info@judiscom.mn 976 - 77113838 Холбоо барих ШИЛЭН ДАНС
ENMNG

МОНГОЛ УЛС

ШҮҮХИЙН САХИЛГЫН ХОРОО

МАГАДЛАЛ

2023-04-13

Дугаар 54

Улаанбаатар хот

Сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох саналыг шийдвэрлэх тухай

Шүүхийн сахилгын хорооны хуралдааныг гишүүн Ц.Давхарбаяр даргалж, гишүүн Д.Ариунтуяа, Г.Цагаанцоож нарын бүрэлдэхүүнтэй, илтгэгч гишүүн Д.Эрдэнэчулуун, ... шүүхийн шүүгч М.Т, хуралдаан хариуцсан ахлах мэргэжилтэн - нарийн бичгийн дарга Г.Болортуяа нарыг оролцуулан, Сахилгын хорооны хуралдааны 705 тоот танхимд нээлттэй хийв.

Тус хуралдаанаар иргэн Ж.О-ийн өргөдлөөр, ... шүүхийн шүүгч М.Т-д холбогдуулан үүсгэсэн сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох саналыг гишүүн Д.Эрдэнэчулууны илтгэснээр хянан хэлэлцээд

ТОДОРХОЙЛОХ нь:

Илтгэгч гишүүн нь 2023 оны 03 дугаар сарын 28-ны өдрийн 0040 дүгээр “Сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох санал”-даа:

“...Шалгах ажиллагааны хүрээнд гишүүний 2023 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн ГЗБ/2023/0086 дугаар “Нотлох баримт гаргуулах тухай” захирамж гаргаж, ...-ын дарга Г.Б-ийн 2023 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн 74 дүгээр албан бичгээр зөрчилд холбогдогч Ж.О, Д.Б нарт холбогдох зөрчлийн хххххх дугаартай хэргийг бүхэлд нь, мөн тус шүүхийн 2022 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн шүүх хуралдааны дуу-дүрсний бичлэгийг авч үзлэг хийн бэхжүүлсэн. Мөн холбогдох шүүгч М.Т-аас нэмэлт тайлбар авч сахилгын хэрэгт хавсаргасан болно.

Зөрчлийн хххххх дугаартай хэргийн зөрчилд холбогдогч буюу өргөдөл гаргагч Ж.О нь Зөрчлийн тухай хуулийн 5.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 5.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан зөрчилд холбогджээ.

... шүүхийн 2022 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн шүүх хуралдаанаар зөрчлийн хэргийг хянан хэлэлцэн, 2022/ЗШ/ххх дугаар шийтгэврээр Ж.О-д зан үйлд нөлөөлөх 15 цагийн хугацаагаар албадан сургалтад хамруулж, 10 хоногийн баривчлах шийтгэл оногдуулахаар шийдвэрлэсэн байна.

Өргөдөл гаргагч Ж.О нь “Шүүгч М.Т нь зөрчлийн нөхцөл байдал, зөрчлийн шинжийг харгалзан үзэж шийтгэл оногдуулах байтал Баянзүрх дүүрэг дэх Цагдаагийн газрын 2 дугаар хэлтсийн Нийтийн хэв журам хамгаалах тасгийн хэсгийн байцаагч, цагдаагийн дэслэгч М.О-ийн санал болон тус дүүргийн Прокурорын газрын хяналтын прокурор Т.Э-ийн дүгнэлтийг л үндэслэж илт хууль бус буюу үндэслэлгүй шүүхийн шийтгэвэр гаргаснаас миний бие 10 хоногийн баривчилгаанд эрүүл мэнд, чөлөөтэй зорчих эрхээ хязгаарлаж Үндсэн хуулиар олгосон эрхийг минь ноцтой зөрчсөн ба өдрийн орлого болох 80.000 төгрөгийг 10 хоногоор, бас 34 хоног дуудаж ажил амьдрал алдагдуулсан нь Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1, 50 дугаар зүйлийн 50.1.23, 50.1.27-д заасныг зөрчсөн” гэж үзэн Шүүхийн сахилгын хороонд өргөдөл гаргасан.

Шалгах ажиллагааны явцад тус зөрчлийн хэргийн 2022 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн шүүх хуралдааны дуу-дүрсний бичлэгт үзлэг хийхэд:

Бичлэгийн 11 минут 22 секундээс 36 минут 25 секунд хүртэл даргалагч зөрчилд холбогдогч нараас “2022 оны 10 дугаар сарын 16-ны өдөр яг ямар үйл явдал болсон талаар тодруулж асуун, яриулсан нь шүүх хуралдааны 2022 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн ххх дугаартай тэмдэглэлийн 4-9 дүгээр талд,

Бичлэгийн 36 минут 33 секундээс 37 минут 11 секунд хүртэл зөрчилд холбогдогч Ж.О-ийн өмгөөлөгч Д.О зөрчлийн хэргээс шинжлэн судлуулах баримтуудаа нэрлэн зааж, судлуулж байгаа нь шүүх хуралдааны тэмдэглэлийн 9 дүгээр сарын 3 дахь догол мөрт,

Бичлэгийн 38 минут 18 секундээс 44 минут 24 секунд хүртэл зөрчилд холбогдогч Ж.О-ийн өмгөөлөгч Д.О санал, дүгнэлтээ хэлж байгаа нь шүүх хуралдааны тэмдэглэлийн 9 дүгээр сарын 7 дугаар догол мөрөөс,

Бичлэгийн 45 минут 37 секундээс 47 минут 49 секунд хүртэл зөрчилд холбогдогч Ж.О-ийн өмгөөлөгч Д.О нэмэлт тайлбар хэлж, мөн даргалагч хууль зүйн үндэслэлийг тодруулан, хариулт авч байгаа нь шүүх хуралдааны тэмдэглэлийн 10 дугаар талын 4 дүгээр догол мөрөөс,

Бичлэгийн 48 минут 02 секундээс даргалагч “зөрчилд холбогдогч нарт шүүхэд хандаж хэлэх зүйл байна уу?” гэхэд бичлэгийн 49 минут 29 секундээс Ж.О тайлбар хэлж байгаа нь шүүх хуралдааны тэмдэглэлийн 11 дүгээр талд тус тус авагджээ.

Шүүх хуралдааны дуу-дүрсний бичлэгээс үзэхэд шүүгч талуудын тэгш эрхийг хангасан байх ба аль нэг талд давуу байдал олгосон, шүүхийн шийдвэрийг гаргахдаа үндэслэл бичээгүй гэх үйл баримт тогтоогдсонгүй.

Тодруулбал,

1. Шүүгч М.Т нь ... шүүхийн 2022 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн 2022/ЗШ/ххх дүгээр шийтгэвэр гаргахдаа Зөрчлийн талаар амаар болон харилцаа холбооны хэрэгслээр ирүүлсэн гомдол, мэдээллийг хүлээн авсан тухай тэмдэглэл, дуудлагын лавлагааны хуудас,  зөрчилд холбогдогч нарын мэдүүлэг, гэрч Г.Т, Ө.Б нарын мэдүүлэг, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2022 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн 14291 дүгээр дүгнэлт зэргийг үнэлэн шийдвэрлэсэн болох нь тус шийтгэврийн 3-4 дүгээр талд авагдсан байна.

Өөрөөр хэлбэл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Шүүх ... нь хууль болон эрх зүйн ухамсрыг удирдлага болгож нотлох баримтыг тал бүрээс нь нягт нямбай, бүрэн гүйцэд, бодит байдлаар нь хянаж үзсэний үндсэн дээр нотлох баримтыг өөрийн дотоод итгэлээр үнэлнэ” гэж зааснаар шүүх хуралдаан даргалагч хэргийг хэлэлцэн, талуудын мэдүүлэг болон бичгийн нотлох баримтуудыг өөрийн дотоод итгэлээр үнэлж шийдвэрлэжээ.

Иймд шүүгч Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1.27-д “шүүхийн шийдвэрт үндэслэл огт бичээгүй нь дээд шатны шүүхээр тогтоогдсон” гэж заасныг зөрчсөн зөрчил гаргасан гэж үзэх үндэслэлгүй байна.

2. Зөрчлийн тухай хуулийн 3.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт “хуульд заасан тохиолдолд баривчлах шийдвэр биелүүлэхийг хойшлуулж болно”, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 9.2 дугаар зүйлийн 8 дахь хэсэгт “шүүгч дараах үндэслэлийн аль нэг байвал зөрчил үйлдсэн хүнд оногдуулсан баривчлах шийтгэл биелүүлэхийг 7 хүртэл хоногоор хойшлуулж болно”, мөн зүйлийн 8 дахь хэсгийн 8.2-т “... эрүүл мэндийн байдлын улмаас эмчилгээ хийлгэх зайлшгүй нөхцөл байдал үүссэн бол” гэж заасан.

Өргөдөл гаргагч нь өргөдөлдөө “... баривчлах шийтгэлийг элэгний архаг үрэвсэлтэй байнгын эмчийн хяналтад байдаг хүнийг хуулийг буруу хэрэглэж шийтгэл оногдуулсан” талаар дурджээ.

Шалгах ажиллагааны явцад зөрчлийн хэргийг бүхэлд нь нотлох баримтаар авсан бөгөөд тухайн зөрчлийн хххххх дугаартай хэргээс үзэхэд өргөдөл гаргагч Ж.О нь шүүхэд “эрүүл мэндийн шалтгаанаар баривчлах шийтгэлийг хойшлуулах тухай” хүсэлтээ, холбогдох баримтын хамт гаргах эрх нь нээлттэй байсан хэдий ч уг хүсэлтээ шүүхэд гаргаагүй байна.

Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 9.2 дугаар зүйлийн 9 дэх хэсэгт “шүүгчийн шийтгэврийг уншиж сонсгосноор хүчинтэй болно”, 9.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “... мөн баривчлах шийтгэл оногдуулсан шийдвэрийг шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллага биелүүлнэ” гэж зааснаар шүүхээс гарсан шийтгэврийг хуульд заасан үндэслэлээр хойшлуулахаас бусад тохиолдолд шүүхийн шийтгэврийг уншиж сонсгосноор хүчинтэй болох юм.

Иймд дээрх хуулийн зохицуулалтаар зөрчилд холбогдогч Ж.О-д 10 хоногийн баривчлах шийтгэлийг ногдуулсанд шүүгчийг буруутгах үндэслэлгүй болно.

3. ... шүүхийн 2022 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн 2022/ЗШ/ххх дүгээр шийтгэврийг зөрчилд холбогдогч Ж.О, түүний өмгөөлөгч Д.О нар эс зөвшөөрч Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 8.2 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт “шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл ... оролцогч гомдол гаргаж, ... болно”, 9.2 дугаар зүйлийн 12 дахь хэсэгт “шүүгчийн шийтгэвэрт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1, 38.2 дугаар зүйлд заасны дагуу оролцогч гомдол гаргаж, прокурор эсэргүүцэл бичнэ” гэж зааснаар давж заалдах гомдол гаргажээ.

Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 8.2 дугаар зүйлийн 9 дэх хэсэгт “шүүх зөрчлийн хэргийг давж заалдах шатны журмаар хянан шийдвэрлэхэд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.3, 38.4, 39.1, 39.2, 39.3, 39.4, 39.10, 39.11, 39.12 дугаар зүйл, 39.9 дүгээр зүйлийн 1.1, 1.2 дахь заалт, 2 дахь хэсэгт заасан журмыг баримтална”, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт “давж заалдах шатны шүүх шүүгдэгчид холбогдох хэргийн зүйлчлэлийг өөрчлөн ялыг хөнгөрүүлж, эсхүл шүүгдэгчид холбогдох хэргийн нөхцөл байдал, зүйлчлэлийг өөрчлөхгүйгээр ялыг хөнгөрүүлж болно”, 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “давж заалдах шатны шүүх дараах шийдвэрийн аль нэгийг гаргана”, мөн зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-т “хэргийн зүйлчлэл, ялыг хүндрүүлэхгүйгээр анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах” гэж тус тус заасан.

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх 2022 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн шүүх хуралдаанаар зөрчлийн хэргийг бүхэлд нь хянан, 2022/ДШМЗ/ххх дугаар магадлалаар Ж.О-д холбогдох Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 5.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан зөрчлийн хэргийг хэрэгсэхгүй болгон, мөн хуулийн 5.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт холбогдох зөрчлийг хэвээр үлдээж, Д.Бд холбогдох Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 5.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д гэснийг мөн хуулийн 5.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг заасан зөрчил болгон тус тус өөрчилж, Ж.О, Д.Б нарт 100 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 100.000 төгрөгөөр торгох шийтгэл оногдуулан, анхан шатны шүүхийн шийтгэврийн зөрчлийн хэргийн зүйлчлэлийг өөрчилжээ.

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх “... Ж.О, Д.Б нарын хэрүүл маргаан үүсгэн танхайрсан гэх үйлдэл нь иргэн Ж.О-ийн эзэмшлийн ... тоот хашаанд үйлдэгдсэн бөгөөд тус хувийн эзэмшлийн хашааг олон нийтийн газар гэж үзэх үндэслэлгүй бөгөөд Зөрчлийн тухай хуулийн 5.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасан зөрчлийн шинжийг хангаагүй байна” гэж үзсэн нь хууль хэрэглээтэй холбоотой дүгнэлт юм.

Өөрөөр хэлбэл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 3.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “давж заалдах шатны шүүх хуралдаанаар анхан шатны шүүхийн ажиллагаа, шийдвэртэй холбогдуулан гаргасан талуудын гомдол, эсэргүүцэл үндэслэлтэй эсэхийг хянан шийдвэрлэнэ”, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “давж заалдах шатны шүүх гомдол, эсэргүүцлийг хянан шийдвэрлэхдээ тухайн хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянана”, мөн зүйлийн 3 дахь хэсэгт “шүүх давж заалдсан гомдол, эсэргүүцэлд заасан асуудлаар хязгаарлахгүй ба бусад ял шийтгүүлсэн, цагаатгагдсан этгээд давж заалдах гомдол, эсэргүүцэл бичигдсэн эсэхийг харгалзахгүйгээр хэргийг бүхэлд нь хянаж үзнэ” гэж тус тус зааснаар давж заалдах шатны шүүх тухайн зөрчлийн хэргийг бүхэлд нь хянасан.

Мөн Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 8.2 дугаар зүйлийн 12 дахь хэсгийн 12.1-д “шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй”, 12.2-т “хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн”, 12.3-т “хуулийн зүйл, хэсэг, заалтыг буруу тайлбарлаж хэрэглэсэн” гэж заасны аль нэг нөхцөл тогтоогдвол шүүх Зөрчлийн тухай хуулийг буруу хэрэглэсэн гэж үзнэ гэж зааснаар давж заалдах шатны шүүх Ж.О-ийн хувийн эзэмшлийн хашааг олон нийтийн газар гэж үзэхгүй гэж дүгнэсэн байна.

Улмаар мөн хуулийн 9.2 дугаар зүйлийн 13 дахь хэсэгт зааснаар Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2022 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн 2022/ДШМЗ/ххх дугаар магадлал нь эцсийн шийдвэр болжээ.

Давж заалдах шатны шүүх зөрчлийн хэргийг бүхэлд нь хянан хэлэлцэж, шүүгч хуулийн илт тодорхой заалтыг зөрчсөн гэх агуулга бүхий дүгнэлт хийгээгүй, харин хууль хэрэглээтэй холбоотой дүгнэлт өгсөн байна. Мөн Шүүхийн сахилгын хороонд анхан шатны шүүхийн шийтгэвэрт үнэлэлт, дүгнэлт өгөх эрхийг хуулиар олгоогүй тул давж заалдах шатны шүүхээс хянасан анхан шатны шүүхийн шийтгэвэрт дахин үнэлэлт дүгнэлт өгөх хууль зүйн үндэслэлгүй юм.

Иймд давж заалдах шатны шүүхийн магадлалаар анхан шатны шүүхийн шийтгэвэрт заасан зөрчлийн хэргийн зүйлчлэлд өөрчлөлт оруулсантай холбогдуулан шүүгч М.Т-ыг Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1 дэх хэсэгт “хууль дээдлэх нь шүүхийн зохион байгуулалт, үйл ажиллагааны үндсэн зарчим мөн”, мөн хуулийн 50 дугаар зүйлийн 50.1.23-т “хуулийн илт тодорхой заалтыг ноцтой, ... зөрчсөн үйлдэл, эс үйлдэхүй гаргах” гэж заасныг зөрчсөн зөрчил гаргасан гэж үзээгүй болно.

Мөн Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2022 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн 2022/ДШМЗ/ххх дугаар магадлалд “... Хэрэв зөрчилд холбогдогч Ж.О нь 2022 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн 2022/ШЗ/ххх дүгээр шийтгэврээр 10 хоногийн баривчлах шийтгэлийг эдэлсэн бол тэрээр гэм хорын хохирлоо иргэний журмаар нэхэмжлэх эрх нь нээлттэй болох”-ыг дурджээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 45.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “хүнийг хууль бусаар ял шийтгэсэн, баривчилсан, цагдан хорьсон, ... улмаас учирсан хохирлыг ... шүүгчийн гэм бурууг үл харгалзан төр хариуцан арилгана” гэж заасан тул өргөдөл гаргагч Ж.О өөрт учирсан буюу “өдрийн орлого болох 80.000 төгрөгийг 10 хоногоор, бас 34 хоног дуудаж ажил амьдрал алдагдуулсан” гэх хохирлоо иргэний журмаар нэхэмжлэх эрх нь нээлтэй.

Дээрхийг нэгтгэн дүгнэвэл Ж.О-ийн өргөдөлд дурдсан асуудлаар ... шүүхийн шүүгч М.Т нь Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1, 50 дугаар зүйлийн 50.1.23, 50.1.27-д заасан зөрчил гаргасан гэж үзэх үндэслэл тогтоогдоогүй тул түүнд холбогдох сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох саналыг дахин гаргаж байна ...” гэжээ.

... шүүхийн шүүгч М.Т тайлбартаа: “Эрх бүхий албан тушаалтнаас Ж.О-д Зөрчлийн тухай хуулийн 5.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 5.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар, Д.Бд Зөрчлийн тухай хуулийн 5.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад зааснаар зөрчлийн хэрэг нээн, шийтгэл оногдуулах саналтай ирүүлсэн бөгөөд 2022 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр шүүх хуралдааныг хийж, хэрэгт цугларсан нотлох баримтад тулгуурлан, талуудын мэтгэлцээний үндсэн дээр Зөрчлийн тухай хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасныг баримтлан тусгай ангийн 5.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 5.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Ж.О-д зан үйлд нөлөөлөх 15 цагийн хугацаагаар албадан сургалтад хамруулж, 10 хоног баривчлах шийтгэл, Зөрчлийн тухай хуулийн тусгай ангийн 5.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад зааснаар Д.Бд 100 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 100.000 төгрөгийн торгох шийтгэл тус тус оногдуулж шийдвэрлэсэн.

Ж.О давж заалдах гомдол гаргах эрхийн дагуу 2022 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр өмгөөлөгчийн хамт давж заалдах гомдол гаргасан бөгөөд хэргийг 2022 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр давж заалдах шатны шүүхэд хүргүүлсэн. Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх 2022 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр хянан хэлэлцэж, зөрчил холбогдогч Ж.О, Д.Б нарын холбогдсон танхайрах зөрчлийн шинжтэй үйлдлийг эрх хэмжээний хүрээнд хэрэгсэхгүй болгож, Ж.О-ийн үйлдлийг Зөрчлийн тухай хуулийн 5.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасны зөрчлийн шинжтэй байна гэж үзэж, хэргийн зүйлчлэлийг өөрчилж шийдвэрлэсэн байна.

Өргөдөл гаргагч нь Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1.23, 50.1.27-д заасныг зөрчсөн гэх агуулга бүхий өргөдөл гаргажээ.

“Хуулийн илт тодорхой заалтыг ноцтой зөрчсөн үйлдэл, эс үйлдэхүй” гэсэн нь хэнд ч илэрхий тодорхой, ойлгомжтой, маргаангүй хуулийн заалтыг зөрчсөн байхыг ойлгох бөгөөд тухайн хэрэг үйлдэгдсэн газрыг “олон нийтийн эсхүл орон сууц” хоёрын аль ойлголтод хамаарах нь хууль хэрэглээний, хуульчийн мэргэжлийн үйл ажиллагаанд хамаарах асуудал буюу илэрхий тодорхой, ойлгомжтой, маргаангүй ойлголт гэж үзэхгүй.

Хуульч, шүүгч нар бид бодит байдалд бий болсон үйл баримт, фактад холбогдох хуулийн зүйлчлэл хийж буюу хуулийг тухайн тохиолдолд тайлбарлан хэрэглэж, мэргэжлийн үйл ажиллагаа явуулдаг. Өөрөөр хэлбэл кейс тохиолдол бүрд хууль зүйн дүгнэлт гаргалгаа хийж, тус тусын хуулиар тодорхойлсон чиг үүргийн дагуу хуульчийн үйл ажиллагаа явуулдаг.

Өөрөөр хэлбэл кейс тохиолдол бүрд хууль зүйн дүгнэлт, гаргалгаа хийж тус тусын хуулиар тодорхойлсон чиг үүргийн дагуу хуульчийн үйл ажиллагаа явуулдаг ба Монгол Улсын Үндсэн хууль болон Шүүхийн тухай хуульд зааснаар шат шатны шүүх нь доод шатны шүүхийн шийдвэрийг буюу хуулийг зөв хэрэглэсэн эсэх талаар хянан шийдвэрлэдэг.

Зөрчлийн хэргийг шүүгч хянан шийдвэрлэж, холбогдох хууль тогтоомжийг тайлбарлан хэрэглэсэн мэргэжлийн үйл ажиллагааг сахилгын болон ёс зүйн зөрчил гаргасан гэж үзэхгүй байна.

Мөн шийтгэвэрт “... 2022 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн 12 цагийн орчим Баянзүрх дүүргийн 29 дүгээр хороо, Сэлбийн 39-928А тоотод ...” гэж хэрэг үйлдсэн газрын талаар тодорхой дүгнэлт хийсэн бөгөөд давж заалдах шатны шүүхийн магадлалд анхан шатны шүүх үндэслэлээ огт бичээгүй гэсэн дүгнэлт хийгээгүй, гагцхүү хэрэг үйлдсэн газрыг олон нийтийн газар гэж үзэхгүй гэсэн үндэслэлээр холбогдох танхайн зөрчлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн.

Иймд Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1.23, 50.1.27-д заасныг зөрчсөн гэж үзэх үндэслэлгүй тул сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.

Шүүгч М.Т нэмэлт тайлбартаа: “Шүүхийн сахилгын хорооны 2023 оны 03 дугаар сарын 02-ны өдрийн СХТ/2023/0036 дугаар тогтоолоор шүүгчийн шийтгэвэр нь Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1.23-т заасанд хамаарах эсэх талаар шалгуулахаар сахилгын хэргийг илтгэгч гишүүнд буцаажээ.

Хуулийн илт тодорхой заалтыг ноцтой зөрчсөн үйлдэл, эс үйлдэхүй гэсэн нь хэнд ч илэрхий тодорхой, ойлгомжтой, маргаангүй хуулийн заалтыг зөрчсөн байхыг ойлгох бөгөөд Сахилгын хорооны дээрх хуулийн заалтыг хэрэглэж буй практикаас үзэхэд уг зөрчил нь ихэвчлэн процессын эрх зүйн хэм хэмжээг буюу процессын хуулийн холбогдох заалтыг зөрчсөн шүүгчийн үйл ажиллагааг хамааруулж ойлгосон байх ба материаллаг хууль хэрэглээтэй, нотлох баримтын үнэлгээтэй холбоотой асуудлыг хамааруулаагүй байна.

Өөрөөр хэлбэл хуулийн илт тодорхой заалт гэдэгт иргэн, хуулийн мэдлэггүй хүн болон эрх зүйч, хуульч нарын хувьд тодорхой, маргаангүй, ямар нэгэн утга санаа, агуулгын хувьд хэн ч уншаад нэг мөр ойлгохоор хуулийн зүйл заалтыг хамааруулан ойлгох нь зүйтэй бөгөөд процессын эрх зүйн хэм хэмжээнд дээрх ойлголт буюу зөрчил нь илүү тодорхой ажиглагддаг.

Харин материаллаг хууль хэрэглээтэй холбоотой асуудалд хуулийн илт тодорхой заалт зөрчсөн гэхээс илүүтэй анхан шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ хуулийг зөв хэрэглэсэн эсэхийг давж заалдах шатны шүүх, анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн эсэхийг хяналтын шатны шүүх хянадаг ба энэ хүрээнд давж заалдах шатны шүүх хуулиар олгогдсон эрх хэмжээнийхээ хүрээнд хэргийг хянан хэлэлцээд шийдвэрээ гаргасан.

Давж заалдах шатны шүүх шийдвэр гаргахдаа хуулийн илт тодорхой заалтыг зөрчсөн гэсэн агуулга бүхий дүгнэлт хийгээгүй, хууль хэрэглээтэй холбоотой асуудлаар дүгнэлт хийж буюу анхан шатны шүүхээс өөрөөр хэргийг шийдвэрлэсэн нь анхан шатны шүүхийн шүүгчийг Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1.23-т заасныг зөрчсөн гэж үзэх үндэслэлгүй.

Мөн өргөдөл гаргагчийн дурдаад байгаа асуудал нь Зөрчлийн хуулийн буюу материаллаг хууль хэрэглээтэй холбоотой асуудал байх бөгөөд хэрэг маргаан, үйл баримт болгон харилцан адилгүй байдаг бөгөөд хуулиар бүх зүйлийн нэг бүрчлэн тооцож, тодорхойлох боломжгүй байдаг. Өөрөөр хэлбэл хуульд үндсэн агуулга ойлголт, зарчмыг тусгадаг ба хуульч, шүүгч нарын зүгээс эрх зүйн тохиолдол бүрд хууль тогтоомжийг тайлбарлаж, хэрэглэдэг бөгөөд уг үйл ажиллагааг буюу мэргэжлийн үйл ажиллагааг хуулийн илт тодорхой заалт зөрчсөн гэдэгт хамаарахгүй.

Илтгэгч гишүүн “Сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох тухай” саналдаа үндэслэл бүхий санал дүгнэлт гаргасан байх бөгөөд шүүгчийн хууль хэрэглээ, нотлох баримтыг дотоод итгэлээрээ үнэлж, хэргийг хянан шийдвэрлэсэн үйл ажиллагаа сахилгын болон ёс зүйн зөрчилд хамаарахгүй гэж үзэж байна.

Иймд сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Шүүхийн сахилгын хорооны хуралдаанаар, илтгэгч гишүүний 2023 оны 03 дугаар сарын 28-ны өдөр 40 дүгээр сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох саналыг хэлэлцэв.

Гишүүний 2023 оны 01 дүгээр сарын 26-ны өдөр 13 дугаар захирамжаар сахилгын хэрэг үүсгэж, сахилгын хэргийн шалгах ажиллагааны хүрээнд зөрчилд холбогдогч Ж.О нарт холбогдох зөрчлийн хххххх дугаартай хэргийг[1] бүхэлд нь, мөн тус шүүхийн 2022 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн шүүх хуралдааны дуу-дүрсний бичлэгийг нотлох баримтаар авч үзлэг хийн тэмдэглэл[2] үйлдсэн, мөн холбогдох шүүгч М.Т нь тайлбараа[3] ирүүлсэн байна.

Илтгэгч гишүүний 2023 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн 24 дугаар “сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох тухай санал”-ыг Шүүхийн сахилгын хорооны 2023 оны 03 дугаар сарын 02-ны өдрийн 36 дугаар тогтоолоор хүчингүй болгож, “... М.Т нь хувийн эзэмшлийн хашаанд болсон үйл явдлыг олон нийтийн газар гэж үзэж Ж.О-д шийтгэл оногдуулжээ. Энэ нь Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1.23-т заасан “хуулийн илт тодорхой заалтыг ноцтой, ... зөрчсөн” гэсэнд хамаарах эсэхийг шалгуулахаар, хэргийг илтгэгч гишүүнд буцааж шийдвэрлэжээ.

Сахилгын хэргийг хянан үзвэл:

... шүүхийн 2022 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн ххх дүгээр шийтгэврээр Ж.О-д Зөрчлийн тухай хуулийн 3.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасныг баримтлан мөн хуулийн тусгай ангийн 5.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 5.3 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д зааснаар Ж.О-д зан үйлд нөлөөлөх 15 цагийн хугацаагаар албадан сургалтад хамруулж, 10 хоног баривчлах шийтгэл оногдуулж шийдвэрлэжээ[4].

Ж.О-ийн өмгөөлөгч Д.О анхан шатны шүүхийн шийтгэврийг эс зөвшөөрч 2022 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр давж заалдах гомдол гаргасан, Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2022 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн ххх дугаартай магадлалаар, Зөрчлийн тухай хуулийн 5.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан зөрчлийн шинжийг хангаагүй, хэрүүл маргаан үүсгэн танхайрсан гэх үйлдэл нь Ж.О-ийн эзэмшлийн дугаар тоот хашаанд үйлдэгдсэн бөгөөд тус хувийн эзэмшлийн хашааг олон нийтийн газар гэж үзэх үндэслэлгүй тул Ж.О-д холбогдох дээрх хуулийн зүйл хэсэгт заасан зөрчлийн хэргийг хэрэгсэхгүй болгож, зүйлчлэлийг өөрчлөн 5.3 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д зааснаар Ж.О-ийг 100 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 100 000 төгрөгөөр торгох шийтгэл оногдуулж, шийдвэрлэж[5], уг магадлал нь эцсийн шийдвэр болжээ.

Өргөдөл гаргагч 2022 оны 12 дугаар сарын 28-ны өдөр Шүүхийн сахилгын хороонд, “... Шүүгч М.Т надад ... 10 хоногийн баривчлах шийтгэлийг элэгний архаг үрэвсэлтэй байнгын эмчийн хяналтад байдаг хүнийг хуулийг илэрхий буруу хэрэглэж шийтгэл оногдуулсан. ... Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн магадлалаар зөрчлийн шинжийг хангаагүй гэж үзсэн. ... Шүүгч хэргийн үнэн мөнийг өөрийн дотоод итгэлийн дагуу шийддэг боловч миний хэргийг шийдвэрлэхдээ энэ байдлыг нягталж харсангүй. Өөрөөр хэлбэл Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1, 50 дугаар зүйлийн 50.1.23, 50.1.27-д заасныг зөрчсөн. ... шүүгч М.Т илт хууль бус буюу үндэслэлгүй шийдсэн шийдвэрээс болж миний бие 10 хоногийн баривчилгаанд эрүүл мэнд, чөлөөтэй зорчих эрхээ хязгаарлуулж Үндсэн хуулиар олгосон эрхийг минь ноцтой зөрчжээ. Мөн өдрийн орлого болох 80.000 төгрөгийг 10 хоногоор, бас 34 хоног дуудаж ажил амьдрал алдагдуулсан ...” гэх агуулгатай өргөдөл гаргажээ.

Тус шүүхийн 2022 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн ххх дүгээр шийтгэврийн ТОДОРХОЙЛОХ нь хэсэгт “... зөрчлийн талаар амаар болон харилцаа холбооны хэрэгслээр ирүүлсэн гомдол, мэдээлэл хүлээн авсан тухай тэмдэглэл, дуудлагын лавлагааны утас, зөрчилд холбогдогч нарын мэдүүлэг, гэрч нарын мэдүүлэг, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2022.10.20-ны өдрийн 14291 дүгээр шинжээчийн дүгнэлт болон хэрэгт авагдсан бусад нотлох баримт ...” зэргийг дурдаж, нотлох баримтуудыг үнэлэн, тэдгээрт үндэслэн Ж.О-д шийтгэл оногдуулсан байх бөгөөд шүүгч М.Т нь Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1.27-д “шүүхийн шийдвэрт үндэслэл огт бичээгүй нь дээд шатны шүүхээр тогтоогдсон” гэж заасныг зөрчсөн зөрчил гаргасан гэсэн нь үгүйсгэгдэж байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “давж заалдах шатны шүүх дараах шийдвэрийн аль нэгийг гаргана”, мөн зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-т “хэргийн зүйлчлэл, ялыг хүндрүүлэхгүйгээр анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах” гэж зааснаар давж заалдах шатны шүүх бүрэн эрхийн хүрээнд зөрчлийн хэргийг хянаж зүйлчлэлийг өөрчилсөн нь шүүгч илт тодорхой хуулийн заалтыг зөрчсөн гэх агуулгатай дүгнэлт бус, харин хууль хэрэглээтэй холбоотой дүгнэлт хийсэн бөгөөд Шүүхийн сахилгын хороо дахин анхан шатны шүүхийн шийтгэвэрт үнэлэлт, дүгнэлт өгөх хууль зүйн үндэслэлгүй тул шүүгч М.Т-ыг Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1.23-т “хуулийн илт тодорхой заалтыг ноцтой, ...зөрчсөн үйлдэл, эс үйлдэхүй гаргах” гэж заасныг зөрчсөн зөрчил гаргасан гэж үзэх үндэслэлгүй гэх илтгэгч гишүүний дүгнэлт үндэслэлтэй.

Зөрчлийн тухай хуулийн 3.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт “хуульд заасан тохиолдолд баривчлах шийдвэр биелүүлэхийг хойшлуулж болно”, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 9.2 дугаар зүйлийн 8 дахь хэсэгт “шүүгч дараах үндэслэлийн аль нэг байвал зөрчил үйлдсэн хүнд оногдуулсан баривчлах шийтгэл биелүүлэхийг 7 хүртэл хоногоор хойшлуулж болно”, мөн зүйлийн 8 дахь хэсгийн 8.2-т “... эрүүл мэндийн байдлын улмаас эмчилгээ хийлгэх зайлшгүй нөхцөл байдал үүссэн бол” гэж заасан.

Илтгэгч гишүүн сахилгын хэргийг шалгах ажиллагааны хүрээнд хххххх дугаартай зөрчлийн хэргийг бүхэлд нь нотлох баримтаар авсан бөгөөд үүнээс үзэхэд Ж.О нь шүүхэд өөрийн эрүүл мэндийн шалтгаанаар баривчлах шийтгэл оногдуулахгүй байх тухай хүсэлт болон түүнд хамаарах нотлох баримтаа гаргаж өгөөгүй байх бөгөөд Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 9.2 дугаар зүйлийн 9 дэх хэсэгт “уншиж сонсгосноор хүчинтэй болно”, 9.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “... мөн баривчлах шийтгэл оногдуулсан шийдвэрийг шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллага биелүүлнэ” гэж зааснаар Ж.О-д 10 хоногийн баривчлах шийтгэл оногдуулсанд шүүгчийг буруутгах үндэслэлгүй байна гэсэн илтгэгч гишүүний дүгнэлт үндэслэлтэй байна.

Иймд ... шүүхийн шүүгч М.Т-д холбогдуулан гаргасан өргөдөлд шүүгч нь хууль зөрчсөн гэх үндэслэл тогтоогдсонгүй, энэ талаарх илтгэгч гишүүний санал үндэслэл бүхий байх тул саналыг хүлээн авч, шүүгчид холбогдох сахилгын хэргийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж бүрэлдэхүүн үзэв.

Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 112 дугаар зүйлийн 112.1.2 дахь хэсэг, 112.2-т заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүхийн сахилгын хорооны гишүүний 2023 оны 03 дугаар сарын 28-ны өдрийн ГС/2023/0040 дүгээр “Сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох санал”-ыг хүлээн авч, ... шүүхийн шүүгч М.Т-д холбогдох сахилгын хэргийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Энэ магадлалыг сахилгын хэргийн оролцогч болон өргөдөл, мэдээлэл гаргагч нарт гардуулах /хүргүүлэх/-ыг Ажлын албанд даалгасугай.

3. Магадлалыг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор сахилгын хэргийн оролцогч гомдол, илтгэгч гишүүн эсэргүүцэл гаргах эрхтэйг дурдсугай.

 

ДАРГАЛАГЧ                                                     Ц.ДАВХАРБАЯР

ГИШҮҮН                                                         Д.АРИУНТУЯА

Г.ЦАГААНЦООЖ

 

[1] Сх-ийн 18-152 дугаар тал

[2] Сх-ийн 154-155 дугаар тал

[3] Сх-ийн 156-157, 183-184 дүгээр тал

[4] Сх-ийн 125-129 дүгээр тал

[5] Сх-ийн 145-149 дүгээр тал