info@judiscom.mn 976 - 77113838 Холбоо барих ШИЛЭН ДАНС
ENMNG

МОНГОЛ УЛС

ШҮҮХИЙН САХИЛГЫН ХОРОО

МАГАДЛАЛ

2022-11-09

Дугаар 244

Улаанбаатар хот

Сахилгын хэргийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох тухай

Шүүхийн сахилгын хорооны хуралдааныг гишүүн Х.Хашбаатар даргалж, гишүүн С.Энхтөр, Д.Эрдэнэчулуун нарын бүрэлдэхүүнтэй, илтгэгч гишүүн Д.Мягмарцэрэн, хуралдаан хариуцсан ахлах мэргэжилтэн Г.Болортуяа нарыг оролцуулан, А дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Э.Т-д холбогдох Сахилгын хорооны гишүүний 2022 оны ... дугаар сарын 14-ний өдрийн 13 дугаартай “Сахилгын хэргийн хэрэгсэхгүй болгох санал”-ыг тус хорооны хуралдааны танхимд нээлттэй хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Итгэмжлэгдсэн төлөөлөгч П.У Шүүхийн сахилгын хороонд гаргасан өргөдөл мэдээлэлдээ: А дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд хянагдаж байгаа Б.Ц, Д.Х нарын нэхэмжлэлтэй хариуцагч Д.Н, Д.Э нарт холбогдох иргэний хэрэгт П.У миний бие хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр оролцож байгаа билээ. Тус иргэний хэргийг шийдвэрлэж байгаа шүүгч Э.Т нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журам, Монгол улсын Шүүхийн тухай хууль болон шүүгчийн ёс зүйн дүрмийн холбогдох заалтуудыг ноцтой зөрчсөн үйлдэл гаргасан гэж үзэж дараах гомдлыг гаргаж байна. 2021 оны ... дугаар сарын 16-ны өдөр хэрэг ханан хэлэлцэх шүүх хуралдаан дээр гэрч Ф.Ц-г шүүх хуралдаан дээр гэрчээр асуусан. Улмаар шүүгчийн асуултад гэрч хариулж дууссаны дараа шүүгч гэрч Ф.Ц-оос “сая та баримт харж хэлээд байна. Тэр баримтууд нь нотлох баримтын шаардлага хангаж байгаа юу таны өөрийн баримт уу гэж асуугаад, гэрч нотлох баримт өгөх боломжтой. Танд өгөх баримт байна уу” гээд гэрч лүү харж байгаад баруун гарын алгаа дээш харуулан гараад тосоод “Та наадхаа өгөх юм уу” гэж хэлээд баримтыг авсан. /шүүх хуралдааны бичлэгийн 42 минут 38 сек/ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлд нотлох баримтыг "Зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч” өөрөө гаргаж өгөх, цуглуулахаар зохицуулжээ. Мөн хуулийн 40 дүгээр зүйлд шүүгч зөвхөн хэргийн оролцогчийн шүүхэд гаргаж өгсөн нотлох баримтыг үнэлэхээр зохицуулжээ. Мөн хуулийн 105 дугаар зүйлээр хэргийн оролцогчоос нотлох баримтыг шүүхэд гаргаж өгөх дарааллыг зохицуулсан байна. Мөн хуулийн 38.7 дугаар зүйлээр нотлох баримтыг шүүх хуралдаан эхлэхээс өмнө гаргаж өгөхөөр зохицуулжээ. Өөрөөр хэлбэл шүүгч хэрэг маргааныг шийдвэрлэхдээ дээр дурдсан хуулиар зохицуулсан журмыг ноцтой зөрсөн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 5 дугаар зүйл 5.2 дах хэсэгт заасан “Шүүгч хараат бус байж гагцхүү хуульд захирагдах бөгөөд шүүгч хараат бус байх баталгааг хуулиар тогтооно” гэснийг болон Монгол улсын Шүүхийн тухай хуулийн холбогдох заалтуудыг ноцтой зөрсөн гэж үзэж байна.

Мөн өдрийн шүүх хуралдаан дээр нотлох баримт шинжлэн судалсны дараа хуралдаан даргалагч шүүгч Нэхэмжлэлтэй холбоотой нэхэмжлэгч талаас асууя. Нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ тодруулдаа гээд өөрөө “Цогб....., Ц нарын хооронд байгуулсан хэлцлийг хүчин төгөлдөр бус хэлцэл гэж үзээд үр дагаврыг нь 492 оор 700 сая гэх гээд байгаа юм уу яг юу гэх гээд байгаа юм бэ” гэж тодруулсан. Үүний хариуд нь нэхэмжлэгч “тэр хоёрын хоорондох хэлцлийг хүчин төгөлдөр бус гэж үзээд үр дагаварт нь 700 сая төгрөг нэхэмжилж байгаа” юм гэж хариулахад "тэр хоёрын хооронд байгуулсан хэлцлийг хүчин төгөлдөр бус байх хэлцэл гэж үзээд үр дагаварт нь 700 сая төгрөг гаргуулъя гээд байгаа юм уу” гэж давтан асуусан. /шүүх хуралдааны бичлэгийн 1 цаг 22 минут 55 секунд/ Өөрөөр хэлбэл шүүгч нэхэмжлэлийн шаардлагыг тодруулах биш харин нэхэмжлэгчид хууль зүйн зөвлөгөөг илт өгч нэхэмжлэлийн шаардлагыг санаачилгаараа нэмэгдүүлж нэхэмжлэгчид ингэж нэхэмжлэгчийн шаардлагаа нэмэгдүүлэхгүй бол хэргийг нэхэмжлэгч талд нийцүүлэн шийдвэрлэх боломжгүй талаар нэхэмжлэгчийг хөтлөн асууж байгаа мэтээр зөвлөсөн байдаг.

Өөрөөр хэлбэл нэхэмжлэгч тал гаргаж өгсөн нэхэмжлэл болон шүүх хуралдаан дээр тайлбарласан нэхэмжлэлийн шаардлагадаа ямар нэгэн хэлцлийг хүчин төгөлдөр бус тооцуулах шаардлага огт гаргаагүй ийм агуулга бүхий үг өгүүлбэр огт хэлээгүй болно. Ийм байхад шүүгчийн энэ байдал нь шүүгч хараат бус байж хөндлөнгийн байх зарчмыг ноцтой зөрсөн гэж үзэж байна. Дээрх шүүгчийн зүй бус үйлдэл нь Иргэний хэрэг хянан шийдвэрлэх хуулийг зөрчөөд зогсохгүй Монгол улсын Шүүхийн тухай хуулийн 50 дугаар зүйл 50.1.1 дэх хэсэгт заасан бусдад давуу байдал бий болгосон гэж үзэхээр байна. Өөрөөр хэлбэл шүүгч хэргийг шийдвэрлэхдээ дээрх хуульд заасан журам зөрчсөн үйлдлээрээ нэхэмжлэгч талд зөвлөөд зогсохгүй нэхэмжлэлээ шүүгчийн зөвлөснөөр нэмэгдүүлэх, гэрчээс шаардаж авсан нэхэмжлэгчид ашигтай нотлох баримтыг хуульд заасан нотлох баримтын шаардлага хангуулан шинээр гаргаж өгөх боломжийг бий болгон 2021.12.16-ны өдрийн шүүх хуралдааныг нотлох баримт гаргуулах үндэслэл зааж шүүх хуралдааныг хойшлуулах “Шүүгчийн захирамж” гарган хойшлуулаад байгаа нь процессын хуульд заасан хэрэгт авагдсан баримтын хүрээнд хэргийг шийдвэрлэнэ гэсэн заалтыг мөн зөрчсөн байна гэж үзэж байна.

Мөн Э.Т шүүгч нь иргэний хэрэг үүсгэхдээ нэхэмжлэгч талаар бүрдүүлсэн Улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримтыг нягталж шалгалгүй /эсвэл санаатай санамсаргүй алин болох нь мэдэгдэхгүй/ иргэний хэрэг үүсгэсэн байдаг. Энэ талаар 2021. ... сарын 16-ны өдрийн шүүх хуралдаан дээр нотлох баримт шинжлэн судлах шатанд нэхэмжлэгч талаас гаргаж өгсөн Улсын тэмдэгтийн хураамж төлсөн нотлох баримыг шинжлэн судалж байгаад Улсын тэмдэгтийн хураамжийг буруу дансанд буюу Татварын ерөнхий газрын Хаан банкны 5176120...  тоот дансанд тушаасан болохыг хэлэхэд шүүгч мөн л нэхэмжлэгчээс энэ талаар тодруулан асуухад нэхэмжлэгч тал харин тийм буруу дансанд тушаасан буруу баримт өгсөн байна. Надад А дүүргийн татварын албанд төлсөн баримт байна гээд бас нэг баримт гаргаж ирсэн. Уг баримтыг шүүгч “наад баримтаа нааш нь аваад ир, нэхэмжлэгч зөвийгөө өгөхгүй буруу баримтаа өгсөн юм биш үү” гээд шууд хэрэгт хавсаргасан. Үүний дараа нэхэмжлэгч одоо энэ 4 баримтаа өгчихье гэж хэлсэн. Шүүгч төлсөн үнийн дүн таарч байна гэж хэлээд байсан тул хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч миний зүгээс “шүүгч ээ мөнгө тушаасан хүний регистрийн дугаар нь хүртэл өөр хүнийх байна ш дээ” гэж хэлэхэд “Нэхэмжлэгч тал мөнгө тушаасан хүн нь манай дүү гээд тайлбарлаад байгаа юм биш үү За алив наад баримтаа нааш аваад ир” гээд баримтыг хэрэгт авъя гээд хавтаст хэрэгт баримтыг хийсэн. Хариуцагчийн өмгөөлөгчийн зүгээс шүүгчээс дээрх баримтыг нотлох баримт шинжлэн судлах шатанд шүүгч шаардаад хэрэгт хийгээд байгаа нь процессын хууль зөрчихгүй юу гэж асуухад энэ үйлдэл нь “процессын зөрчил болохгүй” гээд хурлаа цааш үргэлжлүүлэн явуулсан. Өөрөөр хэлбэл хэрэг хянан шийдвэрлэж байгаа шүүгч нь өөрөө хүсэх юм бол нэхэмжлэгчээс шүүх хуралдааны аль ч үе шатанд ямар ч баримтыг гаргуулан авч хэрэгт хавсаргах эрхтэй юм байна гэж ойлгогдохоор байна. Шүүгчийн дээрх үйлдэл нь "албан үүргээ гүйцэтгэж байхдаа хуульд заасан үүрэгт ажлаа зориуд эсхүл хайнга хандаж гүйцэтгэхгүй, эрх мэдлээ урвуулах буюу хэтрүүлэн хууль бус шийдвэр гаргах (үйлдэл), хуулийг санаатай болон болгоомжгүйгээр зөрчихдөө шүүх, шүүгчийн нэр хүндийг унагасан, ашигласан, харш үйлдэл хийсэн гэж үзэж байна. Шүүгчийн дээрх шүүх хуралдаан дээр гаргасан үйлдлүүд нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх хуульд заасан журам, Монгол улсын Шүүхийн тухай хуулийн 50.1.20, 50.1.28 болон 50.1.23-д заасан “хуулийн илт тодорхой заалтыг ноцтой, эсхүл удаа дараа зөрчсөн үйлдэл, эс үйлдэхүй гаргасан” гэж үзэж байгаа тул А дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Э.Т-д сахилгын хэрэг үүсгэн шүүгчийн хууль зөрчсөн үйлдлийг шалгаж шийдвэрлэж, хариуцлага тооцож өгнө үү.” гэжээ.

Шүүгч Э.Т Шүүхийн сахилгын хороонд гаргасан тайлбартаа: “...1.Нэхэмжлэгч тал нэхэмжлэлийг 2021.03.02-ны өдөр шүүхэд гаргахдаа 2021. ... .01-ний өдрийн 3,657,950 төгрөгийн тэмдэгтийн хураамж төлсөн тухай ХААН банкны шилжүүлгийн баримт, Монголын татварын албаны төлбөрийн даалгавар гэсэн “бар код”-той баримтыг хавсарган ирүүлсэн байдаг бөгөөд шүүх нэхэмжлэлийг хүлээн авч, 2021 оны... сарын .09-ний өдөр хэрэг үүсгэн, 2021 оны ... сарын 27-ны өдрийн 46... дугаар шүүгчийн захирамжаар хариуцагч нарыг шүүхэд албадан ирүүлэхээр шийдвэрлэж, 2021 оны ...сарын 15-ны өдөр төлөөлөгч П.У-д нэхэмжлэлийг гардуулан, зохигчдын хүсэлтээр холбогдох ажиллагааг хийн, 2021 оны... сарын 24-ний өдөр хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцүүлэх тухай шүүгчийн захирамжийг гарган 2021 оны...сарын 31-ний өдөр анх шүүх хуралдаан зарласнаас хойш шүүх хуралдаан удаа дараа хойшилсон байдаг. Харин гомдолд дурдсанаар 2021 оны ... сарын 16-ны өдөр шүүх хуралдааны бүтэн хэлэлцүүлэг явагдаж, 2021 оны... сарын 16-ны өдрийн 121... дугаар шүүгчийн захирамжаар нэмэлт нотлох баримт гаргуулахаар шүүх хуралдааныг хойшлуулжээ.

1.1.Энэхүү шүүх хуралдаанаар шүүгч нэхэмжлэгч талаас улсын тэмдэгтийн хураамжийн баримт, гэрч Ф.Ц-оос ХААН банкны дансны хуулга, Ж.Э, Ц.Ц нарын хооронд хийсэн 2017 оны...сарын 26-ны өдрийн төлбөр барагдуулах хэлцэл гэсэн 2 хуудас хуулбар баримт авсан байх бөгөөд гэрч үнэн, зөв тайлбар, мэдүүлэг гаргах үүрэгтэйгээс гадна цаг хугацаа улиран өнгөрсөн асуудлаар баримт мэдээлэл ашиглаж мэдүүлэг өгөх, хэрэгт ач холбогдолтой баримтыг шүүхэд гарган өгөх эрхтэй, энэ эрхээ хэрэгжүүлэх боломжоор гэрч Ф.Ц-г хангаж, түүний гэрчийн мэдүүлэгт үндэслэн шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх зарчмыг хэрэгжүүлэх үүднээс ИХШХШтХ-ийн 38 дугаар зүйлийн 38.9-д зааснаар “Ви.... констракшн” ХХК, Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас, гэрч Ф.Ц-ийн ХААН банкны дансны хуулгыг ХААН банк ХХК-иас нэмэлт нотлох баримтаар тус тус гаргуулахаар шүүх хуралдааныг хойшлуулсан байна.

1.2.Энэхүү шүүх хуралдааны явцад шүүх зохигчдын хэн алинаас нь нэхэмжлэлийн үндэслэл шаардлага, нэхэмжлэлийн тооцоолол, тайлбар, татгалзлын үндэслэлтэй холбоотой тодруулж асуусан, нэхэмжлэлийн үндэслэл, шаардлагаа тодруулах, ямар хууль зүйн үндэслэлээр шаардаж байгаа, ямар баримтыг үндэслэж байгаа, хариуцагч ямар байдлаар няцааж байгаа зэргийг шүүх хуульд заасан эрх хэмжээний хүрээнд тодруулах, зохигчдыг энэ талаар чиглүүлэх эрх хэмжээтэй, энэ хүрээнд шүүх хуралдаан тогтоосон дэг, дарааллын дагуу явагджээ. Өөрөөр хэлбэл, шүүгч шүүх хуралдааныг даргалж, хэрэг маргааны шийдвэрлэх гэж байгаагийн хувьд хуралдааны дэг, дарааллын дагуу аль ч үед зохигчдоос асуух, тодруулах эрхтэй, Шүүх хуульд заасан ажиллагаа буюу шүүгч хуралдааныг хуульд заасан нийтлэг журам, дэгийн дагуу даргалан явуулж, зохигчдоос холбогдох асуултыг асуусан байна. Энэ нь шүүгч хараат бус байж, хөндлөнгийн байх зарчмыг ноцтой зөрчсөн, Шүүхийн тухай хуулийн 50.1.1-д зааснаар бусдад давуу байдал бий болгосон гэж үзэхгүй юм.

1.3.Түүнчлэн улсын тэмдэгтийн хураамжийн баримт нь ИХШХШТХ-ийн 37 дугаар зүйлд заасан нотлох баримтад хамаарахгүй, харин хуулийн 62 дугаар зүйлд заасан нэхэмжлэлийн бүрдүүлбэрт хамаарах бөгөөд, нэхэмжлэгч анх нэхэмжлэлдээ тэмдэгтийн хураамжийн баримтыг, Татварын бар кодтой баримтын хамт хавсаргасан, харин энэ баримтын оронд буруу баримт өгснөө шүүх хуралдаан дээр мэдэж, баримтаа зөвтгөн өгснийг шүүх хүлээн авсан. Өөрөөр хэлбэл, шүүгч энэ үйлдлээрээ ИХШХШТХ-ийн 38, 40, 105, 38.7-д заасан журмыг зөрчсөн, Шүүхийн тухай хуулийн холбогдох заалтуудыг ноцтой зөрчсөн гэж үзэхгүй бөгөөд хариуцагч тал Шүүхийн тухай хуулийн ямар заалтыг зөрчсөн гэж үзсэн нь тодорхойгүй байна.

2.Хариуцагч тал 2021оны ...сарын 16-ны өдрийн 121... дугаар шүүгчийн захирамжид тухайн шүүхэд гомдол гаргасан байх бөгөөд 2022 оны...сарын 06-ны өдрийн 7 дугаар тогтоолоор “... шүүгч нэмэлтээр нотлох баримт гаргуулахаар шийдвэрлэснийг буруутгах үндэслэлгүй ...” гэж шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж, хариуцагч талын гомдлыг хангахгүй орхижээ. Үүнээс хойш шүүх хуралдаан зохигчдын хүсэлтээр хойшилж байсан ба, 2022 лны...сарын 19-ний өдрийн шүүх хуралдаан хариуцагч тал шүүгчийг ИХШХШтХ-ийн 91 дүгээр зүйлийн 91.1.3-т заасан үндэслэл буюу гомдолд дурдсантай яг адил үндэслэлээр татгалзаж, шүүх татгалзах тухай хүсэлтийг хүлээн авч, татгалзал нь үндэслэлтэй эсэхийг тухайн шүүхийн ерөнхий шүүгчээр шийдвэрлүүлэхээр шүүх хуралдааныг хойшлуулсан. Тус шүүхийн 2022 оны...сарын 05-ны өдрийн 11... дүгээр ерөнхий шүүгчийн захирамжаар “... гэрч нь мэдүүлж байгаа зүйлээ нягтлах зорилгоор шүүхэд баримт өгсөн.

Улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримтын хувьд хэргийн үйл баримтыг нотлох баримт биш бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад улсын тэмдэгтийн хураамжийг их, бага, зөв, буруу төлсөн тохиолдолд залруулах боломж шүүхэд хуулиар олгогдсон байдаг ...” гэсэн үндэслэлээр хариуцагч талын гаргасан шүүгчийг татгалзан гаргах тухай хүсэлтийг хангахгүй орхин шийдвэрлэсэн бөгөөд шүүх хуралдааныг дахин товлосон байна. Харин хариуцагчийн өмгөөлөгч С.Э 2022 оны...сарын 28-ны өдрийн шүүх хуралдаан дээр шүүгчийг дахин ИХШХШтХ-ийн 91 дүгээр зүйлийн 91.1.3, 91.1.4-т заасан үндэслэлээр буюу гомдолд дурдсантай агуулга нэг үндэслэлээр татгалзсан бөгөөд шүүх хүсэлтийг хүлээн авч, татгалзал нь үндэслэлтэй эсэхийг тухайн шүүхийн ерөнхий шүүгчээр шийдвэрлүүлэхээр шүүх хуралдааныг хойшлуулсан. Тус шүүхийн 2022 оны...сарын 08-ны өдрийн 18... дугаар ерөнхий шүүгчийн захирамжаар “... шүүх хэргийг эцэслэн шийдвэрлээгүй, нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэлийг тодруулах ажиллагаа явуулсан байна. Нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийг тодруулах ажиллагааг явуулах нь хэрэг хянан шийдвэрлэж байгаа шүүгч, шүүх бүрэлдэхүүнд олгогдсон эрх бөгөөд шүүгчийн дээрх нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийн талаар тодруулсан байдал, шүүх хуралдааны явцад гэрчийн мэдүүлэгтэй холбоотой гэрчээс баримт авсан, нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжийн баримтын талаар тодруулсан нь шүүгчийг, шүүх бүрэлдэхүүнийг татгалзан гаргах үндэслэлд хамаарахгүй ...” гэсэн үндэслэлээр хариуцагч талын гаргасан шүүгчийг татгалзан гаргах тухай хүсэлтийг хангахгүй орхин шийдвэрлэсэн бөгөөд шүүх хуралдааныг дахин товлосон, товлогдсон шүүх хуралдаан зохигчдын гаргасан хүсэлтээр хойшилсон, шүүх хэргийг эцэслэн шийдвэрлээгүй байгаа болно. ...” гэжээ.

Илтгэгч гишүүн “Сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох тухай” саналдаа: “ 2021 оны ...  дугаар сарын 16-ны өдөр хэрэг ханан хэлэлцэх шүүх хуралдаан дээр гэрч Ф.Ц-г шүүх хуралдаан дээр гэрчээр асуусан. Улмаар шүүгчийн асуултад гэрч хариулж дууссаны дараа шүүгч гэрч Ф.Ц-оос “сая та баримт харж хэлээд байна. Тэр баримтууд нь нотлох баримтын шаардлага хангаж байгаа юу Таны өөрийн баримт уу гэж асуугаад, Гэрч нотлох баримт өгөх боломжтой. Танд өгөх баримт байна уу” гээд гэрч лүү харж байгаад баруун гарын алгаа дээш харуулан гараа тосоод “Та наадхаа өгөх юм уу” гэж хэлээд баримтыг авсан ...” Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлд Нотлох баримтыг "Зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч” өөрөө гаргаж өгөх, цуглуулахаар зохицуулжээ. Мөн хуулийн 40 дүгээр зүйлд шүүгч зөвхөн хэргийн оролцогчийн шүүхэд гаргаж өгсөн нотлох баримтыг үнэлэхээр зохицуулжээ. Мөн хуулийн 105 дугаар зүйлээр хэргийн оролцогчоос нотлох баримтыг шүүхэд гаргаж өгөх дарааллыг зохицуулсан байна. Мөн хуулийн 38.7 дугаар зүйлээр нотлох баримтыг шүүх хуралдаан эхлэхээс өмнө гаргаж өгөхөөр зохицуулжээ. Өөрөөр хэлбэл шүүгч хэрэг маргааныг шийдвэрлэхдээ дээр дурдсан хуулиар зохицуулсан журмыг ноцтой зөрсөн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 5 дугаар зүйл 5.2 дах хэсэгт заасан “Шүүгч хараат бус байж гагцхүү хуульд захирагдах бөгөөд шүүгч хараат бус байх баталгааг хуулиар тогтооно” гэснийг болон Монгол улсын Шүүхийн тухай хуулийн холбогдох заалтуудыг ноцтой зөрсөн гэж үзэж байна”, “... Мөн өдрийн шүүх хуралдаан дээр нотлох баримт шинжлэн судалсны дараа хуралдаан даргалагч шүүгч Нэхэмжлэлтэй холбоотой нэхэмжлэгч талаас асууя. Нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ тодруулдаа гээд өөрөө “Цогб......, Ц нарын хооронд байгуулсан хэлцлийг хүчин төгөлдөр бус хэлцэл гэж үзээд үр дагаврыг нь 492 оор 700 сая гэх гээд байгаа юм уу яг юу гэх гээд байгаа юм бэ” гэж тодруулсан. Үүний хариуд нь нэхэмжлэгч “тэр хоёрын хоорондох хэлцлийг хүчин төгөлдөр бус гэж үзээд үр дагаварт нь 700 сая төгрөг нэхэмжилж байгаа” юм гэж хариулахад "тэр хоёрын хооронд байгуулсан хэлцлийг хүчин төгөлдөр бус байх хэлцэл гэж үзээд үр дагаварт нь 700 сая төгрөг гаргуулъя гээд байгаа юм уу” гэж давтан асуусан. /шүүх хуралдааны бичлэгийн 1 цаг 22 минут 55 секунд/

Өөрөөр хэлбэл шүүгч нэхэмжлэлийн шаардлагыг тодруулах биш харин нэхэмжлэгчид хууль зүйн зөвлөгөөг илт өгч нэхэмжлэлийн шаардлагыг санаачилгаараа нэмэгдүүлж нэхэмжлэгчид ингэж нэхэмжлэгчийн шаардлагаа нэмэгдүүлэхгүй бол хэргийг нэхэмжлэгч талд нийцүүлэн шийдвэрлэх боломжгүй талаар нэхэмжлэгчийг хөтлөн асууж байгаа мэтээр зөвлөсөн байдаг. Өөрөөр хэлбэл нэхэмжлэгч тал гаргаж өгсөн нэхэмжлэл болон шүүх хуралдаан дээр тайлбарласан нэхэмжлэлийн шаардлагадаа ямар нэгэн хэлцлийг хүчин төгөлдөр бус тооцуулах шаардлага огт гаргаагүй ийм агуулга бүхий үг өгүүлбэр огт хэлээгүй болно. Ийм байхад шүүгчийн энэ байдал нь шүүгч хараат бус байж хөндлөнгийн байх зарчмыг ноцтой зөрсөн гэж үзэж байна”  гэх тухайд:

А дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны ... дугаар сарын 16-ны өдрийн шүүх хуралдааны шүүгч гэрчийг асуух шатанд шүүх хуралдааны бичлэгийн 42 минут 38 секундээс:

Даргалагчаас: За гэрч бас нотлох баримт гаргаж өгөх эрхтэй байгаа. Наадах чинь нотлох баримтын шаардлага хангаж байгаа юу? Теллерийн тэмдэг байгаа юу? гэхэд

Гэрч: Теллерийн тэмдэг байгаа гэв.

Даргалагч: За зохигчид харж байгаарай. Та наадахаа наашаа өгөх юм байна тийм үү? /гээд баримтыг авч буй бичлэг дүрс, дууны бичлэгт буусан байна./

Даргалагчаас: Энэ нотлох баримтын шаардлага хангахгүй юм байна. Гэхдээ та өөрөө харж хэлээд байгаа юм байна тийм үү? гэхэд

Гэрч: Тийм. Яах вэ зүгээр банкнаас тамгатай болгоод авч бол болно гэсэн”,

Шүүх хуралдааны бичлэгийн 1 цаг 22 минут 54 дах секундээс

Даргалагчаас: За нэхэмжлэгч талаас хэдэн зүйл тодруулъя. Та нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ тодруулна уу. Цогб..... Ц нарын хоорондын хийсэн хэлцлийг хүчин төгөлдөр бус хэлцэл гэж үзээд үр дагаврыг нь 492 оор 700 сая гэж үзээд байна уу яг юу гэж үзээд байна вэ? гэхэд

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч: Тэр 2-ын хоорондын хэлцлийг хүчин төгөлдөр бус гэж үзээд үр дагавар нь 700 сая төгрөг гэж үзэж байна гэв.

Даргалагчаас: За тэгэхээр тэр 2-ын хэлцлийг хүчин төгөлдөр бус байх хэлцэл юм гэж үзээд үр дагаварт нь 700 сая төгрөгөө гаргуулъя гэж байгаа юм байна, тийм үү гэхэд

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч: Тийм гэв.

Даргалагчаас: За энэ 700 сая төгрөгийг хэрхэн яаж тооцож байна вэ гэхэд

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч: Үүнийг бол нэхэмжлэл дээрээ тодорхой дурдсан байгаа. Нэгдүгээрт, хамгийн анхны байр захиалгын гэрээ бол ....” гэснээр шүүх хуралдаан үргэлжилснийг шүүх хуралдааны дуу, дүрсний бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэлээр бэхжүүлсэн байна. 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 89 дүгээр зүйлийн 89.2-т “Шүүх хуралдаан даргалагч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуулийн дагуу явуулах, хэргийн оролцогч эрх, үүргээ хэрэгжүүлэх, мэтгэлцэх зарчмыг хангах, шүүх хуралдааны дэгийг сахиулах талаар шаардлагатай арга хэмжээг авна” гэж заасан, мөн хуулийн аравдугаар бүлэгт заасан Анхан шатны шүүх хуралдааны дэгийн дагуу шүүх хуралдааныг явуулсан байна.

Иргэний хэргийг хянан шийдвэрлэж, шүүх хуралдааныг даргалан явуулж байгаагийн хувьд шүүгч зохигчдын хэн алинаас нь нэхэмжлэлийн үндэслэл, шаардлага, тайлбар, татгалзлын үндэслэлийг тодруулж асуух, ямар хууль зүйн үндэслэлээр, ямар баримтыг үндэслэж нэхэмжлэл шаардлагаа гаргаж байгаа, хариуцагч ямар байдлаар няцааж байгаа зэргийг шүүгч хуульд заасан эрх хэмжээний хүрээнд тодруулах, зохигчдыг энэ талаар чиглүүлэх эрх хэмжээний хүрээнд шүүх хуралдааны тогтоосон дэг, дарааллын дагуу шүүх хуралдааныг даргалж, зохигчдоос холбогдох асуултыг асуусан байна.

Үүнийг өргөдөл гаргагчийн өргөдөлд дурдсанчлан ИХШХШТХ-ийн 5 дугаар зүйлийн 5.2-т “Шүүгч хараат бус байж гагцхүү хуульд захирагдах бөгөөд шүүгч хараат бус байх баталгааг хуулиар тогтооно” гэж заасныг ноцтой зөрчсөн гэж үзэхээргүй байх бөгөөд Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1.1-т заасан “албан тушаалын байдал, эрх нөлөөгөө урвуулан ашиглаж өөртөө, эсхүл бусдад давуу байдал бий болгох” зөрчлийг гаргасан гэх үндэслэл тогтоогдохгүй байна.

А дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны ... дугаар сарын 16-ны өдрийн 1.../ШЗ2021/121... дугаар Нотлох баримт гаргуулахаар шүүх хуралдааныг хойшлуулах тухай шүүгчийн захирамжийг хүчингүй болгуулах тухай гомдлыг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.У тус шүүхэд гаргаж, өргөдөлд дурдагдсан дээрх үндэслэлүүдийг дурдсан байх бөгөөд А дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны ... дүгээр сарын 06-ны өдрийн Гомдол хянан шийдвэрлэх тухай 1.../ШТ2021/00... дугаар шүүхийн тогтоолоор хариуцагч нарын төлөөлөгчийн гаргасан гомдлыг хангахгүй орхиж, тус шүүхийн шүүгчийн шүүхийн 2021 оны ... дугаар сарын 16-ны өдрийн 1.../ШЗ2021/121... дугаар захирамжийг хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

 “Э.Т шүүгч нь иргэний хэрэг үүсгэхдээ нэхэмжлэгч талаар бүрдүүлсэн Улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримтыг нягталж шалгалгүй /эсвэл санаатай санамсаргүй алин болох нь мэдэгдэхгүй/ иргэний хэрэг үүсгэсэн байдаг. Энэ талаар 2021 оны...сарын 16-ны өдрийн шүүх хуралдаан дээр нотлох баримт шинжлэн судлах шатанд нэхэмжлэгч талаас гаргаж өгсөн Улсын тэмдэгтийн хураамж төлсөн нотлох баримыг шинжлэн судалж байгаад Улсын тэмдэгтийн хураамжийг буруу дансанд буюу Татварын ерөнхий газрын Хаан банкны 5176120... тоот дансанд тушаасан болохыг хэлэхэд шүүгч мөн л нэхэмжлэгчээс энэ талаар тодруулан асуухад нэхэмжлэгч тал харин тийм буруу дансанд тушаасан буруу баримт өгсөн байна. Надад А  дүүргийн татварын албанд төлсөн баримт байна гээд бас нэг баримт гаргаж ирсэн. Уг баримтыг шүүгч “наад баримтаа нааш нь аваад ир, нэхэмжлэгч зөвийгөө өгөхгүй буруу баримтаа өгсөн юм биш үү” гээд шууд хэрэгт хавсаргасан. Үүний дараа нэхэмжлэгч одоо энэ 4 баримтаа өгчихье гэж хэлсэн. Шүүгч төлсөн үнийн дүн таарч байна гэж хэлээд байсан тул хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч миний зүгээс “шүүгч ээ мөнгө тушаасан хүний регистрийн дугаар нь хүртэл өөр хүнийх байна ш дээ” гэж хэлэхэд “Нэхэмжлэгч тал мөнгө тушаасан хүн нь манай дүү гээд тайлбарлаад байгаа юм биш үү? За алив наад баримтаа нааш аваад ир” гээд баримтыг хэрэгт авъя гээд хавтаст хэрэгт баримтыг хийсэн” гэх тухайд:

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 62 дугаар зүйл Нэхэмжлэлийн бүрдүүлбэр хэсгийн 62.2-т “Нэхэмжлэлд улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, эсхүл уг хураамжаас чөлөөлүүлэх тухай хүсэлт, хэрэв нэхэмжлэлийг төлөөлөгч гаргасан бол итгэмжлэлийг мөн хавсаргана” гэж заасанчлан улсын тэмдэгтийн хураамжийн баримт нь нэхэмжлэлийн бүрдүүлбэрт хамаарах бөгөөд, ИХШХШтХ-ийн 37 дугаар зүйлд заасан нотлох баримтад хамаарахгүй.

Мөн хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч П.У дээрх үндэслэлээр шүүгчээс татгалзах тухай хүсэлтийг 2022 оны ... дүгээр сарын 19-ний өдрийн шүүх хуралдааны үеэр гаргасан байх ба А дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны ... дүгээр сарын 19-ны өдрийн 1.../ШЗ2022/050... дугаар шүүгчийн захирамжаар шүүгчийг татгалзан гарах хүсэлтийг шийдвэрлүүлэхээр шүүх хуралдааныг хойшлуулжээ.

А дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгчийн 2022 оны ... дугаар сарын 05-ны өдрийн 1.../ЕШ2022/011... дүгээр захирамжаар шүүгчийг татгалзан гаргах хүсэлтийг шийдвэрлэхдээ: “..хэрэгт цугларсан баримт шүүх хуралдааны тэмдэглэл, шүүх хуралдааны явцыг дуу болон дүрсний бичлэгээр баталгаажуулснаас харахад гэрч нь мэдээлж байгаа зүйлээ нягтлах зорилгоор шүүхэд баримт өгсөн байна. Улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримтын хувьд хэргийн үйл баримтыг нотлох баримт биш бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад улсын тэмдэгтийн хураамжийг их, бага, зөв, бурууд төлсөн тохиолдолд залруулах боломж шүүхэд хуулиар олгогдсон байдаг. Шүүгч шүүх хуралдааны явцад гэрчийн мэдүүлэгтэй холбоотой гэрчээс баримт авсан, нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжийн баримтын талаар тодруулсан үйлдэлд хууль зөрчсөн байдал харагдахгүй, хэргийн оролцогчтой хувийн харилцаатай, түүнчлэн хэргийг шударгаар шийдвэрлэж чадах эсэх талаар үндэслэл бүхий эргэлзээ төрүүлсэн үндэслэл тогтоогдохгүй байна” гэж дүгнэн шүүгчийг татгалзан гаргах хүсэлтийг хангахгүй орхиж шийдвэрлэжээ.

Иймд өргөдөлд дурдсан, шүүх хуралдааны нотлох баримт шинжлэн судлах шатанд нотлох баримт авсан, Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1.23-т заасан “хуулийн илт тодорхой заалтыг ноцтой, эсхүл удаа дараа зөрчсөн үйлдэл, эс үйлдэхүй гаргах” гэснийг зөрчсөн гэх үндэслэл тогтоогдохгүй байна.

Хэрэгт авагдсан баримтаас А дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Э.Т нь Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 55 дугаар зүйлд заасан шүүгчийн сахилгын зөрчил гаргасан гэх үйл баримт тогтоогдоогүй болно.

Иймд, Д.Н нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч П.У-ийн өргөдөлтэй А дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Э.Т-д холбогдох сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох санал гаргаж байна.” гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Өргөдөл гаргагч нь А дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд хянагдаж байгаа Б.Ц, Д.Х нарын нэхэмжлэлтэй Д.Н, Д.Э нарт холбогдох Үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн 700,000,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийн 2021 оны ... дугаар сарын 16-ны өдрийн шүүх хуралдааныг даргалсан шүүгч Э.Т-д холбогдуулан “... шүүх хуралдаан дээр гэрчээс нотлох баримт авсан, ... шүүгч нэхэмжлэлийн шаардлагыг тодруулах биш харин нэхэмжлэгчид илт хууль зүйн зөвлөгөөг өгсөн, нэхэмжлэгчийг хөтлөн асууж байгаа мэтээр зөвлөсөн, Улсын тэмдэгтийн хураамжийг буруу дансанд тушаасан болохыг хэлэхэд шүүгч мөн л нэхэмжлэгчээс энэ талаар тодруулан ...улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримтыг авч хэрэгт хавсаргасан ...” гэх агуулга бүхий өргөдөл гаргажээ.

Шүүхийн сахилгын хорооны 2022 оны  ... дүгээр сарын 07-ны өдрийн 1... дүгээр тогтоолоор шүүгч Э.Т-д сахилгын хэрэг үүсгэн, тогтоолыг өргөдөл мэдээллийн хамт холбогдох шүүгчид гардуулж, хуульд заасан шалгах ажиллагаа явуулаад илтгэгч гишүүн сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох санал гаргасан нь үндэслэлтэй байна.

Тодруулбал, А дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны ... дугаар сарын 16-ны өдрийн шүүх хуралдааны бичлэгт хийсэн үзлэгээр даргалагч шүүгч Э.Т нь өргөдөлд дурдсанчлан гэрч Ф.Ц-оос мэдүүлэг авч, мэдүүлэгтэй холбоотой баримтыг тодруулсан, нэхэмжлэгч талаас нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлийг тодруулж асуулт асуусан, мөн нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримтын талаар тодруулсан, баримтыг авч хэрэгт хавсаргасан нь тус тус тогтоогдсон байна.

Гэвч энэ нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд  заасанчлан шүүх хуралдаан даргалагчийн эрх хэмжээнд хамаарах асуудал буюу хэргийн үйл баримтыг тодруулсан гэж үзэхээр байна.

Өөрөөр хэлбэл, шүүх хуралдаан даргалагч нь дээрх хуулийн 89 дүгээр зүйлийн 89.2, 108 дугаар зүйлд тус тус зааснаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуулийн дагуу явуулах, хэргийн оролцогч эрх, үүргээ хэрэгжүүлэх, мэтгэлцэх зарчмыг хангах мөн нотлох баримтыг шинжлэн судлах, хэргийн болон шүүх хуралдааны оролцогчдоос асуулт асуух, зохигчдоос гаргасан нэхэмжлэл, тайлбарыг нь тодруулах эрхтэй бөгөөд энэ нь Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1.1. “албан тушаалын байдал, эрх нөлөөгөө урвуулан ашиглаж өөртөө, эсхүл бусдад давуу байдал бий болгох” гэж  заасныг зөрчсөнд тооцох, мөн хууль зүйн зөвлөгөө  өгсөн гэж үзэх үндэслэл болохгүй.

Мөн гэрчээр дуудагдсан этгээд нь үнэн зөв мэдүүлэг өгөх үүрэгтэй.

Үүнтэй холбоотойгоор А дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны ... дугаар сарын 16-ны өдрийн шүүх хуралдаанд шүүгч Э.Т нь гэрчийн мэдүүлэгт холбогдох баримтыг нотлох баримтын шаардлага хангуулан гаргуулахаар болон шинээр нотлох баримт гаргуулах шаардлагатай гэж үзэж тус өдрийн өдрийн шүүх хуралдааныг хойшлуулсан байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.9-д “Шүүх хуралдааны явцад шинээр нотлох баримт шаардагдвал шүүх хуралдааныг нэг удаа хойшлуулах, хэрэгт хамааралгүй, нотолгооны ач холбогдолгүй, хуулиар зөвшөөрөгдөөгүй баримтыг хэргийн нотлох баримтаас хасах буюу шаардан авахаас татгалзах эрхийг шүүх эдлэх бөгөөд эдгээр тохиолдолд шүүх тогтоол, шүүгч захирамж гаргана” гэж зохицуулсан бөгөөд шинээр нотлох баримт гаргуулахаар 2021 оны ... дугаар сарын 16-ны өдрийн шүүх хуралдааныг шүүгчийн захирамжаар хойшлуулж шийдвэрлэсэн нь шүүгчийг буруутгах үндэслэл болохгүй.

Түүнчлэн, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 37 дугаар зүйлд зааснаар хэргийн оролцогчоос өөрийн шаардлага ба татгалзлаа үндэслэж байгаа, шүүх хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий, хуульд заасан арга хэрэгслээр олж авсан бодит нөхцөл байдлыг тогтооход шаардлагатай аливаа баримтат мэдээллийг нотлох баримт гэх бөгөөд хэргийн нотлох баримт нь зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгчийн тайлбар, гэрчийн мэдүүлэг, бичмэл ба цахим баримт, ... болон шүүх хуралдааны тэмдэглэл зэрэг нотолгооны хэрэгслээр тогтоогддог.

Иймд нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримтын оронд буруу баримт өгснөө нотлох баримт шинжлэн судлахад мэдэж баримтаа зөвтгөн өгснийг шүүх хүлээн авсан нь Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1.23-т заасан хуулийн илт тодорхой заалтыг ноцтой зөрчсөн үйлдэлд хамаарахгүй.

Дээр дурдсан үндэслэлүүдээр А дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Э.Т-д холбогдох сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж бүрэлдэхүүн үзлээ.

Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 112 дугаар зүйлийн 112.1.2, 112.2-т заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Шүүхийн сахилгын хорооны гишүүний 2022 оны ... дугаар сарын 14-ний өдрийн 1... дугаартай “Сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох санал”-ыг хүлээн авч, А дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Э.Т-д холбогдох сахилгын хэргийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2.Магадлалыг сахилгын хэргийн оролцогч болон өргөдөл, мэдээлэл гаргагчид хүргүүлэхийг Ажлын албанд даалгасугай.

3.Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 112 дугаар зүйлийн 112.8 дахь хэсэгт зааснаар Сахилгын хорооны магадлалыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор сахилгын хэргийн оролцогч гомдол, илтгэгч гишүүн эсэргүүцэл гаргах эрхтэйг дурдсугай. 

            

ДАРГАЛАГЧ                                         Х.ХАШБААТАР

ГИШҮҮН                                     С.ЭНХТӨР

Д.ЭРДЭНЭЧУЛУУН