар зүйлийн 112.8 дахь хэсэгт зааснаар магадлалыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор сахилгын хэргийн оролцогч гомдол, илтгэгч гишүүн эсэргүүцэл гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ О.НОМУУЛИН
ГИШҮҮН Ц.Давхарбаяр
ГИШҮҮН Д.Эрдэнэчулуун