МОНГОЛ УЛС
ШҮҮХИЙН САХИЛГЫН ХОРОО
МАГАДЛАЛ
2023-04-26
Дугаар 59
Улаанбаатар хот
Сахилгын зөрчил гаргасныг нотлох дүгнэлтийг шийдвэрлэх тухай
Шүүхийн сахилгын хорооны хуралдааныг гишүүн Ц.Давхарбаяр даргалж, гишүүн Г.Цагаанцоож, Д.Эрдэнэчулуун нарын бүрэлдэхүүнтэй, илтгэгч гишүүн Д.Мягмарцэрэн, хуралдаан хариуцсан ахлах мэргэжилтэн - нарийн бичгийн дарга Г.Хаш-Эрдэнэ нарыг оролцуулан, Сахилгын хорооны хуралдааны 705 тоот танхимд нээлттэй хийв.
Тус хуралдаанаар Э.А-н өргөдлөөр, ... шүүхийн Ерөнхий шүүгч Б.Б, ...шүүхийн шүүгч Л.Н, ...шүүхийн шүүгч Ч.Э, ... шүүхийн шүүгч Д.Б нарт холбогдох сахилгын зөрчлийн нотлох дүгнэлтийг, гишүүн Д.Мягмарцэрэнгийн илтгэснээр хянан хэлэлцээд,
ТОДОРХОЙЛОХ нь:
Илтгэгч гишүүн нь 2023 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийн 0010 дугаар “Сахилгын зөрчил гаргасныг нотлох дүгнэлт”-дээ:
“...Иргэн Э.А -ын ...шүүхийн шүүгч Д.Б, ...шүүхийн Ерөнхий шүүгч Б.Б, ...шүүхийн шүүгч Л.Н, ...шүүхийн Ч.Э нарт холбогдох өргөдлийг 2022 оны 12 дугаар сарын 02-ны өдөр хүлээн авч Шүүхийн сахилгын хорооны гишүүний 2023 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн ГЗҮ/2023/хххх дугаар захирамжаар холбогдох шүүгчид сахилгын хэрэг үүсгэн шалгах ажиллагааг явууллаа.
Иргэн Э.А нь Шүүхийн сахилгын хороонд өргөдөл гаргахдаа “... шүүгч Б.Б гэм буруутай этгээдүүдийн талд ажиллаад байна шалгаж өгнө үү...” гэх агуулгыг дурдаж ...шүүхийн 2022 оны 09 дүгээр сарын 26-ны өдрийн 2022/ШЦТ/ххх дугаартай шийтгэх тогтоол, ... шүүхийн 2022 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн 2022/ДШМ/хх дугаартай магадлал зэрэг баримтыг хавсарган ирүүлсэн.
Өргөдөлд хавсарган ирүүлсэн баримтын хүрээнд хянан үзэхэд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолоор шүүгч Д.Б даргалан хэргийг хянан шийдвэрлэсэн байх ба тус эрүүгийн хэргийн шүүгдэгч болох Э.Э, Б.Б нар нь тус эрүүгийн хэрэгт холбогдох үедээ 8 болон 12 настай байсан болох, давж заалдах шатны шүүхээр тус хэргийг хянан шийдвэрлэхэд шүүгч Б.Б даргалан шүүгч Л.Н, Ч.Э нарын бүрэлдэхүүнтэй шийдвэрлэсэн зэрэг баримтууд тогтоогдсон тул хэргийг хянан шийдвэрлэсэн нэр бүхий шүүгч нарт сахилгын хэрэг үүсгэн, шалгах ажиллагааг явууллаа.
Хэргийн үйл баримтын тухайд: Бага насны хүүхдүүд /шүүгдэгч болсон/ болох Б.Б, Э.Э нар 2018 оны 10 дугаар сарын 28-29-ний өдрүүдэд эрүүгийн хэрэгт холбогдсон ба тухайн үед Э.Э 8 нас, 5 сар, 8 хоногтой, Б.Б 12 нас, 11 сар, 8 хоногтой байсан болох ... аймаг дахь Цагдаагийн газрын Мөрдөн байцаах тасгийн мөрдөгч, Цагдаагийн дэслэгч Д.Б-ын нас тоолсон тэмдэглэлээр тогтоосон байна.
... аймгийн прокурорын газрын 2019 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн 06а дугаар прокурорын тогтоолоор “Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1, 17.8 дугаар зүйлийн 3.2 дахь хэсэгт зааснаар эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татсан өсвөр насны яллагдагч Э.Э, Б.Т нарт холбогдох Эрүүгийн ххххххххххххххх дугаартай хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 32.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.6 дахь заалтад заасан үндэслэлээр хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байх ба Б.Б -ийн аав Я.Б дээрх тогтоолд гомдол гаргаж, ... аймгийн прокурорын газрын 2020 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн Гомдлыг хүлээн авч, шийдвэрийг хүчингүй болгох тухай 01 дүгээр тогтоолоор дээрх хэрэгсэхгүй болгосон тогтоолыг хүчингүй болгожээ.
... аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор, хууль цаазын дэд зөвлөх Н.Н 2022 оны 06 дугаар сарын 24-ний өдрийн 140 дүгээр яллах дүгнэлт үйлдсэн.
... шүүхийн 2022 оны 08 дугаар сарын 16-ны өдрийн 2022/ЕШЗ/ххх дугаар захирамжаар Шүүх хуралдаан даргалагч томилсон шийдвэрийг албажуулах тухай захирамжаар даргалагчаар шүүгч Д.Б-ийг томилжээ.
... шүүхийн 2022 оны 09 дүгээр сарын 26-ны өдрийн шүүх хуралдаанаар тус хэргийг хэлэлцэж, 2022/ШЦТ/ххх дүгээр шийтгэх тогтоолоор хэргийг шийдвэрлэхдээ шүүгдэгч Э.Э-д холбогдох хэсгийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1.6-д зааснаар хэргийг хэрэгсэхгүй болгож, Б.Б-г гэм буруутайд тооцож, 1 жилийн хорих ял, 120 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар тус тус шийтгэсэн бөгөөд 2021 оны Өршөөл үзүүлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1, 6 дугаар зүйлийн 6.3-т зааснаар ялыг өршөөн хэлтрүүлж, хорих ялыг хассан байх ба эд хөрөнгийн хохирлын асуудлыг мөн шийдсэн болох нь тус ... шүүхийн 2022 оны 09 дүгээр сарын 26-ны өдрийн 2022/ШЦТ/ххх дүгээр шийтгэх тогтоол болоод шүүх хуралдааны тэмдэглэлээр тогтоогдож байна.
... шүүхийн 2022 оны 09 дүгээр сарын 26-ны өдрийн 2022/ШЦТ/ххх дүгээр шийтгэх тогтоолд Б.Б, Э.Э нарын хууль ёсны төлөөлөгчид гомдол гаргаж, хэрэг давж заалдах шатны шүүхэд шилжсэн ба ... шүүхийн Ерөнхий шүүгчийн 2022 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн 2022ЕШЗ/ххх дүгээр захирамжаар шүүх хуралдааны даргалагчаар тус шүүхийн Ерөнхий шүүгч Б.Бо-ийг томилсон шийдвэрийг албажуулж, Монгол Улсын Дээд шүүхийн танхимын тэргүүний 2022 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн 108 дугаар захирамжаар ... шүүхийн шүүгч Л.Н, ...шүүхийн Ч.Э нарыг ... шүүхийн тус хэргийг хянан хэлэлцэх шүүх хуралдааны бүрэлдэхүүнд томилжээ.
... шүүхийн 2022 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн 2022/ДШМ/хх дүгээр магадлалаар тус хэргийг шийдвэрлэхдээ анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг бүхэлд нь хүчингүй болгож Э.Э, Б.Б нарыг цагаатгаж шийдвэрлэсэн ба иргэний нэхэмжлэгчийн нар хохирлын талаар иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар дахин гаргах эрхтэйг дурдаж шийдвэрлэжээ.
Дээрх магадлалд ... аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Ж.Э эсэргүүцэл бичиж, хохирогч Э.А, түүний өмгөөлөгч Б.Б, П.А нар гомдол гаргасан ба хяналтын шатны шүүхээс 2023 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн 82 дугаар тогтоолоор Улсын дээд шүүхийн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхээс татгалзаж шийдвэрлэн давж заалдах шатны шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болжээ.
Өргөдөл гаргагч Э.А нь дээрх ххххххххххххххх дугаартай эрүүгийн хэргийн хохирогч байх бөгөөд дээрх хуралдааныг даргалсан шүүгч Б.Б гэм буруутай этгээдүүдийн талд ажиллаад байна гэх агуулгаар өргөдлийн үндэслэлээ тодорхойлсон.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 3.3 дугаар зүйлийн 3-т “Эрүүгийн хэргийг давж заалдах журмаар гурван шүүгчийн бүрэлдэхүүнээр хянан шийдвэрлэнэ” гэж зохицуулсанчлан ... шүүхийн 2022 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн шүүх хуралдаанаар анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд гаргасан гомдлыг давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүнтэй шийдвэрлэжээ.
Хэрэгт авагдсан баримтаас тус хэргийг хянан хэлэлцсэн давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүнд ... шүүхийн шүүгч Б.Б, ... шүүхийн шүүгч Л.Н, ... шүүхийн Ч.Э нар томилогдон анхан шатны шүүхийн гаргасан шийтгэх тогтоолыг хуульд заасан үндэслэл журмын дагуу хянан хэлэлцэж шийдвэрлэсэн байх ба Монгол Улсын шүүхийн тухай хуулийн шүүгчид хориглосон, үүрэг болгосон хязгаарласан зохицуулалтыг зөрчсөн гэх үндэслэл, тухайлбал өргөдөлд дурдагдсан гэм буруутай талд үйлчилсэн буюу Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1.1-д “албан тушаалын байдал, эрх нөлөөгөө урвуулан ашиглаж өөртөө, эсхүл бусдад давуу байдал бий болгох” зөрчил гаргасан гэж үзэх үндэслэл ... шүүхийн 2022 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн 2022/ДШМ/хх дүгээр магадлал болоод тус шүүх хуралдааны тэмдэглэл зэргээс тогтоогдсонгүй.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1-т “Давж заалдах шатны шүүх гомдол, эсэргүүцлийг хянан шийдвэрлэхдээ тухайн хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянана” гэж заасанчлан анхан шатны шүүхийн шийдвэрийг давж заалдах журмаар хянан шийдвэрлэх шүүх бүрэлдэхүүнд хуулиар олгосон бүрэн эрх хэмжээний хүрээнд шийдвэр гаргасан байх ба хяналтын шатны шүүх Б аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Ж.Э эсэргүүцэл, хохирогч Э.А, түүний өмгөөлөгч Б.Б, П.А нарын гаргасан гомдлыг 2023 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн 82 дугаар тогтоолоор шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхээс татгалзаж шийдвэрлэн давж заалдах шатны шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болжээ.
... шүүхийн Ерөнхий шүүгч Б.Б нь Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 55 дугаар зүйлд заасан шүүгчийн сахилгын зөрчил гаргасан гэх үндэслэл тогтоогдохгүй байх тул түүнд холбогдуулан үүсгэсэн сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзэж, Хэрэгт авагдсан баримтаас Давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн буюу ...шүүхийн шүүгч Б.Б, ...шүүхийн шүүгч Л.Н, ...шүүхийн Ч.Э нарт үүсгэсэн сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох санал гаргав.
Харин ... шүүхийн шүүгч Д.Б тус хэргийг 2022 оны 09 дүгээр сарын 26-ны өдрийн 2022/ШЦТ/ххх дүгээр шийтгэх тогтоолоор шийдвэрлэхдээ Э.Э-ыг Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 6.2 дугаар зүйлийн 2-д заасныг журамлан Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1.6-д зааснаар хэргийг хэрэгсэхгүй болгож, Б.Бг гэм буруутайд тооцож, 1 жилийн хорих ял, 120 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар тус тус шийтгэсэн бөгөөд 2021 оны Өршөөл үзүүлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1, 6 дугаар зүйлийн 6.3-т зааснаар ялыг өршөөн хэлтрүүлж, хорих ялыг хасаж шийдвэрлэсэн нь дараах хуулийн илт тодорхой заалтыг зөрчсөн гэж үзэхээр байна:
Эрүүгийн хуулийн 5.1 дүгээр зүйлийн 3-т “Гэмт хэрэг үйлдэх үед эрүүгийн хариуцлага хүлээх насанд хүрсэн ба хэрэг хариуцах чадвартай хүнд энэ хуульд заасан үндэслэл, журмын дагуу эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ”,
6.2 дугаар зүйлийн 1-т “Гэмт хэрэг үйлдэх үедээ арван зургаан насанд хүрсэн хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ”,
2-т “Арван дөрвөөс арван зургаа хүртэл насны хүн энэ хуулийн тусгай ангийн 10.1/Хүнийг алах/, 11.1/Хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах/, 12.1/Хүчиндэх/, 17.1/Хулгайлах/, 17.2/Дээрэмдэх/, 17.8/Эд хөрөнгө устгах, гэмтээх/, 20.7/Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг хууль бусаар ашиглах/, 20.16/Олон нийтийн амгалан тайван байдал алдагдуулах/, 26.1/Цахим мэдээлэлд хууль бусаар халдах/, 26.2/Кибер орчинд хууль бусаар халдах программ, техник хэрэгсэл бэлтгэх, борлуулах/, 26.3/Хор хөнөөлт программ хангамж бүтээх, ашиглах, тараах/, 29.8/Террор үйлдэх/-т заасан гэмт хэрэг үйлдсэн бол түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ”, 3-т “Гэмт хэрэг үйлдэх үедээ арван дөрвөн насанд хүрсэн ба арван найман насанд хүрээгүй хүнд ял оногдуулахгүйгээр энэ хуульд заасан хүмүүжлийн чанартай албадлагын арга хэмжээ хэрэглэж болно” гэж тус тус зохицуулсан.
2018 оны 10 дугаар сарын 28-29-ний өдрүүдэд буюу эрүүгийн хэрэгт холбогдох үедээ Э.Э 8 нас, 5 сар, 8 хоногтой, Б.Б 12 нас, 11 сар, 8 хоногтой байсан байх ба хуулийн дээрх зохицуулалтаас үзэхэд Э.Э, Б.Б нар нь гэм хэрэгт холбогдох үедээ эрүүгийн хариуцлага хүлээх насанд хүрээгүй ба хэрэг хариуцах чадваргүй бага насны хүүхдүүд байжээ.
Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1.23-т “хуулийн илт тодорхой заалтыг ноцтой, эсхүл удаа дараа зөрчсөн үйлдэл, эс үйлдэхүй гаргах” гэж заасан.
Шүүгч Д.Б-ийн дээрх шийдвэр нь хэдийгээр дараагийн шатны шүүхээр хянагдах хуулийн зохицуулалттай шүүгчийн шийдвэр байх боловч ба бага насны хүүхдэд ял оногдуулж шийдвэрлэсэн нь Монгол Улсын шүүхийн тухай хуульд заасанчлан хуулийн илт тодорхой заалтыг ноцтой зөрчсөн үйлдэлд хамаарахаар байх тул сахилгын зөрчлийг нотлох дүгнэлт үйлдэв...” гэжээ.
...шүүхийн шүүгч Д.Б тайлбартаа: “...шүүхийн шүүгч Д.Б миний бие нь Шүүхийн Сахилгын хорооны 2023 оны 01 дүгээр сарын 26-ний өдрийн сахилгын хэрэг үүсгэсэн тогтоол болон гомдол гаргагч Э.А-ийн гомдолтой танилцлаа. Миний бие нь хохирогч Э.А нь ... аймгийн Б сумын Шаргалжуут 8 дугаар багийн нутагт байх гэрээ шатаалгасан гэх насанд хүрээгүй шүүгдэгч Б.Б, Э.Э нарт холбогдох хэргийг 2022 оны 08 дугаар сарын 16-ний өдөр ... аймгийн Прокурорын газраас яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг хүлээн авч шийдвэрлэсэн. ... аймгийн Прокурорын газраас насанд хүрээгүй яллагдагч Б.Б, Э.Э нар нь үргэлжилсэн үйлдлээр 2018 оны 10 дугаар сарын 28-наас 29-нд шилжих шөнө бусдын орон байранд хууль бусаар нэвтэрч эд зүйл хулгайлсан, иргэн А-гийн гэрт хууль бусаар нэвтрэн эд зүйл хулгайлах явцдаа байшинг нь галдан шатааж 51.557.500 төгрөгийн хохирол учруулсан гэж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн. Шүүхээс хэрэгт авагдсан нотлох баримтыг гал бүрээс нь шинжлэн дүгнэж насанд хүрээгүй гэрч Э.Э-ээс 2018 оны 11 дүгээр сарын 07-ний өдөр мөрдөгч Д.Б хууль ёсны төлөөлөгч О.О-г байлцуулж, хэсгийн төлөөлөгч Т.Н 2018 оны 10 дугаар сарын 31-ний өдөр О.О- г байлцуулж, 2018 оны 11 дүгээр сарын 16-ний өдөр мөрдөгч Д.Б нь өмгөөлөгч Д.М-ийг байлцуулж.хууль ёсны төлөөлөгч Я.Б нарыг байлцуулж насанд хүрээгүй гэрч Б.Т буюу Б.Б-аас тус тус мэдүүлэг авсан нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 25.3 дугаар зүйлийн 2-д заасан “арван найман насанд хүрээгүй гэрчээс мэдүүлэг авахад түүний хууль ёсны төлөөлөгчийг оролцуулах бөгөөд тэдэнд эрх үүргийг нь тайлбарлан өгч энэ тухай тэмдэглэлд тусгуулна” мөн хуулийн 25.3 дугаар зүйлийн 3-д “...өмгөөлөгчийг оролцуулна...” гэж заасныг зөрчөөгүй байна гэж дүгнэж шүүх дээрх мэдүүлгийг нотлох баримтаар үнэлж, Өсвөр насны шүүгдэгч Э.Э-ийг гэм буруутайд тооцолгүй хэргийг хэрэгсэхгүй болгож байгаа боловч түүний хууль ёсны төлөөлөгчөөс гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирлыг гаргуулж, өсвөр насны шүүгдэгч Э.Э нь Иргэний хуулийн 17 дугар зүйлийн 17.1-д заасан “7-гоос 14 хүртэлх насны этгээд иргэний эрх зүйн зарим чадамжтай байна” гэсэн заалтад хамаарч байгаа тул түүнээс Иргэний хуулийн 503 дугаар зүйлийн 503.1-д заасан “7-14 хүртэлх насны болон эрх зүйн чадамжгүй иргэний бусдад учруулсан гэм хорыг тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, эцэг эх, асран хамгаалагч хариуцан арилгана» гаж заасны дагуу өсвөр насны шүүгдэгч Э.Э-ийн хууль ёсны төлөөлөгч ... аймгийн Б сумын Шаргалжуут 8 дугаар багт оршин суух С.Ж-д учруулсан хохирлыг гаргуулахаар, мөн Иргэний хуулийн 16 дугаар зүйлийн 16.1-д зааснаар “Насанд хүрээгүй буюу 14-өөс 18 хүртэлх насны этгээд иргэний эрх зүйн бүрэн бус чадамжтай байна” гэсэн заалтад өсвөр насны шүүгдэгч Б.Б нь хамаарч байх тул Иргэний хуулийн 503 дугаар зүйлийн 503.5-д заасан “Насанд хүрээгүй хүмүүс бусдад учруулсан гэм хорыг өөрөө хариуцан арилгах бөгөөд түүний цалин хөлс, орлого, захиран зарцуулах эрхэд нь байгаа хөрөнгө гэм хорыг арилгахад хүрэлцэхгүй бол хүрэлцэхгүй байгаа тэр хэмжээгээр эцэг эх, харгалзан дэмжигч нь нөхөх хариуцлага хүлээнэ” гэж заасны дагуу өсвөр насны шүүгдэгч Б.Б-н бусдад учруулсан хохирлыг түүний хууль ёсны төлөөлөгч ... аймгийн Б сумын Шаргалжуут 8 дугаар багийн харьяат Я. Б, ээж Б.Э нараас гаргуулж, Өсвөр насны шүүгдэгч Б.Б нь бусдыг эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлах гэмт хэргийг хүн байнга амьдрах орон байранд нэвтэрч үйлдсэн, бусдын эд хөрөнгийг устгах гэмтээх гэмт хэрэг тус бүрд нь ялыг хоёр дахин багасгаж ялыг оногдуулж, Монгол Улсын Их хурлаас 202 оны 07 дугаар сарын 02-ний өдөр Өршөөл үзүүлэх тухай хуулийг баталж гаргасан бөгөөд уг хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.2-д “2021 оны 06 дугаар сарын 24-ний өдрийн 24 цаг 00 минутаас өмнө 2015 оны 12 дугаар сарын 03-ний өдөр баталсан Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн хүн энэ хуулийн үйлчлэлд хамаарна гэж заасан бөгөөд өсвөр насны шүүгдэгч Б.Б-н үйлдсэн бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэрэг Өршөөл үзүүлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.3-д заасан өсвөр насны хүн 2015 оны 12 дугаар сарын 03-ний өдөр баталсан Эрүүгийн хуульд заасан хулгайлах / Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйл /....гэмт хэрэг үйлдэж эрүүгийн хариуцлага хүлээсэн бол шүүхээс оногдуулсан ялаас хоёр жилийг хасна гэсэн заалтад хамаарч байна гэж дүгнэж түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1-д зааснаар ял оногдуулж оногдуулсан ялаас хоёр жилийг хасаж, өсвөр насны шүүгдэгч Б.Б-д Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.5 дугаар зүйлийн 1-д заасны журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1-д зааснаар нэг жилийн хорих ял оногдуулж 2021 оны Өршөөл үзүүлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.3-д зааснаар хоёр жилийг ялаас өршөөн хасаж ялыг биечлэн эдлэх шаардлагагүй гэж дүгнэж шийдвэрлэлээ.
Мөн өсвөр шүүгдэгч Б.Б нь бусдын эд хөрөнгийг устгах гэмтээх гэмт хэрэгт нь Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 3.2-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг шүүхээс хохирлын хэмжээг багасгаж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 болгож хөнгөрүүлэн зүйлчилсэн бөгөөд уг зүйл хэсэг нь Өршөөл үзүүлэх тухай хуулийн 9 дүгээр зүйлд заасан өршөөлд хамааруулахгүй гэмт хэрэг эрүүгийн хариуцлагын төрөлд багтаж хуульчлагдаагүй, мөн хуулийн 6 дугаар зүйл ялаас өршөөн хасах, 7 дугаар зүйл хорих ялыг зорчих эрхийг хязгаарлах ялаар дүйцүүлэн солих гэсэн заалтад багтаагүй тул шүүхээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1-д зааснаар гэм буруутайд тооцож, ял оногдуулж Өршөөл үзүүлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1-д зааснаар оногдуулсан ялыг өршөөн хэлтрүүлж Хэрэг хянан шийдвэрлэх явцад өсвөр насны шүүгдэгч нар нь хохирогч Э.А-ын эд зүйлийг хулгайлах эд хөрөнгийг буюу байшинг галдан шатааж устгаж гэмтээсэн зэргээр 38.872.000 төгрөгийн хохирол учруулсан байх бөгөөд өсвөр насны шүүгдэгчийн хууль ёсны төлөөлөгч С.Ж, Я.Б нараас хувь тэнцүүлэн гаргуулж хууль ёсны төлөөлөгч тус бүрээс 19.592.50. төгрөгийг гаргуулж олгох, мөн хууль ёсны төлөөлөгч нараас хувь тэнцүүлж 100.000 төгрөгийг гаргуулж хохирогч Д.О-д, 83.000 төгрөгийг хувь тэнцүүлэн гаргуулж хохирогч Ж.Д-д, 130.000 төгрөгийг хувь тэнцүүлэн гаргуулж хохирогч Ч. Г-т тус тус олгохыг ... аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж шийдвэрлэсэн байна. Миний бие уг хэргийг шийдвэрлэхдээ хавтаст хэрэгт авагдсан өсвөр насны шүүгдэгч нарын талаар гэм буруутай гэж үзэх нотлох баримт цугларсан байсныг дотоод итгэлээрээ үнэлж тэднийг гэм буруутай байна гэж үзсэн болно. Харин давж заалдах шатны шүүх хэргийг хэрэгсэхгүй болгож хэргийг хэрэг бүртгэлтэд буцаасан бөгөөд давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг хохирогч Э.А, улсын яллагчийн зүгээс эсэргүүцлийг хяналтын шатны шүүхэд хүлээн зөвшөөрөхгүй талаар гомдол гаргаж байгаа болно. Улсын дээд шүүх уг хэргийг хэлэлцүүлэхгүй байхаар шийдвэр гаргасан боловч Улсын Ерөнхий Прокурорын газраас 2023 оны 02 дугаар сарын 02-ний өдөр шинээр илэрсэн нөхцөл байдлын улмаас хэргийг дахин хянуулахаар Улсын дээд шүүхэд дүгнэлт бичихээр хэргийг татаж авсан байгаа болно. Шүүгч миний бие нь насанд хүрээгүй шүүгдэгч Б.Б, Э.Э нарт холбогдох хэрэгт цугларсан нотлох баримтыг үнэлснээр хохирогч Э.А-ын гэрт хууль бусар нэвтэрч эд зүйлийг хулгайлах явцад түүний гэрийг шатаасан гэмт хэргийг үйлдсэн, тэднийг уг хэрэгт гэм буруутай гэдэгт эргэлзэхгүй байгаа бөгөөд тийм ч учраас гэм буруутайд тооцож хохирлыг гаргуулахаар шийдвэрлэсэн юм. Миний бие насанд хүрээгүй шүүгдэгч нарыг гэм буруутайд тооцохдоо ямар нэгэн хуулийг зөрчөөгүй гэж үзэж байгаа. Хохирогч Э.А насанд хүрээгүй шүүгдэгч нар нь гэм буруутай гэж үзэж гомдол гаргаж байгааг үндэслэлтэй гэж үзэж байгаа. Харин уг хэрэгт миний биед сахилгын хэрэг үүсгэснийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Учир нь хохирогч Э.А нь Шүүхийн Сахилгын хороонд миний талаар ямар нэгэн гомдол гаргаагүй байгаа бөгөөд түүний гомдолд шүүгч миний талаар хууль зөрчсөн тухай гомдлыг гаргаагүй байгаа учир хохирогч Э.А гаргасан гомдлын талаар миний бие хариу тайлбар байхгүй болно. Иймд надад үүсгэсэн Сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.
...шүүхийн Ерөнхий шүүгч Б.Б гаргасан тайлбартаа: “...шүүхийн ерөнхий шүүгч ажилттай Б.Б би Шүүхийн сахилгын хорооны тогтоол, эрх, үүрэг тайлбарласан баримт болон гомдол гаргагчийн гомдол зэрэг баримт бичгүүдийг шуудангаар хүргүүлснийг 2023 оны 2 дугаар сарын 10-ны өдөр хүлээн авч танилцаад, доорх тайлбарыг гаргаж байна.
...Нэг: ”...Б.Б, Э.Э нарыг гэм буруутайг цагдаа, Прокурорын байгууллага зөв зүйтэй, үнэн тогтоосон. Нотлох баримт байсаар байхад ... аймгийн давж заалдах шатны шүүх хурлыг даргалсан, ерөнхий шүүгч Б.Б хохирогч миний тайлбар гаргах эрхийг удаа дараа хасаж гэм буруутай этгээдүүдийн хууль бус үйл ажиллагааг авч хэлэлцэхгүй Б.Б, Э.Э нарын талд ажиллаж ...өргөсөн тангаргаасаа няцаж, гэм буруутай этгээдүүдийг хамгаалж..., ... аймгийн давж заалдах шатны шүүх шударгаар ажиллах боломжгүй болсныг шүүгч Б.Б хууль бус ажиллагаанаас... энэ хүний дур зоргоороо авирлаж удаа дараа хууль бус ажиллагаа явуулж миний болон 2 өнчин охины минь эрх ашгийг ноцтой зөрчсөн..." гэх гомдлын тухайд: ...шүүх нь шүүгдэгч Б.Б. Э.Э нарт холбогдох анхан шатны шүүхийн 2022 оны 9 дүгээр сарын 26-ны өдрийн 2022/ШЦТ/ххх тоот шийтгэх тогтоолтой, эрүүгийн ххххххххххххххх тоот хэргийг шүүгдэгч Э.Э түүний хууль ёсны төлөөлөгч С.Ж, шүүгдэгч Б.Б -ын хууль ёсны төлөөлөгч Т.Э нараас гаргасан давж заалдах гомдлуудын дагуу хэргийг бүхэлд нь хянан хэлэлцээд 2022/ДШМ/хх тоот магадлалаар анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг бүхэлд нь хүчингүй болгож, шүүгдэгч Э.Э, Б.Б нарыг цагаатгаж, иргэний нэхэмжлэгч нар нь хохирлоо иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар дахин нэхэмжлэх эрхтэйг дурдаж, хэргийг хэрэг бүртгэлтэд буцааж шийдвэрлэжээ. Хэргийг хэрхэн, яагаад ийнхүү шийдвэрлэснээ Давж заалдах шатны шүүхийн магадлалд тодорхой, ойлгомжтой бичсэн гэж шийдвэр бичсэн шүүгчийн хувьд үзэж байгаа бөгөөд энэ шийдвэрээ тойм болгож бичсэн байгаа. Хэргийг болон иргэний нэхэмжлэлийг тус тус хэрэгсэхгүй болгож, шүүгдэгч нарыг цагаатгаж шийдвэрлэсэн тухайд: Эрүүгийн гэмт хэрэгт шалгагдаж, мөрдөгдсөн аливаа хүний гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон бол гэм буруутайд тооцож, Эрүүгийн хариуцлага хүлээлгэдэг нь гэм буруугийн зарчим билээ. Тухайн хэрэг 2018 оны 10 дугаар сарын 28-ны өдөр үйлдэгдсэн, хэргийн холбогдогч Э.Э, Б.Б нар нь тухайн үед 8,12 настай бага насны хүүхдүүд байсан нь Эрүүгийн хуульд заасан Эрүүгийн хариуцлага хүлээлгэх насанд хүрээгүйгээс гадна гэмт хэргийг бага насны хүүхдүүд үйлдсэн талаарх нотлох баримт хавтаст хэрэгт авагдаагүй харин бага насны хүүхдүүдийн өөрсдийнх нь гэрчээр өгсөн мэдүүлэгт үндэслэн гэм буруутайд тооцсон нь Монгол улсын Үндсэн хууль болоод хүүхдийн эрхийн тухай олон улсын эрх зүйн баримт бичгүүдэд заасан хүүхдийн эрхийн хамгаалалтуудыг зөрчсөн зөрчилд тооцогдоно. ...шүүх нь 2018 оны 10 дугаар сарын 28-ны өдөр үйлдэгдсэн, ... аймгийн Прокурорын газрын прокуророос 2019 оны 4 дүгээр сараас дээрх хүүхдүүдэд эрүүгийн хэрэг үүсгэж улмаар 2022 оны 9 дүгээр сарын 26-ны өдөр буюу анхан шатны шүүх хуралдаан болтол бараг 4 жил мөрдөж, шалгасан 4 хавтас, 999 хуудас бүхий эрүүгийн хэргийг бүхэлд нь хянахад дээрх хүүхдүүд нь гэмт хэрэг үйлдсэн болохыг нотлох, нотлох баримт хэрэгт авагдаагүй, сэргээн тогтоогоогүй байхад бага насны хүүхдүүдийг буруутгах нь шударга ёсны, хууль ёсны зарчимтай нийцэхгүй гэж үзэж цагаатгаж шийдвэр гаргасан бөгөөд тус шүүхийн магадлалыг эс зөвшөөрч бичсэн Э.А, түүний өмгөөлөгч Б.Б, П.А нарын гомдлыг Монгол Улсын дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдаан 2023 оны 1 дүгээр сарын 18-ны өдөр хуралдаж, магадлалыг хэвээр баталж, 82 дугаар тогтоол гаргаснаар шүүхийн эцсийн шийдвэр болж, хуулийн хүчин төгөлдөр болсон болно.
Хоёр: Гомдол гаргагчаас “... аймгийн давж заалдах шатны шүүх шударгаар ажиллаж боломжгүй болсныг шүүгч Б.Б хууль бус ажиллагаанаас... энэ хүний дур зоргоороо авирлаж удаа дараа хууль бус ажиллагаа явуулж миний болон 2 өнчин охины минь эрх ашгийг ноцтой зөрчсөн...’’ гэж бичсэнд шүүгч хүний хувьд гомдолтой байна. Тус шүүх нь хуульд зааснаар хамтын зарчмаар хэрэг хянан шийдвэрлэдэг бөгөөд 2 шүүгчийн орон тоо дутуугаас ганцаараа эрүү, иргэн, зөрчлийн хэрэг маргааныг хүлээн авч, шүүхээ төлөөлөн ажиллахдаа ижил шүүхээс 2 шүүгч томилуулж, өргөсөн тангарагтаа үнэнч байхыг хичээж ажилласаар нэг жил болсон нь миний буруу бишээ. Гагцхүү миний бие төрийн хуулийг чандлан барьж, шударгаар ажилласаар байхад “...хууль бус ажиллагаанаас... энэ хүний дур зоргоороо авирлаж удаа дараа хууль бус ажиллагаа явуулж...” гэж бичсэнтэй санал нийлэхгүй, миний ажил хэргийн нэр хүндэд халдсан байх тул энэ талаар зохих газар нь хандах болно. Санал нийлэхгүйн нотолгоо нь ...шүүхэд ганцаар ажиллаж, өөрийгөө ч хайхралгүй эрүүл мэнд, сэтгэл зүйгээр хохирч ажилласан өнгөрсөн он жилүүдэд тус шүүхээр хянагдаж шийдвэрлэгдсэн, ялангуяа эрүүгийн бүх хэрэг нь дээд шүүхэд хянагдсан байдаг бөгөөд нэг хэргийг эс тооцвол бүх хэрэг хэвээр батлагдсан бөгөөд шүүгч хүн дур зоргоороо авирлах эрхгүй, боломжгүй гагцхүү хуульд л захирагдан, шударгаар ажилладаг гэдгийг нэг хүн ч гэсэн ойлгож байж шүүхийн нэр хүнд хамгаалагдана. Тус хэрэгт холбоотой гэм хорын хохирлыг Иргэний анхан шатны шүүх шийдвэрлэсэн, тус шүүхээр хянагдаж улмаар дээд шүүхэд мөн хянагдаж хуулийн хүчин төгөлдөр болсон юм билээ./энэ талаар магадлалд бичигдсэн болно/.
Гурав: Гомдол гаргагчаас “...Нотлох баримт байсаар байхад ... аймгийн давж заалдах шатны шүүх хурлыг даргалсан, ерөнхий шүүгч Б.Б хохирогч миний тайлбар гаргах эрхийг удаа дараа хасаж...” гэж бичсэн нь бодит үнэнтэй нийцээгүй байна. Өөрөөр хэлбэл хавтаст хэрэгт ямар нотлох баримт байсаар байсныг гомдол гаргагч нэг бүрчлэн бичээгүй харин гомдол гаргагч болон түүний хүүхдүүд эд хөрөнгө, сэтгэл санаагаараа хохирсон үйл баримт болсонд шүүгдэгч хүүхдүүдийг буруутай гэж Э.А нь үзсэн ч бараг 4 жил хэрэг бүртгэлт мөрдөн байцаалтын ажиллагаа явуулсан энэ хэрэгт холбогдогч хүүхдүүд гэмт хэргүүдийг үйлдсэн байна гэж үзэх хангалттай үндэслэл, нотолгоо болсон нотлох баримтууд хавтаст хэрэгт цуглараагүй, анхан шатны шүүх нь зөв дүгнэлт хийгээгүйг нь хуульд нийцүүлэн зөвтгөж шийдвэрлэсэн Давж заалдах шатны шүүхийн шүүх бүрэлдэхүүн буюу 3 шүүгчийг буруутгах үндэслэл, нотолгоо байхгүй байна. Эцэст нь хэлэхэд шүүгч хүн өргөсөн тангарагтаа үнэнч байж, хуулиар хүлээсэн ёс зүйгээ чанд сахин, хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцүүлж, хэрэгт цугларсан нотлох баримтад үндэслэн, дүгнэлт хийж, хуулийг баримтлан шийдвэр гаргадаг билээ. ...шүүхийн ажлыг адил шатны шүүхээс 2 шүүгч томилуулж хэргээ уншин судлах, бэлтгэх, илтгэх, шийдвэрээ хуулийн хугацаанд бичиж гаргах зэргээр ажлын ачаалалтай ажиллаж байгаа энэ цаг үед, шударгаар ажиллаж байхад шүүгч хүний өөрийн нэр, ажлын хэргийн нэр хүндэд халдсан Э.А гэх хүнд гомдолтой байна” гэжээ.
...шүүхийн шүүгч Ч.Э тайлбартаа: “...шүүхийн шүүгч Ч.Э би Шүүхийн сахилгын хорооны тогтоол, эрх үүрэг танилцуулсан баримт, иргэн Э.А-ийн гомдол зэргийг 2023 оны 02 дугаар сарын 08-ны өдөр хүлээн авч танилцсан. ...шүүхийн шүүгч Ч.Э би өсвөр насны шүүгдэгч Б.Б, Э.Э нарт холбогдох ххххххххххх дугаар эрүүгийн хэргийг шийдвэрлэсэн ... аймгийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 9 дүгээр сарын 26-ны өдрийн 2022/ШЦТ/ххх тоот шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Э.Э-ын хууль ёсны төлөөлөгч С.Ж, шүүгдэгч Б.Б-ын хууль ёсны төлөөлөгч Т.Э нарын давж заалдах гомдлоор уг хэргийг ... шүүх давж заалдах журмаар хянан шийдвэрлэхэд шүүх бүрэлдэхүүнд холбогдох хууль, тогтоомжид заасан журмын дагуу томилогдож оролцсон. Тухайн үйл явдал болох үед өсвөр насны шүүгдэгч Б.Б нь 12 настай, Э.Э нь 8 настай бага насны хүүхдүүд байсан байдаг. Гэм буруугийн зарчмыг тусгасан эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт гэм буруугүйгээр энэ хуульд заасан хохирол, хор уршиг учруулсан бол эрүүгийн хариуцлага хүлээлгэхгүй гэж, мөн зүйлийн 3 дахь хэсэгт Гэмт хэрэг үйлдсэн этгээд өөрийн үйлдлийн нийгмийн аюулын шинж чанарыг ухамсарлаагүй байсан бол хор уршиг гэм буруугүйгээр учруулсан гэж үзэхээр заасан. Мөн эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдлийг гэмт хэрэгт тооцохоор, мөн зүйлийн 2 дахь хэсэгт Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдлийн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцохоор тус тус заасан. Тиймээс 8, 12 настай буюу бага насны хүүхдүүд нь оюун ухаан гүйцэд хөгжөөгүйн улмаас өөрийн үйлдлийнхээ учир холбогдлыг ойлгохгүй, уг үйлдлийнхээ нийгмийн аюулын шинж чанарыг ухамсарлаагүй байдаг тул тэднийг нийгмийн аюулыг ухамсарлаж, уг үйлдэл нь гэмт хэрэг гэдгийг мэдэж үйлдсэн гэж дүгнэх үндэслэлгүй. Мөн мөрдөгч гэмт хэрэгт холбогдуулан шууд нэр заасан, эсхүл хамаарал бүхий нотолгоо бий болсон бага насны хүн нь өөрийн эсрэг мэдүүлэг өгөхгүй байх эрхийнхээ учир холбогдлыг гүйцэд ухамсарлахгүй тул хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгчид тухайн бага насны хүүхэд өөрийнхөө эсрэг мэдүүлэг өгөхгүй байх эрхтэйг тусгайлан тайлбарлаж, энэ эрхийг нь хэрэгжүүлэх боломжоор бодитойгоор хангалгүйгээр бага насны хүүхдээс гэрчийн мэдүүлэг авч, түүнийг өөрийг нь гэмт хэрэгт буруутгах үндэслэл болгосон нь Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 16.4 дэх хэсэг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 25.1 дүгээр зүйлийн 6 дахь хэсэг, Хүүхдийн эрхийн конвенцын 40 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн в дүгээр заалтын м-д заасан Эрүүгийн хууль зөрчсөн хэмээн сэрдэгдсэн буюу яллагдагчаар татагдсан хүүхэд бүрийг мэдүүлэг өгөх, гэм буруугаа хүлээхийг албадахгүй байх, эсрэг мэдүүлэг өгөх гэрчийг байцаах, байцаалгах, эрх тэгш нөхцөлд хүүхдийн өмнөөс гэрчийг байцаах, гэрчийг байлцуулах наад захын баталгаагаар хангана гэж заасан хүүхдийн эрхийн хамгаалалтууд зөрчигдсөн гэж үзсэн болно. Түүнчлэн дан нотлох баримтаар, ялангуяа зөвхөн тухайн хэрэгт сонирхол бүхий бага насны гэрчийн мэдүүлгээр хэргийн нөхцөл байдлыг бодитой тогтоох боломж хязгаарлагдмал гэж үздэг. Мөн Улсын дээд шүүхийн 2009 оны 5 дугаар сарын 22-ны өдрийн 15 дугаар тогтоолоор “Эр хөрөнгийн хохирол” гэдэгт Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1-д зааснаар бусдын эд хөрөнгөд Эрүүгийн хуульд эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр заасан, нийгэмд аюултай, гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйгээр учруулсан гэм хорыг ойлгоно гэж тайлбарласан байдаг. Өөрөөр хэлбэл гэмт хэргийн улмаас хохирол учруулсан гэж үзэхийн тулд бусдын эд хөрөнгөд хохирол учруулсан этгээдийн тухайн үйлдэл нь эрүүгийн хуульд эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр заасан үйлдэл байх шаардлагатай. Гэвч давж заалдах шатны шүүхээс шүүгдэгч нарт холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь хохирогч, иргэний нэхэмжлэгчийн Иргэний хуулийн 503 дугаар зүйлийн 503.1 дэх хэсэгт заасан 7-14 хүртэлх насны болон эрх зүйн чадамжгүй иргэний бусдад учруулсан гэм хорыг тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, эцэг эх, асран хамгаалагчаар арилгуулахаар шаардах эрхийг хязгаарлахгүй тул шүүх хохирогч нь нэхэмжлэлээ иргэний журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг дурдаж шийдвэрлэсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36 дугаар зүйлийн 2.2, 36.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт нийцэж байгаа гэж үзсэн. Тиймээс ... шүүх өсвөр насны шүүгдэгч Э.Э, Б.Б нарт холбогдох эрүүгийн хэргийг гэмт хэргийн бүрэлдэхүүнгүй үндэслэлээр хэрэгсэхгүй болгож, хохирогч нь иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар шүүхэд нэхэмжлэл гаргах замаар өөрт учирсан хохирлоо нэхэмжлэх эрхтэйг дурдаж шийдвэрлэсэн нь хууль бус, шударга бус оролцогчдын эрхийг хууль бусаар, дур зоргоороо хязгаарласан шийдвэр гэж үзэхгүй байгаа болно.” гэжээ.
...шүүхийн шүүгч Л.Н тайлбартаа: “...шүүхийн шүүгч Л.Н би Шүүхийн сахилгын хорооны тогтоол, эрх, үүрэг тайлбарласан баримт болон гомдол гаргагчийн гомдол зэрэг баримт бичгүүдийг шуудангаар хүргүүлснийг 2023 оны 2 дугаар сарын 10-ны өдөр хүлээн авч танилцаад, доорх тайлбарыг гаргаж байна. ... шүүх нь шүүгдэгч Б.Б. Э.Э нарт холбогдох анхан шатны шүүхийн 2022 оны 9 дүгээр сарын 26-ны өдрийн 2022/ШЦТ/ххх тоот шийтгэх тогтоолтой, эрүүгийн ххххххххххххххх тоот хэргийг шүүгдэгч Э.Э түүний хууль ёсны төлөөлөгч С.Ж, шүүгдэгч Б.Б-ийн хууль ёсны төлөөлөгч Т.Э нараас гаргасан давж заалдах гомдлуудын дагуу хэргийг бүхэлд нь хянан хэлэлцээд 2022/ДШМ/ хх тоот магадлалаар анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг бүхэлд нь хүчингүй болгож, шүүгдэгч Э.Э, Б.Б нарыг цагаатгаж, иргэний нэхэмжлэгч нар нь хохирлоо иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар дахин нэхэмжлэх эрхтэйг дурдаж шийдвэрлэсэн. Э.Э, Б.Б нар нь тухайн үед /2018 оны 10 дугаар сарын 28-ны өдөр 8,12 настай бага насны хүүхдүүд байсан нь Эрүүгийн хуульд заасан Эрүүгийн хариуцлага хүлээлгэх насанд хүрээгүйгээс гадна гэмт хэргийг бага насны хүүхдүүд үйлдсэн талаарх нотлох баримт хавтаст хэрэгт авагдаагүй харин бага насны хүүхдүүдийн өөрсдийнх нь гэрчээр өгсөн мэдүүлэгт үндэслэн гэм буруутайд тооцсон нь Монгол улсын Үндсэн хууль болоод хүүхдийн эрхийн тухай олон улсын эрх зүйн баримт бичгүүдэд заасан хүүхдийн эрхийн хамгаалалтуудыг зөрчсөн зөрчилд тооцогдоно. ... шүүх нь 2018 оны 10 дугаар сарын 28-ны өдөр үйлдэгдсэн, ... аймгийн Прокурорын газрын прокуророос 2019 оны 4 дүгээр сараас дээрх хүүхдүүдэд эрүүгийн хэрэг үүсгэж улмаар 2022 оны 9 дүгээр сарын 26-ны өдөр буюу анхан шатны шүүх хуралдаан болтол бараг 4 жил мөрдөж, шалгасан 4 хавтас, 999 хуудас бүхий эрүүгийн хэргийг бүхэлд нь хянахад дээрх хүүхдүүд нь гэмт хэрэг үйлдсэн болохыг нотлох, нотлох баримт хэрэгт авагдаагүй, сэргээн тогтоогоогүй байхад бага насны хүүхдүүдийг буруутгах нь шударга ёсны, хууль ёсны зарчимтай нийцэхгүй гэж үзэж цагаатгаж шийдвэр гаргасан бөгөөд тус шүүхийн магадлалыг эс зөвшөөрч бичсэн Э.А, түүний өмгөөлөгч Б.Б, П.А нарын гомдлыг Монгол Улсын дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдаан 2023 оны 1 дүгээр сарын 18-ны өдөр хуралдаж, магадлалыг хэвээр баталж, 82 дугаар тогтоол гаргаснаар шүүхийн эцсийн шийдвэр болж, хуулийн хүчин төгөлдөр болсон болно. Гомдол гаргагч болон түүний хүүхдүүд эд хөрөнгө , сэтгэл санаагаараа хохирсон үйл баримт болсонд шүүгдэгч хүүхдүүдийг буруутай гэж Э.А нь үзсэн ч бараг 4 жил хэрэг бүртгэлт мөрдөн байцаалтын ажиллагаа явуулсан энэ хэрэгт холбогдогч хүүхдүүд гэмт хэргүүдийг үйлдсэн байна гэж үзэх хангалттай үндэслэл, нотолгоо болсон нотлох баримтууд хавтаст хэрэгт цуглараагүй, анхан шатны шүүх нь зөв дүгнэлт хийгээгүйг хуульд нийцүүлэн, зөвтгөж шийдвэрлэсэн бөгөөд хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцэхээс татгалзсан тул шүүхийн шийдвэр, магадлал хүчин хүчин төгөлдөр болсон. Иймд 2023 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн ГЗҮ/2023/хххх тоот Сахилгын хэрэг үүсгэх тухай захирамжийг хүчингүй болгож өгнө үү” гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Шүүхийн сахилгын хорооны хуралдаанаар, 2023 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийн 0010 дугаартай сахилгын зөрчил гаргасныг нотлох дүгнэлтийг хэлэлцэв.
Э.А нь 2022 оны 12 дугаар сарын 27-ны өдөр Шүүхийн сахилгын хороонд, ... шүүхийн Ерөнхий шүүгч Б.Б-д холбогдуулж өргөдөл гаргасан боловч илтгэгч гишүүн 2023 оны 01 дүгээр сарын 26-ны өдөр хххх дугаар захирамжаар, өргөдөлд хавсаргасан тус шүүхийн магадлалд үндэслэн ... шүүхийн шүүгч Д.Б, ... шүүхийн шүүгч Л.Н, ...шүүхийн шүүгч Ч.Э нарын 4 шүүгчид холбогдуулан, сахилгын хэрэг үүсгэжээ.
Илтгэгч гишүүн сахилгын хэргийн шалгах ажиллагааны хүрээнд эрүүгийн ххххххххххххххх дугаартай хэрэгт үзлэг хийн, шаардлагатай баримтуудыг хуулбарлан авч сахилгын хэрэгт хавсаргасан, мөн шүүгч Д.Б, Б.Б, Ч.Э, Л.Н нар нь тайлбараа ирүүлсэн байна.
Илтгэгч гишүүн өргөдлийн агуулгаар сахилгын хэрэгт цугларсан нотлох баримтыг үнэлж дүгнэн, Сахилгын зөрчил гаргасныг нотлох тухай дүгнэлт гаргажээ.
Сахилгын хэргийг хянан үзвэл:
... шүүхийн 2022 оны 09 дүгээр сарын 26-ны өдрийн 2022/ШЦТ/ххх дүгээр шийтгэх тогтоолоор өсвөр насны шүүгдэгч Э.Э-д холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, өсвөр насны шүүгдэгч Б.Б-г гэм буруутайд тооцож, 1 жилийн хорих ял, 120 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар тус тус шийтгэж, 2021 оны Өршөөл үзүүлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1-д зааснаар түүнд оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг өршөөн хэлтрүүлж, мөн хуулийн 6 дугаар зүйлийн 6.3-т зааснаар Б.Бд оногдуулсан 1 жилийн хорих ялаас 2 жилийг хасаж /шийтгэх тогтоолд дурдагдсанаар/ шийдвэрлэжээ[1].
... шүүхийн 2022 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн 2022/ДШМ/хх дүгээр магадлалаар[2] тус хэргийг хянан шийдвэрлэхдээ, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг бүхэлд нь хүчингүй болгож Э.Э, Б.Б нарыг цагаатгаж шийдвэрлэсэн ба уг магадлалыг эс зөвшөөрч хяналтын прокурор Ж.Э эсэргүүцэл, хохирогч Э.А, түүний өмгөөлөгч Б.Б, П.А нар гомдол гаргасан, Улсын Дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхимын нийт шүүгчдийн хуралдааны 2023 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн 82 дугаар тогтоолоор[3] хяналтын гомдлыг хэлэлцүүлэхээс татгалзаж шийдвэрлэснээр давж заалдах шатны шүүхийн магадлал хүчин төгөлдөр болжээ.
Өргөдөл гаргагч Э.А нь ...эрүүгийн хххххххххххх дугаартай хэргийн хохирогч бөгөөд давж заалдах шатны шүүх хуралдааныг даргалсан шүүгч Б.Б гэм буруутай этгээдүүдийн талд ажиллаад байна... гэжээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1-д “...гомдол, эсэргүүцлийг хянан шийдвэрлэхдээ тухайн хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянана”, 39.1 дүгээр зүйлийн 3-т “шүүх давж заалдсан гомдол, эсэргүүцэлд заасан асуудлаар хязгаарлахгүй ба бусад ял шийтгүүлсэн, цагаатгагдсан этгээд давж заалдах гомдол, эсэргүүцэл бичигдсэн эсэхийг харгалзахгүйгээр хэргийг бүхэлд нь хянаж үзнэ” гэж заажээ.
Давж заалдах шатны шүүхээс “... Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т “гэмт хэргийн шинжгүй” үндэслэлээр ... хэргийг хэрэгсэхгүй болгож, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг бүхэлд нь хүчингүй болгож, шүүгдэгч Э.Э, Б.Б нарыг цагаатган, хэргийг хэрэг бүртгэлтэд буцааж шийдвэрлэжээ.
Давж заалдах шатны шүүх дээрх хуулиар олгогдсон бүрэн эрхийн хүрээнд гомдол, эсэргүүцэлд дурдсан үндэслэлээр хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянан үзэж Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1.2-т “анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь, ...хүчингүй болгож, эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгох” гэж зааснаар магадлал гаргасан нь гэм буруутай этгээдүүдийн талд үйлчилсэн буюу Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1.1-д “албан тушаалын байдал, эрх нөлөөгөө урвуулан ашиглаж өөртөө, эсхүл бусдад давуу байдал бий болгох” зөрчил гаргасан гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байх тул шүүгч нарт холбогдох сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэх илтгэгч гишүүний санал үндэслэлтэй.
...шүүхийн шүүгч Д.Б-ийн “...бага насны хүүхдэд ял оногдуулсан...” гэх зөрчлийн тухайд:
Тус аймаг дахь Цагдаагийн газрын Мөрдөн байцаах тасгийн мөрдөгч, Цагдаагийн дэслэгч Д.Б-ын “Нас тоолсон тухай тэмдэглэл”-д “...2010 оны 05 дугаар сарын 20-ны өдөр төрсөн Э.Э нь 2018 оны 10 дугаар сарын 28-ны өдөр буюу гэмт хэрэг үйлдэх үедээ 8 нас, 5 сар, 8 хоногтой[4], “...2005 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр төрсөн Э.Б нь 2018 оны 10 дугаар сарын 28-ны өдөр буюу гэмт хэрэг үйлдэх үедээ 12 нас, 11 сар, 8 хоногтой[5] гэж тусгагджээ.
Шүүгч Д.Б-ийг ... өсвөр насны шүүгдэгч Э.Э-д холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, өсвөр насны шүүгдэгч Б.Б-г гэм буруутайд тооцож, 1 жилийн хорих ял, 120 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар тус тус шийтгэж... Эрүүгийн хуулийн 5.1 дүгээр зүйлийн 3-т “Гэмт хэрэг үйлдэх үед эрүүгийн хариуцлага хүлээх насанд хүрсэн ба хэрэг хариуцах чадвартай хүнд энэ хуульд заасан үндэслэл, журмын дагуу эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ”, 6.2 дугаар зүйлийн 1-д “Гэмт хэрэг үйлдэх үедээ арван зургаан насанд хүрсэн хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасныг зөрчин “...гэмт хэрэгт холбогдох үедээ эрүүгийн хариуцлага хүлээх насанд хүрээгүй буюу хэрэг хариуцах чадваргүй бага насны хүүхдэд ял оногдуулж шийдвэрлэсэн нь Монгол Улсын шүүхийн тухай хуульд заасанчлан хуулийн илт тодорхой заалтыг ноцтой зөрчсөн үйлдэлд хамаарахаар байна гэж илтгэгч гишүүн дүгнэжээ.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 3.2-т эд хөрөнгө устгах, гэмтээх хэргийг бусдад их хэмжээний хохирол учруулж үйлдсэн бол арван мянган нэгжээс дөчин мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр жилээс найман жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ” гэж заажээ.
Шүүхийн сахилгын хороо нь хуулиар хориглосон, үүрэг болгосон, хязгаарласан зохицуулалтыг шүүгч зөрчсөн эсэхийг шалгах, хянан шийдвэрлэх чиг үүрэгтэй ба шүүгч хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудыг өөрийн дотоод итгэлээр үнэлж дүгнэн, материаллаг хуулийн хүрээнд зүйлчлэх, хэргийн оролцогчийг гэмт буруутайд тооцох, Өршөөл үзүүлэх тухай хуулийн дагуу өршөөлд хамруулсныг сахилгын зөрчил гэж үзэн шүүгчийг буруутгах үндэслэлгүй байх тул Монгол Улсын шүүхийн тухай хуульд заасан “хуулийн илт тодорхой заалтыг ноцтой зөрчсөн үйлдэлд хамаарахаар байх тул сахилгын зөрчил гаргасан” гэж дүгнэсэн илтгэгч гишүүний дүгнэлт үндэслэлгүй байна.
Түүнчлэн, өргөдөл гаргагч Э.А нь 2023 оны 04 дүгээр сарын 18-ны өдөр Шүүхийн сахилгын хороонд “...энэ хэргийн анхан шатны шүүх хурал 2022 оны 09 дүгээр сард болж миний талд үнэн зөв шийдэгдсэн. ...миний бие анхан шатны шүүхийн шүүгч Д.Б-д гомдол мэдүүлээгүй, ...хариуцлага тооцохгүй байхыг хүсэж байна ...” гэх агуулгаар гомдол ирүүлснийг дурдах нь зүйтэй байна.
Дээрхийг нэгтгэн дүгнэвэл, ...шүүхийн Ерөнхий шүүгч Б.Б, ...шүүхийн шүүгч Д.Б, ...шүүхийн шүүгч Л.Н, ...шүүхийн шүүгч Ч.Э нар нь хууль зөрчсөн гэх үндэслэл тогтоогдохгүй байх тул илтгэгч гишүүний нотлох дүгнэлтийг хүчингүй болгож, шүүгч нарт холбогдох сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж бүрэлдэхүүн үзэв.
Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 112 дугаар зүйлийн 112.1.1 дэх хэсэг, 112.2-т заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүхийн сахилгын хорооны гишүүний 2023 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийн ГС/2023/0010 дугаар “Сахилгын зөрчил гаргасныг нотлох тухай дүгнэлт”-ийг хүчингүй болгож, ...шүүхийн Ерөнхий шүүгч Б.Б, ...шүүхийн шүүгч Д.Б, ...шүүхийн шүүгч Л.Н, ...шүүхийн шүүгч Ч.Э нарт холбогдох сахилгын хэргийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2. Энэ магадлалыг сахилгын хэргийн оролцогч болон өргөдөл, мэдээлэл гаргагч нарт гардуулах /хүргүүлэх/-ыг Ажлын албанд даалгасугай.
3. Магадлалыг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор сахилгын хэргийн оролцогч гомдол, илтгэгч гишүүн эсэргүүцэл гаргах эрхтэйг дурдсугай.
ГИШҮҮН Г.ЦАГААНЦООЖ
Д.ЭРДЭНЭЧУЛУУН