МОНГОЛ УЛС
ШҮҮХИЙН САХИЛГЫН ХОРОО
МАГАДЛАЛ
2023-04-13
Дугаар 53
Улаанбаатар хот
Сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох саналыг шийдвэрлэх тухай
Шүүхийн сахилгын хорооны хуралдааныг гишүүн Ц.Давхарбаяр даргалж, гишүүн Д.Мягмарцэрэн, С.Энхтөр нарын бүрэлдэхүүнтэй, илтгэгч гишүүн О.Номуулин, хуралдаан хариуцсан ахлах мэргэжилтэн - нарийн бичгийн дарга Г.Болортуяа нарыг оролцуулан, Сахилгын хорооны хуралдааны 705 тоот танхимд нээлттэй хийв.
Тус хуралдаанаар “А д” ХК-ийн гүйцэтгэх захирал Г.Ц-ын өргөдлөөр, ... шүүхийн шүүгч А.Цт холбогдуулан үүсгэсэн сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох саналыг гишүүн О.Номуулингийн илтгэснээр хянан хэлэлцээд,
ТОДОРХОЙЛОХ нь:
Илтгэгч гишүүн нь 2023 оны 03 дугаар сарын 17-ны өдрийн 0037 дугаар “Сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох санал”-даа:
“... Сахилгын хэрэгт авагдсан баримтаас үзэхэд ... шүүхийн шүүгч Ж.Л нь М.Г-ын нэхэмжлэлтэй “А д” ХК-д холбогдох иргэний хэргийн зохигчдод нөлөөллийн мэдүүлгийн зорилго, хууль зөрчсөнөөс үүсэх үр дагаврын талаар тайлбарлан 2022 оны 09 дүгээр сарын 05-ны өдөр хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр, 2022 оны 09 дүгээр сарын 28-ны өдөр нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр тус тус гарын үсэг зуруулж баримтжуулсан байна.
Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.2-т “нөлөөллийн мэдүүлэг” гэж шүүгч, шүүх бүрэлдэхүүнд хэрэг, маргааныг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад аливаа этгээдээс нөлөөлөхөөр оролдсон үйлдлийг тэмдэглэн баталгаажуулсан баримт бичгийг хэлнэ”, 45 дугаар зүйлийн 45.3-т “Шүүгч нөлөөллийн мэдүүлгийн зорилго, хууль зөрчсөнөөс үүсэх үр дагаврын талаар хэрэг үүсгэсэн даруйд тухайн хэргийн оролцогчид тайлбарлан, энэ тухай баримтжуулна” гэж заасан бөгөөд тухайн хэргийг хянан шийдвэрлэж байсан шүүгч Ж.Л нь хэргийн оролцогч нарт нөлөөллийн мэдүүлгийн зорилго, хууль зөрчсөнөөс үүсэх үр дагаврын талаар тайлбарлаж гарын үсэг зуруулан баталгаажуулсан энэ тохиолдолд шүүгч А.Ц-т хэрэг нь хуваарилагдсаны дараа дахин хэргийн оролцогч нарт нөлөөллийн мэдүүлгийн зорилго, хууль зөрчсөнөөс үүсэх үр дагаврын талаар тайлбарлаж хэргийн оролцогч нараар гарын үсэг зуруулаагүй гэж буруутгах боломжгүй.
... шүүхийн шүүгчийн 2022 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн 13625 дугаар захирамжаар иргэн М.Гын нэхэмжлэлтэй “А д” ХК-д холбогдох иргэний хэргийг хянан хэлэлцэх шүүх хуралдааныг 2022 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн 09 цагт товлосон, хуралдааны товыг хариуцагчид 2022 оны 10 дугаар сарын 12-ны өдөр мэдэгдсэн.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1-д “Хэргийн оролцогч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад дараах эрх эдэлнэ”, 25.1.2 “хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцүүлэх тухай шүүгчийн захирамж гарсны дараа хэргийн материалтай танилцах, түүнээс тэмдэглэл хийх, шүүх хуралдаанд оролцох” гэж заасан.
Гэтэл хариуцагч нь шүүх хуралдааны товыг мэдсэн атлаа дээрх хугацаанд хэргийн материалтай танилцах эрхээ эдлээгүй, мөн шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр оролцоогүй атлаа шүүх хуралдаанд нэхэмжлэгч талаас шинээр гаргаж өгсөн баримтуудыг огт танилцуулаагүй, түүнд тайлбар татгалзал гаргах, шүүх хуралдаанд мэтгэлцэж оролцох хуульд заасан эрхийг нь хязгаарлаж, нэхэмжлэгч талд давуу байдал олгосон гэж шүүгчийг буруутгаж байгаа нь үндэслэлгүй байна.
Түүнчлэн, хариуцагч нь дээрх гомдлын үндэслэлээ 2023 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн давж заалдах гомдолдоо дурдсан байх бөгөөд Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2023 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн ... дугаар магадлалд “... тов мэдэгдсэн үеэс шүүх хуралдаан болох хүртэл хугацаанд хариуцагч нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25.1.2 дахь хэсэгт заасан хэргийн материалтай танилцах эрхээ хэрэгжүүлэх боломжтой байсан ...” гэж дурдсаныг тэмдэглэх нь зүйтэй.
Сахилгын хэргийг шалгах ажиллагааны явцад шүүгч А.Ц нь 2022 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн хххх дүгээр шийдвэрийг 2022 оны 12 дугаар сарын 27-ны өдөр буюу Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай 119.3-т “Шийдвэр хүчинтэй болсон өдрөөс хойш 14 хоногийн дотор шийдвэрийн агуулгыг энэ хуулийн 118 дугаар зүйлд заасны дагуу бүрэн эхээр нь бичгээр үйлдэж, шүүгч, шүүх бүрэлдэхүүн гарын үсэг зурна” гэж заасан хугацаанаас 29 хоногийн дараа бичгээр үйлдэж, албажуулан Иргэн-2014 бүртгэлийн системд байршуулсан, хариуцагч шийдвэрийг 2023 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр гардаж авсан үйл баримт тогтоогдсон.
Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1.26-д “шүүхийн шийдвэр гаргахтай холбоотой хуульд тодорхой заасан хугацааг хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр удаа дараа 30 хоногоос дээш хугацаагаар, эсхүл нэг удаа 60 хоногоос дээш хугацаагаар зөрчих” гэж заасан ба шүүгч А.Ц нь шийдвэрээ 29 хоногт бичгээр үйлдэж, албажуулсныг сахилгын зөрчилд тооцохгүй.
Дээрхийг нэгтгэн дүгнээд Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 50, 51 дүгээр зүйлийн 51.1, 52, 53 дугаар зүйлд заасан хориглосон, хязгаарласан, үүрэг болгосон зохицуулалтыг зөрчөөгүй гэх үндэслэлээр ... шүүхийн шүүгч А.Ц-т холбогдох сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох санал гаргав...” гэжээ.
... шүүхийн шүүгч А.Ц тайлбартаа: “... Тус өдөр ... шүүхийн шүүгчдийн зөвлөгөөн болж, 2022 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн 181/ЗТ2022/ххххх дугаартай зөвлөгөөний тогтоолоор тухайн шүүхийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд нийт 1785 хэрэг, нэхэмжлэл байгаагаас нэг шүүгчид 162 хэрэг нэхэмжлэл ногдож байгааг дурдаад сэлгэн ажиллаж байсан шүүгч Ж.Л-гийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд байгаа 150 хэрэг, 11 нэхэмжлэл, 2 хүсэлт, 1 даалгаврыг надад шилжүүлэн хуваарилсан. Шүүгч Ж.Л нь нэлээд олон хурал зарлаж, тов гаргасан байсан учир хэргийн оролцогчдын эрх ашгийг хангах үүднээс зарлагдсан хэргүүдээсээ танилцаж, товын дагуу хурлуудыг хийж ажилласан. Үүний хүрээнд 2022 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр хурлын тов нь гарсан байсан М.Г-ын нэхэмжлэлтэй “А д” ХК-д холбогдох хэргийг хянан шийдвэрлэсэн. Хариуцагч “А д” ХК-ийн гүйцэтгэх захирал Г.Ц нь сахилгын хороонд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаатай холбоотой өргөдөл, гомдол гаргажээ. Өргөдөлд дурдсан заалтууд нь хэргийн оролцогчдын эдлэх эрхийг зохицуулсан заалтууд бөгөөд энэ эрхээ хэрэгжүүлэхэд нь шүүхийн зүгээс ямар нэгэн хаалт хийж, боломжийг олгоогүй үйлдэл, эс үйлдэхүй байгаагүй. Шүүхээс 2022 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн 09.00 цагаас тухайн хэргийн хуралдаан болох товыг 2022 оны 10 дугаар сарын 12-ны өдөр гаргаж, товыг маргааш нь буюу 2022 оны 10 дугаар сарын 13-ны өдөр бүтэн 1 сар 1 хоногийн өмнө мэдэгджээ. Энэ хооронд хэргийн оролцогчид хэрэгтэйгээ танилцан, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд өөрсдийн эрхээ хэрэгжүүлэх бүрэн боломжтой байсан. Гэтэл энэ хугацаанд хариуцагч нь ирээгүйгээс гадна шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирж оролцоогүй бөгөөд шүүхээс хурлын товыг хууль ёсны дагуу мэдэгдэж, нөгөө талаас хүлээн авсан байсан. Хэргийн оролцогчид өөрсдийн хууль ёсны эрх ашгаа хамгаалуулахаар шүүхэд хандаж, хэргээ шударгаар шийдвэрлүүлэх, шүүхэд мэдүүлэх эрхтэй хэдий ч нөгөө талаар мөн зохих үүргийг хүлээж оролцох учиртай. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.3-т “Шүүхийн дуудсанаар хүрэлцэн ирэх” гэсэн үүрэгтэйгээр хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцохоор үүрэг хүлээлгэсэн байдаг. Гэтэл хариуцагч “А д” ХК нь ямар нэгэн хүсэлт болон мэдээлэл өгөлгүйгээр хуралдаанд ирээгүй. Хариуцагч хуралдаанд оролцох боломжгүй хүндэтгэн үзэх шалтгаантай бол энэ талаар шүүхэд мэдэгдэх үүрэгтэй. Мэдэгдсэн даруйд хэргийн оролцогчийн эрх үүргийг хангаж ажиллах хүрээнд шүүх хүсэлтийг хүлээн авч, шийдвэрлэх боломжтой байдаг. Хуралдааныг товлосон цагтаа нээн явуулах үед нэхэмжлэгч талын итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс хариуцагчийг хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй тул түүний эзгүйд шийдвэрлэж өгөхийг хүссэн хүсэлт өгч, тухайн хүсэлтийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3-т заасны дагуу хүлээн авч, шийдвэрлэн хуралдааныг үргэлжлүүлсэн. Мөн нэхэмжлэгч талаас 3 хуудас нотлох баримтыг хүлээлгэн өгсөн бөгөөд тэдгээр нь нэхэмжлэгчийн даатгалын хураамжаа төлж байсныг нотлох зорилгоор гаргаж өгсөн төлбөрийн баримт байсан. Харин хариуцагч тал энэ талаар мэдэж байсан буюу хавтаст хэрэгт авагдсан баримтууд доторх Худалдаа хөгжлийн банкны нэхэмжлэгчид бичсэн хариу албан бичигт нэхэмжлэгчийг хэзээ, хэзээ төлбөрөө төлж байсныг тоочсон байдаг. Үүнийг ч хариуцагч нь хариу тайлбартаа дурдсан байдаг бөгөөд энэ нь талуудад илт тодорхой мэдэгдэж байсан, маргаагүй мэдээлэл баримт юм. Хэргийн оролцогчдын мэтгэлцэх эрхийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.3, 6.4-т заасан бөгөөд 6.3-т “Зохигч, түүний төлөөлөгч, өмгөөлөгч нь хэргийн үйл баримт, гэм буруу байгаа эсэхийг нотлох буюу үгүйсгэх замаар мэтгэлцэнэ”, 6.4-т “Зохигч шүүх хуралдаанд биеэр оролцож үг хэлэх, бичгээр тайлбар өгөх, нотлох баримт гаргах, түүнийг шинжлэн судлахад тэгш эрхтэй оролцоно” гэж заасан. Хариуцагч мэтгэлцэх тэгш боломжоор хангагдахыг хүссэн бол шүүх хуралдаанд оролцох боломжгүй байгаа талаар хүсэлтээ шүүхэд ирүүлэх үүрэгтэй бөгөөд хурлын товоо мэдсээр байж ямар нэгэн шалтгаангүйгээр шүүхэд дуудсан цагт ирээгүй нь шүүхийг буруутгах үндэслэл болохгүй юм. Шүүхийн тухай хуулиар хэрэг маргааныг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нөлөөллийн мэдүүлэг хөтлөх үүргийг шүүгч, шүүх бүрэлдэхүүнд хүлээлгэсэн байдаг. Энэ нь тухайн хэргийг хянан шийдвэрлэх явцад хэргийг хянаж байгаа шүүгч хэн байхаас үл хамаараад хэргийн оролцогч нарыг тус хэрэгтэй хамааралтайгаар аливаа нөлөөлөл үзүүлэх ёсгүй гэсэн агуулгаар хийж өгсөн зохицуулалт юм. Шүүгч Ж.Л хэргийн оролцогч нарт нөлөөллийн мэдүүлгийг хөтөлж, хэрэгт хавсаргасан байсан ба гомдол гаргагч тал танилцаж, гарын үсгээ зурсан байдаг. Тиймээс өргөдөл гаргагчийн хэргийн оролцогчдод нөлөөллийн мэдүүлгийг тайлбарлан баримтжуулаагүй, хууль зөрчсөн гэдэг нь үндэслэлгүй байна. Миний бие Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.3-т заасан шийдвэр гаргах хугацаатай холбоотой заалтыг хэтрүүлж шийдвэрээ гаргасан нь үнэн боловч дараах шалтгаан байгааг харгалзан үзнэ үү. 2022 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн 181/ЗТ2022/ххххх дугаартай зөвлөгөөний тогтоолоор надад 150 хэрэг, 11 нэхэмжлэл, 2 хүсэлт, 1 даалгаврыг шилжүүлэн хуваарилсан. Миний бие өдөр бүрийн өглөөний 08.30 цагаас оройн 22.00 цаг хүртэл ажлынхаа өрөөнд сууж ажиллаж байгаа бөгөөд ингэхдээ дээрх хэргүүдийн оролцогч нараас гаргасан хүсэлтүүдийг шийдвэрлэх, өдөрт орж ирж байгаа нэхэмжлэлтэй танилцаж хэрэг үүсгэх эсэхээ шийдвэрлэх, өмнө гаргасан эрхийн актууд болох захирамжуудаа бичиж, албажуулах, өөрийн зарласан хэргийн шүүх хуралдаанаа удирдан явуулах, түүнээс гаргасан шийдвэрээ бичиж, албажуулах, хурлын тэмдэглэлээ хянаж, уншиж засварлах, бусад шүүгч нарын хурлын бүрэлдэхүүнд орж, шүүх хуралдаанд оролцох, гар дээрх хэргийн шүүх хурлаа товлох, тов зарлагдсан хурлуудад орохдоо хэргээ уншиж, танилцан холбогдох хууль тогтоомжоо судлах, хуралд бэлтгэх зэрэг ажиллагаануудыг тасралтгүй хийсэн. Улаанбаатар хотын дүүргүүдийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн, тэр дундаа ... шүүхийн ачаалал онцгой их байгааг энэ тохиолдолд анхаарч үзээсэй гэж хүсмээр байна. Энэ ачааллыг манай шүүхийн шүүгч нар өглөө, өдөр, оройн цагийг ялгалгүй сууж ажиллахаас гадна нийтийн амралтын өдрүүдэд ч сууж ажиллахаас өөр аргагүйд хүрдгийг миний хувьд ойлгосноор энэ жишгээр ажиллаж байна. Гэвч миний бие хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны туршлага багатайн дээр хэрэг бүртэйгээ нэг бүрчлэн нарийн танилцах шаардлага тулгарсан тул илүү их цаг орж байгааг минь харгалзан үзнэ үү. ... Иймд надад үүсгэсэн сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгнө үү” гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Шүүхийн сахилгын хорооны хуралдаанаар, 2023 оны 03 дугаар сарын 17-ны өдрийн 0037 дугаартай сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох саналыг хэлэлцэв.
“А д” ХК нь 2022 оны 12 дугаар сарын 16-ны өдөр Шүүхийн сахилгын хороонд, ... шүүхийн шүүгч А.Ц-д холбогдуулж, өргөдөл гаргасныг Шүүхийн сахилгын хорооны гишүүний 2023 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр 07 дугаар захирамжаар сахилгын хэрэг үүсгэжээ.
Илтгэгч гишүүн сахилгын хэргийн шалгах ажиллагааны хүрээнд М.Гын нэхэмжлэлтэй, “А д” ХК-д холбогдох 1 хавтас иргэний хэрэгт үзлэг хийн, сахилгын хэрэгт ач холбогдол бүхий баримтуудыг авсан, “Иргэн-2014 нэгдсэн систем”-д үзлэг хийсэн, мөн шүүгч А.Ц нь тайлбарын хамт холбогдох баримтаа ирүүлсэн байна.
Илтгэгч гишүүн өргөдлийн агуулгаар сахилгын хэрэгт цугларсан нотлох баримтыг үнэлж дүгнэн, Сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох санал гаргажээ.
Сахилгын хэргийг хянан үзвэл:
... шүүх 2022 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр М.Г-ын нэхэмжлэлтэй, хариуцагч “А д” ХК-д холбогдох “амь насны төлбөр болох 30 434 234 төгрөг гаргуулах тухай” иргэний хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.С-ийг оролцуулан, хариуцагчийн эзгүйд хэргийг хянан хэлэлцэж 181/ШШ2022/0хххх дүгээр шийдвэрээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэжээ[1].
Өргөдөл гаргагч “А д” ХК, шүүх хуралдаанд нэхэмжлэгч талаас гарган өгсөн баримтуудтай хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийг танилцуулаагүй, шүүх хуралдаанд мэтгэлцэж оролцох боломжийг олгоогүй гэжээ.
Тус шүүхийн шүүгчийн 2022 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн 181/ШЗ2022/15640 дугаартай захирамжид[2] “... хариуцагчид шүүх хуралдааны товыг хуульд заасан журмаар мэдэгдсэн боловч тэрээр хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй байх ба шүүх нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хүсэлтийг үндэслэн хариуцагчийн эзгүйд хэргийг хянан хэлэлцэхээр шийдвэрлэв ...”, шүүх хуралдааны товыг “... шүүх хуралдаанд дуудан ирүүлэх тухай мэдэгдэх хуудсаар[3] 2022 оны 10 дугаар сарын 12-ны өдөр хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчид мэдэгдсэн, мөн тус өдрийн шүүх хуралдааны тэмдэглэлд[4] “... Нарийн бичгийн даргаас: ... хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчид шүүх хуралдааны тов мэдэгдсэн боловч ирээгүй байна ...” гэж тусгагдсан зэргээр хариуцагч талд шүүх хуралдааны товыг мэдэгдсэн болох нь нотлогдож байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.2-т “Харин нэхэмжлэгч, түүний төлөөлөгч буюу өмгөөлөгч нь хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд ирээгүй бол хариуцагчийн хүсэлтээр шүүх хэргийн нотлох баримт болон бусад нөхцөл байдлыг харгалзан түүний эзгүйд хянан шийдвэрлэх, эсхүл нэхэмжлэлийг буцаана. Нэхэмжлэлийг буцаасан тохиолдолд шүүх тогтоол, шүүгч захирамж гаргана”, 100.3-т “Хариуцагч, түүний төлөөлөгч буюу өмгөөлөгч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд ирээгүй бол нэхэмжлэгч хэргийг түүний эзгүйд хянан шийдвэрлэх талаар хүсэлт гаргаж болно. Энэ тохиолдолд шүүх нэхэмжлэгчээс гаргасан тайлбар болон бусад баримт нотолгоог үндэслэн хэргийг хянан шийдвэрлэнэ” гэжээ.
Шүүх хуралдааны товыг мэдсэн боловч хуралдааныг хойшлуулах хүсэлт гаргаагүй, хүндэтгэн үзэх ямар нэгэн шалтгаан байгаа талаар хэргийн оролцогчоос мэдэгдээгүй тул дээрх хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн зохицуулалтыг үндэслэн, хариуцагчийн эзгүйд хэргийг шийдвэрлэсэн нь хуульд нийцнэ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1-д “Хэргийн оролцогч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад дараах эрх эдэлнэ”, 25.1.2 “хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцүүлэх тухай шүүгчийн захирамж гарсны дараа хэргийн материалтай танилцах, түүнээс тэмдэглэл хийх, шүүх хуралдаанд оролцох” гэж зааснаар хариуцагч нь шүүх хуралдааны товыг мэдсэн атлаа шүүх хуралдаан болох хүртэл хугацаанд хэргийн материалтай танилцах эрхээ хэрэгжүүлээгүй, шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр оролцоогүй атлаа шүүх хуралдаанд нэхэмжлэгч талаас шинээр гаргаж өгсөн баримтуудыг огт танилцуулаагүй, түүнд тайлбар татгалзал гаргах, шүүх хуралдаанд мэтгэлцэж оролцох хуульд заасан эрхийг нь хязгаарлаж, нэхэмжлэгч талд давуу байдал олгосон гэж шүүгчийг буруутгаж байгаа нь үндэслэлгүй гэх илтгэгч гишүүний дүгнэлт үндэслэлтэй.
Учир нь, хэргийг хэлэлцэн шийдвэрлэсэн, 2022 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн шүүх хуралдаанд нэхэмжлэгч талаас даатгалын хураамж төлж байсан гэх баримтуудыг гаргаж өгсөн нь шүүх хуралдааны тэмдэглэлд тусгагджээ. Эдгээр баримтын талаар “ ... Худалдаа хөгжлийн банкны нэхэмжлэгчид бичсэн хариу албан бичигт нэхэмжлэгчийг хэзээ, хэзээ төлбөрөө төлж байсныг тоочсон байдаг. Үүнийг ч хариуцагч нь хариу тайлбартаа дурдсан байдаг бөгөөд энэ нь талуудад илт тодорхой мэдэгдэж байсан, маргаагүй мэдээлэл баримт ...” гэж шүүгч тайлбарласан нь сахилгын хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогдож байх тул шүүгчид хуулиар хориглосон заалтыг зөрчсөн гэх үйлдэл тогтоогдохгүй байна.
Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.2-т “нөлөөллийн мэдүүлэг гэж шүүгч, шүүх бүрэлдэхүүнд хэрэг, маргааныг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад аливаа этгээдээс нөлөөлөхөөр оролдсон үйлдлийг тэмдэглэн баталгаажуулсан баримт бичгийг хэлнэ”, мөн хуулийн 45 дугаар зүйлийн 45.3”т “Шүүгч нөлөөллийн мэдүүлгийн зорилго, хууль зөрчсөнөөс үүсэх үр дагаврын талаар хэрэг үүсгэсэн даруйд тухайн хэргийн оролцогчид тайлбарлан, энэ тухай баримтжуулна” гэж заасан.
Тус хэрэгт өмнө хянан шийдвэрлэх ажиллагаа явуулж байсан шүүгч Ж.Л нь хэргийн оролцогч нарт нөлөөллийн мэдүүлгийг танилцуулж, 2022 оны 09 дүгээр сарын 05-ны өдөр хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр, 2022 оны 09 дүгээр сарын 28-ны өдөр нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр тус тус гарын үсэг зуруулсныг иргэний хэрэгт үзлэг хийж баталгаажуулан авсан[5] байх тул шүүгч А.Ц-ийг хэргийн оролцогч нарт нөлөөллийн мэдүүлгийн зорилго, хууль зөрчсөнөөс үүсэх үр дагаврын талаар тайлбарлаж хэргийн оролцогч нараар гарын үсэг зуруулаагүй хууль зөрчсөн гэж буруутгах боломжгүй бөгөөд энэ талаарх холбогдогч шүүгчийн тайлбар болон илтгэгч гишүүний дүгнэлт үндэслэлтэй байна.
Шүүгч А.Ц нь М.Г-ын нэхэмжлэлтэй, хариуцагч “А д” ХК-д холбогдох “амь насны төлбөр болох 30 434 234 төгрөг гаргуулах тухай” иргэний хэргийг хянан хэлэлцсэн, 2022 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн 181/ШШ2022/0хххх дүгээр шүүхийн шийдвэрийг 2022 оны 12 дугаар сарын 27-ны өдөр бичгээр үйлдэн албажуулан, системд байршуулжээ[6].
Энэ нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.3-т “Шийдвэр хүчинтэй болсон өдрөөс хойш 14 хоногийн дотор шийдвэрийн агуулгыг энэ хуулийн 118 дугаар зүйлд заасны дагуу бүрэн эхээр нь бичгээр үйлдэж, шүүгч, шүүх бүрэлдэхүүн гарын үсэг зурна” гэж заасан хугацааг 29 хоногоор хэтрүүлсэн болох нь “Иргэн-2014 нэгдсэн систем”-д хийсэн үзлэгээр тогтоогдож байна.
Харин сахилгын хэрэгт авагдсан Шүүхийн шийдвэр, магадлал, тогтоол, шийтгэврийг хэргийн оролцогчид гардуулсан, хүргүүлсэн тухай баримт №11-д тэмдэглэгдсэнээр 2023 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр буюу 36 хоногийн дараа хариуцагч тал шийдвэрээ гардаж авчээ.
Шийдвэр бичгээр албажиж, системд байршуулсан болон хариуцагчийн гардан авсан аль аль хугацаа нь Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1.26-д “шүүхийн шийдвэр гаргахтай холбоотой хуульд тодорхой заасан хугацааг хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр удаа дараа 30 хоногоос дээш хугацаагаар, эсхүл нэг удаа 60 хоногоос дээш хугацаагаар зөрчих” гэж заасныг зөрчөөгүй байх ба шүүгч А.Ц нь шийдвэрийг 29 хоногт бичгээр үйлдэж, албажуулан системд оруулан баталгаажуулсан нь сахилгын зөрчилд хамаарахгүй гэх илтгэгч гишүүний санал үндэслэлтэй байна.
Иймд, ... шүүхийн шүүгч А.Ц-д холбогдуулан гаргасан өргөдөлд шүүгч нь хууль зөрчсөн гэх үндэслэл тогтоогдсонгүй, энэ талаарх илтгэгч гишүүний санал үндэслэл бүхий байх тул сахилгын хэргийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж бүрэлдэхүүн үзэв.
Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 112 дугаар зүйлийн 112.1.2 дахь хэсэг, 112.2-т заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүхийн сахилгын хорооны гишүүний 2023 оны 03 дугаар сарын 17-ны өдрийн ГС/2023/0037 дугаар “Сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох санал”-ыг хүлээн авч, ... шүүхийн шүүгч А.Ц-д холбогдох сахилгын хэргийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2. Энэ магадлалыг сахилгын хэргийн оролцогч болон өргөдөл, мэдээлэл гаргагч нарт гардуулах /хүргүүлэх/-ыг Ажлын албанд даалгасугай.
3. Магадлалыг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор сахилгын хэргийн оролцогч гомдол, илтгэгч гишүүн эсэргүүцэл гаргах эрхтэйг дурдсугай.
ГИШҮҮН Д.МЯГМАРЦЭРЭН
С.ЭНХТӨР