info@judiscom.mn 976 - 77113838 Холбоо барих ШИЛЭН ДАНС
ENMNG

МОНГОЛ УЛС

ШҮҮХИЙН САХИЛГЫН ХОРОО

МАГАДЛАЛ

2023-04-26

Дугаар 58

Улаанбаатар хот

Сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох саналыг шийдвэрлэх тухай

Шүүхийн сахилгын хорооны хуралдааныг гишүүн Ц.Давхарбаяр даргалж, гишүүн Д.Мягмарцэрэн, О.Номуулин нарын бүрэлдэхүүнтэй, илтгэгч гишүүн Д.Эрдэнэчулуун, хуралдаан хариуцсан ахлах мэргэжилтэн - нарийн бичгийн дарга Г.Хаш-Эрдэнэ нарыг оролцуулан, Сахилгын хорооны хуралдааны 705 тоот танхимд нээлттэй хийв.

Тус хуралдаанаар иргэн Э.А-гийн өргөдлөөр, ... шүүхийн шүүгч Т.Э-д холбогдуулан үүсгэсэн сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох саналыг гишүүн Д.Эрдэнэчулууны илтгэснээр хянан хэлэлцээд,

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Илтгэгч гишүүн нь 2023 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн 0048 дугаар “Сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох санал”-даа:

“...1. Шүүгч Т.Э нь 2022 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн шүүх хуралдаанд хариуцагч талын “хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг түдгэлзүүлэх тухай” хүсэлтийг шийдвэрлэсэн захирамж гаргахдаа өөрчлөн “хариуцагч талын хүсэлтийг хангаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.8-д зааснаар хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн” нь хуулийн илт тодорхой заалтыг зөрчин, хариуцагч талд ашигтай шийдвэр гаргасан гэх тухайд:

... шүүхийн 2022 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн шүүх хуралдаанаар хариуцагчийн өмгөөлөгч “хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг түдгэлзүүлэх тухай” хүсэлт гаргасан бөгөөд шүүх хуралдааны явцад хүсэлтдээ тодруулга хийснээр “Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 117 дугаар зүйлийн 117.1 дэх хэсэгт зааснаар “хэргийг хэрэгсэхгүй болгох тухай” болгон өөрчилсөн байна.

Тодруулбал, тус өдрийн шүүх хуралдааны бичлэгт үзлэг хийхэд бичлэгийн 8 минут 51 секундээс хариуцагчийн өмгөөлөгч хүсэлтээ хэлж байхдаа “...энэ асуудлаар цагдаагийн байгууллагад хандсан. Чингэлтэй дүүргийн Цагдаагийн газрын 1 дүгээр хэлтэс нь ... гэсэн тодорхойлолт ирүүлсэн байдаг. Энэ нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хүрээнд 80.1.4-т заасан буюу тухайн иргэний хэргийг шийдвэрлэхэд эрүүгийн журмаар шалгагдаж байна... гэдэгт хамаарч байна” гэж хэлсэн байна. Гэвч энэ нь тухайн өдрийн шүүх хуралдааны 182/ТМ2022/ххххх дугаартай тэмдэглэлийн 2 дугаар талын 46 дахь догол мөрт авагдсан “117 дугаар зүйлийн 117.1-д заасны дагуу хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэж бичсэнээс зөрж байна.

Нэхэмжлэгч Э.А нь 2023 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр дээрх шүүх хуралдааны тэмдэглэлд засвар оруулах тухай хүсэлт гаргасныг шүүгч 2023 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр “... Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 96 дугаар зүйлийн 96.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн гаргасан хүсэлтийг хүлээн авч, шүүх хуралдааны тэмдэглэлийн 2 дахь хуудасны 45-46  дугаар мөрөнд хариуцагчийн өмгөөлөгчийн гаргасан тайлбарын холбогдох хэсэг болох “...Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 117 дугаар зүйлийн 117-д заасны дагуу хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэснийг “... хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг түр түдгэлзүүлж өгнө үү ...” гэж зөвтгөн засвар оруулжээ. /с.х-ийн 62-64 тал/

Улмаар хариуцагчийн өмгөөлөгч хүсэлтээ өөрчилсөн нь шүүх хуралдааны бичлэгийн 27 минут 18 секундээс даргалагч “Танайх түдгэлзүүлье гээд байна. Энэ чинь түдгэлзүүлнэ гэх юм уу? Энэ чинь дахиад 117-гийн үндэслэл байх юм уу, ИХШХШТХ-ийн 65.1.8” гэхэд хариуцагчийн өмгөөлөгч “Ер нь бол мэдээж шүүхийн эрх хэмжээний асуудал. Бид бол ер нь энэ 117-гийн асуудал гэж бодож байгаа. Яагаад гэхээр бид өмчлөл дээр нь маргаж байгаа. Тэгэхээр хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд угаасаа оролцоод явна. Тэгээд нэг тийш нь шийдэхэд дахиад нэхэмжлэлээ гаргаад талууд ороод ирэх бүрэн боломжтой. Тиймээс заавал түдгэлзүүлэх шаардлага байхгүй гэж болно...” гэж хэлсэн нь тухайн өдрийн шүүх хуралдааны 182/ТМ2022/ххххх дугаартай тэмдэглэлийн 5 дугаар талын 16 дахь догол мөрт агуулгаараа тусгагдсан байна.

Шүүх хуралдааны явцад хэргийн оролцогчдоос хүсэлтээ тодруулах, өөрчлөх эрхийг нь хуулиар хязгаарлаагүй бөгөөд даргалагч хүсэлтийг шийдвэрлэхийн тулд хүсэлтийн үндэслэлийг тодруулан асуусныг шүүгчийг хөтөлсөн гэж үзэхгүй.

Шүүгч 2022 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн 182/ШТ2022/ххххх дугаар захирамжаар “... зохигчдын маргааны зүйл болсон ... тоотод байрлах, нэгж талбарын ... дугаартай өмчлөх эрх бүхий газрыг чөлөөлүүлэх талаар хариуцагч “Х ш” ХХК-д гаргасан мэдэгдэл, өргөдлүүдийг хуурамчаар үйлдсэн эсэх асуудал Чингэлтэй дүүрэг дэх Цагдаагийн 1 дүгээр хэлтэст эрүүгийн журмаар шалгагдаж байгаа, дээрх баримтуудыг хуурамчаар үйлдсэн эсэх нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлд хамааралтай байна” гэж дүгнээд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.8, 117 дугаар зүйлийн 117.1 дэх хэсэгт зааснаар хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байна.

Нэхэмжлэгч тал шүүгчийн 182/ШТ2022/ххххх дугаар захирамжийг эс зөвшөөрч, тус шүүхэд гомдол гаргасныг 2022 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн гомдол шийдвэрлэх шүүх хуралдаанаар хэлэлцэн 182/ШТ2022/ххххх дугаар тогтоолоор “... шүүх хэргийг хэлэлцэлгүй хүсэлт хэлэлцэх шатанд нэхэмжлэлд заасан маргаан бүхий газартай холбоотой асуудлыг эрүүгийн журмаар шалгаж байгаа гэсэн үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь хуульд нийцээгүй ...” гэж үзэн шүүгч Т.Э-гийн 182/ШТ2022/ххххх дугаар захирамжийг хүчингүй болгожээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 117 дугаар зүйлийн 117.1 дэх хэсэгт “энэ хуулийн ...65.1.3-65.1.8...-д заасан үндэслэл хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцэх үед тогтоогдвол хэргийг хэрэгсэхгүй болгоно...” гэж заасан.

Өөрөөр хэлбэл өргөдөл гаргагчийн “... шүүх хуралдаанаар хэргийг хэлэлцэх шат эрхлээгүй байхад... хэргийг хэрэгсэхгүй болгосон” гэх гомдол үндэслэл бүхий байна.

Гэвч хэргийг хэрэгсэхгүй болгож байгаа нь тухайн иргэний маргааныг шийдвэрлэж байгаа гэж үзэхээс илүүтэйгээр маргааныг шийдвэрлэх үндэслэлгүй байгааг илэрхийлсэн ажиллагаа ба шүүгчийн 182/ШТ2022/ххххх дугаар захирамжийг тус шүүхийн 2022 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн 182/ШТ2022/ххххх дугаар тогтоолоор хүчингүй болгосноор одоо тухайн иргэний хэрэг нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд байна.

Шүүгч Т.Э-гийн 2022 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн 182/ШТ2022/ххххх дугаар захирамж нь шүүхийн 182/ШТ2022/ххххх дугаар тогтоолоор хүчингүй болсноор эрх зүйн үр дагавар үүсгээгүй байх тул уг үндэслэлээр түүнийг буруутгах боломжгүй гэж үзэв.

2. Шүүгч Т.Э нь 2022 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн шүүх хуралдааны явцад нэхэмжлэгчийн өмгөөлөгчид тайлбар хэлэх боломжоор хангаагүй, удаа дараа үг хэлүүлэлгүй тасалж, хэт нэг талыг баримтлан нэхэмжлэгч талд мэтгэлцэх боломжийг олгоогүй гэх тухайд:

Тухайн өдрийн шүүх хуралдааны бичлэгт үзлэг хийхэд бичлэгийн 15 секундэд нэхэмжлэгчийн өмгөөлөгч “шүүгч ээ”, мөн  28 минут 17 секундэд хариуцагчийн өмгөөлөгч ярьж байхад нэхэмжлэгч талаас “шүүгч ээ” гэхэд даргалагч “За байж бай. Битгий дэг зөрчөөд бай, тэгэх үү. Би энд хуралдааныг даргалж байгаа шүү. Дахиж зөвшөөрөлгүйгээр босохгүй, дундуур орохгүй, өмгөөлөгч өө. Ойлгосон уу? Одоо энэ цагт би асууж байна, тодруулах үед нь дахиж хэлээрэй” гэж хэлсэн нь агуулгаараа тухайн өдрийн шүүх хуралдааны 182/ТМ2022/ххххх дугаартай тэмдэглэлийн 6 дугаар талын 4 дэх догол мөрт тусгагджээ.

Бичлэгийн 39 минут 24 секундээс даргалагч “Албан бичигтэй танилцсан байх тэ? Сая хариуцагч тал хэллээ. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явагдаж байна гээд. Эрүүгийн хэрэг ямар цаг хугацаанд явагдахыг бид нар мэдэхгүй, тийм үү? Бас энэ хэргийг хэрхэн шийдэхэд нөлөөлнө гээд түдгэлзүүлье гэсэн. Одоо болохоор 117-гийн хүсэлт гаргах боломжтой гээд байна. Танайх бол?“ гэж хэлэх үед /энэ хугацаанд нэхэмжлэгчийн өмгөөлөгч шүүгчийн ярианы дундуур орж байх боловч, даргалагч асуултаа таслалгүй дуусгаж байна./

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч “яагаад боломжгүй гэж үзэж байна вэ гэхээр одоо бол гомдол хүлээж авч байна. Гомдол өөрөө хүлээж авч шийдвэрлэдэг хуулийн хугацаатай. Хуульд тодорхой заасан. Гомдлыг хүлээж аваад 10 хоногийн дотор хэрэг үүсгэх эсэхээ шийднэ. Магадгүй эрүүгийн хэрэг үүсгээд яллагдагчаар татсан тохиолдолд 117-д заасан нөхцөл байдал үүсэж болно. Яалт ч үгүй хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа хэзээ хүртэл удаашрахыг бид мэдэхгүй гэдэг таны тайлбарыг үндэслэлтэй гэж үзнэ“ гэж даргалагчийн яриаг таслан хариулж байна.

Бичлэгийн 40 минут 09 секундээс даргалагч “65.1.8 бол уг нэхэмжлэлтэй холбоотой хэргийг эрүүгийн журмаар шалгаж байгаа гэсэн байна” гэхэд нэхэмжлэгчийн өмгөөлөгч “Тийм. Гэхдээ энэ өөрөө гомдол байхгүй юу. Эрүүгийн хэрэг үүсгэх үү, үгүй юу гэдэг харилцаанд хамааралтай. Одоо тэгээд манайхыг хүртэл дуудаагүй байхад эрүүгийн хэрэг үүсгэсэн ч юм уу, үгүй ч юм уу” гэхэд

Бичлэгийн 40 минут 30 секундээс даргалагч “10 дугаар сарын 25-нд хүлээж авсан, 14 хоногийн дотор хариу өгдөг биз дээ, уг нь. 11 дүгээр сарын 03-ны байдлаар шалгах ажиллагаа явуулж байна гээд байгаа чинь?” гэхэд хариуцагчийн өмгөөлөгч “энэ бол мөрдөгч ямар ажиллагаагаар явуулах нь мөрдөгчийн эрх хэмжээний асуудал байх л даа. Тэгэхээр одоо” гэх үед нэхэмжлэгчийн өмгөөлөгч яриаг нь таслан “энэ чинь бүгд хуулийн хугацаанд хийж байгаа ш дээ” гэв.

Даргалагч “за байж байгаарай. Нэхэмжлэгчийн өмгөөлөгч сууж бай. Би юу гэж асуух гээд байна вэ гэхээр 10 дугаар сарын 25-нд хүлээгээд авчхаад, 11 дүгээр сарын 03-ны өдөр шалгаж байна гээд байна. Тэгэхээр татгалзах уу, цааш ажиллагаа явуулах уу гэдэг хуульд заасан 14 хоногийн хугацаа дуусчхаад татгалзахгүй бол цааш ажиллагаа явуулаад байна гэж би хараад байна. Ийм агуулга мөн үү?” гэхэд хариуцагчийн өмгөөлөгч “яг агуулгыг нь сайн мэдэхгүй байна. Мөрдөн шалгах ажиллагаа нь нууцад хамаарч байгаа” гэх үед нэхэмжлэгчийн өмгөөлөгч яриаг нь таслан “шүүгч ээ, нэмэлт тайлбар хэлье. Энэ дээр мөрдөгчийн гэхээсээ илүүтэйгээр прокурор хэрэг нээе гэдэг тогтоол нь байвал тэр асуудал болж байгаа” гэх үед хариуцагчийн өмгөөлөгч “мөрдөгч өөрөө хэрэг үүсгэх эрхтэй л дээ” гэхэд нэхэмжлэгчийн өмгөөлөгч “саналаа хүргүүлнэ” гэв.

Даргалагч “за больё” гээд алхаа цохиж байна. Дээрх хэсгүүд нь тухайн өдрийн шүүх хуралдааны тэмдэглэлийн 9 дүгээр талын 1-10 дугаар догол мөрт агуулгаараа мөн тусгагджээ.

Бичлэгийн 41 минут 46 секундээс даргалагч “нэхэмжлэлийн шаардлагаа тодруулаад байгаа чинь өмнө нь гаргасантайгаа адилхан байна. Тодорсон юм байгаа юм уу?” гээд асуултаа дуусгаагүй ярьж байхад нэхэмжлэгчийн өмгөөлөгч даргалагчтай зэрэгцэн ярьж байх ба тэрээр “хууль бус эзэмшлээс газраа чөлөөлүүлье гэдэг шаардлага гаргасан байсан. Шүүгч болохоор зарим хэсэг нь давхцаад байгаа юм уу, зарим хэсгийг чөлөөлүүлэх гээд байгаа юм уу, бүхэлд нь чөлөөлүүлэх гээд байгаа юм уу гэдэг агуулга дурдсан байсан учраас бүхэлд нь давхцаад байгаа учраас бүхэлд нь чөлөөлүүлье” гэж хэлэв.

Шүүх хуралдааны бичлэгээс үзэхэд даргалагч нэхэмжлэгч болон хариуцагч талын хэн алиныг ярьж байхад тэдний яриаг таслан ярьж байгаа зүйлтэй нь холбогдуулан асуулт асуух, тодруулга хийж байгааг “нэхэмжлэгчийн өмгөөлөгчийг тайлбар хэлэх боломжоор хангаагүй, удаа дараа үг хэлүүлэлгүй тасалж, хэт нэг талыг баримталсан” гэж үзэхгүй.

Харин нэхэмжлэгчийн өмгөөлөгч нь хариуцагчийн өмгөөлөгч болон шүүх хуралдаан даргалагчийн яриаг таслах үйлдэл гаргаж байна.

Тодруулбал, шүүх хуралдааны бичлэгийн 23 минут 19 секундэд шүүгч ярьж байхад, 25 минут 13 секундэд хариуцагчийн өмгөөлөгчийг ярьж байхад, 26 минут 10 секундэд шүүгчийн асуултад хариуцагчийн өмгөөлөгч хариулах гэж байхад, 28 минут 15 секунд болон 17 секундүүдэд “шүүгч ээ", 39 минут 34 секунд, 39 минут 40 секундэд тус бүр шүүгч ярьж байхад, 40 минут 48 секунд, 41 минут 27 секундүүдэд хариуцагчийн өмгөөлөгчийг ярьж байхад, 41 минут 55 секундэд шүүгчийг ярьж байхад тус тус дээрх үйлдлийг гаргаж байгаа нь бичлэгт бичигджээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.5-д “хэргийн оролцогч нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шүүх хуралдааны дэгийг сахих үүрэг хүлээнэ”, 89 дүгээр зүйлийн 89.2 дахь хэсэгт “шүүх хуралдаан даргалагч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуулийн дагуу явуулах, хэргийн оролцогч эрх, үүргээ хэрэгжүүлэх, мэтгэлцэх зарчмыг хангах,  шүүх хуралдааны дэгийг сахиулах талаар шаардлагатай арга хэмжээг авна”, 90 дүгээр зүйлийн 90.1 дэх хэсэгт “шүүх хуралдааны танхимд байгаа бүх хүн шүүхийг хүндэтгэх, хуралдааны танхимд тогтоосон журмыг сахих, хуралдаан даргалагчийн шийдвэрт захирагдах үүрэгтэй” гэж тус тус заасан. 

Шүүх хуралдаан нь хуульд заасан дараалал, дэгийн дагуу явагддаг бөгөөд энэхүү дэг, журмыг шүүх, шүүгч баримтлах, харин хэргийн оролцогч сахин биелүүлэх үүрэгтэй.

Иймд даргалагч шүүгч Т.Э нь шүүх хуралдааны дэгийг хэргийн оролцогч нарт танилцуулсан байх ба шүүх хуралдааны дэгийг сахиулахаар нэхэмжлэгчийн өмгөөлөгчид хандан “За байж байгаарай. Битгий дэг зөрчөөд бай, тэгэх үү. Би энд хуралдааныг даргалж байгаа шүү. Дахиж зөвшөөрөлгүй босохгүй, дундуур орохгүй, өмгөөлөгч өө. Ойлгосон уу? Одоо би асууж байна, тодруулах үед нь дахиж хэлээрэй”, “за байж байгаарай. Нэхэмжлэгчийн өмгөөлөгч сууж бай ...” гэж хэлснийг буруутгах үндэслэлгүй бөгөөд үүнийг даргалагч шүүгч шүүх хуралдааны дэгийн сахиулах үүргээ биелүүлж ажилласан гэж үзнэ.

Хэдийгээр өргөдөлд дурдсан нөхцөл байдал тогтоогдохгүй байгаа хэдий ч цаашид шүүгч Т.Э нь хэргийн оролцогч нартай харилцахдаа ийнхүү буруугаар ойлгогдох нөхцөл байдлыг үүсгэхгүй байх талаар анхаарч ажиллавал зохино.

3. Шүүгч Т.Э нь 2022 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн шүүх хуралдаанаар нэхэмжлэгчийн өмгөөлөгч “шүүгчийг татгалзан гаргах тухай” хүсэлт гаргахад хэлэлцэхгүйгээр, хариуцагч талаас гаргасан хүсэлтүүдийг хангаж, шүүх хуралдааныг хойшлуулсан гэх тухайд:

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 92 дугаар зүйлийн 92.2 дахь хэсэгт “энэ хуулийн 91 дүгээр зүйлд заасан үндэслэлээр шүүгч, ...татгалзан гаргах тухай хүсэлтийг зохигч, ...өмгөөлөгч, ... гаргаж болно. Дээр дурдсан этгээд шүүх хуралдаан эхлэхээс өмнө, эсхүл татгалзан гарах үндэслэл шүүх хуралдааны явцад тогтоогдвол тухайн үед нь мэдэгдэх үүрэгтэй” гэж заасан.

Илтгэгч гишүүн шалгах ажиллагааны явцад тухайн өдрийн шүүх хуралдааны бичлэгт үзлэг хийсэн ба бичлэгт дүрс нь бичигдээгүй, зөвхөн дуу /яриа/нь бичигдсэн байв. Үзлэгийг хийхдээ тус шүүхийн 2022 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн 182/ТМ2023/00074 дугаартай тэмдэглэлтэй тулгаж явуулсан болно. Үзлэгээр:

          Бичлэгийн 01 минут 06 секундээс 01 минут 14 секунд хүртэл даргалагч “шүүх хуралдаан даргалагч болон шүүх хуралдааны нарийн бичгийн даргыг нэр заан танилцуулж, хуульд заасан үндэслэлээр татгалзах гаргах эрхтэй” болохыг тайлбарлан, бичлэгийн 01 минут 15 секундээс 01 минут 46 секунд хүртэл даргалагч шүүх хуралдааны дэгийг танилцуулж байна.

          Бичлэгийн 01 минут 47 секундээс даргалагч “нэхэмжлэгч талд дэг ойлгомжтой юу, татгалзах үндэслэл байгаа юу? гэхэд нэхэмжлэгчийн төлөөлөгч “ойлгомжтой” гэв. Даргалагч “татгалзах үндэслэл байгаа юу” гэж давтан асуухад “байхгүй”  гэв.

          Бичлэгийн 14 минут 10 секундээс даргалагч “одоо танайх газраа ашиглаж чадахгүй байна, эрх зөрчигдөөд байна гэдэг агуулгаар чөлөөлүүлье гээд байгаа ш дээ. Тийм үү? Тэгэхээр чөлөөлүүлэх” гэх үед нэхэмжлэгчийн өмгөөлөгч “тийм. Тэгээд одоо газраа” гэхэд даргалагч “сонсож бай, чи битгий зэрэгцэж яриад бай, тэгэх үү. Надтай мэтгэлцэхгүй ш дээ. Газраа чөлөөлүүлье гэсэн” гэж хэлэх үед нэхэмжлэгчийн өмгөөлөгч “за шүүгч ээ би танаас татгалзаж байна” гэв.

          Бичлэгийн 14 минут 24 секундээс даргалагч “за байж бай” гээд алхаа цохиод үргэлжлүүлэн “газраа чөлөөлүүлье гэсэн шаардлага гаргачхаад одоо эрх зөрчсөн, орц гарцтай хязгаартайгаар ашиглах эрхийг хангаж өгөөч гээд шаардлага тавиад байгаа нь өөрөө логикийн хувьд боломжтой юм уу гэж асуух гээд байна би” гэхэд нэхэмжлэгчийн төлөөлөгч “би боломжтой гэж үзэж байна” гэж хэлж байх ба даргалагч үргэлжлүүлэн асуулт асууж байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 91 дүгээр зүйлийн 91.2-т зааснаар энэ хуулийн 84 дүгээр зүйл, 91.1-д зааснаас бусад үндэслэлээр хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцохоос шүүгч өөрөө татгалзах, эсхүл шүүгчийг татгалзан гаргахыг хориглохоор хуульчилсан буюу мөн хуулийн 91 дүгээр зүйлийн 91.1 дэх хэсэгт заасан үндэслэлээс өөр үндэслэлээр шүүгчийг татгалзаж үл болохоор хуульд тусгажээ.

Тухайн өдрийн шүүх хуралдаанаар даргалагч шүүгчийг хуульд заасан үндэслэлээр татгалзан гаргах үндэслэл байгаа эсэхийг тодруулахад талууд байхгүй гэж хариулсан. Мөн дээр бичигдсэн хэсгээс өөрөөр шүүх хуралдааны явцад нэхэмжлэгчийн өмгөөлөгч “шүүгчийг татгалзан гаргах” талаар дахин хэлээгүй, хэрэв хүсэлт гэж үзсэн бол түүнийгээ шийдвэрлүүлэх талаар даргалагчид хандан тодруулж лавлаагүй нь шүүх хуралдааны бичлэгээр тогтоогдож байна.

Иймд шүүх хуралдааны дэгийн дагуу шүүх хуралдаан даргалагч шүүгч болон шүүх хуралдааны нарийн бичгийн даргыг нэрлэн танилцуулж, татгалзал байгаа эсэхийг тодруулахад нэхэмжлэгч тал “байхгүй” гэсний дараа, шүүх хуралдаан үргэлжлүүлсэн байх бөгөөд хүсэлт шийдвэрлэх шатанд нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн “шүүгч ээ би танаас татгалзаж байна” гэж хэлсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 92 дугаар зүйлийн 92.2 дахь хэсэгт заасанд хамаарахгүй юм.

Харин 2022 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн шүүх хуралдаанаар шүүгч зохигчдоос гаргасан хүсэлтүүдийг хэлэлцэж, нэхэмжлэгчийн ихэсгэсэн шаардлагыг ямар эрх зүйн үр дагавар, нэхэмжлэгчийн ямар эрх, ашиг хөндөгдөх нь ойлгомжгүй, тусдаа бие даасан шаардлагын агуулгатай гэж үзэн хүлээн авахаас татгалзан, хариуцагч талаас гаргасан нотлох баримт гаргуулах тухай хүсэлтүүдээс заримыг хангаж хэрэгт хамааралтай гэж үзэн шийдвэрлэсэн нь хуулиар олгосон бүрэн эрхийн хүрээнд, өөрийн дотоод итгэлээр хүсэлт шийдвэрлэж байх тул түүнийг зөвхөн хариуцагчийн гаргасан хүсэлтээр шүүх хуралдааныг хойшлуулсан гэж үзэхгүй.

4. Иргэний хэргийг өнөөдрийг хүртэл шийдвэрлээгүй байна гэх тухайд:

... шүүхийн шүүгчийн 2022 оны 06 дугаар сарын 29-ний өдрийн 182/ШЗ2022/ххххх дугаар захирамжаар Э.А-гийн нэхэмжлэлтэй, хариуцагч “Х ш” ХХК-д холбогдох  ... тоотод байрлах, ... нэгж талбарын дугаартай, өмчлөх эрх бүхий газрыг хариуцагчийн хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэх тухай нэхэмжлэлийг 2022 оны 6 дугаар сарын 22-ны өдөр хүлээн авч, иргэний хэрэг үүсгэсэн байна. /с.х-ийн 70 тал/

Тухайн өдрөө хариуцагчийг дуудан ирүүлэх мэдэгдэх хуудсыг хүргүүлсэн байх боловч хариуцагч компанийн захирал гадаад улсад явсан баримтаа шүүхэд өгч, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь 2022 оны 7 дугаар сарын 19-ний өдөр нэхэмжлэлийн хувийг гардан авчээ.

Шүүгч Т.Э нь 2022 оны 7 дугаар сарын 18-ны өдрөөс 2022 оны 8 дугаар сарын 19-ний өдрийг хүртэл ээлжийн амралттай байсан болох нь тус шүүхийн шүүгчдийн зөвлөгөөний 2022 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн 182/ЗТ2022/ххххх дугаар “Шүүгч нарын ээлжийн амралтын хуваарь батлах тухай” тогтоол, 2022 оны 8 дугаар сарын 25-ны өдрийн 182/ЗТ2022/ххххх дугаар “Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хугацаа сунгах тухай” тогтоолоор тус тус нотлогдож байна.

Улмаар хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Д  “нотлох баримт гаргуулах тухай” хүсэлт гаргасныг шүүгчийн 2022 оны 9 дүгээр сарын 13-ны өдрийн 182/ШЗ2022/ххххх дүгээр захирамжаар хангажээ. /с.х-ийн 162-164 тал/

Шүүгчийн захирамжаар шаардсан баримтууд 2022 оны 9 дүгээр сарын 28-ны өдөр шүүхэд ирсэн тул шүүгчийн 2022 оны 9 дүгээр сарын 30-ны өдрийн 182/ШЗ2022/ххххх дүгээр захирамжаар шүүх хуралдааныг 2022 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн 13:30 цагт товлосон байна. /с.х-ийн 165-167 тал/

Товлогдсон шүүх хуралдаанаар нэхэмжлэгч тал “нотлох баримт гаргуулах”, хариуцагч тал “өмгөөлөгчөөс хууль зүйн туслалцаа авах” тухай хүсэлтүүдийг тус тус гаргасныг мөн өдрийн шүүгчийн 182/ШЗ2022/ххххх дүгээр захирамжаар нэхэмжлэгч талын хүсэлтийг хангахаас татгалзаж, харин хариуцагч талын хүсэлтийг ханган, шүүх хуралдааныг 2022 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн 13:30 цаг хүртэл хойшлуулжээ.

Тухайн өдрийн шүүх хуралдаанаар нэхэмжлэгч тал “өмгөөлөгчтэйгөө хамт шүүх хуралдаанд оролцох”, хариуцагч тал “итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Д эрүүл мэндийн шалтгааны улмаас шүүх хуралдааныг хойшлуулах” тухай хүсэлтүүд гаргасныг хэлэлцэн, шүүгчийн мөн өдрийн 182/ШЗ2022/ххххх дугаар захирамжаар талуудын хүсэлтийг хангаж, шүүх хуралдааныг 2022 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн 15:30 цаг хүртэл хойшлуулсан байна.

Шүүхийн 2022  оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн хуралдаанаар хүсэлт хэлэлцэн шүүгчийн мөн өдрийн 182/ШЗ2022/ххххх дугаар захирамжаар иргэний хэргийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэжээ.

Харин уг захирамжийг эс зөвшөөрч, нэхэмжлэгч тал гомдол гарган 2022 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр гомдол шийдвэрлэх шүүх хуралдаан болж, шүүхийн 182/ШТ2022/ххххх дугаар тогтоолоор шүүгчийн захирамжийг хүчингүй болгосон байна.

Шүүгч шүүх хуралдааныг 2022 оны 12 дугаар сарын 23-ны өдөр товлож, шүүх хуралдаанд нэхэмжлэгч тал нэхэмжлэлийн шаардлагаа ихэсгэж, хариуцагч тал нотлох баримт гаргуулах болон хамгаалуулах, гуравдагч этгээд татан оролцуулах, өмгөөлөгчийн хамт оролцох тухай хүсэлтүүд гаргажээ. Шүүгчийн мөн өдрийн 182/ШЗ2023/ххххх дугаар захирамжаар нэхэмжлэгчийн ихэсгэсэн шаардлагыг болон хариуцагч талын гаргасан хүсэлтүүдээс нотлох баримт хамгаалуулах тухай хүсэлтүүдийг хангахаас татгалзаж, харин хариуцагч талын нотлох баримт гаргуулах, гуравдагч этгээд оролцуулах, өмгөөлөгчийн хамт шүүх хуралдаанд оролцох тухай хүсэлтүүдийг хангаж, шүүх хуралдааныг 2023 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн 10:30 цаг хүртэл хойшлуулсан байна.

Шүүгчийн дээрх 113 дугаар захирамжаар шаардсан нотлох баримтууд ирээгүй, байгууллагын нэр буруу бичигдсэн байсан тул түүнийг зөвтгөн шүүгчийн 2023 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн 182/ШЗ2023/ххххх дугаар захирамж гарч, шүүх хуралдааныг 2023 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн 13:30 цаг хүртэл хойшлуулсан байна.

Товлогдсон шүүх хуралдаан болоход шүүгчийн захирамжаар шаардсан нотлох баримтуудыг Газар зохион байгуулалт, геодези зураг зүйн газраас ирүүлээгүй байсан тул шүүгчийн 2023 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн 182/2ШЗ2023/ххххх дүгээр захирамжаар шүүх хуралдааныг жич товлон зарлахаар хойшлуулжээ.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Б.А, Ш.А, Б.Х нарт 2022 оны 12 дугаар сарын 27-ны өдөр, Б.Б, Б.Ба, Ц.Х нарт 2023 оны 02 дугаар сарын 02-ны өдөр нэхэмжлэлийн хувийг тус тус гардуулсан байна.

Шүүх хуралдааныг шүүгч 2023 оны 3 дугаар сарын 21-ний өдөр товлосон байх ба тухайн шүүх хуралдаанаар нэхэмжлэгч тал нэхэмжлэлийн шаардлагатай холбоотой маргаан Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд захиргааны хэрэг үүссэн, ажиллагаа явуулж байгаа. Иймд захиргааны хэргийг эхлээд шийдвэрлүүлэх шаардлагатай гэж үзэж байх тул иргэний хэргийг түдгэлзүүлэх тухай нэхэмжлэгчийн хүсэлт, харин хариуцагч тал нотлох баримт гаргуулах тухай хүсэлтийг тус тус гаргасныг хэлэлцэн, шүүгчийн мөн өдрийн 182/ШЗ2023/ххххх дугаар захирамжаар нэхэмжлэгч талын хүсэлтийг бүхэлд нь, хариуцагч талын хүсэлтүүдээс заримыг нь хангасан байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 71 дүгээр зүйлийн 71.1 дэх хэсэгт “хуулиар өөр хугацаа тогтоогоогүй бол хэрэг үүсгэсэн өдрөөс хойш 60 хоног ... дотор шийдвэрлэнэ”, мөн зүйлийн 71.2 дахь хэсэгт “энэ хуулийн 71.1-д заасан хугацааг тухайн шүүхийн шүүгчдийн зөвлөгөөнөөс нэг удаа 30 хүртэл хоногоор сунгаж болно” гэж тус тус заасан.

Хэдийгээр хуульд заасан хэрэг хянан шийдвэрлэх хугацааг 2022 оны 8 дугаар сарын 28-ны өдрөөс 30 хоногоор сунган, 2022 оны 9 дүгээр сарын 27-ны өдөр дууссан байх боловч хэргийн оролцогчдоос гаргах хүсэлтийг хуулиар хязгаарлаагүй тул шүүгч хүсэлтийг хүлээн авч шийдвэрлэн, нотлох баримт гаргуулах, өмгөөлөгчийн хамт шүүх хуралдаанд оролцуулах эрхийг хангах болон бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд нарт нэхэмжлэлийн хувийг гардуулах зэргээр шалтгаануудаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг явуулж байсан, мөн шүүгч тодорхой хугацаанд ээлжийн амралттай байсан зэргээс шалтгаалж хугацаа нь 2023 оны 3 дугаар сарын 21 хүрсэн байна.

Тухайн иргэний хэргийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг шүүгчийн 2023 оны 3 дугаар сарын 21-ний өдрийн 182/ШЗ2023/ххххх дугаартай захирамжаар “Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд буй “Х ш” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Улсын бүртгэлийн ерөнхий газарт холбогдох захиргааны хэрэг шийдвэрлэгдэх хүртэл хугацаагаар түдгэлзүүлсэн” байх тул өргөдөлд дурдсан “өнөөдрийг хүртэл хэргийг шийдвэрлээгүй” гэх өргөдөлд дурдсан асуудлаар шүүгчийг буруутгах үндэслэлгүй юм.

Түүнчлэн Э.А нь өргөдөлдөө шүүгч Т.Э-ийг Шүүгчийн ёс зүйн дүрмийн 2.3 дугаар зүйлийн 1, 3.1 дүгээр зүйлийн 2, 3.2 дугаар зүйлийн 1, 3.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг зөрчсөн гэж үзсэн байх боловч Монгол Улсын шүүхийн тухай хууль шинэчлэгдэн батлагдаж, уг хуулийг 2021 оны 3 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдсөнөөс хойш болсон үйл баримтай холбоотой хэргийг шийдвэрлэхэд 2014 оны Монгол Улсын шүүхийн шүүгчийн ёс зүйн дүрэм хамаарахгүй, харин Монгол Улсын шүүхийн тухай хуульд хамаарна.

Дээрхийг нэгтгэн дүгнэвэл Э.А-ын өргөдөлд дурдсан асуудлаар ... шүүхийн шүүгч Т.Э нь Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1.23-т заасан шүүгчид хориглосон заалтыг зөрчсөн үндэслэл баримтаар тогтоогдоогүй тул түүнд холбогдох сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох саналыг гаргав...” гэжээ.

... шүүхийн шүүгч Т.Э ирүүлсэн тайлбартаа: “... Нэхэмжлэгч Э.А нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд биечлэн оролцоогүй бөгөөд төлөөлөгч И.А, Э.Н, өмгөөлөгч Э.Ж нараар дамжуулан оролцож байгаа. Түүний гаргасан гомдол нь 2022 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр, 2022 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн 2 удаагийн шүүх хуралдаантай холбоотой байна.

1. Шүүх 2022 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн шүүх хуралдаанаар хариуцагч талын гаргасан 4 хүсэлтийг хэлэлцэж, энэ талаар зохигчдыг мэтгэлцүүлсэн бөгөөд шүүх тодруулах, чиглүүлэх эрх хэмжээнийхээ хүрээнд хариуцагч талын гаргасан хэргийг түдгэлзүүлэх тухай хүсэлтийн талаар тодруулсан. Ийнхүү  хариуцагч тал “хэргийг түдгэлзүүлэх тухай” хүсэлтээ “хэргийг хэрэгсэхгүй болгох тухай” болгон тодруулсан болно.

Тиймээс шүүх тодруулсан хүсэлтийн хүрээнд хүсэлтийн шатанд хэргийг хэрэгсэхгүй болгон, бусад хүсэлтийг шийдвэрлэхгүй орхисон шүүгчийн мөн өдрийн ххххх дугаар захирамж гарган, гомдол гаргах эрхтэй болохыг дурдсан.

Шүүгчийн захирамжид “... хариуцагч “Х ш” ХХК-ийн захирал Т.С нь Чингэлтэй дүүргийн Цагдаагийн 1 дүгээр  хэлтэст хандаж иргэн Э.А нь 2022 оны 6 дугаар сарын 22-ны өдөр ... шүүхэд хандаж тус дүүргийн ... тоотод байрлах нэгж талбарын ... дугаартай газрыг “Х ш” ХХК-ийн хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэх тухай нэхэмжлэлийг гаргахдаа хавсарган өгсөн, өөрийн 2008 оны 9 дүгээр сарын 16-ны өдөр, 2010 оны 5 дугаар сарын 10-ны өдөр, 2014 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр, 2017 оны 10 дугаар сарын 03-ны өдрүүдэд тус компанид гаргасан газар чөлөөлөх агуулга бүхий мэдэгдэл, гэр бүлийн хэрэгцээнд зориулан газар өмчилж авахыг хүссэн өргөдөл гэх зэрэг баримтуудыг хуурамчаар үйлдсэн байж болзошгүй ...” гэх утга бүхий гомдол гаргасныг тус цагдаагийн хэлтэс хүлээн авч, мөрдөн шалгах ажиллагаа явуулж байгаа болох нь хариуцагч талын тайлбар, Чингэлтэй дүүргийн Цагдаагийн 1 дүгээр хэлтсийн 2022 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн 28Л-1б/8438 дугаар албан бичгээр тогтоогдсон ...”, “Тодруулбал, зохигчдын маргааны зүйл болсон Чингэлтэй дүүргийн ... тоотод байрлах, нэгж талбарын ... дугаартай, өмчлөх эрх бүхий газрыг чөлөөлүүлэх талаар хариуцагчид гаргасан мэдэгдэл, өргөдлүүдийг хуурамчаар үйлдсэн эсэх асуудал тус цагдаагийн хэлтэст эрүүгийн журмаар шалгагдаж байгаа, дээрх баримтуудыг хуурамчаар үйлдсэн эсэх нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлд хамааралтай байна...” гэж дүгнэсэн.

1.1. Нэхэмжлэгчийн төлөөлөгч И.А, Э.Н нар 2022 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр дээрх захирамжид гомдол гаргасан бөгөөд уг гомдлыг 2022 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн шүүх хуралдаанаар хэлэлцэн 303 дугаар тогтоолоор “... шүүх хэргийг хэлэлцэхгүй, хүсэлт хэлэлцэх шатанд нэхэмжлэлд заасан маргаан бүхий газартай холбоотой асуудлыг эрүүгийн журмаар шалгаж байгаа гэсэн үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь хуульд нийцэхгүй..." гэж үзэн шүүгчийн ххххх дугаар захирамжийг хүчингүй болгосноор тухайн иргэний хэрэг нь одоо хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд явагдаж байгаа болно.

1.2. Нэхэмжлэгч Э.А нь 2023 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр “шүүх хуралдааны 2022 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн тэмдэглэлд засвар оруулах тухай” хүсэлт гаргасныг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 96 дугаар зүйлийн 96.3 дахь хэсэгт зааснаар 2023 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр “... тэмдэглэлийн 2 дахь хуудасны 45-46 дугаар мөрөнд хариуцагчийн өмгөөлөгчийн зүгээс хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг түр түдгэлзүүлж өгнө үү гэснийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 117 дугаар зүйлийн 117.1 дэх хэсэгт заасны дагуу хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэж алдаатай бичсэн байна. Тиймээс нэхэмжлэгчийн гаргасан хүсэлтийг хүлээн авч, шүүх хуралдааны тэмдэглэлийн 2 дугаар хуудасны 45-46 дугаар мөрөнд хариуцагчийн өмгөөлөгчийн гаргасан тайлбарын холбогдох хэсэг болох Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 117 дугаар зүйлийн 117.1 дэх хэсэгт заасны дагуу хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэснийг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг түр түдгэлзүүлж өгнө үү...” гэж зөвтгөн засвар оруулсан.

2. Шүүхийн 2022 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн шүүх хуралдаанаар нэхэмжлэгч талын нэхэмжлэлийн ихэсгэсэн шаардлагыг хүлээн авах эсэх, хариуцагч талын гаргасан гуравдагч этгээд оролцуулах, нотлох баримт гаргуулах гэх мэт хүсэлтүүдийг хэлэлцэн, нэхэмжлэгчийн ихэсгэсэн шаардлагыг хүлээн авахаас татгалзаж, хариуцагч талын гаргасан хүсэлтүүдээс нотлох баримт хамгаалуулах хүсэлтийг хангахгүй орхиж, бусад хүсэлтийг хангаж шийдвэрлэн  шүүх хуралдааныг хойшлуулсан.

Тухайн өдрийн шүүх хуралдааны тэмдэглэлийн 4 дүгээр хуудсанд “даргалагчаас асуултаа бүрэн сонсоод хариултаа  хэлнэ, зэрэгцэж ярихгүй, шүүхтэй мэтгэлцэхгүй” гэхэд нэхэмжлэгчийн өмгөөлөгч “шүүгч ээ, би танаас татгалзмаар байна, болохгүй юм байна” гэж хэлсэн нь бичигджээ.

Өөрөөр хэлбэл шүүгч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 89 дүгээр зүйлд зааснаар шүүх хуралдааныг даргалж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуулийн дагуу явуулах, хэргийн оролцогч эрх, үүргээ хэрэгжүүлэх, мэтгэлцэх зарчмыг хангах, шүүх хуралдааны дэгийг сахиулах талаар шаардлагатай арга хэмжээ авах учиртай. Энэ хүрээнд нэхэмжлэгч талд хурлын дэг сануулсан бөгөөд үүнтэй холбоотой татгалзаж байна гэдгээ тайлбар дундаа хэлсэн байхаас бус шүүх хуралдааны татгалзлын шатанд хэлээгүй нь тэмдэглэлийн 2 дугаар хуудсанд бичигдсэн байна.

Иймд шүүгч нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн тайлбарыг хүсэлт гэж үзээгүй, тухайлан тодруулаагүй бөгөөд шүүх хуралдааныг цааш үргэлжлүүлсэн. Тодруулбал, шүүгчийг татгалзан гаргахтай холбоотой Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 92 дугаар зүйлийг Улсын дээд шүүхээс албан ёсоор тайлбарласан бөгөөд шүүгчийн хуульд заасан ажиллагаа болон хүсэлт шийдвэрлэж байгаа ажиллагаа нь шүүгчээс татгалзах үндэслэл болохгүй юм.

3. Дээрх дурдсан байдлаар нэхэмжлэгч тал хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцож, шүүхээс түүний эрхийг хангаж, гомдол гаргах эрх, мэтгэлцэх боломжоор хангаж, шүүх хуралдааныг хойшлуулсан байх бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа зохигчдын хүсэлтээр явагддаг, шүүх хэргийг шийдэхгүй удаашруулсан, санаатай бөгөөд нуусан ямар нэгэн үйл ажиллагаа явуулаагүй болно.

Өөрөөр хэлбэл шүүгч миний бие Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журам болон Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 50 дугаар зүйлд заасныг зөрчөөгүй гэж үзэж байна.

Мөн 2021 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн Монгол Улсын шүүхийн тухай хууль хүчин төгөлдөр болсноор Шүүгчийн ёс зүйн дүрэм хэрэглэгдэхгүй тул Э.А-гийн гомдол үндэслэлгүй байна. Иймд энэхүү гомдол нь Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 55 дугаар зүйлд заасан сахилгын зөрчилд хамаарахгүй байх тул сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Иргэн Э.А нь 2023 оны 02 дугаар сарын 06-ны өдөр Шүүхийн сахилгын хороонд, ... шүүхийн шүүгч Т.Э-д холбогдуулж, өргөдөл гаргасныг Шүүхийн сахилгын хорооны гишүүний 2023 оны 02 дугаар сарын 28-ны өдөр 0027 дугаар захирамжаар сахилгын хэрэг үүсгэжээ.

Илтгэгч гишүүн сахилгын хэргийн шалгах ажиллагааны хүрээнд нотлох баримт гаргуулах тухай захирамжаар Э.А-гийн нэхэмжлэлтэй, хариуцагч “Х ш” ХХК-д холбогдох иргэний хэргээс сахилгын хэрэгт ач холбогдол бүхий баримтуудыг гаргуулан авсан, тус иргэний хэргийн 2022 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн, 2022 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн, 2022 оны 12 дугаар сарын 23-ны өдрүүдийн шүүх хуралдааны дуу-дүрсний бичлэгүүдийг гаргуулах авч, түүнд үзлэг хийн тэмдэглэл үйлдсэн, иргэний хэрэгт үзлэг хийж зохих баримтуудыг хуулбарлан авсан, мөн шүүгч Т.Э нь тайлбарын хамт холбогдох баримт ирүүлсэн байна.

Илтгэгч гишүүн өргөдлийн агуулгаар сахилгын хэрэгт цугларсан нотлох баримтыг үнэлж дүгнэн, Сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох санал гаргажээ.

Сахилгын хэргийг хянан үзвэл:

Өргөдөл гаргагч Э.А-гаас “2022 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн шүүх хуралдаанд хариуцагчаас “хэргийг түдгэлзүүлэх тухай” хүсэлт гаргасныг шүүгч Т.Э нь шийдвэрлэн захирамж гаргахдаа өөрчлөн “хариуцагч талын хүсэлтийг хангаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.8-д зааснаар хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн” нь хуулийн илт тодорхой заалтыг зөрчсөн ба үндэслэлгүйгээр хариуцагч талд ашигтай шийдвэр гаргасан” гэжээ.

Тодруулбал, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Д, түүний өмгөөлөгч Ч.А нараас “... хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг түдгэлзүүлэх ...” тухай хүсэлтийг 2022 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр шүүхэд гаргажээ[1].

... шүүхийн, шүүгчийн 2022 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн 181/ШЗ2022/ххххх дугаартай захирамжийн ТОДОРХОЙЛОХ нь хэсэгт “...Хариуцагч тал шүүх хуралдаанд гаргасан хүсэлтдээ: ... Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 117 дугаар зүйлийн 117.1-д заасны дагуу хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү...”, мөн тус өдрийн шүүх хуралдааны тэмдэглэлд[2] “... Хариуцагчийн өмгөөлөгчөөс: ... Хэргийг хэрэгсэхгүй болгох асуудал ч байж болно. ... заавал түдгэлзүүлье гээд байгаа асуудал биш. ... Нэгэнт 26 жил өнгөрсөн учир хэрэг маргааныг нэг мөр шийдвэрлэхийн тулд хэргийг хэрэгсэхгүй болгоход ямар нэгэн байдлаар хуульд харшлах зүйл байхгүй байх гэж бодож байна...” гэж тусгагдсанаас үзвэл, хариуцагч нь хэргийг түдгэлзүүлэх тухай хүсэлтээ, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хэргийг хэрэгсэхгүй болгох гэж өөрчилсөн байна.

Хэргийн оролцогчдоос гаргасан хүсэлтээ тодруулах, үндэслэлийг өөрчлөх эрхийг нь хуулиар хязгаарлаагүй ба даргалагч хүсэлтийг шийдвэрлэхийн тулд хүсэлтийн үндэслэлийг тодруулахаар асуусныг шүүгчийг хөтөлсөн гэж үзэхгүй гэх илтгэгч гишүүний дүгнэлт үндэслэлтэй.

Шүүгч “... Шүүх 2022 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн шүүх хуралдаанаар хариуцагч талын гаргасан 4 хүсэлтийг хэлэлцэж, энэ талаар зохигчдыг мэтгэлцүүлсэн бөгөөд шүүх тодруулах, чиглүүлэх эрх хэмжээнийхээ хүрээнд хариуцагч талын гаргасан хэргийг түдгэлзүүлэх тухай хүсэлтийн талаар тодруулсан. Ийнхүү  хариуцагч тал “хэргийг түдгэлзүүлэх тухай” хүсэлтээ “хэргийг хэрэгсэхгүй болгох тухай” болгон тодруулсан...” гэж тайлбарласан нь сахилгын хэрэгт авагдсан  баримтуудаар тогтоогдож байна.

Шүүгч нь 2022 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн 181/ШЗ2022/ххххх дугаартай захирамжаар Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.8-д “уг нэхэмжлэлтэй холбоотой хэргийг эрүүгийн журмаар шалгаж байгаа”, 117 дугаар зүйлийн 117.1-д “Энэ хуулийн 65.1.9-д заасан үндэслэл иргэний хэрэг үүсгэснээс хойш, ... 65.1.3-65.1.8, ... -д заасан үндэслэл хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцэх үед тогтоогдвол хэргийг хэрэгсэхгүй болгоно...” гэж зааснаар хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байна.

Гомдол шийдвэрлэх хуралдааны 2022 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн 182/ШТ2022/ххххх дугаар тогтоолоор[3] “...шүүх хэргийг хэлэлцэлгүй хүсэлт хэлэлцэх шатанд нэхэмжлэлд заасан маргаан бүхий газартай холбоотой асуудлыг эрүүгийн журмаар шалгаж байгаа гэсэн үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь хуульд нийцээгүй...” гэх үндэслэлээр 2022 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн 181/ШЗ2022/ххххх дугаартай захирамжийг хүчингүй болгосон.

Дээрхээс үзвэл, шүүгчийн 2022 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн 182/ШТ2022/ххххх дугаар захирамжийг тус шүүхийн 2022 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн 182/ШТ2022/ххххх дугаар тогтоолоор хүчингүй болгосноор эрх зүйн үр дагавар үүсгээгүй, уг үндэслэлээр шүүгчийг буруутгах үндэслэлгүй гэх илтгэгч гишүүний дүгнэлт үндэслэлтэй байна.  

Шүүгч Т.Э “2022 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн шүүх хуралдааны явцад нэхэмжлэгчийн өмгөөлөгчид тайлбар хэлэх боломжоор хангаагүй, удаа дараа үг хэлүүлэлгүй тасалж, хэт нэг талыг баримтлан нэхэмжлэгч талд мэтгэлцэх боломжийг олгоогүй” гэжээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.5-д “хэргийн оролцогч нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шүүх хуралдааны дэгийг сахих үүрэг хүлээнэ”, 89 дүгээр зүйлийн 89.2 дахь хэсэгт “шүүх хуралдаан даргалагч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуулийн дагуу явуулах, хэргийн оролцогч эрх, үүргээ хэрэгжүүлэх, мэтгэлцэх зарчмыг хангах,  шүүх хуралдааны дэгийг сахиулах талаар шаардлагатай арга хэмжээг авна”, 90 дүгээр зүйлийн 90.1 дэх хэсэгт “шүүх хуралдааны танхимд байгаа бүх хүн шүүхийг хүндэтгэх, хуралдааны танхимд тогтоосон журмыг сахих, хуралдаан даргалагчийн шийдвэрт захирагдах үүрэгтэй” гэж тус тус заажээ.

2022 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн шүүх хуралдааны дуу-дүрсний бичлэгт үзлэг хийж баталгаажуулсан тэмдэглэлд[4] “...бичлэгийн 23 минут 19 секундэд шүүгч ярьж байхад..., 25 минут 13 секундэд хариуцагчийн өмгөөлөгчийг ярьж байхад..., 26 минут 10 секундэд шүүгчийн асуултад хариуцагчийн өмгөөлөгч хариулах гэж байхад..., 28 минут 15 секундэд нэхэмжлэгчийн өмгөөлөгч “шүүгч ээ” гэж хариуцагчийн яриаг тасалсан..., 28 минут 17 секундэд нэхэмжлэгч талаас “шүүгч ээ” гэж хариуцагчийн яриаг тасалсан..., 39 минут 24 секундэд нэхэмжлэгчийн өмгөөлөгч даргалагчийн яриаг тасалж тайлбар хэлсэн..., 39 минут 34 секундэд шүүгч ярьж байхад..., 39 минут 40 секундэд шүүгч ярьж байхад..., 40 минут 30 секундээс хариуцагчийн өмгөөлөгч тайлбар хэлж байхад яриаг нь тасалж тайлбар хэлсэн..., 40 минут 48 секундэд хариуцагчийн өмгөөлөгчийг ярьж байхад..., 41 минут 30 секундээс нэхэмжлэгч талаас хариуцагчийн өмгөөлөгчийн тайлбарыг тасалж тайлбар хэлсэн..., 41 минут 27 секундүүдэд хариуцагчийн өмгөөлөгчийг ярьж байхад..., 41 минут 46 секундээс даргалагчийг асуулт асууж дуусаагүй байхад даргалагчтай зэрэгцэн нэхэмжлэгч талаас тайлбар хэлсэн..., 41 минут 55 секундэд шүүгчийг ярьж байхад яриаг таслах зэрэг үйлдэл гаргасан...” нөхцөл байдал тогтоогдож байна.

Дээрх шүүх хуралдаанд, даргалагч болон нэхэмжлэгч, хариуцагч талууд ярьж байхад нь яриаг таслан ярьж байгаа зүйлтэй нь холбогдуулан асуулт асуух, тодруулга хийх, мөн даргалагчийн ярьж байхад ч хэргийн оролцогч нь зэрэгцэн ярих, яриаг тасалж байгааг илтгэгч гишүүн “нэхэмжлэгчийн өмгөөлөгчийг тайлбар хэлэх боломжоор хангаагүй, удаа дараа үг хэлүүлэлгүй тасалж, хэт нэг талыг баримталсан” гэж үзэхгүй гэх дүгнэсэн үндэслэлтэй.

Шүүгчийг, “2022 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн өмгөөлөгч “шүүгчийг татгалзан гаргах тухай” хүсэлт гаргахад хэлэлцэхгүйгээр, хариуцагч талаас гаргасан хүсэлтүүдийг хангаж, шүүх хуралдааныг хойшлуулсан” гэжээ.

          Тус 2022 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн шүүх хуралдаанд, талуудаас шүүгчээс татгалзах татгалзал байгаа эсэхийг тодруулахад “байхгүй” гэсэн, даргалагчаас хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг үргэлжлүүлж, нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагатай холбогдуулан асуулт асуух үед нэхэмжлэгчийн өмгөөлөгч “за шүүгч ээ би танаас татгалзаж байна” гэсэн нь шүүх хуралдааны бичлэгт тусгагджээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 92 дугаар зүйлийн 92.2 дахь хэсэгт “Энэ хуулийн 91 дүгээр зүйлд заасан үндэслэлээр шүүгч, ...татгалзан гаргах тухай хүсэлтийг зохигч, ... өмгөөлөгч, ... гаргаж болно. Дээр дурдсан этгээд шүүх хуралдаан эхлэхээс өмнө, эсхүл татгалзан гарах үндэслэл шүүх хуралдааны явцад тогтоогдвол тухайн үед нь мэдэгдэх үүрэгтэй” гэж заасан.

Дээрхээс өөрөөр, шүүх хуралдааны явцад нэхэмжлэгчийн өмгөөлөгч “шүүгчийг татгалзах” талаар дахин хэлээгүй, мөн дээр хэлсэн татгалзлаа шийдвэрлүүлэх талаар даргалагчид хандаагүй болох нь шүүх хуралдааны бичлэгээр тогтоогдож байх ба хуульд заасан тодорхой үндэслэл дурдаагүй энэхүү “за шүүгч ээ би танаас татгалзаж байна” гэснийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 92 дугаар зүйлийн 92.2 дахь хэсэгт заасанд хамаатуулан үзэх үндэслэлгүй байна.

Мөн 2022 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн шүүх хуралдаанаар шүүгч зохигчдоос гаргасан хүсэлтүүдийг хэлэлцэж, нэхэмжлэгчийн ихэсгэсэн шаардлагыг хүлээн авахаас татгалзан, хариуцагч талаас гаргасан нотлох баримт гаргуулах тухай хүсэлтүүдээс заримыг хангаж шийдвэрлэхдээ хуулиар олгосон бүрэн эрхийн хүрээнд, өөрийн дотоод итгэлд үндэслэсэн байх тул түүнийг зөвхөн хариуцагчийн гаргасан хүсэлтээр шүүх хуралдааныг хойшлуулсан гэж үзэхгүй.

“Иргэний хэргийг өнөөдрийг хүртэл шийдвэрлээгүй байна” гэжээ.

... шүүхийн шүүгчийн 2022 оны 06 дугаар сарын 29-ний өдрийн 182/ШЗ2022/ххххх дугаар захирамжаар тус иргэний хэрэг үүсгэсэн[5], хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь 2022 оны 07 дугаар сарын 19-ний өдөр буюу 21 хоногийн дараа нэхэмжлэлийн хувийг гардан авчээ[6].

Шүүгч Т.Э нь 2022 оны 07 дугаар сарын 18-ны өдрөөс 2022 оны 08 дугаар сарын 19-ний өдрийг хүртэл ээлжийн амралттай байсан болох нь сахилгын хэрэг дэх баримтаар тогтоогдоно[7].

Шүүгч ажилдаа орсноор хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа үргэлжлэн, 2022  оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн 182/ШЗ2022/ххххх дугаар захирамжаар иргэний хэргийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн, нэхэмжлэгч талын гомдлоор тус захирамжийг хянан 2022 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн 182/ШТ2022/ххххх дугаар тогтоолоор шүүгчийн захирамжийг хүчингүй болгох хүртэл хугацаанд талуудаас гаргасан нотлох баримт гаргуулах хүсэлт, өмгөөлөгч авах, шүүх хуралдаан хойшлуулах зэрэг хүсэлтийг тухайн үед товлогдсон шүүх хуралдаанаар   хэлэлцэн шийдвэрлэж шүүх хуралдааныг хойшлуулж байсан болох нь сахилгын хэрэгт авагдсан баримтаар тогтоогдож байна.

Мөн 2022 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн 182/ШЗ2023/ххххх дугаар захирамжаар талуудаас гаргасан хүсэлтийг хэлэлцэн шийдвэрлэсэн, шүүх шаардсан нотлох баримтаа гаргуулахтай холбоотой 2023 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн 182/ШЗ2023/ххххх дугаар захирамжаар шүүх хуралдааныг хойшлуулсан, шүүхээс гаргуулахаар шийдвэрлэсэн нотлох баримт ирээгүйгээс 2023 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн 182/2ШЗ2023/хххххдүгээр захирамжаар шүүх хуралдааныг жич товлон зарлахаар хойшлуулсан, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд нарт 2022 оны 12 дугаар сарын 27-ны өдөр болон 2023 оны 02 дугаар сарын 02-ны өдөр нэхэмжлэлийн хувийг тус тус гардуулж[8], 2023 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн 182/ШЗ2023/ххххх дугаар захирамжаар[9] хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг түдгэлзүүлжээ.

Иймд, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа хуульд заасны дагуу явагдсан, “өнөөдрийг хүртэл хэргийг шийдвэрлээгүй” гэх өргөдлийн агуулгаар шүүгчийг буруутгах үндэслэл тогтоогдохгүй байна.

... шүүхийн шүүгч Т.Э-д холбогдуулан гаргасан өргөдөлд шүүгч нь хууль зөрчсөн гэх үндэслэл тогтоогдсонгүй, энэ талаарх илтгэгч гишүүний санал үндэслэл бүхий байх тул   саналыг хүлээн авч, шүүгчид холбогдох сахилгын хэргийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж бүрэлдэхүүн үзэв.

Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 112 дугаар зүйлийн 112.1.2, 112.2-т заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүхийн сахилгын хорооны гишүүний 2023 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн ГС/2023/0048 дугаар “Сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох санал”-ыг хүлээн авч, ... шүүхийн шүүгч Т.Э-д холбогдох сахилгын хэргийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Энэ магадлалыг сахилгын хэргийн оролцогч болон өргөдөл, мэдээлэл гаргагч нарт гардуулах /хүргүүлэх/-ыг Ажлын албанд даалгасугай.

3. Магадлалыг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор сахилгын хэргийн оролцогч гомдол, илтгэгч гишүүн эсэргүүцэл гаргах эрхтэйг дурдсугай.

 

ДАРГАЛАГЧ                                                     Ц.ДАВХАРБАЯР

ГИШҮҮН                                                          Д.МЯГМАРЦЭРЭН

О.НОМУУЛИН

 

[1] Сх-ийн 53-59 дүгээр тал

[2] Сх-ийн шүүх хуралдааны тэмдэглэлийн 5-6 дугаар тал

[3] Сх-ийн 83-85 дугаар тал

[4] Сх-ийн 114-117 дугаар тал

[5] Сх-ийн 70 дугаар тал

[6] Сх-ийн 159 дүгээр тал

[7] Тус шүүхийн шүүгчдийн зөвлөгөөний 2022 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн 182/ЗТ2022/ххххх дугаар “Шүүгч нарын ээлжийн амралтын хуваарь батлах тухай” тогтоол, 2022 оны 8 дугаар сарын 25-ны өдрийн 182/ЗТ2022/ххххх дугаар “Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хугацаа сунгах тухай” тогтоол, сх-ийн 160-161 дүгээр тал

[8] Сх-ийн 173-178 дугаар тал

[9] Сх-ийн 148-151 дүгээр тал