info@judiscom.mn 976 - 77113838 Холбоо барих ШИЛЭН ДАНС
ENMNG

МОНГОЛ УЛС

ШҮҮХИЙН САХИЛГЫН ХОРОО

МАГАДЛАЛ

2022-01-27

Дугаар 20

Улаанбаатар хот

Сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

         Шүүхийн сахилгын хорооны хуралдааныг гишүүн О.Номуулин даргалж, гишүүн Ц.Давхарбаяр, Д.Мягмарцэрэн нарын бүрэлдэхүүнтэй, илтгэгч гишүүн Г.Цагаанцоож, хуралдааны нарийн бичгийн дарга Ч.Энхмэнд нарыг оролцуулан,  ... шүүхийн шүүгч Ш.О-д холбогдох “Сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох санал”-ыг тус хорооны хуралдааны танхимд нээлттэй хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Иргэн С.Э- Шүүхийн ёс зүйн хороонд /хуучнаар/ гаргасан өргөдөлдөө: “...шүүгч Ш.О- “нэхэмжлэгч өөрийн шаардлага тайлбараа нотлох баримтаар нотлоогүй, хэрэгт энэ талаар баримт ирүүлээгүй болно” гэсэн. Миний хүсэлтээр 21 дүрс бичлэг, 15 фото зургийн үзлэг хийсэн, гэрч н.Б-гээс мэдүүлэг авсан, мөн тэрээр олон сарын турш өөрөө байлцаж хийгдсэн дүрс бичлэгийг шууд үгүйсгэсэн зэргийг огт дурдаагүй. Шүүгч хүн хууль зүйн дүгнэлт хийгээгүй шийдвэр гаргасан байдаг. Шүүх хурлын үеэр би өөрийн үндэслэлээ ярих болгонд шүүгч таслан зогсоож, харин хариуцагч н.Батбаатар доромж үгийг урсгаж байхад ер болиулаагүй шүүгч. Биднийг олон жил доромжилж ирсэн “Н 29, 30” СӨХ надаас төлбөр авахаар сая гаргасан нэхэмжлэлийг шүүгч Ш.О- шийдвэрлэхээр болжээ. Ёс зүй ядмаг, мэдлэг дулимаг, гол нь зарчим увайгүй, туйлын сэтгэлгүй шүүгч Ш.О-ын ажиллагаа оршин суугч биднийг хохироогоод “Н 29, 30” СӨХ-ны цадиггүй нөхдүүд завшихыг өөгшүүлээд зогсохгүй, иргэд бидний нүдэнд шүүхийн системийг муухай харагдуулж байгааг анхааралдаа авч, шалган шийдвэрлэж өгнө үү” гэжээ.              

Шүүгч Ш.О- сахилгын хороонд гаргасан тайлбартаа: “... шүүхийн шүүгч Ш.О- би С.Э-ын нэхэмжлэлтэй, Н-29, 30 Сууц өмчлөгчдийн холбоонд холбогдох эрүүл мэнд, сэтгэл санаа, тав тух, өмчлөлийн орон сууцанд учруулсан гэм хорын хохирол төлбөрт 1 500 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2019 оны 01 сарын 28-ны өдөр хүлээн авч, хуульд заасан журмын дагуу хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг явуулж, 2019 оны 05 сарын 06-ны өдрийн 102/ШШ2019/01272 тоот шийдвэрээр хэрэг нэхэмжлэлийг хамтын зарчмаар бүрэлдэхүүнтэй хянан хэлэлцэж нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн. Анхан шатны шүүх хуралдаанд нэхэмжлэгч ... ямар нэг нотлох баримт байхгүй... гэдгээ өөрөө тайлбарласан нь шүүх хуралдааны тэмдэглэлд тусгагдсан байна. Анхан шатны шүүхийн шийдвэрт нэхэмжлэгч гомдол гаргасныг Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдаанаар хэлэлцэж 2019 оны 07 сарын 17-ны өдөр Дугаар 1330 магадлалаар хууль хэрэглээний хувьд өөрчлөлт оруулж бусад заалтыг хэвээр үлдээж шийдвэрлэсэн. Анхан шатны шүүх хуралдаанд талуудын хэн аль нь ямар нэг бүдүүлэг, доромж үг хэллэг гаргаагүйг шүүх хуралдааны тэмдэглэлээс харах боломжтой ба хариуцагч ямар доромж үг хэлснийг гомдол гаргагч дурьдаагүй байгааг анхааран үзнэ үү. Иймд иргэн С.Э-ын гомдол үндэслэлгүй тул хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.

Сахилгын хорооны гишүүн Г.Цагаанцоожийн сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох саналд: “...Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1-д зааснаар шүүх хэргийн оролцогчийн гаргасан баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр нотлох баримтыг өөрийн дотоод итгэлээр үнэлэх бөгөөд нотлох баримтыг үнэлэхтэй холбоотой ажиллагаа нь сахилгын зөрчилд хамаарахгүй болно. Түүнчлэн хариуцагч анхан шатны шүүх хуралдааны явцад нэхэмжлэгчийг доромжилсон гэх байдал тогтоогдоогүй, энэ талаар тэмдэглэлд тусгагдаагүй байна. Өргөдөл гаргах үед хүчин төгөлдөр үйлчилж байсан Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2-т зааснаар хэрэг, маргааныг хянан шийдвэрлэх шүүгчийг болон шүүх бүрэлдэхүүнээр шийдвэрлэх хэрэгт оролцох шүүгчийг томилох, дарааллыг тогтоох асуудал нь тухайн шүүхийн шүүгчдийн зөвлөгөөний бүрэн эрхэд хамаарч байна. ... шүүхийн шүүгчдийн 2019.12.25-ны өдрийн зөвлөгөөнөөр "Шүүх хуралдаан даргалагчийн дарааллыг тогтоох, хэрэг маргааныг хянан шийдвэрлэх шүүгч болон шүүх бүрэлдэхүүнээр шийдвэрлэх хэрэгт оролцох шүүгчийг томилох дарааллыг тогтоох, шүүхэд нэхэмжлэл, гомдол, хүсэлт, хэрэг хүлээн авах, шүүгчид хуваарилах журам"-ыг баталсан, Н 29, 30 СӨХ-ийн нэхэмжлэл энэхүү журмын дагуу хуваарилагдсан талаар шүүгч тайлбартаа дурдсан байна. Монгол Улсын шүүхийн тухай хууль дагаж мөрдөхөөс өмнө хүчин төгөлдөр үйлчилж байсан Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хуулийн /2012/ 32 дугаар зүйлийн 32.2, Шүүгчийн ёс зүйн дүрмийн 1.4 дүгээр зүйлийн 1-т "шүүгч хуульд тусгайлан ёс зүйн зөрчил болохоор заасан ба энэ дүрмээр тогтоосон хэм хэмжээг зөрчсөн үйлдэл, эс үйлдэхүйг ёс зүйн зөрчил гэж үзнэ” гэжээ. Нэр бүхий шүүгч нь дээрх ёс зүйн дүрмийн ямар заалтыг, эсхүл хуульд тусгайлан ёс зүйн зөрчил байхаар заасан ямар зөрчил гаргасан талаар өргөдөлд дурдаагүй байна. Өөрөөр хэлбэл, өргөдөл гаргагч нь иргэний хэргийг хянан шийдвэрлэхтэй холбоотой гомдол гаргасан байх ба нотлох баримт үнэлэхтэй холбоотой шүүгчийн ажиллагааг ёс зүйн зөрчил гэж тодорхойлох боломжгүй, Сахилгын хороо шүүхийн шийдвэрийн хууль зүйн үндэслэлийг хянах, дүгнэлт өгөх эрх хэмжээ хуулиар олгогдоогүй болно. Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.1-т зааснаар хориглосон, хязгаарласан, үүрэг болгосон зохицуулалтыг зөрчсөн шүүгчид сахилгын шийтгэл оногдуулах ба С.Э-ын өргөдлийн үндэслэл хуулийн 50, 51 дүгээр зүйлийн 51.1, 52, 53 дугаар зүйлд заасан зөрчлийн алинд ч хамаарахгүй байх тул үүсгэсэн сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох саналыг хорооны хуралдаанаар хэлэлцүүлэхээр шийдвэрлэв” гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Иргэн С.Э-ын өргөдөлд дурдагдсан шүүгч ёс зүйн зөрчил гаргасан гэх цаг хугацаа 2019 онд хамаарч байх тул 2021 оны 1 дүгээр сарын 15-ны өдөр батлагдсан Шүүхийн тухай хууль /шинэчилсэн найруулга/-ийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн 6 дугаар зүйлд “Шүүхийн сахилгын хороо байгуулагдах хүртэлх хугацаанд шүүгчийн ёс зүйн зөрчлийн талаар гарсан гомдол, маргааныг Монгол Улсын шүүхийн тухай хууль /Шинэчилсэн найруулга/ хүчин төгөлдөр болсон өдрөөс өмнө уг харилцааг зохицуулж байсан хууль тогтоомжийн дагуу шийдвэрлэнэ. Шүүхийн сахилгын хороо байгуулагдсан бол Шүүхийн ёс зүй хороо, Захиргааны хэргийн давж заалдах болон хяналтын шатны шүүхэд хянан хэлэлцэгдэж байгаа хэрэг, маргааныг Сахилгын хороонд шилжүүлнэ” гэж зааснаар 2012 оны 3 дугаар сарын 07-ны өдөр батлагдсан Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хуулийн шүүгчийн ёс зүйн зөрчлийг тодорхойлсон материаллаг хэм хэмжээ хэрэглэгдэж, харин сахилгын хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд Монгол Улсын Шүүхийн тухай хууль /шинэчилсэн найруулга/-ийн зохицуулалтыг дагаж мөрдөнө.

Монгол Улсын Шүүхийн тухай хууль /шинэчилсэн найруулга/ нь 2021 оны 3 дугаар сарын 01-ний өдрөөс хүчин төгөлдөр үйлчилж эхэлсэн, 2021 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр Шүүхийн сахилгын хороо байгуулагдсан, хуучин Шүүхийн ёс зүйн хороонд ирсэн өргөдөл, мэдээлэл 2021 оны 12 дугаар сарын 06-ны өдөр гишүүдэд хуваарилагдсан тул мөн өдрөөс шалгах ажиллагааны хугацааг тооцож сахилгын хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явагдаж эхэлсэн болно.

Сахилгын хэрэгт авагдсан баримтуудаас үзэхэд шүүгч Ш.О- нь С.Э-ын нэхэмжлэлтэй, Н-29, 30 Сууц өмчлөгчдийн холбоонд холбогдох гэм хорын хохиролд 1.500.000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг 2019 оны 05 дугаар сарын 06-ны өдрийн 102/ШШ2019/01272 дугаар шийдвэрээр С.Э-ын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байх ба ийнхүү шийдвэрлэсэн шүүгчийн үйл ажиллагаа, нотлох баримтыг үнэлсэнтэй холбоотойгоор иргэн С.Э- нь гомдол гаргажээ.

Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хуулийн /2021 оны 3 дугаар сарын 01-ний өдрөөс хүчингүй болсонд тооцсон/ 27 дугаар зүйлд Шүүгчид хориглох зүйл, 28 дугаар зүйлд Шүүгчийн иргэний эрхэд тавих хязгаарлалт, 29 дүгээр зүйлд Шүүгчийн ашиг сонирхлын зөрчил, 30 дугаар зүйлд Шүүгч түүний гэр бүлийн гишүүний хөрөнгө, орлогын мэдүүлгийн талаар хориглосон, хязгаарласан, үүрэг болгосон хэм хэмжээг тодорхойлсон бол хуулийн 32 дугаар зүйлийн 32.2-т Шүүгчийн ёс зүйн дүрмийг зөрчсөн шүүгчид сахилгын хариуцлага хүлээлгэхээр, Шүүгчийн ёс зүйн дүрмийн 1.4 дүгээр зүйлийн 2-т “Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүгчийн мэргэжил, ур чадвар, дадлага, туршлагатай холбоотой алдаа нь ёс зүйн зөрчилд хамаарахгүй” гэж заасан.

Иймд хууль хэрэглээтэй холбоотой, нотлох баримтыг хэрхэн үнэлж хэргийг хянан шийдвэрлэсэнтэй холбоотой шүүгчийн үйл ажиллагааг сахилгын болон ёс зүйн зөрчил гэж тодорхойлох боломжгүй, шүүхийн шийдвэрийн хууль зүйн үндэслэлд Сахилгын хороо дүгнэлт өгөх эрхгүй.

Сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох санал үндэслэлтэй байх тул хүлээн авч, сахилгын хэргийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

 

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 112 дугаар зүйлийн 112.1.2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Сахилгын хорооны гишүүн Г.Цагаанцоожийн 2022 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох саналыг хүлээн авч, ... шүүхийн шүүгч Ш.О-д холбогдох сахилгын хэргийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Магадлалыг сахилгын хэргийн оролцогч болон өргөдөл, мэдээлэл гаргагчид хүргүүлэхийг Ажлын албанд даалгасугай.

3. Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 112 дугаар зүйлийн 112.8 дахь хэсэгт зааснаар магадлалыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор сахилгын хэргийн оролцогч гомдол, илтгэгч гишүүн эсэргүүцэл гаргах эрхтэй. 

 

 

 

                        ДАРГАЛАГЧ                                                         О.НОМУУЛИН

                        ГИШҮҮН                                                                 Ц.ДАВХАРБАЯР

                       ГИШҮҮН                                                               Д.МЯГМАРЦЭРЭН