info@judiscom.mn 976 - 77113838 Холбоо барих ШИЛЭН ДАНС
ENMNG

МОНГОЛ УЛС

ШҮҮХИЙН САХИЛГЫН ХОРОО

МАГАДЛАЛ

2023-03-03

Дугаар 36

Улаанбаатар хот

Сахилгын хэргийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох тухай

 Сахилгын хорооны хуралдааныг гишүүн О.Номуулин даргалж, гишүүн  Д.Эрдэнэчулуун, Д.Мягмарцэрэн нарын бүрэлдэхүүнтэй, илтгэгч гишүүн Г.Цагаанцоож, хуралдааны нарийн бичгийн дарга Б.Анхзаяа нарыг оролцуулан, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Э-т холбогдох Сахилгын хорооны гишүүний 2023 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн 25 дугаар “Сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох тухай санал”-ыг тус хорооны хуралдааны танхимд нээлттэй хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

“Ч” ХХК-ийн захирал Ч.О сахилгын хороонд гаргасан өргөдөлдөө: “...Нийслэл дэх ... хэргийн анхан шатны шүүхэд хянан хэлэлцэгдэж байсан “Ч” ХХК-ийн нэхэмжлэлтэй .... дүүргийн ЗД болон НЗД-д холбогдох захиргааны хэргийн маргаанд нэхэмжлэгчийн төлөөлөгч Ч.О миний бие 2022 оны 11 дүгээр сарын 09-ны өдөр хуралдах хурлыг хойшлуулах хүсэлт гаргасан. Гэтэл шүүх нэхэмжлэгч намайг шүүхэд “худал хүсэлт гаргасан мэтээр хандаж, нэхэмжлэгчийн хөлөө хугалж, эмнэлэгт үзүүлсэн эмнэлэг дээр очиж нэхэмжлэгчийг “үнэн” хүсэлт гаргасан эсэхэд үзлэг хийсэн нь “Шүүгч нь хэргийн оролцогчдод эрх тэгш, төвийг сахисан, хүнлэг ёсоор хандаж хэргийг шударгаар шийдвэрлэж чадна гэсэн итгэл үнэмшлийг төрүүлэхүйц харилцааны соёлыг эзэмшсэн байна” гэснийг, “Шүүгч нь зохисгүй байдал гаргаж болохгүй бөгөөд бусдад ийнхүү ойлгогдохоос зайлсхийнэ” гэж заасныг тус тус зөрчиж, шүүгч төвийг сахиагүй, нэхэмжлэгчид хүнлэг ёсоор хандаагүй, нэхэмжлэгчийн үзүүлсэн эмнэлэгт хэргийн ач холбогдолгүй хөлөө хугалж эмнэлэгт үзүүлсэн баримт дээр үзлэг хийснээрээ нэхэмжлэгчид хүнлэг хандаагүй, зохисгүй байдал гаргасанд гомдолтой. Мөн 2022 оны 08 дугаар сарын 17-ны өдөр “Ч” ХХК-ийн нэхэмжлэлтэй НЗД-д холбогдох хуралдаан дээр нэхэмжлэгчээс шинжээч томилуулах хүсэлт гаргаж, уг хурал дээрээ өмгөөлөгчтэйгөө оролцох талаар хүсэлт гаргасан. Гуравдагч этгээдээс би нэг хүсэлт гаргая гэж хэлэхэд шүүгч Д.Э нь гуравдагч этгээд хүсэлтээ тайлбарлаж танилцуулаагүй байхад түүнийг ямар хүсэлт гаргахыг нь урьдчилан мэдэж байгаа мэтээр “тэр хүсэлтийг нь нэхэмжлэгчийн өмгөөлөгч нь байгаа үед хэлэлцье” гэж хэлсэн нь гуравдагч этгээдийн гаргах хүсэлтийг мэдэж байсан гэж ойлгогдохоор үйлдэл үг хэллэг хэлсэн үйлдэл нь “хэргийг шударгаар шийдвэрлэж чадна гэсэн итгэл үнэмшлийг төрүүлэхүйц харилцааны соёлыг эзэмшсэн байна” гэснийг зөрчсөн болно. Мөн 2022 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн шүүх хуралдаан дууссаны дараа шүүх хурлын танхимд ... нэхэмжлэгчид хандаж шүүгч Д.Э нь “та нар ямар ч хүсэлт гаргасан би бүгдийг хангана, та нарын гаргаж байгаа бүх хүсэлтүүд хууль бус” гэж хэлсэн. Энэ үйлдэл нь “Хэргийн оролцогчдын зүгээс шүүгчийг татгалзахад хүргэх нөхцөл байдлыг өөрийн үг яриа, үйлдлээр бий болгохоос урьдчилан сэргийлж, зайлсхийнэ”, “Шүүгч хуульд заасан журмын дагуу эцэслэн шийдвэрлээгүй хэргийн талаар болон гарах шийдвэрийн тухайд саналаа урьдчилан илэрхийлэхийг хориглоно” гэж заасныг тус тус зөрчиж, нэхэмжлэгч ямар ч хүсэлт гаргасан бүгдийг хангана, гэхдээ нэхэмжлэгчийн гаргаж байгаа хүсэлтүүд бүгд хууль бус шүү гэж хэлснээрээ “эцэслэн шийдвэрлэгдээгүй хэргийн талаар урьдчилан байр сууриа илэрхийлсэн”-д гомдолтой. Мөн 2022 оны 08 дугаар сарын 17-ны өдөр ... нэхэмжлэгч өмгөөлөгчтэйгөө шүүх хуралд оролцох хүсэлт гаргасныг шийдвэрлэх үеэрээ нэхэмжлэгч руу хандаж “өөрөө компанийн захирал юм чинь эрүүл саруул ухаантай, хүний асуултад хариулах хэмжээний хүн биз дээ, тэнэг мангар хүн биш биз дээ” гэж хэлсэн. Түүний нэхэмжлэгчийг “тэнэг мангар хүн” гэж хэлсэн энэ үйлдэл нь “Шүүгч  нь хэргийн оролцогчдод эрх тэгш, төвийг сахисан, хүнлэг ёсоор хандаж, хэргийг шударгаар шийдвэрлэж чадна гэсэн итгэл үнэмшлийг төрүүлэхүйц харилцааны соёлыг эзэмшсэн байна” гэж заасныг  “Шүүгч нь зохисгүй байдал гаргаж болохгүй бөгөөд бусдад ийнхүү ойлгогдохоос зайлсхийнэ” заасныг тус тус ноцтой зөрчсөн. Иймд түүний хэрэг хянан шийдвэрлэх үеэрээ гаргасан шүүгчийн ёс зүйн зөрчилд сахилгын хэрэг үүсгэж, гомдлыг зохих журмын дагуу хэлэлцэж, зохих шийтгэл оногдуулж өгнө үү” гэжээ.

Шүүгч Д.Э сахилгын хороонд гаргасан тайлбартаа: “... Ёс зүйн тухай ойлголт нь хүн төрөлхтний эрх зүйт нийгэм төлөвшсөн цагаас эхлэн шударга ёсны ойлголтоос салшгүй, хоорондоо уялдаа бүхий философи, эрх зүйн ойлголт болж гүн ухаантнуудын судлагдахуун болж ирсэн байдаг. Үүний дотор хуульчийн мөрдөх ёстой ёс зүйг ойлгож, тайлбарлахдаа бусад орны туршлага, эрдэмтдийн бүтээл, онол, хийсвэр болон бодитой жишээг ашигладаг бөгөөд шүүгчээс мэргэжлийн үйл ажиллагаандаа гаргасан үйлдэл, үйл ажиллагаа нь ёс зүйд хэрхэн нийцсэн гэдэгт үнэлгээ өгөх нь амаргүй, мэргэжлийн үйл ажиллагаанаас нь ангид авч үзэх шаардлагатай нарийн эрх зүйн салбар билээ. Шүүгч би шүүгчийн мэргэжлийн ёс зүйн үндсэн зарчим, хэм хэмжээний агуулгыг зөв ойлгох, үүнд нийцүүлж өөрийгөө төлөвшүүлэх, өдөр тутмын амьдралдаа хэрэгжүүлэхдээ хуульчийн мэргэжлийн үнэт зүйл, захиргааны хэргийн шүүхийн мөн чанар,  зорилго, шүүхийн нийгэмд үзүүлэх үр нөлөө зэрэг олон талаас нь хянаж, үйл ажиллагаандаа зарчим болгож ирсэн. Шүүгчийн ёс зүйг зөрчсөн зөрчил гэдэг нь шударга ёсны философид захирагдах, шүүгчээс иргэдийн шүүхэд итгэх итгэлийг хамгаалж үлдэх, нөгөө талаасаа хэргийн оролцогчийн зүй бус үйлдэл хоёрын тэнцвэртэй байдлыг хэрхэн авч үзэх нь харьцангуй тодорхойлоход бэрх асуудал гэдэгт Шүүхийн сахилгын хорооны гишүүд анхаарлаа хандуулах байх. Иргэн Ч.О-ийн гаргасан гомдолд холбогдуулан түүний үйл хөдлөл, шүүн таслах ажиллагаанд оролцсон байдлын талаар шүүгч хүн энд ярих нь зохисгүй гэж үзэж байгаа боловч түүний “шүүгч нэхэмжлэгчид хүнлэг ёсоор хандаагүй, нэхэмжлэгчийн хөлөө хугалж эмнэлэгт үзүүлсэн баримт дээр үзлэг хийсэн” гэдэг гомдолд нь холбогдуулан гаргах шүүгчийн тайлбарт дараах зүйлийг тодруулж байна. Нэхэмжлэгч “Ч” ХХК-ийн захирал Ч.О-ийн гаргасан нэхэмжлэлийг шүүх 2022 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр хүлээн авч, 2022 оны 02 дугаар сарын 25-ны өдөр захиргааны хэрэг үүсгэж, 06 дугаар сарын 27-ны өдөр шүүх хуралдааныг явуулахаар товлон зарласнаас хойш нотлох баримт гаргуулах, бусад ажиллагаа явуулахыг хүссэн хүсэлтүүд зэргийг хангаж 8 удаа, хүсэлтийг хангаагүйгээс үүдэн давж заалдах гомдол гаргасантай нь холбогдуулж 2 удаа тодорхойгүй хугацаагаар хойшлуулж ирсэн бөгөөд хүссэн нотлох баримт нь цугларч, шүүх хуралдааныг явуулах болоход нэхэмжлэгчийн төлөөлөгч Ч.О нь Ковид-19-ийн халдвар авсан гэж, үүний дараа түүний өмгөөлөгч Ц мөн халдварыг авсан гэх үндэслэл, мөн олон удаагийн дараалсан үйлдлээр, мөн хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр 4 удаа ирээгүй боловч нэхэмжлэгчээс гаргасан “хариуцагчийг заавал оролцуулах” хүсэлтийг хангаж 4 удаа, гуравдагч этгээдийн хүсэлтээр 1 удаа тус тус хойшилсон нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа хуульд заасан хугацааг хэтэрч, удаашрах шалтгаан болсон. Ийнхүү хэргийг шийдвэрлэхгүй удаашруулсан, үүнд зохих арга хэмжээ аваагүй шүүгчид холбогдуулан хэргийн оролцогчоос гомдол гаргавал шүүгч ёс зүйн зөрчил гаргасанд хамаарах болно. Үүнээс гадна гуравдагч этгээд “Т т” ХХК, түүний төлөөлөгч, өмгөөлөгч нараас удаа дараа “компани маргаан бүхий газар дээр барилга барихаар банкнаас зээл авсан, энэхүү маргааны улмаас барилгаа барьж чадахгүй зээлийн хүүг төлж маш их хохирол учирч байхад шүүх хуралдааныг дан ганц Ч.О-ийн хүсэлтээр хойшлуулж байгаа нь нэг талд илтэд үйлчилсэн” гэх ёс зүйн зөрчилд холбогдох нөхцөлийг үүсгэж болзошгүй байсан ба шүүх нэхэмжлэгчийн шүүхэд мэдүүлэх эрх, мэтгэлцэх зарчмын дагуу хэрэг маргаанаа шийдвэрлүүлэх эрхийг нь хангаж шүүх хуралдааныг хойшлуулж ирсэн нь гуравдагч этгээдийн хэрэг маргаанаа хуульд заасан хугацаанд шүүхээр шийдвэрлүүлэх эрх, ашиг сонирхолд илтэд хохирол учруулж болзошгүй нөхцөлийг үүсгэсэн, энэ хэргийн бусад оролцогчоос шүүхэд итгэх итгэлийг бууруулах шалтгаан болсон. Шүүх хурлыг 15 дахь удаагаа хойшлуулах үндэслэл нь нэхэмжлэгчийн төлөөлөгч Ч.О-оос 2022 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр гаргасан “осолд орж хөлөө хугалсан, 45 хоног хөдөлгөөн хязгаарлалттай, биечлэн орох хүсэлтэй” гэх хүсэлтээ хавсаргасан байхад түүнд олгосон эмнэлгийн чөлөөний хуудсанд түүнийг 2022 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийг хүртэл чөлөөлсөн байсан нь шүүхэд эргэлзээ төрүүлж, тэрээр хуурамч баримтаар шүүх хуралдааныг хойшлуулсан байж болзошгүй гэж үзэн “захиргааны зөрчил” гаргасан эсэхийг шалгах, худал баримт ирүүлсэн бол захиргааны арга хэмжээ авах, шүүх хуралдааныг дахин хойшлуулахгүй байх зэрэг зорилгоор очиж үзлэг хийсэн тул нэхэмжлэгчийг үл хүндэтгэх зорилгоор явуулсан ажиллагаа биш юм. Гомдол гаргагчийн “шүүгч 2022 оны 08 дугаар сарын 17-ны өдрийн шүүх хуралдаан дээр өөрийг нь тэнэг мангар хүн биш биз дээ” гэсэн гэх гомдолд холбогдуулахад шүүгчийн зүгээс ийм үг өгүүлбэрээр Ч.О руу хандаагүй бөгөөд тухайн өдрийн шүүх хуралдааны дүрс, дуу бичлэгийг бүрэн эхээр хуулбарлан хүргүүлж байна. Сахилгын хорооны гишүүн үүнд дүгнэлт өгөх байх. 2022 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн шүүх хуралдаан дээр шүүгч нэхэмжлэгчид “та нар ямар ч хүсэлт гаргасан би бүгдийг хангана, та нарын гаргаж байгаа бүх хүсэлтүүд хууль бус” гэсэн нь ёс зүйн зөрчил гэж үзсэн нь үндэслэлгүй юм. Нэхэмжлэгчийн төлөөлөгч Ч.О, түүний өмгөөлөгч нар шүүх хуралдаан бүр дээр хүсэлт гаргаж хурал хойшлуулах хүсэлт гаргаж байсан нь дээр дурдсан гуравдагч этгээдийн шүүхээр хэрэг маргаанаа шийдвэрлүүлэх эрхийг хөндсөн, уг талаас шүүх хуралдаан бүр дээр “компани банкны зээл төлж их хэмжээгээр хохирч байгаа тул хурлыг хойшлуулахгүй, хэргээ хурдан шийдвэрлүүлэх” хүсэлт байнга гаргаж байсан юм. Энэ шалтгааны улмаас, нөгөө талаас нэхэмжлэгчийн шүүхэд мэдүүлэх эрх, нотлох баримтаар шүүхийн өмнө мэтгэлцэх эрхийг нь хангах зорилгоор нэхэмжлэгчийг “өөр нэмж гаргах хүсэлт байгаа бол гаргахыг”, “хүсэлтийг чинь шийдвэрлэнэ” гэсэн нь өөрт нь илүү хандсан гэж шүүгчийг буруутгаж байгаа нь Ч.О-ийг “шударга ёс” мөрдсөн гэх үндэслэлгүй. Шүүгч би өөрийн ажиллагаагаар шүүгчийн ёс зүй, шударга ёсыг алдагдуулаагүй, хэн нэгэнд хүндэтгэлгүй хандсан гэх байдлыг гаргахгүй байхыг зарчим болгож ажилладаг тул гомдлыг  хүлээн зөвшөөрөхгүй.” гэжээ.

Сахилгын хорооны гишүүн Г.Цагаанцоожийн сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох саналд: “... Шүүгч Д.Э нь “Ч” ХХК-ийн нэхэмжлэлтэй захиргааны хэргийг хянан шийдвэрлэхдээ Монгол Улсын шүүхийн тухай хуульд заасан хориглосон үйлдэл гаргасан эсэхийг өргөдөлд дурдсан асуудлаар дараах байдлаар тодорхойлов. Үүнд:

1. Шүүх хуралдаан хойшлуулах хүсэлт гаргахад эмнэлэгт очиж үзлэг хийсэн гэх гомдлын талаар: 2022 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн төлөөлөгч Ч.О эмнэлгийн магадалгаа ирүүлж, шүүх хуралдаан хойшлуулах тухай хүсэлт гаргасан талаар шүүх хуралдааны тэмдэглэлд тусгагдсан байх ба нэхэмжлэгчийн өмгөөлөгч Г.Х-ийн нотлох баримт гаргуулах тухай хүсэлтийг хангаж, шүүх хуралдааныг 2022 оны 11 дүгээр сарын 9-ний өдрийн 09 цагт хийхээр тогтоож, зохигч талуудад мэдэгдэж, энэ тухай баримт үйлдсэн байна. Шүүгч хүсэлтэд хавсаргаж ирүүлсэн баримтын үнэн зөв эсэхэд шүүхийн журмаар үзлэг хийх шаардлагатай гэж үзэн, мөн өдөр И эмнэлгийн менежер Б.Р-ийн компьютерт үзлэг хийж, дүрс оношилгооны шинжилгээний хариуг хуулбарлан авч хэрэгт хавсаргажээ. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 63 дугаар зүйлд зааснаар шүүх хуульд өөрөөр заагаагүй бол хэрэг үүсгэснээс хойш 60 хоногийн дотор хянан шийдвэрлэх ба хугацааг шаардлагатай тохиолдолд тухайн шүүхийн шүүгчдийн зөвлөгөөнөөс эхний удаа 30 хүртэл хоногоор, хоёр дахь удаагаа 15 хүртэл хоногоор сунгаж болно. “Ч” ХХК-ийн нэхэмжлэлтэй хэргийн хянан шийдвэрлэх хугацаа дууссан боловч зохигч талуудын, үүнээс нэхэмжлэгч талын хүсэлтээр шүүх хуралдаан 5 удаа хойшлогджээ. Нэхэмжлэгчийн төлөөлөгчийн хүсэлтэд хавсаргасан эмнэлгийн магадалгаанд Ч.О-ийг 2022 оны 10 дугаар сарын 31-ний өдрөөс 2022 оны 11 дүгээр сарын 7-ны хооронд ажлаас чөлөөлсөн нь бичигдсэн, шүүгч энэ талаар асуухад өмгөөлөгч Д.Ц боломжит хугацаагаар хойшлуулах гэж тайлбарлажээ. Хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч хүндэтгэн үзэх шалтгаанаар шүүх хуралдаанд оролцох боломжгүй нь шүүх хуралдаанаас өмнө тогтоогдсон тохиолдолд уг нөхцөлийг шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхгүйгээр товлосон хуралдааныг 14 хүртэл хоногоор хойшлуулж болохоор Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.2.-т заасан. Хэрэг хянан шийдвэрлэх хуульд заасан хугацаа өнгөрсөн, мөн итгэмжлэгдсэн төлөөлөгчид олгосон эмнэлгийн магадалгааны хугацаа товлосон шүүх хуралдаанаас өмнө дуусаж байгаа тул энэхүү байдлыг тодруулахаар шүүгч үзлэг хийснийг буруутгах боломжгүй байна.

2. 2022 оны 08 дугаар сарын 17-ны өдрийн шүүх хуралдаанд нэхэмжлэгч өмгөөлөгчтэй оролцох, мөн шинжээч томилуулах хүсэлт гаргасан. Хуралдаан даргалагч энэхүү хүсэлтийн талаар хэргийн бусад оролцогчоос тайлбар авахад хариуцагч болон гуравдагч этгээдийн өмгөөлөгч шинжээч томилуулах шаардлагагүй гэсэн тайлбар гаргаж, шүүх хуралдаанаа үргэлжлүүлэх, мөн нийтийн эрх ашиг хөндөгдөж байна гэж үзэн нэхэмжлэл гаргаж байгаа бол нэхэмжлэл гаргах эрхгүй этгээд нэхэмжлэл гаргасан тул нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж өгнө үү гэжээ. Шүүгч гуравдагч этгээдийн энэхүү хүсэлтийг нэхэмжлэгчийн өмгөөлөгчийг оролцуулан хэлэлцэнэ гэж тайлбарлаад хүсэлт шийдвэрлэхээр шүүх хуралдаан завсарласан нь шүүх хуралдааны дуу, дүрсний бичлэгээр тогтоогдож байна. Иймд “... шүүх хуралдаанд гуравдагч этгээд хүсэлтээ тайлбарлаж танилцуулаагүй байхад ямар хүсэлт гаргахыг нь урьдчилан мэдэж байгаа мэтээр хүсэлтийг нэхэмжлэгчийн өмгөөлөгч нь байгаа үед хэлэлцье” гэсэн нь гуравдагч этгээдийн гаргах хүсэлтийг мэдэж байсан гэх үндэслэлгүй. Түүнчлэн мөн өдрийн шүүх хуралдаанд шүүгч “өөрөө компанийн захирал юм чинь эрүүл саруул ухаантай, хүний асуултад хариулах хэмжээний хүн биз дээ, тэнэг мангар хүн биш биз дээ” гэж хэлсэн гэх байдал тогтоогдохгүй байна.

3. Нэхэмжлэгчийн өмгөөлөгч нарын “... нотлох баримт гаргуулах” хүсэлтийг шүүх хангасан боловч эдгээр баримт ирээгүй, мөн хариуцагчаар татагдсан Сүхбаатар дүүргийн Засаг даргын тамгын газар 2022 оны 10 дугаар сарын 17-ны өдөр хэргийн материалтай танилцсан байх тул түүнд шаардлагатай нотлох баримт гаргаж өгөх, хариу тайлбар гаргах боломжит хугацаа олгож 2022 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн шүүх хуралдааныг 2022 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр хүртэл хойшлуулж, энэ тухайгаа шүүгчийн захирамжид тодорхой тусгажээ. Зохигч талууд шүүхэд ирээгүй тул 2022 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн шүүх хуралдааны танхимд шүүгч “...та нар ямар ч хүсэлт гаргасан би бүгдийг хангана, та нарын гаргаж байгаа бүх хүсэлтүүд хууль бус ...” гэж хэлсэн гэх байдал тогтоогдоогүй тул “... эцэслэн шийдвэрлээгүй хэргийн талаар болон гарах шийдвэрийн тухайд саналаа урьдчилан хэлсэн” гэж үзэх үндэслэлгүй. Дээр дурдсанаар Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 50 дугаар зүйлд заасан хориглосон зохицуулалтыг зөрчсөн гэх үндэслэл тогтоогдоогүй тул шүүгч Д.Э-т холбогдох сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох санал гаргаж, хорооны хуралдаанд хэлэлцүүлэхээр шийдвэрлэв” гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

          Сахилгын хорооны гишүүн Г.Цагаанцоожийн 2023 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн 25 дугаартай “Сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох санал” үндэслэлтэй байх тул хүлээн авч, сахилгын хэргийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

“Ч” ХХК-ийн захирал Ч.О нь Нийслэл дэх  ...  хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Э-т холбогдуулан захиргааны хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Шүүгчийн ёс зүйн дүрэм /2014 он/-д заасан зөрчил гаргасан гэх үндэслэлээр өргөдөл гаргажээ.

Монгол Улсын Шүүхийн тухай хууль /шинэчилсэн найруулга/ нь 2021 оны 3 дугаар сарын 01-ний өдрөөс хүчин төгөлдөр үйлчилж эхэлсэн бөгөөд өргөдөлд дурдсан үйл баримт нь дээрх хууль хэрэгжиж эхэлснээс хойш байх тул нэр бүхий шүүгч Шүүгчийн ёс зүйн дүрмийг бус Монгол Улсын Шүүхийн тухай хуулиар шүүгчид хориглосон, хязгаарласан, үүрэг болгосон зохицуулалтыг зөрчсөн эсэхэд дүгнэлт өгөх шаардлагатай.

Нэг. Сахилгын хэрэгт цугларсан баримтуудаас үзвэл ... дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2022 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн 1807 дугаар захирамжаар “Ч” ХХК-ийн нийслэлийн Засаг дарга болон Хот байгуулалт, хөгжлийн газрын даргад холбогдуулан гаргасан нэхэмжлэлийн шаардлагад захиргааны хэрэг үүсгэсэн, 2022 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн 5551 дүгээр захирамжаар нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан “хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарыг шүүх  хуралдаанд оролцуулах” хүсэлтийг хангаж шүүх хуралдааныг хойшлуулсан, 2022 оны 07 дугаар сарын 04-ний өдрийн 5741 дүгээр захирамжаар нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн нотлох баримт гаргуулах хүсэлтийг хангаж шүүх хуралдааныг хойшлуулсан, 2022 оны 08 дугаар сарын 03-ны өдрийн 6385 дугаар захирамжаар нэхэмжлэгчийн төлөөлөгч Ч.О-ийн ковид туссан тул шүүх хуралдаанд оролцох боломжгүй болсон гэх хүсэлтийг хангаж шүүх хуралдааныг хойшлуулсан, 2022 оны 08 дугаар сарын 17-ны өдрийн 6829 дүгээр захирамжаар нэхэмжлэгчийн төлөөлөгчийн шүүх хуралдаанд өмгөөлөгчтэй оролцох хүсэлтийг хангаж шүүх хуралдааныг хойшлуулсан, 2022 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн 8512 дугаар захирамжаар нэхэмжлэгчийн нэмэгдүүлсэн шаардлагыг хүлээн авч шүүх хуралдааныг хойшлуулсан, 2022 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн 8877 дугаар захирамжаар ...шаардсан нотлох баримт ирээгүй мөн хариуцагч ... дүүргийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгчид хариу тайлбар гаргаж өгөх хугацааг олгож шүүх хуралдааныг хойшлуулсан, 2022 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн 9325 дугаар захирамжаар нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн нотлох баримт гаргуулах, нэхэмжлэгчийн төлөөлөгчийн шүүх хуралдаан хойшлуулах хүсэлтийг хангаж шүүх хуралдааныг хойшлуулсан үйл баримт тогтоогдож байна.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7 .1-д “Захиргааны хэргийн шүүх хэргийн нөхцөл байдлыг тодруулах, хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нотлох баримт цуглуулах, үнэлэх ажиллагааг хэрэгжүүлэх үүрэгтэй бөгөөд хэргийн оролцогчийг татан оролцуулна” гэж захиргааны шүүх нотлох зарчим хэрэгжүүлэхийг хуульчилж өгсөн бөгөөд нэхэмжлэгчийн шүүх хуралдааныг хойшлуулах үндэслэлээ нотолсон эмнэлгийн магадалгааг нотлох баримтад тооцож, уг баримт үнэн зөв эсэхийг тогтоох ажиллагаа хийсэн шүүгчийн үйл ажиллагаа хуульд нийцсэн гэж үзнэ.

 Түүнчлэн, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 63 дугаар зүйлийн 63.1-д “Хуульд өөрөөр заагаагүй бол хэрэг үүсгэснээс хойш 60 хоногийн дотор хянан шийдвэрлэнэ”, 63.3-д “Энэ хуулийн 63.1, 63.2-т заасан хугацааг шаардлагатай тохиолдолд тухайн шүүхийн шүүгчдийн зөвлөгөөнөөс эхний удаа 30 хүртэл хоногоор, хоёр дахь удаагаа 15 хүртэл хоногоор сунгаж болно” гэж заасан бөгөөд нэхэмжлэгч талын хүсэлтээр удаа дараа шүүх хуралдааныг хойшлуулж байсан, хэргийн бусад оролцогч нараас хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа удааширч байгаатай холбоотойгоор шүүх хуралдаанаа хийлгэх хүсэлт байнга гаргаж байсан энэ тохиолдолд нэхэмжлэгч Ч.О-ийн гаргасан нотлох баримтыг шалгахаар И эмнэлгийн менежер Б.Р-ийн компьютерт үзлэг хийж, дүрс оношилгооны шинжилгээний хариуг хуулбарлан авсан нь шударга ёсонд нийцсэн, энэ талаар хийсэн илтгэгч гишүүний дүгнэлт үндэслэлтэй.

Иймд “... нэхэмжлэгчийн үзүүлсэн эмнэлэгт хэргийн ач холбогдолгүй хөлөө хугалж эмнэлэгт үзүүлсэн баримт дээр үзлэг хийснээрээ нэхэмжлэгчид хүнлэг хандаагүй, зохисгүй байдал гаргасан” гэх гомдлыг хүлээн авах боломжгүй.

Хоёр. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1-д “Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг мэтгэлцэх зарчмын үндсэн дээр хэрэгжүүлнэ”, 6.2-т “Мэтгэлцэх зарчим хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны бүх шатанд хэрэгжинэ”, 6.3-д “Хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч хэргийн үйл баримт, хэргийн оролцогчийн буруутай үйл ажиллагаа, хууль зүйн үндэслэл, хууль хэрэглээний талаар нотлох болон үгүйсгэх байдлаар мэтгэлцэнэ”, 6.4-д “Хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шүүх хуралдаанд биеэр оролцож үг хэлэх, бичгээр тайлбар өгөх, нотлох баримт гаргах, түүнийг шинжлэн судлахад тэгш эрхтэй оролцоно” гэж зааснаас үзэхэд тухайн шүүгч нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг мэтгэлцэх зарчмын үндсэн дээр хэрэгжүүлэх үүрэгтэй.

Иймд шүүгч нь нэхэмжлэгчийн төлөөлөгчийн “... хууль мэдэхгүй тул шүүх хуралдаанд өмгөөлөгчтэй оролцъё” гэсэн хүсэлтийг хангаж, гуравдагч этгээдийн хүсэлтийг нэхэмжлэгчийн өмгөөлөгчийг байлцуулан шийдвэрлэнэ гэж тайлбарласан нь талуудын мэтгэлцэх эрхийг хангасан үйл ажиллагаа байх тул  сахилгын зөрчил гаргасан үзэхгүй.

Мөн шүүгч Д.Э нь “ямар ч хүсэлт гаргасан би бүгдийг хангана, та нарын гаргаж байгаа бүх хүсэлтүүд хууль бус” гэж хэлсэн нь тогтоогдоогүй талаар илтгэгч гишүүний дүгнэлтийг буруутгах боломжгүй.

Гурав. Сахилгын хэрэгт нотлох баримтаар авагдсан Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 08 дугаар сарын 17-ны өдрийн шүүх хуралдааны дуу, дүрсний бичлэгийн 0:51:41 минутаас

Даргалагч: Өмгөөлөгч нь эмнэлэгт хэвтсэн юм байна. Өөр нэмэх зүйл байна уу гэхэд

Нэхэмжлэгч: Хэргээ хурдан шийдвэрлүүлэх хүсэлтэй байна. Гэхдээ миний хувьд шүүх хуралдаанд өмгөөлөгчтэй оролцох хүсэлтэй байна. Учир нь намайг буруу тайлбарласан гэх зүйлийг хэлж байна. Иргэн хүний хувьд хуулийн зарим зүйлийг тодорхой тайлбарлаж чадахгүй байна гэв.

Даргалагч: Та буруу зөрүү зүйл яриагүй. Та бизнес эрхэлдэг хүний хувьд өөрт тань юу болоод байгааг тодорхойлж чадах хэмжээний эрх зүйн чадамжтай, ой ухаан тань мэдээж эрүүл байгаа. Бид нар энд хууль яриагүй, шинжээч томилох эсэх асуудлыг хэлэлцэж байна. Та өөртөө болон байшинд чинь юу болоод байгааг хэлж ярих чадвар байгаа биз дээ гэхэд

Нэхэмжлэгч: Байгаа гэв.

Даргалагч: Яанаа уучлаарай арай хатуу хэлчхэв үү гэхэд

Нэхэмжлэгч: Зүгээр ээ гэж хэлсэн нь бичигдэж үлджээ.

Үүнээс үзэхэд өргөдөлд дурдсан “... өөрөө компанийн захирал юм чинь эрүүл саруул ухаантай, хүний асуултад хариулах хэмжээний хүн биз дээ, тэнэг мангар хүн биш биз дээ гэж хэлсэн” гэх үндэслэл үгүйсгэгдэх бөгөөд хэдийгээр шүүгч зохимжтой үг хэллэг хэрэглээгүй ч сахилгын зөрчилд тооцох хэмжээний үйлдэлд хамаарахгүй байна.

Дээрхийг нэгтгэн дүгнээд Нийслэл дэх ... хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Э-д холбогдох сахилгын хэргийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж бүрэлдэхүүн үзэв.

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 112 дугаар зүйлийн 112.1.2, 112.2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Сахилгын хорооны гишүүний 2023 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн 25 дугаартай “Сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох тухай санал”-ыг хүлээн авч, Нийслэл дэх ... хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Э-т холбогдох сахилгын хэргийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Магадлалыг сахилгын хэргийн оролцогч болон өргөдөл, мэдээлэл гаргагчид хүргүүлэхийг Ажлын албанд даалгасугай.

3. Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 112 дугаар зүйлийн 112.8 дахь хэсэгт зааснаар магадлалыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор сахилгын хэргийн оролцогч гомдол, илтгэгч гишүүн эсэргүүцэл гаргах эрхтэй. 

 

ДАРГАЛАГЧ                                                         О.НОМУУЛИН

ГИШҮҮН                                                                 Д.Эрдэнэчулуун

ГИШҮҮН                                                                Д.Мягмарцэрэн